Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гэрэлтөв: Тусгай хамгаалалттай газрын хураамжийг ядаж гадны иргэдэд ₮10,000, дотоодынхонд ₮5,000 болгох хэрэгтэй


Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөвтэй ярилцлаа.


-Өнөө зун дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн талаар иргэд ярьж байна. Хотоос гараад хаа сайгүй хөл гишгэх зайгүй байжээ. Энэ жилийн дотоодын аяллын онцлог нь юу байв. Монголчууд хаагуур их аялж байна вэ?

-Энэ жилийн дотоодын аялал жуулчлал онцлогтой жил болж байна.

Дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр гадагшаа аялахаар төлөвлөсөн иргэд хил хаалттай учраас Монгол орноороо аялж байна. Ерөнхийд нь том зургаар харахад өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад монголчууд энэ жил илүү их аялсан болов уу гэж харагдаж байгаа. Монголчуудын хамгийн их аялахыг зорьдог бүс нутаг бол гол ус, нууртай газар байдаг юм байна.

Завхан аймгийн Хар нуур, Хяргас нуур, Хэрлэн гол, Буйр нуур, Өгий нуур, Хөвсгөл нуурыг зорьсон иргэд их байлаа. Энэ жилийн дотоодын аяллын бас нэг онцлог нь, гадны жуулчид ирээгүй учраас манай аяллын оператор компаниуд дотоодын аялагчид руугаа онцгой анхаарч, олон сонирхолтой хөтөлбөрүүдтэй аяллуудыг зохион байгуулсан байна.

Жишээлбэл, “Мөөгтэй аялал”, “Судлаачтай аялал”, “Нислэгтэй аялал” гэх мэтээр дотоодын аялагчид руу хандлаа. Өмнө нь ихэнхдээ манай аяллын компаниуд гадны жуулчдад зориулж тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ жилийн хувьд монгол аялагч нар руугаа чиглэсэн ажлууд хийж, цаашдаа энэ чиглэл рүү илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдэг ийм шинэ зүйл рүү чиглэж байна.

-Аялагчдын тоог хэрхэн гаргадаг юм бол. Ойролцоогоор төчнөөн хүн аялсан гэдэг тоо байна уу?

-Манай улсад энэ тоо баримтыг статистикийн хэмжээнд гаргах хүчин чадал, аргачлал одоогоор алга байна л даа. Гадаадаас дотогшоо хийж байгаа аялагчдынхаа тоог Хил хамгаалах ерөнхий газартай хамтран гаргачихаад байдаг.

Харин дотооддоо хэчнээн аялагч аялсан тоог мэдэхдээ одоогоор Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэх тасалбарын тоогоор гаргадаг.

Гэхдээ нэг дутагдалтай тал нь монголчуудын гуравны нэг нь тасалбарын хураамжаа төлдөггүй. Очсон газраа тасалбараа өгье гээд очиход тасалбар дуусчихсан гэх жишээтэй. Ер нь 21:00 цагаас хойш тасалбар тарааж, мөнгө хураадаг хүн ажилладаггүй юм билээ.

Дээрээс нь, орон нутгийн иргэд хураамж төлөхгүй зорчдог. Тэгэхээр аялагчдын тоог нарийвчлан гаргаж чадахгүй байдал үүсэж байна.

Ерөнхийдөө Улаанбаатар хотоос гарч байгаа машинуудын тасалбарын тооноос харахад 200 мянган машин гарсан гэдэг тоо байна.

-Монголчууд ихэнхдээ машинаа унаад гэр бүл найз нартайгаа нийлж аваад дуртай газар руугаа аялдаг. Аяллын компаниуд руу хэр хандаж байсан бэ?

-Монголчууд өөрсдөө машинаа унаад дуртай газар руугаа аялдаг хүмүүс. Захиалгат аяллын маршрут анхнаасаа системтэй явж ирээгүй учраас энэ жилийн хувьд аялагчид маань төдийлөн бэлэн биш байгаа нь анзаарагдсан.

Аяллын хамгийн гол зүйл нь үр өгөөж байдаг. Энэ үр өгөөжөө бодох юм бол аяллын хөтөлбөр хамгийн зөв юм.

Нөгөө талаар аюулгүй байдал, хоол унд, байр сууц гээд бүгд бэлэн байх нь чухал. Хамгийн гол нь мэдлэг хуримтлуулж чаддаг байх хэрэгтэй. Яагаад аюулгүй байдал чухал вэ гэдэг дээр сая наадмаар маш олон хүн авто ослоор амиа алдлаа.

Гоё сайхан газар үзэж, амрах гэж яваад амиа алдсан харамсалтай хэргүүд олон гарлаа. Энэ бол дотоодын аялал руу анхаарах цаг болсныг харуулж байгаа нэг үзэгдэл юм.

-Аялагчдын сэтгэл ханамж хэр байх шиг байна вэ. Хог дүүрэн байсан, очоод байрлах газар олдсонгүй гээд олон асуудал бас яригдлаа?

-Хамгийн нэгдүгээрт дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн зохицуулалт нэн шаардлагатай байна. Наад зах нь аялал жуулчлалын менежментийг гаргах хэрэгтэй байна.

Жишээлбэл, Хөвсгөл нуур руу аяллаа гэхэд зам нь ямар байх юм, жим нь хаана байх юм, автомашинаа хаана тавих уу, хаана нь иргэд байрлах уу, хогоо хаана хаях уу, мөн жорлонгийн асуудлыг яаж шийдэх вэ гээд энэ бүхнийг журамлах хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод аялагчдын сэтгэл ханамж хүсэн хүлээсэн тэр хүлээлтээс доогуур байна.

Ерөнхийдөө сэтгэл ханамж 50 хувьтай байсан болов уу. Хамгийн чухал нэг асуудал нь санхүүжилт байна. Тусгай хамгаалалттай газрын хураамжийг улсын төсвийн сан руу оруулах биш, харин тухайн орон нутгийнхаа менежментийн төлөвлөгөөнд зарцуулдаг болгох хэрэгтэй. Тэгж байж, орсон тасалбарын мөнгөөрөө буцаагаад нөхөн сэргээлт, сэргээн засалт дор дор нь хийгээд явж байвал зүгээр байна.

Түүнчлэн, тусгай хамгаалалттай газрын хураамжийг нэмэгдүүлэх нь зөв. Гадаад иргэд 10 мянган төгрөг, дотоодын аялагчид 5,000 төгрөг болгомоор байна. Энэ нь эргээд үнэ цэнэ бий болгоно.

-Хогоо хаяж болохгүй, байгалиа хайрлах ёстой гэж иргэн бүр мэддэг ч биелүүлдэг нь ховор байна л даа?

Ер нь Төрийн хууль тогтоомж, тусгай хамгаалалттай газрын дүрэм журмаа сайтар чангатгах хэрэгтэй. Аялагчид би эх орондоо аялж байна, хаагуур яаж аялахаа би өөрөө мэднэ гэх зэргээр өөр өөрийн өнцгөөр асуудалд ханддаг. Тэгэхээр аялагчдын чиг үүрэг, дүрэм журмыг илүү боловсронгуй, тодорхой болгосон хуультай болмоор байна.

Аялал жуулчлалын тухай хуулинд тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын үүрэг, дүрэм журмыг нэг ч удаа тусгаагүй, шинэчилсэн найруулга хийгээгүй байгаа.

Тэгэхээр, хууль эрх зүйн үндэс маань боловсронгуй биш учраас зөв шийдэлд хүрч чадахгүй байна. Аялал жуулчлалын тухай үйл ажиллагааг яамны түвшинд биш юм аа гэхэд агентлагийн хэмжээнд аваачих хэрэгтэй. Зөвхөн тусгай хамгаалалттай газраа сайжрууллаа гээд бүх юм сайхан болчихгүй шүү дээ. Үүнийгээ аялал жуулчлалтай холбоотой бүхий л салбар луу холбож өгөх хэрэгтэй. Мөн иргэдээ хамгаалсан заалт тусгаж өгөх хэрэгтэй.

-Улаанбаатар хотын ойролцоо, Туулын хөвөөнд иргэд маань ихээхэн амардаг. Бас л бөөн асуудал гарч ирээд байдаг?

-Нийслэл Улаанбаатар хот бол 140 гаруй түүх соёлын дурсгалт газартай аялал жуулчлалын их нөөцтэй бүс. Сэлбийн гол, Дунд гол дагуу, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсгээр намар, өвлийн улиралд шувуу үзэх аялал хийж болно. Үүнийг дэмжиж, хамгаалсан арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй л дээ.

Мөн, Монгол Улсад 1728-1928 оны хооронд “Цайны зам” хэмээх маш том худалдааны зам байсан. Үүнээс улбаалан нийслэл Улаанбаатар хотын хүүхэд залуус, шат шатны аялагчдад зориулсан аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө гаргавал зүгээр санагддаг.

Ядаж л Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон янзын ховор шувуунууд байдаг. Тэрийг хэрхэн таниулж үзүүлэх үү гээд энэ мэт зүйлийг зохион байгуулалтаар хиймээр байна. Залуучууд одоо цэцэрлэгт хүрээлэнд очоод хуушуур идээд наана нь сууж байгаад ирдэг.

Энэ мэтээр хүүхэд, залуучууд, иргэдээ амарч зугаалах, аялах тэр нөхцөл боломжийг гаргаж егөх хэрэгтэй. Одооноос энэ тал дээр анхаарч, иргэн бүр өөрсдийн оролцоотой байвал үр хойчдоо бид нүүр бардам байж болно шүү дээ.

-Монголчууд дулааны гурван cap л аялаад байгаа харагддаг. Өвлийн улиралд хаагуур аялбал тохиромжтой вэ?

-Өвөл аялагчид маш бага байдаг. Өвөл өвөлжөөндөө байгаа айлд очих бол маш гоё аялал болно.

Өвлийн аялалд аяллын компаниудын идэвх санаачилга гаргах нь чухал байна. Хөдөө орон нутагт сүүлийн үеийн гоё гоё зочид буудлууд их байдаг болж. Энэ зочид буудлууд өвөл үнээ хямдруулаад, үүнийг нь төр засаг нь дэмжээд сонирхолтой аяллуудыг зохион байгуулбал бас боломжтой гоё аялал болно гэж боддог.

-Түрүүн та монголчууд голдуу гол устай газар аялж байна гэж ярьсан. Таны хувьд аялагчдад хандаад очиж үзээсэй гэсэн байгалийн үзэсгэлэнт түүх дурсгалын газруудаас санал болгооч?

-Өмнөговь аймгийн Дэл хадны зураг үнэхээр гайхамшигтай. С.Дулмаа доктор бүжгэн жүжиг дэглэж, Юнескод тоглосон. Тэнд очихдоо тайлбарлах хүнтэй очвол их зүгээр.

Монгол хүн бүр аялагч байдаг. Үр хойч маань эх орноороо аялахдаа бидний үзэж харж, биширч байгаа тэр сайхан онгон дагшин байгалийг, түүх дурсгалын хосгүй өвийг энэ чигээр нь харах ёстой.

Аяллаа зөв төлөвлөж, үр өгөөжтэй байх нь чухал. Манайхан Буйр нуур луу явахдаа шууд Чойбалсан хотоор дайраад явалгүй Чингисийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Биндэр, Дадал сумаар аялаад, цаашаагаа Улзын голын хөндийд очиж цэн тогоруу болон эргийн шувууд харж болно.

Цаашлаад, Дорнод аймагт нууруудын аялал хийж болно. Ингэвэл таны үр өгөөж ганцхан Буйр нуурт очиж сэлээд ирэх биш түүх соёлын дурсгал, биологийн өвийн дурсгалыг үзэж хараад ирэх давхар боломжтой байгаа юм. Үүнийг үр ашигтай аялах гэж хэлээд байна.

Гадны жуулчид аялахдаа чанарт их анхаардаг. Аяллаа эртнээс төлөвлөж, түүндээ зориулан мөнгөө хуримтлуулж эхэлдэг. Бид ч гэсэн cap бүр нэг хүн аялалдаа зориулаад cap бүр 50 мянган төгрөг хуримтлуулаад эхэлбэл их зүгээр. Гадны жуулчид нэг, хоёр жил аялалд зориулж мөнгөө цуглуулдаг. Бид бас энэ жишгээс суралцаж, эртнээс машин техникийн аюулгүй байдал, тав тухтай аялах бусад хэрэгслүүдээ бэлдээд явбал уг нь их зүгээр. Ингэснээр та аюулгүй байдлаа бүрэн хангаж чадна.

Тэгээд болж өгвөл аяллын компани сонговол аюулгүй байдал бүрэн хангагдана. Иргэд үнэгүй аялбал хаана ямар газрууд байна, ямар маршрутаар явбал олон газар оч иж үзэх боломжтой вэ гэдэг зөвлөгөөг манай холбооноос үнэгүй өгч болно. Аялал хүний нүдийг нээдэг гэж ярьдаг.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр (2020.08.17) гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд цахимаар оролцов.

Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурал Анхдугаар чуулганаа чуулж, гишүүн бүр тангараг өргөж, Засгийн газраа эмхлэн байгуулж, зохион байгуулалтын асуудлыг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь жигдэрч ажилдаа шуурхайлан орсон гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг тэрбээр онцлов.

Мөн тэрбээр, коронавирус (КОВИД-19)-ийн цар тахлын үед Монголын ард түмэнтэй илүү ойр дотно харилцаатай байж, дэмжин тусалж буй ОХУ, БНХАУ болон АНУ, Япон Улс, Европын холбоо, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын тэрүүн, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Улсын эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдсан.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл; Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл; Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд; Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг; “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр тогтсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Отгонбаяр: 20 хоногт 1035 хэргийг эцэслэн шийдвэрлэж чадлаа

Энэ онд прокурорын байгууллагын 90 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяртай ярилцлаа.


-Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн хамгийн их хүн амтай,үүнийгээ дагаад гэмт хэрэг зөрчил ч их бүртгэгддэг. Та бүхний ажлын ачаалал хэр байна вэ?

Манай дүүрэг 330 мянга гаруй хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн иргэдийн гурваны нэг хувь нь энэ дүүрэгт амьдардаг. Нутаг дэвсгэрээсээ шалтгаалаад орон нутгаас шилжиж ирсэн, хаяг тодорхойгүй, бүртгэлгүй иргэд ихээр оршин суудаг. Дүүргийн хэмжээнд ахуйн архидалттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчингийн хэрэг их гарч байгаад сэтгэл эмзэглэдэг.

Ер нь сургууль завсардсан, оршин суугаа хаяг нь тодорхойгүй иргэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд удаашралтай байдаг боловч дүүргийн цагдаагийн алба хаагчид сайн ажилладаг учраас хэрэг илрүүлэлтээр улс болон нийслэлийн хэмжээнд жил бүр эхний нэг, хоёрт бичигддэг. Энэ утгаараа шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо ч өндөр байдаг. Тэгэхээр манай шүүх мөн л ачаалалтай ажилладаг гэсэн үг. Хэргийн хувьд өнөөдрийн байдлаар 6600 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Үүнээс 1000-аад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ оны эхний долоон сард нэг прокурор дунджаар 70-100 хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Прокурор зөвхөн хэргийг хянаад шүүхэд шилжүүлэхээс гадна хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад биечлэн хяналт тавьж оролцох ёстой. Хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хянаж гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг ч шийдэх ёстой. Бүх зүйлийг хуулинд заасан хугацаагаар явах ёстой бөгөөд прокурор хэрэг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн талаар шийдвэр гаргах ёстой байдаг. Ер нь манай прокурорууд дотор оройн 20 цагаас өмнө гэртээ харьдаг, амралтын хоёр өдөр бүтэн амардаг прокурорууд байдаггүй. Ингэж ажиллаж байж л ажил нь амждаг. Хэрэг бүр хүний хувь заяатай холбоотой байдаг тул амрах эрхээ хязгаарлаж ажилладаг юм.

-Эдгээр өдрүүдэд прокурорын байгууллагын 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд дүүргийн хувьд ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны гуравдугаар сарын 11-нд “Прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэх прокурор-90” нэгдсэн аяныг улсын хэмжээнд гурван сарын хугацаатайгаар зохион байгуулсан. Манай дүүргийн прокурорын газрын хувьд аяны хүрээнд Зөрчил шалган шийдэх ажиллагаанд тавих хяналт, Хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт, Шүүхэд төрийг төлөөлөх хяналт, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт зэрэг ажлуудаар улсын хэмжээнд тэргүүлж ажилласан. Аян зохион байгуулсантай холбоотойгоор үр дүнд хүрч ажилласан ажил гэвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл НЦУГ-т хүсэлт тавьж 50 мөрдөгчийг 20 хоногийн хугацаатай манай дүүрэгт ирж ажиллахыг урьсан. Энэ дагуу бидний хүсэлтийг хүлээн авч 50 мөрдөгч дэмжлэг үзүүлж ажилласан. Үр дүнд нь 1035 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч нарын бүрэлдэхүүн нь хэрэг шалгах ажлын ачаалал нэг хүнд оногдох ачааллаас хэтрэхгүй байх нь тодорхой үр дүнд хүрч болно гэдгийг харуулж байгаа юм. Манай дүүргийн хувьд нийт цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй нийлээд 76 мөрдөн байцаагч ажиллаж байна. Тэгэхээр 76 мөрдөн байцаагч дээр 50 мөрдөн байцаагч нэмж үүрэг гүйцэтгэн 1035 хэргийг эцсийн байдлаар шийднэ гэдэг бол зөвхөн прокурорын шалгаж дууссан хэргийг хэлж байгаа юм. Үүнээс гадна дахиад мянга гаруй хэрэгт хяналт тавьж ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд хэн нэгний эрхийг хамгаалж үр дүнд хүрсэн гэсэн үг. Хамгийн багадаа 1035 хүний эрхийг хамгаалж хэргийг богино хугацаанд шийдсэн. Бусад хяналтын чиглэлээр мөн л шаргуу ажилласан. Байцаан шийдэх ажиллагаанд хяналт тавьж ажилласнаар олон хэргүүдийг эцэслэн шийдэж үр дүнд хүрсэн амжилттай байна.

-Хорих ангиудад эрүүдэн шүүх явдал гарсаар байна гэж ярьсаар л байдаг. Энэ яг байдаг үзэгдэл үү?

-УЕПГ-аас эрүүдэн шүүх хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бас нэг ажлын зорилт болгон дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бол маш том асуудал. ХЭҮК-ын 14 илтгэл гарсан. Миний хувьд ялын хяналтын чиглэлээр ажиллаж байхдаа энэ тал дээр их анхаарч ажилладаг байсан. Прокурорын тусгай хайрцаг ч ажиллуулдаг байсан. Аливаа зүйл удирдлагаас маш их шалтгаалдаг учир бид хичээж ажиллах хэрэгтэй.

-Дүүргийн хувьд энэ жил ямар зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-УЕПГазраас энэ жил чиглэл чиглэлээр зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эзэнгүй хэргүүдийг шийдвэрлэе, түдгэлзүүлсэн хэрэггүй байя, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцъё гэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жил Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцъё зорилт дэвшүүлээд энэ хүрээнд маш олон ажлыг хийж чадсан. Дүүрэг, орон нутагтайгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж байна. УЕПГ-аас өгсөн чиглэлийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран Эрүүдэн шүүх хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай сургалтыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.

Онцолж яривал хяналт тавьж байгаа эзэн холбогдогч нь олдоогүй хэргүүдийг богино хугацаанд олж илрүүлэх. Өмнөх онуудад үйлдэгдсэн гэмт хэргүүдийн эзэн холбогдогчийг олж тогтоох ажлуудыг эрчимжүүлж байна. Үр дүн ч сайн гарч байгаа. Жил, хоёр жил болсон гэмт хэргийн эзэн холбогдогчийг яаж олж илрүүлэх вэ? гэдэгт анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байсан бусдыг залилан мэхлэх 100 гэмт хэргийг сонгон авч хоёр мөрдөгчийг цагдаагийн байгууллагын удирдлагуудтай тохироод бүх ажлаас нь чөлөөлж прокурорын газарт өрөө гаргаж, өдөр тутамд нь хяналт тавих хоёр прокурор томилон ажлын хэсэг байгуулсан. 100 залилах гэмт хэргийн ард хамгийн багадаа 200 хүн хохирсон байгаа. Энэ хэргүүдийг хоёр сарын хугацаанд эзэн холбогдогчийг нь олж илрүүлээд, зарим этгээдийн өмч хөрөнгийг битүүмжилж, хохирлыг барагдуулж байна. Энэ мэт тодорхой үр дүн гарсан. 2020 онд бас нэг дэвшүүлсэн зорилт бол хяналтын ажлын арга барилыг өөрчилж хуульд заасан боломжоо ашиглан хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдгээ туршиж байна. Үр дүнд нь 100 залилах гэмт хэргийн 84-ийг нь хоёр сарын хугацаанд эцэслэн шийдсэн байна.

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын түүхээс бидэнд хуваалцана уу?

1992 оны шинэ Үндсэн хуулинд Монгол Улсын прокурорын байгууллагад хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох шинэ чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Үүнтэй холбогдуулаад Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүнээс үүдэн Сонгинохайрхан дүүрэгт 1993 онд Их хурлын 15/59 тоот тушаалын дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 1993 оны долдугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн прокурорын байгууллага гэж анх байгуулагдаж байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага байгуулагдаад 27 жил болж байгаа бөгөөд нийт 63 алба хаагчтайгаас 38 прокурор юм.

-Энэ хугацаанд хичнээн ерөнхий прокурор ажилласан бэ. Таны хувьд өмнө нь тус дүүрэгтээ ажиллаж байгаад энэ онд дахин ирж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд есөн ерөнхий прокурор дүүрэгт маань ажиллаж байсан. Миний хувьд тус дүүрэгтээ хоёр дахь удаагаа ирж ажиллаж байна. 2014 онд прокурорын газрыг нэгдүгээр прокурор, хоёрдугаар прокурор гэж хоёр хуваасан байсан. Хоёрдугаар прокурорын газарт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн прокурорын газар багтдаг байсан бөгөөд миний хувьд энэ газрын даргаар томилогдож анх ирж байсан. Тэгээд дүүргүүдийн прокурорын газар задарч эхлэхэд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сарын 30-нд УЕПГ-ын Ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ оны гурван сарын 23-нд СХД-ийн ерөнхий прокуророор дахин ирж ажиллаж байна. Эргэж ирэхэд миний хамтран ажиллаж байсан хүмүүсийн 40 хувь нь өөрчлөгдсөн байна. Шинэ залуучууд их ажиллаж байна. Нийгмийн байдлаа дагаад, амьжиргааны түвшин, хөдөө орон нутгаас ирэх хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээс шалтгаалж гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн хэлтсүүд газар болж өргөжсөн гэх мэт олон өөрчлөлтүүд гарсан байна.

-УЕПГ-т ажиллах, дүүрэгт ажиллах хоёрын ялгааг та юу гэж харж байна вэ?

-УЕПГ бол бодлого боловсруулдаг газар юм. Харин дүүргийн прокурорын газар нь бодлого хэрэгжүүлдэг байгууллага юм. Миний хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, яллах, шүүхийн бүхий л ажилд хяналт тавьж оролцдог.

-Прокурорын байгууллагад ажиллаж байгаагийн хамгийн том бахархал тань юу вэ?

-Анх томилогдохдоо юу ч мэддэггүй байж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 570 гаруй прокурор л ажиллаж байна шүү дээ. Эдгээр прокуроруудын нэг нь болж, нэгэн байгууллагыг толгойлж яваадаа бахархаж байдаг. Миний хувьд 21 настайдаа Ховд аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлж дараа нь Налайх дүүрэгт, НПГ, УЕПГ хэлтсийн дарга, тойргийн дарга гээд олон байгууллагад л ажиллаж байлаа. Өмнө нь бид заалгаад явдаг байсан бол одоо залуучууддаа зааж зөвлөх түвшинд очсон байна.

Энэ дашрамд Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг нийт прокурорууддаа дэвшүүлье. Тэр дундаа миний ажлын гараагаа эхэлж байсан Ховд аймгийн прокурорын газар, Налайх дүүргийн прокурорын газар, НПГ, УЕПГ-ын хамт олондоо баярын мэнд хүргэе. Мөн хамтарч ажилладаг хууль хүчний байгууллагын туслалцаатайгаар бид ажлаа урагштай бүтээж байгаа. Эдгээр хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна.

-Танд зориулж хэлсэн санаанаас огт гардаггүй үг юу вэ?

-н.Цэрэнбалтав даргын хэлсэн “Прокурор хүн гэдэг хүн л байх ёстой” хэмээсэн үг миний санаанаас ерөөсөө гардаггүй юм. Би тэр үед ойлгоогүй, одоо л ойлгож эхэлж байна. Дээрээс нь нэмж хэлэхэд, прокурор хүн маш их хүн чанартай хүн байх ёстой гэж хэлмээр байна. Хүний амьдралд янз бүрийн зүйл их тохиолдоно. Тэр бүхэнд хүн чанар, хүнээрээ байх л хамгийн чухал.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд удирдах албан тушаалыг багагүй хашжээ. Таны удирдах арга барил чухам юу вэ?

-Миний хувьд нэгдүгээрт хурдтай, тогтвор суурьшилтай байхыг шаарддаг. Өөрөө ч тийм төрлийн хүн. Залуучуудаа анхнаас нь хурдтай ажиллаад сургачихвал тэр хүн насан туршдаа олж авсан чадвараа алддаггүй. Хоёрдугаарт, хүн болгонтой тулж, нөхөрлөж харьцах дуртай. Сонгинохайрхан дүүргийн прокурорууд дундаа хамгийн удаан буюу 23 жил ажиллаж байгаа хүний хувьд алба хаагчидтайгаа илүү ойрхон байж, хамт олны уур амьсгалыг хадгалахын тулд тэдэнрүү чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулдаг. Прокурорын байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд ажлын цаг ихтэй амралтын өдөр багатай. Хэдий тийм ч ажилдаа дуртай хүн ажлаа л хийхийг боддог юм билээ.

-Танай хамт олон залуу шинэ үеийн прокуроруудаар хүрээгээ тэлсээр байна. Эдгээр залуусдаа хандаж захиж хэлмээр байдаг зүйлээсээ бидэнд хуваалцана уу?

-Прокуроруудын хувьд ажиллах явцдаа байнга л суралцаж байдаг. Би ч хүртэл өнөөдрийг хүртэл суралцсаар л явна. Ер нь сурлагын чанар прокурор хүнд нөлөөлдөггүй харин сурц, чадвар, мэргэшил, хичээл зүтгэл маш их нөлөөлдөг юм байна. Хичнээн сургуулиа онц төгсөж ирсэн ч сурцгүй, мэргэшихгүй, хичээхгүй бол тэр хүн амжилтад хүрэхгүй. Ер нь таван жил ажилласан прокурорыг би одоо л прокурорын суурь нь тавигдаж эхэллээ гэж боддог. Тийм ч учраас дээд шатны прокурорыг таван жилээс дээш ажилласан хүн хийнэ гэж хуулиндаа оруулсан байх. БНХАУ, Их Британид прокурорын мэргэжил эзэмшсэн прокурорууд манайд ажилладаг. Хэдий гадаад оронд сайн суралцсан ч гэсэн манай хууль эрх зүйн орчин өөр учир энд ирээд дахиад л судлах шаардлагатай болдог.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТЭНЭГЛЭЛ vs ШУНАЛ

НЭГ. КАЙРЫН ХОШИГНОЛ

Баабар хошигнон ярьдаг юм, Кайрын музейн ажилтнуудыг. Гурван мянганы тэртээх дурсгал чихэлдсэн, хашаандаа хүртэл муми овоолсон, үзмэр нь шалаар хөглөрсөн гэмээр, тийм музей л дээ, Кайр хот дахь Египетийн музей. Хэтэрхий их үзмэртээ хахаад, дэглэлт тавилт нь хоёрдугаарт эрэмбэлэгдсэн газар. Музейд байна уу, эсвэл “Костко” энээ тэрээ шиг агуулах худалдааны сүлжээ дэлгүүрийн антикварийн тасагт явна уу гэж эргэлзмээр.

Хэрвээ та Кайр орж амжаагүй бол төсөөлөх боломж байна. Жишээлэхэд, Ордос дахь Чингис хааны онгоноор аялж, зэргэлдээ хошууных нь “Нууц товчооны музей” зэргийг үзсэн бол олдвор баримтаас илүүтэй хөшөө баримал, дизайнаар зодсон хийцийг санаж байгаа байх. “Нууц товчоо”-г бүрэн эхээр нь цаас, төмөр, ширэн дээр бичээд зогсоогүй, вааран дээр буулгаад шатааснаа үзмэр болгосон байдаг. Мэдээж, “Нууц товчоо”-ны үйл явдлыг олон янзаар зурж үзүүлсэн. Тааруу музей гэх гээгүй шүү. Юу нь сонин гэхээр, Кайрын музей хийгээд Ордос дахь “Нууц товчооны музей” бол үзвэр толилуулах аргын хоёр туйл санагддаг. Нэг нь бодит олдвор нь хэтэрсэн, нөгөө нь төлөөлөл-төсөөлөл, дүрслэл нь хэтийдсэн ч гэмээр юм уу? За энэ ч яахав, юунаас болоод энд тэндхийн музей рүү орчихов, гэхээр ийм юм.

Кайрын музейд зургийн аппараттай орох, зураг дарахыг хориглодог. Хаа сайгүй л ийм байдаг болохоор гайхах ч юм биш. Харин үүдний харуул нь зочид аппарат зүүсэн, нуусан алин болохыг нягтлахаас гадна, гарыг нь дагуулан харна. Хэрвээ 10 фунт(Английн паунд биш болохыг анхаарна уу!) атгуулчихвал чиний аппаратыг олж харахаа болино. Дотор хэсгийн ажилтнууд аппарат бүхий хүн ороод ирсэн байвал олон юм ярихгүй, зүгээр л зураг дарж эхлэхийг нь хүлээнэ. Яг зураг аваад эхэлбэл дэргэд ирээд, хазгай мурий англи хэлээр “Зураг авах хориотой” тухай шулганаж гарна даа. Мэдээж, 10 фунтээ авсны дараа бол зураг дарж байгааг харах завгүй болчихно.

Баабар юуг гэж хошигносон гэхээр “Хэрвээ тэдэнд 10 биш, 100 паунд өгсөн бол мумигаа тэвэрч гарч ирээд харуулах байсан” гэж.

Та нар жигшиж байгаа, тийм үү? Авлигачин, хахуульчин, дүрэм журмаа уландаа гишгэсэн Мисир албан хаагчид эртний түүхт энэ орныг сөнөөж байна, мөн үү?

Гэхдээ энэ бол ёс суртахууны хувьд найгаа алдсан ч гэсэн мөн чанараараа “харьцангуй эрүүл” нийгмийн шинж гэвэл та мэл гайхаж цэл хөхрөх биз ээ?

ХОЁР. ТЭНЭГ НӨХӨР УХААНТАЙ ДАЙСНААС ХОРОН

-Хорвоог муу санаатнууд, шуналын туламнууд хөнөөдөггүй. Харин өөртөө ч, өрөөлд ч ашиггүй юм хийдэг тэнэгүүд л хөмөрч хаядаг тухай Карло М Сиполла хэмээх сониуч судлаач бичжээ. Тэрээр “Тэнэглэл, түүний хуулиуд” хэмээх сонирхолтой, бас хөөрхөн судалгаатай ном бичиж, энэ дүгнэлтээ баталгаажуулсан байдаг юм.

Нэгдүгээрт, шуналтай хүнийг, санаа муутай хүнийг, боловсролгүй хүнийг, ядуу хүнийг, бохир заваан хүнийг, ёс суртахуунгүй хүнийг “Тэнэг” гэж Карло үзэхгүй байна.

Хоёрдугаарт, шуналтай болоод муу санаатай, боловсролгүй атлаа хүмүүжилгүй, ядуу агаад бохир, ёс суртахуунгүй дээрээ ичгүүргүй хүнийг тэрээр сайн ухаалаг гээгүйг бас болгооно биз.

Гуравдугаарт, шунахай, хорлонтой, харанхуй бүдүүлэг, ёс суртахуунгүй байдал нь хүний л хорвоогийн шинж учраас түүнтэй тэмцэх туршлага, таних чадвар нийгэмд байдаг гэдгийг зохиогч иш үндэс болгосон байдаг.

Хүний ертөнц шунал дээр цогцолсон гэдгийг Өрнө, Дорнын мэргэд бүгдээрээ л анхааруулж, Будда ч айлдсан, Адам Смит ч хэлсэн. Бурхан багш шуналтай тэмцэхийн оронд “Яагаад шунаад байгаа” эх үүсвэрээ олж харахыг сургасан бол Адам Смит, хүн хүний шуналын нийлбэр нь эдийн засгийн хөгжлийг хөдөлгөгч “үл үзэгдэх” гар болон хувирдгийг судалсан байдаг. Ерөөсөө “Хүсэл ба шунал” нь эзнээ л хөнөөдөг болохоос биш, хүний нийгмийг бүхлээр нь самардаггүйг мэргэд бас олж харжээ. Яагаад гэвэл, ямар ч мундаг шунал өөр нэгний шуналтай тулаад гацдаг. Гэтэл, тэнэглэл нь тэнэглэлээ гацаана гэсэн номгүй.

Бурхан ч тэр, эдийн засагчид ч ялгаагүй, шунал буюу гоёор хэлэхэд “хувийн сонирхол”-ыг энэ ертөнцөд байж болшгүй зүйл гэж үзээгүй. Шунал нь үл ханах шинжтэй тул эзнээ байнгын эрэлтэд оруулснаар зовоодог тухай нэг нь айлдсан байхад нөгөөдүүл нь мөнөөх байнгын эрэлт нь хүний нийгмийг баялаг бүтээгч болгох сурвалж болдгийг олж харсан авай.

ГУРАВ. ТӨРӨЛ ТӨӨРӨГСӨД

Хүсэл шуналаасаа нэгэнт ангижрагчид бол өнөөгийн хүний нийгмийн гишүүн байх боломжгүй. Тэд нирваанд хүрсэн гэгээрэгч болоод сансрын хүлээснээс алдуурах учиртай. Ингэхгүй, төрөл төөрч гариг андуурах юм бол ертөнцийг түйвээгч хорлогчин болж нийгмээ самрагч, хувьсгалын болон шашны фанатуудад хувирдаг.

Сая Пакистанд тарьсан моддыг “буруу ном”-ын гээд булга булга татан хаялж байгаа фанатуудын бичлэг яваад байгааг манайхан харж шогшроод байсан нь үүний жишээ. Уг нь ойжуулалт нь тэдний эрүүл энх амьдралд тун ч хэрэгтэй зүйл шүү дээ. Улмаар, тэднийг шоолохын өмнө өөрсдийгөө нэг харчихмаар байгаа юм. “Хятадын вакцин хийлгэж Ковидоос хамгаалуулсанд орвол үхсэн нь дээр” гэсэн бот-ын жиргээг хувилж түгээн давалгаалаад л байгаа манайхан ч тэднээс юуны ялгаа. Хэвийн эрүүл хүн бол ямар ч хамаагүй вакцин хийлгээд, яаж ийгээд амьд үлдэхийг боддог юм байгаа биз дээ.

Дээрэмчид, хулгайч нарийн үйлдэл рациональ шинжтэй учраас түүнийг урьдчилан таамаглах, хамгаалах, сэргийлэх боломжтой. Ухаандаа, тэд бусдын өмч баялгийг устган сөнөөхийн оронд өөрийн өмч рүү зөөвөрлөх, нууц сан үүсгэх хандлагатай байдаг. Иймээс тэдгээрийг нь олж илрүүлэх замаар хувь хүнд болон нийтийн өмчлөлд учирсан хохирлыг нь барагдуулах нимгэлэх боломж ядаж байгаа гэсэн үг.

Харин тэнэгүүдэд хүний унаган шинж болох “хүсэл, шунал” байдаггүй учраас бүхий л хандлагууд нь иррациональ шинжтэй, улмаар логикгүй учраас урьдчилан тааварлах, сэрэмжлэн хамгаалах боломжгүй байдаг гэнэ. Хулгайч баяжих зорилгоор түрийвчийг чинь суйлж, дээрэмчин бээр алмаазан бөгжийг тань авахын тулд таныг алж мэднэ.

Гэтэл тэнэгүүд “Таныг ямар ч шалтгаангүйгээр, ямар ч ашиг хонжоо олохгүйгээр, ямар ч төлөвлөгөөгүйгээр, тааварлах аргагүй газарт, төсөөлөөгүй цаг үед хохироож чадна. Энэ бүхнийг урьдчилан таамаглах, сэргийлэх ямар ч боломжгүй” тухай мөнөөх Карло М Сиполла бичжээ.

Энд өгүүлэн буй “Тэнэг” гэдэг ойлголт нь боловсролгүй, бүдүүлэг, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй хүмүүсийг хэлээгүй, харин өөртөө ямар ч ашиггүй үйлдэл хийдэг хүмүүсийг хэлээд байгааг дахин сануулъя. Ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр, ашиг хонжоо бодолгүйгээр бусдыг хохироодог тийм үйлийн эзэд.

Тэнэгүүд маш царайлаг, харваас хүмүүжилтэй, бузгай жээнтэлмээн төрхтэй, үнэхээрийн өндөр боловсролтой, олон хэлтэй, чемодан дүүрэн дээд боловсролын дипломтой ч байж болно гэсэн үг. Гагцхүү өөрийгөө төдийгүй чамайг ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр алах, сүйрүүлэхэд бэлэн байдлаараа л ялгаатай.

Гоёор хэлбэл: Нирваанд байх ёстой атлаа Самсара-д төрсөн,хувийн сонирхлоор хөдөлдөг нийгэмд амьдардаг атлаа “үл үзэгдэх гар”-гүй мэндэлсэн этгээдийн тухай яриад байгаа хэрэг.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ: Ял тохиролцох нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж болзошгүй гэдэг нь сая харагдлаа

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн асан Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон хэмээн буруутгагдсан. Эл хэргийн шүүхийн шийдвэр олон нийтийн дунд маргаан дагууллаа. Түүний хувьд улс төрийн хүрээнийхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуулийн дагуу ял тохиролцсон эхний хүн болов уу. Ял тохиролцох журмын тухай тайлбарлаач?

-Товчхондоо гэмт хэрэгтэн сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргийг нь шийдэж, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, тэнсэх зохицуулалтыг хэлдэг. Манай Эрүүгийн хууль тогтоомжид 2017 оноос орж ирсэн. Дэлхийн улс орнуудын хувьд ял тохиролцохыг хориглосон нь ч бий, хэрэглэдэг нь ч байгаа. Давуу, сул талын аль аль нь бий. Манай улсын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илдэг, ял завшуулдаг нэг арга, хэрэгсэл болж болзошгүй байгаа нь сая тодорхой харагдлаа.

Тухайлбал, манай Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2т хорих ялын хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй таван жил хүртэлх хугацаагаар тэнсэхээр заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дэх авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг хэмжээг заасан 24 заалтын 15 заалт нь таваас доош жилийн хорих ялтай заалт юм. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхдийн дийлэнх нь ял тохиролцох замаар ялаас чөлөөлөгдөх эрх зүйн орчин манайд бүрдсэн байна.

Та бид мэднэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь нийгэмд шударга ёсыг алдагдуулж, улс орны тусгаар тогтнолд аюул занал учруулан ард түмний амьдралын үндсийг доройтуулж байдаг. Гэтэл бид авлигачдыг ял завшуулдаг, ялаас чөлөөлдөг маш сул ялын бодлоготой улс болчихлоо.

-Ял тохиролцох процесс ямар журмаар явдаг юм бол?

-Эрүүгийн хуульд зааснаар яллагдагч хэргийг шүүхийн шатанд шилжүүлэхээс өмнө прокурорт хүсэлтээ гаргах ёстой. Прокурор хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хэргийн зүйлчлэл, ялын төрөл, хэмжээ, эсвэл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг хуультай. Шүүх тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг нь хянаад прокуророос гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг.

-Прокуророос гаргасан саналын хүрээнд шүүх шийдвэр гаргадаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Дээрх нөхцөл хангагдсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг прокурорын саналын хүрээнд гаргадаг. Энэ заалтын хувьд анхаарах ёстой нэг ноцтой асуудал байна. Үндсэн хуульд Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлж, өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглосон.

Гэтэл хуулийн дээрх заалтаар шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, шударга ёсыг тогтоох, ялын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болчихоод байна. Прокурор энэ хэрэгт торгох ял оногдуулна, 10 сая төгрөгөөр торгоно, эсвэл хорих ялаас чөлөөлнө, тэнсэнэ гээд оруулаад ирвэл шүүх үндсэндээ яг оруулж ирснээр нь шийдвэрлэх ёстой болж таарлаа. Уул нь прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэгтэй. Гэмт хэрэгтэнд оногдуулах ялын төрөл, хэмжээг прокурор бус, шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой.

Одоо бол хуулийн дээрх заалтаар прокурор шүүхийн уг чиг үүргийг хэрэгжүүлдэг болоод эхэлчихлээ. Энэ бол маш ноцтой алдаа. Үүнийг засах ёстой.Би энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж мэдээлэл гаргана.

-Тэгвэл авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангаруулахын тулд Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд тусгах нь зүйтэй юм бэ?

-Амархан асуулт биш байна. Нэн тэргүүнд авлигачдад торгох ял оногдуулах боломжийг бүрдүүлсэн сонгох санкцыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээс хасах, хүчингүй болгох хэрэгтэй болов уу. Би хувьдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд оногдуулах хорих ялын хэмжээг эрс нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Одоо бол дийлэнх тохиолдолд торгох, эсхүл таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах, чангарлаа гэхэд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.

Харьцуулбал зарим төрлийн хулгайн гэмт хэргээс хөнгөн ялтай байна шүү дээ. Орон байранд нэвтэрч хулгай хийсэн бол, эсвэл наймаас дээш мал хулгайлсан бол 2-8 жилийн хорих ял шийтгүүлнэ. Малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон бол 512 жилийн хорих ял шийтгэнэ.

Мөн авлигачдын эд хөрөнгийг хураах нэмэгдэл ялыг сэргээж ч болох юм. Ял гэдэг нэг талаасаа гэмтнийг гэсгээн цээрлүүлэх, нөгөө талаасаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, айлгах үүрэгтэй. Мөн төр сүүлийн 30 жилд дунджаар таван жил тутам нэг удаа Өршөөлийн хууль баталсан. Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулж, ялаас чөлөөлдөг явдлыг дахин гаргуулахгүй байх хэрэгтэй байна. Ял завшуулж байна шүү дээ.

-Эрүүгийн хуульд тусгагдсан зүйл заалтаас шалтгаалж ялаас чөлөөлөгдөх цоорхой гарчихаж гэж ойлголоо?

-Тийм ээ. Дээр тодорхой жишээ хэлсэн шүү дээ. Манай улс авлигын индексээр дэлхийн улс орнуудын 106-д явж байна. Авлига, хүнд сурталтай нүүр тулаагүй иргэн, бизнес эрхлэгч гэж бараг байхгүй биз. Манай улсын авлигатай тэмцэх ялын бодлого дэндүү сул гэж дээр дурдсан. Монголд төр, шударга ёс гэж байдаг бол авлигачдад хатуу ял оногдуулах ёстой.

Дээр хэлсэнчлэн Эрүүгийн хууль тогтоомжоор ял завшуулах нөхцөл бүрдүүлчихсэн байгаа нь ч маш буруу. Эдгээр нь авлигатай тэмцэх төрийн бодлогыг сулруулаад байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх арга хэрэгслүүдийн нэг нь хатуу, чанга ялын бодлого. Гэмт хэрэгтэнд оногдуулах ял нь үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанартай нь тохирсон байх ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас ард түмний, нийтийн эрх ашиг хохирдог. Түүхээс харахад хамгийн эмх замбараагүй байдал ноёрхсон, уруудаж, доройтож буй улс орнууд хээл хахуульд гүнзгий автсан байдаг.Тэнд гадаад, дотоод гэлтгүй дураараа аашилдаг, хуулийг үл тоодог, шударга ёсыг үгүй хийдэг, иргэдийн эрх ашгийг хохироодог шүү дээ. Авлигатай үр дүнтэй тэмцэхгүй бол улс орны ирээдүй тун бүрхэг дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Батзориг: Бурхан шашины бэлгэдэл, дүрслэлүүдийн мөн чанарыг алдагдуулж болохгүй

“Гурван шүтээн” уламжлалт бурхан урлалын төвийн бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач Ч.Батзоригтой ярилцлаа.


-Та бурханч лам Г.Пүрэвбатын анхны шавь нарын нэг юм байна шүү дээ. Хэдэн онд багшдаа шавь орж байв?

-1993 онд анх шавь нь болж байлаа.

-Бурхан урлаач болохын тулд хэдий хэрийн хугацаанд суралцдаг вэ?

-Бурхны урлалыг орчин үеийн бусад сургалт, дамжаа шиг богино хугацаанд сурдаг зүйл биш. 1990-ээд онд ардчилал гараад түүх, шашин, соёлоо дахин сэргээх тэр үед манай бурханч лам багш маань урлахуйн ухааны салбарыг өвгөн багш нараасаа өвлөн авч, Энэтхэг улсад суралцан ирээд, бурхан урлалын сургуулийг Гандан хийдийнхээ дэргэд нээж байсан. Бид анхны шавь нар нь учраас бараг долоон жил сурсан. Сургуульдаа одоог хүртэл багшлаад, шавь нараа төгсгөөд явж байна. Үүнийг сураад төгс эзэмших хүртлээ их урт хугацаа зарцуулна. Одоог хүртэл тодорхой хэмжээгээр суралцаад л явж байна.

-Та одоо ямар бурхны бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Сандуй бурхан бүтээж байна. Тарнийн ёсны бурхан л даа. Нийтдээ гурван бурхан байгаа. Үүнийг бүтээхэд хагас жил зарцуулаад байна. Гол бурхан нь 1.2 метр өндөртэй, зургаан мутартай.

Бурхан бүтээх олон янзын арга бий. Зурж бүтээнэ, зээгт наамлаар бүтээнэ, баримал цутгуур хэлбэрээр бүтээнэ, шавар хэлбэрээр бүтээх гэх мэт.

-Бурхан бүтээхэд хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй хугацаа зарцуулдаг байх. Таны хувьд ямар бурхныг бүтээхэд хамгийн удаан хугацаа зарцуулж байв?

-Ямандаг бурхны хот мандлыг жил гаруй хугацаанд бүтээж байсан. Энэ бүтээл маань дотроо арван гурван бурхантай, тарнийн ёсны очир хөлгөний нарийн бүтээл юм.

-Азийн орнуудад бурхадын дүр хоорондоо ялгаатай, хийц нь өөр өөр байдаг. Их хөлгөн, бага хөлгөнөөсөө шалтгаалаад бурхны хийц нь ялгаатай байдаг юм болов уу?

-Бурхны тиг хэмжээ гэдэг зүйл байдаг. Бурхан багшийг заларч байх үед нь Шарипутра хэмээх шавь нь “Таныг орчлонгоос нөгчсөний дараа бид юугаа шүтэж, юундаа тахил өргөх вэ” хэмээн асуухад нь Бурхан багш “Миний дүр хөргийг бүтээгээд, намайг байгаа мэтээр тахин шүтээрэй” гэж айлдаад төгс гэгээрсэн Бурхны тиг хэмжээг номлосон байдаг. Энэ бол хамгийн анхны Бурхны тигийн номлол юм. Тэгэхээр Бурхны шашин дэлгэрсэн орон бүр адилхан бүтээх ёстой шүү дээ. Одоо яагаад өөр өөр байна вэ гэхээр тухайн улс үндэстний өөрсдийн хэв маяг, амьдрал ахуй, ёс заншил зэргээр баяжигдаад дүрийн хувьд өөрчлөгдөж байгаа юм. Тэдгээр бүтээж буй хүмүүсийн ухааны, урын, гарын ялгамжаас хамаарч байгаа зүйл. Энэ дундаас аль нь илүү төгс бүтээсэн бэ гэдэг нь л чухал. Манай Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар бүтээсэн, өөрийн гаргасан сургууль, хийц бол Бурхны номлосон тиг хэмжээнд яг төгс нийцдэг. Үүнийг манай бурханч багш олон байдлаар судалсан. Тигээс гадна Бурхны лагшингийн билэг чанар гэж байдаг. Үүнтэй нь тааруулаад үзэхэд ч мөн адил төгс таарсан байдаг.

-Өндөр Гэгээний хийцээс өөр бурханы хийц Монголд байдаг уу?

-Өндөр Гэгээн бол бурхныг бүтээх оргил гэж байдаг бол түүнд нь хүртэл бүтээчихсэн хүн учраас Занабазарын хийц гэж яриад байгаа юм. Бүгд л яг ийм хийцтэй байх ёстой. Зөвхөн Өндөр Гэгээний бүтээлийг үзэх гэж гадны орноос маш олон жуулчин Монголыг зорьж ирдэг.

-Бурхны хөргийг шүдэнз гэх мэт зүйлээр хэвлэчихсэн байдаг нь зарим сүсэгтнүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлдэг?

-Өмнө нь цухас хэлсэнчлэн, Бурхан багш амьд сэрүүн ахуйдаа “Миний дүр хөргийг бүтээгээд, намайг байгаа мэт тахиж шүтээрэй. Энэ нь намайг тахиж шүтэж байгаатай адил” хэмээсэн байдаг. Богд лам ч мөн адил “Миний дүр хөргийг бүтээгээд, миний номлосон номыг уншиж судлаарай” гэж айлдсан байдаг. Бурхны шашин шүтэж судалж байгаа хүмүүсийн хувьд Бурхан багш одоо бодитоор байхгүй учраас өөрийнх нь номлосон ёсоор дүрийг нь бүтээгээд, энэ нь нэг ёсондоо тэр хүнд оюун ухаарал хайрлах орон болж байгаа юм. Номын нарийн ёсондоо бол бурхны дүр хөргийг хараад, түүнийгээ сэтгэлдээ ургуулан бодож, өөрийгөө цэвэрлэж ариусгах, бясалгах үйл юм. Энгийнээр тайлбарлавал буян хураах үйл юм.

-Бурхан бүтээдэг хүмүүн ямар ёс баримталдаг вэ. Сахил санваартай байх ёстой юу?

-Бурхан бүтээхийн тулд лам байвал сайн гэдэг. Эгэл хүн байсан ч болно. Хамгийн гол зүйл бол бурхныхаа дүр хөргийг бүтээх онолоо сайн сурсан байх хэрэгтэй. Энэ маань өөрөө дүрсээр илэрхийлж буй бурхны ном учраас бурхны номоо сайтар суралцах ёстой.

-Бурхан бүтээх ажил төлөвлөгөөний дагуу явдаг уу, эсвэл захиалгаар бурхан бүтээдэг үү?

-1993 онд Монголд маань сургууль нээгдээд жар, далан жил тасрах шахсан шашин соёлоо дэлгэрүүлж эхэлсэн. Энэ бол нэг салбар ухаан. Үүнийг хөгжүүлж, дэлгэрүүлж яваа учраас сүм хийдийн шүтээн бүтээх, мөн өөрсдийнхөө бүтээлийг хийх зорилгоор ажиллацгааж байна. Одоо үед худалдаа наймааны чанартай зүйл их болсон. Үүнд ямар нэгэн шүтээн бүтээх дэг, ур хийц байхгүй. Монголчууд маань Өндөр Гэгээний үед их сайхан урлал хийцтэй бүтээлийг бүтээдэг байсан бол одоо тэднийгээ бүгдийг нь зарж үрж, оронд нь Хятадаас ирсэн худалдааны юмыг шүтэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Бидний хамгийн гол зорилго бол эдгээр бурхадаа сэргээх, дэлгэрүүлэх юм.

-Иог, бясалгалын төвүүд, баар, ресторан хүртэл ханан дээрээ Бурхны хөргийг зурчихсан байдаг. Энэ тал дээр та бурхан урлаач хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Бурхан шашины бэлгэдэл, дүрслэлүүдийн мөн чанарыг алдагдуулж болохгүй. Тэр болгон чинь өөрөө өнгө, дүрс хэлбэрээрээ номын утга илэрхийлж байдаг учраас түүнийг нь эвдэж, янз бүр болгож болохгүй. Нэг ёсондоо номын утгыг алдагдуулаад, хүнд буруу үзүүлж тайлбарлаж байгаатай адил.

-Та хэзээнээс бие дааж бурхан бүтээж эхэлсэн бэ?

-1993 онд багшдаа шавь ороод долоон жил гаруй сураад, таван жил сургуульдаа багшилсан. Дараа нь хоёр жил гаруй сургуульдаа ажиллаад, үндсэндээ 2007 оноос бие даан шавь бэлдээд, урлалаа хийж эхэлсэн дээ.

-Бурхан урлаач хүн зураач, барималч зэрэг бусад чиглэлийн урчуудаасаа ялгагдах онцлогтой, баримталдаг дэгтэй дээ?

-Бурхны шашинд их таван ухаан, бага таван ухаан гэж арван ухаан байдаг. Их таван ухааны хамгийн чухал салбар ухаан бол урлахуйн ухаан. Үүнд мэргэшихийн тулд дор хаяж таван жил суралцдаг. Хамгийн түрүүнд эгэл урлах ухаан буюу уламжлалт шүтээн урлалд байгаль, амьтныг хэрхэн зурахад суралцдаг. Дараа нь бурхны чимэг зүүлтийг хэрхэн зурахад суралцана. Тэр болгоны цаадах бэлгэдэл утгыг судалдаг. Үүний дараа бурхны тиг, шугам талбих ёс, бурхны номоо үздэг. Ингэж суралцсанаар суурь мэдлэг олж авна. Бурхныг зүгээр л гадна хэлбэр талаас нь бүтээчихдэг эд биш учраас бурхны номоо сайн ойлгож судлах хэрэгтэй. Төгс гэгээрсэн бурхны гучин хоёр лагшин, наян найраг гэж бий. Үүнийг Бурхны билэг чанар гэнэ. Бурхны номоо үзэж байж үүнийг ойлгоно. Тэгээд гарын ур, сэтгэлийн ур, ухааны ур гурав нийлж байж бурхны дүрийг бүтээдэг.

-2020 он гараад Монгол төдийгүй дэлхий даяараа дотоод гадаад хямралтай, бартаатай жил болж байна. Энэ өрнөж буй үйл явдлыг та Бурхны шашин талаас нь хэрхэн харж байна вэ?

-Монголчууд бол Бурхны шашины талаасаа сэтгэлийн өндөр боловсролтой ард түмэн байсан шүү дээ. Бурхны шашин ид сайхан хөгжиж байсан үед гадна талаас нь харахад ядуу буурай юм шиг боловч дотоод сэтгэлийн амар амгалантай байсан. 1930-аад оноос хойш жар, далан жил шахуу Бурхан шашинаасаа тасраад дахин сэргэсэн. Үүнээс шалтгаалаад өвөг дээдсийнхээ уламжлалт шашин соёлоос хөндийрчихсөн гэж ярьдаг шүү дээ. Энэ бүгдээсээ хөндийрөхөөр оронд нь гадны соёл, гадны бодлого л орж ирнэ. Тэгэхээр монгол хүн монгол хүнээрээ байж чадахаа байна, байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцаж эхэлнэ. Ер нь Бурхны шашинтай хүн бол ямар ч тохиолдолд нисванис, шунал зэргээ хязгаарлаж чадна. Шунал, нисванисаасаа болж дэлхий даяараа л газар орноо сүйтгэж байна шүү дээ. Эргээд байгаль дэлхий хувьсан өөрчлөгдөөд үүний хариу бидэнд ирнэ. Дээрээс нь, нийтээрээ хүний сэтгэл муудаад ирэхээр түүнийх нь энергиэр байгаль, дэлхий ийм байдалд хүрч байгаа. Энэ бол үйлийн шүү дээ. Бурханы шашин сайхан байх үед монголчууд маань Бурханы номлол сургаалаар дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад сургадаг байсан. Үүнээсээ хэтэрхий их салчихаар өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийн шалтгаан үүсээд байгаа л гэж боддог. Дээр байгаа, төр барьж байгаа хүмүүс Бурханы номыг сэтгэлдээ боддог байсан бол ард түмнээ ийм байдалд оруулахгүй шүү дээ.

-Хүмүүс бурхан бүтээлгэхдээ голдуу алт, мөнгөөр бүтээлгэхийг зориод байдаг. Угтаа ямар материалаар хийх нь чухал биш, сүсэглэх нь чухал биз дээ?

-Бурхны номд айлдахдаа, бурхан шүтээнийг эдийн дээдээр бүтээгээрэй гэсэн байдаг. Алт, мөнгө, шүр, сувд оруулаад бүтээж болно. Тухайн бүтээлгэж байгаа хүн маань алт, мөнгөө бурхандаа харамгүй өргөж байгаа гэсэн үг.

-Та нямба хийж, сэтгэлээ төвшитгөж байж бурхан бүтээдэг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бурхан бүтээхдээ эрдмийг нь сэтгэлдээ агуулаад, тарнийг нь дотроо уншихыг бурхан бүтээх увдис гэж нэрлэдэг. Бурхан бүтээж байгаа газар, бүтээж буй эд нь цэвэр ариун байх ёстой. Бид чинь бурхнаа бүтээхдээ бүх юмаа нэг бүрчлэн өөрсдөө гараараа бэлддэг.

-1993 оноос бурхан урлаач бэлтгэсэн гэхээр энэ салбарт чамгүй олон урлаач байх нь ээ?

-Тийм ч олон хүн байхгүй. 1993 оноос хойш манай багш 80 гаруй шавь бэлтгэсэн байна. Бусад сургууль, дамжаа шиг жил болгон шавь нар төгсгөөд байхгүй. Шавь хүн өөрөө сүсэгтэй байх хэрэгтэй, сурч мэдэх хүсэл зорилготой байх хэрэгтэй. Энэ маань өөрөө хүнээс нэлээд тэвчээр хатуужил шаардсан ажил учраас хувь хүн маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Төгссөн хүмүүсээс тууштай бурхан урлаж яваа нь цөөн.

Н.БҮЖИНЛХАМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонин “Монголдоо хайргүй Монгол” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Даваа гаригийн дугаарт уншигч танд хүрдэг “Танайд өнжье” буланд “Урианханы хөх чоно” Д.Жамъян зохиолчийнд өнжлөө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Цахим гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай” гэлээ.

Өдрийн сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч гуравдугаар нүүрт “Монголдоо хайргүй Монгол” хэмээн өгүүллээ.

ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Д.Àлтанцэцэгтэй эмнэлгийн ачаалал, эмчилгээний хүртээмжийн талаар ярилцлаа.

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөвтэй ярилцлаа. Тэрбээр “Тусгай хамгаалалттай газрын хураамжийг ядаж гадны иргэдэд 10000₮, дотоодынхонд 5000₮ болгох хэрэгтэй” гэв.

Зууны манлай генерал Ж.Цэнд-аюушийн зуун жилийн ой тохиож байна

Хувийн санхүүгийн зөвлөх, лектор Г.Мөнгөнтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдар НӨАТ-ын азтанууд тодорно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлсэн байх ёстой. Баримтын бүртгэл өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 23.59 цагаар дуусгавар болсон юм.

Сануулахад, өнгөрсөн зургадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдсон 54,813,392 баримтаас 30,087,473 баримт сугалаанд хамрагдсан. Уг тохирлоор дараах азтанууд тодорсон юм.

Энгийн тохирлын дугаар: 38313344

30 мянган төгрөгийн азтан 26,926

100 мянган төгрөгийн азтан 2,711

Нэг сая төгрөгийн азтан 286

Гурван сая төгрөгийн азтан 29

Таван сая төгрөгийн азтан 4

30 сая төгрөгийн азтан шалгараагүй. Супер тохирлын дугаар 84204283 байсан юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-аас үер, усны аюулаас сэргийлэхийг анхаарууллаа

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;

-Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотны хүмүүсийхээ аюулгүй байдлаа хангах;

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;

-Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);

-Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байна.

Өвчтөний биеийн байдал хүнд, 1-р хавьтлын 22 хүнийг хяналтад авсан. Мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байна.

Иймээс ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, үхсэн болон нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байхыг анхааруулъя.