Categories
мэдээ цаг-үе

“Хандын эрэг”-ийн сургуулийн анхны төгсөгчид

Байгаль цаг уур газарзүйн нөхцөлөөс шалтгаалан 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 63, аймгийн АДХГЗ-ны 24-р тогтоолоор дөрвөн бригадтай Дөрвөлжин сумыг мөн аймгийн Алдархаан сумын Цогтжаргалан, Буурал айраг бригадтай нэгтгэн сумын төвийг Цогтжаргалангийн нутаг Их Монголын элсийг эмжин чимэглэсэн Зүр, Буга хайрханыг тольдсон мөрөнгийн энтэй Завхан голын хөвөөнд “Хандын эрэг” хэмээх газарт шинээр төвхнүүлж сумын нэрийг “Дөрвөлжин” нэрээр тогтоохоор шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү Дөрвөлжин сумын төв бүхэлдээ 150км-т нүүж Хандын эрэгт төвхнөн уртаашаа 270км гаруй, өргөөшөө 30-80км нутагтай дөрвөн бригадтай сум болсон түүхтэй юм. Манай сум зэргэлдээ гурван сумдын нутагтай бараг дүйцэхүйц нутагтай том сум санагддаг.

Дөрвөлжин сум Цогтжаргалантай нэгдэн шинэ сумын төв, сумын тэргүүлэх бага сургууль шинээр эмхлэгдэн зохион байгуулагдах үед тэр сургуулийн дөрөвдүгээр ангийг 1965 онд төгссөн 44 бор андуудаа дурсан санаж ангийнхныхаа хөгжөөнтэй, дурсамжтай, ажилсаг, оюунлаг чанаруудаас хойчийн дүү нар, үр хүүхдүүдийнхээ мэдлэг ойлгоцод нэмэр болох үүднээс ангийн багшийн дурсамжаар “Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” булангаас мэндчилье. Бусад ангийн төгсөгчидтэй давхцаад байхгүй зарим онцлогуудаа гаргахыг хичээв. Биднийг удаалан энэ сургуулийг төгссөн 60 шахам жилийн дүү нараараа бид бахархдаг шүү. Ангийнхныхаа тухай мэдээ, материал, одоогийн дүр зургийг бэлтгэхэд онцгойлон чармайлт гаргасан Р.Лхагва, Н.Ренчиндорж нартаа талархал илэрхийлье.

Багш Хоохор ангийнхаа анхны унаган шавь нараа дурсахуй:

Таван толгойн бага сургууль, Цогтжаргалангийн бага сургууль хоёр 1965 онд Хандын эрэг дээр нүүдэллэн ирснээр Дөрвөлжин сумын төвд бага сургууль шинээр бий боллоо. Харин газар нутгийн алслалтаас шалтгаалан Онц бригад, Таван толгой бригадын хүүхдүүд хуучин сумын төвдөө үлдэж, Г.Маналжав, С.Бошёл хоёр маань салбар сургуульдаа багшилж үлдсэн. Таван толгойгоос сумаа дагаж багш Бүрэнхүү бид хоёр 1-4 дүгээр ангийн хүүхдүүдтэйгээ “Хандын эрэг”-т очсон нь энэ. Буурал бригадын хүүхдүүд ч мөн шинэ сургуульдаа суурьшив. Цогтжаргалангаас Гимаамидар багш бага ангийн хүүхдүүдтэйгээ ирж тус сургуулийг төвхнүүлэн анхны галыг асаалцаж байсан юм.


Баруун гар талаас урд эгнээнд З.Бадамгарав, Д.Өвдөлмаа, Лхагийсүрэн, Д.Жадамба, Н.Ренчин, Ц.Лханаа, О.Цэндсүрэн, Амайнцоо, Отгонбилэг, Пам, дунд эгнээнд Ш.Аюушжав, Г.Ренчин, Н.Бямба, Л.Лханаа,Г.Балхүү, М.Буянхишиг, М.Загал, Б.Мягмар, С.Балжиннням, Ч.Бямбахүү, Ичинноров, арын эгнээнд С.Наранцэцэг, Л.Бямбаа, Ганбат, Ц.Сувд, С.Бямбаа, М.Халтархүү, Д.Ганжуур, Д.Сосорбурам, Б.Нямхүү, Сэсээр, Цогзол, Сүрэн, Бавуужав.

Таван толгойгоос дөрөвдүгээр ангийн 13 сурагч, Цогтжаргалангаас 10 сурагч ирж, дөрөвдүгээр ангид орж нэг улирал хичээллэн шинэ сумын шинэ бага сургуулийн анхны төгсөгчид болсон. Эдгээр сурагчдыг нэрлэвэл, Таван толгойгоос З.Бадамгарав, С.Балхүү, Н.Бямба, С.Бямбаа, М.Буянхишиг, Д.Ганжуур, Д.Жадамба, Б.Ичинноров, Б.Мягмар, Г.Ренчин, Б.Халтархүү, О.Цэндсүрэн, С.Балжинням, Цогтжаргалангаас С.Александр, С.Балданрагчаа, Жаргал, Р.Лхагва, Лхагваа, Марууш, Сэрэг-Отгон, Удвал, Цогцолмаа, Р.Янжиндулам нарын 10 сурагч шилжин ирж билээ.

Шинэ сумын шинэ бага сургуулийн эрхлэгчээр Цогтжаргалангийн сургуулийн багш Гимаамидар томилогдож, би нэг ба дөрөвдүгээр ангийг, Бүрэнхүү багш гуравдугаар ангийг, Шагдар гэдэг залуу багш хоёрдугаар ангийг даан авч хичээл заах болов. Ингэж Дөрвөлжин суманд шинэ бага сургуулийн үндэс суурийг тавилцаж байснаараа бид бахархаж явдаг юм. 1970 онд бага сургууль маань найман жилийн сургууль болж өргөжиж одоог хүртэл ажиллаж байна. Сум нүүхийн өмнө Таван толгойд суралцаж байсан сурагчдын зургийг тайлбартай өгөв. Манай ангиас Бямбахүү, Бадамгарав, Балхүү, Буянхишиг, Ганжуур, Р.Лхагва, Ганбат, Лханаа, Наранцэцэг, Нямхүү, Сувд нар дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгссөн. Цогтжаргалангийн нутаг Хандын эрэг нь харгана бут, урт хайрхан элбэгтэй хатуувтар хөрстэй газар байсан. Сумын төв нь сургууль, сум нэгдлийн захиргаа, худалдаа бэлтгэлийн анги, дэлгүүр, хүн эмнэлэг гэсэн 7-8 монгол гэрийг өөр хооронд нь бага зэрэг зайтай харгана бутны чөлөөнд барьж төвхнөж эхэлсэн юм.

Багш нар хүүхдүүдтэйгээ хичээлээ хийчихээд сумын захиргаанаас тогтоосон норм зааврын дагуу харганыг үндсээр нь таслан авч сумын төвийн барилгыг барих талбайг бэлтгэж байсан нь сумыг шинээр тохинуулахад манлайлан оролцож эхэлсэн манай ангийнхны онцлог.

1965 оны тавдугаар сарын 8-нд Монголын хүүхдийн байгууллагын 40 жилийн ойг нижгэр тэмдэглэж, “Шидэт хүүхэн” багт жүжиг, сургуулийн нэгдсэн концерт тоглосон юм. Жүжгийн гол дүр болох шидэт хүүхэнд З.Бадамгарав, хүүд М.Буянхишиг, мууранд С.Балжинням, өвгөнд Б.Халтархүү болон ангийн бүх хүүхэд оролцон тоглож байв.

Дурсамжтай түүх өгүүлэхэд, сурагч Балжинням хуучин сумын сургуульдаа үлдсэн хэдий ч төд удалгүй багш дээрээ хүрээд ирэв. Сурагчаа цаашлуулан “Чи одоо буцаад яв” гэхэд “Би буцахгүй, энд сурна” гээд түлээний хайрцагт орж суучихаад зорьсондоо хүрэхээр тэмүүлж байсан нь өхөөрдөм байж билээ.

Энэ ангиас бүх ард түмний урлагийн үзлэгийн мөнгөн медальт дуучин С.Балжинням, дуучин С.Бямбаа, Л.Бямбаа нар төрөн гарсан онцлогтой юм. Хүүхдүүд маань анги нийтээрээ хөдөлмөрт дуртай, ажилсаг хичээнгүй, авьяаслаг нөхөрсөг зан чанартай хүүхдүүд байлаа.

Аймгийн төвөөс алслагдсан говийн сумын бага сургуулийг 44 хүүхэд нэг ангид төгссөн нь энэ ангийнхны нэг онцлог байв. Эдгээр сурагчдаас тэн хагас нь Алдархаан сумын дунд сургуульд шилжин суралцаж үлдсэн нь шинээр зохион байгуулагдан төвхнөж байсан сумын бүтээн байгуулалтад биечлэн оролцож эхэлсэн. Тухайлбал, Н.Бямба, Д.Жадамба нар сумын төвийг барилгажуулах, айл өрхийг модон шалтай болгох зэрэг бүх ажилд үеийн нөхдөө манлайлж байв. Н.Ренчиндорж сумын зарлагаар ажиллаж эхэлсэн. Хожим жолооч болсон бөгөөд одоо төв суурингаас очсон ангийн нөхдөдөө унаагаар тусалж байдаг гэсэн. Энэ зарлага улаач маань дүн өвлийн хүйтэнд өртөөний морины дэлийг сумлан засаж гангарсны улмаас сумын захиргаанаас донго хүртэж байсан хөгжөөнтэй явдал дуулдаж байв.

Дунд сургуульд дэвшин суралцаагүй хүүхдийн дийлэнх нь эцэг эхийн дэргэд мал аж ахуй эрхэлснээс сум, аймаг, улсын аварга малчид, сум, аймгийн алдарт уяачид болж орон нутагтаа хүндлэгдэж байдаг.

Дунд сургуульд дэвшин суралцсан сурагчдаас маань таван хүүхэд багш, нябо, худалдааны ажилтны дунд мэргэжил эзэмшсэн. Мөн 10 сурагч 10 дугаар анги төгсөн тав нь их дээд сургуульд орж тав нь конкурсээр улаан шугамын урд орохоор сурлагатай байсан хэдий ч өөрсдийн саналаар илгээлт аван малчин болсон. Гэвч тэд 2-3 жилийн дараа их дээд сургуульд орж эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Дашрамд дурдахад Дөрвөлжин сумын хүүхдүүд аравдугаар анги төгсөх, их дээд сургуульд олноороо элсэх нь тасалдаж байсныг миний анхны ууган сурагчид маань ийнхүү сэргээж дүү нартаа үлгэр дуурайл үзүүлсэн юм. Дээд сургууль төгссөн шавь нар маань улсын хэмжээнд ажиллах чадварлаг мэргэжилтнүүд болсон.

Ууган шавь нараас маань төрийн одон медальтнууд, салбар, салбарын тэргүүний ажилтнууд, спортын зэрэгтнүүд сумын цолтой бөхчүүд төрсөн.

Шавь нарын нэгдсэн дурсамж: Багш маань техникум төгсөж ирээд манай ангийг даасан тул нас ойролцоо үе дотроо тул бид уулзсан үедээ үеийн найз нөхөд шиг харилцаатай байдаг юм. Өдгөө өндөр насыг насалж, өргөн дэлхийг тойрон 40 гаруй жил гүйхдээ хөдөлгөөн бол хүнийг урт наслуулдаг гэж өөрийн биеэр туулснаа өрөөл бусдад ярьсаар байнам. Бидний монгол хэл, математикийн хичээлийн дэвтрийг хувийн архивтаа 50-иад жил хадгалж байгаад Ч.Бямбаахүүгээр дамжуулан тарааж өгсөн. Өвөө эмээ болсон бид өчнөөн жилийн дараа өөрсдийн дэвтрээ үзээд өхөөрдөм хүүхэд настайгаа уулзах шиг болсон шүү. Манай ангийнхан 60 шахам жилийн дараа тохитой өвөө эмээ нар болоод байна.

Д.ГАНЖУУР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Увс, Хяргас нуурын шумуул үүл мэт нүүгэлтэж байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, хувийн болон улсын сургуулиудын сургалтын төлбөр эцэг эхчүүдийн санааг зовоодог билээ. Бид энэ асуудал дээр БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авлаа.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт “Увс, Хяргас нуурын шумуул үүл мэт нүүгэлтэж байна” хэмээн өгүүллээ.

АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерс их сургуулийн тархи судлалын судлаач, АШУҮИС-ийн тархи судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Л.Баттүвшинтэй ярилцлаа.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Зэвсэгт хүчний 013 дугаар анги, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх улсын начин Н.Мустафатай ярилцлаа. Тэрбээр “Нуугаад яах вэ. Наадмын өмнө начин цол өгчих юм биш биз гэж дотроо горьдож л суусан” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд ноён Хайкенс Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Хүүхдийн сангаас хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн мандатын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд манай улсад олон жилийн турш товлолын вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, хангамжийн үйлчилгээг найдвартай байдлаар үзүүлж ирсэн юм. Тэрчлэн сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад шаардлагатай үндэслэл, судалгааны дүн, нотолгоог гаргах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа талаараа онцлов. 2020 он гарсаар дэлхий нийтэд хурдацтай тархсаар байгаа КОВИД-19 цар тахлын тархалтаас сэргийлэх, хязгаарлах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг, нэн ялангуяа эрсдлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр ЭМЯ амжилттай сайн ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Мөн цаашид хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх замаар шатлал бүрт үзүүлэх тусламж үйлчилгээг тэнцвэржүүлж, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Суурин төлөөлөгч илэрхийлэв.

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 халдварын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж хөрөнгө оруулалтыг хийж байгаад талархал илэрхийлээд халдварыг дотооддоо тархаахгүй, тархсан тохиолдолд хохирол багатай даван туулах нь нэн чухал тул үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин шинээр боловсруулж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн КОВИД-19 халдварын үед улирлын томуугийн халдвар өвөрмөц онцлогтой байна гэж үзэж байгаа тул улирлын томууг угтаж хийх ажил болон томуугийн улирлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, вакцины худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг бэлтгэл ажлын талаараа онцлов.

Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Сайд Т.Мөнхсайхан цаашид эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах, ард иргэдэд учруулах хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа талаар танилцуулж, эдгээр чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол жүжигчид Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино Монголд нээлтээ хийнэ

Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино энэ сарын 21-нд Монгол Улсад албан ёсны нээлтээ хийнэ. Энэхүү киноны албан ёсны эрхийг Black Stallion продакшн авч монголчууддаа толилуулж байгаа аж. Тус кинонд жүжигчин, модель Б.Ганчимэг Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран гол дүрүүдийг бүтээсэн юм.

Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг зэрлэгүүд гэж нэрлэнэ. Зэрлэгүүд хот руу довтолно гэсэн худал цуу ярианаас үүдэж Эзэнт гүрний цэргүүд тус бүс нутагт ирж, зэрлэгүүдийг тамлан зовоодог. Харин эзэнт гүрний мэдлийн хот руу зэрлэгүүд хэзээ ч төлөвлөгөөгүй довтолгоонд бэлтгэнэ. Хот зэрлэгүүдийг хүлээнэ. Эцэст нь жинхэнэ зэрлэг нь хэн бэ гэдгийг кинонд өгүүлнэ. Өөрөөр хэлбэл, соёлч нийгмээр халхалсан жинхэнэ зэрлэгүүдийн тухай энэ кинонд өгүүлэх болно.

Зохиолч J.M. Coetzee /Ph.D/ нь 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Өмнөд Африк гаралтай Австралийн иргэн хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч J.M. Coetzee нь 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн. Түүний бүтээлүүд байгаль экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдгаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

​​”Төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлана”


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах танилцуулгыг хийсэн юм.

Он дуустал нөхцөл байдал сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, оны эцэс гэхэд төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна.

Энэхүү давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, хөл хорионоос үүсэлтэй эдийн засаг төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдийг дэмжих хүрээнд:

18 хүртэлх насны 1,250,000 хүүхдэд сар бүр 100,000 төгрөг олгоход зориулж 300 тэрбум төгрөг

Нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 60,000, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй 13,300 хүүхдэд олгох халамжийн тэтгэмжийг тус тус 100,000 төгрөгөөр нэмж олгоход 22 тэрбум

Хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 124,000 хүнд сарын 32,000 төгрөгийн хүнсний эрхий бичиг олгох

НДШ-ийн хувь хэмжээг ажил олгогч 4%, даатгуулагч 5%-аар олгох хөнгөлөлт үзүүлэхэд нийт 552.3 мянган даатгуулагчийн 144.4 тэрбум төгрөгийн шимтгэл чөлөөлөгдөнө

Жилийн 1.5-аас доош тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 105 мянган ААН-ийн орлогын татварыг чөлөөлнө.

Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд орлогын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ.

Коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуур, эмчилгээнд хэрэглэх эм, тоног төхөөрөмж, амны хаалт зэргийг гаалийн татвараас үргэлжлүүлэн чөлөөлнө.

Түүнчлэн иргэдийн ЭМ-ийг цар тахлын эрсдлээс хамгаалах, томуугийн вакцин худалдан авах зэрэгт шаардлагатай 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнтэй холбоотой халдвартай нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдыг амны хаалт хэрэгслээр хангах, эмч сувилагчдад илүү цагийг мөнгө олгох, сувлагчдад олгох мөнгөнд 22.2 тэрбум төгрөг зарцуулна.

Төсвийн тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрыг өрийг бууруулах чиглэлээр:

Төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбумын зардлыг бууруулж байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерээс үзүдсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөгийг нэмж суулгав.

Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хошгил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Харин ЭМ, цагдаа, хил, онцгой байдал зэрэг тусгай үүргийн байгууллагуудын зардал бусад төсөвт байгууллагын ажилчдын цалин хөлс, иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн зардлыг бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад тохиолдолд төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлалаа.

Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Шинэчлэл хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцэхээр байна.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан МАН-ын бүлгийн дэд дарга боллоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг бүлгийн дэд даргаар томилсон болохыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

МАН-ын бүлэг гурван дэд даргатай бөгөөд дэд даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсон тул чөлөөлж түүний оронд С.Амарсайханыг сонгосон байна.

Ийнхүү МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар ажиллахаар болж байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Өгий нуурт нэг хүн живж амиа алджээ


Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуурт аялж явсан долоон иргэний нэг нь нууранд живж амиа алджээ.

Тодруулбал нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Г/24 настай, эрэгтэй/ наймдугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагийн орчим “Өгий нуур”-д сэлж байгаад осолдсон тухай дуудлагыг Наймдугаар сар 16-ны өдрийн 20:20 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид 150 км замыг туулан 08.17-ны өдрийн 01:40 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж“Өгийнуур”-ын зүүн эргээс 30 метрт, 3 метрийн гүнээс иргэн Г-ын цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчдод зам тавьж өгөөгүй 138 жолоочийг торгожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020 оны наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд нийт 694 дуудлага мэдээлэл хүлээн авсан 399 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 138 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор гурван хүн нас барчээ


Амралтын өдрүүдээр зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ.

Тодруулбал:

  • 2020.08.16-ны өдрийн 19:50 цагийн орчимд Дорнод аймаг Булган сум 3-р баг “Хашаат” гэх газар сумын төвөөс баруун урагш 36 км / шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Э нас барсан.
  • 2020.08.16-ны 00:30 цагийн орчимд Увс аймаг Давст сумын Хандгайт 2-р баг “Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд /аймгийн төвөөс хойшоо 126 км/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.
  • 2020.08.16-ны 11:06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Наадамчдын гудамж, мод үржүүлгийн урд замд Mercedes Benz S500 маркийн автомашин Toyota PassoSette маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota PassoSette маркийн автомашины жолооч 37 настай, эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 34 настай, эмэгтэй Э, 5 настай эмэгтэй М нарын хоёр хүн гэмтсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.

Түүнчлэн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 138 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Боловсролын төслийн багц хуулийг боловсруулах ажлын хэсгийг дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан томиллоо


Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/11 тоот тушаалаар Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан байгууллаа.

2002 онд батлагдсан Боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна.

Ажлын хэсэг

  • Боловсролын тухай,
  • Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай,
  • Дээд боловсролын тухай хуулиудын шинэчилсэн найруулга,
  • Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай /анхдагч/ хуулиудын үзэл баримтлал, хуулийн төслүүдийг боловсруулах бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж, саналыг нь тусгаж ажиллах юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу ажлын хэсгийн боловсруулсан төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсний дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм

Б.ОЮУНДАРЬ