Categories
мэдээ нийгэм

​А.Амбасэлмаа: 586 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд нийт 586 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан нэг хүний шинжилгээ
  • Сувилалын ажиглалтад байгаа 3 хүний давтан шинжилгээ
  • Эмч ажилчдын 5 шинжилгээ
  • Бусад тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ
  • Төмөр замын 2 ажилтаны шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, сувилалын ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүн 27, 28 настай энхийг сахиулагч байна.

Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан байна. Үүнээс 278 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 20 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа 20 хүний 18-ынх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 49, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: 24 цагийн хугацаанд 267,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн нас баржээ

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 2,181,300 хүн өвчилж, 781 мянган хүн эндсэн бөгөөд 14 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарса байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 267,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн эндсэн. Хөрш ОХУ-д 4,892 хүн өвчилж, 55 хүн эндсэн бол БНХАУ-д 98 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Японд өчигдөр шинээр 644 хүн халдвартай нь батлагдаж, 14 хүн эндсэн байна. Мөн БНСУ-д өчигдөр 246 хүн шинээр халдвартай нь батлагдсаны 12 нь гадаадаас орж ирсэн гэжээ. Тус улсад сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд халдвар нэмэгдэж байна. Коронавирус сүүлийн үед залуу хүмүүст их халдварлах болжээ.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Сургуулийн ойр орчимд худалдаалахыг хориглосон хүнсний жагсаалт


Сургуулийн орчин гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүний эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хамруулан авч үзнэ.

Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд:

1.Ундааны зүйлс

  • Бүх төрлийн согтууруулах ундаа
  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Энергийн болон спортын ундаа
  • Өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль

2. Амттан, зууш

  • Хатуу зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой мөхөөлдөс
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Шаржигнуур төмс, чипс, попкорн, давсалсан самар
  • Шаардлага хангаагүй бохь

3.Боловсруулсан, хагас боловсруулсан түргэн хоол

  • Хиам, зайдас/утсан нөөшилсөн бүтээгдэхүүн/
  • Бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон
  • Тосонд шарсан ширхгийн хоол
  • Транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс орно.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Ш.Адьшаа өчигдөр Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзжээ​

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өчигдөр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ноос, ноолуур, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах бизнес форумыг зохион байгуулах зэрэг олон чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч оны есдүгээр сард Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Монгол Улсын баруун бүсийн цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилготой “Мөнх байгалиа тэтгэх Мөсөн суварга” усан хангамжийн инновацын төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн талаар Элчин сайд М.П.Сингх хэлжээ.

Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ хүрээнд “Өв соёл нэгт”, “Стратегийн түншлэгчид”, “Гэрэл гэгээт ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвийн дагуу тодорхой ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Чойжилсүрэн: Прокурорын алба ажил ихтэй, шаардлага өндөртэй байдаг

Монгол Улсад прокурорын байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд уг албанд нэр төртэй ажиллаж байгаа прокуроруудад төрийн шагнал хүртээв. Энэ үеэр Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасан, ахмад прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Б.Чойжилсүрэнтэй ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Прокурорын албанд хэдэн жил зүтгэж байна вэ?

-Баярлалаа. 90 жилийн ойн босгон дээр төрийн дээд одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Баяр хөөр бялхаад хэлэх ч үг олдохгүй юм.

-Прокурорын байгууллагатай ажил амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач. Хуульч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Би 1990 онд хуучнаар ЗХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академийг төгсөөд Цэргийн ерөнхий прокурорын газарт томилогдон ирж байлаа. Эндээс намайг Дорнод аймгийн Гарнизоны цэргийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокуророор томилсон юм. Энэ үеэс прокурорын байгууллагад ажиллах ажлын гараа эхэлсэн дээ.

Миний хувьд хуульч болно гэж урьдчилан төлөвлөөгүй байсан. Цэргийн алба хаах хугацаанд бага даргын бүх үе шаттай ажлуудыг хийсэн юм. Салаан орлогчоос эхлээд ротын захирагч, заставын дарга хүртэл хийж явлаа. Энэ хугацаанд тухайн ангидаа тэргүүний алба хаагчаар тодорхойлогдож явсан. Ингээд Батлан хамгаалах яамны Улс төрийн газраас намайг Орост сургуульд явуулахаар шийдвэрлэсэн. В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академи чинь зөвхөн офицерууд авдаг байсан бол гэнэт сонсогч авахаар болсон юм шиг байгаа юм. Иймд намын тэргүүний гишүүн цэргийн алба хаагчдаа явуулахаар Батлан хамгаалах яамнаас нэр бүхий дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийг сонгож хуваарилсанд миний нэр орсон. Ингээд л Москва хот руу хуулийн сургуульд явчихсан даа. Энэ нь ч надад их зохиж, оносон.

Би прокурорын байгууллагад үндсэндээ 29 жил ажилласан байна. Өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Прокурорын албанд зүтгэнэ гэдэг өндөр нэр хүндтэй, тун хариуцлагатай ажил. Бас маш хүнд ажил юм шүү. Хүний хувь заяаг хуулийн дагуу зөв шийдвэрлэнэ гэдэг амаргүй шүү дээ. Хүнээс их мэдлэг чадвар, хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шаардана. Энэ байгууллагад би 30 шахам жил ажиллахдаа аймаг, дүүргийн прокурор, бусад хяналтын прокурор, ахлах прокурорын байвал зохих албан тушаалуудад ажиллаж, дадлага туршлага эзэмшсэн байна. Ажиллаж байх хугацаанд нэр нөлөө бүхий, өндөр дадлага туршлагатай ахмад прокуроруудаас их зүйл сурчээ. Үүнд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Д.Цэрэнбалтав прокурорыг дурдахад таатай байна. Би Сүхбаатар аймагт энэ хүний орлогчоор ажиллах хугацаанд мөн ч их зүйл сурсан даа. Ахмадуудынхаа зааж сургасны дагуу ажлаа нэг ч алдаа мадаггүй гүйцэтгэж ирлээ.

-Та ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуророор сүүлийн 10 гаруй жил ажиллажээ. Таны энэ алба үүрэгт дэвшил хэрхэн гарсан бэ?

-1993 онд Цэргийн ерөнхий прокурор улсын хэмжээнд татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт ороход Дорнод аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажилласан юм. Энд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор хоёр жил ажиллаад 1995 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокуророор томилогдож хоёр жил ажилласан. Улмаар 1997 онд тус аймгийн прокуророор томилогдон 2001 он хүртэл ажиллалаа. Мөн Хан-Уул дүүргийн прокуророор томилогдон ажиллаж байсан. 2003 онд нийслэлийн прокурорын газарт ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, ахлах прокурор гэх зэргээр энэ чиглэлд 13 жил тасралтгүй ажиллаж ирлээ.

Шүүхийн оногдуулсан хорих болон хорихоос өөр төрлийн ялыг эдлүүлэх байгууллагын үйл ажиллагаа хууль журманд нийцэж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Ер нь Улсын Ерөнхий прокурорын шаардлага, шинээр батлагдсан хууль зэрэгт нийцүүлээд үзэхэд ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт, шаардлага их өндөр болсон. Ял эдлүүлэх ажиллагаа нь хууль, зохих журмынхаа дагуу бусдад ял завшуулахгүй байх, шүүхээс оногдуулсан ял биелэгдэх нь зайлшгүй байх зарчмыг хэрэгжүүлэхэд нэлээн чадвар, хүч хөдөлмөр шаардагддаг.

-Одоо чөлөөндөө гараад ямар ажил албатай байна вэ?

-Өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Гэхдээ хуулийнхаа ажлыг орхиогүй. Өмгөөлөгч хийгээд явж байна. Ажлаа хийгээд явж байх хугацаандаа шинээр батлагдаж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв ойлгож, зөв хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Энэ мэргэжлийн онцлог юу вэ?

-Ер нь их зарчимч, тухайн салбарын дарга нарын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг нарийн чанд мөрдөж хэрэгжүүлдэг, түүний гүйцэтгэлд тавих хяналт өндөр байдаг газар л даа. Тийм учраас прокурорын байгууллага ажил ихтэй, шаардлага өндөртэй байдаг. Түүхт байгууллагынхаа 90 жилийн ойг тохиолдуулан танай сониноор дамжуулаад прокурорын байгууллагын нийт ажилтан алба хаагчдад баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Г.БАТ

Categories
мэдээ цаг-үе

Монголдоо хайргүй Монгол

Энэ эмнэлгийн хаалгаар орохоос халшрам. Хэн нэгнээ хөтөлсөн, тэргэн дээр түрсэн баргар царайтай хүмүүс зөрөлдөнө. хавдартай гэсэн нэгнийхээ оношийг сонсоод айж сандарсан гэр бүлийнхэн. Эсвэл хавдраа авахуулах хагалгаанд орсон нэгнийгээ хүлээх хэсэг хэсэг хүмүүс. Бүгд л айсан түгшсэн, сандарсан байдалтай. ингээд зогсохгүй, эмчид үзүүлэх, хагалгаанд орох, хагалгааны дараа эмчилгээнд орох гэж хэдэн долоо хоног, сараар хүлээнэ. Бүгд л бусдыг гуйсан царайчилсан харцтай. Эмнэлэг нь ч ялгаагүй. Олны хөлд дарагдан навсайсан нэг тийм гунигтай орчин… Эмч нар нь зогсоо чөлөөгүй хүн үзэж, хагалгаа хийж, эмчилгээ эхлүүлдэг ч өнөө урт дараалал, хүлээлт бахь байдгаараа. Төрийн бодлогоос гээгдэж хоцорсон саарал орчин, хүний урсгалдаа дарагдсан их хөлийн газар бол хавдар судлалын үндэсний төв. монголдоо хавдрын цор ганц мэргэшсэн эмнэлэг.

Энэ эмнэлгийг санах бүрийд яагаад монголчууд ийм эмгэнэлтэй амьдарч байгаад сэтгэл шимширдэг. Яагаад монголчуудыгаа ийм эмгэнэлтэй амьдруулж байгааг ойлгодоггүй. Хэн ч өвдөж зовж болно. Гэхдээ өвдөж зовсон хүн эмнэлгийн тусамж үйлчилгээг саадгүй чөлөөтэй авч байх эрхтэй. Харин хавдраар өвдсөн монгол хүнд ийм эрх алга. Яагаад гэвэл эмч, эмнэлгийн ор хүрэлцдэггүй. Бүр эм тариа нь хүрэхгүй дуусчихдаг гэвэл Та итгэх үү. Тиймээс хүн гуйж царайчилж байж нэг хоногийн ч өмнө болов хэвтэхээр эмч, эмнэлгийн хамааралтай хүнийг хайж олох эрэлд гардаг.

Бодит түүх өгүүлье. Д.Нямаа гуай хотын иргэн. Илт бие нь өвдөж шаналдаггүй ч, ядрах, өтгөн хатах, гүйлгэх зэрэг шинж бага зэрэг гардаг болсон болохоор хоёр жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгээр нэгдүгээр эмнэлэгт гэдсээ дурандуулаад шулуун гэдэсний хавдартайгаа мэджээ. Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороод, туяа, хими эмчилгээ хийх шаардлагатай учраас ХСҮТ-д ирж бүртгүүлсэн. Зургаан сар химийн эмчилгээ хийлгэсэн ч өнгөрсөн жил хавдар нь сэдэрч үсэрхийлсэн учраас дахин химийн эмчилгээ эхлээд байгаа юм байна.

Д.Нямаа гуайн ярьснаар эмнэлгийн үйлчилгээ авах шиг хэцүү, хүндрэлтэй зүйл алга аж. Тэрээр “химийн эмчилгээнд орж байгаа хүн 21 хоноод давтан орох ёстой байдаг. Гэтэл өнөөдөр эмчдээ үзүүлэхэд шинжилгээгээ өг гэдэг. Шинжилгээгээ өгөөд хариугаа авна. дахин дугаар авч эмч дээрээ орно. Жишээ нь, би 21 хоноод эмчилгээнд орох ёстой байтал тэр хугацаандаа яагаад ч орж чаддаггүй. Ачаалал дэндүү их. 30-45 хоногийн дараа л хэвтэх дугаар авдаг. Би энд ирээд монголчууд хавдраар ингэж их өвддөгийг хараад үнэхээр гайхсан. Маш хэцүү. Би сарын 5-нд бүртгүүллээ гэхэд дараа сарын 5 хавьцаа л хэвтэнэ гэсэн баримжаатай. Хэвтэх дугаар олдохгүй удаан хүлээнэ. Ийм зовлон энд эмчлүүлдэг хүн бүрт тохиолддог” хэмээн ярьж байлаа. Нэгэнт хэвтсэн тохиолдолд химийн тариа, хордлого тайлах дуслыг үнэ төлбөргүй хийдэг аж. Өвчтөнүүд үүний хажуугаар ходоод, элэг хамгаалах эм тариагаа өөрсдөө авч хийлгэнэ. Эдгээр эмний нэг өдрийн үнэ нь 40 гаруй мянган төгрөг. Эмнэлгээс гараад мөн л хордлого тайлах тариа хийхгүй бол дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоол идэх дуршилгүй болох зэрэг хордлогын шинжүүд арилахгүй зовоодог гэнэ. Энэ бүхэнд хувь хүмүүс өөрсдөө эм тариагаа авдаг. Нийт нэг удаагийн эмчилгээнд 200 гаруй мянган төгрөг хувиасаа гаргадаг. Үүний хажуугаар үнэтэй томографын зураг авахуулна. Хавдартай хүмүүс группийн мөнгө гэж 350 мянган төгрөг авдаг. ийм орлоготой хүмүүс эм тариагаа яагаад ч дийлдэггүй. Ёстой л ах дүүс, ойр дотныхныхоо тусламжаар болдог. “их хэцүү шүү, бие өвдөхийн хажуугаар эдийн засгийн хувьд сөхрүүлдэг” гэж Д.Нямаа гуай шүүрс алдан ярьсан. Гэхдээ тэр хэцүү бүхнийг уйлж дуулаад давж яваа дайчин эмэгтэй.

Д.Нямаа гуайн чин хүсэл гэвэл эмчилгээндээ хугацаандаа орох. энэ бол хсүТ-д эмчлүүлж яваа бүх хүний чин хүсэл.

Д.Нямаа гуайтай ярьж суутал “Чи нэг дэх өдөр энд ямар байдаг гэж бодож байна” гэж асууснаа хариу хэлэхийн завдалгүй “Хөл тавих зайгүй шд. Энд тэндгүй оочерлож хүлээсэн хүмүүс пиг. Эгч нь ноднин зургаан удаа хими эмчилгээнд, 30 удаа туяанд орсон. Маш хүнд эмчилгээ. Хордлого тайлагдахгүй, дархлаа унана. Гаднаас маш үнэтэй эм тариа хувиараа авч хэрэглэдэг. Нэг уураг гэхэд л 250 мянган төгрөг” хэмээн гунигтай дуугарав. Хоёр жилийн хугацаанд хэр их зардал гаргасныг нь сонирхоход “Өвдсөнөөс хойш 10 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Он гараад дөрвөн ч удаа хагалгаанд орчихож. Улсаас үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа ч яалт ч үгүй хувиасаа эм, тариа авах шаардлага гардаг” гэж байна. “Ийм үед ядаж хугацаандаа эмчилгээндээ орж байвал бас сэтгэл амар байхсан” хэмээн тайвшруулах санаатай дуугарахад нэг их уртаар санаа алдсанаа “Тэгэлгүй яахав. Эмнэлэгт хэвтэх болохоор хоногоо тоолоод хүлээгээд суучихдаг. Нэг дэхэд дуудах болов уу, эсвэл тав дахид ир гэх юм болов уу утсаа чагнаад эхэлнэ шүү дээ. Сэтгэлийн дарамт шаналан юм даа. Миний өмнө орох оочертой хүмүүс ороогүй байхад адилхан өвдөж зовж байж “би орно” гээд дайрах хэцүү. Хүлээхээс өөр аргагүй. Дөнгөж 20 гарч байгаа залуус ирж байна. Үнэхээр хэцүү. Энэ өвчин бие сэтгэл болоод айл гэрийн санхүүг мөлхүүлнэ шүү дээ. Миний хавдар үсэрхийлсэн болохоор эмнэлгийн зүгээс бай эмчилгээ санал болгосон. Бай эмчилгээ хавдрыг вакумжуулаад зогсоочихдог юм байна. Гэтэл нэг удаагийн эмчилгээнд гурван сая төгрөг хувиасаа гаргаж хийлгэнэ гэдэг чанга. Зургаан удаа ороход 18 сая төгрөг. Группийн мөнгөнөөс өөр орлогогүй би хаанаасаа ийм мөнгө олох билээ, чадахгүй” гээд эмчилгээндээ яарав.

Эгчийн яриа нэг хувь хүнийх мэт боловч хавдраар өвдсөн хүмүүст байдаг л нийтлэг зовлон, тойрч гарах аргагүй бэрхшээл юм. Олон удаа хагалгаанд орсон болохоор Д.Нямаа эгч тэргэнцэр дээр суудаг. Ээжийгээ сахих арав гаруйхан настай дэрмэгэр жаахан охин ч энэ бүх зовлонг биеэрээ туулж явна.

Химийн тасгийн хэвтэж эмчлүүлэх өрөөнүүд нам гүм. Олон цагийн химийн дусал тариа залгуулсан хүмүүс тамирдаж ядардаг болтой. Тасгийн үүдний том өрөөнд өдрийн эмчилгээнд орж буй хүмүүс мөн л дусал залгуулан эгнэн суужээ. Хөгшин залуу гээд нас насны хүмүүсийн ихэнх нь үсээ хусуулжээ. Ядрангуй шаргал царайтай эмэгтэйг Б.Шүр гэдэг. Өвөрхангайгаас ирсэн тэрээр хими, туяа эмчилгээнд хавсарч орж байгаа аж. Мөн л эдийн засгийн хувьд туйлдаж яваагаа ярив. Түүний дэргэдэх сандал дээр химийн дусал хийлгэж буй эмэгтэй хорт хавдрын улмаас гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаагаа ярьж, мөн л хугацаандаа эмчлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дуулгав. Биднийг ярилцах зуур дэргэдэх хүмүүс ч мөн ярианд оролцож саналаа хэлж эхэллээ. Бүгд л “Яг хугацаандаа эмчилгээндээ орж баймаар байна” гэцгээсэн юм. Химийн эмчилгээг 21 хоногийн тэр схемийн дагуу л хийхгүй бол үр дүн багасдаг гэдэг болохоор тэдний ингэж хүсэх нь аргагүй л дээ.

Өнгөрсөн онд л гэхэд 7000 шахам хүн хорт хавдартай гэж шинээр оношлогджээ. Нийт 20 гаруй мянган хүн хорт хавдрын улмаас эмнэлгийн хяналтад байдаг юм байна. Тэд хотын төвд шахуу байрлах хавдрын төвийн жижигхэн шар байшинг элэгдтэл эргэлддэг. Тэдний зовлон тэндээ л оволзож байна. Энэ олон жилүүдэд тийшээ өнгийж харсан, санаа тавьсан, асуудлыг олж харсан хүн хэр олон байгаа бол. Хэрэв жаахан ч гэсэн анхаарсан бол өнөөдөр хүмүүс эмчилгээний оочер хэдэн сараар хүлээж, өвдөж шаналж, сөхөрч сөгдөхгүйсэн.

Өнөөдөр монголчууд бие биенээ хайрлаж байна уу, Монголын төрд иргэнээ гэсэн элэг зүрхний бодлого байна уу гэсэн асуулт ХСҮТ-д саатах хугацаанд толгойнд эргэлдсээр байсан юм. Эм тариагүй, хэвтэх ор олдохгүй хүлээж суугаа нэгэндээ сэтгэл гаргаж, мөнгө хуваарилахдаа харамлаж байна. Өнөө муу өвчтөнүүдээ багтааж чадахаа байсан навтгар шар эмнэлгийг доог тохуу хийж байгаа мэт яг дэргэд нь цэрэг, цагдаагийн гоёмсог шилэн барилгууд нүд гялбуулан сүндэрлэн босч байна. Тэнд монголчуудыгаа шийтгэж яллах таатай орчинг бий болгох их ажил өрнөж байна. Монголдоо хайргүй Монгол л гэж энэ байх…

Д.АЛТАНЦЭЦЭГ: ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТӨСӨВ ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ


ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Д.Àлтанцэцэгтэй эмнэлгийн ачаалал, эмчилгээний хүртээмжийн талаар ярилцлаа.


-Химийн эмчилгээний тасаг маш их ачаалал, хүлээгдэлтэй байдаг. Одоо танай тасагт хэдэн хүн эмчлүүлж байна вэ?

-Долоо хоногт химийн эмчилгээний тасгаар 60 гаруй, өдрийн эмчилгээгээр 75-80 хүн, жилдээ 6100 орчим хүн эмчилгээ хийлгэдэг. Өнөөдрийн байдлаар тасагт 21 хүн эмчлүүлж байна. Өдрийн эмчилгээнд 30 гаруй хүн бий.

-Өдрийн эмчилгээнд арай хөнгөн хүнээ авдаг уу?

-Цөөн 1-2 өдрөөр эмчлүүлэх боломжтой хүнийг авдаг. Голдуу 46-48 цагаар эмчилгээ тасралтгүй хийгддэг хүмүүсээ тасагт хэвтүүлэхийг чухалчилдаг боловч өвчтөн өөрөө хэвтэж хийлгэхийг хүссэн, эсвэл өндөр настай, өдрөөр явах боломжгүй хүмүүсийг бас хэвтүүлэн эмчилдэг.

-Хими эмчилгээний урт хугацааны хүлээгдэл, дараалал юунаас болж байна вэ?

– Химийн эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлэх 20 ортой. Өдрийн эмчилгээнд өдөрт 30 гаруй хүн авах боломжтой. Гэтэл 2019 онд л гэхэд манайд 7000 шахам хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Тэдний 50 орчим хувь нь хими эмчилгээ хийлгэсэн байна. Тэд хавдрын үе шатаасаа хамаараад химийн эмчилгээнд олон удаагийн давтамжтай орох ёстой. Хамгийн багадаа 6-8 удаа ордог. Хэрэв эмчилгээ хийх явцад хавдар дахих, эсвэл өөр газар үсэрхийлэл гараад ирвэл эмчилгээний схемээ сольж, тариагаа өөрчилдөг. Энэ тохиолдолд дахиад химийн эмчилгээгээ шинээр эхэлдэг. Хавдрын дахилт, үсэрхийлэл илрээгүй, төлөвлөсөн эмчилгээ дууссан бол хяналтдаа авдаг. Байгууллагын төсвийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болсноор өдрийн эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдсэн хэдий ч сард хэрэглэгдэх эмийн төсөв сарын эхний 14 хоногт дуусан дахиад л эмчилгээ тасалдах, өвчтөн өөрөө эмээ худалдан авах, эсвэл дараагийн сарыг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрдэг.

Хөдөө орон нутаг, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлдэг төв учраас бүх хүмүүс манайх руу ирэх сонирхолтой байдаг. Хавдрын химийн эм өндөр үнэтэй, тэр өртөг зардлыг төр даах хуультай ч эмнэлгүүдийн төсөв хүрэлцдэггүй, химийн өдрийн эмчилгээ нь даатгалд орсон боловч даатгалаас авч байгаа мөнгө нь бодит зардлаа нөхөх боломжгүй шалтгаанаар дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд хавдрын химийн эмчилгээ хийх дургүй байдаг.

-Жилээс жилд хавдрын өвчтэй хүмүүс нэмэгдэж байна. Ийм байхад эм тарианы төсвөө нэмж болдоггүй юм уу?

-2010 онд манай эмийн төсвийн 18 хувийг химийн эм эзэлж байсан. 2018 оноос манай эмийн төсвийн 22-25 хувийг химийн эм бэлдмэлд зарцуулж байна. Харахад химийн эмчилгээнд зарцуулж байгаа мөнгө өсч байгаа мэт боловч валютын ханш, бусад зардлаас болоод дорвитой өсөлт болж чаддаггүй. 2018 онд химийн эмчилгээнд 5500 хүн эмчлүүлж байсан бол 2019 онд 6100 болж 11 хувиар өссөн. 2019 онд бид тендерээр 1,2 тэрбум төгрөгийн эм бэлдмэл авсан ч эмчилгээнд хүрээгүй тул 223 сая төгрөгийн эм бэлдмэлийг нэмэлтээр авч хэрэглэсэн.Гэтэл энэ бол зөвхөн өргөн хэрэглээний химийн эм бэлдмэл авсан дүн. Өндөр үнэтэй бай эмүүд ороогүй шүү.

-Бай эмчилгээ даатгалд байдаггүй учраас хувь хүмүүс өөрсдөө худалдаж авч хийлгэдэг гэсэн үү?

-Тэгдэг. Манай эмч нарын хийсэн судалгаагаар 2017 онд хөхний хавдрын үед хэрэглэдэг трастузумаб бай эмчилгээг 30 гаруй хүнд хийх ёстой байснаас зургаан хүн л өөрөө авч, бусад нь хөрөнгө мөнгөний боломжгүй гээд авч чадаагүй байна. 2018 оноос эмнэлэг эмийн төсөвтөө багтаан хоёр төрлийн бай эмийг цөөн тоогоор авч эмчилгээнд хэрэглэсэн. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сараас он дуустал хөхний хавдрын улмаас 54 хүн, ходоодны хавдрын улмаас гурван хүн трастузумаб бай эмчилгээ хийлгэсэн. Хөхний хавдрын үед энэ бай эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн бүтэн жилээр буюу 18 удаа хүртэл хийх ёстой. (хөхний хавдартай бүх хүнд хийдэггүй) Гэтэл энэ бай эм нэг удаа авч хийлгэхэд үйлдвэрлэгчээсээ хамааран 1,7 саяас 2,3 сая хүртэл төгрөгийн үнэтэй. Энэ бай эмийг хэрэглэж байх явцад хавдар дахих юм бол дахин өөр төрлийн бай эмчилгээ хийдэг. Энэ үед нэг сар уух эм нь л таван сая төгрөгийн үнэтэй. Заалт нь өвчин даамжрах хүртэл ууна. Тэгэхээр хэдэн сар ч ч ууж болно гэсэн үг. Хагас жил уулаа гэхэд 30 сая төгрөг хэрэгтэй болно. Манайд хоёр жил шахам бай эмчилгээ хийлгэж байгаа хүн бий. Тэр хүн өнөөдрийг хүртэл эмэндээ 60 сая төгрөгийг хувиасаа зарцуулсан байх жишээтэй.

-Хүмүүс өөрөө хүсвэл аваад хийлгэдэг юм уу?

-Бид оношоо тавиад “Боломжтой бол химийн тариан дээр чинь ийм эмчилгээ нэмж хиймээр байна” гэсэн санал тавьдаг. Нэг удаа хийхэд 3 сая төгрөг шаардлагатай бай эм ч бий.Хүмүүс эхний нэг хоёр удаагийнхыг бол аваад хийлгэчихдэг юм. Сүүлдээ боломжгүй гээд эмчилгээгээ орхих тохиолдол бий. Энэ бол хожуу үеийн үсэрхийлсэн хавдарт хийхэд үр дүнтэй эмчилгээ боловч их үнэтэй.

Энэ бол хавдраар өвдсөн хүмүүст маш том дарамт болж байна. Мэнгэний хавдрын үед хэрэглэдэг бай эмчилгээний нэг сар уух эм нь 8 сая төгрөг гэх мэт маш өндөр үнэтэй л дээ. Бай эмчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулж өгөхгүй бол төсөв дийлэхгүй, эмнэлэг ч авч чадахгүй.Өвчтөнүүд өөрсдөө авч бүр ч дийлэхгүй. Манайд эмчлүүлж байгаа нэг эгч л гэхэд нэг сар ууж байгаад больсон. Хүүхдүүдээ өрөнд оруулж үхээд яахав гээд хаячихаж байгаа юм.

-Ер нь эмнэлгийн эм тарианы төсөв хаанаа ч хүрдэггүй юм байна. Ийм байхад яаж тийм өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ хийж чадах вэ дээ?

-Хавдрын эмнэлгийн төсөв хаанаа ч хүрдэггүй. Гэтэл өвчлөл нэмэгдсээр байгаа. Одоогийн төсвөөр бол сард төлөвлөсөн эм тариа 7-14 хоногийн эмчилгээнд л хүрдэг. Манайд хэрэглэж байгаа бай эмүүд 2000-аад оны эхнээс өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдээд эхэлчихсэн. Манай эмч нар өндөр хөгжилтэй оронд суралцаад ирсэн, эм тариа нь байвал эмчлэх арга техникээ эзэмшсэн хүмүүс. Хамгийн гол асуудал төсөв мөнгө л байна даа.

Хавдраар шаналж яваа хүмүүс насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн ч үр шимийг нь хүртэж чадахгүй байна гэж их бухимддаг. Өндөр үнэтэй хагалгааны багаж хэрэгслийг даатгалд оруулсан шиг өндөр үнэтэй тусламж үйлчилгээг даатгах ёстой. Энэ талаар бид 2013 оноос л санал тавьж байгаа ч одоог хүртэл ямар нэгэн шийдэл алга. Бай эмүүдийг яаралтай даатгалд оруулах ёстой. Гурван саяын эмийг 80 хувийг нь улс төлөөд 20 хувийг нь өвчтөн төлбөл хавьгүй хөнгөн тусна.

-Орон нутаг болон дүүргүүдэд химийн эмчилгээ хийдэг бол танай эмнэлгийн ачаалал багасах уу?

-2017 онд Нийслэлийн эрүүл мэндийн газар, манай эмнэлэг хоёр хамтран ажиллах гэрээ хийснээр нийслэлийн бүх дүүрэгт хавдрын өдрийн хими эмчилгээг ажиллуулах тасаг нээж, эмч сувилагч, эм найруулагчдыг багаар нь сургаж өгсөн. Үүний ачаар дүүргүүд хими эмчилгээ хийгээд эхэлчихсэн. Гэхдээ төсвийн мөнгө хэмжээтэй болохоор эм нь дуусчихдаг зовлон бий. Дүүргүүд бүгдээрээ хими эмчилгээ хийвэл бидний ачаалал бага ч гэсэн буурна л даа. Гэтэл хүн хүчний дутагдал гэсэн том асуудал хаа сайгүй байна. Хөдөө орон нутагт өнгөрсөн жилүүдэд нийт 40 гаруй химийн эмч бэлтгэгдсэн ч хими эмчилгээ хийдэг аймаг маш цөөн. Химийн эмийн төсөв хамаг мөнгийг нь авчихдаг болохоор дарга нарт химийн эмчилгээг хөгжүүлэх сонирхол алга. Бас нэг асуудал нь химийн тасагт ажилладаг хүмүүс хортой нөхцөлийн нэмэгдэл авдаггүй. Амбулаторийн сувилагч, манай тасгийн сувилагч хоёр ижилхэн цалин авдаг. Эмч нар ч ялгаагүй. Ингэхээр хэн ч хортой нөхцөлд ажиллаад байхыг хүсэхгүй, энгийн нөхцөлд ажиллахыг илүүд үзэж таарна аа даа. 21 аймаг, есөн дүүрэг, манай эмнэлэг гээд үзэхэд 100 хүрэхгүй эмч, сувилагч байдаг нь цаанаа ийм шалтгаантай.

-Хавдрын эмч, сувилагч нар хангалттай бэлтгэгдсэн, гэхдээ хортой нөхцөлийн нэмэгдэл гэж байхгүй учраас өөр чиглэлээр ажиллаад явчихдаг гэж ойлголоо. Хорт хавдартай өвчтөнд үйлчилж байгаа эмч нарт хортой нөхцөл гэдэг талаасаа яг ямар сөрөг нөлөөлөл илэрдэг вэ?

-Манай тасгийн олон сувилагч, эмч нар харшилтай. Зарим нь одоо ажлаасаа гарна л гэж байна. Химийн тариа хавдартай хүмүүсийн шээс, өтгөн, арьс, амьсгалаар нь ялгарч байдаг. Бид тэр агаараар нь амьсгалж, биеийг нь үзэж байгаа гэхээр яах аргагүй хортой нөхцөл шүү дээ. Манай тасагт орж ирсэн хүмүүс, манай өвчтөнүүд “Айхавтар үнэртэй шүү. Та нар яаж байнга энд байдаг юм бэ” гэдэг.Бас хортой нөхцөл гэж үздэггүй гэхээр бүр ч гайхдаг.

-Химийн эмчилгээг хэд хоноод давтан хийлгэх ёстой байдаг вэ. Тэр хугацаандаа эмчлүүлж чадахгүй бол сөрөг нөлөөтэй юү?

-Одоо манай хэвтэж эмчлүүлэх оочерт 220 гаруй хүн долдугаар сарын 1-нээс хойш хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, 35-40 хоногийн хүлээгдэл байна. Ноднин орны оочер 150-160 дотор эргэлдэж, 25-28, зарим үед үед 15-20 хоног хүлээгдэж, овоо жигдэрч байсан юм. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд орны оочер эрс нэмэгдэж, хүлээх хоног нь уртассан. Уг нь эмчилгээ 21-28 хоногт тодорхой яг тогтсон хугацаанд л давтан хийгдэж байх ёстой. Зарим хүн 14 хоноод ч ирэх ёстой байдаг. Гэтэл энэ хугацааг барих ямар ч боломжгүй болсон. Жишээлэхэд өндөр үнээр бай эм авч яваа хүмүүсийг хугацаа алдуулмааргүй байгаа юм. Ганц нэгийг нь аваад хийхээр удаан хүлээсэн хүмүүс бухимдаад эхэлдэг. “Яагаад миний өмнүүр оруулчихав, би ч адилхан өвчтэй, намайг үх гэж байгаа юм уу” гэж бухимддаг.

Ж.ЖАВХЛАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

ХСҮТ-ийн Эм зүйн албаны дарга Ж.Жавхлангаас хавдрын эм тарианы хүртээмжийн талаар тодрууллаа.


-Хавдрын химийн эмчилгээний эм тариа тасалдлаа гэсэн гомдол их байдаг. Эм тарианы хүрэлцээ хэр байна. Ер нь хичнээн төрлийн эм тариа хэрэглэдэг юм бэ?

-Таны асуултад хариулахын тулд төсөв ярих хэрэгтэй болно. 2019, 2020 оны байдлаар нийт 5.2 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх тендер зарласан. Химийн эмчилгээнд гэхэд 1.2 тэрбум төгрөг, бусад эм тарианд тэрбум гаруй, лабораторид 1.3 тэрбум, эмнэлгийн хэрэгсэлд тэрбум орчим гээд дөрвөн категоричлолд хуваахад 5.2 тэрбум төгрөг болж байгаа. Химийн эмчилгээний хувьд манайх Цитотоксик буюу хавдрын эсийг хордуулж үхүүлэх үйлчилгээтэй эмүүдийг ямар оноштойгоос нь шалтгаалаад өөр өөр схемийн дагуу сонгож хэрэглэдэг. Жилд 1.2 тэрбум төгрөгийг химийн эмчилгээнд зарцуулдаг гэхэд нэг сарын хэрэглээ нь дунджаар хоёр долоо хоногт хэрэглээд л дуусдаг. Тэгээд л химийн тасагт ачаалал үүсч, оочер дараалал нь дийлдэхгүй байгаа юм. Яг хүртээмжтэй эм авъя гэвэл сард 170-180 сая орчим төгрөгт химийн эм, тариа авбал эмчилгээ үйлчилгээнд хүртээмжтэй болох юм. Дэлхий нийт ямар байна гээд харах юм бол 2010 он хүртэл хавдрын эсрэг бай эмчилгээ яригдаж хэрэглэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар иммун эмчилгээг хөгжүүлж байна.

2028 он гэхэд Европ уушгины хавдрыг бүрэн эмчилдэг болно гэж зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй харьцуулахад манайх асар хойно л явж байна. Одоо манайд голлон хэрэглэж байгаа Цитотоксик эмийн хэрэглээ багасаад дэлхий нийт аль хэдийнэ, иммун эмчилгээнд орчихсон.

-Хавдраар өвдсөн хүмүүс бай эмчилгээний тухай яриад байдаг. Манайд хэрэглэх боломжгүй байна уу?

-Бид яахав зах зухаас нь хэрэглэж байгаа. Бай эмчилгээ бол өртөг өндөртэй. 100 сая төгрөгөөр эм авахад 20 хүний л эмчилгээ болж байх жишээтэй. Эм авахаас гадна оношлуур нь заавал байх ёстой. Тэр нь бас өртөг өндөртэй. 100 саяын бай эмчилгээ хийхэд 200 саяын зардал гаргана. Ингээд хийлээ гэхэд нийт хавдартай хүмүүст хаана нь ч хүрэхгүй.

-Бай эмчилгээг манайд хийдэг үү?

-Хийж байгаа. Гэхдээ маш цөөн. Тухайн хүний шинжилгээний оношийг харж байж хийдэг заалттай. Өртөг өндөртэй болохоор хүмүүс тэр болгон хийлгэж чаддаггүй.Даатгалд байдаггүй болохоор бай эмчилгээг хувь хүн 100 хувь өөрөөсөө төлбөрөө төлж хийлгэдэг. Эмнэлгийн зүгээс ганц хоёр удаагийнхыг л өгдөг. Бай эмчилгээ бол стандарт эмчилгээнээс хавьгүй өндөр технологийн дэвшилттэй. Эдийн засгийн байдлаасаа болоод хүмүүс хийлгэж чадахгүй л байгаа юм.

-Одоо манайд яавал эм хүрэлцээтэй болохоор байна вэ?

-Даатгалын системээ л зөв ажиллуулах хэрэгтэй. Тухайн хүний ажилласан жил, эрүүл мэндийн даатгал төлсөн байдлаас нь шалтгаалж, үнэтэй эмчилгээний зохих хувийг даатгалаас төлдөг болох хэрэгтэй. Гурван сая төгрөгийн 2-2.5 саяыг даатгалаас төлдөг болбол хүн бүр л даатгалаа төлдөг, ач холбогдол өгдөг болно. Дараагийн асуудал юу байна гэхээр эмнэлгийн санхүүжилт даатгалаас тодорхой хувь, төсвөөс үлдсэн нь орж ирдэг. Манай эмнэлгийн эм тариа дууслаа гэхэд нэмэлтээр авчихдаг. Тэгэхэд танай сарын даатгалын төлөвлөгөө дуусчихсан, төсөв чинь хэтэрчихсэн гээд даатгал мөнгөө өгдөггүй. Гэтэл өвдсөн хүмүүс эмчлүүлэх шаардлагатай байдаг. Иймэрхүү бэрхшээл, асуудал байна.

-Эм, эмнэлгийн хэрэгсэлд жилд 5.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэхэд хаанаа ч хүрдэггүй юм байна. Хэд байвал боломжийн байх вэ?

-Бид үйлдлийн стандартуудынх нь дагуу тооцоолоод гаргасан. Дор хаяж найман тэрбум төгрөг болгож байж доголдолгүй ажиллах боломжтой.

-Химийн эмчилгээний эм тариаг аль улсаас оруулж ирдэг вэ?

-Энэтхэгээс. Дэлхий нийтэд энэтхэг эм хямд байна. Өндөр хөгжилтэй өөр улс орноос авъя гэхээр манай төсөв хүрдэггүй. 1.2 тэрбум төгрөгөөр химийн эмчилгээний нэг жилийн эм тариаг багтааж авъя гэхэд энэтхэг эм л авна. Хэрэв бид Япон, Солонгос, Тайваниас өндөр чанартай химийн эм, тариа авъя гэхэд гурав дөрөв дахин үнэтэй байдаг. Тэгвэл зөвхөн химийн эмчилгээнд арван хэдэн тэрбум төгрөг зарцуулна. Улс бодлогын түвшинд дэмжээд, улс хоорондын гэрээгээр ч юм уу ийм эм, тариаг хангаж өгвөл бид тэр хэмжээнд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн.

Хувиараа эм тариагаа аваад ирвэл бид хийгээд өгдөг. Энэ жил 600-гаад химийн эмчилгээ гаднаас авчирч хийлгэсэн. Үүний 400-гаад нь бай эмчилгээ. Мөн өвчтөнүүд гадаадад эмчлүүлж байгаад үлдсэн эмээ авчирч хийлгэдэг.

Бидний сурвалжлага энэ хүрээд өндөрлөж байна. Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж, үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн бодит байдал, эм тариа, орны хүрэлцээ, оочер дараалал иймэрхүү л байдалтай байна. Олон жил ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Тиймээс хамгийн их хүлээлт үүсгэдэг химийн эмчилгээний тасгийн эрхлэгчтэй ярилцлаа. Эм хангамж хариуцсан даргаас учир байдлыг тодрууллаа. Тэд бүгд л төсөв хүрэлцэхгүйн зовлон ярьж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн аргацааж буйгаа учирлаж байна. Тэнд цаг наргүй зүтгэж байгаа энгийн бор эмч, ажилтнуудын буруу гэж юу байхав.

Харин одоо яах вэ. Ямар бодлого шийдвэр гаргавал асуудал нааштай болох бол, эрүүл мэндийн даатгалын системийн өөрчлөлт шинэчлэл яригдаж эхэлсэн үү, салбарын яам асуудлыг хэр анхаарч байгаа зэрэг олон асуудлыг манай сонин үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Үргэлжлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: Монгол Улс дефольт болбол нийтийн эзэмшлийн гэж хэлж болох газар нутгуудыг минь авах эрсдэл бий

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч мөн” гэж орсон талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа.


-Үндсэн хуулийг батлалцсан хуульч хүний хувьд хуулийн 6.2 дахь заалтаар үнэхээр монгол улсын газрыг зарах нөхцөл бүрдчихээд байгаа юм уу?

-Үндсэн хуулийн 6.2 бол маш ноцтой заалт. “Нийтийн” гэх энэ заалт 1996 оны Төрийн болон орон нутгийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Нийтийн эзэмшлийн өмчийг худалдан борлуулах, ашиглах эрхтэй” гээд байж байгаа. Үндсэн хуульд “Төрийн нийтийн” гээд ороод ирэхээр гарц нь гарч ирж байна гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуулийг батлахаасаа эхлээд луйвар болсон. Зөвхөн 6.2 гэлтгүй маш олон заалт байгаа. Би аргаа бараад Ардчилсан намын бүлэгт орж, гудамжинд зогсоод хоёр талдаа анонс өлгөөд явж байсан. Сөрөг хүчнийг эдгээр хүмүүс санаатайгаар байхгүй болгож, бүлгийг нь тараасан. Бүлэггүй болохоор бүлгийн дүгнэлт, санал гэж байхгүй болчихож байгаа юм.

Манайхан аливаа зүйлд дэврүүн бодлоороо ханддагаа болимоор байгаа юм. Жишээ нь, арьсыг Хятад руу гаргаад байна гэж орилсоор байгаад гаргахаа больсон. Гэтэл өнөөдөр малын арьс чинь хог дээр хэвтэж байгаа биз дээ. Яг энэ шиг 30 гэр бүл байгалийн баялгийг шулаад байна. Бид нар хувь хүртэж, нийтээрээ авах ёстой, хэрэглэх ёстой, төрд өмч байх ёсгүй, төр муу менежер гэсээр байгаад “нийтийн” гэх үгийг оруулж ирсэн. Энэ үгийг ашиглаад явлаа гэхэд Монгол Улс дефолт буюу дампууралд орох юм бол Парисын клуб дээрээс нийтийн эзэмшлийн гэж хэлж болох газар нутгуудыг минь авах эрсдэл үүсч байгаа байхгүй юу. Бид 2016 онд газраа алдах гэж байснаа мартаж болохгүй шүү дээ. Одоо газраа алдах аюул мөн хамар дээр ирчихсэн байна. 20 тэрбум гаруй ам.долларын өрөнд бид нар орчихсон. Дээрээс нь коронавирусээс үүдсэн эдийн засгийн хүндрэлээс болоод төсөв хасах руугаа орчихсон байна. Мөн Парисын клуб дээр биднээс 30 гаруй тэрбум ам.доллар нэхээд сууж байна. Дампуурахгүйн тулд өрнөөсөө салах ёстой. Өр ширнээсээ гарч чадахгүй бол нэгдүгээрт, Элчин сайдын яамдыг нь авна. Дараа нь онгоц, вагон, нөөцөлсөн хөрөнгийг нь авна.

Эцэст нь газар нутгийг нь авдаг. Ийм өрөнд байгаа үед “нийтийн” гэдэг үг нь ийм боломжийг олгож байна аа гэсэн үг.

-Та гишүүн байхдаа 6.2 дээр юм дуугарч байсан юм уу?

-Дандаа эсэргүүцсэн. Ганцаараа орилоод эсэргүүцэхэд бөөнөөр шоолоод “О.Баасанхүү Ардчилсан намын бүлэгт орлоо, АН-ыг дэмжиж байна” гэж байсан. Сүүлдээ намайг Ардчилсан намд орлоо гээд гадуурхаад байсан биз дээ. Ямар нэгэн хүчтэй сөрөг хүчин байхгүй, бодит байдлыг нөгөө өнцгөөс нь хэлэхгүй нэг цонхоор явахаар эцэст нь ийм байдалд хүрдэг байхгүй юу. Тийм учраас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой нөхцөл үүсгээд байна. Ганц хүний дуу үнэхээр гардаггүй юм байна. 62 гишүүн Үндсэн хуулийг санаачлахдаа төсөл дээрээ байхгүй заалтуудыг оруулж ирээд хүчээр кнопдоод явчихсан шүү дээ.

-Үндсэн хуульдаа нэгэнт “нийтийн” гээд заагаад өгчихлөө. Үүнийг залруулах ямар боломж байгаа вэ?

-Ямар ч боломж байхгүй. Хоёр жил Үндсэн хуульдаа гар хүрэхгүй. Харин төр минь битгий дампуураасай гэж л бодох хэрэгтэй. Дампуурвал юугаа өгөх вэ гэдгээ л мартаж болохгүй. Тиймээс үүд хаалга нь хатуу байж байх ёстой.

-Таны ярьж байгаа зүйлийг эрх баригчид “ямар ч ийм нөхцөл байхгүй” гэж байна лээ…

-Угаасаа л энд оролцсон юм чинь…

-“Нийтийн” гэдэг нь ард түмний гэдэг утгаар орсон гээд байгаа..

-Тийм зүйл байхгүй. Хувийн, төрийн өмч гэж байна. Тэгээд олон нийтийн өмч гэж бий. Олон нийтийн өмч юм чинь нийтээрээ л авна шүү дээ. Энд буруугаар ойлгоод, буруугаар яриад байх юм байхгүй.

-Та одоо юу хийе гэж бодож байна?

-Амьдрал надад асуудал биш. Би хуульчаа юм уу, “Хүүхдийн инээмсэглэл” төслөө хийгээд явна. Энэ төслийн хүрээнд ном гаргасан. Тэрийг цэцэглүүлээд хэвлүүлээд зарна. Ард түмний амьдралыг хараад зайлуул даа гэж бодож байна. Хувь тавилан нь түших биз дээ. УИХ-д суугаад амьдардаг, ажилладаг юм биш. Хүн найман жил болоод ажлаа сольж байх ёстой. Тиймээс хувийн юмаа хийгээд л, өмгөөллөө хийнэ дээ. Би олон улсын байгууллагын чиглэлээр ажиллаж байсан хүн. Тэрийгээ хийнэ. Цаг хугацаа бодит үнэнийг харуулах байх аа.

-Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Хүчтэй сөрөг хүчин байж чадах уу гэдэг дээр л санаа зовж байна. Их хуралд 27 гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүс байна гэж яриад байгаа. Үнэн л дээ. ЖДҮ, 60 тэрбум, концесс гээд олон зүйл дээр яригдаад зарим нь АТГ-т данс тоцоотойгоо сууж байгаа л хүмүүс байгаа шүү дээ. Хуулийн байгууллага хараат бус байж чадах юм бол шударга ёс тогтох ёстой. Харамсалтай нь хуулийн байгууллага ҮАБЗ-ийн хараанд орчихсон. Тэр гурван хүн хөдлөхгүй бол хуулийн байгууллага хөдлөхгүй, хуулиараа. 65-ын эсрэг сөрөг хүчин байна гэдэг хэцүү.

Categories
мэдээ цаг-үе

М.Мягмарсайхан: Олсон дээр алхаж буй минь Монголоо дэлхийд таниулж, жуулчдыг татах зорилготой

Өндрөөс хэдий сүрддэг ч, олсон дээр гарахаараа газар дээр байгаа мэт тайвширдаг сонин содон зочныг энэ удаа онцолж байна. Тэрбээр “Олс бол миний байх ёстой газар гэж ойлгодог. Тийм болохоор чанга утасны үзүүлбэр (циркийн урлагт олсны олон төрлийн үзүүлбэр бий)-т хайртай байх” гэсэн юм. Соёлын тэргүүний ажилтан, циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ жил Чулуутын хавцал дээгүүр олсон дээр алхсаных нь дараа уулзаж хөөрөлдсөн юм. Тэрбээр олсон дээр алхдаг төрлөөр 18 дахь жилдээ, циркийн жүжигчнээр 29 дэх жилдээ, ажиллаж буй юм.


-өнгөрсөн жил орхоны хүрхрээн дээгүүр алхсан. энэ жил чулуутын хавцал дээгүүр алхлаа. Ер нь яагаад өндөр утасны үзүүлбэр хийдэг юм бэ?

-Хүмүүс хэнд ч хэрэггүй эрсдэлтэй зүйл хийгээд байна гэж шүүмжилдэг л дээ. Хэрэв би буруу алхам хийвэл олсноосоо унана. Яг түүнтэй адил хүн амьдралдаа тэнцвэрээ хэзээ ч алдаж болохгүй. Тийм ч болохоор би амьдрал бол тэнцвэр гэдэг уриатай. Ер нь хүмүүс надаас илүү амь насандаа эрсдэлтэй зүйл хийдэг.Зам тээврийн ослоор маш олон хүн амь насаа алдаж байна. Үнэндээ тэд эрсдэлгүй гэж бодоод л гэрээсээ гарсан байж таараа.Өнөөдөр намайг өндөр дээр алхаж байхад “энэ тэнэг” гэж бодож байгаа боловч тэд машин унахдаа надаас илүү тэнэг үйлдэл хийдэг. Орон нутгийн замд яаж машин гүйцэж түрүүлдэг билээ, ямар аюултай алхмуудыг хийдэг билээ. Тэдгээрийн хажууд миний хийж байгаа алхам бол тэнцвэрээ олсон зөв алхам гэж боддог.

-Дараа жил Хоргын тогоон дээгүүр алхана гэж сонссон?

-Хоргын тогоо, Уран тогооны аль нэг дээгүүр алхах бодолтой судалж байгаа. Гэхдээ тухайн байршлын онцлогоос их зүйл шалтгаална. Илүү урт зам туулах учраас тусгай тоног төхөөрөмж шаардлагатай. Мэдээж төсөл томрохын хэрээр санхүүжилт ч давхар яригдана. Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн үүсгэхийн зэрэгцээ, эх орныхоо үзэсгэлэнт байгалийг “тэнгэрийн алхалт”-тайгаа хослуулан гадаад, дотоодын аялагчдад сурталчлах давхар зорилго надад бий. Болдог бол эх орныхоо дээвэр болсон Алтай Таван богддоо ч гэсэн алхмаар байна. Жил бүр өөр байдлаар, өмнөх амжилтаа шинэчлэхийг зорьдог.

-Цаашид ямар газарт “тэнгэрийн алхалт” хийх хүсэлтэй байгаа вэ?

-Хэрмэн цав, Цагаан суваргаас эхлээд Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар энэ үзүүлбэрээ хийхсэн.Бас Улаанбаатар хотынхоо өндөр барилгууд болон цэнгэлдэх хүрээлэн дээгүүр алхах бодол бий. Цаашдаа өөрийнхөө энэ ажлыг таслахгүй үргэлжлүүлээд явна.

-Арын албанд нь олон хүн ажилладаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Сая Чулуутын хавцал дээр утас байршуулахад хорь гаруй мэргэжлийн хүн ажилласан. Мөн арын албанд бусад багийнхнаа нэгтгэвэл 50 гаруй хүн байлаа. Өнгөрсөн жил Улаанцутгалан, энэ жил Чулуутын хавцал дээр алхахад манай найз нөхөд, багш, хамтран зүтгэгчид минь бүх сэтгэлээрээ тусалсан. Энэ дашрамд Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооныхондоо маш их баярласнаа илэрхийлье. Нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр, зөвхөн уран бүтээлийн төлөө шунан дурлаж, тусалсан тэдэндээ талархаад баршгүй.

Хүн хүчнээс гадна энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд багагүй зардал гардаг. Зөвхөн алхах 150 метр троссоо авахад л нэг сая төгрөг зарцуулах жишээтэй. Татлага, чангалагч, хамгаалалтын олс гээд шаардлагатай тоног төхөөрөмж их л дээ. Цаашид илүү урт зам туулна гэвэл тэр хэрээр л тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэнэ. Хоргын тогооны амсар 300 метр, Уран тогооных 500 метр диаметртэй.

Үүнийг гар аргаар татах боломжгүй учраас тусгай мотороор татах хэрэг гарна.Моторыг нь тэнд аваачиж байрлуулж суурилуулна гээд асар их ажиллагаа болох байх. Хэрвээ надтай хамтарч ажиллах газар байвал цаашдаа илүү том газруудыг зорино доо.


-Байгалийн үзэсгэлэнт газруудад өндөр олсон дээр алхаж байсан циркчин танаас өөр бий юү?

-Гурав, дөрвөн метрийн өндөртэй утсан дээр циркийн үзүүлбэр хийдэг хүн бол Монголд байсан. Түүнээс илүү өндөр дээр хамгаалалтгүй явсан хүн байхгүй.Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дагаад л явж байна. Энэ үзүүлбэртээ дуртай.Бүр хайртай.Хүмүүст үнэ цэнийг нь ойлгуулж, хөгжүүлэхийг л зорьдог.

Мэдээж дэлхийн хэмжээнд бол skywalk-ыг хүмүүс мэднэ. “The Walk” кинонд Филипп Петигийн тухай гардаг шүү дээ.

-Таны үзүүлбэрийн дээд амжилтыг сонирхох хүн олон байгаа болов уу, цухас дурдвал…

-Хамгийн өндөрт алхсан нь 50 метр. Чулуутын хавцал яг ийм өндөртэй байлаа. Тэгэхээр амжилтаа баталсан гэсэн үг. Хамгийн урт зам туулсан нь 2009 онд болсон “Hangang highwire champion­ship” уралдаанд оролцохдоо Хан мөрөн дээгүүр татсан 1000 метр буюу нэг км олсон дээгүүр 12 минут 55 секундэд гүйж, дөрөвдүгээр байрт орж байлаа.

2005 онд Швейцарь улсад 30 метрийн өндөрт татсан, 120 метр урт утсан дээгүүр, шөнө нуруундаа салют бэхлэн алхсан. Мөн Германд циркийн барилга болон томоохон байгууламжийн хооронд татсан 15-30 метр өндөр, 40 метр урт, өгсүүр, чанга утсан дээгүүр гүйж байлаа. 2008 онд Швейцарийн Үйркхайм тосгонд 30 метр өндөр дээгүүр, 80 метр урт утсан дээр явж байлаа.

-Чулуутын хавцал дээгүүр алхахад ямар мэдрэмж төрөв. Урьд нь алхаж байснаас нэлээн өндөр учраас шинэ содон мэдрэмж авсан байх?

-Өмнөх алхалтууд дээр шууд хэрэгслээ тавиад бүх юм жин тан боллоо гээд явчихдаг байсан. Харин хавцал дээгүүр алхах их аюултай юм билээ. Доороос гэнэт хүчтэй салхилдаг учраас хамгаалалтын бүс хийж байгаад хоёр удаа явж туршсан. Ерөнхийдөө яаж явах ёстойгоо ойлгосон.Аюулгүй ажиллагааны багийнхан маань “Хамгаалалтгүй явж болохгүй, аюултай заавал хамгаалалтын бүс зүү” гэсэн шаардлага тавьсан л даа. Гэхдээ би өөртөө бүрэн итгэлтэй байгаагаа нөхдөдөө ойлгуулж, хамгаалалтын бүсгүй алхсан. Хэрэв хамгаалалтын бүстэй алхсан бол миний үзүүлбэр утга учиргүй болчихно шүү дээ. Нөгөө талаараа бид Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд таниулах зорилготой. Аялал жуулчлалаа дэмжинэ ээ гэсэн үг шүү дээ. Жуулчид зөвхөн тэр хавцлыг ирээд үздэг бус хажуугаар нь сонирхолтой экстрем үзүүлбэр үздэг байвал илүү гоё. Тухайн өдөр миний үзүүлбэрийг хүлээж Чулуутын хавцалд тав хоносон гэсэн эгчтэй таарсан. Тэр эмэгтэй аяллын явцад ийм сонирхолтой үзүүлбэр олон байвал бүр л сайхан байна гэж онцолж байсан шүү.

-Таны хамтрагч Фредди Нок Гиннесийн 25 удаагийн амжилтын эзэн гэсэн. Та ч бас түүнтэй хамтран шинэ амжилт тогтоох уу?

-Өмнө нь бид хамтдаа Герман, Швейцарь, Итали зэрэг оронд цэнгэлдэх хүрээлэн, байшин барилга, уул хооронд олон удаа алхсан. Хамтдаа хийсэн Гиннесийн дээд амжилт ч бий. Бидний хамтран ажиллах гэрээ 2010 онд дуусгавар болсон ч түүнээс хойш хуурай, ах дүүсийн харилцаатай байдаг болсон. Намайг энд үзүүлбэр хийхэд манай хүн сэтгэл зүрхээрээ хамт байдаг.

Дараа жилээс бид хамтарч челленж хийнэ гэж ярилцсан. Жишээ нь, би Швейцарьт очиж Фредди Ноктой хамт Альпийн нуруун дээгүүр алхах, Фредди Нок манай улсад ирж надтай хамт манай улсын байгалийн үзэсгэлэнт газрууд дээгүүр алхах зэрэг челленж хийнэ. Гэхдээ цаг хугацаа нь хэдийгээр вэ гэдэг тодорхойгүй байгаа. Ямар ч байсан ойрын гурван жилдээ хийнэ гэж ярилцсан.

-Энэ жилийн Чулуутын хавцал дээгүүр алхах үзүүлбэрийг хэр их хүн ирж үзсэн бэ. Үзсэн хүмүүсийн сэтгэгдэл хэр байв?

-Ойролцоогоор таван мянган хүн ирж үзсэн. Машин гэхэд нүдэн баримжаагаар харахад 1000 гаруй байсан. Дроноор машин болон хүмүүсийн бичлэгийг авчихсан байгаа. Удалгүй нэвтрүүлэг байдлаар цацагдана. Харин өнгөрсөн жил Улаан цутгалан дээгүүр алхсанаа бид бараг зарлаагүй явсан шүү дээ. Гэтэл Улаан цутгалан дээр өглөө ирсэн хүмүүс орой хүртэл хүлээж үзсэн. Тэгэхээр зарлавал хүмүүс ихээр ирэх юм байна гэж бодсон. Гэхдээ энэ жил ч тэгж их зарлаагүй. Цар тахлаас шалтгаалаад олон хүн нэг дор цуглуулахыг хориглож байгаа. Тодорхой хэмжээнд өөрийнхөө фэйсбүүкээр л зарласан. Сүхбаатар, Өмнөговь аймгаас ирж үзэж байна гэж байсан.Улаанбаатар хотоос зорьж үзсэн олны дотор 80 гарсан циркчин эмээ хүртэл байсан. Тэр хүн хүүхдүүддээ захиж, заавал очиж үзнэ гэсээр ирсэн байна лээ. Сайхан санагдсан шүү. Ингээд харахаар хүмүүс огт сонирхдоггүй биш бололтой.

-Олсон дээр явах техникийн тухай ярихгүй юу. Толгой эргэх, сандрахаас эхлээд асуудал бишгүй байх?

-Мэдээж хүн л юм чинь айх зүйл гарна. Харин өөрийгөө сайхан тайвшруулах хэрэгтэй. Миний хувьд өөртэйгөө их ярилцдаг. “Тайван, яараад хэрэггүй, алхам бүрээ цэгнэ” гэсэн үгсийг өөртөө их хэлдэг. Заримдаа олон хүн харахаар онгироо зан хөдлөөд олсон дээгүүрээ гүйчихмээр санагдаад байдаг. Тэр болгонд л өөрийгөө тайвшруулж сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Миний хувьд өндөр барилга дээр гарахаар эвгүй байдаг. Харин утсан дээрээ гарахаар сандралгүй, тайвширчихдаг. Яагаад ч юм тэр олс бол миний байх ёстой газар гэж ойлгодог болохоор тэр байх.

-130 метрийн урттай олсон дээр таваас арван минут явна гэж тооцоолсон гэсэн. Яг алхахад төсөөлж байснаас хэр зөрсөн бэ?

-Яг нарийн хэлж мэдэхгүй байна. Ер нь төсөөлж байсан зүйлс тэгж их өөрчлөгдөөгүй шүү.

-Таны алхдаг олсны хэмжээ 16 мм гэсэн. Стандарт хэмжээ юү?

-Тийм. Стандарт хэмжээ. Долоовор хурууны хэмжээтэй л зузаан олс гэсэн үг.

-Хотын төвд өндөр барилга, байгууламж хооронд үзүүлбэрээ үзүүлэх бодол бий юү?

-Уг нь бол хиймээр л байна. Гэтэл манайхан юмны эрсдэлийг хамгийн эхэнд хардаг хүмүүс. Шилэн гоё барилгуудын хооронд явъя гээд холбогдох байгууллагууд руу нь хүсэлт явуулсан. Тэгсэн хэтэрхий эрсдэлтэй учраас хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирсэн.Хэрэв надад байшингийн хооронд явах боломж нь олддог бол би Улаанбаатартаа үзүүлбэрээ хийхийг хүсч байна.Олон хүн үзнэ, төсөв санхүү талаасаа ч хэмнэлттэй.

-Тэр өндөрт олсон дээр алхана гэдэг үнэхээр эрсдэлтэй шүү дээ. Ер нь энэхүү үзүүлбэрийг гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Олсон дээр алхаж байгаагаа ээждээ үзүүлэх дургүй. Тэр өндөр олсон дээгүүр хүү нь явна гэдэг эх хүнд аймшигтай санагдана шүү дээ. Гэхдээ энэ удаагийнх дээр ээж маань цуг ирээд үзсэн. Хүүхдүүд маань аавыгаа дэмжээд хөөрөөд баярлаад л гүйж байдаг. Эхнэр бол үргэлж хамт байж дэмждэг. Хэцүү бэрх ямар ч үед хамт байдаг ханьдаа баярлалаа гэж хэлэхэд ч багадна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ял сонссон Ерөнхий сайдууд шүүхийн танхимд юу гэж хэлэв?

Сүүлийн үед шил дараалсан шүүх хурлуудад Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван ч хүн ял сонслоо. Энэ гурван эрхмийн хувьд эдийн засаг нийгмийн реформын шинжтэй өөрчлөлтийг хийсэн Ерөнхий сайдууд гэдгээрээ түүхэнд үлдсэн хүмүүс юм. С.Баярын толгойлсон хамтарсан Засгийн газрын үед Монголын төр барууны хөрөнгө оруулалттай анхны том төслийг хөдөлгөх түүхэн шийдвэр гаргаж байв.Атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлсэн өдрүүд ч С.Баярыг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд өрнөсөн. Атрын аян хэрэгжсэнээс хойш талх тариа, гурил буудайныхаа хэрэгцээг дотоодоосоо хангадаг болж, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталснаас хойш эдийн засаг хэд дахин томорч байлаа.Таван толгойн гэх хэрэгт буруутгагдаж хоригдож буй М.Энхсайханы хувьд Ерөнхий сайдаар ажиллах үедээ богино хугацаанд реформын шинжтэй олон чухал асуудлыг шийдсэнээрээ бусад Ерөнхий сайдаас тод ялгардаг.Үнэ чөлөөлөх, төрийн өмчийн хувьчлалаас эхлээд долоо хоногийн амралтын өдрийг нэг биш хоёр болгосон шийдвэрийг ч түүний толгойлсон Засгийн газар гаргаж байлаа.Ж.Эрдэнэбатын Засгийн газар нийгмийн халамжийн чиглэлээр сүүлийн хориод жил хийгдээгүй том ажлуудыг хийсэн юм.“Цалинтай ээж” хөтөлбөр, малчдын тэтгэврийн насанд анхаарсан шийдэл гэх мэт нийгэм рүү хандсан олон шийдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаргаж байв. Эчнээ яллагдсан бас нэг Ерөнхий сайд бий. Тэр нь Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах шийдвэр гаргасан Ч.Сайханбилэг.Далд уурхайн санхүүжилтийг Дубайд баталснаар хоёр жил таг гацсан Оюу толгой төслийн бүтээн байгуулалт үргэлжилж, Монголд жилд тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирэх боломж бүрдэж байлаа. Биеэ эмчлүүлэх зорилгоор гадаадад байгаа Ч.Сайханбилэг Дубайн төлөвлөгөө гэх тодотгол дор буруутгагдсан Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ариунсан, Бадрал нарыг Монголын шүүхээс яллах шийдвэр гаргасны дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан ил захидлыг сошиалаар цацсан юм. Түүний захидлыг манай сонин бүрэн эхээр нь хэвлэж байсныг энэ дашрамд онцолъё.

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарын шүүхийн танхимд хэлсэн үгийг товчлон хүргэе.


С.Баяр: ОЮУ ТОЛГОЙГ ХӨДӨЛГӨСНӨӨРӨӨ БАХАРХДАГ, БАХАРХАЛДАА бузар хүргэхгүй амьдрах энгийн ухамсар надад бий

“Оюу толгой”, “Петровис” компанийн хооронд байгуулсан гэрээг Ерөнхий сайд байсан надтай нотлох ямар нэгэн баримтгүйгээр холбоод, бүр цаашлаад “Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан” гэж өнөөдөр намайг яллан буруутгаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Монгол Улсдаа “хүнд хор уршиг” үнэхээр учруулсан бол тухайн үеийн өндөр албан тушаалын эрх мэдэлтэй дүйх хатуу хариуцлага хүлээхэд би өнөөдөр бэлэн байна. Гэтэл С.Баяр намайг Монгол Улсдаа чухам ямар хор уршиг, яаж учруулсан гэж үзэж байгаа нь тодорхой бус. Миний учруулсан гэх тэр хор уршгийн хэлбэр нь юу юм, хэмжээ нь яг хэд гэдэг нь ч тодорхойгүй.

Яллах дүгнэлтийн хавсралтын ард нь байгаа “Эрүүгийн … 0085 хэргийн хохирлын болон гэмт хэрэг үйлдэж олсон орлогын тооцоо” гэх баримтад С.Баяр гэх нэрийн эсрэг “хүнд хор уршиг” гэсэн хэрнээ “мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Хэмжиж болдоггүй, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй “хүнд хор уршиг” гэж юу байх юм гэх асуултад хариу авч чадалгүй өнөөг хүрлээ.

“Оюу толгой ххК-ийн алдагдал маш өндөр байна” гэж “мишээл Од аудит” компанийн шинжээчдийн дүгнэлтэд бичсэн байсан. Хэрэв тийм бол хохирогч нь Оюу толгой компани юм байна гэж шинжээчид маань үзэж байгаа юм болов уу? Эсвэл Ерөнхий сайд асан миний “нөлөөгөөр байгуулагдсан” гэх 2009 оны гэрээг 2008 оныхтой харьцуулбал хамаагүй дордуулсан нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх болсон Петровис компани хохирогч этгээд болж таарч байна уу?

Монгол Улс бол парламентын Бүгд Найрамдах Улс юм.Ерөнхий сайд гэдэг бол төрд зүтгэж байгаа, улс төрд өөрийгөө сорьж яваа хувь хүний хүрч болох нэгэн дээд оргил. Энэ оргилоос татгалзана, эхэлсэн ажлаа дуусгалгүй явах бол амаргүй. Гэвч Засгийн газрын ажлыг эмнэлгийн орон дээрээс, эсвэл гадаадаас удаан удирдах боломжгүйг би өөрийн биеэр мэдсэн, мэдэрсэн хүн.Оюу толгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд албан ёсоор үзэглэсний дараа би төр засгийн бусад удирдлагатай зөвлөлдөөд, Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ажлаасаа чөлөөлөгдөөд би БНСУ-д эрчимт эмчилгээнд хүргэгдсэн. Тэндээсээ Ю-Даб эмнэлгийн шийдвэр, зөвшөөрөл гарсны дараа АНУ-ын Сиэтл хот руу явсан.АНУ явах болсон бодит учир шалтгааны хувьд ийм юм.Тэрнээс Яллах дүгнэлтэд бичсэнчлэн, миний бие “олсон хууль бус орлогоо нуун далдлах гэж, мөнгө угаах гэж найз Ч.Даваанямтай бүлэглэн” АНУ яваагүй.

Хэрэв Давааням гэдэг хүн Ерөнхий сайд байсан С.Баяр гэх хүний дотны найз байгаагүй бол түүний насаараа эрхэлж ирсэн нефть импортын ажил, тэндээс олсон ашгаараа АНУ-д эхлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн бизнес олны анхаарал татаж, эцэстээ эрүүгийн хэргийн хэмжээнд хүрэх байсан уу? Үгүй. Улстөрч С.Баяр надтай тэр ойр дотно учраас л намайг дагасан улс төрийн “бохир шавар” Ч.Даваанямыг маань ч тойрсонгүй. Одоо тэрээр надтай хамт шүүгдэгчийн сандалд хамт сууж байна. Хий хоосон улстөржилтийн хар гай унаган залуугаасаа үерхсэн хоёр найз дээр яаж тусдагийг бид одоо амсаж явна.

Давааням бид хоёр бага залуугаасаа үерхсэн анд найзууд. Би Даваанямын, Давааням манай хүүхдүүдийг багаас нь мэднэ. Миний эхний эхнэр Гэрэлтуяа ч гэсэн Даваанямтай, түүний гэр бүлтэй нь ойр дотно харилцаатай. 2000-2005 онд Гэрэлтуяа Петровис ХХК-д гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан.

Миний охин Нандин бол банкны хөрөнгө оруулалтын мэргэжилтэй. Тухайн үед АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж байсан. Даваанямын санаачилсан энэ бизнесийн менежмэнтийг нь хариуцаад, ашгийн 15 хувийг авахаар тохирсон гэж надад хэлсэн. Давааням, Нандинтай хамтран хийж байсан энэ бизнест нь манай дунд охин Бадамханд ч оролцон тусалж байсан. Гадаад хэд хэдэн хэлтэй учраас Даваанямын гадаадын банкны данс, тооцоо төлбөрийн асуудалд орчуулагч, хэлмэрчээр тусалж байсан гэсэн.Давааням, Нандин хоёр АНУ-д хийх бизнесээ миний хамаарал, оролцоогүй эхэлсэн.…Давааням, Нандин хоёр АНУ-ын Нью-Йорк, Сиэтл хотуудад нийтдээ есөн үл хөдлөх хөрөнгө авсан байна. Худалдаж авсан эдгээр есөн байрны эхний тав нь засч тохижуулан түрээсэлж байх тэр үед Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах бүү хэл, би Ерөнхий сайд болоогүй, ОХУ-аас буцаж ирээд намын сонгуульт ажил хийж байв.

Ерөнхий сайд асан С.Баяр намайг анхандаа Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч гадаадын талд давуу байдал үүсгэсэн, “зохион байгуулалттай гэмт бүлэг” байгуулан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж байв. Прокурорын энэ тогтоол хүчингүй болсон. Надад одоо оноож буй ялын зүйл анги арай хөнгөрсөн хэдий ч, миний бие аанай л нөгөө Оюу толгой төсөлтэй холбоотой чигээрээ, хэн нэгэн этгээдэд “давуу байдал олгосон” гэх хэрэгт хардагдсан хэвээр л явна. Намайг заавал Оюу толгой төсөлтэй холбох, чингэхдээ заавал “буруу гараар, бусармаг аргаар” холбоотой гэж нотлох гээд байгаа нь манай Монголын өнөөгийн бохир улс төртэй шууд холбоотой.Оюу толгой төсөл Ерөнхий сайд асан С.Баяр надтай холбоотой нь үнэн. Бүр салшгүй холбоотой. Энэ том мега-төсөл Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалд эерэг ямар нөлөө үзүүлсэн гээд яривал зөндөө юм ярьж болно.Гэхдээ тэгэх цаг надад алга. Ийм сэдвээр ярьдаг газар нь ч шүүхийн танхим биш юм.Миний, бидний Засгийн газрын нэртэй салшгүй холбоотой Оюу толгой төслийг өнөөдөр элдвээр шүүмжилж гоочилдог. Шүүмжлэх зүйл ч энэ төсөлд бий. Ялангуяа Монгол Улсад тээг саад болсоор ирсэн “хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувь” нь. Энэ гайтай “34 хувийг” цуцалж, АМНАТ-ын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар одоогийн Засгийн газар ажиллаж байгаа гэсэн сайн мэдээ бий. …Ийм том төсөлд биечлэн хамаатай, ийм том төслийг Хамтарсан Засгийн газрын багаараа зүтгэн байж хөдөлгөсөн гэдгээрээ би бахархдаг. Бахархдаг үнэт зүйлдээ бузар хүргэхгүй байх, тэндээсээ хумслахгүй байх энгийн ухамсар надад бий. Монголын төрийн хар хүний зарчим, монгол эр хүний жудаг ч бас надад бий.

Эцэст нь хэлэхэд, Оюу толгой төслөөс улбаатай энэ хэргийг битгий улс төржүүлээсэй билээ, Тулга тусгаар Монгол Улсын хуулийн дагуу шударгаар шийдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

М.Энхсайхан: МОНГОЛД АВТОРИТАР ДЭГЛЭМИЙН ҮР ХӨВРӨЛ ҮАБЗ ГЭСЭН НЭРИЙН ДОР БОЙЖИЖ ЭХЭЛСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Намайг ийм хэрэг буруутгахын тулд прокурор, АТГ хоёр жил ажилласан. Эхэндээ АТГ намайг гэрчийн мэдүүлэг авъя гэж дууддаг байсан. Мега төслийн асуудал хэцүү ярвигтай учраас уг учрыг нь ойлгохын тулд ингэж байна гэж бодож байлаа, эхэн үедээ.

Гэтэл нэг л өдөр яллагдагчаар татаж 461 дүгээр хорих анги руу ачсан. Тэр цагаас хойш намайг шоронд хийх сонирхолтой, зохион байгуулалттай зүйл өрнөөд байгааг мэдэрсэн. Тийм учраас цагтай уралдах ёстойгоо ойлгосон юм. Монголын нийгэм ямархуу хүнд нөхцөлөөс, ямархуу социализмаас шилжилт хийснийг ном болгож бичсэн минь ийм учиртай. Болж байгаа бүхнийг том зургаар нь харуулах гэж номоо тун яаруу бичсэн.

Тэр номд би 2007 онд бичсэн нийтлэлээ оруулсан. “Олигархи Баттулгад бичсэн ил захидал” гэсэн нэртэй нийтлэлээ. 2007 онд шүү дээ. Тухайн үед Х.Баттулга Таван толгой гэдэг маш чухал стратегийн ордтой холбосон гүтгэлгээ эхэлсэн юм. Би тэр захидлаараа Монголын нийгэм буруу тийшээ явах гээд байна шүү гэж анхааруулахыг хичээсэн. Тэр захидлаас хойш Таван толгой гэдэг ордыг тойрсон асуудал хувь хүн Энхсайхантай холбоотой асуудал болж хувирсан. …УИХ , Засгийн газар Таван толгойг хөдөлгөх тал дээр 2008-2011 оны хооронд маш олон шийдвэр гаргасан ч амжилтанд хүрч чадаагүй. Монголын төр 2011-2014 оны хооронд Таван толгой төслийг мега төсөл болгох оролдлогоо орхисон байсан. 2014 онд Таван толгой дээр олон улсын тендер зарлалаа. Энэ ажлыг Н.Алтанхуягийн Засгийн газар хийсэн. Ийм тендер зарласантай холбогдуулж “Оросын Төмөр зам”-ындарга В.И.якунины захидал манай Ерөнхий сайдад ирсэн юм. Олон улсын гэж зарласан нь Оросын төмөр зам, түүний түншлэгч Оросын нүүрсний компанийн эрх ашигт нийцэхгүй байна гэдгийг шууд хэлчихсэн байсан л даа. Олон улсын стандтарын буюу нарийн царигтай төмөр замыг Таван толгой-Гашуунсухайт чиглэлд барьж болохгүй гэж шууд хэлсэн байсан. Хэрвээ монголчууд төмөр зам тавья гэж байгаа бол Таван толгойгоос зүүн чиглэлд төмөр замаа барьцгаа гэсэн мэссэж өгсөн. Ер нь бол манай дотоод хэрэгт шууд оролцсон агуулгатай захидал байсан. Харамсалтай нь тухайн үед якунины тавьж байсан шаардлага өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчийн бодлого болчихоод явж байна.

…Манай төслийн компани хэрвээ энэ төсөл батлагдвал төмөр зам барих нэрээр овоолсон шорооныхоо мөнгийг манайд төл л гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед шорооны асуудал юм чинь аудит хийлгээд Хөгжлийн банкны нэгэнт зарцуулсан их мөнгийг буцаагаад авчихаж болно гэж итгэж байсан. Өнөөдөр тэр шороо төмөр зам ч болоогүй, юу ч болсонгүй…

Таван толгой бол Монгол улсын гурав дахь мега төсөл. Энэ төсөл дээр улстөржилт явагдаад зогссонгүй, бүр шүүхийг татан оролцуулсан улстөрийн ажиллагаа явагдаж байна. Би үүний эсрэг байгаа. Хоёр хоног шүүхийн танхимд суухдаа нэг зүйлийг тод мэдэрлээ. Прокурорууд үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн гэж олон удаа хэлж байна. Гэхдээ хууль огт ярьсангүй.

…Сүүлийн үед Монголд болж байгаа үзэгдэл их аюултай. ҮАБЗ нэрээр шүүхийн бие даасан хараат бус байдлыг эвдэж эхэлсэн. Энэ бол байж бол болзошгүй үзэгдэл. …АТГ-ыг анх байгуулахад авлигатай тэмцэх нь үү, улстөрчдийн гарт орсон хэрэгсэл болчих нь уу гэсэн хоёрдмол бодол надад, ганц надад ч биш учир гадарлах олон хүнд байсан. Одоо бүхэлд нь, бүх ажлыг нь буруутгаад яахав.Ямар ч байсан яг одоо бол улс төрчдийн хэрэгсэл болдог ажиллагаа нь явагдаад байна. Авлигатай тэмцэх консепц, санаа яаж буруу ажиллаад байгааг би номондоо бичсэн.Прокурор хяналтынхаа үүргийг биелүүлдэггүй юм байна гэдэг нь миний тохиолдлоор нотлогдож байна.

Гэрчүүд дотор Таван толгой төслийг хэрэгжүүлэхэд санаа зовж ажилллаж байсан нэг ч гэрч харагдсангүй. Миний танихгүй улс харагдаж байна. Гэтэл би ажил хариуцаж байсан ажлын хэсгийн дарга байсан. Тийм атал миний таньдаг улс алга. Гайхаж байна.

Прокурорын цуглуулсан гэрчүүдийг бол цэвэр улс төр гэж харж байна. Угаасаа ч ажиллагаа тэгж явагдаж байгаа.

…Прокурор сүүлдээ УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж ялласан. Ингээд харахаар энэ хэргийг улс төрийн гэж дүгнэхээс өөр арга алга. УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу ажилласан, ажилласан төслөө Засгийн газарт өгөөд, Засгийн газар нь УИХ-д өргөн барьсан. Ийм процесс өрнөсөн. Гэтэл ийм жишиг тогтоож байгаа нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Шуудхан хэлэхэд энэ бол якунин болон Оросын төмөр замын, түүний түншлэгч нүүрсний компанийн эрх ашигт нийцэж байгаа.

Ер нь шүүхийг оролцуулж ийм хэмжээний ажил зохион байгуулж байгаа нь олон хор уршигтай. Монголын төр цаашид мега төсөл хөдөлгөх, хөгжих эрмэлзэлгүй болж байна. Төрийн олон сайхан залуу халааг дараагийн төслүүдийг хийх зориггүй болгож байна. Оюун бодол, сэтгэл санааны дарамтыг юм хийе гэсэн залууст нэгэнт бий болгочихлоо. Энэ бол байж болшгүй зүйл. Гэрээ бодит болж гарын үсэг зураагүй. Гэтэл энэ үйлдлээр прокурор намайг яллаж, ялангуяа хорлон сүйтгэх гэдэг хүнд зүйл ангиар шийтгэх гэж байгааг би зөвшөөрөхгүй байна.

…Прокурор 130 сая төгрөгийн хохирол, их хэмжээний хохирол учруулсан гэж улайрч байна. Энэ бол эрүүл биш улайралт. 130 сая төгрөгөөр хэрэгцээтэй машиныг Таван толгой төслийн нэгжид авчихаад байхад 130 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь угаасаа ямар ч утгагүй зүйл. Энэ бол та бүгдийн улс төржиж улайрч байгааг нотлох том жишээ.

…Би буруугүй. Би Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Би өөрийгөө өмгөөлөхөөс гадна Таван толгойн асуудлаар Монголын эрх ашгийг хамгаалж үгээ хэлж байна. Би Монгол Улсад авторитар дэглэмийн үр хөврөл ҮАБЗ гэсэн нэрийн дор бий бойжиж эхэлснийг эсэргүүцэж байна. Би ҮАБЗ гэдэг нэрийн дор төрийн Үндсэн хууль, шүүхийн харилцан шударга, тэнцвэртэй байх тогтолцоог алдагдуулахын эсрэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ бүх алхам Ардчиллын эсрэг хийгдэж байгаагийн эсрэг байна. Ардчиллыг булшлахын эсрэг зогсч байна. Монголд хүн бүхэн шударгаар шүүлгэх эрхтэй, Монголд шударга шүүх байгаа гэдэгт би итгэж байна.

Ж.Эрдэнэбат: ДАРГЫН ТААЛАЛ ХУУЛИАС ДАВСАН ИЙМ ҮЕД ШҮҮЛГЭЖ БАЙГААДАА ХАРАМСАЖ СУУНА

Ардчиллын амин сүнс нь “Шүүх засаглал”, түүнд оролцогч байгууллагуудын “бие даасан, хараат бус” байдал бөгөөд “Хууль дээдлэх” зарчим нь түүнийтулгуур зарчим байх учиртайг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.Эрхэм хүндэт шүүгч та, “…хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах…” тухайМонгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль заасан зарчимаа баримтлан үнэн зөв, шударга шийдвэр гаргах байх гэдэгт миний бие эцсийн мөч хүртэл найдсан хэвээр байна.Надтай холбогдуулан шалгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөх, хяналт тавих, шүүн таслах ажиллагааны явцад Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буйолон олон хуулийн заалтыг ноцтойзөрчигдсөнд харамсаж байгаагаа хэлмээр байна. Тухайлбал: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 1, 2, 1.8 дугаар зүйлийн 1, 1.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, мөн хуулийн 14.6 дугаар зүйлийн 4, 14,8 дугаар зүйлийн 1, 14.9 дүгээр зүйлийн 1.4, 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1.1, 1.3, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг зэргийг ноцтой зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн. 2. МУ-ын Их Хурлын Сонгуулын тухайхуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Монгол Улсын Их Хурлын Тухайхуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрсөн байдлаас харж болох юм.

Даргын таалал хуулиас давж байгаа өнөө үед би шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхээ дэнслүүлэх болж байгаа нь харамсалтай санагдаж байна.Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийг нэг байгууллага мэтээр уялдаа холбоотой ажиллаж мах бэлтгэх үйлдвэрийн 1, 2, 3 гэсэн шат дамжлага мэтээр ажиллаж улмаар над мэтийн улс төрийн золиос болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг миний бие анхааралтайгаар харж, ажиглаж, ойлгож мэдлээ.Ийм хүнд хилс хэрэгт яллагдаж байгаа нь өнөөдөр хувь хүн талдаа харамсалтайхэдийч улстөрч хүний хувьд нүдийг минь нээсэн бас нэгэн том сорилт гэж харж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг энэ болж байх шиг. Хууль, хяналтын байгууллагуудад улс төрөөс, улстөрчдөөс хамааралтайтомилгоо байсаар байгаа цагт эдгээр байгууллага хуулиар хичнээн ч хараат бус, бие даасан байдлаа томьёолж зарчимаа мундаг мундаг үг үсгээр гоёлоо гээд нэмэр үгүй болсныг, түүнчлэн хууль гэдэг хэрэглэж байгаа албан тушаалтнуудынхаа дур зоргод ашигтайбол ил цагаан мушгин гуйвуулж зөрчиж болдог цагаан цаас болсон юм байна гэдгийг ч сайн ойлгож мэдлээ. Харамсалтай байна… Шударга, үнэний баталгаа байх ёстой шүүх өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвеци, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 1.14 дүгээр зүйлд заасан хүний үндсэн эрх болох өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг минь хууль бусаар хязгаарлаж, намайг өмгөөлөгчгүйгээр шүүж байгаа нь 1992 оноос хойш Монгол Улсын шүүхийн түүхэнд гарч байгаагүй нэн харамсалтай үйл явдал болж байна. Магадгүй энэ нь ирээдүйд Монгол Улсыг Олон улсын хүнийэрхийн байгууллагын өмнө толгойбөхийлгөх хэрэг болохыг үгүйсгэхгүйбайна.

Хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй гэх олон үндэслэл шалтгааныг минийөмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан.Шүүх үүнийг нь шүүх хуралдаанаар хэлэлцэж байж шийдвэрлэнэ гээд бидний хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.Эрхэм шүүгч та, хоёр өдрийн хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй боловч урьдчилсан хуралдаанд гаргасан хүсэлт, гомдлынх нь хүрээнд хэргийг прокурорт буцааж, хэргийн бодит байдлыг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.Нөгөө талаар шүүгч та энэ хэргийг шийдвэрлэх явцдаа гаргасан хууль бус шийдвэрүүдээ өөрөө залруулах хууль зүйн боломж танд байгаа.Иймд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүн миний халдашгүй байдлыг хангаж, надад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг шаардаж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Volume Plus” телевизийн хөтлөгч Battery: “Хэдийнбээ” нэвтрүүлгийн гол санаа нь загварын талаар боловсрол олгох

ҮНЭТЭЙ ХУВЦАС ӨМССӨНД НЬ УУРЛАЖ, ХЯМДХАН ХУВЦАСТАЙГ НЬ ЧИЧЛЭХИЙН ОРОНД ТАРХИА ЦЭНЭГЛЭЖ АМЬДРААСАЙ

Монголын хөгжмийн контентын зах зээлд шинэ өнгө төрх болж буй телевиз бол “Монгол HD”-гийн хоёрдугаар суваг “Volume Plus” юм. Тэгвэл бид энэ удаагийн “Залуус” буландаа тус сувгийн “Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Э.Бат-Эрдэнэ буюу Battery-г онцолж байна.


-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн гол санаа нь юу юм бэ. Зарим хүмүүс хийх юмаа олж ядсан гээд л шүүмжилж харагддаг?

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийг 2018 оны гуравдугаар сараас хийж эхэлсэн. Анх өөрсдийнхөө влогт жижигхэн дугаар маягаар оруулъя гэж төлөвлөсөн л дөө. Тэгсэн цаашлаад нэвтрүүлэг болоод илүү хөгжсөн гэх үү дээ. Энэ нэвтрүүлэг ямар учиртай вэ гэхээр хувцас үнэтэй байна уу, хямд байна уу тэр огт хамаагүй. Чухал зүйл нь нэгдүгээрт, орж байгаа хүмүүс. Хоёрдугаарт, хүмүүс хямд ч бай, үнэтэй ч бай өөрт зохисон ямар гоё хувцас өмсөж байна, түүнийгээ хаанаас авсан нь чухал. Нэг талаааа сая дурдсан зүйлсийг бусдадаа хуваалцаж нөгөө талаар загварын талаар боловсрол олгох нэвтрүүлэг. Сүүлийн жилүүдэд манай “Хэдийнбээ” нэвтрүүлэг нэлээн эрчийг авч байгаа. Төлбөртэй ч хийгддэг болсон.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгч Battery гэхээр залуучууд анддаггүй шүү дээ. Ингэхэд нэрнийхээ тухай тайлбарлаач. Яагаад заавал Battery гэж?

– Манай авга ах намайг тавдугаар ангид байхад нэг удаа Battery гэж дуудаад л түүнээс хойш хүн болгон тэгж дууддаг болсон(инээв). Хөтлөгч Б.Мандуул ах “Монголд байдаг хамгийн их нэр Бат-Эрдэнэ, харин хамгийн өвөрмөц нэр Battery” гээд байдаг. Ер нь Бат-Эрдэнэ гэхээр хэн ч мэдэхгүй. Battery гэдэг нэрээр минь сайн мэднэ. Манай телевизийн хөтлөгч Кай-ийг ч Билгүүн гэвэл хэн ч мэдэхгүй байх.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгээс өмнө мэдээний хөтлөгч хийдэг байсан гэв үү. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-“Volume Plus” телевизд ажиллаад гурван жил болж байна. Анх мэдээний хөтлөгч хийж байгаад удалгүй “Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Би Улаанбаатар их сургуулийг англи хэлний багшаар төгссөн л дөө. Гэхдээ хэзээ ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Багаасаа дизайнер талдаа сонирхолтойгоос гадна тэр чиглэлээр ажиллаж ирсэн.Би 1995 оны тавдугаар сарын 20-нд төрсөн. Сая 25 хүрсэн. Үнэмлэхээ сунгуулдаг юм билээ./инээв/

-Найз охинтой юу?

-Аравдугаар сард аав болно. Найз охинтойгоо үерхээд хоёр жил болж байна.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн санааг багаараа гаргасан уу?

-Тэлэлгүй яахав. Бид нар дундаасаа санаагаа гаргасан. Долоо хоног бүр хурал хийдэг. Ер нь тухайн нэвтрүүлгийн эвлүүлэг нь их чухал шүү.

-Ер нь хүн гэдэг их хэрэгт дурламтгай амьтан шүү дээ. Тэр ч утгаараа хүмүүсийн өмсөж зүүсэн эдлэл, хувцасны үнийг их сонирхдог байх?

– Тийм шүү. Ер нь хүний сайн мууд дурладаг чанар чинь өөрөө хүн төрөлхтний бичигдээгүй хууль юм уу даа. Юм хөгжиж байгаа газар ч тэр уруудаж байгаа газар ч муу муухайгаар, эсвэл сайнаар хэлэх хүмүүс зөндөө бий.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн доор сөрөг комментууд бас байдаг шүү?

-Хараад байхад хүний өмнөөс их нервтдэг юм болов уу. Үнэтэй хувцас өмссөн бол уурладаг. Хямдхан байвал бас үг шиддэг. Гол нь үнэ цэнэдээ чухал биш. Яахав, хүмүүс сүүлийн үед өнгө мөнгө их хардаг болсон байна. Түүнээс бусдаараа “Хэдийнбээ” гоё нэвтрүүлэг шүү дээ.

-Нэвтрүүлэгээ хөтлөх явцад сонирхолтой зүйл их тохиолдоно биз?

-Би нэг орой машинаа гаргах гэж байтал нэг машин хаагаад тавьчихаж. Тэр хавьдаа тог тасарчихсан хав харанхуй байлаа. Тэгээд машин дотор нь хүн байхаар нь “гарах юм уу” гээд асуусан чинь урдаас “Battery мөн үү” л гэж байна. /инээв/. Би “тийм байна аа яаж таниад байгаа юм бэ” гэсэн “Хоолойгоор чинь таньж байна аа хэдийнбээ” гээд л орилж байна лээ. Тэгээд л энэ тэрүүгээр явж байхад арван жилийн хүүхдүүд “хэдийнбээ” гээд л орилно. Бас олны танил хүнээс “хэдийнбээ” гээд асуухаар миний микрофоныг авангуутаа надаас “за Battery цамц, куртика, өмдөө хэдээр авсан бэ” гээд л асуудаг. Тэр нь их хөгжилтэй.

-За тэгвэл үргэлж хүмүүсээс “Хэдийнбээ” гэж асуудаг хөтлөгчийн өөрийнх хувцасны үнэ, брэндийг сонирхъё?

-Аан за. Би өөрийн брэндийн футболка өмссөн байна. “Yuniku” гэсэн япон нэртэй брэнд. Энэ футболка 50 мянган төгрөг. Өмд болохоор Converse брэндийнх. Хямдралтай байхад нь 100 мянган төгрөгөөр авч байсан. Оймс “Хандгай” гээд комик зурдаг залуусын гаргасан 15 мянган төгрөгний үнэтэй. Пүүзээ найзынхаа онлайн дэлгүүрээс 300 мянгаар авсан. Шил хамгийн үнэтэй нь, 150 мянгаар хийлгэж байсан гэсэн. Тухайн үед ээж надад хийлгээд бэлэглэж байсан. Хамгийн сүүлийнх нь, Samsung-ийн А6 утас байна. Энэ утсыг 750 мянгаар авсан. Машин авах гээд цалингийн зээл авсан юм л даа. Тэгсэн тэр мөнгөнөөс маань илүү гараад тэгээд утас авсан.

-Өөрийн гэсэн брэндтэй юм байна. Брэндээ яагаад заавал япон нэрээр нэрлэсэн юм бэ?

-Ажлынхаа хажуугаар давхар орлоготой байх ёстой гэж бодоод брэндээ гаргасан. Найз охинтойгоо танилцаад удаагүй байхдаа оймсны брэнд хийх үү, машин угаалга хийх үү гээд баахан ярьж төлөвлөж байлаа. Тэгээд ярилцаж байгаад л хувцасны брэндтэй болсон. Яагаад япон нэр өгсөн бэ гэхээр дэлхийд гарч ирж байгаа хувцасны брэндүүд ихэвчлэн Японоос гаралтай байдаг.Манай найз охины гэр бүл япон школтай. Би ч өөрөө япон хэв маягт дуртай.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгээ цаашдаа ч хөтөлсөөр байх уу?

– Мэдээж “Хэдийнбээ” нэвтрүүлэг хөлөө олчихсон шүү дээ. Хамгийн гол нь залуучууд маань өөрсдөө хийж бүтээгээд тэр хүмүүстэй адилхан өөрсдийгөө хувцаслаад явах бүрэн боломжтой. Яагаад түүнийгээ ашиглахгүй сөрөг коммент бичээд байдаг юм бэ гэж л хэлэх байна. Үнэтэй хувцас өмссөн хүнд уурлаад юу хожих вэ. Бас хямдхан хувцас өмссөн хүнийг чичлээд юу хожих вэ, тийм ээ. Тэгэхээр тарихаа цэнэглэж амьдраасай л гэж хүсч байна.

С.ЛХАМСҮРЭН