Categories
мэдээ цаг-үе

“Урианханы хөх чоно” Д.Жамъян зохиолчийнд өнжлөө

Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон нацагдоржийн шагналт, ШУА-ийн дээд шагналт зохиолч, нийтлэлч Дамдины Жамъяныд өнжлөө. Эрхэм зохиолчийнх XIII хороололд амьдардаг юм байна. Тэрбээр “Манайх энэ сууцанд 30 жил амьдарч байна. Энэбиш гуай хотын дарга байхдаа надад энэ сайхан байшинг өгч байсан юм” гэсээр биднийг угтав. Тэднийх дөрвөн өрөөтэй ажээ. үүднээсээ авахуулаад л бага насны хүүхдүүдийн гутал хувцас, цүнх, тоглоом энд тэндгүй өрөөстэй байв. “Манайх гэдэг айл олон ач, нэг зээтэй. Тэд маань хааяа ирнэ. хүүхдүүд шуугилдахаар сайхан байдаг юм” гэж Д.Жамъян гуай хэлж байлаа.

Биднийг очиход гэрийн эзэгтэй Н.Лхагва эгч байсангүй. Тэрбээр “Их зайсан уул” хувийн эмнэлгийн захирал аж. өдрийн ихэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг бололтой. Д.Жамъян зохиолч говь-алтай аймгийн бугат сумынх. Тэртээх 1954 оны бар жилийн бар сарын бар өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-нд өндөрийн булаг хэмээх зусланд цас бороо холилдон ингэн туйлаадас тавьж байх үед урианханы дархлагдсан бөө, тарнич ламын алган дээр эцгийн буун дуутай цуг хашгиран төрсөн талаараа эрхэм зохиолч хуучиллаа.

Зуны тэргүүн сард түүний аав Дамдин гуайнх Өндрийн булаг хэмээх газарт нутаглаж байжээ. Тухайн үед Дамдин гуайн эхнэр цэвэл юу юугүй төрөх дөхсөн байв. Тэнгэр хангай муудаж, тулгар биетэй Цэвэл өвдөж эхэлжээ.

Ганц гэрээрээ зусландаа буучихсан байсан болохоор Дамдин гуай дэмий л сандарч байтал гадаа дөрөө хангинах чимээ сонстжээ. Нутаг усандаа хүндлэгдсэн мундаг эрдэмтэй Эрдэнэсүрэн гуай ороод ирж гэнэ. Түүнийг нутгийнхан нь бүтэн нэрээр нь барагтаа бол дуудахгүй, Жүмбэ гэж авгайлдаг байжээ. Тэрбээр гэрийн эзэгтэйг төрөх дөхсөн байна гээд гараа угааж, хүүхдийг эх барьж авчээ. Ингээд шинээр мэндэлсэн хүүг хөдсөнд ороож, хөгнөөтэй ишгэн дунд тавьчихжээ. Түүнийг Жамъян гэж нэрлэсэн байна. Өндрийн булгийн хажууд хоёр шовх уул байдаг бөгөөд Их, Бага Жамъян гэдэг ажээ. Энэ хоёр уулын дунд нь Жамъян зохиолч төрсөн болохоор эх барьсан Жүмбэ гуай ийн нэр хайрласан бололтой юм.

Өнөөдөр Жамъян гуай энэ тухай “Тэр хүний эрдэм надад нөлөөлсөн гэж боддог юм. Би таван настайгаасаа нэг сүм зүүдэлдэг байсан. Нуурын хөвөөнд байдаг тэр сүм рүү ороод явж байна гэж 60 нас хүртлээ зүүдэллээ. Улсууд их гайхдаг юм. Тэр хүн Бугатад ганцхан намайг л эх барьж авсан. МСНЭ-ийн тэргүүн асан Б.Галааридын нагац ах нь байгаа юм. Өөрийнхөө ураг төрлөөс нэг ч хүн эх барьж аваагүй нь сонин шүү. Миний үеийн нэг өвгөн “Тэр хүн миний ээжийн ах шүү дээ. Намайг эх барьж авахгүй мөртлөө очиж, очиж, хамаатан нь ч биш, чамайг яагаад эх барьж авдаг билээ” гээд тоглоом хийдэг байлаа” гэв.

Д.Жамъян гавьяат эхээс тавуулаа. Айлын таван хүүгийн хоёр дахь нь. Д.Жамъян гуайн хоёр ч дүү нь эмч. Харин отгон дүү нь Эрдэнэт үйлдвэрт белазны жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэдний аав Дамдин жолоочийг нутаг усныхан нь андахгүй. Мөн байгалиас заяасан анчин хүн байжээ. Д.Жамъян гуай аавынхаа талаар “Эцэг маань өндөрдүү нуруутай дуу цөөтэй хүн байж билээ. Эрэгтэй хүүхдүүдтэй. Тэдний дэггүй нь дэндсэн бөгөөд аав бодол болон дуугүй сууж, хааяа ширүүхэн харц илгээж бид хэдийг номхон томоотой болгоно. Яагаад ганц ч үг хэлдэггүй байсан юм.Этгээд гөжүүд зан түүнд байгаагүй. Угаас их даруухан хүн. Эцгийг шүтэж хүндэтгэдэг анчид,жолооч нар олноороо цугларч түүнээс элдвийг шалгаан асууж тэрбээр инээд алдан дуу шуу орж, дайн байлдааны тухай, ан авын гайхамшгийг сонирхуулан ярьдагсан.

Үргэлж жолоо мушгиж, хэдэн дэггүй банди нар нь түүний чихийг халууцуулж ханахгүй атал тэднийг зоргоор нь орхино.

Намайг охин үртэй боллоо гэж эцэг маань баярласнаа нууж ядан хэлж билээ. Охин хүүхдэд их хайртай байсныг тэгэхэд би ойлгосон юм даа” хэмээн дурслаа.

Түүний аав 1945 оны чөлөөлөх дайнд явж, 1955 онд Алтан гадас одон авч байжээ. Харин түүний ээж Цэвэл 80 наслахдаа хүүхдүүддээ нэг ч удаа уурлаж байгаа харагдаагүй гэдэг. “Ээж маань хорвоогийн хамгийн амгалан хүн байсан даа” гэж тэрбээр ярьсан юм.

Тэдний зочны өрөөний хоймор дахь Д.Жамъян гуай болон түүний эхнэрийн цэргийн хувцастай зураг нүдэнд тод туслаа.

Зургийн талаар лавлахад “Би цэргийн албанд байхдаа зохиол бичдэг л байлаа. “Улаан-Од” сонинд ороод “Шинээлтэй хүмүүс” гэж цэргийн хэлмэгдүүлэлтийн талаар дөрвөн боть роман 20 хэдхэн насандаа бичиж Дотоод явдлын яамаар хянуулж байлаа. Энэ сонин намайг их хөгжүүлсэн дээ. “Улаан-Од” сонин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Унгарт суугаа Элчин сайд Т.Ганди, Генерал Пүрэвдорж гээд олон зохиолч, генерал төрүүлсэн газар даа” гэв.

Түүний бичсэн өгүүллэг, туужийг тоочоод байвал барахгүй. Өнөөдөр Монголд Д.Жамъян гуай шиг их хаадыг судалж, бичсэн зохиолч ховор. Тэрбээр “Чингис хаан”, “Хубилай сэцэн хаан”, “Галдан бошигт хаан”, “Амбагай хаан”, “Өгөөдэй хаан” гэсэн таван роман туурвиад буй. Мөн “Хулан хатан” байна. Тэрбээр түүхийн тухай ном бичиж эхлэхээс өмнө Хотын Намын хорооны төв хэвлэл “Улаанбаатар” сонинг үүсгэн байгуулалцсан гэдгээр нь хэвлэлийн салбарынхан андахгүй. Тухайн үед МСНЭ-ийн тэргүүн асан Б.Галаарид, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашням нарын хамт “Улаанбаатар” сонинг амжилттай эрхлэн гаргаж байсан талаараа Д.Жамъян гуай дурсаж байлаа. Монгол орон ардчилсан нийгэмд шилжээд хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй болонгуут тэрбээр “Чоно” хэмээх сонин эрхлэн гаргаж байв. Хаалттай байсан нийгэмд аливаа нууцлаг хайр дурлалын романс бүхий сонин нийгэмд гарангуутаа борлуулалтаараа тэргүүлдэг хэвлэлүүдийн нэг байжээ. “Миний тэр сонин бол сэтгэл зүйн эротик бичлэгтэй байсан. Ингээд Ц.Нямдорж Хууль зүйн сайд болоод тухайн үед сонинг маань хаачихсан. Би өөр өнцгөөс нь хараад бичээд байхад, Хууль зүйн яамныхан өөр өнцгөөс нь хараад байж л дээ. Ингээд 2000 оноос би их хаадын түүх рүү орсон юм. Үүнээсээ өмнө ариун библи, коран судар, буддын гүн ухааны сургаал уншиж судалсан. Эдгээр шашнуудын сургаалын 50 хувь нь зохиол, хүний далд ухамсар байна гэж харсан эндээс уран зохиолд хэрэгтэй зүйлийг дээжилж авсан нь зөн билэг. Зөн билэг гэдэг бол хүний ухамсрын чанадад байгаа нарийн нандин зүйл. Түүний их хаадын зохиолууд нь түүх биш. Тэрүүгээрээ бусад түүхийн номуудаас ялгаатай” гэж зохиолч маань өгүүлэв. Тэрбээр хаадын түүхийг уншиж байхдаа амьдрал нь уран зохиол байна гэдгийг олж харжээ. Түүхийг түүх чигээр нь хуулчихвал түүх болно. Тиймээс түүхийг зөн билгийн аргаар зохиол болгодог юм гэж Д.Жамъян гуай нэмж тайлбарлав. Дээрээс нь гавьяат маань хоёр ч түүхэн кинонд ажилласан аж. Япончуудтай хамтарч “Бөртэ чоно”, Орос, Америкчуудтай “Чингnс хааны нууц” хэмээх кино бүтээсэн нь дэлгэцэнд гарсан. “Монголын энэ баялаг түүхийг дэлхий ертөнцөд гаргах хамгийн дөт зам бол кино урлаг” гэж бодсоны үндсэн дээр киноныхонтой хамтарсан нь энэ ажээ.

Д.Жамъян гуай нутгийнхаа зохиолчдыг тэр дундаа Урианхайн гаралтай хүмүүсийг ихэд онцолж, тэднээрээ ч бахархаж суув. Тухайлбал,зохиолчдоос “Зулай цагаан Алтай”-г бичсэн эмч Л.Гүнсэн, түүний төрсөн дүү МУИС-ийн багш Л.Норовсүрэн, Төрийн шагналт Д.Норов, Зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Жамъян гуайн дүү Д.Пүрэв нарыг дурдаж байлаа. Тэрбээр зохиолчоос гадна зурхайч юм. Мөн МСНЭ-ий тэргүүн Б.Галаарид, доод үеийнхэн болох өвөрмөц шүлгүүдтэй Х.Нямхишиг нарын зохиолчдыг дурдав.

Д.Жамъян гуайн ажлын өрөөг сонирхлоо. Нэг хана нь тэр чигтээ номын сан ажээ. Нөгөө хананд нь төгөлдөр хуур, ширээ хашиж тавьсан байв. Ганц хүн л алхах чөлөөтэй. Энэ өрөөндөө зохиолч маань уран бүтээлээ туурвисаар иржээ. Хойморьтоо Галдан бошигтын хөргийг байрлуулсан харагдав. Мөн хүүхдүүдийнхээ гэрэл зургуудыг, танилууд, найз нөхдийнх нь бэлэглэсэн дурсгалын зүйлсийг ханандаа өлгөж, заримыг нь тавиур дээр байрлуулжээ. Тэдгээрээс номын багшийнхаа хөргийг өндөрт байрлуулжээ. Гурван жил мянбад суусан Заваадамдин Ренбүчи багш түүний бурхны шашны багш нь юм байна. Д.Жамъян гавьяат багшийнхаа тухай ярихдаа царайнд нь баяр баясал тодорч, “Манай багш дотроосоо гэрэлтдэг. Швейцарийн буддын гүн ухааны сургууль төгссөн. Англи, франц хэлнээс орчуулдаг. Дорно дахинд төвд, хятад, манж хэлнээс орчуулга хийдэг.Нэвтэрхий эзэмшсэн, төгс боловсорсон хүн. Одоо ШУА-ийн академичид байнга л очдог” гэлээ.

Зохиолч Д.Жамъян сонгодог уран зохиол, философи, түүх судалдаг болох нь энэ өрөөнөөс ажиглагдсан юм. Тэрбээр Япон, Хятад, Энэтхэгийн сонгодог зохиолуудыг уншиж байгаа аж. Ширээн дээрээ тэвхийтэл нь өрөөд тавьчихаж. “Орчин цагт уран зохиол оюун санааны уран зохиол руу шилжсэн. Хүний дотоод мөн чанар руу шилжсэн гэлээ. Одоо дэлхий дээр нэн шинэ цагийн уран зохиол бий болж байгаа” гэж тэрбээр яриандаа онцлов.

Д.Жамъян гуай Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн гайхамшигт үйлсийг нэлээд онцолж ярилаа. Ингэхдээ “Би бол яагаад ч зүгээр байдаггүй хүн шүү дээ, тэрийгээ ч өөрөө ойлгодоггүй юм” гээд гялгар уутнаас тамга гаргаж ирэв. “Хубилай хаан 800 жил үндэсний хороо” ТББ байгуулсан тамгаа үзүүллээ. Тэрбээр “Солонгосууд манай хаант улсыг үндэслэж байгуулсан гэж үзэж байна, оросууд Бат хааны дараа түүний байгуулсан Алтан ордон улсыг Хубилай бэхжүүлсэн гэж үзэж байна, Хятад бол энэ агуу их гүрнийг үүсгэн байгуулсан гэж үзэж байна. Цаашлаад Америк, Италид тэмдэглэж байна, Марка Поло баруунд цацсан. Монгол ийм том агуу хаантай байж нам жим байж болохгүй” гэж Д.Жамъян гуай толгой сэгсэрч байлаа.

Д.Жамъян гуай үеийнхнийхээ хажууд стильтэй хүн. Урт үстэй, этгээд чөлөөт хувцаслана. Залуудаа тун ч дэгжин эр байж. Энэ нь ч түүний ярианаас анзаарагдав. Мань эр “Уран бүтээлч хүн өөрөө ариун байвал тунгалаг бүтээл туурвина. Би нэг хувцсыг долоо хоногт нэг л өмсдөг. Би хувцсаа өдөр өдрөөр нь өмсвөл сар гаруй өмсчихнө” гэв. Харин гэзэгний тухайд ярихдаа “Би аль эртнээс үсээ ургуулж эхэлсэн. Ширүүн үстэй болохоор ингээд ургуулаад боочихоор амар юм. Миний ээж 80 хүрэхдээ борвио хүрсэн гэзэгтэй байж билээ. Би ч бас тэгэх байх” гээд инээлээ. Түүний шавийн талаар сонирхоход “Дэлхийн сонгодгийн хэмжээнд бичиж байгаа Б.Ойдов байна, орчуулагч Ж.Нэргүй байна. Харин зохиолчдоос Аюурзанын номыг их уншдаг, нэг л өөр өгүүлэмж, дүрслэлтэй” гэж байв.

Түүний гэргий Н.Лхагва Ховд аймгийн Цэцэг сумын харьяат ажээ. Тийм ч учраас эмнэлгээ нутгийнхаа шүтээн болсон хайрхан, “Их зайсан уул” гэж нэрлэжээ. Н.Лхагва гуай шүдний эмч мэргэжилтэй. Цэргийн госпитальд хамаг залуу халуун насаа зориулж хөдөлмөрлөснийхөө үр шимийг одоо хүртэж байгаа буянтан. Тэрбээр хөдөлмөрч, дайчин нэгэн болох нь өнөөдөр хувийн эмнэлэг байгуулж, өдий зэрэгт нь хүргэснээс тод харагдана. Эдний эмнэлэг хоёр ч удаа магадлан итгэмжлэгджээ. Мөн тэрбээр Монголынхоо шүдний өвчлөлд санаа зовниж, Японоос орчин үеийн техник, технологиудыг анх удаагаа оруулж иржээ. “Хэдийгээр хувийн эмнэлэг ч гэсэн юм бүхнийг зоосны нүхээр харахыг хүсдэггүй” гэж хэлсэн нь Н.Лхагва гуайн философи. Ер нь эдний эмнэлэг амьд¬ралын боломж тааруу хүмүү¬сийг үнэ төлбөргүй эмчилдэг байна. Мөн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө шинэ технологийг Монголдоо нутаг¬шуулж ажиллаж байгаа юм байна.

Д.Жамъян, Н.Лхагва гуайн хүү, охин хоёр мөн л шүдний эмч гэсэн. Хүргэн, бэрүүд нь ч ялгаагүй шүдний эмч гэсэн. Зүгээр ч үгүй бүгд хилийн чанадад мэргэжил эзэмшжээ. Ингээд энэ гэр бүлийн зургаан том хүний тав нь эмч, нэг нь зохиолч болохоор гэр бүлээрээ уулзахаар олонхийн мэргэжил давамгайлдаг байна. Эрхэм зохиолч аль болох тэдний яриаг түүх рүү чиглүүлэхийг хичээдэг аж. Дээрээс нь Д.Жамъян гуайн дүү нар болон Н.Лхагва гуайн хамаатнууд дунд эмч нар олон бий. Ямар сайндаа тэд нутагтаа гэр бүлээрээ очиж л дээ. Тэгсэн нутаг усаар нь нэг Дамдин жолоочийн таван хүү ирээд явжээ. Нэг онцлог нь долоон эмч байна гэсэн яриа гарсан байжээ.

Сонирхуулахад, Д.Жамъян зохиолч гэргийнхээ хамт 1986 онд Германд очоод нэг зочид буудалд буухдаа их зохиолч Д.Нацагдорж 1929 онд байрлаж байсан өрөөнд гурав хонож байжээ. Тэр өрөөнд их зохиолч маань буудаллаж байсныг хоёр хоногийн дараа орчуулагчаасаа мэдэж байсан гэнэ. Тэдний өрөөнд нэгэн пайз хадчихсан байсан дээр энэ тухай бичсэн байжээ. “Би Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал аваад зогсож байхдаа тэр өрөөнд хоносных гэж бэлгэшээдэг байлаа” гэж Д.Жамъян зохиолч өгүүлж байлаа. Түүний том ач охин зохиол бичдэг авьяасыг нь өвлөх тун их магадлалтай харагдаад байгаа аж. Д.Жамъян гуай найман настайгаасаа шүлэг бичиж байжээ. Тэрбээр анх “Түмэн олны хөгжил Түүдэг галаас түргэн, Төрүүлж өсгөсөн Чойбалсан” гэж бичиж байсан гэнэ.Төрийн шагналт, Д.Норов гуайн хамт хадан дээр суугаад иймэрхүү шүлэг, зохиол их бичдэг байжээ. Харин, түүний ач охин эссэ бичлэгийн уралдаанд сургуульдаа түрүүлж, шүлэг зохиодог авьяаслаг болохыг өвөө нь бахархан ярив.

Хүний амьдрал, жаргал зовлон ээлжилдэг болохоор том хүүгээ харамсалтайгаар хүний нутагт алдаж, маш их шаналалд автсан ч хөл дээрээ эргэн зогсож чаджээ. Ийм тэнхээ эр хүнээс биш, гэргийгээс нь гарч байсныг Д.Жамъян гуай өгүүлж байв. Тэрбээр хүүгээ Оросын мафиудын гарт алдчихаад цөхөртлөө явсан боловч төр засаг огт анхаараагүйд одоо хэр нь гомдож явдаг юм билээ. Арга ядаад гадаадад цагаачлахаар шийдсэн байхад нь Нямгаваа найруулагч ухааруулж, эх орон руу нь урвуулж чаджээ. Хамгийн гол нь сэтгэлийн хат, амьдралын ухаантай гэргийнхээ хатуужлаар хөл дээрээ зогсож чаджээ. Мөн түүнд бурхны сургаал маш их хүч хайрлаж, сэтгэл зүйн эмч болж чадсан байна. Одоо энэ хоёр хөгшин хүү, охин хоёртой, олон ач, зээтэй өнөр бүл болжээ. Тэднийхээ төлөө хийж, бүтээх үйлс арвин байгаа гэсэн. Уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, эрүүл энхийг эрхэмлэгч сэхээтэн гэр бүлд өнжсөн тэмдэглэлийг хүргэхэд ийм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхцэцэг: Цахим гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж байна. Ээлжит бусаар төсвийн тодотгол хэлэлцэгдэнэ. Ямар төсвүүдийг хумьж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан “КоВид-19” цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт саарч, дотоодын хэрэглээ, экспорт, импорт буурснаас 2020 оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр буурсан байна. Ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгаа тул эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээнүүдийг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс төсвийн тодотголын төсвийг Засгийн газраас өргөн бариад байна.

Төсвийн тодотголоор цар тахлын үеийг даван туулах нийгэм, эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын тодорхой ажлуудыг тэр дундаа гэрээ байгуулаагүй эсвэл ажлын удаашралтай байгаа төслүүдийг танана. Мөн дараа он руу үргэлжлэх төслүүдийн санхүүжилтыг бууруулах юмуу хойшлуулах байдлаар хөрөнгө оруулалтын тодотгол хийхээр Сангийн яамнаас санал болгоод байна. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэхийн тулд төсөвт байгууллагын тэвчиж болох зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар 118.2 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Тэвчиж болох зардал гэдэг нь бичиг хэрэг, тавилга эд хогшил, томилолтын зардал зэргийг хэлж байгаа юм.

Цаашид цахим системийг бүрэн нэвтрүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн зардлын өсөлтийг бууруулах зорилт тавьж байгаа.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цар тахлыг даван туулах чиглэлээр зорилт багтсан уу?

-Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо ард түмэндээ амласан Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрт суурилсан. Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөр Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс нутаг, орон нутаг хөгжлийн бодлого гэсэн таван бүлэгтэй тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ таван бүлэг орсон. Үүн дээр нэмэгдээд Цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого гэсэн зургаан бүлэг бүхий Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-д өргөн бариад байна.

-Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогод юу юуг хамруулж байгаа юм бол?

-Цар тахлын хүндрэлийг даван туулахад хамгийн эхэнд иргэн, ААН-үүдээ дэмжих арга хэмжээг үргэлжлүүлнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, НДШ-ийн хөнгөлөлт, жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой ААН-ийг ААНОАТ-аас чөлөөлөх, түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-д үзүүлэх татварын хөнгөлөлт үргэлжилнэ. Хоёрдугаарт, цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахын тулд цар тахалтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмж байгаа. Үүнд, Засгийн газрын нөөц хөрөнгийн санхүүжилтийг нэмэх, галын шугаманд ажиллаж буй ХӨСҮТ болон эмч эмнэлгийн ажилчдад цалин урамшууллыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн оношилгоо эмчилгээнд зориулсан импортын бараа бүтээгдэхүүн эмийн хэрэгслүүдийг гаалийн болон НӨАТ-аас он дуустал чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд орж байгаа. Мөн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд хамруулах зорилт тавьж байна. Цар тахлын үеийн эрүүл мэнд бэлэн байдлыг хангах үүднээс эрүүл мэндийн байгууллагууд аймгууд нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус оруулсан байна.

-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэлээ. Цар тахлын энэ үед боловсролын тэгш хүртээмж голчилж ярих сэдэв. Энэ тухайд?

-УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын салбар дахь цахим шинэчлэл”-ийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Цар тахлын улмаас дэлхий даяар боловсролын салбарт цахим болон зайны сургалтын тогтолцоонд шилжихээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Цахим шилжилт гэдэг бол цахим сургалтын контент, нэгдмэл платформ, тэгш хамруулах боломж гэх мэт олон зүйлийг дэлхийн стандартын дагуу нэвтрүүлэх явдал юм. Цахим сургалт хэдий давуу талтай ч нийгмийн тэгш бус байдлын улмаас боломжтой хэсэгт илүү давуу тал олгох, боломжгүй хэсгийг улам бүр ялгаварлалд хүргэх магадлалтай учраас хүүхэд бүрийг тэгш хамруулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд Econtent.mn зэрэг цахим сургалтад шаардлагатай контент, сайт, аппликэйшнүүдийг дата төлбөрөөс чөлөөлөх, сургуулийн орчинд 4G сүлжээний аксесс пойнт суурилуулах зэргээр тэгш хамруулах боломжийг бүрдүүлэх ажлыг хийх нь чухал байна. Мөн цахим сургалтын үр дүнг үнэлэх, багшийг урамшуулах, цахим контент бэлдсэн багшийн ажлын цагийг хэрхэн тооцоолох гэх мэт нэгдсэн стандарт, бодлогын ажлууд хийгдэх шаардлагатай байна.

Монгол Ардын Нам 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Удахгүй эхлэх ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Энэ хүрээнд шинээр байгуулагдсан Цахим бодлого, инновацийн дэд хороо боловсролын салбарын цахим шилжилтийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно.

-Та Хууль зүйн байнгын хороонд харьяалагдаж байгаа. Нэн тэргүүнд ямар хуулийн төслүүд дээр ажиллах шаардлага үүсч байна вэ?

-Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллаж байна. Шүүхийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн намын тогтолцоог төлөвшүүлэх, улс төр дэх бизнесийн нөлөөг хязгаарлах, хүний эрхтэй холбоотой шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгоход голлон анхаарч ажиллана. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын сонгон шалгаруулалт ба томилгоо нь мэргэжлийн, хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тал дээр Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд анхаарч ажиллана. Тухайлбал, Хүний эрхийн комисс шинээр бүрэлдэж байгаа, өмнөх УИХ дээр эхний сонгон шалгаруулалт нь хийгдсэн. Хүний эрхийн комиссын гишүүд улс төрөөс ангид, хүний эрхийн салбарт мэргэшсэн, ашиг сонирхлын зөрчилгүй, жендерийн мэдрэмжтэй байх ёстой гэж үзэж байна. Хүний эрхийн үндэсний комисс бол хүний эрхийн зөрчилд хяналт тавих гол байгууллага. Гэтэл энэ байгууллагын бүрэлдэхүүнд прокурор, шүүх цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс томилогдож ирсэн уламжлал байдаг. Хүний эрхийг хамгийн зөрчдөг гэж тооцогддог хүчний байгууллагын хүмүүсийг хүний эрхийн үндэсний комисст оруулахгүй байх нь зөв гэх хатуу байр суурьтай байгаа. Мөн иргэдээс эрүүдэн шүүх асуудлыг эсрэг санал гомдол өргөдөл нэлээд ирж байгаа. Тиймээс эрүүдэн шүүх ажлын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон шалгаруулах тогтолцоонд шилжинэ.

Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.

-Та цахим аюулгүй байдлын талаарх хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Хүний эрхийн дэд хорооны анхаарал тавих нэгэн чухал асуудал бол цахим орчинд хүний эрхийг хангах, цахим орчны аюулгүй байдлыг хангах асуудал болоод байна. Цахим аюулгүй байдал тэр дундаа цахимаар эдийн засгийн болон бусад нэр төрд нь халдах, цахим гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд “23 насандаа дөрвөн хүүхэд гаргалаа” хэмээн нэгэн бүсгүйн зургийг нь тавин сошиал орчинд шүүмжилсэн, гутаан доромжилсон ташаа мэдээлэл нэлээдгүй явлаа. Дуртай нэг нь хүний зургийг тавиад худал мэдээлэл тарааж, сэтгэл санааны болон нэр төрд хохирол учруулж байхад нийтээр хараад сууж байдгийг өөрчлөх ёстой. Энэ бол цахим орчинд хүний нэр төр, нандин байдлыг гутаан доромжилсон, цахим гадуурхал, цахим гэмт хэрэг юм. Фэйсбүүк, твиттер, гар утас зэргийг ашиглан хэн нэгнийг гүтгэх, гутаан доромжлох, дарамтлах, сүрдүүлэх үйлдэл байнга гарч байгаа ч үүнтэй эвлэрэх, байдаг л зүйл гэж үзэх хандлага түгээмэл байгаа нь харамсалтай. Ийм учраас цахим орчинд хүний эрхийг хангах асуудлыг бид шинээр харж, өсвөр үеийнхэн болон олон нийтэд цахим мэдээллийн хэрэгслийн боловсрол олгох, цахим орчинд хувь хүний аюулгүй байдал, хүний эрхийг хангах, хуурамч мэдээнээс хамгаалахад шаардлагатай хууль тогтоомжийг гаргах хэрэгтэй болоод байна. Мөн цахим сүлжээгээр үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, аймаг нутгаар ялгаварлан гадуурхсан, садар самуун, хүчирхийлэлд уриалан дуудсан монгол үндэстнийг хагалан бутаргасан мэдээлэл түгээж буй пэйж хуудас, группүүд зөндөө байсаар байна. Олон улсын практикаас үзэхээр Герман улс анх удаа цахим орчны зохицуулалтын хууль баталсан. Бусад улс орнууд ч энэ хүрээнд зохицуулалтаа хийж байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд энэ асуудлаар бусад гишүүдийн хамт ажиллана. Гэхдээ цахим сүлжээнд хүний эрхийг хангах, цахим орчны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчихгүй байх ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн УИХ-ын гишүүдийн эрх мэдэл нэлээд танагдаж байгаа болов уу?

-2019 оны 11 дүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын болон УИХ-ын гишүүдийн эрх мэдэл хязгаарлагдаж, хариуцлагыг чангатгасан. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татагдах болж байгаа. Мөн УИХ-ын ээлжит, чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож 1992 оны Үндсэн хуулийн анхны заалтыг сэргээснээр УИХ-ын хууль батлах бүтээмж сайжрах болно. Мөн хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол 39-өөс доошгүй гишүүд хуулийг батлахаар босгыг өндөрсгөсөн. Мөн УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож өгсөн. УИХ-ын тухайн хуулийн шинэчилсэн найруулгаар гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан. Мөн ТББ-ууд, нутгийн зөвлөл гэх мэтийн удирдлагад орж бодлогод нөлөөлөх байдлыг хуулиар хориглолоо.

Categories
мэдээ цаг-үе

​Зууны манлай генерал Ж.Цэнд-аюушийн зуун жилийн ой тохиож байна


Зүүн гараас: Партизан П.Тогтох, С.Батаа, Ю.Цэдэнбал, Ж.Цэнд-Аюуш Хоёрдугаар эгнээ: Ц.Содномдаржаа, Л.Вандан, Д.Гунгаа, П.Шагдарсүрэн. 1965 он.

Энэ онд төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Ж.Цэнд-Аюушийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Тус ойг тохиолдуулан энэ сарын 21-ний өдөр Монгол цэргийн музейд хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. Ж.Цэнд-Аюуш нь 1943 оноос эхлэн Ардын армид сумангийн улс төрийн удирдагч, хорооны намын товчооны дарга, дивизийн намын ажлын зааварлагч, Намын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Архангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ардын цэргийн Улс төрийн газрын даргаар гурван удаа томилогдон ажилласан юм. 1969 оноос БНМАУ-ын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны анхны даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд тавдугаар дивизийн 28 дугаар хорооны намын товчооны даргаар оролцож, Өвөр Монгол ба Хятадын нутагт гурван сар шахам явж Цагаан хэрэм, Долоннуур, Жэхэ хотод ажилласан байна. Түүнийг чөлөөлөх дайнд эрэлхэг, зоригтой, гарамгай гавьяа байгуулсан учир Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүний мэндэлсний 100 жилийн ой чөлөөлөх дайны 75 жилийн ойтой зэрэгцэн тохиож байгаа юм. Тэрбээр энэ дайны галын шугаманд шалгарсан олон мянган эрэлхэг эх орончдын нэг юм.

Монголын Ардын Армийн Улс төрийн газрын даргаар гурван удаа томилогдсон Ж.Цэнд-Аюушийг зэвсэгт хүчнийхэн “загалмайлсан эцэг” хэмээн бишрэн хүндэтгэдэг байв. Харин өнөөдөр бид түүний зээ хүү, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Дашпунцагийн Ганзоригийн ажил дээр саатаад мордлоо. Түүний өрөөнд чөлөөнд байгаа хурандаа Г.Буянхишиг болон Цэргийн улс төрийн ажилтны ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа нар ирсэн байлаа. Ж.Цэнд-Аюуш генералын 100 насны ойг тэмдэглэх санаачилгыг Цэргийн улс төрийн ажилтны нэгдсэн холбооны зөвлөх генерал Г.Дугарсүрэн, Цэргийн улс төрийн ажилтны төрийн бус байгууллагын тэргүүн хурандаа Б.Жуваа нар гаргаж, төрөл төрөгсөд нь дэмжиж, ийн ирэх бямба гаригт тэмдэглэхээр болжээ. Энэ өдөр дашнямтай өдөр тохиож байгаагаараа онцлог. Түүнчлэн эл өдөр Чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн давааг эзэлсэн өдөр юм билээ. Мөн Чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Цэргийн музейд дурсамж уулзалт, ярилцлага хийж, үзэсгэлэн гаргахаар болжээ. Энэ үйл ажиллагаануудад Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулга, Батлан хамгаалахын төв архив хамтран ажиллах юм байна. Мөн Батлан хамгаалах болон Жанжин штабын удирдах албан тушаалтнууд урилгаар ирнэ гэлээ.

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙГ БАЙГУУЛАХЫГ ӨВӨӨ МИНЬ САНААЧИЛЖ, БИ СУУРИЙГ НЬ ТАВИЛЦСАН


Ж.Цэнд-Аюуш генералын зээ хүү Д.Ганзоригтой ярилцсанаа хүргэе.

-Таны өвөө бол зэвсэгт хүчнийхэн дунд “Загалмайлсан эцэг” хэмээн бишрэн хүндэтгүүлж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн. энэ хүний үр удам гэдгээрээ бахархаж явдаг байх. өвөөгийнхөө талаар хуучлахгүй юу?

-Ж.Цэнд-Аюуш генерал 1920 оны есдүгээр сарын 10-нд одоогийн Архангай аймгийн Одон сумын Бургалтай гэдэг газар төрсөн. Эгч Дуламжав, ах Тогоохүүгийн хамт эхээс гурвуулаа. 1939 онд сайн дураараа цэрэгт явах гэсэн боловч тухайн үеийн нийгмийн шаардлагаас шалтгаалан цэрэгт татаагүй гэдэг. 1940 онд дэлхийн хоёрдугаар дайн эхэлж олон хүнийг цэрэгт татахад өвөө маань бичиг үсэгтэй учраас тэр дунд нь багтаж чадсан хэрэг. Чухамдаа нисгэгч болох хүсэлтэйгээр цэрэгт орсон юм билээ. Бичиг үсэгтэй, тоо сайн боддог учраас артлерийн ангид хуваарилагдаж, байлдагчаас генерал болсон түүхтэй. Ид залуу насандаа их бууны дивизонд улс төрийн орлогчоор ажиллаж байгаад ахлах дэслэгч цолтойдоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчийн 95 дугаар тогтоолоор Цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж байсан. Цэрэгт байх хугацаандаа олон ч цэргүүдээс ялгарч чадсан учраас дарга нар нь цэргийн сургуульд оруулж байсан гэдэг шүү. Тухайн үед Цэргийн Ерөнхий дээд сургууль нэртэй, Одоогийн Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн үндэс суурь болсон сургууль л даа. Энэ сургуулийн түр курсыг 1941-1943 оны хооронд улс төрийн ангийг ахлах дэслэгч цолтой төгсөөд, дараа нь Чөлөөлөх дайнд оролцож байсан.

Генерал Ж.Цэнд-Аюушийн дурсгалд зориулан энэхүү хөргийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дэлэгням 1971 онд бүтээжээ.

-Энэ нэр хүндтэй хүнийг мартахгүй хойч үедээ сануулж байхын тулд буурлууд Чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор, одоогоос таван жилийн өмнө номын цагаан суварга босгосон юм билээ?

-Энэ номыг уншихад талийгаач С.Гомбосүрэн генералын үг миний сэтгэлийг их татдаг. Тэрээр, “Батлан хамгаалах яамны гол хаалгаар ормогц баруун талын ханан дээр Монгол Улсын цэргийн нэрт зүтгэлтнүүдийг бичсэн гантиг самбар байна. Тэр самбар дээр Д.Сүхбаатар жанжин, Хатанбаатар Магсаржав зэрэг гайхамшигтай хүмүүсийн нэр дотор Жамцын Цэнд-Аюуш хэмээх нэр байдаг. Энэ хүний тухай миний хэртэй хүн бичиж зүрхэлнэ гэдэг дэндүү хэрээ мэдэхгүй оролдлого болохыг ойлгож байгаа боловч би номондоо Ж.Цэнд-Аюуш гуайн тухай дурсахгүй байж зүрхлэхгүй нь ээ” хэмээгээд манай өвөөгийн тухай бичсэн байдаг. Би бага байсан учраас ажлын арга барилыг нь мэдэхгүй ч номноос уншихад ямар мундаг улс төрийн ажилтан байсныг нь ойлгосон. Тэр үед нам төвтэй засаг байхад намаар далайлгаж ажил хийдэггүй, бие биеэ хүндэлсэн улс төрийн аргаар ажилладаг байсан. Тухайлбал, Яамны коллегийн хурал хэмээх их том хурлын сайд нь Ж.Лхагвасүрэн жанжин, Жанжин штабын дарга нь Б.Цог генерал зэрэг алтан үеийн мундаг генералуудтай хамт ажилладаг байсан. Хурал дээр бүгд Цэнд-Аюуш генералын үгийг сонсдог байсан. Энэ номыг уншихад тухайн үеийн хүмүүс ямар ихээр биесээ хүндэлж, гар нийлэн ажилладаг байсныг харж, одоогийн бид тэрхүү арга барилд нь суралцмаар санагддаг. Манай өвөө их намуухан зөөлөн хүн байсан ч ажил үйлс нь дандаа хэрэгждэг байснаас нь үзвэл гаргууд удирдагч байсныг нь мэдэж болно.

-Улс төрийн газрын даргаар гурван удаа томилогдсон юм билээ…

-Эхлээд хурандаа цолтой байхдаа Москва руу сургуульд явах болж, ажлаа өгсөн. Сургуулиа төгсөж ирээд мөнөөх албан тушаалдаа томилогдсон. Ажлаа хийж байх хугацаанд нь биеийн байдал тааруун улмаас Армиас гарч төрсөн нутаг Архангайдаа очиж намын хорооны даргаар ажилласан. 1960-аад оны үед манай хоёр хөршийн хоорондын харилцаа муудаж, армийг урьд өмнө нь байгаагүйгээр өргөтгөн зохион байгуулах болж, Ю.Цэдэнбал дарга хамгийн түрүүнд эргээд армид нь дуудсан. Удалгүй Лхагвасүрэн жанжинтай хамт Москва руу очиж Никитович Сергейвич Варшавтай уулзсан. Энэ үед манай арми зэвсэг техникийн хувьд урьд хожид байгаагүйгээрээ өргөжсөн байгаа юм. Мөн Төв хорооны гишүүн, Ардын хурлын тэргүүлэгчдийн гишүүн ч байсан. Ц.Лоохууз, Сурмаажав нарын хэргээр Төв хороо өдөр шөнөгүй хуралдахад тэр хуралд суусаар байгаад бие нь тун тааруу болсон. Тус хуралд үг хэлж байгаад ухаан алдсанаас хойш сэрэхгүй байсаар нас барсан даа. Би хүүхэд байхдаа Цэргийн-64 гэдэг газар төрж, өвөөтэй хамт өссөн. Намайг бага байхад өвөө Ю.Цэдэнбал даргын санаачлан байгуулсан Ахмад зүтгэлтний хорооны анхны даргаар нь томилогдож байсан. Тэр үед өвөөгийн бие их тааруу байсан.


Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев, Яамны сайд Ж.Лхагвасүрэн, Улс төрийн газрын дарга Ж.ЦЭнд-Аюуш нарын түүхэн уулзалт. Москва Кремль 1963 он

-Өвөөгийнхөө сайн сайхан зан чанарын талаар хуучлахгүй юу. хүүхдэд их хайртай байсан гэдэг юм билээ…

-Өвөө хүүхдэд их хайртай, хоёр халаасандаа дүүрэн чихэр хийж гараад тэр хавийн хүүхдүүдэд тараана. Хүмүүсийн нэрийг сайн тогтоодог, бүх хүнийг нэрээр нь дуудаж харьцдаг байсан. Хүүхдэд их хайртай байдаг нь сонин түүхтэй л дээ. Өөрийн ах Тогоохүү нь арван хүүхэдтэй байгаад залуугаараа нас барсан. Тэр үед эгчийгээ Архангайгаас авчраад ахынхаа хүүхдүүдийг өсгөсөн. Тэгээд ахынхаа сүүлд гарсан таван хүүхдийг нь өөрийнхөө нэрээр овоглосон. Өөрөө нэг ч хүүхэдгүй. Ахаасаа өргөж авсан хүүхдүүдийнх нэг нь манай ээж юм. Цэргийн-64-т дөрвөн өрөө байранд 20 гаруй хүмүүс хамт амьдардаг байсан. Тэр олон хүнийг тээр шаалгүй бүгдийг нь өөрийнхөө хүүхэд мэтээр хайрлаж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Тийм л сайхан сэтгэлтэй, бурхан шиг хүн байж дээ гэж одоо боддог.

-Сонирхолтой юм. Таны өвөө бол зууны манлай генерал гэгддэг хүн. Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр цэргийн амьдралыг сонгож байв уу?

-Орхоны хөндий гэж сайхан хөндий бий шүү дээ. Энэ хөндийд манай өвөг дээдэс эрт үеэс нутагладаг байсан. Социализмын үед атаржих хөдөлгөөн явагдаж бэлчээрийг нь хагалаад мал бэлчих газаргүй болсон учраас бүх малаа нэгдэлд тушаагаад хотод орж ирсэн юм билээ. Ингээд л өвөөгийн минь цэргийн амьдралын гараа эхэлсэн гэдэг. Манай удмынхан дунд цэргийн амьдрал сонгосон хүн надаас өөр байхгүй. Өвөө минь намайг сургуульд ороогүй байхад нас барсан учраас ямар цэргийн сургууль төгссөн, ямар албан тушаал эрхэлдэг байсныг нь ч мэддэггүй байлаа. Дунд сургуулиа төгсөхөд хэн ч намайг цэргийн сургуульд ор гэж хэлээгүй. Гэтэл яг өвөөгийнхөө төгссөн улс төрийн ангид орчихсон байсан. Үүнийг хувь тавилан гэж боддог. Цэргийн сургуульд байхад өвөөг маань их магтаж ярьдаг байсан. Тэгэхэд манай өвөө гэж гайхуулаад байлгүй чимээгүй даруухан байсаар сургуулиа төгссөн дөө.

-Өвөөтэйгөө холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

-Нэгэнт энэ хүний тухай ярьж байгаа учраас хэдэн зүйл хэлэх нь зүйтэй байх. Хүний түүхэн хувь заяа гэж бий. 1987 онд би цэргийн сургуулийн гуравдугаар курст байхдаа энэ музейн суурийг ухаж байсан юм. Сүүлд сонсох нь ээ, 1966 оны нэгдүгээр сарын 13-нд Ж.Цэнд-Аюуш генерал “Монголын Ардын армийн өнөөгийн зорилт” хэмээх илтгэлдээ музей байгуулах тухай санал гаргаж байсан юм билээ. Энэхүү саналыг нь Ю.Цэдэнбал дарга тэргүүтэй Улс төрийн товчоо дэмжиж, түүхэн шийдвэрийг нь гаргуулсан аж. Би сонсогч байх үедээ музейн суурийг тавилцаж байсан бол өвөөгөө музейн талаар анх ярьж байснаас 50 гаруй жилийн дараа музейн захирлаар томилогдон ирж байна. Энэ бол хувь заяа гэж боддог. Намайг музейд ажилласнаас хойш зургаан сарын дараа манай музей “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байлаа. Үүнээс хоёр хоногийн дараа би хурандаа цол авсан. Ингээд бодохоор музей минь надтай түүхэн хувь заяатай гэж боддог.

Ж.ЦЭНД-АЮУШ ГЕНЕРАЛ БОЛ АМЬД БУРХАН, БАХАРХАН ДУУРАЙХ АРИУН ҮЙЛСТЭН

Чөлөөнд байгаа хурандаа Г.Буянхишиг “Ж.Цэнд-Аюуш дарга 50 насандаа Алтан гадас одонгоор шагнуулаад, 1971 онд буюу тавин нэгэн насандаа нас барсан. Хагас зуун жил гаруй хугацаа өнгөрч байхад энэ их хүмүүний талаар” ард олон марталгүйгээр ярьж байгаа нь сайхан байна. 1960 онд би хөдөөний сургуулийн багш байсан юм. Энэ хүний ачаар цэрэгт явж мөрөөдлөө биелүүлж, армийн ахмад дарга болж байсан. Түүний биеийн байдал нь их тааруухан учраас Ю.Цэдэнбал дарга эрүүл агаарт гаргахаар төрсөн нутаг Архангай руу нь онгоцоор явуулж байсан. Тэгэхэд Архангайд хамгийн анхны онгоц газардаж байсан гэдэг.

Ж.Цэнд-Аюуш даргын үед Зөвлөлтийн цэргийн академи, дээд сургуульд суралцаж төгссөн улс төрийн ажилтнууд 1970-1990 онуудад улс төрийн газрын хэлтэс, нэгдэл, нэгтгэлийн улс төрийн хэлтэс, хороо, тусгай ажилчдын улс төрийн байгууллагуудыг удирдаж байсан. Энэ бол Ж.Цэнд-Аюушийн алсын хараа, зөв бодлогын үр дүн гэж үзэх бүрэн үндэстэй. “Өндөр уул нөмөр ихтэй, өргөн тал хараа сайтай” гэдэг мэргэдийн үг бий. Ж.Цэнд-Аюуш дарга түшигтэй, элч ээл ихтэй, халуун сэтгэл, саруул ухаантай, оновчтой санаачилга, шинэ арга барилыг эрэлхийлдэг бүтээлч зохион байгуулагч байв. Ж.Цэнд-Аюуш даргын санаачлан хийж хэрэгжүүлсэн зарим ажлаас жишээ болгон цухас дурдахад, Улс төрийн газрын товчоог буй болгосон нь ардчилал шударга ёсыг эрхэмлэсэн хамтын удирдлагын нөлөө бүхий тогтолцоотой болов. Улс төрийн газрын бүтцэд соёлын хэлтэс байгуулсан явдал армид соёл урлагийн хөгжил ололтод ахиц алхам ч болсон.

Тэрээр, төр түмний итгэж хүлээлгэсэн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байсан олноос онцгой хүн юм байсан” хэмээн хуучиллаа.


БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүд: Зүүн гараас: С.Батаа, Ж.Самбуу, Ц.Готов. Хоёрдугаар эгнээнд Г.Чимэд, Ч.Пүрэвжав, С.Удвал, Ж.Цэнд-Аюуш, Д.Ядамсүрэн 1966 он

Тус аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга асан С.Намжилмаа дурсамжиндаа:

Цэнд-Аюуш даргыг нутгийн хүн ирлээ гэж тааламжтай байсан хэдий ч цэргийн хүний хатуу чанга гарт орлоо доо.Хөдөөгийн ажил амьдралын талаар мэдлэг, дадлага туршлага ямар бол доо гэцгээж байсан. Гэтэл тэрээр маш элэгсэг дотно харьцаатай, орон нутгийн ажлыг сайн мэддэг, зохион байгуулах чадвар туршлагатайг түмэн олон хүлээн зөвшөөрч хүрээлсэн. Аймгийн бүхий л ажилд ахиц дэвшил гарсан” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Олон сайхан шинж чанар бүрдсэн хүнийг бид амьд бурхан хэмээн дээдлэн хүндэлдэг билээ. Ж.Цэнд-Аюуш генерал бол ёстой амьд бурхан, бахархан дуурайх ариун үйлстэн байлаа. Цагийн өнгө, салхины урсгалд эрэлхэг гарамгай эх орончдын суу алдар, гавьяат үйлс мартагдах, бүдгэрэх, хойч үе залуус маань эс мэдэх, үл тоох ёсгүй хэмээн бодном.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнгөн: Өнөөдөр хуримтлуулснаар чи ирээдүйгээ худалдаж авч байгаа юм

-ТА ХААЛГАА ХААГААД ХЭР УДААН АМЬДРАХ ВЭ ГЭДГИЙГ ХАДГАЛАМЖ ТАНЬ АСУУДАГ-

Хувийн санхүүгийн зөвлөх, лектор Г.Мөнгөнтэй ярилцлаа.


-Өмнө нь та “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номыг бичиж байсан. Тэгвэл одоо уншигчдын хүртээл болоод байгаа “Тархины блок” ном тань борлуулалтаар тэргүүлсээр байна. Энэ номыг бичихэд хэр хугацаа зарцуулав?

-”Тархины блок”-ийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бичээд бэлдсэн байсан. Гэвч тухайн үед бүтээлээ уншиж үзэхэд хангалттай биш санагдсан учраас гаргахаа түр хойшлуулж, дахин хэдэн сар ажилласан юм. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард “Тархины блок” номоо албан ёсоор гаргаж, эхлээд хоёр мянган хувь хэвлэхэд сар хүрэхгүй хугацаанд дууссан. Одоогоор ном маань ойролцоогоор дөрвөн мянга гаруй борлуулалттай байна.

-Тэгвэл “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” ном хэдэн хувийн борлуулалттай байсан бэ?

-Энэ ном маань 20 мянга орчим борлуулалттай зарагдсан. Ерөөс уншигчдын зүгээс ном уншихад гурван цикл явагдаж байгааг анзаарлаа. Тодруулбал, эхнийх нь ном гарсны дараа сонирхож эхлэх үе. Дараа уншигчид номын талаарх сэтгэгдэл шүүмжийг хэлдэг. Харин гуравдугаарт, тэр ном үнэхээр амьдралд тань нөлөөлж, өөрчлөлт гаргасан уу гэдэгт оршино. Өөрөөр хэлбэл,тухайн номны арга зөвлөгөө амьдралд тань дорвитой нөлөөлсөн үү гэдэг асуулт байгаа юм. Уран зохиолын номноос уншигчид таашаал авдаг бол хувь хүний хөгжлийн ном тухайн хүний амьдралын гарын авлага болдог.

-Номын нэр сонирхолтой санагдлаа. Чухам “блок” гэдэг үгээр ямар утга санааг илэрхийлэхийг зорив?

-Бид өөрсдийнхөө боловсролд анхаарч алхам тутамдаа суралцахыг хичээдэг. Тэгвэл энэ мэдлэг чиний амьдралд яагаад дорвитой өөрчлөлтийг авчрахгүй байна вэ. Улам хөгжиж тэлэх байтал харах өнцөг тань яагаад нэгэн хэвийн байгаа вэ. Эндээс л гол асуулт, асуудал үүсч байгаа юм. Тиймээс “Тархины блок”-оор дамжуулан энэхүү гацаанаас хэрхэн гарах гаргалгааг чиглүүлэхийг хүссэн. Биднийг зорилго хүртэл “блок”-нд буюу гацаанд оруулж байдаг. Ерөөс сурсан мэдсэн бүхэн амьдралд хэрэгжихгүй болохоор бууж өгч залхдаг юм билээ.

-Тэгвэл яаж энэ “блок”-оос гарах вэ?

-Ирээдүйн талаар олон юм бодохгүй өнөөдөртөө төвлөрснөөр гацалтаас гарч, яг хийж чадах зүйлдээ анхаардаг.

– Таны хувьд гарц гаргалгааг хэрхэн олж, тархины түгжээгээ тайлсан бэ?

-Би өөрийгөө их мэддэгт тооцсон, их зантай нэгэн байлаа. Ингээд ирээдүйн зорилго гэж санаа зовохгүйгээр өнөөдөртөө төвлөрч эхэлсэн. Энэ цагаас хойш миний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, бүтээмж илүү өссөн юм. Тэгэхээр зорилго өөрөө “блок” буюу гацааг үүсгэсэн байх нь. Өөрөөр хэлбэл, Тархи хэзээ ч хэрэглэхгүй мэдлэгт, хүрч чадахгүй агуу бодолд блоклогддог юм байна. Жижигхэн бодолтой хэрнээ агуу санаатай, эсвэл хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж барьцах нь гацаанд оруулчихдаг гэдгийг олж харсан. Бид бодитой нөөц боломжиндоо тулгуурлаагүй агуу ихийн өвчинд орчихсон юм биш биз гэсэн санаа.

-Мөрөөдөл хязгааргүй гэж ярьдаг шүү дээ. Ингэж томоор сэтгэж мөрөөдсөнөөр өнөөдрийнхөө үнэ цэнийг алдагдуулна гэсэн утга гараад байх шиг?

-Магадгүй зарим хүмүүс 2020 онд том мөрөөдөл зорилготой орж ирсэн. Гэтэл цар тахал гараад навс унаад, алуулсан байх. Магадгүй Америкт суръя, IELTS-ийн оноо авъя гэсэн зорилготой байлаа гэж бодъё. Тэгвэл энэ зорилгодоо хүрэхэд хэдэн хувийн баталгаа байгааг бодож үзэх нь зүйтэй. Хэрвээ тэтгэлэгт хамрагдаж чадвал гэдэг утгагүй баталгаа байвал хэзээ ч биелэхгүй. Хамгийн гол нь босго оноогоо давж, сургуульдаа тэнцэх ёстой шүү дээ. Харин дараагийн найдвартай баталгаа нь мөнгөтэй байх. Гэтэл мөнгөгүй байж ийм зорилго тавих нь утгагүй. Ядаж л ажил хийж мөнгө хуримтлуулснаар англи хэлнийхээ шалгалтыг өгнө. Зарим нь зүгээр л бусдыг хараад даган дуурайх сэтгэлдээ хөтлөгдөн, гэнэт орж ирсэн гэрэл гялбаа мэт амьдраад байна. Гэхдээ энд асар баялаг шийдэл бий. Хамгийн гол нь асуудал дээр тулгуурласан зорилго тань амжилтад хөтөлнө. Тэгэхээр хэрэгцээ суурьтай зорилго уу, аль эсвэл сэтгэл хөдлөлийн мэдрэмжид найдсан уу гэдгээ анзаараад үзээрэй. Үүнийг хэрэгжүүлэхэд чамд хангалттай гар хөл, хүч чадал байна уу гэдэг асуулт үүсч буй. Бодит үнэнтэй нүүр тулаад амьдралд алгадуулаад буцахгүйн тулд системтэй сэтгэх нь чухал. Азандаа найдаж, тэнсэн сум шиг байхаа больж бодит нөөцөө тооцоолох хэрэгтэй.

-Уран зохиолын номыг таашаал авах гэж уншдаг бол хувь хүний хөгжлийн номыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд уншдаг гэж та хэллээ. Тэгвэл энэхүү номыг бичсэн зохиолч таны амьдралд өөрчлөлт илрэв үү?

-Ихэнх хүмүүс номыг уншигчдад зориулж бичдэг гэж боддог байх. Яг үнэндээ номыг зохиолч өөртөө, эсвэл гэр бүл, ойр дотны хэн нэгэндээ зориулдаг. Миний хувьд “Тархины блок” -ийг өөртөө зориулж бичсэн. Өмнө нь хэн нэгэн болохын төлөө дүр эсгэж явснаа анзаарсан юм. Ерөөс хүн өөрийгөө шинэчилье, программаар бол старт хийгээд унтрааж асаая гэсэн санаа. Уншигчдын хүртээл болсон ном болгон маань зүгээр л миний амьдралын бодит жишээ юм. Магадгүй хэн нэгэнд гоё харагдаж, дүр эсгэх амархан ч өөртөө худал ярих хэцүү. Тиймээс жинхэнэ үнэнийг мэдэж байгаа хувь хүн өөртөө худлаа ярих боломжгүй. Яг л өдрийн тэмдэглэл шиг амьдралын алдаа, оноогоо өгүүлсэн байгаа. Хамгийн гол нь алдаагаа олж харсны дараа гарах арга замаа хэрэгжүүлээд үзсэн чинь өөрчлөгдсөн. Зөвхөн эрдэм, боловсролыг л чухалчилдаг байсан бол одоо хоол хүнс хүний тархинд ямар их нөлөөтэйг ойлгосон. Мөн дасгал хөдөлгөөн тархинд супер эрч хүч өгдгийг анзаарч, санхүүгийн систем бол амьдралыг тань өөрчлөх чухал дадал гэдгийг олж харсан. Тэгэхээр энэ бүхний тэнцвэрийг барьснаар блокноос гарах эхлэл тавигдсан гэсэн үг.

-Аливааг дадал зуршил болгосноор идэвхтэй амьдарч чадах байх?

-Дадал гэдэг бол юу ч бодохгүйгээр тэр цаг хугацааг зориул гэсэн үг юм шүү дээ. Тиймээс дадал зуршил гэдэг амьдралын чинь хэв маяг. Аливааг ухамсаргүй хийгээд сурчихвал тэр чинь дадал болно. Энэ нь амьдралынхаа эргэлтийн циклийг зохиож байна гэсэн үг.

-Таны бичсэн “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номонд ирээдүйд тохиох гэнэтийн үйлд бэлэн байхын тулд өнөөдөр хуримтлуулах ёстой гэдэг санаа байх шиг?

-Эхлээд мөнгөө хадгал. Алив бүхэн эхлэхдээ гарцаагүй хэцүү байдаг. Магадгүй зургаан дансны аргыг анх хэрэглэж эхлэхэд хүнд байх болов уу. Энэ аргыг нарийн харвал ганцхан хадгаламжтай, бусад нь хуримтлал юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үрэх мөнгөө цуглуулж байна гэсэн үг. Аялал, ипотектийн зээл, бизнес, зугаа цэнгэлийн дансандаа энэ мэтчилэн хадгална. Тэгэхээр хэзээ ч авахгүйгээр хадгал, өөрөөсөө хармал гэсэн үг биш, зүгээр л системтэй амьрах ойлголт. Амьдралын хэв маягийг зургаан дансны системээр санал болгож байгаа. Байраа барьцаанд тавиад бизнес хийх, өр зээлэнд дарагдаад баяр наадмаа тэмдэглэх үзэгдлээ болиосой гэсэн саналыг тавьсан. Та хаалгаа хаагаад хэр удаан амьдрах вэ, ажил орлогогүй хэрхэн тэсэх вэ гэдгийг хадгаламж тань асуудаг. Одоо бид үүнд хариултгүй сууж байна.

-Монголчуудын хуримтлалын талаарх судалгаа байдаг болов уу?

-Монголчуудын 72 хувь нь хадгаламжгүй байна гэсэн түүврийн судалгаа бий. Шударга хэлэхэд, Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дансандаа 30, 40 саятай байна гэдэг нь үнэхээр дутуу дулимаг байгаагийн шинж. Айхавтар үнэтэй байранд амьдарч, тансаг машин унадаг мөртлөө хадгаламж нь ийм муу байна шүү дээ. Тэгэхээр монголчууд хуримтлал үүсгэж сураагүй юм байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой л гээд ойлгочихсон. Өөрсдийн нөөц бололцоогоор хуримтлал үүсгэвэл илүү дэвшилтэт сайхан нийгмийг бүтээх боломжтой. Дэлхийн хамгийн сайн боловсролыг худалдаж авч чадах хэмжээний хичнээн монгол хүн байна гэдэг асуултаар бидний хадгаламжийн үнэлэмж тодорхойлогдоно.

-Та одоо ямар ном бичихээр төлөвлөж байна?

-Ер нь мөнгөтэй байх хэцүү. Мөнгөтэй болохоор хэдэн төгрөгөө яах вэ байз гэж байнга бодож өөрийгөө зовоодог. Тиймээс “Мөнгөтэй байж чаддаггүйн зовлон” гэдэг нэртэй ном бичих төлөвлөгөөтэй байгаа. Хадгалсан мөнгөө хий дэмий битгий үрээсэй гэдэг үүднээс энэ аргыг хуваалцахыг хүссэн.

-Хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгч байхад тэд юун дээр хамгийн их алддаг вэ?

-Үрээд дуусчихаад хадгална гэж боддогтоо их алддаг. Бид чинь дансныхаа хэмжээгээр амьдардаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр юу идэх, хаашаа гарах зэрэг амьдралын хэмнэл цалингаар л тодорхойлогдоно. Хадгаламжийн нийгэм бидэнд мөнгийг хэзээ хэрэглэхийг ойлгодог болохыг заах юм. Өнөө маргаашаа аргацааж, ахуйдаа хүргээд явбал нэг мэдэхэд нурж унана. Гэнэтийн сорилд бэлэн бус байгаагийн шинж. Өнөөдөр хуримтлуулснаар чи ирээдүйгээ худалдаж авч байгаа юм. Ирэх он жилүүдийг илүү сайхан угтахын тулд хэмнэлттэй амьдрахад болно. Тэгэхээр ирээдүйд хэрэглэх зүйлийнхээ төлөө шуналаа цаг хугацааны хувьд бага зэрэг хойшлуулчих гэж байгаа юм.

-Таны бичсэн ном болгон амьдралын асуудлаас тань урган гарсан байх нь ээ ?

-”Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номоо бичээд өөрийгөө ойлгож, мөнгөгүйгээс мөнгөтэй болсон. Одоо мөнгөтэй хэвээрээ үлдээд тэрийгээ хэрхэн тэлж сайжруулах аргыг хуваалцах зорилготой. Мөн амьдрах арга техник, аливааг бүтээмжтэй байлгахын төлөө бусад хүмүүс хэрхэн ажиллах вэ гэдэг номын санаа бий.

-Хүн болгоны амьдралын өнцөг, туулсан зам мөр өөр шүү дээ. Тэгвэл тэр амьдралын түүхийг нь хуваалцана гэсэн үг үү?

-Одоогоос таван жилийн өмнө “Ид шидийн орон” Ч.Ганжавхлангийн толгойд байсан болов уу гэдгийг өөрөөс нь асуусан. Энэ бодол санаа түүнд байгаагүй гэдгийг нуулгүй хэлсэн л дээ. Тэгвэл тэр яагаад “Ид шидийн орон”-ыг бүтээх болсон юм бэ, арван жилийн өмнө зүгээр л зургийн аппарат барьсан эмо нэгэн байсан гэдгээ надад ярьж байлаа. Ингээд зураг дарж яваад охиноо хүний наймаанд алдсан ахтай санамсаргүй тааралдаж, эцсийн дүндээ “Ид шидийн орон” болж буужээ. Чухам яагаад өмнө нь бодож байснаас тэс өөр ертөнцийг бүтээх болов. Амьдралын ийм түүхүүдийг үнэнээр нь ил гаргамаар санагдсан учраас номын сэдэл санаа төрж, олон хүмүүсийн амьдралын жишээг хуваалцаж одоо тэдэнтэй ярилцаад явж байна. “Тархины блок”-ийн гол зорилго нь яг амьдрал дээр зорилго бүгдийг шийддэггүй. Бид өөрсдөө асуудлаас урган гардаг. Ийм учраас энэ номныхоо үргэлжлэл болгож, хүмүүсийн амьдралын бодит үнэн жаргал зовлонг хуваалцахыг хүссэн юм.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабар “Монгол түүхийн дөрөв дэх хэвлэлд зориулсан зохиогчийн үг” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулах үеэр 61 настай иргэн нас барсан хэрэг 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр гарсан. Хэргийн газарт “Өдрийн сонин”-ны сурвалжлах баг ажиллаж байсан юм. Талийгаачийн хүү Г.Шинэбаяр тухайн үед болсон үйл явдлын талаар ийн ярьж байсан юм.

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа. Тэрээр “УИХ-ын гишүүнийг чуулганд суух эрхийг шууд долоо хоногоор хасах нь буруу” гэлээ.

Өдрийн сонинд нэрт нийтлэлч БААБАР “Монгол түүхийн дөрөв дэх хэвлэлд зориулсан зохиогчийн үг” хэмээн өгүүллээ.

БНХАУ-ын Тунляо хотын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэлээр хичээллэхгүй байх заавар өглөө гэх мэдээлэл зургадугаар сарын эхээр гарч, цахим ертөнцөд олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж байсан юм. Тус хотод Өмнөд Монголын хагас сая гаруй иргэн суурьшдаг аж. Бид энэхүү мэдээллийн дагуу Өмнөд Монголын их сургуулийн монгол хэл шинжлэлийн бакалавр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн сэтгүүл зүйн магистр Э.Болормаатай ярилцлаа.

Монгол уралдаанч тагтааны холбооны нарийн бичгийн дарга Г.Батхишигтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр зам үерийн усанд автаагүй

“Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц болон цаг үеийн асуудлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ерөнхий инженер болон зөвлөх инженерүүд мэдээлэл хийлээ.

“Цахим орчимд тараад буй төмөр зам үерийн усанд автсан, чанаргүй төмөр зам хийгдэж байна гэх мэргэжлийн бус худал ташаа мэдээлэл цацагдсан байна. Тавантолгой төмөр зам ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус чиглэлийн төмөр замын ажилд чанарын хяналтыг хариуцан ажиллаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтын батлагдсан норм, захиалагчийн техник шаардлагын дагуу хийж гүйцэтгэж байна. төмөр замын суурин утас үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна” гэлээ. Мөн цаашид энэ төрлийн баримт нотолгоогүй, зохиомол, мэргэжлийн бус мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж төөрөгдөл үүсгэхгүй байхыг уриаллаа.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Германы их загалмай одонгоор Гавьяат хуульч Н.Жанцан шагнуулжээ

Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлигаар өргөн тууз, алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнуулжээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ шагнал Монгол Улс болон ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХҮҮХЭД ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ БАЙВАЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ НЬ ОРУУЛАХГҮЙ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас өнөөдөр (2020.08.18) мэдээлэл хийлээ.

НЭГ АНГИЙГ ХОЁР, ГУРАВ ХУВААНА. НЭГ АНГИД ДЭЭД ТАЛ НЬ 20-25 ХҮҮХЭД Л БАЙНА

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.НЯМСҮРЭН:

-БСШУЯ-ны тушаал гарсан. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудын дарга нарт тодорхой даалгавар хүргүүлсэн. Шат шатандаа бэлэн байдлыг хангаж байна. Ирэх наймдугаар сарын 20-ноос эхлэн хяналт шалгалтыг хоёр үе шаттай эхлүүлнэ. Эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч нар, хүнсний аюулгүй байдлын улсын байцаагч нар, боловсролын хяналтын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийнэ.

Дэлхий даяар 1.6 тэрбум хүүхэд цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Сургууль, цэцэрлэгийг гурван үе шаттай эхлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхэлнэ. Эдгээр ажлын бэлтгэл явцад хяналт тавина. Халдвар хамгаалал, дэг журам сахиулах чиглэлээр зөвлөмж гаргасан байна.

Нэг ангийг хоёр, гурав хуваана. Нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд л байна. Өглөө 08:00 цагаас эхний анги нь ороод 10:30 тарна. Дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ. Жишээ нь 40 хүүхэдтэй анги байвал хоёр хуваана. Бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүдээ, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдээ л анги танхимдаа үзнэ. Харин бусад хичээл нь телегээр орно.

ХҮҮХЭД ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ БАЙВАЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ НЬ ОРУУЛАХГҮЙ

МХЭГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Л.ГЭРЭЛМАА:

-Сургууль, цэцэрлэгүүд эхлээд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Хийгддэг ажил хэдий ч заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Мөн багш, ажилчдыг коронавирусийн сургалтад хамруулна. Өдөрт дөрвөөс илүү цаг хичээллэхгүй. Багш, эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нар хамтран ажиллаж, хүүхдүүдийн халууныг үзэж, амьсгалын замын өвчинтэй байгаа эсэхийг шалгана. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ халдвараас хамгаалж, сэргийлэх хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдээ цэцэрлэг, сургуулийнхээ үүдээр ортол нь хүлээж, мөн өөрсдөө амны хаалтаа зүүх хэрэгтэй. Цэцэрлэгийн орчинд байх бүхий л багш, ажилчид амны хаалт хэрэглэнэ. Харин цэцэрлэгтээ хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй. Сургуулийн сурагчид, багш, ажилчид бүгд амны хаалт зүүх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэн байна


ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хонконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрлийг авсан тул иргэдэд мэдээллийг хүргэж зорчигчдын бүртгэлийг хийж байна.

БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэн бий. Тэднийг татаж авах ажиллагаа үргэлжилнэ.

АНУ руу агаарын хэлэлцээргүй мөчид хоёр нислэг хийсэн. Энэ нислэгүүдээр ирсэн иргэдээс нэмэлт төлбөр авсан зүйл байхгүй. Авлига өгсөн, нэхсэн, авсан тухай мэдээллээ бидэнд өгөөд хариуцлага тооцуулах боломжийг өгөөрэй. Маш олон гомдол ирсэн ч баталгаатай, нотлогдсон үйлдэл илрээгүй.

Долоодугаар сарын 17-ноос эхлэн нутаг буцах хүсэлтэй иргэдийн нэрсийг олон нийтэд ил болгосон. Буцах хүсэлт гаргасан иргэдийн дунд хүндэтгэн үзэх таван шалтгаантай иргэдийн тоо 30 хувьд нь хүрэхгүй байна. Улсын онцгой комисст ирсэн хандивыг зорилтот бүлэгт өгөх ажлыг судалж байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр:Наймдугаар сард 8 удаагийн нислэг хийж нийт 2382 хүнийг татан авсан ба 137 иргэн нь эрүүл мэндийн шалтгаантай жирэмсэн 71 хүн байсан. Хилийн боомтоор нийт 6347 иргэнийг татан аваад байна.

Тухайн нислэгт ямар буудал таарна түүнд иргэдийг байлгадаг.

3492 иргэн тусгаарлах байранд байгаа бол нийт 1861 иргэн гэрийн ажиглалтад байна. Ажиглалтын хугацаа дууссан 12392 иргэн буй.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Флоренц хот дахь “дарсний нүх” дахин гарч ирэв

Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан нь цар тахлын үед үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөө дахин нягталж үзэх шаардлагатай болсон.

Харин Флоренц хот цар тахлын энэ үед дарсны нүх буюу жижиг цонхоор үйлчилгээ явуулах санаагаа дахин хэрэгжүүлж эхэлсэн байна.

Сэргэн мандалтын үеэр жижиг цонхнуудыг дарс зарах зорилгоор ашигладаг байсан аж. Энэхүүхудалдааг Флоренцын элитүүд хийдэг байсан бөгөөд эртний 1500-аад оны үед хотын хэд хэдэн язгууртнууд хөдөө орон нутагт хүртэл энэхүү үйл ажиллагааг явуулдаг байжээ.

Дарсны цонх бүр өөр өөрийн өвөрмөц хэлбэр хийцтэй байдаг. Зарим нь өнгөт чулуун жаазаар бэхлэгддэг, зарим нь тоосгоор хийгдсэн, зарим нь төмрийн сараалжтай байдаг байна.

“Brache” рестораны эзэн Наги Камал: “Бид Флоренц дахь хамгийн эртний дарсны цонхтой”. “Энэ хүнд хэцүү цаг мөчид үүнийг дахин нээх нь маш их тустай байсан бөгөөд зарим уламжлал хэзээ ч мөхдөггүй гэдгийг бодитоор харуулсан юм” гэжээ.

20-р зууны төгсгөлд дарс зарах тухай хуульд өөрчлөлт орж, олон язгууртны ордуудыг орон сууц болгон хувиргасан бөгөөд дарсны цонх нь шуудангийн хайрцаг, хаалганы хонх болж хувирсан байна.

Харин 2015 онд “Buchette del Vino” соёлын байгууллага нь тухайн бүс нутагт үлдсэн дарсны цонхыг тодорхойлох, газрын зурагжуулах, хадгалах зорилгоор байгуулагдсан аж.

А.МӨНХНАРАН