Categories
мэдээ улс-төр

Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ

Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар оролцлоо.

Хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа “COVID-19” цар тахал, цаг агаарын болон эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээнд олон улсын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чуулга уулзалтад улс орнуудын парламентын 150 гаруй тэргүүн болон парламентын гишүүд, мэргэжилтнүүд, НҮБ-ын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч уригджээ.

Парламентын тэргүүн нарын чуулга уулзалтыг 5 жил тутамд нэг удаа НҮБ-тай хамтран зохион байгуулдаг юм.

“Хүн төрөлхтний тусын тулд энх тайван ба тогтвортой хөгжлийг хангах илүү үр дүнтэй, олон талт хамтын ажиллагааны төлөө” сэдвийн хүрээнд Австри улсын Вена хотод зохиогдохоор төлөвлөгдсөн албан ёсны чуулга уулзалт “COVID-19” цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон билээ. Тиймээс цар тахал болон дэлхийн засаглал, тогтвортой эдийн засаг ба цаг уурын онцгой байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар парламентуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Спикерүүд ийнхүү анх удаагаа цахим хэлбэрээр хуралдаж байгаа юм.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш буюу 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бүгдийн сайн сайхны төлөө, бүгдэд шударга ёсыг хүртээх хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

​Сурах бичгийг зах зээлд худалдаалахгүй, номын сангаар дамжин сурагчийн гарт очно гэв

Цар тахлаас болж он гарснаас хойш танхимаар хичээллээгүй сурагч, оюутнуудын хувьд 2020 оны хичээлийн шинэ жил онцлогтой эхлэхээр болж байна. Тухайлбал, УОК, Засгийн газрын шийдвэрээр ЕБС болон Их, дээд сургуулийн хичээл гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Хичээлийн шинэ жилийн нээлтийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр шинэ менежмэнтээр зохион байгуулахыг чиглэл болгон ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгт хоёр настай хүүхдийг бүртгэхгүй, харин таван настай хүүхдийг 100 хувь хамруулахаар тус тус шийдвэр гарсан. Мөн шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, хувийн болон улсын сургуулиудын сургалтын төлбөр эцэг эхчүүдийн санааг зовоодог билээ. Бид энэ асуудал дээр БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авлаа.

Т.НЯМ-ОЧИР: СУМ БАГИЙН СУРАГЧДЫН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БАРИМТЖУУЛЖ ТАВАН ӨДӨР ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОСОН

БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ?

-Бид хэдий дотооддоо вирус алдаагүй ч тайван цагт хамгийн сайн төлөвлөлт, зохион байгуулалт хийх хэрэгтэй. ялангуяа хүүхэд багачуудаараа дамжуулаад зөв дадал хэвшлийг төлөвшүүлж чадвал магадгүй дараагийн удаа эрсдэл үүсэхэд ямар нэгэн байдлаар сандрах айх нь багасна. Тийм ч учраас бид дэлхий нийтийн туршлагыг судалж, дотооддоо судлаачид багш нараараа хэлэлцүүлж гаргасан үндсэн хувилбаруудыг боловсруулж байгаа.

-Хамгийн их ачаалалтай төвлөрөлтэй газар бол Улаанбаатар хот. Төвлөрөл ихтэй газрууддаа онцгой анхаарч ажиллаж байна уу?

-Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл гэхэд нэг саяас давдаг. Үүний 400 гаруй мянга нь боловсролын салбарт ажилладаг, хичээллэдэг. Есдүгээр сарын 1-нд сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Аймгийн төв болон нийслэлийн ЕБС-иуд танхимын болон танхимын бус хэлбэрээр хосолсон сургалт явуулна. 1-1.5 метрийн зай барихаар нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ. Нэг бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарласан.

-Нэг ангид 20-25 хүүхэд хичээллэнэ гэж байгаа. Бүлгийн тоо нэмэгдээд ирэхээр анги танхимын хүртээмжийн асуудал яригдана. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Үүнд бид хичээлийн үргэлжлэх цагт тодорхой хэмжээгээр зохицуулалт хийнэ. Үргэлжлэх хугацаа богиносож байгаа учраас хичээлийн тоонд ч мөн зохицуулалт хийнэ. Гэхдээ танхимын сургалт энэ маягаар явах ч зайны сургалтууд нь давхар явах менежмэнтийг мэргэжлийн багаараа зохион байгуулж байгаа.

-Он гарснаас хойш ЕБС болон их, дээд сургуулийн оюутан сурагчид цахимаар хичээлээ үзсэн. Цахим хичээлд хамрагдах боломжгүй хүүхдүүд олон байна?

-Цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүд хөдөө орон нутагт нэлээд бий. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийн 30-40 хувь нь дотуур байранд амьдардаг. Тэгэхээр дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийг танхимын болон танхимын бус сургалтаар явуулна гэдэг боломжгүй зүйл. Тийм учраас сум багийн хүүхдүүдийг халдвар хамгааллын горим дэглэмээ бариад танхимаар таван өдөр хичээллэх зөвшөөрлийг нь олгосон. Харин нийслэлд теле хичээл үзэх боломжгүй, телевизгүй өдөр бүр интернэт орох боломжгүй хүүхдүүдэд тухайн сургууль эцэг эх, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс гаргасан зөвлөмжийн дагуу суралцах боломжийг нь олгох боломжтой. Харин одоо энэ чиглэлээр сургуулиуд менежмэнт хийх ёстой.

-Багш нарын ачаалал хэр нэмэгдэх вэ?

-Тухайн анги, дэд бүлгүүдэд хуваагдаж хичээллэх учраас хичээлийн тоо болон цагийн зохицуулалтыг хийж байгаа. Магадгүй математикийн хичээл долоо хоногт таван цаг ордог бол энэ зохицуулалтаар 2.5 цаг болгож буулгасан. Анги хоёр бүлэг болж хичээллээд долоо хоногт таван цаг судлах хичээлийг хоёр дэд бүлгээрээ 2.5, 2.5 цаг судлаад нийлбэр дүн нь ижил гарч байгаа хэрэг. Тэгэхээр илүү цаг гарахгүй гэсэн үг. Дээрээс нь багш нар нь ч дутагдахгүй.

-Жил бүр сурагчийн дүрэмт хувцасны асуудал яригддаг шүү дээ. Олдоц муугаас гадна материал хийцийн хувьд хурдан урагдах, элэгдэх асуудал их гардаг?

-Логикоороо бол гурван өдөр хичээллэхэд дүрэмт хувцас өмсөхгүй байж болно гэсэн зүйл байхгүй. Ер нь бол 2019 онд сурагчийн дүрэмт хувцсанд тавигдах шаардлага буюу стандарт батлагдчихсан. Энэ стандарт батлагдаагүй байхад Монгол Улсын хилээр маш их хэмжээний чанаргүй, хуурамч дүрэмт хувцаснууд орж ирж зах зээлд борлуулагддаг байсан. Одоо стандарт батлагдсан учраас гааль, оюуны өмчийн газар гээд мэргэжлийн байгууллагууд үүн дээр хяналт тавина. Бүх аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрууддаа чиглэл өгчихсөн, борлуулалтын цэгүүдээ гаргачихсан, тухайн үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад ажиллаж байгаа.

-Саяхан фэйсбүүк, твиттерээр ЕБС-ийн сурах бичиг хогийн цэг дээр хаягдсан зураг яваад байсан. Яагаад сурах бичгүүд хаягдаад байна вэ?

-Сурах бичиг дээд тал нь дөрвөн жил ашиглагдаад актлагддаг. Эрүүл ахуйн талаасаа ч тэр шаардлага хангахаа больдог. Сурах бичгийг актлахдаа тухайн орон нутгийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авдаг. Тэгээд нөхөн хангалтаар дараагийн сурах бичгээ авдаг журамтай. Тэр сошиал дээр яваад байгаа зурган дээрх сурах бичгүүдийн зарим нь манайхаас гаргасан сурах бичиг биш байна лээ. Энэ мэтчилэн мэдээллийг мушгин гуйвуулах зүйлүүд явж л байна. Мэдээж цоо шинэ сурах бичгийг акталж үнэгүйдүүлсэн зүйл байхгүй.

-Энэ жил ЕБС-ийн номнууд шинэчлэгдэх үү?

-Сурах бичиг хөтөлбөрөө дагаж явдаг сургалтын хэрэглэгдэхүүн. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн үндсэн баримт бичиг. Урьд нь дөрвөөс таван жилийн давтамжтай шинэчилсэн. Одоо бол бид хөтөлбөрөө шинэчлээгүй зөвхөн болохгүй байгаа зүйлийг сайжруулаад явж байгаа учраас сурах бичиг шинэчлэгдэхгүй. Энэ удаагийн Засгийн газар боловсрол дээр тогтвортой бодлогын менежмэнт хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа. Мөн 2019-2020 оны хичээлийн жилээс эхлээд сурах бичгийг зах зээлд худалдаалахаа больсон. Өөрөөр хэлбэл, бүх сурах бичиг сургуулийн номын санчийн гараар дамжиж сурагчийн гар дээр очно гэсэн үг. Харин 2019-2020 оны хичээлийн жилд яагаад алдагдал гарсан бэ гэхээр ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдыг 40 хувийг зах зээлээс худалдаж ав гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс зохиомол хомсдол үүсгэчихдэг. Хүүхдүүдэд сурах бичгийг хүргэж өгдөг борлуулалтын систем нэгдсэн зохион байгуулалт нэлээн хангалтгүй байсан. Аймгийн төв дээр сурах бичгээ ирж авах гэтэл борлуулалтын нэгдсэн сүлжээ байхгүйн улмаас зохиомол хомсдол үүсдэг. Одоо бол бүх сурах бичиг номын сангаар очно. Сурах бичгээ төлбөртэй аваад, ашигласны төлбөр буюу нийт үнийн дүнгийн 20-40 хувийг төлж ашиглачихаад номын сандаа тушаана. Тэгэхээр энэ жил сурах бичиг оройтох, хомсдох гэсэн асуудал огт гарахгүй. Нөхөн хангалтын 100 нэр төрлийн нэг сая сурах бичиг аймаг, нийслэлд хүргэгдчихсэн байгаа.

-Номын санчаар дамжаад очиж байгаа сурах бичиг дутвал яах вэ?

-Боловсролын салбарын мэдээллийн систем статистик мэдээгээ үнэн зөв оруулсан л бол дутахгүй. Сурагчдынхаа гар дээр сурах бичиггүй бол сургууль хариуцлага хүлээнэ.

-Хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлыг хэрхэн яаж төлөх талаар тодорхой ярихгүй юу?

-Энэ бол тухайн сургууль эцэг эх хоорондын байгуулсан гэрээгээр зохицуулагдах асуудал. Тухайлбал, УОК шийдвэр гаргаад хичээл сургуулийг зогсоовол танай сургууль цахим шилжилтэд бэлэн үү, ялгаагүй байдлаар хүүхдүүдийг зайнаас сургаж чадах уу, ингэж чадаагүй тохиолдолд төлбөр мөнгөн дээрээ ямар зохицуулалт хийх вэ гэдгээ гэрээн дээрээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Ер нь бол Боловсрол, Шинжлэх ухааны яам хувийн сургууль, цэцэрлэгтэй уулзаад уян хатан байж, сар улирлаар нь төлөх боломжийг олгоорой гэсэн хүсэлт тавьчихсан байгаа.

-Үдийн цай хөтөлбөр үргэлжилнэ, үргэлжлэхгүй л гэх юм. Тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Үдийн цайг өгнө. Үдийн цай маш олон асуудлыг шийддэг шүү дээ. Амьжиргааны түвшин муу айлын хүүхэд өдөрт авах шим тэжээлийнхээ тодорхой хувийг нь зөвхөн үдийн цай хөтөлбөрөөс авч байна шүү дээ. Тийм учраас энэ жилийн үдийн цай хөтөлбөрт дархлаа дэмжих, эрүүл мэндэд ач тустай, чанартай хоол хүнсээр үйлчлэх зөвлөмжийг сургуулиудад өгч байгаа.

Ж.МЯГМАРСҮРЭН: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН СУЛ ОРОН ЗАЙГ АШИГЛАНА

БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажил хэр хангагдсан талаар тодрууллаа. Тэрбээр “Наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд аймаг нийслэлийн бодлогын газрын удирдлагуудаа цуглуулж нэг бүрчлэн уулзсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэлээд хязгаарлалттай цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа шүү дээ. Сургуулийн өмнөх боловсролд хоёр настай хүүхдүүдийг авахгүй байх, нэг ангид байх хүүхдийн тоог 20-25 байлгахаар тогтсон. Таван настай хүүхдүүдээ зуун хувь хамруулж, орон нутагт гарч болох хүндрэлүүд буюу бүлэг цөөтэй хүн амын нягтрал өндөртэй цэцэрлэгүүд дээр хүүхдүүдээ хуваахаар анги бүлэг нь хүрэх үү гэсэн асуудал гарч байгаа. Тэгэхээр бид ойрын өдрүүдэд анги танхимын хүрэлцээ, ялангуяа бүлэг дүүргэлт ихтэй цэцэрлэгүүдэд хүндрэл үүсч байна уу гэсэн нарийвчилсан судалгаа хийсэн. Судалгаанаас үндэслээд хамгийн эхний авч байгаа арга хэмжээ бол төрийн бус өмчийн ашиглагддаггүй зай талбайг ашиглана. Тухайн цэцэрлэг дөрвөн бүлэгтэй бол хоёр бүлэгт нь хүүхэд аваад хоёр бүлэгт хүүхэд авдаггүй. Тэр сул орон зайг төрийн өмчийн хүүхдийн зардлаар оруулахаар болсон. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбоодтой сайд уулзаж энэ талаарх хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд ч бид 3000 хүүхдийг яг энэ гэрээний дагуу авдаг байсан. Мөн үйл ажиллагааны чанартай холбогдуулан төлсөн төлбөрөө буцаан авах хүсэлтэй эцэг эхчүүд нэлээдгүй байсан. Тийм учраас иргэн цэцэрлэгийн байгууллага хоёрын гэрээнд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй юм л даа. Энэ жил аль болох эцэг эхчүүдэд дарамт болохгүйгээр улирлаар хэсэгчлээд төлбөрүүдээ авах чиглэлийг хувийн цэцэрлэгийн байгууллагууддаа уриалсан. Өчигдрөөс эхлээд цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа учраас аль болох эрсдэлээ тооцоод тухайн хүүхдэд хэрэглэх хичээлийн хэрэглэл болон ариун цэврийн хэрэгслийг эхний гурван сараар бэлдүүлэхээр болсон. Үүнээс гадна гуравдугаар сард гарсан сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилд хэрэглэгдээгүй хичээлийн хэрэгслийг эцэг эхчүүдэд нь буцаах даалгавар өгчихсөн” гэлээ.

Г.БАТНЭМЭХ: ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛЬД СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭЖ БАЙГАА ОЮУТНУУД 501-ЭЭС ДЭЭШ ОНООТОЙ БОЛ ТӨРӨӨС 100 ХУВЬ СУРГАЛТЫНТӨЛБӨРИЙГ НЬ ДААНА

Мөн бид Их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхээс тодруулсан юм.

-Энэ жил гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цахимаар хичээллэхэд оюутан залуусын ихэнх нь үр дүнгүй байна гэх шүүмжлэл дагуулсан?

-ЕБС-д өмнө нь онлайн хичээл явагдаж байгаагүй. Харин их, дээр сургууль коллежуудын хувьд онлайн сургалтуудыг тодорхой хэмжээнд явуулж байсан. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улирал бүхэлдээ онлайнаар явсан. Хичээл дууссаны дараа сургууль болгоны дотоод чанарын баталгаажуулалтын алба нь судалгаа явуулсан. Үүнээс комисс гаргаж олон зүйл дээр үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр дунджаар 82 хувь хангалттай гэж гарсан. Мөн оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авсан. 85 хувь нь сэтгэл ханамж өндөр байна гэсэн хариу гарсан. Ерөнхийдөө онлайн хичээл их, дээд сургуулийн хэмжээнд боломжийн явагдаж байгаа гэж үзэж болно.

-Нийт их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орсон уу?

-Ямар нэгэн онцгой өөрчлөлт ороогүй. Гэхдээ бид сургалтын чанарыг сайжруулахын тулд олон ажлууд хийж байгаа.

-Оюутнууд “Zoom” аппликэйшний тусламжтайгаар онлайн хичээлийн дараагаар ойлгоогүй зүйлээ дахин лавлаж баймаар байна гэсэн санал их байна лээ?

-Үүнд зохицуулалт хийх бүрэн боломжтой. Лекц бол онлайнаар орно. Лаборатори, семинар танхимаар орно. Ингээд танхимаар ороод эхэлсэн тохиолдолд багштайгаа уулзаад ойлгоогүй зүйлээ асуух бүрэн боломжтой. Ер нь багш нар танхимаар лекц ордог байснаас ч ачаалал ихэссэн.

-Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн эсвэл хасагдсан зүйл бий юү?

-Оюутны эцэг эх асран хамгаалагчид ямар нэгэн төлбөрийн дарамт учруулахгүйгээр улирлаар буюу гэрээнд зааснаар уян хатан нөхцөлтэй байх зохицуулалтыг тусгасан.

-Төрийн сангийн зээл тусламж ямар хэлбэрээр оюутнуудад хүрэх вэ?

-Боловсролын зээлийн сангаар оюутны хөгжлийн зээл олгож байгаа. Мөн буцалтгүй тусламж бий. Үүнд бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй мөн эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл байвал бакалаврын сургалтын төлбөрийг даадаг. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг. Нэг өрхийн гурван хүүхэд нь зэрэг сурч байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг зохицуулалтууд бий. Энэ жилийн хувьд нэг онцлог нь эрүүл мэндийн салбарт сувилагч мэргэжилтнүүд дутмаг байна гэсэн судалгаа гарсан. Үүний үндсэн дээр бид 2020 оны гуравдугаар сард Засгийн газарт хандаж уг асуудлыг шийдвэрлүүлсэн. Тэгэхээр төрийн өмчийн сургуульд сувилагч мэргэжлээр элсэж байгаа оюутнууд 501-ээс дээш оноотой бол төр 100 хувь сургалтын төлбөрийг даана. Дараагийн улирлаас голч дүнгээс хамаараад явна. 2.5-аас гурвын хооронд байвал 70 хувийг, гурваас дээш голч дүнтэй суралцвал 100 хувь төрөөс даана. Мөн багш мэргэжлээр сурч байгаа оюутнуудад хөнгөлөлт үзүүлнэ. 650-750 оноотой байвал 70 хувийг, 750-аас дээш оноотой бол 100 хувь төрөөс дааж байгаа. Дараагийн улиралд гурваас дээш голчтой бол мөн 100 хувь төрөөс даагаад явна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Увс, Хяргас нуурын шумуул үүл мэт нүүгэлтэж байна

Долоо, наймдугаар сар бол монголчуудын дотоодын аяллын оргил цаг. Зуны дэлгэр цагаар гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт хаашаа очиж амрах вэ гэдэг төлөвлөгөөгөө жилийн өмнөөс гаргаад, зардал мөнгөө эртнээс бэлдэж, машин унаагаа зэхдэг. Өнөө жилийн хувьд урт хугацааны хөл хорионоос гарцгааж, уудам эх орныхоо зүг бүр тийш хүлгийн жолоо залж чилээгээ гаргаж байна. Иргэдийн хувьд Монголын үзэсгэлэнт газруудаар, урьд өмнө нь очиж байгаагүй аймаг, сумдад хөл тавихыг хүсдэг. Ингэхдээ хүмүүсийн шагшин магтаж буй, олноороо зорин очиж байгаа газарт очиж амрахыг эрмэлздэг.

Өнөө жилийн хувьд хүмүүсийн зорин очсон газруудын нэг бол Увс аймгийн Хяргас, Увс нуур байлаа. Тус аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон нь дотоодын аялагчдыг татсан нэг том шалтгаан гэж хэлж болно. Мөн сошиалаар Увс аймгийн үзэсгэлэнт газрууд, нууруудын тухай элдэв мэдээ мэдээлэл, пост харсан хүмүүс хамаг цаг заваа зориулан, зардал чирэгдэл болж гэр бүлээрээ тийш очицгоож байх шиг байна. Гэтэлд сошиалаар харуулсан байгаль, орчин байдал нь бодит байдлаасаа зөрүүтэй байсныг тэнд очоод ирсэн амрагчид ярьж байна. Дээхнэ үед Халх гол, Сэлэнгийн шумуул гэж нүүгэлтсэн юм байдаг, очсон хүн орилоод зугтдаг, хазуулаад халуурдаг гэж ярьцгаадаг байлаа. Үнэхээр тийм ч байсан тал бий. Битүү хувцас өмсөж, нүүр амаа таглаж, шумуул үргээсээр байгаад ядардаг. Тийм ч болохоор Халх гол, Сэлэнгийг шумуулаараа “алдартай” гэдэг. Тэгвэл Хяргас, Увс нуурын шумуул гэж тэндээс аюултай юм байна. Юун Халх голын шумуул, Сэлэнгийн хэдгэнэ вэ. Нуур руу дөхөж эхлэхэд л нүүгэлтсэн бөөн шумуул угтаж байна, цаана чинь. Шаагьж шуугьсан их шумуул машинаас буусан хүнийг бүчиж аваад өргөөд явчихын наагуур улаан булдруу болгож, суусан үүл мэт нуурын эрэг дээр нүүгэлтэж байна

Увс нуур Улаангомоос 36 км-ийн зайд орших бөгөөд тийш явдаг зам нь маш муу, нэг талдаа хоёр цаг гаруй явж байна. Харин Хяргас нуурын араар засмал зам өнгөрдөг учир очиход асуудалгүй. Хүмүүс фэйсбүүк, твиттер, инстаграмдаа Увс нуур, Хяргас нуурт очсон зургаа оруулаад сайхан аялж буй тухайгаа бичсэн байдаг мөртлөө өдийд тэнд очиход үймсэн их шумуул угтдаг, тэнд шумуулнаас болоод тухлах ямар ч боломж байдаггүй талаар огт хэлдэггүй. Өдрийн аагим нарнаар шумуулнуудын эрчим арай багасах ч нар буугаад ирэхэд шуугилдаад л дайрна. Нуурын эрэг дээр амгалан тайван сууж, нуурын мандлыг ажиглан усны чимээ сонсоно гэж тэнд лав үгүй санж. Нүүр, нүдээ таглаж, шумуул үргээгч ашиглаж, бушуухан л майхан савандаа орохгүй бол хувцасныхаа гаднаас хатгуулна. Хэрвээ хоноглохгүй гэвэл шалавхан гэгч машиндаа сууж зугтацгааж байна. Ямартаа ч өдийд, наймдугаар сард Увс, Хяргас нуурт амрах гэж очиход зохимжгүй юм байна. Сошиалд гоё ганган, сайн сайхан гэж байсан юмс бодит байдал дээрээ өөр байдгийн тод жишээ энэ л дээ. Интернэтээр хувцас, бараа захиалахад зурагнаасаа тэс өөр, хөндлөн юм ирдэгтэй агаар нэг юм. Хүмүүс Увс, Хяргас нуурт оччихоод тэнд тав тухгүй, салхи шуургатай, шумуултай байсан талаар нэг ч үг цухуйлгахгүй, харин “Сайхан байлаа” гэж ганц өгүүлбэрээр нэрэлхээд өнгөрдөг. Хамаг мөнгөө шавхаж, бензин тосоо зарцуулаад очсон газар нь санаанд нь хүрэхгүй, гонсгор үлдэх тохиолдолд нэрэлхээд дуугүй өнгөрдөг нь монголчуудын нийтлэг зан.

Нутгийн иргэдийн хувьд яалаа гэж нуур нь, нутаг нь шумуултай гэж хэлэх билээ. Нэг ч гэсэн хүн ирж, хийсэн хоол, цайг нь идэж, цайны газраар нь орж байвал амьдралд нь нэмэртэй шүү дээ. Дөнгөж шинэхэн засмал зам орсон болохоор тэндхийнхний хувьд аялал жуулчлалын талаар мэдэж байгаа юм огт байхгүй. Нутгийн ард иргэдийн зан харилцаанаас эхлүүлээд анхаармаар юм их бий. Зам харилцаа нь хөгжөөд, дотоодын аялагчид зорин ирж байхад сайхан угтахаас тэр орон нутгийн хөгжил хамаардаг. Нийслэлээс 1382 км-ийн зайд оршдог Увс аймгийн хувьд Ю.Цэдэнбал даргын үед хөгжөөгүй, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын үед ч хөгжөөгүй, хязгаар нутаг хэвээрээ л байна. Гэхдээ Улаанбаатартай хатуу хучилттай авто замтай холбогдсон учир яваандаа хөгжих нь дамжиггүй.

Дотоодын аялал жуулчлалын холбоод, энэ чиглэлийн мэргэжилтнүүд аялагчдад зориулсан маш тодорхой танилцуулгыг өгөх шаардлагатай юм. Энэ удаад Увс, Хяргас нуурын жишээн дээр ярилаа. Тэр хол 1400 км зам туулан очиход үймсэн их шумуул угтахад хэн сайхан амарч, алжаалаа тайлах юм бэ. Гэтэл өдийд нутгийн иргэд нь өөрсдөө нуурын хөвөө рүүгээ зүглэдэг ч үгүй юм байна. Уул руугаа, хэц рүүгээ нүүгээд гарчихдаг. Шумуул харих цагаар сая нэг бууж ирцгээдэг. Гэтэл орон нутгийн ийм өвөрмөц нөхцөл байдлыг аялагчдад сануулаагүйгээс хичнээн хүн тэндээс сэтгэл дундуур буцаж байгаа бол. Хэрвээ Увс, Хяргас нуурт очиход шумуул багатай, зохимжтой үеийг нь зөвлөөд өгвөл иргэд тэр дагуу төлөвлөгөөгөө гаргаж очицгоож таарна.

Хөвсгөлийнхөн нуурандаа зургадугаар сард амарцгаадаг юм билээ. Наадмын дараа нуурын ус хүйтэрчихдэг учир тийшээ барагтай бол очдоггүй. Гэтэл тэрийг нь мэдэхгүй дотоодын аялагчид наадмаар, наймдугаар сард тийш очоод даарч, хөрж, хоолой нь өвдөж ирдэг.

Ховдынхон тарвасаараа гайхагддаг. Долдугаар сард гардаг тарвасаа нутгийнхан нь өөрсдөө иддэггүй, үхэртээ өгдөг юм билээ. Тэгтэл тэр тарвасыг нь хотоос очсон аялагчид баярлаад үмхлэх. Энэ мэт дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аялагчдын сэтгэлийг дундуур үлдээдэг зүйлс байна. Үүнийг аялагчдад таниулж мэдүүлж байвал яалаа гэж түүхий тарвас идэж, шумууланд бариулж, хоолойгоо өвтгөн өвтгөн хурааж хуримтлуулсан мөнгөө баран явах юм бэ. Өөр сонголт бий шүү дээ. Нөгөөтэйгүүр сошиалын солиорол, тэнд оруулсан пост зургуудад огт итгэж болохгүй гэдгийг энэ бүгд харуулж байгаа юм. Аялалд гарахад судалгаа хэрэгтэй. Ийм судалгааг аялал жуулчлалын мэргэжилтнүүд тодорхой гаргаад өгөх үүрэгтэй. Буруу төлөвлөсөн, судалгаагүй аяллын цаана нэг өрхөөс хэдий хэмжээний зардал гарч байгаа бол. Энэ мэт нарийн ширийн юмнуудаа монголчууд нь монголчууддаа хэлээд өгөхөд яахав дээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Н.Мустафа: Нуугаад яах вэ. Наадмын өмнө начин цол өгчих юм биш биз гэж дотроо горьдож л суусан

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Зэвсэгт хүчний 013 дугаар анги, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх улсын начин Н.Мустафатай ярилцлаа.


-Их ойн босгон дээр улсын начин цол хүртлээ. Санасандаа хүртэл наадаж чадав уу та?

-Зодог, шуудаг өмсөж, хөлсөө дуслуулж хөдөлмөрлөж буй хэн бүхэн л улсын цол хүртэхийг зорьдог байх. Энэ их ойн босгон дээр улсын начин цол хүртлээ. Сайхан байна. Аав, ээж минь их баярласан. Жил бүр л намайг дэмжихээр цэнгэлдэх хүрээлэн ордог юм. Энэ жил цар тахлын улмаас хөдөө талд үзэгчгүй наадам зохион байгуулагдсан болохоор, зурагтаараа миний барилдааныг харсан байна лээ. Начин болоод гэртээ ирэхэд их сайхан тосч авсан.

-Сая цол нэмсэн нэгэн бөх “Өглөө сэрэхэд ч, орой унтахад сэтгэл дүүрэн сайхан байх юм” гэж хэлсэн байна лээ. Дэлтэй болгон уралдсан ч айраг амсдаггүй, дээлтэй бүхэн зодоглосон ч начин болдоггүй наадам гэдэг шүү дээ. Улсын начин цолоор дуудуулах танд ямар мэдрэмж төрж байх юм?

-Сайхан байлгүй яахав дээ. Гэхдээ тэгж өглөө үдэшгүй бодогдоод догдлоод байгаа зүйл алга. Цаашдын амжилтандаа зорьж бэлтгэлдээ орохоор төлөвлөөд явж байна. Энэ спортод бүх зүйлээ зориулж байгаагийнх хол явж том цолд хүрнэ гэж зорьж бэлтгэл сургуулилтаа базаадаг юм. Ямартаа ч эхний алхмаа амжилттай хийж улсын цолтны гэр бүлд багтлаа. Өөрийгөө бүрэн дайчлаад зүтгэнэ дээ.

-2019 оны наадмаар улсын начин цолны даваанд тулж ирсэн ч түрүү бөхөд өвдөг шороодсон. Улсын цолны босгонд тулч ирээд бүдрээд буцахад амар байгаагүй болов уу?

-2019 онд бэлтгэлжилт үнэхээр сайн байсан шүү. Заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байгаад улсын наадамдаа барилдсан. Улсын цол хүртэнэ гэж их ч хичээж тэмүүлсэн, болоогүй. Гэлээ гээд шантраагүй ээ. Наадмын дараахан бэлтгэлдээ орсон. Үр дүн сая гарч улсын цол хүртлээ гэж бодож байна.

-Энэ жил бэлтгэл сайхан таарсан байгаа харагдсан. Наадмын дэвжээнд сандарч тэвдэлгүй барилдаж байна лээ. Хаана бэлтгэлээ базаав?

-Өнгөрсөн өвөл заал танхимын барилдаан зохион байгуулагдаагүй. Хувийн бэлтгэлээ гэртээ л базаасан. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэх тал дээр их анхаарлаа. Улсын наадам зохион байгуулах шийдвэр гарахад Өлгийн хүчтэн дэвжээний хамт олонтойгоо бэлтгэлдээ гарсан. Дасгалжуулагч нартайгаа зөвлөөд системийнх нь дагуу бэлтгэлээ базаасан.

-Нэгэн цагт Баян-Өлгийгөөс сайн барилдаж байсан улсын харцага О.Бахыт “Манай нутгаас улсын цолтон төрвөл онгоц бэлэглэсэн ч яадаг юм” гэж хэлж байсан шүү дээ. Та сонссон л байх?

-О.Бахыт харцага ч ард түмнийг басаж хэлээгүй болов уу. Тухайн үед барилдаж байсан бөхчүүдийнхээ байр байдлыг анзаараад “Ойрын хугацаанд улсын цолтон төрөхөөргүй байна гэж хэлсэн юм билээ. Хэрвээ төрвөл яах вэ гэж асуухад нь “Онгоц өгсөн ч яадаг юм” гэж хариулсан гэдэг. Олон жил сайн барилдсан харцага дүү нараа илүү хурцлах үүднээс хэлсэн болов уу гэж боддог юм. Өнөөдөр Өлгийн хүчтэн дэвжээний бөхчүүд сайн барилдаж байна.

-Хоёулаа өнгөрсөн наадмын талаар ярилцъя. Оноолтын даваанд улсын харцага Н.Золбоотой оноолт таарч хүч үзсэн шүү дээ. Барилдаанаа хэрхэн төлөвлөж гарсан бэ?

-Н.Золбоо харцага чөлөөт бөхийн сайн тамирчин. Өндөр темптэй ажиллаж хүнийг цуцааж давдаг онцлогтой бөх. Миний хувьд лав барьцанд хүрч барилдахаар төлөвлөж байсан. Барилдаан ч тооцоолсноор болж золгооноос хөмрөөд даваа авсан. Чухал даваанд хүнд барилдаан хийсэн шүү.

-Улсын цолны даваанд уран барилдаант улсын өсөх идэр начин Э.Энхбат таныг амласан. Бас л амаргүй өрсөлдөгч шүү дээ. Барилдахаар гарахад багш нар тань юу зөвлөж байв?

-Миний хувьд тайван өөртөө итгэлтэй л барилдахыг бодож дэвжээнд гарсан. Барилдаан удааширч барьц сонгож шоо шидэхэд миний талаар буусан. Гэхдээ Энхбат ах унаж яваад мэх хийдэг элдэвтэй бөх учраас нэг баярлаж, дэвхцээгүй ээ. Гарцаагүй давах л барилдааны хувилбар сонгож туг тойрсон. Начин болчихоод буцахад дотор уужраад толгойд юм юм бодогдоод мөн ч сайхан байдаг билээ. Цаашаа даваа байгааг бодож гар хуруугаа гозолзуулж гүйгээгүй.

-Харцага цолны даваанд улсын заан Б.Пүрэвсайхан таныг амласан шүү дээ. Зааны хөл шүүрдэг дархан мэхийг та тооцоолж л байсан байх. Аргалж болсонгүй юу?

-Заан миний хөлийг шүүрч авна гэдгийг маш сайн мэдэж байсан. Би хувьдаа шуудагнаас л барилдана гэж л төлөвлөж байлаа. Барилдаан санаснаар болоогүй ээ. Миний гарыг татаад л хөл шүүрчихсэн. Хүний дархан мэхийг хориход бэрх юм билээ. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадалгүй унаад их харамссан. Элэг бүсээ тайлаад эргээд алхаж байхдаа “Ямар амархан уначихав даа” гэсэн бодол толгойд эргэлдэж дотор харанхуйлж байсан.

-Өнгөрсөн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн асуудалд холбогдсон. Наадмын өмнөхөн аваргад өвдөг шороодсон бөхчүүдэд цол чимгийг нөхөж олгох тухай асуудал яригдаж байсан. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Нуугаад яах вэ. Шүүхийн анхан шатны шийдвэр гарахад хүн болгон утастаж баяр хүргээд л нээрээ ч улсын цол авчихаж байгаа юм болов уу гэж дотроо горьдож л суусан. Сүүлдээ давж заалдахад л цол хүртчих юм биш биз гэсэн горьдлогоо мартаж бэлтгэлдээ л гол анхаарлаа хандуулсан. Холбогдох байгууллагууд нь шийдвэрлэх байлгүй дээ. Би өнөөдөр ийм тийм гэж юм яриад яахав.

-Наадмын дараа холбогдоход нутагтаа байна гэж хэлж байсан. Нутгийн зон олон шинэ начингаа хэрхэн хүлээж авав?

-Төрсөн нутгийн зон олон минь сайхан хүлээж авсан шүү. Наадмын дараа нутагтаа очиж тааваараа амарч байгаад ирсэн. Миний хувьд Дэлүүн сумаас төрсөн анхны улсын цолтон болж байгаа юм. Нутгийн олон улсын цол хүртэхийг хараад их баярласан байна лээ. Удахгүй цолны мялаалга наадмаа хийнэ.

-Та ингэхэд бөхийн замд хэрхэн орж байв?

-Өвөө минь амьд сэрүүн ахуйдаа “Миний ач мундаг бөх болно шүү” гэж захиж байсан юм билээ. Миний аав хүндийг өргөлтийн тамирчин хүн л дээ. Ухаан орсон цагаас хойш л аав минь “Миний хүү бөх болно” гэж цаг тутам хэлдэг байсан юм. Би ч дүрдээ итгээд нээрээ ч бөх болчих юм болов уу гэж санана. Хүүхдийг урамшуулаад дэмжээд байхад хичээдэг юм билээ. Миний хүүхэд нас Өлгий хотод өнгөрсөн. Тухайн үед зурагт үзэж, компьютер тоглохгүй. Өглөө гараад бөмбөг хөөнө. Зарим тохиолдолд голд сэлнэ. Үргэлж хөдөлж байсан болохоор бие хөгжиж байсан юм болов уу гэж ойлгодог юм. Бөх болоход л бэлтгэгдэж байж л дээ, одоо бодоход.

-Та бөхийн удамтай юу?

-Манай өвөөгийн үеэл ах нь аймгийн хурц арслан цолтой бөх байсан юм билээ. Аймагтаа зургаан удаа түрүүлсэн байдаг. Тухайн үед баруун аймгаас нийслэл рүү ирж барилдах боломж хомс байсан юм билээ. Одоогийнх шиг зам харилцаа хөгжөөгүй байсан үе шүү дээ.

-Та анх жүдо бөхийн бэлтгэл хийж байсан гэсэн шүү дээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Анх жүдогийн бэлтгэл хийдэг байсан. Үндэсний бөхөөр өсвөр үеийн насны ангилалд барилддаг. Сая надтай хамт улсын начин цол хүртсэн Ш.Пүрэвгарьд, Д.Хүдэрбулга, Х.Цогтгэрэл, Ц.Мөнхбаяр бид хэд нэг насанд өрсөлддөг байлаа. Хүдэрбулга биднийгээ бодвол арай илүү байсан. Нэг үеийн хүчтэнүүд хамтдаа цол хүртэхэд сайхан л байдаг юм байна.

-Өнөө цагийн шилдгүүд сумын заануудын барилдаанаас амжилтын гараагаа эхэлж байсан шүү дээ. Таны хувьд ямар амжилттай барилдаж байв?

-Би сумын заануудын барилдаанд анх удаа зодоглосон юм. Бас ч гэж сум орон нутгийнхаа аймаг цэргийн цолтнуудыг тонгойлгодог, бөх болох дүр суучихсан үе шүү дээ. Өргөөнд гартал Архангайн У.Батгэрэл ахтай оноолт таардаг юм. Ойгүй их бяртай айхавтар хурц барилддаг хүн байж билээ. Миний хаа гуяыг ханз татчих шахаад л унагаж байлаа. Ийм их бяртай хүн байдаг аа гэж гайхаад өнгөрсөн. Надтай ижил цолтой ч ур чадвар арал бяраар хол тасархай байсан даа. Уначихаад би ер нь амжилт гаргах юм болов уу даа гэж дотор хүнтэйгээ ярилцаж билээ. Сүүлд Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын барилдаанд түрүүлчихээд их баярлаж, сая нэг дажгүй бөх боллоо гэж өөрийгөө тоож билээ. Нутгийн зон олон минь ч ямар их итгэл найдвар хүлээлгэж байсныг илүү ухамсарласан.

-Та нэг үе дархан аварга А.Сүхбатын удирдлагад бэлтгэл базааж байсан шүү дээ. Тэр их бөхөөс ямар эрдэм сурсан бэ?

-Дархан аварга А.Сүхбат уран дайчин эрэмгий барилддаг хүн. Миний хувьд лав барьцанд хүрч барилддаг. Аваргын уран хурц мэхийг хийхэд хэцүү. Тэр хүн миний бодолд их зүйл хийсэн шүү. Бөх хүн ямар сэтгэл зүйтэй барилдах, шийдвэрлэх даваанд хэрхэн барилдахыг багцлаад хэлчихдэг хүн байна лээ.

-Энэ жил бид шинэ аваргатай боллоо. П.Бүрэнтөгс аваргатай таарч барилдаж л байсан байх?

-Бүрэнтөгс аварга намайг бөхийн замд орж байхад л аймгийн арслан цол хүртэж байсан. Тэр дундаа Баян-Өлгий аймагт түрүүлж байсан юм. Манай нутгийнхан ч аваргыг дэмждэг. Бүрэнтөгс ч итгэлийг нь алдалгүй сайн барилдаж өндөр цолд хүрлээ.

-Шинэ начин гэр бүл зохиож амжсан уу?

-Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Миний эхнэр “Бэлтгэлээ л сайн хий. Ар амьдралдаа санаа зоволтгүй гэж захидаг юм. Бэлтгэлийн хажуугаар амьдрал зохиогоод ирэхэд эхнэр ойлгохгүй байвал амжилт гаргахад хэцүү шүү дээ. Зарим тохиолдолд сэтгэлээр унаад ирэхэд намайг их дэмжинэ. Түшиг тулгуур минь миний хань юм даа.

Түрүү жилүүдэд наадмын бэлтгэлд гарахдаа эхнэрээ нутаг руу явуулчихдаг байсан юм. Наадмаар доогуур даваанд унаад эзэнгүй гэрт ирэхэд ч сэтгэл хоосон хэцүү шүү. Гэр бүлийнхнийгээ хөдөө явуулахаа больсон.

-Та улсын начин Ш.Зоригтын шавь билүү?

-Би олон багшийн гар дамжсан шүү. Анх “Алдартан” бөхийн дэвжээнд улсын заан Д.Бумбаяр багшийн удирдлагад бэлтгэл базаадаг байлаа. Оюутан ахуйдаа хажуугаар нь бэлтгэлээ базаахад амар байгаагүй, хааяа цалгардуулна. Гавьяат багш Б.Адъяахүүгийн удирдлагад ч хоёр жил бэлтгэл хийсэн. Энэ мундаг хүнээс их зүйл сурсан шүү. Гараар нь орсон хүмүүс том цол хүртдэг шүү дээ. Сүүлийн үед улсын начин Ш.Зоригтын удирдлагад бэлтгэлээ базааж, заавар зөвлөгөөг нь дагаад явж байна. Багш миний барилдааны алдаа дутагдлыг цаг тухай бүрт нь хэлж, зөвлөдөг юм. Утсаар ч хамаагүй хэлдэг.

-Таныг дэмжиж тусалдаг байгууллага хамт олон байдаг байх.

-Олон хүн бий. Өлгийн хүчтэн дэвжээ, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хамт олон гээд намайг ивээн тэтгэж дэмждэг байгууллагууд бий. Итгэлийг нь алдалгүй сайн барилдахыг зорьж байна. Ирэх жил их ойд амжилттай барилдаж цолоо ахиулахыг зорьж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Бал бурам мэт амьдралын амтыг хамтдаа л бүтээдэг

Миний нэг танилынх өнгөрсөн жил хоосон хашаа худалдан авч, ирэх онд хоёр давхар амины сууц босгох санаатай хэмээн “сайрхаж” байв. Тухайн үед хэлсэн үгийг нь тэгсхийгээд чихнийхээ хажуугаар өнгөрөөчихөж билээ. Тэгсэн саяхан очтол гэр бүлийн хоёр дүнзээр давхар байшингийн торх зангидчихсан, гадна талыг нь будаж янзлаад, дотоод тохижилт, засварын ажилд ид ханцуй шамлаж байхтай таарав. Мөрөөдлийн байшингаа өөрсдийн гараар бүтээхийг хүссэн тул хоёул ээлжийн амралтаа давхцуулан авчээ. Ханандаа бичгийн цаасан дээр хэд хэдэн зураг хэвлээд хадчихаж. Хамтдаа ярилцаж мөрөөдлийн байшингаа зураад одоо бодит биелэл болгож байгаа нь энэ аж. Гэрийн эзэнтэй хэсэг хөөрөлдөхөд ер зүгээр суусангүй, нөгөө хананд хадсан зургаа байн байн харж мужааны ажилд хичээнгүйлэх аж. Эхнэр нь ч тун найрсгаар нөхөртөө тусалж, хоёр жижигхэн “зулзага” нь хэр чадлаараа ажлын багаж дөхүүлнэ. Хамтдаа бүтээж буй энэ амьдралыг харахад бахархам сайхан байв. Ер нь амар хялбар аргаар олж авсан боломж, эд хөрөнгө, магадгүй албан тушаал, эрх мэдэл тийм ч амттай байж чаддаггүй. Харин өөрийн гараар бүтээн босгож, чин шударгаар зүтгэж хүрсэн оргил хамгийн үнэ цэнэтэй, аз жаргал дүүрэн байдаг ажээ. Манай хоёр хожим хамтдаа босгосон байшиндаа үр хүүхэд, ач зээгээ тойруулан суух үед амьдрал бал бурам мэт ямар амттай санагдах бол оо.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тэнэглэл vs шунал​-II” хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Бейсентэй ярилцлаа. Тэрээр “Үндэстэн ястны хооронд яс хаяж, буруу мэдээлэл тарааж байна” гэлээ.

Өдрийн сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч гуравдугаар нүүрт “Тэнэглэл vs шунал-II” хэвлэгдлээ.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хоёр настай охиныг нохой зуусан хэрэг өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр гарчээ. Шүүх эмнэлгийн магадлангаар охины гэмтлийн зэргийг хөнгөн гэсэн дүгнэлт гаргасныг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Бид тухайн өдөр охиныг харж байсан эгч Н.Отгонсүрэнтэй ярилцлаа.

Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс. Насанд хүрэгсэд ч нарийн мэдээлэлтэй байдаггүй. Тэгвэл “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаагийн ярианаас та шинэ содон, тэр бүр хүмүүс яриад байдаггүй ч хамгийн хэрэгтэй мэдээллийг авах болно.

Хичээлийн цагийн хуваарь болон цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэгслийн жагсаалт хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийн аяны талаар мэдээлэл хийлээ.

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар дүүргүүд нийт 1356 арга хэмжээг хийхээр төлөвлөснөөс 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжаар энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах” нэг сарын аян зарлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөв галлагааны заавар, зөвлөмжийг айл өрхүүдэд өгч ажиллахаар боллоо.

200 өрх тутамд нэг ажилтан угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөвлөмж өгч ажиллана

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Нийслэлийн хүн амын 54,5 хувь нь гэр хороололд амьдардаг. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын утаанаас үүсдэг байна. Иймд 2019 оны есдүгээр сарын 15-наас эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад байгууллага, иргэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ ажил үр дүнгээ өгч өнгөрсөн өвөл нийт 35 мянган айл өрх цахилгаан, төвлөрсөн дулаан хангамж, байгальд ээлтэй эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэсэн. Мөн халаалтын зуух ашиглах хүрээнд 700 гаруй зуухыг буулгаснаар гэр хороололд 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг 500 гаруй мянган тонн сайжруулсан түлшийг нэвтрүүлж чадсан. Ингэснээр 78 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож чадсан. Энэ жилийн хувьд нийслэлийн төвийн зургаан дүүргийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээхээс бусад 16-100 кв.т-ын нам даралтын зуухуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. 36 хороонд 4 кв.т-ын цахилгааны зуухны өргөтгөл хийсэн. Түүнчлэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандантэгчилэн хийдийн орчмын гэр хорооллыг яндангүй, нүхэн жорлонгүй, ариун цэврийн стандартын байгууламжтай бүс болгох зорилготой ажиллаж байгаа. Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Орхоны нэгдүгээр хэсгийг төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбож байгаа учир Гандантэгчилэн хийдийн гэр хорооллын иргэд төвлөрсөн шугамд холбогдох, бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм” гэдгийг онцоллоо.

Энэ өвөл түлшний хомсдолгүй байх, тэгш хүрээмжтэй хүргэх, угаарын хийн эрсдэлийг багасгах ажилд анхаарч ажиллаж байна. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийг түшиглээд хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулжээ. Иргэдийг аюулгүй, эрсдэлгүй байхад анхаарч, заавар, зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1500 ажилтан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 4500 ажилтан ажиллах юм. 200 өрх тутамд нэг ажилтан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч ажиллана.

Яндангаа хөөлөөгүйгээс болж угаартах эрсдэл үүсдэг гэв

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэлийн дуудлагыг авч ажилласан. Угаарын хийнд хордсон өрхийн дуудлагад дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувь, үлдсэн 28 хувь нь нам даралтын буюу сайжруулсан зуухтай айл өрх байсан. Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээгээ хийгээгүй, яндангийн залгаастай байсан зэргээс болж угаартах эрсдэл үүссэн. Иймд иргэд өвөлжилтийн бэлтгэх хангах сарын аяны хүрээнд ханан пийшин, зуухаа засварлаж, стандартын шаардлага хангасан зуух ашиглах хэрэгтэй байна гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо агаарын чанарын бүсэд шинээр орсон учир түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрвөн хэсэгт хуваасан. Нэгдүгээр бүсэд түүхий нүүрсийг бүрэн хориглосон. Хоёр, гуравдугаар бүсэд цахилгаан, хий болон бусад эх үүсвэрийг ашиглаж болохоор заасан бол дөрөвдүгээр бүсэд нүүрсийг бүрэн хориглосон байгаа” гэдгийг онцлов.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Энэ онд баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам ажиллана. Мөн Налайх дүүрэгт байрлах зүүн бүсийн шахмал түлшний хоёр үйлдвэрийн зургаан шугамыг ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг хоёр үйлдвэрийн 18 шугамаас хангаж ажиллана. 16-100 кв.т хүртэл хүчин чадалтай халаалтын зуухтай 1800 аж ахуйн нэгж, 100 кв.т-аас дээш хүчин чадалтай 104 аж ахуйн нэгж, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гурвалсан гэрээ байгуулан сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аж ахуйн нэгжүүдийн анхааралд гурвалсан гэрээгээ байгуулан сайжруулсан түлшээ нөөцлөхийн хүсч байна. Энэ онд борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, 1000 орчим цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Сайжруулсан түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй гэдгийг хэлье” хэмээлээ

Categories
мэдээ нийгэм

Ц.Шаравжамцыг биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томиллоо

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Ц.Шаравжамцыг томилжээ.

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороог байгуулсан.

Ажилд томилох тухай тогтоолыг ЗГХЭГ-ын салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн уншиж танилцуулан “Монгол улсын засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч, та бүхэнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Аль нэг салбарын хавсарга биш бие даасан байдлаар ажиллах учраас Үндэсний хэмжээнд бодлогоо зангидаж, яамны түвшинд ажиллахаар болж байна. Монгол улсын Ерөнхий сайд олимпоос тодорхой үр дүн, мөн нийтийн биеийн тамирын чиглэлд томоохон ахиц гарна хэмээн итгэл хүлээлгэж байгаагаа онцгойлон тэмдэглэж хэлсэн” гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн “Баянзүрх дүүргийн 26 хороо буюу “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах 16 давхар барилгаас утаа гарч байна гэх дуудлага өнөөдөр /2020.8.19/ 12:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын гадна пассад шатаж байсныг шуурай ажиллаж унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Н​ийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ


Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр боллоо. Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмын дагуу НИТХ-аар батлуулахыг даалгасан байна. Дээрх хөрөнгөөр 10 ширхэг хоёр давхар автобус, 36 дан автобус, 15 цэнэглэх төхөөрөмж, цахилгааны дөрвөн дэд станц авах бөгөөд гаалийн болон НӨАТ багтжээ. Санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэх 80 хувийг 6.6 жилийн хугацаатай, эхний долоон сар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээлээр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын том оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. Манай улсад 12 жил болсон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна.

Товч мэдээ

– Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Энэ нь хөдөлмөр эрхлэлт болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

– “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– “Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Энэ хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухаан, эм зүй, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмчилгээ-урьдчилан сэргийлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, рашаан сувилал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.