Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд улстөрийн нам харгалзахгүй бүлэг байгуулснаа зарлалаа

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр эмэгтэй гишүүдийн тоо 13 буюу 17 хувийг эзэлж байна. Энэ нь 2016-2020 оны чуулганд эзэлж байсан хувь хадгалагдсан дүн юм.

Эмэгтэй гишүүд улстөрийн нам харгалзахгүй бүлэг байгуулснаа зарлалаа. Эдгээр 13 гишүүн тус бүр нийгмийн өмнө тулгамдсан нэгээс хоёр асуудлыг хариуцан авч бусад гишүүн нь дэмжиж ажиллах юм байна.

Тухайлбал, эмэгтэй гишүүд залуучуудын хөгжил, бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн хэрэгжүүлэлт, хүний хөгжлийн цогц бодлого боловсруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж манлайлж ажиллахаа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Залуучуудын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг анхаарч авч үзэх шаардлагатай болсон” гэж байв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа архидалт, эрчүүдийн мэндийн төлөө дорвитой анхаарч ажиллана гэж байгаа бол УИХ-ын гишүүн О.Сарангэрэл “Хоёр настай хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт авах боломжгүй байгаа учир хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг бид санаачилж шийдвэр гаргуулна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын хамгийн эмзэг асуудал бол ядуурал. Ядуурлын эсрэг бид тэмцэх болно” гээд эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан 10 гаруй асуудлыг барьж авч манлайлж ажиллахдаа төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана гэлээ.

Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл ажиллах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​УИХ-ын гишүүн Т.Доржханд: Засгийн газар мөрөөдлийн тоо тавьж, иргэдийг хуурдаг байдал өнгөрсөн, тооцоо судалгаа хийдэг хүмүүс нь УИХ-д ороод ирсэн тул хяналт тавьж, хэрэгжилтийг шаардана

УИХ-ын гишүүн Т.Доржханд яг одоо хэлэлцэгдэх гэж буй хуулийн төслүүдтэй холбоотойгоор ажлын албаны гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ. Засгийн газар мөрөөдлийн тоо тавьж, иргэдийг хуурдаг байдал өнгөрсөн, тооцоо судалгаа хийдэг хүмүүс нь УИХ-д ороод ирсэн тул хяналт тавьж, хэрэгжилтийг шаардана гэдгийг тэрбээр онцлов.

Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн мэдээллийг хүргэе.


Б.НАЙДАЛАА: ХЭРЭВ АЛЬ НЭГЭН БАНКАНД АСУУДАЛ ҮҮССЭН БОЛ ЖУРМЫНХ НЬ ДАГУУ ШИЙДЭХ ЁСТОЙ

Банкны шинэчлэл гэдэг бол цогц асуудал. Асуудалдаа мөлгөр хандсаар байгаа мөнхийн асуудал болгоод байна. Хэрэв аль нэгэн банканд асуудал үүссэн бол журмынх нь дагуу шийдэх ёстой. Нэгэнт муудсан банк эргэж сэргэдэггүй. Гэтэл асуудлыг нууж, цаг алдсанаас болж Капитал банкны асуудал үүссэн. Үүний цаана төр, иргэд хохирдгийг бид харсан. Тиймээс Монголбанк хяналт шалгалтаа сайжруулмаар байна. Асуудлыг илрүүлсэн бол ном журмынх нь дагуу шийдмээр байна. Үүнийг хийхгүйгээр банкны шинэчлэл хийхгүй, зээлийн хүү буурахгүй. Тиймээс Монголбанк шийдэмгий, хараат бус, улс төрөөс ангид байх хэрэгтэй.

Зээлийн мэдээллийн сангийн төсөл 15 жил болж байгаа боловч хаашаа ч явахгүй байна. Энэ санг үүсгэхгүйгээр зээлийн хүү 1% ч буурахгүй.

ЖДҮХС-ийн удирдлагыг сольсноос биш засаглалыг өөрчлөөгүй. Ийм нөхцөлд сан жинхэнэ эздэдээ хэзээ ч очихгүй. ЖДҮХС-д зориулсан бүтээгдэхүүнээ сайжруулахгүй бол зээлийн хүү буурахгүй.

Зээлийн хүүг бууруулах төлөвлөгөөгөө гаргаж байж буурна. Түүнийг цогцоор нь мэргэжлийн түвшинд хийх ёстой.

Б.МӨНХСОЁЛ: ГАДААДААС ИРЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭЭ АВЧРАХАД ₮42 ТЭРБУМ ШААРДЛАГАТАЙ. ХЭНТИЙ АЙМАГТ БАРИХ ГЭЖ БУЙ СОЁЛЫН ТӨВҮҮД, МӨН НИЙСЛЭЛД МУЗЕЙ, НОМЫН САНТАЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН БУС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАСАХАД 47 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА

Төсвийн тодотгол дээр манай ажлын алба дүн шинжилгээ хийсэн.

Төсвийн зарлага талаа харахаар тодотголын төсөл дээр 14.6 их наяд төгрөг болгож, 700 гаруй тэрбумаар нэмэгдүүлсэн. Хэдийгээр мөчлөг сөрсөн буюу ажлын байр хадгалах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж хэлж байгаа ч хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын жагсаалтыг харахад хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлээгүй байна. Үүнээс илүү чухал, тулгамдсан асуудлууд байгаа.

Тухайлбал, гадаадад гацсан иргэдийн талаар Т.Доржханд гишүүний асуулгад Шадар сайд Я.Содбаатар хариу ирүүлэхдээ 12,727 иргэн 55 орноос ирэх хүсэлт гаргасан, Чех, Тайландаас 200 гаруй иргэнээ татан авчрахад 6.6 тэрбум төгрөг гаргасан талаар мэдээлэл өгсөн. Эндээс гадаадад байгаа нэг иргэнийг авчрах дундаж зардал 3.3 сая төгрөг бол нийт иргэнээ авчрахад хэдэн төгрөгийг татаас гаргаж болохыг судлахад 42 тэрбум төгрөг болж байгаа. Тэгвэл хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлээд, тухайлбал, Хэнтий аймагт барих гэж буй соёлын төвүүд, мөн нийслэлд музей, номын сантай холбоотой тулгамдсан бус хөрөнгө оруулалтыг хасахад 47 тэрбум төгрөг болж байна.

Төсвийн тодотголоор зарлагаа нэмж, төсвийн алдагдлыг 4.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьд хүргэж байна.

Төсвийн тодотголтой холбоотой дагалдах хуулиудыг бид харахад тэр дунд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль байгаагүй. Гэтэл уг хуулийг өчигдөр өргөн барьсныг олж мэдлээ. Дараалал яаж яваад байна вэ. Хууль зөрчсөн хойноо эргээд хуулиа өөрчилдөг болох уу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зургаа дахь удаагаа өөрчлөх гэж байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд оруулж, хөдөлгөхгүй болгох хэрэгтэй.


Д.ГАНТУЛГА: МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ЯДУУРЛЫГ ХОЁР ДАХИН БУУРУУЛНА ГЭСЭН БОЛ ЗАСГИЙН ГАЗАР ХӨТӨЛБӨРТӨӨ “ЯДУУРЛЫГ ТУУШТАЙ БУУРУУЛНА” ГЭЖ ТУСГАСАН

Бид

  • УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөр
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг харьцуулан судалсан.

Жишээ татъя.

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Ядуурлыг хоёр дахин бууруулна” гэж тусгасан. ҮСХ-ноос танилцуулснаар Монгол Улсад сарын 166,500 төгрөг ба түүнээс бага хэрэглээтэй буюу ядуу 900 мянган иргэн байна. 2024 он хүртэлх хүн амын өсөлтөө тооцохоор МАН нийт 500 мянган хүнийг ядуурлаас гаргана гэсэн үг. Гэтэл Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ энэ тоог 30% болгосон бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Ядуурлыг тууштай бууруулна” гэж тусгасан.

Энэ яагаад чухал гэхээр УИХ-ын сонгууль бол даргыг сонгох бус, мөрийн хөтөлбөрийн сонгууль. Мөрийн хөтөлбөр дээр тусгасан бол хэрэгжүүлэх ёстой. Ядаж хэрэгжүүлэхээр зорилт тавих ёстой. Анхнаасаа мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа судалгаа тооцоон дээр суурилсан гэж ярьж байсан ч тийм зүйл алга гэлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн нэмж мэдээлэл өгсөн. Тэрбээр “Зээлийн хүүг сарын 1%-аас хэтрүүлэхгүй гэж МАН хөтөлбөртөө тусгасан бол хөгжлийн үндсэн чиглэлд “Зээлийн хүүг бууруулсан байна” гээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр энэ тухай нэг өгүүлбэр ч байхгүй.

Иргэн бүрийг урьдчилсан оношилгоонд хамруулахаар сонгуулиар хөтөлбөртөө тусгасан бол хөгжлийн чиглэлд “Оношилгоо шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлнэ, Засгийн газрын хөтөлбөрт “Оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг сайжруулна”. Амалсан зүйлсээ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгахдаа тоонууд нь алга болж, мөлийж орж ирсэн. Бид үүнийг шахаж ажиллана” гэв.

Төлөвлөгөө цаас болж ашиглагддаггүй, биелдэггүй, үр дүн гардаггүй, хариуцлага хүлээдэггүй системээр явж ирсэн. Харин одоо судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс орж ирсэн. Худлаа тоо бичиж, хуурдаг үе өнгөрсөн. УИХ, байнгын хороон дээр би асууж, баримтжуулж байгаа. Дараа нь түүнийгээ нэхнэ. Цаашдаа ийм байдлаар ажиллаж, судалгаа, бодлого хэрэгжилтийг шаардах болно гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Истанбул, Хонгконг руу өнөөдөр тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдсэн байна. Тэгвэл өнөөдөр /2020.08.20/ Истанбул, болон Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэх юм.

Истанбулаас Европт байгаа иргэдээ татан авчрах бол Хонконгоос Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрах аж.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГИЙН ХУВИАР

  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэсэн билээ.

Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр хоёр нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.

Ийнхүү нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Т.Ням-Очир: Багш нарыг хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна

Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогийн газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө.

Шадар сайд, Сангийн Сайд, ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, БШУ-ны сайд нар Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, бэлтгэх ажлыг хийхээр болсон. Үүнд нийгмийн сэтгэлзүйн нөлөөллийн ажил, цар тахлын үед бүх боловсролын байгууллага хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн.

Мөн БШУ-ын сайдын Хичээлийг удирдан зохион байгуулах нарийвчилсан түр журмыг гаргасан. Үүнийг бүх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт сургалтыг зохион байгуулсан.

Багш нарыг хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж, зохих журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлсэн бөгөөд төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн 26.1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах …эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн энэхүү нэмэлт, өөрчлөлт юм. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг УИХ-ын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно.

Гэтэл УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн дээрх хоригийг хэлэлцэж, хүлээн авахыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Т.Аюурсайхан, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгааг илэрхийлээд, бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх хүрээг хязгаарласан заалтыг засах шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн. Мөн Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар ард иргэдийн дунд нэгдсэн ойлголт өгөх шаардлагатай байгааг хэллээ. Мөн ижилхэн УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, дэд дарга Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн үг хэлэх эрхийг хасаж байгаа нь сонгогчдыг төлөөлж буй эрхийг нь хязгаарлаж байгаа үйлдэл хэмээн шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүний асуултад хариулахдаа, хэн нэгний эрхийг хааж боосон зүйл байхгүй гэдгийг тодотгоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эвдэрчихсэн байсан засаглалын тогтолцоог зассан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхээс гадна 44 хуулиар нэмэлт эрх эдэлдэг байсан. Үндсэндээ, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд УИХ-ын тухай хуулийг баталсан. Ингэхдээ, Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн хүрээнд хууль санаачлах эрхтэй болгож өөрчилсөн нь хэт хязгаарласан байгаа тул Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан гэлээ. Үүнд бага зэргийн алдаа гаргасан, түүнийгээ засаад явах нь зүйтэй хэмээлээ.

Мөн тэрээр, Ерөнхийлөгч санал гаргаж Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “төрийн нийтийн” гэдэг томъёоллыг оруулсан хэмээгээд, энэ нь байгалийн баялаг нь төрийн нийтийн өмч буюу ард түмний болон улсын өмч гэсэн агуулгатай гэдгийг тайлбарлав. Төрийн болон орон нутгийн тухай хуульд, “төрийн нийтийн” өмч гэсэн нэр томъёоны тодорхойлолтыг өөрчилснөөр асуудал цэгцэрнэ гэдгийг онцлов. Тиймээс Үндсэн хуулийн заалтыг мушгин гуйвуулж популизм хийх шаардлагагүй гэлээ. Тэрбээр, “Энэ УИХ-ын танхимаас өөрсдийн хийсэн ажлаа мушгин гуйвуулаад байвал ард иргэд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчдөө итгэх итгэл буурна. Тиймээс танхимдаа гишүүд үг, үйлдлээ зөв илэрхийлдэг байгаасай” хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үндэслэлтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр эрх баригчдын олонх алдаа гаргасан гэдгээ ухамсарлаад, засах нь зүйтэй гэж байгаад талархалтай байгаагаа хэллээ. Гэхдээ алдаа гаргаад засаж болдог гэсэн хандлаг гаргах нь өрөөсгөл гэв. Гишүүд Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог мөртлөө иргэдэд тулгарсан асуудлыг шийдэхдээ хууль санаачлах эрхгүй болно гэдэг нь логикын хувьд гажуудал болж буйг дурдав. Мөн УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд мөн хязгаарласан зохицуулалт орсон байгааг хэлээд, үүнийг цаашдаа эргэн харах шаардлагатай гэдгийг сануулж байв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ, Ерөнхийлөгч хууль санаачлаад шууд баталчихлаа гэсэн үг биш, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд батлах эсэхийг шийддэг гэдгийг тодотгоод, Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн бүрэн эрхийнхээ хүрээнд бус УИХ-ын хууль санаачлах эрхийг нь бүрэн хадгалах нь зүйтэй хэмээв. Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч маш чухал санал оруулж, бид баталж байсан. Ерөнхийлөгч Шүүхийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хууль санаачилж, одоо хууль хяналтын байгууллага томоохон хэргүүдийг шийдвэрлэж байгаа бодит үр дүн гарсан. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулсан парламентад МАН бүлэггүй байхад Ерөнхийлөгч хууль санаачилж бүлэгтэй болгох эрхийг нь хангаж өгсөн байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хадгалах нь зүйтэй” хэмээсэн юм.

Мөн тэрээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд оролцох эрхийг хассан асуудлаар тайлбар өгөв. УИХ-ын хэвийн ажлыг алдагдуулсан бол тухайн өдрийн чуулганы хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг зохицуулалтыг УИХ-ын дэгийн тухай хуульд байгааг тэмдэглээд, энэ үйлдэл нь олон удаа давтагдаад байвал тодорхой эрхийг нь хязгаарлапдаг байх нь зүйтэй гэв. Энэ бол зөвхөн нэг гишүүний эрхийн асуудал биш, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль хэлэлцэж батлах УИХ-ын гишүүдийн онцгой эрхэд халдаж байгаа асуудал гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй хэмээгээд, хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй сануулав. Тэрээр, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан үндэслэл шаардлагад дүгнэлт хийх ёстой. Тодруулбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгч Засгийн газрын ажил руу хэт цөмөрч ордог байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн бүрэн эрхийг тэлсэн хууль санаачлах замаар Ерөнхий сайдын дээрх Ерөнхий сайд болж хувирсан. Тиймээс энэ алдааг засахын тулд УИХ-ын тухай хуулийг баталсан тул хоригийг хүлээж авсны дараа анхаарах хэдэн асуудал бий гэв. Тухайлбал, Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд УИХ-аас томилогдсон албан тушаалтанд хориг тавьж байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын санал болгосноор томилж буй албан тушаалтанд хориг тавьснаар, Ерөнхий сайдын эрхэнд халдаж байгаа хэрэг. Түүнчлэн УИХ-аас хоригийг хүлээж авахгүй гэсэн тогтоолд хориг тавьдаг. Ийм эрхийг нь хязгаарлах зайлшгүй шаардлага байна гэв.

Ингээд гишүүд асуулт асууж тодруулга авсны дараа УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Н.Энхболд, Д.Ганбат нар үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, асуудлыг эрх мэдэл талаас нь харахаас илүүтэй үүрэг хариуцлагынх нь талаас ярих хэрэгтэй хэмээгээд, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг нийгмийн бүх түвшинд хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ дүгнэлт хийх шаардлагатай, эрдэмтэн судлаачдыг оролцуулж нухацтай хандах хэрэгтэйг онцолж байв.

Ийнхүү УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай тогтоол батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 17 хүн эмчлэгдэж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлма “Өчигдөр нийт 602 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нийт бүртгэгдсэн 298 тохиолдлын 281 хүн эдгэрсний 51 сувилалд, 14 гэрийн ажиглалтад, 215 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ. ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалын давж заалдах шатны шүүх хурал болж байна

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, уг шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-аас “Замын-Үүд” боомтоор 132 иргэн эх орондоо иржээ

УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэх ажил үргэлжилж буй. Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.

Ингэснээр нийт 132 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулан батлав.

Дараагаар нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан юм. Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг асуулт тавьж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-ын гишүүн хууль санаачлах нь асуудалтай болсон. Гишүүний санаачилсан хуулийн төслийг судалж байна гээд дардаг. Харин Засгийн газар хууль санаачлах нь нээлттэй байгаа. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд халдаж болохгүй. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний мандатад халдаж байна. Б.Пүрэвдоржид ёсзүйн хариуцлага тооцож болно. Харин төсвийн төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгогчдынхоо саналыг тусгуулах эрхэнд халдаж болохгүй. Б.Пүрэвдорж 7 хоног хуралдаандаа оролцохгүй байна гэдэг нь сонгогчдын эрхэнд халдаж байна гэсэн үг. Сонгогчдын эрхэнд халдаж болохгүй.

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүд хуралдааны үеэр бүдүүлэг үг хэрэглэх, бусдыгаа доромжлох асуудал гардаг. Үүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэж байгаа. Судалгааны хүрээлэнг мэргэшсэн парламент Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан.

УИХ-ын гишүүн Б.Ганбат:

-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрхийг хааж боосон асуудлаа хэзээ зогсоох вэ. 65-уулаа олонхи болчихоод болж бүтэхгүй зүйл их хийх юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 6.2-ыг хэзээ засах вэ. Гадаадын сайт дээр Монгол Улсын газар нутгийг зарна гээд зар тавьсан байна лээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Пүрэвдоржийн үг хэлэх эрхийг хасдаг хэн бэ. Адилхан УИХ-ын гишүүд. Үг хэлэх эрхийг хаахыг хуульчилсаныг өөрчлөх хэрэгтэй. Зөв, буруу гэж хэлдэг хэн бэ. Энэ хуулийн зүйл заалтыг хасъя.

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хэн нэгний эрхийг хааж боосон зүйл байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дордуулсан 7 заалтыг засч, засаглалын тогтолцоог оновчтой болгосон. Үе үеийн Ерөнхийлөгч нар эрх мэдлээ хуулийн хүрээнд нэмэгдүүлсэн байсныг зассан.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

​Тарвага тээвэрлэж явсан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгожээ

НОБГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НЭМГ, НМХГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас болж усанд живэх осол буурахгүй байна гэлээ. Мөн хүйтний улирал ирж байгаа учраас гэрээ дулаалах, өвөлжилтөндөө бэлтгэх, яндан зуухны битүүмжлэлийг хангах, стандартын яндан зуух ашиглахыг анхаарууллаа.

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот руу тарвага тээвэрлэн ирсэн хүнд 300 мянган төгрөгний торгууль ногдуулжээ. Мөн байгалийн нөхөн сэргээлт болгож 2,9 сая төгрөгөөр торгожээ.

А.МӨНХНАРАН