Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Хан-уул дүүрэг 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн авто замыг хаана. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Монголын 17 насны шигшээ баг Пуэрто Рико улсын багтай тоглоно


Манай улсын сагсан бөмбөгийн 17 насны шигшээ баг Уганда болон Туркийн багийг хожиж шилдэг наймтшалгарах болзол хангаад байсан билээ. Харин өчигдөр манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Беларусийн эсрэг хийж 129:112 харьцаатай хожсон байна. Ингэснээр манай баг 3 хожилтой болж, ФИБА 17 хүртэлх насны ур чадварын Дэлхийн аваргын С хэсгийг хожигдолгүй тэргүүлж шигшээд шалгарлаа.

Шилдэг наймд манай баг Пуэрто Рико улсын багтай таарлаа. Маргааш хасагдах шатны тоглолтууд явагдана.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ улс-төр

Нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэлээ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардуулав.

Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хорооллын хөгжлийн нам, Монголын Социал Демократ намуудыг оролцохыг албан ёсоор бүртгэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт хоёр өрхийн гэр, арван есөн өрхийн олон тооны мал үерт өртжээ

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад их хэмжээний бороо орж үерлэсний улмаас хоёр малчин өрхийн гэр, эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртжээ.

Аймгийн Онцгой комисс тус сумдад ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоон, хохирол амссан малчин өрхүүдэд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлагт судалгаа, мэдээллийг хүргүүлэх ажлын хэсгийг томиллоо.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон малчдад тусламж үзүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулан устгах, халдваргүйтгэх ажлыг эхлүүлжээ.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг шалгалаа

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгалаа. Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцлаа. Нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. Улсын комисс өнгөрсөн даваа гарагт ажилласан гэдгийг нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаяр хэлэв.

“Зогсоолын бордюрыг хамгаалж хязгаарлалт тавих шаардлагатай, үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид цэцэрлэгт хүрээлэнг цэвэр байлгах, арчлалт, хамгаалалтын ажлыг авч явах шаардлагатай” хэмээн нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч онцлон хэлсэн юм.

Дараа нь Чойжин ламын сүм музейн тохижилтыг шалган ажиллалаа. Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд баригдсан Манжийн хааны зарлигтай сүм юм. Энэхүү музейд Монгол төрөө хамгаалж сахиус буулгаж байсан учир хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй байна. Музейн утга учир, түүхэн онцлогийг олон нийтэд харуулах нь чухал юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Олон зуун жилийн түүхийн үнэ цэнийг мэддэг, хадгалдаг, өв соёл, урлагаа түгээдэг байх учиртай. Иймдээ ч жуулчид төдийгүй монголчуудын хувьд өндөр, шилэн барилгыг үзэх нь сонин биш. Харин илүүтэй Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сонирхож, судалж үздэг болсон. Хотын иргэд түүхээ мэддэг, үнэ цэнээр нь бахархдаг, түүгээрээ ялгардаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл хэргийг дэмжиж ажиллана” хэмээж байв.

Замын тохижилтын ажлын зураг төслийг баталж гаргасан. Төсөлд тусгаснаар цаашид автомашингүй гудамж болгож, явган болон дугуйн замыг хийж өгч, иргэдийг ая тухтай орчныг бүрдүүлнэ. НИТХ-аар цагийн хязгаар тогтоох тогтоол мөн гарсан. Сүмийн хоёр талаар байгаа авто замын хөдөлгөөнд эхний ээлжинд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Одоо байгаа авто зогсоолыг явган, дугуйн зам болгон тохижуулах юм” гэлээ. Хотын дарга Ажлын хэсгийн мэдээллийг нягталж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

Богд хааны ордон музейн тохижилтын ажил 95 хувьтай байна

Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг Хотын дарга болон холбогдох албаныхан шалгав. Богд хааны ордон музейн дэргэдэх нийт 1.4 га, 8600 метр.кв ногоон байгууламж бүхий талбайг тохижуулах ажлын явц 95 хувьтай байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн “120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж ирдэг байсныг Богдын музейн урд хэсгээс эхлэн ус зайлуулах шугамыг холбож, худаг руу гаргаж өгсөн. Уг худаг усыг Дунд гол руу зайлуулах байдлаар асуудлыг шийдвэрлээд байна. Одоогоор 200 метр ногоон байгууламж, мөн гэрэлтүүлгийн ажил үлдээд байна. Энэ сарын 20-ны дотор тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Говийн бүсэд таримал аж ахуйг хөгжүүлэх сургалт зохион байгуулна


Өмнөговь аймагт 21 аймгийн агрономчид уулзаж, говийн бүс нутагт таримал аж ауй хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, талбайн үзүүлэх сургалтыг хийх гэж байна.

Энэхүү үзүүлэх сургалтыг энэ сарын сарын 27, 28-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулах юм. Ташрамд дуулгахад тус аймаг нь таримал ойгоороо улсдаа тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд БНСУ-ын Гансёнбуг аймаг, ХААИС-тай хамтран өвөл зуны хүлэмжин аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 2 нь гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй, харьяаллын дагуу 3 гомдлыг шилжүүлж, 1 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 27 гомдол шалгагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мэргэн: УИХ-ын гишүүнийг чуулганд суух эрхийг шууд долоо хоногоор хасах нь буруу

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэгдэж байх үед хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Дэгийн тухай хуулийг барьж УИХ-ын чуулганд суух эрхийг долоо хоногоор хаслаа. Дэгийн тухай хуульд энэ талаар хэрхэн заасан байдаг юм бэ?

-Өмнө хийгдэж байсан судалгаануудтай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль шинэчлэн батлагдсан. Одоо энэ хоёр хуулийн өөрчлөлт хэрэгжээд явж байна. Одоо чуулганы хуралдаанууд дандаа шинэ хуулийн дагуу, шинэчилсэн найруулгын дагуу Дэгийг баримталж явж байгаа. Шинэчилсэн найруулга гэдэг өмнөх хуульд 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж шинэчилсэн найруулга болж байгаа учраас энэ хууль бүхэлдээ шинэчлэгдсэн гэсэн үг. Шинэчлэгдэх явцад УИХ-ын гишүүний хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх асуудал хөндөгдөж яригдсан. УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй. Гэхдээ эрхийг нь олгоод байгаа юм чинь хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдааны танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг. Угтаа чуулганы хуралдаан дээр хэлсэн ч тэр нь бусдыг гүтгээд, доромжлоод эхэлбэл хариуцлага тооцож болохуйц заалт урьд нь байсан. Гэтэл ийм заалт байхгүй мэтээр өдийг хүргэсэн. Дэгийн тухай хуулийн 17,18 дугаар зүйлд шинэчилсэн найруулгын заалт бий.

Дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд хуралдаан даргалагчийн эрх үүрэгтэй холбоотой заалтууд бий. Харин 18 дугаар зүйлд нь хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтууд бий. Хуралдаан даргалагч дэг сахиулна. Гишүүн Дэгийг зөрчсөн тохиолдолд сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхийг хасах заалттай. Энэ гурван хариуцлагын аль нэгийг нь ногдуулна.

-Шат дараатай явах ёстой юм байна, тийм үү?

-Тийм. Хариуцлага тооцох гэж байгаа бол шат дарааллаараа явах ёстой. Дэгийн тухай хуульд заасан заалтаараа явах ёстой юм.

Хуралдаан даргалагч өөрөө Дэгээ зөрчсөн асуудал энд үүсч байна. Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүнийг сануулахгүйгээр хариуцлага тооцох заалттай дэг зөрчсөн гэж үзвэл танхимыг орхин гарахыг шаардах ёстой. Үүнийг биелүүлэхгүй бол хугацаа заан хуралдаанд оролцох эрх хасах хуультай. Тэрнээс шууд чуулганд суух эрхийг нь хасах арга хэмжээ авах эрх байхгүй. Тухайн өдрийн хугацаанд л чуулганаас гаргаж болох болохоос биш, долоо хоногоор хуралдаанд оролцуулахгүй гэж хугацаа заах ёсгүй. Шууд долоо хоногоор хасах нь буруу.

Зарим тохиолдолд сануулахгүйгээр шууд хариуцлага тооцдог. Заримд нь сануулж байж хариуцлага тооцно. Ямар тохиолдолд ялгаатай үйлчлэх вэ гэхээр тухайн гишүүн чуулганы хуралдаанд үг хэлэхийн тулд чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлэх ёстой. Гэтэл хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлаас гадуур холбогдолгүй үг хэлээд байвал эхлээд хуралдаан даргалагч сануулна. Сануулахдаа хэрвээ дахиж ийм үйлдэл гаргавал танд ийм хариуцлага хүлээлгэнэ гэдгийг давхар хэлэх ёстой. Сануулгыг хүлээж авахгүй бол үг хэлэх эрхийг нь хасна. Ингэж хасахдаа тухайн асуудлыг хэлэлцэж дуустал үг хэлэх эрхийг нь хасдаг.

Бусад гишүүд үг хэлж байхад саад учруулах, дундуур нь орж үг хэлэх, өөрийнхөө саналаа хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох нэр төрд нь халдаад эхэлбэл сануулахгүйгээр шууд үг хэлэх эрхийг нь хасна. Чуулганы хуралдааны хэвийн байдлыг алдагдуулбал танхимаас гаргах хариуцлага хүлээлгэнэ. Танхимаас гарахгүй байвал хугацаатайгаар танхимд орж ирэхгүй байх хэмжээний хариуцлага хүлээлгэдэг. Шинэ хуулиа гишүүд маань хэрэглэж дадаагүй юм уу гэж харж байна.

-Дэгийн тухай хуульдаа хугацаа заасан юм уу?

-Одоогоор Дэгийн тухай хуульд тодорхой хугацаа заагаагүй. Тухайн хугацааг хуралдаан даргалагчийн эрх хэмжээнд л өөрт нь сонголтоор олгочихсон. Хуульд хугацаа зааж өгнө гэсэн байдаг.

-Тэгэхээр хүссэн хугацаагаа хуралдаан даргалагч хэлж болох юм байна гэж ойлголоо. Тэгвэл бүр дөрвөн жилийн турш чуулганы хуралдаанд суулгахгүй байж болох үндэслэл байхыг үгүйсгэхгүй юм.

-Яг хуулийн үг үсгээр нь харвал тийм байж болохуйц нөхцөл байдал бий. Яагаад гэвэл хугацаа зааж өгөөгүй. Ямар ч хууль шууд төгс батлагдахгүй. Хэрэглээний явцад засч сайжраад явдаг. Энэ алдаа практик дээр гарч байгаа учраас нэмэлт өөрчлөлт оруулаад хугацаа зааж өгдөг. Дээд тал нь хэдэн өдөр, хэдэн сар байхаар зохицуулж өгөх шаардлага гарах байх. Нөгөө талаасаа хугацаа зааж өгөхгүй шийддэг улс орнууд бий. Гэхдээ энэ улсуудад эрх зүйн соёл нь олон жил яваад хөгжчихсөн, иргэдийнх нь эрх зүйн болон ёс зүйн ухамсар нь төлөвшчихсөн. Энэ тохиолдолд хууль хэрэглээгээ өөрсдөө ямар нэгэн цөөнхийн эрхийг нь хасах, улс төрийн зорилгоор ашиглахгүй гэх итгэл үнэмшил байгаа үед хуралдаан даргалагч тохиолдолд нь нийцүүлээд хариуцлага тооцдог. Манайх шиг улс оронд хугацаа тодорхой зааж өгөхгүй болохоор цөөнхийн эрхийг хасаад янз бүрийн байдлаар хэрэглэгдэж явахыг үгүйсгэхгүй.

-Зарим хүмүүс цөөнхийн хэлэх эрх, иргэдийн төлөөлөл байх эрхийг нь хаслаа хэмээн шүүмжлэл өрнөж байна…

-Зарим хуульчдын зүгээс Үндсэн хууль зөрчиж байна, Цэцэд хандах ёстой, бусдын төлөөллийн эрхийг зөрчиж байна гэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ онолын хувьд ч практик дээр ч бусад улс оронд огт байдаггүй зүйл биш. Ямар нэгэн байдлаар ихэнх улс орнууд хариуцлага тооцож явдаг. Олон улсад тухайн гишүүнд санхүүгийн торгууль, сахилгын шийтгэл, бусад төрлийн хариуцлагын механизм, ёс зүйн шийтгэл зэргээр хариуцлага тооцдог.

Б.НОМИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН 100 жилийн өмнөх үйл явдлыг давтлаа

МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, төрийн сайд Солийн Данзанг 1924 оны наймдугаар сард болсон намын гуравдугаар хурлаас үг хэлэх, хуралд оролцох эрхийг нь хасч хурлаас хөөж гаргасан байдаг. Дараа нь түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн Шархаданд аваачин буудсан билээ. 100 жилийн дараа МАН Бөхчулууны Пүрэвдорж гишүүний үг хэлэх эрхийг хасч, УИХ-ын чуулганаас хөөж гаргалаа. Харин буудсангүй. 100 жилийн дараа болж байгаа үйл явдал юм даа. Боловсон болжээ гэж бодох уу, энэ намыг. УИХ-ын гишүүн ард түмний хүсэлтийг дамжуулж хэлдэг. Тойрогтоо зайлшгүй шийдэх ёстой асуудлыг гишүүд л ярих ёстой. Тэгж байж төрийн бодлогод хүргэдэг. Б.Пүрэвдорж гишүүн ч тэгж л ярьсан. Гэтэл Б.Пүрэвдорж гишүүнийг УИХ-ын чуулганаас долоо хоног хөөх шийдвэр гаргасан. Яагаад ард түмний дуу хоолойг хориглосон хууль МАН баталсан юм бэ. Өнгөрсөн тавдугаар сард Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Уг хуульд гишүүн дэг зөрчвөл сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхийг хасна хэмээн заасан. Гэхдээ хэдий хугацаанд хуралдаанд оролцох эрхийг хасах талаар тусгасан зүйл огт байхгүй. Тэгэхээр долоо хоног хөөсөн ч болно, дөрвөн жил хөөсөн ч болохоор юм байна. УИХ-ын гишүүнийг үг хэллээ, шүүмжиллээ гээд хөөгөөд гаргачих юм бол ард түмэн 76 гишүүнийг сонгох хэрэг юу байна. Эрх баригчид өөрсдийгөө шүүмжлүүлэхгүйн тулд цөөнхийг хуралд суух эрхгүй болгож, энэ хуулиараа. Ард түмнээс яг адилхан сонгогдсон гишүүд нэгнийхээ үг хэлэх эрхийг хааж, боож хорих эрх байхгүй.


Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн энэ сарын 22-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэдийн АНХААРАЛД

– КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ –

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 8 дугаар сарын 22-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.

• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.

• Коронавирусын шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зайлшгүй бичигдсэн байна.

• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.

Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

– ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ –

• Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна.

• Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.

– ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ –

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай. Хэрвээ ГИХГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд Инчөн олон улсын нисэх буудалд ажиллах ЭСЯ-ны ажилтанд бүртгэл эхлэх үед хандана уу.