Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.08.10-13-ны өдрүүдэд нийт 1187 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 836 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.17-ны 16.30 цагийн орчим Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын 1-р баг “Алтан Овоо” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд Dayun маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 52 настай, эрэгтэй, А нас барсан.

2020.08.18-ны 18.20 цагийн орчимд БГД-ийн 20 дугаар хороо “Гурвалжин” төвийн зүүн урд замд Bieben маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 46 настай, эрэгтэй Б-г мөргөж, амь насыг хохироосон.

2020.08.18-ны 03.10 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогт овоо сум Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь насыг хохирсон.

2020.08.20-ны 17.13 цагийн орчимд СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын зам, …дугаар хашаан дотор Toyota Harrier маркийн автомашины жолооч П нь хөдөлгөөн эхлэх үедээ 1.5 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 992 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ”

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор 239 мянган хүн халдвар авчээ

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Нийт тохиолдол 22,542,444, эдгэрэлт 15,490,274 байгаа бол нийт нас баралт 799,292 болжээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга “Сүүлийн 24 цагийн хугацаанд 239 мянган хүн халдвар авч 5,000 гаруй хүн эндсэн үзүүлэлттэй байна. Мөн ОХУ-д 4,785 хүн өвчилж, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 40 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Японд 1,195 хүн халдвар шинээр авч 11 хүн эндсэн. Наймдугаар сард тус улсад бүртгэгдсэн өвчлөл нь нийт бүртгэгдсэн өвчлөлийн гуравны нэг хувийг эзэлж байна. Бас нэг онцлох зүйл нь тус улсын нийт өвчлөл авсан хүмүүсийн 54 гаруй хувийг 20-30 насны залуучууд эзэлж байгаа юм. Иймд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг богиносгосон цагт шилжүүлсэн.

БНСУ-д 324 хүн шинээ халдвар авсан. Мөн тус улсад энэ долоо хоногт тохиолдлын тоо нэлээд нэмэгдсэн” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Ачлал их дэлгүүрийн хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлана гэв

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу Ачлал их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай-гийн хэлж байгаагаар “Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн энэ газар дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар 2009-2018 онд гурван нэгж талбайн газрыг олгосон байгаа юм. 2009 онд олгосон газрыг 2015 оны захирамжаар хүчингүй болгосон. Мөн “Булган гэмпил” ХХК-нд олгосон газрыг 2015 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан боловч компани шүүхэд хандаснаар шүүх 2016 онд газрын эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан байдаг. Газрын албаны зүгээс газрыг эрхийг нь өөрчилж, тохижилт хийх асуудлыг тухайн эзэмшигч компанид удаа дараа тавьсан. Түүнчлэн гуравдахь хэсэг газрыг “Батган импекс” компани эзэмшдэг бөгөөд уг компани газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр болоод байгаа. Энэхүү талбайн газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар бүртгэн авч, хамгаалалтад авна” хэмээв.

НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “Бид хорооллын орчмын олон газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд авах ажлуудыг хийж байгаа. “Хашаа” арга хэмжээгээр Ахуйн үйлчилгээний ард талын 2000 гаруй метр.кв талбайг чөлөөлсөн. 28 дугаар сургуулийг тойроод гурван хашаа барьчихсан байсныг шийдвэрлэсэн. Хотын дарга өнөөдөр 14 дүгээр хорооны газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад баярлаж байна. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулах шаардлага бий” гэв.

Баянгол дүүргийн 13 дугаар байрны оршин суугч Ч.Сэлэнгэ “Миний хувьд 13 дугаар байрандаа 30 гаруй жил амьдарч байна. 1985 онд анх нүүж ирэхэд энэ хэсэг “муурын байшин” гэсэн тохижилттой цэвэрхэн талбай байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил талбайн хэсгээс хувийн компанид өгсөн гэх асуудал их гарах боллоо. Хотын дарга иргэдийн үгийг сонсож, газар дээр нь ажиллаж, талбайг нийтийн эзэмшилд хэвээр үлдээнэ гэж хэлж байгаад талархаж байна” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэргэжлийн байгууллагуудын тайлбар, оршин суугчдын үгийг сонссоны дараагаар “Үүсээд буй газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандартын дагуу газраа нийтийн эзэмшлийн талбайгаар нь ашиглана. Мөн газар эзэмшиж буй аж ахуйн нэгж, иргэний эрхийг хөндөхгүйгээр талуудад хохиролгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэж ажиллана. Энэ талбайд ямар нэгэн барилга байшин бариулахгүй гэдгийг иргэддээ хандаж хэлье. Д.Мөнхжаргал төлөөлөгч иргэдийн саналыг нэгтгэж, уг талбайд орон нутгийн хөгжлийн сангаас тохижилт хийнэ гэж НИТХ-аар хөрөнгө батлуулсан. Нийслэлийн хэмжээнд газрын маргааны асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг мөрдүүлэх нь хамгийн чухал байна. Амьдрах орчныг сайжруулахын төлөө бид ажиллаж байна. Хотын стандартын баримт бичгүүд батлагдан гарсан. Энэ дагуу хотын стандартыг дагаж мөрдөх, стандарттай хотыг бий болгохын тулд анхаарч ажиллаж байгаа. Ногоон байгууламжид халдаж байгаа зөрчил, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр ашиглахгүй байгаа гэх зэрэг асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр хорооны оршин суугчид орчны аюулгүй байдалд нөлөөлдөг, нийтийн эзэмшилд байшин барилга барина гэх газруудын асуудлыг Хотын даргад уламжиллаа. 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны ард орон сууц барихаар төлөвлөгдсөн газрын эрхийг олгосон баримт бичгийг холбогдох компанийнхан иргэдэд үзүүлсэн болохыг оршин суугчид хэлж байсан юм. Харин энэ асуудлыг нягталж, шалгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд өглөө. III хорооллын 14, 15 дугаар хороонд нийт 4-5 хэсэг газарт олон нийтийн ая тух, аюулгүй байдалд халдан газар олгосон асуудал байгаа гэдгийг иргэд хэлж байгаа. Уг асуудлыг холбогдох мэргэжилтнүүд судалж, танилцуулах үүргийг Хотын дарга өгсөн. Мөн энэ үеэр ард иргэдийн үгийг сонсож, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр нь хадгалж, тохижуулахад анхаарч, газар дээр нь ирж ажилласан Хотын даргад тус хорооны оршин суугчид талархаж байгаагаа хэлж байлаа.

Б.ОЮУНДАРЬ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 709 хүний шинжилгээний хариу сөрөг, хоёр хүн эдгэрч сувилалд шилжлээ

Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 1-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 249 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 7-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 40 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 9 хүний давтан шинжлигээ,
  • Наймдугаар сарын 18-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 105 хүний шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тухайн хоёр иргэний хувьд, 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 283 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 15 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эдгэрсэн хүмүүсээс 28 хүн сувилалд, 38 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 217 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан ажиллагаа зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аянг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтарсан ажиллагааг явуулах, тус гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлын судалгааг хийх талаар санал солилцов.

Талууд уулзалтын хүрээнд энэ оны сүүлийн хагаст тусгай “Ажлын хэсэг” байгуулж “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ээр дамжуулан шийдвэрлүүлсэн цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй биечлэн танилцах, Монгол Улс дахь химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтыг хянаж шалгах, хүний эрхийн сургагч багш нарыг дахин бэлтгэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн энэ үеэр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, үйлдэгчид оноож буй ял шийтгэл, эрх зүйн орчныг судлах, малын хулгайн гэмт хэргийн талаарх судалгааг хийх тухай ярилцлаа.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа нар болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр орон нутгийн ажилтай танилцав

Шинээр сонгогдсон МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр орон нутаг дахь ажлаа Орхон, Булган аймгаас эхлэв.

Тэрбээр эхний уулзалтаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй хийж, “Токио-2020” зуны олимпын наадмыг угтаж хамтран ажиллах, олимпын “Алтан Түнш”-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед биеийн тамир, спортын материаллаг баазыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр тамирчдыг ихээхэн дэмжиж ажиллаж, тус үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клуб үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, чийрэгжүүлэхэд чиглэсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажиллаж буйг онцлов.

Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор, ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгэм хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнав. МҮОХ-ны ерөнхийлөгч орон нутаг дахь ажлаа Н.Түвшинбаяр Булган аймгийн Биеийн тамир, спортын хорооны үйл ажиллагаатай танилцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Истанбулаас 268 иргэн эх орондоо ирлээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 08:15 цагт Улаанбаатарт газардлаа. Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирсэн юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай нислэг үйлдэхээр болсноос 10 удаагийн нислэг үйлдээд байна. Өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай онгоц ниснэ.

Categories
мэдээ улс-төр

2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Орлогыг яагаад бага тооцоод байна вэ. Үнийн өсөлтөөрөө орлогоо нөхөөд явах юм биш үү. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байна гээд байдаг. Гэтэл алдагдалтай ажиллуулаад байлгаад байгааг би ойлгодоггүй. Алдагдалтай бол хувьчлах хэрэгтэй. Төрийн өмчийн компанийн захирлууд том том машин унаад, санхүү нь хүрэлцэхгүй бол төрийн өмч барьцаалж зээл авдаг юм билээ. Сангийн яам яаж хураах вэ гэж бодохоос эдийн засгаа тэлэх бодлого барихгүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Бид эдийн засгаа тэлмээр байна. Эдийн засгаа тэлж байж төсөв алдагдалгүй болно. Үр ашиггүй байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах хэрэгтэй. Алдагдалтай болгохгүйн тулд богино хугацаанд үе үе зээл авдгийг зогсоох хэрэгтэй. Орлогыг бодитой тооцсон гэж бодох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Нэг уурхайн өмч нь 60 тэрбум өр нь 120 тэрбум төгрөг байна. Бодит байдал дээрээ энэ нь дампуурсан байна. Үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчилж цэгцлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Цар тахлын улмаас улсын төсвийн хөрөнгө оруулалт бусад асуудал хүнд байгааг ойлгож байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон барилга, объектуудын санхүүжүүлж, гүйцэтгэгч нь тодорсон бол төсөвт суутгадаг. 2020 онд нэг тэрбум төгрөг төсөвт суулгачихаад найман жил дараалан төсөвт өртөг нэмээд байдаг. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсөв дээр тавигдсан хөрөнгө оруулалтуудын төсөвт өртөг жил дамнахаар нэмэгдээд байдаг. Зураг төсөвгүй байхад нь төсвөө суулгадаг, эсвэл зураг төсөл нь бүр өмнө хямд өртгөөр хийгдсэн байдаг зэрэг шалтгаануудаар төсөвт өртөг нэмэгддэг. Энэ 2021 оноос эхлэн зураг төсөвгүй хөрөнгө оруулалт тавихгүй, газаргүй бол төсөв тавихгүй байна гэсэн бодлого барьж явмаар байгаа юм. Засгийн газар зөвхөн Барилга, хот байгуулалтын яам дээрээ зураг төсвөө гаргадаг байя гэсэн шийдвэрээ гаргачихсан.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Бид төсөвтэй холбоотой олон бодлогын бичиг баталдаг. Үр дүн нь хөгжил рүү л хурдтай явах гээд зүтгэдэг. Бид хөгжил рүү явахын тулд төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэх ёстой гэж боддог юм. Гэтэл төсөв ярихад орон нутгаас танаж, төвлөрсөн газар руу нэмдэг. Төрийн аудитын байгууллага нь иргэдийн тулах цэг байх ёстой юм. Аудитын байгууллага зөвлөмж хүргүүлсэн л гэх юм. Үр дүн байдаггүй. Төрийн аудитын байгууллагын хариулт, гишүүдэд өгч байгаа мэдээлэл маш дутмаг байна. Хэмнэлтийг хөрөнгө оруулалтаас бус урсгал зардал, төрийн данхар бүтцээс танадаг баймаар байгаа юм. Урсгал зардлыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ. Өнгөрсөн жил Засгийн газар ковидтой гээд маш олон зардлуудыг танах ёстой гэсэн чиглэлтэй ажилласан ч үр дүн гараагүй. Ирэх жилүүдэд урсгал зардлуудыг хэдэн хувиар бодитоор буулган тооцоолол байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн тодотголоор төрийн байгууллагуудын 118 тэрбум, хөрөнгө оруулалт дээр 520 орчим тэрбум төгрөгийг хасч оруулж ирсэн. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, эрүүл мэндэд анхаарах зэрэг арга хэмжээтэй холбоотой урсгал зардлууд бол нэмэгдсэн. Ер нь бол зардлыг бууруулж чадахгүй гэхэд нэммээргүй байна. Гишүүд ч гэсэн ийм зардал нэммээр байна л гэсэн санал гаргаж байгаагаас хасна гэсэн санал лав гарахгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 13 дахин өсч, төсөв тэр хэрээ өссөн. Энэ өсөлт буурахад зардлаа дагаж бууруулахгүй явсаар ирсэн нь өнөөдрийн төсвийн хүнд нөхцөл байдалтай болгосон. Төсвийн алдагдал өсч байна, төсвийн орлогыг тэлж болохгүй. Ирэх жилийн бондуудын төлөлтийг хийхийн тулд төсвийн үзүүлэлт, тоонууд нь маш сайн байх ёстой. Ирэх жилээс үзүүлэлтүүд сайжирна гэсэн өөдрөг зүйл яриад байхаар гишүүд зардлаа илүү их нэмж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

З.Болормаа: Хайр гэж тэгвэл яг юу юм бэ. Нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг

– МЭДЭЭЖ АСАР ОЛОН УХАГДАХУУН ХӨНДӨГДӨХ Ч ХАМГИЙН ЧУХАЛ НЬ СЕКС ЮМ-

МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ

Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс. Насанд хүрэгсэд ч нарийн мэдээлэлтэй байдаггүй. Тэгвэл “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаагийн ярианаас та шинэ содон, тэр бүр хүмүүс яриад байдаггүй ч хамгийн хэрэгтэй мэдээллийг авах болно. Тухлан уншина уу.


-Фитнесс гэхээр хүн бүр мэддэг. харин одоо эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан буюу “Үтрээний фитнесс” гэсэн шинэ ойлголт гарч ирсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манайх энэ салбарт эмчилгээ, үйлчилгээ, оношилгоо, зөвлөгөө мэдээллийг нэвтрүүлээд тав дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн сүүлд гаргасан төсөл гэвэл аарцаг ёроолын булчин, үтрээний булчин саажилт гэсэн сэдвээр судалгаа хийсэн. Бидний нөхөн үржихүйн эрхтэн маань маш олон төрлийн булчингаас тогтдог. Булчинг яаж эрүүл, хэвийн байлгах, өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн өвчлөлгүй хадгалж чадах вэ гэхээр өөрөөр нь хөгжүүлэх ойлголт нэгдүгээрт тавигддаг. Таргалалт, хэвлийн даралт, жирэмсэлт, төрөлт, өтгөн хаталт зэрэг маш олон шалтгаанаас булчингийн алдагдалд ордог. Булчин сулралаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, энгийн арга бол дасгал хөдөлгөөнөөр сэргээж, нөхөн төлжүүлэх юм. Кегель хэмээх эрдэмтэн кегелийн дасгал буюу үтрээ, аарцаг ёроолын булчингийн дасгалыг гаргаснаар дэлхийд сая сая хүмүүс энэ дасгалыг хийж, бие, сэтгэл зүй эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаандаа асар олон эерэг өөрчлөлтүүд гардаг гэдгийг ухааруулсаар байна. Гадны орнуудад яалт ч үгүй үтрээний фитнесс талаасаа хөгжсөн байдаг. Манайх 2019 оноос энэ чиглэлээр судалгааны ажлууд хийж дуусаад 2020 оны нэгдүгээр сараас үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

-Гар, хөл, цээж, гэдэсний гээд ил харагдах булчингуудаа фитнесст явж хөгжүүлж, гоё болгож болдог. нөхөн үржихүйн энэ далд булчингууд хэр хурдан сэргэх вэ?

-Хүний хамгийн хүчтэй булчин гэж хэлж болно. Яг эмэгтэйчүүдийн булчин дээр анхаарлаа хандуулаад үзэхээр сав, умай маань дүлий эрхтэн. Улайж, шархлаад үрэвсээд байсан ч өвдөлт зовиур илэрдэггүй учраас тэр бүр мэдэгддэггүй. Олон жил ингээд явж болдог. Гэтэл булчингийн бүтэц маань маш их судасжилт, цусан хангамж булчин хоорондын мэдрэлжүүлэлтээр тэжээгдэж байдаг. Бусад булчингаас илүү нарийн мэдрэлжүүлэлттэй. Тиймээс онцлог нь бидний ярьдаг дур тавилт. Сексологи, секспаталоги тархитай хамааралтай маш нарийн сэрэл мэдрэмж эмэгтэйчүүдийн үтрээнд, эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд байдаг. Булчин бол хүндийн, хөдөлгөөний, гүнийн, өнгөц булчин гэх зэргээр өөр өөр бүтэцтэй байдаг ч сэргээгдэхдээ их амархан. Бусад булчингуудаас илүү богино хугацаанд үр дүн гардаг.

-Үтрээний фитнессийг эмчилгээний нэг төрөл гэж үзэж болох уу?

-Болно. Нэгд, эмчилгээний нэг төрөл, хоёрт, элдэв эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, гуравт бэлгийн харилцааны насжилтыг удаашруулах гэдэг хамгийн том ухагдахуун юм. Энэ дасгалыг хийгээд, дотоод гоо сайхны фитнессээр хичээллэснээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр л нэмэгддэг. Мөн эрчүүдэд зориулсан пенис фитнессийг эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр бас л эрчүүдийн нөхөн үржихүйд тулгамдсан асуудлыг шийднэ. Аарцаг ёроолын булчинг чангалж дур тавилтын мэдрэмжийг улам сайжруулж бэлгийн харилцааны контролыг чадавхжуулна гэсэн үг. Гадны орнуудад эдгээр дасгалууд их чухал, бусад дасгалаар хичээллэхээс өмнөх суурь болж өгдөг. Бид гадна биедээ анхаараад, нүүрний арьсаа арчилж, гоё боди биетэй болоод өөртөө итгэлтэй алхдаг. Гэтэл амьдралын чанар, сэтгэл зүй, дотоод асуудалд хамгийн чухал нь важайна фитнесс юм. Энэ нь эрүүл мэндтэй салшгүй хамааралтай. Ер нь дур тавилт гэдэг гэр бүлийн бие болоод сэтгэл зүйн асар том гол хүчин зүйл зүрх нь байдаг. Хүний дотоод булчингууд хөгжсөөр дур тавилтын оргил мэдрэмжийг мэдэрч дур тавилтаа хүссэнээрээ удирддаг.

-Манайхан мэдээлэл дутуугаас ч болдог уу, “зүгээр болоод л байгаа юм чинь яагаад заавал ийм дасгал, эмчилгээ хийх ёстой гэж” боддог. Ер нь дотоод гоо сайхны фитнессийг яагаад хийх ёстой юм. Үр дүн нь юундаа байна вэ?

-Би өвддөггүй, зүгээр хүн гээд өөрсдийгөө орхиж болохгүй. Зүгээр байх тусмаа энэ фитнессээр хичээллэх маш чухал, үр дүн нь гайхалтай байх болно. Энгийнээр хэлбэл, сексологийн боловсролтой, өндөр мэдрэмжтэй хүний бие физологи, зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, тэр бүү хэл ажлын бүтээмж, санхүүгийн чадамжийн хувьд ч өндөр байдаг. Энэ булчинг хөгжүүлэх дасгал хийснээр сексийн мэдрэмж хамгийн өндөр цэгтээ очдог. Зөвхөн өөрөө төдийгүй нөхөртөө ийм сэрэл мэдрэмж өгч чаддаг. Үтрээний фитнесс бол секс рүү хандсан хамгийн чухал эмчилгээ, дасгал юм. Одоо байгаагаасаа илүү гоё болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бэлгийн харилцааны насжилт гэж бид ярьдаг. Тухайлбал, 50-60 насанд ихэнх гэр бүлийн бэлгийн харилцаа нь зогсонги байдалд ордог. Тэгвэл пенис фитнес, важайна фитнесийг 20, 30 настай хүн ч хийх ёстой. Энэ нь сексийн насжилтыг удаашруулж, чадавхтай чигээр нь хадгална гэсэн үг. Өнөөдөр энэ фитнессээр хичээллэснээр ирээдүйн 30, 40 жилийн идэвхтэй амьдралаа хадгалж үлдэх боломжтой.

-Дотоод гоо сайхны фитнесс, дасгалыг яаж хийж сурах вэ. Заалгах ёстой юу?

-Ганцаарчилсан сургалтаар заадаг. Эхлээд тухайн хүний булчинг нь төдийгүй буруу рефлексүүдийг оношилно. Ингээд эмч, дасгалжуулагч нарынхаа дэргэд, аппарат тоног төхөөрөмжөөр дасгалаа зөв, буруу хийж байгаагаа бүрэн хянаж, шалгуулаад зөв болгож программчлаад олон олон дасгалууд хийнэ.

-Таны нэг LIVE-ийг харж байхад танай фитнессийн эмэгтэйчүүд үтрээгээрээ 1-3 кг жинтэй туухай өргөж байсан. Тийм боломж хүн бүрт байдаг уу?

-Байлгүй яахав. Хүндийн өргөлтийн тамирчид өргөх жингээ өдөр өдрөөр нэмсээр байгаар 100, 200 кг өргөдөгтэй зарчим нь яг адилхан. Эхлээд та өөрийнхөө үтрээний булчин хэдэн гр, кг даах боломжтой вэ гэдгээ тодорхойлуулна. Яг бодит байдлаа тодорхойлуулна гэсэн үг. Түүний дараа булчиндаа таарсан ачаалалтай дасгалаа багш эмч нартайгаа хамтраад хийнэ. Долоо хоногийн дараа, сарын дараа хэдэн кг өргөх чадамжтай болж сайжирч байна гэдгээ өөрөө хянаад явах боломжтой. Энэ булчингийн хүч сайжрах тусам тэнд очиж байгаа цусан хангамж, шим тэжээл, сэрэл мэдрэлжүүлэлт бүгд сайжраад ирнэ. Үр дүн гэвэл шээс задгайрал, хуурайшилт, цагаан мах, эмэгтэйчүүдийн давсаг умайн унжилт, бэлгийн харьцаанаас мэдрэмж авдаггүй байдал гээд маш олон зовиур бүрэн арилна. Өнөөдөр байгаа мэдрэмж нь илүү сайжирна. Өдөр өдрөөр л илүү гоё мэдрэмжтэй болж байгаагаа өөрөө мэдрээд явна.

-Нөхөн үржихүй, бэлгийн боловсролын асуудал монголчуудын хаалттай далд сэдвийн нэг. Энэ хэрээрээ хүмүүсийн мэдлэг мэдээлэл хомс байдаг. Уг нь энэ талаар хамгийн сайн мэдлэг мэдээлэлтэй байх ёстой биз дээ?

-Миний хувьд гадна оронд ингэдэг тэгдэг гээд магтаад яриад байх дургүй. Гэхдээ бэлгийн боловсрол, нөхөн үржихүй, сексологи гэсэн сэдэв дээр манайхан яалт ч үгүй хоцрогдмол, хаалттай байдаг. Ийм сэдэв ярихаар ичдэг, санаа зовдог учраас хөгжил бага байдаг. Гэтэл энэ сэдэв чинь хүн төрөлхтний мөнхийн чухал асуудал. Бид нөхөн үржихүй, сексийн боловсролтой болж, өөрийгөө таньж мэдээд ирэхээр амьдралын чанар сайжирч, гэр бүлийн халуун дотно уур амьсгал бат тогтдог. Нөхөн үржихүйд тулгамдсан өвчлөлүүд болох давсаг, умай, үтрээний өвчлөлүүд эрчүүдийн түрүү булчирхайтай холбоотой өвчлөлүүд бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн сулрал гээд бие болоод сэтгэл зүйн өвчлөлүүд бүгд илааршиж мөн олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэгдэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаас амьдралын чанарыг бууруулдаг 10 өвчлөлийн нэгэнд шээс задгайрлын өвчин явж л байдаг. Гэр бүлийн харилцаа, хандлага, халамж хайр гээд л бид ярьдаг. Хайр гэж тэгвэл яг юу юм бэ. Нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг. Гадны оронд хайр бол секс юм л гэдэг. Би ч гэсэн хайр бол секс юм гэж боддог. Мэдээж асар олон ухагдахуун хөндөгдөх ч хамгийн чухал нь секс юм. Бэлгийн харьцааны үед бие биедээ дасан зохицох байдал, уусан нэгдэх өөр хэнээс ч юунаас ч авч чадахгүй тэр мэдрэмжийг мэдэрч байж бие биенээ нэг хүн шиг ойлгох дараагийн халамж хандлагууд бий болдог. Секс гэдэг бол хүн бүртэй хийгээд яваад байдаг зүйл ерөөсөө биш шүү дээ. Сексологийн мэдлэг, боловсролгүйгээс л бэлгийн задгай харилцаатай хүн бий болдог.

-Ингэж нээлттэй, чөлөөтэй, мэдээлэлтэй ярьдаг хүн цөөн байдаг. Ярьсан ч ямар нэгэн шийдэл хэлдэггүй байсан. харин та мэдээлэл өгч, эрүүл байх арга замыг нь зааж өгч байна…

-Үтрээ бол тэг чигтээ булчин. Үүнийг анатоми талаас нь судалж байж ойлголт илүү нарийн задарч байгаа юм. Манайд үтрээний булчинг нарийвчилж судалсан газар байхгүй. Одоо манай баг, хамт олон “Эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, шээс зайдгайрал зэргийг мэсийн бус аргаар сэргээн засах технологиор мөн кегель дасгал, үтрээний фитнессээр хэрхэн үр дүнтэй шийдэх вэ гэсэн судалгааны ажлыг Монголд анх удаа хийж байна. Оны өмнө судалгааны ажил маань дуусна. Өнөөдрийн байдлаар маш өндөр үр дүнтэй явж байна.

-Та бол эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны фитнессийн дасгалжуулагч багш. Энэ мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?

-Би франц школтой. Манай багийнхан жилд 1-2 удаа Францад очиж сургалтуудад хамрагддаг. Эсвэл франц эмч нарыг урьж Монголдоо сургалт зохион байгуулдаг. Мөн улирал, сар тутам болдог онлайн хэлбэрийн сургалтуудад байнга хамрагддаг. 2019 оноос Пенис фитнесс буюу эрэгтэйчүүдийн дотоод булчинг хөгжүүлэх, нэг ёсондоо бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлуудаас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор Италийн сургалтуудад хамрагдаад явж байна. Эрэгтэй, эмэгтэй гэр бүлээр нь хосолсон байдлаар сэргээн засах, урьдчилан сэргийлэх, бэлгийн насжилтыг уртасгах сургалтуудад хамрагдсан.

-Энэ фитнессийг манайхан хэр их сонирхож байна. Хүмүүс ирж байна уу?

-Анх бид 2016 онд “Ла Санте” эмнэлгээ нээгээд аарцаг, ёроолын булчинг сэргээн засах, урьдчилан сэргийлэх эмнэлэг гэхэд хүмүүс бараг ирдэггүй байсан. Энэ бол бидний сексологийн боловсролын түвшин ямар байгааг харуулж байгаа юм. Хүмүүс эхэндээ ойлгохгүй, ирэхгүй, бидэнд ханддаггүй байлаа. Тэгэхээр нь бид “Үтрээний булчин чангална, бариу болгоно” гэсэн чинь маш олон хүн ирсэн, үйл ажиллагаа маань ч жигдэрсэн. Үүнээс хойш гурван жилийн дараа би “Давсгандаа дарлуулсан монголчууд” гэсэн нийтлэл бичсэн. Монголчууд 50 нас гараад л давсагнаасаа хамааралтай амьдардаг. Хүн хүссэн үедээ, дуртай цагтаа бүх эрхтнээ удирдаж чаддаг байх ёстой байтал эрхтэндээ удирдуулаад байдаг. Бүх биеэ давсагандаа удирдуулаад явдаг. Хол замд сэтгэл амар амгалан ч явж чадахгүй болдог. Давсагандаа дарлуулаад ирэхээр уух, идэхээ хорьж хязгаарладаг. Идэж уух юмнаасаа кайф авч чадахаа болино гээд сэтгэл ханамжгүй болоод ирнэ. Бид угаасаа л насны өвчин, ийм байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл ийм зовлон зовиураас аль эрт урьдчилан сэргийлж, ирээдүйд давсагандаа дарлуулахгүй амьдарч болно. Арьсаа залуу сайхан чигээр нь хадгалдаг шигээ дотоод гоо сайхнаа ч мөнхийн залуугаар нь хадгалж авч үлдэх боломжийг бий болгож, энэ ойлголт, мэдлэг мэдээллийг улам илүү түгээхийн төлөө л хичээж зүтгэж явна.

-Энэ фитнессийг төгсөөд гарсан хүмүүс багшдаа юу гэж хэлдэг вэ?

-Манайд ирсэн 65 настай эмэгтэй анх үтрээн дотроо 70 гр болл хийгээд тогтоож чаддаггүй байсан. Хоёр сарын дараа гурван кг өргөдөг болсон. Сэтгэл зүй болоод амьдралд нь гайхалтай өөрчлөлт гарсан. Төгсөхдөө надад “Би ингэж чин сэтгэлээсээ талархаж, шүтмээр мэдрэмжийг амьдралдаа маш цөөн авч байсан. Өдөр тутамдаа хэлдэг “баярлалаа” гэдэг үгэнд тэр бүр чин сэтгэл байдаггүй. Одоо бол үнэхээр чин сэтгэл шингэсэн, арай өөр үнэ цэнэтэй “баярлалаа” гэж танд, танай хамт олонд хэлмээр байна” гэсэн.

-Та бол үтрээний дасгалжуулагч багш. нууц биш бол өөрөө хэдэг кг жинтэй туухай өргөдөг вэ?

-Би энэ талаар байнга судалж байгаа ч тууштай хичээллэж эхэлсэн нь нэг жил орчим. Одоо бол 4-5 кг-ыг өргөнө. Дэлхийн рекорд бол арав хорин жил хичээллээд 7-8 кг-ыг л даадаг. Франц докторууд Монголд ирж гурав дахь удаагаа үзлэг хийсэн. Өнгөрсөн жил ирээд “монгол хүмүүсийн булчингийн чанар бол гайхамшигтай юм. Дэлхийн бусад орныхтой харьцуулшгүй чанартай байна. Танай эмнэлэгтэй хамтарч монгол хүний булчингийн чанарт судалгаа хиймээр байна” гэж хэлсэн. Булчингийн чанар гэдэг бол сэргэх, сэргэснээ маш удаан барих чадварыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр манайхны булчин маш хурдан сэргэдэг гэсэн үг.

-Фитнесст явсан хүмүүс дунджаар 3 кг орчим өргөдөг болдог уу?

-Нэг кг өргөнө гэдэг бол өөрөө маш том үзүүлэлт, өндөр үр дүн. Энэ ярилцлагыг уншиж байгаа эмэгтэй өөрийгөө хэр чадамжтай байгааг үзэх гэж сонирхож магад. Тэгвэл кегель болл үтрээндээ байрлуулаад, доод талын уяанаас 100, 200 грамм жинтэй зүйл уяж, хоёр хөлөө нэлээн сайн тэлж доошоо суугаад үзээрэй. Тэгэхээр хэр зэрэг тогтоож чадах нь вэ гээд үзэхэд л бодит байдал харагдаад эхэлнэ. Эхэндээ дал, наяхан грамм кегель боллыг барьж чадахгүй алдаад байдаг. Ер нь үтрээгээрээ нэг кг-ыг л өргөдөг болоход тэр хүний бие физологи сексологи гэр бүлд тулгамдсан асуудлууд бол 100 хувь шийдэгддэг. Ирээдүйн сексийн насжилт уртасна гэдгийг бардам хэлнэ. Нэг кг-аас дээш барьж чаддаг хүн бол Тайландын шоу шиг тамхи татах, хушга хагалах гэх мэт төгс хэмжээнд очиж байна аа л гэсэн үг. Эрчүүд мөн Пенис фитнессийг хийхдээ бас л ялгаагүй бэлэг эрхтэнээ хөвчрүүлж байгаад эрхтэнээрээ хүндийн жинг өргөөд үзнэ дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол түүхийн дөрөв дэх хэвлэлд зориулсан зохиогчийн үг

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Номын маань анхны хэвлэл гарснаас хойш 25 жилийн дараа уншигч тантай дахин учирч буйдаа баяртай байна. Тэрнээс хойш цаг улиран одохын хэрээр би ч номоо нэлээд өргөтгөлөө. Нийтдээ энэ номыг бичихэд 33 жил зарцуулсан нь нийт амьдарсан насны маань тэн хагасыг эзэлжээ.

Хоёр дахь хэвлэлийг 2006 онд хэвлүүлсэн. Тэнд 1946-1992 оныг хамруулсан дөрөв дүгээр дэвтрийг нэмж оруулсан юм. Гурав дахь хэвлэлийг 2016 онд нэмж бичин дуусгахдаа ерөөс ХХ зуун хүртэлх эхний хэсгийн түүхийг нэгмөсөн бичиж дүүргэе гэсэн санаа сэдсэн хэрэг. Ялангуяа Оросын болоод Тайванийн архиваас нэлээд материал шинээр олдсон. Мөн Иран, Түрэг, Хятад, Польш, Солонгосоос ч эртний Төв Азийн нүүдэлчид болоод дундад зууны монголчуудын тухай түүхийн арвин баримт байдгийг олсон хэрэг. ХХ зууны эхэн үе болоод Манжийн үеийн маш сонирхолтой олон материал Тайванийн архиваас олсныг НЭПКО хэвлэлийн компаниас эрхлэж орчуулан Гадаад Монголын дотоод нууц гэсэн товхимол хэвлүүлсэн ба тэндээс ч Гурав дахь хэвлэлд нэлээдийг ашигласан болно.

Энэ номыг 1999 онд Кэмбрижийн Их сургуулиас англи хэлээр орчуулан гаргасан нь зохих нэр хүнд олох болон бусад хэлээр орчуулагдахад их түлхэц болсон юм. Англи орчуулгын эх нооргийг хийсэн С.Бүрэнбаяр гуай, Д.Сүхжаргалмаа хатагтай, Х.Хулан хатагтай, Н.Туяа хатагтай болон орчуулгыг хяналцсан Карол Форсэт хатагтай, Кандис Пүрнэлл хатагтай, орчуулгыг хянан тохиолдуулсан доктор К.Каплонски, англи хэлээрх хэвлэлтийг санаачилж, зуучилж, холбож өгсөн Эдвард Стори гуай нарт маш их баярлаж явдаг.

Мөн хоёр дахь хэвлэлийн анхны гадаад орчуулга болох орос хэлэнд хөрвүүлсэн Михаил Миронов, Г.Оюунбилэг хатагтай, Д.Ундрах хатагтай, Х.Оюун хатагтай, Н.Хонгорзул хатагтай болон орчуулгыг хянан тохинуулж нэгтгэсэн Оксана Доржиева нарт дахин дахин талархаж буй. Орос хэлээр орчуулахыг санаачилсан Татарастаны Ерөнхийлөгчийн туслах Искандер Муфлиханов гуай болон үүнийг нь дэмжин хэрэгжүүлсэн Татарастаны ерөнхийлөгч асан Минтимир Шаймиев гуай нарт их баярлалаа.

Гурав дахь хэвлэлийн анхны гадаад хөрвүүлэг болох франц орчуулгыг гүйцэтгэсэн Б.Алтынгул багш, С.Булгантамир багш, Н.Мөнх багш нар болон хянан тохинуулалцсан Г.Луузан гуай, Л. Өсөхбаяр гуай нарт талархаад ханашгүй. Ялангуяа нийт орчуулгыг үзэж хянан засварлаж нэг мөр болгосон ерөнхий редактор Галлэ Лаказэ маш их тус болсныг онцлон хэлж талархлаа илэрхийлье. Франц хэлэнд орчуулах санаачилга гаргасан Д.Далайжаргал гуай, элчин сайд А.Баттөр, үүнийг дэмжин ажил болгосон ЮНЭСКО-ын Ерөнхий захирал Одри Азулай хатагтай, ЮНЭСКО-ын Ерөнхий захирлын туслах Фирмин Матоко гуай нарт гялайлаа.

Дөрөв дэх хэвлэлийг бичих зайлшгүй шаардлага саяхнаас гарсан юм. Магадгүй энэ нь миний гуч гаруй жилийн хөдөлмөрийн сүүлчийнх нь байх, дахиж нэмж бичихээс “зүрхшээж” байна. Анхны хэвлэл 450 хуудастай 400 гаруй эшлэлтэй байсан бол дөрөв дэх хэвлэл 1300 орчим хуудастай, хоёр мянга гаруй эшлэлтэй болжээ.

1. Түрүүчийн хэвлэлүүдэд Монголын түүхийг 1984 он хүртэл бичиж төгсгөсөн. 1992 онд шинэ Үндсэн хууль батлах хүртэлх хойших түүх нь ердөө хэдхэн хуудсанд багтаасан ерөнхий тойм байв. Энэ удаа 1984-1992 он хүртэл түүхийг нэлээд дэлгэрэнгүй шинээр бичлээ. Ерөөсөө Монголын түүхийг бичиж эхлэх тэртээ олон жилийн өмнөөс энэ бүтээлээ хөндлөнгийн нүдээр бичнэ гэж шийдсэн байсан. Гээд ялангуяа 1990-1992 оны хооронд зохиогч миний бие нийгмийн амьдралд нэлээд оройлтой оролцсон болохоор бичиж чадахгүй өдий хүрсэн билээ. Гэтэл хэдэн мянган гэрч одоо ч амьд сэрүүн байсаар атал энэ хооронд олон бичиглээчид түүхийг гуйвуулан, байсныг нь үгүйсгэж, байгаагүйг нь санаанаасаа зохиох нь элбэг харагдах болсон учир тухайн түүхэн явдлын голлох гэрчийн нэгийн хувьд зориглон бодит үнэнийг өгүүлсэн минь энэ. Гэхдээ энд өөрийн тухай огт дурдаагүй, “хөндлөнгийн нүдээ” хадгалахыг чармайсан шүү.

2. 1939 онд Монголын дорнод хязгаар Халх голд Япон, СССР хоёр байлдсан цаад учир шалтгаан, логик, зорилго огт олддоггүй. Энэ талаар олон ном, өгүүлэл, дурсамж, тайлбар олж уншсан боловч хоорондоо маш зөрүүтэй, биенээ үгүйсгэсэн чухам тэрнээсээ болоод учир шалтгаан байтугай болсон үйл явдал нь нэг мөр ойлгогддоггүй байлаа. Монгол, Зөвлөлтийн түүх бичлэг болохоор зөвхөн суртал нэвтрүүлгийн зорилготой байсан нь мэдэгдэхүйц, Өрнийн бичлэгт илэрхий факт баримт хангалтгүй байсан нь илэрхий, Японы энэ талаар бичигдсэн болон зохиогдсон материал нь ичингүйрсэн, зайлсхийсэн шинжтэй ойлгогдохоор байсан.

Харин 2016 оноос Оросын цэргийн түүхчид болох Евгений Трифанов, Владимир Воронов, Александр Крушельницкий нар СССР-ийн үеийн цэргийн нууцлагдсан архиваас Хасан нуурын болоод Халх голын тулалдааны тухай маш үнэт материалуудыг ил болгосноор сая нэг юм энэхүү болоод өнгөрсөн байлдааны учир шалтгаан, үнэн байдлыг хүнд ойлгомжтой болгож өглөө. Дайнд оролцогч хоёр талын нэгнийх нь факт баримт ил гараагүй тохиолдолд үйл явдлын бүрэн зураглал тодрох бололцоогүй нь мэдээж хэрэг шүү дээ. Ингээд 1939 оны Халх голын тулалдааны тухай хэсгийг цоо шинээр бичлээ.

3. 1937-1938 оны их хядлагын цаад учир шалтгааныг их гүрнүүдийн геополитик үндсээс ойлгож бичихийг урьд хэвлэлүүддээ нэлээд чармайн оролдсон. Гэвч тэр маань бүрэн гүйцэд болж чадаагүй нь дараа дараагийн олдсон материалаас улам тод болж байна. Оросын архиваас олдсон нэлээд баримт ил болж хэд хэдэн ном болон хэвлэгджээ. Иймээс хядлагын тухай баримт, СССР-ын зүгээс яагаад Монголд аллага хядлага зохион байгуулсан, тэр нь юунд чиглэгдсэн байсан талаар илүү мэдээлэлтэй болж энд нэлээд том засвар оруулан олон баримт нэмлээ. Ялангуяа доктор Ч.Дашдаваагийн Оросын архиваас олж илрүүлсэн олон баримт энд түүхийн логикийг гаргаж ирэхэд их тус боллоо.

4. 1921 оны Ардын хувьсгалын цаад мөн чанар, Зөвлөлт Оросын төрийн прагматик бодлого ба Коминтерний хувьсгал хийх гэсэн хийрхүү үзлийн хоорондын зөрчилдөөн, ээлжлэн ялалт байгуулсаар 1932 онд Сталины хатуу прагматизм дийлсэн түүхийн учир шалтгааны талаарх материал ч нэлээд ил болж холбогдох архивын баримт нээлттэй болсонтой уялдуулан нэлээд засвар хийв.

5. Автономит Монголын түүхийн цаад логикийг гаргаж чадаагүй явсан алдаагаа ойлголоо. Үнэндээ хуурай үйл явдлын цуглуулга байжээ. Эрдэмтэн түүхч Ц.Пунцагноров агсны даацтай бүтээлүүдийг судлаагүй өдий хүрчээ. 1910-1920 оны Монголд өрнөсөн үйл явдлын талаар маш дэлгэрэнгүй их материал Тайванийн архиваас ил гарсан нь асуудлыг сүрхий ойлгомжтой болгож өгөв. Энэ хооронд архивын олон материалд түшиглэж Б.Цэнддоогийн бичиж хэвлүүлсэн Гончигжанцангийн Бадамдорж бүтээл энэ бүх баримтуудыг нэгтгэн гаргалгаа хийсэн нь миний номын хоёрдугаар бүлэг болох “Хутагтууд ба хувьсгалчид” хэсэгт учир шалтгаантайгаар амь оруулж бараг цоо шинээр бичлээ. Үүнийг Хятадад болж байсан иргэний дайн, мөн зэрэгцээд Орост болж байсан иргэний дайнтай нягт холбон тайлбарлаж байж цогц ойлголт болох юм байна. Японы монголч эрдэмтэн Тачибанагийн олж илрүүлсэн олон сонирхолтой баримт, ялангуяа тухайн үеийн Өвөр Монгол дахь нөхцөл байдал болон тэдний Гадаад Монголд хандаж байсан харилцааны архивын материал тэр үеийн бодит байдлыг ойлгоход их тус болсон.

6. Манжийн үеийн 200 гаруй жилийн цадиг төдийлөн сайн судлагдаагүй сэдэв юм байна. Тэгээд ч энэ талаар хамгийн дорвитой судалгаа хийсэн академич Ш.Нацагдорж агсны бүтээлүүдтэй нарийн танилцаагүй явсан нь миний нүгэл. Францын академич Грүссэгийн The Empire of the Steppes, A History of Central Asia хэмээх нэлээд хроник шинжтэй, гадаад өнгөнөөс нь бичсэн бүтээлээр баримжаалж байсан бол энэ удаа ялангуяа тэр үеийн Хятадын эх сурвалжтай танилцан, Ш.Нацагдоржийн бүтээлд тусгасан нийгмийн цаад харилцаанд хийсэн анализ дүгнэлттэй сүлэлдүүлснээр нүүдэлчдийн бүхий л түүхэнд монголчууд 200 жил элдэв дайн байлдаангүй тайван амьдарсны учир шалтгаан гарч ирж байна. Энэ хэсгийг бараг л тэр чигээр нь шинэчлэн бичлээ.

7. Овэн Латтиморын In­ner Asian Frontiers of China бүтээлийг Төв Азийн эртний нүүдэлчид ба хятадуудын харилцааны тухай хамгийн шилээвэр бүтээл гэж үздэг. Гэтэл Хятадын түүхч Линь Гань гуайн энэ талаарх бүтээл маш дориун, илүү мэдээлэлтэй, эртний Хятадын түүхийн баримт материал ном судраас тун их эшилсэн гайхалтай тууривал юм байна. Эртний нүүдэлчид, түүний дотор монголчуудын тухай үнэн хэрэгтээ Хятадаас өөр эх сурвалж тун ховор, бараг байхгүйтэй адил шүү дээ. Харин сүүлийн үед генетикийн ухаан ихэд хөгжсөний хүчээр митохондрийн ДНХ-г ашиглан үндэстнүүдийн гарал үүсэл, нүүдэл, цаг хугацаа зэргийг тодорхой хэлж чадах болсон нь түүхийн шинжлэх ухаанд урьд байгаагүй их гаргалгаа, бололцоо өгч байна. Иймээс энэ болгоныг багтаан өөрийн номын энэ хэсэгт маш их засвар болон оруулга, нэмэлт хийсэн болно.

8. Нүүдэлчид, тэр дотор монгол хүмүүсийн нийгмийн бүтэц байгууламж, хүн хоорондын болон хүн байгалийн харилцан хамаарал харилцаа, социал орчин, хүнийх нь сэтгэлгээний этнопсихологи өдий хүртэл олигтой судлагдаагүй сэдэв юм байна. Хамгийн гайгүй гэх нь Владимирцовын бүтээлүүд гэж хэлж болно. Мэдээж өөр гадаадын ажиглагчид өөрт нь байдаггүй онцлогийг ажиглан хачирхаж, сонирхож, зарим нь судалсан олон материал бий л дээ. Гэхдээ системтэй судалгаа байхгүй.

Харин энэхүү орхигдсон сэдвээр системтэй судалгаа хийж, маш нарийн анализ, дүгнэлт, гаргалгаа хийн шинжлэх ухааны эргэлтэд оруулсан анхны судлаач нь Б.Цэнддоо гэж бодож байна. Тэрээр Төв Азийн нүүдэлчид, эртний монголчуудын нийтлэг сэтгэлгээ, ахуй, эндээс үүдсэн амьдралын философи, амьдрах арга зэргийг нэлээд бүтээлдээ тодорхой тусгаснаар эртний монголчуудаас эхлээд манжийн болон социализмын үеийн монгол хүний нийтлэг төрхийг судлан, товойлгож гаргаж ирсэн юм. Энэхүү Цэнддоогоор судлагдсан монгол хүн нь өнөөгийн бидний зан ааш, сэтгэлгээний онцлог, этнопсихологи, социопсихологи, нийгэмтэйгээ зохицож буй байдлыг ч тодорхой үзүүлж чадсан, үзүүлсээр ч байна. Номын үйл явцыг зураглан гаргахдаа энэхүү “жинхэнэ” монгол хүний амьдралын философи, язгуур араншинтай нь уялдуулан үйлдэл явдлынх нь үнэн зорилго, шалтгаан, үр дүнг гаргаж тайлбарласнаар илүү логиктой болж ирлээ гэж өөртөө дүн тавьсан шүү.

Түүхийн шинжлэх ухаан дотроо архив судлал, археологи, намтар судлал, түүхийн сурган гэх мэт олон салбар мэргэшилд задран хуваагддаг. Яг л анагаах ухааны эмчилгээ нь хүүхдийн, хамар хоолойн, мэс заслын гэх мэтээр цааш мэргэшдэг шиг. Мөн хүний түүх нь 40 мянган жил биш гэхэд үгүйдээ л иргэншил үүссэн 6 мянган жилийг хамаардаг болохоор тодорхой цагийн үе шат, газар орны бүлэглэл, тухайн үндэстний тухай, бүр цаашлаад тодорхой хүний тодорхой үеийн талаар ч гэж нарийвчлан хуваагдана. Түүхийн шинжлэх ухаанд “Түүх бичлэг” гэж бас нэгэн том цар хүрээ бүхий маш чухал, аягүй бол тэргүүлэх ч байж магадгүй салбар бий. Түүх бичлэг нь тодорхой үе, салбар, газар орны цэдгийг сонгон олон түүхчдийн бүтээлүүдийг цуглуулан “оёж” нэг системд оруулаад нэгдсэн дүгнэлт, гаргалгаа өгдөг ухаан. Түүхийн шинжлэх ухааныг өөрийг нь судалдаг ухааныг Historiography гэж тайлбар тольд “тайлбарлах” юм билээ. Миний бүтээл бол Монгол түүх хэмээх түүх бичлэг болой.

Энэ шинэ хэвлэлд орсон нийт мянга гаруй хүний нэрсийг нийтэд ойлгомжтой болгох үүднээс журамлан төрсөн үхсэн огноо болон юу хийж байсныг тоймлон жагсаалаа. Мөн газар орон уул усны бүх нэрсийг индекслэв.

Монголынхоо түүхийг (“Монголын түүхийг” гэх нь зүйтэй байх, яагаад гэвэл энэ бүтээлээ би аль болох тэс хөндлөнгийн нүдээр бичих гэж олон жил чадан ядан зүтгэсэн) бүтэн зураглалаар гаргах гэж гуч гаруй жил чардайсан мэрийлт маань энэ хүрээд өндөрлөж байна.

2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр.

БААБАР овогт Бат-Эрдэнийн Батбаяр