Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллахыг хүсэв.

Тухайлбал, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбаруудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдийг ажил хэрэг болгох, идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн Элчин сайд, хошууч генерал Т.Бадралд хоёр орны харилцааг тогтсон урсгалаар нь бус, шинэ эрч хүч, идэвх санаачилгаар хөтөлж, ЭСЯ-ны дипломатуудын ажлын тодорхой хувийг БНХАУ-ын улс төр, эдийн засгийн тухай судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээг тогтмол, прагматикаар хийхэд анхаарал хандуулахыг захилаа.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж 19 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн гэв. Үүнд цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийн багц арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа ч цаашид цар тахлын улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж болзошгүй байгааг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих аж. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх…” хэмээн заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн зарим заалтын дагаж мөрдөх хугацааг нэг жилээр хойшлуулж, сургууль орчинд худалдаа эрхлэгчид болон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг түрээсийн гэрээгээр бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд боломж олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуульд заасан тусгай зөвшөөрлийг хялбаршуулах, түргэн шуурхай болгох үүднээс тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх асуудлыг Засгийн газар журмаар зохицуулдаг байх зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Коронавируст халдварын цар тахлын улмаас олон улсын санхүүгийн зах зээлд үүсээд байгаа тодорхойгүй байдал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирж байгаа дарамтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тодорхой чадавх бүрдэж, нөхцөл байдал сайжрах хүртэл хугацаанд Ирээдүй өв сангийн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансны удирдлагаар дамжуулж эрсдэлгүй удирдах зохицуулалтыг Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн төлбөрийн асуудлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж, банкны жилийн зардлын өсөлтөд нөлөөлж байгааг харгалзан, мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газрын харъяа байгууллага хоорондын чиг үүргийн шилжилттэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан болохыг Сангийн сайд танилцуулсан.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төслүүдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Гишүүн … нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ” гэсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал горимын саналаа танилцуулна” гэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаагүй шалтгааныг дурдаж, энэхүү хэлэлцүүлгийг хойшлуулах саналаа гаргасан. Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тайлбарлахдаа “Төсвийн тодотголын төслийн хэлэлцүүлэг горимын саналын шалтгаанд дурдагдсан ёсоор хойшилсон. Харин бид яг одоо төсвийн тодотголын төсөл биш, түүний хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байгаа” хэмээн тайлбарласан. Ингээд гишүүд Сангийн сайд болон Ж.Батжаргал гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Т.Доржханд, С.Чинзориг, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, ажлын хэсгээс хариулт, тайлбар мэдээлэл авсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

.

Categories
мэдээ улс-төр

МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг албан ёсоор бүртгэлээ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг нягталж, сонгуульд оролцох намуудыг бүртгэхээр тогтоол гаргасан юм.

МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохыг бүртгэсэн тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 13 дугаар тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардууллаа.

НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн төлөөх олон бодлогын баримт бичгүүдтэй уялдуулсан, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулсан олон зорилтыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэйгээр оролцоно. Орон нутгийн сонгуульд хуулийн хүрээнд шудрагаар оролцох болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Малаа төмөр замын аюултай бүсээс хол бэлчээхийг анхаарууллаа

Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны галт тэргэнд нэг айлын 15 бог мал дайруулжээ.

Тодруулбал, наймдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэрэг явах үед Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н 15 бог мал төмөр замын хориг хашаанд орж, дайруулсан байна.

Галт тэрэг нь олон тонны жинтэй ачаа тээвэрлэж явдаг учир тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй. Яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1,000 метр газрыг туулсны дараа зогсдог тул иргэд өөрийн эд хөрөнгөө хамгаалж, малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээн, хариулгагүй орхихгүй байхыг Төмөр замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 14.10-т “Мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд орж галт тэрэг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” хэмээн заажээ.
Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 24-ний 09:00 цаг хүртэл завсарлав

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд 2020 оны наймдугаар сарын 17-ны 10:00 цагт эхэлсэн билээ.

Тав дахь өдрөө үргэлжилж байсан шүүх хуралдааны явцад буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ний өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч байв.

Categories
мэдээ нийгэм

Хятадын тал нүүрс тээврийн жолооч нарын зочид буудлын үнийг хямдруулжээ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтууд дээрх худалдаа, тээврийн үйл ажиллагааг хялбаршуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж буй.

Түр журмын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй монгол жолооч нарын хоноглох зочид буудлын үнийг хямдруулах, нөхцөлийг сайжруулах хүсэлтийг ГХЯ-наас тавьсныг харгалзан хятадын тал зочид буудлын үнээ 270 юань байсныг 180 юань болгон хямдруулахаар шийдвэрлэсэн байна. Хямдруулсан үнийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өчигдөр Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна. Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаасан байна. Зээлийн хүүг бууруулах зорилтыг төрөөс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх зорилт болгон дан ганц байгууллага, албан тушаалтанд хариуцуулахгүй нэгдсэн байдлаар талуудыг оролцоог бүрдүүлэн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй байх үүднээс тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэн, тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал зэргийг урьдчилан тооцсон бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй. Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт явагдаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагын 2020 оны Сургуулийн жилийн сүүлийн хагас, II үеийн хичээл, сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтцийн нэгжүүдийн Сургалт, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарын нэгдсэн сургалт, дадлагыг 2020 оны 08 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын үеэр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Сургалтын технологи, багшлах арга зүй, “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар Боловсролын төвийн секторын эрхлэгч А.Энхтогтох нар мэдээлэл хийсэн юм.

Сургалтын ажиллагааг НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй нээж хэлсэн үгэндээ “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл бол алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй, тасралтгүй явагдах үйл явц юм. Иймээс та бүхэнд хууль эрхзүйн өргөн мэдлэгтэй, сургалт зохион байгуулах, багшлах аргазүйг эзэмшиж мэргэшсэн байх шаардлага тавигдах учраас алба хаагч бүр өөрийгөө дайчлан мэдлэг ур чадвараа тасралтгүй сайжруулах шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн.

Сургалтыг зохион байгуулснаар гамшгаас хамгаалах болон бие бүрэлдэхүүний сургалтын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, бүтцийн нэгжүүдийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарын хууль эрх зүйн мэдлэг, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнг дээшлүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалын хэргийн зүйлчлэлийг өөрчилж оноосон ялыг 11 жил болгожээ

2020.08.20 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж,

“… Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад сайд нар хариулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Оюутны хөгжлийн зээлийн сангийн 75 тэрбум төгрөгийн гүйцэтгэл байхгүй байна. Ноднингийн оюутны хөгжлийн зээлийн үлдэгдэл тодорхойгүй байна. Төсвийн тодотголоор Оюутны хөгжлийн зээлд хэдийг тусгаж байна вэ, хэдэн оюутан хамрагдах боломжтой вэ? ЖДҮХС, Зээлийн батлан даалт, хөдөлмөр эрхлэлтийн сангийн асуудал чухлаар хөндөгдөх ёстой. ЖДҮХС-гаас зээл хүссэн өргөдөл их байдаг ч хамрагдаж чаддаггүй гэдэг. Бид Зээлийн батлан даалтын санг амь оруулмаар байна. Төрийн сан, ЖДҮСХ, Хөдөлмөр эрхлэлтийн санг ерөнхийд нь томоор харж, өөрчлөх хэрэгтэй. Энэ чиглэлээр бодитой ямар санхүүжилт хийхээр байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлнэ. Одоогийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт Боловсролын зээлийн санд тусгасан. Үлдэгдэл нь мөн байгаа байх. Боловсролын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Боловсролын сангийн зээлийг тодорхой болгож, мэргэжлүүдээ эрэмбэлмээр байна. Мэргэжлээр нь боловсролын зээл олгомоор байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.