Categories
мэдээ улс-төр

А.Ариунзаяа: Ehalamj цахим үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

тэрбээр “2020-2024 онд Монгол Улсыг хөгжүүлэх үйл ажиллагааны төсөлд Нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн.

Тус салбарт зургаан хуулийн дагуу үзүүлж буй 12 төрлийн үйлчилгээнд нийт 1.5 сая хүн хамрагддаг бөгөөд үүнээс дөрвөн үйлчилгээг нь цахимаар шийдвэрлэх боломж бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс ehalamj.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Мөн ТҮЦ машинаас тухайн үйлчилгээг авч болно.

Үүнд, Энэ системийг нэвтрүүлснээр 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр шууд цахимаар мэдээллийн сангаасаа авах боломжийг бүрдүүлж буй юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага” хийж байна

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” болж байна.

Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн удирдамжийн хүрээнд алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж буй тус дадлага сургуульд 60 гаруй алба хаагч оролцож байна.

Алба хаагчид Хараа, Ерөө гол дээр усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны багаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, усны мандлын сэлэлт, усны бага гүнд шумбалт хийх, усан дотор зүг чиг олох дадлагуудыг хийж гүйцэтгэх ба дадлага гурван өдөр үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаар зарим томилгоог хийжээ.

Үүнээс дурдвал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилсон байна.

Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Англи, унгар хэлтэй.

  • 2011-2017 онд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

​Бүх шатны эмнэлэгүүд 2022 оноос хагас бие даасан байдалд шилжинэ


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2022 оноос эхлэн бүх шатны эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжинэ гэлээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо төрийн ордонд хуралдав. Хуралдааны үеэр иргэд эмэндээ дугаарлаж, эрүүл мэндийн салбар дутуу санхүүжилттэй явдаг, гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд гэрийн санхүү хүндэрдэг асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд эмнэлгийн бие даасан байдал ч хөндөгдөж байгаа талаар дурдав.

Салбарын сайд нь эмнэлгүүдийн санхүүжилт, бие даасан байдлыг хэрхэн хангах талаар “Миний хувьд хоёр ч эмнэлгийн даргаар ажиллах хугацаандаа санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орохгүй бол иргэд ч эмч ажилчид ч зөв үйл ажиллагаанд орохгүй юм байна гэдэг саналыг гаргаад Ч.Хүрэлбаатар сайдад хэлээд хамтарч ажиллаж байна.Одоогийн байдлаар лавлагаа шатлалын гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. АӨСҮТ, I, III эмнэлэг. Дөрөвдүгээр сараас хагас бие даасан байдалд шилжсэн, эхний үр дүнгүүд гарч байна. Гэхдээ өрх, сум, дүүргийн эмнэлэгт хэр үр дүнтэй байх талаар туршлага байхгүй учраас ирэх онд бүх шатлалын эмнэлгийг хамруулсан10 эмнэлэгт туршилж хийж, 2022 оноос бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Нэг зэрэг шилжүүлэх нь эрсдэлтэй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эхлээд “Агро нэгтгэл трэйд” ХХК-ийн үйл ажиллагааатай танилцлаа. Тус компани өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг тухай компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа. Цаашид зээлийн хүүг бууруулах,нөөцийн мах бэлтгэлийн төсөв мөнгийг эрт шийдэх, төр засгийн бодлого тогтвортой тууштай байж, малаа эрүүлжүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах асуудал гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаашид Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Малчид хөдөө явахаар “малын хөлийн татвар аваач” гэсэн санал хүсэлт их хэлдэг. Аймгуудад 7-9 хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Иймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид малын хулгайн тухай хуулийг баталж, үр өгөөжөө өгч эхлээд байгааг онцоллоо.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН МАХНЫ ЗАХ БАРИГДАЖ БАЙНА

Дараа нь Сонгино хайрхан дүүрэг, 32-р хороонд баригдаж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус төвлөрсөн зах ашиглалтад орсноор нийслэлчүүдийн махны хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Эмээлтийн үйлдвэр технологийн парк, дархны арьс ширний үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх зэрэг шийдэх ёстой асуудлууд бий. Эхний ээлжид нийслэлчүүдийг эрүүл ахуйн стандартад нийцсэн махаар хангах боломж бий. Дарханы үйлдвэрлэл технологийн паркийг ойрын 2-3 жилийн дотор ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломж бүрдэнэ. Бодлого гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдалтай нь танилцаж, амьдралд ойр шийдвэр гаргадаг хэмээлээ.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИРГЭДИЙН САНАЛ ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ТӨВ АЖИЛЛАНА

Үргэлжлүүлэн гишүүд Тавантолгой түлш ххк дээр ажилласан юм. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатаржилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 6 шугамтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг дуулгалаа. Мөн туршилт судалгааны үйлдвэр ашиглалтад оржээ. Зүүн бүсийн үйлдвэрт нийтдээ 20 орчим обьект баригдах аж. Тухайлбал, үйлдвэрийн А, Б блок, туршилт судлагааны үйлдвэр, ажилчдын амрах байр, хоолны заал, оффис, төмөр зам, цахилгааны түгээх гэх мэт ажлууд хийгдэх юм байна.

Өнгөрсөн оны алдаа дутагдлыг гаргахгүйн үүднээс шахмал түлшний нөөц, цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан байна. Тус нэгж нь иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдол, зуух, пийшингийн засвар үйлчилгээ зэргийг үзүүлж, 200 өрхийн дунд нэг хянагч ажиллах юм. Нийтдээ 900 орчим хүн айл өрхийн хэрэглээ, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал зэрэгт хяналт тавина гэв.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гурван алба хаагч усанд осолджээ

Өчигдөр буюу Орхон голын усанд гурван иргэн осолдсон байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сант сум, Орхон голын усанд сэлж байсан иргэн Г /24 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 15:30 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги,Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийналба хаагчид, ар гэрийнхний хамтаар осолдсон газраас “Орхон сумын төв“ хүртэл 8 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийж, “Орхоны хясаа” гэдэг газар хүртэл 10 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг мөн өдрийн 20:46 цагт түр зогсоожээ.

Усанд осолдсон иргэдийг хайхаар эрлийг өнөө өглөө /08.25/ 07:00 цагт дахин эхлүүлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар осолдсон гурван иргэн нь ургац хураахаар явсан Орхон аймгийн Зэвсэгт хүчний алба хаагчид болохыг мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны удирдлагыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийллээ.

МҮОХ-ны удирдлагаас хорооны ажлыг сайжруулах, монгол тамирчдыг дэлхийн тавцанд гаргаж буй амжилтын түвшнийг ахиулах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаасаа танилцуулж, төр засгаас спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байгаа талаар ярилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг гэдгээ онцолсон юм. Гэвч Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны ажил чамлалттай санагддаг хэмээв.

Иймээс МҮОХ-ны ажлыг эрс шинэчлэх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орны багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстойг тодотгов. Ингэснээр монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпын наадмаас хүртсэн хоёр алтан медалийн тоог нэмэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай учраас өвлийн спортын төрлийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтойг дурдав.

Уулзалтад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ улс-төр

УОК-оос бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгахыг дэмжив

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-ныг дуустал сунгахыг дэмжлээ.

Уг саналаа өнөөдөр 12.00 цагаас эхлэх Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж хэлэлцүүлснээр, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг сунгах тогтоол батлах юм. Тус хуралдаанаар нийт таван асуудал шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээ өгнө хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Мөнх-Оргил: Эрүүл мэндийн салбартаа санхүүжилт хийх шаардлагатай

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариул авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-ЖДҮ-ийн зээл эзэндээ хүрдэггүй. Орон нутгаас зээл хүсэхээр маш олон шат дамжлагтай. Маш олон арван аймгаас ирсэн төсөл судлагддагүй. Энэ тогтолцоогоо өөрчлөөч. Дүүрэг, орон нутагт ЖДҮХС-гийн зээлийг олгох эрхийг шилжүүлээч ээ. Гэтэл яаман дээр сууж байгаа хүмүүс мэдэхгүй шүү дээ. Өнөөдрийн тогтолцоо ЖДҮ-ийг хөгжихөд хүрэхгүй гэдгийг орон нутагт ажиллаж байсан хүний хувьд хэлье.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Айл өрх, хувь хүн өвчлөлөөсөө шалтгаалаад ядуурлын төвшин рүү орж байна. Манайхны хийсэн судалгаагаар жилд 20 мянган өрх эрүүл мэндийн асуудлаас шалтгаалаад ядуурлын төвшин рүү орж байна. Тиймээс эрүүл мэндийн салбартаа санхүүжилт хийх шаардлагатай. Ирэх таван жилд энэ асуудлыг 50 хувиар бууруулах хэрэгтэй. Эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээлийг бууруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Үндсэн чиглэл сайн боловсруулагдсан гэж үзэж байна. Амар тайван, аюулгүй нийгмийг хангахад чиглэлд гэр бүлийн хүчирхийллийнасуудлыг тусгах хэрэгтэй. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг тусгах хэрэгтэй. Гэр бүлийн хамт тушаалаар томилогдоод очихоор гэр бүлийн хүн нь ажлын байргүй байдаг. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын гэр бүл их хохирч байна.

Ийнхүү гишүүд үг хэллээ. Дараагаар нь 2020 оны улсын төсвийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашинууд мөргөлдөж дөрвөн сартай хүүхэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Төв аймаг, Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Өгөөмөр”-ын гудамжны автозамын зорчих хэсэгт суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага 2020.08.24-ний өдрийн 19:12 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан 19:48 цагт очиход иргэн С “Приус 20” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ын жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашиныг мөргөсөн байжээ.

Ослын улмаас Налайх дүүргийн харьяат иргэн Ш /23 настай, эрэгтэй/, иргэн Б /26 настай, эмэгтэй/, А /4 сартай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж гаргаж, тус дүүргийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.