Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр 11 цаг 27 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэв.
Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, хөтөлбөрийн төсөлд хүний хөгжлийн асуудал, бүх нийтийн боловсролын чанарыг сайжруулах, боловсролын үнэлэмжийн бүх шатандаа дээшлүүлэхтэй холбоотой асуудлыг ерөнхийлөн тусгасан хэмээн шүүмжиллээ. Олон улсын түвшинд бэлтгэгдсэн өндөр боловсролтой, чадварлаг боловсон хүчнээ улс орны хөгжилд оролцуулж чадахгүй байгааг дурдав. Мөн тодорхой чиглэлд экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэхдээ үүнээс үүдэн дотоод зах зээл үзүүлэх нөлөөллийг зохицуулах арга хэмжээг давхар тооцох шаардлагатай байдгийг сануулсан. Хөтөлбөрийн төсөл дэх арга хэмжээнд малын эрүүл мэндийн асуудлаар дэвшилт гаргах зорилт, арга хэмжээг тусгасан хэмээн үнэлж байгаагаа мөн тэрбээр хэлж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээрх хөтөлбөрийн төсөлд 8 зорилтын хүрээнд 38 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг салбарын сайд З.Мэндсайхан хэллээ. Махны экспортын хувьд нэн тэргүүнд боломжоо тооцоолж, 25-26 сая толгой малыг эргэлтэд оруулах бөгөөд дотоодын хэрэгцээнд 12-14 сая толгой малыг хэрэглэх тооцоо хийсэн байна. Үлдсэн хэмжээгээр экспорт хийх бололцоо бий ч дотоодын хэрэглээг зохицуулахын тулд урамшууллын тогтолцоог хийх Ц.Даваасүрэн гишүүний саналыг дэмжиж байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлсэн. Сангийн яамтай энэ чиглэлээр зөвшилцөж, бүртгэлийн системтэй уялдуулж урамшууллын системээ боловсронгуй болгох асуудлыг ярилцсан гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нар махны экспортын тооцоолол, өнөөгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж, хариулт авсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ онд 27.9 мянган тонн адууны мах, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 8 мянган тонн, хонины мах 6.6 мянган тонн, ямааны мах 12 мянган тонн гээд нийтдээ 57.7 мянган тонн мах экспортлох тооцоололтой байгааг З.Мэндсайхан мэдээллээ. Төв суурин газрын махны хэрэгцээг хангах нөөцийн хэмжээг 4 мянга орчим тонноор нэмэгдүүлэн 20 мянган тонн болохоор төлөвлөсөн гэв. Дотоодын мах бэлтгэлийн тоо, хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Сангийн яамтай ярилцан, төсвийн тодотголын төсөлд 4 орчим тэрбум төгрөгийг банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилт болгохоор тусгаад байгаа гэлээ. Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын түвшинд Монгол Улс мал аж ахуйн эрүүл, тайван бүс гэдгийг баталгаажуулах шаардлага тулгараад байгаа бөгөөд энэ чиглэлд зохих арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлж байгаа гэв.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар нар үг хэлж, санал гаргав. Ингээд хуралдааны үеэр Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Иймд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авлаа.
Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн хоёр дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлүүлсэн. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.