Categories
мэдээ нийгэм

Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн 1-4-р курсэд суралцах 100 оюутанд тэтгэлэг олгоно

“Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр цөөнгүй оюутанд тэтгэлэг олгодог. Харин энэ жил тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр “Тавантолгой” ХК-ийн нэрэмжит Өмнөговь аймгийн 1-4-р курсэд суралцах 100 оюутанд тэтгэлэгт хөтөлбөр олгохоор болжээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын хүсэлтийг тус компанийн Даланзадгад дахь төлөөлөгчийн газар, Цогтцэций сум дахь мэдээллийн төв, Компанийн төв оффис дээр тус тус энэ сарын 28-ныг хүртэл хүлээж авах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажилдаа чин сэтгэлээ шингээсэн “kind baby” брэндийн нинжин сэтгэлтнүүд

Бага насны хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн “Kind baby” брэндийн хамт олонтой нэг өдрийг өнгөрүүллээ. Ихэнх тохиолдолд аливаа үйлдвэрлэл ашгийг голлож, бизнесийн зарчмыг ул сууриа болгодог. Харин тус компанийн удирдлагууд, хамт олны хувьд хайр энхрийлэл хамгийн чухал аж. Тэдний зорилгын тухай гүн гүнзгий ойлгуулах үүднээс компанийг хэрхэн үүсгэн байгуулсан тухай багахан түүхийг сөхье. Брэндийг үүсгэн байгуулагч О.Анхныбаяр Америкт 10 орчим жил суралцаж, ажиллаж, амьдарсан байна. Тэрбээр архитектур, дизайнер мэргэжилтэй аж. Монголд ирээд инженер мэргэжилтэй ээжтэйгээ жижиг орон сууцны төслүүд дээр ажиллахаар ярилцаж байтал уй гашуу тохиолдож, ээж нь өөд болсон байна. Энэ гарз хохирлын дараа буян хэрхэн үйлдэх вэ хэмээн өнчин хүүхдүүд болон ахмадуудын асрах газруудаар явах болжээ. Ингээд биет зүйл бүтээж өгөх нь бусдад хамгийн их баяр баяслыг авчирдаг болохыг ойлгосон байна.

Нэг удаа хүүхдийнхээ цэцэрлэгт хайрцаг тоглоом аваачиж өгсөн аж. Тэр үед хүүхдүүд дуртай тоглоомоо хараад нүд нь асаж байсныг одоо ч тод санадаг хэмээн О.Анхныбаяр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хүнд яг хэрэгтэй зүйлээр нь туслах ямар чухал болохыг дээрх үйл явдлуудаас илүү ойлгосон хэмээв.

Нэг л мэдэхэд цэцэрлэгийн идэвхтэй ээж болж, бусад ээжүүдтэй хамтран хүүхдүүдийнхээ хуучирсан хувцсаар туулай зэрэг тоглоом хийж өгөхөд бүгд тун сэтгэл хангалуун байсан нь түүнийг урам зоригийг улам сэргээжээ. Энд нөлөөлсөн нэг чухал зүйл нь түүний аав, ээж хогийг ангилах ёстой, хуучин хувцсыг шууд хаяж болохгүй, юм арчих ч юм уу ямар ч байсан бүрэн хэрэглэж дуусах ёстой гэсэн ухамсрыг багаас нь суулгаж өгсөн байна. Тиймээс дөрвөн хүүхдийнхээ хуучин хувцсыг дахин ашиглах талаар байнга бодож явсан нь дээрх байдлаар биеллээ олж эхэлжээ.

Таныг өнөөг хүртэл юу зоригжуулж ирсэн бэ гэсэн асуултад О.Анхныбаяр “Зорилго намайг зогсоож чадаагүй. Компаниа байгуулах үедээ л ямар утга учиртай, юуны төлөө зорих вэ гэдгээ маш тодорхой бодож, шийдчихсэн байсан. Kind буюу сайхан (нинжин) сэтгэл гэсэн нэрээ оюуны өмчийн газраар баталгаажуулаад авчихсан. Би логогоо зохиосон. Kind гэсэн үгний хоёр дахь үсэг i дээр зүрх зурж өгсөн. Энэ нь би зүрх сэтгэлээсээ бүхнийг хийнэ гэсэн утга санаа юм. Би логоныхоо утга учирт байнга баригддаг. Одоо ч энэ үнэт зүйлээ өчүүхэн ч алдаагүй. Коронагийн үеэр больчихъё, ингэж өрөнд орох хэцүү байна гэж нөхөртэйгөө ярьж үзсэн удаа бий. Тухайн үед хүүхдээ гадуур авч явж хувцас худалдан авч өгөх нь бүү хэл гэрээс нь ч цухуйлгахгүй байлаа. Гэхдээ л зорилгоо бодохоор зогсож чадахгүй юм билээ. Хэцүү хүнд байна гэхийн оронд яаж даван туулах вэ гэдэгт хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой юм билээ” хэмээсэн юм.

Компани байгуулагдаад дөрвөн жил болж байгаа аж. Анх гэр бүлийн хүн Н.Анужин нь оёдлын хоёр машин авч өгснөөр чихмэл тоглоом оёх болсон байна. Улмаар нэг ажилтантай болж, нярайн хувцас оёж, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр машины тоо нэмэгдэж одоо найман хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Түүний хамгийн том зэвсэг бол хэрэглэгч нараа сонсох явдал аж. О.Анхныбаяр “Хэдийгээр коронатай холбоотойгоор борлуулалт, үйлдвэрлэл зогссон ч нэг талаар энэ нь сайн зүйл болсон. Учир нь сүүлийн үед өндөр ачааллаас болж хангалттай сонсож чадахгүй байсан хэрэглэгч нарынхаа санаа бодлыг мэдэх, үүнд дүгнэлт хийж үйлдвэрлэлдээ тусгах ажилд цаг зав гарсан. Ээж, аавууд харилцан адилгүй. Зарим нь мөр бүтэн байхад болно гэж үздэг байхад нөгөө хэсэг нь хүүхдээ тогос шиг гоёно. Энэ болгонд тэдний санаа бодол, хандлагыг мэдрэх тун чухал. Анх бид нярайн хувцас үйлдвэрлэж байсан бол хэрэглэгч нарын хүсэлтээр 14 хүртэл насны хүүхдүүдэд зориулсан бэлэн хувцас үйлдвэрлэж байна” хэмээв. Тус компанийн хамт олон олон газраар явж үйлдвэрлэлтэй танилцаж байжээ. Бангладеш, Вьетнам зэрэг олон орны оёдлын үйлдвэрүүдэд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд ажиллаж, робот мэт зүтгэхийг харсан байна. Энэ нь нэг талаар богино хугацаанд их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бага зардлаар өндөр ашиг хүртэх гэсэн бизнесийн арга ухаан боловч үүнийг цаана мөлжлөг явагдаж байгаа хэмээн үздэг аж. Тэрбээр “Гадуур зарагдаж буй 5000 төгрөгний үнэтэй нярайн бодийг хэзээ ч үнэ цэнэтэй гэж үзэхгүй. Яагаад гэвэл үүнд материалын зардал, тээвэрлэлт шингээд ард нь үлдсэн дүнг тооцохоор оёдолчинд хэдэн төгрөг цалин болж очиж байгааг мэдэхгүй. Хүний хөдөлмөрийг мөлжсөн зүйлийг бид худалдан авч байна” гэв. Тийм ч учраас тус компани ажилчиддаа өдөрт тэдэн хувцас оёх ёстой гэсэн норм тавихаас илүү хүн төвтэй байхыг эрмэлздэг аж. Нэг үгээр хэлбэл, нэг хувцсаа сэтгэлээсээ, чанартай оёх ёстой гэсэн зарчмыг гол болгодог. Мөн анхны загваруудаа ажилчид бүгд хүүхдүүддээ өмсгөж үзнэ. Хэрэв хүүхдэд нь тохирохгүй, тухгүй байвал шинэчлэн засдаг байна. Компанийн ажилчид өдөрт найман цагаар хамгийн үр дүнтэй байдлаар ажиллахыг эрмэлздэг. Ингээд 17:00 цаг болоход ажил тарна. 6, 9, 12 гэх зэрэг хичээлийн шинэ жил, баяр угтсан саруудад масс үйлдвэрлэл явуулж, зарим ажилчид 18:00 хүртэл суухыг хүсдэг ч компанийн удирдлагууд зөвшөөрдөггүй байна. О.Анхныбаяр “Хүүхэд хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Ажилчид маань эрт харьж үр хүүхдээ асран хамгаалж, хамт цагийг өнгөрүүлж, тэдэнд тусалж хүмүүжүүлэх ёстой. Магадгүй ахлах ангийн сурагчтай бол мэргэжил сонголтод нь анхаарч, хамт ярилцах боломжийг олгох хэрэгтэй. Манайх зүрх сэтгэлээ шингээн хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг гэж хэлчихээд өөрсдөө үр хүүхдэдээ анхаарал тавьж, цаг зав гаргаж чаддаггүй бол утгагүй шүү дээ. Энэ эрхэм үнэ цэнийг бид бүх л түвшинд тээж явах учиртай. Би дөрвөн хүүхэдтэй. Тавь дахь маань одоо гэдсэнд бий. Бүх л хүүхдийг баяр баясгалантай, гэрэлт ирээдүйтэй байлгана гэдэг хамт олны минь хувьд асар чухал зорилт” гэсэн юм.

Корона олон бизнест сөргөөр нөлөөлсөн. Танай бизнест энэ нөлөөлөл ямар байсан бэ гэсэн асуултад О.Анхныбаяр “Өнгөрсөн оны 12 дугаар сараас коронагийн сураг чимээ сонсогдоод эхэлсэн. Ингээд он гарч улмаар сургууль цэцэрлэгүүд хөл хорионд орж, гадуур хүүхдээ дагуулж явах эцэг, эхчүүд байхгүй болсноор бидний бүтээгдэхүүнээ борлуулдаг E-mart-ын гурван давхарт хүн бараг үзэгдэхээ больсон. Манай худалдагч л байна. Өдөр ямар ч борлуулалт байхгүй. Удалгүй цаад эгнээнээс гэрлүүдээ унтрааж эхэлсэн. Ингээд яагаад түрээс төлөөд байгаагаа ч мэдэхгүй болж, бачуурах болсон. Эхний гурван сар манайх ямар ч борлуулалт хийгээгүй. Цалин, түрээс хоёрт алдагдал хүлээгээд явсан. Гэхдээ би энд байгаа хүмүүсээ болиулж болохгүй. Ажиллаад бүтээгдэхүүн гаргаад овоолоод байх хэцүү. Борлуулалтгүй гээд хүмүүсээ явуулчихаж болохгүй. Ингээд ямар ч байсан хүүхдүүдийнхээ дархлааг дэмжээд хоёр долоо хоног амаръя гэсэн. Дараа нь ажилдаа ороод өөрсдийнхөө дархлааг дэмжээд инээж ханиалаа. Ажил дээрээ комеди үзэх, хоорондоо хөгжилтэй зүйл ярих, орой эрт тарж ганц хоёр пиво ууж суух зэргээр чөлөөтэй өнгөрсөн. Үүгээр би та нар надад үнэ цэнэтэй гэдгийг хэлэхийг л хүссэн. Өдөрт бид ээлжээр хоол хийнэ. Энэ хуваарьт би ч бас ордог. Бусдаасаа илүү сайхан хоол хийх гэж өрсөлдөнө. Бид энэ тэнцүү хүн юм. Би дарга, тэд ажилчин гээд загнаж зандраад байх эрх надад байхгүй. Уг брэнд хамтын хүч, нэг сэтгэл зорилгоор л урагшилна гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Тэд маань ч миний хамгийн сайн хамтрагчид” гэв. Коронатай холбоотойгоор нэг салбараа хааж, зарим нийлүүлэлтээ зогсоосон байна. Мөн даавууны үнэ өссөнтэй холбоотойгоор зардал нэмэгдэх болжээ. “Kind baby”-г онлайнаар худалдаалдаггүй. Энэ нь хүмүүс дэлгүүр дээр очиж биетээр нь мэдэрч, барьж үзээд аваасай гэсэн хүсэлтэй нь холбоотой аж. Бага насны хүүхэд, тэр дундаа нярай хүүхдэд утсаар зураг харж байгаад хувцас худалдан авч өгнө гэдэг оновчтой сонголт биш. Материал, оёдлын чанарыг гараараа имэрч байж сонголт хийх ёстой хэмээсэн. Тус компани хэд хэдэн хувийн сургууль, цэцэрлэгт хувцас нийлүүлдэг байна. Үйлдвэрт дэлгэсэн хувцсуудыг харахад өнгөлөг, тун сайн материалтай нь түвэггүй мэдэгдэнэ. О.Анхныбаярын нөхөр Н.Анужин мото спорт, сагсанбөмбөг зэргийг сонирхдог байна. Тиймээс хөвгүүдийн хувцсанд энэ загвар, бичиглэлийг шингээж өгөх санаагаа хэлдэг аж.

Захирлын өрөөнд хүүхдийн баримал ихээхэн сонирхол татсан. Тус баримлын тухайд хорт хавдар туссан зургаан настай бяцхан хүү Э.Маргад-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулж дуудлага худалдаагаар борлуулахад нь үнэ хаялцсаар 1.3 сая төгрөгөөр авчээ. Уран бүтээлч барималдаа хүн хүсэх л юм бол тоолж баршгүй олон төрж болно гэсэн санааг шингээсэн байна. Н.Анужин, О.Анхныбаяр нарын сайн үйлс үүгээр дуусахгүй. “Лантуун дохио” ТББ-аар дамжуулан олон хүүхдэд хувцас өгч байжээ. О.Анхныбаяр “Би хүүхдэд шинэ хувцаснаасаа өгдөг. Яагаад тэд шинэ сайхан хувцас өмсөж болохгүй гэж. Өгсөн бэлгийг минь хараад баяр хөөрөөр дүүрэн байгааг харах үнэхээр жаргалтай” хэмээсэн. Үйлдвэрийн хананд “Лантуун дохио” ТББ-ын талархал өлгөөстэй байв. Үүнээс гадна тус үйлдвэрийн хамт олны гол зарчим бол хог үйлдвэрлэхгүй гэх ухагдахуун юм. Өөрөөр хэлбэл, даавуунд эсгүүр хийхэд 30 орчим хувь нь хог буюу өөдөс болж гардаг. Үүнийгээ нийлүүлж туулай үйлдвэрлэж байгаа аж. Үйлдвэрийн байранд борлуулах боломжгүй арай царай муутайнууд нь үлдчихэж хэмээн хэлсэн. Нэг туулайг 35 мянган төгрөгөөр борлуулна. Үнэтэй мэт санагдах ч энэ мөнгө бүхэлдээ мод тарьдаг нэгэнт клубт шилждэг байна. Энэ талаар “Туулайнаас олсон орлогыг тэр чигт нь мод тарих үйлсэд зориулахыг хүссэн. Магадгүй бид өөрсдөө сайн тарьж чадахгүй байх. Харин my klub хэмээх мод тарьдаг залуус энэ ажилд мэргэшсэн” хэмээсэн юм. Тэдний үйлдвэр хоёр давхарт байрлана. Анх үйлдвэр байгуулах үед цонхны доор ихээхэн хог байсныг цэвэрлэж мод суулгасан нь одоо цонхоор харагдах хэмжээтэй өндөр болжээ.

О.Анхныбаяр хүүхдийн хувцас үйлдвэрлэлийг тойроод олон агуулгыг нэгтгэн бодож тунгаадаг аж. Тухайлбал, тэрбээр өсвөр үеийнхэнд мэргэжлээ зөв сонгох тал дээр зөвлөж дэмжих мөрөөдөлтэй гэсэн. Энэ талаар “Би залууст бага ч гэсэн нөлөөлөх юмсан гэж бодож тэдэнтэй их ярилцдаг. Одоо хүүхдүүд олон мэргэжил дунд төөрчихсөн явж байна шүү дээ. Бүгд л эдийн засагч, гадаад худалдааны мэргэжилтэн болно гэх зэргээр боддог. Харин оёдолчин, гуталчин гэхээр цаанаа л хэн нэгнээс дутуу мэтээр төсөөлдөг. Тэгвэл Брюс Лигийн хэлсэн үг бий. Би зуун цохилт хийдэг хүнээс илүү нэг цохилтыг зуун удаа давтсан хүнээс айна гэдэг. Энэ нь ямар мэргэжил сонгох нь чухал биш нэг зүйлд тууштай байж зүрх сэтгэлээ шингээж гартаа оруулж мэргэших нь чухал гэдгийг хэлэх гэсэн юм. Хүн өөрийгөө л хөгжүүлдэг. Эцэг, эхчүүд үүнийг зөв чиглүүлж өгөх ёстой. Тиймээс би хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө гэж ажилчдаа 17:00 цагт тараадаг. Эцэг, эх бүр ажиллах ёстой цагтаа үр бүтээлтэй ажиллаад эрт харьж үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх ёстой. Энэ маш чухал. Өсвөр насны ч байна уу, бага насны хүүхэдтэй байхаас үл хамаарч тэдэнтэй ярилцаж, тоглож, хамтдаа хооллох учиртай” гэсэн юм. Мөн тэрбээр “Оёдолчин, гуталчин мэргэжил маш сайхан. Та нар youtube-ээс бичлэг үзээрэй. Ямар нарийн ур чадвар гаргаж урлаж байгааг харах бахархалтай байдаг. Би бүр шимтэн үздэг” хэмээв.

Анх тус үйлдвэрт бизнесийн өрсөлдөөний тухай ярих болов уу гэсэн хүлээлттэй очсон боловч шал өөр орчин, сэтгэгдэл угтсан юм. Аливаа бизнесийг хийхийн тулд түүний цаадах үнэ цэнийг ойлгон ухаарч, зүрх сэтгэлээ өгнө гэдэг эрхэм нандин зүйл аж. Одоо ямар ч дэлгүүрт kind baby брэндийг хараад үүнд бусдыг хайрлан энхрийлэх нинжин сэтгэл шингэсэн гэж шууд л бууна. Бяцхан үрсээ зөвхөн хувцас төдий бус түүнд шингэсэн хайр энхрийллээр гоёно гэдэг юутай сайхан бэ. Үндэсний үйлдвэрлэл цаана л ийм сэтгэл шингэсэн байх нь сайхан. Тус брэндийг өрхийн тэргүүн Н.Анужин, захирал О.Анхныбаяр, ажилчид Н.Оргил, Б.Нямрагчаа, Д.Мөнгөнтуяа, Г.Гансувд, М.Гэрэлчимэг, А.Туулсүрэн нар хүргэж байна. Үйлс нь өөдрөг байг.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Пүрэвдаваа: Аймаг, нийслэлд АН олонх болбол төрд иргэдийн хяналт бий болно

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа.


-Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байна. Ажлаа эхлээд явж байна уу?

-Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь гэнэтийн шийдвэр байлаа. Д.Баттулга дарга маань нийслэлийн намын хорооны хурлын үеэр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэлсэн. Нийслэлийн намын хорооны гишүүд намайг санал болгож, дээд шатны байгууллагаас Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Миний хувьд төлөвлөгдөөгүй гэнэтийн шийдвэр байсан ч хамт олон, журмын нөхөд маань итгэл хүлээлгэж байгаа учраас ажилдаа ороод байна.

-Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд ямар төлөвлөгөөтэй оролцохоор бэлдэж байна вэ?

-Орон нутгийн сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн намын хороо холбогдох бичиг баримтаа Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. 2020 оны Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд оролцоход ямар нэгэн зөрчилгүй, бичиг баримтын бүрдэл бүрэн гэж үзэн нийслэлийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргасныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гардаж авсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн алдаа дутагдлуудаа ялангуяа нийслэлдээ давтаж болохгүй гэдгийг хэн хэн нь ойлгож байгаа. Энэ тал дээр маш нухацтай, анхааралтай, хянуур хандана. Улс төрийн нам бол зөв боловсон хүчин, өөрсдийн хүссэн гэхээсээ илүү иргэдийг төлөөлж чадахуйц, дэмжлэгийг авч чадах тэр нэр дэвшигчдээ санал болгох ёстой. Тиймээс нэр дэвшилт маань зөв, тунгалаг, оновчтой байх ёстой. Хоёрдугаарт, мөрийн хөтөлбөр. Нийслэлийн Ардчилсан нам өөрийн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй сонгуульд орж, ялсан тохиолдолд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг хуулийн зохицуулалттай. Манай намын мөрийн хөтөлбөрийн онцлог бол “иргэндээ ээлтэй” байх. Иргэндээ ээлтэй Улаанбаатарыг бий болгоно, цогцлооно гэсэн үг.

Нийслэлд өнгөрсөн хугацаанд маш олон иргэд золгүй байдлаас болж эндсэн тохиолдол гарсан. Ер нь байгалийн гамшиг гэлтгүй иргэндээ ээлгүй бодлого, төлөвлөлтөөс болж олон хүн эрсдэх, гэмтэх тохиолдол Улаанбаатар хотод гарч байна. Үндсэн хуульдаа “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан мөртлөө үүндээ хүрч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Бид энэ тал дээр онцгой анхаарна. Монгол Улсын нийт хүн амын хагас нь нийслэл хотдоо амьдардаг. Тиймээс төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, цэгцтэй үзүүлэх ёстой. 2012-2016 онд Ардчилсан намын хийж хэрэгжүүлж байсан цахимжуулах, ухаалаг системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх ёстой. Дэлхий даяар мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж байна. Нийслэлийн 500 гаруй үйлчилгээг аль болох цахимжуулах нь зүйтэй юм. Энэ их түгжрэл, ачааллын үед онлайнаар бүртгэл явуулах, цахимаар үйлчилгээний хариу өгөх, шуудан хүргэлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд ажиллах болно. Ардчилсан нам анх төрийн үйлчлгээний “түц машин”-ыг санаачилсан. Олон хүний ажлыг хөнгөвчилж, маш их зардлыг хэмнэж чадсан. Нийтийн тээвэрт цахим картыг мөн амжилттай нэвтрүүлсэн. Энэ мэт ухаалаг системийг нэвтрүүлснээр цаг хугацаа болон төсөв зардлыг маш сайн хэмнэсэн иргэндээ ойр ажил болсон. Тиймээс энэ удаа ухаалаг Улаанбаатарыг бий болгохын төлөөх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гуравдугаарт, хариуцлагын асуудал. Өнөөдөр хэн нэгэн төрийн албан хаагч ямар нэгэн алдаа дутагдал гаргалаа гэхэд хэн нь ямар хариуцлага хүлээж байгаа нь тодорхой бус байдаг. Иргэнийг чирэгдүүлж хохироосон байхад, хариуцлага үүрэхгүйгээс болоод төрийн албан хаагч эс үйлдэл гаргах хандлага бий болдог. Энэ гажуудлыг засах, арилгах нэг ажил бол Ардчилсан намын санаачилсан “шилэн дансны хууль” байсан. Гэтэл Ардын нам гарч ирээд Шилэн дансны хуулийн хариуцлага тооцох системийг нь үгүй хийснээрээ Шилэн дансаа хөтөлдөг байгууллага өнөөдөр эрс цөөрсөн. Улаанбаатар хотын ирээдүй болсон үр хүүхэд, дүү нартаа түгжрэлтэй, хүнд сурталтай, удаашралтай хотыг өвлүүлмээргүй байна. Өнөөдрийн орон нутгийн сонгууль бол хугарлын сонгууль болох ёстой гэж харж байгаа. Үндсэндээ хувьсгал хийхүйц, жишиг болохуйц сонгууль болох ёстой. 2012 онд Ардчилсан нам хотыг арай өөрөөр удирдаж болдог юм байна гэх жишгийг харуулж чадсан. Энэ жишгийг сэргээхийн төлөө, хүн амьдрахад таатай хотын төлөө бид оновчтой сонголтоо хийх шаардлагатай.

-УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн. Ялагдлын шалтгааныг олон янзаар л тайлбарлаж байх шиг байна. Та Ардчилсан намд ямар шинэчлэл хэрэгтэй гэж харж байна?

-Олон хүчин зүйлээс болж ялагдал ирсэн гэж боддог. Алдааг хүнээс хайхаас илүү өөрсдөөсөө эрэх нь зүйтэй. Ардчилсан нам бол санаачлагч нам гэж би боддог. Улс орноо хөгжүүлсэн, иргэндээ хүрсэн олон ажлыг эхлүүлж, хийж хэрэгжүүлсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ардчиллаар бий болсон олон өөрчлөлтүүд гарсан шүү дээ. Ардчиллын буянаар хүссэн улс орондоо зочилдог болж, хүн бүр хүссэн мэдээ мэдээллээ авах боломж бүрдсэн. Мөн Монгол Улсын иргэн хүн өөрийн гэсэн үл хөдлөх өмч хөрөнгөтөй байх эрхтэй болсон зэрэг олон өсөлт, өөрчлөлтийг дурдаж болно. Ардчилал хувь хүний орон зайг хамгаалсаар ирсэн гэдгийг тодотгож хэлмээр байна. Ардчилсан нам хийж бүтээх, шинийг санаж сэдэх, санаачилга гаргаж ажиллахдаа дотоод эмх цэгцдээ түлхүү анхаараагүй орхигдуулсан талтай. Нэг үгээр хэлбэл, дотоод ардчилал хэт их байснаас болоод нам доторх үл ойлголцол даамжруулсан юм болов уу. Гэхдээ Ардчилсан намын залуучууд алдаагаа давтахгүйн төлөө нэгдэж чадна гэдгээ харуулж байгаа гэж бодож байна. Ялагдлын нэг шалтгаан бол пропорционал тогтолцооноос мажоритар тогтолцоо руу буцсан явдал гэж харж байна. Энэ тогтолцоогоор сонгууль явуулахад иргэдийн санал гээгддэг. Өнөөдөр Ардын нам иргэдээс 44 хувийн санал авсан мөртлөө нийт УИХ-ын 82 хувийг бүрдүүлж, Засгийн газрыг 100 хувь бүрдүүлж, захирч байна. Дэлхий даяараа татгалзаж байгаа хэлбэрийг манай улс сонгоод байгаа юм. Энэ тогтолцоог 100 хувь халах юм бол сонгууль мөнгөний уралдаан байхаа болино. Гэтэл мажоритар тогтолцоогоор эрх баригч нам маань гаршчихлаа. 30 жилийн хугацаанд найман удаагийн сонгууль хийхэд нэг л удаа пропорционал буюу холимог тогтолцоогоор сонгууль хийсэн. Тэр сонгуулийн үр дүнгээр олон намын төлөөлөл УИХ-д суусан байдаг. Санал гээгдээгүй гэсэн үг. Мажоритар тогтолцооноос салахгүй л бол шударга сонгууль болохгүй.

Ардчилсан намын ялагдлын бас нэг шалтгаан нь цар тахлын хязгаарлалтын дэглэм. Үндсэндээ шударга биш сонгууль боллоо шүү дээ. Ардын намын бүлгийн нөхдүүд хэзээ сонгууль явах, ямар дүрэм журмаар явуулахаа урьдчилаад мэдэж байсан. Бусад улс төрийн хүчнүүд сонгууль болох эсэхийг ч мэдэхгүй л байсан. Манай улс, эрх баригчид маань Ковидыг дотооддоо алдаагүй гэж өнөөдрийг хүртэл мэдээлж байгаа. Гэтэл дэлхий даяар хязгаарлалтын дэглэмээ сулруулж, цуцалж байна. Харин Засаг барьж байгаа хүмүүс Орон нутгийн сонгуультай холбогдуулан онцгой байдлын дэглэмийг чангалаад л байна гэж хардаж байна. Мөн эрх барьж байгаа намаас томилогдсон төрийн албан хаагч нар сонгуулийг зохион байгуулсан. Дарга нарын хүүхдүүд дандаа дарга болдог гэдэг шиг магадгүй эрх баригчдын хамаатан садан, ах дүү нар нь сонгууль зохион байгуулж байгаа. Тэд ялахын төлөө өөрсдийнхөө давуу эрхийг ашигладаг. Тиймээс өнгөрсөн УИХ-ын сонгуулийг туйлын шударга явагдсан гэж харахгүй байгаа.

-Ардчилсан намын даргын сонгууль юу болж байгаа вэ?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаад арваннэгдүгээр сарын 16-ны өдөр намын их хурлаа хуралдуулахаар товлосон. Дүрэм журмаараа намын сунгааг дотоод сонгуулийн хороо зарлаж, зохион байгуулах ёстой. Арваннэгдүгээр сард намын их хурлаа хуралдуулаад, тэр хурлаараа дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ. Хурлаар гарсан шийдвэрийн дагуу бүх гишүүдээсээ намын даргаа сонгохоор тогтвол гишүүдийн саналаар, харин их хурлаараа намын даргаа сонгохоор тогтвол намын их хурлаар намын удирдлагаа сонгоно.

-Арваннэгдүгээр сар хүртэл намын даргагүй явна гэсэн үг үү?

-Үүрэг гүйцэтгэгчтэй явна гэсэн үг.

-С.Эрдэнэ дарга “АН ялагдсан нь бид Ерөнхийлөгчтэйгөө хамтарч ажиллаж чадсангүй” гэж байсан. Одоо нийслэлийн Ардчилсан нам Ерөнхийлөгчтэй хэр хамтарч ажиллаж байна вэ. Таныг Ерөнхийлөгчийн хүн гэх юм…

-Би Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Хот хөдөөгийн бодлого гэхээр Улаанбаатар хотын асуудал ч орж таарна. Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж байсан учраас Ерөнхийлөгчийн дэмжлэгээр энэ албан тушаалд оччихлоо гэх ойлголт байх шиг байна. Энэ бол өрөөсгөл. АН-ын дүрэм журмын хүрээнд гарсан шийдвэр юм. Тодруулбал, Нийслэлийн намын хороо хуралдаж, гишүүдийн олонхын санал, Ардчилсан намын даргын тушаалаар миний бие томилогдсон.

-Ардчилсан нам нийслэлд хэр хүчтэй байх бол?

-Бид хоёр сарын хугацаанд өөрсдийн онцлог, давуу талуудыг иргэддээ маш сайн ойлгуулж чадвал боломж хангалттай бий.

-Нийслэлийг хоёр дахь Засгийн газар гэдэг. Мэдээж өндөр хариуцлага Ардчилсан намаас шаардагдах байх?

-Европын улс орны улс төрийг харахад тэд аль болох мэтгэлцэж харагддаг. Парламентдаа олон намын төлөөлөл нь байнга хоорондоо байнга өрсөлдөж байх жишээтэй. Тийм өрсөлдөөнтэй, хяналттай газар л хамгийн хөгжилтэй, иргэндээ ээлтэй улс болж таардаг. Тэгвэл өрсөлдөөн огт байхгүй нэг намын засаглалтай болвол яах вэ. МАН-ын томилгоонуудыг харахад удам дамжсан сайдуудыг томилох тохиолдол байсан. Одоо удахгүй хотын даргаар хэн нэгэн хамаатнаа, эсвэл нутгийнхаа нэгнийг томилох уу. Тэгээд дараа нь иргэдийн дуу хоолойг хэн ч сонсохгүй, хэнд ч хүрэхгүй л болдог. Ардчилсан Монгол Улсын иргэн үйл хэрэгт оролцох эрхээ л нээлттэй байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ардчилсан улс гэдэг үгийн утга учир чинь байхгүй болно. Жишээгээр нам төвтэй төр бий болбол хоёр бизнесмэн уралдаж байхад нам дагадаг бизнесмэн нь давуу эрхтэй болж эхэлнэ. Бизнесийн зарчим бол зах зээлийнхээ хуулиар өрсөлдөж байх ёстой байтал нэг нь намын дэмжлэг аваад илүү эрх авч эхэлнэ. Тэгэхээр бизнесийн зарчим алдагдаж, тэгш бус байдал үүснэ. Ийм л нийгмийг хүсээгүй бол бид өнөөдөр үйл ажиллагаа, үзэл санааныхаа төлөө сонголтоо хийх цаг нь болсон. Ялангуяа аймаг, нийслэлийн хэмжээнд бол заавал хяналтын тогтолцоо байж, төрд иргэдийн хяналт бий болох ёстой. Өнөөдөр Ардчилсан нам хувь хүний эрх чөлөө, хувь хүний орон зай гэдэг зүйлийг л хамгаалахын төлөө ажилладаг.

С.ОТГОНГЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Оюунчимэг: Манай нийгэмд хүнлэг байдал үгүйлэгдэж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Дэлхий нийтэд тархсан цар тахлын нөлөөгөөр эх орондоо ирж чадахгүй хөл хорионд ороод олон асуудалтай тулгарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар ярьж байна. Хүний эрхийн байгууллага энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж чадаж байна уу. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, харж байгаа вэ?

-Ганцхан Монгол Улсын хэмжээнд ч биш, дэлхий нийтэд “Ковид-19”-тэй холбоотойгоор хамгийн түрүүнд яригдсан зүйл бол эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн асуудал юм. Үүнийг дагаад бусад эрх буюу эх орондоо ирэх, хамгаалуулах, гадны улс оронд байгаа иргэд тухайн улсын иргэдийн адил эрх үүрэг эдэлнэ гэдэг зүйл заалт зөрчигдсөн зэрэг хүний эрх зөрчигдсөн олон асуудал байна. Тийм ч учраас “Ковид-19”-тэй холбоотой өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-аас зөвлөмж хүргүүлсэн байдаг. Ялангуяа, хорионд хуарангийн системд байгаа хүмүүсийн эрх ихээхэн зөрчигдөж байна. Нэг хүн халдвар тараахад хуарангийн системд байгаа хүмүүс бүгд аюулд орох эрсдэл өндөр учир энэ хяналтыг сайжруулаач гэсэн зөвлөмж өгсөн. Энэ дагуу бид хамгийн түрүүнд Сэтгэцийн эрүүл мэндийн төв, асрамжийн газар, хүүхэд хамгааллын байрууд, цагдан хорих байр, эрүүлжүүлэх байр, баривчлах байр,хорих газар ял эдэлж байгаа хоригдлууд, тухайн төрийн байгууллагын халдвар, хамгааллын нөхцөл байдлыг хянаж, Улаанбаатар хот болон орон нутагт томоохон шалгалтуудыг хийлээ.

Хоёрдугаарт, гадаадад байгаа монголчуудын асуудал байгаа.Хүний эрхийн байгууллагууд, улс орнуудтай хамтран Монгол Улсын иргэн танайд халдвар хамгаалалд хамрагдаж байна уу, ялгаварлан гадуурхалтад өртөж байна уу, эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь танай орны иргэдээс ялгавартай, өөр байна уу гэдэгт анхаарч, үйл ажиллагаа явууллаа. Иргэдээ татаж авах асуудлаар Улсын онцгой Комисст хандсан. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эх орноосоо явах буюу, эх орондоо ирэх, чөлөөтэй зорчих эрхтэй гэсэн тунхагласан заалттай. Манай Улс Парламентын тогтолцоотой улсын хувьд аливаа асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин Улсын Онцгой Комиссын шийдвэр бол хууль биш. Энэ бол түр зуурын хугацаатай хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм.

Нөгөө талаар ковидтой холбоотойгоор эрүүл мэндийн асуудал нь тухайн орны эдийн засагтай шууд холбоотой асуудал бий болж байна. Хатуухан хэлэхэд, хүн бүр хүний эрх гэж ярьдаг боловч, хүний эрхийг хангахын тулд улс өөрөө юу хийх ёстой вэ гэдгийн бодит шалгуур болж байна. Улсын бодлого, хүний эрх хоёр хоорондоо яаж хамааралтай байх ёстой вэ гэдэг шалгалт болж байна уу гэж харж байна.

-Сонгуулийн өмнө нэр дэвшигчдийг барьж хорилоо. Үндсэн хууль, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээд олон хууль тогтоомжийг шүүгч зөрчиж, дээр нь иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж байна гэдэг шүүмжлэлийг олон хуульчид дуу нэгтэй ярилаа. Энэ асуудлыг Хүний эрхийн комисс хэрхэн дүгнэж байна вэ?

-Шүүхийн танхимд юмуу зөвлөлдөх тасалгаанд нь ороод та нар буруу юм хийж байна гэж хашгираад байвал би тухайн шүүгчийн халдашгүй байдалд хөндлөнгөөс халдаж байгаа ноцтой хэлбэр болно. Бид хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хуулиуд, мөн НҮБ-ын гишүүн орон, олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд заавал дагаж мөрдөх ёстой олон улсын гэрээнүүд байдаг. Эдгээр гэрээнүүдэд Монгол Улс нэгдэн орсны хувьд заавал биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас энэ үүргийн хүрээнд шүүгчийн гаргасан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвецид нийцсэн шийдвэр байх ёстой. Ийм шийдвэр байж чадаж байна уу, үгүй юү гэдэг дээр дуугарах ёстой учраас бид Комиссын хуулинд заасны дагуу шаардлага болон Мэдэгдлийг гаргасан.

-Хараад байхад ноцтой хэргүүд дээр Хүний эрхийн байгууллага яагаад дуугарахгүй байна вэ. Ажлаа хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэдээс өгдөг л дөө. Та бүхний ажил нийгмийн бүхий л салбар чиглэлд хүрч чаддаг уу. Иргэдийн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг олон салбар чиглэлийн байгууллагууд байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага,цагдаа, прокурорын байгууллага гэх мэт. Бүгд тусдаа чиг үүрэгтэй. Хүн амины ноцтой хэрэг гарлаа гэхэд цагдаагийн байгууллага мөрдөн шалгана. Гэтэл хүн алуулчихаад байхад хүний эрхийн байгууллага яагаад дуугарахгүй байна вэ гээд асуудаг. Хүний эрхийн зөрчил, гэмт хэрэг хоорондоо ялгаатай. Эрүүгийн болон иргэний хэрэг болгон дээр хүний эрх зөрчигдсөн гээд байх юм бол хуулийн байгууллага байх шаардлагагүй биз дээ. Гэхдээ гэрээний үүргийг хэрхэн биелүүлж байгаад хүний эрхийн байгууллага хяналт тавьж, шахаж шаардах үүргийг бодит шалгалт судалгааны үндсэнд гарган тавьж ажиллуулах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шалгах явцад хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал дээр бид гэрээ конвенцийн заалтыг барьж ажилладаг.

Бодит байдал дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр 50 хүрэхгүй хүнтэй, нэг тэрбум төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна. Гарсан хэрэг болгон дээр гүйж очоод байх хүний нөөц, төсөв мөнгө байхгүй. Гэтэл Хүний эрхийн комисс хаана хүний эрх зөрчигдөж байна, тэр хүний эрх, үүрэг хариуцлага ямар байх уу гэдэг шалгалтыг хийж байдаг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага. Дөрвөн хананы дунд суучихаад л хүний эрх ийм байна,тийм байна гэж ярьдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Тийм биш шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л манай байгууллага 16 аймагт очиж,160 байгууллагыг шалгасан. Одоо есдүгээр сард гурван аймгаар явж 43 байгууллагыг шалгах гэж байна. Энэ шалгалтууд хийгээд байгаагийн цаад учир нь бидний хийсэн шалгалтын үр дүнг УИХ-аар хэлэлцдэг, хүний эрхийн илтгэлд оруулж УИХ-ын тогтоол гардаг. Тэр тогтоолын дагуу тэр салбар, сэдэв болгонд Засгийн газрын үүрэгт ажиллагаанд орж, үр дүнд хүрдэг юм.

-Жишээ нь, танай байгууллагаас гаргаж тавьсан ямар сэдэв Засгийн газрын хэмжээнд хүрч амьдрал дээр ажил хэрэгжиж үр дүнгээ өгсөн бэ?

-Ярих сэдэв бол энэ 20 жилийн хугацаанд бишгүй олон байна. Хүүхдийн эрх, тэр дундаа хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хөдөлмөрлөх эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх,гэр бүлийн хүчирхийлэл, шударга шүүхээр шүүлгэх эрх, хохирогчийн эрх, төрөөс нөхөн төлбөр авах, үндэстний цөөнхийн эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх гэх мэтчилэн төр засгийн бодлого болон хуулинд тусгагдсан олон ажлууд байгаа. Эдгээрийг нэг дор ярих боломжгүй болохоор жишээ дурдъя.

НҮБ-ын Эрүүдэн шүүлтийн тусгай илтгэгч гэж дэлхийд ганцхан байдаг албан тушаалтай хүн байдаг. Тухайн үед Австрийн иргэн, Венийн Их сургуулийн профессор Манфред Новак гэдэг хүн энэ албыг хашиж байсан. Энэ хүнийг манай Засгийн газар 2006 онд урьж авчирсан. Энэ хүн өөрийн хариуцсан сэдвийн хүрээнд аль ч улс орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрх хэмжээтэй байдаг.Энэ эрхийнхээ хүрээнд Монгол дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж бодит байдлыг НҮБ-ын нийгэм эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд оруулж, шийдвэр гаргах үүргийнхээ хүрээнд ажилласан.Шалгах ажлын хэсэг дээр нь комиссор ажилласан. Тусгай илтгэгч ингэж ажилласныхаа дараа Монгол Улсад эрүү шүүлт байна, бүр ноцтой хэмжээнд байна гэж үзээд энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэдэг асуудлыг НҮБ-ын зөвлөлийн хуралдаанд оруулж,манай Засгийн газарт зөвлөмж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх ажил тухайн үедээ нэлээд эрчимтэй явсан.

-Үр дүн гарсан гэж дүгнэх үү?

-Тодорхой үр дүн гарсан. Хууль эрх зүйн хүрээнд шинэтгэлүүд хийгдсэн. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа сайжирсан, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа тусгай төлөвлөгөөний үндсэн дээр хамтарч эхэлсэн, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд комисс анх удаа шүүхийн практикт эрүү шүүлтийн хохирогчид нөхөн олговор олгуулах нэхэмжлэлийг гарган шийдвэрлүүлсэн гэх мэт. Энэ нөхөн олговор олгуулах нэхэмжлэл өнөөдрийг хүртэл комиссын үйл ажиллагааны гол чиглэл, хохирогч хамгаалал дээр хийгддэг ажлуудын нэг болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангиудын орчин нөхцөл 2006 онтой харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Тэр хүний тухайн үед үзэж байсан хорих анги, цагдан хорих, сэтгэцийн эмнэлэг гээд бүгд өнөөдөр өөрчлөгдсөн. Бие мах бодь, сэтгэл санаа, эмнэлгийн эрүү шүүлт гэсэн гурван эрүү шүүлтийг дэлхий нийтэд гаргаж тавьдаг. Монголд нэмэгдсэн эрүү шүүлт нь нөхцөлийн эрүү шүүлт байна гэдгийг гаргаж тавьсан. Хамгийн бохир заваан орчинд, хамгийн муу хоол хүнс, удаан хугацаагаар хорьж залхаан цээрлүүлэлтийг хийж хилс хэрэг тулгадаг, хийгээгүй хэргийг нь хүлээлгэдэг асуудлыг нөхцөлийн эрүү шүүлт гэж үздэг. Энэ талаар гаргаж тавьснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүх хорих төвүүд шинэ байртай болсон. Хуарангийн системээр хорьдог байсан монголын хорих ангиудад өнөөдөр наймаас дээш хүнийг нэг өрөөнд байлгахгүй, нэг хүн оногдох талбай 2.5 м.кв байхаар хуульчилж, олон улсын стандартын дагуу тогтоосон бөгөөд хууль сахиулах байгууллагуудад эрүү шүүлтийг таслан зогсоох, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөө ажиллаж байна.

-Хүүхдийн эмнэлэг барихгүй, шоронгоо шинэчлээд байх юм гэж зарим хүмүүс шүүмжилж байсан нь ийм учиртай ажил явж байжээ?

-Хүмүүс яагаад нэг хэсэг нь дэмжээд, нөгөөх нь шүүмжлээд байсан гэхээр Шүүхийн шийдвэрийн хорих анги бол төрийн хамгаалалттай байр. Гудамжинд явж байсан хүнийг төр хамгаалалтад авч байгаа гэдэг нь тэр хүн тэнд амь насаараа хохирч болохгүй, өлсөж болохгүй ийм л нөхцөлийг хэлээд байгаа юм. Хийсэн хэрэгтээ зохих ял шийтгэлийг авна. Гэмт хэрэг хийлээ гээд 10 м.кв өрөөнд 23 хүн хоригдож болохгүй. Хуулиндаа хорих ангид ял эдэлж байгаа хүнд оногдох талбай 2.5 м.кв байна гээд заасан нь цаагуураа шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ үүнийг биелүүлэхийг шаарддаг. Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааны бас нэг анхаарч ажилласан салбар бол хорих ангиудын нөхцөл байдлыг сайжруулах, цагдаагийн албан хаагч ямар нэг хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнд эрүү шүүлт тулгаж, бие махбодийн эрүү шүүлт тулгах, хохироож болохгүй гэдэг шаардлагыг тавьж, анхаарч ажилласан. 20 жилийн өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа өөрчлөгдсөн гэж би хэлж чадна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд өнөөдөр шоронгийн үнэргүй хувцастай гэртээ харьдаг болсон. Шалгуулахаар очсон иргэнийг пааранд гавлаад зоддог байсан цагдаагийн ажилтнууд өнөөдөр ямар болсон бэ гээд эргээд нэг бодоод үзэх хэрэгтэй. Үүний төлөө манай байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэг нь зориулагдсан.

-Цагдаагийн байгууллага хэдэн жилийн өмнө эрүү шүүлтийн сандал оруулж ирээд нэлээд шуугиан тарьж байлаа. Тэр сандлыг Хүний эрхийн комисс шалгалт хийгээд хурааж авсан. Гэтэл саяхан энэ сандлыг ашиглаж байна гэдэг мэдээлэл гарлаа. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ сандал нэг ч өдөр хүнд хэрэглэгдээгүйгээр боолттой чигээрээ буцаад хураагдсан. Хэрэглэсэн хойно нь энэ асуудлыг хөндсөн бол хичнээн цагдаагийн ажилтнууд буруудах байсныг мэдэхгүй байна. Тухайн үед бүх сандлыг хураалгасан. Саяхан энэ сандлыг ашиглаж байна гэсэн мэдээлэл нэг сонин дээр гарсан байсныг харсан. Тухайн үедээ нэлээд өргөн хүрээний шалгалтын ажлуудыг хийж байж зогсоосон ажил шүү дээ. Одоо ашиглагдахгүй байгаа.

-Монголд ийм сандал оруулж ирсэн байна гэдэг асуудлыг тухайн үед та анх гаргаж тавьж байсан байх аа?

-Эрүү шүүлтийн сандлын тухай 2013 онд анх яригдсан асуудал. Тэр жил би хөдөө ажлаар явж байгаад нэг аймгийн цагдаагийн газрын гадаа боодолтой сандлууд овоолчихсон байсныг харсан. Манай улс ийм эрүү шүүлтийн сандал оруулж ирэх гэж байна, манай цагдаагийн байгууллагад ийм сандал ашиглахаар болсон талаар тухайн үед надад мэдээлэл байгаагүй, би мэдээгүй байсан. Тэгээд нэг сандлыг нь задлуулаад зургийг нь аваад энэ яг ямар учиртай сандал вэ гэж асуусан. “Хөдөө орон нутгийн хэсгийн төлөөлөгч нарт хэрэглүүлнэ. Үүнийг хот хөдөөгийн бүх аймгийн цагдаа нарт тарааж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Яг ямар учраас хэрэглээнд орох ёстой юм бол гэж асуухад “Сандлыг шаланд бэхлэх ёстой , хөл гарыг нь гавлаж дөнгөлөх ёстой юм байна. Дүрэм журам нь батлагдаагүй учраас суурилуулаагүй байгаа. Батлагдчихвал бид суурилуулна” гэж хариулсан. Тэгээд манайхаас шалгалтын ажиллагаа явуулсан. Тэр үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин байсан. Энэ асуудлыг би маш сайн санаж байна. Дэлхийн улс орнууд зургадугаар сарын 24-ний өдрийг эрүү шүүлтийн хохирогчдыг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Яг тэр өдөр буюу 2013 оны зургадугаар сарын 24-ний өдөр би Х.Тэмүүжин сайдад энэ сандлын зургийг албан бичигтэй явуулсан. Таны удирддаг агентлаг ийм зүйл хэрэглэх гэж байна. Энэ бол хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа асуудал. Энэ бол эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж. Тухайн үеийн сайд дарга нар үүнийг сандал биш ширээ гэх зэргээр янз бүрээр мэдээлж ярьж байсан. Сайдад нь анх асуудлыг ийнхүү хүргүүлж бүх аймаг, дүүргүүдэд тараагдсан байсан сандлуудыг буцаагаад татуулж агуулахад хураалгасан.

-Та Хүний эрхийн үндэсний комиссын даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Сүүлийн үед ямар томоохон ажлууд дээр үйл ажиллагаа чиглүүлж ажиллаж байгаа вэ. Хүний эрхийн байгууллага албан ёсоор хэзээ даргаа томилох вэ. Энэ байгууллага ажиллаж байна уу ер нь гэж асуух иргэд их байна ?

-Он гарсаар миний хувьд амралтгүй ажиллаж байна. Байгууллагынхаа төсөв, ажилчдын цалин хөлс зэрэг ажлуудыг цэгцлэх, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах, хуулийн байгууллагынхантай хамтран ажиллах Санамж бичгийн дагуу илүү өндөр түвшинд хамтарч ажиллах талаар арга хэмжээ авлаа. Сүүлийн үед хийж байгаа томоохон ажил бол Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагууд дахь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгалаа. НҮБ-аас санаачилсан “Монгол Улсын иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлнэ” гэдэг төслийн хүрээнд жендерийн асуудлаар 200 гаруй байгууллагыг шалгаж байна. Ковидоос шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоолгүй өргөдөл гомдол гаргасан хэн бүхэнд хүрч ажиллаж байгаа. Манай байгууллагыг ажиллаж байна уу гэж асууж байгаа хүмүүсийг өөрсдөө ирээд танилцана уу гэж урья. Хүн амьдарч байгаа цагт хүний эрхийн байгууллага ажиллахгүй байх эрхгүй. Хүний эрхийн зөрчил нэг ч гардаггүй төгс нийгэмтэй улс орон дэлхий дээр хаана ч байхгүй. Тийм ч учраас тухайн нийгмийнхээ хүний эрхийн зөрчил болгон дээр ажиллаж асуудлыг гарган тавьдаг.Бид тэр зарчмаар орон нутаг, сум баг, хороо дүүрэг бүхий л газарт хүрэхийн төлөө 50 хүрэхгүй хүнтэй байгууллага маань ажиллаж байна.

-Жендерийн асуудал гэснээс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал нэг хэсэг хүчээ авсан. Монголд ажлын байрны бэлгийн дарамт ямар түвшинд байна вэ?

-2011 оны Жендерийн эрх тэгш байдлын хуулиар “Ажлын байрны дарамт болон ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдлыг Хүний эрхийн комисс хүлээн авч шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт үүргийг комисст олгосон заалттай. Нэлээн олон томоохон хэмжээний шалгалт явагдаж, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах ажил энэ жилүүдэд эрчимтэй хийгдсэн. Бүх төрийн байгууллагуудын дотоод журамд ажлын байрны дарамт болон бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагын тогтолцоог тусгуулсан. Үндсэндээ 18 аймгийн 180 байгууллага, төрийн тусгай бүх байгууллага дотоод журамдаа энэ талаар оруулсан байгаа. Одоо хаана ч, ямар ч байгууллага дээр очсон ажлын байрны дарамтаас урьдчилсан сэргийлэхэд ийм ажлууд хийнэ гэдэг бүтэн заалттай болж, хариуцлагын механизмыг тодорхой болгож өгсөн. Хуулийн дагуу хоёр жил тутамд энэ асуудлыг УИХ-д илтгэх ёстой. Үүргийнхээ хүрээнд бичигдэж байгаа илтгэлүүд бүгд шалгаж судалсан бодит баримтад тулгуурлан хийгдэж байна.Жендерийн хэвшмэл ойлголтын ялгааг арилгах, ялангуяа удирдах албан тушаалтнуудын хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа.

-Ажлын байрны бэлгийн дарамтын талаар шүүхээр шийдүүлсэн хичнээн хэрэг байна вэ?

-Одоогийн байдлаар ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой арав гаруй гомдол ирсэн байна. Эдгээр гомдол бүгд шийдвэрлэлтэд ороод, хариуцлагыг нь оноож, ажил үүрэг албан тушаалаа хүлээлгэж өгсөн хүмүүс ч байгаа. Ажлын байрны бэлгийн дарамт байгаа хэрнээ хүмүүсийн ярихыг хүсдэггүй далд сэдэв. Яагаад гэхээр хүмүүсийн хувийн нууцтай холбоотой асуудал. Харин сүүлийн үед нэлээн ил гарч ирж байгаа. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд хэсэг бүлгээрээ энэ асуудлыг ил болгож гаргаж тавьж байна.Манай улс энэ асуудлыг Зөрчлийн хуулиар торгох санкцитай эрх зүйн орчинтой.Олон улсад өөр байдаг.Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эсрэг хүний эрхийн зөрчлийн ноцтой хэлбэрт тооцогддог бөгөөд гэмт хэрэг гэж үздэг.

-УИХ-ын сонгуулийн өмнө таныг “тайчих үзүүлбэр үзүүлдэг цэнгээний газар ажиллуулдаг, тендер нэрээр мөнгө завшсан”зэрэг ноцтой мэдээллүүд зарим хэвлэлээр цацагдсан. Гэхдээ та өнөөдрийг хүртэл энэ мэдээллүүдэд тодорхой хариу өгөөгүй байгаа?

-Энэ бол зохион байгуулалттай хүнийг гутаан доромжлох зорилготой хийгдсэн ажиллагаа.Миний нэр хүндийг гутаан доромжлох, намайг замаасаа зайлуулж гүтгэн доромжлох, өс хонзонгоо авах тусгайлсан зорилготой төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгүүдийг гаргасан.Энэ мэдээллүүдийг цагдаагийн байгууллага шат шатандаа шалган, хүнийг гутаан доромжилсон, гүтгэсэн байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Хоёрдугаарт, хувь хүний өс хонзон нийгэмд ямар ойлголт төрүүлдгийн тод жишээ энэ шүү дээ.Уг нь иргэд хоорондоо байр худалдан авах худалдах гэрээний маргаан байсан.Тэр компанийн залуучуудтай очиж уулзаад төлбөрийн асуудалд хутгалдаад, нөхрийнхөө ажлыг удирдаад яваад байх цаг зав сонирхол надад байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Хаш-Эрдэнэ: Төр бизнест хэт их оролцож байна, сүүлдээ бүр нэр хүндэд нь халдаад эхэллээ

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай танхимаас нэг мэдэгдэл гаргасан харагдсан. Бизнес эрхлэгчдийн нэр хүндийг унагахуйц үйл явдал улстөржилт ажиглагдаж байна энэ тэр гээд. Бизнесийн нэр хүндэд халдсан шийдвэрийг шүүхээс, төрөөс гаргаад байвал өчнөөн эрсдэл үүсэх нь ойлгомжтой. Таныхаар хамгийн том эрсдэл нь юу вэ?

-Логикийн хувьд улс төр бизнес хоёр бол огт өөр салбарууд. Бизнес гэрээний эрх зүй дээр суурилдаг. Иргэд ч, аж ахуйн нэгжүүд ч гэрээ хийж харилцдаг. Гэрээний эрх зүй дээр суурилдаг харилцааг улс төртэй холбож, наалдуулж, бизнес эрхлэгчдийн нэр хүндийг унагааж байгаа нь зөв хандлага биш. Манайхаас гаргасан мэдэгдлийн утга нь маш тодорхой. Нэгдүгээрт улс төр, бизнесийг холихоо больё гэсэн санааг хэлсэн. Өөр өөрсдийн хууль, дүрэм журмаар хөгжиж явдаг тусдаа салбар шүү дээ. Энэ хоёр салбар улс орны асуудал дээр бие биетэйгээ зөвшилцөж, харилцан хамтран ажилладаг байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгнийг унагаахын тулд бизнесийн салбарт цохилт өгч, бизнесийн нэр хүндийг нь унагахаа больё гэсэн утгатай л мэдэгдэл гаргасан юм. Улс төрийн ямар нэг тоглоомонд заавал бизнесээс хүмүүс оруулж ирж хольж хутгаад байгаа нь маш олон эрсдэл дагуулна. Бизнес эрхлэгчдэд айдас төрүүлж байгаа нь хамгийн том эрсдлийн нэг. Хамаагүй хөдөлчихвөл, бизнесээ өргөтгөх гээд элдэв төсөл хэрэгжүүлбэл дараа нь намайг яах бол гэсэн айдас бий болчихож байгаа юм. Хоёрдугаарт, бизнесийн салбарынхны биеэ дааж хөгжих гарцыг боомилж байна. Иймэрхүү хандлага хүчээ авах тусам залуучууд бизнес эрхлэх хэцүү гэж бодно. Тэрний оронд төрд орж дарга болъё гэсэн сэтгэхүй нийгэмд бий болчихсон байгаа шүү дээ, угаасаа. Энэ хандлагыг л улам дэвэргэнэ.

-Бизнес хийж зовсноос дарга болсон нь дээр гэсэн хандлага дэврэх ч том эрсдэл шүү. Төр бизнест хүчтэй оролцдог боллоо гэсэн шүүмжлэл дуулддаг. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Өмнөх хэдэн жилүүдэд ДНБ-д эзлэх хувийн хэвшлийн оролцоо 90 орчим хувьд дөхөж байсан. Гэтэл сүүлийн арав гаруй жил энэ хувь буурсаар 70 руу уруудчихсан.

-Айхавтар том тоо байна…?

-Харин тийм байгаа биз. Төр бизнест хэт их оролцож байгааг ганцхан энэ тоогоор нотолчихож болж байна. Уг нь сүүлийн гучаад жил явж байгаа зам маань маш тодорхой. Төр зохицуулалтаа хийдэг, үйл ажиллагаа хэрэгжүүлэлтийг хувийн хэвшлийнхэн хийдэг тийм л замаар бид хөгжиж яваа. Энгийнээр зүйрлэвэл төр хөлбөмбөгийн талбайгаа засаж өгөөд шүүгчээ тавьчихна. Мэдээж тоглолтынхоо дүрмийг өгчихнө. Төрийн засч өгсөн тэр талбай дээр бизнес эрхлэгчид гаргасан дүрмийнх нь дагуу тоглолтоо хийх ёстой. Хэрвээ тэр дунд хэн нэг тоглогч буруу үйлдэл гаргавал шүүгч зогсоох юм уу шийтгэл оноох ёстой. Маш энгийнээр хэлбэл ийм л хялбар ойлголт.

-Гэтэл сүүлийн үед манай төр өөрөө бизнес рүү орж, бизнес эрхлээд байна гэж үү?

-Яг наад асуудал чинь эмзэглэл төрүүлээд байна.

-Өнгөрсөн өвөл гэхэд л шахмал түлш рүү хүртэл орчихсон. Төрийн компани л шахмал түлшний хэрэглээг хангаад явж байна. Яаж ч харсан зөв шийдэл биш шиг санагдаад байгаа юм. Уг нь хувийн компаниар хийлгээд хянаад, татвараа аваад зохицуулаад явах боломжтой бизнес. Энэ тал дээр та ямар байр суурь хэлэх вэ, санал нийлэх үү?

-Ганц шахмал түлш ч биш ер нь ямар ч бизнесийг нь хувийн хэвшил хийх ёстой. Тийм бизнес хийх боломжийг нь төр компаниуддаа бүрдүүлж өгөх учиртай л даа. “Одоо та нар яг ийм түлш хий, эхний жилдээ бид худалдаж авья. Дараа нь та нар өөрсдөө бизнесээ тогтворжуулах ёстой шүү” гээд л дүрмээ тогтоочих хэрэгтэй.Тавьсан дүрмийг нь хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналтаа л тавиад явах нь л төрийн хийх ажил. Мэдээж алдаа эндүүтэй зүйл гарвал түр зогсоох, үйл ажиллагааг нь сайжруулах үүрэг өгөх, буруутай хүнд нь хариуцлага хүлээлгэх гэх мэт эрх үүргээ хэрэгжүүлээд явах нь тодорхой асуудал.

-Төрийн өмчит компаниуд ихэссэн, төр өөрөө бизнес эрхлээд байгаа нь хэнд ч ил асуудал болчихсон. Төр их мөнгө эргэлдэхийн сөрөг тал нь юу вэ?

-Яг үнэндээ төр бол мөнгө эргэлдүүлдэг газар биш. Төрд мөнгө эргэлдэж байгаа учраас залуучууд тийш орох гээд зүтгээд байна. Хамгийн том сөрөг хандлага нь энэ. Баялаг бүтээгч болохоор биш төрийн дарга болохоор зүтгэх нь улсад халтай хандлага. Тэгэхээр энэ буруу хандлагыг төр өөрөө зогсоох ёстой.

-Жишээ нь мөнгө их хэмжээгээр эргэлддэг уул уурхай дахь төрийн оролцоо огцом нэмэгдэж байгаа. Ер нь манайх шиг төр нь бизнестээ ийм хүчтэй оролцоотой улс чөлөөт зах зээлийн замаар яваа орнууд дунд байна уу?

-Уул уурхай дээр төр орж ирээд байгаа нь ганцхан шалтгаантай. Бизнесийн сонирхол маш өндөр байгаагийн шинж. Манайх шиг ийм систем Венесуэльд л байдаг. Бусад орнуудад маш өндөр рояалти тавиад асуудлыг шийдчихдэг. Хөрөнгө оруулагчаар хэн ч орж ирж болно. Хөрөнгөө оруул, уурхайгаа ашигла, бүтээгдэхүүнээ гарга гэж хэлээд маш өндөр үнээр рояалти л авдаг жишигтэй. Манайханд нэг том алдаа бий. Төр хувь эзэмшинэ гээд дайрчихдаг. Төр эзэмших хувийнхаа хэр хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж таарна. Уул уурхай шиг өндөр хөрөнгө оруулалт, зардал шаарддаг салбарт төр хувь эзэмших нь эрсдэлтэй гээд байгаа нь цаанаа ийм учиртай. Төр тийм их хэмжээний мөнгө гаргаж бизнест оролцох нь маш өндөр эрсдэлтэй. Яг үнэндээ төрийн мөнгө гэж байдаггүй. Ард түмэн, компаниудаас хураасан татварын мөнгө л гэж бий. Төр мөнгөгүй учраас эзэмшсэн хувийнхээ хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхэд төвөгтэй байдал үүсдэг. Оюу толгой дээр үүсээд байгаа асуудлын гол шалтган ерөөсөө энэ. Тэрний оронд рояалтигаа өндөр тавьчихсан бол Оюу толгойд хэн хөрөнгө оруулалт хийх нь тухайн хөрөнгө оруулагчийн асуудал болох байсан. Ямар ч хүн хөрөнгө оруулалтаа аль болох үр ашигтай хийгээд ашгаа хурдан гаргаж авахаа л бодно шүү дээ. Гаргаж авсан ашгаас нь бид маш хурдан хугацаанд өндөр үнийн дүнтэй татвараа авч түүгээрээ баялгийн сангаа бүрдүүлээд явах ёстой байсан юм. Системээ өөрчлөхгүй болохоор араас нь гарч байгаа сөрөг үр дагавар өндөр гараад байна л даа.

-Компаниуд руу дайрсан хандлага хүчтэй болж байна л даа. Ялангуяа муусайн баячууд гэх хандлага. Сүүлийн үед гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэсэн байр суурийг зарим хүн хэлж байна. Энэ тал дээр, хөрөнгөтэй хүмүүсийг адалсан хандлага дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг унагаасан, компаниуд руу дайрсан маш олон жишээ бий. Даамжирвал бизнест, хөгжилд халтай хандлага. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын тухайд бид хоёр том хөрштэй, хүссэн хүсээгүй энэ хоёртойгоо насан туршдаа зохицож харилцаж аж төрнө. Гэхдээ бидэнд гуравдагч хөршийн ухаалаг бодлого амин хэрэгтэй. Оюу толгойг ноолоод байх тусам манай улсад орж ирэхгуравдагч орнуудын хөрөнгө оруулалт байхгүй болно гэж би хувьдаа хардаг. Гуравдагч хөрштэй харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Цаашлуулаад яривал Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөт байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Өнөөдрийг хүртэл бид хоёр хөрш орноос гадна гуравдагч хөршийн бодлого ухаалаг бодлого барьсаар ирсэн.Үүний хүчинд Европын орнуудаас маш их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байсан. Та санаж байгаа бол гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай уурхайнууд байсан ч бүгд хаагдсан. Одоо ганц үлдсэн нь Оюу толгой. Оюу толгойд буруу юм бий бол хөөж гаргах биш хамтраад засах нь л хамгийн зөв гарц.

-Улаанбаатар хотын худалдааны танхимаас ямар ажлууд хийж байна вэ, хувийн хэвшил рүү хандсан асуудал бүр дээр байр сууриа энэ мэтээр илэрхийлээд явах чигтэй байгаа юу?

-Улаанбаатар хотын худалдааны танхим үйл ажиллагааны гол хоёр чиглэл барьж яваа. Нэг нь бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, нөгөө нь хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх. Эхний зорилгынхоо хүрээнд нэлээд анхаарч ажиллана. Гэхдээ бид төр засагтай муудалцах гээд байгаа юм биш гэдгээ тодотгох нь зөв байх. Бизнес эрхлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг л харна, хамгаална. Засгийн газрын дараагийн үйл ажиллагааны хөтөлбөр гарах гэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн саналуудыг өгөхөөр ажиллаж байгаа.

-Засгийн газарт ямар саналууд өгөх гэж байна вэ?

-Манай эдийн засаг нэг л данхар толгойтой нарийхан хөлтэй хүн шиг болчихоод байгаа. Уул уурхайгаас өөр гялайх салбар алга. Эдийн засгаа солонгоруулах олон жилийн яриагаа бодитой ажил болгох хэрэгтэй. Юуны өмнө уул уурхайн үйлдвэрлэлүүдийг дэмжих ёстой. Бас худалдааг дэмжмээр байна. Техникийн саадуудыг нь багасгах шаардлага бий. Эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлж олон болгох шаардлагатай. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн эрх чөлөөтэйгөөр ажиллах боломжийг бий болгох, баталгаажуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай. Энэ чигийн хууль эрх зүйн орчин дутуу байгаа учраас дуртай байцаагч нь орж ирээд аж ахуйн нэгжүүдийг дарамтлах явдал хүчтэй хэвээр байна. Сөрөг дагавруудыг үүсгэх суурь эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Нийт аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрчихсөн. Төвлөрлийг сааруулахын тулд хөдөөгийн бүсчилсэн хөгжлүүдийг бий болгох ёстой. Бүс болгоныг тодорхой бүтээгдэхүүний онцлогоор нь төрөлжүүлээд, тэнд нь үйлдвэрлэл худалдаа явуулбал үр дүнгээ өгнө. Мөн эдийн засгийн шинэ салбаруудыг бий болгох ёстой. Өнөөдрийг хүртэл бид уламжлалт салбаруудыг хөгжүүлэх тал дээр маш олон жил ярьж өчнөөн мөнгө зарцуулж байна. Ингэж дэмжих нь зөв ч гэлээ үүнээс гадна дэлхийн эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шаардлага, эрэлт үүсчихлээ. Жишээ нь мэдээллийн технологийн салбар байна. Монголчууд IQ өндөртэй гээд цээжээ дэлдээд байдаг. Тийм бол тэрийгээ ашиглах хэрэгтэй. “Биг Дата”-г эзэмшиж байгаа нь улс төрийн ч хувьд эдийн засгийн ч хувьд хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд орж байна. Тиймээс бид энэ хөгжлөөс хоцорч болохгүй. Иймэрхүү шинэ салбаруудыг хөгжүүлэх ёстой гэсэн саналуудыг төр засагтаа өгөх гэж байна. Цаашлаад төр засагтайгаа харилцан ойлголцдог платформыг байгуулах шаардлагатай гэж харж байна. Харилцан ойлголцохгүй бие биенээ хардаж сэрдээд байвал хэзээ ч урагш явахгүй. Тийм учраас Улаанбаатар хотын худалдааны танхимын гол зорилго бол ерөөсөө л нэгдэх гэсэн өнцөг. Төр бизнес ойлголцож хамтарч байж Монгол улс хөгжинө.

М.МӨНХСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

С.Сарантуяа: “Гэгээн Муза” наадам олон улсын түвшинд хүрч, гадны уран бүтээлчид оролцохыг эрмэлздэг болжээ

-“ГЭГЭЭН МУЗА” НААДАМ ЭНЭ ЖИЛ ХОЁР ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРЛИЙГ НЭМЛЭЭ-

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг жүжигчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын наадам өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдах байсан билээ. Гэвч цар тахал гарсны улмаас хойшлогдож энэ наймдугаар сард онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд энэ талаар “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяагаас тодрууллаа.


-“Гэгээн Муза” наадмыг 2016 оноос хойш хоёр жилд нэг удаа хийхээр болсон шүү дээ. Харин энэ оны наадам хойшлогдсоноос гадна онлайнаар зохион байгуулагдахаар боллоо?

-Бид 2016 оноос хойш “Гэгээн Муза” олон улсын театрын их наадмыг хоёр жилд нэг удаа хийхээр болсон. 2018 онд хийгээд хоёр жилийн дараа энэ жил тавдугаар сарын эхээр хийх байтал цар тахлаас болоод хойшилсон. Харин энэ сард онлайн хэлбэрээр наадмаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмыг зохион байгуулахдаа бид Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулна. Ер нь арав дахь наадмаас эхлэн нийслэл бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж ирсэн.

-Энэ жил ямар төрлүүдээр сонгон шалгаруулах вэ. Хоёр хүний жүжиг нэмэгдсэн гэж дуулсан?

-Энэ жил анх удаа маш олон төрлөөр оролцуулж байна. Ер нь драмын жүжиг олон төрөлтэй шүү дээ. Энэ жилийн хувьд таван төрлөөр шалгаруулалт явагдана. Драмын, хүүхдийн, хөгжимт, нэг хүний, хоёр хүний жүжиг гэсэн төрлүүдтэй. Төрөл олон болох тусмаа уран бүтээлчдийн оролцоо илүү өргөн хүрээтэй болж ирнэ. Уран бүтээлчдийн мэргэжилдээ хандах хандлага ч өөр болж байна. Уран бүтээлч хүн гэдэг байнгын өөрийгөө бэлэн байдалд байлгаж бие сэтгэхүй, оюунаа хөгжүүлж байх ёстой. Тэр ч утгаараа “Гэгээн Муза” академи хоёр хүний жүжгийн төрлийг нэмж оруулсан. Гэхдээ энэ чинь зүгээр нэг хэлээд л оруулчих зүйл биш.

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр хүний жүжгийн тэмцээн амжилттай болсон. Эхний гурван байр “Гэгээн Муза” наадамд өрсөлдөх эрхээ авсан гэсэн үү?

-Хоёр хүний жүжгийн төрөлд зориулж өнгөрсөн арваннэгдүгээр сард уралдаан зохион байгуулсан. Орон нутгаас, чөлөөт, залуу уран бүтээлчид маань найруулагчийн гар харж суулгүй өөрсдөө жүжгийн төрөлд санаачилгаараа сайн оролцсон. Тэмцээнээс шалгарсан гурван бүтээлээ энэ жилийн “Гэгээн Муза” наадамд оруулах эрх өгсөн. Ингэснээр наадамд энэ жилээс хоёр хүний жүжгийн төрөл нэмэгдэж байгаа хэрэг.

-“Гэгээн Муза 10” наадмаас эхлүүлэн моно жүжгийн төрлийг нэмсэн. Ер нь ингэж төрлөө нэг нэгээр нэмж байгаа нь уран бүтээлчдийн чансаа, оролцоог дэмжиж байгаа хэрэг байх?

-Тэгэлгүй яахав. Аравдугаар наадмаас моно жүжгийн төрлийг оруулж байсан. “Гэгээн Муза” наадам бол мэргэжлийн уран бүтээлчдийн хүрээнд тэдний үйл ажиллагааг дэмжих, оролцоог нь яаж сайн болгох уу, энэ тал дээр нэлээн анхаарал хандуулдаг. Тийм ч учраас моно жүжгийн төрлийг оруулахдаа мөн адил сургалт явуулсан. Сургалтыг манай зохиолч Д.Батбаяр гуай, найруулагч Б.Мөнхдорж багш нар удирдаж явуулж байлаа. Моно жүжиг гэж юу байдаг талаар мөн гадны бүтээлүүдийг, хамгийн анхны моно жүжгээ үзүүлж байсан. Энэ сургалтаас улбаатай моно жүжгийн уралдаан зарлагдаад наадамд орж байсан түүхтэй. Үүнээс харахад манай наадмын оролцоо маш өндөр болж байгаа.

-Манай жүжигчид нэг хүний болон хоёр хүний жүжгүүдээр олон улсын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож байна. Энэ нь уран бүтээлчдийн мэргэжлийн түвшин ямар байгааг дэлхийд харуулах боломж юм болов уу?

-Ер нь энэ төрлөөр олон улсад өөрийн орны уран бүтээлчдийн мэргэжлийн түвшин ямар байгааг харуулах бодит бололцоо нэг болон хоёр хүний жүжгэн дээр ажиллахад гардаг шүү. Яагаад гэхээр театрын жүжигт театр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Тайз гэрэл, техник, уран бүтээлчид гээд олуулаа. Гэтэл нэг хүний болон хоёр хүний жүжгийн уран бүтээлчид гадагшаа олон улсын фестиваль наадамд оролцох бүрэн боломжтой. Хамгийн гол зүйл бол санхүүгийн асуудал шүү дээ. Тэр тал дээр нөгөө төрлүүдээ бодвол арай гайгүй хөнгөн. Энэ ч утгаараа “Гэгээн Муза” академиас нэг хүний болон хоёр хүний жүжгийн төрлөөр эхнээсээ олон улсын наадамд оролцоод эхэлчихсэн. Моно жүжигт гэхэд Ц.Баясгалан Гран при шагнал авч байсан. Жүжигчин Б.Одончимэг “Цонхоор харсан хүн” тусгай шагнал “Body language” шагнал, биеийн үйлдлээр харуулах шагнал)-уудыг авч байлаа. Хамгийн сүүлд залуу жүжигчид өнгөрсөн арваннэгдүгээр сард Г.Алтангэрэл, Г.Номуун хоёр В.Красногоров “Хувь заяаны хүлээс” жүжгээр Солонгост болсон олон улсын хоёр хүний жүжгийн наадамд амжилттай оролцоод ирлээ. Гэх мэтчилэн энэ бол залуу уран бүтээлчдэд өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, оюун бодлоо нээж нэмэх, энэ бүх зүйлд их хувь нэмэртэй гэж бидний зүгээс боддог юм.

-“Гэгээн Муза” олон улсын театрын их наадам энэ жил анх удаа онлайнаар болох гэж байна. Бэлтгэл хэр хангагдсан бэ?

– Анх удаа л хийж үзэж байна шүү дээ. Маш их ажиллагаатай, онлайны талаар давхар өөрсдөө ч суралцаж байна. Гол нь энэ жил наадам 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа учир нэлээн анхаарал тавин ажилласан. 15 жилдээ зориулаад Монголын Театрын музейтэй хамтарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэнд “Гэгээн Музагийн алдарын танхим” нээнэ. “Гэгээн Муза” академи анх үүсэхдээ “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” гэсэн нэртэй байсан. Тэгээд арав дахь жилээсээ академи болж тэр жилээсээ наадам маань олон улсынх болсон. Тэр хэрээрээ бидний үүрэг хариуцлага улам өндөржөөд явсан. Тэгэхээр тэр танхим бол бүх үеийн он цагийн үйл ажиллагаа, “Гэгээн Муза “ гэдэг уран бүтээлчдэд ямар их нэр хүндтэй эд байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон танхим болно. Наймдугаар сарын 29-нд танхимынхаа нээлтийг хийнэ.

-Гадаадаас нийт арванхоёр улс оролцож байна гэсэн. Ихэвчлэн ямар төрлүүдээр өрсөлдөж байна?

-Гадаадаас оролцож байгаа уран бүтээлчид ихэвчлэн онлайнаар оролцож байна. Хүүхдийн жүжиг дээр л байхгүй. Бусад дөрвөн төрөл дээр дандаа гаднаас уран бүтээлчид оролцож байгаа. Ер нь бол манай “Гэгээн Муза” наадмын үйл ажиллагаа олон улсын түвшинд нэр хүнд нь хүрсэн учраас уран бүтээлчид орохыг эрмэлздэг гэдэг нь харагдаж байна. Тийм учраас шүүгчид нь хүртэл онлайнаар шүүгээд явна.

-Үндсэн шүүгчдэд өөрчлөлт орох уу. Гадаадаас ямар шүүгчид ажиллах бол?

-Монгол талаас “Гэгээн Муза” наадмын үндсэн шүүгчид маань оролцоно. Мөн гадаадаас шүүгчид оролцоно. Эдгээр шүүгчид олон улсын театрын институтын гишүүд, найруулагч, зохиолч, судлаачид байгаа юм аа. Ингээд нэгдсэн нэг дүнгээ ч онлайн хэлбэрээр хийхээр төлөвлөж байна. Одоо бэлтгэл ажил ид буцалж байна даа.

-Хөдөө орон нутгаас ямар аймгууд оролцож байгаа вэ?

-Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Говьсүмбэр, Орхон, гэх мэтчилэн аймгийн театруудаас гадна төвөөс “Улсын Драмын Эрдмийн театр” ,“Мөрөөдлийн театр”, “Дарханы залуучуудын театр”, гэсэн дөрвөн театр оролцож байна. Нийт 90 гаруй уран бүтээлчид нэр дэвшиж байгаа.

-Хүүхэд оролцооны бүтээл шалгаруулдаг шүү дээ. Энэ бүтээлийн шалгуурын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Уламжлал ёсоор таван төрөл дээрээ нэмээд хүүхэд оролцооны бүтээлээ шалгаруулдаг. Энэ бол мэргэжлийн шүүгчдийн хүрээнд явагддаггүй. Дотоод зохион байгуулалтын хүрээнд “Гэгээн Муза” академиас найм дахь наадмаас анх санаачилж байсан. Үүнд яг мэргэжлийн жүжигчид орж тоглодоггүй, орсон ч ихэнх нь хүүхэд зонхилсон байдаг. Өмнөх наадмууд дээр Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театраас мөн Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраас тус тус шагнал авч байсан. Энэ нь манай “Гэгээн Муза” наадмын өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд яг таардаг. Өөрөөр хэлбэл залуу, дунд, ахмад үеийн гэсэн гурван үеийн холбоос байна шүү дээ. Энэ үйл ажиллагааны холбоос уран бүтээл дээр л тогтож байгаа. Уран бүтээл дотроо жүжигчний ур чадварыг таслахгүй өргөж авч үргэлжлүүлэх гэсэн санаан дээр чиглэгдсэн. Тийм учраас уран бүтээлчдийнхээ онгодыг хөглөх урам өгдөг дөө. Гэхдээ энд оролцдог хүүхдүүд заавал жүжигчин болох албагүй. Театрт өөрсдийнхөө оролцсон уран бүтээлээр хүмүүждэг, суралцдаг. Юмыг яаж мэдэх вэ, ирээдүйн Ц.Гантөмөр гуайнууд тэр дотор байна. Ирээдүйн Н.Сувд гуайнууд тэр дотор байна. Тэдгээр хүүхдүүдэд сэтгэлийн дэм, урам өгөх үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжлийн газартай хамтарч зохион байгуулж ирсэн. Энэ маань уламжлал ёсоороо явагдана.

-“Гэгээн Муза” наадмыг зохион байгуулахад олон ч газар хамтарч ажилладаг шүү дээ?

-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад ганцхан “Гэгээн Муза академи” дангаараа ажилладаггүй. Арвантаван жил “Гэгээн Муза” олон улсын хэмжээний наадмыг зохион байгуулахад бидэнтэй тасралтгүй хамтарч ажилладаг салбарын хүмүүс, яам, “Улсын Драмын Эрдмийн театр”,” Урлагийн ажилтны холбоо” гээд олон газар байдаг. Он он дээр дэмжлэг үзүүлдэг олон ч байгууллага бий. Энэ жил бид драмын урлагийг дэмжигч “Скайтел” компанитай онцгойлон хамтарч ажиллаж байгаа. Одоо бол бидний бэлтгэл ажил ид явагдаж байна. Маргааш гэхэд онлайнаар ирсэн уран бүтээлүүдээ шалгаж үзнэ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэл Баабар “Чингисийн цэргийн тактик” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

БШУЯ-ны бага дунд боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос хувийн дунд сургуулиудын төлбөр, өдөр өнжүүлэх газрууд ажиллуулах эсэх талаар тодрууллаа. Тэрээр “Их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн” гэв.

“УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно” хэмээлээ. Манай сонины I-II нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэл Баабар “Чингисийн цэргийн тактик” хэмээн өгүүлжээ.

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 30 минутад 55.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд Байнгын хороооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуралдаандаа хүрэлцэн ирсэн болон ирээгүй гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулсан. Дараа нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд явуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Г.Дамдинням, Д.Сарангэрэл, П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авав. Б.Энх-Амгалан гишүүн түүхийн үнэт бүтээлүүд, археологийн олдворуудыг хамгаалалтад авах талаар, Д.Сарангэрэл гишүүн байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах зан суртахууныг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх талаар, Ч.Ундрам гишүүн дээд боловсролын чанарын шинэчлэлтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтийг хэрхэн хийх, сургуулийн үдийн хоолыг чанартай бүтээгдэхүүнээр бэлтгэх талаар асуулт асууж, тодруулсан. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакирын асуусан малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах эсэх, хувийн дунд сургууль болон их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг заавал урьдчилж төлж байх ёстой юу гэсэн асуултад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хариулахдаа малчдын хүүхдийг гэр цэцэрлэгээр хүмүүжүүлэхээр төсөлд тусгасан. Ийм туршлага бий. Яамны зүгээс нэгдсэн бодлогоор хангана. Гол нь гэр цэцэрлэгт эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаас орон нутгийн удирдлагууд идэвхтэй ажиллах ёстой. Сургалтын төлбөрийн тухайд яамнаас уян хатан буюу улирлаар, сараар болон кредитийн зарчмаар төлбөрөө авах чиглэлийг сургуулиудад өгч байна гэлээ.

Үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, П.Анужин, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, санал гаргалаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Боловсролын хүрээлэнг үндсэн чиг үүргээр нь ажиллуулах, Ц.Мөнхцэцэг гишүүн нийт хүүхдийн 10 хувийг ч хамардаггүй кембрижийн сургалтыг өргөжүүлэх зардлыг нэмэхийн оронд суурь боловсролын чанарыг нийтэд нь сайжруулж, тэгш хүртээмжтэй болгох талаар санал гаргав. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, П.Анужин, Ч.Ундрам нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарласан. Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан. Ингээд уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг нар зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэлээ.

Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд, Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Төгсгөлд нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулж асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Байнгын хорооны дарга С.Бямбацогт, төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэг заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэнэ хэмээн танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн зарим заалттай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаж, томъёолол нэр бүрээр санал хураалт явуулан шийдвэрлүүлсэн. Ийнхүү хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тогтоолын төсөл болон төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан 12 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлыг танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Бямбацогт нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэн батлах гэж байгаа тул төслийг хэлэлцэх явцад гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгах тал дээр анхаарч ажиллахыг Ажлын хэсгийн гишүүдэд сануулав.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын хэсгийн хамтарсан хуралдаан өчигдөр болж, 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулахаар ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуралдаан даргалагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасан “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэснийг танилцуулаад дэгийн дагуу санал хураалт явуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ж.Ганбаатар нар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан танилцуулахаар боллоо

Categories
мэдээ улс-төр

Хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг худалдаж авах тогтолцоо бүрдэнэ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 58.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан.

Гишүүдийн асуултын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариулахдаа, үндсэн чиглэлийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах бодлого, олон зорилт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгааг хэллээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барихаар төлөвлөөд байгаа, газрын асуудлыг нь шийдсэн, зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна гэв. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа талаар, энэ хүрээнд боловсруулаад буй хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан эсэхийг тодруулсан Б.Жаргалмаа гишүүний асуултад С.Мөнхсайхан сайд хариулт өгсөн. Зүрх, судасны өвчлөл нь манай хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол удаад нь хорт хавдар, гуравдугаарт гадны шалтгаант нас баралт бичигддэг байна. Гадны шалтгаант нас баралтыг нарийвчлан судлахад нэн тэргүүнд осол гэмтэл, хоёрдугаарт амиа хорлолт байдаг. Энэ мэт судалгаа, мэдээллээс дүгнэхэд нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг Эрүүл мэндийн сайд тайлбарлалаа. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд тусдаа бүтэц байгуулахын оронд аймаг, дүүргийн түвшинд Эрүүл мэндийг дэмжих төв дээр сэтгэлзүйч эмч нар ажилладаг, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бий гэлээ. Түүнчлэн амиа хорлолт дундаа өсвөр насны хүүхдүүдийн асуудал анхаарал татахуйц нөхцөлтэй байгааг онцолж байв. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулиуд дээр чадварлаг сэтгэлзүйч эмч, нийгмийн ажилтнуудыг бэлтгэж ажиллуулах нь нэн чухал гэлээ. Салбарын яамны зүгээс цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэл өгсөн юм. Салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах бодлого баримталж ажиллаж байгаа. Түүнчлэн ЖАЙКА-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан, хоёр жил хэрэгжүүлсэн. Тус байгууллагатай хамтран байгуулсан 4 сургууль ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдэл болж байгаа бөгөөд 10 дугаар сараас ашиглалтад орох юм байна. Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд төслүүдэд энэ талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын цалингийн урамшууллыг 10 хувиар тогтоосон Засгийн газрын тогтоол батлагдсан гэдгийг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийн уялдаа холбоог хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийлээд, их, дээд сургуулийг Дорнод, Орхон-Уул аймаг, Багануур дүүрэгт шилжүүлэх, энэ хүрээнд орон нутагт оюутны хотхон байгуулах ажлыг эхлүүлэх арга хэмжээний хөрөнгийг төслийн III хавсралт буюу хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах саналаа илэрхийлсэн. Орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын байгууллагуудыг түшиглэж, оюутны хотхон байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг салбарын дэд сайд хэлээд, энэ төрлийн ажлын гүйцэтгэл хийгдэхгүй байгаа шалтгаан нь төсөв, хөрөнгийг шийдээгүй байгаагаас үүдэлтэй гэдгийг тайлбарлалаа. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, үндсэн чиглэлийн төсөлд дундаж давхаргыг дэмжих, улмаар өргөжүүлэх асуудлыг тусгасан гэдгийг онцлоод энэ хүрээнд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Үндсэн чиглэлийн төслийн зорилт 3.4-т “Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг бэхжүүлнэ” хэмээн тодорхойлж, энэ хүрээндээ зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн байна, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулсан байна гэж тодорхойлсон нь хэрэгжих бололцоо бий эсэхийг лавлав. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг МСҮТ-ийн үйл ажиллагаатай уялдуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар тодруулж А.Ариунзаяа сайд болон Сангийн сайдаас хариулт авсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ойрын зорилт бол халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих, үүнийг дэмжих, МСҮТ-ийн суралцагчдыг бодлогоор дэмжих ажлуудыг хийхээр судалгаа, тооцооллын ажлаа хийгээд байгаа гэлээ. Төсөлд нийгмийн дундаж давхарыг тэлэх чиглэлээр тодорхой бодлого, олон зорилтууд тусгагдсан байна. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, орон сууцны хангамжийг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, баялагийн шударга хуваарилалтын асуудал, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих замаар өргөжүүлэх зэрэг зорилтууд цогцоороо хэрэгжснээр дундаж давхарыг тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зорилгоор салбарын яам онцгой анхаарч, өнгөрсөн 2019 онд улсын хэмжээнд 8000 гаруй иргэнд 5.1 тэрбум төгрөгийн зээл олгосон гэв. Энэ арга хэмжээг өргөжүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн төсөлд үйлдвэрлэлийн хотхонуудыг байгуулах зорилт туссан бөгөөд энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан судалгаа, төлөвлөлтүүд хийгдээд байгаа гэлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нийслэлийн дагуул хотуудын бүтээн байгуулалттай холбоотой, Ч.Ундрам гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг төсөлд тусгах, Ц.Сандаг-Очир гишүүн их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх, оюутны хотхон байгуулах асуудлын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдэх асуудлыг үндсэн чиглэлд тусгах санал гаргасан юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ц.Сандаг-Очир гишүүн Налайх, Багануур дүүргийн дулааны цахилгааны станцыг шинэчлэх асуудлыг тусгах боломжтой эсэх талаар асууж, Л.Оюун-Эрдэнэ сайдаас хариулт, тайлбар авсан. Үргэлжлүүлэн хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, “Үдийн цай” хөтөлбөрийн төсөв, зардлыг үнийн өсөлттэй уялдуулах, монгол хүний хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоох асуудлыг тусгах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ХУВИЙН БОЛОН УЛСЫН АЛЬ Ч ЭМНЭЛГИЙН ЭМЧИЙН БИЧСЭН ЖОРООР ХҮССЭН ЭМИЙН САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭМ ХУДАЛДАЖ АВАХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн гэв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагалдуулан өргөн мэдүүлжээ. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих юм байна.

Сангийн сайдын танилцуулга болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариул тайлбар авсан юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт реформ хийх зохицуулалтууд төслүүдэд тусгагдсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэсэн. Өндөр хөгжилтэй орнуудын хангалттай орлоготой иргэд эрүүл мэндийн салбараас авч буй үйлчилгээнийхээ зардлын 10-11 хувийг халааснаасаа төлдөг бол манай иргэд 32 хувийг төлдөг талаарх судалгаа, тооцоог олон улсын байгууллагаас гаргасан талаар хэлсэн юм. Түүнчлэн бусад гишүүний дурдсанчлан эрүүл мэндийн зардал нь өрхийн амьжиргаанд хүндрэл болж туссаны улмаас жилд 20 мянга орчим өрх ядууралд өртдөг гэх баримтуудыг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэв. Хуулийн төслүүдээр эдгээрийг өөрчилж, шинэчлэх боломж бүрдэнэ гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Түүнчлэн бүх эмнэлгийг худалдан авалтын нэг тогтолцоонд шилжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг сайжруулах чиглэлээр томоохон өөрчлөлт хийх зохицуулалтууд бий гэв. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагыг Засгийн газрын гишүүдэд хэллээ. Мөн эмийн чанар, үнийн талаарх мэдээллийг хуваалцаж, тодорхой асуултуудыг тавьсан.

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцоо, санхүүжилтийн хэлбэрийг үйлчилгээ авч буй иргэн төдийгүй үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагчдад харилцан ашигтай, зөв байх хувилбараар хөгжүүлэх шаардлагыг салбарын яамнаас санаачлан, Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын гишүүд тайлбарлалаа. Эмийн чанартай холбоотой асуудлаар тайлбар хийхдээ, төслийн нэгжүүдийн хийсэн судалгааны дүнгээр манай улсад худалдаалагдаж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус байгаа талаар дурдагдсан гэв. Түүнчлэн үнийн хувьд 60 орчим хувийн нэмэгдэлтэй байдаг гэх асуудлаар тайлбар, тодруулга өгсөн. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдах бөгөөд ингэснээр чанар, бүтээгдэхүүний хяналтыг нэг сувгаар хийх, үнийг зохист хэмжээнд байлгах, эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэн зохион байгуулалт хийдэг болсноор улсын төсөв хэмнэх, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийг чанартай үйлчилгээг хүргэх боломжтой гэж үзэж байгаа гэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын сан нь улсын болон хувийн эмнэлгийг сонгон гэрээ байгуулж, адил тарифаар санхүүжүүлэх зохицуулалттай болно гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлав. Энэ тохиолдолд улсын эмнэлэгт танил тал хайж, дугаар үүсгэн хүлээдэг байдал буурч, иргэд хүссэн эмнэлгээ сонгон үйлчлүүлдэг боломжтой болох юм байна. Санхүүжилт нь өвчтөнөө дагаж явдаг тогтолцоо руу орох өөрчлөлт хийх төслийг өнөөдөр хэлэлцэж буйг тэрбээр онцолж байв. Эмнэлгүүд чанараар өрсөлдөх, иргэд сонголтоо хийх боломжтой болох юм байна. Урьд нь иргэд өрх, сумын эрүүл мэндийн төв дээр эмийн жор бичүүлж, ЭМДЕГазартай гэрээ байгуулсан эмийн сангаар үйлчлүүлдэг байсан, эмийн сан санхүүжилт дууссан нэрийдлээр чирэгдэл учруулдаг байсныг халж, бүх эмийн сангаас хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй үнээр хүлээлт, чирэгдэлгүй авдаг болох юм байна. Эмнэлгүүд ЭМДСангаас гүйцэтгэлээрээ санхүүжиж эхлэхээр эмнэлгүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, техник хангамжаа сайжруулах шийдвэрүүдийг бие даан гаргах эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог эрүүл болгох ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгааг Ж.Чинбүрэн тэмдэглэсэн.

Боловсролын зээлийн сангийн төсвийн талаар, хорио цээрийн дэглэмийн үеийн хичээл сургуулийн хуваарь, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотойгоор эцэг, эхчүүдэд тулгарах хүндрэл, ачааллыг тооцсон эсэх, тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар С.Чинзориг гишүүн асууж, хариулт авлаа. Боловсролын зээлийн сангийн санхүүжилт 2020 оны төсөвт 76 тэрбум төгрөгөөр батлагдсан ч хэрэгжилтийн явцад цар тахал гарсан. Үүнээс үүдэн 33 тэрбум төгрөг болж буурсан, одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн зарцуулалттай байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэв. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 156 мянган оюутны 13 мянга нь Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт ирүүлсэн гэв. Эдгээрийг шүүж үзээд голч оноо тэргүүтэй бусад шалгуур үзүүлэлтийг хангаж буй хүсэлтүүдийг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа хэдий ч төсвийн тодотголын төсөлд тус сангийн санхүүжилт буурсан гэдгийг хэллээ. Нөгөө талаар, хувийн их, дээд сургуулиуд энэ сангаас зээл авахын тулд оюутнуудынхаа дүнг зохиомлоор өсгөх, танил талын хүрээллээр асуудлаа шийдэх гэсэн сөрөг оролдлогууд гаргаж байгааг мөн дуулгасан. Салбарын яам боловсролын чанар дээр суурилах бодлого баримталж байгаа, цаашид тус санг Хөгжлийн сан болгох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Хичээл, сургуулийг эхлүүлэхтэй холбоотой шийдвэрийг УОК гаргасны хүрээнд салбарын яам холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм байна. Төв суурин газрууд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн горимын дагуу 3 өдөр танхимаар, 2 өдөр цахимаар хичээллэнэ. Тухайлбал, хүн хоорондын зай 1.5-2 метр байх гэх шаардлагын хүрээнд нэг ангид 15-25 хүүхэдттэй хичээллэх зохицуулалт хийгдсэн. Энэхүү өөрчлөлтөөс үүдэн төвийн сургуулиуд нэлээд ачаалалтай байх бөгөөд энэ дэглэм түр хугацаанд үргэлжилнэ хэмээн салбарын яамнаас үзэж, бэлтгэл хангаад байгаа гэв. Сум, орон нутаг, багийн сургуулиуд 5 өдөр танхимын сургалт явуулна. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёр улирлын сургалт цахимаар явсан бөгөөд үүнээс үүдэн хоцрогдол үүссэн гэж холбогдох байгууллагууд үзээд 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улиралд тэдгээрийг танхимаар бататгах, давтах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.

Корона вируст цар тахлын халдвар бүртгэгдсэн улс орнуудаас 56 улс нь танхимын сургалтаа эхлүүлээд байгааг Г.Ганбаяр дэд сайд энэ үеэр дурдсан. Манай улс хосломол байдлаар үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байгаа гэлээ. Түүнчлэн хичээл орох хуваарийн өөрчлөлтөөс үүдэн эцэг, эхчүүдэд хүндрэл үүсэх тул Засгийн газрын түвшинд тэдгээрт цахимаар ажиллах боломжийг олгох, “Цалинтай ээж” хөтөлбөрийг “Цалинтай эцэг, эх” болгон өөрчилж, аль өндөр орлоготой нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонголтыг гэр бүлийн хүрээнд сонгох бололцоог бүрдүүлэх зэрэг саналыг гаргаад байгаа гэлээ. Их, дээд төдийгүй ерөнхий боловсролын хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн нөхцөл байдлыг талаар салбарын яамнаас ямар зохицуулалт хийж байгааг С.Чинзориг гишүүн лавласан. Улсын их, дээд сургуулийн төлбөр нэмэгдээгүй. Харин хувийн их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын төлбөрөө улирал, сараар авах зохицуулалт хийх чиглэлийг салбарын сайдаас өгөөд байгаа аж. Бизнесийн харилцаа, өрсөлдөөн байдаг тул төрөөс хатуу зохицуулалт хийх аргагүй учраас эцэг, эхчүүд сургуультай хийж буй гэрээндээ нарийвчилсан зохицуулалтыг тусгах байдлаар шийдвэрлэх гарц бий гэдгийг Г.Ганбаяр дэд сайд тайлбарласан.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хувийн хэвшлийн сургуулиуд сургалтын төлбөрөө бүтнээр нь авах шаардлага тулгаад байгаа талаарх асуудлыг анхаарч, шийдвэрлүүлэх олон тооны хүсэлт, өргөдөл Нийгмийн бодлогын байнгын хороонд ирээд байгааг мөн дуулгав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбартаа дорвитой шинэчлэл хийх шаардлага бий гэдгийг хэллээ. Манай улсын эрүүл мэндийн нийт зардал ДНБ-ий 4 хувьд хүрдэг, ДЭМБ-аас манайд өгдөг зөвлөмждөө энэ зардлыг 50 хувь нэмэгдүүлж 5-6 хувьд хүргэж байж хүн амаа эрүүл байлгах, аливаа төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээндээ үр дүн гаргана гэж зөвлөдөг гээд зарим улс орны жишээг дурдав. Түүнчлэн бидний тооцооллоор эрүүл мэндийн салбараас үйлчилгээ авч буй иргэн нийт зардлынхаа 32 хувийг, харин ДЭМБ-ын тооцооллоор 40-45 хувийг өөрөө төлдөг байдлыг өөрчилж, 20 хувьд хүргэх нь өрхийг эрүүл мэндийн өвчлөлөөс шалтгаалсан ядууралд өртөхөөс хамгаалах ач холбогдолтой гэв. Манай улс 10 мянган өвчтөнд оногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд дээгүүрт ордог байтал иргэд эрүүл мэндийн салбараас авч буй үйлчилгээндээ сэтгэл дундуур байдаг. Замын ослоос үүдэлтэй нас баралт 100 мянган хүн тутамд 16.5 хувь тохиолдож байгаа нь “харанга дэлдсэн” баримт гэдгийг хэллээ. Шинэ Зеландад энэ үзүүлэлт 5.6 хувь, Англид 3.1 хувь, Солонгос Улс 9.8 хувь байгаа. Энд бэртэл, гэмтлийг тооцоогүй, үүнээс үүдсэн эмнэлэг, эмчилгээ, сувилгаа, эм, хэрэгслийн зардлыг тооцоогүй байгааг дурдаад нийгмийн аюулгүй байдлыг хангах түвшинд уг асуудлыг харж, Засгийн газар олон салбар дамнасан асуудал болох онцлогийг тооцон холбогдох шийдэл, арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлыг анхаарах шаардлагатай гэлээ.

Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдээс хууль, тогтоолын төслүүдтэй холбоотойгоор гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ