Categories
мэдээ нийгэм

​Төр, хувийн хэвшлийнхэн 2020-2024 онуудад хэрхэн түншлэх асуудлаар уулзалт хийлээ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын аюулаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт бодитой хүндрэлүүд үүсэж байгаа нь бизнес эрхлэгчдэд ч хүндээр тусаж байгааг үг хэлсэн бизнесмэнүүд онцолж байлаа. Засгийн газраас энэхүү хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж байгаад талархаж байлаа. Ялангуяа “Ковид-19” вирусын халдвар, тархалтаас сэргиийлэх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх МҮХАҮТ-аас энэ оны нэгдүгээр сараас эхэлж хийсэн судалгаагаар татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд, харилцах дансны хүүг тэглэсэн, Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан зэрэг нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлж чадсан байна. Цаашид банкны зээлийн хүү дэлхийд байхгүй өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдийн нуруунд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид хэлж байв.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес эрхлэгчдэд хамаатай олон чухал асуудал тусгагдаад байгааг Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Зам, тээврийн сайд Л.Халтар нар бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултанд хариулж, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн даван туулах боломжуудыг тайлбарлаж өгсөн.

Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг гоё уриа лоозон байдлаар ярих бус бодитой ажил болгохын төлөө хамтрах, Засгийн газраас гарч буй шийдвэрүүдтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь зөв гэдэгт талууд санал нэгдсэн юм. Төр бүхнийг хийх бус харин МҮХАҮТ, хувийн хэвшлийнхэнтэй зөв хамтарч ажиллавал ойрын жилүүдэд цар тахлаас үүдэж хүндрэх төлөвтэй байгаа эдийн засгаа тэлж, тэрхүү тэлэлтийг иргэдэд өгөөж болгож хүртээх бүрэн боломжтой. Засгийн газар урт хугацааны бодлоготой болж, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хуагцааны төлөвлөлтүүдийг хийж байгаа нь хямралыг боломж болгох бас нэг давуу тал. Төрийн бүх үйлчилгээг цахим болгох ажил ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлов.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар томилогджээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар томилогджээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харъяалагдах Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг тус хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтын дагуу Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн нэрийг дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь Баянзүрх дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд өнгөрсөн парламентын үед МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 67,5% ийн үзүүлэлттэй явагдаж байна

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 8 дугаар сарын 25-ны байдлаар дунджаар 67.5 хувь, санхүүжилт 44.2 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Энэ талаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан салбарын үйлдвэр, ААН, компаниудын ерөнхий инженерүүдийн шуурхай хуралдаан дээр танилцууллаа. Хуралдаанд 43 байгууллага ААН-ийн удирдлага, төлөөлөл, инженерүүд цахимаар оролцож 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийн явц, тулгамдаж буй зүйл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн байна.

Энэ оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварын 1156, хөрөнгө оруулалтын 603, техник зохион байгуулалтын 508, нийт 2267 нэр төрлийн ажил төлөвлөн хийж байна. Шуурхай хуралдаанаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ерөнхий инженерүүдэд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Эрчим хүчний үйлдвэрүүдийн их засвар, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, өвлийн ачаалал эхлэхээс өмнө дуусгах,
  • Ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, тайланг 2 долоо хоног тутамд ЭХЯ-нд ирүүлэх,
  • 2020-2021 оны өвлийн их ачааллын горимын саналаа “ДҮТ” ХХК-тай зөвшилцөж, тус компаниас ирүүлсэн саналыг хянаж, өвлийн их ачааллын горимыг эх үүсвэрүүдэд хийж буй төсөл хөтөлбөрийн ажлын явцтай уялдуулан, зөв оновчтой төлөвлөх;
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн ажлыг яаралтай дуусгаж, өвлийн ачаалал эхлэхээс өмнө залгаж, ашиглалтад оруулах;
  • Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд бэлэн нүүрсний нөөцийг төлөвлөсөн хэмжээнд барьж ажиллах;
  • ДЦС болон дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөцийг баталсан төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх;

Цахилгаан эрчим хүч түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өөрийн эзэмшлийн шугам, дэд станцуудад үзлэг үйлчилгээг хийх, ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлэх, шаардлагын дагуу арга хэмжээг тогтоосон хугацаанд аваагүй бол цахилгаан хангамжийг түтгэлзүүлэхийг үүрэг болгов.

2020-2021 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хүндрэлгүй даван туулахын тулд “ДЦС-4” ТӨХК-ийн турбогенератор 2, 3-ийг шинэчилж 46 МВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн 35 МВт-ын өргөтгөлийн ажлууд болон бусад үйлдвэр, дамжуулах түгээх сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Өвөрхангай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөө өглөө Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тарваган тахлын гэдэсний хэлбэр гэсэн оноштойгоор гурван хүн хэвтсэн. Тухайн гурван хүн нэг гэр бүлийнхэн/ээж хоёр хүүхдийн хамт/ бөгөөд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарваганы мах идсэн гэсэн өгүүлэмжтэй бөөлжиж, суулгах шинж тэмдэгтэй байна.

Эхний ээлжинд хурдавчилсан оношлуураар шинжлэхэд ээжийнх нь шинжилгээнд тарваган тахлын нян илэрсэн.

Иргэддээ тарваганы мах хэрэглэхгүй байх, хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед тарваганы махыг суурин газар руу тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

​Кувейтийн сангаас 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Зүүн бүсийн автозамын төсөлд үзүүлнэ


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд Монгол, Кувейтийн Засгийн газрын хоорондын Комиссын хуралдааныг КОВИД-19 цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдал намжмагц зохион байгуулахаар тохиролцсон байна.

Кувейтийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Тайширын усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 400 гаруй км автозам, Монгол, Кувейтийн судалгааны төв, Баян-Өлгий аймагт баригдсан “Кувейт хотхон” зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн билээ.

Түүнчлэн Кувейтийн тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна. Саяхан Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаад байна.

2020 онд Монгол, Кувейтийн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ спорт

Боксчдын тэмцээнийг 2021 онд болгон хойшлуулав

Азийн боксын холбоо (ASBC)-ны удирдах зөвлөл саяхан онлайнаар хуралдаж Энэтхэг улсад зохион байгуулахаар төлөвлөсөн Азийн АШТ-ийг 2021 онд болгохоор хойшлуулав.

Тэмцээний эрхийг өнгөрөгч хоёрдугаар сард Энэтхэг улсад олгож, оны сүүлчээр явуулах чиглэлийг өгсөн. Коронавируст цар тахлын улмаас спортын олон уралдаан тэмцээнийг цуцалж дараа жилд зохион байгуулахаар болжээ.

Энэтхэгийн боксын холбооны гүйцэтгэх захирал Жай Коули тус тэмцээнийг 2021 онд зохион байгуулах болсныг батлав. Тэрбээр ASBC-гийн удирдах зөвлөлийн хуралд оролцогсдын бүрэлдэхүүнд байсан аж. Азийн боксын АШТ-ийг өмнө нь эрэгтэй, эмэгтэйгээр тусдаа явуулж байгаад 2020 (хойшлоод 2021) оноос эхлэн хамтад нь зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэтхэгт 1980 онд эрэгтэйчүүдийн (Бомбей хотод), 2008 онд эмэгтэйчүүдийн (Гувахати хотод) тэмцээнийг хүлээн авч байжээ.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монгоп Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ.

Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Өнөөгийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаан 13.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно

УИX-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Жижиг сумд нэгдэж нийлэх боломж бүрдвэл орон даяар залуучуудад шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүсэж нөхөн үржихүйн бодлого үр дүнтэй болж, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай та байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Парламентын түүхэнд тань шиг зоригтой дуугардаг гишүүн байсангүй. Ихэнх нь сонгогчдоосоо эмээж энэ талаар огт дуугардаггүй байлаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Байнгын хорооны хурал дээр ирэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр сумд нэгдэж томорвол олон асуудлыг шийдэж болох тухай байр сууриа илэрхийлсэн маань нийгэмд томоохон хэлэлцүүлэг болчихлоо.

Нийгэм, эдийн засгийн асар том сэдэв байсан юм байна. Бүгд мэддэг, ярихыг хүсдэг ч улстөрчид нь айдсаасаа болоод яригдалгүй олон жил явж ирсэн сэдэв аж. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багагүй хөрөнгө оруулалт хийсэн ч сумдад шинээр хэдэн байнгын ажлын байр бий болсон бэ.

Хэлэхийг хүсэхгүй л байгаа болохоос биш үнэндээ бодитоор юу ч бий болоогүй шүү дээ. Төсөв, тендер дагасан түр ажлын байрууд бий болсон тохиолдлууд бий. Үнэндээ сумдад өнөөдөр төсөв дагасан амьдрал л байна.

Эдийн засаг, системийн онолд 1+1 нь хоёроос их болдог тухай SYNERGY гээд ойлголт байдаг. Түүн шиг сумд нэгдэж томорвол олон асуудал шийдэгдэнэ гэж боддог. Энэ үед олон шинэ бизнесийн боломжууд үүсэж, олон мянган шинэ ажлын байрууд гарч ирнэ. Үүгээр дамжиж малчдын орлого ч нэмэгдэнэ.
Миний хамгийн гол хэлэх зүйл бол орон нутагт амьдарч байгаа иргэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй авдаг болж, орон нутагт амьдарч байгаа залуучууд шинэ бизнес эрхэлж, шинэ ажлын байр, шинэ орлогууд бий болгох юм.

Ингэснээр Монгол Улс нийтээрээ хожиж, урагш нэг бүтэн алхана гэж боддог.

-Засаг захиргаа, сумын тухай асуудлыг хөндсөн хүнээс гарцаагүй асуух ёстой асуулт байх. Та сумын амьдралыг хэр сайн мэдэх вэ?

-Би Увс аймгийн Тэс суманд төрж, өсөөд Тэсийнхээ 10 жилийг төгсөөд ажил, амьдралын замд гарсан.

Сумын амьдрал, тэр тусмаа сумын төвийн амьдралыг бусдаас дутуугүй мэднэ. Одоо ч гэсэн аймаг, сумтайгаа байнга харилцаа холбоотой байдаг. Тийм ч учраас сум, орон нутагт байгаа хүмүүс, иргэд малчдыгаа илүү сайхан амьдраасай, илүү орлоготой болоосой гэсэндээ энэ бүхнийг хэлж байгаа юм.

-Ер нь ингэхэд улсын төсвөөс хэр их мөнгө сум, орон нутаг руу явдаг юм бол. Үр өгөөж нь ямархуу байдаг гэж та боддог вэ?

-Сүүлийн арван жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг судлаад үзэхээр нийт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын 60-65 хувь нь орон нутаг руу тавигдсан байдаг.

Яг үнэндээ төсөв, газар нутаг, хүн ам гээд олон талаа бодоод үзвэл энэ бага мөнгө биш. Хамгийн гол нь энэ мөнгө хэр үр дүнтэй зарцуулагдсан бэ. Энэ төсвийн мөнгө орон нутагт ажлын байр бий болохыг огт дэмжихгүй байна. Сумандаа тавтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг ч үүсгэхгүй байна. Ийм учраас залуучууд нь Улаанбаатар хот руу тэмүүлээд байна.

Улаанбаатарт байр, байшингүй хүний шилжүүлгийг бүртгэхгүй гэсэн дүрэм, журмын хүрээнд л сүүлийн жилүүдэд хот руу шилжилт бага байгаа мэтээр харагдаж байгаа ч хаяг нь сумандаа, ажил нь нийслэлд байгаа олон мянган залуучууд байна. Бид ингэж биеэ хуурч, худал тоо ярьж амьдарч байна.

Сумд томорч байж л орлого бий болж, ажлын байрууд үүснэ. Тэр үед л Улаанбаатарын төвлөрөл буурна.

-Төсөв гэснээс УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна?

-Монголын төрийн орлого багасаж, төрийн зарцуулдаг зарлага ихсээд үүнийг хэлэлцэж байна. Эцсийн дүндээ товчхноор бол бид ямар хэмжээний өр нэмэх вэ гэдгийг л хэлэлцэж байна. Төсөв өөрөө том сэдэв. Нэг уулзалтаар олон сэдвээр ярилцаад яах вэ. Тодотголын дараа, эсвэл 2021 оны төсвийн үеэр энэ тухай тухтай ярилцъя.

-Сумдыг томруулж байж эдийн засаг тэлж, бизнес цэцэглэх боломжтой. Сумдыг томруулахад эхний ээлжинд нэгтгэх шаардлагатай юу?

-Тийм ээ, томруулах ёстой. Тэгж байж сумд хөгжинө, төвлөрөл багасна. Аливаа зүйл өөрөө л томрох ёстой. Түүнээс хэн нэгэн очиж нөлөөлөөд, шахаж шаардаад томруулсан, эсвэл хувааж задалсан зүйл дахиад цаашаа явдаггүй. Хэн нэгэн дарга, төр асуудлыг шийддэг үе өнгөрчихсөн.

Монгол Улсын Үндсэн хуулиар ч төрийн бүх эрх иргэдийн гарт гээд тодорхой заачихсан байгаа. Сум орон нутгийг өөрчлөх, нэгтгэх, хуваах эрх зөвхөн иргэдэд байгаа. Сумд өөрсдөө, сумын иргэд хоорондоо хэлэлцэж, ярилцаад иргэд бидэнд үнэхээр ашигтай гэвэл саналаа гаргаад, шийдээд явна.

Харин үр дүнд нь бизнесийн боломжууд бий болж. ажлын байрууд шинээр үүсэж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанарт ч ахиц гарч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж сумын иргэд хожно. Төвлөрөл буурч, Монгол Улс хожих олон асуудал үүний цаана бий.

-Сумд жижиг учраас хөгжихгүй байна гэж та хэллээ. Тэгэхээр сумдыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Сумдад хөгжих боломж, чадал нь өөрсдөд нь бий. Үүнийг нь нээж илрүүлэх л ёстой. Байгальд таталцлын хууль гэж байдаг. Энэ хуулийн үндсэн санаа нь масс ихтэй биет нь масс багатайгаа хүчтэйгээр татдаг. Яг өнөөдөр манай улсад Улаанбаатар гэдэг ганц туйлт таталцлын төв гарчихаад байна. Дангаараа улсын эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг.

Ганц туйлт бодлого урт хугацаандаа тийм үр ашигтай биш. Бусад зүйлд ч гэсэн харагддаг нэг улс орон, нэг байгууллага, нэг хүн давамгайлаад ирэхээр сөрөг зүйлс их гарч эхэлдгийг та бид мэднэ дээ.

Одоогийн засаг захиргааны нэгжүүд их тархай бутархай, татах хүчгүй байгаа учраас л асуудал үүсээд байна. Үүнийг өөрчилж улсаа бүсчлэн хөгжүүлэх, аймаг дотроо ч таталцал ихтэй, том сум суурингуудыг бий болгож байж л иргэд аймаг, сум, орон нутагтаа ажиллаж, амьдарч төвлөрөл буурна шүү дээ. Тэгэхээр миний яриад байгаа зүйлс, санаа бол орон нутгийг эзгүй болгох биш, харин ч эсрэгээрээ улам эзэнтэй болгох тухай л ярих гээд байгаа ухаантай юм.

-Тэгвэл “татах хүч” багатай сумдад нийтлэг ямар дүр зураг харагдах уу?

-Аймгийн төвтэй хэт ойрхон сумдад асуудал анзаарагддаг. Дээр ярьсан таталцлын хуульд зай холдох тусмаа таталцлын хүч нь буурдаг гэсэн өөр нэг дүгнэлт бий. Түүн шиг ер нь сумдын хувьд аймгийн төвөөсөө, хот суурингаасаа алслагдсан байх тусмаа харьцангуй том болж, өөрөө өөрөөрөө бие даан амьдрах боломж нь нэмэгддэг юм шиг харагддаг.

Харин эсрэгээрээ аймгийн төв, хот сууринтай ойрхон, зэргэлдээ шахуу болоод ирэхээрээ зам харилцааг дагаад иргэд нь аймгийн төвдөө амьдардаг, эдийн засаг, мөнгө, орлого нь аймаг руу урссан шинж тэмдгүүд анзаарагддаг.

-Чуулганы хуралдаан, Байнгын хорооны хуралд гишүүд олон ч “хурц” асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Гэтэл таны энэ байр суурь олны анхаарлыг гойд татчихлаа. Ямар өнцөг нь, юу ингэтлээ нөлөөлчихлөө гэж харж байна?

-Байнгын хорооны үеэр хэлсэн үгэнд бараг дурдаагүй шахуу боловч энэ сэдвийг олны анхааралд аваачихад нөлөөлсөн асуудал нь цус ойртолтын асуудал юм шиг байгаа юм. Энэ бол том сэдэв. Үүн дээр орон нутгийн сонгууль ойртсон улстөржилт нэмэгдээд их хүч өгчихлөө гэж харж байна.

Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд бусдаас илүү ухаантай, эрүүл, сэргэлэн цовоо байж л хэдэн зуун улс үндэстнийг өрсөлдөөнд ялах нь дамжиггүй. Иймд энэ асуудлыг холбогдох хүмүүс нь нарийвчлан судалж, мэдээллийг олон нийтэд өгөх хэрэгтэй байх. УИХ-ын гишүүн хүн энэ бүс нутагт цус ойртолт их бага байдаг гээд өөрт байгаа албан бус мэдээллийн талаар яриад суух нь зохимжгүй.

Хүн ам олонтой, газар нутаг жижиг, нягтрал ихтэй учраас Увс аймагт цус ойртолт хамгийн бага байдаг гэж харин сонссон. Энэ ярьсан яриа бол Монгол Улсын үндэстний эрх ашгийн төлөө хэлсэн үг болохоос биш, Увс аймгийн сонгогчдод харин ч хамаарал багатай асуудал.

-Сумдыг татан буулгах тухай ярьсан мэтээр иргэд ташаа ойлгоод байгаа. Үүн дээр тайлбар өгөх үү?

-Сошиалд зарим нөхдүүд зохион байгуулалттайгаар төвлөрүүлэх гэж байна, сумдыг татан буулгах гэж байна гэсэн мэдээллийг их явуулж байна лээ.

Харин ч эсрэгээрээ миний ярьж буй энэ бодлого бол төвлөрлийг сааруулъя, сум орон нутагт залуучууд олноор суурьших боломжийг бий болгоё, улс төрөөс хамааралгүйгээр бизнесээ хийдэг, амьдралаа аваад явдаг боломжийг сум, орон нутаг бий болгоё, бүсчлэн хөгжье гэсэн санаачилга юм.

Унаа машин элбэг, хурдан болчихсон XXI зуунд бид илүү том нутгийг хамарч, томоор сэтгэж, томоор харж, цаг хугацааг товчилж амьдрах нь хамгийн чухал зүйл.

-Ядах нь ээ л 1,000 орчим хүн амтай 3-5 сумдыг нэгтгэвэл хүн амын тоо нэмэгдэж, төсөв ч нэгдэнэ. Зах зээл тэлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого ч нэмэгдэнэ биз дээ…

Сумд жижиг учраас тэнд зөвхөн төрийн байгууллагууд л ажилладаг. Тийм учраас төрийн албанд орохын тулд улс төрийн өндөр шалгууртай болж улстөржилтийг ихэсгэчихдэг. Улстөржилтийг багасгах, намчирхлыг багасгах, намгүйгээр амьдарч, намгүйгээр бизнес хийж чаддаг хүний тоо нэмэгдэх гээд маш олон асуултын хариулт бас энд бий гэж боддог.

Дахин хэлэхэд сумууд нэгдэнэ гэдэг бол иргэд мэдэх асуудал, түүнээс биш хэн нэгэн эрхтэн дархтан шийддэг зүйл огт биш. Бид чинь Монгол Улсын Үндсэн хуулийн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заагаад төр засгаа иргэдийнхээ сонголтоор байгуулдаг ардчилсан улс шүү дээ.

-Сумандаа сайхан амьдрах боломжуудыг эрэлхийлж олон ажил хийхээр төлөвлөж байгаа, удахгүй эхний ажлаа эхэлнэ гэж та мөн хэлж байсан. Жишээ дурдахгүй юу. Ямар боломж бололцоог олж харсан бэ?

-Увс аймгийн сонгогчид намайг “дөрвөн жил суудлын бөглөөс болж, дуугүй сууж байгаад ирээрэй”, “өөрт ашиггүй бол амиа бодоод дуугүй сууж байгаад ирээрэй” гэж сонгож явуулаагүй байх. Харин ч орон нутагт ажлын байр бий болгоорой, орлого нэмэгдүүлээрэй, залуучуудад илүү боломж олгоорой гэж итгэл найдвар хүлээлгэсэн гэж ойлгодог.

Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө олон санал, санаачилга гарган ажиллах болно. Энэ хүрээнд ч ажлууд хийгдэнэ. Ийм учраас эдийн засгийн харилцаагаа шинээр авч үзье гээд “Шинэ Эдийн Засаг” томьёоллын хүрээнд ажиллахаар төлөвлөөд эхний санал, санаачилгуудаа гаргаад явж байна.

Тойрогтоо хандаж аймгийнхаа эдийн засгийн харилцааг шинээр авч үзэж, ажлын байр, орлогын өсөлтийг гаргах санаачилгаа “Шинэ Эдийн Засаг-Увс” гэсэн нэртэйгээр хийхээр төлөвлөөд явж байна.

-Иргэд хөгждөггүй, ажлын байргүй газар амьдраад байхыг хүсэхгүй. Тэр тусмаа өнөө үед. Таны байнгын хороонд хэлсэн үгийг олон иргэд дуу нэгтэй дэмжиж байна. Энэ асуудлаар таныг цаашид ч дуугарах байх гэх хүлээлт анзаарагдлаа?

-Увсчуудын амьдралд дэм болох, Монголын хөгжилд тус болох зүйлс байх юм бол дахиад сонгогдохгүй байх хамаагүй өөрийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлнэ. Иргэдийн маань сайхан амьдрал, орлогын өсөлт, гэрэлт ирээдүй миний УИХ-ын гишүүний суудлаас хэд дахин үнэтэй гэж итгэдэг.

Тийм учраас иргэдийн амьдрал, эх орны ирээдүйд хэрэгтэй боловч улстөрчид нь дахиад сонгогдохгүй байх вий гэсэн айдсаасаа болоод “амаа үдэж” явдаг асуудлуудаас хойш суух эрх надад байхгүй.

-АН засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэх үеэр тав хоногийн завсарлага авсан. Ямар шалтгаанаар завсарлага авах болов?

-АН энэ хууль дээр завсарлага авсан. Энэ хууль өөрөө дээрх бүх асуудлуудыг багтаасан, иргэдийн амьдралыг дэмжсэн асар олон заалт орж болох цогц хууль.

Гэтэл одоо орж ирж буй төсөл зөвхөн Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилох буюу сонгогчдын эрхэнд нөлөө үзүүлэх боломжийг нээж өгөхийн төлөө явцуу байдлаар томьёологдон ирж буй тул АН-ын бүлэг ээлжит бусаар яаран сандран батлах биш ээлжит чуулганаар илүү судалгаатай, тулхтайгаар ярилцах ёстой гэж үзсэн.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: 490 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт 490 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Нийт хийсэн шинжилгээнд наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, Гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн, сувиллын ажиглалтад байга 3 хүн, наймдугаар сарын 6-нд Дели-Улаанбаатар чиглэлээр ирсэн 187 хүний давтан, тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан, тандалтын таван хүний анхны сорьц багтаж байна.

Монгол улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 300 болсноос эдгэрсэн 289 байна. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д 11 хүн эмчлэгдэж байгаагаас 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 30 хүн тандалтад байна.

2020 оны нэгдүгээр сараас хойш 20128 хүнд давхардсан тоогоор 50 мянга гаруй шинжилгээг хийж тандалт явуулсан.