Categories
мэдээ нийгэм

Шалгуулагчид бичиг баримтаа бүрэн авчирж, цагаа баримтлах шаардлагатай байна

Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын талаар мэдээлэл хийлээ. 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлээр эхэллээ. Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 30,902 шалгуулагч бүртгүүлжээ.

Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жилийн хувьд нийтдээ ЭЕШ-ын улсын хэмжээнд 85 шалгалтын байранд зохион байгуулж байгаа. Үүнээс хөдөө орон нутагт 42 шалгалтын байр, Улаанбаатар хотод 43 шалгалтын байранд зохион байгуулж байна. Шалгалтыг бид энэ жил улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай хогбогдуулаад Улсын онцгой комисс, Эүүл мэндийн яамнаас гаргаж буй заавар зөвлөмжийн дагуу шалгуулагчдийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх, халдваргүйжүүлэлт ариутгалыг өндөр түвшинд хийх зэрэг зохион байгуулалтын дагуу явагдаж байна. Мөн шалгуулагчдыг шалгалтын байрны гадаа бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс шалгалтын байран дээр ирэх хуваарийг шалгуулагчид тус бүрээр нь цаг минутыг тодорхой зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл 14 цагт эхлэх шалгалтыг тухайн шалгуулагч 13 цаг 05 минут гэхэд шалгалтын байрныхаа гадаа ирсэн байх ёстой гэдэг байдлаар зохицуулж өгөөд түүнийхээ дагуу шалгалтандаа орох процесс явагдаж байна. ЭЕШ-ийг зохион байгуулах журам дээр шалгалтын байранд шалгалтын үеэр авч орохыг хориглосон, хэрэглэж болохгүй зүйлийн жагсаалтыг тодорхой зааж өгсөн байдаг. Жишээлбэл: гар утас, тооны машин, ухаалаг цаг, томъёоны хураангцуй зэрэг эдгээр зүйлсийг авч орохыг хориглоно. Хэрвээ аваад ирсэн тохиолдолд шалгалтын байр болгоны гадна тусгайлан хурааж авах комиссын гишүүд томилогдоод хаягжуулаад, тусгай саванд битүүмжлэн авч үлдэж байна. Шалгалтын байранд байж болохгүй зүйлсийг оруулахгүй үүднээс л энэхүү зохицуулалтыг хийж байна. Дараа дараагийн шалгалтанд ирэхдээ эдгээр хориглосон зүйлсийг аль болох авч ирэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд ЭЕШ-ыг хамгийн ихдээ 50 байранд зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд хөл хориотой холбогдуулаад нэг шалгалтын байранд оногдох хүүхдийн тоог багасгасан. Өөрөөр хэлбэл нэг шалгалтын байранд хамгийн олондоо 300 хүртэлх хүүхдийг оруулж байна. Нэг анги танхимд 1.5-2 метрийн зайтай 10 хүүхэд суухаар зохицуулалт хуваарилалтийг хийсэн. Шалгалтын дүнг ЭЕШ-ын журамд зааснаар өнгөрсөн жилээс эхлээд Боловсролын үнэлгээний төвөөс шилэн технологийг шууд хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулаад энэ жил мөн адил шалгалт дууссан даруй бүрд шалгалтын дүн, оноог гаргах ажиллагааг онлайнаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл шалгуулагч шалгалтаа өгөөд анги тэнхимээс журамд заасны дагуу шалгалтын байраа орхин гаран явна. Харин гарсны дараа live.eec.mn гэсэн сайтаар ороод өөрийн шалгалт өгсөн байр, хичээлээ сонгон харах боломжтой. Энэхүү сайтан дээр нийт 85 шалгалтын байрны лайв зэрэг шууд явагдана. 10-20 минутад харах бүрэн боломжтой. Ганц шалгуулагч гэлтгүй эцэг эх, багшнар харах боломжтой.Мөн лайв нь хадгалагдаад үлдэх учираас тухайн үедээ үзэж амжаагүй бол дараа нь ч гэсэн үзэх боломжтой. Нийтлэг гаргадаг алдаа бол бичиг баримтын бүрдүүлэлт, цагийн хоцрогдол байна.” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт

Харваачид харвахаас бусад үед амны хаалт зүүнэ

Сурын харвааг зохион байгуулахад дагаж мөрдөх журам батлагдаж харваачдын бүртгэл эхэлсэн. Уг журамд харваачид босоон дээр босож харвахаас бусад үед амны хаалт зүүсэн байх ба зурхай дээр ажиллахдаа өмсөх бээлийтэй байх ёстой гэж заасан аж. Мөн салбар хороо, баг, клуб тус бүр өөрсдийн халуун хэмжигчтэй байх ба асуумж, анкет бөглөх юм. Энэ удаагийн Үндэсний сурын харваанд нийт 640 харваач оролцохоос эрэгтэй 400, эмэгтэй 240 байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш нөөцлөх хувьдаа агуулах савтай иргэд, ААН-үүдийг хамтарч ажиллахыг уриалав

Өнөөдөр нийслэлийн холбогдох байгууллагууд мэдээлэл хийх үеэр “Тавантолгой түлш” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Батсуурь өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Үйлдвэрийн ажил хэвийн явагдаж, сайжруулсан түлшээ үйлдвэрлэн тодорхой хэмжээгээр нөөцөлж байна. Тэр дундаа Зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа. “Тавантолгой түлш” ХК өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшний тоо хэмжээнээс илүүг энэ жил нөөцлөхөөр бэлтгэлээ хангаад явж байна. Нэг тулгарч байгаа бэрхшээл нь түлш нөөцлөх сав, агуулахын асуудал үүссэн. Иймд иргэд ААН-үүдийг зуны хоёр сард боломж бололцоо, агуулах савныхаа хэмжээгээр сайжруулсан түлшээ нөөцөлж авахыг уриалж байна. ААН-үүд намар түлшээ авна гэж иргэдтэйгээ уралдаж байхаар эрт авчихвал аль аль талдаа хэрэгтэй. Мөн хувьдаа агуулах савтай иргэд, ААН байвал “Тавантолгой түлш” ХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт хандаж, хамтарч ажиллан агуулах, саваа түрээслэхийг уриалж байна” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчооны эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг өчигдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

Шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга О.Энхзаяа мэдээлэл өглөө.

Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга О.Энхзаяа: Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаа ба 2,458 хүн тусгаарлалтад байгаа. Нийслэлийн онцгой комиссын даргын 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, НЭМГ-ын ажилчид 24 цагаар жижүүрлэн үйл ажиллагааг гүйцэтгэж ирсэн билээ. Тэгвэл Нийслэлийн онцгой комиссын зургаадугаар сарын 30-ны хурлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж байсан эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоосон” гэв.

2020 оны хоёрдугаар сарын 7-ноос зургаадугаар сарын 30-ныг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 4,021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн тус хугацаанд найман товчоогоор нийт 2,429 828 тээврийн хэрэгсэл орж гарсан бол 7,496,641 зорчигч Улаанбаатар хотоор орж гарч хяналт тандалтад хамрагдсан байна. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц техникийн шалтгаанаар Бээжинд газарджээ

МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийсэн болохыг мэдээллээ. Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаар өвчилсөн иргэдийн хамгийн ойрын хавьтал 46 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

Өнөөдөр эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төв/ЗӨСҮТ/-ийн захирал Н.Цогбадрах мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ЗӨСҮТ зургаадугаар сард 38 удаагийн дуудлагаар үйлчилж, тусгай үүргийн 11 онгоцны 2,500 зорчигчийн гар тээш, ачаа болон 89 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Өнөөдөр тусгай үүргийн гурван онгоц ирж байгаа дээр манай гурван баг ажиллаж байна. Өчигдөр Замын-Үүд рүү манай авто лаборатори явсан. Урьдчилсан байдлаар тэнд 400-500 сорьцод шинжилгээ хийхээр төлөвлөж байна.Мөн Ховд аймагт тарваган тахлын халдвар гараад байгаа. Зургаадугаар сарын 23-ны өдөр тарвага агнасантай холбоотойгоор хоёр хүн халдвар авсан. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд Ховд аймгийн БОЭТ болон Цэцэг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор нэгдүгээр хавьтал 147, хоёрдугаар хавьтал 504 хүнийг тандалт судлагааны үр дүнд илрүүлэн, нэгдүгээр хавьтлуудыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Нэгдүгээр хавьтлуудаас хамгийн ойрын хавьтал болох эмнэлгийн тусламж үзүүлсэн, оношилсон, дуудлаганд очсон гэх мэт 46 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Өвчтөний цэр, шээс, булчирхай, шүлснээс авсан шинжилгээгээр тарваган тахлын булчирхай, уушгины хэлбэрээр өвчилсөн нь бүрэн тогтоогдсон. ЗӨСҮТ-өөс баг очин ажиллаж байгаа бөгөөд хөл хорионы дэглэмийг хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байна. Өнөөдөр Ховд аймагт 900 гаруй хүүхэд ЭЕШ өгч байгаа бөгөөд 22 хүүхэд Цэцэг сумаас ирж шалгалт өгч байна. Тэдгээр хүүхдүүдийг халдвар хамгааллын хатуу хяналтан дор шалгалт өгүүлж байгаа. Тарваган тахлын халдвар гарахад цаг хугацаа алдах, эсвэл эмчилгээний тактик буруу бол нас баралт 100 хувь хүртэл байдаг аюултай өвчин. Эмчилгээг харьцангуй эрт эхэлсэн, тактик зөв байгаа учраас өвчтөнүүдийн бие хүнд байгаа ч тогтворжих хандлагатай байна” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Прага хотын оршин суугчид 500 метрийн урттай баярын ширээ засаж, хөл хорио дууссанаа тэмдэглэжээ

Өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн Чех улс амны хаалт заавал зүүх шаардлагаа цуцалж, ресторан, баарнуудаа нээжээ. Коронавирусийн тархалт буурсан тул зүүн хойд Моравиа-Силезээс бусад бүх газар нутагт хорио цээрийн дэглэмийг сулруyлах арга хэмжээ авсан байна.

Чехийн нийслэл Прага хотын 2,000 орчим иргэн 600 жилийн түүхтэй Карлын гүүрэн дээр500 метрийн урттай баярын ширээ засаж, хөл хорио дууссанаа тэмдэглэжээ. Ширээгээ амттай хоол хүнс, уламжлалт ундаагаар дүүргэж, цэцгээр чимэглэсэн бөгөөд хүмүүс үүр цайтал ууж идэцгээжээ.

Прага дахь энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Ondrej Kobza “Бид коронавирусын хямралыг эцэслэж буй хүмүүстэй уулзаж, бусадтай уулзахаасаа айхаа больсон гэдгээ тэмдэглэхийг хүссэн. Хүн бүр энд байхын тулд ямар нэгэн зүйл хийх, хоол хүнс эсвэл цэцэг авчрах хэрэгтэй байв. Хүн бүр оролцох ёстой гэсэн санаа байсан.” хэмээн Agence France-Presse агентлагт мэдэгджээ.

Сүүлийн долоон өдөр дараалан Прага хотод 100,000 оршин суугч тутамд ноогдох халдварын тохиолдол тав дотор байсан нь ингэж тэмдэглэх бас нэг шалтгаан болжээ. Гэхдээ тахал өвчин дуусаагүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа бөгөөд Чех улс олон гадаадын иргэдийг хил давахыг хориглосон хэвээр байгаа аж. Коронавирусийн цар тахлын үеэр 10 сая орчим хүн амтай Чех улсад халдварын 11,954 тохиолдол бүртгэгдэж, 349 хүн нас барсан юм.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-02-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг сонгож, тогтоол баталлаа

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр сонгогдов.

УИХ-ын гишүүн Н.Энхболд өмнөх парламентад тус дэд хороонд ажиллаж байсан бөгөөд олонх, цөөнх гэлгүй асуудалд бодитой ханддаг болохыг хэлсэн юм. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр хэд хэдэн гишүүн цагдан хорионд байгаа, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудалд тус дэд хороо хэрхэн ажиллах хийгээд яаралтай анхаарахыг хүссэн юм.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ Монгол Улсын түүхийн хичээлээр эхэллээ

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг ЭЕШ өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэллээ. УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгсөн байгаа. Шалгуулагчдыг шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т заагдсан цагаас хоцрохгүй ирэхийг сануулж байна.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

2. Суудлын хуваарь;

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/;

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

1. Шалгалтын байранд ирэх цагийн хуваарийн дагуу ирж, суудлын хуваарьт бичигдсэн нэвтрэх хэсгээр нэвтэрнэ. Анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурьдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

2. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.