Categories
мэдээ нийгэм

ОМ7229 нислэг Улаанбаатарт 20:50 цагт буух бололтой

МИАТ АНУ руу шууд нислэг үйлдэнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг авчрахаар ОМ7229 дугаартай нислэг Бээжин хотын Capital олон улсын нисэх буудалд 17:19 цагт газарджээ. Зорчигчдыг онгоцноос онгоцонд шилжүүлэн суулгах ажил үргэлжилж байгаа бөгөөд тус нислэг Улаанбаатарт 20:50 цагт буух бололтой. Уг онгоцоор жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27, нийт 164 хүн ирэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн парк өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ

УОК-ын шийдвэрийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамрагдсан, аюулгүй байдлыг хангасан зарим үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гаргасны дагуу өнөөдрөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркын үйл ажиллагаагаа нээгээд байна.

Өмнө нь номын сан, музейн үйл ажиллагааг нээж, паб, ресторануудыг 00.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл олгосон юм. Мөн кино театрын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой эсэх талаар холбогдох байгууллагууд судалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-аас ирж байгаа иргэдээс коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ

БНХАУ-аас эх орондоо ирэх
хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан
авах үйл ажиллагаа хийгдэж байна. Эдгээр иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш халуунтай коронавирус халдварын сэжигтэй хоёр тохиолдлыг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно

Гарааны компани, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Creative Retail Store” төслийн албан ёсны нээлт маргааш болох гэж байна.

“Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” ТББ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй уг төсөл нь гарааны компани, үйлдвэрлэгч нарыг худалдаа, үйлчилгээ явуулах ээлтэй, уян хатан нөхцөлөөр хангаж, олон улсын стандартад нийцсэн томоохон төвд түрээсийн төлбөргүй орон зай санал болгож буйгаараа онцлог юм.

Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс өсөх ирээдүйтэй, үндэсний үйлдвэрлэгч гарааны компаниудыг төсөлд хамруулж, бизнест нь бодит дэмжлэг үзүүлэх зорилго тавьж буй бөгөөд дээрх шалгуурын хүрээнд 12 компани шалгарсан байна.

Тодруулбал, гарааны бизнес эрхлэгч “Моду Лабс” ХХК, “Эгүлэн Пос” ХХК, “Ээлтэй ертөнц” ТББ, “Одь Тан” ХХК, “Амин чанар уураг” ХХК, “Лансэрс” ХХК, “Гөү Прогресс” ХХК, “Монком мэйд”, “GeekMonkey”, “Мон-Чик” урлан, “Go Grand” тавилга, “Баян хийц” ЗБН нь төслийн ашиг шимийг хүртэхээр болжээ.

Төсөлд оролцсоноор старт-ап, гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр ур чадвар, мэдлэг нэмэгдүүлэх сургалт, семинарт хамрагдах, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах, таниулах үйл ажиллагааг хамтран явуулах, Монголдоо төдийгүй олон улсад гарч үйл ажиллагаагаа явуулах боломжуудыг нээх зэрэг давуу талтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.

“Creative Retail Store” төслийн нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу 7 дугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагаас Зайсан Хилл цогцолборын 4 дүгээр давхарт болно.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэгт тоглуулахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Туул, Тэрэлж голын усны түвшин нэмэгдэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/800 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тэрэлж, Хэрлэн, Туул, Баянзүрхийн гүүр, Төмөрзамын гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголийн гүүр зэрэг маршрутаар нийслэлийн аврах анги өдөр бүр 94 нэгж техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт завьт эргүүл болон явганаар үүрэг гүйцэтгэж, иргэдийг голын усанд өртөхөөс авран хамгаалж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ.

4.021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Долоодугаар сарын 1-ний байдлаар дэлхийн хэмжээнд 10.563.221 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралт 513.032 бүртгэгдэж, 5 сая гаруй тохиолдол бүрэн эдгэрсэн дүн мэдээ байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсын хувьд мөн сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаа бол 2.458 хүн тусгаарлалтад бий. Нийслэлийн Онцгой комиссын даргын 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж ирлээ. 2020 оны хоёрдугаар сарын 7-ноос зургаадугаар сарын 30-ныг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 4.021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ” гэсэн мэдээллийг өгөв.

“Хаврын хуурайшилт зургаадугаар сарын 10-нд дууссан. Сүүлийн үед хур бороо ихтэй байгаа тул тогтоол ус, цүнхээл ус их тогтож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршилд эрсдэл байх магадлалтай тул тус газруудад анхааруулга мэдээлэл бүхий самбар байршуулсан. Иргэд аялал зугаалгаар явахдаа хүүхдээ усанд осолдох эрсдэлээс хамгаалах, анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй. Мөн тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор зуслангийн ойролцоо газраас 30 тарвагыг иргэд суурьшдаггүй бүс рүү шилжүүлэн суурьшуулсан. Нийслэлд 116 мянган га ойн сан байдаг. Үүний 95 мянган га нь ойгоор бүрхэгдсэн. Эл газруудад хуурайшилт их байна. Энэ жил самар ургадаг жил. Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 17 хувьд самар ургах боломжтой. Самрыг бүрэн боловсорсон үед нь түүхийг анхааруулж байна. Ойн сан бүхий газарт хууль бусаар газар олгож байна. Иргэд зуслангийн газар авахдаа нийслэлийн Байгаль орчны газарт хандаж, газраа шалгуулах боломжтой” гэж НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа мэдээлсэн юм.

Шахмал түлшийг зуны хоёр сард бүх боломжоороо нөөцлөхийг иргэд, ААН-үүдэд уриалав

“Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь “Тавантолгой түлш компани үйлдвэрийн засвараа хийж, түлшний нөөцөө хангаж эхэлсэн. Мөн зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Энэ жил өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшнээс хамаагүй илүү түлшийг нөөцлөхөөр зорьж бэлтгэл ажлаа хангаж байна. Түлш нөөцлөх агуулах хүрэлцэхгүй хүндрэлтэй асуудал байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд зуны хоёр сард багтан өөрсдийн боломжоороо түлшээ нөөцөлж авахыг уриалж байна. Бидэнтэй гэрээтэй ажилладаг газрууд гэрээний дагуу сайжруулсан түлшээ нөөцлөх хэрэгтэй. Мөн “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж, иргэн, аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахаа түрээслэх боломжтой” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдлийн мэдээллийн сан” цахим хуудасны эхний шатны хөгжүүлэлтийг хийжээ

ОБЕГ-аас “Гамшгийн эрсдлийн мэдээллийн сан” цахим хуудасны эхний шатны хөгжүүлэлтийг хийлээ.

Энэхүү цахим хуудаснаас засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, аймаг, нийслэл, хороо, дүүрэг сумдад хийсэн гамшгийн эрсдлийн ерөнхий үнэлгээ, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хийсэн эрсдлийн нарийвчилсан үнэлгээг харах боломжтой.

Мөн Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 хуулийн этгээдийн мэдээлэл, хийгдсэн үнэлгээ, гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө, стратеги, тэдгээрийн хэрэгжилт зэргийг багтаасан юм.

Түүнчлэн гамшгийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гүйцэтгэсэн гамшгийн эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолын дагуу гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг цахим болгож, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглахаас гадна гамшгийн төрөл бүрээр эрсдлийн ерөнхий үнэлгээг цахимаар гүйцэтгэх боломжтой болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг буруу тээвэрлэж, хурд хэтрүүлсэн жолоочийн эрхийг 6 сараар хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ

Хүүхдийг буруу тээвэрлэн хурд хэтрүүлсэн жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 29-ний өдөр Toyota Alphard маркийн автомашин хурд хэтрүүлж, хүүхдийг буруу тээвэрлэсэн зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан.

Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очир “Тухайн өдөр 12:10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жолооч М-ийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг иргэд цахимаар мэдээлсэн.

Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, Toyota Alphard маркийн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар арга хэмжээ тооцсон.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн ослын улмаас нийт 182 хүн амь насаа алдсан. Үүнээс 82 нь хурд хэтрүүлсний улмаас осолдсон харамсалтай тоо баримт бий.

Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна” гэсэн юм.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32-т зааснаар: Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй /50,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
Categories
мэдээ улс-төр

30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улсын хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа.

Харин “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийн 26.4 сая ам.доллар, болон “Хоёрдогч хотуудын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд АХБ-ыг төлөөлж Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар тус тус гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Японы Элчин Сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюүки болон холбогдох яамдын төлөөллүүд оролцсон юм.

“Эдийн Засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн хувьд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх болон худалдааны өртгийг бууруулахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм” хэмээн АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Раманчандран онцоллоо.

Энэхүү төслийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх бөгөөд ингэхдээ чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг шинээр барих, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах болон чөлөөт бүсийн оновчтой менежментийг нэвтрүүлэх юм.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын Шадар сайдын хариуцдаг нэг чухал асуудал бол чөлөөт бүс байдаг. Хууль нь 23 жилийн өмнө батлагдсан боловч чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил жил дамнаж удаашралтай байж ирсэн. 2017 оны 10-р сард миний бие Шадар сайдаар ажиллаж эхэлсэн эхний өдрөөс эхлэн чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг урагшлуулахыг зорьсон.

Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрш хоёр оронтой хийх эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн бусад улс орнуудын зах зээлд эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чөлөөт бүсүүд чухал ач холбогдолтойг чухалчилж ажиллах шаардлагатай байна.

Тэр дундаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна.

Иймд Дорноговь аймаг дахь Замын-Үүд чөлөөт бүсийг нээх асуудлыг онцгойлон анхаарч, АХБ-тай хамтран ийнхүү “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төсөл” хэрэгжүүлэхээр тохирч, төслийн үйл ажиллагаа эхэлж байгаад сэтгэл хангалуун байна” хэмээн онцолсон юм
гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван сая монголчуудын итгэлийг дааж ажиллахыг Ерөнхий сайдад захив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.

Мөн эдийн засгийн байдал хүндэрсэн, хэцүү цаг үед Ерөнхий сайдаар томилогдож байгаа гээд, гурван сая монголчуудын итгэлийг дааж ажиллахыг захилаа.

Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

АНУ-аас палеонтологийн олдворуудыг эргүүлэн авчирлаа

Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж, Америкийн Нэгдсэн улсад хураагдаад байсан Монгол улсын өв болох Протоцератопс, Тарбозавр батаар, Гобихадрос үлэг гүрвэлүүдийн бүлэгт хамаарагдах олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Монголын талаас Монгол Улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, Америкийн Нэгдсэн улсын талаас Дотоодын аюулгүй байдлын яамыг төлөөлж ноён Роберт Бартоло 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан юм. Гэрээ хүчин төгөлдөр болж Монгол улсын өв болох дээр дурдсан үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь Монгол Улсын Засгийн газарт шилжсэн, АНУ-д суугаа Элчин Сайдын яам олдворуудыг Монгол улсад аюулгүй тээвэрлэж хүргүүлэх ажлыг хариуцан 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ОМ – 7802/23 нислэгээр зохион байгуулсан.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52.7 дахь заалт, Засгийн газрын 2019 оны “Соёлын биет бус өвийг эргүүлэн авчрах тухай” 2019 оны 141 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Ажил зохион байгуулах тухай” 2019 оны А/243 тоот тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/35 тоот тушаал батлагдан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт уг палеонтологийн олдворуудыг хүлээн авч Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлэх ажил зохих хууль, дүрэм, журмын дагуу хийгдлээ. Хууль тогтоомжид зааснаар хүлээлцэн авахад байлцах төрийн захиргааны хүчний байгууллагын ажилтан, албан тушаалтнууд байлцлаа.
Ийнхүү Дэлхийн шим ертөнцийн түүхийн бодит, эх баримт болох ховор олдвор цуглуулгыг эх нутагт нь авчирч, Монгол улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг баяжигдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.
Хууль бус малтлагын золиос болсон эдгээр олдвор нь хэзээ, хаанаас, газрын гадаргын ямар үе давхаргаас олдсон зэрэг эртний шим судлалын хамгийн чухал анхан шатны суурь мэдээлэл нь алдагдсан тул судалгаа шинжилгээгээр тэдгээрийг нь тогтоож, олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулснаар шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулах боломжтой.