Categories
мэдээ нийгэм

Шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг шийдвэрлэлээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, алба хаагчидтай уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.

Шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг шийдвэрлэлээ

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болгосон юм.


Мөн тэрээр Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид ус тээвэрлэгч автомашин, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт уулнаас эрэн хайх, аврах сургалтын төвийн байрны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойргийг энэ амралтын өдрүүдэд хаана

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор тодорхой хугацаанд зам хаах талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлэл хийлээ.

Энэ амралтын өдрүүдэд зам засварын томоохон ажлыг хийх учраас Баянбүрдийн тойргийн замыг хэсэгчлэн хааж засвар хийнэ. Өнөө орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл зам хааж, амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварыг нийтэд нь дуусгана. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна гэлээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-аас 157 иргэнийг татан авлаа

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссоос БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг долдугаар сарын 02-нд татан авлаа. Дээрх ажлыг улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан бөгөөд тэдний халууныг хэмжиж тусгаарлах байранд байрлууллаа. Халуурсан байдалтай сэжигтэй хоёр тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн хэмээн сумын Онцгой комиссоос мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайдын болон МХЕГ-ын даргын холбогдох тушаалын дагуу мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Мөн зорчигчдоос эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдал


09.00 цагт Нийслэлээс баруун аймгууд руу явах зам дагуу 52 дахь клометрт “Яараад яахав-2” арга хэмжээний нээлт болно.

09.00 цагт “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт НОБГ-аас гал унтраах сургуулилт зохион байгуулна.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

14.00 цагт Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсон талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн нийтийн өмчийг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эзэмшүүлж болох заалтыг яаралтай өөрчлөх шаардлагатай

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хятадын худалдааны томоохон сүлжээ болох Алибаба цахим сайтаар Монгол Улсын газар нутгаас хэсэгчлэн зарж байгаа зар сошиал хуудсаар явж эхэллээ. Энэ ямар учиртай зар гэж харж байна?

-Юуны түрүүнд үнэн бодитой эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хэрэв үнэн бол тун ноцтой асуудал шүү. Газар, ард түмэн хоёр төр улсын үндэс. Би хувьдаа төрөөс газар олголт, ашиглалтын байдалд бүхэлд нь хяналт шалгалт хийх цаг нь болсон гэж боддог.

Улсын Их Хурлаас энэ чиглэлээр Хянан шалгах түр хороо байгуулж ажиллуулах боломж ч хуулиар нээгдсэн байгаа.

-Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтад төрийн, нийтийн гэж томьёолж оруулснаас болж манай улсын газар нутгаас хэсэгчлэн зарж байгаа гэх зүйл яригдаж байгаа. Үүнд та хариулт өгөөч?

-Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар “бүх ард түмний өмч” болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ байдал Үндсэн хуулийн уг заалтаас болсон гэхээсээ илүү газар олголт, ашиглалт манайд ямар замбараагүй байгааг л харуулж байна. Уул нь газар ард түмний мэдэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчимтай. Харамсалтай нь энэ зарчим амьдрал дээр бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Таны хэлсэнчлэн Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад бүх газар төрийн өмч юм. Энэ дашрамд хэлэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.4-т заасан төрийн нийтийн өмчийг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эзэмшүүлж болох заалтыг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна.

-Дээрх заалтыг хүмүүст илүү ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юү?

-Манайд төрийн өмчийг хуулиар төрийн өөрийн болон нийтийн зориулалттай өмч хэмээн ангилж ирсэн. Төрийн өөрийн өмч гэдэг нь төрийн албанд өдөр тутам хэрэглэгдэж байдаг байшин барилга, тавилга, тоног төхөөрөмж, машин тэрэг гэх мэт эд хөрөнгийг ойлгоно. Харин төрийн нийтийн өмч гэдэг нь газар, ой, усны нөөц, ан амьтан гэх мэт нийтийн зориулалтаар ашигладаг, бүх ард түмний өмч болох зүйлсийг хэлдэг. Ард түмнийг төлөөлж төр өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байна гэж ойлгож болно.

-Гадаадын иргэн манай улсад газар өмчлөх хууль, эрхзүйн орчин бий юү?

-Байхгүй. Үндсэн хуулиар хатуу хориглосон. Үндсэн хуулийн 6.5-д заасны дагуу гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн газрыг хуульд заасан болзол, журмын дагуу ашиглаж л болно. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн газрыг өмчлөх буюу чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхгүй. Зөвхөн хуульд заасан болзол, журмын дагуу буюу Газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн хувийн гэр, орон сууц, хашааны зориулалтаар 0,05 га, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газрыг таван жил хүртэл хугацаагаар ашиглаж болно.

-Монгол Улсын иргэн газраа ингэж зарж болох уу?

-Болохгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцаа зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдах хуультай. Өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд худалдахыг мөн адил хуулиар хориглодог.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Пиррийн ялалт

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Эртний герегчүүд тэр үед хүчирхэгжсэн ромчуудтай байлджээ. Тулалдаанд дийлэх нь ч дийлсэн юм байна. Ромчууд хөлсний легионуудаа тулалдаанд оруулсан бол герегчүүд байгаа бүх нөөцөөрөө байлджээ. Пиррийн арми ялалтаа тэмдэглэж байх үед тооцоо хийжээ. Дахиад бүх хүчээрээ үргэлжлүүлэн байлдвал дараагийн тулалдаанд ялж болох ч нэг ч цэрэггүй үлдэх юм байна. Ийм ялалт хэрэгтэй юү? Эндээс түүхэнд Пиррийн ялалт гэдэг сургамж үг үлджээ. Хэмжээнээс хэтэрсэн хэтэрхий үнэтэй ялалт нь ерөнхий утгаараа аймшигт ялагдал болдог гэсэн үг. Ингээд герегчүүд Ромд найрамдал санал болгожээ.

Галдан бошигтын Зүүн гарын хаант улс нь тухайн үедээ Төв Азийн хамгийн хүчирхэг улс байлаа. Зэрэгцээ Хятад, Орос хоёртой эн тэнцэхүйц. Урагшаа Кашкар, баруун тийшээ өнөөгийн Узбекстаны нийслэл Ташкентыг захирч байсан юм шүү дээ. Гэвч өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй Халх л зэвүүг нь хүргээд байж. Халхыг дарж авахад хамтраач гэж Манж Чин улсаас ч, Оросоос ч тусламж гуйж зөндөө санал тавьсан. Цаадуул нь зөвшөөрөхгүй болохоор өөрөө гагцаар дайрч ороод дийлэх нь дийлсэн. Даанч удаагүй.

Хүчирхэг Зүүн гарын улсыг энэ далимыг ашиглан дарж авах бололцоо үүслээ гэж манжууд ч, оросууд ч ойлгон нийлж аваад дарсан. Галдан ганцаардаж өлбөрч үхсэн шүү дээ. Хожим нь Зүүн гарын хаант улсыг сөнөөхөд 600 мянган хүн амынх нь 450 мянгыг нь хядсан. Геноцит!

1911 онд монголчууд тусгаар тогтнолоо зарлалаа. Төрийг Богд хаанаар толгойлуулсан шарынхан, Алтан ургийн язгууртан ноёд хуваан захирав. Биенээ хүлээн зөвшөөрдөггүй ээ. Хооронд нь эвлэрүүлэх гэж Богд байдгаараа хичээсэн. Ерөнхий сайд Намнансүрэн нас барсны дараа шарын толгойлогч Бадамдорж орыг нь залгав. Эрх мэдэлтэй болуутаа ноёд язгууртнуудыг доош нь хийж өгсөн дөө. Өс санасан ноёд язгууртнууд энэ хөсрий лам нарт дээрэлхүүлж байхаар Хятадын захиргаанд байсан нь дээр гэж үзэв. Сю Шүжан Монголд дураараа орж ирсэн юм биш шүү. Монголын алтан ургийнхнаас бүрдсэн Засгийн газрын албан ёсны урилгаар тэд заллагаар ирсэн юм. Автономиа устгуулаад та нарынхаа ивээлд орж Хятадын зүгээр нэг ердийн муж болъё гэсэн монголчуудын урилга заллага хүслийг биелүүлэхээр ирсэн. Харин Сю генерал нь солиотой эр байсан учир дөвчигнөж харынхныг ч шарынхныг ч айлган эгээтэй л улс орныг хөмрөх шахжээ. Хожим нь Хятадад засаг солигдсоны дараа ноёд язгууртнууд Бээжинд очин шинэ засагт хэлэхдээ Монгол руу Сю шиг мэдрэл муутай гажиг хүн хойшид битгий явуулж байгаарай гэж гуйсан байдаг.

1921 оны Ардын хувьсгал бол тухайн үед бий болсон Түшмэдийн ба Ардын дугуйлангийнхны хамтын бүтээл юм. Ялалтын дараа ардын бүлэг төрийн эрхийг авсан нь түшмэдийн бүлгийхний тэвчээрийг барав. Ингээд улаан оросуудтай нийлж байгаад тэднийг бүгдийг нь алж устгасан. Өөрсдийг нь оросууд дараа нь намнаж ноёдын бүлэглэлд эрхийг шилжүүлсэн. Энэ хооронд оросууд өөрийн үнэнч бүлэглэлийг шинээр бэлдэж байгаад ноёдыг ч үгүй хийсэн. Үнэндээ Монголын талаас хэн нь ч ялаагүй. Түр зууртаа бүлэглэл болгон Пиррийн ялалт байгуулжээ. Үр дүнд нь бүхий л сэхээтэн язгууртнуудаа устгуулж үндэсний гамшиг амссан. Нөхөж баршгүй.

Өнөөгийн Чех улсын бахархал нь нэн эртний Праг хот. Гайхамшиг! Германы нацистууд эхлээд Сүдецийг, дараа нь Морав, Словакийг эзлэхэд тэд юу ч хэлээгүй буугаад өгчихсөн. Харин польшууд нацистуудтай бүх хүчээрээ үзэж таржээ. Тэдний эрэлхэг зоригийг шүтүүстэй. Германаас өөрийгөө өөрийн хүчээр чөлөөлөх гэж тэд 1944 онд бослого гаргажээ. Зөвлөлтүүд Варшавын дэргэд тулж ирсэн байсан ч давшилтаа зогсоон польшууд германчуудад хэрхэн хядуулж байгааг сонирхон хараад зогсчихов. Варшав хотын 80 хувь нь үнсэн товрог болжээ. Бараг сөнөөд дууссан варшавчуудад эрэлхэг байсны бахархлаас өөр юу ч үлдсэнгүй.

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл. Энэ сургамжийг авч, цаашдын зам мөрөө зөв залахын тулд түүх үнэнээрээ үлдэж, дараа үеийнхний нүдийг нээж байх ёстой. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” гэж хоёр мянганы өмнө суут Цэцэрон захиж байжээ. Үнэнээс гажсан түүх цээжилсэн хүн угтах ирээдүйгээ зөвөөр төсөөлж чадахгүй. Түүхийн ач холбогдол чухамдаа энэ буюу.

1990 оны анхны сонгуулиар МАХН 60 хувийн ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд болсон Бямбасүрэн ялагдсан Ардчилсан хүчнийхийг засагтаа урьсан нь тулаад байгаа аюулыг хамтарсан хүчээр даван туулъя гэсэн санаа. Үүнд нь Социал демократ нам оролцоогүй, гэвч цагийн аясаар харахаар тэндээс соц дек юу ч хожоогүй, оролцоогүйг нь хэн ч анзаараагүй. Харин хамтарсан Засаг тэрхүү шилжилтийн хүнд үеийг амжилттай давсан.

1996 онд Энхсайханы Засгийн газар төрийн эрх мэдлийг бүхлээр нь авсан ч төрийн албаны аппаратыг дангаар эзэгнэж байсан сөрөг хүчний төлөөлөгчдөд гар хүрээгүй. Гэтэл 2000 онд төр эзэрхийлсэн Энхбаяр төрийн албанд ажилладаг сөрөг төдийгүй “сэжигтэй” 15 мянган эсэргүүнийг эгшин зуур ажлаас нь халжээ. Юу хожсон юм бол?

2008 оны сонгуулийн дүн гарангуут үндэсний хагарал болж цус хүртэл урссан. Ерөнхий сайд Баяр ялагдсан сөрөг хүчиндээ хамтарсан засаг байгуулах санал тавьсан. Чухам үүний үр дүнд Монголын түүхэн дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Өнөөдөр тэр хөрөнгө оруулалт улсын төсвийн гуравны нэгийг дангаараа хангаж байна. Хамгийн гол нь Монгол Улсын тусгаар тогтнолын нэг том баталгаа болсон юм.

Саяхан Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай хуралдаанд Хятадын асуудал хариуцсан генерал үг хэлжээ. Тэрээр Хятадыг Оросын хамгийн том өрсөлдөгч, хэзээ нэгэн цагт тэртэй тэргүй муудалцах субьект гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд бидэнд өмнөөс нь барих хөзөр бол Казахстан, Монгол хоёр юм гэж генерал хэлэв. Хэрэв Оросын эрх ашигийн зүгээс эрүүл ухааанаар харах аваас генералын түмэн зөв. Монгол бол Оросын хувьд Хятадтай наймаалцах том хөзөр.

Зүүн Германыг баруунд үнэгүй тушаасан гэдгээрээ Горбачёв олон жил хараал идлээ. Үүнийг Путин ч ил тод зарладаг. Үнэхээр 40 жил авч явсан тийм том олзыг сохор зоосны үнэгүй алдсан нь харамсаар зүйл байж болох. Энэ сургамжаасаа үндэслэн 70 жил авч явсан геополитикийн асар их ач холбогдолтой Монголыг дахиад л ямар ч үнэ хөлсгүй бусдад алдана гэж үү? Монголын үнэ цэн гэж юу вэ? Цэврээрээ Оросын мэдлийнх байж л үнэ өртөгтэй болно. Гэтэл үүнийг өрнийн хөрөнгө оруулагчдын өмч болгочихоод хагас дутуу эзэмшилтний бараагаа үнэ хүргэж зарах гэж үү? Монгол дахь гадны хөрөнгө оруулалтанд эгдүүцээд байгаа Оросын геополитик ердөө л энэ. Хөлслөгдсөн монгол бууны нохойнуудын хуцааны цаад шалтгаан ч энэ.

Японы дэлхийн дайны үеийн солиорол бол энэ орны ялагдлын эх сурвалж байсан юм. Засгийн эрхийг барьж байсан милитаристуудын тушаалаар Пөрл Харборыг бөмбөгдсөн түүхэн ялалтыг удирдсан адмирал Ямамото “Бид тулалдаанд ялалт байгууллаа. Гэхдээ унтаж байсан арсланг сэрээснээр дайнд ялагдах үүдээ нээчихлээ” гэж хэлж байсан гэдэг. Саяхи сонгуулиар Хүүк тулалдаанд ялсан боловч үргэлжлүүлээд дайн хийвэл ялагдал хүлээж магадгүй үүдээ нээж байна. Магадгүй энэ нь Пиррийн ялалт байж болох. Пиррийн ялалт мөн бол хохирогч нь Монгол орон. Хүүк бол цэргийн хүн, цэргийнхэн хойшдыгоо бодолгүй тулалдааны ялалт болгоноос кайф авдаг. Түүнийг 1994 онд бичигтэй цагаан даавуугаар толгойгоо ороочихоод өөрийн огт таньж мэдэхгүй, нэрийг нь ч олигтой цээжлээгүй талийгч нар болох Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбалыг өмөөрөн дөвчигнөж явсан улаан хамгаалагч дүрээр нь хүн болгон танина. Залуу байж, одоо тэрээр ухаажвал ухаажихаар 50 насыг давсан эр. Байлдаж тоглон Пиррийн ялалтанд хөөрөхөөргүй нас дарсан. Голдоо нүхгүй тэнэг үеэ өнгөрөөсөн.

Одоо түүний зовлон эхэлсэн. Ковидогийн цар тахалд хамгаа гөвж ядарсан Монгол орны өмнөөс хариуцлага хүлээх хүнд ял түүнд тулгарлаа. Энэ бол ганц Хүүкийн зовлон биш, манай нийт үндэстнийг гамшиг тосож байна. Хэрэв үүнийг тэр ойлговол, хэрэв үүнийг Монголын төрийн тулах бас нэгэн багана болсон Ардчилсан нам ойлговол зөвхөн хамтдаа зүтгэж, үндэстнийхээ эрх ашгийг хамгаалан байж энэ гамшгийг даван туулна.

Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хэрэв байгаа юм бол хаана хэнээр илэрхийлэгдэж байгаа нь мэдэгдэхгүй МАНАН хэмээх салхин тээрэмтэй горзгор Кихот давжаа Пансогоо дагуулан хичнээн ч жил тулалдав? Хэрвээ МАНАН байсан юм бол саяхи сонгуулиар нам дарагдлаа. Энэ бол саяхи сонгуулийн хамгийн том ялалт. Юутай ч салхин тээрмийг устгалаа. Дайсан дарагдлаа, одоо гэр орноо боддог цаг.

Их л энгийнээр хэлбэл, Пиррийн ялалт байгуулсан Хүүкийгээ дэмжье, гэхдээ дайныг шатлан өргөжүүлэх аархлыг нь доош даран, нийт үндэстнийхээ эрх ашгийг тэргүүнд тавин дайн байлдаангүйгээр гэр орноо босгоё. Хүүхэд шиг “Хүүк ээ, айгаагүй бол дахиад барилдъя” гээд байж болохгүй л дээ, хэрэв эрүүл ухаан гэж байдаг бол?

2020.6.30

Categories
мэдээ цаг-үе

Х.Хүрэлчулуун: Манай сумынхан наадмаар өмсөх дээл хувцсаа бэлдэж, бөх, уяач, харваачид маань бэлтгэлдээ гараад эхэллээ

Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунтай утсаар холбогдож ярилцлаа.


-Сайхан зусаж байна уу?

-Баярлалаа. Сайхан зусаж байна.

-Баяндун суманд зуншлага хэр байна вэ?

-Хур бороо элбэг, сайхан зун болж байна. Сүүлийн жилүүдэд их л гандуу байсан, энэ жил ногооны гарц ч сайн байна.

-Төр засгаас сумын баяр наадмыг тэмдэглэх шийдвэр гаргалаа. Үүнийг танай нутгийнхан хэр хүлээж авч байна вэ?

-Цар тахлыг дотроо алдаагүй болохоор зуны дэлгэр цагт иргэд сайхан баярлах хэрэгтэй. Энэ жил манай сумын 95 жилийн ой тохиож байна. Саяхан бас сонгууль хийгээд амжсан юм чинь жилдээ цөөхөн болдог томоохон баяруудын нэг болохоор сүр дуулиантай биш ч гэсэн тэмдэглэх нь зөв гэж бодож байгаа.

-Танай нутаг Улаанбаатар хотоос 600 гаруй км-ийн зайтай бил үү?

-Манай сум хотоос 650 километрийн зайтай.

-Баяндун суманд бахархмаар зүйл их олон байдаг байх. та нутгийнхаа талаар ярихгүй юу?

-Манай сум хойд хэсгээрээ хангай, өмнөд хэсгээрээ нарийн өвстэй. Говь, тал хосолсон онцлог газарзүйн байрлалтай. Ихэнх иргэд нь МАА эрхэлдэг. Эрдэмтэн сэхээтэн олонтой нутаг. БНМАУ-ын анхны гавьяат багш, дипломатч, зохиолч Д.Цэвэгмид, Төрийн далбааны зураг, өнөөгийн алдар гавьяатнуудын энгэрийг мялааж байгаа одон медалиудын ихэнхийнх нь эх загварыг бүтээсэн Д.Чойдог, Зууны домогт хилчин, генерал Б.Цэдэн-Иш, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар гэх мэт авьяаслаг, эрдэмтэй хүмүүс олон бий.

-Танай сумынхан 95-н жилийн ойдоо ихээхэн ач холбогдол өгч байгаа байх?

-Тийм ээ. Иргэдтэйгээ уулзаж наадмын хандив цуглуулах, талбай сэргээн засварлах гэх мэт олон ажил байна. Шийдвэр нь гарчихсан болохоор үлдсэн хэдэн хоногт чамбай ажиллах хэрэгтэй байгаа.

-Наадам хийх болсон гэдэг шийдвэрийг сонсоод нийслэл болоод бусад аймагт амьдарч байгаа уугуул иргэд чинь юу гэж байх юм?

-Өнөөдөр хүмүүс их холбогдож байгаа. Очих бодолтой байна, зочид буудал бий юу, хамаатнууд маань хаагуур нутаглаж байгаа вэ гэх мэтээр захаасаа сураг тавьж эхэлж байна.

-Улсын наадам үзэх сайхан. гэхдээ хүмүүсийн сэтгэлд сумын наадам шиг сайхан наадам байдаггүй байх?

-Тэгэлгүй яахав. Сумын наадамд уралдсан морьд, барилдсан бөхийг бүгд танина. Асарт сууж ахмадуудаа хүндлэн хууч хөөрч, удаан уулзаагүй найз нөхөд ангийнхан хоорондоо уулзаж, хоёр захад байдаг малчид хүртэл сумын наадмаараа л уулзалдана. Ер нь нутгийн иргэд нэг дороо цугладаг ганц үе нь гэж хэлмээр юм уу даа.

Баяндун сумын хаанах нь наадмын талбай байдаг вэ?

-Сумын төвийн зүүн урд дов дээр байрладаг. Наадмын талбайд жилдээ гурав дөрвөн удаа л цуглана. Манай сум эрийн гурван наадмаасаа сур харваанд сайн. Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн Д.Цэцэг манай сумынх. Шинээр гарч байгаа харваачдаас Ч.Гандаваа, Н.Сүхбаатар, хурдан мориноос “Их хурд ” уралдаанд түрүүлдэг “Тайж” Халтарын уяач П.Цэгмид, хүчит бөхөөс аймгийн арслан Б.Батхуяг гэх мэт алдартнууд манай нутгийнх болохоор наадам тэгш сайхан болдог доо.

-Цар тахал, хөл хорионы үед танай суманд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөл хорио тогтоох үед хөдөө байгаа иргэд бензин, тосоо авах гэж л жаахан асуудал үүсдэг. Тэрнээс бусдаар сумын төвд, эсвэл яг хөдөө байгаа хүмүүсийн дунд ажил хэвийн үргэлжилж байна. Төр засаг сайн ажиллаж вирусыг дотроо алдаагүй болохоор айх зүйлгүй байна.

-та сумын засаг даргын албыг хэр удаан хашиж байна вэ?

-2008 оноос сумынхаа Иргэдийн Хуралд сонгогдож, аймгийн Иргэдийн Хурлын ажлын албанд хоёр жил гаруй ажилласан. 2012-2016 оны хооронд Багийн засаг даргаар, үүнээс хойш Сумын Засаг даргаар ажиллаж байна.

-Ихэнх иргэд нутгаасаа холдож, төв бараадах нь элбэг байдаг. төрсөн нутагтаа ажиллаж амьдрахын давуу тал, өгөөж нь юу байдаг вэ?

-Залуус хот руу илүү чиглээд байвал хөдөө орон нутагт үлдэж байгаа нь голдуу хөгшчүүл болох гээд байдаг талтай. Ялангуяа зах хязгаар, хөдөө нутагт хүн ам нь цөөрвөл нүүдлийн соёл иргэншил ч байхгүй болно. Тиймээс төрсөн нутгаа эзэнтэй байлгах нь зөв. Залуус бид сурсан мэдсэнээ сум орон нутагтаа ирж хэрэгжүүлвэл бас л хэрэгтэй. Ахмад буурлууд маань бидэнд энэ сайхан сум, эх орныг үлдээсэн. Бид үүнийг нь зөв авч явж дараагийн үедээ хүлээлгэж өгөх ёстой.

Манай сумын мал таван төрөлдөө сүүлийн гурван жилд тогтмол өсөж байна. Шилжилт хөдөлгөөн бага, хүн амын тоо өссөн үзүүлэлттэй байгаа.

-Сумын наадам болно гэсэн мэдээг сонсоод хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сонгууль ярьж байсан иргэд маань наадмын бэлтгэлээ хийж байна. Өмсөх дээл хувцсаа бэлдэж, бөх, уяач, харваачид маань бэлтгэлдээ гарч эхэлсэн. Иргэд маань их сайхан хүлээж авч байна. Ер нь бол хүлээж байсан шийдвэр бололтой.

Энэ дашрамд Монгол түмэндээ сайхан баярлаарай гэж хэлье. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг, энэ жилийн наадам ч сайхан болно байх. Нутгийн зон олондоо 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Г.Майцэцэг: Бид Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарыг энэ хэцүү үед авч гарахаар ажиллаж байна

“Эксмед” брендийн зөвлөх Г.Майцэцэгтэй ярилцлаа.


-Та бүхэн коронавирусийн эсрэг хамгаалалтын комбинзоныг АНУ руу гаргаж байгаа. Энэ талаараа ярихгүй юу?

-Хоёр сарын өмнөөс хийгдсэн ажил. Америкийн тал өөрсдөө сонголтоо хийсэн. Манай Монгол Улс тусламжийн бараа бүтээгдэхүүн өгөөд байгаа шүү дээ. Үүнийг үйлдвэрлэгч хүний өнцгөөс их зөв зүйл болсон гэж харж байна. Хамгийн гол нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ америкчуудад сурталчлах маш том боломжийг олгож өгч байна. Яагаад гэхээр Америк руу бүтээгдэхүүн ороход хүндрэлтэй байдаг. Ялангуяа хамгаалалтын яг ийм хувцсыг Америкийн хэмжээнд хоёрхон том компани л оруулдаг. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд гэсэн үг. Тэгэхээр бид ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа шүү гэдгийг л харуулах том пи ар болж байна.

-Тусгай зөвшөөрөл, чанарын шаардлагаас эхлээд олон шат давсан байх?

-Америк руу бүтээгдэхүүн гаргана гэдэг бол маш хэцүү шүү дээ. Ялангуяа энэ хамгаалалтын хувцсанд тусгай зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Тусгай зөвшөөрлийг давж чадсан нь үйлдвэрлэгч бидний хувьд үнэхээр олзуурхууштай хэрэг. Энэ шалгуурыг манай компани давж чадсанд их баяртай байгаа. “Эксмед” компани бол “Эксклюзив” ХХК-ийн охин компани гэж хэлж болно. Яагаад гэхээр зохион бүтээлт, суурь ажилчин, боловсон хүчин бүгд “Эксклюзив” ХХК-ийн ажилчид л даа.

-Ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа нь цаг үеэ олсон, улсынхаа эдийн засгийг дэмжсэн зүйл болж байна?

-Энүүхэндээ гэхэд цар тахлын үед ёстой цаг үеэ олсон бүтээгдэхүүн байгаа юм. Үүнд Засгийн газар, УОК, Гадаад хэргийн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд маш олон байгууллага хамтарч энэ ажлыг хийсэн. Ямар ч улс руу хандивын зүйл хүргэхэд тухайн улс шууд “за” гээд авчихдаггүй. Яг юу өгөөд байгаа, хэрэгтэй юү, чанарын шаардлага хангах уу гэдгээс эхлээд олон зүйл хардаг. Америкийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга хүн хүртэл манай үйлдвэр дээр ирж үнэхээр Монголд үйлдвэрлэдэг юм уу, чанарын дагуу хийгдэж байна уу гэдгийг үзэж харсан. Тэгэхээр монголчууд бусад улс орноос дутахгүй, ийм нөхцөл бололцоо байгаа юм байна гэдэг маш том урмыг өглөө. Засгийн газар ч бидэнд боломж олголоо доо.

-Танай хамгаалалтын комбинзоны давуу тал нь юу вэ?

-Манай “Эксмед”-ийн сүүлд нэвтрүүлж байгаа материал даавуун талдаа, маш бат бөх. Тэгэхээр урагдаж цоорох зүйл байхгүй гэдгээрээ давуу талтай. Ер нь гадуур хийгдэж байгаа тусгай зориулалтын нэг удаагийн хувцаснууд урагдах магадлал маш өндөр байдаг. Магадгүй хүн өмсөөд арван минут, нэг цагийн дараа ч юм уу урагддаг. Энэ хамгаалалтын хувцас бол урагдахгүйгээс гадна, ариутгалыг зөв хийж чадах юм бол гурваас зургаан удаа ариутгаад өмсөөд байж болно. Тайлхаасаа өмнө 70 градусын спиртын уусмалаар цацаж ариутгаад явах боломжтой. Мөн энэ материалын гадаргуу дээр гурваас таван цаг вирус амьдардаг. Түүнээс цааш устана гэсэн үг.

-Үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээл хэр байв?

-Цар тахлын хамгаалалтын комбинзоны материал нь үл нэвтрүүлэгч гэсэн технологиор хийгддэг. Үүнийг бид яаж чадаад байна вэ гэхээр “Эксклюзив” ХХК 2011 онд сөдөн куртка үйлдвэрлэж байсан. Энэ сөдөн куртканы үйлдвэрлэлийн технологи нь хамгаалалтын хувцасны үйлдвэрлэлийн технологитой адилхан. Суурь нь адилхан гэсэн үг. Тийм учраас хамгаалалтын комбинзоныг хийхэд бидэнд айхтар хүндрэл бэрхшээл байгаагүй.

-Хэчнээн ажлын байрыг бий болгож чадав. Цаашдаа өөр улсууд руу гаргаад эхэлбэл ажлын байр ч тодорхой хэмжээнд нэмэгдэх байх?

-30 цехийг ажиллуулж эхэллээ. Европын холбооны хэд хэдэн улсуудад хамгаалалтын хувцасаа явуулчихсан байгаа. Хэрвээ тэдгээрээс нааштай хариу ирэх юм бол бид Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбараа энэ хэцүү үед чирээд аваад гарчихна. Ойролцоогоор арван мянган ажлын байр бий болгох боломжтой томоохон захиалгууд орж ирэх юм л даа. Түүндээ бэлдээд л байж байна. Дундаж цалин нь ойролцоогоор хоёр сая орчим байна. Тэгэхээр энэ ямар том ажил хийгдэж байгааг харж болох байх.

-Сая АНУ руу экспортлоход хэчнээн хэмжээний зардал гарч байна?

-Нэг сая орчим ам.доллар гэж байгаа юм л даа. Үүнд онгоцны зардлаас эхлээд бүх урсгал зардал орно. Нийт 60 мянган ширхэг хамгаалалтын хувцас экспортолсон. Үүний арван мянга нь “Эксмед” брендийн хийсэн тусгай зориулалтын туузтай хамгаалалтын хувцас.

-Төрийн зүгээс танай бүтээгдэхүүнийг гадны улсуудад хэр сайн сурталчилж өгч байна?

-Гадаад хэргийн яамны сайд Д.Цогтбаатар маш сайн ажиллаж байна. Бусад улсын гадаад хэргийн сайдууд, бусад улсын дипломатууд ч тэр өөрийн орныхоо бүтээгдэхүүнийг татаж сурталчлах үүрэгтэй. Бусад хүмүүс бол онгоц зарна гэхчилэн том ярьдаг. Манай үйлдвэр байгуулагдаад арав гаруй жил болж байна. Миний мэдэхийн Гадаад хэргийн яам маш сайн ажиллаж байгаа. Гол зүйл бол ерөөсөө л дотоодын бүтээгдэхүүнээ гадаадад таниулах.

-Цаашдаа хэр хэмжээний захиалга авахаар төлөвлөж байна?

-Мэдээж энэ хүнд хэцүү үед нэг сая ам.долларыг нэг улсад зарцуулна гэдгийн цаад санаа бол арав, зуун сая болгож Монголд үр өгөөжтэй байлгана л гэж аль аль тал нь хүсч хийсэн шүү дээ. Бид ч гэсэн арав цаашлаад зуун сая долларын захиалга авчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлээр ажиллаж буй. “Эксмед”-ийн хувьд барууны дөрөв таван улсын тендэрт оролцоод бүтээгдэхүүнүүдээ явуулчихсан байгаа. Энэ хамгаалалтын хувцас бол одоо яг зах зээлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн шүү дээ. Цар тахлын хоёр дахь давалгаа эхэлчихсэн, хүний амьдрал, амь настай холбоотой. Удахгүй сайхан мэдээ ирэх байх гэж бодоод л хүлээж байна.

-Танай үйлдвэрийн энэ амжилт олон жижиг дунд үйлвэрүүдэд урам, зориг түлхэц боллоо?

-Монголчууд ямарваа нэгэн зүйлийг сүүлдэж биш түрүүлж хэрэгжүүлээд эхлэж байна. Энэ бас л үйлдвэрлэл хөгжөөд байгаагийн шинж байхгүй юу. Юмаа мэддэг хүмүүс ажиллаад эхлэхээр хамгийн сүүлийн үеийн технологи, хамгийн сайн материалыг бий болгож, патентжуулж чадаад байна. Энэ бол бас л нэг том давуу тал. Тийм учраас бид үүнийхээ ид шидийг гаргана даа. Ид шидийг нь гаргахын тулд саяны Америк руу гаргасан үйлдэл бол суурийг тавьж өглөө гэж харж байна. Одоо бол дотооддоо мөнгө босгох биш гаднаас мөнгө босгох, экспортыг хөгжүүлж байж яг энэ хэцүү үеийг давж гарна. Экспортоор бүтээгдэхүүн гаргана аа гэдэг чинь бид гаднаас валют авна гэсэн үг. Валют орж ирэхээр бид мөнгөний ханшаа барьж чадна л гэсэн үг. Тэгэхээр яг энэ хэвээрээ явах юм бол бид олон ажлын байрыг бий болгоно. Ер нь хөнгөн үйлдвэрийн салбар маш олон хүний ажлын байрыг бий болгодог.

-Хамгаалалтын хувцсыг экспортлоход Монголд коронавирус илрээгүй байгаа нь том давуу тал болж байх шиг байна?

-Тийм шүү. Хамгийн чухал нь Монгол Улсад корона вирус гараагүй байгаа нь хамгийн том боломж байхгүй юу. Жишээлбэл, Хятадаас хамгаалалтын хувцас авах, Монголоос авах хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Хятадад вирус дэгдчихсэн. Монголд гаднаас ирсэн вирусээ харин ч эмчлээд байгаа шүү дээ. Статистикийн үзүүлэлтээрээ маш сайн явж байгаа. Энэ нь үйлдвэрлэгчдэд боломж олгоод байгаа юм. Энэ боломжийг маш сайн ашиглах хэрэгтэй. Нөгөө талаар монголчууд хувцас хийхдээ нэг удаагийнх гэж бодож хийдэггүй юм байна л даа. Сэтгэхүй нь их өөр. Жишээлбэл, бусад улс, орнууд нэг удаагийнх юм чинь ямар хамаатай юм бэ гэсэн байдлаар ханддаг юм байна. Манай Монголын оёдолчид нэг удаагийнх байна уу, олон удаа хэрэглэхээр байна уу сэтгэхүйд нь чанартай хийнэ гэсэн бодолтой байдаг. Хүний амь насыг хамгаална гэдэг утгаараа гурван үе шатны шалгалтаар орсон. Бид мөнгөний хойноос гэхээс илүү чанарын төлөө ажиллаж байна. Хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байгаа томоохон брендүүд бий л дээ. Тэдгээр газруудтай үнээрээ ч, чанараараа ч өрсөлдөнө гэж бодож байгаа. Дэлхийд корона вирус гараад ирсэн энэ цаг үед үйлдвэрлэгч бид энэ боломжийг ашиглах л хэрэгтэй гэж бодож байна. Чадаж байгаа, мэдэж байгаа зүйлээрээ эдийн засгийн боломжийг ашиглах л хэрэгтэй шүү дээ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “У.Хүрэлсүх ямар улсыг бий болгож, цааш нь авч явах вэ?” хэмээлээ.

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. Тэрээр “Би их туршлагажсан тэмцэгч” хэмээлээ.

Тусгай үүргийн МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ц.Ууганбаяр даргатай ОМ302 дугаартай нислэгийн хөдөлгүүрт доголдол гарч, БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр 23:00 цагт ослын буулт хийжээ. Нөхцөл байдлын талаар МИАТ-ийн олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Алтаннавчаас тодруулга авлаа.

Манай сонин нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт “У.Хүрэлсүх ямар улсыг бий болгож, цааш нь авч явах вэ?” хэмээлээ.

Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

Баасан гариг болгон уламжлал болгон гардаг “Нэг ангийнхан” буланд ОХУ-ын буриадын Их сургуульд оюутан солилцоогоор явсан “нэг ангийнхан” оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоц газардлаа

105278363_2419115008381427_91135655043355087_o.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:25 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 256 иргэн ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.