Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрнүүдийн ус үерийн түвшинг 5-20 сантиметрээр давж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

​Гандантэгчэнлин хийд болон бусад сүм хийд хэвийн ажиллаж эхэллээ

Өнөөдөр Монголын Бурханы Шашинтны төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийдээс сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл ОНХА-ны дарга Ж.Одгарьд, Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва нар мэдээлэл хийлээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл ОНХА-ны дарга Ж.Одгарьд “2020 оны долдугаар сарын 1-ний УОК-ын гарагасан шийдвэрээр шашны байгууллагуудыг шат дараатайгаар нээх, үйл ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ цаг үеэс Гандантэгчэнлин хийд нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй явуулах боломж бүрдлээ. Иймд долдугаар сарын 1-нээс хойш Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа хэвийн ажилахгоримд шилжүүлж байна. Цаашлаад Гантэгчэнлин хийд болоод бусад шашин сүмийн үйл ажиллагаа хэвийн явагдах болно.” гэлээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва “Батцагаан цогчэн дуганд 2020 оны долоодугаар сарын 4-нөөс 9-ныг хүртэл өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл сүсэгтэн олны хүсэлт цагаан сарын уншлага номыг хурна. Мөн сүсэгтэн олны айлтгал хүйсэлтийг хүлээн авч номоо уншина. Цаашдаа ч ном хурах нээлттэй байх болно. Хэдий нээснээ зарлаж байгаа чбид УОК-оос хэрэгжүүлж буй халдваргүйжүүлэлт ариутгаол болон орж ирж буй иргэдийн гарыг ариутгаж, маск зүүлгэж шаардлагын дагуу ажиллана” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Орон сууцтай болж байгаа албан хаагчиддаа баяр хүргэе. Ковид-19 халдварт цар тахал дэлхий нийтэд тархаж, хүнд байдалд орлоо. Одоогоор Монгол Улс гаднаас энэ тахлыг дотроо алдаагүй, хүний амь нас эрсдээгүй цорын ганц орон болсон байна. Ийм үр дүн гаргахад манай тусгай албаныхан түүний дотор хилийнхэн онцгой үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Засгийн газар тусгай албаныханыг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулж, орон сууцтай болгож байгаад баяртай байна. Мөн нийслэлийн удирдлагуудад баярлалаа” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Эрхэм хилчид та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Түрээслээд өмчлөх орон сууцны бодлогыг нийслэл хот анх удаагаа Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдалд цаг наргүй үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын 1000 гаруй алба хаагчдыг нэн тэргүүнд түрээсийн орон сууцанд хамруулах Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан. Та бүхний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж байна. Эрхэм хилчдийнхээ цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Энэ үеэр Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын зүгээс бидний эх орныхоо төлөө гэсэн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, орон сууцаар хангаж байгаад маш их баяртай байна гэдгээ холбогдох албаны хүмүүст илэрхийлж байв.

Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдах аж. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм байна.

Categories
мэдээ нийгэм спорт

NBA дахин 9 тоглогч халдвар авчээ

NBA өнгөрөгч зургадугаар сарын 24-29-ны өдрүүдэд 344 тамирчнаас шинжилгээ авсан бөгөөд үүнээс 9 тамирчин нь коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Ийнхүү зургадугаар сарын 23-наас эхэлсэн шинжилгээний хариу гарахад 351 тамирчнаас 25 нь халдвар авсан нь батлагдлаа. Мөн 22 багийн нийт 884 арын албаны ажилчдаас шинжилгээ авахад 10 нь халдвар илэрсэн байна.

Халдвар авсан тамирчид, арын албаныхан бүгд өөрсдийгөө 14 хоногийн турш тусгаарлаж, эрүүл мэндийн дүрмийг чандлан сахина гэнэ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Эмч-сэтгэлзүйч нарын сургалтыг цахимаар зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйч нарын сэтгэлзүйг дэмжих цахим сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, анагаах ухааны доктор Б.Жаргал удирдан явуулж, стресс түгшүүрийн менежмент, бухимдал айдсаас ангижрах, эерэгээр сэтгэн бодох, амиа хорлох бодолтой, оролдлого хийсэн хүнтэй харилцах зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.

Ингэснээр алба хаагчид стресс болон түгшүүрийн талаар мэдлэгтэй болж түүнийг арилгах ур чадварыг эзэмших юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулна

Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо. Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаар мэдээллээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ. Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ. Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Наадмын дараа намар гэдэг үг байдаг. Наадмын дараа сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай. Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулъя ” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтийг цуглуулахгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж буй.

Мөн цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах “түр журам”-ыг баталсан юм. Түр журмын хүрээнд үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм.Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбар болон наадмын талбай руу нэвтрэхэд олгодог автомашины зөвшөөрлийг худалдаанд гаргахгүй юм. Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа явуулах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ариутгалын төхөөрөмж хийж, хүлээлгэн өгөв

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагчид автомашин ариутгалын төхөөрөмжийг хийж, Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өглөө.

Төхөөрөмжийг хийх төсвийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн сангаас шийдвэрлэж өгсөн байна.

Ариутгалын төхөөрөмж нь мал, амьтны гоц халдварт өвчин, дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашиныг хоёр хажуу тал, дээд, доод талаас мананцар үүсгэж, шүршиж ариутгахаар бүтээгдсэн ба таван хэсэг болгон зөөвөрлөн, тээвэрлэж байрлуулах зориулалттай юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Арвайхээрийн замд усархаг бороо орж үер буужээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт өчигдөр усархаг бороо орсны улмаас үер буужээ. Арвайхээрээс зүүн тийш 9-10 км замын далан усанд идэгдэж, авто замын зорчих хэсгээр явах боломжгүй болсон байна. Иймд иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг чөлөөлж, бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Өнөөдрийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. Харин Ардчилсан намын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргав. Ээлжит бус XI хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуульд Нийслэлийн ИТХ-ын 10 төлөөлөгч нэр дэвшсэн. Үүнээс

  • 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан,
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир,
  • 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нар олонхын саналаар УИХ-д сонгогдсон.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир, Ё.Цацралтуяа нарыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.

Б.МӨНХДУЛАМ