Categories
мэдээ нийгэм

​ЭЕШ-ЫН ДҮН ОНОО

No photo description available.

Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

-Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

-Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

-Проценталь оноо нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

-Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмжинэ.

-Багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эх, шалгуулагчид та бүхэн ЭЕШ-ын дүн онооны аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://eec.mn/article284 холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна.

-Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

-Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ-27

AMLCFT.MN

(МОНГОЛ УЛС)

1. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр нарын эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд Ковид-19-тэй 38 өвчтнийг судлахад дундаж нас 30.3, суулгах, ханиалгах, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, хоолой сэрвэгнэх, ядрах, хоолонд дургүй болох шинж тэмдэг зонхилон илэрсэн байна. PCR-ийн шинжилгээгээр амьсгалын дээд замын сорьцонд 97.4%, өтгөнд 2.6%-д коронавирус илэрчээ. Рентген, компьютер томографийн шинжилгээгээр 38 өвчтний 14-т нь уушгины хатгалгаа илэрчээ.
2. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эмч, судлаачид Ковид-19-ийн эхний 10 тохиолдолд вирусийн ачаалал, вирус илрэлтийн хугацааг судалжээ. Өвчтний хамар, залгиурын арчдаст вирус хадгалагдах дундаж хугацаа 18.9 хоног, хөөмийн арчдаст 25.1 хоног байсан бол вирусийн ачаалал 1-6 хүртэлх хоногт хамгийн их байжээ. Бүх өвчтний цэрэнд вирус илэрсэн бөгөөд 31 дэх хоногтоо илрэхгүй болсон. Өтгөнд вирус 16.7 хоног хадгалагдаж, вирусийн ачаалал 7-12 дахь хоногт их байжээ. Коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагдаж байна. Харин өвчтний цусны ийлдэс, шээсэнд вирус илрээгүй байна.
3. Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын эрдэмтэд коронавирус мэдрэлийн системд нөлөөлж буйг тоймлон судлахад :
– Төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /толгой өвдөх, эргэх/ – 24.8%
– Захын мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /амтлах, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх/ – 8.9%
– Миопати /булчингийн эмгэг/ – 10.7% байжээ.
4. Агаар дахь азотын давхар ислийн хэмжээ маш өндөр байсан европын 4 улсын 66 бүсэд Ковид-19-ийн нас баралтын 83% бүртгэгдсэнийг олон улсын тойм судалгаанд үндэслэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид мэдээлжээ.
5. Ковид-19 цартахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр олон улсад хийгдсэн 24 судалгааны бүтээлд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Д.Хишигтогтох нар системт тойм судалгаа хийжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг цаг үеийн байдалтай уялдуулан нотолгоонд суурилан төлөвлөх, дэлхийн улс орнуудын туршлагыг судлах, өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
6. АУ-ны доктор Ж.Цолмонгийн “Ковид-19-ийн цартахал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр нөлөө” өгүүлэлд …Монгол улс дотооддоо халдвар гараагүй цөөн орны нэг болж байгаа нь хариу арга хэмжээний оновчтой, шуурхай байдал, иргэдийн оролцоо дэмжлэгтэй холбоотой гэжээ.

Categories
мэдээ нийгэм

АЛТАНБУЛАГ БООМТООР ИРГЭДИЙГ ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Image may contain: one or more people and outdoor

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авах бэлтгэл ажлыг ханган, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны долдугаар сарын 5,6-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах зүйлийг мэдэгдэж байна.

Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ.

Хилээр нэвтрэх иргэд коронавирусийн шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх,

Тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа иргэдийг хилээр нэвтрүүлэхийг анхаарна уу.

Төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, тусгаарлах байр хүргэх тээврийн хөлс, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 070 000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 650000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

79220652_2429227537370174_3176450537929293321_o.jpg

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 19:00 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Уг онгоцоор нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан болон асран хамгаалагчтай 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 53 иргэн багтсан байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Вензоу”, “Амар” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Бөхчулуун: Австралийн “The Voice” шоу эх орноо сурталчлах сайхан боломж байлаа

Австрали улсын “The Voice” шоуны ес дэх удаагийн тэмцээнд үндэсний язгуур урлаг морин хуур, хөөмийг уянгалуулсан хөгжимчин Ганбүргэдийн Бөхчулуунтай ярилцлаа.


-Та багаасаа урлаг соёлд сонирхолтой байсан уу. Ардын урлагаар хичээллэж эхлэхэд юу хамгийн том түлхэц болж, нөлөөлсөн бэ?

-Миний аав Төв аймгийн Лүн сумын иргэн, ээж маань Хөвсгөлийн Хатгалд төрсөн. Харин би Улаанбаатар хотод төрж өссөн. Айлын бага хүүхэд болохоор ах эгч, аав ээжийнхээ хайранд умбаж, хүмүүжиж өссөн дөө. Багын, урлаг соёлд их дуртай. Монголын хүүхдийн пионерын ордонд дуулж алтан медаль авч байлаа. Тухайн үеэс өдий хүртэл дуулах сонирхол минь огт буураагүй. Хэдийгээр аав маань мэргэжлийн дуучин биш ч сайн дураараа баяан тоглоод л дуулдаг. Гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбат миний авга ах л даа. Багаасаа түүний морин хуур тоглохыг хараад хөгжимд илүү их хайртай болсон. Улмаар 1997 онд Ё.Батбаяр гэж мундаг багшаараа морин хуурыг заалгаж суралцсан. Багшийн маань хүүг Эрдэнэбат гэдэг. “Камертон” хамтлагийн Эба гэдэг дуучин шүү дээ. Би багшийнхаа удирдлагатайгаар сураад хөгжимчин болох гараагаа эхэлсэн юм.

-Морин хуур, хөөмий зэрэг ардын урлагаа гадныханд толилуулахад хэрхэн хүлээж авдаг вэ?

-Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, өвөрмөц дуу авиаг анх удаа сонсоход “юу дуугаргаад байна аа” гэж гайхаж, сонирхолгүй яахав. Заримдаа ус ууж хоолойгоо чийглэчихээд л хөөмийлөхөөр “усан дотор чинь юу байна” ухааны юм ярьдаг. Урьд нь сонсож дуулж, үзэж хараагүй болохоор тэдэнд маш сонин, хачин сонсогддог шиг байгаа юм. Ер нь хөөмийлж, морин хуур тоглоход авьяасаас гадна хөдөлмөрлөх нь илүү чухал. Алив бүхэнд хичнээн авьяастай ч хөдөлмөрлөхгүй бол хийж чадахгүй шүү дээ.

-Австралийн “The Voice”шоунд урилгаар оролцсон гэж сонссон…?

-Энэ шоунд оролцох талаар өмнө нь бодож байгаагүй. Нэг өдөр “The Voice”-оос “Ардын язгуур урлагаа үзүүлэхээр манай шоуны тайзан дээр гарсан хүн огт байгаагүй. Тиймээс таныг урьж оруулах хүсэлтэй байна” гэсэн урилга ирсэн л дээ. Ингээд би урилгыг нь хүлээн авсан.

-Ардын урлагаа Австралийн тайзан дээр үзүүлэхэд ямар мэдрэмж төрөв?

-Мэдрэмж гэхээсээ илүү үзэгчтэйгээ тулж ажиллахыг хүсдэг. Үзэгчдэд улам ихээр яаж хүргэх вэ гэдгийг бодож, дотроосоо гарч буй эмоци сэтгэгдлээ хүмүүс рүү улам ойртуулж өгөх зорилготой. Энэ шоунд орсноор нэн түрүүнд үндэсний урлагийг маань хүмүүс зөв талаас нь ойлгож эхэлсэн болов уу. Хоёрдугаарт, гадныхан нөгөө Бөхөө гэж ярихгүй, өнөө монгол залуу байна шүү дээ гэнэ. Бөхөө гэдэг нэрний оронд Монгол гэдэг үг олны чихэнд бууж эх орныхоо тухай сайхан сурталчилна гэдэг бол боломж. Угаас энэ шоунд орох шалтгаан нь энэ юм. Одоо Монгол гэдэг нэрийг бараг л хүн болгон мэддэг боллоо. Шоуны үзэгчид цаашдын ажилд минь өндөр амжилт хүссэн сайхан сэтгэгдлүүдийг илгээсээр байгаа. Хөгжмийг чинь өдөр болгон бараг цаг тутам сонсдог, бясалгал хийвэл тохирохоор ёстой гоё хөгжим юм, дууг чинь сонсоод уйлсан гэх мэт олон сэтгэгдлийг олж харсан. Үзэгчдийн сэтгэгдэл маш эерэг байна.


“Aya” хамтаг

-Нүүдэлчин соёлын онцлогоос хамаараад тэр үү, язгуур урлаг маань цаанаасаа л байгалийн тайван, зөөлөн аялгууг эгшиглүүлдэг…?

-Хүн, амьтан, байгаль гурав уялдан холбогдож байдаг нүүдэлчин соёл гэдэг чинь амьтай юм шүү дээ. Монголчууд энэ сайхан уламжлалаа гээлгүй хадгалсаар өнөөг хүртэл авч яваа цорын ганц улс. Тиймээс ч соёл уламжлалаараа бахархахгүй байхын аргагүй. Морин хуурын хоёр утсыг морины сүүлээр татдаг. Ингэж амьд амьтны дэл сүүлээр амь оруулж тоглохоор хүний зүрхэнд маш гэгээлэг герциэр хүрч, сэтгэлийг нь хөдөлгөх хүчтэй. Хөөмий ч ялгаагүй нүүдэлчдээс гаралтай. Монгол урлаг ямар ч хүний сонор мэлмийд дээд хэмжээнд нь хүртэл хүрдэг. Иймээс ч язгуур урлагаа хайрлаж, гамнах хэрэгтэй. Үндэснийхээ урлагийг нэг үгээр тодорхойлбол “давтагдашгүй” гэж би хэлнэ. Монгол урлагийг монгол хүн л хэлж, зөвлөж чадна. Харин монгол урлагийг өөр бусад хүмүүс нь харж биширч гайхширна.

-The Hu” хамтлаг л гэхэд уламжлалт урлагийг орчин цагтай хослуулан сонирхолтой шийдлээр гарган ирсэн шүү дээ?

-Монголын “The Hu” хамтлаг маань маш амжилттай яваа. Дэлхийн тавцанд хөөмий, морин хуур зэрэг ардын урлагийг бусад хөгжмийн зэмсэгтэй хоршуулаад үнэхээр гоё аргаар гаргасан. Энэ бол том амжилт. Сайн менежмент, зөв шийдэлтэйгээр эх орныхоо нэрийг гаргаж яваа.“The Hu” хамтлагийнханд баяр хүргэе, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Цар тахлаас болоод “The Hu” хамтлагийнхан Австралид хэдэн сар гацсан байсан шүү дээ. Сүүлд тэдэнтэй холбогдож “Монголд очоод хоёр дахь CD-нийхээ ажлыг амжилттай хийгээрэй” гээд ярьсан. Одоо эх орондоо очсон байх.

-Та Монголынхоо “The Voice” шоуг үзсэн үү?

-Хараахан үзэж амжаагүй явна. Харин youtube-ээс Дашнямын дуулахыг сонссон. Өмнөд Монголын дуучин Б.Цэцэгмаагийн дуулсан “Нэр үгүй салхи” хэмээх дууг үнэхээр сайхан дуулжээ. Хамгийн шилдэг нь болсон гэж би хараад байгаа. Харин бусдыг нь хараахан үзэж амжаагүй л байна. Тэр дуучинд баяр хүргэмээр байна. Үнэхээр сайхан дуулсан шүү.

-Австралийн “The Voice” шоуны эхний шатанд дөрвөн шүүгч эргэж харсан шүү дээ. Яагаад Гай Себастиан дуучныг дасгалжуулагчаараа сонгох болсон бэ?

-Гай Себастиан бол Малайз, Австралийн поп дуучин. Бага байхдаа Малайзаас Австралид очиж суурьшсан юм билээ. Нэг удаа радиогоор түүний “Before I go” буюу “Явахаасаа өмнө” гэдэг дууг нь сонсоход надад маш их таалагдсан. Энгийн мөртлөө үнэхээр чихэнд чимэгтэй дуу шүү. Анх “The Voice” шоуны урилга ирэхэд орох эсэхээ бодож эргэлзсэн удаатай. Ингээд шоуны шүүгчдийг харахад алдарт Гай Себастиан дуучин байсанд олзуурхаж, оролцохоор шийдсэн. Гай Себастиан шүүгчээр ажиллах учраас надад “The voice” шоунд оролцох хүсэл эрмэлзэл төрсөн юм. Шоунд Австралийн хоёр шүүгч, Англи болон Америкийн тус тус нэг шүүгч ажиллаж байгаа.Шүүгч Дельта бол Австралийн эмэгтэй дуучин, Бой Жорж Англиас уригдаж ирсэн шүүгч, мэдээж дуучин Келиг хүн болгон мэднэ шүү дээ. Анх дуучин Бейонсетой хамтарч гарч ирж байсан.

-Халз тулааны шатанд хэнтэй өрсөлдсөн бэ?

-Жонытой хамт нэг тайзан дээр дуулсан. Жоны угаас маш чадварлаг дуучин. Би түүнийг түрүүлээсэй гэж бодож байна. Түүнтэй хамт нэг тайзан дээр дуулсандаа баяртай байгаа.

-“The Voice” шоуны тайзан дээр саяхан “Battle” шат буюу халз тулааны өрсөлдөөн өрнөлөө. Зарим шүүгч, үзэгч үүнийг эн тэнцүү өрсөлдөөн болсонгүй гэж үзлээ. Энэ талаарх таны байр суурийг сонирхъё?

-Халз тулааны шатыг өрсөлдөөн гэдэг утгаар нь харвал энэ шударга бус байсан болов уу. Гэхдээ үүнийг би хувьдаа уран бүтээл талаас нь харсан. Өөрөөр хэлбэл, ардын урлагийг Майкл Жексоны “Earth song” дуун дээр Жонытой хамт хэрхэн яаж, ямар өнгө тембер хоршуулж гаргах вэ гэсэн талаас нь хамтран үзүүллээ.Гай Себастиан надад үг өгөөгүй нь үнэн ч үүнийг би айхтар буруугаар ойлгоогүй. Угаас энэ шоуг үргэлжлүүлээд явлаа ч цаашдын үе ахих тусам шоуны гэрээ маш хатуу нөхцөлтэй. Би урлагаараа ажилладаг учраас гарын үсэг зураагүй. Угаас урлагаараа ажилладаг над шиг хүмүүст тохиромжгүй гэрээ санагдсан.

-“Aya”, “Equus” гэсэн хоёр хамтлагаа танилцуулаач. Танаас бусад гишүүд нь Австралийн дуучин, хөгжимчид гэж дуулсан…?

-Хамтлагийнхаа гишүүдийн заримтай нь томоохон фестиваль ёслолын үеэр уулзаж, хамтарч тоглоод танилцсан. “Aya” хамтлаг маань гурван гишүүнтэйгээр хоёр жил гаран болж байна уу даа. “Aya” гэдэг нэр нь Монголоор ая буюу хөг аялгуу, Арабаар гоё сайхан гэсэн утга илэрхийлж буй. Эгшиглэнтэй, яруу аялгуутай хөгжим тоглодог болохоор “Ая” гэдэг нэрийг олзуурхсан. Манай хамтлагийн эмэгтэй гишүүн маш сайхан дуулна. Эрэгтэй гишүүнийг Линсей Поллак гэдэг. Түүнийг Австралийн хамгийн алдартай үлээвэр хөгжимчдийн нэг гэж хэлж болно. Линсей Поллак лууван арилгаж нүхлээд үлээвэр хөгжим хийж хөгжимддөгөөрөө алдартай. Харин “Equus” хамтлаг маань дөрвөн гишүүнтэйгээр долоон жил болж байна. Манай хамтлагийн гишүүд морин хуур, контрабас, бөмбөр, гитарыг хослуулан тоглодог. Бид бараг Австралийн ихэнх фестивальд оролцсон. “Equus” гэдэг нь латинаар морь гэсэн үг. Морин хуур тоглодог учраас хамтлагийнхаа нэрийг мориор жишиж ингэж өгсөн.

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Одоогоор өөрийнхөө альбом дээр ажиллаж байна. Ерөнхийдөө ирэх жилийн эхээр гэхэд гарчихна. CD-гээ бичүүлээд дууссан. Харин одоо гаднах дизайн дээр ажиллаж байгаа. Австралийн Мельбурнд амьдардаг н.Хоснаран гэдэг маш авьяаслаг уран бүтээлч, залуу зураач CD-ний маань дизайн дээр ажиллана гэсэнд баяртай байгаа. Мөн арванхоёрдугаар сарын сүүлээр “Аya” хамтлагийнхаа CD-ний ажилд орно.

Одоо долдугаар сарын эхээр youtube-ээр концерт хийх төлөвлөгөөтэй байна. Сонирхсон хүмүүс нь үзээрэй. Ерөнхийдөө цар тахлаас болоод хаа сайгүй хэцүү байх шиг, тэр дундаа уран бүтээлчдэд хэцүү байгаа. Тиймээс ч энэ жилдээ CD-нийхээ ажлыг амжуулах төлөвлөгөөтэй.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэндсүрэн: Эхнэрээ төрсний дараа аавууд бас сэтгэл хямралд өртдөг

Жирэмсэн болон жирэмсний дараах сэтгэл гутрал, залуу хосуудын харилцаа, нөхрийн сэтгэл зүйн талаар “Энх төрөхүй” жирэмсэн эхчүүдийн сургалтын төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.


-Саяхан нэг эмэгтэй хүүхдээ тэврээд орон сууцнаас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч нийгэмд түүнийг архи уусан, сэтгэцийн эмгэгтэй гэхчлэн буруушаах хандлагатай байна. Харин сэтгэл зүйчид үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлаж байна. Таны хувьд энэ явдлын цаад шалтгаан нь юу гэж харж байна вэ?

-Би үүнийг эмч хүнийхээ хувьд сэтгэл зүйн гүн хямралтай холбож харж байгаа. Ерөнхийдөө амьдрал гэдэг чинь маш их урт хугацаа. Эмэгтэй хүн жирэмсэн болсноос эхлээд маш урт аяллын замд ордог. Үүнийг хүн бүр мэдэж байх үүрэгтэй. Энд хамтын амьдрал гэдэг зүйлийг хамгийн түрүүнд онцлох ёстой гэж бодож байна. Жирэмсэн үед эмэгтэй хүний сэтгэл зүйд маш их өөрчлөлт ордог. Бие организмын тал дээр ч өөрчлөлт ордог. Энэ бие болон сэтгэл зүйд орж байгаа өөрчлөлтийг хамгийн түрүүнд хэн мэдэх ёстой вэ. Хамгийн түрүүнд хажууд нь байгаа хань нь мэдэх ёстой. Тэрийг хамгийн сайн ойлгох хүн нь нөхөр. Яагаад гэвэл тэр хүүхдийг эрүүл саруул өсгөхийн тулд эмэгтэй хүнээс маш олон төрлийн даавар ялгарч байдаг. Тийм учраас ээжүүдийн сэтгэл зүй тогтворгүй, хямрамтгай болдог. Энэ бол ихэнх эмэгтэйчүүдийн туулж гардаг бэрхшээл. Үүнд найз нөхдийн анхаарал халамж, гэр бүлийн хүний сэтгэл зүйг ойлгож байгаа байдал, дээрээс нь аав ээжийн нөлөөлөл маш их гэж би хувьдаа боддог. Сайхан хайр халамж, анхаарал тавиад байхад эмэгтэй хүний тэр хямарч байгаа сэтгэл зүй өөрөө аяндаа гоё болно. Тэрийг л энэ манай эрчүүд ойлгомоор юм шиг санагдаад байгаа юм. Ер нь байгууллагын дарга нар ч гэсэн ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр жирэмсэн болсон цагаасаа анхаарах ёстой байх нь ээ?

-Жирэмсэн эхийн тухайд гэвэл бүхэл бүтэн есөн сарын турш өөр амьдралтай тулна. Хэвлийдээ хүн тээж байгаа хүн чинь эрүүл саруул тээхээс эхлээд түмэн зүйл бодно. За тэгээд хүүхдээ тээх хугацаа нь дууслаа. Хүүхэдтэйгээ уулзах мөч ирнэ. Товчхондоо манай ээж, аавууд энэ бүхэнд бэлтгэгдээгүй байдаг. Манай монголчуудын хамгийн том алдаа болно доо, болсоор ирсэн юм гэдэг юмыг ярьсаар байгаад өнөөг хүрсэн. Хорвоо дэлхийд бүхэл бүтэн хүн төрүүлж байж хүүхэдтэйгээ хэрхэн танилцахав, юуг анхаарах ёстой, яах ёстой гэдгээ урьдчилан сэтгэл санааны хувьд бэлддэггүй. Юм уншдаггүй, судалдаггүй. Үүнээс болоод гэнэт шинэ хүнтэй болохоор цохилтод орж бүх зүйл хүнд мэт санагдаж сэтгэл гутрал гүнзгийрэхэд хүргэдэг байхгүй юу. Одоо энэ үгийг энэ XXI зуунд болих хэрэгтэй. Суралцах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй. Нийгэм өөрчлөгдөж амьдралын хэв маяг өөр болоод байхад бид өнөөдөр зогсоолдоо зогсоод л дээр үед тэгдэг байсан ш дээ, ингээд л болоод л байсан ш дээ, одооны охид сүртэй гэдэг нь гэсэн хандлага хэвээрээ байна. Энийг хэн хэлж байна, эцэг эх, өвөө эмээ нар. Өөрсдөө тэр нийгмийн хүмүүс байж. Тэдний үед л хүмүүс тэгж амьдарч байсан. Одоо энэ XXI зууны нийгэм өөрийгөө өөрчлөх цаг болсон, бүр өнөөдөр маргааш хүртэл өөр болоод байна. Тэр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүд адилхан л хүн. Адилхан л хямардаг. Тэдэнд тусалдаг. Сэтгэл зүй эмчлэх төвүүд нь маш их байдаг. Зөв дэмжлэг тусламж үзүүлдэг учраас тэд нар сэтгэл хямралаас гарч чаддаг. Гарахгүй ч байж магадгүй. Тэд бүгдээрээ мундаг хүмүүс биш. Харин монголчууд сэтгэл хямралаас яагаад дийлэнхээрээ гарч чадахгүй байна вэ гэхээр нөгөө асран хамгаалагч, халамжлан хүмүүжүүлж байх тэр хүмүүс нь өөрсдөө ерөөсөө мэдлэггүй учраас энэ хүнийг улам цааш нь гүнзгийрүүлээд байгаа гэдгээ ойлгодоггүй. Тодорхой хэмжээний мэдлэгтэй болох ёстой. За тэгээд хүүхэд чинь төрүүлэхэд л гараас гарчихдаг юм биш. Өөрийгөө авч явах чадваргүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй дохионы хэлээр ярьдаг хүнтэй л бид уулзана. Энэ хүүхэд хөхөө хөхөх гээд байгаа юм уу, даараад байгаа юм уу, халууцаад байгаа юм уу, бүх анхаарал хүүхдийн эргэн тойронд. Яагаад гэвэл тэр хүн хүүхдээ ойлгохгүй байгаа учраас өөрийгөө орхичихож байгаа юм. Тийм учраас л энэ сэтгэл зүйн хямралууд бий болоод байгаа юм.

-Энэ хямрал хэр урт хугацаанд үргэлжилдэг юм бэ?

-Би төрсний дараах эхний 14 хоногийг хосуудад ойлгуулахдаа “Энэ бол үлгэрийн 14 хоног шүү” гэж хэлдэг. Энэ хугацааг л давчихвал хямрал гутрал болтлоо гүнзгийрэхгүй. Хүний бүх хэмнэл алдагдаж байдаг. Унтах хэмнэл, хооллох хэмнэл зэрэг алдагдана. Дээрээс нь хүүхдээ гэмтээчих вий, унтуулж чадахгүй байна, арчилж чадахгүй байна, хөхөөр хооллож чадахгүй байна гээд есөн шидийн бодол эмэгтэйчүүдэд орж ирдэг. Тэгтэл эрэгтэй хүний толгойд тийм бодол орж ирэх нь байгалиасаа ховор. Энэ бол байгалийн хуулиараа явж буй зүйл юм. Ингэж хямарч байгаа хүний хажууд байгаа эрэгтэй хүн заавал бэлтгэгдсэн байх ёстой. Энэ бол хамтын амьдрал, урт хугацааны аялал, тэр чигтээ бэлэг. Хэрвээ мэдэхгүй зүйл тохиолдвол өөрийн гэсэн зөвлөх хүнтэй болох хэрэгтэй.

-Сэтгэл зүйн талаасаа тогтмол зөвлөгөө, заавар авдаг хэвшил манайд түгээмэл биш болов уу?

-Монголчуудын хувьд хэзээ ч тийм хүн байхгүй. Зүгээр л масс дунд нь хаядаг. Төрсний дараах зургаан долоо хоногийг нялх биетэй ээж гэж нэрлэдэг. Тэр нялх биетэй ээжид дээр үеийн монголчууд юу гэж хэлдэг байсан бэ гэхээр наад хүнээ сайхан амраа, битгий ядраа, битгий цочоо, битгий стресст оруул гэдэг байсан. Тэгсэн одоо бүүр өөр болоод 45 хоног усанд орж болохгүй, чи заавал малгай өмсөх ёстой, чи заавал чихээ бөглөх ёстой гээд бүх хүмүүсийг дарамтанд оруулж байгаа юм. Усанд ормоор санагдаад, толгой нь загатнаад байхад чи усанд орж болохгүй ээ гээд байвал тухайн хүнд дарамт болно биз дээ. Тэгээд ч монголчууд нээлттэй биш дотогшоо хүмүүс. Энэ төрлийн хүмүүс бусад хүмүүсийн дарамтад ороод ирэхээр тухайн хүн ерөөсөө гаргалгаагаа гаргаж чадахаа больж байгаа юм. Энд таван хүн өөр юм хэлнэ, тэнд гурван хүн өөр юм хэлнэ. Угаасаа мэдлэггүй хүн чинь өөрөө тугалган жад шиг болчихдог. Хаашаа харж хэнийг нь, алийг нь дагахаа мэдэхээ болино. Тэгээд ирэхээрээ өөрсдийнхөө аав ээжийг л дагая. Тэд ч ингэж л ирсэн, бид нар болоод л ирсэн юм чинь. Өвчингүй байвал тэгээд л болоо биз дээ гэдэг. Гэтэл үгүй байхгүй юу. Тэр хүнийг л сэтгэл санаагаар нь дэмжиж өгдөг, хүүхдийг нь хэн харах ёстой юм гээд урт хугацааны төлөвлөгөө гаргах ёстой. Ажлаа хэрхэн хуваарилах талаар нөхөртэйгөө ярилцаад би энийг хийе, энэ ажлыг чи хий гэх мэт. Хүүхдээ усанд оруулах нь таны ажил, хүүхдээ салхинд авч гарах нь тэрний ажил гээд хуваарилна. Хуваарилсан ажлаа тэр нь хийнэ. Гэртээ хүүхдээ харах нь тэр. Яг ингэж төлөвлөгөө гаргахгүй болохоор маш их сэтгэл зүйн хямралд орж байгаа юм.

-Гэхдээ манай эрчүүд хүүхэд гаргах, өсгөх, гэр цэвэрлэх нь эхнэрийн ажил гэсэн ойлголттой ирсэн…?

-Яг тийм. Эмэгтэй хүн бол хүүхдээ тээдэг, хүүхдээ төрүүлдэг, хүүхдийг өсгөдөг, бүх ажил эмэгтэй хүний ажил. Ерөөсөө гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ. Муухайгаар хэлбэл боол шиг. Нөхөр бол ажилдаа явчихна. Угаасаа эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө үеэс бид тийм юмыг хараад өсчихсөн юм байна. Гэхдээ монголчуудын хувьд яадаг вэ гэхээр нөхрүүдийн архи уудаг нь эмэгтэйчүүдэд маш ихээр нөлөөлдөг. Ер нь хайхрамжгүй, угаасаа нэг хэнэггүй орж ирээд л эхнэртээ ч цаг гаргахгүй, хүүхдэдээ ч цаг зав гаргахгүй. Угаасаа л ингэдэг юм чинь, угаасаа л болчихдог ш дээ гэдэг байдлууд байдаг. Архи ууна. Гэр бүлээсээ илүү найз нөхдөдөө цаг зав гаргана. Тэр найз нөхдөдөө гаргаад байгаа сайхан цагаа гэр бүл, хань ижил, хүүхдэдээ гарга. Хүүхдэдээ хэдэн цагийг гаргах юм. Тэр чинь түрүүний миний яриад байсан уртын урт аяллын төлөвлөгөө юм. Эхнэртээ хэдэн цаг гаргах, хүүхдэдээ хэдэн цаг гаргах, бие биендээ яг хэдэн цаг гаргах юм. Бие биендээ цаг гаргахын тулд хэн нэгнийхээ ээжийг түр зуур дуудаад манайд, танайд хоёр цаг хүүхэд хараад өгөөч, бид хоёр нэг гадуур гарчихаад ирье гэхэд болохгүй зүйлгүй.

-Танай сургалтад эрчүүдэд жирэмсний өвдөлтийг мэдрүүлж, гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө өгдөг. Сургалтад суусан аавууд, нөхрүүдийн хувьд эндээс өөр ойлголтыг авч байгаа нь хэрхэн илэрдэг вэ?

-Ойлголт нь шал өөр. Эрчүүд анх орж ирэхдээ бараг л ойлголт байхгүй. Эхнэрийнхээ жирэмснийхээ хугацаанд гоё аз жаргалтай байх завгүй өдрүүдийн төлөвлөгөө гаргасан уу гээд хамгийн түрүүнд асуудаг. Бүтэн есөн сарын хугацаанд эхнэрээ зөвхөн буйдан дээр хэвтүүлээд, утас шагайлгаад суулгах уу гэж би хэлдэг. Тэгэхээр хүн бодож эхэлдэг байхгүй юу. Аз жаргалтай байх завгүй өдрийн төлөвлөгөө гэхээр хүмүүс аягүй том юм боддог. Эмэгтэйчүүд хань нөхрөөсөө халамж л хүсдэг. Халамж гэдэг чинь юу юм? Аз жаргал гэдэг чинь юу юм бэ? Зүгээр л бие биенийхээ хүслийг биелүүлэхэд л аз жаргал оршиж байгаа юм. Жишээлбэл, эхнэрээ йогад явуулах, усан спортоор хичээллүүлэх, дэлгүүр хэсэх, хамтдаа зугаалах, хамтдаа кино үзэх.

Эхнэрээ йогад явуулж байгаа бол йогад явахад нь хүргэж өг, дуусахад нь буцааж ав. Энэ хооронд л хосуудын харилцаа өөр болоод байх ёстой юм. Одоо залуу хосууд чинь харьцангуй дажгүй болоод байна. Гэхдээ л нөгөө ойлгомжгүй хэвээрээ байсаар л байгаа. Ойлгомжтой хэлбэрт оруулахын тулд яах ёстой вэ? Сургалт гэдэг юм л маш олноороо байх хэрэгтэй. Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг, жирэмсэн эмэгтэйчүүдэд, хосуудад зөвлөгөө өгдөг төвүүд маш олноороо нээгдэх хэрэгтэй. Манайд ганцхан төв байгаад яах юм. Хүн хүчээ яагаад ч дийлэхгүй шүү дээ.

-Сэтгэл гутралын хамгийн хурц хэлбэрт орсон хүмүүст ер нь юу бодогддог юм бол?

-Хямарч байсан юмаа бүүр хэнд ч ярихгүй байсаар сэтгэл гутралд орно. Сэтгэл гутралд орно гэж юу гэсэн үг вэ? Дотогшоогоо болж байна гэсэн үг. Хаалттай болоод ирж байгаа юм. Тэр хүний орчинд дандаа таагүй мэдрэмжүүд орж ирнэ. Ямар таагүй мэдрэмж байдаг вэ гэхээр дандаа нөгөө дотогшоогоо болсон таагүй мэдрэмжүүд нь амиа хорлох, амиа егүүтгэх, өөрийг нь дандаа буруутгах, хүүхдийнхээ амийг егүүтгэх гэх мэт санаанууд орж ирдэг. Тэр хүнийг уг нь бол хараад ойлгохоор л байгаа юм. Харц нь гөлрөөд, шөнө босоод, ууртай болох гэх мэт хэнд ч харагдана. Ингээд байна аа гэдэг маань сэтгэл гутрал гээд бүүр сэтгэцийн эмгэг болж байгаа юм. Энэнээс гаргана гэдэг хэцүү.

-Эхнэрээ төрсний дараа зөвхөн ээжүүд ч биш аавууд мөн сэтгэл хямралд ордог гэсэн. Энэ тухайд?

-Төрсний дараа ганцхан эмэгтэй хүн дарамтад ордоггүй. Аавууд бас адилхан стресст ордог. Өнөөдөр хүүхдээ уйлагнахад шөнөжингөө хараад нойргүй хонож байгаа аав маргааш нь бас ядарна. Ажилдаа амарч чадалгүй явна. Ачаалал ихэснэ. Би амьдралыг ийм гэж бодоогүй, хэцүү ажил байна гээд адилхан стресст ордог байна. Би хосуудад хэлдэг. Ганцхан эмэгтэй хүн ингэж хямраад байдаг юм биш шүү. Таны нөхөр чинь бас доошоо хараад, толгой гудайлгаад суучихсан байдаг. Бас адилхан хямарч байгаа юм аа. Хамтдаа хямарч байвал хоёулаа гарцыг хайх хэрэгтэй. Эмэгтэйчүүд дааврын өөрчлөлтөөс болж түлхүү хямардаг бол эрчүүд хөндлөнгөөс нь хараад хямарч байна. Ихэнхдээ эхнэрээ шөнө нойргүй хонож байгааг харж байна, хүүхдээ уйлаад байгааг харж байна, хамтдаа ядарч байна. Живхний мөнгө, хоол ундаар гэр бүлээ дутаахгүй байх стресст ордог. Ажлын бүтээмж нь буурна. Тэрийг бас эхнэрүүд ойлгодоггүй. Мэдээж энэ тохиолдол бага ч гэсэн сэтгэл хямралаас гарах хамгийн сайн арга бол сайн ярилцах, хамтдаа болж бүтэхгүй байгаа зүйлээ зөвлөлдөх л юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Ганболд: Дэндүү болхи, дэндүү улаан цайм үйлдлийг эрх мэдэлтнүүд гаргалаа

УИХ-ын 19 дүгээр тойрог, Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболдтой ярилцлаа.


-Дарханд та нэлээн өндөр рейтингтэй байсан. Сонгуульд ялагдахад юу нөлөөлөв?

-Маш олон хүн намайг нэгдүгээрт бичигдэж гарч ирнэ гэж байсан. Харамсалтай нь дан ганц бие даагчдын саналыг тоолохдоо сонгуулийн машинд байхгүй, таслалтай форматтай орж ирсэн. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл нэг форматаар явах ёстой гэж хэлж байсан ч тэгсэнгүй. Хөндлөнгийн хакер ажиллагаа хийлээ. Миний санал 7311 байхад 7,311 гэсэн тоо тавьсан хэр нь 10 мянгатай саналтай хүнд таслал гарсангүй. Сонгуулийн машин 7311 саналыг алдагдуулсан байна. Миний нийт санал 24 мянга байх байсан. Энэ зөвхөн надад тохиолдсон асуудал биш. Чансаа өндөртэй байсан бүх бие даагч дээр давтагдсан. Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр, Т.Бат-Оргил, Ж.Эрхэмбаатар, Ц.Цолмон гээд бүх бие даагчдын авсан санал дээр бүгд таслалтай гарч байна. Авсан саналыг хуваалт оруулчихсан учраас таслалтай гарч байгаа юм. Энэ нь солигдох хугацаа нь 15 минут орчим байгаа учраас эхлээд таслалтай гарч байгаа бөгөөд дараа нь арилж байна. Тойрог бүр дээр бие даагчдын санал бүгд таслалтай байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж, улс орны төлөө үйлчилж байгаа, улс орноо МАН ба бусад гэж үзээгүй Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ ажиллагааг шалгаж, энэ бүх ажиллагаа явагдсан тойргууд дээр дахин санал хураалт явуулах ёстой.

Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа шударга байцгаая, шударга сонгууль болох ёстой гэж үзэж байгаа бол хүний өөрийн нам гэж үзэлгүй санал алдагдсан тойргууд дээр дахин санал хураалт хийе. Алга болсон санал хаашаа орсон нь бүгд гарна. Үүнийг ТЕГ-т бус олон улсын систем хангамжийн компаниар дахин шалгуулмаар байна.

-Давхар хяналтын тооллого явж байгаа шүү дээ?

-Хяналтын тооллогыг хийдэг процедурын хувьд тухайн тойргийн хэсгүүд дээр аль аль тойргийн хэсгүүдийг хянах вэ гээд сугалаа сугалуулдаг.

Сугалаа сугалагдчихаар аль хайрцгийг тоолох нь тодорхой болчихож байгаа юм. Тэгэхээр хяналтад ороогүй, сугалагдаагүй хайрцгууд дээр үүнийг хийх бүрэн боломж үүснэ. Хар хайрцагны программд байдаггүй таслалуудыг мөн гаргаж ирж байна. Энэ хөндлөнгөөс тооцоолол оруулж ирж байгаа гэдгийн баталгаа юм.

-Ийм таслалтай хэдэн тойрог байна?

-Бүх бие даагчтай тойргууд дээр байна лээ. Бие даагчийнх нь рейтинг бол нэг их хамаагүй, бүгд дээр нь харагдаж байна.

-Хяналтын тооллого дээр хичнээн санал авах байранд та нэгээр гарсан юм бэ?

-Сугалаагаар хийгдсэн хяналтын тооллогууд дээр зөрүү гарч ирэхгүй байгаа. Түрүүн ярьсан сугалагдаагүй хайрцгууд дээр хийгдэж байгаа зүйл байхгүй юу. Машин зөв уншиж байгаа болохоор би нэгдүгээрт байгаа юм.

-Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Цаашид хэрхэн тэмцэх вэ?

-Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна. Эрх мэдэлтнүүдэд зориулж хууль үйлчилж, тэдэнд зориулж тайлбарлагддаг, илт зүйл дээр мэлздэг ийм нийгмийг хүсэхгүй байна. Тиймээс үүнийг эсэргүүцэж, энэ талаар ярьж байгаа юм. Бид эрх зүйт нийгмийнхээ онолын дагуу ҮАБЗ-ийн гурван гишүүндээ хандаж, СЕХ, ТЕГ-ын даргад хандаж энэ бүх фактуудаа онолынх нь дагуу тайлбартай нь хүргүүлнэ. Дэндүү болхи, дэндүү улаан цайм ийм л үйлдлийг гаргачихлаа.

-Сонгуулийн ерөнхий хорооноос танай шаардлагад тайлбар өглөө. Үүнийг хэрхэн харж байна?

-СЕХ-ны зүгээс хууль, үйлдлийн системд байдаг бүх зүйлсээ тайлбарлалаа. Ямар нэгэн алдаа гараагүй, хууль зөрчигдөөгүй, хуйвалдаан ороогүй сонгууль болсон гэсэн. Тэдний тайлбарлаж чадахгүй байгаа гол зүйл нь зөвхөн бие даагчдын саналын тоон дээр гарч ирсэн таслал. Үүнийгээ үйлдлийн системд гарсан алдаа. Энэ алдаа байж болно, таслал бол мянганы нэгжийг ялгаж буй хэлбэр гэж тайлбарлаж байна. Таслал мянганы нэгжийг тасалдаг гэдгийг нэгдүгээр ангийн хүүхэд ч мэднэ. Гэхдээ формат нь нэг байхад яагаад зөвхөн бие даан нэр дэвшигчдийн санал дээр таслал гарч ирээд бусад хүнийх дээр гарахгүй байгаа нь асуудалтай. СЕХ-ны ажилтнууд өмнө нь мэдэгдэл хийхдээ таслалыг алдаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэв алдаа юм бол сонгуулийн алдаатай дүн хүчингүй болох ёстой. Энэ эргэлзээг тайлахын тулд СЕХ-ны тодорхой хүмүүс тойргуудад дахин гараар тооллого хийе гэж байна. Санал хураалт явуулсан өдрөөс хойш дөрөв хоног өнгөрлөө. Энэ нь эрх мэдэлтэй тал юмыг хангалттай хольж, солих хугацаа. Хуулийн дагуу бүх зүйл битүүмжлэгдсэн байгаа гэж байна. Гэхдээ иргэд бид хардах эрхтэй. Миний хувьд бол эргэлзэхээр хэмжээний нөхцөл үүссэн. Үнэхээр үнэмлэхүй ялсан юм бол, айгаагүй юм бол маргаантай, эргэлзээтэй байгаа тойргуудад яагаад дахин санал хураалт явуулж болохгүй байгаа юм бэ. Дахин санал хураалт явуулаад Т.Ганболд гэдэг хүн ялагдвал ярих юмгүй л болно. Саналыг шууд ард түмний нүдэн дээр ил тоолчихъё. Би ялах албагүй, гэхдээ зөвхөн бие даагч нарын санал дээр таслал гарч ирээд байгааг тайлбарлаж чадахгүй байна. Хардалт, эргэлзээг тайлахын тулд бид явж байна.

-Бэлдсэн цаас яваад байна гэдэг зүйл бас яригдаад байна л даа?

-Хар машинд уншигдсан саналын хуудас хайрцагнаасаа гараад зориулалтын уутанд лацдагдаад тагнуулын хяналтад таван жилийн хугацаанд хадгалагддаг юм билээ. Олон нийтийн сүлжээгээр яригдаж байгаа бэлтгэгдсэн цаас МАН-ын харьяаллын хэвлэлийн компани дээр хэвлэгдсэн юм билээ. Энэ хуудаснууд хайрцагнаас гараад гялгар уутанд хадгалагдаж байна уу, хайрцагнаас гарсан нь шатаагдаад МАН-ыг ялуулсан бэлтгэгдсэн цааснууд гялгар уутанд хадгалагдаж байна уу гэдгийг тогтооход маш хэцүү болчихож байгаа юм. Яагаад гэвэл эрх мэдэл хэт нэг талдаа байна.

-Том мажоритар систем дээр ер нь иргэдийн өгсөн санал гээгддэг талаар яригддаг. Тиймээс пропорционалиар явъя гэдэг санал явж байсан. Сонгуулийн хуулийн хүрээнд юу гэж харж байна?

-Сонгуулийн хуулийн талаар олон удаа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан. Манайхан сонгуулийн хууль гэхээсээ илүү улс төрийн намуудаа эхлээд цэгцлэх ёстой. Манай улсад 36 нам бий. Хуулиараа бүгд эрх тэгш. 30-35 дугаар нам, 20-35 дугаар нам, 10-35 дугаар дэс дарааллаараа байгаа намууд өнөөдөр нэг, хоёрт бичигдэж байгаа МАН, АН-тай эрх тэгш үү гэж та өөрөөсөө асуугаад үз. Хуулиараа бол эрх тэгш. Харин амьдрал дээр тийм эрх тэгш нөхцөл байгаа юу гэдгийг бодоод үзэхээр энэ нь өөрөө анхнаасаа тэгш бус нөхцөл байдлыг үүсгэчихэж байгаа юм. Өнөөдөр 100 жилийн настай МАН гэж та нар их ярьдаг болчихож. Уучлаарай. 1990 он хүртэл бид нэг намтай байсан улс. Энэ МАН бидний бүгдээрэнгийнх нь нам. Энэ өнөөдрийн МАН-ынхны өмчилж авах нам бол биш ээ. 1990 он хүртэл Монгол Улсад байсан ганц нам. Энэ намыг өдгөө хэсэг бүлэг нөхөд хувьчилж авчихаад 100 жилийнхээ ойг хийх гээд явж байгаа нь зохимжгүй, буруу үзэгдэл юм. Энэ олон факт, нөхцөл байдлуудыг тунгааж, үзэж, өдгөө эрх мэдэлд байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ухаараад намуудаа бүгдийг нь татан буулгах ёстой. Өдгөө хоёр сая 100 мянган сонгогчийнхоо ядаж таван хувийнх нь дэмжлэгийг авах хэмжээний болох чадвартай буюу 105 мянган хүний гарын үсэг цуглуулж чадах нэгдлүүд нам болж бүртгэгдэх ёстой. Зүгээр гэрчилгээ тамгатай, эсвэл засаг төрийнхөө дээр гараад суучихсан нам биш, эрх тэгш нөхцөл байдалд намууд үүсч гарч ирэх ёстой юм аа. Ингэж байж, дөрвөөс таван нам хамгийн ихдээ бүртгэгдэж, бодлогын эрүүл өрсөлдөөн бий болно. Үүний дараа таны асууж байгаа хууль буюу жинхэнэ утгаараа пропорциональ тогтолцоо руу орох ёстой. Улс орон, нийтийн төлөөх өөрчлөлтийг хийх гэж байгаа намуудын бодлогын өрсөлдөөн буюу сонгууль төсвийн хөрөнгөөс санхүүжиж, намууд зөвхөн мөрийн хөтөлбөрөөрөө уралддаг, нэр дэвшигчдээ танилцуулдаг байх ёстой. Тэрнээс эрх мэдэл, мөнгөний сүлжээ, төсвийн хөрөнгөний эзэрхийллээр ингэж сонгууль хийнэ гэдэг шударга бус.

-Та аль нэг нам руу нь элсээд сонгуульд оролцсон бол сонгогдох магадлал улам өсөх байсан юм биш үү. Таны үеийн бизнесмэнүүд болох Г.Амартүвшин, Х.Ганхуяг гэх залуус намаас дэвшээд гараад ирлээ шүү дээ?

-Түрүүн хэлсэнчлэн намууд онолын хувьд нам биш болчихсон. Ашиг сонирхлын бүлэглэлүүд болчихсон. Энэ ашиг сонирхлын бүлэглэлүүдэд элсэж, гишүүнчлэлийг нь авахгүй шууд иргэний төлөөлөл болж Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу дэвшсэн.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: 5000 гаруй хүнд коронавирус илрүүлэх асуумж, судалгаа тандалт хийхэд сэжигтэй тохиолдолд илрээгүй

Д.Нарангэрэл: Нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэсэн

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. АНУ-ын эрдэмтэд коронавирус мутацад орж агааржуулалтгүй битүү, харанхуй, хүн олноор цугларсан орчинд халдвар маш хурдан тархах хэв шинжид орж байна гэж дүгнэсэн байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 6632 хүн шинээр өвчилж, 168 хүн нас барсан. Буриад, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 37-110 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад 110 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 4927 болсон. Буриадад 37 хүн шинээр халдвар авч нийт өвчлөлийн тоо 3071-д хүрэв. Манай улсын хувьд өчигдөр шинээр 316 ажиглалтад хүн орж, 233 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоо 2697 хүн ажиглалтад байна. Өчигдөр Япон-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 263 зорчигчийн тээшинд эцсийн ариутгал халдваргүйжилт хийсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгай нислэгээр ирсэн 88 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүнийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Орон нутгийн 15 чиглэлийн гал тэргэнд эрүүл мэндийн 12 ажилтан 5000 гаруй хүнд коронавирус илрүүлэх асуумж, судалгаа тандалт хийхэд сэжигтэй тохиолдолд илрээгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Уянга: Эрх баригчид сонгогчийн боловсролыг муу байлгах бодлого баримтлаад байна


Цахим орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгатай ярилцлаа.


Сайн байна уу. Та Монголоос хэзээ гарсан бэ?

-Би Тайландын Чан мая хотод байна. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Улаанбаатараас гарсан. Энд гацаад зургаан сар гаруй болж байна.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Таны хувьд үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа цахим хаягаараа мэдэгдэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Хүлээлтээс тэс өөр үр дүн гарсан. Сонсоод л шоконд орчихсон. Одоо харьцангуй хүмүүсийн бухимдал, эмоц дарагдсан байна. Монголын ард түмэн л ийм сонголт хийсэн юм байлгүй дээ. Мажоритар систем нь массын санал хувааж, нэг намыг давамгай гаргахад тохиромжтой байдаг. Тойргийг нь л томсгосноос биш мажоритар системээр явж байгаа шүү дээ. Томсгосон мажоритар систем нь нэг намд санал төвлөрүүлэхэд нэн тохиромжтой, жижиг нам эвсэл, бие даагчдад боломж хомс олгодог. Миний хувьд сонгуулийн дүнд хар төрж л байгаа.

-Сонгууль шударга бус явагдсан гэж хардаж байна уу та?

-Саналын хуудас, санал өгсөн хүний тоо зарим тойргуудад зөрөөд байгаа нь том асуудал. Мөн олон мянган хүнийг зургаан сар орчим хилийн гадна гацаачихаад иргэдээ татах тал дээр хойрго хандаж байгаа нь үнэмшил муутай санагдаж байна. Хойд хөрш халдварын голомтоос оюутнуудаа татсан шүү дээ.Ийм байж халдвар тархаагүй газраас иргэдээ татахгүй хойрго хандах юм. Халдвар авахыг нь хүлээгээд байгаа юм уу, үүнийг огт ойлгохгүй байгаа. Хилийн гадна байгаа хүмүүсийн саналыг ашиглаж байх боломжтой гэж хардаж байна.

-Нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тараасан, бие даан нэр дэвшигчдийн саналыг дарсан зэрэг зөрчлүүд гарсан байна лээ.

-Эргэлзээтэй тойргуудад гараар тооллого явуулаад сонгууль будилаантуулсан хөдөлшгүй баримт илэрвэл сонгуулийг хүчингүй болгож дахин явуулах нь зөв гэж үзэж байна. Ирэх намар орон нутгийн сонгуультай нэгтгээд явуулах боломжтой. Орон нутгийн сонгуулийг мажоритароор явуулбал бас л улаан хэрүүл болох нь энэ удаагийн үр дүнгээс харагдаж байна. Өөр систем хэрэгтэй. Нэг намын гарт орчихлоо шүү дээ. Сонгууль дахин явуулахад мөнгө төсөв үрлээ гэж шүүмжлэх л байх. Сонгууль будилаантуулсан хүмүүсийг дөрвөн жил дээрээ залж идүүлж, уулгаж байснаас хэдэн төгрөг зарлагадаад дахин сонгууль хийхэд болохгүй зүйл юу байна. Тэр байтугай л хулгай хийж ард иргэдийг боломжоос хумсалдаг биз дээ. Цахимд дэлгэгдсэн баримтууд баталгаатай бол сонгуулийг дахин явуулах хэрэгтэй.

Мөн гадаадад гацсан иргэд санал өгч чадаагүй. Гэртээ харих хүсэлтэй 10 мянган иргэн байгаа болохоос биш гадаадад 250 орчим мянган монголчууд байгаа шүү дээ. Эдгээрийн саналыг ч ашиглаж сонгууль будилаантуулсан байж болно.

-Халдвартай газраас иргэдээ татах нь дотооддоо халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэх хүн олон байна лээ…

-Халдварын голомт ОХУ-аас оюутнуудаа татахад л огцом өссөн. ОХУ-ын тал хэдэн хүүхдийг автобусанд чихээд хил рүү авчраад хаячихсан байсан. Ийм нөхцөлд халдвар авах нь ойлгомжтой биз дээ. Хамгийн гол нь халдвар аваагүй иргэдийг хилийн гадна олон сараар гацааж байгаа нь сэжиг төрүүлж байгааг дахин онцолъё. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед сонгуулийн өдөр “The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байсныг МАН ялалтын баяртаа зориулсан байсан гэж хардаж байна. Сонгуулийн үр дүн тодорхой болчихсон байсан юм биш үү.

-Сонгогчийн боловсролын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгогчийн боловсрол тааруу байгааг сүүлийн хэдэн сонгуулийн үр дүн харуулсан. Энэ удаагийн үр дүн бүр дордож байгааг батлаад өгчихлөө. Манайхан жижиг бэлэг тараадаг, байрны гаднах тохижилт зэргийг хийчихэд л санал шууд өгчихөж байна. Нэр дэвшигч улс орны хөгжлийн бодлого чиглэлд хууль дүрмийн хувьд тулгамдсан асуудлуудыг боловсруулаад хөдөлгөдөг, улсын эдийн засгийн чадавх багтаамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Сонгогчид энэ талаас нь харахгүй байна. Нэр дэвшигчид сонгуулийн хэдхэн сард л хэдэн байрны дээвэр туурга, хашаа хайс янзлаад л санал авчихаж байна. Сонгогчид үүнийг нэр дэвшигч хувийн хөрөнгөөрөө хийж байгаа буяны ажил гэж хараад байгаа нь харамсалтай. Ингэж санал авдаг жишиг манайд тогтчихоод байна.

Яг үнэндээ бидний татварын мөнгийг үр дүнтэй зөв зарцуулах хүнийг л сонгохын тулд сонгууль явагдаж байгаа шүү дээ.

Бид нарын халааснаас гарсан мөнгөний өчүүхэн хэсгийг нь гялайлгаж буянтай сайн хүн болж харагдаад байгааг иргэд ухаарах хэрэгтэй. Хоногийн хоол, хоёр километр замын төлөө санал өгдгөө одоо болих цаг ирсэн. Бидний сайхан амьдрах санхүүгийн эх үүсвэрийг булааж, хулгайлж байгааг иргэд ухамсарлахгүй байна. Та хувьдаа жаахан тооцоо хийхэд л таны ямар сайхан боломжийг хулгайлж хумсалж байгааг ойлгох болно.

-Сонгогчийн боловсрол иргэдийн амьжиргааны түвшинтэй салшгүй холбоотой юм шиг?

-Тийм л дээ. Эрх баригчид иргэдийн амьжиргааны түвшин доогуур байлгах бодлого явуулаад байна шүү дээ. Тиймээс иргэд рүү сонгогчийн боловсролгүй байна гээд чичээд байх бас хэцүү. Сонгогчийн боловсролыг муу байлгах бодлого баримтлаад байна. Би хувьдаа үүнийг өөрчлөх гэж л их “шатлаа”. Иргэд хэрсүү ухаантай байж, нэг намын тогтолцоо, дарангуйллыг хална.