Categories
мэдээ нийгэм

Цагаан нохой өдөр

Аргын тооллын долдугаар сарын 6. Сумъяа гариг. Билгийн тооллын 16, цагаан нохой өдөр. Өдрийн наран 05:01 цагт мандан 20:53 цагт жаргана. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Түүнчлэн эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 7-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэгтэй

105278363_2419115008381427_91135655043355087_o.jpg

Энэ сарын 2, 4-ны өдрүүдэд тусгай нислэг үйлдэж Сөүл, Токиогоос иргэдээ татан аваад байгаа. Төлөвлөсөн хуваарийн дагуу 07-ны өдөр дараагийн нислэгийг Сөүл рүү үйлдэнэ. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2020 ОНЫ ЭХНИЙ 6 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2020 ОНЫ ЭХНИЙ 06 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

Бүртгэгдсэн гэмт хэрэг

Гэмт хэрэг үйлдсэн байдал

Гэмт хэрэг үйлдсэн газар-1

Гэмт хэрэг үйлдсэн газар-2

Гэмт хэрэг үйлдэгсэд

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээд

Учирсан хохирол

Бүртгэгдсэн зөрчил

Categories
мэдээ нийгэм

Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барина

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаныхан Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын явц,нөхцөл байдалтай танилцжээ. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваганы бөөс, бүүрэгт хазуулсан бол эмнэлэгт хандахыг зөвлөж байна

Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх, тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлж байна.

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам :

Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)

Агаар дусал

Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)

Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр :

Арьсны хэлбэр

Булчирхайн хэлбэр

Уушгины хэлбэр

Үжил хэлбэр

Гэдэсний хэлбэр

Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг :

380-400 хэм хүрч халуурах

Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох

Бүх бие булчингаар шархирч өвдөх

Толгой өвдөх

Ханиалгах

Цустай цэр гарах

Амьсгалахад хүндрэлтэй болох

Бөөлжих

Хэвлийгээр өвдөх

Суулгах

Урьдчилан сэргийлэх :

Тарвага агнахгүй байх

Тарваганы мах идэхгүй байх

Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх

Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх

Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх

Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх

Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх

Тарваган тахлын эсрэг вакцин тариулах

Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх

Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,

Нохойг байнга уяатай байлгах

Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх

Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)

Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтаа бүртгүүлж, урамшуулалд хамрагдаарай

Б.Биндэръяа: Бэлэн бусаар тооцоо хийхэд НӨАТ-ын баримт автоматаар ...

2020 оны 2-р улирлын цахим төлбөрийн баримтаа 2020.07.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн #НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Categories
мэдээ нийгэм

Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

unnamed.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 5, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Мэдээллийн технологийн компаниудаас цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ

Google компани:

Технологийн дэвшилтэй холбоотойгоор цахим орчинд болж буй бүхий л үйл ажиллагаа Google компанитай холбогддог. Иймдээ ч тус компани иргэдэд бодит мэдээлэл хүргэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал:

  • Нүүр хуудсандаа “Covid-19” вирусний халдвараас сэргийлэх зөвлөмж байршуулах;
  • Дэлхийн улсууд дахь халдварын талаарх хяналтын самбар бий болгох;
  • Дэлхийн бүхий л улсуудын эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны хаягийг баталгаажуулах;
  • Хуурамч мэдээ, мэдээлэл, мэдэгдлийг цаг алдалгүй устгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
  • “Covid-19” вирус болон эмнэлгийн хэрэгсэл (амны хаалт, ариутгалын бодис г.м) зэрэгтэй холбоотой албан бус зар сурталчилгааг хориглох, хаах;
  • Meeting программыг зарим бүсэд үнэгүй ашигладаг болгосон ба 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүхий л хэрэглэгч үнэгүй ашиглах боломжтой болгох;
  • Иргэдээс “Covid-19” вирусний шинжилгээ авах программыг зохион бүтээж байна. Тус программ нь англи хэлээр ярих бөгөөд иргэдээс асуулт асууж маягт бөглүүлэх аж. Тус компани энэхүү программаа илүү боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Apple компани

Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор зарим сүлжээ дэлгүүрүүдээ хаасан бөгөөд иргэдийг цар тахлаас сэргийлэх уриалга гаргасан байна.

Microsoft компани

Тус компани үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдээ хааж, үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд иргэдийг цар тахлаас сэргийлэх тухай уриалга гаргасан байна. Мөн дэлхийн газрын зурагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ болон дэлхийн бусад улсууд дахь халдварын талаарх хяналтын самбар бий болгосон.

Uber компани

Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэг бөгөөд тус компаниас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • Тээврийн үйлчилгээгээ зогсоох;
  • Халдвар авсан жолооч нарт мөнгөн тэтгэмж олгох;
  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын захиалгын хоолыг үнэгүй хүргэх;

IBM компани

Covid-19” вирусний шинжилгээ хийхэд тус компани идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд аюулгүй байдаа хангах, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд өгч байна.

Intel компани

БНАХУ-ын “BGI Genomics”, “Lenovo” компаниуд хамтран “Covid-19” вирусний шинжилгээ, судалгаанд зориулсан тооцоолуур бүтээхээр ажиллаж байна. Мөн Зика вирус, Sars, H1N1 томуу, шувууны томуу, эбола вирус болон бусад халдварт өвчний үед ажиллаж байсан мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлсэн байна.

Facebook компани

Иргэдийн дунд цар тахлын талаар хуурамч мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч хяналтыг сайжруулж байна. Мөн өөрийн компанийн ажилчдадаа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Cisco компани

Цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс өөрийн компанийн эзэмшлийн онлайн хурлын Webex программын ашиглалтаа 90 хоногийн турш үнэгүй болгоод байгаа.

Samsung компани

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс гар утас, хувийн эд зүйлээ ариутгаж цэвэрлэхийг уриалсантай холбоотойгоор гар утсыг бактери устгах чадалтай хэт ягаан туяаны гэрлээр цэвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт тогтоосон зарим хязгаарлалтыг цуцлана

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

Ховд аймагт тарваган тахлаар өвчилсөн иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Өнгөрсөн сарын 23-ны өдөр тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн Ховд аймгийн хоёр иргэний шинжилгээгээр тарваган тахлын булчирхай, уушгины хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал болох 96, II хавьтлын 402 хүнд шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Улмаар өвчлөлийн нууц үе дуусаж байгаа тул Ховд аймагт тогтоосон зарим хязгаарлалтыг цуцлах асуудлаар аймгийн онцгой комисс хуралдах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энэ орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэхэд холбогдох газрууд хяналтаа тавьж ажилла. Амьдрах орчны аюулгүй байдалд хүндрэл учруулсан ийм байдалтай байж болохгүй. Газраа орон сууцаар солисон иргэд ч энд хариуцлагатай хандаж, бууцаа цэвэрлэх хэрэгтэй” гэдгийг онцолж хэлээд нийслэлийн Орон сууцны корпорацийн удирдлагуудыг энд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Дараа нь холбогдох албаныхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж байгаа үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгасан юм. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижилтын ажил 80 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэдгийг хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн зүгээс далангийн тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг даалгасан юм.

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна” гэж “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн зүгээс төлөвлөсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Ж.Батбаясгалан: Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт өртөх эрсдэл өндөртэй газруудын судалгааг гарга

Мөн Дэнжийн-1000, Ганц худаг орчмын үерийн далангийн нөхцөл байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд хот гэдэг маань өөрөө дүрэм, журамтай. Үерийн далан сэтэлж, барилга байгууламж барих, зөвшөөрөлгүй газар буух зэрэг зөрчлүүд их гарч байна. Нэг айлын эрх ашгаас болж нийтээрээ үерт автдаг байж болохгүй. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд маань зөвшөөрөгдсөн газраа буух хэрэгтэй байна. Бие биенээ хүндэлж, хотынхоо дүрэм, журмыг барьж соёлтой байгаасай гэж хүсмээр байна” гэв.

“Ойрд хур бороо ихтэй байгаа учраас гэр хорооллын айл өрхүүд усанд өртөх өндөр эрсдэлтэй байна. Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт өртөх эрсдэл өндөртэй газруудын судалгааг гаргаж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, ажлын хэсэг байгуулагдаж ажиллана” гэдгийг хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлээд нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар зэрэг холбогдох байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж хэлсэн юм.