Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. 15настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг барьсан бөгөөд халуурсан шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлажээ. Тарваган тахал хүндрэл гардаг, эндэгдэл ихтэй өвчин тул иргэд тарваганы мах идэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Х.ЕСҮ

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов

Гурав дахь өдрөө үргэлжилж буй Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан шийдвэрээ танилцууллаа.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулав.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг мэдээлэл хийнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Тус нам УИХ-ын ээлжит сонгуулиар 11 суудал авч, УИХ-ын Анхдугаар хуралдаанаар бүлэг байгуулсан тогтоолоо баталгаажуулсан. УИХ дахь АН-ын бүлгийгБ.Ганбат гишүүн ахалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 11537000 хүн өвчилж, 536000 нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 5-нд нийт 334 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ. Уг хүмүүс нь 22 нас эрэгтэй 48 хоног, 36 настай эрэгтэй 37 хоног, 51 настай эмэгтэй 23 хоног эмчлэгдээд гарсан. Улсын хэмжээнд нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. 32 хүн эмчилгээнд байгаагаас биеийн байдлыг үнэлбэл, 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Охинтой болсон” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт 165,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барсан. Сүүлийн хоногт АНУ-д 52,000, Бразилд 26,000, Энэтхэгт 23,000 хүн шинээр халдвар авсан байна. Энэтхэгт анхны халдварын тохмиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн олон халдвар бүртгэгдсэн нь өчигдөр байлаа. ОХУ-д өчигдөр 6,736 хүн халдвар авч, 134 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутгуудад 29-130 тохиолдлоор халдвар нэмэгдсэн. Манай улсын хувьд өчигдөр 134 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн ажиглалтаас гарлаа. Одоо ажиглалтад 2,763 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн эмчлэгдэж байгаагийн гурвынх нь бие хүнд байна. Гэрийн ажиглалтад 563 хүн байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хяналт тавьж байгаа.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн хөл хориог цуцаллаа

Ховд аймагт тарваган тахал өвчин илэрч өнгөрсөн долоо хоногоос Жаргалант, Цэцэг сумд руу орох, гарах хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоосон. Тэгвэл аймгийн онцгой комисс хуралдаж, Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээжээ.

Харин аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Хүн эмнэлэгт хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна. ХӨСҮТ-ын мэдээлж буйгаар, Ховд аймгийн хоёр иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэр болон хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар хавьтагчдын шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Нэг тогтоолоос болоод шууд төвийг сахихаа больж байна гэвэл өрөөсгөл

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Байнга төвийг сахих статус гэдгийг бид юу гэж ойлгох вэ?

-Яг хэллэг, томьёоллын хувьд, хуулийн төслийг анхлан санаачлагчийн тайлбараар бол ойрын болон алс ирээдүйд Монгол Улсад гадны улс орнуудаас ирэх дарамт шахалтыг бууруулах, тулгарч болох эрсдэл түүнээс зайлсхийх зорилготой гэж тайлбарладаг. Олон улс судлаач зарим эрхмийн үздэгээр өнгөрсөн ХХ зууны түүх, өнөөгийн олон улсын нөхцөл байдалд хамгийн эрсдэлгүй, манайх шиг улс оронд хамгийн тохирох сонголт гэж үнэлдэг. Товчхондоо, олон улсын хэмжээнд өрнөсөн маргаан, зөрчилд ямар ч үед, хэзээ ч аль нэг талыг нь дагаж сөргөлдөөнд нь татагдан орохгүй шүү л гэсэн санаа юм. Түүхэн сургамжуудаас харахад энэхүү байр суурийг баримталсан улс орнууд алдахаасаа онох нь илүү байсан гэдэгтэй маргах зүйл байхгүй. Харин тухайлан өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсад зайлшгүй сөхөн гаргаж ирэх шаардлага, нөхцөл байдал бүрдсэн үү гэдэг талаас нь тайлбарлах бол өөр хэрэг.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 6-ны өдрийн 162 дугаар тогтоолоор “Зөвлөмж дэмжих тухай” Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсон байна. Мөн Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасан байна. Тэгэхээр бид төвийг сахихгүй болж байна гэж ойлгож болох уу?

-Хамгийн эхэнд таны асуултад өгөх миний хариулт бол судлаач хувь хүний байр суурь шүү гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Шууд утгаараа Засгийн газрын 2020 оны 162 дугаар тогтоолын үзэл санаа аль нэг талын үзэл бодол, байр суурийг илэрхийлээгүй гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.элбэгдоржийн үед санаачилсан “Монгол Улс байнга төвийг сахих тухай” хуулийн төсөл тухайн үедээ ч Уих-аар хэлэлцэгдээгүй, өнөөдөр дахин яригдахаа больсон. Тиймдээ ч уг хуулийн төслийн санааг дэмжин даган гаргасан засгийн газрын тогтоол нь шаардлагагүй болж өмнөх 2015 оны 375 дугаар тогтоолоо л хүчингүй болгосон асуудал гэж харж байна.

Монгол Улсын засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг учраас хурлаар хэлэлцэх бараг бүх тогтоолын төсөл өөрийн танилцуулгатай байдаг. хэрвээ бидэнд боломж байдаг бол дурдаад байгаа 162 дугаар тогтоолын танилцуулгыг олоод харчих хэрэгтэй байгаа юм. хэдийгээр миний хувьд үзэж амжаагүй ч гэлээ уг танилцуулгад засгийн газрын гадаад бодлогын байр суурь гэхээсээ илүүтэй процессын талаас нь тайлбарласан байгаа болов уу гэж таамаглаж байна. Баримт бичгийн хувьд засгийн газрын тогтоол нь хуультай адил хүчин төгөлдөр л бол хэрэгжих учиртай. Тиймээс хүчингүй болгосон нь энгийн нэгэн процесс л байх.

-Төвийг сахихгүй байх нь бидэнд ямар ашиг тус басхүү хор хохиролтой юм бэ?

-Өмнөх тогтоолоо хүчингүй болгосон дараагийн тогтоол Монгол Улсын байр сууурийг тайлбарлаагүй байх. Тусгаар тогтнолоо эргэн сэргээснээс хойшхи 100 гаруй жилийн түүхэнд манай өвөг дээдэс хэт нэг талаас хараат болсноос бусад бүх л үед аль болох төвийг сахих бүр цаашлаад гуравдагч хөршийн асуудлыг гаргаж тавьж байсан байдаг. харамсалтай нь тэр үеүд нь их богинохон байж л дээ. Тиймээс нэг тогтоолоос болоод л шууд төвийг сахихаа больж байна гэж тайлбарлавал өрөөсгөл болно. Өнгөрсөн зууны дунд үеийн хүйтэн дайны ид халуурлын үеэр манай улс зхУ-ын талыг үнэнчээр баримталдаг байсан ч эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-ын бүлэг гээд харьцангуй намжмал байр суурийг ч орхигдуулж байгаагүйг түүхэн баримт, сурах бичгүүдээс харж болно.

-Засгийн газар яаруу, сандруу ингэж шийддэг нь ямар учиртай юм бол?

-Би таны асуулттай санал нийлэхгүй байна. хүчингүй болгосон гэх 372 дугаар тогтоол нь гарснаас хойш бүхэл бүтэн нэг их хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас урт буюу таван жилийг өнгөрөөсөн байна шүү дээ. Тиймээс харин ч алгуур, олон талаас нь харж гаргасан шийдвэр гэж хэлмээр байна. Угаасаа нийгмийн аливаа асуудал түргэн шуурхай гэхээсээ илүүтэйгээр олон талаас нь харсан “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар явах нь зөв байдаг. Тэр тусмаа гадаад бодлого, гадаад харилцааны асуудал бол бүр нарийн байх учиртай биз. Ахмад багш нарын минь нэрлэдэг “Төрийн алтан аргамж” хэт хуйсгануур шинжтэй байх нь зөв биш гэж бодож байна.

-Гадны улс орноос ямар нэгэн дарамт шахалт ирсэн байж болох уу?

-үүнд хөндлөнгөөс харж судалгаа хийдэг бид биш халуун гал тогоонд нь ойрхон байдаг бодлого боловсруулагчид, дипломат ажилтнууд маань илүү тодорхой хариу өгөх байх. Гадны гэхээсээ илүүгээр манай дотооддоо шийдвэр гаргагчдын үзэл бодолд тааруулах гэсэн оролдлого гэсэн тайлбар харсан. Манайх шиг улсын хувьд гадаад бодлогын шийдвэрт гадны юм уу хоёр хөршийнхөө байр суурийг харгалзах нь зайлшгүй. Түүнийг нь гадны дарамт гэх үү, эсвэл тусгаар улсын уян хатан гадаад бодлого гэх үү гэдэг өөр асуудал. зоосны хоёр тал ч гэх юм уу. Тэрнээс дотоод хэрэгт нь шууд хөндлөнгөөс оролцсон асуудал байхгүй л байх гэж найдаж байна.

-Төвийг сахих статусыг сурталчлахгүй гэж байгаа нь ШХАБ-д орох гэсэн нэг алхам байв уу?

-Таны асуулт “ШхАБ-ын үйл ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх” тухай Монгол Улсын Ерөнхийлөгч х.Баттулгын мэдэгдэлтэй холбогдсон гэж ойлголоо. Яг үнэндээ сурталчлаад байх хууль, үзэл баримтлал гэж байхгүй. Босоо удирдлага хэрэгжүүлдэг дипломат алба тэр тусмаа сайд нь дур мэдэн сурталчлаад байсан юм байхгүй байх аа. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн гэдэг сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн тогтвортой бодлого хэрэгжүүлж чадсан салбарыг гадаад харилцааны салбар гэдэг нь оргүй зүйл ч биш. Ямартаа ч нэгдсэн, тусгаар улсын хувьд гадаад харилцаандаа “нэг цонх”-ны зарчмыг амжилттай хэрэгжүүлж байгаагаа алдчихгүй л байх юмсан даа.

-Ер нь бидэнд ШХАБ-д элсэх зүй ёсны шаардлага байна уу?

-Бидэнд ажиглагчийн байр сууриа гишүүн болгож ахиулах бодит шаардлага байна уу гэдэг бол их ярвигтай. Та бүхэн дуулсан эсэхийг би мэдэхгүй байна, юу гэвэл МУиС-ийн ОУхНУС-иас эрхлэн 2019 оны нэгдүгээр сард хагас хаалттай хэлбэрээр зохион байгуулдаг цуврал академик мэтгэлцээн “Монгол Улс ШхАБ-д жинхлэх нь зөв үү” гэдэг сэдвээр болж өнгөрсөн юм. энэ салбарт харьяалагддаг судлаач, дипломатууд болон шийдвэр гаргагчдын төлөөлөл оролцсон уг мэтгэлцээнд “зөв, буруу” гэсэн байр сууриа тайлбарлаж, их л халуухан хэлэлцүүлэг өрнөж байлаа. Мөн Монголын дипломатын академиас эрхлэн “ШхАБ-ын хэтийн төлөв, Монгол Улсын баримтлах бодлого” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. эдгээр үйл ажиллагааны эмхэтгэлүүдийг сонирхсон хүмүүс олж үзэх боломжтой. энэ чиглэлээр гадаад бодлого, гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, Тинк-танк болон төрийн бус байгууллагуудын судлаачид ч олон сувгаар өөрийн өөрийн байр сууриа илэрхийлдэг. Тухайлбал, доктор р.Болдын “Монголын геополитикийн зарим асуудлууд” гээд бүтээлд их тодорхой дурдсан байгаа. Манай хүрээлэнд ч энэ чиглэлээр дагнан ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн судлаач бий. Миний хувьд судлаачдын байр суурьд хүндэтгэлтэй ханддаг боловч өнөө, маргаашгүй элсэх зайлшгүй шаардлага юу байгаа вэ гэдэг талаар нухацтай бодоход алдаад байх зүйлгүй л гэж хардаг юм. Ажиглагчаараа байгаад байх, бүрэн эрхт гишүүн болох хоёрын хоорондын ялгаа хэр байх, бүр нарийвчилбал жирийн иргэдэд яаж тусах вэ гээд л асуудал их бий. Манай зарим ахмад судлаач, дипломатуудын хэлдэг нэг үгийг би анхаарах хэрэгтэй гэж боддог. Аливаа улсын төрийн гадаад бодлоготой холбоотой шийдвэрийг хэт задгайруулж “гудамж”-нд гаргаж хүссэн хүн бүхний амны зугаа болгоод байх шаардлагагүй гэдэг шүүмжлэлд үнэний хувь их бий.

-ШХАБ бидэнд юу өгч, биднээс юуг хүсэх вэ?

-энэхүү байгууллагын анхлан байгуулах болсон учир шалтгаан талаас нь аваад үзвэл манай улсад шууд өгөх өгөөж бараг л байхгүй юм шиг харагддаг. Анхны суурь философи нь хэмээн зарлаж байсан гурван “-изм” нь манай улсын хувьд тийм ноцтой асуудал үүсгэсэн асуудал одоогоор лав байхгүй. Харин гишүүн болсны дараа биднээс юу шаардах вэ гэдэг бол өөр асуудал. Гишүүдийнхээ тоог бага багаар өргөжүүлж байгаа ШхАБ-ын гишүүнчлэл шинэ гишүүддээ ямар ашиг тус, өгөөж өгөөд байгаа гэдгийг ч бид анхааралтай ажиглах хэрэгтэй. үнэхээр л “өөх ч биш, булчирхай ч биш” байснаараа алдсан бол яг юуг алдаж, юунаас хоцроод байна вэ гэдгээ ч тооцож үзэж байж л шийднэ.

-Монгол Улс ШХАБ-д элсэх нь манай хөрш хоёр оронд ямар нэгэн давуу тал бий болгох уу?

-Гишүүнээр элсэхийг ил, далд хэлбэрээр уриалдаг, шахдаг гэдэг талаас нь харвал их гүрний ашиг сонирхол байгаа л байх. Тухайлбал, энэ бүс нутаг дахь бусад хүчнүүд тухайлан АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнуудын ашиг сонирхлыг хязгаарлах гэсэн бодол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай улс түүхэн хоёр хөрштэйгөө ямар нэгэн маргаан, үл ойлголцол өнөөг хүртэл байхгүй, дээр нь нэмээд гурван талын дээд хэмжээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизм тогтмолжсон өнөөдрийн түвшинд гишүүнчлэл нь ямар давуу байдал бидэнд бий болгохыг нэрлэж мэдэхгүй байна. Бүс нутгийн олон улсын байгууллагад албан ёсны гишүүн нь болмогцоо шууд л хоёр хөршийнхөө хэлснийг үг дуугүй дагадаг болчихно ч гэж бодохгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөл бөмбөгиум

-ТЕЛЕФЕЛЬЕТОН-

Тайлбарлагчийн яриа:

-Ураа… Хүндэт үзэгчид ээ. Хөл бөмбөгийн ДАШТ маш сонирхолтой тоглолтоор эхэлж байна. Учир нь энд бүсээсээ тувт хий мөргөсөөр байгаад гарч ирсэн Монголын баг тоглох гэж байна… Монголын баг ДАШТ-ий нээлтэд оролцож байснаасаа хавьгүй сайжирчээ. Тэд Чингис хааны хүрэл дуулга, хонины нэхий майк, үхрийн ширэн шоорттойгоо байгаа боловч зүүж ирсэн нум сум, чинжаал хутга, түүнчлэн дүүрэн хамрын тамхитай хөөрөг сэлтээ шүүгчдийн шаардлагаар орхисон байна.

Хөл бөмбөгийг эвлэж байж л тоглодог гэдгийг манай үзэгчид мэдэж байгаа болохоор монголчууд яагаад багаа “Их эвсэл” гэж нэрлэсний учрыг олохгүй байгаа байх аа. Би ч учрыг нь олохгүй байгаа. Энэ талаар багийн ахлагчаас нь асуусан чинь юу гэсэн гээч??? “Энэний учрыг тайлбарлах төсөл батлуулаад хамтдаа хэрэгжүүлье. Би эзэн баг юм чинь төслийн мөнгөний 80 хувийг шууд авъя” гэсэн шүү…

Монголын баг тамирчдаас ойлгогдож байгаа зүйлсийг нь сонирхоцгооё. Монголын “Их эвсэл” багийн тав нь цэнхэр, дөрөв нь хөх, нэг нь улаан -хөх алаг хувцастай нь баг бүрдүүлж байгаа талуудын хүчний харьцааг зааж байгаа юм гэнэ ээ. Алаг хувцастай нь бие даасан хөлбөмбөгч гэсэн. Хөөрхий тэр алаг хувцастай нөхрөө гадуурхаад бөмбөгөнд хавьтуулахгүй юм билээ.

Өчигдрөөс хойш од болоод байгаа хөх өмсгөлтэй хаалгачийг үзэгчид санаж байгаа байх. Тэрээр хаалгандаа өрсөлдөгчийн бөмбөгийг дэмжиж оруулаад дараа нь сэтгүүлчдэд “Гадаадын өндөр хөгжилтэй, туршлагатай багийн “бөмбөг оруулалт”-гүйгээр Монголын хөл бөмбөг хөгжих ямар ч бололцоо байхгүй” гэж мэдэгдсэнсэн…

Монголын хөлбөмбөгчид байн байн завсарлага авдаг, завсарлага авахдаа тамирчдадаа юм зөвлөх, тоглогч солихын оронд сэтгүүлч дуудаж мэдэгдэл хийдэг нэг сонин практикийг авчраад байгаа билээ.

…За, ёстой сонин юм боллоо. Монголын улаан цамцтай довтлогч өөрийнхөө хаалганд гоол хийчихээд сэтгүүлчид рүү гүйлээ… Дашрамд Монголын бүх хөлбөмбөгчин 10 дугаартай, бүгдээрээ “багийн дэд ахлагч” албан тушаалтай юм билээ.

Өөр номер өгвөл тамирчид нь суулт хийдэг юм гэсэн. Одоо өөртөө гоол хийсэн тамирчны мэдэгдлийг сонсъё.

(Сэтгүүлчдийн өмнө “10-ж” дугаартай монгол хөлбөмбөгч гарч ирлээ. Ижил дугаартай хөлбөмбөгчдийг ялгахын тулд 10-а, 10- б гэхчлэн үсэг нэмсэн байна)

-Энд хуран цугларсан ноёд хатагтай нар аа. Та нарын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Зуны эхэн сарын улаан тэргэл энэ өдөр, эцэг дээдсээс…

-Уучлаарай? Цаг яваад байна. Та товчхон ярина уу?

-… Монголын баялаг болсон энэ бөмбөг харийн хаалганд орох ёсгүй ээ. Монголын бүх юм зөвхөн монгол хүнд зориулагдаж, монгол тамирчны өшиглөсөн бөмбөг монгол хаалгаа мялаах ёстой. Хайран сайхан бөмбөгөө харийн хаалганд булаалгах ёсгүй. Өлзий хутгийн цог бадран… (микрофоныг цаанаас нь таслав)

Тайлбарлагч:

-Одоо тэмцээнээ цааш сонирхоцгооё, арван довтлогчтой Монголын хөлбөмбөгчдийн тоглолт энэ удаагийн тэмцээний ярих хоёр сонины нэг болж байна. Нөгөөх нь юу вэ гэж үү? Энэ стадион дүүрэн үнэр. Тэр жил ДАШТ-ийг нутагтаа зохиосон Өмнөд африкчууд “нутгийн заншил, зочноо гойд хүндэтгэж байгаагийн тэмдэг” энээ тэрээ гэж байгаад бүтэн сар бүрээдэж, таван тивийн хүн ардыг дөжрөөснөөс хойш ийм нэг балай заншил гарчихаад байна аа.

Тэмцээнийг зохиож буй Кимбабун улсын уугуул үндэстнүүд зочин гийчнээ гэдэснээсээ хий гаргаж хүндэлдэг юм байна. Их төлөв хоол хэтэртлээ идсэн хүнээс хий гардаг учраас энэ үзэгдлийг элбэг хангалуун амьдралын ерөөл бэлгэдэл гэж үздэг гэнэ. Ингээд стадионд гэдэсний хий гаргагчдын таван бүлэг суулган, тасралтгүй хооллон ажиллуулж байгаа билээ. Эхлээд хамар хагалчих гээд аюул байсан, сүүлдээ дасчих юм аа… За, энэ ч яахав.

…Монголын “10-г” дугаартай хөлбөмбөгч микрофон гуйсан боловч шүүгч зөвшөөрсөнгүй. Шүүгчийг шалсаар. Шүүгч шар карт гаргалаа, урдаас нь виза карт харуулж байна… Бурхан өршөөг.

…Энэ нөхрийг танилаа. Өчигдөр эдний “10-ё” дугаартай довлогч яг гоол оруулах гэтэл урдуур нь орж бөмбөгийг нь тэвэрч хэвтчихээд “Энэ гоолыг одоо хийж болохгүй. Онгон төрхөөр нь хойч үедээ өвлүүлнэ” гээд байсан нөхөр яг мөн байна…

…Хүүе ээ, юу болох нь энэ вэ? Монголчууд нэг гоол хийлээ, тэгсэн атлаа баяр хөөр болсонгүй. Маргалдаад байна. Улаан хөх хувцсаараа ялгараад бүлэглэчихлээ. Сая уул нь хөх цамцтан гоол хийсэн юмсан.

…Энэ юу болоод байна аа. Талбай руу утасдаад мэдээдэхье… Байна уу? …аан, …тийм үү? Үгүй ээ ер өө…. зөө зөө…

Хүндэт үзэгчид ээ. Монголын хөл бөмбөгийн багийн улаан жигүүрээс “Саяны гоолыг хүчингүй” гэж мэдэгдсэн гэнэ ээ. Гоолыг хуйвалдаж оруулсан, нөгөө багийн хаалгачид авлига өгсөн зэргийн нотлох баримтыг шүүгчдэд өргөн барьсан гэнэ. Бас улаан бүлгийн нэг хүн өрсөлдөгч баг руу очиж хамтран ажиллах санал тавьсан байна. Санал дотор нь хөх бүлэглэлийн довтлогч гоол хийх төлөвлөгөө гаргавал түүнийг нь урьдчилан мэдэгдэж байж болно энээ тэрээ гэсэн ч гэх шиг… Оо май Гад…

…Сая ийм мэдээлэл ирлээ. ДАШТ-д орж байгаа Монголын хөлбөмбөгч нараас “гоол оруулбал зөвхөн улаан хувцастан нь л оруулна” гэсэн ганцхан тохиролцоон дээр л “Их эвсэл” баг бүрдсэн байсан юм гэнэ. Багийн ахлагч нь “Монголын хөл бөмбөгийн баг огцорч байна. Багийн таван гишүүн өргөдлөө өгсөн учраас баг автоматаар тарж байгаа юм” хэмээн мэдэгдлээ…

Харин өнөө алаг хувцастай бие даасан хөлбөмбөгч нь “Яах гэж ч ийм стадион барьсан юм бэ? Яагаад ч бөмбөгөө өшиглөөд байгаа юм бэ? Бүү мэд, явлаа. Дахиж ийшээ ирэхгүй” гээд үүргэвчээ үүрээд гарсан байна.

Тэмцээн ч ингээд дууслаа.Одоо Монголын багийн ахлах дасгалуулагчтай уулзаад юу ярихыг нь сонирхъё.

-Сайн байна уу? Таны овог яасан сонин юм бэ? Боржигон2700001 гэж ямар учиртай юм бэ?

– Манай хүн бүр боржигон овогтой байдаг юм. Энэ тоо миний хэд дэх боржигон болохыг зааж байгаа юм л даа. Энэ ч яахав. Одоо багийнхаа амжилтын талаар яримаар байна.

-Ямар амжилт?

-Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтаа…

-Хэзээний дэлхийн аваргад?

-Яасан сонин хүн бэ? Одоо болж байгаа дэлхийн аваргад гаргаад байгаа амжилтаа яримаар байна. Ер нь бол бид маш сайн тоглосон. Шүүгчид л булхайтай шүүлээ. Ер нь бол тэмцээнийг зохион байгуулагчид авилгад автагдсан нь бидний ялагдлаас тод харагдлаа. Би үүнийг шийдвэртэй эсэргүүцэж Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлагыг огцрохыг шаардан суулт хийнэ. Хэрвээ огцрохгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ хатуу анхааруулж байна.

-Дэлхийн аваргаас нэг ч гоолгүй хасагдчихаад эх орондоо яаж очих вэ? Та нар ялагдчихлаа шүү дээ?

-Нэгдүгээрт, бид ялагдаагүй, гоолоо луйвардуулсан. Манай эх оронд юмны үр дүнг биш, харин “үнэн байдлыг” үнэлдэг. Бид ч үнэн байдлаа ойлгуулна. Хоёрдугаарт бид энэ явдлыг зүгээр орхихгүй тэмцлийн хурц, хурц хэлбэрийг сонгоно. Бид төр засагтаа хандаж тамирчдынхаа бэлтгэлийг Багамын юм уу, Канарын арал дээр хийлгэх хүсэлт хичнээн удаа тавиад тэд ард түмний дуу хоолойг сонсоогүй. Очоод ард түмэнтэйгээ нийлээд авлигач засгийн газрыг огцруулах ажилд орно.

-За за. Цаашдаа тэгээд яая гэж бодож байна. Гол нь баг тамирчдынхаа хувьд ямар арга хэмжээ авах гэж байна?

-Ер нь цаашдаа манай орны хөл бөмбөгөөр ядуу зүдүү байгааг харгалзан үзээд тэмцээнд оролцогч багууд нэг нэг гоол хандивлахыг шаардаж байна. Авлигачин шүүгчдээс болж манай багийн гишүүд сэтгэл санааны хүнд цохилтод орлоо. Баг тамирчдаа ойрын үед Хавай юм уу, Канарын арлууд дээр аваачиж эмчлүүлэх шаардлагатай байна. Хандивын данс 98765432345676879. Бидэнд авралын гараа сунгаж, амьдрах итгэл хайрлаач хүмүүс ээ.

Онцгой чухал зарим нэрийг латинаар төгсгөн “…иум” болгодог сайхан жишиг тогтоод байгаа билээ. Эмнэлгийн байгуулллагуудаар дамжин “бүлээн” ба “хүйтэн жинум”, “ханиадум” гэхчлэнгээр нэвтэрч ядаж байсан энэ эхлэл өнөө оргилдоо хүрчээ. Ердөө уржигдархан, Ардчилсан холбооны анхны партизан Дарь.Сүхбаатар гуай, Сангийн сайд байсан П.Цагаан гуай хоёр цуглуулгаа нийлүүлж геникологийн музей байгуулаад “Цагаандариум галарей” гэсэн сайхан нэр өгсөн гэх яриа ч байна. Зохиогчийн зүгээс хөл бөмбөгийн сэдэв онц чухал байгааг сануулан дээрх нэрийг өгсөн болой. Анхаарлус тависандус баярлалаиум.

2010.06.23

Categories
мэдээ цаг-үе

П.Ундрах-Эрдэнэ: Ж.Эрдэнэбатад шүүхээс ял оноовол Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль болно

-Ж.ЭРДЭНЭБАТЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦЧИХСОН УЧРААС ГИШҮҮН БИШ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ-

Хуульч, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат хорих ангиас нэр дэвшээд нэгээр ялалт байгуулаад байгаа. Гэхдээ сая тангаргаа өргөж чадсангүй. Одоо энэ хүн УИХ-ын гишүүн мөн үү, биш үү?

-Ж.Эрдэнэбатыг анх цагдан хорих үед УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй, мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувьд давхар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хамгаалалтад байсан. Гэхдээ шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд цагдан хорих шийдвэрээ гаргасан. Хэдийгээр шүүхэд эрх нь байгаа боловч хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрхээ хэрэгжүүлсэн үү гэдэг л анхаарал татаж байгаа юм. Ямар ч байсан сонгууль яваад дууслаа. Үндсэн хуулийн 23.2-т Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор заасан байдаг. Өчигдөр болсон УИХ-ын анхдугаар чуулганаар шинэ сонгогдсон гишүүд тангаргаа өргөчихлөө. Иймээс Ж.Эрдэнэбатын хувьд 2016 оны сонгуулийн дүнд үндэслэж олж авсан УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон.

Харин 2020 оны сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан боловч тангарга өргөөгүй тул бүрэн эрх нь бий болоогүй гэж ойлгож байна. Харин одоо Ж.Эрдэнэбат нь УИХ-ын гишүүн мөн үү, биш үү гэхлээр их сонин ойлголт гарч ирнэ.

СЕХ-ны 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 229 тогтоолоор Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцчихсон, гишүүний үнэмлэх олгох шийдвэр нь гарчихсан учир УИХ-ын гишүүн биш гэж хэлж болохгүй.

Тангараг өргөөгүй тул бүрэн эрх нь үүсээгүй боловч УИХ-ын гишүүн мөн л гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, түүний бүрэн эрх гэсэн хоёр ойлголтыг ялгаж ойлгох хэрэгтэй.

-Хэрвээ шүүхээс Ж.Эрдэнэбатад ял оноовол юу болох вэ. Нөхөн сонгууль хийх үү?

-Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон бол гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой. Гэхдээ цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тийм ч хурдан өрнөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах болон хяналтын журмаар хянах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр түдгэлздэг.

Тэгэхлээр нөхөн сонгуулийн асуудал ярихад аль ч талдаа эрт байна. Ж.Эрдэнэбатын хувьд бол СЕХ-ны тогтоолоор УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцчихсон, гишүүний үнэмлэх олгох шийдвэр нь гарчихсан байгаа. Хуулиараа Сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсан хүнд шүүхээс ял оноосон бол нөхөн сонгууль явуулах ёстой.

-Хэрвээ цагаадвал?

-Хэрэв анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарвал одоо авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө. Ингэснээр тангаргийг нь өргүүлж, бүрэн эрхийг нь эдлүүлэхэд ямар нэг саад гарахгүй.

-Ер нь Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхад нь, нэр дэвших баталгаа аваад явж байхад нь цагдан хорьсон нь шүүхийн байгууллага өөрөө Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа талаар хуульчид ярьж байсан?

-Миний хувьд, Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчөөр ажиллаагүй тул шүүхийн үндэслэл нь юу вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль төдийгүй бусад хуулийг чанд сахих ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн тухай хууль ч багтана. Анхан шатны шүүхээс гаргасан мэдэгдэлд бол УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.2 буюу нэр дэвшигчийн баталгааг тайлбарлахдаа зөвхөн сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудалд хамааралтай гэж тайлбарласан байдаг.

Ямартай ч Хүний эрхийн үндэсний коммисын гишүүнээс УИХ-ын гишүүн, бөгөөд нэр дэвшигчийн хувиар хуулийн хамгаалалтад байсан хүнийг цагдан хорьсон асуудлаар шаардлага хүргүүлсэн байна лээ.Цаашдаа юу болохыг ажиглаад сууж байна. Манай шүүх тогтолцоонд тулгарсан нэг сорилт болж байна гэж харж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Тэшиг сумын эмч О.Солонго: Манай суманд шүдний нарийн мэргэжлийн эмч байхгүй. Гэтэл хүүхдүүдийн 80 орчим хувь нь шүдний өвчлөлтэй байна

Булган аймгийн Тэшиг сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч О.Солонготой ярилцлаа.


-Сумын эмнэлгийг хүртээмж, хангамж, чадамжийн хувьд нэлээд тааруу гэж манайхан ойлгодог. Танай сумын эмнэлгийн хувьд энэ тал дээр хэр анхаарч ажилладаг вэ?

-Манай сум 3600 гаруй хүн амтай. Булган аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум буюу 240 километрийн зайтай. Манай эмнэлэг 24-25 ажилчинтай, гурван их эмчтэй. Гэхдээ өдрийн амбулаторийн үзлэгт ойролцоогоор дөрвөн эмч 17-20 хүн үзэх нормтойгоор ажилладаг. Энэ хүчин чадлаараа бид иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хүргэж чадаж байгаа гэж ойлгож болно.

-Өдөрт 20 орчим хүн үзэх боломжтой гэлээ. Иргэдийн хувьд ихэнхдээ ямар оноштойгоор үзүүлж байх юм?

-Үзлэгийн явцад хамгийн элбэг тохиолддог өвчлөл бол зүрх судасны өвчин байдаг. Даралт ихсэх өвчний насжилт сүүлийн үед илүү залуужиж 40-өөс дээш насныханд шинээр өвчлөл үүсэх магадлал маш өндөр байна. Мөн ахимаг насны хүмүүс артерийн даралт ихсэх буюу зүрх судасны эмгэгтэй байх нь элбэг тохиолддог.

-Ялангуяа зуны улиралд манай иргэд хөгшин залуугүй даралт ихэслээ гэж ярьдаг. Ер нь энэ өвчний шалтгаан юу байна вэ. Ялангуяа залуучуудын хувьд?

-Ер нь л илүүдэл жинтэй холбоотой. Залуучуудын хувьд таргалалттай шууд холбоотой энэ өвчлөл үүсдэг. Мөн цаг уурын орчин нөхцөлөөс хамаардаг. Манайханд бол хэт халууны үед даралт ихсэх нь элбэг тохиолддог.

-Газарзүйн онцлогоос шалтгаалж өвчлөл орон нутгуудад өөр өөр байдаг. Танай сумын хувьд бусад төрлийн өвчлөл хэр их байна вэ?

-Манайх нийт өвчлөлөө халдварт ба халдварт бус гэж ангилдаг. Тэгэхээр халдварт бус өвчлөлд артерийн даралт ихсэх, төрөл бүрийн хавдрууд орно. Манай сум хавдрын өвчлөлөөр аймагтаа нэлээд дээгүүрт ордог. Үүнд яг нэгдсэн судалгаа байхгүй болохоор өөх тос болон давсны хэт их хэрэглээнээс болдог гэж боддог. Хавдраар өвчилж буй хүмүүсийн насжилтад 40-өөс дээш насныхан дийлэнхийг нь эзэлдэг бөгөөд ихэвчлэн элэг, цөс, нойр булчирхайтай холбоотой байдаг.

-Хөдөө орон нутагт амьдарч буй иргэд тэр болгон эмнэлэг гүйж, өвчин яриад байдаггүй. Гэвч сүүлийн үед хөдөө, хот хамаарахгүй элдэв өвчлөлийн үзүүлэлт өндөр байх болсон. Тиймээс иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тал дээр ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Яг тийм. Манай орон нутгийн иргэд, малчид маань агаар салхинд байгаа. Мах гурилаас өөр элдэв хоол идэхгүй байгаа юм чинь янз бүрийн өвчнөөс өөрсдийгөө хол гэж боддог. Гэвч зөвхөн хоол унд гэлтгүй даарч хөрөх, тамхи татах, архи уух зэрэг амьдралын буруу дадал зуршлаас болж өвчин хот хөдөө гэж хэнийг ч ялгахгүй нь үнэн. Манай сум дөрвөн багт хуваагддаг. Улмаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хүүхдийн, дотрын, лабораторийн, эхо гэх мэт чиглэлээр эмч нартайгаа хамтарч улиралд нэг удаа багуудаар тойрч хамтарсан үзлэг хийдэг. Энэ үзлэгээр иргэдэд өвчлөл үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх үйл ажил зохион байгуулдаг гэсэн үг.

-Таны хувьд хүүхдийн эмчээр мэргэшсэн гэлээ. Хүүхдүүдийн дунд өвчлөл хэр байна вэ?

-Хүүхдийн өвчлөл ихэвчлэн улирлын чанартай байдаг. Хамгийн эхэнд өвлийн улиралд томуу, томуу төст өвчин элбэгшдэг. Гэхдээ энэ онд коронавирус гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалттай авч байгаа учир амбулаториор ирж эмчүүлэх хүүхэд болон томуу, томуу төст өвчний тохиолдол харьцангуй багассан. Хэвтэн эмчлүүлэх болон уушгины хатгаагаар хүнд өвдсөн хүүхдийн тоо буурсан. Одоо зуны урин дулаан улирлын чанартай өвчлөл болох суулгалт, гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай байна. Мөн үзлэг хийх явцад илэрдэг хүүхдийн суурь өвчлөл гэж байдаг. Сульдах, цус багадах, хоол тэжээлийн хомсдолтой холбоотой өвчлөлүүд ч бас байна.

-Танай суманд бага насны хичнээн хүүхэд байдаг вэ?

-0-5 хүртэлх насны хүүхэд манай суманд 370 орчим байна. Манайх сум нэгдсэн эмнэлэгтээ жилд 30-40 хүүхэд эх барьж авдаг. Харин нэн шаардлагатай хийсвэр хагалгаа хийх зэрэг төрөлтүүдийг бид аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлдэг байгаа.

-Дан ганц хүүхэд гэлтгүй томчуудад ч гэсэн элбэг тохиолддог өвчин бол шүдний өвчлөл. Танай эмнэлэг иргэдийнхээ шүдний эрүүл ахуйн тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Манай суманд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бид бүхэн хавар, намрын улиралд цэцэрлэг, сургуулийн эмч нартайгаа хамтран бүх хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Тэр дундаас илэрсэн өвчлөл болон өөрчлөлттэй хүүхдүүдийг дараагийн шатлал руу буюу сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг рүү илгээж шүдийг нь эмчлэх арга хэмжээ авдаг. Ер нь шүдний өвчлөл нэлээд элбэг. Сумын эмнэлэгт яг шүдний эмчийн орон тоо гэсэн юм байхгүй учраас бид дараагийн шатлалын эмнэлэг рүү л явуулахаас өөр арга байхгүй. Зарим тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгээсээ шүдний эмчийг орон нутагтаа авчирч хүүхдүүийг үзлэгт хамруулдаг. Жишээ нь, нэг ангийн хүүхдүүдэд үзлэг хийлээ гэхэд тэр хүүхдүүдийн 70-80 хувь нь шүдний асуудалтай, өвчлөлтэй байдаг. Насанд хүрэгчдийн хувьд илрүүлэг үзлэг хийж багаа тойрно, эсвэл амбулаториор ирж үйлчлүүлэхэд нь бас амны хөндийн үзлэг хийгддэг. Ер нь бол бүх үзлэг тогтмол хийгдэж байгаа.

-Коронавирус цар тахлын үед танай эмнэлэг хэрхэн ажиллаж байна вэ?

-Коронавирустай холбоотой ЭМЯ-ны тушаалын дагуу манай сумын эмнэлэгт бас захирлын тушаал гарч ажиллах баг бүрэлдэхүүнийг томилж, сургалт сурталчилгаа явуулж, гэрийн идэвхтэй эргэлтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Манай эмнэлэг нэг тусгаарлах өрөөтэй. Зориулалтын тусгаарлах өрөөнд шаарлагатай зүйлс, бэлэн байдлыг хангасан байгаа. Эм тарианы нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн ажиглалтын байр гэж байх ёстой. Үүнийг орон нутгийн нөхөл байдалд тохируулан нэг зочид буудлын дөрвөн өрөөг ажиглалтын байр болгон бэлтгэсэн байгаа. Голчлон сургалт сурталчилгаан дээр түлхүү арга хэмжээ авч байна.

-Иргэд халдварын талаар хангалттай мэдээлэл авч чаддаг уу?

-Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг бид ДЭМБ-ын зөвлөмжөөр мөн хороо хариуцсан эмч сувилагч нар маань эхний хоёр, гурван сард долоо хоног тутам гэрийн эргэлтээр очиж шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгдөг байсан. Харин одоо 14 хоног тутамд гэрийн идэвхтэй эргэлтээр очиж сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх аргын талаар мэдээлэл өгч байгаа. Олон нийтийг цуглуулах боломжгүй байгаа учраас энэ аргыг голчилж хэрэглэж байна.

-Улсын хэмжээнд БЗХӨ өндөр үзүүлэлттэй гарсан. Танай сумын хувьд?

-Тэмбүү өвчний талаар хөтөлбөр явагдаж байгаа. Яг нарийн тоон судалгааг хэлж мэдэхгүй байна.

-Залуучууд сайн дураар эмнэлэгт хандаж БЗХӨ шинжилгээ өгөх, зөвлөгөө авах байдал хэр нээлттэй байдаг бол. Эсвэл жижиг суурин газар гээд ичих, эмнэлэгт хандахаас цааргалах зүйл байна уу?

-БЗХӨ-ний тал дээр залуус ичих, санаа зовох хандлагатай байдаг нь үнэн. Сум жижиг учраас нэг нэгнийгээ андахгүй. Энэ утгаараа намайг өвчтэй байх юм бол хүмүүс мэдчихнэ гэж эмээх зүйл байсан. Гэхдээ нэг давуу тал гэвэл сүүлийн үед залуучууд илүү идэвхтэй үзлэгт хамрагддаг болсон. Энэ нь харилцаа холбоо хөгжиж байгаатай бас холбоотой. Ямар нэгэн асуудал гарвал заавал өөрийн биеэр ирэхгүй утсаар холбогдож зөвлөгөө авдаг, өөрөө ирж үзүүлэх боломжгүй бол хороо хариуцсан эмч, сувилагчтайгаа ярилцаад, бүүр шаардлагатай бол ирж үзүүлэх гэх мэтээр илүү идэвхтэй болж байгаа. Бас баг тус бүрт эмч нар байгаа. Тиймээс утсаар холбогдож зөвлөгөө авах, эсвэл дуудлага өгч үзүүлж бас болно. Ер нь БЗХӨ-ний тал дээр илрүүлэг үзлэг хийхгүй л бол иргэд тэр бүр өөрсдөө ирж зовиураа хэлж үзүүлээд байдаггүй.

-Танай суманд төлөвлөгөөт вакцинжуулалт хэвийн хийгдэж байгаа юу?

-Нийтдээ сумын эрүүл мэндийн төвд 0-2 насны хүүхдийн вакцинжуулалт бүрэн хийгддэг. Манай сум аймгийн хэмжээнд дархлаажуулалтаараа 92 хувьтай байна. Товлолт дархлаажуулалтаас гадна манай сум ой хээрийн бүстэй учир ард иргэдийг хачигт халдвараас урьдчилан сэргийлэх вакцин бас хийгддэг. Дээрээс нь жил тутам томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан томуугийн вакциныг хийдэг.

-Танай нутагт газарзүйн байрлалаас шалтгаалан эсвэл улирлын чанартай халдварт өвчин гарах магадлал бий юү?

-Өмнө нь зэргэлдээ суманд шүлхий өвчин гарахад манай сум сайн сэргийлсний дүнд сумандаа өвчний халдвар оруулаагүй. Хэрвээ шаардлагатай гэвэл бид Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвтэй холбогдож байгаад вакцинаа татан авах боломжтой байдаг. Өвчлөлийн тухайд гэвэл коронавирустэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин л буурсан. Бусад өвчлөлийн үзүүлэлт буурсан биш, дундаж хэмжээнд л байна. Өөрөөр хэлбэл эмнэлгээр үйлчлүүлэх хүний тоо багассан боловч, илрүүлэх үзлэг хийгээд явахад өвчлөлүүд ижил хэмжээнд илэрч байдаг.

-Шат бүрийн эмнэлгийн бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор танай эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж сайжирч чадсан болов уу?

-Эрүүл мэндийн төв маань тусламж үйлчилгээ нь илүү сайжирч байна. Бас коронавирустай холбоотой шаардлагатай анхан шатны тоног төхөөрөмжийг бид тусламжаар, хандиваар хангалттай тавьж байна. Жишээ нь, монитор гэдэг төхөөрөмж бидэнд байхгүй байсан бол, саяхан энэ төхөөрөмжийг авчирч суурилууллаа. Үүний үр дүнд том хүн, хүүхэд, нярай гэлтгүй бүх өвчлөлийг хянах боломжтой, бас яаралтай тусламжийн өрөөг сумын Засаг дарга шийдэж өгсөн. Ер нь яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгслийг бүрэн хангах ажил сайн хийгдэж байгаа. Түргэний машины хувьд ч гэсэн засаг даргын тусламжтайгаар машин бэлгэнд ирсэн. Нийтдээ одоогийн байдлаар 2-3 машин байгаа. Манай сумын хувьд төвөөс хамгийн хол алслагдсан зай нь 100 гаруй километр байдаг. Тиймээс байгаль цаг уурын онцлог, бартаатай хол зам туулах гэх мэт олон асуудал гардаг учир машин техникийн бэлэн байдал хамгийн чухал байдаг.

М.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “УИХ-ын гишүүний тангараг бол тонгорог болох аюултай” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины даваа гаригийн дугаарт “Танайд өнжье” булан уншигч таны гарт хүрдэг билээ. Энэ удаад “Шинэ Монгол”-ын П.Наранбаярынд өнжлөө.

УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа. Тэрээр “Шударга ёсны талаар саналаа хэлж, зөв шийдвэр гаргуулахын төлөө ажиллана” гэлээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. Ярилцлагыг I-XI нүүрнээс уншаарай.

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй сүлжээний бизнес хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлсан сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуягаас тодруулга авлаа. Тэрээр хэлэхдээ “Маш ажил хэрэгч байх шаардлага ирэх дөрвөн жилд тулгарна” хэмээлээ.

Өдрийн сонинд “УИХ-ын гишүүний тангараг бол тонгорог болох аюултай” хэмээлээ.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа. “Манай улсад жилд 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог гэх судалгаа байдаг. Хүүхэд амь насаа алдаж, бэртэж гэмтэж байгаа осол хэргүүдийн хамгийн өндөр хувийг зам тээврийн осол эзэлдэг” гэлээ. Үргэлжлэлийг Өдрийн сонины өнөөдрийн дугаарын долдугаар нүүрнээс уншаарай.

“Сарны нулимс”, “Намрын синдром”, “Зөрлөг” зэрэг уран бүтээлийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Т.Хулантай ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ