Categories
мэдээ нийгэм

​Голуудын усны түвшин 5-20 см даван үерлэж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм. Мөн голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар усны ослоор 39 хүн амь насаа алдсан байна. Үүний 30 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

ОХУ-д тарвага агнахыг хориглолоо

Хятад, Монгол улсуудад тарваган тахал гарсны дараа ОХУ-ын Алтайн хязгаарт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүлүүд ажиллаж эхэлсэн билээ. ОХУ-ын Алтайн хязгаар нь Хятад, Монгол, Казахстан улсуудтай хил залгадаг, нутгийн иргэд тарвага агнаж, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай.

ОХУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага Роспотребназдорын Алтайн хязгаар дахь салбар тахлын халдвар хилээр орж ирэх аюул одоогоор байхгүйг мэдэгдсэн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Үерийн улмаас найман иргэн амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна.

Тухайлбал, 7 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5,000 гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1,000 орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1,100 орчим бог мал, нийт 7,000 гаруй толгой мал хорогдсон байна.

Төв аймгийн Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1,971, нийт 2,360 гаруй айл өрх, 13 нийтийн орон сууц үерийн усанд автжээ. Түүнчлэн үерийн улмаас 8 хүн амь насаа алдсны 6 нь том хүн, 2 нь хүүхэд байгаа юм.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын ам” гэдэг газар 7 дугаар сарын 3-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас уруйн үерт автомашинтай явж байсан 5 иргэн үерт өртөж нас барсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 7 дугаар сарын 3-ны өдөр орсон аадар борооны үеэр 3 иргэн мотоциклоор гол гатлах гэж яваад амиа алджээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Цаашид буюу долдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, үе үе хэт халж, үүнтэй холбоотойгоор зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхи түр зуур хүчтэй ширүүсэх, гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Амралт зугаалгын улирал эхэлсэн, баяр наадмын амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Н.Номтойбаяр нарыг дөрөв дэх өдрөө шүүж байна

Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.07/ үргэлжилж байна. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн юм. Өнөөдөр шүүх хуралдааны дөрөв дэх өдөр.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт багтаан Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилно

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аас баталлаа. Ийнхүү шинэ Засгийн газрын бүтцийг баталсантай холбоотойгоор өмнөх Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолыг хүчингүй болгов.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Засгийн газрын гишүүдийн томилох тухай тогтоолын хүчингүй болгож байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд Засгийн газрын гишүүд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болно. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч томилно гэхээр УИХ-д танилцуулж байж явах журамтай болсон. Үүнийг хэр тооцоолсон юм бол.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газрын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Түүгээр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг зохицуулалт үйлчлээд эхэлчихсэн учраас Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, чадамжийг баталсан тогтоол хүчингүй болгохоос өөр замгүй. Тиймээс аль болох хурдан Засгийн газрын гишүүдийг томилох шаардлагатай байна. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгчийг томилох хэлбэрээр шийдвэрлэж болох зохицуулалттай.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай баталсан хуулийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж энэ долоо хоногт багтаан Засгийн газрын гишүүдийг томилно.

Х.ЕСҮ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Засгийн газрын бүтцийг батлав

Тогтвортой Засгийн газар, хүчтэй Ерөнхий сайдын тогтолцоо бол ...

УИХ-ын Анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдсэн юм. Тиймээс уг хуулийн төслийг чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа хүргүүлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны 7 дугаар 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаж, дөрвөн зүйл бүхий зөвшилцөх санал хүргүүллээ.

ТУХАЙЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
  • Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүслээ.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

11.00 цагт ЭМЯ-нд тус яамнаас шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд тус хийдийн их гэсгүй лам, гавж Д.Даваасүрэн агсны лагшин эрдэнэ “ринсрэл” болор сувраганд залах ёслол болно. Утас: 86003311, 88081261

12.00 цагт ХХААХҮЯ-ны үүдэнд Финансхолдинг ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэг өмгөөлөгчийн хамт тус яам болон МХЕГ-тай холбоотой авлигын хэргийн талаар мэдээлнэ. Утас: 80407027

Categories
мэдээ цаг-үе

С.Ганбаатар: Би их туршлагажсан тэмцэгч


УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн ээлжит сонгууль Эрдэнэт хотод тун өрсөлдөөнтэй болсныг эрдэнэтчүүдийг ирэх дөрвөн жилд төрд төлөөлөх эрхмүүдээс харж болохоор байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулийг юу гэж дүгнэх бол. Мөн өөртөө хэр итгэлтэй байв?

-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль их хар сонгууль болсон. Ний нуугүй хэлэхэд би ийм хүнд, ширүүн сонгууль үзээгүй. Би Монголын Үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байлаа. Их л хүнд сонгууль болж байсан шиг санагдаж байна. Дарханд илүүрхэж ялж, дараа нь унаж ч байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэх том тэмцээнд оролцож ялсантай адилхан өрсөлдсөн. Тэр бүхнээс энэ удаагийн сонгууль илүү хүнд байлаа.

-Яагаад тэр билээ?

-Сонгуулийн сурталчилгааны дундуур цагдаа нар намайг барьж авах гэж хөөцөлдсөнөөс болж маш олон хоног сонгогчидтойгоо уулзаж чадаагүй.

“Эмнэлгээр орсон учраас чамайг сонгуулиас хасна” гэсэн булай юм ярьж байгаа юм. Нөгөөдүүл чинь Улаанбаатарт байх эмнэлгүүдээр бүгд л орж, эмч нартай уулзсан биз дээ. Би өөрийнхөө тухай иймэрхүү байдлаар ярих жаахан дургүй хүн.

Ер нь энэ сонгууль хүнд сонгууль болсон шүү гэдгийг л хэлье. Хүний төлөө олон жил тэмцсэн, хүний төлөө гэдэг хүн өөрийнхөө тухай ярих үгүй ээ мөн их дургүй шүү. Энэ нь өөрийгөө доош хийсэн хэрэг л болно.

-Энэ удаагийн парламентын өнгө төрхийг хэрхэн харж байна вэ. Ер нь таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ямархуу байдлаар ажиллая гэж бодож байна вэ?

-С.Ганбаатартай парламент учраас сонирхолтой л байх болно. Ард түмний талд байна гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд их хүчтэй сөрөг хүчин байна. Сөрөг хүчний дуу хоолой хэзээ ч багаддаггүй. Достоевский “Гар хөлийг нь боомилчихсон байсан ч хүн түмний төлөө гэсэн сэтгэлтэй бол ихийг хийж чадна” гэж хэлсэн байдаг шүү дээ. Үнэн миний талд байгаа. Гурван сая хүн, Монголын эрх ашиг, дээрээс нь сэтгүүл зүйн салбарын шударга ажилтнууд миний талд байгаа тохиолдолд маш ихийг хийж чадна. Би их туршлагажсан тэмцэгч.

-Зарим нэр дэвшигчид сонгуулийг хууль бус боллоо гэж шүүмжилсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ.

-Энэ талаар тодруулаач?

-Би нэгээр тасархай байсан. Мэрүүлсээр байгаад гурав дээр тогтсон. Би азтай байж болно. Гэхдээ маш эвгүй сонгууль болсон.

-Орхон аймаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд албан ёсоор хотын статустай болсон. Үүнтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлүүд юу байх вэ. Та юу гэж харж байгаа бол?

-Орхон аймаг Эрдэнэт хот болсон. Хотын статустай болсноор бүрэн эрх нь арай илүү болно гэсэн үг. Хотын татвар гэж бий болгодог. Татварын бодлого боловсруулдаг. Дээрээс нь эдийн засаг, ажлын байрны бодлогоо боловсруулдаг. Энэ утгаараа Эрдэнэтийг хотын статустай болгосон явдал нь зүйтэй хэрэг. Гэхдээ хэдэн дарга нарыг статустай болгоогүй. Эрдэнэт хотын 106 мянган иргэний статус, эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн гэсэн үг.

Аймгийн гурван талт хэлэлцээр гэж бий. Үүнтэй адил Эрдэнэт хотын гурван талт хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Хотын захиргаа, бизнес эрхлэгчдийн, хөдөлмөр эрхлэлтийн төлөөллийн байгууллага хоорондоо бүх төсөв, боломж, дүрэм журмаа ярих ёстой. Энэ бол гол гарц, басхүү миний ажлын арга барил байх юм. Энэ нь миний 16 жил хийсэн ажил. Үйлдвэрчний ерөнхийлөгч байхдаа би ингэж л ажилласан.

Энд л гэж хэлэхэд УИХ-ын гишүүн болонгуутаа л гоё мөрөөдлийн юм яриад байдаг бол ноцтой. Хүн юу ч мөрөөдөж, юу ч хүсч болно л доо. Гэхдээ 16 жилийн турш би Дубайн гэрээ, Оюу толгойн гэрээ, цалин, тэтгэврийн хэлэлцээр, улсын гурван талт хэлэлцээр гэсээр үүнийгээ Эрдэнэтэд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь их сонсголонтой, илүү бодитой байх магадлалтай. Мэдээж хичээл зүтгэл их орно, саад ч байна. Гэлээ ч би хотын иргэдийг эрх мэдэлтэй болохын төлөө ажиллана.

-Эрдэнэтчүүд танаас юуг шийдээсэй, ямар өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байв?

-Орон сууц, ажлын байр, төрийн хүнд суртал, банкны хүүг буулгах гэсэн дөрвөн гол асуудалд эрдэнэтчүүдийн санал хүсэлт зангилагдаж байгаа. Үүнийг хийх гол арга зам нь иргэдийг эрх мэдэлтэй болгож, иргэдийн оролцоог нэмэх явдал. Тэгэхгүй бол иргэд өөрөө өөрсдөөсөө хулгай хийдэг байхгүй юу. Сайхан сэтгэлтэй, бурхан шиг дарга гарч ирлээ ч гэсэн түүний хажууд булган шуба авахыг хүсэж байгаа эхнэр байж л байгаа. Ийм аюул байдаг учраас иргэд өөрсдөдөө итгэх ёстой.

-Өмнөх парламентын Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүд хоорондоо төдийлөн нэгдэж чадаагүйг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ удаад дээрх жишиг эвдэгдэж чадах уу?

-Би хамгийн түрүүнд хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Би Эрдэнэтийн ард түмний төлөө, хийж бүтээе гэж зориж байгаа зүйлийнхээ төлөө чөтгөртэй ч хамаагүй нийлэх болно. Харин тэд тендэр шахаж, шударга бус явдлын үзүүр л цухуйлгах юм бол би тэдэнтэй тэмцэнэ. Тэмцэхээс ч өөр яах билээ. Тэр үед та нар биднийг эв нэгдэлгүй байлаа гэж зэмлэж болохгүй. Эв нэгдэлгүй байхаас өөр аргагүй нөхцөл байдаг шүү дээ. Хүлээн зөвшөөрч, буулт хийж болдоггүй үнэт зүйл гэж бидэнд бий.

Өнөөдөр Ганбаатарыг маш их хэрүүлч, заргалдагч гэж муулдаг, сайлдаг л юм. Гэхдээ өөрийнхөө төлөө нэг ч зүйлийг ярьж байгаагүй юм шүү. Оюу толгой, Дубайн гэрээн дээр хүнтэй эвтэй байх үндэс надад байхгүй.

-2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвших үү?

-Би нэр дэвшихгүй. Миний хувьд амласан санаж, бодож байгаа зүйлээ Эрдэнэтэд хэрэгжүүлнэ. Тийм учраас энэ удаагийн сонгуулийг би алгасна. Гэхдээ би хэзээ нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно.

-Тэгвэл намаасаа хэн нэгнийг дэвшүүлж таарах байх. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихүйц хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Манай намд Ерөн-хийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр чадварлаг, хүчтэй боловсон хүчин олон бий.

Categories
мэдээ цаг-үе

Э.Энхболд: Алсын замд машин бүрийг шалгаж хамгаалах бүсгүй тохиолдолд анхааруулж, улмаар торгоно

Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.


-“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний гол зорилго?

-2017 оноос хойш энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр аяныг өрнүүлснээр 2017 онд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон тоон үзүүлэлтийг 12.4 хувиар, 2018 онд 24 хувиар, 2019 онд 18.8 хувиар буюу 36 нэгжээр тус тус бууруулсан уй эерэг үр дүнгүүд харагдсан. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 10299 зам тээврийн осол бүртгэгдсэн. Эдгээр тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар өнөөдрөөс (өчигдрөөс) эхлэн аравдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулахаар боллоо. Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөсөн. Мөн аяны хүрээнд Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай авто замд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулахаар ажиллаж байгаа.

-Улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг хэр их байна вэ?

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн. Мөн энэ оны эхний зургаан сарын байдлаар 10299 зам тээврийн ослын 1334, ослын улмаас 180 хүний амь нас хохирсны 130, 1208 хүн гэмтсэний 392 тус тус орон нутагт бүртгэгдсэн.

-Эдгээр зам тээврийн осол, зөрчил гарч байгаа үүдэл шалтгаанууд юу вэ?

-Иргэдийн осол аваарт өртсөн шалтгаан нөхцөлийг аваад үзэхээр согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 45, мотоцикльтой хөдөлгөөнд оролцсон 36, онхолдох хэлбэрээр 76, явган зорчигч мөргөх хэлбэрээр 26 зэрэг хохирлууд байгаа юм. Арга хэмжээтэй холбоотой тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга батыг сайжруулах, хяналт тавих чиглэлээр байнгын ажиллагаатай 62 пост, мөн тухайн постуудыг холбосон замууд дээр хөдөлгөөнт эргүүл байдлаар байнгын хяналт шалгалт хийнэ.Энэ жилийн хяналт шалгалтын тухайд хэд хэдэн зөвлөгөө онцгойлон өгмөөр байна. Нэгдүгээрт хурдны асуудал байна. Он гарснаас хойш 77 хүн хурд хэтрүүлж явсны улмаас онхолдож амь нас нь хохирсон. Тэгэхээр эдгээр онхолдож байгаа хүмүүсийн амь насаа алдаж байгаа шалтгаан нь хэдийгээр хурд боловч тээврийн хэрэгслийн ард сууж байгаа зорчигч нар хамгаалах бүсээ зүүдэггүй. Энэ жилийн тухайд орон нутгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл бүрийг зогсоож шалгана. Дээрээс нь ард сууж байгаа зорчигчийг хамгаалах бүсээ заавал зүүхийг цагдаагийн албан хаагчид шаардана. Тиймээс ард сууж буй зорчигчдоо зориулсан суудлын бүсээ бэлэн байлгахыг анхааруулж байна. Ард сууж буй зорчигч бүсээ зүүгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 20 нэгжээр торгуулах заалттай байдаг. Энэ жилийн тухайд бид юу юуны духанд хүрэлгүй торгохгүй. Эхний ээлжинд арын бүс заавал зүүхийг шаардана. Жолооч нартаа энэ бүсийг зүүснээрээ аюулгүй байдаг юм шүү гэдгийг ойлгуулах мэдлэг давхар өгөх зорилготой юм.

-Хүүхдэдээ зориулалтын бүс зүүлгээгүй тохиолдол хэрхэн арга хэмжээ авах вэ?

-Арав хүртэлх насны хүүхдийг орон нутгийн замаар тээвэрлэхдээ зайлшгүй хамгаалалтын бүс, 0-3 хүртэлх насны хүүхдийг нэмэлт суудалтай тээвэрлэх ийм чиг үүрэг байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв 0-3 хүртэлх насны хүүхдийг нэмэлт суудалгүй тээвэрлэсэн тохиолдолд “дараагийн удаа хүүхдээ би хамгаалалтын суудалтай тээвэрлэнэ” гэсэн бичиг бүхий бид бүхний бэлтгэсэн самбар, амлалтын хуудсыг барьж байгаад зургийг нь авахуулна. Ингээд зургийг нь аваад Цагдаагийн байгууллага болон Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн хуудсанд байршуулна. Ингээд энэхүү зураг, мэдээлэл нь тавигдсан эцэг эхчүүд дараагийн удаа хүүхдээ тусгай хамгаалалтын суудалтай нь тээвэрлэх хандлага, ухамсар тогтоно гэж үзэж байгаа юм. Харин амлалт өгчихөөд үүнийгээ дараагийн удаа дахин биелүүлээгүй бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцно. Эхний удаадаа сануулга өгөх буюу олон нийтэд нээлттэй зургийг нь авч сануулга өгнө гэсэн үг юм. Үүнийг хүүхэдтэйгээ орон нутгийн замд зорчиж буй жолооч та бүхэндээ анхааруулж байна. Магадгүй та олны танил байна уу, эрх мэдэлтэй байна уу хамаагүй. Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх учраас эдгээр зураг болон амлалтын бичгийг заавал авахуулах болно. Хэрэв ингэхээс татгалзвал газар дээр нь хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэсэн гэх торгуулийн арга хэмжээг авахаас өөр аргагүй юм.

-Өөрийн зургийг олон нийтийн сүлжээнд тавиулахыг хүсэхгүй байна зэрэг хандлагууд гарна. Тэгвэл тухайн хүний эрх зүйн хувьд энэ яах вэ?

-Бид бүхэн энэ хүнийг муу хүн байна гэх мэт хандлага гаргахгүй. Энэ он гарснаас хойш 29 хүүхдийн амь нас хохирсон байна. 12 хүүхдийг ээж аав нь ухарч байх үедээ дайрсан. Үлдсэн 17 тохиолдол нь ээж, аавтайгаа зорчиж байгаад хохирсон байгаа юм. Магадгүй эдгээр хүүхдүүд зориулалтын тусгай суудалтай зорчиж байсан бол амь насанд нь хохирол учрахгүй байж ч болох байсан. Тиймээс хүүхдүүд ийм хохиролд бүү учраасай гэсэндээ хийж буй ажил учир үүнийг иргэд маань хариуцлага, ухамсар гэж хүлээж аваасай гэж хүсэж байна. Үүн дээр ямар нэгэн байдлаар тухайн хүмүүсийн нууц гэдэг юм уу, бие эрхтэн согог зэрэг бусад байдлыг харуулахгүй. Харин ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг сануулах зэрэг эерэг зүйлийг нийгэмд түгээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та бусдаас ичиж байгаа бол, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээгүйгээсээ ичиж байгаа бол аялал зугаалгад явахаасаа өмнө хүүхдэдээ зориулалтын суудлыг нь заавал авч өгөөрэй гэж хэлмээр байна.

-Хөдөө орон нутагт малдаа мотоцикльтой явах, насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикль унах түүнээсээ болж осолдох тохиолдол элбэг байдаг. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Дараагийн томоохон асуудал бол Мотоцикльтой холбоотой асуудал яах аргагүй мөн юм . Энэ оны эхний зургаан сарын байдлаар мотоцикльтой холбоотой зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас эрсэдсэн байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн бүхий л албан хаагчид тэдэнд шаардлага тавина. Улсын дугааргүй, техникийн хувьд илт бүрэн бус, оношилгоонд хамрагдаагүй, жолооч болон зорчигч хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн хувьд мотоцикль жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй зөрчлийг илрүүлэх болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зэрэг арга хэмжээг авч ажиллана.

Б.НИНЖБАДАМ