Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

gol-us-6r0dug62irxyue2rbn3vj86lntcdy3635vau7jyypfk-6visi70l3ouivzu33u4a98a0p64ulbi47vwrgqvy4ow.jpg

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дах жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэндөрвөн иргэний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж авран хамгааллаа.

Улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар усны ослоор 39 хүн амь насаа алдсан байна. Үүний 30 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа

Сүүлийн үед усархаг бороо их орсны улмаас Нийслэлийн ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдал, түүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров: Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газарт шуурхай арга хэмжээ авч ажилласан.

НАЗМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра:
“Авто замд үүссэн эвдрэлийг дүүрэг бүрээр нь танилцуулбал:

Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 18, 19 дүгээр хороонд явган хүний 1,800 м.кв зам, 2,500 метр үргэлжлэх авто замын хашлага эвдэрсэн.

Баянгол дүүрэгт нийт 800 м.кв зам эвдэрч, 2,800 метр авто замын хашлага эвдэрсэн

Сонгинохайрхан дүүрэгт явган хүний 1,000 м.кв зам, авто замын 2,000 метр урт хашлага эвдэрсэн.

Сүхбаатар дүүрэгт 2,600 м.кв нүхэн эвдрэл үүсэж, 1,500 урт метр хашлага эвдэрсэн.

Баянзүрх дүүрэгт 1,200 м.кв эвдрэл үүсэж, 1,800 метр урт хашлага эвдэрсэн.

Хан-Уул дүүрэгт 1,000 м.кв явган хүний зам, 2,500 метр урт хашлага эвдэрсэн.

Зургаан дүүрэгт 14,600 м.кв авто зам, явган хүний зам 7,300 м.кв, авто замын 13,100 метр урт хашлага эвдрээд байна. Нийтдээ 4 тэрбум 762.5 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд 23:00-06:00 цагт ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд өдрийн цагаар ажиллаж байгаа. Одоогоор 1,340 м.кв-д нүхэн эвдрэлийн засварыг хийж, 20,000 м.кв-д шороо хусаж тэгшилсэн. 240 м.кв шороо түрэлт, 26 м.кв асфалт бетонон хог зайлуулж, 2,300 тонн борооны усыг соруулж, цэвэрлэгээ хийгдсэн” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: “Авто замын газар эвдэрсэн замуудыг нэгбүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Улаанбаатар хотын нэг иргэн, нэг аж ахуйн нэгжээс болж нийтээрээ усанд автаж болохгүй. Зөвхөн авто зам дээр л гэхэд 3.9 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Борооноос үүдэлтэй эвдрэлийг хатмагц нь Авто замын газар засвараа эхлүүл. Усны барилга байгууламжийн газар ус зайлуулах сувгуудыг бүгдийг нь цэвэрлэ.
Ойрын долоо хоногт бороотой байхыг цаг уур байгууллагаас өнөөдөр ирүүлсэн. Нэлээд усархаг, үргэлжилсэн бороо орох магадлалтай” гэлээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 25 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Тогтоолын хавсралтад Монгол Улс 2050 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт шинжилгээ-үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгсөн.

Мөн Монгол Улс ирэх 30 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар Үнэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилгын хүрээнд 50 зорилтыг дэвшүүлж, үе шат бүрд хүрэх үр дүнг тодорхойлон, хэрэгжүүлэхээр тусгасан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол цөм нь монгол хүн байж, урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж, Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэгболох алсын хараанд төвлөрсөн үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж, хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж, хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж, амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж, өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвар бүхий оюунлаг,бүтээлч иргэдтэй улс болж хөгжих эрхэм зорилгыг агуулсан байна.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр үе шат буюу 2030 он хүртэлх хугацааны хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүрэн тусгасан ба зарим үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг дахин тооцоолж шинэчлэн тусгасан.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод таван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнд нь үндэслэн дараагийн үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн үе шатны хүрэх үр дүнтэй нь нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах юм.

Энэ тогтоолд тусгагдсан урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгчээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МАЛ НЯДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Нийтийг хамарсан баяр ёслол, махны хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотой малаас хүнд дамжин халдварладаг зооноз болон бусад онош тодорхойгүй өвчтэй малыг нийтийн хэрэгцээнд нийлүүлэн иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсч болзошгүй мөн Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдлийг СХД-ийн Эмээлтийн 13-н мал нядлах газар болон үйлдвэрүүдэд хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Магадлан итгэмжлэгдсэн 9 байгууллага гэрчилгээгээ гардаж авлаа

Олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Маргад дээд сургууль, Засагт Хан дээд сургууль, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Соёл Эрдэм дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллеж гэсэн дээд боловсролын таван байгууллага, Гурвантамир мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Налайх дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Орхон аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төв аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын дөрвөн байгууллага магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэн шаардлага хангажээ.

Магадлан итгэмжлэгдсэн их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын гэрчилгээг БСШУС-ын сайд бөгөөд БМИҮЗ-ийн дарга Ё.Баатарбилэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны захирал О.Янжмаа нар гардуулж, амжилт хүслээ.

Дээд боловсролын салбарын хувьд байгууллагын магадлан итгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байна.

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайлангаа Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд ирүүлж нь чанарын баталгаажуулалтаа ханган ажилладаг. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн мэдээллийг www.accmon.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 172 иргэн өнөөдөр /2020.7.7/ 13.00 цагт эх орондоо ирлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн таван нислэгээр гадаадын оронд гацсан иргэдээ авчрахаар төлөвлөөд байгаа. Хуваарийн дагуу долдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 420, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 263 иргэн их орондоо ирсэн юм.

  • Долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • Долдугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Categories
мэдээ нийгэм

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна

Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.

Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ.

Уралдаанч хүүхэд нь:

  • 7-оос дээш настай
  • Морь унах дадал чадварыг бүрэн эзэмшсэн, морь унах хүсэл сонирхолтой
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж “Эрүүл” гэсэн тодорхойлолт авсан
  • Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлд хамрагдсан
  • Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан
  • Уяачтай хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гэрээ хийсэн байх шаардлагатай

Бүртгүүлэхээр ирэхдээ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт
  • Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн баримт, гэрээ, дэвтэр
  • Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай байгуулсан аюулгүй байдлын гэрээ
  • Эцэг эх болон уралдаанд оролцож буй уяачийн утасны дугаар, регистрийн дугаар

Эрхэм уяач та хурдан морь унах хүүхдээ заавал бүртгүүлээрэй

Categories
мэдээ нийгэм

“what3words” апплейкшныг ашиглах заавар

w3w_NEMA_EmSe_Main_16x9.mp4_snapshot_01.05.000.jpg

Хүн ам тархан суурьшсан өргөн уудам хөдөө нутаг, хаяг байршил нь тодорхойгүй гэр хороолол зэрэг нь нь аливаа аюул, ослын голомтын байршлыг тогтооход хүндрэл үүсгэхээс гадна хүний амь нас, эд хөрөнгийг аврах цаг хугацааг алдахад хүргэдэг.

Иймээс аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Түүнчлэн мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой юм.

Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай гэж Онцгой байдлын ерөнхий газраа мэдээллээ.




Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ-28

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 2-5 долоо хоногийн хугацаанд коронавирусийн эсрэгбиеийг илүүтэй тодорхойлж болохыг Английн Бирмингемийн их сургуулийн судлаачид илрүүлжээ.

2. АНУ-д амны хаалт зүүх дадал нь коронавируст халдварын тархалттай хамааралтай эсэх талаар 6000 хүнийг хамруулан судлахад хүн амын 64% нь амны хаалт зүүж байгаа Нью-Йорк мужид тохиолдлын тоо бусад мужтай харьцуулахад хамгийн бага байна. Харин хүн амын 25% нь амны хаалт зүүдэг Тенниси, Алабама зэрэг мужид тохиолдлын тоо өндөр байгаа аж.
3. Бээжин хотын Шиньфади хүнсний захтай холбоотой 311 хүний 102 нь үхэр, хонины мах зардаг хэсгээс халдвар авсан нь тогтоогдсон байна. Иймээс албаныхан тус захын малын мах зарах хэсгийг халдварын өндөр эрсдэлтэй гэж үзэж энд үйлчлүүлсэн иргэдийг 28 хоногийн тусгаарлалтын дэглэм сахиулахаар болжээ. Мөн тус захад борлуулах далайн гаралтай бүтээгдэхүүнд коронавирусийн шинжилгээ хийлгэх шаардлага тавьжээ.
4. БНХАУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн биотехнологийн хүрээлэн, Хонгконгийн “Хун Синай” компани хамтран коронавирусийн эсрэг вакцин гарган авсан бөгөөд цэргүүдэд хэрэглэхээр болжээ.
5. Ковид-19-ийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн ¾-т сэтгэцийн хэвийн бус байдал илэрч байгаа аж. Дэмийрэх, хий юм харах, сэтгэн бодох чадвар муудах зэрэг шинж тэмдэг өвчтнүүдийн наснаас үл хамаарч илэрч байна. Тодруулбал, Франц улсад 1 сарын хугацаанд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 58 өвчтний 75 хувьд хий юм харах, анхаарал сулрах, орон зайн баримжаа алдагдах, тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрчээ. Мөн 13 өвчтөнд хийсэн MRI шинжилгээгээр 11-т нь тархинд өөрчлөлт гарчээ.
6. АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар хүний дархлааны хариу үйлдлээс коронавирус “бултах” чадвартайг илрүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулах, үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын; Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн; Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулан ажиллуулж болохоор зохицуулсан.

Хуульд зааснаар дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.

Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн болон өчигдрийн (2020.07.06) хуралдаанаараа Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд /дарга/

2.Улсын Их Хурлын гишүүн С.Батболд /гишүүн/

3.Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн/

4.Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт /гишүүн/

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил /гишүүн/.

Ёс зүйн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ

2.Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен

3.Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар

4.Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар

5.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Нутгийн удирдлагын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг

2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь

3.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

4.Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар

5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар.

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар

2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат

3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил

4.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

5.Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан.

Харин Улсын Их Хурлын бусад Байнгын хороод өнөөдөр (2020.07.07) хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Тус Байнгын хороо 10 цаг 16 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун даргалав. Байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

3.Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг

4.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан

5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн

6.Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тус Байнгын хороо 10 цаг 30 минутад 19 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалав.

Хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт, санал гарсангүй.

Тусгай хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг

3.Улсын Их Хурлын гишүүн С.Батболд

4.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

5.Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан

6.Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан

7.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.

Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;

Төсвийн байнгын хороо:

Төсвийн байнгын хороо 73.9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалан хуралдуулав. Хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин

2.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал

4.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь

6.Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа

7.Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

8.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

9.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.

Эдийн засгийн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдаан 11 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалав. Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжив.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан

2.Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

4.Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

5.Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг

6.Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд

7.Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг

8.Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл

9.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

3.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

4.Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал

5.Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх эрхтэй.

Хууль зүйн байнгын хороо:

Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг даргалан хуралдуулж, тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжлээ.

Хүний эрхийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа

2.Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат

3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг

4.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир

6.Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

7.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй.

Дэд хороод нь тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.

Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.