Categories
мэдээ цаг-үе

“Шинэ Монгол”-ын П.Наранбаярынх

“Шинэ Монгол”-ын Наранбаяр хэмээн танигдсан эрхмийнхээс бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Биднийг гэрт нь ороход эхнэр нь угтаж, ширээнд урилаа.

Наранбаярынх “Шинэ Монгол” сургуулийн урдхан талын байранд амьдардаг юм байна. Бид ширээний ард сууж гэрийн эзний бага нас, нутаг усных нь дурсамжаар яриа хөөрөө дэлгэлээ.

Гэрийн эзний аавыг Г.Пүрэвсүрэн, ээжийг нь Т.Туяамаа гэдэг. Аав нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул бол ээж нь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул аж. Гэрийн эзний аав нь клиникийн профессор хүн. Ээж нь ч мөн адил эмч мэргэжилтэй юм байна. Ээж нь Сүхбаатар аймгийн Онгон сум хуучнаар Дарьганга хошууны дархан Ёндонгийн зээ охин гэнэ. Гэрийн эзэн эцэг эхээс дөрвүүлээ. Том ах П.Нямбаяр нь холбооны инженер, эмэгтэй дүү П.Содцэцэг нь олон улсын харилцааны мэргэжилтэй. Бага дүү П.Отгонбаяр программ хангамжийн инженер мэргэжилтэй гэнэ. Гэрийн эзэн Төрийн захиргаа, олон улсын харилцаа мэргэжилтэй. 2015 онд МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор, 2007 онд Киотогийн Их сургуулийн Эрх зүйн факультет, эрх зүйн магистр, 2000 онд МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны бакалавр хамгаалжээ.

“Аав ээж хоёр маань их сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Хатгалд хуваарилагдан очиход би ээжийнхээ гэдсэнд байсан гэдэг. Ээж ажлаар Улаанбаатарт ирэхэд онгоцонд өвдөж сандаргасан юм билээ. Онгоцноос буумагц Нисэхийн гал командын машинд суулган Улсын хоёрдугаарт төрөх эмнэлэгт хүргэснээр би төрсөн гэдэг” хэмээн инээмсэглэлээ.

“Би дунд сургуулиа 13 дугаар сургуулийг төгсөөд 1994 онд одоогийн МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн япон хэлний ангид элсэж орсон юм. Гуравдугаар курстээ Япон руу мэргэжил дээшлүүлэгч оюутнаар явсан. Ингээд Токиогийн гадаад судлалын их сургуульд сурсан. Эргэж ирээд их сургуулиа төгсөөд Байгаль орчны яамны Хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн дээ” хэмээн хуучлав.

“Шинэ Монгол” сургуультай хэрхэн холбогдсон талаар нь асуухад “2012 онд Японд Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш намайг Шинэ Монголд ирж ажиллахгүй биз гэхэд нь би шууд л тэгье гэж хариулсан. Ингээд 2020 оны хоёрдугаар сар хүртэл Шинэ Монгол сургуульдаа ажиллалаа. Шинэ Монгол сургуультай холбогдсон гэвэл бүр 2006 оноос л доо. Тэр үед энэ сургуульдаа ирж лекц уншдаг байлаа. 2010 онд би Шинэ Монгол сургуулийн 10 жилийн ойн баримтат киноны зохиолыг бичиж, кино болгосон нь Галаа багш бид хоёрын харилцааг улам ойртуулсан” хэмээн хуучиллаа.

П.Наранбаяр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Туул гэдэг. Хүүг нь Н.Амарсанаа, охиныг нь Н.Ирмүүнсанаа гэдэг. Гэрийн эзэгтэй мөн адил МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсчээ. Том хүү нь энэ жил ЕБС-иа төгсөж ЭЕШ-аа өгч байгаа гэнэ. Харин охин нь Шинэ Монгол сургуулийн зургадугаар ангид сурдаг байна.

Гэрийн эзэгтэй ширээнд сууж бидний яриа тэдний хэрхэн танилцсан талаар үргэлжиллээ. Тэрбээр “Токиогийн олон улсын харилцааны дээд сургуульд судлаач оюутнаар суралцаж байхдаа Наранбаяртай танилцаж байсан. Бид хоёр нэг сургууль гэдгээ Японд очоод мэдсэн л дээ. Нас чацуу ч би долоон настайдаа сургуульд орчихсон болохоор нэг курсээр илүү яваад байсан. Ингээд 1998 онд бид хоёр үерхэж эхэлсэн” хэмээн хуучлав.

Гэр бүлийн хоёр гал голомтоо бадраагаад 22 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Гэр бүлийн хоёр хамтарч орчуулга их хийдэг байж.

Гэрийн эзэгтэй “Yu lan­guage Ulaanbaatar” япон хэлний сургалтын төвийн захирлаар ажилладаг юм байна. Энэхүү сургалтын төв зургаан жилийн өмнөөс Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Токиод төвтэй япон хэлний сургалтын төвийн Улаанбаатар дахь албан ёсны салбар гэнэ. Энэхүү сургалтын төв нь Японд ямар дүрэм журам заах аргаар үйл ажиллагаа явуулдаг тэр л дүрэм журам, заах арга барилаар япон хэлийг хөгжилтэй аргаар яриа, сонсголд суурилж заадгаараа давуу талтайг дурдаж байв.

Гэрийн эзэгтэй “Манай сургалтын төв “Боловсрол” телевизтэй хамтраад алсын зайн сургалтыг хийж байсан. 1990, 2000-аад оны үед нийгэм эдийн засгийн байдал нэлээд хүнд байлаа. Гадаадад хэлний бэлтгэлд суралцахад асар үнэтэй байсан. 2000-2010 он хүртэл япон хэл сурах хүмүүсийн тоо асар багассан. Энэ нь япон компани манай улсад хангалттай орж ирээгүй байсантай ч холбоотой. Харин сүүлийн жилүүдэд япон хэл сурах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. 2019 он гарснаас хойш Японд дадлагажигчаар ажиллах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж түүнтэй холбоотойгоор япон хэл сурах хүмүүсийн хүрээ улам илүү тэлсэн. Гэвч дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын улмаас сургалтын төвүүд хүндхэн байна л даа. Өнгөрсөн тавдугаар сараас сургалтын төвүүдийг нээх зөвшөөрөл гарсан ч хязгаарлалт их тогтоосон. Манай сургалтын төв энэ жил давхардсан тоогоор 624 хүнд хичээл заасан байна. Миний бодлоор манай сургалтын төв Япон, монгол төвийн дараа орчих болов уу гэж боддог” хэмээн инээмсэглэлээ.

Yu language Ulaanbaa­tar сургалтын төвийг зорьж ирэх хүмүүсийн тоо их байдаг гэнэ. Сонсголд суурилж япон хэл заадаг нь уг сургалтын төвийн онцлог аж. “Хүн сонсоод ойлгодог болчихвол баярладаг. Үгээр илэрхийлбэл бүр их баярладаг. Бага насны хүүхдүүдэд хэл заана гэдэг хэцүү. Эх хэлээ сайн мэдээгүй байдаг. Тэгэхээр чихийг нь онгойлгоод дуртай дууг нь сонсгох, киног нь үзүүлэхэд хэл сургахад илүү үр дүнтэй. Дэлхий дахинд анимэ үздэг залуучуудын тоо маш их байдаг. Анимэ үздэг залуучууд япон хэлийг хурдан сурдаг” хэмээн гэрийн эзэгтэй нэмж хэлэв.

Тэрээр ханийнхаа талаар “Миний хань төрийн албанд олон жил ажилласан. Санаандгүй тохиолдлоор хувийн сектор лүү орчихсон. Энэ хугацаандаа боловсролын салбарт болох, болохгүй олон зүйлийг тал талаас нь харсан байх. Эхнэр хүний хувьд улс төрд орохыг нь дэмжээд явж байна даа” гэсэн юм.

П.Наранбаяр энэ удаагийн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, 23479 хүний санал авч гурваар гарч ирсэн юм. Тэрээр сонгуульд зориулж “Нүсэр бус төсөр” хэмээн ном гаргаж түүгээрээ уриалж оролцсон юм. Наранбаяр Нүсэр бус төсөр” гэсэн нь учиртай. Төсөрт энгийн оршиж, энгийн агуу чанарыг агуулдаг. Улс орны хөгжлийн суурь зарчмыг бид ингэж тодорхойлсноор олон ээдрээтэй асуудлыг хөвөрдөн тайлах боломжтой болно гэж ярив.

Тэрээр “Энэ жил УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшлээ. Томсгосон тойрог гэх онцлог байна. 21-хэн хоногт иргэдэд хүрч ажиллах ёстой. 110 мянга гаруй сонгогчтой тойрогт тэр бүр хүмүүстэй уулзаж явах ямар ч боломжгүй юм байна лээ. Өөрийгөө таниулахад нэлээд цаг хугацаа алдсан. Мажоритари тогтолцоо нам гэдэг институцийг их сулруулдаг. Эрх баригч намын тоглоомоор бүгд тоглосон гэсэн үг. Нэгдүгээрт, эрх баригч нам танигдчихсан. Цар тахлыг дотооддоо алдаагүй гэдэг оноо авчихсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Хэд хэдэн уурхайг улсын болгоод авчихсан. Хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа юм л даа. Энэ сонгуулийн тогтолцоо маш их хэмжээний саналыг гээгдүүлдэг. Мажоратори тогтолцооны алдаатай тал нь энэ. 51 хувийн саналыг авчихвал 49 хувь нь үхэж байдаг л байхгүй юу. Баянзүрх дүүрэгт надад өгсөн хүмүүсийн санал үхчихэж байгаа юм. Анхнаасаа тойрог хуваарилалтад хүн амын тоог огт харгалзаагүй. Хүмүүс өөрсдөө хүртэл сонгуулийн үр дүнг гайхаад байгаа юм. Энэ бол сонгуулийн тогтолцооны гажиг.

ХҮН-аас Т.Доржханд Их хурлын гишүүн боллоо. Нэлээд жинтэй дуугарах гишүүн гэж харж байгаа” гэлээ.

Сонгуулийн маргааш хүмүүстэй гар бариад уулзаад явж байсан тухайгаа ярихдаа “Би 23500 хүний саналыг авчихсан юм чинь талархал илэрхийлж, уучлал гуйх ёстой гэж бодсон. Хүмүүс сонгууль дуусчихсан шүү дээ гээд гайхаад байна лээ. Гэхдээ их таатай хүлээж авч байсан. Хоёрдугаарт, энэ миний барьдаг зарчим. Улс төр, төрийн эрх мэдэл гэдэг ард түмнээсээ төрж гарч байх ёстой. Өөр хаанаас ч биш. Дээр нь нэмээд төрийн өндөр босго гэж байж болохгүй. Хажууд дэргэд байх ёстой” хэмээн хуучиллаа.

П.Наранбаярыг боловсролын салбарын хүн гэж хардаг. Тэр ч утгаараа түүнийг Шинэ Монголын Наранбаяр гэхээр анддаггүй. Тэрээр Төрийн захиргааны чиглэлээр, Олон улсын харилцааны чиглэлээр, Байгаль орчин, Орчуулга болон бусад чиглэлээр олон бүтээл туурвил, ном зохиол орчуулж гаргаж байжээ.

Боловсролын салбараас улс төр лүү орох шалтгаан болон өнөөгийн боловсролын салбарын талаар бид үргэлжлүүлэн хууч хөөрлөө.

Наранбаяр “Өнөөдөр боловсролыг зүгээр л эзэнгүйдүүлчихлээ. Ажил хийсэн сайд байсангүй. Авлигажиж дуусч байна. Төрийн үйлчилгээний албанд авлига өгч ордог нь бараг л хүн болгоны өмнө ил байдаг нууц болчихлоо. Авлига нүүрлэчихсэн газарт жилээс жилд боловсролын чанар унаж байна. Хөтөлбөрөө шинэчлэх нэрээр замбараагүй байдал үүсгэж байна. Сүүлийн таван жилд анхныхаа төлөвлөсөн зүйлээрээ нэг ч явсангүй. Тэр бүр нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Жилээс жилд багш нар ядуурч байна. Багш нар 2018 онд ажил хаясан шүү дээ. Энэ бол 1994 оноос хойш гарсан анхны ажил хаялт. Маш том дохио өгөөд байгаа юм. Тэгэхэд олигтой зүйл юу ч хийгээгүй. Угтаа боловсролын сайд хийх ёстой байсан.

Өнөөдөр боловсролд итгэлцэл дутчихаад байгаа юм. Сургуульд нь эцэг эх нь итгэдэггүй. Чанар муутай, багш нь чадал муутай гээд бодчихсон. Багш нар болохоор эцэг эхчүүд зан харьцаа муутай, биднийг ойлгодоггүй гэдэг үл итгэлцэл нүүрлэчихээд байхад дуугай суугаад байдаг яам байж болох уу. Боловсролын шинэчлэл эндээс эхлэх ёстой. Багшийг бэлдэх тогтолцоо үндсэндээ суларчихлаа. Зөвхөн МУБИС багш бэлддэг. Энэ нь чанарыг үнэхээр унагасан. Сайн сургуулиуд дээр яаралтай байгалийн ухааны багшийг бэлдэх шаардлага бий. Гэтэл МУИС гэхэд мэргэжлээ сонгож орохоо больчихсон. Хоёрдугаар курсээсээ мэргэжлээ сонгохоор физик, химийг нь сонгодог хүн байхгүй. Монгол Улс чадварлаг физик, хими, математикийн багшаар удахгүй дутна. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад нүдэн балай чихэн дүлий явж байна. Үнэндээ ЭЕШ-аар сул оноотой хүүхдүүд багш болж ирсэн нь нууц биш. Харин хэдэн жилийн өмнө МУБИС дээр 800 оноотой хүүхдүүдийг тэтгэлэг өгч сургасан явдал оновчтой байлаа. Эндээс нэг ч гэсэн гялтайх багш гарч ирсэн. Даанч тоо нь цөөхөн. Өнөөдөр 5,10,15 жил багшилсан хүмүүс багшлах хүчний цөм болдог байхгүй юү. Гэтэл 10 дах жилээсээ боловсролын салбараас гараад өөр ажил эрхэлж байгаа хүмүүс их. Энэ чинь л хамгийн аюултай зүйл. Тэгэхээр нөгөө л чанар муутай төгссөн залуу багш нарын эгнээ нь эзлээд боловсролыг муу тойрог руу эргүүлэг рүү нь оруулаад байгаа юм. Би бүгдийг нь хэлж байгаа юм биш. Энэ бүгдийг нэн яаралтай засахын тулд ЭЕШ-аар өндөр оноо авсан оюутнуудад Монгол Улсын хамгийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэгтэй, цалинтай шууд сургах хэрэгтэй. Төгсөж гараад багшийн ажил хийсэн тохиолдолд тэр хүний тэтгэлгийг 100 хувь чөлөөлнө. Багшаар ажиллаагүй тохиолдолд эргүүлж 100 хувь тэтгэлэгээ нөхөж авдаг тогтолцоо хэрэгтэй байна. Өнөөдөр хөшөө дурсгалд мөнгө зарцуулж байснаас багшдаа зориулчихвал тэс өөр байхгүй юу” гэсэн юм.

Үргэлжлүүлэн хувийн сургууль улсын сургуулийн ялгаа их гүнзгийрч байгаа тухай яриа дэлгэв. Гэрийн эзэн “Сэтгэл зовоож байгаа асуудал. Хувийн сургуульд хандлага нь зөв багш нар их байгаа нь үнэн. Энэ бүхэн удирдлагаасаа их шалтгаалж байна. Үнэндээ хувийн сургууль хэд дахин өндөр цалин өгдөг нь гэдэг худлаа ш дээ. Яаж хувийн сургууль өөрөө өөрийгөө авч явах юм. Хувийн сургуулийн зардал маш их. Нэг заал барихад бараг тэрбум дөхнө. Тэгж байж хүүхдэд таатай орчин бүрдэх ёстой. Эцэг эхийн хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн мөнгө эргээд хүүхдэд нь хөрөнгө оруулалт болж шингэж байгаа юм. Шинэ Монгол, Логирфм сургуулийн заалыг нь үзээд явахад л энэ бүхэн харагдана. Хөгжмийн өрөөг нь ч гэсэн харах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд улсын сургуулиуд маш их сайжирсан” хэмээв.

Сүүлийн үед гэрийн эзэн “Сайн сургуулийг таны дэргэд” нэртэй ТББ байгуулахаар ажиллаж байгаа аж. Тэрээр энэ тухайгаа “Энэ миний сонгуулийн нэг уриа байсан юм. Энэ уриагаа өөрийнхөө чадал хэмжээнд хэрэгжүүлье гэх үүднээс “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ байгуулчихлаа. ТББ маань Боловсролын тэгш хүртээмж, цахим сургалт, сургуулийн менежмэнтийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулна. Сонгуулийн үеэр миний байнга хэлж байсан зүйл бол хотын захын тосгоны хөдөөний хүүхэд ч гэсэн хотын шилдэг багшийн хичээлийг үнэ төлбөргүй харах боломжтой. Танхимын сургалт бол 20 дугаар зууны шилдэг систем. 21 зуунд ч үүний давуу талыг бүрэн үгүйсгэж болохгүй. Цахим орчин, цахим агуулга хөгжиж байна гэдэг танхимийн сургалтыг илүү үр дүнтэй болоход чиглэсэн байх ёстой” хэмээснээр бидний яриа өндөрлөлөө.


Categories
мэдээ цаг-үе

Т.Хулан: “Хэнд ч хэлээгүй нууц” кинонд маш их ур чадвар гаргаж, эсрэг дүр бүтээлээ. Зүтгэлд минь үзэгчид дүн тавих байх даа

“Сарны нулимс”, “Намрын синдром”, “Зөрлөг” зэрэг уран бүтээлийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Т.Хулантай ярилцлаа.


-“Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр хүмүүсийн сэтгэлд ойр байдаг шүү дээ. Өөрийн тань тоглосон хэд дэх дүр вэ?

-Хамгийн анх “Чиний эзгүйд” киноны Сэргэлэн гэх охины дүрийг бүтээж байсан. Дараа нь “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр дээр ажилласан. Үзэгчдэд киногоо хүргээд урмын үг сонсох сайхан мэдрэмж байсан шүү. Кино маань ч үзэгчдэд сайн хүрсэн. Дүрийн тухайд гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй охиныг гаргасан. Эргээд бодоход сайхан дурсамж шүү. Одоо ч хамтран тоглосон уран бүтээлчидтэйгээ холбоотой байдаг.

-Таны хувьд тайз, дэлгэцийн салбарт аль алинд нь ажиллаж туршлага хуримтлууллаа. Ингэхэд аль нь илүү өрсөлдөөн ихтэй вэ?

-Мэдээж салбар бүр өөрсдийн онцлогтой. Өөр өөр мэдрэмжийг ч өгдөг. Хоёулаа өрсөлдөөн ихтэй. Би драмын урлагт маш их дуртай. Өөрийгөө драмын жүжигчин гэж бодож явдаг. Улсын Драмын Эрдмийн театрыг нэг ёсондоо академи гэж үздэг. Жүжигчин хүнд маш их сургалт олгодог. Тийм ч учраас би их зүйлийг сурч, мэдэж авах зорилготой драмын урлагт хөл тавьж найман жил ажилласан. Харин сүүлийн үед кино урлаг руу түлхүү орж ажиллаж байгаа. Хошин урлаг, драмын урлаг, кино урлаг гэх урлагийн томоохон салбаруудад ажиллаж байсан хүний хувьд залуу жүжигчдэд драмын театрт ажиллаж үзээд, юм сурвал зүгээр шүү гэж зөвлөх их дуртай. Үүний дараагаас кино урлаг руу өөрийнхөө хүсч хийе гэж бодсон зүйлээ хэрэгжүүлэхээр зорьсон. Ер нь эмзэглэсэн санаа, сэдэв, бодол их байсан шүү. Тэр бүхнийгээ уран бүтээлээрээ үзүүлэх юм. Кино урлаг өөрөө энэ бүх боломжийг өгдөг шүү дээ.

-Хэр олон киноны санал ирж байв. Татгалзсан хариу өгсөн дүр бий юү?

-Би уран бүтээлээ сонгохдоо хамгийн түрүүнд хамтран ажиллах уран бүтээлчдээ мэргэжлийн байлгахыг шаарддаг. Мэргэжлийн байлгахыг боддог учраас зохиолын ч тэр, дүрийн хувьд ч тэр надад тааламжтай бус, хамтран ажиллах хамт олон, уран бүтээлчид нь мэргэжлийн бус байх үед татгалзсан хариу өгч байсан.

-Таны тоглосон дүрүүдээс хамгийн их ур чадвар шаардсан нь ямар дүр байв?

-Мэдээж бүтээсэн дүр бүхэн маань ур чадварыг шаарддаг. Театрын тайзан дээр гэх юм бол “Гамлет” жүжгийн Опелиа дүр маш их ур чадварыг шаардсан. Учир нь галзуу хүний сэтгэхүйг судалж, галзуу хүн болж жүжиглэнэ гэдэг амаргүй даваа. Кино урлагт бол одоогоор нээлтээ хийгээгүй байгаа “Хэнд ч хэлээгүй нууц” гэх кинонд Сувдмаагийн дүр байна. Эсрэг дүрийн бүсгүйг бүтээсэн. Урьд нь тоглож үзээгүй дүр гэдэг утгаараа ур чадвар, тоглолт их шаардсан. Кино театрууд нээгдэхээр нээлтээ хийнэ. Ер нь ямар ч кинонд дүрдээ бүх биеэрээ орж, чин сэтгэлээсээ ажилладаг болохоор их ядарсан байдаг. Уйлсан, зовлон шаналалтай дүр бүтээсэн жүжигчдийг хүмүүс их амархан уйлдаг, амархан жүжиглэчихдэг гэж ташаа боддог байх. Би ийм ярианд тун дургүй. Хүний нүдээр нулимс гарахдаа яаж гардаг, ямар их зовлон шаналлыг жүжиглэж үзүүлдэг вэ энэ бүгд тэр чигтээ ур чадвар. Надад оноогдсон ихэнхи дүрүүд драмчилсан, сэтгэлийн шаналгаатай дүрүүд байдаг учраас ажиллагаа болон ур чадвар шаардсан байдаг шүү.


-Эсрэг дүрд тоглох юмсан гэж боддог байсан гэсэн. Тэр бодол, хүсэл тань биелжээ дээ?

-Би Ц.Хүсэлбаатар найруулагчдаа их баярласан. Эсрэг дүрд тоглож үзэх юмсан, надаас ямаршуу чадвар гарах бол гэж боддог байсан. Эхлээд зохиолоо уншсан. Зохиолд нэлээн зовж, шаналсан гол дүр байсан л даа. Тэр дүрийг надад өгөх болов уу гэж бодсон. Гэтэл үгүй шүү. Эсрэг дүр өгсөн. Надаас ийм дүрийн чадвар гарна гэж бодсон юм байхдаа гээд их гайхсан. Дүрээ мэдчихээд өөрийгөө ч сорихыг хүссэн болохоор хамаг чадлаараа ажилласан. Одоогоор кино маань нээлтээ хийгээгүй болохоор өөрийгөө хэр жүжиглэж чадсан, ямар харагдсанаа мэдэхгүй байна. Гэхдээ маш их хичээсэн. Одоо бол түүхэн кинонд дүр бүтээхийг хүсч байгаа.

-Тоглосон дүрүүд тань ихэвчлэн гэнэн цайлган, сахилгагүй, дурлалт бүсгүй байдаг. Амьдрал дээр ч ийм үү. Эсвэл эсрэгээрээ юү?

-(Инээв). Их сонин. Найруулагчид миний дүрийг харахдаа гэнэн цайлган, даруу төлөв, хүний өмнөөс үг дуугарч чадахгүй гэж дүгнээд байдаг. Харин би амьдрал дээр хүний өмнөөс үг хэлж чадахгүй суугаад байх хүн биш шүү дээ. Ер нь их шударга зан чанартай. Гэнэн цайлган зан чанар надад байдаг л даа. Хааяа бас сахилгагүйтэх дуртай. Ийм төрлийн дүрийг бүтээж ажиллахдаа их жаргалтай, яг хүүхэд шиг болчихдог. Ер нь ажлаасаа их баяр баясгаланг авдаг.

-2014 онд өгсөн ярилцлагадаа Ардын жүжигчин С.Сарантуяаг хүндэлж явдаг гэсэн байсан. Тэр хүнийг хүндэлж хайрлах олон шалтгаан бий байх?

-Хүнд нэг тааламжтай хүн гэж байдаг шүү дээ. Аливаа зүйл дээр зөвлөгөө өгдөг, хамтарч ажиллахад ч гар нийлдэг хүн гэж байдаг. Ардын жүжигчин С.Сарантуяа эгч маань яг л ийм хүн. Хүндэлж явдаг шалтгаанууд их бий. Нэгдүгээрт, “Чиний эзгүйд” гэх уран бүтээл дээр С.Сарантуяа эгч маань продюсер хийж байсан. Ингээд анхны дүр болох Сэргэлэнгийн дүрд намайг тоглож чадах уу, тоглохыг хүсч байна уу гэж асуусан. Дөнгөж их сургуулиа төгссөн жаахан охиныг олж хараад, киноны гол дүрд тоглуулсан нь миний хувьд үнэхээр хүндэтгэлтэй хэрэг байсан. Хоёрдугаарт, Улсын Драмын Эрдмийн театрт орж ажиллахыг зөвлөсөн. Мөн олон уран бүтээлд хамтран ажилласан. Маш их үлгэр дуурайл авдаг хүн учраас яахын аргагүй хүндэлж явдаг даа.

-Ойрын хэдэн жилдээ хамтарч ажиллахаар төлөвлөсөн, эсвэл хүссэн уран бүтээлч бий юү?

-Ер нь бүх жүжигчидтэй хамтарч ажиллахыг хүсдэг. Би өөрийгөө их азтай гэж боддог. Кино дэлгэцийн болон драмын тайзнаа урлагийн салбарын мундаг жүжигчидтэй хамтран ажиллаж байсан.

-Өөрийг тань их ажил хэрэгч гэж дуулсан юм байна. Ер нь амьдралдаа ямар дадал, зуршлаар ханддаг вэ?

-Тийм шүү. Би ер нь жүжигчин болоогүй байсан бол хуульч, эсвэл их ажил хэрэгч хүн л болох байсан байх шүү. Ажил хийхдээ их назгайрах, сунжруулах дургүй. Ер нь бол их ажил хэрэгч хүн л дээ. Одоогоор жүжигчнээс гадна кино продюсер, зургийн даргын ажил хийж байна.

-Сайн гэрийн эзэгтэй, сайн ээж гэж хүмүүс ярьдаг. Гэр бүлээрээ чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна?

-Надад ер нь чөлөөт цаг гэж байдаггүй (инээв). Гэртээ байхаараа зүгээр суудаггүй. Гэрээ цэвэрлэнэ, энд тэндэх юмаа янзална. Энэ л миний хувьд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа хэрэг. Бас нөхөртэйгөө театр руу явж кино, жүжиг үзэх дуртай.

-Яг юунаас эрч хүчээ авдаг вэ?

-Ээж болоогүй байхдаа найз нартайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Одоо бол хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, өөр зүйлсэд анхааралгүй зөвхөн хүүхдүүд рүүгээ төвлөрдөг. Хүүхдүүдээсээ л аз жаргалыг мэдэрдэг дээ. Хичнээн ядарсан ч гэсэн хүүхдүүдээ хараад л эрч хүчээ аваад ядаргаа тайлагдчихдаг.

-Танай гэр бүлийн хүн урлагийн хүн шүү дээ. Хоёулаа нэг салбарын хүмүүс байх хэр вэ?

-Хоёулаа нэг салбарын хүмүүс байх их давуу талтай. Нэгдүгээрт, бие биенийгээ ойлгож, ямар нэгэн уран бүтээл дээр ажиллахдаа хоорондоо зөвлөлдөнө. Хоёрдугаарт, манай нөхөр харгүй. Ер нь эмэгтэй жүжигчдийн хувьд энэ тал дээр хэцүү байдаг. Хэрвээ би өөр мэргэжлийн хүнтэй суусан бол уран бүтээлд өөр эрэгтэй хүнтэй хамтран хайр сэтгэлийн холбоотой дүр бүтээнэ. Энэ бүхнийг ойлгох хүн байхад ойлгохгүй ч хүн байна. Манай нөхөр бол энэ тал дээр маш сайн ойлгодог. Тэгээд би их харгүй хүн юм байна гэж боддог. Намайг тэгж хардаад байдаггүй шүү дээ (инээв). Тийм болохоор хамтран ажиллах, зөвшилцөх гээд их олон давуу талтай.

-“Т.Хулан нөхрийнхөө кинонд л тоглоод л, гэрийн эзэгтэйн ажил хийгээд явж байна” гэсэн яриа гарсан байна лээ?

-Нөхөр нь нэг уран бүтээлд ажиллахад автоматаар эхнэр нь тоглоод явна гэсэн ташаа ойлголт байдаг. Би зөвхөн нөхрийнхөө найруулж буй кинонд тоглоогүй. Өөр маш олон найруулагчтай хамтран ажиллаж байсан. Иймэрхүү үзэл бодолд тун дургүй. Энэ нь хоёулаа нэг салбарт ажилладгийн хэцүү зүйл нь. Би өөрөө кино продюсерлаад ажиллаж байхад л “Хулан нөхрийнхөө л кинонд тоглоод гэрийн эзэгтэйн ажил хийж байна” зэрэг өрөөсгөл нийтлэл гарсан байсан. Хүмүүс хов живний л асуудал хөөцөлдөж байна гэж хардаг.

-28 настайдаа ээж болж байсан шүү дээ. Ээж болсны өмнөх, дараах хоёр их ялгаатай байсан биз?

-Тийм шүү. Хүүгээ 28 настайдаа төрүүлж байсан. Өмнө нь ээж болоогүй байхдаа эмэгтэй хүн ээж болно гэдэг, гэрийн эзэгтэй болно гэдэг, амьдрал авч явна гэдэг ямар болохыг мэдэхгүй явсан. Одоо бол хүүхэд гэж хэн болох, ээж хүн ямар хариуцлагатай байдаг талаар мэддэг болсон. Тийм ч учраас гэр бүл, үр хүүхэдгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Арван жилийн өмнөх би хүүхэдгүйгээр хэрхэн амьдарч байсныг одоо бодоход сайн санахгүй байна. Би ээж болсон цагаасаа эхлэн ээжийгээ илүү их ойлгож, илүү ухаан суусан. Эцэг эх, үр хүүхдэдээ өгнө үү л гэхээс авдаггүй. Бүхий л зүйлсээ цаг ямагт зориулдаг. Би ч гэсэн өөрийнхөө бүх зүйлийг хүүхдүүддээ зориулахыг хүсдэг.

С.ЛХАМСҮРЭН

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноолоо

Мэдээ.МН

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт таван жил таван сар, Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо шинээр байгуулагдлаа

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй аж.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо гэж шинээр байгуулагдаж байгаа бөгөөд тус хороонд:

  • УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
  • УИХ-ын гишүүн Д.Батлут
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
  • УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар тус тус багтжээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асран хамгаалагч, эцэг, эхийг хамруулан, асаргаа сувилгааны мэдлэг, хандлага олгох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгийг олгосон юм.

Мөн гамшгийн тухай ерөнхий ойлголт, гал түймэр, газар хөдлөлт, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулж, иргэдийг чадавхжууллаа гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чулуут, Суман, Орхон зэрэг голын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага байна

MASS.mn - Архангай аймаг мину

Монгол орны хэмжээнд хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байхтай уялдаад ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага болон түүний орчим байх төлөвтэй байна. Хангайн нурууны арын Чулуут, Суман, Орхн зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч 7 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эх болон II арав хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй байна. Гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Мөн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө хэлэлцэгдэж байна. Шүүх хурал хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс гурван шүүгдэгчийн таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.

Өчигдөр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон ч таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

Х.ЕСҮ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын гишүүдийн нэрсийг баталлаа

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын гишүүдийн нэрсийг баталлаа. МАН-ын УЗ-өөс санал болгосон сайд нарын нэрсийг танилцуулж байна.

1. Шадар сайд Я.Содбаатар

2. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

3. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

4. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн

5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

6. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар

7. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан

8. Соёлын сайд С.Чулуун

9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл

10. Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар

11. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

12. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

13. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

14. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа

15. Уул, уурхайн сайд Г.Ёндон

16. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нарыг баталсан байна

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Цахим сургалт зохион байгуулжээ

107367890_362162001433014_3813162660538237630_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын бүлгийн дарга, салааны захирагч нарын сэтгэлзүйг дэмжих цахим сургалтыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, анагаах ухааны доктор Б.Жаргал удирдан явуулж, стресс түгшүүрийн менежмент, бухимдал айдсаас ангижрах, эерэгээр сэтгэн бодох, амиа хорлох бодолтой, оролдлого хийсэн хүнтэй харилцах зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм. Сургалтыг зохион байгуулснаар алба хаагчид стресс болон түгшүүрийн талаар мэдлэгтэй болж гамшиг ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх чадварыг эзэмшлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө

КОВИД-19 халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж НҮБ-ын суурин зохицуулагч ноён Мишра Тапан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нар ЭМЯ-нд шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавируст халдвар нь дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, зохион байгуулалттай авч байгаа төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Дэлхийн ихэнх оронд халдварын хурдацтай тархаж байгаа нөхцөл байдлын улмаас хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэрэгцээ нэн шаардлагатай энэ үед ДЭМБ-аас амьсгалын аппарат, эмнэлгийн зориулалттай амны хаалт, лабораторийн оношлуур, амьсгалын аппарат, тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.