Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Нэмж хоёр тохиолдол илэрч, нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 11926000 хүн өвчилж, 545000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 7-ны өдөр нийт 370 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 368 хүнд коронавирус илрээгүй. Харин Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 болон 22 настай эмэгтэй. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ хүн нь 24 настай эмэгтэй бөгөөд 50 хоног эмчлэгдээд гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 195 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 32 хүний биеийн байдлыг үнэлбэл, 31 нь хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт АНУ-д 46,000, Бразилд 45,000, Энэтхэг 24,000-р өвчлөл нэмэгдсэн. Өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдэж, халдварын эрчимжиж байна. Дэгдэлт хурдацтай явагдаж байгаа ч оргил үедээ ирээгүй байгааг ДЭМБ-аас мэдээлж, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох шаардлагатайг онцоллоо. ОХУ-д сүүлийн хоногт 6,368 хүн шинээр халдвар авч 198 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад өвчлөл үл ялиг буурч байгаа.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 215 хүн ажиглалтад орж, 52 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо 2,995 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 6 хүний биеийн байдал хүнд байна. 24 цагийн хугацаанд 119 дугаар 157 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Шведээс хойр иргэн холбогдож зөвлөгөө авлаа” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: “Дэлхий дахинд өчигдөр 172 мянга гаруй шинэ тохиолдол, 3000 гаруй нас баралт шинээр бүртгэгдлээ. АНУ-д халдвар нэмэгдэж буй тул 24 муж улс нь нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаагаа нээх шийдвэрээ цуцаллаа. Олон улсын 200 гаруй эрдэмтэн шинэ коронавирус агаараар дамжин халдварлаж байгааг ДЭМБ-д нээлттэй захидал бичлээ. Эрдэмтэд захидалдаа коронавирус 2 метр гаруй зайд байж тархах боломж, агаарын дуслын замаас илүү халдвар тархаах эрсдэлтэй гэсэн байна. Захидлын хариуд ДЭМБ-аас “Коронавирус агаараар дамжин халдварлаж байгаа нь тогтоогдлоо. Үүнийг илүү судлах шаардлагатай ” гэсэн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Айлын гэр шатаж, хоёр хүн нас баржээ

Баянхонгор аймгийн төвөөс хойд зүгт 15 км Баян-Овоо сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т байрлах Уранхайрхан багийн “Ламын худаг” гэдэг газар иргэн О-ын дөрвөн ханатай гэр шатжээ.

Тус дуудлагыг өчигдөр буюу долдугаар сарын 07-ны өдрийн 07:23 цагт өгсөн байна.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 07:52 цагт очиж галыг гурван минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 42 настай, эрэгтэй иргэн Т өртөж түлэгдсэн тул аймгийн ЯТТ-д, 47 настай, эмэгтэй О, 15 настай, эрэгтэй Т нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Солонгосоос 258 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Наадмаар худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Зах, худалдааны төвүүд хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

Наадмаар тав хоног амардаг. Энэ жил “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ” зэрэг худалдааны төв 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана. Харин “Бөмбөгөр” худалдааны төв 11-20-нд амрах аж. Харин наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваариар ажиллах юм.

Сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарь

“Номин” супермаркетын салбар дэлгүүрүүд: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарь буюу 08:45-22:00 цаг хүртэл ажиллана.

“Имарт” сүлжээ дэлгүүр: Бүх салбар долдугаар сарын 9-10-нд 09:00-23:00 цагт ажиллахаар болжээ. Харин долдугаар сарын 11-нээс эхлэн энгийн цагийн хуваарь буюу 09:00-22:00 цагт ажиллана.

“Оргил” худалдааны төвийн салбарууд: Долдугаар сарын сарын 15-ныг дуустал

  • Тусгаар тогтнолын ордон дахь Оргил худалдааны төв 09:00-22:00 цаг
  • Хороолол болон Амгалан дахь салбар 09:00-22:30 цаг
  • Энканто шилтгээн ба Зургаан буудал дахь салбар 09:00-23:00 цаг
  • Яармаг, Сонголонгийн салбар 08:00-22:00 цаг
  • Зунжин, Налайх, Дархан дахь Оргил худалдааны төвийн салбар 09:00-23:00 цагт ажиллана.

Оргил худалдааны төвийн бүх салбар долдугаар сарын 16-наас эхлэн тухайн салбарынхаа цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

“Сансар” сүлжээ дэлгүүр: Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд тус сүлжээ дэлгүүрийн салбарууд ердийн цагийн хуваарь буюу 08:00-00:00 цагт ажиллана.

“Миний” сүлжээ дэлгүүр: Баяр наадмын амралтын өдрүүдэд 09:00-22:00 цаг буюу ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Худалдааны төвүүдийн цагийн хуваарь

“Нарантуул” олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

“Хархорин” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.

“Дүнжингарав” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг.

“Бөмбөгөр” худалдааны төв: Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09:00-20:00 цаг.

“Содон Бөмбөгөр” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

“Барс” худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.

“Хүчит Шонхор” худалдааны төв: Долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ.

“Да хүрээ” авто худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн энгийн цагийн хуваариар ажиллана. Да хүрээ захын ердийн цагийн хуваарь: 08:30-18:30 цаг.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын алба хаагчдыг гамшиг ослын өмнө болон дараа сэтгэлзүйгээ бэлтгэх сургалтад хамрууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын бүлгийн дарга, салааны захирагч нарын сэтгэлзүйг дэмжих цахим сургалтыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, анагаах ухааны доктор Б.Жаргал удирдан явуулж, стресс түгшүүрийн менежмент, бухимдал айдсаас ангижрах, эерэгээр сэтгэн бодох, амиа хорлох бодолтой, оролдлого хийсэн хүнтэй харилцах зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Сургалтыг зохион байгуулснаар алба хаагчид стресс болон түгшүүрийн талаар мэдлэгтэй болж гамшиг ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх чадварыг эзэмшлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.БЕЙСЕН: Шударга ёсны талаар саналаа хэлж, зөв шийдвэр гаргуулахын төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.


-Баян-Өлгий аймгаас сөрөг хүчний төлөөлөл болж сонгогдлоо. Улс төрийн замналаар замнаад хэдий хугацааг өнгөрүүлж байна вэ. Ер нь яагаад улс төрд орохоор болов?

-Би Ардчилсан намын анхны гишүүдийнх нь нэг. Энэ намд элсээд 30 жил болж байна. Энэ хугацаанд би Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд таван удаа оролцож, дөрвөн удаа ялалт байгуулсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 2004-2012 он хүртэл найман жил ажиллаж байлаа. Харин 2016 оноос аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн даргаар ажилласан. Товчхондоо Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, шударга ёсыг тогтооход л хүчин зүтгэж яваа хүн. Миний хувьд урьд нь хоёр удаа УИХ-д нэр дэвшихээс татгалзаж, намынхаа нөхдөд боломж олгож байлаа. Харин энэ удаад сэтгэл шулуудан нэр дэвшихээр шийдсэн.

-Та бол Монгол Улсын хүний гавьяат эмч. Тэр ч утгаараа таныг эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудад дуу хоолой болж явна байх гэж харж байна…

-Миний УИХ-д орох болсон гол зорилго минь ердөө энэ юм. Эмч хүний хувьд би эрүүл мэндийн салбарт тэр дундаа хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг сайтар мэднэ. Ер нь өмч хувьчлалаас ямар нэгэн юм хүртээгүй хүмүүс хэн байна вэ гэвэл хамгийн түрүүнд багш, эмч нарыг нэрлэж болно. Тэр үеэс эхлээд л өнөөдрийг хүртэл эмч, багш нарыг дэмжих төрийн дэмжлэг дутмаг байна. Эмч, багш нарын цалин амьдралд нь хүрэлцдэггүй. Өнөөдөр эмнэлгийн ажилчдын 80 хувь нь цалингийн зээлтэй байна. Ийм учраас тэдний эрх ашгийг хамгаалж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх талаар тууштай анхаарна. Мөн баг, сумын түвшинд нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хичээх болно. Хүмүүс өндөр өртгөөр гадны улсыг зорьж эмчлүүлсээр л байгаа. Монгол Улс Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээндээ анхаарч, нарийн мэргэжлийн эмч нарыг сурган эмнэлгүүдийг нэмж, хүмүүсээ дотооддоо эмчилдэг болмоор байна. Энэ бол уг салбар дахь шийдэх ёстой нэн тэргүүний асуудал.

-Хөдөө орон нутгийн эмнэлэг, эмнэлгийн ажилчид, эмийн сангийн хүртээмж ямар байдаг вэ. Шаардлагатай түвшинд хүрч ажиллаж чаддаг уу?

-Багийн төв дээр эмийн сан байхгүй учир иргэд шаардлагатай эмээ авахын тулд 80-100 километр зам туулах шаардлагатай байдаг. Энэ мэт асуудлууд бий. Сумын эмнэлгийн лабораторийн оношлуурын аппаратаар нэн даруй хангах хэрэгтэй байна. Уг нь Засгийн газраас шаардлагатай хөрөнгө мөнгийг төсөвт суулгадаг ч тэр нь бодит байдал дээр ажил хэрэг болдоггүй. Шаардлага хангахгүй жижигхэн эмнэлэг барьж, төсвийн мөнгөнөөс шамшигдуулсан явдал ч гарсан. Аймгийн төвөөс сумдад туршлагатай эмч нар очиж мэс засал хийе гэхээр өрөө нь стандартын бус, багтаамж багатай байдаг. Яаралтай түргэн тусламжийн асуудал ч хурцаар хөндөгдөх учиртай. Дарга нар л жийп машин хөлөглөдөг байж болохгүй. Хамгийн сүүлийн үеийн туулах чадвар сайтай машиныг тэдэнд бус түргэн тусламжийн үйлчилгээнд зориулах шаардлагатай. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

-Таны хувьд эрүүл мэндийн салбарт хичнээн жил ажиллав. Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Би 1988 онд Анагаах ухааны дээд сургуулийг мэс заслын эмчээр төгссөн. Сонирхуулахад, оюутан байхдаа оюутны байрныхаа Зөвлөлийн дарга, сургуулийнхаа Эвлэлийн хорооны гишүүн байлаа. Сургуулиа төгсөөд Ногоон нуур суманд очиж, мэс заслын эмчээр ажиллаж эхэлсэн. Улмаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 32 жил ажилласан. Энэ хугацаанд мэс заслын эмч , бөөрний мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн даргаар тус тус ажилласан. Дарга боллоо гээд үндсэн ажлаасаа хөндийрөөгүй, шаардлагатай мэс заслуудыг хийж ирсэн. Тэр дундаа орон нутагт хийдэггүй хагалгаануудыг их хийжээ. Баруун аймагт анх удаа бамбайн булчирхай, түрүү булчирхайн мэс заслыг чадварлаг эмч нарынхаа хамтаар хийж байлаа. Элэгний том тайралт буюу цөсний хүүдийтэй нь хамт тайрах мэс заслыг ч 21 аймгаас анх удаа Баян-Өлгий аймагт хийсэн.

Миний хувьд өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахлыг оношилсон. Тахал гарчээ гэхэд тухайн үеийн удирдлагууд надад итгээгүй л дээ. Тиймдээ ч хугацаа алдаж, хавьтагчид эрсдэл учирч байв. Ямартаа ч Онцгой байдлын газар, цагдаагийн албан хаагчдад учирлаж байж тэдгээр хүмүүсийг хөл хорионд оруулж чадсан. Эрүүл мэндийн яам, Ардчилсан нам, аймгийн удирдлагууд энэхүү гавьяаг минь үнэлж надад Монгол Улсын Хүний гавьяат эмч гэх эрхэм цол олгосон юм.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манайх найман хүүхэдтэй. Эхнэр маань орос хэлний багш мэргэжилтэй. Одоо бол хувийн эмнэлгийнхээ захирлаар ажилладаг. Хүүхдүүдээс маань тав нь эмч мэргэжлийг минь өвлөсөн. Хүүхдүүд маань дүүрэгт, ОХУ-д, аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт, хувийнхаа эмнэлэгт тус тус эмчээрээ ажиллаж байна. Харамсалтай нь саяхан миний залгамж халаа болох байсан нэг хүү маань осолд орсны улмаас нас барсан. Харин бусад гурав нь сургуульд сурч байгаа.

-Сонгуульд оролцож байх үедээ хууль бус явдлуудтай нүүр тулав уу. Хэр шударга сонгууль болсон гэж харж байгаа вэ?

-Энэ удаагийнх сонгогчдыг авлигад сургасан сонгууль боллоо л доо. Сонгогчид үдээс хойш 16:00-20:00 цагийн хооронд хэн мөнгө өгөх бол гэсэн байдлаар хандсан нь илт ажиглагдсан. Хэн их мөнгө өгнө түүнд л саналаа өгдөг байдалтай болжээ. Энэ мэтчилэн энэ удаагийн сонгуулиар шударга бус явдлууд ихээр гарсан. Төрийн, төсвийн байгууллагуудын ажилчдыг дарамталж сонгууль өгүүлж байна. Тодруулбал, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ажилчдыг дарамталж сонгох эрхэд нь халдсан. Уулзалтад ирэхэд нь өөр хүнд саналаа өгвөл ажлаас чинь хална гэх зэргээр дарамталж, саналыг нь авсан асуудлууд байсан. Мэдээж ганцхан Баян-Өлгий аймагт бус бусад бүх л аймагт ийм шударга бус явдлууд байсан. Орон тооны хязгаарлалт бүх аймагт байгаа. Ер нь бол орон нутгийн иргэд ардчиллын төлөө саналаа өгөхөд бэлэн байсан. Гэхдээ луйвар орсон гэж бодож байгаа.

-Энэ удаагийн ээлжит сонгуулиар МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж, эрх баригч боллоо. АН-ын цөөн гишүүдэд дахин сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдлээ. Таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ямархуу байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ дөрвөн жилд шударга ёсны төлөө саналаа хэлж, зөв шийдвэр гаргуулан ажиллах болно. Эрүүл мэндийн салбар, төсвийн зөв зүйтэй зарцуулалтаас гадна хүнсний аюулгүй байдлын асуудал дээр анхаарах цаг болсон. Импортын гэхээсээ илүү эх нутгийнхаа хөрсөнд ургасан хүнсийг хэрэглэх нь чухал байна. Баян-Өлгий аймгийн гол дагасан сумдад хүнсний ногоо тариалах бүрэн боломжтой. Миний хувьд энэ талаараа ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр У. Хүрэлсүх сайдад санал болгож хэлсэн байгаа.

-Ардчилсан намд намын удирдлагуудаа сонгох, улмаар өөрчилж шинэчлэгдэх шаардлага тулгарч байна. АН цаашид ямархуу байдлаар явбал зөв зүйтэй вэ?

-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд дүрмээ шинэчилсэн. Нам багагүй цэгцэрч, намын хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Аймгуудын намынхан ч сайн ажилласан. Гэсэн хэдий ч энэ удаад ялагдал хүлээлээ. Дүрмийн дагуу намын удирдлагууд огцрох ёстой. Одоо Үндэсний бодлогын хорооны хурал хуралдаж дараагийн намын даргаа сонгоно.

-УИХ-дахь Ардчилсан намын бүлэг бүлгийн даргаа сонгосон. Бүлгээрээ ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах тухайгаа ярьж, нэгдэж чадсан уу?

-Миний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар сонгогдсон. Цаашид хэрхэн ажиллах тухайгаа бид ярилцана. Одоогоор хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулахгүй, төдийд ийм хуралтай л гэж хэлж байна. Хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцвал эвлэрэхгүй зүйлүүд дээр байр сууриа илэрхийлнэ. Түүнээс гадна МАН-ын гишүүд нэгнийгээ хамгаалж, өмгөөлөх янз харагдаад байна. Хамгаалаад сууж байх бус улс орноо хөгжүүлэх асуудлыг яримаар байгаа юм.

-Баян-Өлгий аймгийг маш их улстөржилттэй байна, төрийн алба нь “цус ойртолттой” байна гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Ер нь Баян-Өлгий гэлтгүй бүх л аймагт улстөржилт газар авсан. Төрийн албан хаагчдыг хоморголон халдаг явдал ч бий. Манайд дарга, цэргийг нь битгий хэл цэвэрлэгчийг нь хүртэл халсан. Баян-Өлгий аймгийн захиргаанд гэхэд ганц хуулийн зөвлөх л үлдсэн, бусад ажилчдыг нь бүгдийг нь халсан. Эмнэлэг, сургуулийн удирдлагуудыг дарамтлах, хамаатан саднаа ажилд томилох асуудлууд байгаа. Үүнийг таслан зогсоох нь туйлын чухал байна. Хичнээн нам засаг солигдлоо ч тэр ажилчдыг тайван ажлыг нь хийлгэдэг байх нь чухал.

-Өнгөрсөн парламентад Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд хэр үр дүнтэй ажиллав. Аймаг, сумандаа тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийсэн зүйл нь юу байв. Юу гэж дүгнэх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалт маш ихээр тавигдсан. Гэсэн ч УИХ-аас гарсан гишүүдийн хамаатан садан авсан асуудал бий. Ижилхэн хэмжээтэй барилгуудын нэгнийх нь өртөг нэг тэрбум хэдэн зуун сая төгрөг байхад нөгөөх нь 600 сая төгрөгөөр боссон ч бий. Ногоон нуур сумын Ховд багт 18:12 хэмжээтэй нэг давхар барилгыг 285 сая төгрөгөөр барьсан байгаа юм. Иймэрхүү шаардлага хангахгүй чанар, хийц муу, жижигхэн барилгууд барьсан тохиолдол цөөнгүй. Тийм учраас энэ асуудал дээр Засгийн газар анхаарч, хяналт шалгалт хийх байх. Зөвхөн төсөв дээр тоглодог хүмүүс ч их байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд нэг ч тендер авч үзээгүй. Хамаатан садандаа ч тендер авч өгөөгүй. ЖДҮ-ээс ч зээл аваагүй.

-Энэ удаагийн парламентад Баян-Өлгий аймгаас хамт сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч ажиллах уу?

-Хамтарч ажиллана. Гэхдээ хууль бус үйлдэл гаргавал шүүмжилнэ. Эвлэрэхгүй зүйлүүд дээрээ эвлэрэхгүй, сонгогчдын эрх ашгийг хамгаалж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Эвдэрсэн замуудын шалтгааныг тогтоож, зөрчил гаргагчдад хариуцлага тооцохыг үүрэг болгожээ

Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан” гэв. Мөн усархаг борооны улмаас нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байгаа талаар дуулгалаа.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбайд учирсан хохирлын хэмжээг тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл өгсөн юм. Төвийн гол замууд үерийн усанд автаж буй асуудалд ажлын хэсэг гарч ажиллахад үерийн далан суваг дагаж буусан айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж, хүнсний дэлгүүр, дугуй засвар гэх мэт үйлдвэр үйлчилгээ эрхэлж үерийн жалгыг хаасан зөрчлүүд илэрсэн байна. Иймд үерийн далан сувгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд орсон борооны улмаас зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр автозамын хашлага эвдэрсэн талаар дуулгаад, нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрууд хамтран засвар үйлчилгээг гүйцэтгэжээ.

Баянгол дүүрэгт байрлах Чингүнжавын гудамжинд асфальтан зам хууларсан асуудалд нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбар өглөө. Тус замыг 2008 онд JGC компани хийж гүйцэтгэжээ. Бүтцийн эвдрэлд орсон 0,9 км тус автозамыг нөхөөс тавьж засварлахаас илүүтэй шүүрт худгуудыг нэмж шинээр барьж байгуулах шаардлагатай гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүрийг хайрлаж хамгаалж ажиллах ёстой. Үүний тулд татварын хөрөнгөөр та бид цалин аваад сууж байгаа гэдгийг маш сайн ойлго. Автозамын газар эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг дүүргийн удирдлагуудад өгч байна. 1970 1980 онд хийгдсэн инженерийн байгууламжийг шинэчлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Газар хэлтсүүд харилцан уялдаатай ажилла. Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Нийслэлийн Авто замын газар нэг бүрчлэн явж ажилла” хэмээлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш нөөцлөлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаанд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах, ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулж эхэлжээ. Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ. Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний нөөцлөлт, хадгалалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэхээс сэргийлж, шуурхай арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” компанийн удирдлага болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн жил сайжруулсан түлшийг гадаа талбайд хадгалснаас үүдэж чийг цохиж түлшний найрлагад өөрчлөлт гарсан тохиолдол гарсан учраас гадаа талбайд хадгалахгүй. Түлшний орц найрлагад анхаарал хандуулж, иргэдэд угаарын хийнээс сэрэмжлүүлсэн заавар зөвлөмжийг хүргэж, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Бүх дүүрэг хороод сайжруулсан түлшний хэрэглээнд нэвтэрч байгаа учраас зуны 3 сарын дотор түлш нөөцлөлтийг эрчимжүүлэх ёстой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Жи Тайм”-ын хэргийн шүүх хурлыг шууд дамжуулна

“ЖИ ТАЙМ” сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.08/ 09.00 цагт болно.

Монгол улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүний тангараг бол тонгорог болох аюултай

Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан 75 гишүүн (Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат шоронд хоригдож байгаа учир тангараг өргөөгүй) Монгол төрийн индэр дээр нэг нэгээрээ гарч Монголын төр, ард түмний өмнө тангараг өргөсөн. Уг тангарагт “Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж маш тодорхой заасан. Ингэж Их хурлын гишүүд ард түмний элчийн хувьд авлига, ашиг сонирхлоос ангид байна гэдгээ төрийн индэр дээрээс тангараглаж ам өчгөө өгсөн. Хэрвээ өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ бүгд амаараа хэлсэн. Тэгээд зогсохгүй гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тангаргийн үг бүр айхавтар, цаанаа хуулийн нэхэл дагалтай. Жаахан буруу үйлдэл гаргах аваас хуулийн өмнө хариуцлага хүлээх болно гэдгээ олон нийтэд зарлан тунхагласан.

Монголчуудын дунд тангараг нь тонгорог болох аюултай гэсэн хуучны хэлц үг байдаг. Тангараг нь тангаргаараа байх аваас ертөнцийн зүй найрал тогтож, тэндээс амар амгалан үүснэ. Сайн сайхны үүд хаалга нээгддэг гэдэг. Харин тангараг нь алдарч, тангарагласнаа мартах аваас өөрийгөө хөнөөж сүйдлэх төдийгүй нэг нэгнээ эсгэх хүйтэн мэс тонгорог болж гай дагуулдаг. Үндсэндээ тангараг нь тонгорог болох гэдэг ийм аюул гачлантай, аминд халтай. Их хурлын зарим гишүүд төрийн эрх мэдэл атганд минь ирлээ гэсэн байдалтай баяр бахдалтайгаар тангаргаа өргөж харагдсан. Өөрийнх нь хар толгойтой эргээд яригдах зүйл гэдгийг эрхбиш мэддэг л байгаа даа гэж санагдахаар. Тангаргийн үгийг уншаад үзэхээр юмны наад цаад учрыг гадарлах хүнд өөрийн эрхгүй агдасхиймээр. Түүнээс “Ингээд гишүүн болчихдог юм байна” гэж хөөрч догдолж баярлаж бахдахаар зүйл огтоос биш шиг. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэг Их хурлын гишүүнд халтай заалт яах аргагүй мөн.

Тухайлбал, уул уурхайн асуудал Их хурлаар хэлэлцэхэд уул уурхайтай холбоотой, энэ чиглэлийн компани, аж ахуйн нэгжээс хувьцаа эзэмшдэг бүх гишүүдэд хаалттай болж эхэлнэ. Их хурлын гишүүний тангарагт тодорхой заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэгтээ зөрчилдөх учир хаалттай, хориотой болж байгаа юм. Зөвхөн уул уурхай гэлтгүй алт, нүүрс, ашигт малтмал, аялал жуулчлал, барилга, худалдаа үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, боловсрол, нефть гээд бүхий л салбарын асуудал хэлэлцэгдэх үед тэр чиглэлийн бизнестэй, тухайн чиглэлийн компанийн хувьцаатай гишүүдийн асуудал хөндөгдөж тэд хууль батлахад оролцох эрх хязгаарлагдана. Энэ талаар улс төр судлаач, хуульчдын байр суурийг хүргэе. Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Гишүүд нэг нэгээрээ тангараг өргөж ард олонд хөдөлшгүй баримт болж үлдэж байгаа нь маш том дэвшил боллоо. Төрийн түшээд буруу зүйл хийвэл ард түмэн тангаргийнх нь үгийг бариад амыг нь асуух боломжтой. Их хурлаар юм уу, байнгын хороогоор тухайн гишүүний бизнестэй холбоотой, нэг үгээр хэлбэл тухайн гишүүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй хууль хэлэлцэх үед тухайн гишүүн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж олон улсын жишгийн дагуу маягт бөглөх ёстой юм. Дэлхий нийтийн туршлагад ашиг сонирхлын зөрчлийн маягт гэж байдаг. Түүнийг бөглөөд шийдвэр гаргахад оролцохгүй гэдгээ илэрхийлэх ёстой” гэв. Олон улсын жишгээр бол барилгын юм уу, уул уурхайн хууль чуулганаар орох үед Б.Чойжилсүрэн гишүүн “Миний бизнесийн сонирхол энэ хуультай зөрчилдөх учраас би сайн дураараа ашиг сонирхлын анкет бөглөөд оролцохгүй” гээд чуулганыг орхих юм байна л даа. Дэлхийн улс орнууд уг хуулийг ягштал мөрддөг, ард иргэд нь гишүүдээсээ шаарддаг байна. Харин манайд бол ийм туршлага ч байхгүй, ашиг сонирхлын зөрчлийн хуулинд ч энэ талаар нарийн зүйл заалт байхгүй гэдгийг судлаачид, хуульчид хэлж байна.

Манай төрийн жишгийг харахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж өөрийгөө чөлөөлөх биш, харин эсрэгээрээ “Энэ салбарын бодлогыг би илүү сайн мэднэ. Энэ чиглэлээр олон жил ажилласан, бизнес эрхэлсэн. Тиймээс би сайд болж салбарынхаа ажлыг өөд нь татмаар байна” гээд сайд болцгоодог хамгийн буруу жишиг тогтжээ. Хуучин барилгын бизнес эрхэлж байсан хүнийг Барилга хот байгуулалтын, махны юм уу, гурилын үйлдвэрийн эзнийг Хөдөө аж ахуйн, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байсан нөхрийг Боловсролын, эмийн үйлдвэрийн боссыг Эрүүл мэндийн сайдаар томилж байсан жишээ захаасаа аваад бий. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Эрчим хүчний сайдаар нэр дэвшсэн Ц.Цэнгэл ашиг сонирхлын зөрчилтэй гэх шалтгаанаар унаж байсан. Эхнэр нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээний захирал ч билүү, ямар чиг байсан сайд болоогүй юмдаг. Ганц нэгхэн тийм тохиолдол сайд дээр яригддагаас ихэнх нь чимээгүйхэн, нууцгайхан сайд болцгоодог. Уул нь “Ашиг сонирхлын зөрчлийн” гэх тодотголтой хуулийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийн хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.

Ашиг сонирхлын зөрчлийн хууль Их хурлын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ давхар уялдаж, нарийн нягт зохицолдох ёстойг улс төр судлаачид хэлдэг. Тухайн гишүүн ямар ямар компанийн хувьцаатай, хаанаас хөрөнгө оруулалттай, хамаарал бүхий иргэд нь ямар ямар бизнестэй гээд маш тодорхой байхыг сануулдаг. “Гишүүд ирээдүйн хулгайгаа далдлах зорилготойгоор ХОМ-ээ нэмэгдүүлээд биччихдэг, үүнийг зохицуулсан хуулийн процедур манайд алга” гэдгийг олон хүн хэлдэг. “Гишүүдийн тангараг өргөх нь бэлгэ тэмдгийн шинжтэй мэт харагддаг. Үнэн хэрэгтээ бол ард түмний өмнө Үндсэн хуулийг дээдэлж шударга ёсыг сахиж ажиллахаа тангараглаад, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ хэлсэн айхавтар зүйл. Үүнийг нь бид зүгээр нэг бэлгэ тэмдгийн юм уу, ёслолын чанартай гэж хүлээж авч болохгүй. Их хурлын гишүүн ямар эрх үүргийн дагуу ажиллах ёстойг нь бид шахан шаардах хэрэгтэй. Намын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг нь тулган шаардах ёстой. Тэгээд мэдээж хуулийн дагуу ёс зүйтэй ажиллахыг нь харна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж чадвал жишиг болж тогтоно, чадахгүй бол жүжиг болоод төгсөнө” гэж Д.Бумдарь судлаач хэлж байна.

Ямар чиг байсан шинээр сонгогдсон гишүүд Монгол төрийн индэр дээрээс авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдгээ тангараглалаа. Олон улсын жишигт ашиг сонирхлын анкет бөглөөд өөрийнх нь бизнестэй холбоотой хуулийн асуудалд оролцдоггүй байх нь. Монгол Улсын Их хурлын гишүүд олон улсын энэ зарчмыг баримталж ажиллах цаг нь болжээ. Энэ талаарх хууль зүйн зохицуулалтыг нэн даруй хийж, улмаар ард нийт шахан шаардах ёстой. Хэрвээ тангаргаа зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй хууль батлах, ямар нэгэн үйл ажиллагаа явуулбал “хуулийн хариуцлага хүлээнэ” гэж хэлснийг нь Монголын төр ёсоор болгох нь дамжиггүй. Эрхэм гишүүд минь төрийн жолоог ухаалаг барьж, аливаад ул суурьтай хандаж ёс зүй, хууль ёсыг чандлан сахиж өргөсөн тангарагтаа үнэнч явахгүй бол тангараг чинь тонгорог болж гишүүнээсээ татагдааад зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх аюул ойрхон байна.


Categories
мэдээ нийгэм

Долоодугаар сарын 8-нд болох үйл явдлууд

10.00 цагт Мал эмнэлгийн ерөнхий газарт Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 99296029

10.30 цагт Кино үйлдвэрт ХЗДХЯ, Архивын ерөнхий газар, ШШҮХ-ийн ажилчдын орон сууцны нээлт болно. Утас: 99196706

11.00 цагт АН-ын байранд тус намын даргад нэр дэвшигч А.Цэрэнбат үнэмлэх гардан авах үеэрээ сонгуулийн луйврын талаар мэдэгдэл хийнэ.

11.00 цагт Хүй долоон худагт Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй “ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР” аяны нээлт болно. Утас: 80090228

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.