Categories
мэдээ нийгэм

Наадмаар Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаахгүй

Өчигдөр буюу долдугаар сарын 8-ны өдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаах болохыг мэдээлсэн. Тэгвэл уг шийдвэр өөрчлөгдсөн бөгөөд баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөний хаахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл тамгаа гардаж авлаа

БОАЖ-ын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатаас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, амжилт хүслээ.

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат шинэ Засгийн газар, БОАЖ-ын сайд Н.Сарангэрэлийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Өнгөрсөн хугацаанд Н.Цэрэнбат сайд салбарынхаа олон асуудлыг шийдсэнийг Засгийн газарт хамтран ажиллаж байсны хувьд мэднэ. Үлдсэн ажлуудыг цаашид та бид хамтран хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.


УИХ-ЫН ГИШҮҮН, БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙН НАМТАР:

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал:

  • 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд МҮОНТ-д сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд МҮОНТ-дахлах редактор
  • 1993-1994 онд МҮОНТ-д хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд “ММ” агентлагийн захирал
  • 1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд “ММ” агентлагийн захирал
  • 2000-2003 онд МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн
  • 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Эрүүл мэндийн сайд
  • 2020 оноос УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

“Howo” маркийн машин 13 автомашинтай мөргөлдөж 5 хүн гэмтсэн осол гарчээ

Өчигдөр шөнийн 23 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Howo маркийн машины жолооч 44 настай, эрэгтэй бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, долоон Toyota Prius маркийн автомашинууд болон мөн 3 айлын хашаа мөргөсөн байна.

Ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтжээ. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна. Ослын улмаас гэмтсэн иргэд ГССҮТ-д хүргэгдсэн байна.


Х.ЕСҮ

Categories
мэдээ цаг-үе

Д.Наранцэцэг: Хүүхдийг бага наснаас нь инженер тэр дундаа робот электроникийн ертөнцтэй нөхөрлүүлэх нь манай сургуулийн зорилго юм

“Багшийн дээд” нэрээр түмнийхээ сэтгэлд хоногшсон багш мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй ууган сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар МУБИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Д.Наранцэцэгтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийнхөө талаар товч танилцуулна уу?

-Миний бие тус сургуульд 1989 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Дагалдан багшаас эхлээд багш, тэнхмийн эрхлэгч, салбар сургуулийн захирал, албаны дарга гээд бүхий л ажлыг хийж ирлээ. Өдгөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. Анх 1989 онд ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр онц дүнтэй төгсөж ирээд тасралтгүй 31 жил ажилласаар байна. Өнгөрсөн хугацаанд сургуулийнхаа үе үеийн захирлууд, багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж, сургуулийнхаа хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулж яваадаа сэтгэл хангалуун байдаг.

-Улс даяар элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж, төгсөгчид аль сургуульд ямар мэргэжлээр элсэх талаар шийдвэрээ гаргах гэж байна. Та сургуулийнхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онцлог талыг танилцуулна уу?

-Юуны өмнө дунд сургуулиа амжилттай төгсөж элсэлтийн шалгалтаа өгч байгаа сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсын Засгийн Газраас хамгийн эрэлт ихтэй 5 мэргэжлийг зарласаны дотор Сургуулийн өмнөх боловсрол болон Бага ангийн багш нар багтаж байгаа. Өнөөдөр МУБИС нь сургалтын үйл ажиллагаагаа судалгааны үр дүнд үндэслэн зохион байгуулж байна. Манай сургуулиас санал болгож буй бакалаврын шатны хөтөлбөрүүд нь дотоод, гадаадын магадлан итгэмжлэх байгуулллагаар шалгагдан баталгаажсан чанартай хөтөлбөрүүд болно. Иймд МУБИС-д элсэн суралцах нь хамгийн зөв сонголт юм. Тус сургуульд өнөөдөр 500 гаруй багш нар бүтэн орон тоон дээр ажиллаж байгаагаас докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь 50 хувьтай байгаа нь үндэсний бусад их сургуулиудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

МУБИС нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үндсэн хоёр баримт бичгийн хүрээнд хийж гүйцэтгэдэг. 2024 он хүртэл баримтлах МУБИС-ийн Хөгжлийн бодлого, Эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх хөтөлбөр. Түүний дагуу судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг Монгол судлал, Боловсрол судлал, Байгалийн ухаан гэж томъёолсон байгаа. Бүрэлдэхүүний 8 сургууль дээр хэрэглээний салбар шинжлэх ухааны чиглэлүүдээр судалгаа хийж, дэг сургуулид үүсч түүний индэр болсон эрдэм шинжилгээний бичгүүд тогтмол дугаараар хэвлэгдэн гарсаар байна.

-Танай сургууль бага насны хүүхдийн талаар ямар судалгаа хийдэг вэ? Танай дээр хүүхдийн хөгжлийн оношилгоо хийгддэг хэмээн сонссон юм байна. Та энэ талаар тодруулж өгнө үү?

-Тиймээ. Бид цэцэрлэг, бага ангийн багш нарыг бэлтгэхээс гадна тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна. Иймд хүүхдийн хөгжлийг цогцоор судлах ажлыг хийж гүйцэтгэдэг хэмээн ойлгож болно. Тодорхой аргачлалаар хүүхдийн оюун ухааны хөгжлийг оношилдог, зөвлөгөө өгдөг хэд хэдэн төв манай сургууль дээр байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд мөн энэ төвтэй хамтран ажиллаж, эрт зөв оношилгоо хийлгэн хүүхдээ зөв тохирсон сургалтын арга барилаар хөгжүүлж эхлээд байна. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох, зөвлөгөө өгөх ажил орхигдсон тэр цоорхойг бид нөхөн ажиллаж байна. Тухайлбал: Японы Нагоягийн Их Сургуультай сүүлийн 4 жил бид хамтран төсөл хэрэгжүүлсэний үндсэн дээр “ Хүүхэд хөгжлийн төв” -ийг байгууллаа. Тус төв нь оюун ухааны Танака-Бинет сорилыг нутагшуулж, монгол хүүхдийн хөгжлийг оношилж байгаа нь шинэлэг үйл ажиллагаа хэмээн тооцогдож байна. Цаашид бид тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, улсын хэмжээний хүүхэд хөгжлийн хүрээлэн болох зорилт тавин ажиллаж байна.

-Танай сургуулийг судалгааны хүрээлэн байгуулах гэж байгаа хэмээн сонслоо. Та энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Хөгжил гэдэг нь өрсөлдөөний замаар явагддаг зүй тогтолтой үйл явц учир хэн түрүүлж сэтгэнэ тэр нь зах зээл дээр хүлээн зөвшөөрөгддөг. Боловсролын салбар дахь өрсөлдөөн ч мөн адил. Өнөөдөр МУБИС-ийн хэмжээнд нийт 10 төв үйл ажиллагаа явуулж байна. Иймээс бид судалгааны төвүүдийг нэгтгэж, үйл ажиллагааг өргөжүүлж судалгааны хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлээд байна. Бид Хүүхдийн хөгжлийн судалгааны хүрээлэн байгуулах бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ тус хүрээлэнг монгол хүүхдийн бие, хэл, сэтгэхүйн судалгааг улсын хэмжээнд цогц байдлаар судалдаг тэргүүлэх хүрээлэн болгох бэлтгэл ажлаа хангаад байна.

-Сурагчдын инженерийн боловсролыг дэмжих талаар танай сургууль мөн Японы талтай олон жил хамтран ажиллаж байгаа, маш хэрэгтэй багажууд өөрсдийн хүчээр үйлдвэрлэж улс даяар нийлүүлдэг туршлагатай гэсэн. Энэ талаар та тодруулна уу?

-Бидний амьдарч байгаа эрин үед аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярьж байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун бүтээж эхэлж байна. Шинжлэх ухаан технологийн ололт амжилт минут секундээр хэмжигдэж байна. Хүүхдийг бага наснаас нь инженер тэр дундаа робот электроникийн ертөнцтэй нөхөрлүүлэх нь манай сургуулийн зорилго юм. Тухайлбал, нэг жишээ дурдахад Японы засгийн газартай хамтарсан физикийн сургалтын хэрэглэгдэхүүний “Моноцүкүри” инновацийн төвөөс хот, хөдөөгийн ерөнхий боловсролын 20 дунд сургуульд 1 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий 800 багажийг үнэ төлбөргүй нийлүүлээд байна. Дунд сургуулийн сурагчдын инженерийн боловсролыг хөгжүүлэхийн тулд “Робот”, STEM, STEAM сургалтын хэрэглэгдэхүүнийг дотоод төслийн хүрээнд үйлдвэрлэн дунд сургуулиудад нийлүүлж байгаадаа бид баяртай байна.

-Танай сургууль багшлах боловсон хүчин сайтай. Багш нарынхаа судалгааг хэрхэн дэмждэг вэ?

-Манай сургууль жил бүр багш нарынхаа судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс судалгааны ажилд олгох санхүүжилтийг нэмэгдүүлсээр ирлээ. 2018-2020 онд судалгааны ажилд зарцуулах төсвийг 3 дахин нэмэгдүүлсэн нь бид хаахна явна гэдгийг харуулж байгаа үзүүлэлт болов уу. МУБИС-ийн санхүүжилтээр 2015 онд 20, 2016 онд 31, 2017 онд 32, 2018 онд 41, 2019 онд 38, 2020 онд 63 болгон нэмэгдүүлж, багш нарын төсөл, хөтөлбөр, бүтээлч саналуудыг дэмжин ажиллаж байна. МУБИС-ийн санхүүжилттэй төслийг захиалгат, суурь, инноваци, дэд профессор, профессор, докторын дараах судалгаа гэсэн чиглэлүүдээр дэмжин ажиллаж байна. Түүнчлэн гадаадын их, дээд сургууль, байгууллагуудтай хамтарсан төслүүдийн тоог жилээс жилд нэмэгдүүлэхийн зэрэгцээ гадаадад судлаачаар ажиллах багш нарын тоог нэмэгдүүлсээр байна.

-Цахим мэдээллийн сан тэр тусмаа цахим номын санг хөгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Бид дэлхийн түвшинд хүрье гэвэл шилдэг мэдээллийн санг ашигладаг байх шаардлагатай. 2014 оноос “Springer Nature” компанийн сэтгүүлийг МУБИС-ийн сүлжээнээс үнэ төлбөргүй судалгааны ажилдаа ашиглах эрхийг авч багш, оюутнууд ашиглаж байна. Түүнчлэн дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий 5 мэдээллийн санг судалгааны ажилдаа ашиглах бололцоог нээж өгөв. 2019, 2020 онд “Springer Nature”, “EBSCO” компанийн 2018, 2019 оны боловсролын багц цахим номыг худалдан авч багш нарынхаа судалгаа шинжилгээний ажлыг дэмжин ажилласан гээд дурдаад байвал олон ажил байна. Эдгээр мэдээллийн сангуудыг судалгааны ажилдаа ашиглахаас гадна заах арга зүй, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Түүнчлэн ХБНГУ-ын “Unisolution partners” компанитай хамтран бүтээлийн хуулбарлалтыг шалгах plagscan программыг ашиглаж эхэлсэн нь судалгааны ажлыг чанражуулах, судалгааны ажлын ёс зүйг дээшлүүлэхэд чухал алхам болсон.

-Танай сургууль гадаадын нэр хүнд бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багш нарыг урамшуулан шагнадаг болсон гэж дуулдсан.

-Олон улсын жишгээр авч үзвэл, аливаа их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн судалгааны ажлын чансааг тогтоох, эрэмбэлэхдээ импакт-фактор бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоо, тэдгээрийн эшлэгдсэн байдал, авсан патентууд зэрэг түлхүүр үзүүлэлтүүдийг ашигладаг. МУБИС 2014 оноос Томсон-Ройтерсийн индекстэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багшийг 2 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна. Монгол улсдаа хамгийн том урамшуулалыг манай сургууль олгодог хэмээн хэлж болно. 2017 оноос импакт фактортай сэтгүүлд өгүүлэл бичихэд 5 сая хүртэл төгрөгийг сургуулиас санхүүжүүлж дэмжлэг үзүүлж буй нь олон улсын чансаатай судлаачийн тоо нэмэгдэх үндэс болж байна. Түүнчлэн судлаач, багш нараас Томсон-Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн тохиолдолд тухайн жилийн эрдэм шинжилгээний цагийг нь бүтэн тооцож, урамшуулж байна. Тодруулбал, багш тухайн хичээлийн жилийн эрдэм шинжилгээний ажлын кредитээ нэг л өгүүлэл бичээд биелүүлэх боломжтой болсон гэсэн үг. Ийм шинэлэг урамшууллын хэлбэр нь багш нар гадаадын нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлж, өөрийн судалгааг дэлхийн эрдэмтэдтэй хуваалцах хөшүүрэг болж байна. Импакт фактортай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Springer Nature AJE гэрээ байгуулж, англи хэлний засварын үйлчилгээний гэрээг байгуулж, төлбөрийг сургуулиас төлж ажиллаж байгаа нь багш нарын судалгааг дэмжиж байгаа шинэлэг хэлбэр хэмээн үзэж болно. Бид сургуулийн хэмжээнд хэвлэгдэж буй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг 100 хувь олон улсын дугаарлалттай болгосон “Лавай” эрдэм шинжилгээний сэтгүүлийг дэлхийн хэмжээний сэтгүүл болгохоор шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна гээд дурдаад байвал энэ ярилцлагын цаг хүрэхгүй их ажил ярихаар байна.

-Эрдэм шинжилгээний дотоод, гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Багш боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмждэг олон улсын байгууллага, их сургуулиудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөх зорилгын хүрээнд АНУ, ОХУ, Австри, Финлянд, Япон, Солонгос, Хятад зэрэг орны тэргүүлэх их сургуулиудтай эрдэм шинжилгээ, инновацийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын донор байгууллага, Засгийн газар хоорондын Оросын суурь шинжлэх ухааны сан, Хятадын шинжлэх ухааны сан, Солонгос, Японы сангуудтай хамтарч ажиллаж байна. Тэдэнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж, хөгжингүй орнуудын шинэ төсөл шинэ инновацийг Монголд нутагшуулах чиглэлээр манай судлаачид амжилттай ажиллаж байгаа. Түүнчлэн дотооддоо судалгаа, шинжилгээний бодлогоо зах зээлийн суурь зарчимд нийцүүлэн өөрчилж, үр ашигтай тогтолцоог нэвтрүүлэх үүднээс тус сургууль дээр хийгдэж буй судалгааг өргөжүүлэх, практикт нэвтрүүлэхийн тулд ШУА болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирлээ. Манай судлаачдын олон улсад хэвлүүлсэн бүтээлийн тоо өсч байгаа нь гадаад, дотоод хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг илтгэх үзүүлэлт хэмээн ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэлээлнэ.

11.30 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ болон гадаадад гацсан иргэдийн ар гэрийн төлөөллөөс Гадаадад гацсан Монголчуудын байдал хурцдаж байгаа тухай мэдээлнэ.

12.00 цагт WЕ хамтын оффисын Аюуд цамхаг 1401 тоотод General equality төслөөс хэрэгжүүлж буй гэрэл зургийн “Зүүм” 5 дахь цуврал сургалт болно. Утас: 88004205

12.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141

18.30 цагт White rock centert-т Ш.Амартүвшин багшийн өөрийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн “Ноён үрэлгэн ба Хатагтай хэмнэгч” номын нээлт болно. Утас: 99102922

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ

Дэлхий дээр монгол хэлээр 10 гаруй сая хүн ярьж байгааг хэл шинжээчид онцолдог. Тэд Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсад оршин сууж байна. Бид гурван саяулаа, үлдсэн долоон сая монгол хэлтэн ОХУ, БНХАУ-д бий. Бид нараас гадна эх хэлээр маань ярьдаг долоон сая хүн байна гэдэг бахархам явдал мөнөөс мөн. Энэ ч утгаараа бидний хамгийн эв найрамдалтай, элэгсэг байх ёстой хүмүүс бол тэд юм. Бид хэзээд тэдний өмнө хариуцлага хүлээж, чих тавин суух үүрэгтэй. Учир нь бид өөрсдийн гэсэн эрх чөлөө, тусгаар тогтнолтой, бодлого зорилттой, НҮБ-ын гишүүн болох Монгол гэх туурга тусгаар улс юм. Үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх нь энэ тусгаар улсын үүрэг. Ер нь дэлхий дээрх үндэстнүүд ч нэг нэгнээ л гэдэг шүү дээ. Энэ магад шинэ тутам сонсогдож болох ч бид одоо аливааг том зургаар нь харж сурах цаг болсон.

Энэ цаг үед дэлхий нийт коронавирусийн хүлээсэнд орж, нөхцөл байдал тааварлахын аргагүй хэвээр байсаар байна.Тэдний дунд ОХУ ч багтаж буй. ОХУ-д цар тахлын нөхцөл байдал ярвигтай хэвээр байж бидний мах цусны тасархай, өнөөх монгол хэлтнүүд болох буриад, халимаг, тувачууд өртсөөр байна. Тэд хэцүү цаг үеийг туулж байгааг зарим жишээ нотолж байгаа юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Хиагтын боомт дээр монгол залуугийн авч явсан амны хаалтыг Буриадын Гаалийн газраас хураажээ. Өвчин ид дэгдэж байсан тэр үед Монголдоо аваачиж хэдэн төгрөг нэмээд зарчихъя гэсэн залуугийн хүсэл ч тийнхүү талаар болсон нь мэдээж. Тэд бидэнд эрэлхүү, дээрэнгүй ханддаг нь үнэн. Шалгаж, хурааж, улсын орлого болгон авч л байдаг. Гэхдээ энэ удаад тээвэрлэж болохуйц бараа бүтээгдэхүүнд тооцогддог болох амны хаалтыг хурааж авсан нь өөр шалтгаантай байжээ. Тэд хураан авсан амны хаалтаа Буриадын төв эмнэлэгтээ хандивлаж, эмч, эмнэлгийн ажилчдаа хамгаалсан байна. Тэд ядарч байгаа бололтой. Бид энэ ядарч яваа үед нь туслах учиртай юм. Тэдэнд амны хаалт, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан хамгаалах хувцас илгээх боломж бидэнд бий. Хамгаалалтын хувцсыг бид эх орондоо үйлдвэрлэж чадаж байна. Тэр бүү хэл АНУ-ын шаардлагад нийцэж, тэдэнд ч тусламжаар хүргүүллээ шүү дээ. Коронавирусээр өвчилсөн 200-гаад хүнийг эмчилсэн арвин туршлагаа эмч нар маань ч элэг нэгтнүүддээ хуваалцаг. Энэ бүхнийг ажил хэрэг болгох үүднээс аян, хөдөлгөөн зохион байгуулъя. Ийм хэрэгцээ шаардлага, боломж бололцоо бидэнд байна.

Ах, дүү нартаа туслах нь бидний өөрсдийн аюулгүй байдалд ч тус дэмтэй. Учир нь бид холилдож л байдаг ард түмэн. Тувачууд хөтөлгөө морьтой давхиад ороод ирдэг гэдгийг хэн хүнгүй л мэднэ. залуу түүнийг цар тахлаар өвчилсөн үгүйг, өөрийгөө тээгч болчихлоо гэдгийг ч мэдэхгүй сумын төв рүүгээ галигуулчихаж чадна. Ингэж хэрэг мандаж, өвчин тархахыг үгүйсгэх аргагүй юм аа. Өвчин нэг л тархчихвал хуурай өвсөнд гал алдсан мэт байдал үүснэ. Энэ бүхэн тоглоом биш гэдгийг бид өнгөрсөн хагас жилийн турш харлаа. Гашуун сургамж болсон олон жишээг бид нүдээр үзлээ. Тиймээс бид элэг нэгтнүүдээ төдийгүй иргэдээ сайн хамгаалах хэрэгтэй байна.

Тува чигт ойрхон нутаглаж байгаа малчдаа хилээс дотогш 100 км хэртэй татмаар байна. Хаана хаанаа үүсэх эрсдэлээ бодож сонор сэрэмжээ алдахгүй байх нь энэ цаг үед бидний хамгийн сайн чадах зүйл юм.

Харин цар тахал өмнөдмонголчуудад харьцангуй аюул бага учруулж, нөхцөл байдал нь намжмал байна. Гэхдээ тэдэнтэй холбоотой зарим нэг мэдээлэл ч чих дэлсэх болов. БНХАУ-ын Коммунист намын Өмнөдмонголын намын хорооны шийдвэрээр Өмнөдмонголын зарим сургуульд монгол хэлээр хичээл орохыг хоригложээ. 2000-аад оны тооллогоор тус хотод 1.3 сая монгол үндэстэн тоологдсон байгаа юм. Хэрэв энэ мэдээлэл баттай бол манай улс өөрсдийн байр сууриа НҮБ-д илэрхийлэх хэрэгтэй байна. Юуны тулд бид НҮБ-ын гишүүн орон билээ. Тэднийг бичиг үсгээ ашиглах эрхийг хамгаалж, НҮБ-д илтгэл тавимаар байна. Бичиг үсгээ ашиглахгүй бол монгол хэлгүй болно. Монголоороо ярьж, сэтгэж чадахаа ч болино. Энэ асуудалд төр засгаас даруй анхаарах нь зүйтэй.

Үүнээс гадна бид Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээгээ цуцлах шаардлагатай байна. Бид 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпинийг айлчлах үеэр “Ялтан шилжүүлэх гэрээ”-г эцсийн байдлаар үзэглэсэн түүхтэй. Энэ гэрээнээс болж бид өмнөдмонголчуудаа барьж өгч, нэг үндэстний бус элэггүй зан гаргаж байгаа. Ийм хуншгүй зан гаргахаа болж, энэ байдалдаа цэг тавья. Мөн өмнөдмонголчуудаа хужаагаар нь дууддагаа ч болимоор байна. 1989 он хүртэл бид тэднийг их цөөхүүлээ, бүгд эрлийзжсэн гэж бат нот итгэдэг байв. Харин хил нээсэн тэр цагаас эхлэн бидний төсөөлөл тэс ондоо болохыг харж, мэдэрч байна.

Тэд яг л бидэнтэй адил монголоороо ярьдаг, магадгүй бид нараас ч илүү ёс заншлаа хадгалж үлджээ. Гэтэл бид өмнөх социализмын үеэс улбаатай тэднийг, монголчуудыгаа хужаа гэсэн мунхруулгад одоог хүртэл итгэсээр байна. Иймд төрөөс энэ тархи угаалтыг зогсоох, хориглох нь зүйтэй. Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх, тэдний төлөө өмөлзөх хүмүүс нь зөвхөн бид шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Аймгийн заан О.Түмэн: Удмаа дуурсгаж улсын цол авахыг зорьж байна


Наадмын сорилго барилдааны түрүү бөх, аймгийн заан О.Түмэн, үзүүр бөх улсын заан Б.Соронзонболд нар

“Увс нуур” галын наадмын сорилго барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс нараар ахлуулсан 64 бөх зодоглож Увс аймгийн Тэс сумын харьяат “Арвижих Увс” компанийн бөх аймгийн заан Очирбатын Түмэн түрүүлжээ. Түүний хувьд бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбат, тавын даваанд улсын аварга Н.Батсуурь нарыг өвдөг шороодуулсан юм. Залуу хүчтэнтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Улсын наадмын түрүү тодордог “Увс нуур” галын наадмын сорилго барилдаанд түрүүллээ. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. “Увс нуур” галын наадмын сорилго барилдаан сайхан боллоо. Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт жигдэрсэн байгаа. Миний хувьд аварга, арслангууд ахалдаг энэ том галын сорилго барилдаанд түрүүлнэ гэж санасангүй. Үлгэр дуурайл авдаг ах нартайгаа сайхан барилдаж наадмын сорилго барилдаанд түрүүллээ. Н.Батсуурь, С.Мөнхбат гээд аварга ах нарыг өвдөг шороодууллаа, сэтгэгдэл өндөр байна. Залуу бөхийн тухайд их урам зориг авлаа. Өнгөрсөн жил энэ галын сорилго наадамд Н.Батсуурь аварга түрүүлж, П.Бүрэнтөгс арслан үзүүрлэж байсан.

-Наадмын чимэг аваргуудыг өвдөг шороодуулжээ. Хөл хорионы үед бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш заалтны барилдаан зохион байгуулагдсангүй. Хөл хорионы үед бол хөдөө гэртээ байсан. Адуу малтай ноцолдоод л биеэ чангаруулж байлаа. Хүчний бэлтгэл түлхүү базаасан. Наадам болох сургаар хот руу ирж “Увс нуур” галдаа бэлтгэлд гараад байна. Манай галынхан зургадугаар сарын 12-ноос бэлтгэлдээ гарсан. Энэ жилийн тухайд галын ерөнхий дасгалжуулагчаар дархан аварга Х.Баянмөнх, үндсэн дасгалжуулагчаар улсын аварга О.Балжинням, туслах дасгалжуулагчаар улсын заан О.Одгэрэл нар ажиллаж байна. Аварга, арслангуудын үнэ цэнэтэй үгийг сонсож, зөвлөгөөг нь дагаж бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна.

-Өнгөрсөн намрын барилдаануудад ямар амжилттай барилдсан бэ?

-Өнгөрсөн жилийн тухайд миний бэлтгэл сургуулилт сайн байсан шүү. Аймаг цэргийн цолтнуудын намрын улирлын нээлтийн барилдаанд их шөвөгт шалгарч түрүү бөх аймгийн арслан Б.Зоригтбаатарт өвдөг шороодсон. Сүүлд нэгдүгээр сард дахин их шөвөгт шалгарсан. Заалны барилдааныг болж өгвөл алгасахгүйг хичээдэг юм. Бэртэл гэмтэлгүй байсан учраас сайхан барилдсан.

-Та энэ жил улсын наадамдаа барилдах төлөвлөгөөтэй байна уу?

-Уул нь улсын наадамд барилдчихмаар байна. Гэхдээ багш нар “Ирэх жил 100 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ жилдээ аймгийн наадамд барилдаад арслан болчих. Ирэх жилийн наадмаар барилдахад оноолтод чинь хэрэгтэй” гэж зөвлөж байна лээ. Багш нарын зөвлөснөөр шийдэж Дундговь аймгийн наадамд барилдахаар бүртгүүлсэн. Харин бүртгэж авчихаад сүүлд гадны бөх барилдуулахгүй шүү гэж байгаа сураг дуулдсан. Үнэхээр тийм бол барилдах наадамгүй хоцрох гээд байна. Битүүхэн айдас төрж л байна. Арай ч ингэж залуу бөхчүүдийн эрх ашгийг хохироохгүй байлгүй дээ гэж найдаж байгаа. Уул нь 21 аймаг, есөн дүүрэг бүгд л Монгол нутаг дэвсгэр биз дээ. Бөх хүн хаана ч очоод барилдахад нээлттэй л баймаар юм. Нэг талаараа хүний эрхэд бүдүүлгээр халдаж байгаа асуудал биз дээ. Өөрийн аймгийн цөөхөн бөхийг хооронд барилдуулаад цол чимэг олгодог ийм явцуу асуудал байж болохгүй. Гадны аймгийн бөх барилдуулахгүй гэж явцуу бодлого гаргаж байгаа аймгийн бөхийн холбоодыг МҮБХ-ноос анхааралдаа авч асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна. МҮБХ бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв шийдвэр гаргах байх. Аймгийн наадмыг улсын наадамтай нэг өдөр зохион байгуулж байгааг дэмжиж байгаа. Эн тэнцүү бөхчүүд сайхан хүч үзээд хэн чадалтай, хэн илүү хөдөлмөрлөсөн нь цол авна. Үзүүштэй гоё барилдаанууд гарах байх.

-Энэ жил үзэгчгүй наадам болох нь. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Цар тахал дэгдээд буй энэ хүнд үед бөхчүүдийн эрх ашгийг хангаж наадмаа хийж байгаад сэтгэл хангалуун байна. Орон нутгийн наадам үзэгчтэй явагдах юм билээ.

-Ирэх жил 100 жилийн том ойн баяр наадам тохионо. Таны хувьд дотроо бодсон зүйл байгаа л байх…

-Би өөрийгөө азтайд тооцдог юм. Миний ид барилдаж байх үед энэ том ойн наадам тохиож байна. Энэ том боломжийг алдалгүй ашиглаж улсын цол хүртэж нутгийн олноо баярлуулах зорилго тээгээд бэлтгэлээ чин сэтгэлээсээ базааж байна даа.

-Өнгөрсөн жил Увсын наадамд Түмэнг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч талаар болсон. Түрүүлчихээр хэмжээнд барилдаж байсан шүү дээ. Ямар алдаа гаргав. Ямар дүгнэлтэд хүрэв?

-Аймгийн наадамд дөрвөн жил барилдлаа. Эхний хоёр жилд нь бэртэл гэмтлийн асуудлаас шалтгаалаад санасандаа хүртэл бэлтгэл сургуулилт хийж чадалгүй барилдаад унасан. Харин сүүлийн хоёр жилийн тухайд цэвэр өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж өвдөг шороодсон. Өнгөрсөн жил дөрвийн даваанд аймгийн начин Т.Төгсжаргалтай оноолт таарч барилдаад унасан. Алдаа оноогоо багш нартайгаа зөвлөсөн байгаа. Энэ удаа алдаагаа давтахгүйг хичээж байна.

-Анх 2015 онд бүх цэргийн наадмаар шуугиулж сайн барилдаж байсныг тань мэдэх юм…

-Тэр барилдааны өмнөх өдөр нь сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд одоогийн улсын начин Д.Цэрэнтогтохтой үлдэж үзүүрлэж байлаа. Маргааш нь бүх цэргийн наадам болох сургаар цүнхээ үүрээд Бөхийн өргөө орлоо. Гайгүй барилдчихаж болмоорч юм шиг санагдаад. Гурав даваад дөрвийн даваанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал ахад унасан. Тэр ирэн дээрээ нутгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Тэр жил бэлтгэл сайн байсан шүү.

-Ямар бөхчүүдээс үлгэр дуурайл авч бэлтгэл сургуулилтаа базааж байна вэ?

-Улсын арслан Б.Ганбат ахаас үлгэр дуурайл авдаг юм. Даруу төлөв зантай мөн ч сайхан бөх шүү дээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр зэрэг дархан аваргуудтай нэг үед хүчтэй өрсөлдөж улсын наадамд түрүүлсэн мундаг бөх. Мөн улсын гарьд Ө.Бат-Орших ахын эрэмгий дайчин барилдааныг үзэх дуртай. Гарьдын барилдаанаас сурах зүйл их байгаа. Мөн Булганы жижиг Амарсайхан начинг их хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Тэр жижиг биед баймааргүй элдэвтэй барилддаг авьяастай бөх. Энэ мэт олон сайхан бөхчүүдээс суралцаж цэх шулуун явахыг боддог.

-Та бөхийн удамтай юу?

-Удам бий. Аавын минь талд Төмөрийн Артаг гэж улсын начин цолтой хүн байсан. 1968 оны Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны төрөлд хүрэл медаль хүртэж байсан мундаг бөх байлаа.

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Удмаа дуурсгаж, улсын цол хүртэж Увс нутгийн зон олноо цэнгүүлэхийг л зорьж хичээж явна. Улсын цол хүртээд дэвж байх юмсан гэж мөн ч их бодох юм.

-Улсын цол өөрт тань хэр хол харагдаж байна вэ?

-Хичээж хөдөлмөрлөсөн хүнд зүлэг ногоон дэвжээ ивээлээ хайрладаг. Үүний амьд жишээ нь аварга, арслан ах нар маань юм даа. Эднийгээ залгаж улсын том цол авах зорилго өмнөө тавиад хөдөлмөрлөж байна.

Нэгэнт л бөхийн спортод бүх зүйлээ зориулж байгаагийнх том цолд л хүрэх зорилго тавьсан байгаа. Болох байлгүй дээ.

-Улсын наадамд барилдаж амжсан уу?

-2016 оны улсын наадамд барилдсан. Хоёр даваад Говьсүмбэрийн аймгийн арслан Т.Пүрэвсүрэнтэй тунаж барилдаад өвдөг шороодсон. Барилдаан удааширч шоо хаяхад Пүрэвсүрэнгийн талаар бууж барьц сонгуулсан.

-Таны төрсөн нутаг Тэс сумаас улсын цолтой олон бөх төрсөн байдаг. Нутгийнхаа талаар ярихгүй юу?

-Сайхан нутаг шүү. Зундаа 40 гаруй градус хална. Өвөлдөө тэр хэмжээнд хүйтэрдэг. Ийм л байгалийн эрс тэс уур амьсгалтай нутгаас улсын цолтнууд олноор төрсөн байдаг. Энэ нутгийн хүн зон нь ч тэвчээртэй, хатуужилтай байдаг.

-Бидний яриа энд хүрээнд өндөрлөж байна. Хүссэн цолондоо хүрч сайхан наадаарай.

-Баярлалаа. Монгол түмэндээ, Увс нутгийнхандаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Нийт бөхчүүддээ хүссэн цолондоо хүрч сайхан наадахын ерөөл дэвшүүлж байна.


Categories
мэдээ цаг-үе

П.Оюунтөгс: Шүүгээн дэх хувцаснуудаа цэгцлээгүй бол шинэ худалдан авалт хийх хэрэггүй

Минималист блоггер, стилист П.Оюунтөгстэй ярилцлаа.


-Эд юмсыг сонирхож шохоорхож авсаар эцэстээ шүүгээ дүүрэн хувцастай, эсвэл хэрэглэхгүй баахан бараатай болчихдог шүү дээ. Энэ хэрэглээгээ эмх цэгцтэй болгохын тулд минималист амьдралын хэв маягийг сонирхсон хүмүүс цөөнгүй. Тэгвэл таныг минималист болоход чухам юу нөлөөлөв…?

-Замбараагүй олон хувцастай мөртлөө яг өмсөөд гарах гэхээр огт сонголт хийж чадахгүй тохиолдол тулгардаг. Тэгсэн ч яаж ийж байгаад л хувцаслаад яг гарахынхаа өмнө дахиад сольж өөрт төвөгтэй байдал үүсгэх үе бий. Би телевизийн “Өглөө” хөтөлбөрийн продюсерээр ажилладаг байсан. Өглөөний таван цагаас ажил цуглах ёстой. Тиймээс үүрийн дөрвөн цагт жолооч маань нэвтрүүлгийн багийнхныг гэрээс нь очиж авдаг. Жолоочийн машинд амжихын тулд гурван цагт босоод хувцсаа өмсөж, үс зүсээ янзлах шаардлагатай. Шөнийн гурван цагт босчихоод ямар хувцас өмсөхөө бодоод зогсоно гэдэг чинь төвөгтэй биз дээ. Энэ асуудал миний хувьд бараг зовлон байсан. Тиймээс ч олон хувцасныхаа учрыг олохоор шийдсэн. Шүүгээгээ нээгээд харахаар зөндөө хувцастай боловч яг өмсөөд гарах гэхээр өөртөө итгэлгүй, олигтой хувцасгүй мэт санагддаг. Тэгсэн мөртлөө угаах болохоор овоорчихдог шүү дээ. Үүнийг л шийдье гэж бодсон. Одоо миний шүүгээнд байгаа бүх хувцаснууд ямар нэг байдлаар дандаа хэрэглээнд ордог. Ямар ч тохиолдолд хувцаснаасаа эхлэх нь хамгийн зөв алхам. Өмсөх өмсөхгүйгээр нь ялгаад тавьсан хувцаснуудаа хаях гэж бүү яар. Тодорхой хэмжээнд хугацаа заагаад хадгал. Миний хувьд хэдхэн хоногийн дотор л минималист болж дадсан юм биш. Бараг таван жил болох гэж байна. Яг үнэндээ одоо л бусад эд тавилгынхаа хэмжээнд анхаарч эхэлж буй. Өнгөрсөн жилүүдэд энэ хувцаслалтдаа дасах гэж их явсан. Надад эргэж буцах үе ч гарсан. Бараг бүх зүйлээ хаяад юу ч үгүй болчихоод харамссан, хүнд өгсөн юмныхаа араас халаглах үе гарсан. Минималист болохын тулд тоо ширхэгийн хувьд хүний эзэмшилд хамгийн их байдаг хувцаснаас эхэлсэн дээр. Энэ эхлэл том үр дүн авчирдаг.

-Хувь хүний итгэл үнэмшлээс хамаараад ч тэр үү, өмсөхөө больсон хуучин хувцаснуудаа хэрэгтэй хүнд нь өгөхгүйгээр урж, шатааж хаях үзэгдэл бий.Өөрт хэрэгцээгүй зүйлээ хэрэгтэй хүнд нь өгөхийг та юу гэж боддог вэ?

-Заримдаа хүмүүсийн хувцасны шүүгээтэй ажиллахад энэ явдал их тохиолддог. Үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад хувцсыг нь ялгаж хаях үедээ яах гэж байгааг асууна. Зарим нь шууд шатаана л гэдэг. Миний хувьд хүмүүсийн итгэл үнэмшил рүү халдах эрхгүй. Гэвч хэрэгцээтэй хүнд нь өгчихвөл дээр юм шиг санагддаг. Өмссөн хувцсыг тань өөр хүн өмсөөд ядруу, дорой явбал энэ нь муугаар нөлөөлнө гэдэг угтаа сонин ойлголт. Монголд “sec­ond hand”худалдаа гайгүй дэлгэрсэн. Үнэхээр амар. Хүмүүс хувцаснуудаа ч хялбар зардаг болсон юм билээ.

-Минималист гэдэг ойлголт Японоос гаралтай юм шиг ойлгогддог. Энгийн эмх цэгцтэй амьдралын энэ хэв маяг хаанаас үүдэлтэй юм бол…?

-Угтаа энэ ойлголт Японд илүү дэлгэрч, тренд болоод буй. Монголчууд бид нэг газраа удаан төвхнөлгүй байнга нүүж сууж амьдардаг учраас хэрэггүй хог новш хэзээ ч агуулж цуглуулдаггүй цэвэр минималистууд байсан.Харин Японд тренд болоод буй шалтгааныг хувьдаа газар нутагтай нь холбож ойлгодог. Хүн болгон маш жижиг зайд цомхон амьдарч, эд зүйлээ цэгцлээд сурсан. Энэ хэв маягтай уялдсанаас тэнд үүссэн юм шиг ойлгогдож буй. Минимализмыг энгийн амьдралын хэв маяг гэж хэлдэг. Гэтэл энгийн амьдралын хэв маягийн философийг Гандигаас эхлээд эртний өчнөөн суут сэтгэгчид, Будда хүртэл ярьсан шүү дээ. Угаас байсан ухагдахууныг“минималист” гэж нэрлэж, дурдахаар цоо шинэ мэт ойлгоод байгаа. Монголд минималистийн талаар хэвлэгдсэн хоёр ном байгаа. Энэ оны есдүгээр сар гэхэд миний ном хэвлэлтээс гарна. Уг номондоо минималист хувцаслалтыг илүү бичихийг хичээсэн. Нэгтгээд хэвлүүлбэл хүнд хэрэгтэй болов уу гэж найдаж байна.

-Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд дээл хувцасныхаа худалдан авалтад хэрхэн яаж, анхаарах уу?

-Цагаан сараар өмссөн дээлээ наадмаар өмсөхгүй, эсвэл наадмаар өмссөн хувцастайгаа үсний найранд очихгүй гэдэг хандлага ажиглагддаг. Бусдад “нэг л дээлтэй юм шиг” харагдахаас санаа зовсон юм байна л даа. Дээлээ заавал бусдын нүдэнд тогтоогдоод байнга цээжлэгдээд байхаар онцгой содон байлгах шаардлагагүй. Энгийн цулгуй загвартай, илүү дутуу юмгүй даруухан дээл сонгочих. Магадгүй гоёл чимэглэлгүй цулгуйдаад байвал бүснийх нь өнгийг өөрчлөөд дараагийн цагаан сар, ирэх наадамдаа хэрэглэсэн ч болно. Яагаад нэг л удаа өмсөөд хүн болгоны нүдэнд хоногшиж үлдэх загварыг сонгох ёстой юм бэ? Харин ч энгийн загвартай бол олон удаа ашиглагдах давуу талтай. Гоёл чимэглэлийг гоёж чимэглэх үүргээр нь ашиглаасай. Дээлэн дээрээ өнгө өнгийн хатгамал, сүртэй хээ угалз нэмж ганц хараад л тогтоочих цор ганц болгочихоод дахиж өмсөхгүй хаядаг үзэгдэл бий. Үүний оронд нэг дээлийг олон янзаар хувиргах чадвартай чамин гоёлуудыг хэрэглэдэг байгаасай. Минималист болох шалтгаан эргээд л хог хаягдлын асуудалтай тулж очдог. Тиймээс хувцсаа цөөлж, материалыг нь илүү эко байдлаар сонгоно. Минималист болно гэдэг юу ч хэрэглэхгүй гэсэн үг биш шүү дээ. Энгийн загвартай цөөн хувцас хэрэглэж, гоёл чимэглэлээ үүргээр нь ашиглавал үлдэц хор хөнөөлтэй хог бага гарна.

-Тэгвэл энгийн загвартай дээлээ хэрхэн чамин болгож өмсөх вэ?

-Жил бүрийн тренд өнгийг “Pantone” гэх өнгөний хүрээлэнгээс гаргадаг. Нар жаргах үеийн өнгөний хослол энэ оны тренд болж буй. Өөрөөр хэлбэл, хамгийн бараан суурь нь хар хөх, цайвар цэнхэр өнгө. Мөн хар ногоон, бараан ногоон, навчин ногоон, гүн ногоон болон улбар шар, шар өнгөнүүд зонхилж байгаа. Гэвч эдгээрээс өнгөний хослол гэхээс илүү арай завсрын өнгөнүүдийг санал болгоё. Жил болгоны трендийг дагана гэвэл хэзээ ч гүйцэхгүй, барагдахгүй.Минималист хэв маягийн хүрээнд яривал айхавтар өнгө голчлоод байдаггүй. Гол нь өөртөө зохидог цөөн хэдэн өнгө дагнаж, хувцаслалтаа чимэглэсэн нь дээр. Магадгүй гүн ногоон өнгийн дээлтэй бол энэ жилийн тренд өнгөнөөс улбар шар, эсвэл ягаан бүс сонгоод өгөхөд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн харагдах боломжтой.

-Хүн хүний зүс царайн онцлогоос хамаарч зохих өнгө нь тодорхойлогддог гэж сонссон…?

-Арьсны өнгөнд ач холбогдол өгч зохих өнгийг гаргавал барагдахгүй. Тэгснээс хориглох өнгөнүүдийг ярьсан нь хавьгүй дээр. Монголчууд түгээмэл гурван төрлийн арьстай. Нэг бол шар царайтай цайвар үстэй, эсвэл бор ч биш, шар ч биш дундаж царайтай мөн нэлээн бор арьстай байдаг. Шар арьстай хүмүүст тас хар, час улаан, цэв цэнхэр зэрэг хэтэрхий тод өнгөнүүдийг хориглодог. Цайвар арьс өөрөө тодорхой хэмжээгээр гэрэлтдэг учраас дахиад нэмж хурц өнгө өгвөл арьсаа улам асаадаг гэсэн үг. Тиймээс хэтэрхий тод хувилбаруудыг хориглоорой. Арьсных нь өнгө дундаж хүнд айхавтар хориглох өнгөний сонголт гарахгүй, бүгд л зохино. Харин бор арьстай хүмүүсийн хувьд бараан суурьтай учраас бэйж төрлийн өнгөтэй хувцсыг бодолтой өмсөх хэрэгтэй. Өнгө өнгөний суурь дотроо асар олон янз байдаг. Саарал өнгө дотроо ягаан суурьтай, ногоон суурьтай, цэнхэр суурьтай гэж бий. Гэтэл зарим хүнд саарал өнгийг хориглосон байтал ягаан суурьтай нь зохих жишээний. Тэгэхээр бор арьстай хүмүүсийн хувьд нийтлэгдээ бэйж болон бор өнгөнөөс татгалзаарай гэж зөвлөдөг ч зарим тохиолдолд өөр суурьтай тухайн өнгө нь сайхан зохих үе бий. Харин массын хүрээнд яривал завсрын саарал болон бэйж өнгөнөөс татгалзвал зүгээр.

-Мэдээж хүн бүр төгс төгөлдөр галбиртай төрөхгүй шүү дээ. Бие галбирынхаа өө сэвтэй хэсгийг дарахын тулд хувцаслалтдаа хэрхэн анхаарах вэ?

-Биеийн хэлбэрийг засаж хувцаслахад хоёр зүйлийг зөвлөе. Монголчуудын дунд түгээмэл тохиолдох мөр томтой тааз жижигтэй, эсвэл мөр жижигтэй тааз томтой гэсэн хувилбар асуудалтайд тооцогддог. Үнэхээр цаанаасаа өгөгдсөн ясны өргөн нарийны асуудал л даа. Энэ төрлийн биеийн галбирт өнгөний агших, тэлэх чадварыг ашигла. Хаагуураа илүү өргөн тэр хэсгээрээ агшдаг буюу бараан өнгийн хувцсыг өмснө. Аль нарийн хэсгээрээ тэлдэг өнгийг голчлон сонгосон нь дээр. Магадгүй хар өмд, цагаан цамцыг түлхүү өмсдөг цээж томтой эмэгтэй эсрэгээр нь өмсөх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт, Өргөн харагдуулахын тулд хөндлөн судалтай хувцас өмсдөг. Харин нарийхан харагдъя гэвэл босоо судалтайг өмсдөг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Энэ бол зөвхөн хээний тухай ойлголт гэхээс илүү хувцаслалтаа хэр олон хөндлөн зураасаар хувааж байна гэдэгтэй холбоотой. Хөндлөн зураас гэдэг нь хар, цагаан хоёр өнгөний хооронд үүсч байгаа контрастыг хэлж буй. Жишээ нь, цагаан цамц, шагай гарсан хар өмдтэй, улаан өнгийн гуталтай байвал биед гурван хөндлөн зураас үүснэ. Хувцсаа олон хуваахгүйгээр өнгө дагнаж, босоо шугамыг хувцаслалтдаа хэрхэн үүсгэх талаас анхаарна гэсэн үг.

-Минималист хэв маягтай болох үгүйгээ шалгаж үзэх боломжтой юу?

-Үүнд боломж бий. Өөрийгөө аялалд явна гэж төсөөлөөд хэрэгцээтэй эд юмсаа чемодандаа хийнэ. Ингээд тодорхой хугацаа зааж, яг эдгээр зүйлстэй амьдарна гэсэн үг. Би үүнийг туршиж үзсэн. Өөр шүүгээ онгойлгохгүйгээр зөвхөн тэндээсээ хувцаслана гэдэг тун сонирхолтой санагдсан юм л даа. Улиралдаа ядаж хоёр удаа нимгэн, зузаан хувцаснуудаа хувааж цэгцлэх шаардлага гардаг. Үнэхээр дулааны улиралд далд хийсэн хувцаснуудаа тэр газраасаа огт гаргаагүй бол хэзээ ч өмсөхгүй гэсэн үг. Угаас эргэж ирэхгүй учраас дараа зуныг хүлээх шаардлагагүй, хадгалаад нэмэргүй. Дараа жил гаргаж өмснө гэсэн ч загвар нь хуучирна шүү дээ.

-Элдэв баяр ёслол, наадам цэнгүүнээр бие биедээ янз бүрийн бэлэг түгээж баярлацгаадаг шүү дээ. Үүнийг хэрхэн минималист шинжтэй болговол зүгээр вэ?

-Минималист хэв маяг гэдэг бол хэрэгтэй юмаа хэрэглэх амьдралын хэв маяг. Хэрэггүй эд цуглуулахаа больё гэсэн л философи шүү дээ. Тиймээс хэн нэгэнд бэлэг өгөхдөө хэрэгцээг мэдэрч хандах нь зүйтэй. Гэтэл ийм айхавтар мэргэн сонголт хийх хэцүү. Зүгээр хэрэгтэй юмаа аваг гээд мөнгө өгсөн нь дээр байх.

-Эмэгтэйчүүд бид дэлгүүрт гутал авах гэж орсноо цамц худалдан аваад гардаг талтай. Энэ буруу дадлаа өөрчилж, зорилгоо умартахгүйн тулд хэрхэх хэрэгтэй вэ?

-Энэ жил ямар өнгө, имижтэй хувцас өмсөхөө тодорхойлж төлөвлөх хэрэгтэй. Ингэхийн тулд хувцаснуудаа өмсөх өмсөхгүйгээр нь ялгаад зохисон, эсвэл дутсан зүйлээ худалдан авна. Шүүгээн дэх хувцаснуудаа цэгцлээгүй бол хэзээ ч битгий шинэ худалдан авалт хий. Харин цэгцэлсний дараа дутуу зүйлсээ мэдсэнээр бодит худалдан авалтын жагсаалт гарч ирдэг. Мөн хувцсаа цэгцэлж байхдаа таалагддаг, зохидог өнгөө гаргаад ав. Ингэсэн нөхцөлд дэлгүүрт өлгөгдсөн олон бараанаас зөвхөн өөрийнхөө өнгийг хараад барьж авах боломжтой. Гэхдээ өмд, цамц хоёрын алийг авах талаар бодит жагсаалтаа санах хэрэгтэй. Тэгэхгүй бол өмнө болсон бүх зүйл давтагдана. Минималист хэв маяг гэдэг нь хэрэглэхгүй юмаа худалдаж авахгүй гэсэн ойлголт болохоос заавал хэрэглээгээ хязгаарлана гэсэн үг биш. Угаас хэзээ ч хэрэглэхгүй зүйл худалдан авна гэдэг чинь утгагүй биз дээ. Зүгээр л хэрэглэх байх гээд авчихдаг. Ямар нэгэн эд бараа авлаа гэхэд тэр нь хэрэгцээндээ ороод, эдлээд дуусгаж байвал хувь хүний асуудал. Их хэмжээгээр худалдаж аваад байх шаардлагагүй нөхцөлд хүссэн хүсээгүй хог хаягдал багасч таарна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд Б.Цэнддоогийн “Явган зорчигчийн дүрэм​” нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол түмний баяр наадам тун удахгүй болох гэж байна. Өнөө жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас баяр наадмаа хотоос зайдуу, үзэгчгүй тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэр гаргаад буй. Тэгвэл есөн хөлт цагаан сүлдээ наадам болох XIII зуун амралтын газар луу хэрхэн хүргэх талаар манай сурвалжлагч асуудал хөндөн бичжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй хийсэн ярилцлагыг нэг болон тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Шинэ сайд нарын хамгийн эхний хэлсэн үг, анхны байр
суурь нь юу байсан талаар
хүргэхээр бэлтгэлээ, нэг болон хоёрдугаар нүүрнээс уншиж танилцаарай.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд
асан Х.Тэмүүжинтай цөөн хором ярилцлаа. Ярилцлагыг нэг, тавдугаар нүүрэнд нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд гардаг нийтлэлүүд манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг билээ. Энэ удаад нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Явган зорчигчийн дүрэм” нийтлэл хэвлэгдлээ.

“Өнөө жилийн наадмаар хэн хэн улсын
цол горилж, ямар бөх түрүүлэх вэ?” нийтлэлийг бөх сонирхогч уншигчдадаа бэлтгэн хүргэж байна, зургадугаар нүүрнээс сонирхон уншаарай.

Нийслэлийн авто замын
хөгжлийн газрын дарга
Б.Индратай ярилцлаа. Тэрээр “Зам засварын ажлыг хамгийн их хөдөлгөөнтэй,
хамгийн их ус тогтож байгаа газраас эхэлж хийдэг” хэмээжээ.

МҮОНРТ баяр наадмын өдрүүдээр ямар хөтөлбөр, кино,
контент үзэгчдэд хүргэх
талаар тус телевизийн
захирал Л.Нинжжамцаас
тодрууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Миний хувьд улстөрчөөс илүү аж ахуйн асуудлаар хамтран ажиллана


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан. Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах тухай албан бичиг өчигдөр надад ирсэн байна.

Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон жил төр, засагт ажиллалаа. Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын тавьсан өр гэж дэлхий даяар мэдэхгүй. Монгол Улсын өр л гэж бий. Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбартаа олон жил ажилласан тул чиг үүргээ, салбарын нөхцөл байдлаа мэдэж байгаа байх. Бид өнөөдөр армийнхаа сүр хүчийг харуулах тал дээр тодорхой ажлуудыг эхлүүлснийг үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 180 мянган малчин өрхийн хамаарал бүхий салбарын сайд болж байна. Хөдөө аж ахуй бол Монголын онцлог салбар. Мөн энэ салбар эдийн засгийн хос морины нэг буюу хүнээр яривал хоёр хөлийнх нэг нь байх ёстой. Энэ тал дээр өөрөө туршлагатай учраас сайдад дэмжигдсэн болов уу гэж бодож байна. Жишээ нь, хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу?

З.Мэндсайхан: ­Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байгаа. Үнийн дүнгийн мэдээлэл сайн аваагүй байна.

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон бэ? Энэ чинь маш тодорхой асуудал. Ерөнхий сайд хүнсний ногоо дотооддоо тариалах асуудлыг ярьдаг. Ном, сонин, судалгаа харахад л тодорхой байгаа. Монгол Улс жилдээ 400-500 сая ам.долларын хүнсний бараа импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоосоо хангая гэж Ерөнхий сайд ярьдаг. Энэ бол 400-500 сая ам.долларын бараа гаднаас оруулж ирдгийг болино гэсэн санаа юм. Монгол Улс газар нутгийнхаа хэдэн хувьд газар тариалан эрхэлдэг вэ?

З.Мэндсайхан: 21 орчим хувьд.

Х.Баттулга: Газар нутгийнхаа нэг орчим хувьд газар тариалан эрхэлдэг. Бид үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Бид жилд хэдэн сая арьс боловсруулдаг вэ?

З.Мэндсайхан: Жилдээ бид 15 орчим сая арьс боловсруулах нөөцтэй.

Х.Баттулга: Жилд 15-20 сая ширхэг арьс боловсруулдаг, үүний 80 хувь нь бог малын арьс байдаг. Бог малын арьс хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ, малчдынхаа орлогыг яах вэ, жилд хэдэн тонн ноос, ноолуур хураадаг, үүний үнийн дүн хэд байдаг, хэдэн хувийг нь гадагш гаргадаг гэх мэтчилэн асуултуудыг өөртөө тавьж, хэрэгжүүлэх ажилд өнөөдрөөс эхлэн ханцуй шамлан ороорой.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай. Хэдэн онд төмөр замын бодлого батлагдсан бэ?

Л.Халтар: 2010 онд батлагдсан. Одоо 10 гаруй жил боллоо. Гол нь төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хөрөнгө мөнгө, царигийн гол асуудлууд байсан. Сая өмнөх УИХ-ын отгон чуулганаар царигийн асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо бид нарт ажлаа явуулахад харьцангуй амар боллоо.

Х.Баттулга: 2010 онд батлагдсан бодлого яагаад яваагүй вэ?

Л.Халтар: Одоо үндсэндээ 10 жил болжээ. Мөн хөрөнгө мөнгө, царигийн маргаантай асуудлууд байсан. Ер нь өргөн, нарийн царигийн асуудал улстөржсөн асуудал байсан.

Х.Баттулга: Бид 2010 онд “Нэг улс-Нэг цариг” гэдэг бодлого баталсан шүү дээ. Одоо төмөр замын ажил хэр явж байна вэ?

Л.Халтар: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил 93 хувьтай явж байна гэсэн мэдээллийг өчигдөр авлаа.

Х.Баттулга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил ямар явцтай байгаа вэ?

Л.Халтар: Тохирсон ёсоор төмөр замаа гар аргаар тавиад үндсэндээ ажил эхэлсэн. Зүтгүүрүүдээ аваачсан байна.

Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 800 орчим км төмөр замыг монголчууд түүхэндээ анх удаа тавьж эхлээд, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засгийн талаас нь мэдэж байгаа гэж итгэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай учир өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа байх. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан. Одоо хот төлөвлөлтийн асуудлуудаа жигдлэх хэрэгтэй. Нийслэл дээр болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр хот төлөвлөлтийн асуудал ярьцгааж, хүнд суртлын бүтэц бий болсон. Энэ асуудлыг жигдлэхгүй бол хот төлөвлөлт олон удирдлагатай, нүсэр бүтэцтэй яваад байна. Өнөөдөр гал усны, газар хөдлөлтийн аюул болоход ямархуу нөхцөл байдал үүсэхийг өөрөө мэдэж байгаа. Зургаан баллын газар хөдлөлт болоход нийт барилга, байшингийн 60-70 хувь нь нурахад бэлэн байдалтай болсон. Мөн дагуул хот байгуулах ажилд ханцуй шамлан ороорой. Саяхан УИХ-аар Хот байгуулах тухай тогтоол батлагдсан. Энэ чиглэлд ажиллана гэж ойлгож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Энэ салбарын сайдаар Ц.Нямдорж олон жил ажилласан. Тэр хүний хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү гэдгийг өөрт чинь хэлье.

Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллахаар болсон уу. Байгаль орчин, цөлжилт, усны асуудал зэрэг олон ажил хамаарч байгаа юм билээ. Аялал жуулчлалын бодлого өнгөрсөн онд Н.Цэрэнбат сайдын үед Засгийн газраар батлагдсан. Энэ бодлого дээр Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажилласан. Энэ салбарт нэг зовлон байна. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалт нэрээр газар олгож, түүн дээр нь хаус бариад зардаг шүү. Иймэрхүү асуудлаар эрүүгийн залилангийн хэрэг үүсчихсэн явж байгаа юм билээ.

Шадар сайдаар Я.Содбаатар ажиллахаар болж байгаа юм байна. Олон жил төрд ажилласан, ноён нуруутай сайд гэж бодож байна. Хамтарч ажиллана.

Миний хувьд улстөрчөөсөө илүү эдийн засгийг сэргээх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэргээр аж ахуйн асуудлаар та бүхэнтэй илүү хамтран ажиллана. Бүгдээрээ Монгол Улсын Засгийн газрын өрийг төлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гурван сая монголчууддаа өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Евразийн дунд өндөр хөгжсөн ардчилсан Монгол Улс бий болох платформыг тавихад сэтгэл шулуудан хамтарч ажиллахыг хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шинээр томилогдох Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Соёлын сайд С.Чулуун нар оролцлоо.