Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга нарын нэрс тодорчээ

Байнгын хороодын даргаар дараах гишүүд сонгогджээ.

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо – Б.Баттөмөр
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо – Х.Болорчулуун
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо – Ж.Мөнхбат
  • Нийгмийн бодлогын байнгын хороо – М.Оюунчимэг
  • Төрийн байгуулалтын байнгын хороо – Л.Энх-Амгалан
  • Төсвийн байнгын хороо – Б.Жавхлан
  • Хууль зүйн байнгын хороо – С.Бямбацогт
  • Эдийн засгийн байнгын хороо – Ж.Ганбаатар
  • Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо – Б.Бат-Эрдэнэ
  • Инновац, цахим бодлогын байнгын хороо – Н.Учрал
  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо – Б.Чойжилсүрэн

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Борооны улмаас Төв аймгийн замын зорчих хэсэг усанд автан, эвдрэл үүсжээ

Долдугаар дугаар сарын 09-ны өдрийн 15:45 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангайн цаад талд байрлах “Атар 13” гэх газар аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсэж, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автжээ.

Борооны улмаас газрын хөрс чийг ихтэй үед агаарын температур дулаарах нь ширүүн аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно. Аадар борооны улмаас нөөлөг салхи, аянгын эрсдэл өндөр байна гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан юм.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

БҮ:17 “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэл явж эхэлнэ

Нийтийн зорчигч тээврийн буухиа үйлчилгээний БҮ:17 “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэл нь 2020 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Дүнжингарав худалдааны төвөөс үйлчилгээ үзүүлнэ. Иймд иргэд та бүхэн доорх замналын дагуу зорчилтоо төлөвлөн зорчино уу.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв


УЛСЫН ИХ ХУРАЛ 11 БАЙНГЫН ХОРООТОЙ АЖИЛЛАНА

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.09) нэгдсэн хуралдаан 11 цаг 50 минутад эхэлж, арван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурал нь 8 байнгын хороотой ажиллахаар хуульчилсан байдаг. Зарим Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Тиймээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороодыг нэмж байгуулах шаардлагатай гэж үзэн Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцах юм. Энэ байнгын хороо нь гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал, мөн нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллах талаар төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна. Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, тогтолцоог сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, инновацид суурилсан бүтээгдэхүүнийг бий болгож үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодод болон олон улсад өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох, дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн эрх зүйн бодлогыг Инновац, цахим бодлогын байнгын хороо эрхлэх юм байна.

Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулсан. Монгол Улсад хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түргэтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, экспортын зах зээлийг дэмжих, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог бодлогын оновчтой зохицуулалтаар дэмжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд чиглэсэн бодлого, хөгжүүлэлт хийх, санхүүгийн тогтвортой дэмжлэг үзүүлэх, холбогдох дэд бүтцийг сайжруулах, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах зэрэг асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Байнгын хороо 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг өөрчилж, 11-15 гишүүнтэй байхаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн танилцуулгад дурдлаа.

Ингэснээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдан гарч байгаа хууль тогтоомж, бусад шийдвэр оновчтой байх, зохих салбар, чиглэлээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон Улсын Их Хурлын Тамгын газарт тухайн асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид илүү мэргэшин ажиллах боломж нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энхбаяр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн байгууллагуудын ажил, эрх үүргийн зааг, ялгааг маш тодорхой болгосон гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцолж байв. Эрх мэдлийн тэнцэлийг хангах үүднээс Засгийн газрын эрх хэмжээг нэмэгдүүлж, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог хязгаарлах агуулгатай өөрчлөлт орсон. Төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед энэ талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгийг тайлбарласан. Ажил давхардахгүй, Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй, захиргааны ажил хийхгүй. Харин эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, төрийн байгууллагууд дахь нийт 600 гаруй Ёс зүйн хороодыг эрх зүйн талаас нь дэмжих, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүний хавсарч ажиллаж болохгүй ажлын талаарх зохицуулалтууд мөрдөгдөж ирсэн, тодруулбал төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хийж болохоор зохицуулалттай байсныг төсөл санаачлагч Т.Аюурсайхан гишүүн хэлж, дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Н.Алтанхуяг нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийсэн. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 45 нь 71.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээд, чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-ын дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Н.Энхболд гишүүн гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Байнгын хорооны дэмжсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 41 нь дэмжснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг танилцуулсан юм.

“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 26.1.1, 26.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах” гэж заасан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн дагуу “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ. Үүнд:

1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

1.Ширнэнбаньдын Адьшаа

2.Норовын Алтанхуяг

3.Пүрэв-Очирын Анужин

4.Төмөрбаатарын Аюурсайхан

5.Хавдисламын Баделхан

6.Энхтайваны Бат-Амгалан

7.Сүхбаатарын Батболд

8.Баагаагийн Баттөмөр

9.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

10. Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

11. Дашдондогийн Ганбат

12. Тогмидын Доржханд

13. Борхүүгийн Дэлгэрсайхан

14. Нанзадын Наранбаатар

15. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

16. Цэдэвийн Сэргэлэн

17. Дамдины Цогтбаатар

18. Бямбасүрэнгийн Энх-Амгалан

19. Нямаагийн Энхболд

2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

1.Цогт-Очирын Анандбазар

2.Телуханы Аубакар

3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

4.Жадамбын Бат-Эрдэнэ

5.Жигжидийн Батжаргал

6.Буланы Бейсен

7.Хаянгаагийн Болорчулуун

8.Гочоогийн Ганболд

9.Наянтайн Ганибал

10. Гонгорын Дамдинням

11. Гомпилдоогийн Мөнхцэцэг

12. Нанзадын Наранбаатар

13. Дамдинсүрэнгийн Өнөрболор

14. Батсүхийн Саранчимэг

15. Ганзоригийн Тэмүүлэн

16. Цэвэгдоржийн Туваан

17. Одонгийн Цогтгэрэл

18. Цэдэндамбын Цэрэнпунцаг

19. Төмөртогоогийн Энхтүвшин

3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:

1.Амгалангийн Адъяасүрэн

2.Ганибалын Амартүвшин

3.Пүрэв-Очирын Анужин

4.Телуханы Аубакар

5.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

6.Балжиннямын Баярсайхан

7.Хассуурийн Ганхуяг

8.Гонгорын Дамдинням

9.Бадарчийн Жаргалмаа

10. Жамъянгийн Мөнхбат

11. Гомпилдоогийн Мөнхцэцэг

12. Цэрэнжамцын Мөнхцэцэг

13. Дамдинсүрэнгийн Өнөрболор

14. Даваажанцангийн Сарангэрэл

15. Жигжидсүрэнгийн Чинбүрэн

16. Чинбатын Ундрам

17. Ням-Осорын Учрал

18. Төмөртогоогийн Энхтүвшин

4/ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо:

1.Ширнэнбаньдын Адьшаа

2.Хавдисламын Баделхан

3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

4.Балжиннямын Баярсайхан

5.Баагаагийн Баттөмөр

6.Сандагийн Бямбацогт

7.Буланы Бейсен

8.Жамъянгийн Мөнхбат

9.Мөнхөөгийн Оюунчимэг

10.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

11.Баттөмөрийн Энхбаяр

5/ Инновац, цахим бодлогын байнгын хороо:

1.Амгалангийн Адъяасүрэн

2.Ганибалын Амартүвшин

3.Цогт-Очирын Анандбазар

4.Телуханы Аубакар

5.Жадамбын Бат-Эрдэнэ

6.Жигжидийн Батжаргал

7.Дамбын Батлут

8.Сайнхүүгийн Ганбаатар

9.Гочоогийн Ганболд

10. Тогмидын Доржханд

11. Нанзадын Наранбаатар

12. Батсүхийн Саранчимэг

13. Дамдинсүрэнгийн Өнөрболор

14. Жигжидсүрэнгийн Чинбүрэн

15. Шатарбалын Раднаасэд

16. Ганзоригийн Тэмүүлэн

17. Төмөртогоогийн Энхтүвшин

18. Цэвэгдоржийн Туваан

19. Ням-Осорын Учрал

6/Нийгмийн бодлогын байнгын хороо:

1.Пүрэв-Очирын Анужин

2.Балжиннямын Баярсайхан

3.Дамбын Батлут

4.Буланы Бейсен

5.Сайнхүүгийн Ганбаатар

6.Бадарчийн Жаргалмаа

7.Цэндийн Мөнх-Оргил

8.Мөнхөөгийн Оюунчимэг

9.Цэндийн Сандаг-Очир

10. Даваажанцангийн Сарангэрэл

11. Батсүхийн Саранчимэг

12. Салдангийн Одонтуяа

13. Цэвэгдоржийн Туваан

14. Чинбатын Ундрам

15. Жигжидсүрэнгийн Чинбүрэн

16. Содномын Чинзориг

17. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

7/Төрийн байгуулалтын байнгын хороо:

1.Сайнбуянгийн Амарсайхан

2.Амгалангийн Адъяасүрэн

3.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

4.Жамбын Батсуурь

5.Сандагийн Бямбацогт

6.Жамбалын Ганбаатар

7.Гочоогийн Ганболд

8.Гомбожавын Занданшатар

9.Жамъянгийн Мөнхбат

10. Цэндийн Мөнх-Оргил

11. Хишгээгийн Нямбаатар

12. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

13. Бөхчулууны Пүрэвдорж

14. Долгорсүрэнгийн Сумъяабазар

15. Жамъянхорлоогийн Сүхбаатар

16. Дуламдоржийн Тогтохсүрэн

17. Ухнаагийн Хүрэлсүх

18. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

19. Нямаагийн Энхболд

8/Төсвийн байнгын хороо:

1.Сайнбуянгийн Амарсайхан

2.Ганибалын Амартүвшин

3.Цогт-Очирын Анандбазар

4.Хавдисламын Баделхан

5.Жигжидийн Батжаргал

6.Жамбын Батсуурь

7.Хүрэлбаатарын Булгантуяа

8.Сайнхүүгийн Ганбаатар

9.Цэрэнпилийн Даваасүрэн

10. Болдын Жавхлан

11. Лхагвын Мөнхбаатар

12. Салдангийн Одонтуяа

13. Бөхчулууны Пүрэвдорж

14. Шатарбалын Раднаасэд

15. Долгорсүрэнгийн Сумъяабазар

16. Дуламдоржийн Тогтохсүрэн

17. Ганзоригийн Тэмүүлэн

18. Чимэдийн Хүрэлбаатар

19. Баттогтохын Чойжилсүрэн

9/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо:

1.Амгалангийн Адъяасүрэн

2.Цогт-Очирын Анандбазар

3.Телуханы Аубакар

4.Жадамбын Бат-Эрдэнэ

5.Жигжидийн Батжаргал

6.Гочоогийн Ганболд

7.Нанзадын Наранбаатар

8.Дамдинсүрэнгийн Өнөрболор

9. Баттогтохын Чойжилсүрэн

10. Одонгийн Цогтгэрэл

11. Шатарбалын Раднаасэд

12. Ганзоригийн Тэмүүлэн

13. Төмөртогоогийн Энхтүвшин

14. Цэвэгдоржийн Туваан

10/Хууль зүйн байнгын хороо:

1.Ширнэнбаньдын Адьшаа

2.Норовын Алтанхуяг

3.Сайнбуянгийн Амарсайхан

4.Сандагийн Бямбацогт

5.Дашдондогийн Ганбат

6.Борхүүгийн Дэлгэрсайхан

7.Лхагвын Мөнхбаатар

8.Цэрэнжамцын Мөнхцэцэг

9.Хишгээгийн Нямбаатар

10. Бөхчулууны Пүрэвдорж

11. Шатарбалын Раднаасэд

12. Цэндийн Сандаг-Очир

13. Жамъянхорлоогийн Сүхбаатар

14. Цэдэвийн Сэргэлэн

15. Ням-Осорын Учрал

16. Дамдины Цогтбаатар

17. Бямбасүрэнгийн Энх-Амгалан

18. Баттөмөрийн Энхбаяр

11/Эдийн засгийн байнгын хороо:

1.Төмөрбаатарын Аюурсайхан

2.Энхтайваны Бат-Амгалан

3.Дамбын Батлут

4.Баагаагийн Баттөмөр

5.Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

6.Жадамбын Бат-Эрдэнэ

7.Хаянгаагийн Болорчулуун

8.Хүрэлбаатарын Булгантуяа

9.Жамбалын Ганбаатар

10. Наянтайн Ганибал

11. Хассуурийн Ганхуяг

12. Цэрэнпилийн Даваасүрэн

13. Тогмидын Доржханд

14. Болдын Жавхлан

15. Мөнхөөгийн Оюунчимэг

16. Цэдэндамбын Цэрэнпунцаг

17. Одонгийн Цогтгэрэл

18. Содномын Чинзориг

19. Баттөмөрийн Энхбаяр.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцно. Энэ тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Categories
мэдээ нийгэм

Даатгалын тухай товчхон

”Салбарын тулгуур багана” гэх санхүүгийн нэр томьёолол байдаг. Үүнд Банк, Даатгал, Хөрөнгийн зах зээл гэсэн гурван салбар хамаарагддаг бөгөөд хэрхэн уялдаа холбоотой хөгжиж буйгаар нь тухайн улсын санхүүгийн салбарыг үнэлэх тохиолдол ч олонтоо.

Монгол Улсын хувьд цөөнгүй даатгалын компани IPO хийж, нээлттэй хувьцаатай болсон, салбарын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд өссөн зэрэг эерэг мэдээллүүд гарсаар байна. Энэ ч утгаар даатгалын компаниуд салбарынхаа ирээдүйг гэгээлгээр зураглаж буй.

Иймээс уншигч Та бүхэнд “Ард Даатгал ХК”-ийн Иргэдийн даатгалын албаны дарга Ү.Мөнхсарнайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна

  • Сайн байна уу? Ярилцлагынхаа эхэнд Та уншигчдадаа даатгалын бүтээгдэхүүний давуу талыг таниулах үүднээс тус үйлчилгээг авах нэн тэргүүний шалтгааныг өөрийнхөө өнцгөөс товчхон тайлбарлаж өгвөл?

Сайн байцгаана уу? Танд болон уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ерөнхийдөө даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг авснаар төлөвлөгдөөгүй зардлыг хянах мөн сэтгэл амар ажиллаж, амьдрах хамгаалалт болж өгдөг. Даатгалыг эрсдэлийн удирдлагын нэг арга хэрэгсэл гэж ойлгож болно.

  • Танай компанийн хувьд даатгуулагчдын хэдэн хувь нь нөхөн олговор авах тохиолдол бүртгэгддэг вэ? (1 жилийн хугацаанд, 1 даатгалын төрөл дээр жишээ болговол)

Манай компанийн хувьд 2019 онд 5,152 тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгосон ба нийт гэрээний тоотой харьцуулбал 6%-д нөхөн төлбөр олгосон байна. Харин олгосон нөхөн төлбөрийг хураамжтай нь харьцуулбал 41%-тай байна. Нэмэлт тайлбар хэлэхэд компанийн борлуулалтын төлөвлөгөө ямар байхаас нөхөн төлбөрийн тоо хамаардаг учраас шууд энэ үзүүлэлтээр сайн, муу гэж тодорхойлох боломжгүй байдаг. Байгууллагын борлуулалт түлхүү хийдэг компанийн хувьд нөхөн төлбөрийн тооноос нь илүү нөхөн төлбөрийн дүнг нь харах хэрэгтэй. Манай компани өнгөрсөн оноос эхлэн иргэдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргасан ба үүнтэй холбоотой даатгуулагчийн тоо, нөхөн төлбөрийн тоо хоёулаа нэмэгдэх хандлагатай байна.

Нөхөн төлбөр

2017 он

2018 он

2019 он

Цэвэр нөхөн төлбөрийн дүн (сая.төг)

2,511

3,488

3,961

Нөхөн төлбөрийн тоо

3,400

4,329

5,152

  • Танай компани хэдэн даатгалын төрлөөр үйлчилгээ үзүүлж байна вэ?

Ард даатгал ХК одоогийн байдлаар 50 гаруй үндсэн нэр төрлийн даатгалыг санал болгож байгаа бөгөөд нэр төрөл болгон даатгуулагчийн хэрэгцээ шаардлагаас хамааран харилцан адилгүйгээр дотроо олон хувилбаруудыг агуулж байдаг.

  • Корона вирус гарлаа. Энэ бол хүн төрөлхтний төсөөлөөгүй гэнэтийн эрсдэл болж байна. Үүнд хүмүүс урьдчилан ямар төрлийн даатгал хийлгэж болох байв? Хүний эргэн тойронд эрсдэл хүлээж, отож байдаг. Үүний нэг нь элдэв өвчин, бактери, вирус, эдгээрийн нэгэн адил COVID-19 вирустэй холбоотой эрсдэл нь өнөөгийн нөхцөлд даатгагдах эрсдэл мөн үү гэдэгт эргэлзээ дагуулж байсан үе бий. Гэхдээ даатгалын компаниуд энэхүү эрсдэл даатгагдаж болох юм байна гэж үзсэний үндсэнд хүн уг вирусээр халдварлагдсан тохиолдолд түүнтэй холбоотой гарах эмчилгээний зардлыг төлөх, бусад холбогдон гарах зардлуудыг даатгалд хамруулан төлж эхэлсэн. Олон улсын эрүүл мэндийн даатгалын хамгаалалтад орох нэг тодорхой эрсдэлийг COVID-19 гэж тусгайлан зааж өгч оруулсан байна. Мөн зарим дотоодын даатгалын компаниуд үүнтэй холбоотой зардлыг тодорхой хязгаартай дүн бүхий хамгаалалтад оруулж байгаа.

  • Таны бодлоор Монгол Улсад даатгалын салбарын хөгжил?

Тодорхой хэмжээнд хөгжиж байна. Гэхдээ өөрчлөх, сайжруулах зүйл олон. Мэдээж хүн ам, зах зээлийн багтаамж бага учраас түүнд таарсан хэмжээнд зарим төрлийн даатгалын хүртээмж хангалттай хөгжсөн гэхэд болно.

Тухайлбал, жолоочийн хариуцлагын даатгалыг дурдаж болох байх. Гэхдээ энэ даатгалын үнэлгээг нэмэгдүүлэх, үйлчилгээг улам сайжруулах, боловсронгуй болгох ажил байгаа ба тасралтгүй сайжруулалт хийгдэж байх ёстой.

  • Танай компанийн хамгийн тогтвортой, байнгын харилцагч ямар салбар, байгууллага байдаг вэ?

Сүүлийн үед банкны зээлийн хүүг бууруулах талаар их яригддаг боллоо. Зээлийн хүүг бууруулахад чухал нөлөөтэй хүчин зүйлийн нэг нь даатгалын үйлчилгээ юм. Даатгалд хамрагдсан хөрөнгөнд учрах хохирол, төлбөрийн тасалдал үүсэх зэргээс сэргийлэх нь хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг бууруулж банкны хүүг бууруулах нэг бодит хүчин зүйл. Үүн дээр Худалдаа, хөгжлийн банк идэвхтэй ажиллаж санхүүгийн бодит арга хэрэгсэл ашиглаж байгаа нь сайшаалтай юм.

  • Ард даатгалын салбар дээр өөрийн биеэр очихоос гадна өөр ямар аргаар танай даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авч, хамрагдах боломжтой вэ?

Иргэд үйлчлүүлэгчид ХХБ-ны хүссэн салбартаа хандан манай даатгалын үйлчилгээ болон мэдээлэл авах боломжтой байгаагийн дээр банкны гар утас, аппликэйшн ашиглаж даатгуулах боломж ч нээлттэй байгаа. Аливаа гэнэтийн үйл явдлыг 100% урьдчилан таамаглах ямар ч аргагүй. Иймээс даатгалын үйлчилгээ нь хувь хүний хариуцлага, ухамсартай холбогдож байдаг. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа Та бүхэн бусдын төдийгүй хайртай хүмүүсийнхээ сайн сайхан, амар тайван байдлын төлөө даатгалын үйлчилгээнд хамрагдаж амьдралынхаа нэг хэсэг болгох уриалгыг дэвшүүлж байна.

  • Ярилцсанд баярлалаа,

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн 17 сурагч, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж зааж сургасан багш нарт шагнал гардууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44633 суралцагч шалгалтаа амжилттай өгсөн. Үүнээс 800 оноо авсан 126 суралцагч байгаагаас 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сурагчдад хандаж хэлэхдээ “Энэ хичээлийн жил их онцлогтой болж өндөрлөлөө. “Ковид-19” цар тахалын энэ үед дэлхий дахины боловсрол, сургалтын системд өөрчлөлт орж байна. Одоогийн сурагч, хүүхэд залуусын хувьд дэлхийн боловсролыг онлайнаар суралцаж, эзэмших боломж бүрдэж байна. Үеийнхээ манлайлж буй сурагч та бүхэн маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрсдийн хүссэн их, дээд сургуульдаа элсэн орж амжилттай суралцахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга “Элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилт үзүүлэн оролцсон үе тэнгийн сурагч та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа их, дээд сургуульдаа амжилттай суралцах болно гэдгээ хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж, зааж сургасан нийт 14 багшид талархал гардуулав. Энэ үеэр 38 дугаар сургуулийн монгол хэлний багш Д.Алтанцэцэг “Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон нийт сурагчид болон зааж, сургасан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсэж байна” хэмээлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчид:

Монгол хэл

38 дугаар сургуулийн сурагч Л.Ундрах

Математик

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Мөнхтүшиг

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ

11 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх

1 дүгээр сургуулийн сурагч Д.Чингүүн

1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд

Нийгэм судлал

“Улаанбаатар эмпати” сургуулийн сурагч А.Анужин

14 дүгээр сургуулийн сурагч Б.Анужин

Логарифм бүрэн дунд сургуулийн сурагч Г.Энхмаа

Биологи

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга

Хими

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Г.Ану-Үжин

Физик

11 дүгээр сургуулийн сурагч Г.Баяртулга

11 дүгээр сургуулийн сурагч Г.Ичинноров

Англи хэл

“Дойче шуле” сургуулийн сурагч А.Итгэл

“Хобби” сургуулийн сурагч Т.Анужин

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Чингүүн

“И Эс Эм” олон улсын дунд сургуулийн сурагч М.Саруулбуян

Categories
мэдээ нийгэм

Энэ сард өмнөх саруудаас хамгийн их буюу 3000 иргэнээ гадаадаас татан авна

Өнөөдөр УОК-ын хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ” Гадаргуугийн усыг зайлуулах шугам сүлжээг өдөр тутам бороо орсны дараа тогтмол цэвэрлэж байгаа боловч иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж бөглөрөх үзэгдэл байна. Үүнтэй холбоотойгоор үүрэг даалгаврыг өглөө. Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарсантай холбоотойгоор хэсэгчилсэн хөл хориог тогтоосон. Үүнийг үргэлжлүүлэхийг Ховд аймгийн засаг даргад үүрэг болголоо. Долоодугаар сард гадаадаас 3000 иргэн татан авна. Өмнөх саруудаас 50 хувь илүү байна. Улсын хэмжээнд 2400-2600 тусгаарлах байр бий. Гадаадаас иргэдээ авчраад тусгаарлах байр хүрэлцээгүй байна. Шадар сайд маргаашнаас эхлэн УОК-ын Шуурхай штаб болон зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн 3-р сард гадаадад байгаа 5600 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсэн бол өнөөдрийн байдлаар 55 орноос 9884 иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7-р сарын 15-ныг хүртэл сунгасан. Улаанбаатарт 900 гаруй ААН-ийн 10 мянга гаруй ажлын байрыг шат дараатай нээх шийдвэрээ гарган, нээж байна. БНСУ-аас хамгийн олон буюу 2000 орчим иргэн буцах хүсэлтээ ирүүлсэн. Тиймээс энэ сард тус улс руу 10 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн. АНУ-аас 2400, Австралиас 1100 иргэн буцах хүсэлт илгээсэн. Тиймээс эдгээр улс руу долоо хоног тутамд тусгай үүргийн иргэн хийхээртөлөвлөж байна.Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос Засгийн газарт оруулахаар болсон. Сунгах, эсэх шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Гадны улс орнуудад халдварын хоёр дахь давлагаа гарч буй учир хилээ нээх боломжгүй байна. УОК болон Монгол улсын Засгийн газрын зүгээс нэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэл 12000 орчим иргэнээ агаараар болон газраар татаж аваад байна” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд ихэнхи нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна

Өнөөдөр Онцгой Баайдлын Ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас хамтран баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон үер усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, цаг уурын байгууллагын инженер М.Должинсүрэн нар оролцлоо.

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “2020 оны эхний хагас жилийн үер, усны ослын улмаас 39 хүн амь насаа алдсан. Үүнээс 9 нь бага насны хүүхэд байна. Дийлэнхибуюу 43 хувь Улаанбаатар хот, 13 хувь Төв аймаг болон Хэнтий аймагт амь насаа алдсан байна.Сүүлийн сар орчмын хугацаанд болсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерээр 8 хүн тэр дундаас 2 нь бага насны хүүхэд амь насаа алдсан. Үер, усны улмаас амиа алдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь эрэгтэй хүмүүс байна. Үүний тал хувь нь 18-35 насны хүмүүс байна. 2020 оны зургаадугаар сарын 24-нд Төв аймаг Говьсүмбэрийн нутгаар орсон аадар борооны улмаас Улаанбаатар Сайншанд чиглэлийн авто зам болон төмөр зөмд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Сүүлийн сар орчмын хугацаанд үер ослын улмаас Төв аймагт 3, Өмнөговь аймагт 5, Сүхбаатар аймагт 3 нийтдээ 11 хүн амь насаа алдсан байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд долоодугаар сарын 3-ны өдөр мотоциклтэй гол гатлах гэж явсан 3 хүн амь насаа алдсан. Мөн Өмнөговь аймгийн нутагт амарч явсан гэр бүлийн 8 хүний 3 нь хүнд бэртэж, 5 нь амь насаа алдсан. Тиймээс иргэд маань сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.Найз нөхөд, үр хүүхэд гэр бүлдээ хараа хяналтай байх хэрэгтэй” гэлээ.

Цаг уурын байгууллагын инженер М.Должинсүрэн “Манай орны хувьд долоодугаар сар бол бороо хур ордог сар. Энэ жилийн хувьд ч долоодугаар сард нийт нутгаар бороо хур ихтэй. Ялангуяа уулархаг нутгаар гэнэтийн дуу цахилгаантайаадар бороо орж, үер буух, аянга болох тохиолдлууд их байна. Олон жилийн дунджаас үзэхэд сард ордог тунадас нь нэг хоногт орох тохиолдол энэ жилийн хувьд ихээхэн байгаа. Булганы Хутагтад нэг хоногт 85 мм, Хөвсгөлийн нутгаар 60-63 мм их хэмжээний бороо орсон байгаа. Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараад аянга буусан гэх мэт үер усны аюулууд их байна. Өнөөдрийн 11 цагийн байдлаар Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн баруун талын сумдаар их бороо орж байна. Баяр наадмын амралтын өдрүүдээр долоодугаар сарын 10-наас 15-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулахад:

10-нд Төвийн нутгуудын зүүн хэсэг, Зүүн гурван аймаг, говийн нутгийн зүүн хэсгээр ихээхэн хэмжээний бороо орно. Ялангуяа Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймгийн зарим нутгаар их хэмжээний усархаг бороо орно.

11-нд Зүүн аймгуудаар орж буй энэ бороо үргэлжлэн орно. Гэхдээ эрч хүчний хувьд бага орно. Баруун болон Төвийн аймгуудаар дуу цахилгаантай усархаг бороо орно.

12-нд Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно.

13-нд Баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно.

14, 15-нд баруун болон төвийн аймгийн нутгаар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахмлгаантай усархаг аадар бороо орох төлөвтэй байна.

Борооны өмнө түр зуурын салхины ширүүсэл болно. Энэ баяр наадмын үеэр гэнэтийн нөөлөг салхи болон аянгын эрсдэл өндөр байна. Агаарын темпаратурын хувьд 10-нд хамгийн сэрүүн буюу 15-16 хэм байна. Харин 11-нээс халж эхэлнэ. Уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Говийн аймгуудын нутгаар шөнө 15-20 градуас, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнө 10-15 градус, өдөртөө 22-27 градус хүрэх төлөвтэй байна ” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм спорт

Хурдан морьдын уралдаан ХЯЗААЛАН насаар эхэлнэ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтэд гарч байгаа коронавирус цар тахлын улмаас Монгол улсын баяр наадмын тухай хуульд заасны дагуу зургаан насны морь уралдуулах шийдвэр гаргасан байсан. Гэвч монголын морин спорт уяачдын холбоо, тодорхой албан тушаалтангууд, иргэд эрлийз гурван насыг уралдуулаач гэсэн хүсэлтийг шадар сайд, үндэсний хорооны даргад гаргасан байна. Тиймээс энэ жилийн үндэсний их баяр наадмаар зургаан нас, эрлийз гурван нас есөн насны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өнөөдөр Хүй долоон худагт морьдын бүртгэл явагдаж байгаа аж.

Долдугаар сарын 10-нд

  • 07:00-11:00 цагт Хязаалан насны морьдын уралдаан
  • 12:00-14:30 цагт Эрлийз дунд насны морьдын уралдаан
  • 15:00-18:00 цагт Шүдлэн насны морьдын уралдаан

Долдугаар сарын 11-нд

  • 07:00 цагт Азарга насны морьдын уралдаан
  • 12:00 цагт Их насны морьдын уралдаан
  • 16:00-19:00 цагт Эрлийз дээд насны морьдын уралдаан

Долдугаар сарын 12-нд

  • 07:00-11:00 цагт Соёолон насны морьдын уралдаан
  • 12:00-14:00 цагт Дааганы уралдаан
  • 15:00-16:30 цагт Эрлийз бага насны морьдын уралдаан тус тус болно.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долдугаар сарын 01-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримталж монгол морьдоос эрлийз морьдыг ялгах ажлыг зохион байгуулна.

-Уралдааны дараагаар морь цоллох ажил Хүй долоон худагт болохоор болсон байна. Монголын морин спорт уяачдын холбооноос энэ жилийн наадамд морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр уралдуулах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлжээ. Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны 2015 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан заалтыг мөрдөж морьдын үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр гэсэн стандартаар ажиллана гэсэн хариуг илгээжээ. Хурдан морины салбар хороо бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Хэв журмын салбар хороо уяачдын байрлах газар, морь ачсан машинуудын зогсоол цэг зэрэг асуудлын талаар анхаарч ажиллаж байгаа бол хүүхдийн байгууллагууд хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал, аюулгүй байдалд анхаарч ажиллаж байгаа юм байна. Үндэсний их баяр наадмыг таван телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.

Хурдан морьдын уралдах зай:

  • Азарга, Соёолон: 23 км
  • Их нас: 25 км
  • Хязаалан нас: 17 км
  • Шүдлэн нас: 14 км
  • Даага: 11 км
  • Эрлийз дээд нас: 23 км
  • Эрлийз дунд нас: 17 км
  • Эрлийз бага нас: 11 км-ээс тус тус уралдана

Хурдан морины уралдаанч хүүхдийн халууныг хэмжиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт болж байна.

-Энэ жил цаг үеийн асуудлаас үүдэн зургадугаар сарын 29-ны өдрөөс эхлэн хурдан морины уралдаанч хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ бүртгэл хүчинтэй. Өнөөдөр буюу долдугаар сарын 09-нд Хүй долоон худагт уламжлалт байдлаар бүртгэж байгаа юм байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй. Халдвар хамгааллын дэглэм баримтална гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

Урьд жил хурдан морины 200 хос хувцас хэрэгслийг үнэ төлбөргүй тараажээ. Харин энэ жилийн наадмаар хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг олгохгүй. Хүй долоон худагт даатгалыг зургаан компани, хамгаалалтын хувцас хэрэгсэл борлуулдаг хоёр аж ахуй нэгж ажиллах юм байна.

Хөдөө орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр хаана

-Цагдаагийн байгууллагаас хурдан морины уралдааны газарт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахих үндсэн үүргийн хүрээнд ажиллана. Тээврийн хэрэгслийн зогсоолууд ажиллуулахгүй. Хөдөө орон нутаг руу зорчих замын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд хаах зохион байгуулалтыг хэрэгжүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд нэмэгдэл галт тэрэг явна

Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч урсгал их байгаатай холбоотойгоор 2020 оны 7-р сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд, 2020 оны 7-р сарын 15-нд Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд зорчигчийн нэмэгдэл хурдан галт тэрэг аялахаар боллоо.

Тус галт тэрэг нь Дархан хот орохгүй тул зорчигч та бүхэн аяллаа зөв төлөвлөнө үү.

16, 94, 109, 133-р километр-т тус тус 2 минут зогсоно.