Categories
мэдээ нийгэм

Өчигдөр Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн эмэгтэй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлжээ. Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тусгай үүргийн онгоц шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардсан бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү мэдээг хүргэжээ, эх хүүхдийн бие хоёулаа сайн байгаа аж.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюул болон цаг үеийн асуудлаар өчигдөр 18:00 цагийн үед мэдээлэл хийжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнөө шөнө төв аймгийн нутгаар маргааш Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Өнөө маргаашдаа Төв болон Зүүн аймгуудын нутгаар, 10-нд баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. 11,12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус мөндөр нөөлөг салхины аюулаас ард иргэдээ сэрэмжлүүлж байна.

Наадмын өдрүүд таарч байгаа тул иргэд маань мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээллийг тогтмол хүлээн авч ажил, амралтаа зохицуулах шаардлагатай. Мөн амралт зугаалгаар явж байхдаа хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдалд ялангуяа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Хөдөө орон нутаг руу зорчих гэж байгаа иргэд маань өр гэрийнхэндээ байнга хаана яваа, хаанаас хөдөлсөн бэ гэдгээ мэдээлж байх, утсан холбооныхоо бэлтгэлээ хангахыг зөвлөж байна. Одоогийн байдлаар Төв аймгийн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй, тодорхой газарт зам хаасан, машин зорчих боломжгүй үерын байдалтай байгаа тул түр хугацаагаар замын хөдөлгөөнийг хаасан.

Мөн нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд дуудлагатай байна. Геологи барилга байгууламжийн газраас үзлэг шалгалт хийж, усыг соруулж аюулгүй болгох ажил хийгдэж байна. Хамгийн гол нь энэ бороо өнөөдөр ороод зогсчихгүй маргааш, нөгөөдөр Төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжлэн орох төлөв байдалтай байгаа учраас нар гарахаар тайвшрах бус аль болох гэртээ байж, ажил амралтаа зохицуулах зайлшгүй шаардлагатайг ард иргэддээ онцгойлон анхааруулж сэрэмжлүүлж байна” гэв.

Онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл хотод байгаа гамшгийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхгаар дамжуулан иргэддээ сэрэмжлүүлэг өгөхөөр болсон. Амралтын өдрүүдэд 09:00, 12:00, 15:00, 18:00 цагуудад үер усны холбогдолтой мэдээллийг хүргэнэ. Иймд иргэд мэдээллээ сонсож, аюулгүй байдлаа хангана уу.

Түүнчлэн УОК-оос баяр наадмыг цахимаар зохион байгуулахаар шийдсэн тул гэрээсээ аль болох гарахгүй, цахимаар баяраа тэмдэглэхийг онцгой байдлын газраас зөвлөсөн бөгөөд баяр, амралтын өдрүүдэд Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа. Энэ хугацаанд иргэд гол устай газраар зорчихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байж, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавихыг сэрэмжлүүлэв.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: УИХ-ын чуулган дээр микрофоныг минь хаах бүрт би ялж байна гэсэн үг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал орж ирэхэд та сөрөг хүчний гишүүний үүргээ гүйцэтгэж хатуухан үг хэлсэн. Гэхдээ УИХ-ын дарга таны үгийг тасалсан учраас иргэд таны үгийг бүрэн эхээр нь сонсож чадсангүй. Та уншигчдадаа дахин хэлж өгөхгүй юү?

-У.Хүрэлсүх анхдугаар чуулганы хуралдааны үеэр “Хар жагсаалтад орсон, эдийн засаг элгээрээ мөлхсөн улс орныг бид бүхэн хүлээж авлаа” гэж хэлж байна. Энэ хүн Засгийн газартаа ажиллаж байсан тодорхой сайд нарыг өөгшүүлж, өнгөрсөн хугацаанд маш их будлиантай зүйлүүдийг хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүн сайд нартаа хариуцлага тооцоогүй. Хэрвээ алдаа гаргасан, ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулсан хэн нэгэн сайдад хариуцлага тооцчих юм бол өөрийнх нь Засгийн газар уначих эрсдэлтэй байсан. Тиймдээ ч сайд нар нь дураараа дургисан хэрэг. Би тодорхой сайд нарын алдаа мадагтай зүйлүүдийн талаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Тухайлбал, хэд хэдэн цэрэг нас барчихаад байхад Батлан хамгаалахын сайд нь ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй, огцроогүй. Гадаад харилцааны сайд жолоочоороо хүртэл хар тамхи тээвэрлүүлээд Монгол Улсыг Европын хар жагсаалтад оруулсан. Сангийн сайд төсвийн үрэлгэн байдалтай эвлэрсэн. Хууль зүйн сайд ч мөн адил хариуцлага алдсан. Хуулиар хулгай хийх явдал хэтэрсэн. Хөөн хэлэлцэх хугацаагаар 1500 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ял зэмгүй явж байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан гэсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхээс ял авсан хүн нэг ширхэг ч байхгүй. Зөрчлийн тухай хуулиас болж 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш нэг сая 400 мянган иргэн 500 тэрбум төгрөгөөр торгуулчихаад байна. Үүнийг Монгол Улсын иргэн бүрт хуваагаад үзэхэд өлгийтэй хүүхэд гэлтгүй 150 мянган төгрөгөөр торгуульчихаад байгаа юм. Ийм хатуу хуулиар ард түмнээ гэсгээдэг Хууль зүйн сайдтай байсан. Зам тээврийн сайд нь зам тавьдаг бус хуулдаг. Ямар ард түмэн гэхээрээ тэр хүнийг УИХ-ын гишүүн болгоод гаргаад ирдэг байна аа. Уул уурхайн салбарын тухайд өнгөрсөн дөрвөн жилд 3000 гаруй лиценз олгогджээ. Мөн хуурамч бензиний асуудлыг удаа дараа хөндсөөр байхад сайд нь огт тэмцээгүй, тэмцдэггүй. Хөдөө аж ахуйн сайд нь л гэхэд салбарынхаа эсрэг ажилласан. Үр тариагаа дотооддоо тарьж хэрэгцээгээ хангадаг байсан бол гаднаас авдаг болсон. Малчдын эсрэг ажиллаж 100 мянган төгрөг байсан ноолуурын үнийг 50 мянган төгрөг болгосон.

Арьс 5000 төгрөгийн ханштай байсныг 500 төгрөг болгосон. Ноос 4000 төгрөгийн үнэтэй байсан бол мөн л 500 төгрөг болсон. Малын үнийг бог тутамд 40-50, бод тутамд 200 мянган төгрөгөөр бууруулсан. Эрчим хүчний сайд нар, салхины цахилгаан станц барих хүсэлт тавьсан компаниудаас 10 хувийн ашиг нэхэж, зөвшөөрлийг нь өгдөггүй. Тийм учраас энэ салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хоёроос гурван жилээр тасарсан. Дээрээс нь таван удаа цахилгааны үнэ нэмж ард иргэдийн халаасыг хоосолсон. Сайд нар нь ийм алдаа гаргасан. Гэтэл ард иргэд У.Хүрэлсүхийг маш их хариуцлага тооцдог, шудрага ёсны төлөө тэмцэх Ерөнхий сайд гэж итгэдэг. Харамсалтай нь танхим дотор нь ийм хүмүүс байдаг. Миний хувьд цаашдаа ийм хүмүүсийг битгий сайдаар томилооч ээ, хариуцлага тооцож чадах хүмүүс ээ сайд болгооч ээ гэдгийг л хэлэх гэж байв. Мөн хамгийн гол нь ард түмний амьдралыг сайжруулах, иргэдийн амьжиргааг өндөр түвшинд гаргах, ажлынхаа ард гарч чаддаг сайд нарыг томилоорой гэж захих гэж байсан. Харамсалтай нь УИХ-ын дарга МАН-ын даргын шаардсаны дагуу миний микрофоныг хаасан.

-Нэг талаараа эрх баригчдыг шүүмжлэлээс эмээж байна гэж харж болох уу?

-Микрофоныг минь хаах бүрт би ялж байна гэсэн үг. Тэр албан тушаалтнуудын үнэнийг нь хэлсэн учир айж, ичиж, үүнийг олон түмэнд хүргэчих вий гэдгээс болгоомжилж миний микрофоныг хаасан хэрэг. Миний үг зөв байсан нь, гүтгэлэг биш болох нь үүгээр харагдаж байгаа юм.

Миний микрофоныг хаасны дараа Ерөнхий сайд надад хандан “Томоотой байгаарай” гэж заналхийлсэн маягтай хэлж байна лээ. Зургадугаар сарын 24-нд ялалт байгуулснаас нь хойш бүх хүн түүнийг бялдуучилж, долоож байгаа. Тиймдээ ч тэр хүн амьдралаас тасарчихсан байна. Болсон бүх процессийг дурдсан шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр ийм байдлаар асуудалд хандаж байгаа нь үүнийг илтгэж байгаа юм. Бид цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, ард иргэдийнхээ амьжиргааг дордуулахгүй байх асуудалд хамтдаа анхаарч, ярилцаж, хэлэлцэх ёстой. Би УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдад хандан “Эдийн засгийн хэд хэдэн асуудлаар асуулт тавьж. Шинэ бүрэлдэх Засгийн газар ажлаа хэрхэн хийхийг харна, санал, зөвлөгөөгөө өгнө. Аль болох шүүмжлэхгүй байдлаас хандана” гэж хэлсэн. Сүүлд ч тэр алдаа гаргадаг сайд нарыг битгий тавиарай гэж зөвлөх гэж байсан. Харин үүнийг шүүмжлэл гэж хүлээж авах шиг боллоо.

-Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг хэрхэн, яаж даван туулах нь зөв юм бэ?

-Ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хямрал Монголд маш хүнд нөхцөл байдлыг бий болгоно. Тийм учраас аль болох төрийн тансаглалыг багасгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж, эдийн засгийн гол ажиллах хүчний салбарыг авч явдаг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, тэдний ажлын байрыг хорогдуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр тохиолдолд бид хоёр гараа өргөөд дэмжих боломжтой. Гагцхүү Засгийн газар мэргэжлийн сайд нараас бүрдэж байж энэ зөв бодлогыг хэрэгжүүлж чадна.

-Чадвартай, мэргэжлийн Засгийн газар бүрдэж чадах уу. Ерөнхий сайд тийм томилгоог хийж чадах болов уу?

-Хэн намдаа өндөр санал, олон суудал авчирсан бэ гэдэг шалгуураар шууд намын томилгоо хийгдэх нөхцөл байдалтай байгаа. Ерөнхий сайдаас гадна МАН-ын 61 гишүүн нь өөрсдийнхөө нэр хүнд, хөрөнгө мөнгөөрөө энэ сонгуульд оролцож, ялалт байгуулан гарч ирсэн. Гэтэл 62 дахь нөхөр болох У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийнхээ хүчээр Ерөнхий сайд болчихоод буцаад Засгийн газрынхаа бүтцийг нэгнээр нь ч асуухгүйгээр шахуу оруулж ирж байна. Засгийн газрын бүтцийг батлах энэ ажилд бүлгийнхээ саналыг тодорхой хэмжээгээр авч, оролцоог бий болгож байж шийдэх ёстой байсан. Ийм байдлаар яваагүй гэдэг нь Засгийн газрын бүтэц хэлэлцэж байх үеэр харагдсан.

УИХ-ын маш олон гишүүн Засгийн газрын бүтэц дээр асуулт асууж, хариулт авч байна лээ. Бүлгээрээ энэ асуудлыг ярилцсан бол ийм олон гишүүн асуухгүй, санал хэлэхгүй байсан. Ер нь бол МАН дотор нэг хүний дарангуйлал илт бий болоод эхэлчихжээ. Эртнээс энэ хүнээ хазаарлаж, асуудалд бодитой хандахгүй бол болохгүй нь ээ гэдэг нь харагдаж байна. МАН-ын гишүүдэд зөвлөхөд өөрсдөө тодорхой хэмжээгээр оролцож, саналаа хэлж, иргэдээс авсан захиас даалгавараа төрийн бодлогодоо тусгаад явах хэрэгтэй.

Энэ удаагийн сонгууль таныхаар ямархуу байр байдалтай болов?

-Хоёр намын сонгуульд оролцсон байдал хөрөнгө мөнгө, хүн хүч, төрийн машиныг ажиллуулсан ялгаагаараа ч тэр өөр байлаа, харьцангуй хүнд сонгууль боллоо.

МАН төрийн албан хаагчдыг дээрээс нь төрийн бүх мөнгийг сонгуульдаа ашигласан. Тэд Төрийн санг хоосортол сонгууль хийлээ. Үүний эсрэг АН байгаа боломжоороо л зүтгэж, аливаа нэг олигархын халаасанд орохгүйгээр УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ тодорхой хэмжээний хандиваар сонгуульд оролцлоо. Энэ сонгууль дэндүү шудрага бус болсон.

Цаашдаа нэг зүйлийг анхааруулахад төрийн мөнгийг, төрийн албан хаагчдыг сонгуульд оролцуулсны хариуцлага тодорхой хугацааны дараа ирнэ. Тэр үед нь бид хатуу хариуцлага тооцох болно.

-Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ. Энэ намд шинэчлэгдэх шаардлага тулгарч байгааг улс төрийн хүрээнийхэн, дэмжигчид нь ч хэлж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Бид Ардчилсан намын нэрээр төрийн өндөр албан тушаалд олон жил суусан, өнөөдөр нэр хүндгүй болсон хүмүүсээс тодорхой хэмжээгээр салж байгаа. Энэ хүмүүс Ардчилсан намд хувалз мэт байж, энэ намын нэрээр төрийн өндөр албан тушаалд томилогдож, сорчилж амьдарсан. Энэ нь ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн. 2020 оны сонгуулиар бид энэхүү хэсэг бүлэг хүмүүсээсээ салсан. АН 2024 онд илүү шинэ дүр төрхтэй, шинэ залуу боловсон хүчинтэй нам болж төлөвших цаг эхэлж байна. Тэр ч утгаараа намын даргаараа хамгийн зөв хүнийг сонгох ёстой.

-Намын даргын сунгаа албан ёсоор эхэлж байна. Ардчилсан намын хэд хэдэн гишүүд нэрээ дэвшүүлэхээр мэдэгджээ…

-2017 онд болсон Ардчилсан намын сунгаанд таван хүн оролцсон. Тэр таван хүнээс С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат дарга нар УИХ-ын сонгуульд уначихлаа. Л.Гантөмөрийгөө сонгуульд нэр дэвшүүлсэнчгүй хассан. Н.Алтанхуяг намаас хөөгдөж бие даалаа, Ж.Батзандан өөр нам руу явлаа.

Ингээд харахаар намын даргын сунгааг тун бодолцож хийх ёстой байгаа юм. Үүнээс болж нам хагардаг, гишүүд хуваагддаг, гишүүдийн хуваагдал намыг цул байх боломжийг хаадаг сөрөг үр дагавартай. Нөгөөтэйгүүр намын даргын сунгаа нь нэр дэвшсэн хүмүүстээ маш халтай болох нь харагдаж байгаа юм.

Categories
xурдан-морь мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм.

Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны гишүүд шийдвэр гаргаад эргэж мэдэгдэнэ гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадам

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой. Бөх барилдаж, морь уралдуулж, сур харван сэц мэргэн, хүч чадлаа сорьдог байсан ба үүнээ “эрийн гурван наадам” гэж нэрлэнэ. Талаар нэг тарж байрласан, тэгээд ч байнга нүүж, нүүдэл нь биенээс нь зугтаалгадаг байсан монголчуудад цуглаж уулзах маш том далим нь наадам байжээ. Социализмын үед багийн үдэшлэг, эвлэлийн хурал, депутатын уулзалт зэрэгт малчид маш их идэвхтэй оролцон аль л өнгөтэй өөдтэйгөө өмсөж ирдэг байсан нь улс төрийн идэвх гэхээсээ хүнтэй уулзаж сонин сонсон хэлнийхээ загатнааг гаргах гэсэн сонирхол давамгайлж байсан байх.

Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөн наадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна. Халх Манжид дагаар орж Манжийн хаанд даншиг өргөн наадаж буй нь энэ. Даншигийн наадам Монгол улс тусгаар тогтнолоо зарлах хүртэл буюу 1911 он хүртэл үргэлжилсэн юм. Богд Жавзандамба хаан ширээнд суунгуут энэ наадмыг болиулсан. Даншигийн утга учир үүнээс тодорхой харагддаг.

Нүүдэлчид хэдэн мянганы турш Хангайн нуруунд Орхоны хавиар нийслэлддэг байжээ. 1727 оны Хиагтын гэрээгээр Орос Хятадын худалдааны гол боомт нь Хиагт болжээ. Бээжингээс Сибирь хүрэх замын хамгийн тохиромжтой буудал нь өнөөгийн Улаанбаатар байгаа газар. Учир нь энэ бол Сибирийн их уулсын хамгийн өмнөд цэг. Богд уулаас урагш Цагаан хэрэм хүртэл уудам говь тал хязгааргүй үргэлжилнэ. Газар зүйн энэ тохиромжтой байдал нь Монголын нийслэлийг Туул голын хөвөөнөө байгуулах үндсэн шалтгаан болсон бололтой. Шашны тэргүүнээ дагаж нүүдэг нийслэл XVIII зууны дундуур Туулын хөвөөнөө дөрвөн уулын дунд ирж байрламагц оросууд энд консулаа тогтмол суулгах болжээ. Богд ч Хангайн нуруугаа орхин шинэ газар суурьших болсон тул уул ус аргадаж тахих шаардлага гарсан байна. Ингээд 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийжээ. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос тогтмолжин төрийн наадам боллоо. Монгол Улсын сүүлчийн хаан VIII Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам хийж үндэсний баяраа тэмдэглэдэг байлаа. Энэ хооронд Арван засгийн наадам нийт 125 удаа болсон гэх.

1922 оноос Цэргийн наадам гэж тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг “Богдыг хаан ширээнд дахин залсан ба Ардын хэмээх засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд” наадахаар заасан байна. Хаан нас баpсны дараа Цэргийн ба Арван засгийн наадмыг хамтруулан явуулах шийдвэр 1925 оны тавдугаар сарын 15-нд Улсын II бага хурлаас гарчээ. Наадмын товыг долдугаар сарын 11 хэмээн зааснаас ийм огноо анх үүсчээ. Түүнээс биш 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр тэмдэглэчихмээр ямар ч үйл явдал Монголд болоогүй. Гэхдээ нөгөө талаас зуны оргил үеийн сайхан өдрүүдийг ажиглаж мэдсэн туршлагаараа энэ өдрийг тухайлан сонгосон байх талтай. Тэр үеэс “Ардын наадам” гэж нэрлэдэг болжээ.

1946 оны нэгдүгээр сарын 6-нд Хятад улс, мөн оны хоёрдугаар сарын 27-нд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр монголчуудын олон жил зүтгэж тэмцсэн тусгаар тогтнолын их үйлс ялалтад хүрч хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс боллоо. Тэр жил нь 1921 оны үйл явдлын 25 жилтэй давхцаж байв. Маршал Чойбалсан энэ ойд их ач холбогдол өгөн өөрөө ч их бэлджээ. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлээд Монголын түүхэнд мөнхийн гавьяа байгуулан баяр хөөртэй байсан түүнийг наадамд уригдаж ирсэн Тувагийн (Тагна Урианхай) Салчиг Тогоо Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон нь их сайхан оновчтой зүйл боллоо хэмээн өөрөөрөө сайрхаад энэ жишээг дагахыг ятгажээ. Улмаар Тува, Монголын хилийн маргаан дэгдээсэн байна. Уур нь хүрсэн Чойбалсан Тогоог алгадчихсан гэдэг. Цаадах нь Зөвлөлтийн элчин сайд дээр очин “Намайг алгадна гэдэг Туваг, улмаар ЗХУ-ыг алгадсан гэсэн үг” хэмээн уйлагнасан гэдэг. Наадмыг энэ үеэс “Ардын хувьсгал ялсны ой” хэмээн албан ёсоор нэрлэх болжээ.

1996 оны сонгуульд Ардчилсан хүчин ялалт байгуулаад хэдхэн хоногийн дараа болсон наадмыг “Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой” гэж нэрлэжээ. Тэр жилийн наадмыг энэ нэрээр нь тэмдэглэсэн юм. Тулгар төр гэдэг нь анхны төр улс үүссэнийг хэлж буй учир энэ нэр тохироогүй байж болох юм. Монгол нутагт анхны төрт улс МЭӨ 209 онд байгуулагджээ. Чингис хааны Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ой болж байсан хэрэг. Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь урд хөршийн үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Сургуульд ч тэд ингэж заадаг. Нэг үгэндээ өнөөгийн Бээжингийн Монголын түүхээс хүлээн зөвшөөрдөг ганц факт нь Ардын хувьсгалын ой. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 оноос Ардын хувьсгалын ойгоо дахин сэргээн тэмдэглэх болов.

2006 онд Монгол орон даяар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Сайхан байсаан. Гэхдээ наадмаар үүнийгээ Ардын хувьсгалын 85 жилийн ойн хавсарга болгон тэмдэглэхээ мартсангүй. 2011 он бол түүхт ойн жил. Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, мөнөөх Ардын хувьсгалын 90 жилийн ой. Уг нь алхам алхмаар урагшлаад л байгаа юм. Монголын тусгаар тогтнолын өдрийг хүлээн зөвшөөрч тэмдэглэж байхаар болсон. Энэ олон жил Монголын төр тусгаар тогтнолоо зарласан өдрөө өөрснөө хүлээн зөвшөөрдөггүй байлаa шүү дээ! Одоо наадмаа “Монгол Улсын их баяр наадам” гэдэг юм уу, “Тулгар төрийн ой”, эсвэл “Их Монгол улсын ой” гэх зэргээр нэрлэдэг болчихвол, тийм ээ? Зүгээр л “Наадам” гэсэн ч сайхан шүү дээ. Дэнж хотойтол цэнгэдэг Монгол наадам мину!

Categories
мэдээ цаг-үе

Л.НИНЖЖАМЦ: МҮОНРТ төрийнхөө наадамд зориулан “Торгон цэргүүд” олон ангит киног үзэгчдэдээ хүргэнэ

Хөл хорионоос шалтгаалан Улсын их баяр наадам үзэгчгүй зохион байгуулагдана. Наадамчин олны хувьд наадмын өдрүүдээр телевизээр гарах контентуудыг үзэж, наадамлах нь ээ. Тиймээс энэ жилийн наадамд телевизүүд нэлээд үүрэгтэй оролцоно.Тэгвэл бид баяр наадмын өдрүүдэд МҮОНРТ ямар хөтөлбөр, кино, контент үзэгчдэд хүргэх талаар тус телевизийн захирал Л.Нинжжамцаас тодрууллаа.


-Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хувьд баярын өдрүүдэд ямар хөтөлбөрүүд үзүүлэхээр бэлдсэн бэ?

-МҮОНРТ энэ жилийн баяр наадмын өдрүүдэд Монголынхоо үндэсний өв соёл, ёс заншлыг харуулсан кино, контент мөн үндэсний их баяр наадмынхаа хөтөлбөрүүдийг шууд дамжуулан үзүүлэхээр бэлдлээ. Бид энэ долоо хоногоос эхлээд ардын хувьсгалын 96 жилийн ойгоос хойшх тоймууд буюу сур харваа, бөхийг үзүүлнэ.

-Саяхнаас “Тусгаар Тогтнолын Товчоон” киноны хоёрдугаар бүлгийн шинэ ангиуд үзэгчдэд хүрээд эхэлжээ. Энэ бүтээлийн талаар ярихгүй юу?

-Бид “Тусгаар Тогтнолын Товчоон” буюу Монголын түүхийг өгүүлсэн олон ангит баримтат киноны нэгдүгээр хэсгийн арван ангийг 2019, 2020 оны эхэнд үзүүлсэн. Харин хоёрдугаар хэсгийн арван ангийг долдугаар сарын зургаанаас эхлээд үзүүлж байна.“Тусгаар Тогтнолын Товчоон”бол хуучинболовсролын сайд байсан, одоо Америкийн нэгдсэн улсад суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын зохиол шүү дээ. Ё.Отгонбаяр сайд Монгол болоод Орос Улсын түүхийн архивуудад сууж, судалгаа шинжилгээ хийж “Тусгаар Тогтнолын Товчоон” гэсэн түүхэн зохиолоо бичсэн.Энэ кино бол монголчууд, тэр тусмаа залуучуудад түүхийнхээ тухай мэдэх ач холбогдолтой баримтат, уран сайхны кино.

-Наадмын үеэр дээхнэ үеийн уран бүтээлүүдээр та бүхэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг. “Тод магнай”, “Гарьд магнай”, “Цэц магнай” гээд л. Энэ жил ямар бүтээлүүд үзэгчдийн хойморт залрах бол?

-Мэдээжийн хэрэг ирэх наадмын өдрүүдэд монгол киногоо үзүүлнэ. Монголын түүхийн алтан сан хөмрөгт буй кинонуудаас хүргэнэ.“Цэн тогоруу”, “Тютю”,“Хөхөө намжил” дуурь гэх мэт.

-Наадамд зориулж шинэлэг телевизийн шоу, контент бүтээсэн үү?

-Шинэ уран бүтээл гэвэл МҮОНРТ-ийн “Торгон цэргүүд” олон ангит киног долдугаар сарын 12-ноос эхлэн үзүүлэхээр бэлдлээ. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярүндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертыг шууд дамжуулан хүргэнэ. МөнМонгол Улсын төрийн тугийг цэнгүүлэх ёслолыг шууд дамжуулж үзүүлэхээс гадна Монгол Улсын төрийн далбайг намируулах ёслол, морьдын уралдаан, бөх, харваа, шагай гэсэн дөрвөн төрлөөр болж байгаа баяр наадмын үйл явцыг шууд дамжуулна. Үүнээс гадна “Улаанбаатарын үдэш 2020”наадмын үдшийн цэнгүүний онлайн тоглолтыг шууд хүргэнэ. Тэгэхээр эрхэм хүндэт наадамчид, үзэгчдийнхээ шимтэн үздэг үндэсний бөх, морь, сур харваа, шагайн наадмыг шууд хүргэх нь ээ.“The Hu” хамтлагийн тоглолтыг давтана. Мөн энэ жил Монголын радиогийн 86 дахь жилийн наадмын шууд дамжуулалт, Үндэсний телевизийн 53 дахь жилийнтулгар төрийнхөө энэ их баяр наадмын хөтөлбөрийг та бүхэндээ хүргэх нь.

-Энэ жилийн наадмын шууд дамжуулалтыг танай телевиз тэргүүлж оролцоно. Коронавирусээс шалтгаалсан шинэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах вэ?

-Энэ жилийн баяр наадмыг цахим байдлаар үзэгчдэд хүргэх гэж байна. Мэдээж энэ нь коронавирустай холбоотой асуудал учраас МҮОНРТ Монгол төрийнхөө наадамд зориулсан арвантаван нэр төрлийн бүтээлийг хөдөө орон нутаг, хотоос үзүүлэхэд бэлэн болсон.Мөн англи хэлний суваг буюу MNB WORLD Монгол төрийн наадмыг 10,11,12-ны өдрүүдэд англи хэлний синхрон орчуулгатайгаар дэлхийн нийтэд сошиал платформоор хүргэхэд бэлэн болчихсон байна.

-Энэ жил наадам цахимаар явж байгааг хувь хүний үүднээс хэрхэн харж байгаа вэ?

-Телевизийн урлаг гэдэг хамтын бүтээл. Тийм учраас морь, сур, шагайн харваа, бөхийн барилдаан болж буй талбаруудаас телевизийн холбоонуудын бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг хүлээн авах, мөн 600-ын студиэсүзэгчдийн хайр талархлыг хүлээсэн олон нэвтрүүлэгч нар хөтөлсөн контентуудаа хүргэх нь. Энэ наадмын онцлог бол цахим наадам. Цахим наадам гэхээр үндсэндээ үзэгчгүй явах байгаа учраас маш өндөр хэмжээнд хариуцлагатай байх нь. Төрийн өндөрлөгүүд, тамирчид гээд олон газраас цугларч оролцож байгаа урчаас хэсэгчилсэн газрууд дээр шууд дамжуулалтыгмэдээж хийнэ.

-Шууд дамжуулалтын дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Телевизүүд дэвшилтэт технологиор шууд дамжуулалт явуулахад асуудалгүй гэж ойлгож болох уу?

Нэгдүгээрт, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон телевиз хамтарч Монголынхоо баяр наадмыг шууд дамжуулахад бэлэн болсон гэдгийг онцлох нь зүйтэй. Хоёрдугаарт, Монголын телевизүүдээр баяр наадмын үеэр гадаадын контентууд явахгүй. Өөрсдийн бүтээсэн бүтээл, кино, контентуудаар үзэгч түмнийхээ мэлмийг мялаах юм. Монгол наадам, монгол түүх гэдэг бол залуучууд, хүүхдүүдэд зориулж бид ямар түүх соёлтой, бид яагаад төрийнхөө наадмыг заавал хийждэлхийн улс оронд өөрсдийгөө гайхуулдаг вэ гэдгийг үзүүлэх маш чухал үйл явдлыг хамтдаа бүтээж байгаад бидний үнэ цэнэ оршиж байгаа гэж ойлгож байна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

МУСТА дуучин Д.Отгонжаргал: Миний уран бүтээл заримдаа цаг үеэсээ түрүүлээд байна уу гэж бодогддог

МУСТА дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.


-Таны өвөө алдартай уртын дуучин байсан гэж нутгийнхан тань ярьдаг юм билээ. Энэ тухай дурсахгүй юу?

-Ээж маань Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул. 18 настай байхдаа аавтай ханилаад Баянхонгорт ирж амьдарсан. Аав маань намайг таван настай байхад бурханы оронд заларчихсан юм. Ээжийн маань аавыг цагаан гарт Тэрбиш гэдэг аймагтаа алдартай эмч хүн байсан. Өвөө эмч хүн мөртлөө маш гоё дуулдаг, суманд болж буй найр хурим манай өвөөгүйгээр эхэлдэггүй байсан гэдэг. Хожим намайг дуучин болоход манай ээж өвөөгийн тухай ярьж өгсөн. Манай аав ч сайхан дуулдаг. Залуу байхдаа Баянхонгор аймгийн театрт дуучин байсан гэсэн. Ингээд бодохоор хоёр талаасаа удамтай. Гэхдээ намайг яг дуучин болох шийдвэрийг гаргахад гэр бүл маань нааштай хүлээж аваагүй. Урлагт зүтгэх хүнд хүчир болохоор тэр биз. Гэвч нагац ах нарынхаа дэмжлэгтэй СУИС-д орж дуучин болох алхмаа эхлүүлсэн. Тэд өвөө, аав хоёрыг сайхан дуулдгийг мэддэг учраас ийн дэмжсэн байх.

-Энэ жилийн наадмын тоглолтод дуулах уу?

-Наадмын тоглолтод оролцохгүй. Харин уран бүтээлээ дүрсжүүлэх, цомгийнхоо ажилд анхаарлаа хандуулж байна. Цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа тул урлагийнхан ер нь амралтын байдалтай байна.

-Дуугаа клипжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ. “Миний ээж тэмээчин” дууны клип олонд их хүрсэн шүү дээ.

-“Миний ээж тэмээчин” дууг хоёр жилийн өмнө клипжүүлсэн. Клипийг хоёр он дамнаж хийсэн. Миний уран бүтээлүүд цаг хугацааны хувьд харьцангуй удаж гардаг. Уран бүтээлүүддээ дэндүү хайртай учраас дуулсан дуу болгоноо клипжүүлэх хүсэл ихтэй. Одоо хоёр уран бүтээлийнхээ клипний ажлыг зэрэг явуулж байна. Энэ намраас ардын дууны хоёр сайхан клипээ олон түмэндээ өргөн барина. Клип хийхэд судалгаа шинжилгээнд ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулж байна. Одоогоор нэг клип нь 80 хувьдаа орсон. Ерөнхийдөө олсон орлогоосоо өөрийн гэсэн уран бүтээлийн архив үүсгэдэг л дээ. Ингээд архиваасаа цаашдын уран бүтээлээ санхүүжүүлж клипнийхээ ажлыг хийж байгаа.

Энэ жил цар тахалтай холбоотой ямар нэгэн урлагийн үйл ажиллагаа хязгаарлагдсан ч зүгээр суулгүй хоёр дахь цомгоо өлгийдөн авах гэж буйдаа сэтгэл өег байгаа. Би ерөнхийдөө ганц цомогтой дуучин шүү дээ. Энэ удаад 10 дуунаас бүтсэн хоёр дахь цомгоо гаргана. Цомог маань хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь, цэвэр ардын дуу болон бэсрэг уртын дууг классик буюу поп опера хэлбэрт оруулсан. Ардын дуу болон бэсрэг уртын дууг яаж классик дуулах юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Нөгөө хэсэг нь,зохиолчтой. Ийм уран бүтээл л хийх юмсан гэж хүсч, зорьж олон жил бодсон уран бүтээлүүдээ оруулсан байгаа. Одоог хүртэл ард түмэнд хүргээгүй, нэг ч сонсгоогүй уран бүтээлүүд надад бий. Одоо гарах цомгууд яг л миний хүссэн уран бүтээлүүдийн цомог болж байгаад маш их баяртай байгаа. Заримдаа би арай хэтэрхий цаг үеэсээ түрүүлж, сонсогчид магадгүй 10 жилийн дараа сонсоод ойлгох бүтээлүүд хийгээд байна уу даа гэж хардаг. Ингээд хэлбэл буруудах болов уу яадаг бол /инээв/ .Ганц нэгийг нь туршиж үзэхээр хүн ойлгохгүй ч юм уу, гайхаад аягүй их юм бодоод иймэрхүү тохиолдлууд их ажиглагдаж байсан.

– Та гадаадад хэдэн жил сурсан бэ. Хэлний мэдлэг уран бүтээлийн тань амжилтад ихээхэн нөлөөлдөг болов уу?

-Урлагийнханд олон орны хэлээр дуулах шаардлага их гардаг. Жишээлбэл, Японд уригдаж очоод тэдэнд монгол дуу дуулж өгөхөөс илүү япон дууг яг япон хүн шиг дуулж сурах нь чухал. Дэлхий ертөнц тэр чигээрээ глобалчлагдаад дор хаяж хоёроос гурван хэлтэй байна шүү дээ. Тэгэхээр урлагийн хүн учраас англи хэлнийхээ мэдлэг боловсролд анхаарал хандуулъя гээд Английн Лондон хотод нэг жил амьдарсан. Энд чамлахааргүй эрдэм мэдлэгт суралцсандаа баяртай байгаа. Мөн тухайн орны урлаг соёлоос гадна тэр орныг хөгжүүлж буй соёл гэгээрлийн бүхий л гайхалтай зүйлүүдтэй танилцсан. Энэ бол ганцхан хэл ус сурахдаа биш, миний хувьд амьдралын том соёлын түүвэр байсан. Англид нэг жилийн хугацаанд сурахдаа дотоод ертөнцөө таньж мэдсэн.Тэндээс ирээд л миний уран бүтээлүүд хүмүүст их хүрсэн гэж боддог. Монгол ардын “Хун галуу” дуу 400 гаруй жилийн өмнөөс гаралтай.Англид байхад “Хун галуу”-г хоёр морин хуурч тоглохыг сонсож байсан. Тэр үед ийм дуу байдаг бол дуулах юмсан гэж хайж хүртэл үзсэн. Ингээд л энэ уран бүтээлийг эх орондоо очоод дуулъя гэсэн санаа төрсөн юм. Тэр үед би өөрийгөө яг хун галуу болгоод хувиргаж бодсон юм. Хэрвээ би хээрийн зэрлэг хун шувуу байсан бол дуртай газар руугаа нисээд нүүж, нүүдэллэж явна шүү дээ. Бид хүний нутгаас гэр бүлээ санах бүрийдээ нисээд очоод байж чадахгүй шүү дээ. Хун галуу болоод эх нутагтаа очиж буйгаар өөрийгөө маш их төсөөлсөн. Сэтгэлийн гүнээс урсан, ундарсан уран бүтээл учраас энэ дуу хүмүүст маш их хүрсэн болов уу. Ээж маань урлагийн өндөр мэдрэмжтэй. Тиймээс ч ээждээ анх “Хун галуу” дууг сонсгоход маш их эмоци, сэтгэл хөдлөлтэй хүлээж авсан. Тухайн үед аавыг л их бодсон байх даа.

-“Voice” хамтлагт дуулж байсан үеэсээ дурсаач…?

-Манай “Voice” хамтлаг 2007 онд байгуулагдсан. Хамтлаг 12 жил хамт байсан. Хамгийн сүүлд бид 2018 онд Осака хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ том хэмжээний тоглолт хийж байсан. Манай А.Эрдэнэжаргал маань одоо Герман улсад ажиллаж амьдарч байгаа. Хамтлагийн ахлагч маань буюу МУСТА С.Баттулга Монгол Улсын филармоны ерөнхий даргаар очсон. Миний бие яг цэвэр уран бүтээлээрээ дагнан явж байгаа. Бидний амьдралд маш их үр өгөөжийг өгсөн хамтлагтаа баярлаж явдаг. Хамтлагаараа бараг зуугаад уран бүтээл хийсэн. Монгол хүний ур ухаан, авьяасаас төрөн гарсан уран бүтээлүүд байсан

-Урлагийнхан сэтгэл хөдлөл ихтэй байдаг шүү дээ. Таны хувьд?

-Миний сэтгэл хөдлөл маш өндөр. Зарим хүмүүсийн сэтгэл хөдлөл дундаж түвшинд хэлбэлздэг, уурлах баясах нь далд шүү дээ. Миний хувьд тийм дундаж түвшний эмоци бараг байдаггүй. Нэг бол маш өндөр, нэг бол маш гутранги болчихдог.

-Та эрүүл мэнддээ анхаарахад хэр их цаг зав зориулж байна вэ ?

-Ууланд алхах дуртай. Өвөл, намрын улиралд ууланд алхдаг. Хавар зун бол алхдаггүй. Өвөл, намар долоо хоногтоо нэг юм уу, хоёр удаа заавал ууланд алхана. Бүр тогтсон заншил хобби болчихсон. Урлагийнхан завгүй байдаг болохоор өөр бусдаар хобби гээд байх юм байхгүй. Зун бол нар шараад хөлс их гардаг учраас сэвхтэх магадлал өндөр, их гүн сэвхтээд хаширсан. Хавар бол шуурга салхи ихтэй учраас гарах дургүй. Ер нь сэрүүн улиралд дулаан хувцаслаад гарахад агаар цэвэр, маш сайн хөлөрдөг. Энэ нь эрүүл мэндэд тустай. СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа яг бүтэн жил зөвхөн ногоон хоолтон байж үзсэн, бясалгал хийгээд. Мах, өндөг, гурилан бүтээгдэхүүнийг нэг ч удаа хэрэглээгүй бүтэн жил ногоон хоолтой байж үзсэн. Одоо ч махны хэрэглээ багатай. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэсээр сурсан. Тэгсэн мөртлөө эсрэгээрээ таван цул гэж ярьдаг чанасан гэдэст маш дуртай.

-Их хичээнгүй оюутан байсан гэж дуулсан?

-Оюутан байхдаа бүжиг, йогоор голдуу хичээллэдэг. Өөр илүү дутуу юманд явах цаггүй байсан. Номын сандаа хононо, ангидаа төгөлдөр хуураа давтах гээд хонодог байлаа. Зургаан жил сурахдаа би маш их хичээл зүтгэл гаргасан. Намайг яг яаж сурч байсныг тухайн үед сурч байсан оюутан сурагч, багш нар маш сайн мэддэг. Байнга номын санд сууж, дандаа хичээлээ давтаж, үргэлж чихэвчтэй CD-ны хөгжим сонсоод дуугаа давтаад явж байдаг охин байсан. Тэр бүгдийн маань хүч нөлөө өнөөдөр гарч байгаа гэж би боддог. Залуучууддаа захиж хэлэхэд оюутан цагийн ширээнд сууж байхдаа л бүх юмаа маш сайн төгс гүйцэтгэлтэй л сурах хэрэгтэй. Төгсөөд гарсны дараа ажилд ордог, ажиллаж байхдаа гэр бүлтэй болдог. Гэр бүлтэй болоод дахиад сурна гэсэн ойлголт ховор. Бүгдийг маш сайн тооцоолж, сурах ёстой цаг хугацаандаа л сайн хөдөлмөрлөх хэрэгтэй.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Цар тахлын үеийн Соёлын яам” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, эрхэмсэг ноён Дэйв Воусэнтэй ярилцлаа. Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд умард Солонгосын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрээр “Монгол Улсын цаашид хөгжих бололцоо, бизнесийн боломжийн гарцуудыг хараад Элчин сайдын хувьд улам урам зориг төрж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа. Ярилцлагыг II нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт “Цар тахлын үеийн Соёлын яам” хэмээлээ.

Миний үзсэн наадам булан уншигч таны гарт хүрч байна.

Улсын баяр наадмын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

Энэ сарын 5-нд БНСУ-д монгол залуу нутаг нэгтнүүддээ зодуулсаны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг А.Гантөмөр гэдэг бөгөөд ухаан оролгүй дөрөв хоносны эцэст өчигдөр таалал төгсчээ. Талийгаачийн хамаатны ах Л.Баярсайхан бидэнтэй холбогдож юунаас болж дүүгээ харамсалтайгаар алдсан талаар мэдээлэл өглөө.

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Ятгын хатан хаан МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарсан уран бүтээлээ наадмын үеэр үзэгчдэдээ хүргэнэ” гэлээ.

“Cardio MMA” фитнес төвийн багш, дасгалжуулагч А.Энхбаясгалантай ярилцлаа. Тэрбээр жин хасалтын чиглэлээр мэргэшсэн дасгалжуулагч билээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөх бар өдөр

Аргын тооллын долдугаар сарын 10, Сугар гариг. Билгийн тооллын 20, хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчрах ажлыг өргөтгөх үүрэг, чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12,853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.