Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун зүгт 16 километрын зайнд газар хөдлөлт боллоо

Улаанбаатарын цагаар 2020 оны 07-р сарын 10-ны өдрийн 00 цаг 14 минут 14 секундэд Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун зүгт 16 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баярсайхан: Талийгаачийн аав, ээж хүүгээ алдчихсан. Дээрээс нь эмнэлгийн төлбөрт уначихсан, шокийн байдалтай байна

Энэ сарын 5-нд БНСУ-д монгол залуу нутаг нэгтнүүддээ зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг А.Гантөмөр гэдэг бөгөөд ухаан оролгүй дөрөв хоносны эцэст өчигдөр таалал төгсжээ.

Талийгаачийн хамаатны ах Л.Баярсайхан бидэнтэй холбогдож, юунаас болж дүүгээ харамсалтайгаар алдсан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр талийгаачийн ар гэрийнхэн нь эмчилгээний төлбөрөө төлж чадахгүй хүндхэн байдалд ороод байгаа талаар ярилаа.


-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Юунаас болоод дүү тань хүнд гэмтэж, ийм харамсалтай байдалд хүрчихэв ээ?

-Хүнд мэдээ сонсоод тав ч хонохгүй дахиад гашуун мэдээ сонсоно гэдэг аав, ээжид нь үнэхээр хүнд туслаа. Тиймээс би чухам юу болсныг ярих ёстой гэж бодож байна.

Талийгаач маань Солонгост гэрээгээр ажиллаад дөрвөн жил болсон. Цагаан сарын өмнө буюу коронавирус дэгдэхээс өмнө визийн хугацаа нь дууссан. Тэгээд хил хаасны улмаас наашаа эх орондоо ирж чадахгүй байсан.

Зургаадугаар сарын 15-нд буцна гээд онгоцныхоо тийзийг авчихсан. Гэтэл залуу хүн болохоор шалгуурыг нь хангахгүй хүлээлтийн горимд байсан хүүхэд байгаа юм.

Миний дуулснаар тухайн өдөр Сөүл хотод байдаг монголчууд шоу зохион байгуулж.

Сөүл хотод амьдардаг монголчууд нэг нэгнийгээ уруу татаад “Фэйсбүүкээр монголчуудыг хүрээд ир, хэдүүлээ сайхан уулзъя. Зарим нь одоо ингээд тусгай үүргийн онгоцоор явах гэж байна. Нэг өдрийг сайхан өнгөрөөе” зэргээр уриалсан юм билээ.

Ингээд шоу дууссаны дараа метро хүлээгээд хэсэг бүлгээрээ дэлгүүрийн гадаа байдаг сандал дээр суугаад хоол цай уух нь ууцгааж.

Манай хүн болохоор нэг найз, хоёр эмэгтэйтэй дөрвүүлээ байсан юм байна. Мэдээж шоунд очсон хүмүүс их бага хэмжээгээр юм уусан байх.

Метро хүлээх хооронд манай хүн хажууд байсан хүнтэйгээ маргалдсан гэдэг. Ингэж л зодоон үүссэн бололтой.

Нэг нь дүүг маань цохиж унагаагаад ухаан алдаад унахаар нь нөгөөдүүл нь дээрээс нь асаад дөрвүүлээ хүч нэмээд зодчихсон.

-Монголд байгаа ар гэрийнхэн нь ухаангүй эмнэлэгт байгааг яаж мэдэв?

-Эмнэлэгт сахиж байгаа эмэгтэй хамт явсан юм билээ. Утсаар нь ах руу нь шөнө “ийм юм болчихлоо” гээд хэл дуулгасан байсан. Бид эндээс явж чадахгүй учраас таньдаг эмэгтэй нь сахиур хийж байсан.

Бид мөнгө төгрөг хөөцөлдөж, эндээ бужигнахаас хэтрэхгүй байна. Сахиураар байгаа эмэгтэйтэй интернэтээр холбогдож, эмч нартай нь ярьж мэдээлэл авч байлаа.

Хүлээн авах дээр эмчлүүлж байгаад эрчимт эмчилгээ буюу сэхээн амьдруулах хэсэг рүү шилжиж байгаа гэдгийг нь сонсоод суухаас өөрийг хийж чадаагүй.

Ямартай ч эрчимт эмчилгээний тасагт гурав хоног байлгана, давхар давхар шинжилгээнүүд авч байгаа гэх мэт мэдээллийг авч байсан.

Зарим хариу нь сайнгүй гараад л биеийн байдал дээрдэхгүй, дордохгүй байсан л даа.

-Эмнэлэгт хүргэхэд л ухаангүй байсан гэлээ. Яг ямар гэмтэл авсан байсан бэ?

-Эмч нар тархиндаа хүнд гэмтэл авч, үхэжсэн гэсэн. Ямар ч байсан хүлээн авахад гурав хоног эмчилгээ хийгээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.

Архаг, суурь өвчингүй, 26 настай залуу хүн юм чинь ухаан орох байх, эмчилгээ хурдан авах байх гэж хэлсэн ч эмч нар амлалт өгөөгүй.

-Дүү нь гэр бүлтэй юү?

-Талийгаач эхээс гурвуулаа. Аав, ээж нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад байдаг, хөдөөний хүмүүс.

Хүүгээ энэ жилдээ багтаад ирэх нь гээд аав, ээж нь догдлон хүлээж байлаа. Би хамаатны ах нь юм.

-Зодсон хүмүүсийн хоёр нь баригдсан гэсэн. Бусад нь яасан бол. Эмнэлэгт ар гэрээс нь байна гээд очиж уулзсан болов уу?

-Тухайн орой камерын бичлэг шалгаад тэр хүмүүсийг бараг автобусанд явж байхад нь тэнд явна, энд явна гэсээр байгаад хоёрыг нь барьсан гэсэн. Цаашаа бол би сайн мэдэхгүй байна аа.

Хоёр нь цагдаа дээр байгаа. Нэг нь “Би буруу юм хийсэн. Үнэнээ хэлэх ёстой” гээд цагдаа дээр очно гэж ярьж байсан гэсэн. Гэвч одоо холбогдоогүй л байна.

Тэр хүмүүсийг бидэнтэй холбогдоосой, өөрсдөө буруугаа хүлээгээсэй гэж хүсэж байна. Хүний нутагт монголчууд нэг нэгнээ зодож ийм байдалд хүргэсэнд үнэхээр харамсмаар. Бүгд учраа хэлээд, уучлал гуйгаад, эмчилгээний төлбөр дээр нь ч тус дэм хүргээсэй.

Учир нь хөдөө аав, ээж хоёр нь хүүгээ алдчихсан, сэтгэл санааны хямралд орчихсон. Дээрээс нь талийгаачийн эмчилгээний төлбөрийг ч төлж чадахгүй хүнд байдалд орчихоод байна.

-Хэчнээн төгрөгийн төлбөр гарсан юм бол?

-Хүлээн авахад гурав хоноход төлбөр нь 15 сая 900 вон буюу 40 сая орчим төгрөг болсон. Бид энэ төлбөрийн талыг нь олж явуулсан. Үлдсэн тооцоог хийгээгүй байгаа. Одоо эрчимтэд бас эмчлүүлсэн эмчилгээний төлбөр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг төлөх ёстой.

Төлбөрийнхөө ядаж 60-70 хувийг төлж байж эмнэлгийн зүгээс дараагийн шаардлагатай арга хэмжээг авна гэсэн. Үүнийг энд хэлэхэд хэцүү байна. Бид яахаа мэдэхгүй мөнгө төгрөг хайгаад л явж байна.

Төрсөн ах А.Ганзориг гээд хүн дээр хандивын данс нээгдсэн байгаа. Тэр данс руу сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өргөж байгаа бололтой. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж бидэнд туслаач гэж хэлмээр байна.

Талийгаачийн ахтай 95363035, 99357310 дугаараар холбогдоорой. Хандивын данс Алтанхундага Ганзориг (төрсөн ахынх нь данс Хаан банк 5039157441)

Б.НИНЖБАДАМ

Categories
мэдээ нийгэм

Зөвлөмж-2 Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

1. Ундны усыг баталгаат газраас авах, буцалгаж хэрэглэх

2. Гэрийн шалыг белизна (гипохлорид натри)-ийн уусмалаар угаах
3. Бохирлогдсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
4. Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
5. Ил задгай булаг шандны ус, гар худгийн уснаас хоол унд, ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх
6. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх.
7. Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах
8. Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдай устгал хийх
9. Усны савыг тогтмол угааж, цэвэрлэх
10. Ундны усыг хлоржуулах
11. Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах
12. Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
13. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа сэтгэлзүйн тусламж үзүүлэх
14. Малын сэг зэм, хог хаягдалыг халдваргүйтгэн устгах
15. Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх
16. Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж зорчихыг ТЦА-наас анхааруулж байна

Долдугаар сарын 9-ний 18 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Тoyota Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож долоон зорчигч амь насаа алдсан ноцтой осол гарчээ.

Хэргийн газрын үзлэг дуусаагүй бөгөөд Завхан аймгийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийж, матeриалжуулан шалгаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул занал учруулахгүй анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас анхааруулж байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”

Дэлхийн улс орнуудад “COVID-19” цар тахлын аюул тохиолдож, Монгол Улс ч өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлж буй энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлнэ. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэдэг билээ.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.

Монгол Улсаа сэргээн тунхагласан 1911 онд Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн Монголын төрийн далбаанд онцгой ач холбогдол өгч байв.Тухайн үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай /Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ/ хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбосүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.


Харин 1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.

Улмаар 1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмж хийхээр болжээ.

1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болж буйг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Энэ хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлсон байдаг.

Харин 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны тухай заалтаас дурдахад: “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна” гэжээ.

Одоогоос 60 жилийн өмнө буюу 1960 оны Үндсэн хуулийн 91 дүгээр зүйлд улсын далбааны тухай заахдаа, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.

Маргааш Төрийн далбааны өдрийг тэмдэглэж цэргийн парад жагсана

Харин 1992 оноос хэрэглэж байгаа Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдагтай холбоотой.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Дотоод хэргийн их сургууль “Төв номын сан, спорт цогцолбор”-той боллоо

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилга 2020 оны долдугаар сарын 8нд ашиглалтад оржээ.

“Төв номын сан-спорт цогцолбор” нь 1,200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв номын сантай. Мөн онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3, 4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагын анги байрлуулахар төлөвлөжээ. Сургалт дадлагын анги нь 7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр /4 ээлжээр/ цагийн хуваарийн дагуу 24 цагаар өдөр тутмын үйл ажиллагааг явуулна. Ингэхдээ БЗД-ийн нутаг дэвсгэрт гарсан обьектын болон ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэлт дуудлагаар ажиллахаар тус тус төлөвлөсөн байна. Гал түймэр унтраах, аврах 3, 4 дүгээр зэрэглэлийн сургалт дадлагын анги нь өдөр, эчнээ дамжааны сонсогч, суралцагч нарт дадлагын хичээл явуулах суурь бааз болох юм.

“Номын сан-спорт цогцолбор”-ын барилгад ердийн болон гүний гэсэн 2 бассейн байгуулагдсан бөгөөд 4 зам бүхий 25 м урт, 8 м өргөн, 2,5 м гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 10 м гүнтэй бассейныг барьжээ. Мөн барилга ашиглалтад орсноор Их сургуулийн хэмжээнд ерөнхий боловсрол, бакалавр, магистр, докторын болон мэргэшүүлэх, давтан мэргэшүүлэх сургалтад өдөр, эчнээ, хэлбэрээр суралцаж буй 3500 гаруй сонсогч, оюутан, сурагчийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, тусгай бэлтгэлийн чанарт ахиц гарах ажээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: 328 хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 12368000 хүн өвчилж, 556000 хүн нас барсан байна. 7,1 сая хүн эдгэрч, 4,6 сая хүн эмчлэгдэж байна.

Д.Нямхүү: Долдугаар сарын 9-ны өдөр нийт 328 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илэрээгүй.

Монголд нийт 227 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 197 хүн эдгэрсэн, 30 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтын доор байгаа. Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 иргэн ирсэн. Уг онгоцонд явсан 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж ихэр охид төрүүлсэн бөгөөд эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан.

Х.ЕСҮ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхболд: Баяр наадмын өдрүүдэд зам хаах шийдвэр гараагүй байна

Улсын баяр наадмын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.


-Наадмын өдрүүдэд орон нутгийн зам хаана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас иргэд “Наадмын үеэр орон нутгийн замыг хаах уу” гэж маш их лавлаж байна. Ер нь орон нутгийн болон аймгуудын замыг хаах шийдвэр Зам тээврийн хөгжлийн яам, мөн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг. Өнөөдрийн байдлаар буюу баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаах эсэх талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор долдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан.

Тийм учраас гэнэтийн байдлаар өвчин эмгэгтэй холбоотой шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Бусад шалтгаанаар замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаагүй. Тиймээс иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай. Түүнээс биш, “Зам хаана, хаахгүй” гэсэн баталгаагүй мэдээлэлд эргэлзэх хэрэггүй. Иргэд энэ талаарх шуурхай мэдээллийг холбогдох төрийн байгууллагын вэб сайт болон Тээврийн цагдаагийн алба гэсэн цахим хаягнаас тухай бүрт нь авч болно.

-Ямар нэг байдлаар зам хаах эрсдэл үүслээ гэхэд хэсэгчилж хаана гэж ойлгож болох уу?

-УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу онцгой байдлын үед зам хаана. Гэнэтийн тохиолдолд хэсэгчлэн зам хааж байгааг анзаарсан байх. Тухайлбал, Ховд аймагт тарваган тахал илэрсэнтэй холбоотойгоор Цэцэг, Жаргалант сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа. Мөн Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хаасан. Түүнээс улсын хэмжээнд зам хаахгүй.

-Энэ жилийн Улсын наадам онлайнаар болно. Бөхийн барилдаан XIII зуун цогцолборт, хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Эдгээр чиглэлд хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж зам хаах уу?

-Коронавирустэй холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа XIII зуун цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаана. Баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгүүдийг бүсчилж хаана. Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангасан. Мөн Төв аймгийн Хүй долоон худаг буюу Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа бүхий Хүй долоон худгийн Монгол наадам цогцолбор руу оруулахгүй.

Наадмын өдрүүдэд 24 цагийн турш харуул хамгаалалттай байна. Иргэд очоод гуйж морь, бөх, шагайн болон сур харваа үзчихнэ гэж бодож болохгүй. Тухайн хэсэг рүү хэнийг ч нэвтрүүлэхгүй. Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно. Тэгэхээр XIII зуун цогцолбор, Хүй долоон худгийн чиглэлд хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай тул тусгай хамгаалалтын цуваа зорчих үед хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тиймээс морин уралдаан, бөхийн барилдаан эхлэх үед иргэд баруун тийш Лүн, зүүн тийш XIII зуун цогцолбор руу аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ерөнхий хорооноос талархал илэрхийлжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийллээ. Талархалд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган хамтран ажилласан танай хамт олонд болон нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлье” гэжээ.

Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөв

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫГ СОНГОЖ БАТЛАВ

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдөр үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Байнгын хороодын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталсан.

Уг хуулиар Улсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Үйлдвэржилтийн бодлогын; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 11 Байнгын хороотой ажиллахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо үдээс хойш хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр;

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулуун;

3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат;

4.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ;

5.Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учрал;

6.Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг;

7.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан;

8.Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан;

9.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн;

10. Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт;

11. Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар нар Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3-88.7 саналаар тус тус сонгогдов.

Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсан тооцож, төслийн эцсийн найруулгыг сонслоо.

ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Дараа нь Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх харьяа Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Нутгийн удирдлагын; Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын; Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын; Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Хөнгөн үйлдвэрлэлийн; Хүнд үйлдвэрлэлийн; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн,; Эдийн засгийн байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо тус тус ажиллахаар хуульчилсан.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Байнгын хороод хуралдаанаараа өөрийн эрхлэх асуудлын хүрээний дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг баталлаа.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар

2.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

3.Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням

4.Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцна.

Тусгай хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг

3.Улсын Их Хурлын гишүүн С.Батболд

4.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

5.Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан

6.Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан

7.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.

Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцах юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээний харьяа Нутгийн удирдлагын; Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэвээр үлдээж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг дараах байдлаар өөрчлөхөөр шийдвэрлэснийг дэмжив.

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан

2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар

3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил

4.Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат

5.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин

2.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал

4.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь

6.Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа

7.Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

8.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

9.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг дагнан хариуцах бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн

2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал

4.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

5.Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.

Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн

2.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

3.Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар

4.Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор

5.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд

6.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн

7.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.

Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.

Хүнд үйлдвэрлэлийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар

2.Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар

3.Улсын Их Хурлын гишүүн Б. Чойжилсүрэн

4.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан

6.Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин

Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцах юм.

Хүний эрхийн дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа

2.Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат

3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг

4.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд

5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир

6.Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

7.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.

Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцна.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:

1.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр

2.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ

3.Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа

4.Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал

5.Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг

6.Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд

7.Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг дагнан хариуцаж ажиллах юм.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Аюушийн Ариунзаяа нь 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Иймээс уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд А.Ариунзаяаг өөрийнх нь хүсэлтээр Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргахаар заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ

Үүгээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөж, чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент Анхдугаар чуулганаа хуралдуулж, хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.

Та бүхний өндөр үр бүтээлтэй ажлын үр дүнд Засгийн газраа шуурхай байгуулж, бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын тухай хуулиа баталж, Байнгын хороод, дэд хороодоо байгуулж, дарга нарыг нь сонголоо.

Энэ бүтээлч, хүчээ нэгтгэсэн хамтын ажиллагаа, цаг баримталж, үр бүтээлтэй хуралдсан энэ ажил цаашид ч хэм хэмжээ болж үргэлжилнэ гэж итгэж байна. Одоо бидэнд амарч тухлах, асуудлыг хойш тавих эрхгүй их олон ажил, асуудлууд хүлээж байна.

Анхдугаар чуулганы нээлтээр Улсын Их Хурал таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогыг халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ингэснээр төрөө төвхнүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн таван хороог байгуулахаар шийдвэрлээд зохион байгуулалтад орж бэлэн болоод байна.

Анхдугаар чуулганыг завсарлуулсан ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана.

Завсарлагааны хугацаанд эрхэм гишүүд бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсоно. Хариуцсан ажлын хэсэг, Байнгын хороод ард иргэд, холбогдох байгууллагуудын саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлно гэдгийг тэмдэглэлээ.

Мөн Улсын Их Хуралд гурван Байнгын хороо нэмэгдлээ. Ингэснээр төсөв зардал Улсын Их Хурлын Тамгын газарт нэмэгдэхгүй, харин ч ёс зүй сахилга хариуцлагыг сайжруулж, үйлдвэржилтийг дэмжиж, цахим засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлснээр төсөв эдийн засагт эрс шинэчлэлт хэмнэлт хийгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ түүхт ойнуудыг угтаж Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлэх, төрөө цэгцлэх, хуулийн хувьсгал хийх шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурал шинэ, саруул ирээдүйг төлөвшүүлэх, Монгол эх орон, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн нэн чухал шийдвэрүүдийг хугацаа алдалгүй батлан хэрэгжүүлэх эрхэм үйлсийн манлайлагч байх ёстой гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн парламент бол Монгол төрийн нүүр царай. Бидний үйл ажиллагаа түмний нүдэн дээр ил байдаг. Тиймээс хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэж, хэдхэн хоногийн өмнө төр, түмэндээ өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, үнэнч шударга, сахилга хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь нэн чухал юм. Ингэж байж бид төрд итгэх иргэдийнхээ итгэлийг сэргээнэ. Улстөржилт, талцал хуваагдал, ёс зүйгүй байдал, хэрүүл маргаан, зөрчил тэмцэл, хууль зөрчих үзэгдэл энэ удаагийн парламентад байж таарахгүй гэдгийг онцлон дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.