Categories
мэдээ спорт

Говь-Алтай аймгийн хязаалан насны морьд барианд ирлээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам өнөөдөр хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.

Үүнд уяачид 50 гаруй алтан туурайтынхаа шандасыг сорьсноос дараах байдлаар түрүүлж айрагдав.

-Түрүү магнайд- Шарга сумын уяач А.Бямбадашийн халтар

-Аман хүзүүнд-Цээл сумын уяач Б.Хүрэлбаатарын хар

-Айргийн гуравт- Дэлгэр сумын уяач н.Тэрбишийн хүрэн

-Айргийн дөрөвт-Бигэр сумын уяач Х.Пэрэнлэйдашийн бор

-Айргийн тавд-Бигэр сумын уяач Ё.Хатанбаатарын бор хязаалангууд тус, тус хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан олноо баясгалаа.

Сонирхуулахад, өнөөдөр эрлийз гурван насны морьд уралдах бол маргааш хөтөлбөр ёсоор азарга, соёолон, шүдлэн, даага, жороо морьд, баяр наадмын сүүлийн өдөр буюу 12-нд их насны морьдын уралдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунсүрэн: Судлаачид багтраа өвчтэй хүн халдвар авбал цаашид биеийн байдал нь хүндрэх магадлал өндөр байгааг анхааруулжээ

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн:

“Дэлхийн хэмжээнд нийт 2,490 эмнэл зүйн туршилт судалгаа явагдаж байгаа бөгөөд одоогоор 194-ийнх нь судалгаа дууссан байна. Харин вакцин бүтээх 160туршилт хийгдэж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Синовак эмийн компанийн бүтээсэн SARS өвчний үед туршигдаж байсан вакцин эмнэл зүйн туршилт судалгааныхаа гуравдугаар шатандаа орсон. Мөн Их Британи улсын Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Мers, томуу, сүрьеэгийн өвчний эсрэг туршигдаж байгаа хоёр вакцин туршилтынхаа сүүлийн шатыг эхлүүлсэн.

Герман, Австрали улсын эрдэмтэд олон улсын аялал жуулчлал болон цар тахлын хамааралтай холбоотой эдийн засгийн судалгааг хийжээ. Ингэхдээ улс орнуудын гадаад жуулчлалын тоог коронавирусийн халдвар авсан иргэдийн тоотой нь харьцуулан судалсан аж. Судалгааны үр дүнд, улс орнуудын жуулчдын тоо нэг хувиар нэмэгдэхэд л коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 1.2 хувиар, нас барсан иргэдийн тоо 1.4 хувиар нэмэгдэж байна гэх тооцоолол гарсан байна.

Иран улсын эрдэмтдийн баг коронавирусийн эмгэг судлалын чиглэлээр хэвлэлийн тойм судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд, коронавирусийн халдвар нь зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн болон нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг эрхтнүүдийг өвчлүүлдэг гэдгийг тогтоосон. Өвчлөлийн зарим эмгэг SARS, MERS зэрэг өвчнийхтэй төстэй байгаа бөгөөд эрдэмтэд уушгинаас бусад эрхтэнд эмчилгээ хийх тал дээр эмч нар анхаарах нь зүйтэй хэмээн зөвлөмж гаргажээ.

АНУ-д COVID-19-ийн халдвар авсан 38 настай эрэгтэйд тулгуур булчингийн эд доройтох хам шинж илэрсэн байна. Коронавируст халдварын үед булчин өвдөх шинж тэмдэг элбэг тохиолдож байгаа. Иймд эрдэмтэд коронавирусийн халдвар булчингийн системд үзүүлж буй нөлөөллийг цааш дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэж үзэж байна.

Лондонгийн Био анагаах ухааны судалгааны төвийн эрдэмтэд коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 406, 793 хүний дунд тус тус судалгаа хийжээ. Судалгаагаар багтраа өвчтэй иргэд 17.9 хувийг эзэлж байжээ. Иймд судлаачид багтраа өвчтэй хүн коронавирусийн халдвар авбал цаашид биеийн байдал нь хүндрэх магадлал өндөр байгааг анхааруулжээ.

Их Британи улсын Кембриджийн их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж хэвлэлийн тойм бэлтгэжээ. Судалгаанд 2-14 насны 2,141 хүүхэд хамрагдсан байна.Тэдгээрийн 49 хувь нь ханиалгах, 47 хувь нь халуурах шинж тэмдэг илэрч байсан аж. Мөн коронавирусиийн халдвартай эхээс төрсөн 58 нярайд буюу 6.8 хувьд нь халдвар авсан нь батлагдсан байна. Нярай хүүхдүүдийг төрснөөс хойш 1-2 хоногийн дараа шинжилгээ авсан учир төрсний дараа халдвар авсан магадлал өндөр байна гэж үзэж байна. Халдвар авсан эхийн ихэс болон сүүнээс коронавирус илрээгүй бөгөөд нярай уг өвчнөөр өвчилсөн тохиолдол маш ховор бүртгэгдэж байна” хэмээв.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг боловсруулан гаргалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэд танилцуулав. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Төгслхам, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн засаглалын хөтөлбөрийн менежер Г.Пүрэвтогтох нар хүргэлээ.

Эмхэтгэлийг боловсруулахад Дэлхийн Банк, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ. Тус эмхэтгэлд Нийслэл хотын 2020 оны хөгжлийн бодлого, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, төрөөс, мөн нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийнхээ төлөө, ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл багтсанаас гадна “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “ХОТ” бодлого, иргэдэд чиглэсэн ямар төрлийн үйлчилгээ, дэмжлэгийг хаанаас хэзээ авч болох зэрэг иргэдийн хөтөч, туслагч болохуйц мэдээллийг агуулснаараа өмнөх жилийнхээс онцлогтой юм байна.

Энэхүү эмхэтгэл нь Нийслэлийн татвар төлөгч иргэн таны болон нийслэлийн олон аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн үр шимээс бүрдэж байгаа төсвийг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх талаар нээлттэй мэдээлэл өгч, цаашлаад иргэдийн хяналт, оролцоог дэмжихэд чиглэгдсэн гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү онцлон хэлэв.

Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn, www.irgen-tur.mn цахим хуудаснаас татах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлалаа

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа.

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилж, 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл завсарлалаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Сануулахад, С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ.

Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд санал хүргүүллээ

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Гэвч баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх, бороонд даарч осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга, бригадын генерал Х.Батбилэг нарт 2020 оны оны долдугаар сарын 10-ны өдөр 01/448 тоот саналыг хүргүүллээ.

Тус саналд:

Монгол Улсын нийт хүн амын 35.8 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгойлон анхаарсны үр дүнд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчин бий болж, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт сайжирч, тодорхой бүтэц, санхүүжилт үр дүнтэйгээр шийдвэрлэгдэж байна.

Тус агентлаг нь жил бүрийн Улсын баяр наадмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг.

“Наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль, тогтоомж, хүүхдийн эрхийг зөрчиж байна”

Өнөөдрийн байдлаар Хүй долоон худагт зохион байгуулагдах Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд 387 хүүхэд, 1,293 морь бүртгүүлсэн байна.

“Коронавируст (Ковид-19) цар тахлын үед үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журам”-ын дагуу хурдан морины уралдааныг долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 6 насны морьдыг уралдуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны долдугаар сарын 9-ний өдрийн хурлаар эрлийз 3 насны морьдыг уралдуулахаар болж, баяр наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль, тогтоомж, хүүхдийн эрхийг зөрчсөн, улмаар олон сөрөг үр дагавар гарч болзошгүй бодитой нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Энэ асуудалтай холбоотой дараах хууль тогтоомжууд үйлчилж байна.

  1. Монгол Улсын Үндсэн хууль
  2. Хүүхдийн эрхийн тухай хууль
  3. Хүүхэд хамгааллын тухай хууль
  4. Үндэсний их баяр наадмын тухай хууль
  5. Хөдөлмөрийн тухай хууль
  6. Зөрчлийн тухай хууль
  7. Эрүүгийн тухай хууль
Дунджаар нас бие гүйцсэн адуу нь 360 кг жинтэй байдаг байна. Монгол хүүхдийн бие, бялдар хөгжлийн хувьд 10 настай хүүхдийн дундаж өндөр 133-136 см, биеийн жин 30 кг, гарын атгах хүч 11кг, 16 настай хүүхдийн дундаж өндөр 158 см, биеийн жин 52 кг, гарын атгах хүч 29 кг, тэсвэрийн чанар М=200-300 буюу насанд хүрэгчдээс 2-3 дахин бага тэсвэрийн чанартай байдаг байна.

Мөн баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх, бороонд даарч осгох зэрэг эрсдэл үүсч болзошгүй байна.

Иймд дараах санал, санаачилгыг дэмжиж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар комисс, Аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт “хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах” талаар дараах санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх чиглэлийг өгч, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үүнд:

  • Хэт их бороотой, зам халтиргаатай үед хурдан морь уралдах замын зайг (км) богиносгох талаар хэлэлцэн шийдвэрлэх;
  • Дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орж байгаа нөхцөлд хүүхэд осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хурдан морины уралдааны товыг хойшлуулах;
  • Уралдаанч хүүхдийг өдөрт 2-оос дээш удаа уралдаанд оролцуулахгүй байх, эсвэл 2-оос дээш удаа уралдаан зохион байгуулахгүй байх;
  • Хурдан морины уралдааныг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас автомашинтай дагах зөвшөөрөл олгох;
  • Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа салбар комисс болон уяачдад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллахад онцгойлон анхаарах зэрэг хүүхдэд ээлтэй санаачилга гаргаж ажиллах чиглэлийг хүргүүлэх;

Энэ жил Хүй долоон худагт халуун хоол, хүнсний худалдаа гараагүй тул уралдаанч хүүхдүүдэд халуун хоол, цайгаар үйлчлэх боломж нөхцөлийг судлан, шийдвэрлэх саналыг үүгээр уламжилж байна гэжээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: АНУ-д нэг өдрийн дотор 64700 хүн халдвар авсан байна

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-ын долдугаар сарын 9-ний өдөр 64,700 гаруй тохиолдол, 991 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 3,047,000 -д хүрч, 132,000 гаруй хүн эндсэн гэж АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ Түүнчлэн тус улсад COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 1.3 саяд хүрсэн байна.

Бразил улсад өчигдөр 42,600 тохиолдол, 1,220 нас баралт бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 1,755,000 гаруй боллоо. Халдвар авсан хүмүүсээс 1,054,000 гаруй нь эдгэрсэн бол 632,000 хүн идэвхтэй халдвартай байна гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 24,800 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 767,200-д хүрлээ.

Номхон далайн баруун бүсийн Япон улсад Пүрэв гарагт 355 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 224 нь Токиод бүртгэгджээ. Токиод бүртгэгдсэн тохиолдол нь дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хойш нэг өдрийн дотор тус хотод бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж эх сурвалжууд онцолсон байна.

Австралийн холбооны улсад өчигдөр 182 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 165 нь Виктория мужид бүртгэгдсэн байна.

Солонгос
улсад Пүрэв гарагт шинээр 45 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн эндлээ. Бүртгэгдсэн шинэ
тохиолдлуудын 22 нь дотоодын халдвар байсан бол 23 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын
хувьд сүмийн үйл ажиллагаатай холбоотой багц халдваруудаас шинэ
тохиолдол батлагдах явдал огтхон ч буурахгүй байгаа талаар БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлэлд
онцолжээ. Тиймээс Баасан гарагаас эхлэн сүмд очих бүх
иргэнийг QR кодоор бүртгэж, залбирал үйлдэхээс бусад үйл ажиллагааг сүмд
зохион байгуулахыг хориглосон.

БНХАУ-ын эх газарт дотоодын халдвар бүртгэгдээгүй. Харин гадаад улсаас дөрвөн тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Бээжин хотын Шиньфади хүнсний захтай холбоотой халдвар зургаадугаар сарын 11-нээс хойш бүртгэгдэж байсан ч сүүлийн дөрвөн өдөр дараалан дахин халдвар гараагүй. Шиньфади хүнсний захаас эх уурхайтай 335 халдварын тохиолдлоос өчигдөр дахин 12 хүн эдгэрч. Одоогоор дээрх голомтын халдвараас нийт 72 хүн эдгэрээд байна.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт өчигдөр 42 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ халдваруудын 34 нь дотоодынх нь халдвар байсан бөгөөд тэдгээрийн 23 нь өндөр настны асрамжийн газарт бүртгэгдсэн аж. Хонг Конгт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1,300 гаруй болоод байгаа юм.

Х.ЕСҮ

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа оржээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайдаар томилогдсон Нямцэрэнгийн Энхтайванд Монгол Улсын Гадаад харилцааны яамны тамгыг хүлээлгэн өгч үүрэгт ажилд нь орууллаа.

Ажил хүлээлцэх ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад харилцааны салбарын ач холбогдлыг дурдаж, улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг хүсч, ажлын амжилт хүсэв.

Ажил хүлээлцэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАНЫ ТАНИЛЦУУЛГА

1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Ам бүл-5. Үндэс угсаа-Халх

Боловсрол:

  • 1978-1988 Эрдэнэт хотын 3-р 10 жилийн дунд сургууль
  • 1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
  • 1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
  • 1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
  • 1998-1999 МУИС Эдийн Засгын Магистр
  • 2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнэсийн Удирдлагын Магистр

Ажилласан байдал:

  • 1993-1996 онд Худалдаа Үйлдвэрийн Яаманд Мэргэжилтэн
  • 1996-1999 онд Гадаад Харилцааны Яаманд Мэргэжилтэн, Атташе
  • 1997-1999 онд ГХЯ, Монгол Хятадын Засгийн газар хоорондын Комиссын Хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Атташе, 3,2,1-р нарийн бичгийн дарга
  • 2003-2004 онд Газрын Тосны Хэрэг Эрхлэх газарт Дэд дарга
  • 2006-2008 онд Төрийн Өмчийн хорооны Тамгын Газрын Дарга бөгөөд дэд дарга
  • 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн Зөвлөх
  • 2011-2012 онд ГХЯ-д Гадаад худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын Захирал
  • 2013-2016 онд Монголын Худалдааэ эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн – МУ-ын Шадар сайдын зөвлөх
  • 2016-2020 онд ‘’Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл ’’ ТББ-ын тэргүүн – МАН-ын бүлгийн ажлын албаны дарга

Монгол Улсын Тэргүүн шадар сайд цолтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны долдугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ.

Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь

Голомт банк

2020 оны долдугаар сарын 11-13-ны өдөр “Солонго” салбар 11:00-19:00 цагийн хооронд, долдугаар сарын 11-15 өдөр “Хан-Уул И-март” салбар 09:00-21:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбарууд амарна.

Хаан банк

Долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь бүх салбар амарна.

Хас банк

Баяр наадмын өдрүүдэд “Сансар дахь И-март тооцооны төв” 10:00-23:00 цагийн хооронд ажиллана.

Төрийн банк

Долдугаар сарын 11-ний өдөр “Чулуун овоо” тооцооны төв, “Мустанг” тооцооны төв,

Долдугаар сарын 12-ны өдөр “Занабазар” салбар , “3-р хороолол” тоцооны төв

Долдугаар сарын 13-ны өдөр “Мөнгөн завьяа” тоцооны төв, “Өнөр” тоцооны төв

Долдугаар сарын 14-ны өдөр “50 мянгат” тооцооны төв, “13-х хороолол” тооцооны төв

Долдугаар сарын 15-ны өдөр “120 мянгат” тооцооны төв, “Өргөө” тооцооны төвүүд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Х.ЕСҮ