Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс гарах чиглэлийн замууд ачаалал ихтэй байна

Нийслэлээс гарч буй хөдөлгөөний ачаалал өнөөдөр эрс нэмэгдсэн талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тээврийн Цагдаагийн албанаас хотын захын постуудад хяналт тавьж байгаа бөгөөд бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгагүй жолооч нарт хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулсны дараа хөдөлгөөнд оролцуулж байна. Иймээс иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд оролцоорой.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт нийслэлээс зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун цогцолбор”-т болж байна.

Төрийн Есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлэхээр Төрийн хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан халхын их хан уул Нагалхаан уулын өвөрт заллаа.

Төрт ёсны их цэнгэл үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж үгээ хэллээ. Тэрээр “Хөх манхан тэнгэр, хөрст эх нутгаа эзэгнэнхэн заяасан миний эх орны ард иргэд ээ! Он цагийн эрх, түүхэн хувь тохиолоор дэлхий даяхнаар тархан түгсэн элэг нэгт монгол угсаатнууд аа! Монголчууд бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай – Үндэсний их баяр наадмаа эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, хүсэл мөрөөдөл, чин зориг, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож, үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Бидний ихэс дээдэс эртнээс нааш наран, саран, ариун галаа тахиж, Есөн хөлт Их Цагаан тугаа цэнгүүлж, эрийн гурван наадмаа хийдгээ эцэг мөнх тэнгэр, этүгэн эх газар, эрдэнэт их хүмүүний гурамсан их баяр цэнгэл гэж үзсээр ирсэн билээ. Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм, түүх шастир, сүсэг бишрэл, ёс заншил, үндэсний сэтгэхүйн цогц, Монгол төрийн оршин тогтнохуйн оюун санааны дархлааны онцгой чухал хэсэг нь билээ. Монгол наадам нь эх дэлхийгээ хайрлах хүмүүн байгалийн төгс зохирол, шүтэн барилдлага болохын хувьд хүн төрөлхтний иргэншил, соёлын оюун санааны үнэт өв хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн болохыг онцлон тэмдэглэхэд нэн таатай байна. Монгол үндэстэн Төв Азийн өндөрлөгт налайх уудам тал нутагтаа зуун зуунаар аж төрж, дэлхийн соёл иргэншил, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөвийг хоёр зууны турш тодорхойлсон гайхамшигт түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна. Эдүгээ бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж буйгаа бас санацгаая. Дэлхий даяар бэрх цагийг туулж, түүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээлийг даван гарах хүндхэн сорилттой нүүр тулцгаалаа. Тусгаар тогтносон, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын төр засаг ард олныхоо амь нас, ахуй амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлэн баталгаажуулахад цаг алдах ёсгүйг дэлхий нийтийн өнөөгийн төлөв байдал нотолж байна. Монгол төрийн алтан босгыг давсан мөчөөс хувийн болоод харийн эрх ашиг, зуурдын санаархал өчүүхэн төдий ч байх ёсгүй. Үүнийг умартаж, хөсөрдүүлвээс төрийн хууль цааз, түмний итгэл найдвар, өнгөрсөн ба ирээдүй үе биднийг хэрхэвч өршөөхгүй. Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж, монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна. Энэхүү шинэ эриний босгон дээр монгол хүний эрдэм чадал, Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ. Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж, эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж, эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байх болтугай. Мөнх тэнгэрийнхээ хүчин дор Монгол төр мөнхөд оршиж, монгол түмний маань хийморь заяаг ивээг. Сайхан наадаарай” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 12600000 хүн өвчилж, 561000 хүн нас барсан байна. 7,3 сая хүн эдгэрч 4,7 сая хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 10-ны өдөр нийт 681 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүн болон ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүс нь 64 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй 15-16 хоног эмчлэгдсэн байна.

Ингээд манай улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24-ийнх биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэргийлье

• Цаг агаарын мэдээ урьдчилан авах

• Аялж зугаалахдаа гол уснаас хол байрлах
• Хүүхдийг гол, усны орчимд тоглуулахгүй байх
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
• Өндөр хүчдэл, цахилгаан шонгийн дор гэр, майхан барихгүй байх
• Завь, усан онгоцоор аялахдаа уснаас хамгаалах хантааз өмсөх
• Хоол хүнсэнд цэвэр, буцалсан ус хэрэглэх
• Үер усны үед цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байх
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ

Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга шандсаа сорьсноос:

Түрүү магнайд: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга
Аман хүзүүнд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга

Айргийн гуравт: Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга

Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр
буурал

Айргийн тавт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар
азарга хурдаллаа.

Categories
мэдээ спорт

Азарга барианы зурхай руу хөдөллөө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан эхэллээ. Энэ жилийн наадмаар 175 хурдан азарга уралдуулахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлсөн. Хурдан азарга морь барианы газар руу хөдөллөө.

Долдугаар сарын 10-ны өдөр хязаалангийн уралдаанаар эхэлдэг байсан бол энэ жил усархаг борооны улмаас өчигдрийн уралдааныг 13-ны өдөр болгон хойшлуулсан. 11-ний өглөө цаг агаарын нөхцөл байдал хэвийн Хүй долоон худагт газар эвэрч хоносон тул хурдан морины уралдааныг хуваарийн дагуу явуулах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Наян таван оны наадам

Дэлгэр сайхан зун цаг. Тэр жил буюу мянга есөн зуун наян таван онд манайх Хүрэн толгойд зунжиж байв. Бороо хур багатайгаас байгалийн өнгө зүс жаахан гандуу. Амьтан хүнгүй асгар үнэртсэн худаг дээр өнжөөстэй. Цэцэг ногооны шим уураг татрууд усаар л гол зогооно. Хөдөөний айлын ажил ямар барагдах биш дээ. Мань мэт өдрийг хонь хурганы бэлчээрт л өнгөрөөнө.

Манай сумын наадам болоогүй, тэр зун. Улсын их баяр наадмын чимээ дуулианыг радиогоор сонссоноо Баваа бидэнд ярьж өгөх. Миний багад манай Баян-Овоо суманд дөрвөн Баваа байсан юмдаг. Батзав баваа, Чойнхор баваа, Гурилын баваа, Цээнзэн баваа гэж. Цээнзэн баваа нь миний аав. Жамбадорж гуайг чухам яагаад Гурилын баваа гэдэг байсан юм бол, үүх түүх, үлгэр домогтой л байх. Улсын наадмын хоёр дахь өдөр. Гал шар нар зулай дээр асгарсан их үдэд ээж, ах эгч, дүү биднүүс худаг дээр малаа услаад бараглаж байтал Баваа өндөр хүрэнтэйгээ давхин ирдэг юм. Ховоо татангаа хэлж байна.

-Тавын давааг арай дуусгасангүй. Бат-Эрдэнэ, Балжинням гэж хоёр хүүхэд тунаад үлдчихсэн, барилдаж байна. Балжинням нь улсын начин, дэлхийн аварга юм байна. Бат-Эрдэнэ нь цэргийн арслан гэнэ. Цаадах нь дэлхийн аварга ч гэсэн наад Бат-Эрдэнэ нь тун айхтар хүү гэж ярьж байна. Хэн нь давдаг юм бол доо… гэж.

Хонь, адуу ууж ханалаа, бэлчээрт гарлаа. Хойноос нь хүүхдүүд бид мордлоо. Орой хонио хотлуулж иртэл Баваа “Улсын наадам сайхан боллоо. Ганбаатар гэж улсын начин залуугийн од нь гүйчихлээ. Мөөеө, Баянаа, Хадааг цувуулж хаяад шууд түрүүлж арслан боллоо. Өнөө Бат-Эрдэнэ хүү улсын начин болсон” гэж ярьж байв.

Баваагийн ярианд олонтаа дурдагдаад байсан “айхтар хүүхэд” Бат-Эрдэнэ нь өдгөөгийн дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Халхын нэгэн их том аваргын ирж яваа хөлийн чимээ говь нутгийн бөмбөгөр ягаан толгодын дунд, эгэл жирийн малчин аавд минь тийм холоос сонсогдоод байсан хэрэг шүү дээ…

Наадмын маргаашнаас хэдэн хоног дараалан бороо зүсэрч, ган тайлагдан зол жаргалын далайд умбасан даа. Цагаан хадын нуур агар хултай айраг шиг саваа дүүрэн мэлтэлзээд л. Хөвөөнийх нь дэрс сондуул ургаад, адуу тэмээ ч харагдахааргүй өндөр сугсалзаад л. Эргэн тойронд нь айлууд гүүгээ барьж унагаа уяад “жаргалтайн дэлгэр”.

Зун наадамлаж чадаагүй манай сумынхан намар, сургуулийн нээлттэй ташруулан морио уралдуулж, бөхөө барилдуулж цэнгэн баясалдах өглөө шиг баяртай чимээ дуулдлаа. Их нас, соёолон, даага давхиулах сургаар Баваа минь морьдоо барилаа. Шовгор хүрэнгээ наадамд сойлоо. Долоон настай Шовгор хүрэнг яагаад уяж байгаа юм бол?!!

Учир нь сумынхаа наадмаар багадаа жижүүрийн хоёр түрүү авдаг, зарим жил гурав, дөрвөн ч морио түрүүлүүлж байсан аав минь долоон настай адууг уяж уралдуулахаас баахан цээрлэдэг хүн. Адууны долоон нас гэдэг хүнээр бол “жил орсон” байдаг тул тун эмзэг, юухэн хээхнээс хиртэх, бэртэх, гутиг суух магадлалтай болохоор давхиулалгүй өнжөөдөг. Гэтэл…

Шовгор хүрэн хурц гараа, элбэг түрэмгий давхилтай. Гараагаараа уралддаг цээжний бяртай, хөл мөч бахим эрчимлэг адуу. Даагандаа сумын наадамд хол тасархай түрүүлсэн хэрнээ шүдлэн, хязаалан, соёлондоо гурван жил дараалан хадуураад… мотоцикльтой ах нар өртөөлөн хөөж эргүүлээд морьдтой нийлүүлэхэд амтай юм шиг хоёр, гурваар ороод. Түрүүлээгүй.

Амгайгаа араа шүдэндээ тээглүүлж аваад нэг л тонгойгоод зүтгэчихвэл хүүхэд татаж дийлэхгүй. Хатуу амтай. Олон наадмаар хадуураад түрүүлэхгүй болохоор нь Баваа минь дотроо жаахан бухимдангуй байсан байх. Цөхөрсөндөө л долоотойд нь их насанд нийлүүлж үзье гэж шийдээ байлгүй. Хөлс аваад, уяад л байлаа. Харин наадмаар Шовгор хүрэнг хэн унах нь тодорхойгүй. Уг нь урьд нь хэн хэн ямар морь унаж уралдахыг аав хөлс авч байхдаа шийдчихдэг байв.

Урьхан хонгор салхитай баяр наадмын өглөө. Их морь мордохын өмнө Баваа “За, миний хүү Шовгор хүрэнгээ унах уу даа. Дүү нар чинь амыг нь дийлэхгүй алдаад хадууруулчих байх. Тэгэхээр миний хүү л уна. Харин морьдтой хамт битгий эргээрэй”. Өөрийг хэлээгүй.

Би арван хэдтэй, уралдааны моринд хүнддээд Баваагийнхаа бараг туслах уяач болчихсон байсан үе. Баваа минь Шовгор хүрэнг түрүүлж гаргаад хадууруулж алдчихгүй гэсэндээ, морьдтой цуг эргүүлэхгүй цааш ганцааранг нь явуулж байгаад морьд нэлээн явчихсан хойно араас нь нэхүүлэх бодолтойгоор хашир “хөгшин хүүхэд”-ээрээ унуулахаар шийдсэн хэрэг. Түрүүлж л гаргаж болохгүй гэдгийг тооцоолсон байх…

Уралдаанч хүүхдүүд морьдоо жигдхэн дэргүүлсээр гарааны зурхайд хүрлээ. Балгасны голын урдхан дэнжээс морьд эргэлээ. Алтан тууртын тоос угалз шиг босч, салхины исгэрээ, хүүхдүүдийн гуугалалдаантай холилдон ер бусын дуу чимээ орчныг цочоон нүргэлж, алсын уулс өндөлзөн торгон ногоон дэнжийн цэцэг ногоо хуйлран давалгаатаад л. Харин би ганцаараа цаашаа явчихсан. Шовгор хүрэн ч амаа дугтчаад дэвхцээд, сэтгэл нь хөөрчихсөн эргэчих гээд. Ямартаа ч эргэцүүлж дэвхцүүлсээр км шахуу яваад эргэдэг юм. Товчхондоо түрүүлж эргэсэн морьдоос хоёр км-ийн хожуу гараанаас гарсан гэсэн үг.

Морьд холдоод явчихсан, тоос нь л суунаглаж харагдаад. Эргээ л Шовгор хүрэн ч хурдлах гэж ёстой алдалж өгч байгаа юм. Их морь эргүүлчихээд туг аваад мордох гэж байсан хоёр ах гайхсан шинжтэй хүлээгээд хараад зогсож байна. Хажуугаар нь шуугиад л өнгөрлөө. Өнөө хоёр ч мотоциклийнхоо дууг ээртэл хаазлаад хамт зэрэгцээд буцалж өгсөн.

Төдхөн сүүлчийн морьдын дундуур орж явчихлаа. Шовгор хүрэнгийнхээ амыг ангайтал татаастай. Дөрөөгөө таваглаж жийгээд эмээлийнхээ бараг ар дээр нь суучихсан л гэдийгээд яваа. Адгийн хараас, уралдааны замын дундаас нэлээн өнгөрөөд л тархины хэдэн морины ташааг дэрлээд ирж байгаа юм. Морьдыг цувуулж орхисоор…, өмнө ганцхан өсгий цагаан зээрд морь яваад байдаг. Цэвээндулам гуайн Тайван ахын ажнай хүлэг. Энэ өсгий цагаан зээрдийн өмнө л гаргаж болохгүй ар дээр нь дарж яваад барианы газар хүрэх юм шүү гэсэн цор ганц бодолтой. Өсгий цагааныг Тайван ахын дүү Баяа унаж яваа, өнөөх чинь наадамд анх уралдаж байгаа, түрүүлж яваагаа гайхуулж байгаа бололтой байн байн эргэж хараад болдоггүй.

“Битгий эргэж хар” гэж хашгирах гэхээр Шовгор хүрэн хурдаа улам авч, хажуугаар нь дайрч гарчих гээд байдаг. Амнаасаа авиа гаргах эрх байхгүй. Ашгүй Эргэнэ шандны зоон дээгүүр даваад гараад ирлээ. Энэ зоон дээгүүр гарч ирж уруудаа л барианд ордог юм, манай сумын уралдааны морь. Олон удаа түрүүлж ирж баярлаж, баярлуулж байсан өлзийтэй сайхан дэнж дэвсэг минь. Барианы газар наадамчин олон өнгө алаглан солонгорон өндөлзөөстэй. Шовгор хүрэнгийнхээ амыг жаахан султгаад гүүглэнгүүт өсгий цагаан зээрдийн зөв талаар ганцхан дайраа л түрүүлээд орж ирж байгаа юм.

Манай уяа барианы газраас холгүйхэн. Сумын хойд голын хөвөөн дээр. “Огон” Цогт, “Өгөө” Цэдэн-Иш, “Цүнхэд” Цэрэнпил, Санжмятав, Бөндөө, Бадрал, Тайван ахынх гээд уяачдын уяа шон цуг. Зэргэлдээ Бор морьт Цэндоо гуай, “метр” Гомбо гуай, Эрдэнээ ах, агуу Жуурайдорж, хоёр Чулуунбаатар, Нацаг ах, Хүүхний Батсуурь ах, Чимэдцэрэн гуай (Батхуягийн аав), эднүүс, улс амьтан Баваад минь баяр хүргээд л. Морь гаргасан хоёр ах давхиад ирчихсэн “Морь эргэхэд ганц морь цаашаа явчихаар нь бид хоёр ёстой л мэл гайхаж цэл хөхрөөд. Түрүүлж эргээд бараа тасарсан морьдыг тийм араас хөөж уралдаад түрүүлж ирдэг, ижилгүй хурдан адуу юм аа. Мотоциклийнхоо чихийг ээртэл мушгиад хурдлаад байхад л зэрэгцээд яваад байна лээ шүү” гэж бахархан ярихыг сонссон Баваа минь хадагтай Шовгор хүрэн рүүгээ хараад “Зөв тооцоолжээ, би…” гэж дуулдах төдий шивнэж суусан сан…

Миний хувьд хамгийн сүүлчийн удаа уралдааны морь унасан, түрүүлсэн наян таван оны наадмын болор түүх ийм.

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

Categories
мэдээ цаг-үе

Нутгийн наадмаа зорих сайхан

Миний үзсэн хамгийн сайхан наадмууд хүүхэд ахуй цаг буюу 1990-ээд оны дунд үеүдэд Ховд аймагт тохиосон юм. Манайх наадмын талбайгаас зүүн урагш нэг км гаруйхан зайд байдаг байлаа. Наадам болохоос хэд хоногийн өмнөөс л асар майхан барьж хуушуур хайрах, наадмын бэлтгэл хангах хүмүүс хашааны хажуугаар хөвөрч, наадмын уур амьсгалыг эрт мэдрүүлнэ. Өдрийн хэд хэдэн удаа наадмын талбай руу гүйж, бэлтгэл хэр хангагдаж, хаана ямар асар майхан барьж, хэн хэрхэн худалдаа наймаа эрхлэхээр бэлтгэл базааж байгааг “шалгадаг” ажилтай болно. Үүндээ ч дуртай. Ээж, эгч наадмын бэлтгэл хангаж гэр орноо эмхэлж цэгцлэн, их угаалгын ажилд ордогсон. 90-ээд оны үед айл гэрийн арчаатай анхиатайг мэдэх төвөггүй байв. Гэрт ороход л цаваг, хөшгөө цэмцийтэл угааж, янз бүрийн сайхан хатгамал урласан дэр, орны бүтээлэг зэргийг тун донжтой тавьж, унь хэлхүүлэн 12 жилийн амьтны хатгамал тууз өлгөсөн нь цаанаа л цэгцтэй, сайхан харагдана. Харин харчуудын хувьд аавд мал гаргахад өвчүү түшиж өгөх, хашаа хороогоо цэгцэлж цэвэрлэх, цаашлаад хоточ банхрынхаа хэвтрийг тухтай болгож, гинж, хүзүүвчийг нь засч тордох зэргээр анхаарал хандуулна. Хамаг ажлаа амжуулсны дараа наадмаар хүүхэд болгондоо заавал нэг шинэ хувцас өмсүүлэх гэр бүлийн уламжлалын дагуу аав, ээжээ дагаад зах явна. 1990-ээд он, юм ховор цаг. Цалин пүнлүү ч даржин байв. Тиймээс мөрөн дээрээ шинэ хувцас тохно гэдэг тухайн үеийн хүүхэд бүрийн том баяр байлаа. Манайх ам бүл зургуулаа. Эгч дүүг харан үлдсэнээр хоёр залуу аав, ээжээ даган зах хэсэх эхний эрхийг авна. Ингээд ихэвчлэн эрээн мяраан зураг бүхий шорт, цамц зэрэг хослолоор гангарна. Хажуугаар нь усан буу, машин тэргүүтэн заавал авахуулж сэтгэл “цадна”.

Тухайн үед машин ховор байв. Гурван дугуйт буюу шаахайт нийтийн тээврийн гол үүргийг гүйцэтгэнэ. Анх хаашаа ч явсан 200 төгрөг байж байгаад 300, 500 болж нэмэгдсэн санагдана. Ер нь хүмүүс хүнд ачаа бараагүй л бол аймгийнхаа гудамжаар тоос татуулаад алхчихдаг байсан цаг.

Аав минь

Аймагт наадмын өглөө хачин сайхан эхэлнэ. Үүр тэмтрэх үеэс л эхлээд хашааны хажуугаар морь унасан хүмүүс хөлхөлдөж, адуу тургилах нь сонсогдоно. Бид ч энэ чимээнээр эрт гэгч сэрнэ. Өмнөх орой нь бэлдэж тавьсан шинэ хувцсаа өмсөөд бүгд л гоёдогсон. Нар ээх тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, наадмын талбай руу цувах олон сэтгэл зүрхийг улам догдлуулж орхидог. Ээж, эгч цай чанаж чихэр жимс тэргүүтэй идээ өрж, хоол хийдэг ч “хөөрсөн” бидний хоолой руу давахгүй. Наадмын талбай дээр очиж “тансаглах”-ын тулд гэдсээ сойж байгаа нь тэр л дээ. Хам хум цайлж дуусаад бидний хүлээдэг нэг сайхан дурсамж бий. Аав минь наадмын өглөө бүр хүүхдүүдээ суулгаж байгаад дуртай зүйлээ аваарай хэмээн мөнгө өгнө. Ингэхдээ банкнаас аваад огт задлаагүй, цаасан туузтай боодол дэвсгэрт (1, 5, 10-тын дэвсгэрт) өгдөг юм. Өмнөх өдрүүдэд нь аав банкинд зорьж очин мөнгөө боодолтой шинэ дэвсгэртүүдээр солиулдаг байв. Хуруу зүсэм, боодол дэвсгэрт өвөртөлсөн бид бөөн баяр. Ингээд бид наадмын нээлт эхлэхийн өмнө талбай руу гарна. Ховд аймгийн наадмын талбай тухайн үед Улаанбаатарын төв цэнгэлдэхийн бараг л жижгэрүүлсэн хувилбар байв. Дээшээ хэд хэдэн эгнээ бүхий сандалтай учир бөх сонирхогчдод суудал хүрэлцэхгүйн зовлонгүй. Болохгүй бол зүлгэн дээгүүр зулчихна. Талбайгаа тойроод олон модтой тул бөхийн завсарлагаанаар сүүдэр бараадаж хуушуур, бууз эргүүлэхэд нэн таатай. Наадмын талбай бага голын эргээс холгүйхэн байрлана. Голын эрэг дагуу цагаан гэрүүд барьж, сүүдрэвч зоож хуушуур, будаатай хуурга, бусад хоолоор үйлчилнэ. Голын усанд хөлөө дүрэнгээ хуушуур зооглож, наадмын талбай дотроос хүчит бөхчүүдээ уухайлан түрж дэмжих олны дууг сонсох жаргал ажээ. Наадмын талбайгаас урагш морь барианы газартай. Наадамчин олон энэ өдрүүдэд наадмын талбай, хуушуурын асар, морь бариа гэсэн маршрутыг элээнэ.

Хүүхдүүд бөх сонирхож базаахгүй. Харин хааяа гэнэт уухайлан орилох наадамчин олны түрлэгт дуртай. Хэн нэгэн сайхан мэх хийсэн, эсвэл цолтой бөхийг нэг цэрэг тонгорч орхиж дээ гэсэн ухааны юм бодож талбай тойрч гороолно. Манай аавыг Б.Галтсүх гэдэг. Бөхөд үнэнхүү дуртай хүн. Наадмын өглөө бидэнтэй талбай дээр очоод ээж, эгчид бид хэдийг даатгачихаад бөхөө үзэхээр тухалж авна. Бөх хэзээ дуусна тэр үед л гарч ирнэ. Бөх барилдаж л байвал бороотой, нартай, шөнө орой болсон ч үл анзаарна. Сууж л байна. Нэг их зузаан дэвтэртэй. Тэр дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө. Хэн хэдийн даваанд хэрхэн давав, дэвшүүлсэн таамаг нь яаж зөрөв гэх зэргээр А, Б-гүй хөтөлнө. Одоо ч тэмдэглэлээ хөтөлсөөр. Дэвтрүүд нь авдрын мухарт байж л байгаа. Аав бас айрганд дуртай. Сав дүүрэн айраг аваад нөгөөхөө ууж, сонирхол нэгтэй найзуудтайгаа наранд түлэгдтэл наадмын талбайд сууж уран мэхэнд босон харайж орилолдохыг жаргал гэж үзнэ.

Харин бид хэд гэр, наадмын талбай хоёрын хооронд өдрийн 10 гаран гүйнэ. Гэр ойрхон тул очиж бага зэрэг амсхийгээд дахиад л морь бариа, наадмын талбай, цаашлаад гол руу гүйлдэнэ. Хуушуур гэхээс илүү тухайн үед хуйлсан цаасанд будаатай хуурга хийж зардаг байв. Түүнд нь дуртай. Аавын өгсөн мөнгө наадмын эхний өдөр “конец” болно. Уг нь хоёр өдрийн төсөв л дөө. Гэхдээ буу, тоглоом зэрэгт хөрөнгө оруулалт хийгээд нөгөөхөө дуусгаж орхино. Наадмын хоёр дахь өдөр ээжийг “холгоно”. Угаас ээж энийг мэддэг болохоор цааргалж базаахгүй. Аав ойлгомжтой. Хэзээ бөх дуусна, тэр үед л орж ирнэ. Биднийг заавал бөх, морь, сур, шагайн харваа зэргийг сонирхож үзэж байгаарай гэж аав захидаг байв. Тиймээс захиасыг нь биелүүлж байгаа нь энэ гээд би дүүтэйгээ хамт шагайн харваа, бөх, морь, сур зэргийг тав хүрэхгүй минут харсан болоод тоглохоор гүйгээд алга болчихно. Иймд тухайн үед хэн түрүүлж, ямар хурдан хүлэг торгон жолоо өргүүлж, хэний сум мэргэн байсныг санах гээд ч чадахгүй нь ээ.

Наадмын хоёр өдөр нүд эрмэх зуур л өнгөрчихсөн мэт санагддаг байв. Наадмын түрүү бөх тодорч, маргааш наадамлахгүй гэж бодохоор багахан гунигтай. Эрийн гурван наадам гэчихээд яагаад гурван өдөр болдоггүй юм гэж их асууна. Уяачдын наадам болдог ч энэ нь мань мэтийн сонирхлыг ер татахгүй. Зуны дэлгэр цагт гэрээс зуухаа гаргаж, хашаанд том амбаарт (саравчирхуу) гаргаж тавина. Үдэш орой ээж хоол хийж, аргалын утаа май энд тэнд тавьж, бид хашаан дотор гүйлдэн тоглох хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байв. Ер нь бид хүүхэд байх үедээ аз жаргалыг эд мөнгө бус эргэн тойронд байгаа эерэг сайхан орчноор мэдэрдэг аж. Нутгаасаа гараад олон жил болжээ. Тээр жилүүдийн дурсамж, аз жаргал дүүрэн наадмууд сэтгэлд минь тодхон бууж байна. Ирэх жил ижий, ааваа аваад нутагтаа очиж сайхан наадамлана аа.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Сумын наадмаа саравчлахуй

Өдрийн сонины архиваас

Өглөө наранд мөргөж, үдэш сарыг өлгийддөг, дэлхийн халуун цээжнээс дээд тэнгэрийг мөрлөсөн дэлгэр сайхан Монгол оронд минь дэлхийд эгэлгүй эрийн гурван наадам болдог нь үндэсний бахархлыг өөрийн эрхгүй төрүүлж, “Би монгол хүн” гэсэн үнэ цэнээ мэдрэх эрхэм дээд бахархлыг асаах бөлгөө. Энэхүү цог хийморь монгол хүн бүрийн цээжинд цохилж буйд үл эргэлзэнэ.Баяр наадам ч хаяанд тулав.Эрийн гурван наадамгүйгээр Монгол төр, түмний ёслол хүндэтгэлийг төсөөлөхөд бэрхтэй. Монгол наадам маань чухамдаа төр, ард түмнийг холбодог гүүр юм.

Эрийн гурван наадмыг их Шаньюй Модуны үеэс л төрийн болгон тэмдэглэсээр ирсэн эш сурвалж олдсоор байгаа. Хүн гүрний үед морь, тэмээ уралдуулж байсан мэдээ зангийг урд хөршийнхөн хүртэл гайхан биширч түүх сурвалждаа үлдээжээ. Ордос нутгаас барилдаж буй бөхийн хоёр дүрс ч олдов. Их Шаньюй Модуны өөрийн зохиосон дуут сум гэгч одоогийн пуужингийн өвөг эцэг хэмээн хэлж болохуйц. Сүүлд нь манжууд монголчуудын хөдөлгөөнтэй байг онож цэц булаацалддагийг хөдөлгөөнгүй байг харвуулдаг болгон цэрэг дайны чадавхыг нь сулруулсан тал бий. Юуны учир бага сага эрийн гурван наадмын тухай нуршив хэмээвээс уг гарлын хувьд хэдэн мянганы түүхтэй гэдгийг сануулах гэсэн юм. Басхүү төрийн наадам гэдэг утгаараа энэ бөмбөрцөгт хамгийн урт настай нь гэж болно.Монголын түүхийн мөчлөг бүрт эрийн гурван наадмаа үлэмж цар хүрээтэйгээр хийсээр ирснийг нь үнэлхүл ЮНЕСКО-д бүртгүүлэхээс ч хэтийдсэн үнэ цэнэтэй нүүдэлчдийн том соёл билээ.Суурьшмал соёлоос биднийг ялгаж, хамгаалсаар ирсэн энэ наадам маань улсын их баяр наадмаас аймаг, сум, багийн, овоо тахилгын, ургийн наадам хүртэл үргэлжлэн хэв шинжээ баяжуулж ирэв.

Олон ч баяр наадам үзэж дээ. Миний санахул багадаа үзэж байсан сумын наадам л хамгийн сортой, үзүүштэй, хээ хуартай нь байсан ажээ. Манай сум бол хуучны Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай гэхэд хүмүүс үл андана. Хангайн нурууны баруун салбар Хан Хөхүйн нурууг тэгнэн оршдог. Хан Хөхүйд эртнээс инагш халхын бөхийн дөрвөн сорилгын нэг нь төвлөрч байв. Билигт соён гэгээрүүлэгч, яруу найрагч С.Лувсандондов гүн (1854-1908) өөрийн бөх Ламжав аварга, сайвар халтар морио жил бүр халх долоон хошууны даншиг наадамд оролцуулан түрүүлүүлж байжээ. Тэгэхээр манай сум бол чухамхүү эрийн гурван наадмын эртний баялаг уламжлалтай. Ёндон мэргэн хэмээх мэргэн харваач нь 60 сум тавьж 60 оночихоод “Муу буу биш, онолгүй яахав” гэж байжээ. Би боддог. Монгол төрийн наадмын эх сурвалж, өвөг уламжлал нь эдүгээ сумын наадам л болон үлдсэн байх. Олон талаар энэ нь тайлагдах. Энэ удаа үүнийг үл өгүүлнэ.

Намайг 12, 13 настай байх үед манайх Ховд аймгаас уугуул нутагтаа нүүж очив. Аав маань геологийн жолооч байсан юм. Нас хэвийж, бэлчээр хумигдах үед нутгаа бараадсан нь тэр. Тураг ядрахаар уулаа гэдэг шүү дээ.Энэ бүхэн надад аз завшаан болсон юм. Дор өгүүлэх гэж буй сумын наадмаас эхлээд хөх бууцны үнэр, адуу малын унгалдаан, булаг усны хоржигноон, тайгын манан, бүргэдийн шунгалт, чонын улилт, навчсын сэрчигнээ, өвгөдийн цэц, аргалын утаа гээд хот газар үгүй ертөнцийн олон сайхантай намайг нөхөрлүүлсэн билээ.

Манайх Хан Хөхүй нутагтаа буурь засдаг тэр жил сумынхаа анхны наадмыг үзэв.Аймгийн төвийн цэнгэлдэх хүрээлэнг бодоход сумын наадмын талбай нь хүүхдийн тоглоом шиг санагдаж билээ.Дандаа дээл хувцсаар гоёсон хөдөөний наадамчид тэрхүү жижиг талбайгаа хүрээлэнхэн, алагланхан бүчсэн нь өөр мэдрэмж өдөөж байв. Тухайн үед аймаг, улсын наадмын үзэгчид дээл хувцсаар гоёдоггүй, голдуу л европ хувцсаар гангардгаас өөр байсан нь надад гайхлыг төрүүлж байжээ. Ямар сайндаа л сумын наадмыг костюм өмсөн сонирхсон аавыг маань зарим шооч хүн “Энэ нөхөр өөрийгөө дарга гэж бодоо юу” гэж байхав.Тэр үеийн сумын дарга нар нь ч дээлтэй байсан. Ийм л язгуурлаг, үндэсний хэв шинж хөдөө байдаг гэдгийг арван хэдэн настайдаа сумын наадмаас мэдэрсэн билээ. Бас наадмын талбай дахь цагаан хоолойгоор “Тэр бөх гараарай, морьдоо уралдуулах цаг боллоо” гэж зарлах нь цаанаа л нэг өөрийн донжтой.Өөр нэг сонирхол татсан нь машин тэрэг одоогийнх шиг хөлхөлддөггүй тэр цагийн мотоцикльтонгууд тоос татуулан давхиж буй байдал. Би сумын наадмаа сонирхохоосоо өмнө морь үсэргэж үзэв.Багаасаа морь биш, унадаг дугуй унаж өссөн надад хүлгийн нуруун дээр тогтож сурна гэдэг бараг л нисгэгч болсонтой адил байж. Морь олигтой ч унаж чадахгүй шахам байхад хурдны морь унасан гэж байгаа. Миний найз Мишкагийн Загаа гэдэг сахилгагүй нөхөр байв.Тэр үрээ, даага сургана, аавтайгаа Хөвсгөл хүртэл туувар туугаад үзчихсэн догь эр. Мань хүн намайг ятгасаар байгаад сумын төвийн урагш урсдаг Чигжийн голд нутаглаж буй Төртогтох гэдэг хүний морьдыг үсэргэхээр болов.Аав ч гэсэн юунаас нь айх вэ гэж байна.Тэдний морьд бор, цагаан голдуу.Би бор соёолонг үсэргэхээр болов. Үсэргээний газар очингуут найз маань ч исгэрэв, морьд эргэлээ.Золтой л морины нуруунаас холбирчихсонгүй. Бушуухан л дэлнээс нь зуураад авав.Загаа хажуунаас ойртож ирээд сайн хавчаад бай гэж байна. Хавчмар боллоо.

Ийнхүү арай л ойчилгүй шиг хүрч ирж билээ. Миний үсэргэсэн бор соёолонг улсын наадмаар өөр хүүхэд унан хоёрт давхиж мөнгөн медаль хүртэв. Нэгдлийн том ойтой жил байсан юм. Тэр үед одоогийнх шиг айрагдсан морь бүрт медаль өгдөггүй байв.Үүнээс хойш зориг орсон би морийг төдөлгүй унаж сурсан даг. Сум нэгдлийн даргаар олон жил ажиллаж байсан миний авга ах Памаж надад нэгэн бор үрээ бэлэглэж, унаа хийж аваарай гэсэн юм. Хожмоо тэр үрээ цагаан зүстэй морь болсон билээ. Түүнийгээ анх унаж наадам үзэх гэхэд үргэж бусгаад, заримдаа булгиад болдоггүй. Зарим хүмүүс чи унаж чадахгүй ээ. Номхон морь унасан нь өлзийтэй. Наадмын талбай дээр олон морьтонтой шахалдаж байж ойчно, бэртэж гэмтэв гэж байна.Шар хөдөлсөн гэж жигтэйхэн. Би өөрөө бор үрээгээ унана гэж зүтгэсээр байгаад явж билээ. Аавын төхөөрч өгсөн монгол эмээл дороос нухаад байхаар нь ялигүй займчтал бор үрээ маань булгиад золтой л хийсчихсэнгүй. Тэр үед би сумын төвд нэлээд хэдэн найзтай болсон байв. Д.Батням гэдэг аймгийн төв Улаангомоос шилжиж ирсэн ном их уншдаг хөвгүүн байлаа.Бид хоёр ном солилцож их уншина. Тэр маань бас нэг бор үрээ уначихсан явж байна.Нийлээд авав. Ер нь бидний хэдэн хөвгүүд өөрсдийн гайгүй сайн гэгдэх мориороо гоёж сумын наадам үзэж байжээ. Үүнийгээ чанчийны морь гэнэ. Юу гэсэн үг юм бүү мэд. Бодвол өөрийн хайртай шилдэг морь гэсэн утгатай юм болов уу. Үүнээс хойш арваад жил сумын наадмаа алгасалгүй үзжээ. Би дандаа л цагаан мориороо наадам сонирхоно. Цагаан сараар ч гэсэн тэр мориороо гоёдог байв. Би сүүлдээ сумын наадамд хөдөөний маягаар гоёж сурсан. Өргөн бүс бүсэлж, шляп (бүрх) малгай духдуулж, хромон гутал гармошклон сэнгэнэтэл давхиж явах сайхан шүү.

Сумын наадмаар л хол ойрын хүмүүс цуглаж мэнд усаа мэдэлцдэг байж. Энэ үеэр манай “ангижавууд” цуглацгаана. Айраг ууж, хуушуур идсэн шиг наадмын талбайн хойно байдаг сургуулийнхаа цэцэрлэгт тухалж суух жаргал байжээ.Манай ангийнхны зарим нь сумын наадамд барилддаг болов. Зарим нь морь уяад алга болцгооно. Миний хувьд наадмын талбайн цагаан хоолойгоор шүлэг унших, магтаал “айлдах” товчхон ажилтай. Өндөрхангай сум бүр 1940-1950 оноос хойш урлагийн авьяастнуудаараа алдартай. Манай буурал аав Төмөр хошуу ноён, Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Л.Гончигдамбын дуучин нь байсан юм билээ. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, Ж.Лхамхүү нар манай сумын уугуул. Авьяастны өлгий энэ нутгийнхан наадмын талбайдаа Элжигэн халхын дуу хуур, бүжгээс өргөнө.Орчин үеийн цахилгаан гитар мөрнөөсөө зүүсэн хамтлагийн залуус ч байлаа. Юм юмтай сум гэдэг нь наадмын үеэр тод мэдэгдэнэ. Жил бүрийн сумын наадмаар яруу найргийн тэмцээн зохионо.Манай сумыг улсдаа ганцхан утга зохиолын нэгдэл, усан цахилгаан станцтай сум гэж орон даяар шагшин магтаж байсан цаг саяхан мэт. Тэр тэмцээнд нь миний бие нэлээд хэдэн түрүү авсан.Шагналынхаа мөнгөөр ангийн андуудтайгаа зад наадацгаана даа. Наадам тарсны дараа манай ангийнхан тарна гэж үгүй. Манай сум хангайн сум болохоор аль нэг уулын аманд очиж хорхог боодог хийнэ, наадмын сонин хачныг хуучлана.

Социализмын үеийн төгсгөлөөр бид дунд сургуульд байсан болохоор их л дэг журам сахидаг байв.Наадмын талбайд зарим нэг багш нартайгаа таарвал шууд зугтаж орхино. Багш нараасаа айна, хүндэлнэ гэж жигтэйхэн. Нэг удаа бид наадмын талбайн хойхно айраг ууж байгаад багштайгаа тааралдав. Багш хэлж байна.Айраг бол архинаас ялгаагүй.Та нар ундаа, хуушуур л ууж, ид гэж байна. Толгойгоо илцгээгээд л мордоод пижигнэцгээж билээ. Бас болоогүй ээ, зэргэлдээ сум, аймгийн төв, хотоос ирсэн охидыг шохоорхох нь бидний сумын наадмын нэг өнгө төрх байв. Морьтой явахад нь хашина, гэзэгнээс нь татна, морийг нь ташуурдана.Одоогийнхоор бол эргүүлж, өдөж байгаа нь тэр. Ер нь тэр үед аав, ээж, ах дүүстэйгээ ирсэн хотын хүүхдүүд содон харагдана. Би нэг удаа яруу найргийн тэмцээнээр нийслэл хотод ирээд буцахдаа жийнсэн өмдтэй болчихсон юм. Хүүхдүүд их сонирхоно. Манай ангийн Д.Одонбаяр бид хэдээс өөр ийм гоё өмдтэй нэгэн байгаагүй байх. Одоогийн хүүхдүүдэд энэ нь сонин санагдах авч социализмын үеийн бөглүү сууринд ийм л байдалтай байсан юм. Тэр өмдөө өмсчихөөд дээлээ шуугаад давхичихна даа.Амихандаа хүмүүст харуулах гэж, охидуудад тоогдох гэсэн хөөргөн зан байсан юм болов уу. Багийн ийм гэнэн мөрөөдөл, цагаан араншинг одоо бодохоор хүний амьдралын хиргүй тунгалаг хээ угалз лугаа адил тунардаг.

Сумын наадмын хамгийн үзүүштэй зүйлүүд нь мэдээж морь харах, бөх үзэх. Мөн сумын клубийн уран сайханчдын тоглолт, үдэшлэг багтана. Манай сум тэр үед бөх ихтэй байжээ.Хожим улсын начин болсон С.Дангаасүрэн, аймгийн арслан Л.Мижиддорж, аймгийн заан Т.Батжаргал нарын 5-6 бөх голдуу түрүүлдэг байсан санагдана. Манайхтай айл хөрш зусч өвөлждөг аймгийн заан Ц.Гонгор гуай нэг жил бөх засч байсан нь санаанаас ер гардаггүй. Аав маань ч бөх засч байсан юм. Манай ангийн Д.Нямбаяр сумын наадамд зодоглов. Гайгүй гэгдэх гурван бөхийг тэнгэр харуулаад дөрвийн даваанд өвдөг шороодчих нь тэр.Цаад бөх нь цол хэргэмтэй болохоор аархаж булхайцаад манай хүнийг “жийж” орхив.Тэгтэл Д.Нямбаярыг маань засч байсан Гонгор гуай бөөн уур унтуу болж хөлийн цэцтэй нь “Ардын хүү давж болдоггүй юм уу” гэж хэрүүл уруул хийлээ. Бид хэр чадлаараа л “Болиоч дээ, луйвар боллоо” гэж орилолдов. Нэмэр болсонгүй. Гонгор ах Нямкад хэлж байна. Ах нь аймгийн заан болтлоо элдвийг үзсээн.Дараа жил сайн барилдаарай гэж билээ. Нямкагийнхаа дээлийн захыг мушгиж суусан манай ангийнхны урам ёстой л хуга үсэрч, наадмын талбайг орхисон доо.

Хан Хөхүй нутгийнхан бол баруун халхын онцгой нэгэн ястан гэж хэлж болно.Найр наадмаа “Зээ баян Хан Хөхүй” дуугаар заавал эхэлнэ.Хантарган хэмээх Элжигэн халхын үндсэн бүжгээ усны урсгал мэт хөвөлзүүлнэ.Хоорондоо уулзахдаа “Юу аялж байна даа” хэмээнэ.Энэ нь эртнээс дуу хуурын голомт байсныг илтгэж буй хэрэг. Сумын наадамд гоёхдоо эрэгтэй нь хөх дээл өмсч, хөх бор морь унана. Эмэгтэйчүүд нь ногоон дээл өмсч, халиун мориор гангарна. Жороо морийг голдуу эмэгтэйчүүд унадаг байв. Энэ бол бүр эрт дээр үеэс уламжилж ирсэн Элжигэн халхын заншил билээ. Угсаатны зүйчид үүнийг онцлон судалсан нь бий. Хар хөх хаяавчтай гэр бол Элжигэн халхын бусдаас ялгарах онцлог.Сумын наадмын үеэр энд тэндээс ирсэн зочид гийчид үүнийг юун түрүүн ажиглан хэлэлцдэг байлаа. Мартсанаас бид сумын наадмын үеэр л жинхэнэ патиар зургаа татуулна шүү дээ. Хотоос ирсэн төрөл садангуудтайгаа ч зураг авахуулна. Хөдөөнийхөн жилдээ ганцхан цугладаг сумын наадмын маргаашнаас л хадлан тэжээл гээд өвлийн бэлтгэлдээ гардаг болохоор тэрхүү хоёр хоногт л бүхнийг амжуулж цэнгэнэ. Шавайгаа ханатал кино, концерт үзнэ. Нэгэн сэтгэл хөдлөм хөдөөний уянга бол наадмын талбайгаас хурдан морины хүүхдүүд бурхны номын мэгзэмийг аялгуулан дуулсаар гарах агшин байдаг. Төв, зүүн халхын морь унаач хүүхдүүд голдуу гийнгоо хадаадаг билээ.Манай баруун халхад арай өөр ёс заншилтай байжээ.Наадмынхаа талбайг 20-30 тойрчихоод уйдсан жаалууд сумын төвийн хоёр талаар урсах Баруун, Зүүн, Дунд хэмээх гурван голын хөвөөнд алаглан буусан майхан асруудаар хэсдэгсэн. Эсвэл сумын төвийн хойдох Хар толгой дээр гарч хавь ойрыг дурандацгаана. Ах нар хатуу дарс ханзалж, эгч нар энд тэнд гоёж гоодон гунхалзахыг харж нүд хужирлана. Улаан зээрд болчихсон нутгийн хөх өвгөд морин дэл дээр найган явж буй нь бидэнд гоё санагдана. Одоо нэрмэл уугаад халахаараа найган ганхаж, нэгэн цагийн мода үзүүлж буй хүн ховор л болов уу. Хэзээ бид нар ингэж явах бол доо хэмээн хоорондоо төсөөлж ярилцана шүү дээ.Ингэж явсаар наадмын хоёр, гурван өдрийг харвасан сум шиг өнгөрөөдөг байв.

Ай даа, униар татсан хөдөөгийн диваажинд сумын наадмаа үзэлгүй арав гаруй жил болжээ. Аглаг газрын жаргал гэдэг чухамхүү тэр билээ.

Эрийн гурван наадам Монгол газрын чимэг

Энэ ертөнцийг гоёсон нүүдэлчин түмний бахархал

Нар хур тэгшрэх нь мянган оны үзэсгэлэн

Настан, үрсээ дээдлэх нь манай Монголын заншил

Битогтохын ЦОГНЭМЭХ 11.07.06. Дарь-Эх

Categories
мэдээ нийгэм

Хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 11, Сугар гариг, Билгийн тооллын 21, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.