Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Австралид хийж байгаа коронавирусын эмнэл зүйн вакцин үр дүнтэй байвал 2021 онд худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Дөрвөн хоногийн дотор дэлхий дахинаа 1 сая хүн коронавирусын халвдар авч байна. Энэ нь вирэс маш олон орон нутаг дэвсгэрийг дамжин халдварлаж байгаагийн нотолгоо болж байна. Одоогоор 7,7 сая хүн эдгэрч, 4,8 сяа хүн эмчлэгдэж байна. 24 цагийн дотор 186000 хүн шинээр коронавирусын халдвар авч 3000 гаруй хүн эндсэн байна.

АНУ-д 24 цагийн дотор 54000 хүн шинээр халдвар авч, 33 мужид өвчлөл эрс нэмэгдсэн байна. Иймээс өвчлөл ихтэй 33 мужид өвчлөл багатай зарим муж хэсгээс коронавирусын эсрэг хамгийн үр дүнтэй гэж хэрэглэгдэж байгаа эмийг татан авч түгээх арга хэмжээ авч байгаа юм байна. Мөн эмнэлгийн орнуудын ачаалал эрс нэмэгдсэн хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор ард иргэдийг амны хаалт зүүхийг нутгийн захиргааны эрх баригчид уриалж байгаа юм байна.

Австралид улирлын томуутай зэрэгцэн коронавирусын халдвар нэмэгдэж байгаа. 2020 2021 оны улирлын томуу бол коронавирусын халдвартай давхцах магадлал өндөр байгаа учир хүн болгон дархлаагаа сэргээж, айл өрх албан газар бүх хүмүүс бэлэн байдлаа хангах шаардлагатай байна. Тус улсад өвчлөл нэмэгдэж байгаа олон мужид хөл хорио тавигдаж байгаа ч гэсэн Австралийн Квийслэнд мужид 120 хүнийг хамарсан улирлын томуугийн вакцинаас гадна коронавирусын вакцины эмнэл зүйн туршилтуудыг хийж эхэлсэн байна. Энэ вакцин үр дүнтэй болох юм бол 2021 оны эхээр худалдаанд гаргана гэж мэдээлсэн байна.

Дэлхийн 10 гаруй орон хүнсний үйлдвэр, үйлдвэр худалдаатай холбоотойгоор улирлын томуугаас гадна халдвар дамжин тархаж байна гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон. Томоохон хотуудад дахин хатуу хөл хорионы дэглэмийг тогтоож эхэлсэн байна.

ОХУ-д 24 цагийн дотор 6615 хүн шинээр өвчилж, 1310 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Читад өвчлөл 37-44 хүнээр нэмэгдсэн сүүлийн сар гарны хугацаатай харьцуулвал ялимгүй буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ Эрхүү хотод 209 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 10000 болж өвчлөлийн хурд тасралтгүй нэмэгдэж байна.

Манай орны хувьд ажиглалтад 70 хүн шинээр орж, 295 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтанд шилжээд одоо ажиглалтад 2774 хүн байна. Үүнд бол 1-5 насны 163 хүүхэд, 103 жирэмсэн эх, 228 архаг хууч өвчтэй хүмүүс байна. Эдгээрт 44 их эмч, 72 ресидэнт эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 73 хүн байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 6 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа ба эдгээрт 14 их эмч, 42 сувилагч асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 112 дуудлага ирж халдварын шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвөлгөө авсан байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ спорт

Эрлийз дунд насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монголын Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд эрлийз дунд насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Эрлийз дунд насны 138 хурдан хүлэг шандас сорьхоор бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Афганистанаас 62 энхийг сахиулагч татан авлаа

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21.50 цагт газарджээ. Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Афганистанд энхийг сахиулж буй үлдсэн цэргүүдийг өнөөдөр тусгай нислэгээр эх оронд нь авчрах юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Наян настай эмэгтэй эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 13200000 хүн өвчилж, 570000 гаруй хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 12-нд нийт 143 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалбал ажиглах байранд тусгаарлагдсан 120 хүний давтан шинжилгээ энэ нь зургадугаар сарын 25нд Москва Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс, мөн ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 9 жолооч нарт шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Өнөөдөр 80 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдээд дараагийн шатны сувилалд шилжсэн байна.

Монгол улсын нийт батлагдсан тохиолдол 230, үүнээс 203 хүн нь эдгэрч дараа дараагийн сувилалд шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 56 хүн хяналтан дор байна.

Мөн өчигдөр 22:00 цагт Зэвсэгт хүчний 62 дайчин ирсэн юм. Тэднийг эрэмбэлэн ангилж, хоёр хүнийг нь ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, 59 дайчныг “Бага баян” амралтын газарт ажиглалтад оруулжээ” гэлээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ цаг-үе

Монгол наадам бидний бахархал болоод зогсохгүй үндэстнийг нэгтгэдэг байх ёстой

Өдрийн сонины 2015.07.05-ны архиваас

Дэлгэр хангайн наадам

Дэнж хотойлгон эхлэв

Дээд тэнгэрийн нарыг

Газарт дэвсэн эхлэв гэж ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн монгол наадмаа шүлэглэжээ. Үнэхээр ч Монголын наадам хурц тод өнгө алаглуулж, хурд хүчийг бахдуулсан эрч хүчний цогц нийлбэр байдаг. Байгаль дэлхий цэцэглэн найгах нь наадамчин олны өнгө өнгийн гоёлтой хосолж монгол наадмыг цогцлоодог. Төв Азийн өндөрлөгт хатуу ширүүн уур амьсгалтай манай улсын наадам дэлхий дэлгэрэх цагаар болдог ганцхан баяр. Намар, өвөл, хаврын тарчиг цагийн хүйтэн салхийг мартан сэтгэл тэнэгэр баясахаар нүүдэлчин олон хуран цуглаж монгол наадмаа хийдэг билээ. Монголын наадам дэлхийн баяруудтай эн тэнцүү алдар цуутай болдог болсон. Дэлхийн наадам гэж юуг хэлээд байна вэ гэхээр Бразилийн самба бүжиг, Испанийн бухтай тулаан,Венецийн багт наадам гэх мэт дэлхийг донсолгосон баяруудыг хэлж байна. Эдгээр баярыг үзэхээр орон орны хүмүүс цуглаж тухайн үндэстний баярыг улам бүр чимдэг. Монгол наадам эдгээр баярын нэгд гарцаагүй тооцогдоно. Баярын жавхааг илтгэсэн хурц тод өнгө, эрэмгий зоригт зон олны эрч хүчийг монгол наадмаас мэдэрдэг. Ингэж дэлхийн анхааралд эрхгүй өртдөг эрийн гурван наадмаа одоо улам өргөжүүлмээр байна. Нэг талаас төрт ёсны их баяр наадам байхын зэрэгцээ нийтийг хамарсан цэнгүүн болгох хэрэгтэй. Хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачдын цэц булаалдах гэдэг бол ямар ч хүний сонирхлыг эрхгүй татаж сэтгэлийг хөдөлгөнө. Тавхан настай хүүхдийг 40 км цагийн хурдтай давхих морин дээр мордуулна гэдэг нэг талаасаа хүний санаанд багтамгүй үйлдэл. Гэхдээ морин дэл дээр өссөн монгол түмэн бидний хэн ч үүнийг аймшигтай гэж хардаггүй. Үүнийг харсан гадаадын ямар ч хүний сэтгэл түгшиж , амьд ирэх болов уу гэж эрхгүй боддог юм. Бас бахдан биширч хүндэлнэ. Гарааны зурхайгаас тэнхээ мэдэн урагш зүтгэх адгуусны ширүүн өрсөлдөөн дунд хүүхэд ойчих нь бий. Түмэн агтны туурайн дунд чулуу шиг шидэгдэн газар өнхрөөд босохдоо хүүхэд ганц ч шалбархайгүй үлддэг. Ихэнх тохиолдолд адуу яаж ч давхиж байсан хүүхэд дээр гишгэдэггүй, гэмтээдэггүй. Ийм уралдааныг хүмүүс сонирхохоос ч аргагүй. Монгол үндэсний бөх ч мөн ялгаагүй. 70 кг жинтэй залуу өөрөөсөө хоёр дахин том биетэй эрийн өөдөөс тэмцэлдэнэ. Бүр тэрийгээ уран мэхээр унагаж чадаж байгаа авхаалж самбаа, хурд хүч, бяр тэнхээг үзэхгүй өнгөрч боломгүй.

Сур харвааг монголчуудаас илүүтэй гадныхан шимтэн үздэг. 40 метрийн зайнаас нумаа эвшээлгэн сумаа тавих монгол харваач баатар эр шиг л санагддаг. Энэ бүгд үнэхээр үзүүштэй. Наадамчин олны уухайн дунд тэмцэлдэх монгол наадмаа одоо улам сонирхолтой болгомоор байгаа юм. Нэмж хөгжүүлээд дэлхийд алдаршуулах хэрэгтэй. Монгол төрийн наадмыг үзээгүй бол гадаадад аялахын хэрэггүй болох мэт хэмжээнд аваачмаар байна. Ийм болгохын тулд ямар тэмцээн нэмэх, юугаар хөгжөөх вэ гэдгийг олон нийтийн дунд хэлэлцэх нь зүйтэй. Ингэж улам бүр хөгжүүлэн наадамчин олны сонирхлыг татаж дэлхий нийт монгол наадмыг тэсэн ядан хүлээдэг болгоход хэцүү зүйл үгүй мэт. Түүхтэйгээ холбоод бодохоор хамгийн түрүүнд Чингэсийн цэргийн байлдаан шиг зүйл хиймээр санагддаг. Наадмаас хэдэн сарын өмнө баг гаргаад түүнийгээ аравт, зуутаар нь хувааж байгаад байлдвал сонирхолтой байж мэднэ. Гэхдээ мэдээж хэрэг бие биенийгээ хядалгүйгээр орчин үетэй нийцүүлэн зохиоход буруудахгүй. Хэдэн сарын өмнөөс олон багийн дунд тэмцээн зохион байгуулаад тунасан хүмүүсийг үлдээх хэрэгтэй. Тэд хамгийн сүүлийн тулаанаа наадамчин олны өмнө хийгээд тухайн жилийнхээ баатрыг тодруулдаг байж яагаад болохгүй гэж. Морины давхил дунд цэц мэргэнээ шалган харвах, хоорондоо модон сэлмээр тулалдах зэргээр үзэгчдийн цөсийг хөөргөж болно. Ялагчийн шагналыг театрчилсан хэлбэрээр гардуулах уран сэтгэмж цагаа тулбал зөндөө олдоно. Үгүйдээ л гэхэд хамгийн гоо, үзэсгэлэнтэй охиныг тавцан дээр суулгаад ялагчид үнсэлт бэлэглэж болж байна. Ийм тулаанд эрчүүд ямар дуртай орох бол. Ингэж эрэлхэг Монголын баатарлаг эрсийн сүр хүчийг харуулсан уралдаан, тэмцээн зохион байгуулж наадмаа дэлгэрүүлмээр байгаа юм. Тэмцээнүүд олны сонирхлыг татахын зэрэгцээ монгол туургатны онцлогийг шингээсэн, үндэстний нэгдэлд эерэг нөлөө үзүүлэх ёстой. Үүний хажуугаар урлагийн маш гоё цэнгүүн зохион байгуулж болно. Дэлхийг шуугиулаад байгаа “Хөсөгтөн” хамтлагаас эхлээд Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар наадмаар тоглолт хийвэл ямар олон хүн үзэх бол. Дараа, дараагийн жил тэднийг давсан дуучид гараад л ирнэ. Монгол наадмын үеэр урлагийн алдартнуудаараа гоёсон дэлхийн хэмжээний гайхалтай шоу зохион байгуулдаг болъё. Ингэж наадмаа түшиглэсэн урлагийн цэнгүүн, асар том шоу бизнесийг хөгжүүлэх боломж бидэнд байгаа. Телевизүүд тухайн жилийн наадмыг шууд дамжуулах эрх авахын тулд өндөр технологиор өрсөлдөх хэрэгтэй. Наадмын арга хэмжээг мэргэшсэн хөтлөгчөөр хөтлүүлж, тэдэнд өндөр хөлс төлдөг хэмжээнд очмоор байна. Монгол наадмыг сурвалжлах эрх олимпийн наадмыг сурвалжлахын дайтай үнэ цэнэтэй болтол нь наадмаа хөгжүүлмээр байгаа юм.

Үүний зэрэгцээ монгол наадмыг хилийн чанадад зохион байгуулдгийг болиулъя. Хаа газрын монгол үндэстэн эх орондоо л наадамладаг байх ёстой. Америкт, Японд амьдарч буй монголчуудын наадмыг тэндхийн иргэд дэргэдээсээ үзэх биш Улаанбаатар руу зорин ирдэг байх хэрэгтэй. Туурга тусгаар Монгол Улсын иргэд ингэж нааддаг юм байна гэдгийг харахаар, бидэнтэй хамт баярлахаар дэлхийн аль ч өнцгөөс манайхыг зорин ирдэг болгоё. Наадам гэлтгүй “Алтаргана”, Эв модны наадам зэрэг монгол үндэстэнтэй холбоотой бүх л баярыг эх орондоо зохиохыг дэмжих ёстой. Яагаад гэвэл монгол үндэстний гал голомт нь Монгол Улс юм. Ингэж наадмаа алдаршуулахын зэрэгцээ Монголын өргөн уудам тал нутагт үндэстэн нэгтнээ ирж амьдрахад тус нэмэр болох олон давхар бодлоготой болмоор байна. Төрт ёсны их баяр наадам бидний бахархал болоод зогсохгүй монгол үндэстнийг нэгтгэдэг байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Хуртай, хурдтай, одонтой, олонтoй НААДАМ

Өдрийн сонины 2011 оны долдугаар сарын 08-ны архиваас

Үе үе бороо шивэрч манан суугаад нимгэн хувцастай бол даарахаар сэрүүхэн энэ үед баянцогтынхон маань наадмаа хийлээ.

Хотын нэг дүүрэг гэмээр дэргэд нь шахам байдаг болохоор Төв айм-гийн Баянцогт сумыг хүмүүс ан-дахгүй мэддэг юм. Сумын наадам гэдэг юу юунаас илүү утга төгөлдөр болдог санагддаг. Учир нь бүх юм тэнд эрх тэгш үйлчилдэг. Сумын удирдлагууд асарт зассан ши-рээний араар сууж байхад иргэд арынх нь ч юм уу дэргэд нь эгнүү-лэн тавьсан урт урт сандал дээр зэрэгцээд шахуу суух боломжтой. Бөхөө л гэхэд яг дэргэдээс нь үзнэ. Морины уралдааны бүх давхилыг дагаад давхичихсан ч нэг их хэл ам гарахгүй. Томхон ой болж, аймгаас нэмэлт цагдаа нар ирсэн бол харин морины уралдааныг олон машин дагуулахгүй чангалах гэнэ. Ойн баяр нь болоогүй бол морь дагаж явуулахгүй энэ тэр гэж бараг л хэлэхгүй дээ. Хүмүүс бие биенээ удам судартай нь мэддэг болохоор хүндлэл, найзархаг харьцаа л тэнд ноёрхдог. Адаглаад л алдсан морийг нь бариад өгөх, унаа тэ-рэггүй нэгнээ дайгаад явах, дэр-гэдэх нэгнээ хуушуураар дайлах зэрэг нь байх л ёстой зүйл шиг мөрдөгдөнө. Хүн бүр өөрийн- хөөрөө баярлаж, өөр өөрийн орон зайгаа мэдэрч чаддаг учраас су-мын наадам сэтгэлд ойр, тэр хэ-рээрээ үнэ цэнэтэй байдаг биз ээ.

Уржигдар буюу зургааны өглөө найман цаг өнгөрөөд азарга гар-лаа. Уг нь бороо манангүй цэлмэг өдөр бол аль эрт зургаа өнгөрөөд морддог юм. Зэргэлдээх сумынхан төдийгүй Улаанбаатараас ч пор-тер портероор морьдоо ачаад ирсэн харагдана. Тиймээс чамгүй олон азарга бүртгэлийн газар ирсэн байсан бөгөөд төд удалгүй шилбүүр барьсан сундлаа мотоцикльтон бүртгэл хийлгэсэн хэсгийг тас хөөгөөд явж өгөв. Жаахан байж байгаад үлдсэн хэсгийг нь бас нэг мотоцикльтой хүн туугаад явав. Морь, мотоцикль, машинтай хүмүүс зэргэцэн ухас-хийн хөдөллөө. Голдуу л азарганы эзэд явж байгаа бололтой. Нэг хэсэг нь жаахан явж байгаад ирэ-хийг нь амдан наад толгой дээр зогсоод үлдэв. Цаашаа арав гаруй машин азарга даган хөдөллөө.

Азарга барианд орж иртэл наад зах нь хоёр цаг болно. Сумын захиргааныхан наадмын нээлтээ хийхээр бэлтгэлээ базааж эхэлсэн харагдана. Манай Баянцогт бол бусад сумаа бодвол чамгүй том цэнгэлдэх хүрээлэнтэй. Сумын төвийнхөө урд талд байрлах Цэн-гэлдэхийн эргэн тойрныг цэмций тэл цэвэрлэжээ. Дэргэд нь хуушуу-рын гэр дөрвийг барьсан байв. Цэнгэлдэхийн наахна талд морь барианы газар нь бий. Ингээд цэнгэлдэх, сумын төв хоёрынхоо ойрхон зайд унаатай, унаагүй, хөгшин залуугүй нааш цааш хөл-хөлдөж өгнө дөө. Азарга ирэхээр л наадмын нээлтээ хийх сураг дуулдав.

Удсан ч үгүй гэрлээ гялалзуул-сан машинууд тээр холоос гараад ирэв. Бороотой учраас шороо тоос босохын зовлон байсангүй. Толгой дээр хүлээж байсан хүмүүс машин тэргээ хөдөлгөж бужигнаад эхэл-лээ. Барианы газар хүлээж байсан хүмүүс ч байр байраа эзлэхээр хөл хөдөлгөөн болоод явчив. Хүмүү-сийн ярих нь “Гаднаас олон морь ирсэн. Түрүүгээ алдчихгүй юмсан” гэлцэх нь чихний үзүүрт сонсдоно. Ингээд азарганы түрүүч толгой даваад гараад ирлээ. Алаг, хар зүсмийн хоёр азарга бусдаасаа нэлээн хэдэн метрийн түрүүнд зуузай холбон явна. Уясан эзэд нь хоёулаа мотоциклийн ард сундал-чихсан мориныхоо дэргэд нь ша-хам зэрэгцэн байдгаараа хашгирч зааварлаж яваа харагдана. Урд хошуунаас барианы газар хүртэл ойрхон зайтай ч өгсүүр учраас ёстой л морь болоод унаач хүүх-дийн шандас мэдрэмж шаардана. Бариа ойртох тусам хар азарга тасарч түрүүлэх нь тодорхой болонгуут эзэн залуу хоёр гараа дэлэн ёстой бүжиглэх шахаж бай-лаа. Аль алиных нь нүүр манагийн усаар шавхуурдсан хүйтэн салхинд минчийтлээ улайж пэмбийсэн ч даарч байна гэж тоож байгаа ч юм алга. Азарганы уралдаан дээр манай сумынхан түрүү, айргаа алдсангүйдээ тун ч сэтгэл ханга-луун байлаа. Бүгд л өөр өөрийнхөө азаргыг түрүүлсэн юм шиг сэтгэл ханагар байсан. С умын наадмын нээлт эхлэх боллоо. Гол асарт ширээ засч, сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар суудлаа эзэлсэн байлаа. Туг барьсан морьтнууд Цэнгэлдэх тойрон гарч ирсэнээр Баянцогт сумын наадам албан ёсоор эхэллээ. Хамгийн түрүүнд төрийн далбаа намируулсан морьтон явна. Дараа нь гурван эгнээ улаан, гурван эгнээ цэнхэр, гурван эгнээ улаан туг мандуулсан морьтнууд дагалджээ. Хамгийн арын эгнээнд явах ёстой улаан тугтай нөхөр бүүр сүүлд давхин ирж жагсаалдаа орж байгаа харагдав. Туг далбаагаа цэнгэлдэхийн голд байрлуулсны дараа сумын төрийн байгууллага болох захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийнхэн ажлын газрынхаа нэрийг өмнөө барин жагсаалаараа гарч ирэв. Богинохоон жагсаалыг асрын өмнө явахад байгууллага тус бүрийнх нь танилцуулга, амжилт бүтээлийг нь дуудаж байлаа. Су-мын наадамд 34 бөх зодоглохоор нэрээ бүртгүүлжээ. Аймгийн арс-лан Б.Шаравдоржийгоо барил-дахаар ирсэнд наадамчид тунчиг дуртай байлаа. Ид барилдаж байх үедээ улсын начны тааварт байнга бичигддэг байсан Шараваагаа сумынхан тэр хэмжээнд үнэлж хүндэлдэг. Одоо бол жилийн аль ч улиралд улсын харцага Ө.Даваа-баатарыгаа ярина. Наадмын үеэр мөн л яаж барилдах талаар нь ам өрсөн ярьцгааж байсан. Нутгийн-хаа хүүг сайн барилдаасай, наа-дам сайхан болоосой гэсэн амны бэлгэ, ерөөл тавьж байгаа хэрэг.

Наадмын эхний өдөр азарга, их нас, даага уралдсан. Их насны морьд хавьгүй олон байв. Урал-даан бүрт ямар нэгэн зарга заль-хай гарсангүй. Даага гарч гарааны газраа хүрэхийн хэрд хоцорсон хоёр ч даага араас нь давхилаа. Нэг нь араас нь давхисаар гүйцэ-хийн үед даага эргэчихсэн. Харин нөгөө нь хоцорсноо мэдээд урд толгой дээрээс эргэж, хөтөлж явсан хүнтэйгээ уралдаад давхихыг ха-рахад эгдүүтэй хөөрхөн. Дааганы уралдаан урьд хошуу тойрон гарч ирэхэд морь, мотоцикль, машин нь бүгд уралдаж байгаа юм уу гэмээр хоорондоо холилдчихжээ. Орой-хон болсондоо ч тэгсэн үү бараг л эзэн бүр нь өөрийнхөө даагыг хөөж байлаа. Машинтай нь шахаж ирээд л сигналдана. Нэг мото-цикльтой эр бүр шилбүүр барь-чихсан ороолгон хөөж байгаа харагдсан. Ингэлээ гээд ямар нэгэн хэл ам хэрүүл тэмцэл болсонгүй. Түрүүлж айрагдах нь айрагдаж, уралдаан сайхан боллоо хэмээц-гээж байв.

Сумынхан бүгд л “арай гайгүй давхилтай морьдоо аваад 90 жил-дээ уралдуулна” гэцгээж байсан. “Тэгээд тэр олон морьд дундаас түрүүлэх юм уу” гэхээр “Тоо нэмнэ, тоосоо өргөнөө хө” хэмээх. Ямар-таа ч олон тэгш ой давхацсан их ойн жил улсын наадамдаа тоосоо өргөж хийморио сэргээхээр шийд-жээ.

Цэнгэлдэхийн хойд талд барь-сан хуушуурын гэр орчим өдөр тийшээ хөл хөдөлгөөнд дарагджээ. Наадмыг манайхан хуушуургүй-гээр төсөөлдөггүй. Хуушуур авах гэсэн хүмүүс дугаарлаж, дөрвөн гэрийнхэн толгой өндийх завгүй ажиллаж байв. Наадмын хуушуур эрэлт ихтэй байгаагийн шинж, бүр ар араасаа дугаарласан байсан. Гэрийн дэргэд худалдааны хэд хэдэн машин чихэр, ундаа зэргийг зарж байсан ч хүмүүс хуушууранд л хошуурна. Хүйтэн өдөр байсан болохоор ундаа, усны борлуулалт муу аж. Гэрийн дэргэд нэг нөхөр тасарчихсан ширгэн дээр нам унтаж хэвтэнэ. Өнөө жил Баянцогт бороо ихтэй байгаа. Хаа л бол хаана халиурсан ногоо. Тал хөн-дий хар ногооноор униартана. Хууршуурт оочерлонгоо хүмүүс “Үгүй мөн хачин хангай яа. Яг намар шиг. Наадмын өдөр ингэж таарахдаа ч яахав” гэж ярилцана. А лдарт ээжүүдэд одонг нь гардуулна гэсэн зар наадмын талбайн хөл хөдөлгөөнийг нэмлээ. Энэ жил манай сум шинээр 100 гаруй алдарт ээжтэй болж байгаа юм. Зургаан сарын нэгэнд одон өгнө гэсэн зараар айл бүр дайллага цайллага хийхээр бэлдэж, хол ойроос ах дүүгээ урьжээ. Гэтэл суманд найман одон ирж хамгийн настай наймд өгөх болов. Үлдсэн хэд нь одонгүй найр хийх үү, одонгоо авахаар дахин юм бэлдэж найр хийх үү гэдэг дээрээ тулж. Зарим бүр ууцаа чанаад бэлдчихсэн байсан гэсэн. Тэгээд ихэнх нь найраа одонгүй хийсэн юм. Харин тэрхүү алдарт одонг наадмаар ээжүүдэд гардуулж байгаа нь тэр. Гоё гоё дээл өмссөн одонгийн эзэд тэр өдрийн бас нэгэн чимэг байлаа. Лав 80 хүнд одонг нь зүүж өгнө лээ.

Наадмын цаг агаар сумын охид хүүхнүүдийн гоёлыг өөрчилжээ. Манайхан наадамдаа зориулж янз бүрийн загвараар дээл оёулжээ. Сумын уран гартай хэдэн бүсгүй наадмын өмнөх өдрүүдэд нойргүй шахам сууж дуусгасан гэнэ. Харин наадмаар ийм хүйтэн байна гэж хэн ч төсөөлөөгүй учраас хөнгөн нимгэн гоёлоо аргагүй хойш тавьжээ.

Манай сумын айл бүр портер-той. Залуус нь хужаа мотоциклиор ижиллсэн мэт гоёно. Япон, солон-гос суудлын тэрэг ч олонтой. Тэр бүх машин наадмын талбай дээр цуглажээ. Дээр нь хот хүрээнээс ирсэн ах дүү, амраг садных нь машин нийлэхээр сум маань хоёр өдөр олны хөлд дарагдлаа.

Уяач бүр морио түрүүлсэн мэт, барилдсан бүхэн өрсөлдөгчөө давсан мэт сэтгэл дүүрэн наадаж чаддаг манай сумынхан бүтэн жилжингээ хуучлах сонинтой тарцгаалаа. Сумын төвийн урд хөндийг хөгжөөн өдөөж байсан туг далбаа, хөл гишгэх зайгүй байсан олон хүн өнөөдөр бүгд гэр гэрийн зүг одсон байгаа. Тэгсэн ч хүн бүр наадмын тухай хуучилж, сэтгэлд нь дөнгөж өчигдөр болсон наадам тэр чигээрээ л үргэлжилж байгаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Н.БҮРГЭДАА: Сумын наадамд цолтой, цолгүй бөхчүүдийг зовоодог л хүүхэд байлаа

Өдрийн сонины 2019.07.02 МЯГМАР №138(6239) дугаар архиваас

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

1981 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, 1982 оны самбо бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн 1985 оны “Дэлхийн цом”-ын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаатай ярилцлаа.


-Тантай энэ удаад наадмын тухай хөөрөлдье гэж бодлоо. Бөх хүнтэй наадам ярих шиг сайхан зүйл үгүй дээ?

-Би хэдийгээр их спортын тамирчин байсан ч гэсэн цэргийн заан цолтой хүн.

-Сумын наадамд хэдтэйгээсээ эхэлж барилдаж байв?

-Сумын наадамдаа дунд сургуульд байхаасаа л барилдаж эхэлсэн. Их спортод хөл тавихын тулд үндэсний бөхөөр барилдаж байж л спортын гараагаа эхлүүлсэн гэж болно. 1974 онд Говь-Алтайгаас 400 эр цэрэг ардын цэргийн албанд мордож байлаа. Шар автобусаар ирж билээ. Тэр үед Батлан хамгаалах яамны сайд Моломжамц гуай дэд хурандаа цолтой байл уу даа. Манай Алтайн цэргийг авч явлаа. Эхлээд сум сумаар нь барилдуулаад шалгарсан бөхчүүдийг Лүн сумын наадмын талбай дээр авчраад аваргыг нь шалгарууллаа. Би тэгэхэд 500-гаад цэргээс түрүүлэхэд Моломжамц гуай намайг “Чи мундаг тамирчин болно” гээд “Алдар” нийгэмлэгт өгч байлаа.

Цэрэгт ирэхээс өмнө сумынхаа наадамд зодоглодог байлаа. Гурвын даваанд сумын заан, сумын начингуудтай гар зөрүүлж л байсан. Хүүхэд байхын л барилдах сонирхолтой, төрөлхийн авьяастай байлаа. Тэндээс л миний бөхийн замнал эхэлсэн. Их спортын тамирчин байхдаа энд тэнд очиж үндэсний бөхөөрөө барилдана. Түрүүлж, даага хөтөлдөг л байлаа. Хоёр ч сумын наадамд даага хөтөлж байж шүү. 1976 онд байх аа, их сургуулийн зааланд Армийн аварга шалгаруулах тэмцээн дээр би Сугаа начинг тэр үед хаячихаж л байсан юм даа. Тойргоор барилдаад 19 давлаа. Тэр үед их спортын тамирчдыг үндэсний бөхөөр барилдахыг хатуу хориглож байсан. Ялангуяа хөнгөн жингийн тамирчдыг. Ч.Дамдиншарав багш маань их уурлаж цэргийн зааны үнэмлэх бичиж өгөх нь бүү хэл, загнаад сүйд хийхээ дөхсөн. Тэнд дураараа очоод барилдсан гэдгээрээ арга хэмжээнд хүртэл орохоо дөхөж билээ. Үндэсний бөхөөр барилдаад байхаар ухардаг, хамгаалдаг болчихдог талтай л даа.

-Сумын наадамд үзэгчдийг хэр хуйлруулдаг байв?

-Сумын наадамд гараад л шажигнатал зүүгдчихдэг хүүхэд байсан юм. Цолтой, цолгүй бөхчүүдийг зовоодог л хүүхэд байлаа (инээв). Зүүгдчихдэг. Ширвээд унагах гэхээр дөрвөн хөллөчихөөд унаж өгдөггүй ийм л хүүхэд байлаа. Тийм ч болохоор хүүхэд байхаасаа л аманд гарсан. Сумандаа бол би амандаа гараагүй жил байгаагүй байх аа, цэрэгт иртлээ.

-Наадам болгон сайхан, наадам бүхэн дурсамжтай. Тэр дундаас таны санаанаас гардаггүй дурсамжтай наадам гэвэл хэзээний наадам бэ?

-Нэг дурсамж байдаг юм. Цэрэгт ирэхээс өмнө Архустын “Сургууль комбинат”-д Тракторч-комбайнчийн курст ирэхгүй юу. Хавар, зун нь дадлагаар Сантын сангийн аж ахуйд очдог юм байна. Хавар нь би трактор барьж яваад халууцаад байхаар нь Орхон голд орчихсон чинь усны хордлого гараад яршлаа. Яран толгойтой юм л байлаа. Бидний хоол хүнс дуусаад, манай дадлагын багш казах хүн байсан юм. Тэр хүн машин тэргэнд дайгдаад Эрдэнэ сумаас хоол хүнс олж ирэхээр явлаа. Бид нарын хоол хүнс дуусчихсан, их хүнд байлаа. Гурил зуураад давстай усанд хорхой шиг имэрч шидээд тэрүүгээр л хооллоно. Тэр үеэр наадам болдог юм байна. Би барилдах болдог юм байна, сумын наадамд. Сант, Орхон, Баруунбүрэн сум гэсэн бүсийн сумдын дунд спартакиад болж өнгөрч. Тэр үед сумынхаа наадмыг алдахгүй гэж нэг айхавтар үг байлаа даа. Манай дадлагын нэг багш сумын цолтой хүн байсан. Тэр хүн намайг болон хамт дадлага хийж яваа найзуудыг минь дагуулаад сумын наадамд очлоо. Намайг бүртгүүлчихлээ. Гурвын даваанд “Тэнхээ” Бадарч гэж аймгийн заан чамайг амлалаа л гэж байна. Тэгсэн чинь өнөө хүн чинь волейбол тоглож байснаа аманд ирсэн хүүхдийг аваад шидчихье гээд л тамирын хувцастайгаа нэг бүс бүсчихээд л амьсгаадаад хүрээд ирлээ. Үзээд явчихлаа, би. Бүснээс нь зүүгдчихээд тавиагүй. Нөгөө хүн чинь их том биетэй, тэнхээтэй хүн. Намайг дүүгүүрдээд байдаг, би толгойгоороо цээж рүү нь түрчихээд л үзээд байдаг. Сүүлдээ тэр хүн засуулуудад хандаж “Энэ хүүхдэд далбаа өмсүүл” гэдэг юм байна (инээв). Тэгтэл надад олдож байгаа нь хүүхдийн далбаа өмсүүлчихлээ. Дахиад л үзлээ. Намайг дахиад л дүүгүүрдэж гарлаа. Дүүгүүрдэж байгаад тавихад нь хутгачихсан чинь нөгөө хүний дээр нь гарчихлаа даа. За тэгсэн сумын наадам шуугиан болчихдог юм байна. Тэгээд би чинь үзүүр, түрүүнд үлддэг юм байна. Дадлагын багш маань түрүүлээд. Би чинь Сант сумыг аврахгүй юу. Тэр үед би чинь бүжгэнд орж яваад зодоон хийсэн хэргээр цагдаад дуудлагатай байлаа. Тэгсэн чинь сумын дарга намайг дуудаж байна гэнэ. Би ч айгаад л яваад очлоо. Тэгтэл хажуудаа хэлтсийн төлөөлөгчийг суулгачихаж. “Чи энэ хүүхдийн тэр асуудлыг шийдээд наад хүүхдээ аж ахуй руу нь явуул. Сумын наадамд сум нутгийг аварсан хүүхдийг” гэж байна. Би торгууль ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авахуулах байсан чинь юу вэ сүйд болдог юм байна. Хоол унд өгөөд айраг цагаагаар дайлж байна. Үзүүр, түрүүнд үлдэхээр хэдэн төгрөг өгнө. Өгсөн мөнгөөр нь хамт дадлага хийж байсан арван хэдэн нөхдөдтэйгөө наадмын талбайдаа сайхан хуушуурдлаа. Үлдсэн хэдэн төгрөгөөр нь гурил, будаа, хиам гээд л хүнсээ цуглуулаад өнөө муу майхандаа очиж байлаа. Тэндээ хоёр гурван хоног хоол ундтай байж байтал Эрдэнэ сум руу хүнсэнд явсан багш маань ирдэг юм байна. Бид чинь хоол идчихсэн, цодойчихсон юмнууд сууж байлгүй яахав. Багш “Санаа зовоод, хэдэн хүүхэд маань тураад үхчихсэн байх вий. Орхон голын эрэг дээр өлбөрчихсөн байх вий” гээд ихэд санаа нь зовсон байдалтай ярьж байна. Тэгтэл нөхөд маань “Манай Бүргэдаа сумын наадамд үзүүрлээд шагнал аваад бид хоолтой золгосон” гэж их л сүрхий магтаж ярьцгааж билээ. Тэр зуны тэр наадам санаанаас минь ер гардаггүй юм.

-Гоё дурсамж байна?

-Өлсгөлөнгөөс хэдэн хүүхдийг аварч л явлаа (инээв).

-Хэдэн оны үе вэ?

-1972 оны үе байх аа. Арван хэдтэй л хүүхэд байж.

-Манай сонины Тамгын газрын дарга Т.Дашням 1990-ээд оны үед Эрээнд явж байтал монгол наймаачид нэг залууг мөрөн дээрээ суулгаад “Бид ялчихлаа. Манай бөх давлаа. Монгол, Монгол!” гээд баяр хөөр болж, уухай хашгирцгаагаад шуугьж байхыг харж л дээ. Тэгээд учрыг нь лавлатал монгол залуу хятад эртэй барилдаад давж, тэнд явсан монголчуудыг баярлуулсан байгаа юм. Тэр хятад хүнийг давсан монгол залуу нь та байсан юм билээ шүү дээ?

-Тэр чинь ингэсэн юм. 1990-ээд он гарчихсан байсан. Ганзагын наймааны үе байлаа. Тэр чинь хятад хүн биш, өвөр монгол бөх байсан юм. Би яахав наймаа хийгээд явж байсан юм. Тэнд нэг залуу цээжээ хаялаад том л харагдах гэхгүй юу. Тэр хавьдаа л наймаачдыг жаахан эрэмбэдэх гэсэн юм уу даа. Тиймэрхүү юм би сонсчихгүй юу. Би Үүрцолмонтой (Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Үүрцолмонг хэлэв.сурв) хамт явж байсан юм. Бага жингийн тожгорууд л наймаа хийх гэж явж байхгүй юу. Тэгээд өнөө өвөр монгол дээр очлоо. “Чи бөх үү” гэсэн чинь өөдөөс “Тийм ээ, бөх” гэж байна. “Би ч бас бөх” гэсэн чинь намайг шоолонгуй байна аа. Тэгэхээр нь би “Тэгвэл хоёулаа барилдчихъя” гэлээ. За гэж байна. Хэрвээ чи надад ойчвол энд наймаа хийхээр ирсэн ар монголчууддаа тусалж, анхаарч бай. Хэрвээ би чамд унавал гээд тодорхой хэмжээний мөрий тавилаа. Тэгээд барилдах боллоо. Монголчууд маань “Бүргэдаа аварга аа” гээд, цаанаас нь өвөр монгол бөхийг өвөр монголчууд нь дэмжээд хажуугаар нь хятадууд юу болдог бол гэж ихэд сонирхоцгоож байна.

-Эрээний зах дээр юм уу?

-Зах дээр л үзэлцэнэ ш дээ. Зах дээр талбай гаргаж байгаад л тойрцгоож байна. Үзэлцээд л байлаа, үзэлцээд л байлаа. Үзэж үзэж байгаад унагачихдаг юм.

-Ямар мэхээр?

-Эрхбиш их спортын хүн байна даа, баруунд нь сэжээд хутгачихсан санагдаж байна. Тэр бөх бас их шандастай хүн байсан. Амьтад овооролдоод л шуугилдаад. Давчихсан чинь монголчууд маань намайг өргөж аваад л мөрөн дээрээ тавиад уухайлцгаагаад бөөн баяр болж байлаа.

-Та наадмаар бөхийн асар хавиар байдаг уу, үзэгчдийн суудалд суудаг уу. Ер нь голдуу хаагуур наадамладаг вэ?

-Үзэгчдийн суудлаас бөхөө хардаг болсон. Бөх рүү ойртохоо больсон. Гоё дээлээ өмсч, одон медалиа зүүгээд наадмынхаа хуушуурыг идчихээд үзэгчдийн дунд сууж байх шиг сайхан юм байдаггүй юм билээ.

-Таны тухай онигоо олон доо. 500 рубльтай холбоотой хөгжилтэй явдлаа ярьж болох уу?

-Тэр үед 500 рубль чинь их мөнгө байсан юм шүү. Гадаад явдаг хүн ч ховор. Хэдэн бөхчүүд л явна. Ах дүүс намайг гадаад явна гэхээр гутал, хувцас авчраарай гэж захиж 500 рубль өглөө. Би цэргээс халагдаад ирсэн, мөнгө муутай л амьтан байлаа. Социалист орнуудад банкууд нь тамирчдын 50, 100-тын дэвсгэртийг сольж өгдөггүй байсан юм. Би яахав таван ширхэг 100-тын рублийг Монголоос бол нуугаад гарчихаж байгаа юм. Тэгээд тэрийгээ Омск дээр очоод аравтын дэвсгэрт болгууллаа. Оюунболд (Гавьяат тамирчин Д.Оюунболдыг хэлэв.сурв) бид хоёр мөнгөө нуухын тулд онгоцны ар талыг бараг түймэрдэхийн наагуур юм боллоо. Тэр үед цавуу элбэг биш, скоч гэж бүр байхгүй. Асаагуур гэж байхгүй. Шүдэнзтэй. Онгоцны арын суудалд суугаад кээтнийхээ бамбагар улавчийг сугалж аваад өнөө дэвсгэртүүдээ хийгээд улавчаа гялгар уут хайлуулж байгаад наагаад өмсчихлөө. За, тэгээд “Шереметьево” дээр орой буулаа. Олимпийн өмнөхөн, сорилтын гурван тэмцээнд оролцохоор Герман, Румын, Болгарт очих байлаа. Румынд эхний тэмцээнтэй. Биднийг Мөөеө багш (Дархан аварга, хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат аваргыг хэлэв.сурв) авч явж байсан юм. Тэгтэл намайг нэгждэг юм байна. Жижиг өрөө рүү орууллаа. Би хэргээр шивэртэй оймс өмсчихсөн юм. Би ч яахав намайг нэгжиж байгаа орост “Миний аав малчин. Би шинэ цэрэг. Манай аймаг бүр хол Алтайд бий. Би амьдрал ядуу. Надад рубль байхгүй” гээд л оросоор ярилаа. Тэгсэн чинь “Сайн байна. Сайн шинэ цэрэг байна” л гэж байна. Дээрээс аваад л бүхнийг минь нэгжлээ дээ. Тэгснээ нэг кээтийг минь тайлж аваад дориун шалгаж байна. Гялгар уутаар нааж байхдаа нэг газар нь жаахан түлчихэж. Тэрийг харснаа улавчийг суга таттал нөгөө баахан аравтын дэвсгэртүүд минь унаад ирлээ. Хажууд байсан бас нэг орос миний нөгөө хөлийг бариад авлаа даа. Хоёр, гурван орос намайг шалгахад хамт байсан. Би болохоор “Та нар үзчихсэн. Одоо байхгүй” гээд тэр дотор чинь өрөөсөн гуталтай хөөцөлдөөд, хоёр гурвуулаа намайг барьж аваад кээтийг минь сугалаад авчихлаа. Нөгөө 500 рублийг минь хураачихлаа даа. Хамаг амьдрал ш дээ, тэр чинь. За тэгээд л би үсрээд гараад ирэхгүй юу. Тэгтэл Мөөеө багш маань “П…чинь баярлаад дэвхрээд гараад ирлээ ш дээ” гэж байна. Би ч яахав болсон явдлыг ярилаа. “Хэдэн рубль хураалгасан бэ” гэхээр нь “500 рубль” гэсэн чинь Мөөеө багш “Чи тэр их мөнгийг олохын тулд Монголд хичнээн өр тавих бол” гэж байна. Тухайн үед олон улсын тэмцээнд оролцоод эхний гурван байрт орвол Биеийн тамир, спортын хорооноос 300-700 төгрөгийн шагнал өгдөг байсан юм. Хэрвээ би Румынд түрүүлбэл 700 төгрөгтэй болох байлаа. Тэгтэл З.Ойдов гуай түрүүлээд би мөнгөн медаль авчихдаг юм байна. Тэгэхээр би 500 төгрөгтэй боллоо гэсэн үг л дээ. Тэгтэл Мөөеө багш “Чи алдсан мөнгөнийхөө талыг олчихлоо. Одоо Германд очоод түрүүлчихвэл өрнөөсөө гарах нь байна шүү дээ” гэж байна.

Орой нь Германд машинаар яваад оччихлоо. Бусад орны тамирчдыг харсан чинь дан надад хожигдсон тамирчид ирж байна аа. Оросууд ирдэггүй. Тэгэхээр нь би “Оросууд ирсэнгүй. Би ч түрүүлэх нь” гэж бодож байлаа. Мөөеө аварга ч “Оросууд байхгүй байна. Түрүүлчихсэн байх аа чи” гэж байна. Өглөө 06 цагт жин үзсэн чинь гурвын гурван орос миний жинд зогсч байдаг байгаа.

Хоёр нь манай хэсэгт ороод ирдэг юм байна. Үзээд л явчихсан. Би хэсэгтээ түрүүлээд гараад ирлээ. Нөгөө хэсгээс нэг бөх гараад ирдэг юм байна. Маргааш нь аваргын төлөө тэрэнтэй барилдах боллоо. Өглөө нь Мөөеө аварга намайг дуудаж байна “Чи нөгөө 500 рублиэ хураалгасан хүнээ санаж байна уу” л гэж байна. “Мэдэхгүй ээ, санахгүй байна” гэлээ. “Тэр гаалийн ажилтны чинь энгэр дээрх шошгыг харахад одоо чамтай барилдах гэж байгаа нөхөртэй нэг овогтой юм билээ. Харваас царай нь ижилхэн, багууд байна. Ах дүүсийн улсууд байна. Одоо чи энд л даагаа нэхэх болж дээ. Энэ бол дүү нь, ах нь чиний мөнгийг хураачихсан” гэж байна.

-Тэр нь ямархуу байрын бөх байсан бэ?

-Өндөр биерхүү нөхөр. Намайг дэвжээ рүү гарахад Мөөеө аварга “Хөлийг нь хар. Нарийхан шилбэтэй юм. Хүүхний шилбэтэй юм байна ш дээ” гэхээр нь хөл рүү нь орох гэсэн чинь явуулдаггүй. Би ч “Мөөеө багш аа, энэ чинь явуулдаггүй ээ” гэсэн чинь өөдөөс харин “Битгий хуц! п… чинь. 500 рубль, 500 рубль” гэж байна. Завсарлагаанаар багш “Наадах чинь 500 рублийг чинь хулгайлсан хулгайч ш дээ. Чи одоо наадхаа мөргө, зод. Өөр арга байхгүй. Хамрыг нь нахийтал мөргө. Урдаас нь мөргө” л гэж байна. Дэвжээн дээр гараад харсан чинь нөгөө гаалийн ажилтантай нээрэн л адилхан юм. Уур хүрээд нүдчихлээ. Гурав торгуулаад хөөчихлөө. Мөргөсөөр байтал тэрний нүүр, миний ч нүүр булуу болчихлоо. Тэмцээний дараа шүршүүрт ирээд хавдраа буулгах гээд хүйтэн усаар шавшаад зогсч байтал ар нуруу руу хэн нэгэн хүн алчуураар тасхийтэл ороолгоод явчихдаг юм. Хартал Мөөеө багш. “Хөөе, яаж байна, багш аа” гэсэн чинь “Нөгөөх чинь шал өөр нутгийн хүн байсан байна ш дээ” гэж байна. Намайг 500 рубль дээр шатааж л тэмцээнд хожуулах арга хэрэглэсэн нь тэр л дээ.

-Тэгээд та хожсон л биз дээ?

-Тэгсэн. Энд ирээд өрнөөсөө салахгүй юу.

-Наадам хаяанд ирлээ. Энэ сайхан баярыг угтаад мэндчилгээ дэвшүүлж, ярилцлагаа өндөрлүүлье.

-Монголын ард түмний үндэсний бахархалт баяр наадам дөхөж байна. Монголын нийт ард түмэн, Алтайчууд, Засагт ханыхан, үндэсний бөхөд хайртай ард түмэндээ дэнж хотойтол сайхан наадаарай гэж ерөөе. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хязаалан насны морьдын уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан барианд орлоо.

Түрүү: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ

Аман хүзүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар үрээ

Айргийн гурав: Төв аймгийн Баян сумын уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хээр үрээ

Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Заг сумын Зангарын Пүрэв-Очирийн зээрд үрээ

Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сум Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийэ зээрд үрээ

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монголын Улсын 814, Ардын
хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд хязаалан насны 286 морь
шандас сорихоор бүртгүүлсэнээс 170 гаруй нь шандас сорихоор болжээ. Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Монгол наадам бол Монгол түмний цэнгэлийн манлай өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлийн цогц юм

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хааж, үг хэллээ.

“Наадамчин олон Монголчуудаа,

Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа

Өвөг дээдэс минь Тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан, нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье. Монгол наадам бол Монгол түмний цэнгэлийн манлай өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлийн цогц юм. Наадам Монголчуудын эв нэгдлийн бататгаж, үндэсний бахархалыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн агуу их соёлоо үеэс үед уламлжлан, төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган, хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ. Энэ жилийн онцлог байдлыг харгалзан талын монголчууд маань тал нутагтаа сайхан наадаж 21 аймаг 330 сумандаа монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан, ард олноороо нэгэн зэрэг наадлаа. Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт Монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо. Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх өв соёлоороо үндэсний бахархлаараа хэмжигдлээ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэсний их эв нэгдэл юунаас илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухалыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа. Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа, сайхан наадаарай, Мөнх тэнгэрийн хүчин дор мянга мянган жил үргэлжлэх монгол наадам маань ийнхүү жаргаж байна” гэлээ.

Х.ЕСҮ