Categories
мэдээ нийгэм

Долдугаар сард орон нутгийн замд 15 хүн мотоциклийн ослоор хорвоог орхижээ

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас Орон нутгийн замд 15 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, Ховд, Өмнөговь, Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгууд тус бүр 2, Говь-Алтай аймагт 3 бүртгэгдсэн байна. Сүүлд энэ сарын 28-ны өдөр хоёр хүн мотоциклийн ослоор амь насаа алджээ. Тодруулбал 2020.07.28-ны өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6-р баг “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш-н амь нас хохирсон байна.

Дээрх осол, хэргийн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж онхолдох хэлбэрээр осол, хэрэг гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн 5 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр буюу /2020.07.30/ Улаан загалмайн хороо хамтран үерт өртсөн 5 өрхийг өргөө цагаан гэртэй болгох үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, ажил хариуцсан хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд, хорооны Засаг даргын ажлын алба, Улаан загалмайн хороо, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүчтэй аадар борооны улмаас нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын хүрээнд үерт өртсөн айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, орон гэр нь эргэн сэргээн засах боломжгүй, зайлшгүй дэмжлэг шаардлагатай 5 өрхийг гэртэй болгох хүсэлтийг дүүргийн Засаг даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Шийдвэрийн хүрээнд Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, ажил хариуцсан хэлтэс, албад хариуцсан ажлуудаа шуурхай зохион байгуулж, өнөөдөр өргөө гэрийг эздэд нь, хүнсний багцын хамт хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ нийгэм

Австрали улсаас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр буюу /2020.07.30/ Улаанбаатар-Сидней чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэнээ татаж авна.

Долдугаар сард хийгдсэн тусгай үүргийн нислэгүүдийг товч мэдээлэл:

  • Долдугаар сарын 4-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 263 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 172 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 258 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 9-ний Туркийн Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 261 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 12-ны өдөр Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 14-ний өдөр “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 15-ны өдөр хоёр удаагийн транзит нислэг үйлдэж, АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирсан. Эхний онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэн бол хоёр дахь тусгай үүргийн онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 265 ирсэн ирсэн.
  • Долдугаар сарын 21-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 260 иргэн ирсэн.
  • Долдугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Европоос 264 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирсэн.
  • Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирсэн.
Categories
мэдээ нийгэм

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт ял оноов

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.

Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: 520 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 520 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр нислэгээр ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, найман эмч ажилчдын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 32 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн гурван хүний шинжилгээ байна. Нийт батлагдсан тохиолдол 291 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 225 боллоо. Харин эмчилгээнд 66 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 62 хүн хөнгөн, гурван хүн хүндэвтэр, нэг хүн хүнд байна гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш”

-ТЭГЖ ЯРИВАЛ МУУЛААД БАЙГАА ОЮУТОЛГОЙ ЗЭЭЛ, ТӨЛБӨРӨӨ ТОЛГОЙ ӨВТГӨХГҮЙ ӨӨРӨӨ ТӨЛЧИХНӨ-

АТГ-аас Оюу толгойн асуудлаар яллагдагчаар татан шалгагдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй ярилцлаа. Тэрээр мөрдөн шалгалтын явцад АНУ-ыг зорьж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. Ийнхүү хилийн дээс алхсанаасаа хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм.

-Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын үед та гадаад улсад амьдарч байна. Хэрхэн аж төрж байна вэ?

-Би 2001 оны террорист халдлагын үед АНУ-д сурч таарсан. 2020 оны цар тахлын үед бас таарлаа. Энд Монгол дахь нөхцөл байдлаас 180 хэм эсрэг нөхцөлд байна. Цар тахалтай зэрэгцэн оршиж, зэрэгцэн аж төрж байна даа. Энд эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд байдгаараа нээлттэй байхыг хичээж байна. Манайхан гаднаас халдвараа барьж чадсан юм чинь, уг нь дотроо эдийн засгаа, бизнесээ, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжвэл гэж бодох. Энд маск зүүх, эсэх нь яг манайхтай адил улстөржилтийн сэдэв нь болчихсон. Уг нь манайхан шиг бүгд л зүүчихвэл. Аль болох цөөхөн гарч орсон шиг л байж байна.

Game of Thrones” киноны “Winter is coming” (Өвөл, хүйтэн айсуй) гэдэг шиг л намар, өвлөөс хоёр дахь давалгаа ирэх үед энд, бас эх оронд минь яана даа гэж санаа зовж л сууна.

-Санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Монгол хүн байна даа, хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгох гэж л үзэж байна. Гэхдээ ижил дасал болсон эх орон, элгэн садан, эрхэм нөхдөөсөө хол, хүний газар гүний нутагт удаан хугацаагаар байх ямар л олиг байх вэ дээ.

-Таны биеийн байдал ямар байна. Эрүүл мэндийн шалтгаан нууц байх нь ойлгомжтой. Гэхдээ ямар шалтгаанаар эмчилгээ хийлгэж байгаа вэ. Хүндэтгэх шалтгаанаа ард түмэндээ хэлж болох уу?

-Өө, эрүүл мэндийн байдлаа жаахан тодруулаад хэлэхээр зарим гаруудын амны зугаа, доромж болоод л дуусдаг юм байна лээ. Амны, ашдын билгээр сайн байна аа л гэе. Үхээсэй гээд байдаг хүмүүст намайг алчихгүй л бол үхэж одоохондоо та нарыг баярлуулж чадахгүй нь, уучлаарай л гэе дээ.

-С.Баярцогт, Б.Бямбасайхан гээд хоригдож байгаа хүмүүсийн өмгөөлөгчид ганц л зүйлийг ярих боллоо. Таныг Монголд шүүх хуралд оролцохгүйгээр Дубайн гэрээний асуудлыг шийдэх боломжгүй. Та ирэхгүй байгаа нь хамтран зүтгэгчид чинь халтай болж байгаа мэтээр тайлбарлах юм.

-Дээрх хүмүүсийн өмгөөлөгчид ганцхан зүйл яриагүй л дээ. Нэлээд хууль зөрчигдсөн, хууль буруу хэрэглэсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд алдаа гарсан, хараат бус шүүх байж чадаагүй, улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан гээд олон зүйлийг ярьж байгаа. Намайг оролцуулахгүйгээр шийдэх боломжгүй байсан бол буцаагаад дахин шалгуулахгүй харин яагаад шоронд цөлж байгаа юм.

-Таныг ирэхгүй болохоор энэ олон хүмүүсийг золиосонд явуулчихаж байгаа юм биш үү?

-Хэний золиосонд гэж. Минийх үү, Баттулгынх уу. Шулуухан хэлэхэд, ирэх жил Үндсэн хуулийн нэмэлт хууль зөрчиж Баттулга Ерөнхийлөгчид дэвших үед хийж гийгүүлсэн нэг ч ажил өнгөрсөн дөрвөн жилд байхгүй болохоор зүгээр хариуцлага нэхэж, шударга ёс тогтоож байгаа мэтээр олны сэтгэлд таалагдах гэж хувийн хонжоо хайж, сонгуулийн пиарын золиосонд энэ олон хүнийг явуулж байгаа юм. Олон “акул” хорилоо гэж хэлж байгаа нь одоо надтай өрсөлдөх хүчтэй хүн үлдээгүй ээ л гэж байгаа нь тэр.

-Угтаа Н.Алтанхуяг таныг дуудаж авчраад Ерөнхий сайд болгосон гэх зүйл яригддаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг нэг хүн уулзаад л, дуудаад л авдаг юм биш. Энэ албыг хэн ч чамд май гэж авчирч өгдөггүй юм. Өөрөө, багаараа тэмцэж өрсөлдөж олж авдаг юм. Би АН-ын улс төрийн дээд байгууллага ҮЗХ-ны 400 гаруй гишүүнд хийх ажлын зорилт, төлөвлөгөө, арга зам, хөтөлбөрөө танилцуулж, Р.Амаржаргал гишүүнтэй өрсөлдөж байж олонхын саналаар дэмжигдэж Ерөнхий сайдын албанд томилогдож байсан. Энэ албыг Монгол Улсын шинэ үеийн түүхийн өнгөрсөн 110 жилийн хугацаанд гучхан аавын хүү л хаших боломж тохиолоо. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө хичээж ажилласан байх.

-Тэгвэл та юу хийж чадсан бэ. Таны үлдээсэн өв юу байв?

-Манай эдийн засаг ойлгоход их энгийн. Эдийн үнэ унахад хямардаг, түүхий эдийн үнэ өсөхөд найрладаг. Миний үед үнэ нь огцом унасан хямралын үнэ таарсан ч УИХ, Засгийн газар, Монголбанктай хамтарч олон талт арга хэмжээ авснаар эдийн засгаа агшаагаагүй, өсөлтийг нь нэмэх хувь дээр хадгалж чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Оюу толгой төслийг зөвхөн ил уурхайн хэмжээнд нь 30, 40-хөн жил ажиллуулаад зогсоох байсныг нөөцийнх нь 80 хувь байдаг далд уурхайг хөдөлгөж Оюу толгойг 100 жил ашиглахаар болгож, Монголын эдийн засагт 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж чадсанаараа бахархдаг. 2009 оны гэрээгээр зөвхөн ил уурхайгаас Монгол Улс зургаан тэрбум ам.доллар олох байсныг 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр зөвхөн татвараар 46 тэрбум доллар олохоор болгож чадсан. Улсдаа авчирсан өөр нэг өв бол харь улсад байсан өнөөдөртөө Оюу толгойтой зэрэгцэхүйц Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авчирч чадсан. Өөрийнхөө эдгээр legacy буюу өв, үр дүнг Төрийн ордонд байх хөргөндөө ч оруулж дүрслүүлсэн. Өнөөдөр зарим хүмүүс Монголдоо ашигтай энэ ажлуудыг албаар мушгидаг ч түүх, цаг хугацаа, үр ач нартаа зүй ёсоор үнэлэгдэнэ гэдэгт би ердөө ч эргэлздэггүй.

-Та интерполын улаан, цагаан хуудас гэж захидалдаа дурдсан байсан. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Гадны өмгөөлөгчийн товчооноос үйлчилгээ авсан нь ямар учиртай вэ?

-Эмчилгээгээ дуусангуут очно оо гээд байхад миний өмнөөс яг тэдэнд ирнэ гэж хуурамч мэдээлэл эхлээд тараасан. Тэр хугацаа нь өнгөрмөгц надгүйгээр шүүх хурлаа шинэ жилийн өглөө хийгээд л таслан сэргийлэх арга хэмжээ авснаа Интерполд хандаад унасан. Миний өнгө зүс, өмссөн зүүснээр цоллоод эхэлсэн учраас эндээс хуулийн хамгаалалт авахаас өөр аргагүй байдалд оруулсан. Энэ хугацаанд элдэв өвчнөөр даапааллаа, их мөнгөөр хуульчид хөлсөлсөн гэж гүтгэлээ, эцэст нь эх орноо сольсон болгож доромжиллоо. Гэхдээ тун удахгүй намайг биш Баттулгыг интерпол эрж хайх өдөр ирнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй дээ. Удахгүй манай хуульчид миний энэ бүх хилс асуудлаар олон улсад “Цагаан ном” гаргах гэж байгаа.

-Яг үнэндээ улс төрийн шалтгаантай холбогдож байгаа хүмүүс баривчлагдахгүй байх нь чухал юм шиг. Х.Баттулга ерөнхийлөгч болж, Н.Алтанхуяг гишүүн болсноор улс төрийн шалтгаанаар баригдаж хоригдохоос холдож чадав уу ч гэж харах өнцөг байна. Харин ч та АНУ-руу явсан нь зөв шийдвэр болж дээ, янз нь.

-Уг нь би АНУ-руу баригдаж хоригдохоос биш, биеэ эмчлүүлэх гэж л явсан ухаантай. Ар араасаа өрнөсөн олон үйл явдал өнөөдрийн нөхцөлийг бий болгоод байна. Энэ бол манайд “Rule of law” буюу хуульд захирагдах ёс алга болж байгааг л харуулж байгаа юм. Баттулга Ерөнхийлөгч болоод Төмөр замын хэргээ хүчингүй болгуулсан нь үнэн. Н.Алтанхуяг гишүүн болсноор ч хамгаалагдаж байгаа юм биш. Ж.Эрдэнэбатыг хар л даа. Гишүүнээр сонгогдсон ч ачигдаж байгаа биз. Чиний үлдэх, ачигдах эсэх нь зүгээр л махны машины аль талд нь зогсож байгаагаас хамаардаг юм. Н.Алтанхуяг хэдэн найзаа махны машинд хаяж өгч, махны машины эзэнг долоож байж л наранд явах визээ тодорхой нөхцөлтэй авсан төдий.

-Монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт гээд бүгд л шоронгийн хаалга татах боллоо. Энэ тухай ямар бодолтой байна вэ?

-Дээхнэ үед казино, С.Зоригийн аллага гэж сүртэй эхлүүлээд гурван гишүүнийг бэлгэнд бүс авснаар буруутгаж дууссан шиг ОТ, ТТ, терроризм гэж сүржин эхлээд юу болгож дампууруулав. С.Баярыг, нас биенд хүрсэн охин нь аавыгаа Ерөнхий сайд болохоос өмнө тусдаа хийж байсан бизнесээр нь яллалаа. Үндсэн хуульд гэр бүлийн гишүүнийхээ өмнөөс ял үүрэх байтугай, мэдүүлэг өгөхгүй байх ч эрхийг тунхагласан улс шүү дээ. Оюу толгойтой хайгуулийн үеэс нь хамтарч ажилласан компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагааг нь гэмт хэрэг гэж үзлээ. С.Баярцогтыг 2009 онд хийсэн үйлдэлд нь 2015 оны хуулиар, 2001 оны хуультай төсөөтэй хэрэглэж ял оноолоо. Бүгд Эрүүгийн хуульд хориотой зүйлүүд. Ядаж байхад бүх зүйл ангийг нэмсэн хугацаа нь тухайн зүйлийн хамгийн их хугацаанаас (энэ нь 5 жил) илүү гаргаж хорих ял оноож болохгүй гэдэг Эрүүгийн хуулийн зарчмыг хүртэл зөрчиж С.Баярцогтыг “Туг” болгон 10 жил оноолоо. Ж.Эрдэнэбат бол зүгээр л нөгөө “Төөрсөөр төрөлдөө” кинон дээр гардаг шиг “Гөлгөө яасныг санаж байгаа биз дээ” гэж М.Энхболдод хэлж байгаа мессэж. Дуугүй, чимээгүй байхгүй бол юу ч хамаагүй тохно шүү гэсэн дохио. М.Энхсайханыг террорист гэхэд арай л чангадах гээд байсан тул тэрэг, машин төдийгөөр шалтаг гаргалаа. Хэн ч гэсэн долоон жилийн дараах хуучирсан үеийнх нь үнээр өнөөдөр шинэ машин авмаар л байгаа шүү дээ. Харин өнөөдрийн үнээр нь авбал долоон жилийн дараа гэмт хэрэгтэн болно шүү гэсэн утга. Дээрх үндэслэлүүдийг сонссон гадны хүмүүс, хуульчид та онигоо яриад байгаа юм уу гээд ойлгохгүй, хэцүү юм. Бидний бодит байдал, эрх чөлөөний үнэ цэнэ ийм л онигооны үнэтэй болж хувирч байна. Яах уу, таминь ээ.

-Та намынхантайгаа холбоотой байгаа юу?

-Мэдээ, мэдээлэл байнга л авч байгаа.

-Өнгөрсөн хугацаанд одоо хоригдоод байгаа бусадтайгаа холбоо харилцаатай байсан уу. Монголдоо ирэхээсээ эмээж байгаа зүйл бий юү. Таныг хорьж байцаах нь тодорхой харагдаж байгаа шүү дээ…

-Заримтай нь холбогдохыг шүүхийн шийдвэрээр хорьчихсон байсан болохоор холбоо авсангүй. Хориглоогүй бусадтай нь холбоотой байсан. Хэрэг нь шүүхээр шийдэгдэхэд нөлөөлчих вий гээд их л удаан нам жим байлаа. Бүгдээрээ ар араасаа ачигдаж байна. Одоо энэ хүмүүсийн төлөө дуугарахгүй бол өөр хэн ч дуугарах юм. Эх орондоо ирэхээс эмээдэг хүн гэж хэн байхав. Харин хэлэх ярих, хийх хэрэгжүүлэх зүйлсээ дуусгаж амжихгүй бол гэдгээс л эмээж байна.

-Та хэзээ Монголдоо ирэх бодолтой байна. Таныг командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэг дээр ганцаар гарч чанга хашгираад яах ч билээ гэх мэтээр шүүмжилж байна лээ.

-А.Дюмагийн хэлдэг шиг “Итгэ, найд, хүлээ” гэдэг үгийг хүн эцсийн мөч хүртлээ боддог юм шиг. Хуульд захирагдах байх, хараат бус шүүгч үлдсэн байх гэж найдсаар алхаа тогшуулсан болохоор би С.Баяр даргыг тэгж хэлэхэд нь дотор нь орсон юм шиг л мэдэрч байсан. Магадгүй би байсан бол бас л тэгж хэлэх байх. Гэхдээ өнөөдөр ид бяр чадал нь орсон Баттулгад Монгол байтугай, дэлхий бага санагдаж байгаа биз. Голын нэг эрэгт хашиж байгаад юу дуртайгаа хийнэ, хэн дуртайгаа айлгана гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч голд бас нөгөө эрэг гэж бий. Нөгөө эрэг дээр Баттулгад таалагдахгүй олон юм бий. Үгэнд нь ордоггүй, хууль харж шийддэг хараат бус шүүгч нар, хүний эрх, эрх чөлөөг үнэлдэг нийгэм, хэн дуртайгаа шүүмжлэх эрх, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх мэтчилэн. Би Баттулгад чи бүгдийг нь хорьж гүйцэхгүй, бүгдийг нь хашиж байгаад хонь шиг номхон гаргах боломжгүй, бүгдийнх нь дууг дарж чадахгүй, чамаас илүү хүчтэй шударга ёс, чиний троллуудаас илүү чанга дуу хоолой байдаг гэдгийг голын нөгөө эргээс мэдрүүлэх ёстой. Би Баттулгыг буусан өдөр очно. Баттулгын даалгаварт захирагддаг бус Монголын хуульд захирагддаг болсон цагт очно.

-Та захидалдаа Ерөнхийлөгч Х.Баттулга руу нэлээд хатуу үгнүүд дайсан байна лээ. Та гэж дуудаж чадахгүй нь ч гэсэн байсан. “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга гэсэн. Ингэж үзэх болсон шалтгаан юу юм бэ. Бас таныг энэ үгнүүдээ нийтлэлч Цэнддоо, Баабар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор бичүүлчихэв үү гэж хардах хүмүүс ч байна…

-Толгой нийтлэлч нартай холбогдож хардуулсандаа харин ч өөрийгөө овоо тоолоо. Би ямар ч албан тушаал дээр байхдаа улс төрийн гол илтгэл, хэлэх үгнүүдээ зөвхөн өөрөө л бэлддэг байсан. Тархи толгойгүй амьтан шиг нэр нүүрээ бусдад ашиглуулна гэж юу байхав. Улс төрийн тогоон дотор 30-аад жил чанагдлаа. Шийдвэр хаана яаж гараад хэнээр дамжаад хэн гүйцэтгэж байгааг ялгахтайгаа болсон. Монголд гурван хүн байтугай, хоёр хүний хоорондох нууц ч тэсдэггүй гэмтэй. Монголд төрийн “Зөөлөн” эргэлт хийгээд дуртай шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг өөрийнхөө Тамгын газрын ажилтан шигээ дуудах, загнах, дарамтлах, даалгавар өгөх, халах, солих эрхтэй болчихсон хүнийг та яагаад харин ганц Маэстро болчихсон гэдэгт нь эргэлзээд байгаа юм бэ. Ийм зарчимгүй, хараа хяналтгүй диктатур Ардчилсан Үндсэн хуулийн доорх Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй. Их хэлмэгдлийн он жилүүд болох 1930-аад ондоо монголчуудыгаа буцаан аваачиж байна. Одоо удахгүй улстөрчдөө намнаад дуусна. Араас нь Баттулгын хүрээллийн бус толгой бизнес захирлуудыг цавчиж эхэлнэ. Тэр Талх чихэр, гурил будаа үйлдвэрлэж, буудал, амралтын газар ажиллуулах бутархай мөнгө л юм байна, банк, уул уурхай гэдэг бүхэл дэвсгэртүүд юм байна гээд л бусдын бизнесийг дээрэмдэнэ. Тусгайгийн хүчийг ашиглан, хөөрсөн сайд урд нь алхуулан эхний уурхайгаа дээрэмдэх хээрийн сургуулиа хийчихсэн. Хүмүүс алгаа ташсаар л байх болно. Иргэний нийгмийн идэвхтэй гишүүд, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид рүү дарамтаа эхлүүлчихсэн. Харин дараа нь хүмүүс рүү ороход Монгол Улсад маань гон хийх хүн олдохгүй дээ. Сая ганцхан сарын дотор бүх шатны шүүх, прокурор ид амарч байдаг зуны амралтын үед нь 21 хүнийг дээд тал нь 10 жилээр тасалж шоронд илгээлээ. Монголд Төрийн “зөөлөн” эргэлт гарлаа. Улаанбаатарт Хунтын дэглэм тогтлоо гэдгийг удахгүй бүх дэлхий ойлгоно.

-Ерөнхийлөгч хэлмэгдүүлээд байгаа бус хариуцлага тооцоод байгаа юм биш үү?

-Тэгээсэй гэж хүссэн хүмүүсийн хүлээлт дээр тэс өөр тоглолт хийж байгаа юм биш үү. Чи хэзээ Ерөнхийлөгчийн амнаас авлигатай ингэж тэмцэнэ, ийм арга хэрэглэнэ, тогтолцоо зарчим ингэж өөрчилнө гэсэн бодлогын, төрийн тэргүүнийх шиг үг сонссон юм. Хариуцлага тооцно л гэх юм. Хувийн өшөө хонзонгоо л хөөцөлдөхөөс өөр юу хийж байна. Монгол хүн илүү шуналтайдаа синга, норвеги, швед хүнээс илүү авлига аваад байна уу. Бодлогын өөрчлөлт хийхгүй бол хүнээс хамаарахгүй дараагийн авлигач залгаад л байх болно. Эхлээд Хараат бус байдал нь алдагдсан Шүүх, хууль сахиулах байгууллагуудаа улстөрчдийн гараас, нөлөөнөөс салгаж бие даасан байдлыг нь эргэн сэргээе. Баттулгад олгосон Үндсэн хуулийн бус эрх мэдлийг цуцалъя. Ямар ч албан тушаалтнуудыг хуулийн хүмүүстэй харьцах, нөлөөлөхийг бүхий л хэлбэрээр хориглоё. Дараагаар нь бүртгэлийн, татварын тогтолцооны реформоо дуусгая. Хүн бүр ХОМ гаргадаг болъё. Хөрөнгө, бэлэн, бэлэн бус мөнгөн гүйлгээгээ бүрэн бүртгэлжүүлье. Хэн ч ирж ажилласан авлига авах боломжгүй тогтолцоог бүрдүүлье. Авлига нэхсэн албан тушаалтныг хэн ч дуу, дүрс авах эрхийг нь хуульчилья. Авлига өгсөнд биш, авсанд зөвхөн хуулийн хариуцлага хүлээлгэе. Ингэж бодлого, зорилгоо тунхаглаад хийх юм бол чи асуулт шигээ итгээрэй.

-Төрийн тэргүүнийг хойд хөршийн даалгавраар ажиллаж байна гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Даалгавар авч байгаа эсэхийг өөрөөс нь асуухгүй юу. Харин урьд нь Оросод ажиллаж байсан монгол хүн хуучин Орос андтайгаа Улаанбаатарт санамсаргүй таарахад нь бид нар одоо танай Ерөнхийлөгчид зөвлөхөөр энд түр ирээд байна гэж хэлсэн гэсэн. ШХАБ-д элсэх эхний алхмууд чимээгүй хийгдээд л байгаа. Сая сонгуулийн чимээнд дарагдуулан сонгуулийн өмнөхөн Засгийн газар энэ байгууллагад элсэхэд саад болох Төвийг сахих бодлогоосоо Монгол Улсыг татгалзуулсан шийдвэр гаргаад амжлаа.

-Таныг гурван зүйлээр буруутгаж байгаа. Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгойг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээ гэх. Таныг буруутгах үндэслэл нь хэр бодитой юм бэ?

-Энэ асуудлууд дээр гэмт хэрэг гээд хэлчихээр нэг ч зүйл байхгүй. Бүгд цэвэр улс төр явагдаж байгаа бөгөөд шүүх, хуулийн байгууллагыг зүгээр л зэвсэг болгон ашиглаж байгаа.

Эрдэнэтийн 49 хувь буюу шинжээчдийн үнэлгээгээр 4,5 их наяд төгрөгийн баялгийг харь улсаас Монголд буцаан авчрах бодлогын, улс төрийн шийдвэр гаргасан нь үнэн. Оросууд манай Засгийн газрыг оролцуулаад ХХБ биш л бол ямар ч гурав дахь этгээдэд зарахгүй гэсэн нь бас үнэн. Их хурал, ядаж холбогдох Байнгын хороог хуралдуулаад өгөөч гэж З.Энхболд руу утасдаж хүссэн нь (гэрч ч байгаа. Харин З.Энхболд “Би үхэхээр чи үх” гэдэг шиг худлаа мэлзээд байгаа болохоос) бас үнэн. Их хурал хуралдах боломжгүй учраас УИХ-д дараа нь оруул гэдэг Засгийн газрын хуралдааны шийдвэр гаргасан нь ч бас үнэн. Уг нь Эрдэнэтийн 49 хувийн асуудал ойлгоход ийм энгийн. Гэмт хэргийн үнэр ч байхгүй зүйл. Аливаа бизнес хэлцэл гэдэг бол өгөө, авааны нийлбэр үр дүн юм. Авсан бүх юмандаа хэзээ ч талархлаа гэхгүй, харин өгсөн юм болгоноо гэмт хэрэг гэж үзнэ. Ийм бизнес гэж байх уу.

Дубайн Төлөвлөгөөнд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг давж тохирсон нэг ч асуудал байхгүй. Бүх татвар, орлогоо яс тооцоод төслийн үр өгөөжөөс Монгол 53 хувь, Рио 47 хувь авнаа гэдгээ баталгаажуулж тооцоогоо мөргүүлсэн. Энэ тооцоог бид ч биш олон улсын нэр хүндтэй Comprador, Shearman Sterling гэдэг хоёр байгууллагаар бид хөлсөлж хийлгүүлсэн. Хэрвээ аль нэг татварыг бид илүү авъя гэх юм бол өөр нэг орлого дээрээ буцааж өгч байж 53:47-гоо мөргүүлэх учиртай. Ийм энгийн зүйлийг ойлгоогүй байж манай хэдэд ял өгчихсөн. Татварын шинжээчээр насаараа татварт ажилласан, Оюу толгойн төслийг үздэггүй байнга шүүмжилж явдаг Энхтуяа гэх эмэгтэйг албаар томилсон. За тэр хувийн үзэл бодол нь ч дүүрч. Татварын алба бол аль болох их татвар хураахаа л бодно. Нэг талын сонирхолтой ийм этгээдээр шинжээч хийлгээд нөгөөдөх нь бүх “Мөрөөдлийн жагсаалтаа” оруулсан дүгнэлт дээр нь шүүх, прокурор бүгд нэгдчихээр яаж шударга шийдвэр гарах вэ дээ. Ийм болохоор Монгол Улс олон улсын Арбитр дээр байнга ялагдана. Уг нь бол Засгийн газар, Рио Тинто хоёр тохироод олон улсын, хөндлөнгийн гуравдагч этгээдээр тооцоогоо дахин шалгуулах хэрэгтэй.

-Дубайн гэрээ өнөөдөр ямар явж байна гэж та харж байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад танаас бусад нь ял сонсчихлоо. Энэ бүхэн зорилготой байдаг юм уу. Ингэж таараад байдаг юм уу. Огт буруугүй байсан бол яагаад ял өгнө гэж?

-Дубайн Төлөвлөгөө хэрэгжээд явж байгаа. Ямар байгааг нь та бид харж байна. Гадны бүх хөрөнгө оруулалт зогсохоор ямар хэцүү байдгийг бид 2013-2016 онуудад харсан. Оюу толгой далд уурхай Дубайн Төлөвлөгөөгөөр эхэлж жил бүр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өгсөн болохоор эрх баригч 65 хүнд ямар ч асуудалгүй дөрвөн жил сайхан популизм хийх боломж өгсөн. Яг үнэндээ алт, зэс, нүүрсний үнэ өсч таараад, Оюу толгойн шинэ бүтээн байгуулалт давхцаж, ОУВС-гийн мөнгөөр төсвийн алдагдлаа багасгаж эдийн засгийн хямралаас гарсан болохоос биш юуг ч бодлогоор өөрчлөөгүй. Бодлого өөрчлөгдөөгүй учраас сонгуулийн жил дахиад л хонины найр хийгээд одоо төсвийн алдагдал энэ жилийнх гурван их наяд төгрөг буюу нэг тэрбум ам.доллар болоод байна. Манай улс дахиад нэг тэрбум ам.долларын өртэй боллоо гэсэн үг. 1,5 тэрбум ам.долларын Чингис бонд дээр яаж алалцаж улс төр хийдэг билээ, бид. Нэгхэн жилийн төсвөөрөө бараг нэг Чингис бонд үрж байгаа хуучин 65, шинэ 62 гишүүн таг чиг байгаа биз. Тэгж яривал муулаад байгаа Оюутолгой төсөл зээл төлбөрөө толгой өвтгөхгүй өөрөө төлчихнө. Одоо нийтдээ арав дөхсөн тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт, зээл хийсэн. Үүнээс 34 хувийг бид хариуцна. Гэхдээ төслөөс зөвхөн татвараар 46 тэрбум ам.доллар Монголд ирэх учраас олон улсын 14 банк, институци бидэнд хөрөнгө босгож өгсөн. Харин Засгийн газрын хариуцах эргэж төлөгдөх эх үүсвэргүй бусад зээлээ ерөөсөө ярьдаггүй, сонгуультай жил бүр, бусад үед хоёр жил тутам бараг Чингис бонд шиг төсвийн алдагдал дандаа баталж өрөө нэмж байгаагаа ярьдаггүй хүмүүс дээ, бид.

-Дубайн гэрээг хэнтэй зөвлөж ярьсан бэ. Тухайн үед та ганцаараа бие даан шийдвэр гаргаагүй нь тодорхой. Тухайн үеийн Төрийн гурван өндөрлөг болох З.Энхболд, Ц.Элбэгдорж нар заавал үүнд холбогдох ёстой юм биш үү. ҮАБЗ-ийн гишүүд байсан энэ хүмүүс дуугарахгүй юм байх даа?

-Урьдах Засгийн газрууд байтугай УИХ-аас ч илүү шийдвэрээ зөвлөсөн. Нэн шинэ түүхэнд анх удаа шууд Ардчиллыг гар утасны мессэж ашиглан хэрэгжүүлсэн. Сонгуулийн насны хүмүүсийн 1/3 буюу 360 мянган хүний олонх нь Засгийн газрыг Оюу толгой төслөө явуулахыг дэмжсэн. УИХ хоёр удаа Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх хугацаатай даалгаврыг Засгийн газарт тогтоолоороо өгсөн. Засгийн газар хоёр ч удаа хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргасан. Тухайн үеийн УИХ дахь нам бүлгийн удирдлагуудад танилцуулсан. Төлөвлөгөө зурагдсаны дараа УИХ-д дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэн. Бүх гишүүд асуулт асууж, хариулт авсан. Намар нь нэр бүхий гишүүдийн Асуулганд хариулсан. Өвөл нь Оюу толгой асуудлаар Засгийн газарт Итгэл хүлээлгэх санал хураалтад олонхоороо Засгийн газраа дэмжсэн. УИХ Дубайн төлөвлөгөөг зурагдсаны дараа өөрчлөх, нэмэх, хүчингүй болгох бүх боломж нь байсан байгаа биз. Гэхдээ Засгийн газраа зөв гэж үзсэн байгаа биз. Өнөөдөр зүгээр л улс төр хийж байгаа юм. З.Энхболд УИХ-ын дарга байсны хувьд тухайн үедээ дэмжиж зөндөө ярилцлага өгч, байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан хүн. Өнөөдөр даалгаврыг нь биелүүлсэн Б.Бямбасайхан, Д.Ганболдын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа биз. Ийм л бие нь ч, хүн чанар нь ч, бүх юм нь жижиг хүн дээ.

-Зарим хүмүүс шинэ хонгил гараад ирлээ гэж ярих болж. Хонгил гэж ер нь байсан юм уу?

-Одоо уг нь манай Н.Алтанхуяг самбарынхаа өмнө гарч ирээд л зарим хүмүүсийн зургийг солиод л өөрийнхөө, бас “Эзэн”-ийхээ зургийг оруулаад л жинхэнээсээ хонгил үүслээ гээд яримаар л байгаа юм. Хэрвээ Монголоо гэж боддог, зарчим, үнэт зүйл, зүрх зориг байдаг бол. Гэхдээ зориг нь хүрэхгүй л дээ. Хуучин УИХ бол ямар ч Ерөнхийлөгчийн хувьд халуухан л газар байлаа. Муулаад байдаг Ц.Элбэгдорж руу хүртэл чуулган дээр гишүүд яаж дайрч, яаж маргалддаг байлаа. Одоо наад гишүүд чинь Баттулгын нүүр рүү нь эгц харж чадаж байгаа юм уу. Ёстой нөгөө С.Эрдэнийн хэлдгээр бүгд гөлөг болцгоосон байгаа биз дээ. Баттулга хуулийн дагуу нэг удаа УИХ дээр жилийн ажлын тайлангаа тавьж байх ёстой. Сонгогдоод эхний жилдээ л тайлангаа тавьсан. Дараагийн хоёр жил таг. Нэхэж шаардаж байгаа УИХ-ын гишүүн биш юм аа гэхэд ганц иргэн байна уу. Ард түмэн хэрвээ Ерөнхийлөгч хууль зөрчвөл Ерөнхийлөгчийг импичмэнт дангаараа хийж чадах эрхийг хоёр дараалан МАН-д олголоо. Ерөнхийлөгч нь хууль байтугай, Үндсэн хууль ч нэг бус удаа зөрчих юм. Наадах хэд нь сонгуулиар “Хүчээ нэгтгэе” гэж баахан орилсон. Нийлэхээрээ нам ч юм уу, үгүй ч юм уу, нэг хүнд гүйж очоод л дөрлүүлчих юм.

-Дарангуйлал руу алхаж байна гэж хэлэх гээд байна уу?

-Би одоо сүүлд гарсан Пулицерийн шагналт Анэ Эйплбаумын “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш” (Twilight of Democracy: The seduc­tive lure of Authoritarian­ism) номыг уншиж байна. Бидний яг одоо туулж байгаа амьдралыг дэлхийн олон орны жишээ, түүх дээр үндэслэн нүдэнд харагдтал бичжээ. Дарангуйлагчид, үндсэрхэг үзэлтнүүд XXI зуунд хэрхэн хуйвалдааны онол, улс төрийн талцал, хуваагдал, сошиал суваг, өнгөрсөн нийгмийг санагалзах эргэн дурсахуйг хүртэл ашиглан Ардчиллыг бүдэгрүүлж нийгмийг өөрчлөн, эрх мэдэлдээ бүгдийг хумьж байгааг харуулжээ. МАНАН мафи, бүлэглэлүүд, шударга бусын хонгилууд гээд тоочвол бидний зохиосон, итгэсэн сүржин, сүртэй хардлага сэрдлэг, хуйвалдааны онол, зохиол тоогоо алдлаа. Баттулгын “ачаар” бид урьд нь хэзээ ч байгаагүй хуваагдал, талцалд орлоо. Энэ хуваагдал улс төр, улс төрийн намаас хальж хот хөдөө, орк элит, эр эм, хөгшин залуу, баян ядуу, бүүр өнгөрсөн нийгмээ үгүйлэх хүртэл бүх сэдвийг хамрах боллоо. Баттулгын зохион байгуулалттай троллууд энэ талцал, хуваагдлыг бүр дэвэргэж бүүр үзэн ядалтын түвшинд аваачлаа. Энэ үзэн ядалтын дайнаа телевиз радио, сонин хэвлэлээс хальж сошиал сувгаар хүн бүрт дайж чадлаа. Одоо энэ үзэн ядалтыг ашиглан атгандаа бүрэн оруулсан хууль хяналтын байгууллагаар дамжуулан өөрийн өрсөлдөгчдөө намнах аргаар тэднийг олон түмэнд шохоорхом өгөөш болгон өгч олны сэтгэл санааг урхидах ажлаа эрчимтэй хэрэгжүүлж эхэллээ. Энэ бүхний үр дүнд эцэст нь нам төрийг хослуулсан шинэ эзэн, хэмжээлшгүй эрхэт дарангуйлагч болох хүслээ гүйцэтгүүлэхийг тэсч ядан хүлээж байна. Гэхдээ би өөдрөг л дөө. 200 жил Манжийн, 70 жил Оросын дарангуйлалд байсан монголчууд маань сүүлийн 30 жилийн туршид унаж босон, алдаж онон эрх, эрх чөлөө, бие даасан байдлаа эдэлж, хөгжиж урагшилж байгаа ололт амжилтаа дарангуйлалд шунасан нэг нөхрийн гуравхан жилийн хорлон сүйтгэлд тавиад туучихгүй гэдэгт, монгол түмний маань голч суурь, егзөр зан, цөлх ухаан эцэстээ ялна гэдэгт итгэж байна.


Categories
мэдээ эдийн-засаг

Банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна.

Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна.

Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо.

Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө би өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ядаж 4 жилийн өмнө ашиглалтад оруулчихгүй яав даа гэж харамссан. Зөвхөн өнгөрсөн 4 жилд л гэхэд бид эндээс олж болох 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Одоо ингэж боломжоо үгүй хийж суумгүй байна.

Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яахав. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ.

Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар та бүхний бодол, саналыг сонсож, ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Эдгээр асуудлуудтай холбогдуулан банкны удирдлагууд саналаа илэрхийлэв. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. 8 хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байхад 16 хувийн хүүтэй арилжааны зээлд л асуудал үүсдэг. Харамсалтай нь олон хүчин зүйлээс болоод хүү олигтой буурахгүй байна. Тиймээс юуны өмнө асуудал юундаа байгааг, алийг нь яаж, хэрхэн шийдвэрлэх нь зохистой болох талаар маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстой. Үүндээ үндэслэж, зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал боллоо. Тухайлбал, УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч актив удирдлагын компани байгуулах, төрөөс банкуудаа бодлогоор дэмжих, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, Хөгжлийн банктай арилжааны банкуудыг хамтарч ажиллуулах, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа томоохон төсөл, үйлдвэрлэлийг дэмжих хамтын зээлийн хэлбэрийг ашиглах, тухайн төслийг барьцаалж зээл олгох, Монголбанкнаас зээлийн хүүг тогтворжуулах бодлого гаргаж хэрэгжүүлэх, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр чанаргүй активыг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслүүдийг ойрын үед батлан гаргах, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд олон төрлийн АТМ, POS төхөөрөмжүүдээс татгалзаж, нэгдсэн нэг төхөөрөмжтэй болох, Монголбанкны заавал байлгах нөөцийн хэмжээг буулгах зэрэг саналуудыг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн 8-р сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэв. УИХ-ын даргын энэхүү саналыг банкуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Нямбаяр: Алдаатай оношлуур хэрэглэж байхаар Монголынхоо эрдэмтдийн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлмээр байна


Японы үндэсний эрдэм шинжилгээний РИКЭН хүрээлэнгийн ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт эрдэмтэн Др.Ноёори Рёожигийн хамт

ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, ЭМЯ-ны ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн зочин профессор, зөвлөх, анагаах ухааны доктор Д.Нямбаяртай онлайнаар холбогдож ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу. Германд ямар ажил хийж байна вэ?

-Би хүний их эмч, иммунологич буюу дархлаа судлаач хүн.ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн харьяа “ТранслаТУМ” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагчаар ажиллаж байна.Миний хувьд саяхнаас ХБНГУ-ын Засгийн газрын тусгай захиалгаар “Covid-19”-ийн эсрэг эм, вакцин болон оношлуур боловсруулах төсөлд уригдан ажиллаж байна.Энэхүү төсөлд дөрвөн том их сургууль оролцож байна. Мөн аравдугаар сараас Японы оношлуурыг сайжруулах төсөлд эрдэм шинжилгээний багийн удирдагчаар ажиллах урилга ирсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр хөгжингүй орнууд өөрсдийн оношлуураа засч сайжруулж, улмаар улс орныхоо хэрэгцээг хангах оношлуурын нөөцөө бүрэлдүүлэх зорилгоор дор бүрнээ хөдлөөд эхэлсэн.

-Манай улс “Ковид-19” вирусийг илрүүлэх зорилгоор хэрэглээндээ Япон болон Германы оношлуурыг ашигладаг. Эдгээр оношлуурыг 100 хувь баталгаатай биш гэж таны зүгээс хэлж байна. Та ямар нотолгоог үндэслэн ингэж үзэж байна вэ?

-Оношлуурыг маш богино хугацаанд яаран хийхдээ япончууд болон германчууд зарим нэг алдаа гаргасан байх магадлалтай. Уг оношлуураар шинжилгээ хийсэн тохиолдолд “хуурамч эерэг” болон “хуурамч сөрөг” хариу өгөх магадлалтай. Япон улсаас худалдан авч хэрэглэж буй“Ковид-19” PCR оношлуурын чухал бүрдэл хэсэг болсон праймерын нуклеотидын дараалалд алдаа байсан. Тиймээс нэгдүгээр сард Японы Эрүүл мэндийн сайд оношлуурт алдаа гаргасандаа албан ёсоор уучлал гуйж алдаагаа засч сайжруулсан. Гэвч засч сайжруулсан гэх оношлуурын риверс праймерын дараалалд дахин нэг алдаа одоог хүртэл байгаа юм. Хоёр алдаа байсны нэг нь л засагдсан гэсэн үг. Мэргэжлийн хүний үүднээс харахад оношлуурын заавар дээрх тун хачирхалтай форвард болон риверс праймерийн тэнцвэргүй концентрациар хэрэглэх зааварчилгаа байгаа нь урвалын нөхцөлийг бараг хүчээр хийсэн гэж дүгнэхэд болохоор байна.

-Герман оношлуурын тухайд мэдрэг чанар муу гээд байгаа. Энэ нь шинжилгээнд хэрхэн сөргөөр нөлөөлж болох вэ?

-Германы оношлуурын тухайд гэвэл мэдрэг чанар султай хамгийн муу оношлуур гэж үнэлэгдсэн. Дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж байгаа оношлууруудыг харьцуулж АНУ-ын Йелийн Их Сургуулийн судлаачдын судалсан эрдэм шинжилгээний бүтээл “Нэйча” сэтгүүлд нийтлэгдсэн байгаа. Тус нийтлэлд энэ тухай бичсэн байгаа юм. Германы оношлуур нэгдүгээрт мэдрэг чадвар маш сул. Вирусийн титр буюу тоо нь нэг микролитрт 100 байхад тодорхойлж чадахгүй байгаа нь хуурамч сөрөг үр дүнд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, халдвартай хүнийг халдваргүй хэмээн оношилж халдвар алдах аюулд хүргэх магадлалтай. Мөн вирус бүрэн биеэс гадагшилж дуусаагүй тохиолдолд өвчтөн эдгэрсэн байна хэмээн дүгнэхэд хүргэж болох магадлалтай. Хоёрдугаарт, вирусийн мутацид орсон хэсэгт праймерийн дараалал нь байгаа учир шинжилгээний хариуг буруу гаргах, улмаар халдвартай хүнийг оношлоход эргэлзээтэй үр дүн гаргах магадлалтай.

Гуравдугаарт уг оношлуур хоёр шатлалаар үздэг тул өвөрмөц чанар муутай. Эхний шатанд улирлын чанартай ханиад үүсгэгч хүртэл багтдаг бүх төрлийн корона хэлбэрийн вирусийг (МЕRS, SARS мөн үүнд орно) илрүүлэх Сарбеко Е тестийг хийдэг. Үүний дараагаар эерэг гарсан хүмүүсийг “КОВИД-19” үүсгэгчийг тогтоох хоёр дахь шатны оношлуураар шинжилдэг бөгөөд үүнийг нь RdRp тест гэдэг. Уг “КОВИД-19” үүсгэгчийг тогтоох RdR pоношлуурын мэдрэг чанар маш муу байгааг дурдсан байна. Гэтэл уг оношлуурын загвараар дэлхийн ихэнх,жишээ нь Рош гэх мэт, том компаниуд оношлуураа үйлдвэрлэж байгаа. Манай улсын хэрэглэж буй Германы “МолБиол” компанийн үйлдвэрлэсэн оношлуур яг энэ загвараар хийгдсэн байдаг. Нэг зүйлийг онцлоход, Японы оношлуурын мэдрэг чанар нь Герман улсынхаас доогуур учир уг судалгааны ажилд ашиглаагүй байна.

-Дарханы PCR төхөөрөмжид тохирохгүй оношлуур хэрэглэж байна гээд байгаа. Яг тохирох оношлуур нь ямар байдаг, хаанаас авч болох вэ?

-Дарханд хэрэглэгдэж байгаа PCR аппаратандаа тохирохгүй оношлуураар шинжилгээ хийж байгаа. Тодруулбал, Германы оношлуурын вирус илрүүлэх RdRp хэсэг нь FAM буюу “ногоон”өнгөөр, харин дотоод хяналт нь Cy5 буюу “улаан”өнгөөр уншигддаг боловч Дарханд ашиглагдаж байгаа Японы Такара PCR төхөөрөмж нь зөвхөн FAM (ногоон) болон ROX (хөх) өнгийг л бүртгэх чадвартай. Хэрвээ тухайн хүний “ногоон”-оор уншигдах RdRp нь сөрөг байлаа гэж бодоход тухайн хүний сорьцоос РНХ материал зөвөөр ялгарсан эсэх, урвал зөв явагдсан эсэхийг үзүүлэх ёстой “улаан” өнгөөр бүртгэгдэх ёстой дотоод хяналт нь уг “улаан” өнгийг бүртгэх чадваргүй Такара аппаратанд уншигдахгүй учир шинжилгээний хариуг хүчингүй болгоно.

Тиймээс сөрөг буюу халдваргүй гэж хариу гарсан хүн яг үнэн хэрэгтээ бол халдвартай буюу эерэг байх магадлалтай юм. Энэ алдаатай шинжилгээний хариунд үндэслэвэл яг жинхэнэ халдвартай хүнээ эрүүл хэмээн алдах цаашлаад хүн амын дунд халдвар тараах маш их эрсдэлтэй. Энэ асуудлыг манай ажлын хэсгээс эрүүл мэндийн сайдаар дамжуулан Дармаа эмчид удаа дараа анхааруулга, зөвлөмж өгсөн. Гэвч энэ асуудалд анхаарахгүй засагдахгүй хэвээрээ байгаа учраас би цахим орчинд энэ тухай арга буюу мэдээлсэн. Манай ажлын хэсгээс Монгол Улсын нөөц боломж болон техник тоног төхөөрөмжинд таарч ажиллах оношлуур бүтээх ажлын хүрээнд бүх оношилгооны төвүүдээс мэдээлэл цуглуулахдаа энэ ноцтой алдааг илрүүлсэн юм. Гэтэл ЭМЯ-наас намайг эсрэгээрээ худал хэлсэн мэт, юу ч мэдэхгүй мэдлэггүй хүн мэтээр мэдээлэл өгсөн. Миний бодлоор бол эдгээр хүмүүс мэдээгүй биш мэдсээр байж үнэнийг гуйвуулсан, санаатайгаар үйлдсэн. Нарийн яривал энэ чинь улсын аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг шүү дээ.

-Эрүүл мэндийн яамны зүгээс таны мэдээлэлд тайлбар өгсөн байсан. Ард иргэдийг айх хэрэггүй оношлуурт итгэж болно гэж…?

-Эрүүл мэндийн яамнаас миний мэдээлэлд тайлбар өгөхдөө хамгийн шилдэг нь гээд байгаа Германы оношлуур бол хамгийн мэдрэг чанар муутай муу оношлуур. Үүнийг нь “Нэйча” сэтгүүлд нотолчихоод байна. Энэ фактыг үгүйсгэх баримт нотолгоо байвал гаргаж тавих хэрэгтэй. Дээр нь нэмээд хэлэхэд, ДЭМБ хэзээ ч аль нэг арилжааны оношлуурыг хамгийн сайн нь, үүнийг хэрэглэ гэж зөвлөхгүй. Хариуцлагатай албан тушаал хашиж буй хүмүүс ард түмнийг илт хуурсан, ийм увайгүй мэдэгдэл хийж болохгүй л дээ.

-Тэгэхээр манай хэрэглэж байгаа оношлуур 100 хувь баталгаатай биш юм бол бид халдваргүй хүмүүсийг халдвартай гэж эмчилсэн байх магадлалтай, эсвэл халдварыг дотооддоо алдах магадлалтай юм байна. Тийм үү?

-Гол нь дээрх оношлуурууд 100 хувь баталгаатай биш, мэдрэг чанар сул учраас энгийн ханиадтай хүнийг ч коронагийн халдвартай гэж дүгнэх, эсвэл халдвартай хүнийг халдваргүй гэж оношлох аюултай гэдгийг л би анхааруулаад байгаа юм. Ер нь миний анх үүнийг бичих болсон шалтгаан нь Эрүүл мэндийн яамыг одоо үүсээд байгаа нөхцөл байдалд тохирох зөв арга хэмжээ авахад шаардлагатай шинжлэх ухааны нотолгоо бүхий үнэн зөв мэдээллээр хангахад чиглүүлэхэд оршиж байсан. Тэрнээс биш ЭМЯ, Эрүүл мэндийн салбарынхаа үйл ажиллагаа, цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж буй эмч мэргэжилтнүүдийнхээ үйл ажиллагааг гутаан харлуулах зорилгоор бичээгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ манайд нэг өөр байр суурь гараад ирвэл цаанаа ямар нэг ашиг сонирхолтой байна гэж харддаг онцлогтой. Энэ ч танд мэдрэгдсэн байх?

-Тийм. Хэсэг бүлэг хүмүүс миний бичвэрүүдийг цаанаа зорилготой, хүмүүсийн хийсэн ажлыг харлуулах гэж байна гээд байгаа. Ер нь монголчууд бид шинжлэх ухааны салбарт англиар “constructive criticism” хэмээн нэрлэдэг Монголоор бол бүтээлч шүүмжийг сонсож ерөөсөө сураагүй, шүүмж хэлсэн хүнийг хувь хүн рүү дайрч байгаа мэтээр дайсагнан хүлээн авдаг. Энэ гаж сэтгэхүйгээсээ одоо салах болсон. Энэ хэвээр байвал хөгжил дэвшилд саад болохоос нэмэр болохгүй.

-Эрүүл мэндийн яамны ажлын хэсэгт орж хийж байгаа оношлуурынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

-Манай эрдэмтдийн бүтээсэн оношлуур одоо ашиглаж байгаа оношлуураас хоёр дахин бага хугацаанд буюу хоёр цагийн дотор хариу нь гардгаараа давуу талтай. “Covid-19”-ийг үүсгэгч вирусийг илрүүлэх мэдрэг чанар маш өндөр, өвөрмөцөөр таньдаг оношлуур. Мэдрэг чанар өндөр оношлуурын нэг ач холбогдол нь хуурамч сөрөг үр дүнг багасгах. Вирус үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Манайд гадаадаас худалдан авч буй оношлуурууд нь вирус мутацид орсон тохиолдолд оношилгоонд хэрэглэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг бол бидний бүтээсэн оношлуур нь вирус мутацид орсон тохиолдолд тухай бүрт нь таарсан өөрчлөлтийг оруулж хэрэглэх боломжтойгоороо давуу талтай. Мөн бид дотооддоо хийх учир гадаадаас бэлэн арилжааны оношлуур худалдан авснаас үнэ өртгийн хувьд ч гэсэн хамаагүй хямдхан тусах болно.Би шинжлэх ухааны салбарт 20 гаруй жил Япон болон Герман улсын хамгийн нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаагийн хувьд,бидний бүтээсэн оношлуур нь одоогоор дэлхийд хамгийн шилдэгт тооцогдохоор хийгдсэн гэдгийг итгэлтэй хэлнэ. Нэмээд хэлэхэд, зохих үр дүн дата бүрдэж дууссаны дараа манай ЭМЯ нь “Covid-19”-ийг илрүүлэх оношлуур бүтээснээ ДЭМБ-д бүртгүүлэх шаардлагатай. Ингэж бүртгүүлснээр монгол эрдэмтдийн маань бүтээл дэлхий нийтэд нээлттэй болох юм. Одоогоор ДЭМБ-ийн вэб хуудсанд ХБНГУ, БНХАУ, Япон, АНУ зэрэг орны эрдэмтдийн бүтээсэн бүтээл нээлттэй байгаа.

-Яагаад монгол эрдэмтдийн оношлуурыг цааш хөгжүүлж, нийлүүлж болохгүй байгаа юм бол. Та бүхний хийж буй оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд хичнээн төгрөгийн төсөв шаардлагатай байгаа вэ?

-Япон, Герман улсын оношлууртай харьцуулахад манай ЭМЯ-ны ажлын хэсгийн бүтээсэн оношлуурын мэдрэг чанар нь маш өндөр. Жишээлэхэд, Германы оношлуур нэг микролитрт 200 вирусийн геномын материал байхад арай ядан илрүүлж байхад манай бүтээсэн оношлуур нэг микролитрт 10 вирусийн геномын материал байхад илрүүлэх чадвартай нь тогтоогдсон. Монгол эрдэмтэд яагаад герман, япончуудаас илүү оношлуур хийж чадахгүй гэж. Өөрсдийн мэргэжилтнүүддээ итгэж сураагүй болохоороо аль дөрөв, тавдугаар сард дуусгачих ёстой байсан ажлыг манайхан шат шатандаа гацаасаар одоог хүрлээ. Дээр нь ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрхлэгч Дармаа бидэнтэй хамт ажлын хэсэгт байсан. Яагаад гарсан гэхээр Дармаа эмч ажлын хэсгийнхэнтэйгээ хамтарч ажиллахаас цааргалж, ажил гацааж, ажлын хэсгийнхээ ажлын харлуулж, бүр цаашлаад ажлын хэсгийнхээ нууцтай холбоотой мэдээллийг бусдад дамжуулсан нь илэрсэн юм.

-“Глобал” сангаас манайд оношлуур авч өгөхөөр болсон. Үүнийг бас та эсэргүүцэж байгаа. Энэ тухайд?

-Эрүүл мэндийн яам дотоодын эрдэмтдийн оношлуурыг хөгжүүлэхэд төсөв хөрөнгө байхгүй гээд байгаа. Тэгсэн атал “Глобал” сангийн санхүүжилтээр 524 мянган ам.доллараар оношлуур болон халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл авна гээд байна. Тэр дундаа АНУ-ын“GeneXpert”хаалттай системийн оношлуурыг манайхан 50 мянган ам.доллараар худалдан авах гэж байгаа. Уг PCR оношлуур нь хаалттай системийн буюу ямарваа нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй учир жишээ нь вирус мутацид орсон тохиолдолд хэрэглэх боломжгүй, хүчин чадлын хувьд олон нийтийг хамруулсан шинжилгээнд хэрэглэх боломжгүй, агаар дуслын замаар халдварладаг “КОВИД-19” өвчин үүсгэгчийн шинжилгээнд шаардлагатай био аюулгүйн хоёрдугаар зэрэглэлийн өндөр шаардлагад нийцэхгүй оношлуур юм.

Татвар төлөгчдийн гурван тэрбумаар авах гээд байгаа урсгал зардал маш өндөртэй, тэгээд зөвхөн үйлдвэрлэгч Рошийн мэдрэг чанар султай оношлуураа л уншдаг хаалттай системийн PCR төхөөрөмж худалдан авч бас нэг үхмэл хөрөнгө болгохын оронд тэр мөнгөөрөө нээлттэй системийн PCR төхөөрөмж багаар бодоход 30 ширхэгийг авбал ядахдаа Монгол Улсад жинхэнэ үлдэцтэй хөрөнгө оруулалт болно.

Нээлттэй системийн 30 ширхэг PCR төхөөрөмжөөр хоногтоо хамгийн багаар бодоход 15 мянган хүнд шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Бас дан ганц “Ковид-19” бус бас бусад төрлийн өвчин үүсгэгчийг оношлоход цааш цаашдаа хэрэглээд явах боломжтой болох юм.

Улсын хэмжээнд хамгийн багаар бодоход хоногтоо 15 мянган хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол манай улс коронавирусээс айгаад байх шаардлагагүй, эдийн засгаа сэргээж, хүүхэд залуусаа сургууль соёлд нь явуулж болно, мөн гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авчирч болно шүү дээ. Ер нь ганцхан ХӨСҮТ гэлтгүй бусад PCR төхөөрөмжтэй био аюулгүйн зохих шаардлагыг хангасан олон газарт үздэг болгох хэрэгтэй. Ингэснээр тусгаарлалтын хоногийг багасгаж ачааллыг бууруулах ч боломжтой.

-ДЭМБ-аас халдварын нууц үеийг 1-5 хоног гэж мэдээлсэн байна. Гэтэл манайх гаднаас ирсэн хүнийг 21 хоног, гараад 14 хоног гээд арай л олон хоног тусгаарлаж байна гэж иргэд шүүмжилж байна. Үүнийг багасгах боломжтой юу?

-Боломжтой гэж бодож байна. Мэдрэг чанар сайтай оношлуур хэрэглээд цаг тухайд нь шинжилгээ хийгээд явах юм бол энэ 35 хоногийн тусгаарлалтыг 14 хоног болгох боломжтой гэж үзэж байна.

-Тэгэхээр манайх хэтэрхий сүржигнээд байна уу. Нэгэнт л гаднаас шинжилгээ өгөөд ирж байгаа хүмүүсийг бага хоног тусгаарлах нь наад зах нь дараагийн хүмүүсээ авахад байрны хүрэлцээ бий болох юм шиг?

-Шинжилгээ өгөөд ирчихсэн, эх орондоо ирээд эрүүл халдваргүй гэж тогтоогдсон хүмүүсээ ийм олон хоног тусгаарлаж байгааг ойлгохгүй л байна. Магадгүй ХӨСҮТ-ийн шинжилгээний хариунд итгэхгүй байгаад учир байгаа байх. Бас дээр хэлсэн,манай улсын шинжилгээ хийх хүчин чадал хангалтгүй байгаа нь нөлөөлж байгаа болов уу. Уг нь эрүүл хүмүүсийнхээ тусгаарлалтын хоногийг багасгаснаар бага хугацаанд илүү олон хүн гаднаас авах боломж үүсэх юм.

-Тухайлбал, Германд тусгаарлалт хэд хоног вэ?

-Германд бол эрүүл халдваргүй гэж тогтоогдсон хүмүүст 14 хоног гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөж байгаа.

-Таны байгаа Германд тухайлбал ямар оношлуур хэрэглэдэг вэ?

-Манай Анагаахын их сургуулийн эмнэлгийн хувьд “КОВИД-19” өвчтөнүүдийн шинжилгээнд мэдрэг чанар муутай Германы оношлуурыг хэрэглэхээ больж өөрсдийн эрдэмтдийн бүтээсэн мэдрэг чанар өндөр оношлуураар үздэг болж эхлээд байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ганболд: Төв аймгийн Батсүмбэр сум Эрчимжсэн хөдөө аж ахуй, Эко аялал жуулчлалын салбараа түлхүү хөгжүүлнэ

Төв аймгийн Батсүмбэр сум нь Улаанбаатар хотоос 75 км. Газар нутгийн 60 гаруй хувь нь ойн сан эзэлдэг. Нийт 7200 хүн амтай. Үүн дээр албан бус түр оршин сууч иргэдээ нэмбэл 12000 орчим иргэн байнга оршин сууж байна.


Тус аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайн байна уу. Наадмын дараа намар гэдэг. Өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ цагт тантай цаг үеийн асуудлаар ярилцахаар сониныхоо энэ дугаарт урьж байна аа?

-Баярлалаа.

-Төв аймгийн Батсүмбэр сум Улаанбаатар хоттой хамгийн ойр сум. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлбол улсын хэмжээнд жишиг сум болохуйц байршилтай орон нутаг гэж хардаг. Энэ тухайд?

-Төв аймгийн Батсүмбэр сум нийслэл хоттой хаяа дэрлэн оршдог. Хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр хөгжиж байна. Нутгийн ард иргэд маань ч газар тариалан, тэр дундаа хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нь нэмэгдэж байгаа. Тиймээс сум орон нутгийн хөгжлийн бодлогоо уул уурхай буюу газрын доорх баялгаа ашиглах бус ургуулдаг, өсгөдөг баялаг болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараа хөгжлийн тэргүүлэх салбар болгон тодорхойлж байна. Батсүмбэр сумын тухайд Төмөр зам, авто замын дэд бүтэц бүрэн хөгжсөн, стратегийн ач холбогдлоороо улсдаа дээгүүрт орох байршилтай бүс нутаг яах аргагүй мөн.

-Газар тариалангийн бүс нутгийн тухайд энэ жил хэр хэмжээний тариалалт хийв. Сум орон нутгийн ард игэд хөдөө аж ахуйн салбараа дагаад амьжиргаагаа дээшлүүлэх ямар болж байна?

-Засгийн газрын тогтоолоор Атарын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр болсон нь Батсүмбэр сумын газар тариалангийн салбарт маш том сэргэлт болж байна. Засгийн газрын тогтоолын дагуу сумын Засаг даргын Тамгын газар, иргэдийн хурлаараа шийдвэр гаргаж сумын хэмжээнд хувь хүн, аж ахуй нэгжийн нэр дээр томоохон хэмжээгээр олгогдсон байсан ашиглагдахгүй атаршсан газрууддаа тооллого хийж сумын газар тариалан болон пермерийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэддээ хуулийн дагуу хуваарилсан. Ингэснээр энэ жил газар тариалан эрхлэлт өмнөх жилээс хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь нутгийн иргэдийн өрхийн орлого нэмэгдэх цаашлаад тарилангийн газраа бүрэн ашиглах нөхцөл бүрдсэн. Намайг Засаг даргын үүрэгт ажлыг авхаас өмнө Батсүмбэр суманд хөдөө аж ахуйн яам, тарилан эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахын тулд нэг иргэн аж ахуйн нэгжид ихээхэн хэмжээний газар олгогдож тухайн газар нь олон жилээр ашиглагдахгүй атаршиж, цаашлаад авсан зээл нь зориулалтын бусаар ашиглагдаж газар эргэлтэд орохгүй атаршсан байсан. Үүнийг Атарын дөрөвдүгээр аяныг өрнүүлэх ажлын хүрээнд энэ жилээс зогсоож нэг аж ахуйн нэгжид олгогдсон ашиглалтгүй талбайг төмс хүнсний ногоо, тариалан эрхлэх иргэддээ хуваарилсан. Сумын нийт багийн газар нутгийн хэмжээнд жишээ нь Нарстайд 320 га , Жаргалантад 127 га, Сөгнөгөрт 62 га, Цогт-Өндөр багт 89 га тариалнгийн талбайг нутгийн иргэддээ хуваан хуваарилж тариалалтыг дэмжиж байна.


-Эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх чиглэлийн бодолго барьж байна гэж та дээр ярилаа. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Хуучин соцлизмын үед Төв аймгийн Батсүмбэр сум Улаанбаатар хотыг төмс хүнсний ногоо, сүү цагаан идээгээр бүрэн хангадаг байлаа. Энэ жилээс импортын ногоог хориглож дотоодын төмс хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь эх орны хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор хангах болсон нь бид сумынхаа үржил шимтэй хөрсөнд ургасан хүнсний ногоогоороо Улаанбаатарчуудаа хангах боломж бүрдэж байна. Тиймээс Батсүмбэр сумын тухайд жилийн дөрвөн улирлын (өвлийн) хүлэмжийн аж ахуйгаа дэмжих бодлогыг түлхүү барьж байна. Хүлэмжийн аж ахуйд зөвхөн өргөст хэмх, улаан лооль тариалахаас гадна импортоор орж ирдэг байсан бүх төрлийн нарийн ногоог тариалж байна.

Сум орон нутгийн зүгээс Өвлийн хүлэмж эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүддээ газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгсөн. Түүнчлэн хүлэмжмийн аж ахуй, хүнсний ногоо тарилах хүсэлтэй иргэддээ сум хөгжүүлэх сангийн зээл авахад давуу эрх олгон зээлд хамруулсан. Ингэснээр иргэдийн урам сэргэж газар тариалан эрхлэлт нэмэгдэж ургуулсан ногоогоо ченжийн гар дамжуулалгүйгээр хадгалж борлуулах зоорь саваа бэлтгэх , шинээр барих ажил ч илт нэмэгдэж байна. Үүнээс хараад хийсэн ажлын үр дүн гарч байгаад таатай байна.

Батсүмбэр сум жимс жимсгэний аж ахуй эрхлэлтээрээ аймагтаа дээгүүрт ордог. Чацаргана, гурван төлрийн сортын алим гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнийг тарьж байна. Жил ирэх тусам нэр төрлийг нь нэмж тариалж байна.

-Сумын хөдөө аж ахуйн салбар сэргэж байгаа нь таны ярианаас илт байна. Нутгийн иргэдийн дийлэнх нь сүү цагаан идээгээ тулгуурлаж амьдралаа залгуулдаг бололтой?

-Анх 1957 онд Төв аймгийн Батсүмбэр суманд Алатоу үүлдрийн сүү махны чиглэлийн үхрийг нутагшуулж эхэлсэн. Манай сумын мал бүхий иргэдийн амьжиргааны их үүсвэр нь яалтачгүй сүү, махны чиглэлийн үхрийн аж ахуй. Нийт сумын хэмжээнд 24000 орчим үхэр сүрэгтэй. Жилдээ 19,5 сая литр сүүг 115 пермерийн аж ахуй, мал бүхий иргэд Улаанбаатар хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Цаашдаа энэхүү үүлдрийн чанар байдлыг алдагдуулахгүй сайжруулан хадгалахын тулд мэргэжлийн баг ажиллаж үхэр сүргийн бүтцийг ангиллаар тодорхойлж шинээр “Буган халиун” үүлдрийн хэсгийг баталгаажуулж чадсан. Сүү, махны чиглэлийн хосолмол ашиг шимт “Буган хариун” үүлдрийн хэсгийг Монгол Улсад шинээр зохион бүтээсэн нь манай сумын брэнд буюу Монгол Улсын Мал аж ахуйн салбарт оруулж буй томоохон дэвшил болж байна.

Энэхүү ажил хийгдсэнээр эрчимжсэн мал аж ахуйн үхрийн бүтэц сайжирч, сумын мал бүхий иргэд тооноос чанарт илүү анхаарч “Буган хариун” үүлдрийн үхэр сүргийг өсгөн үржүүлж байна. Энэ цаашлаад Улаанбаатар хотын иргэдийн сүү цагаан идээний нийлүүлэлтийн чанарт сайнаар нөлөөлж байна.

-Танай сумыг зорих, дайран өнгөрөх жуулчдын үлдээх хог тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бололтой…?

-Их хоттой хаяа дэрлэн оршиж байгаа манай сумын тухайд хөгжилд ойр сайн тал байх ч бас тулгамдсан асуудлууд цөөнгүй. Аялал жуулчлалын таатай бүс нутаг гэж сүүлийн гурван жилд дотоодын аялагчид тодорхойлон манай сумыг зорьж байгаагаас Тэрэлж рүү явдаг аялал жуулчлалын урсгал Батсүмбэр сумыг чиглэж байна. Зуны амралтын оргил ачааллын үеэр өдөртөө 2000 гаруй машин манай сумыг зорин ирж байна. Тухайн машинд хэчнээн хүн ирж байгаа билээ. Тэр олон хүний тарьж байгаа хог хаягдлыг сумын хэмжээнд ганцхан хогны тэрэг, нэг ачигч ажиллаад бүрэн цэвэрлэж чадахгүй байна. Хот орчимд аялал жуулчлалын бүс болон хөгжүүлэх гэж байгаа сум орон нутгуудад ТҮК байгуулах, орон тоо бүтэц зохион байгуулалтыг аймаг, улсаас бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Эко аялал жуулчлалын хөгжил хоггүй цэвэр аялахаас л эхэлнэ шүү дээ.

НИЙСЛЭЛ ХОТООС ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЙХ ЯВДАЛ СҮҮЛИЙН ХОЁР ГУРВАН ЖИЛД ХЭРЭЭС ХЭТРЭЭД БАЙНА

Дараагийн тулгамдсан асуудал бол нийслэл хотоос оршуулгын зан үйлийг хууль бусаар /хулгайгаар/ авч ирж хийх явдал сүүлийн хоёр гурван жилд хэрээс хэтрээд байна. Зөвхөн 2019- 2020 онд нэр бүхий долоон компани 360 бурхан болоочыг хөдөөлүүлсний 60 нь л манай сумын иргэд. Үлдсэн нь хууль бус хулгайгаар хөдөөлүүлсэн зөрчил илэрсэн. Энэ асуудлыг багийн иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцүүлж оршуулгын газраа эзэнтэй болгохгүй бол болохоо байх нь ээ гэсэн иргэдийн саналд үндэслэн сумын хурлаараа хэлэлцүүлэн журам боловсруулж аймгтаа уламжилсан. Энэ нь оршуулгын газрыг журамлах санал санаалчилга гаргасан анхны сум болсон. Сумын хэмжээний оршуулгын зан үйл хийх газраа Тамгын газрын нэр дээр албан ёсоор шийдвэр гарган баталгаажууллаа. Энэ ажлыг сумын иргэнээс ирсэн хүсэлтийн дагуу гэрээгээр гүйцэтгүүлж харуул хамгаалалт, хашаажуулалт тохижилтын ажлыг хийгээд байна. Ингэсний үр дүнд дээрх зөрчил зогссон. Цаашид энэ ажлыг тухайн иргэн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хэрэгжүүлж явахаас гадна буяны зан үйлтэй холбоотой бүхий л үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож нутгийн иргэддээ үйлчилж өөрөө өөрийгөө санхүүжүүлж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Тухайлбал, бухан болоочоо хөдөөлүүлэх нутгийн иргэд маань заавал нийслэл хот руу явж зардал чирэгдэл гаргахгүйгээр сумандаа бүхий л төрлийн буяны цогц үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Бурхан болоочын хайрцаг, хөшөө суварга цаашлаад зэд, хурал номоо хурж буян хураах бүхий л зан үйлээ нэг дороос авах боломжтой болголоо.


-Сум орон нутгийн хөгжилд аймаг улсын хөрөнгө оруулалт чухал. Энэ хүрээнд хийгдэж байгаа ямар бүтээн байгуулалт байна?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай суманд сүүлийн 25 жилд хийгдээгүй их хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Нийт найман чиглэлд 14,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татсан. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн хичээлийн байр, 280 хүүхдийн хүчин чадалтай эрэгтэй эмэгтэй дотуур байр, Үдлэг багийн төв, Гал унтраах зориулалтын автомашин гэх мэт. Яамны хөрөнгө оруулалтаар ЕБС, СӨБ-ын шаардалгатай сурталтын тоног төхөөрөмж, Спорт заалны засвар, эрчим хүчний өргөтгөл шинэчлэлүүд, Түргэн тусламжийн автомашин. Аймгийн хөрөнгө оруулалтын хүрээнд гал унтраах ангийн автомашин, ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжүүд, цахим худаг.

Сумын төсвийн хөрөнгө оруулалтаар Батсүмбэр суманд байрлах Гал унтраах ангийн байр, ЕБС-ын АБ байрыг холбосон ариун цэврийн байгууламж, Цогт-Өндөр багийн соёлын төв, ЭМТ-ийн дээврийн бүрэн их засварууд, ЗДТГ-ын албан хэрэгцээний автомашин.

Гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд Тайванийн хүүхдийн ивээх сангийн санхүүжилтээр дотуур байрны хүүхдийн цэвэр усны байгууламж, Солонгосын Фукеонг их сургуулийн хөрөнгө оруулалтаар урлаг, спорт заалны их засвар, Швейцарь улсын санхүүжилээр Баянгол багийн сургууль цэцэрлэгийн цогцолборын цэвэр бохирын холболт, Туркийн ТЕКА байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Будаан толгойн суурингийн иргэдийг цэвэршүүлсэн усан хангамжтай болгосон.

Орон нутгийн хөгжлийн сангаар /ОНХС/ ЕБС-ын ариун цэврийн байгууламж, наадмын талбайн эрчим хүч, хог тээвэрлэх автомашин, Сөгнөгөр багийн цэцэрлэгийн өргөтгөл, Цогт-Өндөр багийн соёлын төв, Үдлэг багийн нийтийн халуун усны газар хийгдэээд байгаа бөгөөд Мандал-1 дүгээр багт 1 км явган хүний замын ажлын зураг төсөл хийгдэж тендер зарлагдан ажил эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Мөн сумын хэмжээнд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдтэйгээ хийсэн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд 100 гаруй сая бүтээн байгуулалт, тохижилтыг хийж гүйцэтгээд байна. Нутгийн уугуул иргэдийн санал санаачилга, сургууль төгсөгчдийн хандив тусламжаар 50 гаруй сая төгрөгөөр нийгмийн байгууллагууд болон нийтийн эзэмшлийн талбайн тохижилтыг хийлгүүлээд байна.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Батсүмбэр сумын Засаг дарга ямар ажил хийж, хэрэгжүүлсэн, хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлсныг бидний ярилцлагаас уншигчид маань дэлгэрэнгүй авч чадсан байх гэж найдаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа сумынхаа ард иргэдээр дүнгээ тавиулах энэ сайхан торгон мөчид манай улсын өдөр тумтын томоохон хэвлэл зочин хоймортоо урьж ярилцлага авсан танд болон танай хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн Батсүмбэр сумаараа овоглож гадаад улс оронуудад ажиллаж амьдарч байгаа мөн Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа нутгийн зон олондоо Нутгийн шүтээн Мандал Хайрхан та бүхнийг минь өнө мөнхөд ивээж явах өлзийтэй ерөөлийг дэвшүүлье ээ.

Т.БАТЛХАГВА

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.

Categories
мэдээ нийгэм

Чехээс ирсэн оюутныг хилээр нэвтрүүлэхээр болжээ

Чех улсаас Монгол оюутан 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн. Энэхүү оюутныг хилээр нэвтрүүлэхгүй байсан юм. Монгол оюутан Орос, Монголын хил буюу Алтанбулаг боомт дээр гацаж, олон нийт түүнийг хилээр нэвтрүүлэхийг шаардаад байгаа. Тэрээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад эх орон минь ингэж хүлээж авна гэж ёстой бодсонгүй. Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Гэтэл буцаад яв, бидэнд чиний асуудал хамаагүй гээд байна” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл хоёр улсын хил дээр гацсан иргэнийг өнөөдөр /2020.07.30/ Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна.