Categories
мэдээ нийгэм

​Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын онош батлагдлаа

Монгол Улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа.

Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Баяр наадмын амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарь

Баярын үеэр тоглогдох үзвэр үйлчилгээний хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд явагдах соёл урлагийн үзвэр үйлчилгээг танилцуулж байна.

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд:

7 дугаар сарын 10-15-нд: 09:0- 16:00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн

Үндэсний музейд:

7 дугаар сарын 10-15-нд 9:00 – 16:30 “Эрийн гурван наадам” үзэсгэлэн

Богд хааны ордон музейд:

7 дугаар сарын 11-15-нд 09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Чойжин ламын сум музейд:

7 дугаар сарын 10-15-нд 09:00- 17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Байгалийн түүхийн музейд:

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монголын уран зургийн галерейд:

7 дугаар сарын 11-15-нд 09:00 – 17:00 “Түүх агуулсан плакатууд”, “Хотын байгаль”, “Аж байдлын монгол зураг”, “Хосгүй үнэт бүтээлүүд”, Сэтгэлгээний эрх чөлөө, “Монголын соц-реалист дүрслэх урлаг” үзэсгэлэнгүүд

Улаанбаатар хотын музейд:

7 дугаар сарын 11-15-нд 09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд:

7 дугаар сарын 11-15-нд 10:00- 17:00 “Монголын нэг өдөр” Нэгэн сэдэвт зураг, кино толилуулах, виртуал музейгээр аялуулах

Хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд:

“Цаасан нугалбар тоглоом”: Эвлүүлдэг тоглоом танилцуулах

Монгол Арт галерейд 7 дугаар сарын 10-15-нд:

10:00-17:00 цагт: Монголын ахмад алдарт зураачдын шилдэг уран зургууд: Залуу уран бүтээлчдийг дэмжсэн “Монгол арт маркет” үзэсгэлэн худалдаа Урлаг судлалын ухааны доктор, зураач Ч.Болдбаатарын үзэсгэлэн

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт:

7 дугаар сарын 10-15-нд Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” тоглолт “Best of clssics”, “UBS”, TV1, Боловсрол телевиз, TV 25 сувгуудаар

Улсын драмын эрдмийн театрт:

7 дугаар сарын 10-наас 17-нд “Найргийн тэнгэр” контент “UBS” телевиз болон байгууллагын албан ёсны сошиал сувгуудаар

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Тарваган тахлын нас баралтын түвшинг 4,9 хувь гэж үздэг

Д.Нарангэрэл: Гадны оронд манай улсын 30 хүн халдвар авч, 13 нь ...

ЭМЯ-наас өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тарваган тахлын талаар нэмэлт мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Говь-Алтай аймагт эндсэн хүүхдийн сорьцыг шинжлэхэд PCR-аар тарваган тахлын булчирхай хэлбэрээс хүндэрч, үжил хэлбэрээр нас барсан нь тогтоогдсон. Нэгдүгээр хавьтлын 15 хүн, хоёрдугаар хавьтлын 11 хүнийг хяналтад авсан. Нэгдүгээр хавьтлын 15 хүн антибиотекийн эмчилгээнд орсон. Тэднээс одоогоор зовуурь шаналгаа илрээгүй.

Тарваган тахлын идэвхжил өндөр байгаа энэ үед тарвагатай харьцах, тарваганы мах идэх, агнах нь хуулиар хориотой байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, эмнэлэг рүү ирэх замдаа нас барна гэдэг маш харамсалтай. Тиймээс тарваганы махыг хэрэглэхгүй байхыг дахин дахин анхааруулмаар байна. Тарваган тахал цар тахал үүсгэдэг маш өндөр эрсдэлтэй өвчин. Хамгийн сүүлийн тарваган тахлыг хар тахал гэж нэрлэдэг. Энэ өвчин коронавирусээс ч аюултай.

Коронавирусийн нас баралтын түвшинг дунджаар 2.3% гэж үзэж байгаа бол тарваган тахлынх 4.9% гэж дэлхий дахинд үздэг, өндөр нас баралттай, аюултай өвчин гэдгийг анхаарах хэрэгтэй. Тарваган тахлын халдварын нууц үе зургаан хоног байдаг. Тиймээс Говь-Алтай аймгийн зургаан суманд хэмжээнд хөл хорио тогтоож байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

101661071_1407471766120103_4017250651181912819_n-6vitddhit0j3oc7mveb9ps0yqssc37g8w7mfe0bnebk.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Цаашид Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Булгантуяа: Маш ажил хэрэгч байх шаардлага ирэх дөрвөн жилд тулгарна

УИХ-ын гишүүн Х.Булгантуягаас тодруулга авлаа.


-Шинэ Засгийн газар хамгийн түрүүнд ямар ажил хийх ёстой вэ?

-Орлого талдаа хүндэрсэн учир зарлагаа танасан. Нөгөө талдаа эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэсэн томоохон үүргийг УИХ, Засгийн газар үүрч байна. Цар тахлын үед дэлхийн эдийн засаг тэр аяараа хямарсан, улс орнуудын хооронд гадаад харилцаа ч хэцүү болсон ийм нөхцөл байдалд байна. Үүнийгээ дагаад төсвийн тодотгол орох байх. 2020 оны төсвийг боловсруулж байхад цар тахлын асуудал байхгүй байсан. Тэгэхээр энэ жил төсвийн орлого буурсан үзүүлэлттэй байгаа. Арван нэгээс арван хоёр их наядын төсвийн зарцуулалттай. Энэ бол томоохон компанийн бичиг хэргийн зардалтай дүйцэх хэмжээний зардал. Бидний бодох ёстой зүйл бол хэрхэн эдийн засгаа тэлэх, төсвийг нэмэх, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийдэг, аж ахуйн нэгж, ажлын байрны тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр илүү их анхаарах ёстой. Бид экспортоо нэмэгдүүлж чадвал бидэнд боломж, бололцоо их байгаа. Үйлдвэрлэгч болон экспортлогч улс болох хэрэгтэй. Үйлдвэр, хөрөнгө оруулалтууд руу чиглэсэн татварын хөнгөлөлтүүдийг хийх хэрэгтэй.

-Төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа. Зарим танах хөрөнгө оруулалтууд юу байна?

-Мэдээж зардал дээр бид үргэлж анализ хийж явж байдаг. Урсгал зардлууд бүгдээрээ гараад явж байна л даа. Сургууль, цэцэрлэг, төрийн албан хаагчдын цалин гээд л. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Эрүүл мэндийн салбар дээр нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтууд хийлээ. Төсвийн хөрөнгө оруулалтуудын зарим төсөл хөтөлбөрүүд эхлээд явж байгаа. Монгол Улсын хамгийн том худалдан авагч худалдан авалтаа зогсоочих юм бол эдийн засаг тэр чигээрээ тэг зогсолтод орох нөхцөл байдал үүсдэг. Гэхдээ зарим төсөл хөтөлбөрүүд яах ч аргагүй амаргүй байдалтай байна. Эхлэхэд ч хэцүү, эхэлснүүд нь гацсан байдалтай ийм төсөл хөтөлбөрүүд байгаа. Тиймээс явцыг нь харж байгаад заримыг нь хасахаар ярьж байна.

ДЭМБ-аас “КОВИД-19”-ийн сөрөг нөлөө хэр удаан үргэлжлэх талаар ч хэлж чадахгүй байна. Бид эв нэгдэлтэй байж, бүх дотоод нөөц бололцоогоо дайчлах ёстой. Дараагийн дөрвөн жилд маш ажил хэрэгч байх шаардлага тулгарч байна. 2020-2024 оны хооронд Чингис бонд гэх мэт олон гадаад зээлийг төлнө. Иймд төрийн зардлыг хэмнэх шаардлагатай. Төсвийн тодотгол хийнэ. Тун удахгүй энэ асуудлыг хэлэлцэнэ. Орлоготойгоо уялдуулан зарим зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Төсвийн орлого ихээхэн тасарсан. Өмнө нь өдөрт 1200 хүртэл тооны нүүрсний машин хил нэвтэрдэг байсан бол БНХАУ-д дахин халдвар дэгдсэнээр манай экспорт саарлаа. Нааштай зүйл гэвэл урд хөршид халдварыг хяналтдаа авч чадсан. Бид экспортлоод, экспортлоод БНХАУ-ын нийт импортынх нь хоёр хувьд ч хүрэхээргүй жижиг худалдаа эрхэлдэг улс. Халамж гэх мэт бүх зардлыг Төрийн сангаас цагт нь олгож байгаа. Би сонгуулийн ажлынхаа хажуугаар үүнд хяналт тавин ажилласан.

-Шинээр хоёр яам байгуулагдахаар болсон. Энэ нь төсөвт хэр хэмжээний ачаалал болох вэ?

-Үүнийг төсөв ороход оруулж ирэх байх. Эдийн засгийн хүндрэлийн үед аль болохоор төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх, төрийн албан хаагчдын тоог нэмлээ гэхэд шинээр сургууль цэцэрлэг барьсан, нэн шаардлагатай салбарууд дээр өнгөрсөн дөрвөн жилд хийж ирсэн. Бараг л Сангийн яамнаас УИХ руу төсөв орж батлуулахдаа шинээр орж ирж байгаа төрийн албан хаагчдынхаа нэрийг нь зоохоос наагуур л оруулдаг байсан. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын салбар гэх мэт цөөхөн салбарт нэн шаардлагатай анги, барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулахад л төрийн албан хаагчийн тоог нэмсэн байгаа. Анзаарсан бол шинээр томоохон агентлаг, бүтэц бүрэлдэхүүн бол үүсээгүй. Өнгөрсөн дөрвөн жилд 2016 онд ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байсан тэр чигээрээ ажилласан.

-Ирэх дөрвөн жил манай улс их хэмжээний өр төлж эхэлнэ. Эдгээр өрүүдийг төлөхийн тулд эдийн засгаа яаж залж, энэ асуудлаас гарах вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд бид энэ асуудлын бэлтгэлийг нэлээд хийсэн. Монгол Улсын зээлжих зэрэглэл бараг гурван удаа сайжирсан. Өөрөөр хэлбэл, бид олон улсад сайн зээлдэгч болно, дахин санхүүжилт босгоод авахад зээлийн хүү бага байна гэсэн үг. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндийг өсгөхийн төлөө ажиллалаа. Монгол Улсын Их хурлаас түүхэндээ хоёр дахь удаагаа өрийн удирдлагын бодлогын баримт бичгийг баталсан. Нэмж эрсдэл үүсгэх баримт бичгийн батлахгүй, өр зээлийг нэмэгдүүлэхгүй, зээлийн хүүг бага хэмжээнд барих, зээлжих зэрэглэлийг сайжруулах гэх мэтчилэн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлээд явж байгаа. Удахгүй УИХ-д төсөвтэй холбоотойгоор үүнийг хэрэгжилттэй нь тайлагнаж таарна.

-Своп хэлцлийг хэдэн жилээр хойш нь сунгасан бэ?

-Энэ талаар Монголбанкнаас илүү нарийн мэдээллийг өгөх байх.

-Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн бий. Эдгээр гишүүд маань хэрхэн нэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх бол гэсэн нийгмийн хүлээлт байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна. Нийгмийн ямар тулгамдсан асуудал дээр анхаарч ажиллах бодолтой байгаа вэ?

-Мэдээж эмэгтэйчүүдийн зүгээс хэд хэдэн асуудлыг ярьж байна. Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд эмэгтэй хүн бүрийн санаа зовж байгаа. Гэхдээ үүнийг би ганцхан эмэгтэйчүүдийн хийх ёстой асуудал гэж хардаггүй. 76 дотор түүхэнд байгаагүй олон буюу 13 эмэгтэй гишүүн гэдэг их тоо юм шиг ярьдаг. Гэсэн ч энэ бол цөөнх. Бүр цөөнхийн цөөнх. Бүхий л сонгогдсон гишүүний хойно нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь хүүхдүүд. Хүүхдүүд сонгогчид биш. Тийм учраас УИХ-ын гишүүн болгон эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө тэмцэх ёстой. Тэр тусмаа цөөн хүн амтай Монголчуудын хувьд хүн бүрийн чин үүрэг гэж бодож байгаа. Хамгийн чухал асуудал ажилгүйдэл ядуурал. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн том шалтгаан. Энэ шалтгааныг нь бид эмчлэхгүйгээр, ялыг нь чангатгана гээд нөгөө талыг нь барих өрөөсгөл байх болов уу. Хамгийн чухал асуудал нь яаж эдийн засгийг сайжруулж, ажилгүйдэл, архидалтыг багасгах вэ гэдэг юм. Ажилтай орлоготой хүмүүс гэмт хэрэгт холбогдохоос эхлээд сөрөг үр дагавар нь нийгэмд бага байдаг шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

Мөрөн-Хатгал чиглэлийн туслах замыг нээжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгал чиглэлийн туслах замыг нээжээ. Харин үндсэн хатуу хучилттай замыг засаж байгаа аж. Энэ сарын 13-нд хүчтэй аадар бороо орсны улмаас тус чиглэлийн хатуу хучилттай зам буюу Мөрөнгөөс 4 км орчим зайд зорчих хэсэг сэтрээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ

Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “VII сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид. Мөн ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. МӨн сайн мэдээ байна. Чихрийн шижинтэй гэгдэж байсан иргэн 48 хоног эмчлүүлээд өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу ажлаа хийсэн хүнийг шүүж яллана гэдэг байж боломгүй зүйл

– ХЭРВЭЭ ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДААГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХ БАЙСАН-


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Төсөв тодотгохгүй гэж хэдэнтээ мэдэгдэж байсан Ч.Хүрэлбаатар сая гишүүнээр сонгогдсоныхоо дараахан төсвийн орлого 1.3 их наядаар тасарлаа, одоо тодотгохоос аргагүй гэчихлээ. Төсвийн орлого тасрах нь тодорхой гэж танхимаас хэд хэдэн удаа мэдэгдсэн байх аа?

-Тэгсэн. Тэр үед нь тоогоогүй байж одоо тэгж мэдэгдээд суугаад нь гайхаж байна, үнэндээ. Хэд дэх удаагаа ч билээ тоог нь зарлаж байгаад төсөв тодотгохгүй гэж гүрийж суусан хүн шүү дээ. Гэтэл одоо төсвөө тодотгох ёстой гэчихсэн суугаад ганц би ч биш олон хүн гайхаж байгаа байх. “Ковид-19” вирустэй холбоотой эдийн засгийн хүндрэл таван сар үргэлжиллээ шүү дээ. Танхимаас удаа дараа судалгаа хийж, цаг алдалгүй арга хэмжээ аваач, эрсдэлийг бууруулах менежмэнтээ зөв хийгээч гэж Засгийн газарт олон удаа хандсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бидний тавьсан асуудлуудыг дэмжиж хүлээн авсан. Ний нуугүй хэлэхэд Сангийн яам асуудлуудыг гацаасан.

-Засгийн зүгээс өчнөөн мөнгөний арга хэмжээ авна гэж зарласан, үр дүнгээ өгөөгүй хэрэг үү?

-Нийт зардлыг нь тооцвол маш том дүнтэй арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг Засгийн газар хийсэн, УИХ ч шийдэж өгсөн. Хэчнээн нь байгаа онов гэсэн асуулт тавиад харвал маш олон асуудал бий. Ний нуугүй хэлэхэд тэр бүх мөнгийг сонгуульд ашиглачихсан шүү дээ.

Нэмээд хэлэхэд, Сангийн яам эдийн засгийн нөхцөл байдлыг дутуу үнэлсэн. МҮХАҮТ-аас гадна гадны томоохон байгууллагууд хүртэл удаа дараа сануулсан. Харамсалтай нь Сангийн яам хэнийг ч сонсоогүй. Тухайн үед 5.1 их наядаар эдийн засгийг дэмжинэ гэж ярьж байсан ч яг аль салбарыг яаж дэмжсэн бэ гээд бодитой тоо асуувал үнэхээр хүнд. Арай учиртай нь барилгын салбар байна.

-Хэрвээ тэр үед төсөв тодотгох гэх мэтээр танхимаас тавьсан шийдлүүдийг ажил болгосон бол ажлын байруудаа хамгаалж чадах байсан уу?

-Чадахаар байсан. Аж ахуйн нэгжүүдээ дэмжээч, ажлын байраа хамгаалаач гээд тодорхой шийдлүүд санал болгосон ч Сангийн яам төсөв тодотгохгүйгээс эхлээд саад, тээг тавьсан л даа. Гэсэн хэр нь өнөөдөр огт өөр нам хүчнээс хэцүүдсэн эдийн засаг хүлээж авсан мэтээр яриад эхлэх юм. Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь бий болгосон хямрал шүү дээ. Энэ хүн хямралын үеийн эдийн засгийг удирдаж чадахгүй гэдгээ нотолчихсон. “Ковид-19” бол сүүлийн зуун жилд тохиогоогүй тахал. Ийм хүндрэлтэй үед хувийн хэвшил өөрөө өөрийгөө үнэхээр авч явж чадахгүй байна, төр засгаас бодитой дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг л бид тавьсан, одоо ч тийм хүсэлт тавьж байна. Бусад улс орон энэ асуудалд ямар тооцоотой, системтэй, эмх замбараатай хандаж байгаа билээ. Бид тэгж хандаж ажиллаач гэсэн хүсэлт л тавьсан. Өнгөрсөн цаг үед ийм явдал болж өнгөрчихөөд байхад гэнэт л саран дээрээс бууж ирсэн юм яриад сууж таарахгүй л дээ.

-Компаниудын үйл ажиллагаа, нөхцөл байдал ямаршуухан байна, яг одоо?

-Бид Монголбанктай хамтраад хамгийн сүүлийн үеийн судалгаа хийсэн. Арван компанийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндэрчихэж. Иргэдийн 53 хувь нь хэрэглээгээ хумьсан байна. Эрэлт багасчихаар эдийн засаг хумигддаг зүй тогтолтой.

-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар асуудал ярив, шинэ засагт ямар саналууд хүргүүлж байна вэ?

-Танхимын удирдах зөвлөлийн хурлаар олон асуудал ярилаа. Хувийн хэвшлийг боомжилж, үйл ажиллагаа явуулахад нь саад болсон олон асуудлыг цэгцлэх цаг болсон гэж танхимын Удирдах зөвлөлийн гишүүд хэлж байна. Жишээ нь, энэ олон тусгай зөвшөөрлүүдийг танаж, хасмаар байна. Энэ олон зөвшөөрөл лицензүүд хувийн хэвшлийг элгээр нь хэвтүүлж байгаа. Үйлдвэрийн байр барья гэхэд л байгаль орчны үнэлгээ гээд хоёр,гурван жилийг нь авчихдаг. Гэтэл бизнест цаг яаж үнэлэгддэг билээ. Тусгай зөвшөөрлийн шат дамжлага хүнд суртал бүрийн ард авлига цэцэглэж байдаг.

-Ажилгүйдэл хүнд асуудал болчихсон. энэ чиглэлээр төр засагт ямар санал шийдэл хүргэж байгаа вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80 гаруй хувь нь ажилгүй болсон гэсэн сэтгэл эмзэглэм тоо бий. Сая болж өнгөрсөн сонгуулиар 600 гаруй нэр дэвшигч тал бүрд хүн цуглуулаад бужигналаа шүү дээ. Хөл хориог хэсэгчилж тавихад асуудал алга гэж бид харж байгаа. Тэр чигийн саналуудаа ч тавьсан. Лангуу түрээсэлдэг, хувиараа жижиг борлуулалт хийдэг маш олон хүн ажилгүй болчихсон байгаа. За тэгээд экспорт буурчихлаа , төсвийн орлого тасарчихлаа, төсвийн зарлага 1.1-ээр нэмэгдчихлээ гээд шүүмжлээд байвал асар олон зүйл бий. Энэ бүх асуудлаа анхааралтай ажиглаж, хямралын үеийн менежмэнтийг зөв хийх цаг болсон. Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулагдах юм шиг байна. Шинэ яаманд хийх ажил их байгаа. Сангийн яам нэлээд шийдэмгий, хямралын үеийн эдийн засгийн шоконд хариу өгч ажиллаж чадахуйц байх хэрэгтэй.

-Та түрүүн барилгаас бусад бүх салбар хүндэрсэн гэж ярилаа. нэлээд хүндэр-сэн гэвэл аль салбаруудыг онцлох вэ?

-Аялал жуулчлалтай холбоотой зочид буудал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ гэх мэт салбарууд асар хүндэрсэн. Хөнгөн үйлдвэрийн салбар маш хүнд байгаа. Наад захын жишээ гэхэд л ноолуур байна. УИХ-ын баталснаар бол ноолуурын салбарыг 500 тэрбум төгрөгөөр дэмжих учиртай. Өнөөдөр тэр мөнгө хаана байгаа, яасан ийсэн нь мэдэгдэхгүй болчихлоо. Махны салбар хэцүүдсэн. Экспортыг нь зогсоогоод бараг жил шахуу болчихлоо.

-Махны холбооныхон экспортын баахан мах түгжчихлээ гэсэн асуудал хэлж байсан. Тэр асуудал шийдэгдсэн үү?

-Одоо болтол юу ч шийдэж чадаагүй байгаа. Бид Засгийн газарт үндсэндээ долоон асуудал тавьж байна. Юуны өмнө үнэнтэй нүүр тулаад илүү ажил хэрэгч, мэргэжлийн Засгийн газар байгуулах шаардлага үүсчихлээ. Эхний асуудал бол зээл. Банкуудыг мөнгөжүүлж хувийн хэвшлээ зээлээр дэмжих хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйгаа бодитойгоор дэмжмээр байна. Аж үйлдвэр боловсруулах салбараа бодитойгоор дэмжих эрэлт үүсчихлээ. Ийм үед гадаад худалдааг дэмжих зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ экспортыг дэмжих хэрэгтэй гэсэн үгийг давтамжтайгаар хэлсэн. Экспорт дээр хэлэх нэг зүйл бий. Гадаад худалдаа хариуцсан яам хэрэгтэй байна. Тэгж байж улс орнуудтай хийх гадаад худалдаагаа сайжруулж чадна. Ингэж байж эдийн засаг тэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хамгаалсан дорвитой алхам хийх зайлшгүй шаардлага үүсчихлээ. Ядаж л дэлхийд монголчуудын нүүрийг тахалж байгаа Оюу толгойгоо зөв ажиллуулж, зөв дэмжиж, зөв хамтармаар байна.

-Хүнсний салбараа додомдоод өгвөл экспортын бас нэг том салбар байх боломжтой гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бүрэн нийлнэ. Хүнсний үйлдвэрлэлийн салбар бол маш том салбар. Ингээд харахаар ХХААХҮЯ бол хамгийн том яам. Бүх малчид, хүнсний ногоо, үр тариа улаанбуудай тариалагчид, хөнгөн хүнсний үйлдвэрүүд дээр нэмэх нь бүх жижиг худалдааныхан орж байгаа гээд та төсөөл дөө. Гэтэл энэ яам социализмаасаа салаагүй яваа. Худалдаа, хүнс, хөдөө аж ахуйд хувьсгал хийх шаардлага үүсчихсэн. Энэ чигийн яамыг шинэ залуу хүнээр удирдуулах хэрэгтэй. Яамны хажууд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан ажилладаг нь буруу жишиг. Иймэрхүү сангууд олон нийтийн хяналттай байж эрүүл, зөв ажиллана.

-Цар тахлын хоёр дахь давлагаа эхэлчихлээ, дор хаяж хагас жил үргэлжилнэ гэж ярьж байна. бусад улс орон энэ сорилтод яаж хандаж байна вэ?

-Бүгд л дор бүрдээ эдийн засагтаа анхаарч байна. Хятадын тудхайд экспорт нь буурсан учраас дотоодын зах зээлээ тэлэхийн тулд маш их бүтээн байгуулалт хийх гэж байна. Үүнийг нь бид өөрсдөдөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй.

-Наад зах нь нүүрс, зэсийн экспортдоо анхаарахаас эхлэх байх даа…?

-Тэгнэ.

АН-ын мөрийн хөтөлбөрт оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгана, уул уурхайн олон төслийг ашиглалтад оруулна гэсэн амлалтууд багтсан. Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахгүйгээр биелүүлэхэд хэцүү амлалтууд л даа. Гадны хөрөнгө оруулагчдын гол баромтер болсон оюу толгой төсөл дээр том шийдвэр гаргасан, гаргахад нь оролцсон хүмүүсийг улстөржиж шүүгээд байхаар яадаг юм бол доо?

-Ер нь бол улс төрийн шалтгаантай иймэрхүү асуудлууд гадаад орчинд маш сөрөг нөлөөтэй. Монголын эдийн засаг арав дахин өссөний суурь шалтгаан нь Оюу толгой шүү дээ. Оюу толгойг дагаж маш олон жуниор хөрөнгө оруулагч Монголд орж ирсэн. Маш олон компани орж ирсэн.Дээрээс нь маш олон банк санхүү, хууль эрх зүйн компаниуд орж ирсэн. Дэлхий даяар Монголыг сурталчилсан ганц том төсөл бол ерөөсөө Оюутолгой. Ийм том төсөлтэйгөө яаж зөв хамтрах тухайд л анхаарах хэрэгтэй. Өмнөх УИХ, Засгийн газрын шийдвэрүүд тухайн үеийнхээ нөхцөл байдал, хууль журамд үндэслээд гарсан нь тов тодорхой зүйл. Ганц л үнэн бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэжилнэ гэдэг гарцаагүй үнэн.

-Оюу толгойн асуудлаар одоо шүүгдэж байгаа хүмүүсийн дунд гэхэд л УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг гүйцэтгэсэн ганц хоёр хүн бий. Жишээ нь, Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр байна. Нэг нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, нөгөө нь “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалынхаа хүрээнд Ерөнхий сайдын даалгасны дагуу гарын үсэг зурсан. УИХ, Засгийн газраас гарсан шийдвэрийг зүгээр л ажлаа хийж явсан албан тушаалтанд нааж буруутгаж, шүүж яллах нь яаж ч бодсон буруу жишиг гэж харагдаад байх юм?

-УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хувь хүн дээр тохож, яллах гэж байгаа нь, нийгэмд буруугаар харагдуулах гэж оролдож яваа нь маш том сөрөг талтай. Нэгдүгээрт, гадны хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болно. Хоёрдугаарт, өнөө хожим хэн ч эдийн засгийг хөгжүүлэх ямар ч шийдвэр гаргах хүсэлгүй болно. УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу ажлаа хийсэн хүнийг шүүж яллана гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Б.Бямбасайханыг буруутгаж байгаа зүйлийн тухайд ярья. Тухайн үед Оюу толгойн далд уурхай явуулах зайлшгүй шаардлага үүсчихсэн байсан. Эдийн засаг хямарсан, нүүрс зэсийн үнэ шалдаа унасан, тэтгэвэр тэтгэмжээ тавих эсэхдээ тулсан цаг байсан шүү дээ. Хэрвээ Дубайн төлөвлөгөө батлагдаагүй бол эдийн засаг элгээрээ хэвтэх байсан. Өнөөдөр Оюу толгой шиг арван төсөл хөдөлж байж Монгол Улсын эдийн засаг батжина, тэлнэ, жинхэнэ утгаараа хөгжинө. Том төслөө хөдөлгөхийн төлөө зүтгэсэн хүмүүсээ ингэж шүүгээд буруутгаад байвал юун том төсөл болох байх даа.

-Б.Бямбасайхан нэг ярилцлагадаа “риотой яриа хэлэлцээнд орж тохирох асуудал өчнөөн бий. бид бүгдээрээ хамтарч рио Тинтотой хэлцэл хийж байж зөв шийдэлд хүрнэ. Тэгэхгүйгээр өөр зуураа толхилцоод байвал бидэнд л муу” гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. анхаарч харахаар л өнцөг санагдсан…?

-Мэдээж бидний гарааны нөхцөл өөр. “Рио Тинто” бол маш олон жилийн туршлагатай дэлхийн хэмжээний том тоглогч. Гэтэл Монгол Улс маань юу билээ. Бид эдийн засаг бизнесийн орчин бизнесийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд 130, 140 хавьцаа л яваа. Хуулиа өөрчлөх шинэчлэх, нөгөө талтайгаа ойлголцох эрх нь УИХ-д бий. Энэ мэт өнцөгт анхаарахгүйгээр ажлаа хийж явсан хүмүүсээ яллана гэдэг байж боломгүй зүйл. Хувийн хэвшлээ дэмжье, эдийн засгаа өсгөе, улс орноо хөгжүүлье гээд шийдэмгий алхам хийсэн хүмүүсээ нухчин дарсан, бодлогогүй алхам гэж харж байна. Өнгөрсөн парламентад тэр гэрээг өөрчлөх эрх нь байхад яагаад хөдлөөгүй юм бэ гэсэн асуулт тавих хэрэгтэй л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг гуйх ёстой, бид баялагтай улсын иргэд учраас гуйлгах учиртай гэсэн гэдийлт манай засаг төрийнхөнд их тод анзаарагдаад байдаг…?

-Дэлхий даяараа л өрсөлдөөн явагдаж байна. Хятад улс гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд маш олон ажил зохион байгуулж байна. Америк ч тэр гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд маш олон дэмжлэг санал болгож байгаа. Гэтэл бид үүний эсрэг алхаад хаа хүрэх вэ дээ. Ер нь эдийн засгийг тэлэх хоёрхон зам бий. Нэгдүгээрт, экспортыг байж болох хэмжээнд нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ хоёр алхмыг хийхгүйгээр бид өмнөө байгаа асуудлуудаа шийдэж чадахгүй.

-Б.Бямбасайханы хувьд МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч. Тэр утгаар нь танхимыг төлөөлөөд байр сууриа хэлэх үү?

-Өмнөх байр сууриа л хэлнэ дээ. Танхим бол төр хувийн хэвшлийн хооронд гүүр болдог байгууллага. Цаашдаа олон арван Оюу толгой байх ёстой гэж харж байгаа бол ингэж хандаж болохгүй. Хэрвээ асуудалд ингэж хандаад байх юм бол Монголыг тоож ирэх хүн олдохгүй. Бид энэ дэлхийн том эдийн засагт, интеграцид нэгдэхгүйгээр хөгжихгүй. Бямбасайханы хувьд Монголын хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг хамгаалах тал дээр өндөр мэдлэг боловсролтой, нийгмээ өөрчилье гэсэн чин хүсэлтэй залуу. Залуу үеийн зүрх зоригийг ийм байдлаар мохоож, хүсэл эрмэлзлийг нь мохоож болохгүй. Бид үүний эсрэг тэмцэх болно. Ер нь саалийн үнээгээ алж идчихээд дараа нь яаж хоолтой ундтай аж төрөх гээд байгаа юм гэж асуумаар байна. Хятад улс хүртэл хувийн хэвшил, ажлын байрыг хамгаалах, гадны хөрөнгө оруулалтыг татах, дотоод эдийн засгаа тэлэх гэх мэт дээр либерал бодлоготой ажиллаж байхад бид эсрэгээрээ 20,30 жилийн өмнөх нийгэм рүүгээ зүтгээд байж болохгүй шүү дээ.

Ц.бааСанСҮрэн

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Сүлжээний бизнес богино хугацаанд их мөнгө олох гэсэн хүсэл шунал дээр тулгуурладаг

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй сүлжээний бизнес хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.


-Сүлжээний бизнес хүний сэтгэл зүйтэй маш нарийн холбоотой. Сэтгэл зүйн талаасаа яагаад энэ төрлийн бизнест татагддаг юм бол?

-Тийм ээ. Энэ төрлийн бизнесийн онцлог гэвэл хүний сэтгэл санааг татах арга техниктэй байдаг. Энэ төрлийн арга техникт олон зүйлс ордог. Гол арга нь ятгах арга буюу харилцагчийн сэтгэл зүй, харилцаан дээр суурилсан байдаг. Хүний сэтгэл хөдлөлд хялбар нөлөөлөх дараах зүйлийг энэ бизнес агуулна. Бага хугацаанд их мөнгө олох, түргэн баяжих, гэрээсээ ажиллах, ажлаасаа гадуур хийх боломжтой. Цалингийн шатлал хурдан ахих, бусад хүнийг өөртөө элсүүлэх зэрэг бидний хэрэгцээн дээр суурилсан өгүүлэмжтэй байдаг нь бусдыг өөртөө татах арга болдог гэж ойлгож болно.

-Сүлжээнд ороод хохирсон олон мянган хүн бий. Тухайлбал, Манайд Жи-Таймын хэрэг хамгийн том хохирол учруулсан хэрэгт тооцогдож энэ асуудал шүүхээр явж байна. Ингэж олноор хохирсон нь нийт массын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйн илрэл гэж хэлж болох уу?

-Сүлжээний бизнесийн хувьд зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийт даяараа сонирхон дагаж ордог. Гэхдээ сүлжээний бизнесийг хүмүүс харьцангуй ойлгож мэддэг болж байна. Мөн эрсдэлтэй гэдгийг ч гадарлах болжээ. Дээр хэлсэнчлэн сүлжээний бизнесийн сэтгэл татдаг хэсэг бол яахын аргагүй богино хугацаанд их мөнгө олох гэсэн бидний хүсэл шунал дээр тулгуурладаг. Энэ үед бидний эрсдэлийг тооцох, логик сэтгэлгээ чухал боловч өндөр сэтгэл хөдлөлд дарагдан буруу шийдвэр гарган өөрөө сэтгэл санаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол байсаар байна.

-Ямарваа сүлжээнд итгэж, олноор элсэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь иргэдийн улам л биеэ оторлох, хөдөлмөрлөх дургүй байгаа болж байгаагийн шинж ч юм шиг. Энэ тухайд?

-Нэг талаараа тэгж дүгнэж болно. Мөн ажил хийх өөрийгөө авч явах нь бидний амьдралын хэв маягаас хамааран өөр байх боломжтой. Эцэг эхийн хүмүүжил, ажил хөдөлмөрт хандах хандлага, мөнгөнд хандах хандлага зэрэг нь ямар ажил хийх, яаж мөнгө олох вэ гэдэгтэй хамааралтайг баталсан судалгаанууд байна. Үүнээс үзэхэд амар хялбар аргаар олсон мөнгө гарахдаа ч хурдан бөгөөд олсон шигээ сэтгэл хөдлөл дээр суурилдаг учир тогтвортой байх байдал бага юм. Тиймээс сэтгэл санаа тогтворгүй байгаа, стресс бухимдал их, мөнгөгүй байдалтай удаан хугацаагаар байх тусам сүлжээний бизнесийн хохирогч болох байдал нэмэгдэх хандлагатай. Мөн олон жил үргэлжилсэн дэлхийд нэртэй гоо сайхан, эрүүл мэндийн сүлжээ байсан ч өөрөө сэтгэл санаа нь тогтворгүй хүн дороо хүн авах, бараагаа зарж чадахгүй байснаас болж мөн л сэтгэл санаа хямрах байдал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ зүйлийг би хийж чадах уу, энэ хууль ёсны бизнес мөн үү, үүнийг хийхдээ би дуртай байх уу гэсэн асуултанд хариулт өгсний дараагаар шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.

-Тэгэхээр ганцхан манайх ч биш дэлхий нийтээрээ хялбар аргаар мөнгө олох сонирхолтой болоод, бэлэнчлэх хандлагатай болоод байна уу?

-Дээр дурдсанчлан энэ ганцхан манайд байгаад байгаадаа биш, хүний сэтгэл зүйн эмзэг нарийн байдалд суурилсан учир дэлхий нийтийн асуудал болчихсон. Мөн хүний мөнгө олох, бэлэнчлэх сэтгэлгээ нь зөвхөн өнөө үед ч бус бидний өмнөх хэдэн зуун мянган жилд ч байсан. Тиймээс зарим улс орон үүнийг хуулийн хүрээнд хориг тавьж шийдсэн байдаг байх.

-Анхааруулсаар байтал сүлжээнд орох юм. Хүний сэтгэл зүйг татах арга техник нь улам нарийн болоод байна уу. Та энэ төрлийн бизнест ороод эд хөрөнгө болоод сэтгэл санааны хохирол амссан хүнтэй ярилцаж байв уу?

-Харилцааны ятгах, нөлөөлөх арга зам улам бүр нарийсаж зарим тохиолдолд өөрөө ч мэдэлгүй нээрээ мөнгөө өгсөн шүү дээ гэсэн хүнтэй нэг бус удаа тааралдаж байсан. Тиймээс ятгалгын гол арга зам бол өндөр сэтгэл хөдлөл үүсгэх юм. Та хэт их баярлаж, хөөрч байх тусам таны гаргах шийдвэр эрсдэлд орно гэсэн үг. Сэтгэл хөдлөл өндөр л байх тусам бидний тунгаан бодох хэсэгт боломж олдохгүй байна гэсэн үг.

-Пирамид сүлжээ гэж ярьдаг. Энэ сүлжээний хүмүүсийг татах онцлогийг сэтгэл зүйн талаас нь та хэрхэн тайлбарлах вэ?

-Богино цаг хугацаанд түргэн мөнгө олох арга зам хүний сэтгэл санааг татдаг. Мөн энэ нь сэтгэл хөдлөл дээр суурилдаг. Сүлжээний бизнесийн гол онцлог нь харилцаан дээр суурилдаг бөгөөд ятгах үйл явц нь том хэсгийг эзэлнэ. Энэ нь хүний сэтгэл хөдлөлд нөлөөлж шийдвэр гаргалт тэр чинээгээр хурдан бөгөөд эрсдэлтэй байдаг.

-Ер нь хүнийг гаднаас хараад “сэтгэл зүйн тоглолт” хийж болох хүн байна гэдэг нь ажиглагддаг уу?

-Ятгах, нөлөөлөх аргыг эзэмшсэн хүн хамгийн түрүүнд таны сэтгэл санаанд, сэтгэл хөдлөлд хүчтэй мэдрэмж төрүүлэх болно. Ямар их боломж вэ ямар сайхан юм бэ гэсэн дохио тархинд их очих бүрт таны шийдвэр гаргах байдал түргэн болно гэсэн санаа. Тиймээс ийм бодол мэдрэмж, дохио ирэх бүрт өөртөө тунгаан бодох хугацаа олгоорой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Будзаан: Ахуйн ослоор амь насаа алдах хүүхдийн тоо буурахгүй байна

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Амралт, аяллын үе эхэлжээ. Энэ үеэр эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол байдаг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай улсад жилд 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог гэх судалгаа байдаг. Хүүхэд амь насаа алдаж, бэртэж гэмтэж байгаа осол хэргүүдийн хамгийн өндөр хувийг зам тээврийн осол эзэлдэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн осол хэргийг бууруулах үүднээс “Дураараа биш дүрмээрээ”, “Яараад яахав дээ” гэх нөлөөллийн аянуудыг зохион байгуулсан. Зам тээврийн осол хэрэг буурч байгаа ч энэ төрлийн ослоор хүүхэд эндсээр байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас барсан. Тухайлбал, 2017 онд 55, 2018 онд 45, 2019 онд 49 хүүхэд нас баржээ. Энэ он гарсаар эхний хагас жилд л 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон гэх мэдээлэл байна.

Үүнд нөлөөлж байгаа голлох шалтгаан нь эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэд машин барихыг зааж өгөөд байна. Хөдөө орон нутагт бол хятад мотоциклыг хүүхдүүд ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа юм. Ямар ч баталгаагүй, уул хадтай замаар зорчиж онхолдож эрүүл мэнд цаашилбал амь насаараа хохирох осол хэрэг буурахгүй байна.

Мөн өндрөөс унаж байна, гол усанд ч живж амь насаа алдаж байна. Үүнээс гадна гадны биетэд цохиулах, мориноос унах, халуун ус, галд түлэгдэх зэргээр хүүхдүүдийн амь нас хохирч байна. Энэ онд найман хүүхэд гол усанд живж, есөн хүүхэд өндрөөс болон мориноос унаж найман хүүхэд эндсэн харамсалтай тоон мэдээлэл байгаа.

Эцэг эхчүүд хүүхдээ ахуйн хүрээнд осол эрсдэлээс хамгаална гэж Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн байдаг. Энэ зүйл хэрэгжихгүй байгаа асуудал бий.

-Үүрэг хариуцлагаа биелүүлээгүйгээс нялх хүүхдүүдийн амь нас хохирсон жишээ олон байдаг. Жишээ нь өндөр асга хавцал руу хүүхдүүдийг сонгино түүлгэхээр явуулсны улмаас өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Энэ тохиолдолд асран хамгаалагчдад ямар хариуцлага оногдуулах вэ?

-Бүх зүйлийг ээж аавын хариуцлага гэж авч үзэж бас болохгүй. Гэртээ халуун тогоонд түлэгдэж байгаа тохиолдлууд бол эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагын асуудал. Харин байрны гадаа тоглоомын талбайд тоглож байгаад хөндлөвч төмөрт цохиулаад нас барж байгаа асуудал бол тухайн нийгэм хүүхдэд ээлгүй аюултай байна л гэсэн үг. Энэ асуудал дээр тоглоомын талбайн гүйцэтгэл дээр ажиллаж байгаа компаниуд болон төрийн байгууллагууд онцгой анхаарах ёстой. Нөгөө талдаа гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлага гарч байгаа юм.

-Үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан асран хамгаалагчид хүлээлгэх эрх зүйн орчин манайд байдаг уу?

-Эрүүгийн гэмт хэрэг эсэхийг бүрэлдэхүүн шинжээр нь авч үзнэ. Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд осолдсон байна уу гэдгийг харгалзаж үзнэ. Санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн бол гэмт хэрэг биш шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан эсэхийг шалгалтын явцад тогтоодог. Жишээ дурдаад ярья л даа. Таван настай хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээгээд эцэг эхийн хуралд явсан байдаг. Гэтэл хүүхэд цонхоор унаад нас барсан харамсалтай хэрэг Баян-Өлгий аймагт гарч байсан. Энэ жишээн дээр эцэг эхийн хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг Хэнтий аймаг, Баянзүрх дүүрэгт ч гарсан. Шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэж 16 дугаар зүйлийн 16.11 дүгээр бүлэгт заасны дагуу асран хамгаалагчийг нь таван жил хүртэлх ялаар шийтгэсэн.

-Бага насны хүүхдийг аргамжиж аюул ослоос хамгаалдаг уламжлалт арга байдаг. Энэ нь өнөөдрийн нийгэмд хэр зохимжтой юм бол. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Амьдралын том философи шүү дээ. Хүүхдээ 6-7 нас хүртэл нь дагаад явах боломжгүй. Тиймээс хүүхдийг аливаа аюул ослоос хамгаалахын тулд орны хөлнөөс бүдүүн уяагаар аргамждаг байсан. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Өнөө цагт хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аргамжиж болно. Үүнийг үгүйсгэж болохгүй. Монгол гэрт бол хүүхэд гурав алхаад л галын тулга руу орж түлэгдэх эрсдэлтэй. Өнгөрсөн жил цэцэрлэгийн багш гурван настай хүүхдийг үймүүллээ гэж харанхуй өрөөнд аргамжсан байсан. Тухайн багш нарт хэрэг үүсгэж шалгаад хариуцлага хүлээлгэсэн асуудал байгаа.

-Өнөөдөр эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан ямар хэмжээнд байна вэ?

-Хүүхдийг хүмүүжүүлэх асран хамгаалах уламжлалт олон аргууд байдаг. Өнөөдөр хүүхдийн эрх зөрчөөд, хохироогоод байгаа эцэг эх асран хамгаалагчдыг анзаарахад 20-40 насныхан байгаа юм. Энэ ээж аавууд хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухаанд суралцаагүй байна. Орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад ч суралцаагүй байдаг. Бид гэр бүл, хүүхдийг төлөвшүүлэх хүмүүжүүлэх нөлөөллийн ажлуудыг төрийн захиргааны байгууллагуудад болон цахимаар нөлөөллийн ажлуудыг явуулж байна. Харамсалтай нь зорилтот бүлгийн эцэг эх асран хамгаалагч нар “Хоёр гурван хүүхэдтэй надад хэн юу заах гээд байна” гэх байдлаар хайхрамжгүй ханддаг. Өөрсдийнхөө сул тал, алдаа дутагдалтай эвлэрч чаддаггүй. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Хүнээр хүн хийнэ гэдэг өөрөө их ухаан байдаг. Манайхан хүүхэд эрүүл, өмсөх хувцастай, идэх хоолтой байвал болоо гэж үздэг. Хүүхдийн суурь хүмүүжилд анхаарал хандуулдаггүй. Хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, хүчирхийлэл үйлддэг. Ийм орчин мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болох магадлал их өндөр. Гэр бүлийн халуун дотно харьцаатай байна гэдэг таны хүүхэд зөв хүн болж төлөвшихөд эхний алхам нь болж байдаг. Залуу гэр бүл үүнийг ухамсарлах хэрэгтэй.

-Сүүлийн хэд хоног өдөр алгасахгүй бороо орлоо. Холбогдох байгууллагууд өдөр тутам үер усны аюулаас сэрэмжлүүлж байгаа ч хүүхдээ дагуулаад аялал зугаалгад явах иргэдийн цуваа тасрахгүй үргэлжилж байна. Иргэд болзошгүй үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх вэ?

-Үер усны аюулын эрсдэл өндөр байгаа. Таны өмнө нь гарч байсан гарам, сэлж байсан гол гүнзгий эрсдэлтэй болсон байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэд голын эрэг дагуу буудаллаад архидан согтуурч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас усанд живэх асуудал гардаг. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, дэлхийн бусад орнуудад далайн эрэгт иргэдийн амрах цэгүүдийг бий болгосон байдаг. Тухайн цэгүүдэд аврах ажилтнууд бэлэн байдалд ажилладаг. Мөн тухайн өдөр хэдэн цагийн орчимд ямар хүчтэй давлагаа ирэхийг амарч буй иргэдэд сэрэмжлүүлж, далайд ороход тохиромжтой цагийг зарлаж анхааруулдаг. Тэр олон хүнийг ийм нарийн зохион байгуулалтаар ажиллаж хамгаалдаг.

Манайд бол Туул голын ай сав газраар л Онцгой байдал болон цагдаагийн хамтарсан шалгалт, завьт эргүүл явж сэрэмжлүүлдэг. Завьт эргүүл хоёр чиглэлд явж байхад хүмүүс олон чиглэлд сэлдэг. Улмаар архидан согтуурч усанд эндэх осол хэрэг буурахгүй байгаа юм. Дураараа очоод сэлээд байж хэрхэвч болохгүй, тодорхой зөвлөмж авч, хамгаалалтын хувцастай байх хэрэгтэй. Үүнийг сэрэмжлүүлж байна.

-Аж ахуйн нэгжүүд хүүхдэд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагууд сануулга өгч ажилладаг ч үүний биелэлт сул байгаа нь гарч байгаа осол хэргүүдээс анзаарагддаг. Үүнд ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавьж ажилладаг. Хүүхдэд эрсдэлтэй байвал мэдэгдэл шаардлага хүргүүлдэг. Байгууллагууд нь зөрчлөө арилгадаггүй жишиг байдаг. Сая дөрвөн хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цүнхээлд сэлж байгаад живж амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Тухайн нүхийг булж аюулгүй болгох шаардлага хүргүүлсэн байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч очоод цаас өгөөд орхих биш, харж байгаад зөрчил дутагдлыг нь арилгах ёстой байсан. Энэ асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлагагүй хандсан.

-Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг осол хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Хүүхдийн гэмт хэргийг хүн амын түвшинтэй харьцуулаад үзэхэд манайх дэлхийд 22 дугаар байранд явж байгаа. Бидний хайхрамжгүй, хэнэггүй, хүүхэд хамгаалах үйлчилгээ үр дүнгүй байгааг харуулж байна л даа. Монгол Улс хүүхэд эрүүл аюулгүй орчинд аж төрөх хууль тогтоомж олныг баталсан. Гэхдээ хууль батлаад бүх зүйл сайхан болчихгүй. Энэ чиглэлийн яамны бүтэц орон тоонд мэргэшсэн хүүхэд хамгааллын ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байна.