Categories
мэдээ нийгэм

Баяр, наадмын өдрүүдээр үер, усны ослоос 146 иргэний амь насыг авран хамгаалжээ

2D5B8D92-B0FE-4246-B431-CFCBFBA87F76.jpeg

Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа нар хийсэн юм.

Мэдээллийн эхэнд хурандаа Б.Мандахгэрэл баяр наадмын амралтын өдрүүдээр үер, усны ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 146 хүний амь насыг авран хамгааллаа. Мөн усны ослоор амь насаа алдсан 10 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэдийн 8 нь том хүн, 2 хүн нь хүүхэд байгаа юм.Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт “Туул” голд осолдсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Э (31 настай, эрэгтэй), мөн өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Туул” голд осолдсон Баянхонгор аймгийн харьяат иргэн Ц (25 настай, эмэгтэй), 13-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Б (41 настай, эрэгтэй); мөн өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д үерийн ус зайлуулах далангийн усанд хүний цогцос байна гэсэн дуудлагаар нэр, хаяг тодорхойгүй 50 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт “Орхон” голд 7 осолдсон иргэн О (28 настай, эрэгтэй) болон энэ сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Хөвсгөл” нуурын эрэг дагуу явж байсан Орхон аймгийн харьяат иргэн Т (58 настай, эмэгтэй), Б (33 настай, эрэгтэй), М (7 настай, эмэгтэй) нарын, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Хэрлэн” голд осолдсон Э (2 настай, эрэгтэй) нарын цогцсыг тус тус гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Туул” голд живсэн Т (11 настай, эрэгтэй)-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт 10-ны өдөр орсон хүчтэй мөндөр, аадар бороо орсны улмаас уруйн үерт малчин Э,Ц нарын 104 ямаа, 6 хонь, нийт 110 бог мал хорогдсон. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар 7 дугаар сарын 12, 13-ны өдөр усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус зайлуулах далан сэтэрч 34 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид даланг засах, айлуудын хашаанд орсон усыг соруулах, суваг шуудуу сэргээх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Мөн Увс аймгийн Улаангом сумын нутгаар 14-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас 3 өрхийн 8 гэр үерт автсан. Улаангом сумын “Гашууны гол”-ын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын гүүр үерийн усанд эвдэрч зорчиж явсан автомашинууд үерийн усанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, үерт өртсөн айлуудын хашаан дахь усыг соруулж, гэрүүдийг нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2200 гаруй автомашинуудыг татаж гаргасан. Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгаар 13-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабелийн 19.4 км-т гэмтэл гарч, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн засварын баг гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа гэдгийг мэдээлсэн юм.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа “Хүчтэй усархаг аадар борооны улмаас Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозамын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан. Авто замын 3 дах км-т байрлах ус зайлуулах хос төмөрбетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан. Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 3.5 дах км /Дулаан цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж сэтэрсэн эвдрэлийг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулж, 70 м үерийн шуудуу татсан. Эвдрэл гарсан хэсгийн хажуугаар түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна.Мөн Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-оос 337 дэх км-т зорчих хэсэг дээр үерийн ус давж замын хөвөө, далангын хажуу налуу угаагдаж эвдэрсэн. Хэсгийн шороо, чулууг цэвэрлэж дууссан. Одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал маргааш үргэлжилнэ

Мэдээ.МН

Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал маргааш 09.00 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд тав дахь өдрөө үргэлжилнэ. VII сарын 6-нд эхэлсэн тус шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсний эцэст энэ сарын 9-нд завсарлуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Зөвлөмж: Үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх заавар

No photo description available.

Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Дээрх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.
• Хлорын шохой:
10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Гипохлорид:
600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Жавелион:
10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Клорсепт:
10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
• Тамир-Эм бэлдмэл:
1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.
• Эко-00 бэлдмэл:
Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.
• Халуун үнс, модны үртэс:
Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.

Categories
мэдээ нийгэм

56 дуут цамхгаар 3 цаг тутамд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээний зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар 3 цаг тутамд иргэдэд цаг агаарын мэдээ, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 26 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Оюуны өмчийн тухай хууль нийтлэгдлээ. Уг хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулсан байна.

Түүнчлэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай”,“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор6 аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 9 газар нутгийг шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авсан бол“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын зарим хэсгийг хамруулан өртгөтгөж, уг тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг ахиулан дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй “Шинэ Зуунмод” болон “Майдар” хотыг шинээр байгуулснаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй агаар, ус, хөрсний бохирдол, сөрөг нөлөөг бууруулах, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилготойгоор “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан байна.

Мөн эмхэтгэлийн энэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай зарлиг, Монгол Улсын Засгийн газрын Журам батлах тухай,Жагсаалт батлах тухай тогтоолуудыг нийтэллээ.

Журам батлах тухай тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 46.1-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой хүсэлтийг Маргаан таслах зөвлөлөөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан бол Жагсаалт батлах тухай тогтоолуудаар “Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг, Хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөх “Нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуурын жагсаалт”-ыг тус тус гарган баталжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгчээ

Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид шалгаж Туул голын эрэг дагуу ажиллалаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдож амь насаа алдсанаас зургаан хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдсан тохиолдол гарчээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгч ажиллалаа.

Ж.Батбаясгалан “Баяр наадмын өдрүүд гэлтгүй зуны цагт амралтын өдрүүдээр голын эрэг дагуу амарч зугаалах байдал нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч гол усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллах чухал байна. Мөн амарч зугаалахдаа хогоо ил завгай хаях тохиолдлууд их байна.Тиймээс нийслэлчүүд та бүхэн эрсдэл дэргэд бий гэдгийг ухамсарлаж, хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриалж байна” гэв. Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарыг дуустал НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байна. Нийслэлийн иргэд г олын эрэг дагуу амарч зугаалахдаа зөв боловсон байж архи согтууруулах ундаагы хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

УНТЭ, УХТЭ, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг шалгаж байна

Image may contain: one or more people and people standing

Улсын Онцгой Комиссын гишүүд УНТЭ, УХТЭ болон Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгаж байна.

Манай улсад #КОВИД-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын батлагдсан 261 тохиолдол, эмчлэгдэн гарсан 207 тохиолдол байна. ХӨСҮТ-д 54 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Манай Улс ДЭМБ-ын аргачлалаар 3 удаагийн халдварын тооцоолол, нийт 9 удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн.

Хамгийн сүүлд нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцооллыг гарган, энэхүү тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр болон эм хангамж, эмчилгээ үйлчилгээний нөөц, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал.
Тиймээс Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Хэдийгээр тус эмнэлгийн барилга бүрэн дууссан ч өвчтөн хүлээн авахад тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах ажиллагаа явагдаж байгаа юм. Тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж өвчтөнийг нэг, нэгээр тусгаарлахад 880 ор бэлэн нөөцөнд байгаа гэсэн үг юм.

Улсын хэмжээнд бүх эмнэлэг КОВИД-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байна.
УНТЭ-ийн тухайд нэг сарын хэрэглээний зөвхөн КОВИД-19 халдварын зориулалтын 180-190 сая төгрөгийн 500 гаруй нэр төрлийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл нөөцөнд бэлэн байгааг танилцууллаа.

Нөхцөл байдал хүндэрч хүн амын дунд тархлаа гэхэд эхний ээлжинд 880 ортой ЭХЭМТ ашиглах, мөн Улсын эмнэлгүүдэд ор дэлгэн ашиглахаар шийдээд байна. Цаашлаад хувийн эмнэлгүүдийг ашиглах боломжтой.
УХТЭ гэхэд ердийн үед 280 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг өнгөрсөн хугацаанд нийт 16 иргэнийг тусгаарласан байна. Өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай, олон улсын стандартд нийцсэн төдийгүй нэн шаардлагатай тохиолдолд халдвартай өвчтөнийг авахад 2-6 цагийн хугацаанд эмнэлгийг бүрэн бэлтгэх боломжтой юм.

Шадар сайд бэлэн байдлыг шалгасаны дараа нөхцөл байдал цаашид хүндрэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой санал боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Монгол Улсын Их Хурлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох зүйл, хэсэг, заалтад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно.

Шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 7 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дараах харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан болно. Үүнд:

  • Улсын Их Хурлын зорилт нь ард түмний засаглах эрхийг хангахад орших бөгөөд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, хуулийн биелэлтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг парламент болох хууль зүйн үндэс бүрдсэн;
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргийг өөрчлөн найруулж, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгосон;
  • Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилсөн;
  • Улсын Их Хурлын даргыг сонгох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгосон;
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэн найруулсан;
  • Хянан шалгах түр хороог хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг арга хэрэгсэл ашиглан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, түр хорооноос гаргасан тайлан шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх зарчмыг хуульчилсан;
  • Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж, сонгуулийн дараах эвслийн бүлгийн зохицуулалтыг шинээр тусгасан;
  • Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 37, 39 дүгээр зүйлийг боловсронгуй болгож шинэчлэн найруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтанд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээлгэж, уг үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтан Улсын Их Хуралд санаатайгаар худал мэдээлэл өгсөн нь парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр үүрэгжүүлсэн;
  • Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг төслийн 38 дугаар зүйлээр тодорхойлсон;
  • Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгож өөрчилсөнтэй холбогдуулан намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралдахаар өөрчилсөн;
  • Улсын Их Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгосон;
  • Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлаж, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхөөр зохицуулсан;
  • Гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан;
  • Төслийн долдугаар бүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад нь шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсвийн дүн шинжилгээ хийж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлтээр гишүүдийг хангаж ажиллахаар үүрэгжүүлсэн болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Аялж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

101661071_1407471766120103_4017250651181912819_n-6vitddhit0j3oc7mveb9ps0yqssc37g8w7mfe0bnebk.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Цаашид Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОХ ТҮГЭЭМЭЛ 30 ХЭЛБЭР

ХХ зууны эхэнд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудлын эзэн халтар мөнгө үйлчлүүлэгчдийн ганган бээлийг бохирдуулж байгааг анзааран угаасан мөнгөөр үйлчилж эхэлснээр “мөнгө угаах” гэдэг үг хэллэг анх үүссэн байдаг. Харин түүний дараагаар гэмт хэрэгт хууль бус мөнгө дагалдах болсныг “мөнгө угаах” хэмээн нэрлэх болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг далд санхүүжилтийн эх үүсвэрийг зорилгоо болгон ашиглаж, гурван үе шаттайгаар үйлдэгддэг. Нэгдүгээр үе шат байршуулах буюу placement (зорилготойгоор санхүүгийн системд оруулах), хоёрдугаар үе шат тараах буюу layering (зорилготойгоор өөр хэлбэрт шилжүүлэх), гуравдугаар үе шат нэгтгэх буюу integration (хууль бус замаар бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх) болно. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар нэгэн нэршил, хэлбэрийн дор мөнгө хадгалж, цогц арилжаагаар эсвэл шилжүүлгийн аргаар хууль ёсны болгох юм.

Мөнгө угаах нь маш олон янзаар үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй байдаг. Ингээд дэлхийн дахинд харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах 30 хэлбэрийг танилцуулвал:

  1. Бэлэн мөнгийг хууль бусаар угаах. Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн тогтолцоо олон улс оронд байдаггүй. Тиймээс гэмт хэргээс олсон мөнгийг дээрх тогтолцоо бүрдээгүй улсад нэвтрүүлж, банк санхүүгийн байгууллагад хадгалснаар мөнгө угаах нөхцөл бүрдэх болжээ. Иймээс улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлаж, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.
  2. Их хэмжээний бэлэн мөнгийг банкинд хуваан байршуулан хадгалах замаар мөнгө угаах. Зарим улс бэлэн мөнгөний гүйлгээг хянах хатуу тогтолцоотой бөгөөд тодорхой босгоноос дээш дүнтэй гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагад зайлшгүй тайлагнах шаардлагатай байдаг. Иймээс мөнгө угаагч их хэмжээний бэлэн мөнгийг тайлагнах ёстой хэмжээнээс доогуур дүнгээр банкид үе шаттайгаар хуваан байршуулж, хяналтаас зайлсхийж байна.
  3. Бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй салбарыг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газар, үнэт эдлэлийн дэлгүүр зэргээр халхавчилж, хуурамч гүйлгээ хийн хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах тохиолдол байна.
  4. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шууд худалдан авах замаар мөнгө угаах. Барилга байгууламж, тансаг зэрэглэлийн машин, эртний эдлэл, урлагийн бүтээл болон бүх төрлийн хувьцаа зэргийг худалдан авч, дамжуулан борлуулж, олсон орлогыг банкинд хадгалснаар хууль ёсны худалдаа болгон харагдуулдаг.
  5. Хувьцаа болон даатгалын салбарын нэргүй өрийн бичиг, фьючерс гэрээг ашиглан мөнгө угаах. Хувьцааны зах зээлийн гүйлгээ өндөр дүнтэй байдаг бөгөөд санхүүгийн арга хэрэгсэл, гүйлгээний төрөл олон янз байдаг тул ихээхэн ярвигтай. Мөнгө угаагч гэмт этгээдүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг овжиноор ашиглаж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулах болсон нь харамсалтай. Мөнгө угаах гэмт хэрэг хувьцаа, өрийн бичиг, фьючерс гэрээний гүйлгээ хэлбэрээр явагдах нь элбэг бөгөөд мөн даатгалын зах зээлээс өндөр дүнтэй даатгал худалдан авч дараа нь буцааснаар бохир мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулдаг байна.
  6. Хилийн чанад дахь санхүүгийн төв, банкны нууц хадгаламж зэргийг ашиглан хувь хүний хөрөнгийн нууцыг хамгаалах нэрийдлээр мөнгө угаах. Зарим улс орон, бүс нутагт нэргүй компани болон хувь хүний хөрөнгийг өндөр нууцлалтай хадгалахыг зөвшөөрдөг. Хууль бусаар олсон орлогыг эдгээр улс болон бүс нутагт нэвтрүүлснээр эх сурвалжийг замхруулахад хялбар болдог.
  7. Үйл ажиллагаа нь тогтворгүй экспорт, импортын компаниар мөнгө угаах. Санхүүгийн бололцоогүй, нэр төдий компанийг ашиглан экспорт, импортын худалдаа хийж буй мэт харагдуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг явдал түгээмэл байна.
  8. Авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаалаа хаших явцдаа эрх мэдлээ ашиглан авлига, хээл хахуулиар хөрөнгөжиж, улсын хөгжилд ихээхэн хохирол учруулдаг. Дараа нь олсон мөнгөөрөө бизнес эрхлэх нэрийдлээр компани байгуулж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Энэ төрлийн мөнгө угаах хэлбэр нэг онцлогтой. Ямар ч бизнес эрхэлсэн эсвэл фьючерс гэрээ, хувьцааны арилжаа нь “ашигтай” байх бөгөөд ашиг олсон ч, алдагдал хүлээсэн ч, “ашигтай ажиллаж” байгаа мэт харагдуулж, бохир мөнгөө тайлбарлах арга хэрэгслээ болгон хяналтаас зугтахыг оролддог.
  9. Ураг төрлөө ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаал хаших явцдаа эрх мэдлээ ашиглан хээл хахуул авч, ураг төрлийн холбоотой этгээдийн нэр дээр бизнес эрхэлдэг. Энэ нь харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах арга бөгөөд төрөл садангийн хүнээр зугаа цэнгэлийн газар, ресторан, бизнес эрхлүүлж гэмт хэргээ халхавчилдаг.
  10. Бусдыг ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Бусдын компанид өөрөө давуу эрх мэдэлтэй байх эсвэл компани байгуулан бусдаар удирдуулан ажиллах боловч, бодит эрх мэдэл өөрт нь байна. Ингэснээр эдийн засгийн харилцаанаас олох бохир мөнгийг өөрийн ААН-ийн дансанд оруулж, хууль ёсны дагуу татвар төлөн тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болгоно.
  11. Хил дамнан мөнгө угаах. Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагддаг мөнгө угаах хэлбэр бөгөөд бохир мөнгийг хилийн чанадад гаргаж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Нэгдүгээр төрөл: Худалдааны бус аргаар тухайлбал, албан тушаалтан өөрийн хүүхдийг гадаад сургуульд сургах нэрийдлээр сургалтын төлбөр, даатгалын төлбөр, амьжиргааны зардал зэрэг хэлбэрээр гадаад шилжүүлэг хийнэ. Хоёрдугаар төрөл: Худалдааны арга буюу импортын хэмжээг өндөр, экспортын хэмжээг багаар мэдүүлэх хэлбэр. Тухайлбал, мөнгө угаагч этгээд гадны компанитай хамтран импортоор авах тоног төхөөрөмж болон эд материалыг өндөр дүнгээр мэдүүлж, энэ дундаас “унагасан” мөнгөө гадаадад байршуулна. Гуравдугаар төрөл: Гадаадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр гадагш шилжүүлнэ. Дөрөвдүгээр төрөл: Хууль бусаар гадаад гүйлгээ хийдэг этгээдийг ашиглан гадаад шилжүүлэг хийнэ.
  12. Санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд авлига хээл хахуул өгч, гадаад шилжүүлгээр мөнгө угаах. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тухайлбал, хар тамхи мансууруулах бодис худалддаг гэмт бүлэг санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд хээл хахууль өгч, хяналт шалгалтыг сулруулан бохир мөнгөө гадагш шилжүүлдэг.
  13. Хууль ёсны санхүүгийн системийг ашиглан мөнгө угаах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг ашиглан бохир мөнгөө угаана. Гэмт этгээд хуурамч баримт бичиг ашиглан банкинд олон данс нээлгээд хууль бусаар олсон орлогоо хадгалах эсхүл бусдад шилжүүлдэг.
  14. Цахим сүлжээгээр мөнгө угаах. Гэмт хэрэгтэн интернэт банкаар дамжуулан шилжүүлэг хийн мөнгө угаадаг. Тухайлбал, цахим сүлжээгээр мөрийтэй тоглож, хар мөнгөө “цагаан” болгодог байна.
  15. Хөрөнгө оруулалтаар дамжуулан мөнгө угаах. Гэмт этгээд хөрөнгө оруулалт нэрийдлээр зочид буудал барих, компани байгуулах, дэлгүүр худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлбэрээр мөнгө угаана. Мөн хилийн чанадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийн хууль бусаар олсон ашгийг хуулийн дагуу болгож харагдуулна.
  16. Экспорт, импортыг ашиглан мөнгө угаах. Сэжигтэн экспорт, импортын үнийн дүнг худал мэдүүлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хил дамнуулан бохир мөнгийг шилжүүлдэг.
  17. Аялалын чек ашиглан мөнгө угаах. Гаалийн байгууллага хилээр нэвтрэх иргэдэд тодорхой хэмжээнээс дээш бэлэн мөнгийг мэдүүлэх шаардлага тавьдаг бөгөөд мэдүүлээгүй этгээдийн зөвшөөрөгдсөн хязгаараас давсан мөнгийг хураан авдаг. Харин аялалын чект мөнгөн дүнгийн хязгаар тавьдаггүй бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна банкинд бэлэн мөнгө болгон солиулж болдог байна.
  18. Казиногийн чип шууд бусаар солилцож мөнгө угаах. Казиногоос чип авч, мөнгө угаагчид дамжуулна. Ингэснээр чипийг бэлэн мөнгө болгон солих (дийлэнхдээ 5 хувь орчмын шимтгэлтэй) бөгөөд казиногоос мөнгө хожсон болгон харагдуулна. Ингэснээр мөнгөн тэмдэгт дээрх дугаараар мөнгө угаагч этгээдийг шалган тогтоох боломжгүй болдог.
  19. Үнэт эдлэлийг “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, мөнгө угаах. Эртний болон үнэт эдлэл, үнэ бүхий хадгалсан эд зүйлийг “бага үнээр худалдан авч, өндөр дүнгээр үнэлэн худалдах” хэлбэрээр мөнгийг хууль ёсны дагуу солилцоо болгон дансанд хийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Энэ төрлийн мөнгө угаах арга дийлэнхдээ авлигын шинжтэй байдаг.
  20. Сангаар дамжуулан мөнгө угаах. Цөөнгүй улс төрч, аж ахуйн нэгж, консорциум сан байгуулан хуурамчаар хандив өгөн татвараас зайлсхийдэг. Эсвэл гамшиг тохиолдсон нэрийдлээр өөрийн сан болон хувь хүний дансанд хандив цуглуулан хувьдаа ашигладаг. Мөнгө угаагч буяны сангуудыг ашиглан харилцан мөнгө шилжүүлэн улс дамнан мөнгө угаах тохиолдол их гардаг.
  21. Олон улсын шилжүүлэг байнга хийх (хуучин дансаа устгадаг), шууд улс дамнуулан зөөвөрлөх хэлбэрийн мөнгө угаах. Тодорхой хугацаанд хадгалж болдог шилжүүлгийн баримтыг ашиглан мөнгө угаана. Транзит хийх эсвэл гаалийн байгууллагад шалгуулахгүй нэвтрэх эрх бүхий этгээдийг ашиглан мөнгийг гадагш зөөвөрлөнө. Ингэхдээ ихэвчлэн 100-тын ам.долларын дэвсгэртийг ашигладаг.
  22. Бусдын хувийн мэдээллийг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан нууцаар данс нээн бохир мөнгийг тараан байршуулж, бусдын хараанд өртөхгүй байх боломжоо бүрдүүлдэг. Гэхдээ хувийн мэдээллээ алдсан этгээд банкны үйлчилгээ авахдаа данстай гэдгээ мэдэх эрсдэлтэй тул мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан дансаа гадаад улсад нээлгэдэг. Иймд хувь хүн өөрийн хувийн нууцыг алдагдахаас сэргийлж байх хэрэгтэй.
  23. Валютын харилцах данс ашиглан мөнгө угаах. Бага мөнгөн дүнгээр олон удаа хадгаламжид орлого хийж, гадаад улсад очин валютаар зарлагадан авна. Үүнийг “шоргоолжоор тоосго зөөлгөх” хэмээн нэрлэдэг бөгөөд бусдын хувийн мэдээллийг ашиглан данс нээлгэх аргатай хослуулан үйлддэг.
  24. Улс дамнасан гүйлгээгээр мөнгө угаах. Бодит бүтээгдэхүүнгүй үйлдвэрлэл үйлчилгээнд ихэвчлэн үйлдэгдэнэ. Гүйлгээний мөнгөн дүнг хуурамчаар үйлдэн хууль ёсны дагуу гадаад дахь брокерын дансанд шилжүүлнэ. Гадаад дахь дансаар мөнгөө хуваарилан анхны гүйлгээний мөнгөн дүнгээ засах, брокерын хөлс болон угаах мөнгөө гарган авна.
  25. Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж мөнгө угаах. Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар валютын арилжаа эрхлэхээс гадна, бэлэн мөнгөөр нэр тэмдэглэдэггүй гадаадын чек авч хэрэглэгчдэд тараан, гадаадын дансанд хадгалуулна.
  26. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ашиглан мөнгө угаах. Ихэвчлэн банк санхүү, даатгалын салбарт үйлдэгдэх бөгөөд их хэмжээний бэлэн мөнгийг гадагш зөөвөрлөдөг.
  27. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгө угаах. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Гүйцэтгэгч зах зээлийн үнээс 30-50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авч, бэлнээр тооцоог хийсэн болгон харагдуулна. Барилга ашиглалтад орохоос өмнө зах зээлийн үнийг 100 хувиар тооцон буцаалт хийнэ.
  28. Хуурамч зээлээр мөнгө угаах. Авлига, хээл хахуулиар үйлдэгдэнэ. Урт хугацааны вексель болон чекийг ашиглан зээлийн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх болон банкинд бэлэн мөнгө болгон хөрвүүлэн авна.
  29. Хуурамч дэвсгэртээр мөнгө угаах. Хуурамч дэвсгэрт ашиглан олон удаа бага дүнтэй худалдан авалт хийнэ.
  30. Дэлгүүрийн бэлгийн картыг ашиглан мөнгө угаах. Танил талаа ашиглан ямар нэгэн их дэлгүүрийн бэлгийн картыг их хэмжээгээр худалдан авч, аль нэг компанийн ажилчдад баяр болон тэмдэглэлт өдрөөр хангамж болгон тараах замаар үйлддэг. Бэлгийн картыг бэлэн мөнгөөр сольж болдоггүй онцлогтой.

Үүнээс гадна хууль ёсны орлоготой нийлүүлэх, давхар нэхэмжлэх болон зээлийн карт ашиглах, валютын арилжаа, цахим сүлжээ, итгэлцлийн хэлбэрээр мөнгө угаах зэрэг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол элбэг байна. Үүнээс гадна хуульч, нотариат, нягтлан болон бусад мэргэжлийн хүнийг ашиглан мөнгө угаах, мөн санхүүгийн байгууллагыг ашиглах, ядуу буурай орны засгийн газрын төслөөр мөнгө угаах гэмт хэрэг дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж, санхүүгийн дэг журмыг алдагдуулан улс орны хөгжилд ихээхэн хохирол учруулж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийг хамарсан, улам нарийн зохион байгуулалтын шинжтэй болж байгаа хэдий ч нөгөө талдаа олон улсын хууль сахиулах байгууллага, холбоодын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны уялдаа холбоо сайжирч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, тодорхойлох арга техник мөн хөгжиж байна.

Иймд аливаа иргэн, аж ахуйн нэгж санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байгааг анхаарч, санхүүгийн үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, мэргэжлийн ёс зүйтэй явуулах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

ТЕГ