Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэглэл бүхий биеийн тамирын талбайтай боллоо

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан тусгай хэрэглэл бүхий биеийн тамирын талбайтай боллоо.

Энэхүү талбай нь гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, саадтай байгууламж, давах саад зэргээр тоноглогдсон юм.

Ингэснээр алба хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэх хийх боломжтой болж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр, төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө орон нутагт зорчих иргэдийн тоо буурахгүй байна.

Иймд:

-Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;

-Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотны хүмүүсийхээ аюулгүй байдлаа хангах;

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;

-Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд

-Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;

-Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн хоёрдахь онгоцоор 167 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгаас Завхан орох хөдөлгөөнийг нээжээ

Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин осолдож, шатсан ноцтой осол өчигдөр гарсан.

Уг ослын улмаас Цагаан давааны замыг түр хугацаагаар хаагаад байсныг өчигдөр оройноос нээн, тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэн талаар Архангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж, анхаарал болгоомжтой зорчино уу.

Categories
мэдээ цаг-үе

Австралийн Элчин Дэйв Воусэн: Монгол Улсын цаашид хөгжих бололцоо, бизнесийн боломжийн гарцуудыг хараад Элчин сайдын хувьд улам урам зориг төрж байна

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, эрхэмсэг ноён Дэйв Воусэнтэй ярилцлаа.Тэрээр Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд умард Солонгосын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн Вьетнам болон Порт-Морсби хот дахь Австралийн ЭСЯ-нд өндөр алба хашиж байсан туршлагатай дипломатч юм. Ноён Элчин сайдтай УИХ-ын сонгуулийн өмнөхөн ярилцсанаа хүргэе.


-Ноён Элчин сайд танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Өдрийн сонин”-ы урилгыг хүлээн авч ярилцаж буйд талархаж байна. Австрали улсаа төлөөлж Монгол Улсад суух Элчин сайдын албыг хаших болсноо хэрхэн хүлээж авсан бол. Яриагаа эндээс эхлэх үү?

-Өглөөний мэнд. Австрали Улсаа, Монгол Улсад төлөөлж Элчин сайдаар ажиллах болсноо маш баяртай хүлээж авсан.

Би өөрийгөө энэ дэлхий дээр хамгийн сайхан ажлыг хийж байгаа хүн гэж боддог. Манай хоёр улс ижил үнэт зүйлстэй, аль аль нь газар нутгийнхаа баялагт түшиглэдгээрээ ижил. Хүмүүс нь алиа хошин зантай, бусадтай илэн далангүй чин сэтгэлээсээ харилцдгаараа адил төстэй. Иймээс Монгол Улсад Австрали улсыг төлөөлөн ажиллах амархан бөгөөд сайхан байдаг. Ижил үнэт зүйлстэй тул хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаа нь таатай. Миний бие дипломат албанд очих хүртлээ багагүй урт зам туулсан. Боловсрол, залуучуудтай ажиллах, банк санхүү, олон улсын харилцаа гээд олон зүйлийг ихэд сонирхдог учир надад энэ ажил их таалагддаг. Элчин сайдын хувьд өдөр бүр эдийн засагт хамааралтай олон чухал асуудалд анхаардаг, бодит дэмжлэг үзүүлэх, бизнесийн үйл ажиллагааг нь тэлэхэд туслах талаар бизнесийн төлөөлөгч болон томоохон компаниудтай уулзах, Монгол Улсад болж байгаа сонгуулийн кампанит үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, “КОВИД19”цартахал зэрэг олон асуудалд анхаарч эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, тогтолцоонд үзүүлж байгаа нөлөө зэрэг цаг үеийн асуудлуудад хариу арга хэмжээ авах хэрэг гарна.

Ер нь олон салбар, чиглэлийн асуудлуудад няхуур, гүнзгий оролцож байж Элчин сайдын яамны ажил үр дүнтэй болно. Дипломат алба үр дүнтэй байхад, мөн бүс нутагтаа эерэг нөлөө үзүүлэхийн тулд бидэнд хүчирхэг эдийн засаг, хүний эрх, чөлөө, ил тод, чөлөөт худалдааг хангасан хүчирхэг дүрэм, хэм хэмжээ хэрэгтэй. Энэ тал дээр манай хоёр улс санал нэгтэй учраас их сайн түнш болж, сайн хоршин ажилладаг гэдгийг дуулгах нь зөв болов уу.

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай “Ковид-19”-ийн асуудлаар уулзсан байсан. Уг уулзалтын үр дүнгийн талаар сонирхож байна?

-Бид төр засгийн сайд, бизнесийн удирдлагуудтай тогтмол холбоотой ажилладаг. Монголын Засгийн газрын гишүүн, сайдуудтай уулзаж эдийн засаг, олон улсын харилцаа, уул уурхай, нийгмийн хүрээнд болон хоёр орны харилцааны олон асуудлын талаар санал солилцон яриа өрнүүлдэг. “Ковид 19”ийн асуудлаар Монголын Засгийн газарт баяр хүргэж, хүн амаа хамгаалах, хорио цээрийн ажлыг маш үр дүнтэй зохион байгуулсныг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Монгол Улс уг өвчний цар тахлыг дотооддоо алдаагүй байгааг сайшаах ёстой. Энэ бол маш том амжилт. Харин одоо бүх улс орны төр засагт цар тахлын улмаас хэрэгжүүлсэн хоригоо хэрхэн сулруулж тавих, ашигт малтмалын экспортын ачаа болон хүн тээвэрт хил бүсээ хэзээ нээх, энэ бүх арга хэмжээг ямар шат дараалаар авах, гэхдээ хориг тогтоосны ачаар тогтоосон хамгаалалтаа алдагдуулахгүйгээр хөдөлгөөнд орох асуудал тулгарч байгаа. Энэ асуудалд Австрали улс ч хариулт хайсаар байна. Гэхдээ цаашдаа хорио цээрээр бий болсон хамгаалалтыг алдагдуулахгүйгээр эдийн засгаа сэргээхийн тулд зарим арга хэмжээг сулруулах нь зүйтэй байх. Эрсдэлийг байнга хянах хэрэгтэй, түүнчлэн эдийн засгийн хэрэгцээ болон нийгмийн эрүүл мэндийн хэрэгцээг тэнцвэртэй авч явахын тулд байнга үнэлгээ хийх шаардлагатай байна.

-“Ковид-19”-ийн цар тахлын улмаас Австралийн эдийн засаг ямар байна, уул уурхайн компаниуд зогсонги байдалтай байна уу?

“Ковид19”ийн үр нөлөөгөөр дэлхийд тэргүүлдэг олон компаниуд ажлын байраа хумьж, хил хооронд үйл ажиллагаа явуулдаг групп, компаниудад хүндрэл учирч байгааг бид цаг үеийн мэдээллээс харж байгаа. Аялал жуулчлал, олон улсын боловсрол, урлаг гээд бүх газарт нөлөөлөл нь туссан. Уул уурхай, эрдэс баялгийн салбар угаасаа мөчлөгтэй явагддаг, тэрнээс биш зогсонги байдалд орсон зүйл байхгүй. Дээшээ, доошоо хэлбэлзэх эдийн засгийн хөдөлгөөн, урсгалд Австралийн компаниуд дасан зохицсон гэж хэлж болно. Австралийн компаниуд Австрали ч гэлтгүй дэлхийн хаана үйл ажиллагаа явуулахаасаа үл хамааран хамгийн түрүүнд эрхэмлэдэг зарчим бол аюулгүй байдал. Тийм учраас Австралийн компаниудад “Ковид”той тэмцэх, хүмүүсээ түүнээс хамгаалах нь нэн тэргүүний асуудал бөгөөд энд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд зохих арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг харахад таатай байдаг.

-Манай хоёр улс 1972 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. 2017 онд 45 жилийн ойгоо тэмдэглэж байсан. Харин ерэн оноос хойш буюу Монгол Улс ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш хоёр улсын харилцаа улам бэхэжсэн гэж үздэг юм билээ. Энэ тал дээр Элчин сайд таны бодлыг сонсох гэсэн юм?

-Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэм рүү энх тайвны байдлаар шилжсэн байдаг. Дэлхийн хэмжээнд аваад үзвэл Монголын ардчилал залуу үе шатандаа явж байгаа бөгөөд бүс нутагтаа өвөрмөц. Ардчиллын институциуд, ардчилсан үйл явц улам бүр бэхжиж байна. 30 жилийн дараа ардчиллын гол тулгуур болсон зүйлс буюу парламентын засаглал, бие даасан, хүчирхэг хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, шүүх засаглалыг төсөөлөөд үзвэл эдгээр ардчилсан институциуд улам бэхэжсэн байгаасай гэж хүснэ. Байгалийн нөөц баялгаас хүртээлгүй, Монголтой харьцуулбал боловсролын түвшин доогуур,байнга зөрчил мөргөлдөөн болж байдаг улсууд олон бий. Нөөцгүй, зах зээлээс алслагдмал, хүчин чадавх муу учраас эдгээр оронд бүрэн дүүрэн хөгжихөд хүндрэлтэй байдаг. Монголын ард түмэн гайхалтай. Хүн ам цөөхөн ч маш ухаалаг, боловсролын түвшин өндөр, нийтээрээ бичиг үсэгтэй. Та нар Азид хамгийн томд тооцогдох зах зээлүүдэд ойрхон байдаг учраас олон орны атаархлыг хөдөлгөхөөр. Манайхтай байршлаараа ойр хөршүүд буюу Номхон далайн арлын орнууд алслагдмал байршилтай, газарзүйн хувьд холбоос муу учраас тээвэрлэлтийн зардал өндөр, зах зээлд нэвтрэхэд маш хүнд. Монгол Улс байгалийн нөөц баялаг дээр ч, хүний нөөц баялаг дээр ч ямар нэгэн хомсдол байхгүй. Манай хоёр орны харилцаа боловсрол, уул уурхай төдийгүй батлах хамгаалах салбарт явуулж буй хамтын ажиллагаагаар улам бэхжиж байна. Австралийн бизнесүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт авчрахаас гадна технологи, инноваци нэвтрүүлэх байдлаар энэхүү харилцаа холбоог бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

-Элчин сайд та Монголын тухай нэлээдгүй судалж буй нь анзаарагдлаа. Ардчиллын үнэт зарчмууд, шүүх засаглал, хэвлэл мэдээллийн тухай хүртэл дүн шинжилгээ хийжээ…?

-Монголд Элчин сайдаар томилогдож ирэхээсээ өмнө би Монгол Улсын тухай мэдээлэл, ойлголттой болсон байсан. Миний ажиллаж байсан бусад оронд суугаа Монголын Элчин сайдууд зэрэг олон хүнтэй хамт ажилласан. Тухайн үед авсан ойлголт, мэдээлэл, Монголд ирээд нэг жил ажилласан хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Харин нэг өөрчлөлт нь гэвэл Монголын нөөц бололцоо илүү их юм байна гэдгийг мэдэрч байна. Үүндээ баяртай байгаа. Монгол Улсын цаашид хөгжих бололцоо, бизнесийн боломжийн гарцуудыг хараад Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд улам урам зориг төрж байна. Улс орон хөгжихөд юуны түрүүнд ямар өөрчлөлт хэрэгтэй гэдгээ монголчууд мэдэж байгаа. Харин түүнийгээ ажил хэрэг болгож, сайн үр дүнд хүрэх нь туйлаас чухал.

-Австрали, Монгол улсын аль аль нь байгалийн арвин их баялагтай. Олон улсын эдийн засагчдын ихэнх нь Монгол Улсын эдийн засагт хөгжих томоохон боломж бий гэж дүгнэдэг. Гэвч Монголд энэ боломж үр дүнгээ хараахан мэдрүүлээгүй л байна. Монголын хөгжлийн гарцыг гадны хүний нүдээр хэрхэн харж байна вэ?

-Манай хоёр орон хоёуланд нь боломж бий гэдэгтэй санал нэг байна. Хоёулаа байгалийн арвин нөөц баялагтай. Хоёулаа хүн ам шигүү биш тархай, газар нутгийн хувьд өргөн уудам. Тийм учраас сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, салхины эрчим хүчийг ашиглах тал дээр асар их боломжтой. Австрали улс хүн ам харьцангуй жижиг, эдийн засгийн хэмжээ дунд зэрэгт орох учраас гадны хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн.Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар дахь боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байсан. Бид эдийн засгаа өсгөх, бүтээмжийг нэмэгдүүлэх, илүү сайн үйлчилгээ хүргэхийн тулд төрийн үйлчилгээнүүдээ хувьчилсан. Төр засаг, төрийн албан хаагчид олон ажлыг сайн гүйцэтгэж чадна. Гэхдээ бизнесийг хувийн хэвшил зах зээлийн өрсөлдөөний зарчмаар илүү үр дүнтэй бөгөөд эцэстээ ашигтай ажиллуулдаг гэдэг дээр бид бүгд санал нэгдэж болно гэж бодож байна.

Миний бодлоор, Монгол Улсыг гадны хөрөнгө оруулагчдыг урьдаг, хүндэлдэг, тэдний эрх ашгийг хамгаалдаг орон байгаасай гэж гадны хөрөнгө оруулагчид харж байгаа болов уу. Австралийн туршлагаас жишээ татахад Австралийн төр засаг, төрийн албан хаагчид уул уурхай ажиллуулахдаа тааруухан гэдгээ харуулсан. Энэ бол хувийн хэвшлийн хийдэг ажил. Засгийн газар тогтвортой, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц дүрэм журам гаргах, өрсөлдөөнт татварын орчин бүрдүүлэх, дотоодын ба гадаадын хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавихад анхаарах нь зүйтэй. Тэгээд хувийн хэвшил эрсдэл, ашгаа тооцсоны үндсэн дээр хөрөнгө оруулах, шийдвэр гаргах боломжийг нь олгох хэрэгтэй. Бидэнд байгалийн баялаг, өндөр ур чадвартай ажиллах хүчин бий. Австралийн цалин хөлс бусад улсынхаас харьцангуй өндөр бөгөөд бид олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай байхад анхаарах ёстой байдаг. Бусад оронтой өрсөлдөхдөө тогтвортой бодлого, татварын орчин бүрдүүлж, бизнесүүдэд эрсдэлдээ тохирсон ашиг олох боломж олгодог. Мөн бид гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай учраас найрсаг ханддаг. Монголд бас тийм шинж ажиглагдаж байна. Монгол Улс эдийн засгийн тэс өөр загвар буюу хувийн хэвшил (төр биш) ажил олгож, төр засаг нь дүрэм тогтоодог тогтолцоонд шилжээд хэдхэн арван жил өнгөрсөн. Тавин жилээр бодоод үзэхэд өмнө нь дурдсанчлан жил ирэх тусам институциуд бэхжиж, хөрөнгө оруулалтын орчин ч илүү өрсөлдөх чадвартай болж байгаа тул ерөнхий чиг хандлага эерэг талдаа байна.

-Дараагийн асуулт Австралийн Засгийн газраас Монголд үзүүлж ирсэн буцалтгүй тусламж, Австралийн компаниудын хэрэгжүүлж ирсэн төслүүдийн тухай байна?

-Бид монголчуудад өрсөлдөөний зарчмаар тэнцэн Австрали улсад магистр зэрэг эзэмших сургалтад хамрагдах боломжийг олгодог тэтгэлгийн хөтөлбөрийг их амжилттай үр дүнтэй хэрэгжүүлж байгаа.Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн салбарын хууль дүрэм боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг Австрали, Монголын олборлох салбарын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр ТББ, иргэний нийгмийг дэмжиж, олборлох салбарын бизнес, бусад хандивлагч нартай ойр нягт ажилладаг. Монгол Улсад ажиллаж байгаа австрали компаниудын тухайд Австралийн худалдааны танхимтай бид хамтран ажиллаж, дэмждэг. Уг байгууллагын гишүүнчлэлд энд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр зуугаад Австрали компани ордгоос нэлээд нь олборлох салбарт ажилладаг бөгөөд Оюу толгой зэрэг томоохон төслүүдтэй хамтран ажиллаж байна. Австралийн компаниуд хийн салбарыг хөгжүүлэхэд ч түншлэн ажиллаж эхлээд байна. Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа Австралийн компаниудаараа бид их бахархдаг. Тэд зөвхөн хөрөнгө мөнгө төдийгүй техник технологи, ур чадвар, туршлагаа авчирдаг. Монголд хөрөнгө оруулалтын орчин хэчнээн ойлгомжтой тодорхой, тогтвортой байна, тэр хэрээр Австралийн компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Манай буцалтгүй тусламжийн хөтөлбөр Монгол Улсын нөөц баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бизнесийн орчныг бүрдүүлэх, хүний нөөцийг нь тасралтгүй хөгжүүлэхэд голлон анхаардаг.

-Австрали улс 2003 оноос хойш Элчин сайдын яамаараа дамжуулан “Бичил төслийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байна. Одоо яриагаа бичил төсөл хөтөлбөр рүү хандуулъя?

-Бичил хөтөлбөрөөр дамжуулан хийж байгаа ажил миний дээр дурдсан бодлого, тэргүүлэх чиглэлд бүрэн нийцдэг. Австрали улс, манай тусламжийн хөтөлбөр ардчилсан институциудыг бэхжүүлэх, бүх нийтийн төлөө хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хариуцлага, ил тод байдлыг хангаж байгаа байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд чиглээсэй гэж хүсдэг. Одоогийн байдлаар 20 жилийн хугацаанд уг хөтөлбөрт гурван сая доллар зарцуулсан байна. Долларын хэмжээ нь бага, бичил төсөлд чиглэсэн хөтөлбөр боловч зөв газраа амжилттай хөрөнгө оруулалт болж чаддаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах, архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх гээд нийгмийн аль л эмзэг давхарга бүрт танай хөтөлбөр хүрч ажиллаж байна. Энэ бүхэн чинь нийгэмд гэгээ гэрэл авчрах юм?

-Та “Бичил хөтөлбөрийг” гэрэл гэгээ авчирч байгаа гэж тодорхойлсон нь таалагдлаа. Сонирхолтой өнцгөөс харжээ. Өнөөдөр хүний эрх гэж ярихдаа бид тодорхой шинж чанараар ангилсан хэсэг бүлэг хүнд хамаатай юм шиг ойлгох гээд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл бэлгийн тодорхой баримжаатай иргэн гэсэн тодорхойлолтын цаана хүн л байгаа шүү дээ. Бичил төсөл хөтөлбөрөөр хүний эрхийн тодорхой асуудлууд, нэмэлт бэрхшээл тулгараад байгаа газар таны хэлсэнчлэн гэрэл тусгадаг байх. Гол нь монголчууд, монгол байгууллагуудын хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг хэлэх нь зөв болов уу. Үр дүнг сайжруулах, урам зориг бэлэглэх, ижил зорилготой бусад хүмүүстэй нэгдэн хамтрахад тус болох бичил тусламжийг энэ хөтөлбөрөөрөө дамжуулан бид өгдөг. Дэлхийн ямар ч орон, Австрали ч гэсэн төгс биш. Бидэнд ч гэсэн тэгш эрх, хүний түгээмэл эрхийг эдлүүлэх талаар асуудал тулгардаг. Бичил төслийн хөтөлбөр зүгээр зааж сургаад байх бус яг жинхэнэ амьдрал дээр, бодит хэрэгжилт рүү чиглэн анхаардаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид дэвшил, ахиц хийхээр хамтдаа суралцаж, хамтдаа урагшилдаг.

-Бичил төслийн хөтөлбөрт олон салбар, байгууллага хамрагддаг.

Хорт хавдрын өвчлөл өндөр, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж байгаа үед эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарч байгаа нь талархууштай.

Эрүүл байх, эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хүний үндсэн эрх. Хавдар бол монголчууд төдийгүй австраличуудын дунд ч ихээхэн тохиодог аймшигт өвчин. Бид хуваалцаж болох чиглэлээр буюу хавдрын тодорхой төрлөөр урьдчилан сэргийлэх, эмчлэх туршлагаа хуваалцахад анхаардаг. Жишээлбэл, сүүлийн хорин жил бид Австралид арьсны хавдраас сэргийлэхийг зааж зөвлөн, урт ханцуйтай цамц өмсөх, нарны хамгаалалтын тос түрхэх ёстой, далайн эрэг дээр байнга биеэ наранд шарж болохгүй гэж анхааруулж байгаа. Бичил хөтөлбөрөөр бид умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдраас эмэгтэйчүүдийг яаж вакцинаар урьдчилан сэргийлэх үү, эрт үед нь яаж илрүүлэх үү гэдэг дээр хавдрын үндэсний төв болон тэргүүлэх эмч нартай хамтран ажиллаж байна. Эмч сувилагчид сайн сургагдсан, харин дараагийн алхам бол иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулах. Тэгэхээр бид зөвхөн эрүүл мэндийн салбарынхантай ажиллаад зогсохгүй өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд оролцох иргэдийн зан үйлд нөлөөлөх хэрэгтэй. Үүнийг бичил төслөөр дэмждэг. Хүний папилома вирусийн вакцин умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлдгийг бид мэднэ. Австрали ч, Монгол ч энэ чиглэлээр зарим төслийг хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа.

-Энэ жил хичнээн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ. Цаашид үргэлжлэх үү гэж хүмүүс их сонирхдог, үүнд хариулт өгөхгүй юү?

20192020 оны хувьд бид есөн төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Бичил хөтөлбөрийн давуу тал бол өрсөлдөөний зарчмаар шалгаруулалт явуулдаг. Өрсөлдөөний зарчим нь тодорхой, хамгийн шилдэг төслийг бид шалгаруулж санхүүжүүлдэг учраас бичил төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжих нөхцөл бүрддэг. Бид төслийг сонгон шалгаруулахдаа олон янзын салбар, байршлыг бодолцдог. Магадгүй бидний олж хараагүй өнцөг, сэдвийг хэн нэгэн иргэн, төрийн байгууллага олж харж, төсөл хэрэгжүүлж болно. Би нэрийг нь дурдахгүй, гэхдээ манай нэг төслийн ажилтан, оролцогчдод “КОВИД19″ийн хориг их хүчтэй нөлөө үзүүлсэн. Гэвч тэд бууж өгөлгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, зохих арга хэмжээ авсан учраас төслийн ач холбогдол “Ковид19”ийн цар тахлын энэ үед улам хүчтэй мэдрэгдсэн. Урьдчилан хараагүй нэг үр дүн бол уг төслөөр хүмүүс бие биендээ дэмжлэг үзүүлж, төлөвлөөгүй үйл ажиллагаа нэмж хэрэгжүүлэн, түүнээсээ орлого олж, нэг өрх бүлд анхныхаа шинэ гэр худалдан авах боломжийг олгосон. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, үр дүн нь улам бэхэжсэн шалтгаан нь бид хүчирхэг манлайлалтай сайн түнш сонгосонд оршино. Австралийн Засгийн газраас санхүүжиж, ЭСЯ-аар дамжуулан хэрэгждэг Бичил төслийн хөтөлбөрийн дараагийн шалгаруулалтын дүнг удахгүй зарлах боломж гарна гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын онцгой комисс аж ахуйн нэгжүүдийг санаатайгаар дампууруулж байна гэв

BRB компанийн гүйцэтгэх захирал, “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” группийн зохицуулагч Ж.Энхжаргалантай ярилцлаа.


-Хөл хориог долдугаар сарын 15-н хүртэл дахин сунгалаа. Үйл ажиллагаа нь долоон сар тэг зогсолт хийсэн аж ахуйн нэгжүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж цахим орчинд бухимдлаа олноороо илэрхийлж байна. Хичнээн аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсоод байгаа вэ?

-Сонгууль дуусчихлаа. Сонгууль гээд хөл хорио утгаа алдсан. Сонгууль дуусаад долдугаар сарын 1-нээс хөл хорио тавих байлгүй дээ гэж итгэж хүлээж байлаа. Гэтэл тавьсангүй. Долдугаар сарын 15-н хүртэл дахиад хөл хориог сунгачихлаа. УОК-ын дарга Ө.Энхтүвшин ажлаа хийж чадахгүй байна уу даа гэж харж байна. Улсын онцгой комиссын гаргаж байгаа шийдвэрүүд нь ямар ч үндэслэл байхгүй, үндэслэлээ тайлбарладаггүй, ард иргэдээ боддоггүй дураараа дургиж байдаг газар юм байна гэдгийг ойлголоо. Сонгуулийн үеэр яагаад хөл хориогоо зөрчиж байсан тухайгаа тайлбарлахыг шаардаж байна. ААН, бизнесүүдийг тас хумиад байлгаад байгаа нь сонгуулиар бусдад давуу байдал олгох гэсэн арга заль гэж харж байна. Энэ бизнесүүдийг шалд нь буулгаж байгаад дахин өөрсдийн шинэ бизнесүүдээ бий болгож бусдад давуу байдал олгох гэж байна гэж бид хардаж байна. Бид хэвлэлийн бага хурал хийж, талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж маш олон удаа шаардлага хүргүүлсэн. Дахиад жагсвал зөрчлийн хуулиар гурван сая төгрөгөөр торгоно, хэрэг үүсгэнэ гэж цагдаа нар дарамталсан.

-Аж ахуйн нэгжүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн үү?

-Залуучуудад ажил хийх боломж олгохгүй, ингэж боомилж байгаа нь үнэхээр шударга бус байна. Бид Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Шүүхийн байгууллагад УОК-ыг “Ковид-19 гэдэг өвчнөөр далимдуулж бусдад санаатай давуу байдал олгох гэж завдсан, ААН-үүдийг санаатай дампууруулсан” гэсэн үндэслэлээр 10 мянган гарын үсэг цуглуулаад, сонгуулийн үеэр болсон хөл хорио зөрчсөн үйлдлүүдийг бүгдийг нэгтгээд өгөх гэж байгаа. Сонгууль хийж дууссан бол одоо ажлаа хийгээч ээ. Бизнес хувийн хэвшлийн ажлын байруудын тал нь чад хийгээд үлдсэн нь өнөө маргаашгүй нүд анилаа.

Дахин хэлье. Юун корона, юун эдийн засгийн хямрал, юун гэр хорооллын дэд бүтэц, юун жижиг дунд бизнесүүдийн дампуурал. Энэ бүгд төр засагт хамаагүй бололтой. Бид боож үхэх гээд мянга хашгираад огт тоохгүй байсаар л байна.

-Хөл хорио тогтоосон энэ үед танай байгууллага хэдий хэмжээний алдагдал хүлээсэн бэ?

-Хөл хорио тогтоосон учраас орлого 100 хувь буурсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манайх 350 сая төгрөгийн алдагдалд орчихоод явж байна. Энэ дотор зээл, түрээс, цалин, татварууд орж байгаа. Энэ сунгасан 15 хоногт манай компани дахиад 35 сая төгрөгийн алдагдал хүлээнэ.

-Хөл хорио тавигдахад бизнесүүд эргэж хөл дээрээ босоход хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

-Одоо бараг хоёр жил бид ямар ч ашиггүйгээр бизнесээ авч үлдэхийн тулд ажиллах байх гэж бодож байна. Бүтэн долоон сар барьчихсан бизнес хөл дээрээ эргэж босно гэдэг маш хэцүү. Гэхдээ мэдээж огт ажиллахгүй байхын оронд цалин, өр ширээ төлөх нь дээр шүү дээ. Хөл хорио тавигдсан ч бид таван шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Төрөөс биднийг дэмжиж өгөхийг тасралтгүй шаардана.

-Хж ахуйн нэгжүүд НДШ-ээс чөлөөлөгдөх шаардлага хүргүүлсэн байсан?

-Хөл хорио анх нэгдүгээр сарын 27-ноос тогтоогдож, нийтээрээ ААН, Бизнесүүдийг чанга дэглэмд оруулсан. Өвчний улмаас маш хэцүү байдалтай байна гэсэн шалтгаанаар нийтээр нь ажиллаж болохгүй, хүн цуглуулж болохгүй гэсэн. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын дундуур “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” гэсэн фэйсбүүк групп байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар энэ групп 8600 гишүүнтэй, 80 орчим хувь нь үйлчилгээний салбарын захирлууд байдаг. Гуравдугаар сараас хойш бид хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан хийсэн, мэдэгдлүүд гаргасан. Үүний гол зорилго нь тэг зогсолт хийсэн ААН, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжээд өгөөч ээ л гэсэн шаардлага тавьсан. Хэвлэл мэдээлэл, телевизүүдээр ААН-үүдэд туслах гэж байгаа мэт мэдээллүүд цацагдсан, төрөөс бидэнд туслах гэж байгаа юм шиг шийдвэрүүд гаргасан. Гэтэл энэ нь амьдрал дээр зохицуулалт нь яаж хэрэгжих нь тодорхойгүй, хоосон амлалтууд л байлаа. Ингээд бид 1000 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа аваад, судалгааныхаа үр дүнг таван шаардлагатай хавсаргаад Засгийн газар, Их хурлын дарга, Ерөнхийлөгч, Тамгын газар, Сангийн яам зэрэг газруудад шаардлага хүргүүлсэн юм. Эхний шаардлага нь жилийн 5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудын НӨАТ-ыг 100 сая төгрөгөөр чөлөөлж өгөөч. Хоёр дахь шаардлага нь мөн адил жилийн 5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН, байгууллагуудад НДШ-ийг 50 сая төгрөгөөр чөлөөлөх. Гуравт жилийн 3 хувийн хүүтэй 3-5 жилийн эргэн төлөлтийн хугацаатай НДШ-ээр баталгаажуулсан 500 сая төгрөг хүртэлх барьцаагүй цалин хөлсний зориулалттай шинэ бизнесийн зээл ААН байгууллагуудад олгох. Дөрөвт, 2020 он дуустал нийт ААН байгууллагуудын НДШ, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар болон банк болон банк бус байгууллагуудын зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр байгууллагын данс хааж битүүмжлэхгүй байх гэсэн шаардлагуудыг дөрөвдүгээр сарын 15-нд тавьсан. Тавдугаар сарын эхний тав хоногт бүх шаардлага хүргүүлсэн газруудаас албан бичгээр хариу ирсэн. Гэхдээ хэвлэл мэдээллээр яриад байсан хий хоосон амлалтуудаа л биччихсэн байна лээ. Бид ажиллаж байна, эдийн засгаа аврах бүх бололцоотой зүйлүүдийг хийж байна, бид арга хэмжээ авсан гэсэн. Тэр авсан арга хэмжээ нь бид нарын тавьсан таван шаардлагад огт дурдагдаагүй, нэг ёсондоо хэрэгцээгүй арга хэмжээнүүд байсан.

Дотооддоо өвчин алдаагүй, үйл ажиллагаагаа бүрэн нээх боломжтой гэж үзээд бид Тавдугаар сарын 1-нээс хөл хориогоо цуцалж өгөөч ээ гэж хүссэн. Гэтэл цуцлаагүй. Сонгууль ойртож байгаа учраас бизнес эрхлэгч залуучуудаа дэмжээд хөл хориогоо Зургадугаар сарын 1-нээс цуцлах байлгүй гэтэл бас л цуцлаагүй. Ингээд Зургадугаар сар гарахад бид энэ хөл хорио гэдэг сонгуульд ашигтай хувилбар байсан юм байна гэдэг хардлага төрсөн. Эрх баригч намын сонгуулийн шоу болчихлоо гэж бодсон. Сонгууль эхэлсэн чинь юун тэр 2 метрийн хоорондын зай, юун корона, амны хаалт юу ч үгүй болсон. Бүх зүйл хавтгайрсан. Хаа сайгүй 2, 3 мянгаараа цуглаж эхэлсэн. Бид групп дотроо ярилцаад сонгуулийн үр дүн гарахаас өмнө дахин шаардлага хүргүүлье гэж шийдсэн. Бидний хийсэн судалгаагаар нийт үйлчилгээний салбарын 85 хувь нь маш хүнд байдалд байгаа. 35 хувь нь дампуурлын ирмэгт байгаа. 100 хувь хөл хорионд орсон, тэг зогсолт хийсэн аялал жуулчлал, манайх шиг арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагууд, зочид буудлын заал, баар, караоке гэх мэт газрууд 27 хувь байсан. 170 орчим үйлчилгээний байгууллагууд бүрэн хаалгаа барьчихсан.

-PC тоглоомоос бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг долдугаар сарын 1-нээс нээхээр боллоо гэсэн мэдээлэл цахим орчинд байсан. Ийм чиглэл та бүхэнд өгсөн үү?

-Бидэнд албан ёсны мэдэгдэл, чиглэл ирээгүй. Манай хүмүүс МХЕГ, ОБЕГ руу холбогдоход тийм чиглэл ирээгүй, худлаа мэдээлэл байна гэдэг хариу өгсөн.

Б.ГЭРЭЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дэд боловсрол” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “13 дугаар зуун” цогцолборт зохион байгуулагдлаа. Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадмын сурвалжлага уншигч таны гарт хүрч байна. “25 дахь аваргаар Пүрэвийн Бүрэнтөгс тодров” хэмээв.

Сангийн сайдаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цөөн хором ярилцлаа. Тэрээр “Төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ их өөрчлөлт орохгүй” гэлээ.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дэд боловсрол” хэмээх нийлтлэл хэвлэгдлээ.

Мөрөөдлийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа. Ярилцлагыг VI нүүрнээс уншаарай.

Шууданч цагдаагийн нэг өдрийн ажилтай танилцахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт зохион байгуулалт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн алба хаагч, шууданч цагдаа цагдаагийн дэд ахлагч О.Чинбаттай ярилцлаа: Шууданч цагдаагийн гол үүрэг бол албан бичгийг хүлээн авч бүртгэл хөтлөн, цаг хугацаанд нь хүргэх юм гэлээ

Энэ удаагийн “Эдийн засаг” буландаа Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

Реппер Гинжин буюу Г.Гарьдтай ярилцлаа. Тэрээр “Урлагийг ашиг олох хэрэгсэл мэтээр хардаг хүмүүс улиг болсон дуу хийдэг” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Зээлийн хүүг сарын нэг, түүнээс ч бага хувь руу оруулах бүрэн боломжтой

-ЭНЭ АЖЛЫГ ХИЙХЭД МОНГОЛБАНКНААС АСАР ИХ ТАРХИ УГААЛТ, ЭСЭРГҮҮЦЭЛ ОРЖ ИРНЭ-

Эдийн засагч Д.Ангартай банкны салбарын реформ, зээлийн хүүг бууруулах талаар ярилцлаа.


-Өмнө нь банкны салбарт реформ хийх ёстой, зээлийн хүү хэтэрхий өндөр байна хэмээн ярьдаг байсан ч энэ сэдэв усанд хаясан чулуу шиг алга болдог байсан. Харин “Covid19”-ын халдварын тархалттай холбоотойгоор үйл ажиллагаа нь хумигдсан аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр юу юунаас илүү чухал байгаа тул банкны салбарт реформ хийж, зээлийн хүүг бууруулахыг хатуу шаардаж эхэллээ. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид улсаараа зээл гэдэг зүйлийг зөв ойлгоогүй 30 жил явж ирлээ. Зээл бол иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглэж байгаа санхүүгийн нэг бүтээгдэхүүн юм. Бизнесээ өргөжүүлж илүү их ашиг олсны дараа энэ ашгаасаа зээлээ хүүтэй нь эргүүлж төлдөг. Үүнийг л зээл гэж байгаа юм. Гэтэл өнгөрсөн 30 жилд зээл гэдгийг зөвхөн мөнгөтэй хүн талаас нь тайлбарлачихсан. Төрийн бодлого маань мөнгөтэй хүмүүсээ л 30 жил хамгаалсан. Нөгөө зээл авч байгаа хүмүүсээ хаячихсан. Та нар энэ хүний эрхшээлээр хүсвэл 30 хувийн хүүтэй зээл авч бизнесээ хий, ашгаа ол гэдэг тулгалт маягийн зүйлийг төр нь гаргаад өгчихөж байгаа юм. Гэтэл нөгөө бизнес хийж байгаа иргэд, аж ахуйн нэгж 20-30 хувийн хүүтэй зээлийг дийлэхгүй дампуураад байна. Мөнгөтэй хүмүүс нь зүгээр л хүүгээ аваад сууж байдаг. Авч чадахгүй бол төв банкнаас бодлогын хүү гэдгээр нөхөөд өгчихдөг.

Зээлдүүлэгч буюу нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай 1000 хүрэхгүй хүн байна. Сүүлийн 30 жилд манай улсын санхүүгийн бодлого энэ 1000 хүнд л зориулагдаж ирлээ. Тэдний мөнгийг эргэлдүүлж байгаа 10 банк бий. Өөрөөр хэлбэл, 1000 хүн, нэмэх нь 10 банкны эрх ашгийг сүүлийн 30 жилд хамгаалаад иржээ. Гэтэл 1010 этгээдийн нөгөө талд 3 сая гаруй иргэн байна. Дээр нь 150 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа. Тэгвэл корона Монголын санхүүгийн салбар дахь өвчнийг ил болгоод өгчихөж байна. Энэ бол аж ахуйн нэгж, иргэдийн чадамжгүйн асуудал гэхээс илүү системийн асуудал юм. Зээлийн өндөр хүүг иргэд дааж давахгүй байгааг чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл өссөн, иргэд зээлээ төлж чадахгүйд хүрсэн зэрэг мессэжээр илэрч байна.

Одоо засгийн эрхэнд аль ч нам байсан зээлийн хүүг буулгах ёстой юм байна гэсэн шаардлага ил гараад ирлээ. Үнэхээр Монголын аж ахуйн нэгж 30 хувийн хүүтэй зээлийг дийлэхгүй байна шүү дээ. Ийм өндөр зээлийн хүү дэлхийд байхгүй. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын шинж чанартай төслүүдийг жилийн 3, хамгийн дээд хязгаар нь 7 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлдэг. Гэтэл манай банкууд сарын 2 хувиас дээш, жилээр тооцохоор 30 хувь болдог. Энэ 30 хувийг “Амазон”, “Apple”, өөр юу байдаг юм ямар ч хүчирхэг компани дийлэхгүй. Маш том санхүүгийн дарамт ирж байна.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг ярихаар арилжааны банкууд бие даасан хувийн хэвшил. Төв банк Засгийн газрын мэдэлд багтдаггүй. Өөрөөр хэлбэл, тэд хараат бус байна. Энэ тохиолдолд төр шууд оролцож зээлийн хүүг бууруулж болох уу?

-Зөв асуулт. Зээлийн хүүг тогтооход төр оролцож болохгүй гэж банкны эрх ашгийг хамгаалагч, төрийн түшээд, дээр нь Монголбанкныхан ярьж ирсэн. Төр оролцож болохгүй, банк л өөрөө тогтоох ёстой гэдэг. харамсалтай нь манай хууль тийм. Банкны тухай хуульд заагаад өгчихсөн. Гэтэл ямар ч улсын төв банк, арилжааны банкны тухай хуульд зээлийн хүүг тогтооход төр оролцохгүй гэсэн заалт байдаггүй. Зээл бол онцгой бүтээгдэхүүн. улс орны иргэн бүрт зээл авах хэрэгцээ байдаг. Гэтэл тэрийг бэлтгэн нийлүүлж байгаа тал хязгаарлагдмал шүү дээ. Тэгвэл үүнийг зүгээр зах зээлд нь даатгаад орхичих юм бол монопол үүснэ. Иймд зохиомол монопол үүсгэхгүйн тулд зээлийг төрөөс зохицуулдаг. Англи, Америк, Герман, Франц, Япон, Солонгос зэрэг бидний араас нь явж байгаа зах зээлийн эдийн засагтай орнуудад зээлийг төрөөс нь зохицуулдаг. нь манай банкууд Монгол улсыг олон жил “хүүлэх” муйхар хүслийнхээ үрээр лоббигоор хуульд зээлийг хүүг банк тогтооно гээд оруулаад өгчихсөн. Гэтэл энэ нь явсаар байгаад сүүлдээ банкиндаа ашиггүй болж ирлээ. Сүүлдээ иргэд зээлээ төлж чадахаа болиод банк хүнд байдалд орлоо.

Зах зээлийн эдийн засагтай ихэнх оронд зээлийн хүүг тухайн улсын төв банк тогтооно гэсэн хуультай. Яагаад улс орнууд төв банк гэсэн институцийг байгуулж байна вэ. Тэгээд татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлж байна гэвэл зээлийн хүүг л зохицуулах гээд байгаа юм. Энэ бодлогын институцийн нэг номерын ажил бол ерөөсөө л зээлийн хүүг зохицуулах байх ёстой.

-Төв банк зээлийн хүүг хэрхэн зохицуулах ёстой байдаг вэ?

-Банкийг төрөөс тусгай зөвшөөрөл авч байгуулдаг. Төрийн өгч байгаа тусгай зөвшөөрлөөр дамжуулж тухайн банкны зээлийг хүүг зохицуулдаг. Монголбанк нэг банкинд тусгай зөвшөөрөл өгсөн бол “Та нар дураараа зээлийн хүүгээ тогтоохгүй шүү. Биднээс гаргасан дүрэм, журам, хэм хэмжээ, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна шүү” гэсэн ойлголт юм. Бүх улсад ийм байгаа. жишээ нь, дэлхийн санхүүгийн төв Нью-Иоркийн банкууд парламентынхаа баталсан хуулийн дагуу жилийн 8 хувиас дээш хүүтэй зээл олгож болохгүй гэсэн хязгаарлалттай. Та нар төрөөс тусгай зөвшөөрөл аваад тусгай эрхтэй санхүүгийн бизнес буюу банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа бол аж ахуйн нэгжүүдэд жилийн 8 хувиас доош хүүтэй зээл олго, чадахгүй бол боль гэсэн л шаардлага юм. Хэрэв 8 хувиас дээш хүүтэй зээлийг нууцаар ч юм уу олгосон бол эрүүгийн гэмт хэрэг шүү гэж төр зохицуулж өгдөг. Тухайн нийгмийн бүхий л эрх ашгийг блансжуулах нь төрийн үүрэг. Түүнээс биш зөвхөн нэг банкийг илүүд үзэж, бусдын эрх ашгийг хохироох бодлого хэрэгжүүлж болохгүй. Гэтэл манайх зээлийн хүү хэд байхыг банкууд өөрсдөө тогтоо гээд хуульчлаад өгчихсөн. Ийм ичгэвтэр хуультай улс Монголоос өөр байхгүй биз. хэдийгээр Америкт зээлийн дээд хязгаарыг 8 хувь гэж тогтоож өгсөн ч 4 орчим хувьтай л байдаг. Банкууд нь бас өөрсдийгөө бодож байна. хэт өндөр зээл өгвөл компаниудад дарамт учирч бидэнд ашиггүй гэдгийг ойлгоод байна. Харамсалтай нь манай банкууд зээлийн хүү өндөр байвал бидэнд ашигтай гэж эндүүрч явсаар зээл авч байгаа хүмүүсээ жил бүр нугчин дарсаар зээл төлөх чадвартай хүнгүй болгосон. Эцэст нь чанаргүй зээлүүдийг төр аваач ээ гэдэг банкуудын лобби явж байна. Яагаад төр банкуудын үүсгэсэн чанаргүй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр авах ёстой юм. Тэгэхээр л системийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Ганц, хоёр дүрэм журмаар зохицуулчих байсан бол системийн шинэчлэл гэж ярихгүй. харин манай банкны систем анхнаасаа буруу явчихсан учир системийн шинэчлэл буюу реформ зайлшгүй хэрэгтэй. Үүнийг у.хүрэлсүх, С.Эрдэнэ, Т.Доржханд нь байна уу хамаагүй, хийх л ёстой. Одоо монгол төрийн бодлого 1000 том хадгаламж эзэмшигч, нэмэх нь 10 банк бус 3 сая иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой гэдэг дээр банкны реформын үндэс суурь тавигдах учиртай.

-Ерөнхий сайд зээлийн хүүг сарын 1 хувьд хүргэх ажлыг хийнэ хэмээсэн. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх алхмыг тодруулахгүй юу?

-Маш тодорхой хэлье. Зээлийн хүүг нэг хувь руу оруулах боломжтой. Зээлийн хүүг сарын нэг хувь байтгуай түүнээс ч бага хувь руу оруулах боломжтой. Зээлийн хүүг зохицуулах нь пуужин хийхтэй адил айхавтар ухаан зараад байх зүйл биш. Хэдхэн зохицуулалт байдаг. Болохгүй бол бусад улсын төв банкны хуулийг гүүгэлдээд үз. Зээлийн хүүг зохицуулдаг 4-5 зохицуулалт л байдаг. Нэгдүгээрт, зээлийн хүүг тодорхойлж байгаа орцын өртгийг буулгах. жишээ нь, Монголд зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан бол хадгаламжийн хүү маш өндөр болсонтой холбоотой. Хадгаламжийн хүүний ард нөгөө л 1000 хүн, 10 банк. Одоо 1000 хүний эрх ашиг уу, 3 сая хүний эрх ашиг уу гэдгийг шийдэх ёстой. Тэгэхээр хадгаламжийн хүүг буулгах хэрэгтэй. Яаж буулгах юм бэ, учир нь олдох юм уу гэж эргэлзэж болохгүй. Бусад улсын жишиг яадаг гэхээр өндөр хадгаламжид өндөр татвар тавьдаг. нь үүнийг манай уИх-ын гишүүд банкуудын лоббигоор 27 жил хийгээгүй. Тэр 1000 хүн татвар төлөлгүй 27 жил болсон. Маш өндөр хүү авна. Ийм муйхар байж болохгүй. Сангийн яамнаас жил болгон хадгаламжийн татварыг нэмье гэдэг санал оруулдаг ч дийлдэггүй байсан. д лоббинд өртөөд алга болдог. Тэгэхээр 1000 хүн маш хүчтэй байгаа биз. д хүртэл нөлөөлж байна. Мөн ихэнх төлөөлөл нь уИх-д сууж байгаа юм. харин нэг аз завшаантай зүйл нь 2016, 2017 оны үед ОуВС-тай хөтөлбөр тохирсон. Энэ үед ОуВС-гаас хадгаламжид татвар тавь гэдэг хатуу шаардлага тавьсан. УИХ10 хувь тавьсан. 0 байсан гэхэд 10 хувь маш том дэвшил болсон. Ингээд гурван жил болоход 18-20 хувьтай байсан хадгаламжийн хүү маань 12 руу буугаад ирсэн. ОуВС-аас бидэнд заасан энгийн хичээл энэ юм. Үүнийг ойлгох ёстой. Уг нь бусдаар шахуулалгүй өөрсдөө л хийчих байсан.

10 гэдэг сайн эхлэл байлаа. Гэхдээ багадаж байна. Жилийн 12 хувийн хүүтэй зээл олгохын тулд хадгаламжийн хүүг магадгүй 5-6 хувь руу оруулах ёстой. Шийдэл нь маш амархан. 30-40 хувийн татвар тавьчих. Магадгүй энэ ярилцлагыг уншаад хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хадгаламжтай хүмүүс яах вэ гэж болно. Энэ хүмүүсийг тусгаарлаж болно. 10 хувьд нь үлдээгээд, харин 20, 50, 80 тэрбумаар нь хадгалдаг хүмүүст 35-40 хувийн татвар тавих хэрэгтэй.

-Том хадгаламж эзэмшигч 1000 хүний төлөөлөл УИХ-д байгаа гэсэн. Энэ эрх ашгийг давж гарах амаргүй болов уу?

-УИХ-ын 76 гишүүний бараг тал хувьд нь нөгөө мянган хүний төлөөлөл байгаа. Тиймээс ийм хууль батлагдаж чадах уу гэдэг асуудал байна. У.Хүрэлсүх банкны салбарт реформ хийнэ гээд уИх-д байгаа өндөр хадгаламжтай хүмүүсийн лоббийг дийлэх үү гэдэг эргэлзээ бий. Гэхдээ хийх л ёстой. Ард түмэнд амалсан шүү дээ. Өндөр хадгаламжтай хүмүүс бүгд төлөөллөө, мөн өөрсдөө төрд орсон. Мэдээж 1000 өндөр хадгаламжтай хүмүүсийн дунд үнэнч шударгаар хөдөлмөрлөөд баялаг бий болгосон хүн олон байгаа. Мөн газар, лиценз зараад их мөнгө босгоод банкинд хийгээд өндөр хүү аваад сууж байгаа нь ч бий.

-Хадгаламжийн хүү буурвал тэр их мөнгийг илүү ашигтай салбар руу хөрөнгө оруулах хэрэгтэй болно. Энэ урсгалыг төр зохицуулж өгөх ёстой юу?

-Тэрийг заавал төр зааж өгөөд байх шаардлагагүй. Хадгаламжийн хүүг 5 хувь болгочихвол нөгөө мөнгөтэй хүн 10 хувийн ашиг хаана байна гээд өөрөө хайгаад шийдлээ олчихно. Манай Монголбанкны мухайрлаж бодсон нэг зүйл нь хадгаламжийн хүүг хэт буулгачихвал нөгөө мөнгө чинь доллар болоод гараад явчихна гэж тархи угаадаг. Энэ буруу бодол нь төрийн бодлого болоод явчихсан. Өгөөж нь буурчихаар хүн хэзээ ч зүгээр суудаггүй. Өөр өгөөжтэй зүйл рүү хөрөнгө оруулаад эхэлдэг. хадгаламжийн хүүг буулгачихвал энэ мөнгө нийтийн дансанд эргэлдэнэ. Өгөөжөө илүү өгнө. Би танайд зээл олгоё, хувьцааг худалдаж авъя, хөрөнгө оруулъя гээд өөрсдөө гүйж ирээд 30 жил хөгжүүлж чадаагүй хөрөнгийн зах зээл чинь зах зээлийнхээ зарчмаар эргэлдэж эхэлнэ.

-Гадны банк оруулж ирэх асуудал дээр арилжааны банкууд эрс эсэргүүцдэг. Энэ реформын нэг хэсэг байх ёстой юу?

-Энд ерөөсөө л нөгөө 10 банкны лобби явдаг шүү дээ. Үүнийг гишүүн ц.Нямдорж “Гадны банк гээд а үсэг дуугарахаар нөгөө хэдэн банкны нөхөд Төрийн ордон руу гүйгээд ороод ирдэг. Тэгээд нөгөө 76 гишүүнийг чинь хувааж авч, толгойг нь эргүүлж, айлгаад тэр хуулийг байхгүй болгодог” гэж ярьж байсан. Банкууд маань маш буруу лобби хийж, өрсөлдөөнийг боомилж байна. Боомилж байгаа зорилго нь гадны банк орж ирэхгүй бол хөөрхий өөрсдөд нь ашигтай гэдэг. Гэтэл энэ нь системийн гажуудал болоод эргээд банкаа татаж байна. уг нь өрсөлдөөн байвал зээлийн хүү буурна. Энэ нь компаниудад дарамт бус өрсөлдөөнийг нээж өгч илүү ашигтай ажиллах боломжтой болно. Ингэснээр нөгөө чанаргүй зээл байхгүй болно. Гэвч гадны банкийг хориглочихсон. Зээлийн хүүг банк өөрөө тогтооно гэсэн хуулийн заалт оруулчихлаа. Ингээд оруулчихвал бид хязгааргүй эрх эдэлнэ гэж ойлгодог ч энэ байдлаасаа болж хүнд байдалд орж байна. ОУВС банкуудыг өөрийн хөрөнгө нь дутагдалтай байна, нэмүүл гэсэн чинь нөгөөдүүл нь гадна дотноос эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөнүүд оруулж ирээд 2016 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр анх удаа амжилтгүй боллоо. Яагаад ОуВС-гийн хөтөлбөр дуусч чадаагүй гэхээр банкуудынхаа эх үүсвэрийг баталгаажуулж чадаагүйтэй холбоотой. Үүнээс болоод ОУВС хэзээ ч ойлголцохгүй юм байна гээд гараад явчихсан. Ийм гажуудалтай, бусармаг санхүүтэй улс хөгжихгүй. Үүн дээр хүссэн хүсээгүй реформ хийж, гадны банкийг оруулах асуудал яригдана. Гадны банк орж ирээд Монголын газар нутаг, иргэдийн сууцыг хурааж авна гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Зүгээр л өрсөлдөөнийг цэвэршүүлж байгаа хэлбэр юм. Ингэж байж зээл иргэдээ хүүлж, нугачин дардаг биш хөгжүүлдэг бүтээгдэхүүн болно. Дэлхий дээр хоёр улс л гадны банк оруулаагүй. Тэр нь Монгол, Хойд Солонгос юм. Ядаж 10-20 улс гадны банкгүй байсан бол ойлгож болох юм.

-Тэгэхээр улс төрийн маш том зориг хэрэгтэй байх нь ээ?

-Банкны системийн өөрчлөлтийг хийнэ гэдэг улс төрийн маш том зориг шаардана. Маш их хэмжээний эсэргүүцэл, тархи угаалт орж ирнэ. Ялангуяа, Монголбанкнаас их орж ирнэ. Банкны реформын хүрээнд Монголбанкны хуулийг өөрчлөх ёстой. Монголбанк бол төрийн институци. Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждэг. Гэтэл бараг банкны холбоо (банкуудын эрх ашгийг хамгаалагч) гэж нэрлэж болохоор байна. Одоо банкны холбоо биш, төрийн бодлогын институци болгох чиглэлээр ажиллуулах ёстой. Зээлийн хүүг зохицуулдаг болгох ёстой. Дээр нь төв банкинд өндөр хадгаламжтай хүмүүсийн төлөөлөл шургалаад орчихдог. Ингээд олон нийтэд буруу мэдээлэл өгдөг. Санхүүгийн мэдлэггүй хүмүүс үүнийг нь сонсохоор зөв яваад ч байгаа юм болов уу гэж боддог. Гэтэл тийм биш. Зоримог шийдэл хэрэгтэй. хэн хийх нь чухал биш.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж 19-21 градус дулаан бороо орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсэж 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатахуун ачсан машин шатсан ноцтой осол гарлаа

Image may contain: one or more people, outdoor and nature

Архангай аймагт шатахуун ачсан машин шатсан ноцтой осол гарлаа. Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүний амь нас хохирч, найман хүн түлэгдсэн байна. Архангай аймгаас Завхан аймаг явах замыг зам тээврийн ослын улмаас шалтгаалан түр хаагаад байгаа аж. Уг осолд 5 автомашин, 1 мотоцикл өртсөн байна.

Цаанаасаа Завханаас ирж буй хөдөлгөөнийг Архангай аймгийн Ихтамир суман дээр хаасан буюу өөрөөр хэлбэл Цагаан давааныхаа наана болон цаана хаажээ. Ослын газарт эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Image may contain: one or more people, outdoor and nature