Categories
мэдээ нийгэм

Дэлгэрмөрөн голын эрэг дагуу Завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дэлгэрмөрөн голын эрэг дагуу Завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Мөрөн нисэх нэгдүгээр багийн нутаг Цагаан эргээс Урандөш наймдугаар багийн нутаг, Хилэнтийн гүүр хүртэл аврах завь явж, амралт, аялал зугаалгаар явж буй иргэдэд ухуулга сурталчилгаа зохион байгуулж байна. Энэ үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг, гол дотор тоглуулахгүй байх талаарх зөвлөгөөг амрагч, аялагчдад өгч хяналт тавин ажиллаж байна. Мөн ойрын өдрүүдэд орсон борооны улмаас гол мөрний ус нэмэгдэж байгаа тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын хажуугийн шаврыг цэвэрлэн, далан байгууллаа

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт энэ сарын 13-ний өдөр дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч айл өрхүүд усанд автжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл-АЗЗА компани, Хот тохижилт үйлчилгээний төв зэрэг байгууллагууд хамтран авто замын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, далан байгуулжээ. Тус далан нь дөрвөн метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай бөгөөд шинээр шороон далан байгуулжээ. Мөн Нисэхийн гүүрнээс Дэлгэрмөрөн гол хүртэл 70 метр үерийн шуудуу татсан байна. Энэ үеэр Нисэх багт зургаан гэр, таван байшин, Эрчим багт найман гэр, дөрвөн байшин усанд автсан. Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай авто замын байгууламжид эвдрэл үүссэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт ослоос түлэгдсэн иргэдийг нисдэг тэргээр авчирлаа

Архангай аймагт болсон осолд өртөж түлэгдсэн иргэдийг өнөөдөр /2020.07.16/ГССҮТ-д нисдэг тэргээр авчирлаа. Нийт 10 хүн хүндэвтэр, хүнд гэсэн зэргийн түлэгдэлтэй иржээ. Зарим иргэд нь 85-90 хувь түлэгдэлтэй байгаа аж. Үүний нэг нь 4 сартай хүүхэд байгаа юм. Түлэгдэж гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт Булган аймгийн чиглэлд хөөрсөн бол өнөөдөр 12:00 цагийн орчимд ГССҮТ-д шилжүүлээд байгаа юм. Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад, “Өвчтөнүүдэд яаралтай эмчилгээ хийж, шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллаж байна. Биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбар өгсөн юм.

Осол гарах үед нийт 12 хүн түлэгдэж, бэртсэн гэсэн ч Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдсэн нэг нь нас барсан гэх мэдээлэл байна. Ослын үеэр газар дээрээ хоёр хүн амиа алдсан бөгөөд нийт гурван хүн амиа алдаж, 11 хүн хүнд бэртсэн байна.

Хэргийг сануулахад, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Цагаан даваа”-нд 93-80 УБЛ улсын дугаартай, “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан Аллион, Альфард, Форестер, Соната-7 автомашинууд болон нэг мотоцикл галд өртөн шатсан юм

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгч нарт шалгалт хийжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын байцаагч “Хархорин”, “Барс-1” худалдааны төв болон 3, 14, 17, 18, 20 дугаар хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгч нарт энэ сарын 11-15-нд шалгалт хийжээ.

Шалгалтаар 14 болон 15 дугаар хороололд “Итали зайрмаг” ХХК, “Ичиго” зайрмагны ТҮЦ 2 , “Сүүн зайрмаг” ТҮЦ 2, “Шинэхэн зайрмаг” зэрэг зайрмагны 6 ТҮЦ нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй худалдаа хийж байсныг илрүүлжээ.

Мөн 7 дугаар хороонд байрлах “Шонхор плаза” төвийн урд талбайд хүнсний ногоо самар худалдаалж байсан 2 иргэн болон 15 дугаар хороонд байрлах Москва их дэлгүүрийн урд талбайд ус ундаа борлуулж байсан 1 иргэний үйл ажиллагааг зогсоожээ.

Эдгээр иргэн, ААН-ийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох аж.

Categories
мэдээ нийгэм

“Алдар” спортын тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны үндэсний бөх, үндэсний сур, шагайн харвааны баг тамирчид амжилттай сайхан наадсан билээ.

Тэгвэл өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй удирдлагууд наадамд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

Үүнд БХЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх, Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс.

БХЯ-ны хүндэт жуух бичгээр “Алдар” спорт хорооны бөх, Монгол Улсын заан М.Бадарч.

Дайчин алдар I медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва.

Дайчин алдар II медалиар “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх Монгол Улсын харцага Ц.Одбаяр, Монгол Улсын начин Х.Цогтгэрэл.

Дайчин алдар III медалиар “Алдар” спорт хорооны бөх, Монгол Улсын начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа.

Эх орны төлөө I Хүндэт тэмдгээр “Алдар” спорт хорооны үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй.

Эх орны төлөө II Хүндэт тэмдгээр “Алдар” спорт хорооны бөх улсын начин Б.Орхонбаяр.

Эх орны төлөө III Хүндэт тэмдгээр “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарыг шагнаж урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгалаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг барьж байна. Барилгын ажлыг 2018 оны наймдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 16-нд барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл нь 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. “Хангайн хятруу” ХХК 2019 оны зургаадугаар сараас эхлэн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар барилгын ажлыг 100 хувь дуусгасан бөгөөд энэ сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ийнхүү уг цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны цэцэрлэгийн хүртээмж сайжрах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгах үеэр гүйцэтгэгч болон хяналт тавьж буй газрууд барилгын стандарт, нормыг хангаж ажиллахыг сануулж байлаа. Мөн тэрбээр “Улаанбаатар хотод энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар зургаан сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээн аваад байна. Нийслэл хотод дөрвөн сургуулийг шинээр барих, өргөтгөх ажлуудыг эхлүүлсэн. Үүний нэг болох 149 дүгээр сургууль нь олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан, тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч боловсрох боломжтой анги танхим, орц, гарцыг хийж өгснөөрөө онцлог юм” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

“10,000 программист” төсөл амжилттай хэрэгжиж байна

“10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хааж шугам засварын ажил хийж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Засварын ажил 2020 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна. Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-16-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Сэхээнд байсан болон бусад хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу авч явжээ

Image may contain: one or more people, outdoor and nature

Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдож, улмаар ойролцоо зорчиж явсан гурван авто машин, 1 мотоцикл өртөж шатсан ноцтой осол гарсан. Ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, 18 зорчигч хүндэвтэр түлэгдсэн байна. Өнөө өглөө нэг хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Сэхээнд байсан дөрвөн хүнийг болон бусад хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу өнөөдөр өглөө авч явжээ. Ослын газарт аймгийн Онцгой байдлын газар, Замын цагдаа, Нэгдсэн эмнэлэгийн бие бүрэлдэхүүн болон Архангай-АЗЗА ТӨХК-ийн ажилчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.