Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

Говь-Алтай - Танилцуулга - Монгол улсын засгийн газар - Government ...

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа. Уг хүүхэд долдугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явжээ. Ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цар тахлын үеийн Соёлын яам

Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлгэрээд нэлээд удлаа. Нөхцөл байдал амаргүй л байна. Өдийг хүртэл тасралтгүй тэмдэглэж ирсэн, биднийхээр бол зуны хамгийн том баяр болох наадмаа үзэгчгүй тэмдэглэхээр болж байна. Гадаадад гацсан хэдэн монголчуудын асуудал өдөр бүр интернэт орчинд түгэж байна. Дэлхийн энд тэнд хүмүүс олноороо үхэж үрэгдэж байгаа сэтгэл сэртхийм мэдээллүүд, нүд халтирам зургууд явсаар л. Зарим орны төр засгийн тэргүүнүүд ч халдвар авч, илтгэл тавьж, индэрт зогсохдоо бие нь муудаж, энэ хорвоог орхиж байна. Одоогоор эдгээх эм, вакцин гараагүй.

Ажлын байргүй болж байгаа сая сая хүн дэлхийд өдөр ирэх бүр нэмэгдсээр. Энэ бүхнийг зохицуулах гэж улс орнууд чадлынхаа хэрээр хичээж байна. Ажилгүйдэл амьжиргаанд нь шууд нөлөөллөө. Манай улс ч ялгаагүй ээ. Жижиг бизнес эрхлэгчид зээлдээ дарлуулж, дампууран, үгээ барж сууна. Дөнгөн данган дампуурчихгүй яваа нэг хэсэг нь байна. Цаашлаад гадаад, дотоод худалдаа наймаа улам хумигдана. Товчхон хэлэхэд эдийн засаг хямарна. Дэлхийд ковидын үеийн эдийн засаг гэдэг цоо шинэ ойлголт бий боллоо. Яг энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж байна. Өөрийнх нь хэлснээр элгээр нь хэвтсэн эдийн засагтай улс орныг өөрөөсөө хүлээж авсан юм шиг билээ. Энэнээс цаашилбал юу болох вэ.

Гэтэл У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулахдаа дэндүү цамаархлаа гэх үү, тансаглалаа. Засгийн газар байгуулагдахын өмнө Хөгжлийн яам, Эдийн засгийн яам байгуулагдах яриа гарч эхэлсэн. Ерөнхийлөгч ч бас Хөгжлийн яам байгуулах саналаа хүргүүлсэн. Угтаа энэ нь эдийн засгийн нөхцөл хүнд үед хэрэгтэй байсан юм. Хүмүүсийн амьдрал цар тахлаас шалтгаална, иймээс Хөгжлийн яам нь хэрэгтэй гэхээр У.Хүрэлсүх бүлх залгисан юм шиг дуугүй болчихно. Тэрийгээ бас ард түмний нэр барьж тайлбарлаад байгаа юмаа. Ард түмэн бидний тогтвортой бай гэсэн, яам нэмж болохгүй гэсэн, бичиг цаас, яам шилжүүлэх гээд бөөн зардал гээд сэлэмдээд эхэлсэн. Тэгсэн мөртлөө Соёлын яам байгууллаа. Бас нэрийг нь барих дуртай ард түмний өмнөөс энэ яамыг байгуулахгүй бол болохгүй гэх нь холгүй юм ярилаа. Нөгөө хөрөнгө мөнгө үрэхгүй, ард түмэн тогтвортой бай гэлээ гэж хэлээд байсан нь ч хаачив. Соёлын яам байгуулахаар хөрөнгө мөнгө үрэгддэггүй болж таарав уу. Тахлын үед Соёлын яам байгуулж байгаа нь цагаа олоогүй асуудал байлаа. Гэтэл У.Хүрэлсүх Монголын соёл урлагийг өнөөдрийг хүртэл орхигдуулж ирсэн, кино урлаг, музей театрууд алга боллоо гэх юм. Хэн музейн барилга, театрын барилга нураагаад байгаа билээ дээ. Хүчитгэх аргаар сэргээчих боломжтой юман дээр заавал нураана гэж хүч түрээд, иргэдийнхээ үгийг ч сонсолгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар л нураасан шүү дээ. Тэгчихээд Төв номын сангийн хуучин суурины бяцхан зайд барилга барихаар болчихоод байгааг юу гэж тайлбарлах юм бол доо. Бас болоогүй ээ, “Улс оронд хамгийн чухал нэг зүйл нь оюун санааны тусгаар тогтнол, оюун санааны аюулгүй байдал байгаа юм. Энэ орхигдсон учраас соёлын яам байгуулж, эх орноороо бахархдаг, үүх түүхээрээ бахархдаг иргэдтэй байя. Соёлын яам мөнхөд байгаасай гэж боддог” гэж Ерөнхий сайд хэллээ. Ирээдүйд яах, яаж хөгжих тухайгаа биш өнгөрснөөрөө бахархаж ханахгүй байгаа улс бол Монгол шүү дээ. Гэтэл нөгөө сүрхий Ерөнхий сайд чинь хөгжил дэвшил, эдийн засгийн асуудлаас илүүтэй соёл урлагийг ингэж л нэн тэргүүнд тавиад эхэллээ.

Хүн орох оронтой, идэх хоолтой, өмсөх хувцастай байж дараа нь соёл ярьдаг. Хоолгүй хүн хоосон хашгираад яах ч билээ дээ. Хоосон хүн тэр соёлыг нь ямар идэх биш. Монголын соёл урлаг, интертайнмэнт ихэдсэн үү гэхээс багадаагүй. Хөгжөөгүй салбар болоод л дэлхийн соёл урлагийн хамаг тэмцээнд шагналт байруудад ороод явах вэ дээ. Орой бүр хэдэн телевиз нь соёл урлагийн шоу тоглолтоор залхааж байхад цар тахлын үед соёл яриад байдаг нь ямар учиртай юм бэ. Майдар хотыг барьж, Хэнтийд хэдэн шавар хөшөө байгуулах гэж л энэ яамыг тусгайлан байгуулаа биз гэж иргэд хардаж эхэлсэн байна лээ. Тийм бол Херо интертайнмэнт л эдийн засгийн хямралд өртөхгүй, байнгын ажилтай байх нь. Эсвэл соёл урлагаар хүмүүжүүлэх нэрээр үзэл сурталд ингэж мөнгө цацаж, дөрвөн жил намаа магтан дуулахаар шийдэв үү. Яахав, таныг Ахмадын золбоо хамтлагт гитар барин энд тэндхийн шоунд дуулж, хуурдаж явахыг бол бишгүй л харж байлаа. Хоббигоосоо болоод ийм яам байгуулаад байна уу ч гэж хардаж байна. Яваандаа энэ бүхэн чинь өөрсдийн чинь нэрийг л хугална. Ард түмэн тэнэг биш. Хараад мэднэ. Нэр хугарахаар яс хугар гэдэг үг байдагсан даа.

Ковидын үеийн Соёлын яам бидний татварын мөнгө болох төсвөөс мөнгө урсгана уу гэхээс өөрөөр өнөөдөртөө хэрэг болох юм алга. Ядаж байхад салбарынхан нь Соёлын сайдаар томилогдсон хүнээ соёлын хулгайч гээд хүлээж авахгүйгээ илэрхийлж, баримт хавсаргасан эсэргүүцлийн бичиг Ерөнхий сайдад илгээчихлээ. Мордохын хазгай гээч нь энэ болов уу.

Соёлын яамных нь эрхлэх асуудалд соёл урлагийг хөгжүүлэх асуудал, түүх соёлын өвийг хамгаалах, сэргийлэх, салбарын үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа багтсан гэхээр бүр ойлгохоо байлаа. Ажлын байр гэж яривал хамгийн их ажлын байр тэдэнд л байгаа шүү. Жаахан дуулдаг хуурддаг авьяас байвал тэгээд л алдар нэр, хөрөнгө мөнгө аандаа цугларч байдаг биз дээ. Шагнал урамшуулал авдгийг нь эс тооцвол төрөөс нэг их хамааралгүй хөгжчихдөг газар. Хөгжлийн, инновацийн яам байгуулах саналыг сонсохыг хүсэхгүй байсан Ерөнхий сайд цар тахлын үед Соёлын яамыг ийнхүү байгууллаа.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Дэлгэрцэцэг: Ятгын хатан хаан МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарсан уран бүтээлээ наадмын үеэр үзэгчдэдээ хүргэнэ


Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.


-25 дугаар суваг телевизийн “21000” реалити шоуны 16 дахь цувралын ялагчаар тодорсонд баяр хүргэе. Нэвтрүүлгийн явц хүнд санагдаж байсан уу?

-“21000” реалити шоу ард түмний дунд хандалтаараа номер нэгт ордог сайн контент. Тухайн нэвтрүүлэг маш философич, юмны үнэ цэнийг мэдрүүлсэн мөн чанартай санагдсан. Л.Баттулга гавьяаттай хамт орсондоо баяртай байгаа. Ер нь хэнтэй өрсөлдөж байгаа нь чухал байх. Миний хувьд үнэхээр хүнд байсан. “21000” төгрөг гэдэг мөнгөний хувьд их биш. Зөвхөн супермаркетаар үйлчлүүлнэ гэдэг амаргүй. Хүнсний захаар явбал үнийн хувьд арай хямдхан байгаа байх. 21000 шоу нэвтрүүлэг “Сансар” супермаркеттай хамтарч ажилласан болохоор зөвхөн түүгээр үйлчлүүлэх ёстой болж таарсан л даа. Ходоод чинь санаанаасаа бага байдгийг бид огт мэддэггүй юм байна лээ. Бид супермаркетуудаар үйлчлүүлэхдээ хүнсээ хэрэгцээнээсээ ихийг авчихаад дараа нь хаях тохиолдол их гардаг. Энэ нэвтрүүлэг хэмнэлт гэдэг зүйлийг мэдрүүлсэн сайн контент гэдгийг оролцож байж мэдэрсэн.

-Та өмнө нь “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж байсан. “Бурхны авралаар чи ирлээ” шоуны шүүгчээр дахин ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?

-Шоу контент гэдэг оюуны маш том бүтээл. Ийм том бүтээлийг шүүнэ гэдэг тодорхой хэмжээний дадал туршлага хэрэгтэй болдог. “Авьяаслаг монголчууд” шоуг шүүхэд сургалт дамжаанд сууж байгаа юм шиг их бэлтгэл хийдэг байсан. “Бурхны авралаар чи ирлээ” шоуг шүүхэд хүнд байсан. Ямар нэгэн өгөгдөл байхгүй тайзан дээр шууд цоо шинэ үзүүлбэрүүдийг гаргаж ирдэг учраас шүүхэд хүнд. Чадварлаг залуусыг оруулчихаад хэтэрхий муулаад байж болохгүй, реакци гаргаагүй үед нь гоё байлаа гэж хэлж болохгүй учраас өмнөх шоунуудаас илүү торгон мэдрэмж шаардсан нэвтрүүлэг болсон. “Бурхны авралаар чи ирлээ” хоёр дахь хэсэг удахгүй цацагдах байх.


-“Бурхны авралаар чи ирлээ” 2 шоуны шүүгчээр дахин ажиллах санал ирвэл та шүүх үү?

-Мэдээж санал тавьбал шүүлгүй яахав. Сая шүүгчээр ажиллахад жүжигчний ур чадварыг мэдэрч чадсан.

-Хувь хүнийхээ хувьд аль жүжигчнийг илүү их дэмжиж байсан бэ. Хэний үзүүлбэр таалагдсан бол?

-Нийт арван дугаарын 42 үзүүлбэр үзүүлсэн. Бүгд л их ажиллагаа шаардсан том том тайзууд байсан. Сэтгэлд үлдсэн мундаг жүжигчид их байгаа. Шоуны хоёр ялагч “Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г.Алтаншагай нар. Үзүүлбэр авьяас билэг, инээд хөөр, маазраа бүх зүйл нь жагсчихсан залуус түрүүлсэн дээ. СТА, жүжигчин Д.Дэлгэрсайханыг онцолмоор байна. Гүйлгээ ухаан сайтай, жүжигчин шиг санагддаг.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Ятгын хатан хаан гэгддэг МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Олон жил ярьсны эцэст наадмын үеэр үзэгч олондоо бэлэг барина. Хийл, ятгын хослол гэсэн хосолсон бүтээл гаргана. Бэлтгэл ажил дууссан.

-Жүжигчин хүнээс ямар кинонд тоглох бодолтой байгаа талаар асуухад түүхэн кино гэж хариулдаг. Таны хувьд “2000” кинонд хатны дүр бүтээсэн. Хөгжимчин хүний хувьд кино урлагийн тайз хэр байв?

-Урлагийн хүний хувьд кинонд дүрээ мөнхлөх гэсэн бодолтой байсан. Манай ээж “Миний охин залуу сайхан насан дээрээ кинонд тогловол гоё” гэж хэлдэг байсан. “2000” кинонд дүр бүтээх санал ирэхэд таатай хүлээж авсан. Зохиолын хувьд кинон дээрээ өөрчлөгдөж гарсан. Анх уншсан зохиол нь эх оронч, монгол хатны дүр таарсан. Уран бүтээлч хүний хувьд өөр шинэ ертөнцийг нээсэн, мэдрэмжийг хөглөсөн бүтээл болсон. Тухайн кинонд Монголын сор болсон жүжигчид тоглосон.

-Мэргэжлийн бус хүн кинонд тоглоно гэдэг амаргүй байх. Та дүрдээ орж чадсан уу?

-Киноны дүр надад асар ойрхон байсан. Жүжигчин хүний хувьд өөрөө өөртэйгөө тэмцэлдэх, дотоод сэтгэлтэйгээ тэрсэлдэж байгаа тэр хэсэг хэцүү байсан. Тав, зургаан удаагийн зураг авалтыг хойшлуулж байгаад авч байсан. Жүжигчдийг солиотой хүмүүс байдаг гэдэг шүү дээ. Тэр үед солиорохоо л алдсан.

-Таныг багаасаа хөгжимтэй холбогдсон гэдэг. Бага насны хөгжмийн боловсрол одоогийн энэ их амжилтын үндэс болсон уу?

-Анх найман настайдаа “Хөгжим бүжиг”-ийн сургуульд орж байсан.Манай сургууль хүүхдийг багаас нь ачаалал даах чадвар, юманд тууштай байхыг зааж сургасан гэж боддог. Миний бага нас бусад хүүхдүүд шиг гадаа тоглосон, жаргалтай байгаагүй. Шалгалтаас шалгалтын хооронд явдаг байлаа. Тэрнээс хойш хөгжимтэй салшгүй холбоотой болсон доо. 2000 онд анх “Хэнтийн өндөр ууланд” цомгоо гаргаж байлаа. Энэ жил урлагт хөгжмийн дуу хоолойг гаргаж ирсэн 20 жилийн ой тохиож байгаа. Хөл хорионы үе болохоор ажил хойшлоод л байна.

-Хөгжим тоглохоос гадна өөр мэргэжлээр ажиллахаар бол ямар мэргэжил сонгох вэ. Энэ тухай бодож байв уу?

-Сэтгэл судлал чиглэлээр ажиллах байсан байх. Манай улсад сэтгэл судлал талын шинжлэх ухаан дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор одоогийн шинжлэх ухааныг хөгжүүлэх гээд л явах байсан болов уу.

-Урлагийн хүнээс урлагийн хүн төрдөг гэж ярьдаг. Танай гэр бүлийн хувьд..?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав Дундговь аймгийнх, ээж Архангай аймагт төрж өссөн. Дуу хуурын өлгий нутаг Дундговь гэж хэлдэг, түүгээрээ болдог юм болов уу гэж хааяа боддог.

-Та “Сэтгэлийн эгшиг” аялгуугаа хуриман дээр тоглох дуртай хэмээн нэгэн ярилцлагад хэлсэн байсан.

-Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн киноны хөгжим “Сэтгэлийн эгшиг” шиг аугаа бүтээл гэж хаана ч байхгүй. Монгол хүн төдийгүй гадаад хүмүүс их сонсдог, хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддаг сод бүтээл. Би хуриман дээр тоглох дуртай. “Сэтгэлийн эгшиг”-ийг тоглохоор амьдрал баялаг даа гэдэг үг санаанд буудаг.

-Эр хүн хатуужилтай байх ёстой, эмэгтэй хүн уян зөөлөн байх ёстой гэдэг. Та өөртөө ямар шалгуур тавьдаг вэ?

-Үнэн байх. Би өөртөө цензур өндөртэй байхыг шаарддаг. “Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн” гэдэг шиг л.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхбаясгалан: Ууланд алхаж яваад гэнэт сууж амарч болохгүй

“Cardio MMA” фитнес төвийн багш, дасгалжуулагч А.Энхбаясгалантай ярилцлаа. Тэрбээр жин хасалтын чиглэлээр мэргэшсэн дасгалжуулагч юм.


-Хүн биеийн тамираар хичээллэж, биеэ чийрэгжүүлэх, илүүдэл жингээсээ салахын тулд хамгийн эхэнд ямар алхам хийвэл зохилтой вэ?

-Мэдээж дасгал хөдөлгөөн хийж, улмаар биеэ өв тэгш хөгжүүлэх нь эрүүл байгаад зогсохгүй гоо зүй болон бусад олон талын ач холбогдолтой. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэггүй, одооноос биеэ чийрэгжүүлж хөгжүүлэхээр зорьж байгаа хүмүүсийн хувьд багаас нь эхлэх ёстой. Юуны өмнө долоо хоногийн 2-3 өдөрт өглөө алхахаас эхлэхийг зөвлөж байна. Ингэхдээ нэг удаад 3-5 км замыг туулахад болно. Өглөө эрт 06:00 цагаас хэтрүүлэлгүй алхвал зүгээр. Учир нь зуны дэлгэр цагт нар эрт ээж, алхахад халуун болж эхэлдэг. Иймд өглөөний сэрүүнд алхвал тохиромжтой. Ууланд алхвал илүү сайн. Өгсүүр газар явснаар илүү их калори шатаадаг.

-Алхахад юуг анхаарах ёстой вэ?

-Эхний долоо хоногт амралттай алхана. Хүссэн давтамжаараа амарна гэсэн үг л дээ. Ядарч байвал сууж амраад цааш үргэлжлүүлэн алхах хэрэгтэй. Мөн удаан алгуурхан алхаж болно. Алхах үедээ ус сайн ууна. Анхаарах зүйл нь алхаж яваад хэсэг амрах үедээ шууд сууж болохгүй. Яагаад гэвэл алхсанаар зүрхэнд ачаалал өгсөн байдаг. Иймд бага зэргийн сунгалт, амьсгалын дасгал хийсний дараа амрах хэрэгтэй. Хамраараа гүнзгий амьсгаа аваад 2-3 секундын турш гаргаарай гэж зөвлөе.

-Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байж байгаад гэнэт алхахаар бие булрах уу?

-Тэгнэ. Алхахад хөлөнд ачаалал ирээд бие буларна. Гэвч үүнээс болж шантарч хаяж болохгүй. Зовиур ихтэй байвал ваннтай бүлээн усанд хэвтээрэй. Долоо хоногийн дараа гэхэд биеийн булраа аяндаа арилдаг. Ингээд бага багаар дасгал хөдөлгөөнөө нэмээд яваарай.

-Хооллолтын тухайд тодруулахгүй юу. Өглөө алхахын өмнө хэрхэн хооллох шаардлагатай вэ?

-Өглөө алхахын өмнө үхрийн махтай шөлтэй хоол тохиромжтой. Лууван, брокколи зэргийг хийж болно. Мөн овъёос байна.Төрөл бүрийн жимсээр салат хийж болно. Гол нь өглөө алхахын өмнө цадтал идэхгүй байх хэрэгтэй. Өлөнгөө дарна гэсэн үг. Харин ус сайн уугаарай. Өглөө гарахаас өмнө нэг литр усыг бага багаар ууж дуусгаарай. Ер нь жингээ барих гэж байгаа, таргалалттай тэмцэж байгаа хүмүүс гурил болон гурилан бүх төрлийн бүтээгдэхүүнүүд, сахар ихээр агуулдаг чихэр, шоколад, ундаа, шарсан хайрсан болон давс, соус, амтлагч ихтэй хоолноос татгалзвал зүгээр. Үйлдвэрийн боловсруулалтад ороогүй органик, эрүүл бүтээгдэхүүнүүд хэрэглэх хэрэгтэй. Цэвэр ус сайн уугаарай. Тэгж байж бодисын солилцоо сайн явагдана. Түүнчлэн, бэлтгэлээс хойш хамгийн багадаа цагийн дараа хооллох нь зөв. Хэт их өлсөж болохгүй. Тамирдана. Хөлс их гаргаж байгаа учир кальци,калиа байнга нөхөх хэрэгтэй. Ааруул, үзэмний шүүс ууж болно. Мөн витаминууд бий.

-Өглөө алхаж эхлээд цаашид дасгалуудаа хэрхэн хүндрүүлэх шаардлагатай вэ?

-Юуны өмнө ганц, хоёрхон долоо хоног алхаад болих тохиолдол элбэг байдаг. Төвөгшөөж, шантардаг. Иймд анхнаасаа өөртөө зорилго тавих хэрэгтэй гэдгийг хэлье. Тууштай байх нь хамгийн чухал. Энэ бол амжилтын гол үндэс.Өөрийгөө зоригжуулахын тулд эхний өдрөөсөө л биеийн жин, бэлхүүс, гуя, гар, цээж зэргийн тойргийг хэмжээд, өөрийнхөө зургийг 3-4 талаас нь авах хэрэгтэй. Үүнийгээ байнга харьцуулж, хэмжиж үр дүнгээ харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөртөө урам зориг өгөхөд хэрэгтэй.

Энгийн дасгалуудын тухайд хүмүүсийн хамгийн их сонирхдог, үр дүн сайтайгаас нь хэлж өгье. 108 мөргөлт их сайн үр дүнтэй. Эхний удаад 5-10 минут хийгээд амрах байдлаар явна. Яваандаа биеийнхээ ачаалалд тохируулж тоогоо нэмэгдүүлнэ.Түүнчлэн, манайхан авгай мах (бугалганы хэсгийн өөхлөлт, сул мах) гэж ярьдаг. Олон хүний хувьд авгай махаа хэрхэн арилгах вэ гэж асуудаг. Үүнд өлмий дээрээ шогшиж, хоёр гараараа урагш цохилт хийх дасгал үр дүнтэй. Гарын хэсгийг чангалж өгнө. Эхний долоо хоногт нэг минутаар 3-4 удаа хийж, дунд нь 30-40 секунд амарна. Мөн гар, хөлөө зөрүүлж савдаг дасгал бий. Урагш өвдгөлж, арагш жийлт хийнэ. Энэ мэт дасгалуудыг хийхэд бие хална.

Бие халсан үед хэвлийн үндсэн таталтууд хийх хэрэгтэй. Эхний өдөр 10-15 удаа хийж, 30-40 секунд амарна. Ийм байдлаар 3-4 удаагийн давтамжтай хийнэ. Мөн сууж байгаад арагш гараараа тулж өвдөг, цээж хоёроо зэрэг татна. Хэвтэж байгаад хөлөөрөө дугуй жийнэ. Гол нь удаан алгуур жийх хэрэгтэй. Тэгэхгүй бол үр дүн багатай. Хийх давтамжуудын хувьд дээрхтэй ижил. Мэдээж биеийн булраа арилж, жижиг булчингууд хөгжөөд ирэхээр илүү ачаалал авах боломжтой болно. Энэ хэрээр дасгалаа хүндрүүлнэ гэсэн үг.

-Дасгалаа хийсний дараа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Дасгал хийсний дараа нуруу болон хэвлийн сунгалтыг заавал сайн хийх хэрэгтэй. Зогсож байгаад урагш тонгойх, хоёр тийш сунгах, дээшээ харж гэдийх зэргээр сунгалт хийнэ. Мөн турникээс 5-10 секунд, 2-3 удаагийн давтамжтай зүүгдэнэ.

-Сүүлийн үед хүмүүс гэртээ турник дээр дасгал хийх нь түгээмэл болсон. Анхлан сонирхож байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Турник дээр дасгал хийлгүй удсан, жин ихтэй хүмүүсийн хувьд анх биеэ дааж турник дээр суниах нь хүнд байдаг. Иймээс турникнийхээ доор сандал тавиад дээр нь гарч хөлөө сандлаас хөндийрүүлэхгүйгээр суниагаарай. Хөлнөөсөө бага зэрэг дэм өгч суниана гэсэн үг л дээ. Эхний долоо хоногт 2-3 удаа татаж, амрах байдлаар 5-6 удаагийн давтамжтай байна. Ингээд хэсэг хугацааны дараа биеэ даадаг болно. Бага багаар булчин хөгжиж суниалтын тоо нэмэгдэнэ. Турник дээр суниахад бие жигд хөгждөг. Жижиг булчингууд сайн хөгждөг. Хамгийн гол нь хамаагүй хүчилж болохгүй. Буруу суниаж болохгүй. Хоёр гараараа жигд татна. Биеэ татахдаа амьсгаа аваад, татчихаад амьсгаагаа гаргана. Түүнчлэн дээш татаад тодорхой хугацаагаар барьвал үр дүнтэй. Суга турник дээр бэлтгэл хийх нь ихээхэн үр дүнтэй. Энэ төрлийн турник гэдэсний булчин хөгжүүлэхэд тун тохиромжтой байдаг. Ер нь дасгалыг хэт хурдан хийж болохгүй. Тодорхой хугацааны барилт байж үр дүн нь нэмэгддэг. Зарим хүн буруу суниаснаас болж мөрөө мултлах зэргээр бэртдэг. Ер нь болж өгвөл сайн суниаж сурсан ч эрсдэлтэй дасгалуудаас болгоомжлох хэрэгтэй.

-Дасгал хийхэд ариун цэвэр талаасаа хэрхэн анхаарах вэ?

-Дасгал хийсний дараа заавал шүршүүрт орох хэрэгтэй. Яагаад гэвэл дасгал хийх тусам хүн хөлөрдөг болдог. Энэ нь арьсны нүх сүв онгойж байгаа хэрэг. Үүний давуу тал нь арьс чангарч, эрүүл толигор болно. Харин дасгал хийсний дараа шүршүүрт орохгүй бол арьс бохирдож батга гарах зэргээр сөрөг нөлөөтэй. Мөн бэлтгэл хийсний дараа дотуур хувцсаа байнга солиоорой. Манай эрчүүд энэ тал дээр жаахан хэнэггүй. Дотуур хувцсаа солихгүй байх нь бөөр болон нуруу өвдөхөд нөлөөлдөг.

-Ихэнх хүн хэзээ үр дүн гарах вэ гэж асуудаг?

-Мэдээж хүн хүний онцлог, хичээл зүтгэлээс хамаарч үр дүн харилцан адилгүй. Гол нь тууштай байж л үр дүнд хүрнэ. Мөн анхнаас нь үр дүнтэй, зөв хичээллэх хэрэгтэй. Хоёрын хооронд цаг үрсэн байдлаар хичээллэх нь тухайн хүнд өгөөжгүй. Тиймээс нэгэнт цаг заваа зарцуулж байгаа бол хамгийн үр дүнтэй газар нь очоод багштай хамт хичээллэхийг зөвлөж байна. Миний хувьд жин хасалтын чиглэлээр мэргэшээд 4-5 жил болж байна. Хичээл зүтгэл хүнийг заавал шагнадаг. Энэ бол баттай зүйл юм. Иймд хэзээ үр дүнд хүрэх вэ гэхээс илүү хэрхэн тууштай, үр дүнтэй, зөв хичээллэх вэ гэдэг нь чухал. Уншигчид хэрхэн жин хасахтай холбоотой нарийвчилсан мэдээлэл авахыг хүсвэл надад татгалзах зүйл байхгүй. Миний фэйсбүүк (amgalanbaysaa) хаягаар хандаж болно.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 19-21 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг томилжээ

Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг томилжээ. Тус газрын өмнөх дарга Т.Бадрал БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон билээ.

ОБЕГ-ын даргаар томилогдсон Г.Ариунбуянгийн намтар:

Боловсрол:

  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
  • 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
  • 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
  • 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
  • 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
  • 2011-2012 онд Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
  • 2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Дэд сайдуудыг томилжээ

Тогтвортой Засгийн газар, хүчтэй Ерөнхий сайдын тогтолцоо бол ...

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Хэлэлцэх асуудал нь нийтэд ил болоогүй байсан ч дэд сайд нарыг томилжээ. Үүнд:

  1. Эрүүл мэндийн дэд сайдаар Ш.Анхмаа /Нийслэлийн Засаг даргын орлогч/
  2. Эрчим хүчний дэд сайдаар М.Баярмагнай /ЗГХЭГ-ын дэд дарга/
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдал /ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх/
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр /Улираасан/
  5. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар С.Баатаржав /ЦЕГ-ын дарга, бригадын генерал/
  6. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр /Улираасан/
  7. Сангийн дэд сайдаар С.Мөнгөнчимэг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд/
  8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Г.Батсуурь /Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан/
  9. Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнэ /Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
  10. Батлан хамгаалахын дэд сайдаар генерал Б.Баярмагнай /Үндэсний фронт хөдөлгөөний тэргүүн асан/
  11. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо /НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан/
  12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар С.Зүлпхар /Удирдлагын академийн захирал/
  13. Соёлын дэд сайдаар М.Батбаярыг /Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал/ томилохоор болжээ.
Categories
мэдээ нийгэм

Дэд сайд нарын томилгоог хэлэлцэж байна

Монгол Улсын Сангийн яам

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж байгаа аж. Эрүүл мэндийн дэд сайдаар нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнбаяр, БСШУ-ны дэд сайдаар С.Зулькафирийг, Соёлын дэд сайдаар Г.Ганбаярыг, ХЗДХ-ийн дэд сайдаар С.Баатаржавыг томилохоор хэлэлцэгдэж байгаа аж.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

16-27-ны хооронд дараах газруудын халуун усыг хязгаарлана

Энэ зун хэрэглээний халуун усыг хамгийн удаандаа 5 хоног ...

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зуны засварын ажлууд үргэлжилж байна. Засварын ажлын үеэр 2020 оны долдугаар сарын 16-27-ны хооронд доорх газруудын халуун усыг хязгаарлахаар болсон тухай УБДС ТӨХК-аас мэдээллээ.

VII/16 – VII/27 (11 хоног)

  1. Отгонтэнгэр дээд сургууль
  2. Монгол кино нэгтгэл
  3. Баянзүрх дүүрэг
  4. ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
  5. Жаргалан хотхон
  6. Солонгос элчин
  7. Оддын хотхон
  8. Энканто таун
  9. Маршал таун
  10. Ривер гарден хотхон
  11. Баян Монгол хороолол
  12. Шинэ Монгол сургууль
  13. Ногоон төгөл хотхон
  14. XIII хороолол ДДТ-26, 27
  15. Нарантуул зах
  16. XIV хороолол
  17. Аман хуур хотхон
  18. Ахмадын хороолол
  19. Сүнжин гранд зочид буудал
  20. Цэргийн Госпитал
  21. БХЯ
  22. XVI хороолол
  23. УС-15 орчим
  24. Ботаник
  25. АШУҮИС-ийн сувилахуйн сургууль
  26. Оргил худалдааны төв
  27. Агь трейд агуулах
  28. Цагдаагийн орон сууц (Цээб ХХК)
Categories
мэдээ нийгэм

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалалтад авлаа

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын хамгаалалтад байдгаас бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар аймгийн хамгаалалтад авах түүх, соёлын үл хөдлөх дурсгалт 496 зүйлийн талаарх саналыг холбогдох мэргэжлийн байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх аж. Харин ИТХ-ын шийдвэрээр 1174 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг сумын хамгаалалтад авлаа. Буган чулуун хөшөө, хиргисүүр, булш, хүн чулуу, барилга архитектурын төрлийн дурсгалыг өнгө үзэмж алдагдах, эртний түүх соёлын өвд өөрчлөлт орох, бүдгэрэх зэргээс хамгаалах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

-Орон нутагт түүх соёлын дурсгалыг хамгаалан хашаа барих, тухайн нутгийн иргэдэд хариуцуулах зэрэг ажил хийж байна. Сумын төрийн байгууллагаас соёлын өвийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа гэж аймгийн музейн ажилтан Ж.Ганбат ярилаа. Сүүлийн үед олз хайгчид булш, хиргисүүр ухах, зарим хүмүүс эртний хадны бичээс, зураг зэргийг бүдгэрүүлэн эрээчих зэрэг тохиолдол гарч байгаа учир түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай болжээ.