Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг танилцууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Мөнгөний нийлүүлэлт М2 зургаадугаар сарын эцэст 21.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 966 тэрбум төгрөг буюу 4.8 их наяд төгрөгөөр өссөн байна.

Ийнхүү өсөхөд

Валютын хадгаламж 1.4 их наяд төгрөг буюу 47%

Валютын харилцах 105.4 тэрбум төгрөг буюу 4.7%

Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 39.3 тэрбум төгрөг буюу 6% тус тус өссөн нь нөлөөлжээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл хагас жилийн эцсийн байдлаар 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 187.4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 845.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8 их наяд төгрөгийг иргэдийн зээл эзэлжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 138.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 256 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр өсжээ.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1%-ийг эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад 0.5 пунктээр өссөн дүнтэй гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас танилцууллаа.

Баяр, наадмын өдрүүдэд 25 хүний амь нас хохирч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 198 жолоочийг илрүүлж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Энэ намар 3000 гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авна

Засгийн газраас “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталлаа

Засгийн газар 2017 онд “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” хөтөлбөрүүд баталснаас “Жимс, жимсгэнэ хөтөлбөр”-өөр 2022 онд тариалах 12 мянган га-гаас 10 мянгад нь чацаргана, 2 мянган га-д бусад жимс тариална. Энэ онд тариалалтыг 8 мянган га-д хүргэхээс өнөөдрийн байдлаар зорилтот хөтөлбөр 80 гаруй хувьтай байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ. Энэ жил 6.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалахаас 5.5 мянган га-д чацаргана, 500 га-д бусад жимс жимсгэнэ тариална.

Энэ намар 3 мянга гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ. Энэ жил жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх хүрээнд тариалах хүсэлт гаргасан ААН, иргэдэд 10.4 мянган ширхэг чацарганы суулгацыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 3-наас эхэлнэ

Чойбалсан хотод 150 хүүхдийн цэцэрлэг шинээр нээгдэв

2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл VIII сарын 3-ны өдөр эхэлнэ. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn (Сайтад шинэчлэл хийж байгаа тул одоогоор нэвтрэх боломжгүй) системээр VIII сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийгн 23:59 цаг хүртэл хийнэ. Энэ жил орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020.08.15-наас 2020.10.15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг зөвлөж байна. Учир нь цахим бүртгэл нь улсын бүртгэл дээрх бүртгэлтэй хаягийн дагуу цэцэрлэгт хуваарилдаг байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЖДҮ-ийн зээлийн төсөл шалгаруулах эхний шат дуусчээ

ЖДҮ-ийн хөнгөлттэй зээл олгох ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА дуусахад ...

ЖДҮХС-гаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл авах нийт 1579 төслийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус сангийн цахим системд бүртгэгджээ. Ингэснээр ЖДҮ-ийн зээлийн шалгуур хангасан эсэх болон хавсралт материалын иж бүрдлийг шалгах ажил хийгдэж дууссан талаар ХХААХҮЯ мэдээллээ.

ЖДҮХС-гаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 20 хүртэл нийслэлд цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авсан юм.

Санд цахимаар 769 ААН хүсэлтээ ирүүлснээс холбогдох журмын дагуу зээлийн шалгуур хангаагүй 293 ААН, материалын бүрдлийн шалгуур хангаагүй 131 аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шатанд тэнцээгүй байна. Харин зээлийн болон иж бүрдлийн шалгуур хангаж дараагийн шат буюу урьдчилсан судалгааны шатанд 99 тэрбум төгрөгийн зээл хүссэн 345 ААН тэнцжээ. Өнгөрсөн онд зээлийн хүсэлт, баталсан төсвийн харьцаа 10 дахин их байсан бол энэ оны зээлийн хүсэлтийн хэмжээ баталсан төсвийн хэмжээнээс 4.7 дахин их байна.

Хүсэлт ирүүлсэн ААН https://smefund.gov.mn/ холбоосоор нэвтэрч бүртгэгдсэн утасны дугаар болон тусгайлан олгосон зээлийн өргөдлийн дугаар SME кодоор нэвтэрч тэнцээгүй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг чиглэл болгов

ТАНИЛЦ: Гадаад харилцааны сайд Н.Энхтайван

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын/ДТГ/ Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл ДТГ-ын нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахыг чиглэл болгов.

Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан эрхээ урвуулан тамхи, хар тамхи болон бусад хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, худалдаалах зэрэг аливаа хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, консулын болон визийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс гарч буй шүүмжлэлийг бодитоор хүлээн авч, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хувийн ашиг сонирхлоос үргэлж ангид байхыг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ХУДАЛДААНЫ ТӨВД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төв дотор явахдаа олон ...

Байгууллагад:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчих
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны эсвэл нүүрний хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях

• Гараа савандаж угаах

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 18, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг “Цагаан даваа”-нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-ийн “Норд бенз” загварын автомашин онходож их хэмжээний шатахуун асгаран шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид 10 км зам туулан 15:58 цагт очиж 32 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 16 хүн, 3 автомашин, 1 мотоцикл өртсөнөөс нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г /50 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар нас барсан бөгөөд түлэгдэж гэмтсэн 4 иргэнийг тус аймгийн Ихтамир сумын эмнэлэгт 16:15 цагт, мөн 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт 17:50-20:00 цагт тус тус хүргэсэн. Гал түймэрт өртөж түлэгдсэн биеийн байдал маш хүнд 12 иргэнийг Улаанбаатар хотод ГССҮТ-д авч ирэхээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгээр 07.16-ны өдрийн 04:25 цагт Зэвсэг хүчний 303 дугаар ангийн нислэгийн талбайгаас хөөрч 07:15 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буусан. Мөн өдрийн 08:30 цагт У /6 настай, эмэгтэй/ тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан. 10:14 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас хөөрч иргэн А /59 настай, эмэгтэй/, Б/51 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Ц /33 настай, эмэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ Б/29 настай, эрэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/, мөн 07.15-ны өдрийн 14:51 цагт тус аймгийн Цахир сумын Цахир багийн “Солонгот”-ын даваанд осолд орж хүнд гэмтсэн Ө/7 настай, эрэгтэй/ нарыг 12:10 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн. Иргэн А/59 настай, эмэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, мөн Ө/7 настай, эрэгтэй/ тархины хүнд гэмтэлтэй тул мэс засал хийлгэсэн биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, иргэн Ц /33 настай, эмэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр байгаа тул энгийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Б/37 настай, эрэгтэй/ биеийн байдал хэвийн байсан тул гэрт нь гаргасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 18 дугаар гудамжинд иргэн У-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 09:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км зам туулан 09:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн Өгөөмөр хорооллын 23 дугаар гудамжинд иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 11:12 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн “Хархираа” хорооллын 10 дугаар гудамжинд иргэн Д-ийн 4×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 14:36 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн Б-ын 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:13 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Өлгий”-н 7 дугаар гудамжинд и ргэн С-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 17:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 2 дугаар гудамжинд иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:26 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Харгант” багийн “Задгай”-д Иргэн Т-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 23:15 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үер: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт Тус сумын нутгаар 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн “Хөвсгөл-АЗЗА” ХК, Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд 07.16-ны өдөр автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулсан. “Нисэхийн гүүр”-ээс “Дэлгэрмөрөн” гол хүртэл 70 м урт үерийн шуудуу татсан.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн “Согоогын зуслан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Цэнгэл сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ Тус сумын нутгаар 07.14,15-ны өдөр үргэлжилсэн бороо орсны улмаас 40 айлын гэр усанд автаж 10 айлын гэр үерт урссан, цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана унасан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 10 айлыг нүүлгэн шилжүүлж, 100 метр урт шуудуу ухан хуримтлагдсан усыг зайлуулан 50 см өндөр, 600 метр урттай шороон далан босгосон.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.16-ны өдрийн 07:00 цагаас эхлэн Энгэр шанд гэдэг газраас Яармагын гүүр хүртэл 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, С /48 настай, эмэгтэй/, Б /26 настай, эмэгтэй/, Б/20 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, Т/4 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа Бэлтсийн голын усанд 07.15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан, автомашин урсах явцад иргэн Б /26 настай, эмэгтэй/ эсэн мэнд гарч явган явсаар 07.16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 07.17-ны өдрийн 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгон-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тус сумын харьяат иргэн Г/34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 07.17-ны өдрийн 06:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хангилцагийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ Увс аймгийн Улаангом сумын төвөөс Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан 3 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 08:10 цагт очиж шаварт суусан 3 автомашиныг татан гаргасан.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Тогоо булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Тус сумын нутагт оторлож байсан Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат малчин Э-ийн “Мазда бонго” загварын ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаачид 35 км зам туулан 17:10 цагт очиж шаварт суусан автомашиныг татан гаргасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Горькийн” 5 дугаар гудамжинд 1 эрэгтэй хүн 8 метр гүнтэй нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10.5 км зам туулан 21:04 цагт очиж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гарган тус дүүрэг дэхь Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардуулав

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо. Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгс, үзүүрлэсэн Намсрайжавын Батсуурь, их шөвөгт үлдэж Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайхан, шинээр Улсын заан цол хүртсэн Мягмарын Бадарч нарт бай шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Тод сонин”, долоо даван Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайханд “Саруул сайжрах”, зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвад “Үнэн зоригт”, тав даван Улсын начин цолоо баталсан Баярсайханы Орхонбаярт “Өсөх идэр” чимэг тус тус олгосон үнэмлэхийг гардуулж баяр хүргэлээ.

Мөн Зохион байгуулах хорооны шийдвэрээр 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон Улсын харцага Оргихын Хангайд “Өсөх идэр” чимэг олгосон үнэмлэхийг гардуулан чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой тохиож байгаа.

Ойг угтан бэлтгэл ажил хангах хүрээнд Шадар сайд Я.Содбаатар баяр наадам зохион байгуулах хороо болон үндэсний бөхийн салбар хороонд тодорхой үүрэг чиглэл өглөө. Тодруулбал баяр наадмын тухай хуулийг шинэчлэх чиглэл өгсөн юм. Ингэхдээ 1,024 бөх барилдсан тохиолдолд ес давсан бөх Улсын арслан цолтой хэвээр үлдэх үү, аварга цол хүртэх үү зэрэг нарийн асуудлыг тодорхой тусгаж өгөхийг чиглэл болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент 1992 онд байгуулагдсанаас хойш хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулах гол үндэс болсон хуралдааны дэгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар, Улсын Их Хурлын тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай бие даасан хуулиар зохицуулж ирсэн бөгөөд 2007 онд баталсан дэгийн хуульд нийт 27 удаа өөрчлөлт орсон байдаг.

Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, түүнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд 13 жилийн дараа дэгийн хуулиа шинэчилж 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталлаа. Уг хууль нь 14 бүлэг, 125 зүйлтэй.

Шинэчилсэн найруулгаар дараах асуудлыг шийдвэрлэлээ:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар буюу 39 гишүүнээс дээш босготойгоор батлах болсон. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэх бөгөөд хууль эцэслэн батлах хэлэлцүүлгийг бие даасан үе шат болгосон. Түүнчлэн долоо хоног бүрийн Баасан гарагийн 10.00 цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах, шаардлагатай бол хуралдаан даргалагч хуралдааны ирцийг харгалзан бусад өдөр, цагт санал хураалтыг явуулж болох зохицуулалтыг шинээр хуульчилсан;

2.Хууль тогтоомжийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал, төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах зохицуулалтыг тусгасан;

3.Түүнчлэн хуулийн төслийн зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлага, зарчмын зөрүүтэй саналын үндэслэл, шаардлагыг Байнгын хороо санал, дүгнэлтдээ тодорхой тусгадаг байх зохицуулалтыг тусгасан, түүнчлэн хуулийн төслийг хуульд заасан шаардлага хангаагүй болон төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол хууль санаачлагчид нь буцаах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан;

4.Хуулийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар төслийг зүйл бүрээр нь хэлэлцдэг болсон. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх хугацааг нэмэгдүүлсэн;

5.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглавар тодорхойгүй байх нь нийгэмд хүлээлт үүсгэх, ойлгомжгүй байдлыг бүрдүүлдэг тул ээлжит чуулганы нийт хугацаагаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглаврыг гаргаж, түүнийг мөрдүүлэх зохицуулалтыг тусгасан;

6.Хуралдааны дэгээр зохицуулаагүй шинэ харилцаа үүсэхэд хуралдаан тасалдаж, маргаан үүсдэг байсан бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтоох боломжтой болж, парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжийг хангасан;

7.Онц байдал, дайн бүхий дайны байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн;

8.Хууль санаачлагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор хэлэлцүүлгийн бүх үе шатанд хууль санаачлагч, эсхүл түүнийг төлөөлөх гишүүн заавал хуралдаанд оролцох, хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулдаг зохицуулалтыг хуульчилсан;

9.Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь хуралдаанд хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр танилцуулдаг байх, мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх журмыг нарийвчлан зохицуулж, хуульчилcан;

10.Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлын дарааллыг өөрчлөх бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа гишүүд бичгээр өгсөн бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байхаар зохицууллаа.