Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнийг түр хааж шугам хоолойн ажил хийгдэж байна

Тасганы овооны уулзварыг түр хаажээ

Баянгол дүүргийн нутаг Хувьсгалчдын гудамж Эх нялхасын зүүн талаар тeлeвизээс Тасганы овооны уулзвар чиглэлийн төв авто замыг энэ сарын 18-19-ны өдрүүдэд түр хааж шугам хоолой солих ажил хийгдэж байна. Иймд Эх нялхасын баруун талаар өгсөөд хойд талаар нь Зурагтын эцэс рүү явах хөдөлгөөнийг зорчуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

110348001_1166544320390404_4002002108862310543_n.jpg

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан “Ажлын хэсэг” Төв аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт ОБЕГ,МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж, цартахалаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулж байгаа юм. Мөн цартахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг шалган, аймгийн шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцан, заавар зөвлөмж өгөн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Паулын гудамжны хөвгүүд”-ийн тухай товчхон

Бага насны хөвгүүдийн үнэнч хийгээд чин шударгуу үерхэл нөхөрлөлийн тухай гайхам сайхан, бас багахан уйтай түүхийг өгүүлсэн нэгэн ном хэвлэгдэн гараад удаагүй байна. Унгарын зохиолч Ференц Молнарын “Паулын гудамжны хөвгүүд” хэмээх багагүй алдартай бүтээлийг Л.Энхтуул монгол хэлнээ орчуулан гаргажээ. Уг номд XIX зууны сүүл үеийн Будапештийн сургуулийн сурагч хөвгүүдийн амьдрал ахуй, зан араншин, нийгмийн байдал зэргийг тун бодитойгоор дүрслэн үзүүлсэн хэмээн утга зохиол судлаачид дүгнэдэг аж. Тийм ч учраас энэ ном зөвхөн Унгартаа төдийгүй дэлхийн олон оронд орчуулагдан гарчээ. Номын үйл явдал энгийн л нэг мэт авч эрхгүй хөтлөн явсаар амсхийх завгүй уншаад дуусдагт л энэхүү бүтээлийн нууц оршино. Товчхондоо өсвөр бага насны хөвгүүдийн хоёр өөр бүлэг өөрсдийн тоглох тоглоомын талбайгаа авч үлдэхийн тулд хэрхэн тэмцэл өрнүүлж байгаа тухай уг номонд өгүүлнэ. Гранд хэмээх нэртэй газар нь хөвгүүдийн тоглох дуртай, нэг ёсондоо тэдний эзэмшил газар. Харин эндэхийг ахмад болон дэслэгч нар захирна. Өсвөр насны хөвгүүд өөрсдийн дундаас ахмадаа сонгож, байгуулсан гавьяа зэргээс шалтгаалан цэргийн зэрэг дэв ахих билээ. Харин Грандын ахмад дэслэгч нар ганцхан цэргийг захиран үүрэг даалгавар өгөх бөгөөд тэрхүү цэрэг эр нь уг зохиолын гол баатар шаргал үст, бяцхан Немечек буюу. Тэд яг л жинхэнэ цэргүүд мэт зохион байгуулалттай. Грандын хил хязгаар дотор байхдаа хэд ч тааралдсан заавал ёсолно. Харин бяцхан Немечек байнгын бэлэн байдалд байх ёстой. Нэгэн өдөр Паулын гудамжны хөвгүүдийн цайз болох Грандад эсрэг бүлгийн ахлагч болох Фери Аш ирснээр өмнө өгүүлсэн салж эс чадах үйл явдал өрнөдөг. Өөрсдийн эзэмшилд “харийн этгээд” ирсэн нь хөвгүүдийг зоримог алхам хийхэд хүргэх бөгөөд ахмад Бока цэрэг Немечекийн хамтаар эсрэг талынхаа эзэмшил тоглоомын талбай руу алдсан тугаа эргүүлэн авах, мөн “Бид ч бас та нарын эзэмшил талбайд байсан” гэсэн хариу барихаар явна. Энэхүү тагнуулын ажиллагаа нь их сүртэй, сэтгэл догдлуулан өрнөнө. Тагнуулын ажиллагаа явагдаж байхад цэрэг Немечек санамсаргүй хүйтэн усанд унасан нь түүнийг хатгалгаа авахад хүргэнэ. Номын төгсгөл хэсэгт болох хоёр бүлгийн “байлдааны” үеэр цэрэг Немечек эцсийн удаа бүлэгтээ өөрийн цэргүүддээ асар том тусыг хүргэх болно. Бас Паулын гудамжны хөвгүүдийн дундаас эсрэг бүлэг рүү урвасан урвагч ч гарах бөгөөд энэхүү нууцыг тагнуулд явсан ахмад Бока болон цэрэг Немечек нар л мэднэ. Гэсэн хэдий ч тэд харсан нууцаа хэнд ч хэлэхгүй. Ер нь уг номд болж байгаа үйл явдал нь хэдийгээр бага насны хөвгүүдийн хооронд болж байгаа боловч нээрээ жинхэнэ ахмад ийм байдаг байх даа, жинхэнэ тулалдаан нэг иймэрхүү байх болов уу гэсэн бодол төрүүлэхээр. Тулалдаан Грандад өрнөх бөгөөд эсрэг бүлэг болох “Улаан цамцтанууд” довтлон ирнэ. Харин Грандыг ахмадын уран нарийн тактикаар ямартаа ч хамгаалан гарах хэдий ч цорын ганц цэрэг болох Немечек өмнө хэлсэн хүйтэн усанд унаж хатгалгаа авснаасаа болж хөвгүүдээ, найз нараа үүрд орхин оддог. Немечекийн эцэг оёдолчин бөгөөд ядуугийн эрхэнд хүүгээ хүнд өвчинд идүүлэн үхлийн ирмэг дээр байхад ч асарч чадахгүй байгааг энэ номонд зүрх шимширтэл дүрслэн гаргасан байх юм. Өнөөдрийг хүртэл анхны үнэ цэнээ огтхон алдаагүйгээр үл барам дахин дахин хэвлэгдэн гардаг энэхүү номыг орчуулсан Л.Энхтуулд дахин талархууштай. Уншигч та энэхүү бүтээлийг заавал уншаарай. Мөн өсвөр насны гэлтгүй хүүхдүүддээ ч мөн адил заавал уншуулаарай гэж хэлэх байна.

Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ нийгэм

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцыг сонсож, холбогдох газруудад үүрэг даалгавар өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлд хийгдэж буй тохижилт, авто зам, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг холбогдох албаныхнаас сонслоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлын танилцуулгыг УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм хийв. Тэрбээр “Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 24000м2 эвдрэл бүхий явган замын судалгаа гарган шинэчлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/471 дугаар захирамжийн дагуу Хотын ерөнхий менежерийн А/131 дүгээр тушаалаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 18 байршлын 10290м2 талбайд хийгдэх 12 багц ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан ажлыг эхлүүлсэн. Эхний хагас жилийн байдлаар таван байршилд 55м2 явган замыг засварлалаа. Мөн нийслэлийн хэмжээнд 22 байршилд сагсанбөмбөг, хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажил хийгдэж байна” гээд энэ онд Улаанбаатар хотод хийгдэж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлуудын талаарх товч мэдээллийг хүргээд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэний дараа арчлалтын асуудал тулгардаг. Энэ талд цаашид анхаарч шийдвэр гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн юм.

Хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ “Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон бороо болон Ковид19-той холбоотой цемент дутагдалтай байгаагаас шалтгаалан зарим барилгын ажлууд удаашралтай байна. Ялангуяа тохижилтын ажлуудад саатаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраар 514 ажил хэрэгжиж байна. Нийт ажлын явц 59 хувьтай байгаа. Үүнээс он дамжсан 270 ажил, шинээр хийгдэж 244 ажил байна” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа “Худалдан авах ажиллагааны газарт өнөөдрийн байдлаар 207 ажил эрх шилжиж ирсэн. Үүнээс тендер зарласан 29, үнэлгээ хийгдэж байгаа 25, зураг төсөв, ажлын даалгавар байхгүй 17, гэрээ хийгдсэн 98 ажил байна. Мөн гэрээ байгуулах эрх олгосон 24, тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 10, газрын асуудал шийдвэрлэгдээгүй 4 ажил байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хүн болгоны татварын мөнгөөр хийгдэж байгаа энэ бүтээн байгуулалтын ажлууд ямар нэгэн шалтгаанаар удааширч болохгүй. Бид хотын өмч хөрөнгө бүрийг хайрлаж, хамгаалах ёстой. Иргэдтэйгээ хамт хяналтаа тавьж ажиллана. Бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөртэй холбоотой бүх ажлуудын талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой. Иргэд хяналтаа тавьдаг, оролцоогоо нэмэгдүүлдэг, цаашид арчилгаа тордолгоонд хамтарч оролцдог байх нь зүйтэй. Урин дулааны энэ үед бүтээн байгуулалтын ажил зогсож болохгүй. Холбогдох байгууллагууд чиглэл чиглэлдээ ажлаа сайн хий. Хаанаас хэнээс болж ажил гацаж байгааг олон нийтэд нээлттэй мэдээлж, газар дээр нь явж ажиллана” хэмээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Одгарьд: Жилийн заслаа хэзээ ч хийлгэж болно

Гандантэгчэнлин хийд цагийн хуваарийнхаа дагуу ажиллаж эхэллээ. Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас зарим зүйлийг тодруулсан юм.


-Жилийнхээ засал номыг заавал хаврын эхэн сарын шинийн наймны дотор хийх ёстой юу. Эсвэл засал номоо хэдийд ч хийлгэх боломжтой юу?

-Хэзээ ч хийлгэж болно. Гандантэгчэнлин хийд долдугаар сарын 04-нөөс эхлээд зургаан хоног хурал номоо хуруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Амралт наадмаас өмнө хурал номын үйл ажиллагаанд оролцуулах боломжийг бүрдүүлэхээр бид тусгай хөтөлбөр гаргаж байгаа. Энэ зургаан өдөр лам хуваргууд 09:00-17:00 цагийн хооронд засал ном хурна.Монголчуудын нийтээрээ амардаг улсын их баяр наадам таарч байгаа учраас ийн өмнөх өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Аль ч цаг үед засал номоо хийлгэж болно. Нар буцсанаас хойш эсвэл ес эхлэхээр засал, зан үйлээ хийлгэдэг. Мөн жилээ угтаад хийлгэдэг уламжлал ч бий. Тодруулбал, Монголын хойд хэсгээр нутагладаг Халимаг, Тува тэргүүтэй Ойрад монголчууд зулын 25-наас хойш хаврын эхэн сарын шинийн нэгнийг хүртэл засал зан үйлээ хийлгэдэг.

-Цагаан сарын дараа хийлгэх ёстой гэж үздэг нь ямар учиртай юм бол?

-Бурхан багш хувилгаан үзүүлсэн 15 хоногтоо ном сургаалаа ихээр айлдсан гэж үздэг учраас Цагаан сарын шинийн нэгнээс 15-ны хооронд засал хийлгэдэг уламжлалтай юм. Үүний дараа зуны дэлгэр цагт жасаа хурлаа хуруулдаг уламжлал ч бий. Мөн айраг цагаа, өвс ногоо дэлгэрсэн намрын эхэн сард жасаа хурлаа хуруулдаг . Ийм дэлгэр цаг үе эхэлж буй учраас засал зан үйлээ хийлгэж болно. Цаашид Гандантэгчэнлин хийд уламжлалынхаа дагуу хурал номоо тасралтгүй хурна.

-Зун болон намар нийтийг хамарсан ямар нэгэн ёслол үйлдэл, арга хэмжээ зохион байгуулах уу?

-Гандантэгчэнлин хийд хүрээ Майдараа эргээгүй. Одоо эргэнэ. Мөн зуны улиралд Бурхан багшийн ном айлдсан зуны адаг сарын шинийн дөрөвний өдөр Бурхан багшийн Чогоо хурдаг. Дараагийн хоёр өдөр нь Ганжуур, Жамбын Чого тэргүүтэй Майдар бурхны зан үйлийг хурал болно. Мөн зуны хайлан хурал 45 хоногийн турш Гандантэгчэнлин хийдэд явагдана. Маргааш (өнөөдөр) Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багшийн мэндэлсэн өдөр тохиож буй учир хурал ном хурна.

-Гандантэгчинлэн хийдэд засал номоос гадна, бясалгал болдог гэл үү?

-Одоо бясалгалын хөтөлбөрийг гаргаагүй байгаа. Бодь сэтгэлийн бясалгалыг Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд хөтөлдөг юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гандантэгчэнлин хийдийн пэйж хуудаснаас авч болно.

П.Сайнжаргал

Categories
мэдээ нийгэм

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ТАСЛАН ЗОГСООЛОО

Тагнуулын байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу 2020.07.10-ны өдөр Гашуун Сухайт боомтоор Монгол Улсын иргэн Б мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ. Тэрээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Индра: Зам засварын ажлыг хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн их ус тогтож байгаа газраас эхэлж хийдэг

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индратай ярилцлаа.


-Энэ зун хийгдэх зам засварын ажлуудын талаар мэдээлэл авч болох уу?

-Энэ жил нийтдээ авто замын үйлчилгээний газар дээр Улаанбаатар хотын авто замын засварын ажил, арчлалтын ажлууд бол ерөнхийдөө хийгдээд явж байгаа. Одоогийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байгаа. Нөхөөс, заадас, тэмдэг, тэмдэглэгээ гэх зэрэг бусад арчлалтын ажлууд ерөнхийдөө үе шаттай хийгдээд явж байна. Гол нь бидэнд хүндрэлтэй асуудал юу байна вэ гэвэл арчлалтын ажил хийхэд усархаг бороо өдөр дараалан орж байгаа учраас энэ нь технологийн горим алдагдуулж, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй зардал болгохгүйн тулд бид яалт ч үгүй нүхэн эвдрэлүүдийг хатааж, чийгийг нь гаргаж байж хөрөнгө тавин, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгээд явж байна. Өдөр тутам орж байгаа бороонд авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангах үүднээс ямар ч байсан гар хумхиж суугаагүй. Томоохон хэмжээний нүхэн эвдрэлүүдийг бид дайрга, хайргаар дүүргээд хөдөлгөөний эрчмийг тасалдуулалгүй, хэвийн явуулах үүднээс 24 цагийн хоёр ээлжээр манай инженерүүд ажиллаж байна. -Ямар ямар томоохон ажлууд төлөвлөгдсөн байгаа вэ?

-Энэ жил төлөвлөсөн ажлуудаас Тасганы овоог сая хийгээд хөдөлгөөнөө нээчихлээ. Шинэчлэлтийн ажлын хүрээнд. ТЭЦ4 дээр маш их өргөдөл гомдол ирдэг байсан бол мөн ТЭЦ4-ийн замыг бид шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд явж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт нөхөөс, тэмдэг тэмдэглэгээний ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Засвар шинэчлэлтийн ажлын хувьд бол энэ. Шинээр зам тавьж байгаа тухайд бид түлхүү гэр хороолол руу зам тавьж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар хотын төвийн замууд бол хангалттай сүлжээ бий болчихсон байгаа учраас бид бүхэн дандаа гэр хороолол руу түлхүү зам тавьж байгаа. Улаанбаатар хотын төвийн зам дээр бид ямар авто замууд тавьж байна вэ гэвэл нэгдүгээрт түгжрэлийн бууруулахын тулд, хоёрдугаарт орон сууц гэр хорооллыг ийм локерын системд оруулахын тулд холбоос замуудыг хийх төсөл гаргаад явж байгаа. Үүн дээр бид бүхэн хашаагаа кадастраасаа хэтрүүлж байрьсан, орц гарцыг хаасан, хууль зөрчсөн ААН-үүдийн албадан буулгалтуудыг хийж, холбоос замуудыг хийх төсөл арга хэмжээг аваад явж байгаа. Ерөнхийдөө бидэнд энэ бороо, устай холбоотой иргэдээс, ХМХ-ээс сошиал медиагаар ус зайлуулах шугам сүлжээ, хоолойтой хийдэггүй юм уу гэсэн асуулт нэлээд их ирдэг. Бид бол үүнийг зураг төсөлдөө тусгахдаа сүүлийн жилүүдэд хийж байгаа бүх авто замууд бол ус зайлуулах шугам сүлжээ хоолойтой нь иж бүрдлээр нь зохицуулж шийдэж байгаа. Гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн замтай хэсэг нь дугуйн замтай гээд, борооны ус зайлуулах шугам сүлжээ, төвийнхтэй холбогдож байгаа бол төвийнхтэй нь холбоод хийгээд явж байгаа.

-Зам, зам засварын ажлыг хийхдээ ус зайлуулах шугам сүлжээний тал дээр дутуу хийгдлээ гэсэн асуудал яригддаг. Энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Ерөнхийдөө гэр хороолол руу тавьж байгаа авто замууд болохоор тэр болгон борооны ус зайлуулах, төвийн шугам тэнд байхгүй учраас бид авто замыг гадаргуугаар нь усаа зайлаад хажуугаар нь үерийн жалга суваг руу зайлахуйц нөхцөлөөр хийгээд явж байгаа. Үүн дээр ганц үүсч байгаа хүндрэлтэй нөхцөл байдал нь авто зам маань өөрөө гадаргуугаараа усаа зайлаад жалга суваг руу орох ёстой байтал одоо айл өрх, зарим нэг ААН-үүд дүрэм журмаа зөрчиж, тэнд жалга дээр шороогоо буулгаад, барилгын сууриа хийж буулгаад дээр нь нягтаршуулаад гэр, үйлчилгээний төвүүдийг барих жишээний. Ийм хууль зөрчсөн асуудал байгаа. Үүн дээр хотын даргатай хамтран бид бүхэн газар дээр нь очиж ажиллаад, хоёр өдөр холбогдох байгууллагуудтай нь албадан буулгах ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнтэй холбоотойгоор засаг даргын захирамж гарна. Энэ дээр ажлын хэсэг байгуулагдаад, буруутай этгээдүүдийг бид албадан буулгаад, тэр буруутай этгээдээс үүссэн авто замын эвдрэл гэмтлийг бол тэр этгээдийг олж тогтоож байгаад нөхөн төлбөрийг тэндээс гаргана гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгвэл хотын төв гэлтгүй ус ихтэй бороо орохоор л усаар дүүрчихдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Төвийн Улаанбаатар хотын орон сууц хорооллын доторх замууд бол нэлээд их усаар дүүрсэн байгаа. Энэ дээр бас яалт ч үгүй гуч, дөчин жил болчихсон замууд, хорь гучин жил болчихсон замууд байна. Энэ замууд маань тухайн үед төлөвлөхдөө төвийн бүсүүдээр ингэж их орон сууц барилга баригдана гэдгийг төлөвлөж тооцогдоогүй хийсэн тул энд ямар ч ус зайлуулах шугам сүлжээгүй газрууд байна. Зарим байгаа нь болохоор хүчин чадал нь хүрэхгүй, лаг шавраар дүүрчихсэн гэх мэт ийм хүндрэлтэй асуудлууд байгаа. Үүнд бидэнд байгаа замын сангийн хөрөнгө маань өөрөө хаанаа ч хүрдэггүй маш бага байдаг. Тэгээд энэ байгаа батлагдсан хөрөнгөө бид эрэмбэлж байгаа. Эрэмбэлээд хамгийн их хөдөлгөөний эрчимтэй газар хаана байна, хамгийн их ус тогтож байгаа газар хаана байна. Энэ батлагдсан төсвөө эхний ээлжинд эрэмбэлж байгаад хамгийн их ус тогтож байгаа газрууддаа л бид шүүрт худгуудыг нэмэх, хоолой нэмж, өргөтгөх барих гэх мэт төсөл арга хэмжээнүүдийг хийгээд явж байгаа. Ер нь бол бид өмнө нь замын хураамжийн асуудлыг ярьж байсан. Хэрвээ хураамжуудыг нэмэгдүүлэх юм бол бид саяны ус, борооны асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа хийгээд гаргаад ирэхээр нөгөө төсөв хөрөнгөндөө баригдаад энэ асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа үе бий.

-Хэр хэмжээний төсвөөр энэ жил зам засварын ажлууд хийгдэж байгаа вэ?

-Зам засварын ажлуудын хувьд бол замийн сангийн хөрөнгө маань өөрөө маш олон задаргаатай байдаг. Автобусны буудал, рамп унах, тэмдэг тэмдэглэгээ, нөхөөс, заадсууд, гэрэл дохио арчлалтын ажлууд, шилэн кабель гэх мэт энэ олон ажлууд ингээд тал тал тийшээ хуваагдчихдаг учраас яг аль нь вэ гэдгийг би хэлээд өгч болж байна. Ерөнхийдөө замын сан бол авто замын тухай хуулиараа 35 тэрбумаас доош батлахыг хориглосон байдаг. Тэгээд 35 тэрбум чинь өөрөө байгаад байгаад сургууль орчмын аюулгүй байдал, саяны ярьдаг орц гарцны асуудал байна, рамп унах асуудал, нөхөөс, заадас, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага, гэрэл дохионы арчлалтын ажлууд гэх мэтчилэн маш олон төсөл ажлууд байна.

-Энэ жил гэр хорооллын аль хэсгүүдэд зам тавьж байгаа вэ?

-Одоо жишээ нь Баянхошуунд гурван километр авто замууд байж байна. Иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байсан Санзайн далайн давлагаа шиг болчихсон, бүтэц эвдрэлд орчихсон байсан замууд, Дарь Эхийн маш их эвдрэлтэй зам байж байна. Дарь-Эхийн замыг бол бид бүхэн бүтнээр нь шинэчлэхээр өнөө маргаашгүй ажил нь эхлэх гээд явж байна. Улаанбаатар хотын зүүн баруун бүсийн авто замын сүлжээг үргэлжлүүлж хийх авто замын мастер төлөвлөгөөтэй уялдуулсан ийм замуудаа хийх ажлууд бас төсөл арга хэмжээ явж байна. Ерөнхийдөө улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгө, гадны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа гээд орон нутгийн хөгжлийн сантай нийлээд таван эх үүсвэрээр нийтдээ энэ 2020 оны төсөл арга хэмжээнүүд явж байгаа. Тэгээд он дамнасан ажлууд мөн явагдаж байна. Гацаж байгаа хүндрэлтэй асуудлууд нь бол бид нарт гэр хороололд зам тавихад газар чөлөөлөлтийн асуудал нэлээд төвөгтэй байна. Газрын албатай хамтраад энэ газрын чөлөөлөлтийн асуудлыг бид шийдэх гээд газрын алба очдог боловч нөгөө нийслэлийн төсөв маань бага учраас газрын алба газар чөлөөлөх төсөв хөрөнгө нь бас хүрдэггүй. Үүн дээр бас барилгын ажил саатаж байгаа тохиолдлууд бий. Зарим айл өрхүүд бол зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буучихсан. Тэгээд зөвшөөрөл байхгүй учраас албадан буулгалт хийе гэхээр төвөгтэй хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Төр төмөр нүүртэй гэдгийн адил хуулийн дагуу хот нийслэл дүрэм журамтай. Ямар нэгэн дүүрэг нийслэлэээсээ зөвшөөрөл аваагүй тохиолдолд бид бүхэн албадан буулгалт хийгээд очих гэхээр экскаваторынх нь дугуйн доор ороод хэвтчихдэг. Эсвэл шанаган дээр нь очоод суучихдаг. Иймэрхүү бүтээн байгуулалтын ажил бас хэсэг бүлэг иргэнээс болоод жаахан удаашралтай байгаа.

-Зам хаах хуваариудыг тодорхой ярих боломжтой юу?

-Ер нь бид энэ шинээр хийгдэж байгаа болон, шинэчилж байгаа замуудыг аль болох хаахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Аль болох хөдөлгөөнийг эсрэг урсгалд нь шилжүүүлэх, эсвэл засварын ажлууд хийгдэж байгаа тохиолдолд орой хөдөлгөөний эрчим байхгүй буюу иргэд амарсан үед 23 цагаас өглөөний зургаан цаг хүртэл хийж гүйцэтгээд явж байна. Хаах шаардлагатай замууд байвал бид мэдээллээ долоо хоногийн өмнө мэдээлээд явна.

-Саяхан Чингисийн талбайн урд талын усан оргилууртай холбоотойгоор зам дээр ус тогтлоо гэж яригдаад байсан. Энэ тал дээр та тайлбар хэлэхгүй юу?

-Тийм, усан оргилуурын асуудал болохоор хот тохижилт буюу захирагчийн ажлын албаны хариуцсан асуудал болохоор шугам сүлжээний асуудал нь манайд хамааралгүй.

-Зам дээр ус тогтсон асуудал нь?

-За ер нь энэ ус тогтсон хэсгүүд зөвхөн энэ Сүхбаатарын талбай гэлтгүй бусад зургаан дүүргүүдийн гол болон туслах замууд дээр үүссэн, ус их хуримтлагдсан газрууд дээр бид ГУББГ-тай хамтран усыг соруулах, зайлуулах, шүүрт худгуудын лаг шавруудыг буудаж цэвэрлэх ажлыг бол хийгээд явж байна. Би түрүүний хэлдгээр Улаанбаатар хот маань өөрөө хотгор газар байрлаж байгаа. Гэр хорооллын бүс маань өөрөө өндөрлөг газар байдаг. Тэгэхээр тэр өндөрлөг газар хийж байгаа авто замуудаа бидний нөгөө үерийн жалгаар урсаж, дамжаад гарах ус маань нөгөө хэсэг бүлэг айл өрх иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болоод өндөрлөгөөс ирж буй, лаг шавраар дүүрчихсэн хог шороотой ус маань төвийн шугамуудыг бөглөж тагласан асуудлууд бас байгаа. Өнөөдөр бороо ороод бид буудаад цэвэрлэчихсэн байлаа гэхэд маргааш нь дахиад бороо орчихно. Би бас өмнө нь хэвлэл мэдээллээр ингээд яриа өгөөд байхад үндсэндээ иргэд маань зарим нь ойлгохгүй байх шиг байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүс байгаа учраас ойлгохгүй байж магадгүй. Гадаргуугийн усаа зайлна гэдэг маань үндсэндээ тэр авто зам дээр ирж байгаа авто зам маань өөрөө үндсэндээ бол үерийн ус зайлуулах зориулалттай бол биш. Үндсэндээ бол гадаргуу дээр ирсэн борооны усыг зайлуулах шүүрт худгууд чинь тийм л үүрэгтэй. Гэтэл саяны тэр үерийн жалга сувгийг хааж бөглөсөн буруутай ААН-ээс болоод авто зам руу маань үерийн ус өөрөө орж ирэхээр шүүрт худгууд маань угаасаа тэр хүчин чадлаа дийлэхгүй ийм асуудлууд бол байгаа. Үүнийг бас зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Бид шинээр зураг төсөл гаргахдаа дандаа иж бүрдлээр нь цогцоор нь хийгээд явж байгаа.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 дайчнаас коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “2020 оны VII сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн дайчид.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 287 боллоо. Эмчилгээнд 78 хүн байна. ХӨСҮТ-д 140 хүн эмчилгээ, тандалтад байна. 2020 оны долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 182 хүний сорьцоос коронавирус илрээгүй. Эх орон руугаа буцаж байгаа БНХАУ-ын 240 иргэнээс илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочоос илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүнээс илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн 9 сорьцоос илрээгүй. /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгсэн эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс сорьцийг сонгон авсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан, Да.Ганболдод 4 жил, Ариунсан, Бадралд 1.6 жил, Баярцогтод 10 жил хорих ял оноох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт хорих ял оноолоо.

Шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ял тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар оноов.

Харин Шүүгдэгч Б.Бадралд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял оноожээ.

Шүүгдэгч Б.Бямбасайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял эдлүүлэхээр боллоо.

Шүүгдэгч Д.Ганболдод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял оноосон байна.

Шүүгдэгч Б.Ариунсанд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял тус тус шийтгэлээ. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгджээ

\

Улаанбаатар хотод өнгөрсөн зургаадугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд энэхүү халдвараар өвчилсөн хүний тоо 295 болжээ.

Энэ оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгчид 17 мянга болж, өмнөх оны мөн үеэс 5,798 (25.4%)-аар буурсан байна. Ийнхүү буурахад

  • салхин цэцгээр өвчлөгчид 5,071 (74.4%)-ээр
  • цусан суулгаар өвчлөгчид 1,209 (52.8%)-өөр
  • гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 729 (75.1%)-өөр БУУРСАН нь голлон нөлөөлжээ.

Харин

  • мөөгөнцрөөр өвчлөгчид 995 (2.3 дахин)-аар
  • тэмбүүгээр өвчлөгчид 744 (24.5%)-өөр
  • трихомониазаар өвчлөгчид 297 (13.7%)-оор
  • гонококкт халдвараар өвчлөгчид 19 (0.7 %)-өөр
  • ХДХВ/ДОХ-оор өвчлөгчид 3 (50.0%)-аар НЭМЭГДСЭН байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны зургаадугаар сарын байдлаар

  • бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,130 болж, өмнөх сараас 261 (13.8%)-ээр
  • цусаар дамжих халдварын тохиолдол 19 болж, 7 (26.9%)-оор тус тус буурсан бол
  • гэдэсний халдварт өвчин 322 болж, 102 (46.4%)-оор
  • амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 424
  • болж, 19 (4.7%)-өөр тус тус нэмэгдсэн байна.