Categories
мэдээ нийгэм

Ч.Содномцэрэн:​ Хяналтын тооллого хийхэд 71,3 сая төгрөгийн зарлага гарсан


СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

Сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар зарим нам эвсэл, нэр дэвшигчдын зүгээс Монгол Улсын ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллого явуулсан. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд хяналтын тооллого зохион байгууллаа. Гомдол гаргасан нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зургаан тойрог Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн таван тойрогт, нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллого хийхэд 2447 албан хаагч, нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналаа. Нийтдээ 71,3 сая төгрөгийн зарлага гарсан.

Тооллогыг цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад хийсэн. Ийнхүү тооллого хийхэд машины дүн саналын хуудсын тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. Хяналтын тооллогод байлцсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ингээд 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ

Categories
мэдээ нийгэм

​Туул голд хоёр хүн живж амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу, аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн байна. Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

10.00 цагт Төрийн ордонд УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн үнэмлэх гардуулах ёслол болно.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин зам тээвэр, иргэний нисэхийн 24 ажилтныг түрээсийн орон сууцанд оруулах батламж гардуулна.

11.30 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өөрийн байрандаа Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлнэ. Утас: 98116663, 99287297

12.00 Улсын драмын эрдмийн тeатрт эрүүл мэндийн салбарын 400 ажилтныг орон сууцанд оруулах батламж гардуулна. Утас: 99179899

12.00 цагт ХҮН-ын байранд “Зөв хүн-Электорат” эвслээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд төрийн болон ТББ-ууд Монгол Улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэх Үндэсний сүлжээ байгуулах баримт бичигт гарын үсэг зурна.

15.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр судалгаан”-ы тайланг холбогдох албанынханд хүлээлгэн өгнө. Утас: 91919617

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Дотоодынхоо хэрэгцээг бүрэн дүүрэн чанартай бүтээгдэхүүнээр хангахад чиглэсэн тариалалтын жил боллоо

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалсан тариалалтын ажил хэрхэн болж өнгөрөв. Төлөвлөсөн норм хэмжээндээ хүрч ургацаа авах уу?

-2020 оны тариалалтын ажил шувтарч байна. Энэ жил их онцлогтой. Атар-4 газар тариалангийн тогтвортой хөгжмийн аяныг өрнүүлж байгаа гарааны жил. Тариаланчид атар газар эзэмшсэний Атар-3 аяныг хэрэгжүүлсэн үйл явц үр дүнгээсээ сургамж авч Атар 4 аяны гарааг амжилттай хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Энэ жил төлөвлөсөн хэмжээндээ бүрэн хүргэж тариаллаа. Үр тариа түүний дотроос улаан буудайн тариалалт төлөвлөсөн хэмжээнээс давж биелэгдлээ. Төмс хүнсний ногооны тариалалт ч нэмэгдсэн. Төлөвлөсний дагуу хаврын тариалалтыг 15-20 хувь нэмэгдүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалтын улмаас ихэнх улс орон хилийн хорио тогтоож, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа үед энэ жилийн тариалалтыг нэмэгдүүлж, төлөвлөсөн хэмжээндээ хүрч үр дүнтэй ажиллалаа. Цар тахлын энэ үед хүнсээ бэлдэх нь иргэн бүрийн журамт үүрэг болж байна.

хүн амыг гурил, гурилан бүтээгдэхүүнээр хангах эх үүсвэр болсон улаан буудайн тариалалт ч нэлээд нэмэгдлээ. үүнээс Увс аймаг тариалалтын хэмжээ 70 гаруй хувиар, Дорнод, хэнтий, Орхон, Дархан-Уул аймгууд тариалалтаа нэмэгдүүлж чадлаа. Сэлэнгэ аймаг үр тарианыхаа тариалалтыг 10 орчим хувиар нэмэгдүүлсэн ололттой байна.

-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уу?

-энэ жилийн тариалалтыг харахад шинэ ургацтай залгатал иргэдийг гурил, гурилан бүтээгдэхүүнээр хангах нөөц бололцоо хангалттай байна. Өнөөдөр гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16 мянган тонн гурил, 38 мянган тонн гурил хийхэд хүрэлцэхүйц хэмжээний улаан буудайн нөөц бий. энэ жилийн тариалсан талбайгаасаа төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан авч чадвал ирэх жилийн шинэ ургацтай залгах хүртэл хүн амыг гурилаар хангахад ямар нэгэн эрсдэл гарахгүй. Түүнчлэн тариалалт нэмэгдсэн учраас үүнийг дагаж олон ажил зохион байгуулах шаардлага үүсч байна.

Тариалсан тариагаа хамгаалах, хаших, ургацаа нэмэгдүүлэх, газрынхаа үршил шимийг сайжруулах, ургамал хамгааллынхаа бодисыг оновчтой зөв ашиглах, бордох зэрэг олон ажил хүлээж байна. үүнтэй зэрэгцэж намрын ургацыг хураан авахаар яам салбарын хэмжээнд өргөн хүрээтэй ажлаа төлөвлөн орлоо. Ялангуяа тариалалт нэмэгдэж байгаатай холбоотой ургац хураахад ажиллах хүн хүчний хэрэгцээ шаардлага нэмэгдлээ.

Тариаланч ногоочдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ургац хураан авахад ажиллах хүчний асуудалд онцгой анхаарч байна. Тиймээс хААиС, Батлан хамгаалах хууль сахиулахын дээд сургууль болон нийт оюутнуудыг намрын ургац хураалтад ажиллуулдаг хуучны уламжлал хөдөлмөрийнхөө дадлага туршлагыг энэ жил зохион байгуулалттайгаар ашиглах хэрэгцээ шаардлага гарлаа. Мөн хураан авсан ургацыг хадгалах, түүнийг борлуулах ажлыг маш нарийн хуваарь зохицуулалттай хийх хэрэгцээ шаардлага ч үүслээ. Манай улсад улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг авсан гадаад дотоодын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрт хамрагдсан хүнсний болон мах ногооны агуулахын багтаамж 250 гаруй тонноор хэмжигдэж байгаа. Өмнөх жилийн судалгаанаас үзэхэд манайд агуулах савны хангалт туйлын хангалтгүй байсан. 20-30 хувийн л хангалттай байдаг. ийм учраас энэ жил яамнаас зохион байгуулж агуулах савны улсын үзлэгийг эхлүүллээ. энэ хүрээнд агуулах савныхаа бэлэн байдлыг хангах цаашид хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, ургуулсан ургацыг хуваарьтайгаар хадгалах, борлуулах ажлыг одооноос эхлэн зохион байгуулж байгаа.

-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадвал экспортлох боломж бий юү?

-Хураан авсан ургацаараа дотоодын хэрэгцээгээ хангаад тодорхой хэмжээний нөөц гарсан тохиолдолд экспортод гаргах асуудлыг бид одооноос судалж, яриа хэлцэл хийж байна. Энэ жилийн хувьд төмсний хэрэгцээгээгээ давуулан биелүүлэх боломж бүрдлээ. Улаан буудайгаар дотоодын хэмжээгээ бүрэн хангаад нөөцөө бүрдүүлчихвэл гурил, гурилан бүтээгдэхүүн экспортод гаргах боломжтой болно гэж үзэж байгаа.

энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалж дэлхийн улс орнууд газар тариалан ялангуяа мал аж ахуй хүнсээ өөрсдөө хангах чиглэлд бодлогын томоохон шинэчлэлт өөрчлөлт хийж байна.

энэ цаг үед бид идэвх зүтгэлтэй ажиллалаа. жилийн тариалалтыг дүгнэж хэлбэл ард иргэдийн хэрэгцээг бүрэн дүүрэн чанартай бүтээгдэхүүнээр хангахад чиглэсэн тариалалтын жил боллоо.

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрэл үүсч байна уу?

-Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийсэн. үүнээс үр тариа 375.1 мянган га-д, үүнээс улаанбуудай 358.3 мянган га-д, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8 мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д тус тус тариалсан. Улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117.0 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус давж биелсэн, цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцож байна. Тариалалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар ахиу тариалагдаад байна.

-Уринш хэр бэлтгэсэн бэ?

-энэ жил 372.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдсэн байгаа.

Categories
мэдээ цаг-үе

М.Болдсайхан: Тусгаарлах байранд байгаа хоёр сурагчаас хэрхэн шалгалт авахыг УОК-той хамтран шийдвэрлэхээр санал солилцож байна

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын хоёрноос тавны хооронд зохион байгуулахаар товлосон. Коронавирус гарсантай холбогдуулан ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах талаар “Боловсролын үнэлгээний төв”-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.


-Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ?

– Энэ жил улсын хэмжээнд нийт 30902 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. ЭЕШ-ын материал засах, оноожуулах, зарлан мэдээлэх ажлыг УОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу шалгуулагчдыг бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулах юм. Шалгуулагч шалгалтын дүн оноогоо “шууд засалтын шилэн технолог”-ийн дагуу http:/live.eec.mn цахим хуудсаар шалгалт өгсөн даруйдаа мэдэх бөгөөд долоодугаар сарын зургааны есөн цагт үндэсний хэмжээний жагсаалтыг www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-гаас харж, их, дээд сургуулиудын элсэлтэд хамрагдана. Бэлтгэл ажлын тухайд бол шалгуулагчдын шалгалт өгөх газар, суудлын хуваарилалтын ажил дууссан. Тусгаарлах байранд ЭЕШ-ын сэдэв, даалгавар боловсруулах ажлыг хийж байгаа. Эдгээр хүмүүс нь шалгалт дууссаны дараа тусгаарлах байрнаасаа гарна.

-Сэдэв боловсруулах ажилд нийт хэдэн багш ажиллаж байгаа вэ?

-ЭЕШ-ын сэдэв боловсруулахад дунд сургууль, их сургуулиас тус тус нэг багш ажиллаж байна. Мөн хөндлөнгийн шинжээчээр их, дээд сургуулийн нэг багш ажиллана. Тухайн сэдэв даалгавар нь хөтөлбөрийн хүрээнд нийцсэн, шинжлэх ухааны эсвэл техникийн ямар нэгэн алдаа байгаа эсэхэд хөндлөнгийн шинжилгээ хийх юм. Түүнчлэн бэлэн болсон шалгалтын материалыг хэвлэх, олшруулах ажил хийгдэж байгаа. Хэвлэсэн материалыг ууталж савлах, шалгалтын байранд хүргэх 20 оюутан, харуул хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, ЭЕШ-ын ажилд оролцож байгаа хүмүүст үйлчлэх ажилчдыг тооцвол 70 орчим хүн байна.

-Боловсруулсан даалгавруудаа хэзээнээс орон нутаг руу хүргүүлэх вэ?

-Даалгаврыг энэ сарын 27,28-наас эхлэн орон нутаг руу хүргүүлнэ. Энэ ажлыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн алба гүйцэтгэдэг. Ер нь нууцлалын өндөр зэрэглэлд явуулдаг гэсэн үг.

-ЭЕШ-д нийт хичнээн албан хаагч ажиллахаар байна вэ?

-85 багийн ахлагч, 85 сэдэв хариуцагч, 65 шалгалтын материал засагчид 2020 оны шалгалт зохион байгуулах удирдамж, анхаарал асуудлын талаар сургалт зохион байгуулсан. Бусад хянагч багш нар, зохион байгуулагч багш, эмч, үйлчлэгчдэд хийх сургалтыг багийн ахлагчдаар дамжуулан хүргэхээр төлөвлөөд байна.Ер нь Улсын хэмжээнд ЭЕШ зохион байгуулахад давхардсан тоогоор 10675 багш, эмч, сургуулийн ажилтан албан хаагч оролцож байна. Энэ нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

-Шалгалтын үед сурагч хоорондын зай баримтлахаас гадна халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах вэ?

-БҮТ-өөс элсэгч, шалгуулагчдад зориулан 117 удаагийн телевизийн зөвлөмж, 2120 минут 106 удаагийн онлайн давтлага зохион байгууллаа. Мөн шалгуулагчдад хүргэх 22 төрлийн зөвлөмж мэдээллийг долоо хоног бүрийн лхагва гарагт давхардсан тоогоор 241600 шалгуулагчид бүртгүүлсэн и-мэйл хаягаар нь хүргэжээ. УОК-оос гаргасан заавар зөвлөмжийн дагуу нэг ангид байх ширээ хоорондын зайг 1,5-2 метрт байршуулахад, нэг ангид арванхоёроос олонгүй хүүхэд хуваарилагдсан нь урьдчилан төлөвлөсөн 50 шалгалтын байрыг 85 болгон өргөжүүлэх үндэс болсон. Үүнээс гадна нэг удаагийн бээлий 65000 хос, амны хаалт 35000, гарын ариутгагч 649000 мл, цэвэрлэгээний бодис /жавелин/ 30600, белизна 2094 л, халдваргүйжүүлэх өмсгөл 170 ширхэг ашиглах тооцоо гарсан.

-Төгсөх ангийн сурагчид үзээгүй хичээл нь шалгалтад орж ирэхвий гэж их санаа зовож байна лээ. Энэ тал дээр хариу хэлэхгүй юү?

-COVID19 вирусын тархалт дэгдэлтийн улмаас танхимын сургалт урт хугацаагаар тасалдсан нь 2020 оны ЭЕШ-ын сэдэв даалгаврын агуулгад нөлөөлсөн шүү дээ. Энэ жилийн шалгалтын агуулгыг арав, арваннэгдүгээр ангийн заавал судлах агуулгыг бүрэн хамруулж, арванхоёрдугаар ангийн судлаагүй агуулгаас зайлсхийж шалгалтын блупринтийг боловсруулсан. Тийм учраас үзээгүй хичээл нь ЭЕШ-д орж ирэхвий гэж санаа зовох хэрэггүй. Үзсэн агуулга, хичээлүүд л орно. Мөн шинээр нэмэгдсэн 35 шалгалтын байранд суралцагчдын сонсоод ойлгох чадвар сорьсон даалгавар гүйцэтгэхэд ашиглах сонсгох төхөөрөмж байршуулах боломжгүй байсан учраас англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлүүдийн сонсох даалгавар хасагдсан.

-Covid19 вирусын тархалт, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байгаа шалгуулагчдаас хэрхэн шалгалт авах вэ?

-ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байгаа хоёр сурагчаас хэрхэн шалгалт авахыг УОК-той хамтран шийдвэрлэхээр санал солилцож байна. Тэр нь манайхаас очих уу эсвэл сурагчдыг шалгуулагчийн байр луу зөөх үү гэдэг асуудал яригдаж байгаа юм л даа. Үүнээс гадна гадаадын улс оронд хөл хорионд байгаа ЭЕШ-д бүртгүүлчихсэн хүүхдүүд байна. Солонгост гурав, Туркд нэг сурагч байна. Эдгээр хүүхдүүд ЭЕШ өгөх боломжгүй. Яагаад гэхээр онлайнаар шалгалт зохион байгуулах эрх зүйн болон технологи, хүний нөөц, хяналтын боломж байхгүй.

– Энэ жил хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгч байгаа вэ. Мөн шалгалт өгөх байр, хангамж, хэрэгслийг нь хэр бэлдсэн бэ?

-Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй 27 хүүхэд ЭЕШ өгсөн. Эдгээр хүүхдүүдийн гурав нь МУБИС-д тусгай мэргэжил, боловсролын чилэлээр суралцаж байгаа. Харин энэ жил 12 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Байр, хэрэгслийн хувьд 100 орчим хүүхэд шалгалт өгөх бололцоотой. Жишээлбэл, хараагүй хүүхдэд зориулсан барель үсэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд аппаратнаас эхлээд бүх хэрэгсэл бий. Ер нь бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ЭЕШ-ыг хоёрдугаар сургууль дээр тогтмол зохион байгуулдаг. Хоёрдугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүнд орох гарах хаалга, ариун цэврийн өрөө гээд зориулагдсан бүх зүйл бий.

-ЭЕШ-ын босго оноог хэрхэн тогтоосон бэ?

-Улаанбаатар хотын төрийн өмчийн дээд сургууль босго оноогоо 480, хувийн хэвшлийн сургууль 410, хөдөө орон нутгийн сургууль 400 оноогоор тус тус тогтоож байна. Энэ бол сурагчдын хувьд тийм ч өндөр босго биш. Хүүхдүүд ойролцоогоор гурваас дөрвөн хичээлээр шалгалт өгдөг учраас сурагчдын 85 хувь нь их сургуульд элсэн суралцах боломжтой.

-Шалгалтын сэдэв, даалгаврыг нууцлалын өндөр зэрэглэлд явуулдаг ч гэсэн жил бүр даалгавар задарсан гэх мэдээлэл гардаг?

-Энэ бол байнга л яригддаг яриа. Өмнө жилүүдэд гарсан ЭЕШ-ын материал задарсан гэсэн мэдээлэл бол худлаа. Жишээлбэл Дорж гэдэг хүүхэд ЭЕШ өгөхөд түүний төлөө хэдэн хүн санаа зовох вэ. Мэдээж ээж, аав, ах, эгч, дүү таньдаг бүх хүн л санаа зовж анхаарал хандуулна. Бодоод үзэхэд нэг жилд ЭЕШ өгч байгаа хүүхдүүдийн төлөө ойролцоогоор 200 мянга гаруй хүн шалгалтын үр дүнд анхаарал тавьж санаа зовдог. Бүр сонгуулиас илүү үүнд л санаа зовдог. Эцэг, эхчүүдийн хувьд хэн сонгуульд ялах нь бус хүүхдээ ЭЕШ-д нь тэнцүүлж их, дээд сургуульд оруулах нь амин чухал байдаг шүү дээ. Жишээлбэл энэ жил 22 мянган хүүхэд математикийн шалгалт өгнө. 22 мянга орчим хүүхдээс шалгалтад өндөр үр дүн үзүүлэхгүй хүүхдүүд гарна шүү дээ. Тэр хүүхдүүдээс ЭЕШ-ын сэдэв задарсан гэсэн яриа үүсгэдэг. Нөгөөтэйгүүр хэн нэгний өндөр оноо авах хүсэл дээр нь тулгуурлаад худлаа ярьж ашиг олох гэсэн сонирхолтой хүмүүс байдаг. Энэ хүмүүс нийгэмд бухимдал үүсгэдэг.

-ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой санал гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хуучин бол шууд хэлбэрийн шилэн технологи нэвтрээгүй үед БҮТ төв дээр бүх өргөдлийг нэгтгэж асуудлыг шийдвэрлэдэг байсан. Өнгөрсөн жилээс бид шууд хэлбэрийн шилэн технологид шилжиж хариуг нь тэр дор нь өгдөг болчихсон. Харин тухайн анги танхимд ажиллаж байсан хянагч багшийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон зүйл болбол тухайн үед өргөдлийг нь авч шийдвэрлэж болно.

-ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүд юун дээр анхаарвал зохимжтой вэ?

-Хүүхдүүдийн хамгийн их гаргадаг алдаа бол шалгалт өгөх газраа андуурч очдог. Суудлын хуваарь дээр нь хаана шалгалт өгөх, хэдэн цагаас аль орцоор орох вэ гэдэг нь бичээстэй байхад уншилгүйгээр шууд л өөрийн төгссөн сургууль дээрээ оччихдог. Тэгэхээр шалгалт өгөх гэж байгаа өдрөө бүх ажлуудаа сайн төлөвлө гэж захимаар байна. Замын түгжрэлээс эхлээд. Үүн дээр тухайн хүүхдийн анги удирдсан багш, эцэг эхчүүүд ч анхаарал тавих хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боломж бол бэлэг: Сонголт бол тавилан

Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагавраар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайлбарладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хоромхон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.

Баян айлд төрөх үү? Ядуу хүний үр хөвүүн болох уу гэдгийг бид сонгодоггүй. Буддагийн хэлээр бол урьд өмнөх төрлүүддээ өмч баялагт хийгээд өмчтэй, өмчгүй хүмүүст хэрхэн хандаж байсан чиг хандлагаас энэ бүхэн хамаардаг гэдэг.

Харин үүнээс цаашхи хувь тавилан эхэндээ бага багаар, улмаар бүтнээрээ өөрөөс хамаарч эхэлдэг. Хүн хүүхэд насандаа эрдэм боловсролын замаар нэг сонголт хийдэг, энэ сонголтыг хэр зэрэг хийж чадсанаас тэрээр удирдагч, гүйцэтгэгчийн алины замаар явах нь шийдэгддэг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсээр ажил хийлгэж бүтээн байгуулан аж төрөх үү. Эсвэл зохион байгуулагчид ажил хийж өгч хөлс авч амь зуух уу гэдгээ хүүхэд ба орь залуу насныхаа залгаас дээрээс сонгож байна.

Эрт урьдын, хувьсгалуудаас өмнөх хүнд хэцүү цагт эзэн боол, дарга цэргийн ялгаа үлэмж их тул гүйцэтгэгч талын тавилантай хүмүүс үлэмжийн зовлон зүдүүртэй амьдарч байжээ.

Харин ардын ба ардчилсан хувьсгалууд удаа дараа ялж, хүний эрх эрх чөлөө дээдлэгдэж, үйлдвэрчний эвлэл буй болсны ачаар сайн гүйцэтгэгчид гэдэг ховор сайн мэргэжилтэнд тооцогдож, шалихгүй зарим удирдагч, муухан мэнэжэрүүдтэй харьцуулахад тохой илүү, толгой дээгүүр амьдрах болжээ. Хамгийн гол нь өөрт таарах сонголтоо л зөв хийх нь чухал. Өөрөөр хэлбэл “чи эрэг боолт зурахдаа сайн уу, зорохдоо сайн уу” гэдгээ л мэдрэх явдал. Бурхан багш ч гэсэн аз жаргалд хүрэх нэгэн алхам бол хүн өөрийгөө зөв таних явдал хэмээн сургажээ.

Дараа нь гэрлэлт хэмээх сонголт. Ямархуу өрх айлын гишүүн байж, хэрхэн үр удмаа үлдээх вэ, чиний үр удмын хүүхэд нас ирээдүйгээ сонгох боломжоор ямархуу хангагдах вэ гэсэн асуултын хариу эндээс эхэлнэ. Сайн хань ижил хүний сул дорой талыг нөхөн, дээшлүүлээд явчихна. Муухан хань ижил таарвал сайн сайхан юмыг чинь баллаад хамтдаа уначих жишээний.

Ингээд өтлөх, төрөл арилжих хэсэг рүү очно. Энэ нь сонголт гэхээсээ илүү төрснөөсөө хойш хийсэн бүхий л сонголтуудын үр дүнгээс энэ төрөлдөө үзэж амсах зүйлсийн төгсгөл байна. Хүүхдүүдээ сайн өсгөж, зөв хүмүүжүүлж, бэр хүргэдээ зөвөөр энэрч чадсан бол тэдний асрал хайр доор жаргалтай өтөлнө. Бас энэ төрөлд олдсон бие цогцсыг зөв эдэлж явсан бол өвчин зовлонгүй насыг барна.гм.

Амьдралын сонголтууд олон арванаар хүлээлгэж, зовоож байж ирэх мөртлөө хүрд эргүүлэх ганцхан боломжтойгоороо хяслантай. Ганц боломж дээрээ хүрдээ буруу эргүүлсэн бол гүйцээ. Хохь минь гэхээс өөр замгүй.

Сая сая хүний хувь заяаны нийлбэр болсон улс үндэстэн ч гэсэн өөрийн тавилан, сонголт, сонголтынхоо үйлийн үрийг эдэлнэ. Сонголт хийх боломж нь хүний амьдралын нэгэн нас буюу жаранд хоёр гуравхан таарах бол улс үндэстнийх хоёр гурван зуун жилд нэг тохиодог бололтой.

Хүннү гүрнээс хойш тархай бутархай олон мянган жилийг үдсэн монголчууд нэгэн сонголт хийж Чингэс хааныхаа тугийн дор Монголын эзэнт гүрнээ байгуулжээ. Харамсалтай нь түүний үр хөвүүд тус бүртээ нэг нэг Чингэс хаан байж, тус бүрдээ нэг нэг Монголын их гүрнийг захирах хүслийнх нь үйлийн үрээр Их Монгол Улс таржээ. Тэд сонголтоо хийж тусдаа хаан болсон ч гэсэн хэн нь ч Чингэс болсонгүй. Тэдэнд тус тусын улс байсан ч гэсэн нэг нь ч Их Монгол гүрэн болсонгүй. Хүсэл биелэх тусмаа хясдаг гэж.

Яван явсаар Манж Чин гүрний эрхшээлд орлоо. Хоорондоо алалдаж байсан монголчуудын ялагдсан нь Манж хаанд “Ах, амь аварчих аа” гэж очсон хэрэг. Үр дүнд нь Монголын хагас Манжийн хэсэг. Дараа нь аварсан хэсгийнхээ дайсныг дарж өгөв. Үр дүнд нь монгол бүтнээрээ тэднийх. Сонголтуудын дүнд л ингэж байгаа хэрэг.

Монголчууд хоёр зуу гаруй жил амандаа шогшров. “Яах гэж хоорондоо муудав аа. Халх ч бай, Ойрад ч адилхан л Эзэн Чингэсийн хөвүүд, Их гүрний тасархай. Эвтэй байсан бол Манжийг өөрийг нь захирч явахгүй юу? Цъ цъ…!!!”

Монголчууд ХХ зууны эхээр ба сүүлээр далаадхан жилийн зайтай хоёр сонголт хийх боломж олдлоо. Өмнөх түүхээсээ хаширсан монголчуудын эв гавгүй зангаасаа илүү хувь заяа нь мишээж, эхнийхээс ёс төдий боловч тусгаар тогтнол, дараагийнхаас нь жинхэнэ тусгаар байдал эрх чөлөөгөө олов. Хоёр сонголтын үйлийн үр л дээ.

Монголчууд тун удалгүй дахин нэг сонголтын өмнө ирсэн нь уул уурхай. Сонголт өөрөө боломж нээдэг гэдэг утгаар нь ч харсан, хязгааргүй их өгөөжийг нь бодсон ч бурханаас заяаж буй боломж, тэнгэрийн сонголт. Энэ сонголтыг зөв хийвэл ирээдүйн олон зуунд монголчуудын амны хишиг, амь зуулга үнэхээр дэлгэрнэ. Мянга мянган монгол хүүхдүүдийг бүгдийг нь тэжээх мөнгө уул уурхайд байгаа тухай монгол хүүхдүүдийн эцэг Мянганбаяр гуай үнэхээр зөв хэлсэн байдаг шүү.Сонин дээрээс хараарай.

Хэрвээ бид өнөөдөр уул уурхай дээр Чингэс хааны эрхийн тэнэг ач гуч шиг “би эзэгнэнэ” “би л авна” гээд давхичивал Манжид дагаар орохын өмнөх өдрүүд шиг юм болно.

Энд нэг зүйл тодорхой байгаа нь бурхны хишгийг чаддаг мэддэг аавын хүүтэй хамжиж байж л энэ баялгийг хүртэх юм байна. Уул уурхайн туршлагатай, гаргаад ирэх хөрөнгөтэй, босгоод тавих нэр нөлөөтэй, арга технологитой, манай орны тусгаар тогтнол ба стратегийг сонирхолд нийцсэн түнш олно л гэсэн үг. Энд бас хоёр дахь зүйл тодорхой байгаа нь энэ орд газруудыг ашиглаад хөл дээр нь дангаараа босгоод ирэхэд Монгол Улсын эдийн засаг санхүүгийг хүч чадал, туршлага, тоног төхөөрөмж, менежмэнт хүрэхгүй гэдэг гашуун үнэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Монголын топ 100” компани нийлээд ч, толгой цохидог 999 нийлээд ч, ерөөсөө хоёр сая 700 мянгаараа нийлээд ч хүчрэхгүй л гэсэн үг. Топ-100, толгой 999-ийг таныг бас мань мэтээ бүгдий нь нэмээд нэмээд Монгол Улс гэж нэрлээд хэмжиж үзчихээд “манай улсын хүчин чадал хараахан хүрэхгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа хэрэг шүү дээ. Гадагшаагаа л сайн хүн олж нийлэхгүй бол дотогшоо хэдүүлээ нийлж, өөрсөндөө ямар ч гоё нэр өгч, яаж ч өхөөрдсөн дүндээ дүн гэсэн үг.

Үлгэрлэвээс арван хүүхэд, мянган хоньтой атлаа ачлагагүй айл байлаа гэж бодоход нүүх суухдаа айлаас тэмээ гуйхад хүрнэ. “Найман тэмээгээ өгчих, өгсөх уруудахдаа ачаална, намар идэшний хонь аваарай” гэх мэтээр тохироход хүрнэ. Айлын тэмээ гуйхгүй гэвэл нүүхгүй, нүүхгүй бол нэг бол өвөлжөөндөө зусаж малаа харангадуулна, эсвэл зусландаа өвөлжиж зуданд нэрвүүлэн мянган хонь ч үгүй болно. Тэмээ хөлсөлбөл нэг хонио тэмээний ацганд өгөөд 999 хоньтойгоо үлдэнэ. Ийм байтал айлын хүүхдүүд нь дөрвөөрөө, таваараа бүлэглээд өөрсдийгөө “тэмээ орлох хөвүүд”, “ганц хонийг ч гамнах багачууд” гэхчлэнгээр цоллоод “Бид айлын тэмээгүйгээр гэрээ нүүлгэнэ. Нэг хонио тэгж хүний идэш болгохгүй” гэж давхивал юунд хүрэх вэ? Үнэхээр нүүе гэж байгаа бол нэрээсээ үл хамаараад “тэмээ үл хэрэгсэгч”, “айлаас эс гуйгч” нэртэй байгаад ч нэмэргүй айлын тэмээ гуйж таарна.

Миний нэг найз байдаг юм. Цахилгаан хэрэгслээ мэргэжилтнээр засуулах дургүй, ямар нэг гацаа гарах тоолонд өөрөө эхлээд задална. Мэргэжлийн хүнд оч гэхээр “аа засварчингууд гэмтэй, оригналь юмыг сольдог гэсэн. Ер нь чамд хамаагүй, тэгж ярих юм бол эзэн нь юмаа мэднэ” гэдэг зантай. Түүний долдугаар анги төгссөн мөртлөө “эзэн нь юмаа мэддэг” зарчмын хүчээр тэр айлын олон сайхан радио, зурагт, индүү засварын газарт үзүүлээд л засарчих шалихгүй гэмтэлтэй боловч “арзээтэг рүү хадаас хатгавал тог цохидог” гэснээр электроникийн салбарын мэдлэг нь дуусдаг эзнийхээ гарт үрэгдэж билээ. Тэрээр “болдоггүй юм” гэж хүмүүс хорьсоор байхад арзаатэгний нүх рүү хадаас хатгаад тогонд нам цохиулан үхэнгээ алдаж байж дээрх мэдлэгийг олж авсансан.

Тэгэхээр юмаа бүрмөсөн эвдэхгүйн тулд “засварчин зарим юмыг нь сольж мэднэ” гэсэн хардалтаа дарахаас өөр замгүй, “эзэн нь юмаа мэдэх” зарчмаасаа ухарч байж бага хохирол амсахаас ондоо мэхгүй болчихоод байгаа юм. Харин сайн засварчин олох уу, хулхи нөхөр дээр очих уу гэдэг нь чиний сонголт хийх чадвараас хамаарна.

Амьдралын үнэн гашуун боловч санал нийлэхээс өөр арга байхгүй. Ухаандаа бид Монголын эзэнт гүрний гал голомт, дэлхийн талыг морин дэл дээрээс захирсан эзэн Чингэс хааны удам мөн нь мөн боловч өнөөгийн Хятадтай байлдвал яагаад ч дийлэхгүй гэдэг үнэнтэй санал нийлэхээс өөр замгүй.

Оросууд монгол хүнд дээрэнгүй хандах нь нэт боловч умард хөрштэйгөө эв гаваа яаж ийгээд олж байхаас гарцгүй гэдэг үнэнд мэхийхээс ондоо сонголтгүй.

Гэхдээ үнэн цаг ямагт өөртэйгөө санал нийлэгчдийн талд үйлчилж ирсэн сайн талтай. Бид чухам тэр чанарыг нь мэддэгийн хүчинд оршин тогтносоор ирсэн түүхтэй.

Бид өнөөдөр Оюу толгойн араас шилээ даран ирж байгаа Таван толгой болон зэрэг зэрэг маргаашаа хүлээн буй баялаг ордууд дээрээ ухаалаг, улс үндэстний өнөөдөр ба маргаашийг бодитой үнэлсэн сонголт хийх цаг ирээд байгаа юм. Эндээс Монгол Улс “хандивлагч гүрэн” болох уу, “хандивлуулагч орон” хэвээрээ үлдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.

Дараа дараагийн зуу зууны туршид “тэр үед л нэг тэгчихгүй яав даа, цъ цъ!!!” хэмээн гаслахгүйн тулд….сонгох цаг.

2010.06.09

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарьд: Яг жинхэнэ шинэ үсгийн багш бол миний аав байсан

“Шинэ үсгийн багш” киноны Тулгын дүрээр Монголын ард мэдэх болсон жүжигчин, найруулагч Б.Гарьдтай ярилцлаа.


-“шинэ үсгийн багш” кинонд хэрсүү хүүгийн дүрийг бүтээдэг шүү дээ. Тэгвэл таны хүүхэд насны дурсамж, зан чанар ямар байв?

-Арван жилд сурдаг байхын зүгээр суудаггүй өрөмний өт шиг сахилгагүй хүүхэд байлаа. Энд тэнд очиж зодоон хийдэггүй хэрнээ хааяа хүүхдүүдийн суудал дээр бохь наана, охидын үсийг сандалтай нь уяна эсвэл араас нь татчихаад зугтах зэргээр их хорон сахилгагүйтнэ. Ямар сайндаа багш хувийн хэрэг дээр “Гарьд хичээлдээ сайн гэхдээ хана таазан дээгүүр гүйсэн” гэж тэмдэглэсэн байгаа юм. Миний таазан дээгүүр гүйнэ гэж юу байхав. Багш нар тэгж хэтрүүлж бичтэл нь дэггүйтдэг. Багадаа жижигхэн биетэй хөдөлгөөнтэй нөхөр байлаа. Эцэг эхийн хурал дөхөхөөр ааваасаа айгаад л хонго халуу оргиод, зүрх түг түг хийтэл сандарч түгшинэ.

-Гэтэл нөгөө дэггүй нөхөр чинь багшийн дүрд тоглох болдог…?

-Би өмнө нь Халаасны өрөө, Цэц Магнай зэрэг кинонд тоглож байсан юм. Эдгээр киног аав маань найруулсан.Миний аав Ж.Бунтар гэж найруулагч хүн. Нэг талдаа аавынхаа кинонд дүр бүтээнэ гэдэг айдастай. Гэхдээ аав минь байгаа юм чинь гэж бодоод сэтгэл зүйн хувьд зориг ордог. Чамайг кинонд тоглодог хүүхэд гээд хүмүүс арай өөр ярьж, харьцаж магадгүй “даруулгатай, шударга байх хэрэгтэй шүү” гэж аав минь хэлж захидаг байсан нь хамгийн тод үлджээ. Эцэг эх хоёртоо үнэнээ л хэлбэл тэд намайг хэзээ ч зодож загнаж байгаагүй. Харин худал хэлэх, үнэнийг нууж байгаад баригдвал баларна. Ер нь хүн хэзээд ч анхныхаа хүнээ алдаж болохгүй. Яг ямар байсан түүгээрээ л байх хэрэгтэй юм шүү дээ. Харин “Шинэ үсгийн багш” кинонд танихгүй найруулагчтай ажиллахад хариуцлага алдах болов уу, киног нь муухай болговол яана гэсэн айдас их байжээ.

-Одоо та хүүхдүүддээ юуг захидаг вэ?

-Чи мэдэхгүйгээ яг үнэнээр нь хэлэх юм бол аав нь загнахгүй. Харин мэдэж байна гэчихээд дараа нь мэдээгүй байвал чамайг загнана . Үнэн л байх хэрэгтэй.Ойлгож мэдэхгүйгээ үнэхээр үнэнээр нь хэлбэл аав нь бүгдийг нь зааж өгнө гэдэг.

-Танд багш болъё гэж бодсон үе бий юү?

-Энэ талаар хэзээ ч бодож байгаагүй. Өдөр болгон нэг юмаа хийх дургүй болохоор ч тэр үү эмчийн ажлыг хаясан байж магад. Анагаахын сургуулийн эмчилгээний ангид гуравдугаар курс хүртлээ сураад больсон.

-Багш мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийг хараад танд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрдөг вэ?

-Багш нарыг ёстой тэсвэр тэвчээрийн туйлууд болов уу гэж боддог. Өдөр бүр хичээлээ заагаад л сууна гэдэг ямар их тэсвэр тэвчээр вэ. Хүний өөрийн гэж ялгалгүй бүх хүүхдийг хайрладаг тэд бол гайхамшиг шүү дээ.

Шинэ үсгийн багш киноны зураг авалтыг анх 1998 онд хийсэн юм билээ. Тэр үед хөдөө малчдад бичиг үсэг заахаар томилогддог багш нар байсан болов уу?

-Би сайн мэдэхгүй юм. Соёлын довтолгооны үед л тэгж явж байсан болов уу. Яг киноны зохиолч Жамбалдорж өөрөө Шинэ үсгийн багшийн бодит хүн юм. Харин жинхэнэ шинэ үсгийн багшийг миний аав хийж явсан.

-Аав тань багшилж байсан түүхээсээ хуваалцсан уу?

-Аав намайг тийм кинонд тоглоно гэж мэдэх биш. Шинэ үсгийн багш кино хийгдэхээс нэг жилийн өмнө бурхан болсон. Тийм болохоор мэдээгүй. Би аавыгаа Говь-Алтай аймагт очиж багшилж байсан гэдгийг нь л дуулсан.

-Найруулагч Б.Жамбалдорж чухам яагаад Гарьд хүүг киноны гол дүрд сонгох болсон юм бол…?

-Над шиг тоглох чадвартай хүүхдүүд мэр сэр байсан шиг байгаа юм. Тэгтэл Жамбалдорж гуай миний төрхийг харангуутаа гайхсан гэсэн. Үнэхээр өөрийнх нь багын дүртэй адилхан юм билээ. Гарьдын энэ багынх нь зураг надтай их төстэй гэдэг.

-Алив бүхэнд сайн муу тал гэж бий. Тэгвэл жүжигчний мэргэжлийн энэ хоёр талыг та өөрийнхөөрөө тодорхойлбол…?

-Хүний бие организм гэдэг чинь дандаа оюун ухаан сэтгэл зүйгээ дагадаг шүү дээ. Гэтэл тайван инээж хөхрөлдөөд сууж байгаад гэнэт зураг авалтад ороод хүчээр уйлж, инээж, уурлавал биед ямар хэмжээний стресс, асуудлууд үүсэх вэ гэдгийг бодохоос хэцүү. Гэтэл жүжигчид чинь өөрсдийнхөө зүрх сэтгэлээр байнга тоглож, хүнд байдалд оруулж урж байдаг. Манай мэргэжил зарим талаараа их муу ёрын шинжтэй. Хүн амь тавьж байхад л яаж үхэх нь үү гэдгийг нь хараад зогсож байдаг. Яг яаж амьсгаагаа татаж, татвалзаж байгаа, амь тавиад бие нь тайвшраад нүүрний булчингууд нь хэрхэн суларч амгалан төрхөнд орж буйг хүртэл ажиглана. Хүн амь тавьж байхад энэ яаж үхэх нь үү гээд хараад сууна гэдэг чинь нэг бодлын муу ёрын байгаа биз. Гэхдээ энэ бол ажил. Дараа нь жүжиглэхдээ яана аа үнэхээр үхчихлээ шүү дээ гэтэл нь тоглох гоё биз дээ. Үзэж байгаа үзэгчдэд ч үнэмшилтэй сэтгэгдэл төрүүлнэ. Жүжигчин гэдэг чинь маш нарийн сэтгэл хөдлөл, оюун ухаан, анхаарал төвлөрүүлж ажилладаг мэргэжил л дээ. Механикаар хийдэг юм биш.

-Тэгвэл жүжигчин байхын сайхан нь юу вэ?

-Мэдээж хэрэг өөр өөр мэдрэмжүүд авч, өөр өөр амьдралаар амьдарна. Манай жүжигчний багш мэдрэмжүүдийг сайн цуглуул гэж хэлдэг байсан.

-Найруулагчийн ажил мэргэжлийн онцлогийг тодорхойлбол?

-Найруулагч бол тархин дотроо хэд үхэж босож, хорвоо дэлхийн хамаг юмыг шимж хийгээд бараг тархи нь буцалж байдаг. Гаднаа бол хөмсгөө зангидаад юм бодоод л суугаа хэдий ч дотор нь орох юм бол ёстой галзуурмаар шүү дээ. Гэрэл план, жүжигчний тоглолт, гол агуулга хийгээд ямар хөгжим явуулах, яаж монтажлах уу гээд энэ бүхнийг хамж шимж бодоод ганцхан план авна шүү дээ. Дараагийн план дээр дахиад энэ болгоныг бодно.

-Киноны төгсгөлд Тулга багшийг моринд нь мордуулахдаа “Хожим сайд дарга юу ч болсон шинэ үсгийн багш хэмээх энэ эрхэм нэрээ мартаж ер болохгүй шүү” гэж Сампил гуай захиж билээ. Энэ их ерөөлтэй үг байжээ…?

-Энэ үгийг Бадар-Ууган ах надад зориулж кинондоо оруулж байсан юм. Гарьд аа, энэ үгийг би чамд зориулж бичсэн шүү дээ, ойлгож байгаа биз дээ чи гээд л. Аавын анхны кинонд тоглоход захисан тэр үгтэй яг давхацдаг юм. Хэн ч болсон бай өөрөөрөө л бай. Анх Гарьд гэж ямар хүн байсан түүгээрээ л бай. Яг тэрэнтэй дүйцдэг.

-Та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан шүү дээ. Хэрэв аав минь “шинэ үсгийн багш” киног үзсэн бол гоё байсандаа гэж …?

-Аавынхаа биш өөр хүний кинонд анх тоглосон шүү дээ. Тиймээс аав минь юу гэх байсныг би сонсохыг ихэд хүссэн юм. Гоё шүү дээ тийм биз. Мөн ч сонин…

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Харагчин туулай өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 29, Сумъяа гариг. Билгийн тооллын 9, харагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Эл архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс дараах замуудыг хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажил хийнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй тус замын 1-р хэсэг буюу “Ажилчны гудамжны уулзраас Хөсөг трейд хүртэл 385у/м авто зам”-ыг 2020 оны 06 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 10-ны хооронд хааж, зорчих хэсгийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн туслах гудамж замуудыг сонгон хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. Гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ.

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь

Д/д

Хэсэг

Байршил

Хаах урт

/у/м/

Хаах

Хугацаа

/сар/

1

1-р хэсэг

Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл

385

06.28-07.10

2

2-р хэсэг

Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл

315

07.16-07.28

3

3-р хэсэг

Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл

480

07.29-08.07

4

4-р хэсэг

Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл

900

08.08-08.23

5

5-р хэсэг

Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл

920

08.24-09.08

Categories
мэдээ соёл-урлаг

Хамгийн түрүүнд “Анна Каренина”-г олны хүртээл болгоно

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу, хорио цээрийн улмаас кино театрууд болон бусад үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан энэ үед УДЭТ хамт олон үзэгчиддээ зориулан драмын жүжгүүдээ Univision, DDISH, Skymedia, Looktv-ээр хүргэж байна. Хөл хорио цуцлагдвал хамгийн түрүүнд Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн зохиол “Анна Каренина”-г олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Жүжгийг төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж гол дүрд Н.Баярмаа тоглох юм.