Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТЭР…

Тэр анх 2016 онд 36-тай УИХ-ын гишүүн болсон. Төрсөн нутгаасаа сонгогдсон.

Түүнээс өмнө Олон улсын байгууллага, төрийн захиргааны байгууллага, МАН-д Хэлтсийн дарга, НАМЗХ-ны ерөнхийлөгч, МАН-ын генсекээр ажиллаж байв. Монголдоо, бас баруунд боловсрол эзэмшсэн.

Одоо бүрэн эрх нь дуусгавар болж байгаа УИХ дахь МАН-ын 65-ын нэг. Үнэндээ 2016-2020 оны УИХ-ыг дан нэг намынбайж чадаагүй. Тийм байлгаагүй хүмүүсийн нэг нь тэр байв.

Магадгүй, өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн үйл амьдралын хамаг бужигнааны гол дүр нь тэр байх…

95 жилийн түүхтэй, 1990-ээд оноос хойш ч сахилгатай, замбараатай, нэг гарт зангидагддаг намыг “бусниулсан” этгээд бол тэр.

Намын даргаа шүүмжилж, “найз нөхөд”-ийг нь гоочилж, Монголын улс төр, бизнесийн салбарт баттай оршоод байсан тэднийг буулгасан. Намынхаа бүрдүүлсэн засаглалыг “нурааж”, дахин бүрдүүлэхэд тэр голлож оролцсон.

Тэр ингэхийн тулд ганцаараа зүтгэж, цөөхүүлээ тэмцэж, олуулаа жагссан байдаг юм.

Авчихаад байсан орд газрыг улсад буцааж, олон эргэлзээтэй “хувьчлал”, хөрөнгө хуваарилалтыг төрийн мэдэлд эргүүлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувь, 30-аад лицензтэй “Монголросцветмет”-ийн 49 хувийг “нийгэмчлэх”-д үүрэг гүйтцэтгэсэн хүн бол тэр.

Өөр олон юм бий. “Тогтолцоо болохгүй байна” гэж их хашгирсан.

Бүрэн эрхийн хугацааны дундахнуур шинээр бүрдсэн Засгийн газарт сүүлхэнд нь орж ажилласан. Засгийн газрын “гал тогоо”-г барьж Үндсэн хуулийн өөрчлөлтөд, “Алсын хараа-2050” улсын урт хугацааны хөгжлийн хөгжил боловсруулахад бас л голлосон байдаг.

Ерөөс түүний хувьд 2016-2020 оныг хоёр хуваах хэрэгтэй. Эхнийх нь дээр хэлсэн дээ, жагссан, тэмцсэн. Унагасан, авсан.

Үнэнийг хэлэхэд тэр үед түүн шиг тэгж тэнэгтэх улстөрч тун цөөхөн л байв.

Учир нь тэр үед тэнэг хүний хийхалхам үйлдлийг тэр хийж байсан. Ердөө л нэг гөжүүд, зөрүүд залуу…

Тэр юу билээ, нөгөөдүүл нь хэн билээ?!

Дүнд хүрсэн. Гэхдээ түүнд одоо түмэн дайсан бий. Алдаа гаргаж, хазгай гишгэвэл “Хапп…” гээд л аваад хаячих анаа занаа отож буй. Үүнтэй маргах хэрэггүй.

Тиймээс одоогоор түүнийг муулдаг, гоочилдог, гүтгэдэг явдал байж л байдаг. Гэхдээ галт тэрэг хөдөлсөн. Тэр нэгэнт хийсэн. Дайсантай ч болсон. Бас нөхөдтэй, дэмжигчтэй болсон.

Сая болж өнгөрсөн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээлгэсэн хувиараа тэргүүлсэнЕрөнхий сайд, МАН-ын даргын дараах нь тэр болжээ.

Дахиад хий, цаашаа яв л гэсэн үг.

Хоёр дахиа УИХ-ын гишүүн боллоо. Бас л төрсөн нутгаасаа сонгогдлоо. Эхлүүлсэн ажлаа л гүйцээх хэрэгтэй.

Хамгийн бүтэшгүй гэж өнгөрсөн жилжин муулуулсан “Алсын хараа-2050”-аа хэрэгжүүлэх боломжийг түүнд олгож байгаа юм.

Энэ зүгээр л олны итгэл. Даах л хэрэгтэй.

Өнөөдөр 6 сарын 29. Тэр 40 хүрчээ…

Categories
мэдээ нийгэм

О.Ариунтуяа: ДЭМБ-аас улс, орнуудын вирусийн эсрэг авах арга хэмжээний удирдамжийг шинэчилсэн

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ДЭМБын ажилтан О.Ариунтуяа ДЭМБын мэдээллийг танилцууллаа.


ДЭМБын ажилтан О.Ариунтуяа: Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нэг өдөрт хамгийн их буюу 100,000 гаруй тохиолдол бүртгэгдлээ.

ДЭМБын ерөнхий захирал вакцин эм гартал бид өөрсдөдөө байгаа арга хэрэгслээ ашиглан вирусийн тархалтыг бууруулах ам угаах, зай барих, хөл хорио зэрэг арга хэмжээг нөхцөл байдалдаа тохируулж үе шаттай авахыг уриалсан.

ДЭМБаас өнгөрсөн долоо хоногт улс, орнуудын вирусийн эсрэг авах арга хэмжээний удирдамжийг шинэчилсэн. Эмнэлгийн бэлэн байдлыг хангах болон үйл ажиллагааны бэлэн байдал, хөрөнгө оруулалтын хэмжээг шалгах хуудсыг зургаадугаар сарын 25-нд шинээр гаргасан. Шалгах хуудаст эмнэлгийн засаглал, төлөвлөгөө, заавар журам зэрэг багтаж буй.

Түүнчлэн СOVID-19-ийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн бүртгэл, тооллого хийх аргачлалыг шинээр боловсруулсан. Ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг онцгой байдлын үед болон нөхөн сэргээх үе шатанд ашиглах аргачлалтай болж байгаа юм.

Улс орнууд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг сулруулж байгаатай холбоотойгоор олон нийтийн арга хэмжээг олноор зохион байгуулж байна. Тухайлбал, БНХАУ-д Луут завины наадмын үеэр 86 сая хүн аялах төлөвлөгөөтэй байна.

Гэтэл БНСУ-д шашны цугларалттай холбоотой халдварын шинэ голомт илэрч, Японы Токио хотод аюулын зэргийг буруулснаас хойш тохиолдлын тоо нэмэгдэж байна.

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг сайжруулах нь ДЭМБын тэргүүлэх чиглэл юм.

Categories
мэдээ нийгэм

​Урлагийн тоглолт зохион байгуулсан даргыг 20 сая төгрөгөөр торгожээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтохын зөрчлийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Нур-Сулстан-УБ-ын онгоцоор ирсэн хүний гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10228000 хүн өвчилж, 503000 хүн нас барсан байна. 5,5 сая хүн эдгэрч 4,1 сая хүн эмчлэгдэж байна.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Зургадугаар сарын 28-ны өдөр 216 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 215 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүнд коронавирусилэрлээ. Нур-Сулстан-УБ-ын онгоцоор ирсэн хүний гурав дахь шинжилгээгээр буюу 19 хоногийн дараа коронавирус илэрлээ. Монгол улсад 220 хүн халдвартай нь батлагдаж, 175 хүн эдгэрээд байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

АНУ, Бразил, Энэтхэг улсууд шинэ халдварын тоогоор тэргүүлсээр байгаа. Мөн Зүүн Европын 30 оронд хөл хориог сулруулсантай холбоотойгоор халдвар нэмэгдсэн тул 11 орон буцаад хөл хорионы дэглэмээ чангаруулах арга хэмжээ авч байна. ОХУ-д 6,791 хүн шинээр халдвар авч 104 хүн эндсэн. Манай улсын хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдсээр байгаа. Эрхүү мужид сүүлийн 14 хоног халдварын тоо тасралтгүй өссөөр байна. Тувад өмнө сар гаруй хугацаанд халдвар нэмэгдсээр байгаа. Манай улсын хувьд өчигдөр 87 хүн шинээр ажиглалтад орж, 16 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо ажиглалтад 2,710 хүн байна. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 51 хүн архаг хууч өвчтэй бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

Өнгөрсөн ням гарагт халдвар авсан хүн 10 сая, нас барсан хүний тоо хагас саяыг давлаа. 6-р сарын 28-нд АНУ-д 44 мянган хүн шинээр халдвар авлаа. Тархалт улам бүр нэмэгдэж байгаа учир Флорида мужид 7-р сарын хоёр амралтын өдөр наран шарлагын газруудыг хаах шийдвэр гаргалаа.

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 2020.06.27-28-ны өдрүүдэд 506 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 316 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.06.26-ны шөнийн 00 цаг 40 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвд/ асфальтан замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл явган зорчигч 45 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон хэрэг,

2020.06.28-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим Булган аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Prius маркийн Л жолоочтой автомашин онхолдож, зорчигч 51 настай, эмэгтэй Х-гийн амь нас хохирч, 61 настай эмэгтэй Б, 10 настай эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэрэг,

2020.06.28-ны өдрийн 18 цаг 52 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд УАЗ маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Н-ын амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 1 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,7 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 31,25 хувиар тус тус буурч, бүртгэгдсэн зам тээврийн осол 0,9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхад анхаарна уу.

Харин жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

​Сонгох эрхгүй сонгогчид ба АНУ дахь монголчууд

Удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, бидний сайн мэдэх, олон улсын тоймч Ш.Гантулга гадаад орнуудад оршин суугаа өөрийн орны иргэддээ хандан сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаандаа хандив дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Бусад улс орнууд гадаадад оршин суугаа иргэддээ анхаарал тавин дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг бол манай төрөөс энэ талаар огтхон ч анхаарал тавьдаггүйг шүүмжлэн энэ удаа иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг боогдуулж байгааг эрс буруушаасан байна.

Монгол оронд ажилгүйдэл, ядуурал нүүрлэж үй олон монголчууд амь зуухын эрхээр гадаад орнуудыг зорих болсон нь төр засгийнхны урагшгүй бодлогын үр дагавар юм.

Хүний газар харь элгийн нутагт аж амьдралаа зохиохоор ирсэн бидэнд аль олон зовлон бэрхшээл тохиолдохыг тэр гэхэв, юутай ч тэр бүхнийг тэвчээртэйгээр даван туулж хөлс хүчээ урсган ажиллаж он цагийг туулсаар явна.

Бидний амьдарч буй эрх чөлөөт зах зээлийн гэх энэ нийгэм өөрийн эрдэм мэдлэг авъяас чадвараа дайчлан шаргуу хөдөлмөрлөсөн хэн бүхэнд үр шимийг нь харамгүй хүртээдэг нийгэм болохыг бид өөрсдийн амьдралаар ойлгож мэдэрч байна.

Намайг Ш.Шагдаржав гэдэг энд ирэхээсээ өмнө Үйлдвэр худалдааны яаманд 10 гаруй жил ажилласан. Эхнэр Б.Энхтуяа одоогийнхоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд олон жил ажиллаж байв.

2004 он гэхэд хоёр хүүгийн хамт гэр бүлээрээ Америкт ирж Вашингтон ДС орчимд сууршихаар болсон юм.

Бид Америкт 2008 оны хямрал эхлэх үед хурааж цуглуулсан бага сага мөнгөөрөө үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж багаж хэрэгслэлүүд худалдан авч гал тогооны чулуун тавцан үйлдвэрлэдэг жижиг цех нээн ажиллуулж эхлэсэн.

Үйлдвэрлэлээ жигдрүүлэн ашиг орлоготой болох хүртэл эхний хэдэн жил хүүхдүүдийнхээ хамт нойр хоолоо хасаж хөлс хүчээ шавхан ажилласан.Хүүхдүүд маань хөдөлмөрийн хатуу хөтүүд нухлагдаж бас баяр жаргалыг мэдэрсэнд би хамгийн их олзуурхаж байдаг.

Миний аав Монгол улсын хөдөлмөрийн баатар, анхны гавьяат механиникжуулагч Ц.Шатар нэгэн дурсамжиндаа “Байнгийн дур сонирхолтой ажилтай байна гэдэг бол хүний онцгой аз жаргал мөн” гэж хэлсэн байдаг.

Нэлээд хэдэн жилийн өмнө Нью-Йорк хотын Манхэйтэнд байх 42 давхар хоёр хос 600 айлын орон сууц мөн ойролцоох хоёр зочид буудлын өргөтгөлийн чулуун хийцүүдийг үйлдвэрлэж угсрах зэрэг ажлыг хийж дуусгах үед манай компани олон захиалагчдын итгэлийг олж чадсан юм аа.

Одоо манай компани жил тутам хэдэн мянган айлын орон сууцны гал тогооны чулуун тавцан, бусад барилгын чулуун хийцүүдийг үйлдвэрлэн угсардаг компани болтлоо өргөжин тэлээд байгаа билээ.

Бидний нэгэн адил өөрсдийн бизнесээ нээж амьдрал ахуйгаа амжилттай авч яваа олон гэр бүл энд бий. Америкийн монголчуудын аж амьдрал өнөөдөр шинэ үед орж байна.

Би 1992 онд Москва хотын Бүх Оросын Гадаад Худалдааны Академийг төгсөж ирэхэд миний үеийн хэсэг залуучууд улс орондоо эрх чөлөөт ардчилсан нийгэм байгуулахаар хувьсгалт эргэлт хийж төр засгийн эрхийг гартаа авсан байлаа.

Тэд улс орон даяар ардчилсан хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж тухайн үеийн нэгдэл, САА, үйлдвэр, заводуудыг удирдаж байсан мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай, ажлын арвин туршлагатай, удирдлагын багийг хуучин тогтолцооны хоцрогдсон хүмүүс гэж үзэн толгой дараалан ажлаас нь халж, оронд нь Ардчилсан намын гишүүн гэгдэх дунд сургуулийн багш голдуу хүмүүсийг ажиллуулахаар тавьсан юм.

Төр барих нь байтугай гэр ч барьж үзээгүй залуучуудын гэнэн алдаатай бодлого улс нийгмийн хөгжлийг зогсонги байдалд оруулж хүн ардыхаа амьдралыг уруудан доройтуулах болсонд уурлан бухимдсан олон түмэн 1992 оны сонгуулиар тэднийг төрийн сэнтийгээс зайлуулахаар шийдэж ардчилсан хүчнийхэн УИХ-д ердөө таван суудалтай үлдсэн юм.

Тэдний оронд хуучин тулхтай улс төрийн хүчин хэмээн итгэж одоогийн МАН -д саналаа өгцгөөсөн боловч тэд нөгөө намаасаа огтхон ч дутахааргүй Монголын нийгэмд хор уршиг тарьсныг өнөөгийн бидний эргэн тойронд болж буй үйл явдлууд бэлхнээ харуулж байгаа билээ.

1992 оны сонгуулиар хаалгаар өшиглөгдөн гарсан АН-ын залуучууд 1996 оны сонгуулиар элдэв башир арга хэрэглэсээр тооноор орж ирцгээсэн юм.

1990-ээд оны дундуур зах зээлийн нийгмийн шилжилтийн үе дэх өмч хувьчлалын шатанд гарсан эмх замбараа сахилга хариуцлагагүй үйл явдал даамжирсаар Монголын нийгмийн хөгжилд хамгийн их хор уршиг тарьсан бөгөөд энэ нь нийгэм, улс төр хууль ёс, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд ажлын хариуцлага сахилга дэг журмын тогтолцоог бүр мөсөн устгаж алга болгосон явдал юм.

Сахилга бат дэг журам хариуцлагын тогтолцоогүйгээр Шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч ардчилсан нийгмийг байгуулах гэдэг байж болшгүй зүйл билээ.

30 жил Монголын төрийг ээлжлэн барьсан МАН, АН аль алиныхан ч засаглалын үед энэ ажлыг хийж хэрэгжүүлээгүй юм. Төрийн албан тушаалтнууд хээл хахуул авах өмч хөрөнгө завших, төсвийн мөнгө хулгайлах, уул уурхай тонох, байгаль орчноо сүйтгэх энэ бүхэн одоо ердийн зүйл мэт болсон ч үүнийг хийсэн хүмүүстэй хэн ч хариуцлага тооцдоггүй “шударга ардчилсан” нийгмийг бид байгуулсаар байгаа билээ.

Эрдэнэтийн 49 хувь, Жастын Батхүүгийн хэрэг, Оюу толгой, Таван толгой, ЖДҮ, Концес гэх мэт олон гэмт үйлдлүүд төрийн томчуудтай холбогдох бөгөөд хууль шүүхийн байгууллага тэднийг хамгаалсаар өнөөг хүртэл шийдэж чадахгүй байна.

Засгийн газрын шийдвэрээр очсон аймгийн дарга нар төрийн хуулиа зөрчин албан тушаалтнуудыг ажлаас халж оронд нь өөрийн хүмүүсийг томилон багаа бүрдүүлдэх гэгчээс ажлаа эхлүүлдэг юм байна.

Тэр баг нь аймаг орон нутгийнхаа төсвөөс боломжит бүх мөнгийг хулгайлах, улс нийгмийн хөрөнгийг үнэгүйдүүлэн завших, тэндэр хуйвалдан авах, хүний бизнес булаах зэрэг гэмт хэргийн үйлдлүүдийг зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэх ажээ. Энэ ажлаа хийж гүйцэлдүүлэх зорилгоор хүний аминд хүрсэн байж болзошгүй байх сэжүүр таамгууд илэрсэн ч хууль, Шүүхийн байгууллагууд тэр багт нь байх тул аливаа хийсэн хэргүүдийг нь хаацайлан хамгаалах үүрэгтэй аж.

Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийнхэн хэд хэдэн аймгаар очиж холбогдох баримт материалд түшиглэн энэ бүхнийг газар дээрээс нь сурвалжилсныг та бид харцгаасан билээ.

Ийм их гэмт үйлдлүүд нь баримттайгаагаар илэрсээр байхад тэднийг барьж шийтгэн хариуцлага оногдуулахын оронд харин нам нь тэдэнд шагнал хүртээн УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлж байгаа нь ард олноо басамжлан доромжилж байгаа хэрэг боловч нөгөө талаас нь харвал сонгуулийн булхай луйвар хийхээр улаан цагаандаа гарч байгаа хэрэг бус уу.

Гэмт этгээдүүд төрийн өндөр албан тушаалтнууд хууль шүүх хүчний байгууллагууд хамтран гэмт хэрэг үйлдэх нь мафийн тогтолцооны хамгийн төгөлдөржсөн хэлбэр бөгөөд өнөөдөр Монголын төрийн тогтолцоо яг ийм хэлбэр агуулгыг олжээ.

Цензүргүй сурвалжлага УИХ-ыг Улсын Их Хулгайчид гэж нэрлэв. Гучин жил бидэнд аз жаргал эрх чөлөө амлан төр барьсан тэр хүмүүс толгой дараалан баян болсон бол 30 жил тэднийг толгой дээрээ залсан монгол түмний ихэнх ядуу зүдүүхэн амьдарч гурван хүн дутмын нэг нь нэн ядууран хоосорчээ.

Энэ удаагийн сонгуульд шударга ёсны төлөө бидний дуу хоолой болж явдаг олны танил эрхмүүд, улс нийгэмдээ хийсэн ажилтай хэлэх үгтэй бизнесменүүд эрдэм боловсролтой зөв хандлагатай залуус зэрэг олон сайн хүмүүс нэрээ дэвшүүлсэн байна.

Өнгөрсөн сонгуулиудаар сонгогч бид нэг талыг барин хэт туйлширсан сонголт хийж алдаа гаргаж байсан билээ.Бусармаг үйлдэл гаргасан журмын нөхдийнхөө эсрэг шийдвэртэй тэмцэл өрнүүлж, зарчимч шаардлагатай ажиллаж ирсэн УИХ ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт үйлдэл хээл хахуулын эсрэг, шударга үнэний төлөө тууштай тэмцэгч Ардчилсан намын гишүүн Г.Уянга нарыг сонгож итгэл үзүүлэх нь зүйтэй юм.

Гадаадад байгаа монголчууд бид УИХ-ын сонгуульд санал өгөх эрхээ хасуулсан ч өөрийн дэмжигч сонгогчдодоо хандив тусламж өгөх боломж нээлттэй байгаа билээ.

Бид хэдийгээр сайн танихгүй боловч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө түмэн олны дуу хоолой болон тууштай тэмцэгч, бидний хүндэлж явдаг хүмүүс болох нэр дэвшигч Ш.Гантулга, Г.Уянга нарын сонгуулийн сурталчилгаанд нь зориулан хандив өгөхөөр манай гэр бүлийхэн ярилцаж шийдсэн юм.

Энэ удаагийн сонгуулиар бүрэлдэн бий болох шинэ төр засаг нийгэмд нүүрэлсэн дээрэм хулгай луйврыг илрүүлэн, эмх журам тогтоон, нийгмийн харилцааны бүх шатанд ажлын хариуцлага сахилга батын тогтолцоог бий болгох ажлыг улс орон даяар кампанит ажил болгон зохион байгуулснаар ажлаа эхлүүлэхийг бид шаардах эрхтэй бөгөөд хойшлуулшгүй тулгамдсан энэ асуудалд хэрхэн хандаж байгаагаар нь дараагийн Засгийн газрын өнгийг шинжих болно.

Шатарын Шагдаржав, Вашингтон ДС, АНУ

2020 оны 6 сарын 19

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Т.Доржханд: Энэ сонгуулийн системийг дахин ашиглаж болохгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй

Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт “Зөв ХҮН Электорат” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулаад буй Т.Доржхандтай ярилцлаа.


-“Зөв ХҮН Электорат” эвсэл УИХ-д төлөөлөлтэй боллоо. Сонгуулийн үр дүнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Ямартаа ч Монгол төрөө байгуулах сонгуульд маш олон төлөөлөл оролцлоо. Онцлох зүйл нь нам, эвслүүдээс болон бие дааж олон сайхан залуус оролцсон явдал байлаа.

Үүнийг маш сайн үзүүлэлт гэж дүгнэж байна. Залуус улс төр муухай, бохир заваан, өмнөх ажлаа хийгээд явахад л болно гэсэн байдлаар олон жил явсан.

Гэтэл үр дүнд нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол хүний амьдралын чанар эрс муудсаныг хүн болгон мэдэж байгаа байх. Тиймдээ ч олон сайхан залуус урдах ажлаа хойш тавиад улс орноо өөрчилье гэж халуун сэтгэлээр төрөө байгуулахаар сонгуульд оролцож байгаа энэ үзэгдэл маш сайн. Цаашдаа улам идэвхжээсэй гэж хүсч байгаа.

Харин энэ удаагийн сонгуулиар хүлээсэн үр дүн маань гарсангүй. Мэргэжлийн залуусыг гарч ирээсэй гэж бодож байлаа. Сонгуулийн систем болохгүй байна гэдгийг монголчууд хаана хаанаа ойлгосон байх гэж найдаж байна. ХҮН намынхан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлагдах шатанд нь эрс эсэргүүцэж байсан. Энэ сонгуулийн тогтолцоог Сири, Сьерра-Леоне гэсэн хоёрхон улс л ашиглаж байгаа. Кастын нийгэмтэй улсуудад хамгийн их тохирдог, дэлхий дээрх хамгийн муу систем юм. Дэлхийн түүхэнд ердөө найман улс л ашигласан байдаг юм билээ. Энэ системийг ашиглахыг Тайланд, Филиппин Үндсэн хуулиараа хориглосон нь ч бий.

Энэ нь ардчиллын эсрэг, ард түмнийг төлөөлж чаддаггүй, маш их мөнгөний сонгууль болгодог, нам институцийг дотор нь хагалдаг, бэхжүүлдэггүй, хамгийн муу үр дагавар нь залуу, шинэ улс төрийн хүчинд танигдах боломжийг олгодоггүй, үр дүн нь эсрэгээрээ гардаг систем юм. Яг л ийм шинж чанартай сонгуулийн систем. Энэ системийн сөрөг тал нь энэ удаагийн Монгол Улсын сонгуулиар маш тодорхой харагдлаа. Ийм системийг дахин ашиглаж болохгүй юм байна гэдгийг монголчууд хатуу ойлгох хэрэгтэй. Үндсэндээ монголчуудын цөөхөн хэсгийн саналыг авсан аль нэг нам, улс төрийн хүчин нийт суудлын дийлэнхийг авч байна шүү дээ.

-Дараагийн сонгуулиас урьтаж энэ системийг өөрчлөх шаадлагатай байх нь.

-Маш яаралтай өөрчлөх хэрэгтэй. Пропорциональ системийг 100 хувь биш юм аа гэхэд 50 хувьд нь оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр манай ХҮН нам, Зөв ХҮН эвслийнхэн тууштай ажиллах болно. Ардчиллаа хамгаалъя, төлөөллүүдээ тэнцвэртэй оруулъя, улс төрд шинэ салхи оруулж ирье гэж байгаа бол энэ сонгуулийн үр дүнгийн дараа, нийгэмд мартагдаагүй байгаа үед нь энэ асуудлыг ярьж, Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага байна.

-Та нам, эвслээсээ ганцаараа УИХ-д орж ирлээ. Ганц хүн гал болдоггүй гэдэгчлэн хүчгүйдэх үе байх нь мэдээж. Таны хувьд ямархуу байдлаар иргэд сонгогчид болоод нам, эвслээ төлөөлөн ажиллая гэж бодож байна вэ?

-Нэг зүйлийг цохон тэмдэглэмээр байгаа юм. Их олон залуу сонгуульд өрсөлдлөө. Заримынх нь урам хугарсан болов уу гэж бодож байна. Энэ үр дүн бол залуучууд та бүхний буруугаас болсон зүйл биш. Залуучууд хэдийнэ ялчихсан, үр дүн нь сонгуулийн системд байгаа юм шүү. Цаашдаа төрөө байгуулах шат шатны сонгуульд идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна. Үр дүн гаргаж чадаагүй ч нийгмээ өөрчилье гэсэн залуучуудын итгэлийг тээж мөс зүсэгч онгоц шиг ажиллах болно оо. Атар газар гадас зоож, анхны трактор явдагтай адил олон залуусын урмыг хугалахгүйгээр, нэр төртэй, эр зоригтой, тууштай, үзэл баримтлалдаа үнэнч, энэ улсын хөгжлийн төлөө олон мэргэжилтэн залуусын дуу хоолой болж явна гэдгээ танай сониноор дамжуулж албан ёсоор илэрхийлж байна.

Ирэх дөрвөн жил маш хүнд жилүүд байх болно. Эдийн засгийн хувьд дефолт зарлах өндөр эрсдэл бий. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд их хэмжээний өр төлөх ёстой. Наймдугаар сарын 7-нд БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн 2.3 тэрбум ам.доллар, ирэх жилээс эхлэн Засгийн газрын дөрвөн бондын төлбөрийн өр болох 2.9 тэрбум ам.долларыг төлнө. Дэлхий даяар Ковид-19-ийн хүндрэл байна. Бид төсвийн орлогынхоо 30-40 хувийг алдчихсан, эдийн засаг маань эхний улиралд 10 хувиар агшчихсан байгаа. Энэ улиралд ч агших нь тодорхой. Хоёр улирал дараалан агших юм бол үүнийг эдийн засгийн хямрал гэдэг. Хямарсан эдийн засаг дээр өр төлбөрүүдийн асуудал орж ирнэ. Одоо хөгжиж байгаа эдийн засгуудад хөрөнгө оруулалт зогссон, буцаад гарч байгаа. Тэгэхээр бид өр төлбөрөө төлөхөд маш хүнд байдалд орно. Эдийн засагч хүний хувьд яг энэ хүндрэл дээр гарц шийдлийг гарган шинэ засагт тус дэм болно оо. Хэрэв буруу шийдвэр гаргаж хөшүүн хойрго ажиллавал Засгийн газрыг шахна, бас шүүмжлэх болно. Бодлого ярина, шаардана. Эрх баригч хүчин дээр маш том сорилт, ачаа ирж байгаа гэдгийг ойлгоод маш сайн мэргэжлийн засаг байгуулж яаралтай ажилд нь оруулах хэрэгтэй. Дэлхийн хөгжиж байгаа эдийн засгууд дээр зөвлөгөө өгч ажиллаж байсан багахан туршлага байгаа. Монголчууд энэ хүндрэлийн ард элэг бүтэн, ажилтай орлоготой байх тэр бодлого дээр хатуу зогсоно. Бид бол улс төрийн хүчин. Доржханд гэдэг хүн ганцаараа биш ээ. Миний ард инженер, эдийн засагч, хуульч, эмч, багш нар гээд дэлхийн маш сайн сургуулиудад боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүд бий. Энэ хүч байгаа болохоор энэ чиглэлээр шаардлагатай хуулиуд, бодлогуудыг тухай бүрт нь хийж, шахаж, батлуулж ажиллана.

-Бие даагчид, нам, эвслийн цөөнхийн төлөөлөл Ардчилсан намд элсэх тохиолдол цөөнгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр С.Жавхлан, О.Баасанхүү нарыг дурдаж болно. Хэрэв танд ийм санал тавивал та хэрхэх вэ?

-Дахин хэлэхэд сонгуулийн системийг өөрчлөх хэрэгтэй байх. Хоёрдугаарт, нэгдэхийн тулд үзэл санаагаараа нэгдэх ёстой. Бид социал демократ зүүн төвийн үзэл санаатай, хүнээ дээдэлсэн “Хүн дээд” гэдэг үзэл баримтлал дээр нэгдсэн салбар салбарын мэргэжилтнүүд юм. Холын зорилго дээрээ нэгдсэн болохоор ойрын ямар нэгэн эрх ашгийг урьтал болгохгүй. Монголын улс төр энэ 30 жилд ямар бохир болсныг бүгд мэдэж байгаа байх. Тиймээс өөрсдийнхөө үзэл санаа, хөгжлийн хөтөлбөр дээр хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Энэ үзэл санаан дээр нэгдэж байгаа аливаа хувь хүмүүс, намуудыг бид нээлттэй хүлээж авах болов уу гэж бодож байна. Монголын улс төрд шинэ, эрүүл салхийг оруулж үр хүүхдийнхээ, дүү нарынхаа амьдралыг зөв тэгш, эрүүл нийгэмд амьдруулаасай л гэж хүсч улс төрд орж байгаа. Ийм бодолтой маш олон залуус бий. Тэр залуусын гүүр нь болж ажиллана. Иймд энэ хоёр намын систем рүү уусч орно гэж бодохгүй байна. Учир нь энэ хоёр нам маш их популист амлалт хийж, 30 жилийн энэ амьдралыг бидэнд өгсөн. Тийм болохоор эдгээр намууд өөрчлөгдөөгүй тохиолдолд өөрийн тогтсон үзэл баримтлалтай залуус бүү боломж хайж ороосой гэж хүсч байна. Харин энэ намууд төлөвшөөсэй, цэвэрлэгдээсэй, залуу үе нь илүү гарч ирж үзэл санаан дээрээ нэгдэж, итгэл үнэмшилтэйгээр улсаа өөрчлөөсэй, парламентынхаа ардчиллыг бэхжүүлээсэй гэж хүсч байна. Мөн парламент нь хэрүүлийн бус бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, Засгийн газар нь тогтвортой, хөгжлийнхөө төлөө нэг зүг рүү харж, ажилладаг байгаасай. Бидний хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөө, бизнесийн ээлтэй орчин, эдийн засгаа тэтгэсэн, Монгол хүнийг ажилтай, орлоготой, эрүүл байлгах бодлого дээр хэнтэй ч гэсэн тууштай хамтарч ажиллахад бэлэн байна.

-Хан-Уулчууд таныг хэн болохыг өнгөрсөн хугацаанд сайтар таньсан нь мэдээж. Тэгвэл энэ удаад Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа “Өдрийн сонин”-ы уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Намайг Тогмидын Доржханд гэдэг. Би 44 настай, дөрвөн хүүхдийн аав. Эдийн засагч мэргэжилтэй. Төрдөө болон дэлхийн Сангийн яам гэгддэг Олон улсын валютын санд ажилласан жаахан туршлага байгаа. Өөрийн сурсан, мэдсэн бүхнээ нийгмийг өөрчлөхийн төлөө чин шударгаар, тууштайгаар зориулна гэсэн амлалтыг Хан-Уулчууддаа өгсөн. Хэлсэн үгэндээ хүрч, нэр төртэйгөөр залуусын зүрхэн дэх гал, нүдэн дэх цогийг бөхөөлгөхгүйн тулд энэ нийгэмдээ тэдэнтэйгээ хамт гэрэл асаана гэсэн итгэл үнэмшил байна. Үүнийхээ төлөө ч тууштай ажиллах болно.

-Бие даагчид, нам, эвслээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлж эхэллээ. “Зөв ХҮН Электорат” эвсэл ямар байр суурьтай байна вэ?

-Нам, эвслийнхээ байр суурийг бид энэ долоо хоногт албан ёсоор мэдэгдэнэ. Хувь хүнийхээ зүгээс гар тооллого хийгээд шалгаж баталгаажуулсан нь зүйтэй гэж үзэж байна. Бидний үнэт зүйл ардчилал шүү дээ. Ардчиллаа хамгаалах арга хэрэгсэл нь сонгууль. Сонгууль зөв, шударга байж бид парламентын ардчиллаа бэхжүүлж чадна. Ер нь бол Эстони, Швед, Австралиас эхлээд блокчейн дээр суурилсан технологиор сонгуулиа явуулж байна. Монгол залуус гар утасны платформыг нь бий болгочихсон, дэд бүтэц нь бэлэн бий. Тиймээс цаашдаа технологийн дэвшлийг ашиглаад иргэддээ ч гэсэн хүндрэлгүй байдлаар гар утсаар сонгуулиа өгдөг загвар руу маш яаралтай орох нь зүйтэй. Ковид-19-ийн нэг эерэг тал нь иргэд маань гэрээсээ ажлаа хийдэг болж, төрөл бүрийн онлайн сургалт, үйлчилгээнүүд идэвхжиж байна.

Бид Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг зоригтой, хурдан ашигласан үндэстэн байя гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Эрх баригчид энэ чиглэлийг барьж дараа, дараагийн сонгуулийн санал авах процессийг хурдан шуурхай явуулбал бид ардчиллаа хамгаалж чадна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Эрсдэлийн үнэлгээ хийлээ

Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, ЦЕГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Наадмаар орон нутгийн зам хаахгүй

Баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэх замыг хааж, Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн мэдээлэл иргэдийн дунд цацагдаад байгаа юм. Тэгвэл УОК-оос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй болохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зогсож байсан автомашиныг мөргөсний улмаас хүний амь эрсэджээ

Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 87 км-т/ Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Фит” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хово” загварын ачааны автомашины араас мөргөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас баржээ.

Ослын тухай дуудлагыг 2020.06.29-ний өдрийн 04:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Г.Ганхөлөгөөр ахлуулсан алба хаагчид 87 км туулан 06:30 цагт очиж, Өмнөговь аймгийн харьяат Э /50, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, Цагдаагийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайгаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Иймд жолооч та бүхэн үзэгдэх орчин хязгаарлагдмал газарт шөнө оройн цагаар түр зогсолт хийхдээ цацруулагчтай анхааруулах тэмдэг байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.