Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу бүх нийтийн баяр, амралтын өдөр тохиож буйтай холбогдуулан Нарантуул, Дүнжингарав, Хархорин зэрэг томоохон худалдааны төвүүд ажиллахгүй, Хүчит шонхор худалдааны төв өдрийн 12 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Харин Бөмбөгөр, Барс, Сандей плаза болон хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 18

Ковид-19 халдварын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм–15 ...

1. Хятадын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19 цельсийн +5-с +15 градус болон 1м куб агаарт чийгшил 3-10 байхад вирус идэвхтэй үрждэгийг тогтоосон байна. Эрдэмтэд цаг агаар дулаарснаар дэгдэлт буурахгүй гэж үзжээ.

2. Ухань хотын эрдэмтэд Ковид-19-ийн 40 гаруй хувь шинж тэмдэггүй байгаа тул өвтнийг эрт илрүүлж тусгаарлах нь халдвар тархахаас сэргийлэх бөгөөд амны хаалт тогтмол зүүж, зай барьж хэвших нь чухал болохыг анхааруулжээ.
3. Хятадын эрдэмтэд гэр бүлийн гишүүдийн дунд Ковид-19-ийн халдвар тархах эрсдэлийг судалжээ. Хэрэв гэр бүлийн хэн нэгэн гишүүнд хоолой сэрвэгнэх, ядрах, бие тавгүйтэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрмэгц амны хаалт зүүх нь халдвар дамжих эрсдэлийг 79%, хатуу гадаргууг халдваргүйжүүлэх нь 77%-аар гэр бүлийн бусад хүмүүстээ халдварлах эрсдэлийг бууруулна гэжээ.
4. Шанхай хотын Фудан их сургуулийн Хуашань эмнэлгийн судлаачид 3-аас доош насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх гэртээ хүн урихгүй байх нь коронавирусээс хамгаалах хамгийн энгийн арга болохыг онцолжээ. Тэрээр мөн 50-аас дээш насныхан болон хүндээр өвдөх магадлалтай, ялангуяа 70, 80 настай ахмадууд нэн эрсдэлтэй бүлэгт байгааг дахин анхаарууллаа.
5. Францын эрдэмтэд 53 эмнэлэгт Ковид-19-тэй 1317 өвчтний дунд судалгаа хийхэд чихрийн шижинтэй 10 хүн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авснаас хойш 7 хоногийн дотор нас барсан байна.
6. Францын эрдэмтэд нохой коронавирусийн халдвар авсан тохиолдолд суулгах, хоолонд дургүй болох, бөөлжих зэрэг ходоод, гэдэсний хямралын шинж тэмдэг илэрнэ. Эмчилгээг цаг алдалгүй эхэлсэн тохиолдолд 5-7 хоногийн дараа эдгэрэх ба эмчилгээний үр дүн 80% гэжээ.
7. Нигер,Вьетнам улсад гидроксихлорихин эмийг коронавирусээс сэргийлж хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордсон тохиолдол гарчээ. Мөн АНУ-д хлорын найрлагатай цэвэрлэгээний бодис ууснаас гэр бүлийн 2 хүний 1 нь нас барж, нөгөө нь эрчимт эмчилгээнд байна. Иран улсад архийг Ковид-19-ээс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ.
8. Иран улсад Ковид-19-ээр өвдсөн 107 настай эмэгтэй эдгэрсэн нь хамгийн өндөр настай тохиолдол боллоо.
9. БНХАУ-н эрдэмтэд гэр бүлийн дунд коронавируст халдвар тархах байдлыг судалжээ. Агаар сэлгэлт хийх буюу цонхоо тогтмол онгойлгох, хүн хоорондын зайг 1м-ээс доошгүй байлгах, гар байнга хүрдэг гадаргууг тогтмол халдваргүйтгэх нь гэр бүлийн бусад гишүүдэд халдвар тархах эрсдэлийг бууруулж байсан судалгааны дүн гарчээ. Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхээс өмнө маск зүүх нь халдвар дамжуулах эрсдэлийг 79%, гадаргууг халдваргүйжүүлэх нь 77%-иар тус тус бууруулж байсан байна. Халдвартай хүнтэй нэг гэрт байх нь халдвар авах эрсдэлийг 18 дахин ихэсгэж байсан байна. Халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө маск зүүх нь халдвар бусдад тархах эрсдэлийг бууруулж байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шөнөдөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно

Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох ...

Өнөөдөр нийслэлд өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Шөнөдөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 05-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Онон, Балж, Улз голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 06-НААС 10-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Зургадугаар сарын 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Таван хүнээс халдвар илэрлээ

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байгаа. Ойрын ...

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр, VI сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн нэг, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 715 шинжилгээ хийхэд 710-т нь коронавирусийн халдвар илрээгүй. Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч байсан. Жолооч VI сарын 3-нд ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэллээ” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна

-НӨӨЦИЙН МАХ ЧАНАР МУУ БАЙГАА НЬ МАХНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭВ-

Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сарын дотор огцом өсчээ. Өчигдрийн байдлаар “Шонхор” зах дээр үхрийн цул мах кг нь 17000, хонины цул 12500, адуу 9000, ямаа 9500, тэмээ 8500 төгрөгийн үнэтэй борлуулж байв. Махны үнийн өсөлт нь орон нутгаас мах ховор ирж байгаатай холбоотой хэмээн худалдаачид тайлбарлаж байна.


-Ямар шалтгаанаар махны үнэ өсч байна вэ?

-Нийлүүлэлт муу учраас үнэтэй байна. Өнөө өглөө хөдөөнөөс орж ирсэн хонины махыг кг тутмыг нь 9500 төгрөгөөр бөөндөж авсан. Ховор байгаа учраас үнэ нь өсөөд байна гэж харж байна. Худалдаачид бид бөөндөж авсан махаа жижиглэж зарахдаа хаягдлаа хасаад нэг кг тутамд нэг хоёр мянган төгрөг нэмж борлуулдаг.

-Жил жилийн өдийд махны үнэ нэмэгддэг байх аа?

-Хаврын улиралд бага зэрэг өсдөг. гэхдээ энэ жил ховор байгаа болоод тэр үү арай дэндүү үнэтэй байна гэлээ.

Мах худалдан аваад зогсож байгаа иргэн Н.батмөнх “Монголчууд махаа авч идэж дийлэхгүй боллоо. Хонины хоёр гуя тавиулахад 140,000 төгрөг болж байна шүү дээ. Манайх шиг олуулаа айл арав хоног л идэх хоол. гэтэл цалин хөлс ямар байгаа билээ. уг нь нөөцийн мах арай хямд байгаа. Манай байрны хажуугийн дэлгүүрээс хоёр хоногийн өмнө нөөцийн мах авсан чинь идэх юм гарахгүй ихэнх нь яс байна. Нэг уутандаа гурав, дөрвөн кг жин татаж байсан. дааж идэхээргүй хатуу юм билээ. Тэрийг авсанаас үнэтэй ч гэсэн худалдааны махаа аваад идсэн нь арай арвитай гэж бодож байна” хэмээн халаглалаа.

Махны худалдаачин Наранбаатар махны үнэ хэзээ буурах талаар ийн тайлбарлалаа. “Мах туранхайдуу байхаар орж ирэх нь багасдаг. Ногоо гараад мал таргалаад ирэхээр малчид малаа төхөөрч, хотод нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь бага багаар хямдардаг. Наадам өнгөрөөд махны үнэ сайн хямдардаг шүү дээ. Зам хаасан учраас мах орж ирэхгүй үнэ нь өсөөд байна уу гэж иргэд асуугаад байгаа. Тийм зүйл байхгүй. Нийслэл рүү мах оруулж ирэхийг хориглоогүй учраас үүнтэй холбоогүй. Малчид л малаа төхөөрөхгүй байна. Ноднин өдийд арай ч ингэж өсөөгүй шүү. Үхрийн цул мах 12000-аас дээш гараагүй. Хүмүүс үнэтэй байна гээд худалдан авалт муу байна. Авах хэцүү, авахгүй байх хэцүү юм даа гээд бага багаар л авч байна даа. Хэзээ байхдаа мах 17000 хүрч байлаа даа. Энэ хямралын үед хүнсний гол хэрэглээ махны үнэ өссөн нь иргэдэд хүндээр тус ч байгаа нь мэдээж шүү дээ” гэв.


НӨӨЦИЙН МАХАНД ИРГЭД АМ МУУТАЙ БАЙНА

Өнөө жилийн хувьд нөөцийн махны нийлүүлэлт сайн байгаа хэдий ч чанаргүй муу мах байна гэсэн шүүмжлэлийг иргэд хэлж байгаа юм. Улаанбаатар хот болон төв суурин газруудад жил бүрийн хаврын улиралд махны нийлүүлэлт багасч, үнэ нь өсдөг тул махны үнийг тэнцвэржүүлэх зорилгоор улсаас нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг билээ. Энэ жилийн хувьд нөөцийн махны чанар муу байгаа нь махны үнийг тогтворжуулах үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн бололтой. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны худалдан авалт сайн байсан бол махны үнэ огцом өсөхгүй хэвийн хэмжээндээ байх байлаа хэмээн худалдаачид хэлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн маханд дугаарлаж зогсдог байсан иргэд энэ жилийн хувьд тоож авахгүй шахуу байдал ажиглагдаж байна. Нөөцийн мах худалдаж байгаа хэд хэдэн хүнсний дэлгүүрт ороход мах авахаар дугаарлаж байгаа хүн харагдсангүй. Иргэд хөлдөөгчинд байгаа махыг ухаж ухаж, эргүүлж тойруулж харж байгаад буцаагаад тавьчихаж байгаа байдал хэд хэд харагдлаа. Үхрийн мах 7700, хонины мах 6700, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байв. Дэлгүүрийн худалдагч бүсгүй ийн ярилаа. “Нөөцийн махны эрэлт анх худалдаанд гарахдаа маш сайн байсан. Өглөө дэлгүүр нээхэд дугаарлаад зогсчихдог байсан. Гэвч удаагүй худалдан авалт буурсан. Зарим хүмүүс амттай сайн мах байна гэдэг бол ихэнхдээ муу, хатуу, яс ихтэй мах байна гэж шүүмжилж байгаа” хэмээв.

Улсын хэмжээнд ХХААХҮЯ-наас гаргасан мэдээгээр 2020 онд махны нөөцийн тоо хэмжээ нэмсэн байна. Өнгөрсөн жил 4 мянган тонн мах нөөцөлж бэлтгэсэн бол энэ жил 12 мянган тонн мах зах зээлд нийлүүлээд байгаа аж. Өдөрт 100 тонн, сард 3000 тонн нөөцийн мах нийлүүлэхэд Нийслэлийн энэ хаврын хэрэгцээ хангагдана гэж тооцоолсон байна. Худалдаачдын хэлснээр махны үнэ буурах нь тэдний орлогод ашигтай, өсвөл махаа зарж чадахгүй байдалд хүрдэг учир мах ховор байгаа өдийд нөөцийн мах чанартай байвал махны үнэ өсөхгүй байсан хэмээв. Түүнчлэн нөөцийн мах чанаргүй байгаа болоод эрэлт нь нийлүүлэлтээ хангахгүй үнэ огцом өслөө хэмээн тайлбарлаж байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны 413 дэлгүүрээр дамжуулан худалдаж байгаа аж.

О.ЦЭГМИД

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Мэдээ.МН

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл амйгуудын нутгаар хур тунадас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 13-15 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн нуруугаар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с зарим үед 12-14 м/с хүрч ширүүс, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:00 цагт очиж, иргэн Х-ийн 5 ханатай гэр , 5 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:38 цагт очиж, иргэн Б-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 16:58 цагт очиж, иргэн А-ийн эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 07:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.6 км замыг туулан 07:32 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:25 цагт очиж, иргэн О-ийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн “Цагаан сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 344 км-т, сумын төвөөс хойд зүгт 19 км-т/ 06.04-ний өдрийн 19:27 цагийн орчим тус багийн “Цагаан сайрын-Ам” гэдэг газар хүчтэй хуй салхи үүссэний улмаас тухайн газар нутагладаг малчин Б-ын 6 ханатай 2 гэр, малчин Д-ийн 6 ханатай 1 гэр нурж унасан мэдээллийг мөн өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Г.Бавуусүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 06:04-ний өдөр тухайн газар очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багш анх сургаалаа айлдсан өдөр

Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижирсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр хэмээн нэрийджээ.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын хөтөлбөр:

ХААНА: МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд

ХЭЗЭЭ: 2020 оны 6 дугаар сар 5-ны өдөр / Зуны эхэн сарын шинийн арван таван /

1. ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР

05:30-07:00 Нэг өдрийн сожон санваар хүртээнэ /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн

хамба лам Д.Чойжамц / ТВ-9 телевизээр шууд дамжуулна

10:30-18:00 “Бурхан багшийн чого” хурна / Монголын бүх сүм хийдүүд /

2. ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

/ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганаас МҮОНТВ-ийн 1,2-р сувгаар шууд

дамжуулна /

09:30-09:33 Хөтлөгч нээж үг хэлнэ

09:33-09:35 Бурханы шашны Алтан соёмбот тугийг мандуулна

09:35-09:40 “Энх тайвны ерөөл” уншина / МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн

лам хуврагууд /

09:40-09:45 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц айлдвар

айлдана

09:45-09:50 Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ / ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа /

09.50-10.00 “Даян дэлхийн энх тайвны төлөөх залбирал” /Монголын шашны тэргүүнүүд /

10:00-10:10 Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн онлайн мэндчилгээ

10:05-10:10 Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн онлайн мэндчилгээ

10:10-10:15 “Бурхан багш” киноны дуу /залуу уран бүтээлч Ц.Энхтайван, Г.Ариунбилэг /

10:15-10:20 “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулна

10:20-10:25 “Бурханы сургаал миний бодлоор” эсээ бичлэгийн уралдааны шагнал

гардуулна

10:25-10:30 “Миний Монголын бичиг соёл” онлайн уралдааны шагнал гардуулна

10:30-10:35 “Уяхан замбутивийн наран” уртын дуу / МУГЖ Г.Хонгорзул /

10:35-10:40 Хөтлөгч хааж үг хэлнэ

3. ЦАХИМ БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

09:00-21:00 Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан баярын тусгай хөтөлбөр “ЕТV HD”

телевизийн пэйж хуудсаар шууд дамжуулна.

21:20-22:00 “Бурхан багш” олон ангит киноны 32 ангийг МҮОНТВ-ийн 1-р сувгаар шууд

шууд дамжуулна.

00:00-23:59 Монгол орон даяар тухайн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг гардуулна.

09:30-17:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Гар зураг,

эсээ бичлэгийн уралдааны бүтээлээр үзэсгэлэн гарч, онлайнаар үзүүлнэ

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхцэцэг: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин

Сэтгэл зүйч, сэтгэл судлаач Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Сэтгэл гутрал гэж яг юуг хэлээд байна вэ?

-Сэтгэл гутрал бол оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодид сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэг юм. Биеийн хавдар гэдэгтэй адил сэтгэлийн хавдар. Эрт үед нь оношилж, эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин.

-Таны хэлээд байгаа сэтгэлийн хавдрыг эрт үед оношлох чухал гэлээ. гэтэл тухайн хүн сэтгэл гутралд орсноо ч мэддэггүй. Тэгвэл аль эрт бидний анзаарахгүй, тоодоггүй жижиг зүйлээр илэрч эхэлдэг байх тийм үү?

-Сэтгэл гутралын дараах есөн шинж тэмдэг ямар нэг байдлаар их, бага хэмжээгээр илэрч байдаг. Нэгдүгээрт, өдөр бүр, өдрийн ихэнх үед цөхөрсөн, хоосон, найдваргүй байдал мэдрэх. Хоёрдугаарт өдөр бүр, өдрийн ихэнх хэсэгт амьдралын идэвхи сонирхолгүй болж, урьдын хийх дуртай, сонирхдог байсан зүйлсээ сонирхохоо болих. Гуравдугаарт, хоолны дэглэм барихгүй жин хаях эсвэл жин нэмэх. Дөрөвдүгээрт, өдөр бүр шахуу нойргүйдэх эсвэл хэт их унтах. Тавдугаарт, давчдах, эсвэл биеийн хөдөлгөөн удаашрах. Зургадугаарт, өдөр бүр шахуу ядарч, сульдсан, тамир тэнхээгүй болох. Долдугаарт, өдөр бүр сул дорой байдал мэдрэх, өөрт хамаагүй зүйлд өөрийгөө болон бусдыг буруутгах мэдрэмж үүсэх. Наймдугаарт, өдөр бүр бодох, төвлөрөх, шийдвэр гаргах чадваргүй болох. Есдүгээрт, үхлийн тухай байнга бодох, амиа хорлох тодорхой төлөвлөгөөтэй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээрээс дор хаяж таван шинж хоёр долоо хоногийн турш илэрч байвал сэтгэл гутралд орсон байна гэж үзнэ. Харамсалтай нь манайхан хангалттай шинж тэмдэг илрээд байхад анзаарахгүй, тоомжиргүй хандаж асуудлыг даамжруулдаг. Хэрэв шинж тэмдэг илэрсэн л бол зайлшгүй сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл гутрал бол төрсний дараах сэтгэл гутрал гэдэг. Гэхдээ энэ төрлийн гутрал жирэмсний үеэс эхлэлтэй байдаг уу?

– Тийм, дааврын өөрчлөлтөөс болж жирэмсэн үеэс эхэлдэг. Жирэмсний сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл гутралд нөлөөлдөг. Гэтэл сэтгэл гутралын тухай мэдэхгүй хүмүүс дээрх есөн шинж илэрч байгаа ээжийг залхуу байна, арчаагүй байна, унхиагүй гэх зэргээр нэмж дарамталдаг. Ялангуяа сүүлийн үед ахмад настай хадмуудынхаа хатуу ширүүн дарамтнаас болж сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүд их ирдэг болсон. Хадам ээжүүд хүүгээ бэрээсээ харамлах, өмөөрөх, амьдралд нь оролцох, эсвэл төрөөд удаагүй, сэтгэл санааны хувьд таагүй, хямралтай байхад нь ойлгохгүй гэр орноо цэвэрлэсэнгүй, хүүд минь анхаарал хандуулсангүй гэх зэргээр дарамт их байдаг болж. Хэдий бидний амьдралд энгийн мэт дүр зураг боловч энэ байдал эмэгтэйчүүдийг сэтгэл гутрал руу түлхэж буй том шалтгаан болоод байна. Учир нь сэтгэл гутрал гэдэг нэг төрлийн өвчин гэсэн шүү дээ. Бид өвчтэй хэвтэж байгаа хүнийг бос “гэрээ цэвэрлэ, ажлаа хий” гээд байдаггүй биз дээ. Үүний оронд харин ч санаа тавьж, анхаарал халамжлах хэрэгтэй.

-Жирэмсний дараах сэтгэл гутралд өөр юу нөлөөлдөг вэ?

-Сэтгэл гутралд орчин хамгийн их нөлөөлдөг. Бие сэтгэлийн хүчирхийлэл амсч буй хүмүүс сэтгэл санааны хувьд гутралд хамгийн ихээр өртдөг. Нөхөртөө, хэн нэгэнд зодуулах, элдвээр хэлүүлэх зэрэг нь сэтгэл гутралд орох гол хүчин зүйл болдог. Хэрэв ээжүүд хүчирхийлэл дор амьдарч байгаа бол аль болох аюулгүй орчинд байх хэрэгтэй. Өөрийгөө бие сэтгэлийн хувьд аюулгүй байлгах нь хамгийн чухал. Харин биологийн талаасаа төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох эстроген болон прогестроны ялгаралт эрс багасдаг. Ингэснээр Серитонин буурдаг. Энэ бол манайхны хэлдгээр аз жаргалын гормон ялгаруулагч тэнцвэрээ алддаг учир хүн сэтгэл санаагаар амархан унаж, айдасд амархан автах, мартах, нойргүйтэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

– Жирэмсний сэтгэл гутралаас ангид байх энгийн арга зам юу байна?

-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх эхний алхам бол өөрт сэтгэл гутралын шалгуур шинж илэрч буйг мэдэх. Улмаар энэ нь өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөх. Түүнчлэн мэргэжлийн тусламж үйлчилгээ буюу сэтгэл зүйн зөвлөгөө авч эхлэх. Хэрэв хүндэрсэн бол зөвлөгөөг эмтэй хослуулах нь үр дүнтэй. Хөнгөн үедээ бол ээжүүдэд бүх төрлийн тусламж хэрэгтэй. Хангалттай нойр авах боломж олгох, агаар салхинд гаргах, йог, бассейнд явах, найзуудтайгаа уулзах зэрэг нь сэтгэл санааны хувьд дэмжлэг болж ганцаардал, сэтгэл гутралаас хол байлгахад тусалдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл дунд байдаг эмэгтэйчүүдийн хувьд өөрийгөө чөлөөлнө, тайван байлгана гэдэг амаргүй. энэ тохиолдолд эмэгтэйчүүд яах ёстой вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, нөхөр нь үргэлж зодож дарамталдаг эмэгтэйчүүд хүлцэнгүй болж, хүчирхийллээс салж чадахгүй, хувь тавилан мэтээр өөртөө итгүүлж чимээгүй явах нь их. Гэвч ингэснээр байдал хэзээ ч сайхнаар эргэхгүй шүү дээ. Харин ч хэзээ нэгэн цагт амиа алдах эрсдэлд дөхсөөр байдаг. Тиймээс хүчирхийлэгчтэй тэмцэх хэрэгтэй. Эцэг, эхдээ хэлэх, наад зах нь дотны найз нөхдөдөө зовлонгоо хуваалцаж сэтгэлээ онгойлгох нь чухал. Сэтгэл дотроо хамаг зовлонгоо гадагшлуулахгүй, миний л зовлон гэж хадгалсаар сэтгэл гутралд орж, улмаар өөртөө итгэх итгэлээ алдаж амьдрах хүсэлгүй болж хүндрэх тохиолдол их ажиглагддаг. Энэ бол буруу. Хүн сэтгэлийн амьтан учраас сэтгэлээ нээж, өөрийгөө чөлөөлж байж дараагийн шийдвэрийг гаргах итгэл төрнө шүү дээ.

-Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гэртээ байгаа ээжүүдийн хямрал илүү болж буй шинж ажиглагдаж байна уу?

-Сэтгэл зүйн зөвлөгөө авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй. Яг үнэндээ би ачааллаа дийлэхгүй л байна. Өчигдөрхөн гэхэд 25 настай нэг хүн амиа хорлох тухай бодох болсон талаараа ярьж зөвлөгөө авсан. Ер нь хөл хорио тогтоосноос үүдэн зарим эмэгтэйчүүд ч гэлтгүй хүмүүс ажилгүй, орлогогүй болж дээр нь гэрээс гарахгүй байх нь улам сэтгэл гутралд орсон хүнийг хязгаарлачихаж байгаа юм. Дэлхий нийтэд сэтгэл зүйчид энэ айдастай үед сэтгэл гутралд орсон хүмүүсийг улам л түгшүүрт оруулж сэтгэл санаагаар унагаж байна гэж үзэх болсон.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн талаар сэтгэл эмзэглүүлэм хэргүүд гарах боллоо. хамгийн сүүлд гуравхан сартай охиноо тэврээд нэгэн ээж хорвоог орхилоо. тохиолдол сэтгэл зүйн гүн дарамт, хямралд орсон байх магадлалтай юу?

-Ямар ч эрүүл хүн амиа хорлох, тэр дундаа үр хүүхдээ хөнөөх тухай бодохгүй. Тэгэхээр гэр бүлийн бие сэтгэлийн хүчирхийлэл дор байсан л гэсэн үг.

-Та энэ сард гэхэд сэтгэл гутралын чиглэлээр нэлээд олон сургалт зохион байгуулах гэж байгаа юм байна. энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. Энэ сарын 11-нд эмэгтэйчүүдэд зориулж жирэмсний сэтгэл гутрал гэсэн сэдвээр сургалт явуулах бол 12-нд нь сэтгэл гутрал 25 – 35 насныханд, 13- нд сэтгэл гутрал ба нойргүйдэл 15 – 25 насныханд, энэ сарын 18-нд донтолт зөвхөн ээжүүд болон эмэгтэйчүүдэд, 19-нд донтолт зөвхөн эрчүүд болон аавуудад зэрэг энэ сар дуустал хийх сургалтуудын хуваарь гарсан байгаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Гантогоо: Монгол хүний авьяас билгийг төрийн бодлогоор дэмжээд өгвөл дэлхийд гарах боломжтой

“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа.


-Дундговь аймгийн Сулинхээрийн заставт төрж, Хөвсгөлд өссөн гэсэн. Тэгэхээр бага насны тань тухай яриагаа эхэлье?

– Тийм шүү, би Дундговьд төрж Хөвсгөл нутагт өссөн. Ам бүл зургуулаа. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Аав, ээж маань хоёулаа Хөвсгөлийн уугуул. Аав маань Орост цэргийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн цэргийн ангид заставын даргаар ажилладаг байлаа. Харин ээж маань насаараа цэцэрлэгт багшаар ажилласан хүн бий. Манай ах, дүү бид хэд ганц хоёрхон насны зөрүүтэй, дэрсхэн өссөн.

-Та аавынхаа мэргэжлийг өвлөөд цэргийн хүн болох сонирхол байсангүй юу?

-Тийм сонирхол огт байгаагүй. Манай ах цагдаагийн академид сурч, аавын мэргэжлийг эзэмшсэн гэх үүд ээ. Би өөрөө бол МУБИС-ийн Газар зүй байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй. Ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан гэсэн үг. Гэхдээ үүнийхээ хажуугаар бүр цэцэрлэгээсээ дуу хууранд дуртай, урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Урлагийн үзлэг, өөр ямар наадам байна бүх юманд оролцдог. Хөвсгөл аймагт оролцож байгаагүй урлагийн наадам байхгүй байх. /инээв/ Ээж маань ч намайг их дэмжсэн. Ийм л гэр бүлд өссөн дөө.

-Танай удамд урлагийн хүн бий юү?

-Манай аав ээж, өвөө эмээгийн талд урлагийн хүн байхгүй. Гэхдээ манай ээж маш сайхан дуулдаг хүн бий. Арван жилд байхдаа сургуулийнхаа аварга дуучнаар шалгарч байсан гэдэг. Магадгүй ээжийнхээ авьяасыг дуурайсан юм болов уу гэж боддог шүү. Харин аав маань намайг урлагийн хүн болохыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Урлаг уран сайхан гээд явахаар “за нөхөөр чи урлаг уран сайхан гээд явж болно, наад хичээл номоо цалгардуулж болохгүй” гэж захиж сургадаг байсан. Тийм ч учраас би хичээлдээ маш их анхаарна. Арван жилээ ч алтан медальтай төгссөн, их сургуулиа ч онц төгссөн. Ингээд төгсөөд Солонгос улсыг зорьсон доо.

-Та нэг ярилцлагадаа “Цагаахан гартай залуу харийн оронд очоод хадаас хадаж, таван үйлдвэрт, таван жил ажилласан” хэмээн ярьсан байсан?

-Тэгэлгүй яахав. Их сургуулиа амжилттай төгссөн ч гэсэн дүү нарын сургалтын төлбөрөөс эхлээд санхүүгийн асуудал их. Үүнээс гадна мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүнд юу хэрэгтэй билээ. Мөнгө л хэрэгтэй. Аав ээж маань ч урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөж дөрвөн хүүхдээ их сургууль төгсгөж байхад тэднийхээ ачийг хариулъя гэсэн зорилготой Солонгос улс руу гэрээт ажилтнаар явж байлаа. Яваад арав гаруй жил болсон. Энэ хугацаанд аав ээждээ тодорхой хэмжээнд тусалсан л болов уу гэж боддог шүү.

-Солонгост ажиллаж амьдрахын зэрэгцээ өөрийгөө дуу хуураар хөглөж “Оддын хаан”-аас эхлээд олон газар Монголынхоо нэрийг гаргасан шүү дээ?

-Зарим нэг хүмүүс “Ваав Гантогоо гэдэг үнэхээр азтай л залуу” гэж хардаг тохиолдол бишгүй бий л дээ. Яаж яваад Солонгос яваад, яаж яваад “Оддын хаан”-д ороод, яаж “Яг түүн шиг”-т оролцчихдог байна аа гэсэншүү бодол тээнэ… Гэтэл энэ азтай байх шалтгааны ард хичээл зүтгэл, хөдөлмөр бий. Хүн бүрийн амжилтад хүрэх зам харилцан адилгүй урт, богино. Энэ урт, богино байх хугацаа хичээл зүтгэлээс л хамаарах байх. Зүгээр тархи ажиллаад, бодол хөврүүлээд суухад л аз од хүрээд ирдэг юм биш. Солонгост очсон эхний таван жилд би өөрөө хайж байгаад олон уралдаан тэмцээнүүдэд тасралтгүй ордог байсан. Өөрийгөө асар их сорьж байсан. Ер нь хүсэл мөрөөдөл хүнийг зүгээр суулгадаггүй байхгүй юу. Чин хүсэл эрмэлзэл байна. Залуу хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө үнэнч, тууштай, зоригтой байх үед аз бол бөөн бөөнөөрөө орж ирдэг. Тийм ч учраас одоо ч хөдөлмөрлөхөд суралцсаар л явна.

-Солонгост урлагийн тайзан дээр гарахдаа үргэлж үндэсний дээл, хувцсаа өмсдөг байсан гэсэн. Ер нь хэн ч гэсэн эх орноосоо түр холдож байж үнэ цэнийг нь мэдэрдэг шиг ээ?

-Наадах чинь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн асуулт байна. Гэр орноосоо хол явж хилийн дээс алхаад ирэхээрээ ээжийнхээ чанасан цай, аав, дүү нарынхаа захисан үг бүхнийг нь санана. Хажуудаа байгаа үнэт зүйлээ мэдэрдэггүй нь яалт ч үгүй хүний шинж, хорвоогийн жам юм даа. Хэдий гадаадын хөгжил өндөр оронд очоод зам харгуйгаас эхлээд манай оронд ийм зүйл байгаасай гэж боддог ч яг манай монгол шиг, яг ээж аав шиг минь, ард түмэн шиг минь тийм хүмүүс хаана ч байдаггүй байхгүй юу. Гадаадад тоглолтоор явахад эцгийн нэрээс илүү эх орны минь нэрээр өргөгдөж явдаг. Тэр ч утгаараа манай эх орон ийм гайхалтай шүү гэж очсон газар, таарсан хүн болгондоо ярьдаг.

-Хүмүүс тэр сайн сайхныг бус муу муухайг л харж, ярьж, шүүж явдаг болсон шиг ээ?

-Би нэг хэсэг “яагаад” гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг болчихсон байсан. Яагаад би гадаадад ажиллах ёстой юм. Яагаад би Монголдоо ажиллаад мөнгө олж чадахгүй байгаа юм. Төр засаг минь яагаад ийм байдалтай байгаа юм гээд дандаа бусдыг буруушааж, бусдаас алдаа хайж явдаг байсан. Энэ нь ердөө чадахгүй байгаа өөрийгөө өмөөрч байгаа л зүйл байхгүй юу. Би хичээгээд байхад яагаад болохгүй байгаа юм гээд нэг хэсэг маш их стресстсэн. Үүний үр дүнд нэг л зүйлийг ухаарсан. Чи л өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болно. Чи л өөрийгөө эрж олоод бусдад сайнаар нөлөөлөх ёстой. Монгол Улсын ирээдүй залуус бидний гарт байгаа учраас би өөрөөсөө эхлэх ёстой юм байна гэж… Энэ бодлоо залуу үеийн дүү нартаа түгээхийг их хичээдэг. Бид хэн нэгнийг буруутгаад явах хэнд хамаатай, хэнд ашигтай юм бэ.

-“Гантогоо гэх залуугийн дотоод ертөнцийг сонирхохоос илүү солонгос соёлыг Монголд дэлгэрүүлэх гээд байгаа этгээд мэтээр ярьдаг” гэж та дурдсан?

-Үгүй ээ, харин одоо чинь хуурамч хаягны цаанаас муулдаг. Эсвэл тэр хүний талаар баталгаагүй, эх сурвалжгүй мэдээлэлд итгэж дүгнэж болохгүй байхгүй юу. Би чинь багаасаа урлагаар явсан. Солонгост 13 жил ажиллаж амьдарч, урлагийнхантай нь хөл нийлүүлж ирсэн. Магадгүй миний ярианы аялга, гадна төрх байдалд харь орны соёл нөлөөлсөн байгаа. Тэрийг бол үгүйсгэхгүй. Гэтэл тэрийг харчихаад Солонгосын соёлыг түгээх гэж байна гэж ярьж байна. Үгүй. Харин ч би Солонгост сурсан мэдсэн, харсан үзсэн ур чадвар, сайн сайхнаа Монголдоо дэлгэрүүлэхийг хүсдэг. Яагаад гэвэл Солонгос урлагаар эх орноо яаж дэлхийн тавцанд таниулж чадах вэ гэдгийг харуулсан хамгийн тод жишээ улс. Драма гарахгүй монгол телевиз байна уу. Байхгүй. К поп сонсдоггүй өсвөр насныхан байна уу. Байхгүй. Энтертайнмент, урлаг соёлоороо улс эх орноо дэлхийд таниулж болохыг харуулчихлаа. Энэ нь ард иргэд, хувь хүн бүр хөгжчихсөн байгааг илтгээд байна шүү дээ. Хөгжсөн иргэн улс эх орноо хэрхэн аваад явах нь ойлгомжтой. Тийм ч учраас хүний гаднах байдал, яриа хэл бол хэнд ч хэрэггүй зүйл. Харин түүний оронд тэр хүний юу хүсч мөрөөдөж сэтгээд байгааг лавшруулж ойлгох хэрэгтэй байх. Хэл ярианд минь аялга орчихсон байж магадгүй. Гэвч миний зүрх сэтгэл, оюун ухаан тэр чигээрээ үндсэрхэг үзэлтэй монгол залуу./инээв/

-Та Солонгосын урлагийн тогоонд багагүй хугацаанд чанагдлаа. Ингэхэд таны бодлоор Монголын урлагийн салбар ямар түвшинд явж байгаа бол?

-Үүний тухай би маш их бодож явдаг. Монгол Улс бол өөрийн гэсэн өв уламжлал, ардын урлагтай. Үүнд монгол хүний ген бас яригдана. Энд тэнд ажиллаж амьдрахдаа монгол хүн маш хурдан дасан зохицдог, юм сурахдаа хурдан гэдгийг мэдэрсэн. Дэлхийд ч гэсэн монгол хүний ген, оюуны потенциал өндрөөр үнэлэгддэг. Тэдний нэг жишээ бол “THE HU” хамтлаг байна. Рок урсгалыг өөрийн өв соёл, үнэт зүйлтэй нэгдэн сүлэлдүүлж өнөөдөр дэлхийд гайхагдаж байна. Гэх мэтчилэн бидэнд асар их боломж бий. Энэ их мэдрэмж, авьяас билиг, ур ухааныг төрийн бодлогоор жаахан дэмжээд, дэмнээд өгвөл дэлхийд гарах боломжтой. Урлаг бол хэл ус, шашин шүтлэг, яс үндэс үл хамаараад энэ дэлхийн хүмүүсийг холбодог хамгийн чухал зүйл. Би ингэж л бодож явдаг.

-“Бэрүүд” уран сайхны кинонд дүр бүтээсэн шүү дээ. Урьд нь кинонд тоглож байсан уу?

-Гантогоо жүжигчин болсон./инээв/ Урьд нь кинонд тоглож байгаагүй. 2019 онд UBS телевизийн захирал Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн И.Балхжав ахаасаа үндэсний контент болох “Бэрүүд” кинонд дүр бүтээх урилга авсан. “Ваав баярлалаа окэй” гээд л кинондоо тоглож эхэлсэн. Гэтэл жүжигчин гэх мэргэжил ямар хэцүү ажил гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн/инээв/. Кино зохиолоо уншина, дүрдээ уусна, үгээ цээжилнэ гэдэг чинь ээ бурхан минь асар хэцүү байдаг юм билээ. Гэхдээ жүжигчин, найруулагч Ш.Мөнхбаяр ахаараа сар гаруйн хугацаанд жүжиглэх ур чадварын хичээл заалгуулаад амжилттай зураг авалтаа дуусгасан.

-“Хайрын өргөө”, “Улаанбаатарын хайрын дагина” гэсэн киноныхоо хоёр ч дууг дуулсан байсан?

-“Бэрүүд” кинондоо тоглоод дууг нь дуулсандаа маш баярлаж, бахархаж байгаа. Миний хувьд бас их хөөрхөн дүр дээр ажилласан шүү дээ. Гэхдээ би киногоо спойлордмооргүй байна./инээв/ Дүр дээрээ өөрийгөө сайн тоглосон, муу тоглосон гэж үнэхээр хэлэх эрх байхгүй. Харин үзэгч олон маань үнэлгээ өгөх байх. Монгол кинонд тоглоно гэдэг бол миний амьдралын хамгийн мартагдашгүй, хүчин чармайлт гаргасан, бас маш их дурсамжийг үлдээсэн. Кино багийнхантайгаа нэгэн гэр бүл болоод киногоо төгсгөсөн. Үнэхээр гоё юм билээ.

-2019 онд олон сайхан дуу гаргасан. 2020 он гараад ямар уран бүтээл дээр ажиллав?

-2020 ондоо “алаад өгье өө” гэсэн коронавирус гараад… /инээв/ 2019 ондоо дуучин Л.Насанбуянтай хамтарч дуэт дуу хийсэн. Тэр дуу маань хүмүүст их хүрсэн. Мөн 2019 ондоо “Бэрүүд” кинондоо бүтэн жил гаруй хугацааг зарцуулсан. Хувийн уран бүтээл хийгдэж амжаагүй байж байгаад сая өвчний дэгдэлтээс өмнө Солонгос явчихаад ирэхдээ тун удахгүй үзэгчдэд хүрэх тав дахь соло СD-нийхээ дүрсний зураг авалтыг хийчихээд ирсэн. Удахгүй үзэгч сонсогчдод бүтээлүүд маань хүрнэ. Ер нь “Бэрүүд” кино маань гарч эхэлснээс хойш олон уран бүтээлийн саналууд ирж байгаа. Ид оргил үе дээрээ явж байгаа гэх үү дээ. Корона вирусээс болоод зогсонги байсан бол корона чи уран бүтээлчдийг хорьж, боож чадахгүй шүү./инээв/

-Дуучин Л.Насанбуян та хоёрыг амьдрал дээр хосууд болов уу гэж хүмүүс боддог юм билээ?

-Дуучин Л.Насанбуян бид хоёр уран бүтээлийн хосууд. Оюутан байхдаа “Оддын эрэлд” тэмцээнд оролцож байсан. Шилдэгт үлдсэн нь дуучин Л.Насанбуян, Мотив хамтлагийн дуучин Ганбаа бид хэд л дээ. Тэр цагаас хойш бид үй зайгүй найзууд болж байнга холбоотой байдаг болсон. Л.Насанбуянтайгаа хамтарч дуулна гэж ярьж байсны дагуу бүх зүйл маань сайхан бүтэж маш сайхан дуу хийсэн. Ер нь би өсвөр насны хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайл болохоор хараалын үгтэй дуу хийхээс татгалздаг. Аль болох нийгэмдээ эерэг, зөв дуу хөгжмийг бүтээж гэмээнэ цаашлаад эх орны ирээдүй үүнээс бүрэлдэнэ гэж боддог шүү.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

М.Золбаяр: Хичээлдээ дургүй, өөртөө итгэлгүй болсон сурагчид код бичсэнээр урам зоригтой болдог

Codercub кодинг сургалтын төвийн үүсгэн байгуулагч М.Золбаяртай ярилцлаа. Тэрээр Энэтхэгийн Пүнэгийн их сургуулийн мэдээллийн технологийн инженер бакалавр, АНУ-ын Миссуригийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны магистр цолтой юм.


-Дэлхийн улс орнууд хүүхдүүдээ багаас нь код бичүүлдэг болоод байна?

-“Хүүхэд компьютер программчилж сурах уу” гэж эцэг эхчүүд асуудаг. Компьютерийн шинжлэх ухаан, программ хангамж гэдгийг зөвхөн их сургуульд л заадаг, сурахад хүнд сэдэв, насанд хүрсэн хүн л сурах боломжтой гэх хоцрогдсон ойлголт манай нийгэмд байдаг. Тэгвэл дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хүүхдийг аль болох багаас нь технологийг хэрэглэгч биш, бүтээгч өнцгөөс харж сурахад түлхүү анхаарах болсон байна. Австрали улсын Шинэ Өмнөд Уэйлс муж бага ангид, бүр цаашилбал цэцэрлэгийн хүүхдүүдэд компьютерийн шинжлэх ухааны үндсэн ухагдахуунуудыг заах шинэ шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрийг заавал үзэх хэлбэрээр хоёр жилийн өмнө тусгаж өгсөн байна. Тэндхийн хөтөлбөрийг сонирхож үзлээ л дээ. Цэцэрлэгээс хоёрдугаар анги хүртэл Scratch хэл ашиглан дарааллын тухай ойлгох, өгөгдлийг зураг диаграммаар дүрслэх, гурав, дөрөвдүгээр ангид өгөгдлийг төрөлжүүлэн ангилж сурах, тав, зургадугаар ангид тоон системүүд өөр хоорондоо хэрхэн уялдаж ажилладгийг ойлгох, жижиг видео тоглоом хийх, долдугаар ангиас эхлээд ерөнхий программчлалын хэлийг заавал үздэг хөтөлбөртэй юм билээ. Ерөнхийдөө 1–6 дугаар ангид дүрс эвлүүлэх замаар программ зохиодог блок суурьт программчлалын хэл, долдугаар ангиас дээш код бичих замаар программ зохиодог ерөнхий программчлалын хэл үзнэ гэсэн үг л дээ. Гэтэл манайд энэ тал дээрх шинэчлэл туйлын хангалтгүй байгаа бөгөөд Ерөнхий боловсролын хөтөлбөрт технологийн бичиг үсгийн тайлагдлыг тусгасан байдал нь долдугаар ангийн хүүхдүүд дөнгөж компьютер асаах, шивэх, хэрэглээний программуудыг нээж ажиллуулах төдий байгааг теле хичээлүүдээс харж болно. Технологийн сургалтаар монгол хүүхэд дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг өнөөдөр хувийн ганц хоёр сургууль, цөөн хэдэн кодинг сургалтууд л олгож байгаа нь энэ орон зайг нөхөж чадахгүй байгаа. Өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдэд код заахыг хэрхэн чухалчилж байгааг дээрх жишээ харуулж байна.

-Код бичих, код сурахын ач холбогдол юу вэ. Технологийн бичиг үсгийн тайлагдал чухал гэж үзэх болсон?

-Өнөө цагийн хүүхэд хүссэн хүсээгүй тоон технологитой багаасаа харьцаж өсч байна. Ухаалаг утас, видео тоглоом, интернэт, бүр роботууд ч тэдний амьдралын нэг хэсэг болсон байж магадгүй. Технологи хэрэглэж сурах нэг хэрэг, харин цаад шинжлэх ухааных нь талаар ойлголттой болсноор технологийн бичиг үсэгт тайлагдана. Дээр дурдсан технологиудын хөдөлгөгч хүч нь ид шид биш ердөө л программ хангамж, өөрөөр хэлбэл хэн нэгний бичсэн код юм. Хүүхдүүд ч гэсэн код сураад зөвхөн технологи хэрэглэх биш, өөрсдөө технологи бүтээгчид болж болохыг тэдэнд мэдрүүлэх нь чухал ач тустай.

-Код бичдэг хүүхдүүд асуудалд шийд, гарц олохдоо үеийнхээсээ илүү, тооцоолох чадвар өндөртэй гэдэг?

-Том асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж үе шаттайгаар шийдвэрлэх нь ямар ч салбарт хэрэглэдэг аргачлал. Аливаа даалгаврыг бүтцийнх нь түвшинд харж хэсэг тус бүрээр нь шийдвэрлэх нь уг даалгаврыг цогцоор нь шийдэх гарц юм. Программ зохиоход эхлээд шаардлагатай алхмуудын жагсаалтыг толгойдоо бодож гаргах нь нэг ёсондоо алгоритм зохиох үйл явц юм. Энэ нь шийдлийн суурь болж өгдөг. Мөн жижиг асуудлыг шийдвэрлэх логик, зүй тогтлыг таньснаар тэдгээрийг илүү ээдрээтэй асуудлуудад дахин ашиглаж сурна. Эдгээрийг тооцоолох сэтгэхүй буюу com­putational thinking гэдэг.

-Таны шавь нар хэр сурч байна вэ?

-Бага гэлтгүй өөрөө сэдэж бүтээсэн жижигхэн аппликэйшн тухайн хүүхдийн оюуны бүтээл, сэтгэлгээний илэрхийлэл байдаг. Би сурагчдынхаа зарим шийдэл, анимейшнийг хараад гайхаж бахархах сэтгэл төрдөг. Компьютерийн шинжлэх ухаанд нэг асуудлыг шийдэх хэдэн ч арга байх боломжтой ба тухайн хүүхдийн өөрийн ур ухаан, мэдрэмжийг нь кодоороо илэрхийлж санаанд оромгүй шийдлүүдийг гаргаж ирсэн байхыг харах үнэхээр урамтай. Тиймээс код бичих нь сурагчдад хамгийн хөгжилтэй хэлбэрээр суралцах боломж олгоно.

-Код сурахад эхэн үедээ хэцүү юү. Код бичиж сурснаар хүүхдэд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ?

-Анх код бичээд л тэр нь шууд ажиллачихна гэж хэзээ ч байдаггүй, алдаа заавал гарна. Тэр болгонд кодон дээрээ дүн шинжилгээ хийж алдааг засах хэрэг гарна. Код бичиж эхэлж буй хүүхдийн хувьд үр дүнгээ заавал харах эрмэлзэл төрдөг ба энэ нь эргээд тэдэнд боломж эрэлхийлэх, няцашгүй оролдлого хийх сэдэл төрүүлдэг. Мөн бусадтай хамтарч багаар ажиллах, харилцааны чадварт суралцах нь ямар ч ажлын байрны гол үзүүлэлт мөн. Манайх мөн хүүхдийг багаар бичил кодинг төслүүд дээр хамтарч ажиллах дадалд сургадаг бөгөөд энэ нь ганцаараа ажилласнаас илүү үр дүнтэй нь ажиглагддаг. Тухайлбал, чөлөөт сэдэвт төслийн хүрээнд хамтарч асуудлыг шийдвэрлэдэг, хамтдаа суралцдаг учир багаар ажиллаж буй хүүхдээс илүү сонирхолтой бүтээлч санаа гардаг. Код бичиж өөр өнцгөөс тархиа ажиллуулах нь хичээлдээ дургүй болсон, эсвэл өөртөө итгэлгүй болсон сурагчдад урам зориг өгдөг нь судалгаагаар батлагдсан. Мөн байгалийн ухааны хичээлүүдэд дур сонирхолгүй хүүхдэд шинжлэх ухааныг шинэ арга замаар таниулахад тустай. Код сурсан хүүхэд математик зэрэг хичээлүүдээ ойлгож дур сонирхолтой болох нь элбэг байна. Код бичих нь дан ганц компьютерийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээр хязгаарлагдахгүй цаг үе улам бүр ойртсоор байна. Мэдээллийн эрин зуунд өгөгдөлд бие даан дүн шинжилгээ хийх чадвар бүх салбарт давуу талыг авчрах болсон. Ямар ч сургууль, ажилд орох өргөдөл өгөхөд компьютерийн хэлээр ярьдаг бол таны үнэлэмж эрс дээшилнэ гэсэн үг юм.