Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Цахим гэмт хэргийн талаар онцлох баримтууд

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь “цахим” гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэргийн талаар хэд хэдэн тодорхойлолт байдаг боловч /компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр/ хэмээн хамгийн энгийнээр тайлбарлаж болно.

Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг аж. Уг гэмт хэргийг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна. Иймд цахим гэмт хэрэг гэж юу болох, түүний онцлог шинж чанар, гэмт этгээдүүдийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэлтэй болсноор хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлхийн улс орнуудаас АНУ-д цахим гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг бөгөөд Холбооны мөрдөх товчоо жилд 300 мянга орчим, өдөрт 900 гаруй цахим гэмт хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авдаг байна. Хэдийгээр цахим гэмт хэргийн объект өргөн хүрээг хамардаг ч гэмт этгээдүүд богино хугацаанд өндөр ашиг олох боломжтой хэмээн үзэж хувь хүн болон байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг цахим халдлагын бай болгох сонирхолтой байдаг.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв 50-аас дээш насны иргэд, нягтлан бодох бүртгэл, хууль зүйн товчоо, банк, санхүүгийн байгууллага, эмнэлэг зэрэг тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллага өртдөг байна. АНУ-ын хэмжээнд 2018 онд 110 мянга орчим хүн цахим халдлагад өртөж, 1.1 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага нийт халдлагын 22 хувийг, банк, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн халдлага 25 орчим хувийг эзэлжээ.

АНУ-ын хууль сахиулах байгууллагын тайланд бүхий л төрлийн цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 1.5 их наяд ам.долларын хохирол бусдад учруулдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нийт орлого хамгийн багадаа 1.5 их наяд ам.доллартай тэнцэж байгаа нь ДНБ-ий хэмжээ нь 1.6 их наяд ам.доллар бүхий БНАСАУ-ын нэг жилийн орлоготой дүйцэхүйц байна хэмээн дурджээ. Улмаар цахим гэмт хэргийн хохирол жил бүр 11 орчим хувиар нэмэгдэж, ирэх 5 жилийн хугацаанд 3-5 их наяд ам.долларт хүрч болзошгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Үүнээс гадна “Facebook”, “Twitter” зэрэг нийгмийн сүлжээг ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 3.25 тэрбум ам.долларын хохирол бусдад учруулдаг бөгөөд хохирогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэргийн дотроос нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үг, дансны болон зээлийн картны мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг хулгайлах, бусдад зарж борлуулах явдал хамгийн түгээмэл буюу нийт гэмт хэргийн 45-50 хувийг эзэлдэг аж.

Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүдэд “фишинг” буюу интернэтээр залилан үйлдэх, “сошиал инженерчлэл” буюу хувь хүний сэтгэл зүйн онцлогийг харгалзан сэдэл /мөнгө хожих, тэтгэлэг авах зэрэг/ өгч, итгэл төрүүлэх замаар мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх болон компьютерийн сүлжээнд төрөл бүрийн вирус, хортой код тараах зэрэг аргууд багтдаг. Үүнээс гадна цахим шуудан ашигладаг нийт хэрэглэгчдийн хувьд спам халдлага хамгийн эрсдэлтэйд тооцогддог байна.

АНУ-ын “Accenture securtiy” байгууллагын 2019 оны “Кибер гэмт хэргээс учирсан хохирол”-ын талаарх тайланд дурдсанаар “фишинг” болон “сошиал инженеринг” хэлбэрийн халдлагад өртсөн байгууллагын тоо 2018 онтой харьцуулахад 16 хувиар өсч, нийт цахим халдлагад өртсөн байгууллагын 85 хувийг эзэлж байна. Харин хортой код ашиглаж үйлдсэн халдлагын улмаас 2018 онд 2.6 сая ам.долларын хохирол учирсан нь өмнөх оноос 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цахим валют/криптовалют буюу бидний хэлж заншсанаар “Биткоин” хэрэглээнд нэвтэрсэн нь иргэдийн төлбөр тооцоог хөнгөвчилсөн ч нөгөө талаар цахим болон бусад гэмт хэргийн гаралтад нөлөөлөх хүчин зүйл болж байна. Гэмт этгээдүүд интернэт орчин дахь цахим мөнгө-санхүүгийн залилан төдийгүй хүний болон эд эрхтний наймаа, хар тамхи, галт зэвсгийн худалдаа, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг хууль бус үйлдэлдээ биткоин ашиглахыг илүүд үзэж байна. Австралийн их сургуулийн судалгаагаар, биткоин нь цахим гэмт хэрэгтнүүдийн төлбөрийн хамгийн таатай хэрэгсэл бөгөөд жилд 76 орчим тэрбум ам.долларын биткоин гүйлгээ хийгдэж байгаа нь АНУ, Европын Холбооны орнууд дахь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаанаас олох ашиг орлоготой тэнцэж байна хэмээн дүгнэжээ. АНУ-ын цахим аюулгүй байдлыг хангах байгууллага 2021 он гэхэд криптовалют ашиглан үйлдэгдэх цахим гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх бөгөөд нийт криптовалютын гүйлгээний 70 орчим хувь нь гэмт хэрэгтэй холбоотой байна хэмээн тооцоолжээ.

Иймээс улс орнууд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон шинжээчид цахим аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 17.4 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзсэн байна. Мөн олон улсын цахим аюулгүй байдлын зах зээлийн судалгаагаар, 2017-2021 онд цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдах нийт хөрөнгө 1 их наяд ам.доллараас давах бөгөөд цахим аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтын зардал л гэхэд 2027 онд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

Манай улсын хувьд цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс дийлэнх нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг бөгөөд энэ нь цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн талаар мэдлэг дутмаг, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул зэргээс үүдэлтэй юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэсэн, борлуулсан, хор хөнөөлт программ хангамж бүтээсэн, ашигласан, тараасан тохиолдолд 2,700-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн цахим гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан байдаг.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна

Тэрээр “Үе шаттайгаар зохион байгуулна. Эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулъя. Иргэдийг хүлээж аваад, тусгаарлаад, эмчлээд хяналт тавиад ажиллаж байгаа тэр албан хаагчдыг. Эдгээр хүмүүст урам хэрэгтэй. Ингэхдээ тухайн төрийн албан хаагчийн орлогод тулгуурлан иргэд өөрсдөө байр сонгох боломжоор хангах нь чухал. Харин чанар сайтай, ашиглалтад 100 хувь бүрэн орсон барилгын жагсаалт ил тод, нээлттэй байх ёстой” гэв.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Одоо бидэнд үндсэн хоёр ажил байна. Ашиглалтад орсон байраа бүртгэлжүүлэх, иргэдэд нээлттэй онлайн үзэсгэлэн зохион байгуулах. Мөн “COVID-19” халдварын өндөр эрсдэлд ажиллаж буй, байранд орох албан хаагчдаа бүртгэж тодорхой болгох” хэмээв.

Албан хаагчид ашиглалтад орсон байрнаас сонголтоо хийх, материалаа бүрдүүлэх зэрэг ажил их, хугацаа бага байгаа тул Шадар сайд ажлын хэсэгт ажлаа түргэвчлэхийг үүрэг болгов. Тэрээр зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоон барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй, ипотекийн зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал гэдгийг анхааруулсан юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Элчин сайд М.Клеческийг ГХЯ-нд хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Сайд нар Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцлаа. Элчин сайд америкийн талаас цар тахалтай тэмцэхэд зориулж хувийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөх болсныг мэдээлв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

21.1 сая төл бойжиж байна

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 77,1% буюу 21,9 сая эх мал төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 52,1%, бог малын нийт хээлтэгчийн 78.8% нь тус тус төллөжээ. Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 97.3%, Ховд аймаг 93% хамгийн өндөр хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4% байна. Улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97%-тай байна. (67,4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг)

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр болсон Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал уншиж сонордууллаа.

“Монголын ард түмэн, бурхны шашинд сүсэгтэй зон олондоо зуны тэргүүн сарын шинийн арван тавны бэлгэт сайн өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголчууд эртнээс номт төрийн хос ёсны уламжлалт бодлогоор улс орноо удирдан залж, ардын сэтгэлийг амар амгалан, төрийн ёсыг төвшитгөж ирсэн. Зуун жилийн тэртээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахдаа энэ ёсоор шашин, төрийг хослон баригч улсын эзэн хаантай ч байж үзсэн. Энэ уламжлалыг хадгалж, 1992 онд батлагдсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэж заасан.

Монголын тулгар төр Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн бурхны шашин бол монголчуудын хэдэн зуу, мянган жилийн түүх соёлд нэвт шингэж, эргээд түүнийгээ бүтээн тэтгэж ирсэн оюун санааны дархлаа, уламжлалт шашин мөн билээ. Ийм ч учраас ард түмний оюуны дархлааг хамгаалж байх нь улс үндэстний аюулгүй байдалд амин чухал болох талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах хүрээнд уламжлалт бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлэхээр заасан билээ.

Өнгөрсөн жил Монгол Улсын төр засаг, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр болгон хуульчилж, өнөө жил энэ өдрийг анх удаа хуулийн дагуу ёслон тэмдэглэж байна. Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наманчилдаг, амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж, сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож, тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна.

Хүн өөрөө төгс төгөлдөр болох зам мөрд суралцаж, аврал, ариуслыг гаднын хэн нэгнээс бус, харин өөрөөсөө эрж хайж, олж гэгээрдэг нь буддын шашинтны хувьд хамгийн үнэт ололт юм. Орчлонгийн цагийн хүрд эргэлдэж он цаг алсрах тусам буддын шашны шинжлэх ухаанч хандлага, танин мэдэхүйн нэн өвөрмөц арга хэлбэр нь дорно, өрнийн оюун билигт эрдэмтдийн сонирхлыг татаж, гайхширалыг төрүүлж, нэн чухаг судлагдахуун болсоор байна.

Монголчуудын цэцэлсэн нэгэн үг бий. “Төрөө засъя гэвэл гэрээ зас, гэрээ засъя гэвэл биеэ зас, биеэ засъя гэвэл эрдэм сур, эрдэм суръя гэвэл сэтгэлээ тогтоо” гэж өвөг дээдэс маань сургасан байдаг. Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг гэсэн энэ энгийн ухагдахуун бол энэрэн хайрлахуйг дээдэлдэг буддизмын гол үзэл санаатай яв цав нийцдэг. Бидний амьдран буй байгаль дэлхийн гүн гүнзгий өөрчлөлтийн эрин, 21 дүгээр зууны хурд, мэдээллийн цөмд эргэлдэж байгаа хүнийг буддын шашны итгэл үнэмшлээр цэнэглэж, түүнд бодож бясалгах, өөрийгөө таньж мэдэх хичээл дадлыг олгох нь даян дэлхийн энх тайвны төлөө хийж байгаа үнэлж баршгүй их тус мөн билээ.

Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе.

Хамаг амьтан амгалан жаргалантай байх болтугай” гэжээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт нэмэлтээр оруулсан юм. Хуулийн төслийг УИХ-ын 9 гишүүн санаачлан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсан билээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХЭҮК болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний томилгооны сонсголыг цахимаар явуулна

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ...

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтийг хүлээн авсан. Товлосон хугацаанд нийт 24 нэр дэвших хүсэлтийг хүлээн авснаас нэр бүхий 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр сонгон шалгаруулалтын оролцогчоор 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр бүртгэж, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулсан болно.

Ажлын хэсэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.9, 9.2-т заасны дагуу томилгооны сонсголыг 2020 оны зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд цахимаар явуулахаар шийдвэрлэсэн. 19 оролцогчийг хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу дараах өдөр, цагт томилгооны сонсгол явуулах бөгөөд оролцогч тус бүрийн нэр дээр дарж нэр дэвших тухай хүсэлттэй нь танилцах боломжтой.

2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн томилгооны сонсголын хуваар:

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид:

09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

09.10-10.00 Х.Мөнхзул

10.00-10.50 Г.Агар-Эрдэнэ

10.50-11.40 Б.Энхболд

11.40-12.30 З.Өнөржаргал

12.30-13.10 завсарлага

13.10-14.00 Б.Өнөрмаа

14.00-14.50 М.Гантулга

14.50-15.40 Т.Ихтамир

15.40-16.30 Б.Баттулга

16.30-17.20 Б.Нармандах

17.20-18.10 С.Энхцэцэг

2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн томилгооны сонсголын хуваарь:

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид (үргэлжлэл)

09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

09.10-10.00 Ж.Хунан

10.00-10.50 Г.Нарантуяа

10.50-11.40 Д.Сүнжид

11.40-12.30 С.Энхбаяр

12.30-13.30 завсарлага

13.30-14.20 Ц.Адъяахишиг

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид

14.20-15.10 Ш.Цогбаатар

15.10-16.00 П.Оюунчимэг

16.00-16.50 Г.Наранбаатар

16.50-17.40 Д.Цэнд-Аюуш

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Томилгооны сонсголын дэгийн Хавсралтад буй “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагаас өмнө batbyamba@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.8, 1.9-т заасны дагуу Ажлын хэсэг томилгооны сонсгол явуулахдаа “Томилгооны сонсголын дэг” (хавсралтаас уншина уу)-ийг баримтална.

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалан явуулна. Томилгооны сонсгол явуулах бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд орно. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг

Categories
мэдээ нийгэм

​УРИАЛГА: Коронавируст халдвар (ковид-19)-ын эрсдэлээс сэргийлье!!!

Нөхцөл байдлын мэдээ COVID-19 - Эрүүл Мэндийн Яам

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахал дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, 6 сая гаруй хүн өвчилж, 380 мянган хүн нас бараад байна. КОВИД-19-ын цартахал оргил үедээ хүрээгүй талаар ДЭМБ анхааруулсаар байна.

Иймд УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр КОВИД-19-өөс сэргийлэх халдвар хамгааллын арга хэмжээг мөрдөхийг Та бүхэнд уриалж байна. Үүнд:

Сонгуулийн хэсгийн болон штабын байранд:
• Амны хаалт зүүх
• Биеийн халуун үзэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Уулзалт цуглааныг танхимд болон ил задгай талбайд 1,5-2 метрийн зайтай суухаар зохион байгуулах
• Уулзалт цуглааныг хүний бөөгнөрөлгүй 2 цагаас илүүгүй хугацаагаар зохион байгуулах
• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
• Уулзалт хооронд хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизнатай уусмалаар цэвэрлэх
• 30 минут тутам агаар сэлгэлт хийх
• Сурталчилгааны хэвлэмэл материалыг тараахдаа бээлий өмсөх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
Сонгогчдод:
• Амны хаалт зүүх
• Гар ариутгагч хэрэглэх
• Хүн хоорондын зай барих
• Тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй, гар барихгүй, хоорондоо ярихгүй байх

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ

Одоогоос жил гаруйн өмнө Герман улсын Дрезден хотноо Туркийн Истанбул дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн тээвэрлэж яваад баригдсан байдаг.

Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины үнэ тухайн үедээ гурван сая евротой тэнжэж байжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэднийг шүүх хурал болж, Б.Баттүшиг энэ үеэр тусгай албаны хүрээнд тагнуулын ажил гүйцэтгэж байсан хэмээн мэдэгдэж байв. Улмаар шүүхээс Б.Баттүшигийн гар утасны сүлжээ, дуудлагуудыг шалгах шийдвэр гаргасан юм. Тэгвэл Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн дараагийн шүүх хурал энэ сарын 11-нд товлогдоод байна. Тэдэнд 11 жилийн хорих ял төлөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой

Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Энэ сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи энэ сарын 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдээр буюу 05,06,07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Салхины хурд 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хү

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдээр буюу 05,06,07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Салхины хурд 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

ртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.