Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээ

Categories
мэдээ нийгэм

Ковид-19 халдварын эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм

  1. Хятадын эрдэмтдийн судалгаагаар Ковид-19 цельсийн +5-с +15 градус болон 1м куб агаарт чийгшил 3-10 байхад вирус идэвхтэй үрждэгийг тогтоосон байна. Эрдэмтэд цаг агаар дулаарснаар дэгдэлт буурахгүй гэж үзжээ.
  2. Ухань хотын эрдэмтэд Ковид-19-ийн 40 гаруй хувь шинж тэмдэггүй байгаа тул өвтнийг эрт илрүүлж тусгаарлах нь халдвар тархахаас сэргийлэх бөгөөд амны хаалт тогтмол зүүж, зай барьж хэвших нь чухал болохыг анхааруулжээ.
  3. Хятадын эрдэмтэд гэр бүлийн гишүүдийн дунд Ковид-19-ийн халдвар тархах эрсдэлийг судалжээ. Хэрэв гэр бүлийн хэн нэгэн гишүүнд хоолой сэрвэгнэх, ядрах, бие тавгүйтэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрмэгц амны хаалт зүүх нь халдвар дамжих эрсдэлийг 79%, хатуу гадаргууг халдваргүйжүүлэх нь 77%-аар гэр бүлийн бусад хүмүүстээ халдварлах эрсдэлийг бууруулна гэжээ.
  4. Шанхай хотын Фудан их сургуулийн Хуашань эмнэлгийн судлаачид 3-аас доош насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх гэртээ хүн урихгүй байх нь коронавирусээс хамгаалах хамгийн энгийн арга болохыг онцолжээ. Тэрээр мөн 50-аас дээш насныхан болон хүндээр өвдөх магадлалтай, ялангуяа 70, 80 настай ахмадууд нэн эрсдэлтэй бүлэгт байгааг дахин анхаарууллаа.
  5. Францын эрдэмтэд 53 эмнэлэгт Ковид-19-тэй 1317 өвчтний дунд судалгаа хийхэд чихрийн шижинтэй 10 хүн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авснаас хойш 7 хоногийн дотор нас барсан байна.
  6. Францын эрдэмтэд нохой коронавирусийн халдвар авсан тохиолдолд суулгах, хоолонд дургүй болох, бөөлжих зэрэг ходоод, гэдэсний хямралын шинж тэмдэг илэрнэ. Эмчилгээг цаг алдалгүй эхэлсэн тохиолдолд 5-7 хоногийн дараа эдгэрэх ба эмчилгээний үр дүн 80% гэжээ.
  7. Нигер,Вьетнам улсад гидроксихлорихин эмийг коронавирусээс сэргийлж хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордсон тохиолдол гарчээ. Мөн АНУ-д хлорын найрлагатай цэвэрлэгээний бодис ууснаас гэр бүлийн 2 хүний 1 нь нас барж, нөгөө нь эрчимт эмчилгээнд байна. Иран улсад архийг Ковид-19-ээс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ.
  8. Иран улсад Ковид-19-ээр өвдсөн 107 настай эмэгтэй эдгэрсэн нь хамгийн өндөр настай тохиолдол боллоо.
  9. БНХАУ-ын эрдэмтэд гэр бүлийн дунд коронавируст халдвар тархах байдлыг судалжээ. Агаар сэлгэлт хийх буюу цонхоо тогтмол онгойлгох, хүн хоорондын зайг 1м-ээс доошгүй байлгах, гар байнга хүрдэг гадаргууг тогтмол халдваргүйтгэх нь гэр бүлийн бусад гишүүдэд халдвар тархах эрсдэлийг бууруулж байсан судалгааны дүн гарчээ. Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхээс өмнө маск зүүх нь халдвар дамжуулах эрсдэлийг 79%, гадаргууг халдваргүйжүүлэх нь 77%-иар тус тус бууруулж байсан байна. Халдвартай хүнтэй нэг гэрт байх нь халдвар авах эрсдэлийг 18 дахин ихэсгэж байсан байна. Халдвар авсан хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө маск зүүх нь халдвар бусдад тархах эрсдэлийг бууруулж байсан байна.
Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн АНХААРАЛД

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, 06 дугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Икабог”

Ж.К.Роулин

Дэлхийн хүүхдүүдийг ид шидийн ертөнцөөр аялуулж бага насных нь дурсамжийг адал явдал, гайхамшиг, өнгө будгаар чимсэн нэгэн эмэгтэй бидний дунд амьдардаг билээ. Ид шид, гайхамшиг гээд ярихаар хамгийн түрүүнд Харри Поттер болон түүний найзууд, шидтэнүүдийн сургууль болох “Хогвартс” санаанд тань бууж байгаа бол уншигч та дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваа нэгэн ажээ. Сонгодог, суут, агуу гэх тодорхойлолтод нийцэх эсэхийг мэдэхгүй ч сая сая хүүхдийн төсөөллийн ертөнцийг үлгэрийн мэт болгосон учраас зохиолч Ж.К.Роулин яалт ч үгүй өнөө цагийн нэгэн сод хүн билээ. Тэрээр цар тахал тархсан энэ хар цаг үед хайртай уншигчдадаа нэгэн бэлэг барихаар шийдсэн нь түүний шинэ зохиол “Икабог”. Ид шидийг бүтээгч зохиолч маань шинэхэн зохиолоо цахим хуудсанд үнэгүй байршуулж, хөл хорионы үеэр гэртээ хоригдож буй сая сая хүүхдүүдэд болон тэдний асран хамгаалагчид болох эцэг эх, асрагчдыг цагаа зугаатай өнгөрүүлэхэд нь тусалж байгаа юм хэмээн мэдэгдсэн байна.

Ж.К.Роулин одоогоос арав гаруй жилийн өмнө “Харри Поттер” цуврал зохиол дээр ажиллаж байх үедээ анх энэхүү зохиолынхоо санааг бодож олжээ. Улмаар үүнийгээ зохиол болгон бичиж өөрийн хүүхдүүддээ орой бүр унтахынх нь өмнө уншиж өгдөг байж. Тухайн үед ном болгон хэвлэнэ гэж төлөвлөөгүй байсны дээр өч төчнөөн ажил ундарсаар өдийг хүрчихэж л дээ. “Икабог”-ийг ийнхүү “түгжчихсэнд” хүүхдүүд нь их л гомдолтой байсанд ээж нь саяхнаас зохиолоо дахин гаргаж ирж зарим газар нь засварлаж, нэмж хасаад бэлэн болгомогц хүүхдүүддээ уншиж өгсөн байна. Гэтэл хүүхдүүд нь “Бидний багад байсан түүхүүдийг тэр хэвээр нь эргүүлж өгөөч дээ, ээж ээ” хэмээн шаардсан байгаа юм. Хүүхэд насны дурсамж ямар үнэ цэнтэй, нандин бас мартагдашгүй байдаг нь энэ явдлаас харагдаж байгаа биз. Тэд багадаа уншсан үлгэрийг барагтай л мартахгүй, дүрүүдийг нь насан туршдаа танил дотноор бодож явдаг бөгөөд зохиолын үйл явдлаар төлжиж гүйцээгүй бяцхан оюун ухаанаа тэлдэг юм. Тиймээс хүүхдийн зохиол бол уран зохиолоос хамгийн эмзэг нандин, анхаарвал зохих, болгоомжилж хайрлаж байгууштай төрөл.

Зохиолч Ж.К.Роулин энэхүү зохиолоо дэлхийн бүх хүүхдүүдийн унтлагын цагийн үлгэр болог гэсэндээ ном болгон хэвлүүлэхээ түр азнан цахим хуудсандаа долоо долоо хоногоор, бүлэг бүлгээр нь үнэгүй байршуулж эхлээд удаагүй байна. Та ч бас хүүхдүүдээ шинэ адал явдлаар аялуулахыг хүсвэл https://www.theickabog.com/ хаягаар ороод эх хэл дээр нь уншиж өгөөрэй. Хүүхдүүд нь англиар төдийлөн сайн ойлгодоггүй бол та өөрөө орчуулаад ярьж өгч болно шүү дээ. Ж.К.Роулинг үгийн сангийн баялаг арвинтай, эх хэлнийхээ ашиглагддаггүй шинэ, хуучин үгсийг ч оролцуулан зохиолоо бичдэг гэдгээрээ алдартай. Тэгэхээр таны болон хүүхдийн тань англи хэлний мэдлэгт ч нэмэр болох юм. Тэрээр ирэх 11 дүгээр сард уг зохиолоо ном болгон хэвлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд номыг чимэх зургийн уралдаан мөн зарласан юм билээ. Дэлхийн хаанаас ч бүтээлээ явуулж болох бөгөөд зурсан зургаа #ickabog хаштагтайгаар твиттерт оруулбал зохиолч зураг бүртэй танилцан, санал бодлоо солилцохдоо баяртай байх болно гэсэн байналээ. Албан ёсны цахим хаягаар нь зочлоход “Икабог”-ийн тухай мэдээллүүд бүгд бий дээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр үдээс хойш бага зэргийн бороо орно


Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.06.06) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж үдээс хойш бага зэргийн аадар бороо орно, дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирус илэрч, нийт тохиолдлын тоо 193 боллоо

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:

-2020 оны зургадугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнээс вирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнд 10 хоногийн дараа коронавирус илэрлээ.

Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 210, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Алтанбулаг боомтоор орж ирсэн 30 тээврийн жолоочийн шинжилгээ сөрөг гарч, өнөөдөр дахин нэг оюутан эдгэрч, эмнэлгээс гарч байна. Энэ оюутан 22 настай. Тавдугаар сарын 13-нд эх орондоо ирж, 14-ний эхний шинжилгээгээр вирус илэрсэн. Нийтдээ 23 хоног эмчлэгдэж гарч байна. Монгол Улсад нийт тохиолдол 193 болж, эдгээрээс 71 нь эдгэрч, ХӨСҮТ-ээс гарсан.

Биеийн байдлыг үнэлбэл, 108 хүн хөнгөн, хүндэвтэр 14, 8-16 насны нэг хүүхэд, жирэмсэн эмэгтэй гурав, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна.

Эмя-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Монгол Улсад өчигдөр /2020.06.05/ ажиглалтад шинээр таван хүн орсон. Нийтдээ 252 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 1280 хүн ажиглах байранд байгаагаас архаг хууч өвчтэй 47 хүн байна. Эдгээр хүмүүст 35 их эмч, 45 резидент эмч эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өчигдөр хоёр зочид буудалд ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 12 эрүүл мэндийн ажилчид ажиллаж, 5408 хүнд вирусийн тандалт судалгааг хийсэн. Тусгай 24 цагийн 119 утсанд өчигдөр 204 дуудлага ирж, коронавирусийн халдварын урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн талаар зөвлөгөө авлаа.

Шуурхай 119 апплекшнаар АНУ, Турк, БНСУ, ОХУ зэрэг улсаас Монгол Улсын зургаан иргэн утасдаж, эмчилгээний талаар зөвлөмж авсан. Манай иргэдийн зүгээс худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйтлийг муу хийж, томоохон захуудын бие засах өрөөнд гар ариутгагч байхгүй байна гэдгийг хэлж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий захирал Тедрос Адханом амны хаалтын талаарх зөвлөмжөө шинэчилж байгааг хэллээ. Маскны үр дүн их байгааг дурдаад, нийтийн тээвэр, дэлгүүр, худалдааны газар, хүн ихээр цугладаг газар заавал зүүхийг тэр дундаа даавуун амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн.

Шинжлэх ухааны байдлаар нотлоогүй ч амны хаалт хэрэглэж байгаа улсуудад халдвар бага байгаа аж. Тиймээс амны хаалт зүүхээс гадна гарын ариун цэврийг сахиж, зайнаас харилцах арга хэрэгсэлтэй хамт хэрэглэх нь маш их үр дүнтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Эммануэль Макрон: Манайх сонгодог гэр бүл биш гэдэг нь үнэн. Гэхдээ аль ч айлаас дутахааргүй хайр, халамж гэрт минь бий

Дэлхийн хэмжээний том улстөрчийн жирийн биш хайр дурлал, амьдралын тухай огт улс төргүй түүхийг багахан сонсох уу. 2017 онд Эммануэль Макрон ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод ялах үгүй нь тодорхойгүй дээсэн дээр дэнжигнэж байхад Брижит нэгэн хэвлэлд ярилцлага өгч байсныг санаж байна. Тэр ухаант бүсгүй залуу нөхрийнхөө давуу талуудыг тоочсоны дараа “түүнийг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Эс бөгөөс зургаан жил хүлээх хэрэгтэй болох нь. Гэтэл зургаан жилийн дараа би чинь 70 настай болчихсон байх нь шүү дээ, бурхан минь” гэж наргиан болгон ярилцлагаа дуусгаж байж билээ. Гурван хүүхэдтэй нас тогтсон эмэгтэй 25 жилийн өмнө дунд охиныхоо ангийн хүүтэй жиг ургуулж улмаар тэр холбоос нь дэлхийн тэргүүлэх улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай гэх хэмжээнд хүргэх хүртэл дээшилнэ гэж хэн мэдэх билээ. Францчууд ерөнхийлөгчөө улс төрд хутгалдан их, бага хэмжээгээр нийтийн танил болсон үеэс нь эхлээд л “найдваргүй гэр бүл, удахгүй сална” гэсэн үзэл бодолтойгоор угтсан ч тэд хамт амьдарсан хэвээр, улам л өнгө жавхаа нэмэн аз жаргал гэрэлтүүлэн алхаж л явна. Эммануэль Макрон нэгэнтээ “Манайх сонгодог гэр бүл биш гэдэг нь үнэн. Гэхдээ аль ч айлаас дутахааргүй хайр, халамж гэрт минь бий” хэмээн хэлсэн нь яг тэр гэр бүлд тохирсон тодорхойлолт. Амьен гэж Францын нэгэн жижигхэн хот байна аа. Хотын оршин суугчид аль айл ямар хоол хийж буй, хэдэн хүнтэй, хэнийх нь хүүхэд хэр зэрэг сахилгагүй вэ гэдгийг нэвт мэддэг тийм жижигхэн хот. 1993 оны зуны нэг өдөр La Providence дунд сургуулийн хурлын танхимд ахлах ангийнханд зориулан мадаам Озьер, Жана Тардьегийн “Инээдмийн хэл” жүжгийг найруулан тоглож байлаа. Жүжиг амжилттай өрнөж дуусах мөчид уг жүжгийн гол дүрүүдийн нэгд тоглосон тус сургуулийн онц сурлагатан, үлгэр жишээ сурагч Эммануэль Макрон сэтгэл хөдлөлдөө автан жүжгийн багш Озьер хатагтайн хацар дээр үнсэв. Нөгөөх нь нэг их дургүйцсэнгүй. Ингэж л 15 настай хүү, 40 настай багшийн хооронд дурлал эхэлж байжээ.Амттан худалдаалдаг сүлжээ дэлгүүрийн эзний гэрт төрсөн Брижит Троньэ 21 насандаа Андре Луи Озьер хэмээх банкиртай гэрлэж гурван хүүхэд төрүүлээд “хатагтай Озьер” болчихсон байхдаа насныхаа хайртай учирч буй нь энэ. Гайхалтай биш гэж үү. Дээр хэлсэнчлэн Амьен дэндүү жижигхэн хот учир латин, франц хэлний багш эмэгтэй сургуулийнхаа төгс онц сурлагатан сурагчтай хэтэрхий их цагийг хичээл заах нэрийн дор өнгөрөөх болсныг яаж дуугай үлдээх билээ, хов жив хөвнө биз дээ. Эммануэлийн эцэг,эх хүүгээ ангийнхаа охин Лоранстэй үерхэж байгаа гэж бодож байтал Лорансын ээж Брижит багштайгаа салж чадахгүй “наалдсаныг” сонсоод уулга алдаж байсан гэдэг. “Чи ядаж хүүг маань 18 нас хүрэхийг хүлээж чадсангүй юу” гэж Брижитийг загнаж байгаад Эммануэль Макроныг Парис руу “цөлж” байжээ. Харин Макрон явахдаа “та надаас тийм амархан сална гэвэл гоньж шүү. Юу ч болж байсан хамаагүй, эцэстээ би тантай гэрлэх л болно” гэж хэлээд салж явав. Дараа нь гурван жил үргэлжилсэн хайрын захиа, Брижитийн худал, үнэн шалтгаан заан Парис руу зорчих болсон жим, Андре Луигийн арван жилийн хүүд эхнэрээ алдсан хорсол, салалт, Амьен хотын оршин суугчдын “эмгэн, хүүхэд хоёрын үерхлийн үргэлжлэл”-ийн хугацаанд тавьсан бооцоот он жилүүд хөвөрсөөр 2007 онтой золгож Брижитийг 54-тэй, Эмманнуэлийг 30-тай байхад тэр хоёр даруухан хуримаа цогцлоожээ.

Франсуа Олландагийн багт Сангийн сайдын албыг хашиж байсан 38 настай Эммануэль Макрон ямар нэгэн улс төрийн тэмцлийн туршлага байхгүй мөртлөө бие даан ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зам шулуудсан тэр үед түүнийг зоригжуулж, зөв залсан хүн нь Брижит байсан гэдэг нь гарцаагүй. Сенна мөрний зүүн эрэгт анхны цуглаанаа зохиох гээд мунгинаж буй Макрон хэлэх үгээ бэлдээд En marche хөдөлгөөнийхөө үзэл нэгт нөхдийнхөө өмнө илтгэх үед Брижит үе үе алдааг нь засна. “Хоолой чинь хэтэрхий сул байна. Өгүүлбэр чинь даанч их нуршуу, урт учраас хүмүүс залхана” гэх мэтчилэн. Дараа нь ардууд цуглараад түүний илтгэлийг сонсож эхлэх үед Макрон шууд л “Брижит намайг хэтэрхий нуршуу ярилаа гэж зэмлэв” хэмээн үнэнийг нялзайтал хэлж байх шиг.

Эммануэль Макроны эхнэр угаасаа хэлний багш, дээр нь театрын урлагт чин сэтгэлээсээ дурлан амьдардаг нэгэн байсан тул залуухан нөхрийнхөө ерөнхийлөгчийн сонгуулийн цаашдын сунгаанд асар их нөлөө үзүүлсэн дэг. Тэгээд Макрон Елисейн ордны хүндэтгэлийн хаалгаар дуутай, шуутай орохдоо Францад үйлчилдэг бичигдээгүй хуулийг зөрчин эхнэрийгээ улс төрийн албан тушаалд тавина гэж хүртэл хэлж байв. Мэдээж тэр санаа нь хүчтэй эсэргүүцэлтэй тулж биелээгүй ч гэлээ Макрон бууж өгөөгүй “хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдсон л бол тантай хамт бүтэн өдрийг өнгөрүүлж буй хүн ямар нэг үүрэг рольтой л байх болно” гэж хэлээд миний эхнэр зөвхөн тэргүүн хатагтай гэдэг гуншинд сэтгэл ханаад зогсохооргүй дайчин эмэгтэй хэмээн магтсан. Францын ерөнхийлөгч байсан хүмүүс үе, үедээ ямар нэгэн байдлаар гэр бүлийн хууралтын бодит жишээ болж сонгогчдынхоо итгэлийг алддаг нийтлэг чанартай гэхэд болно. Франсуа Олланда л гэхэд 2014 онд найз бүсгүй Валери Триервейлерийгээ “араар нь тавьж” баахан бужигнуулсан, нөгөө эмэгтэй тэр талаар нь шар хэвлэлээр баахан шуугиулж францчуудын чихийг дэлдийлгэж байсантай харьцуулах юм бол өнөө цагийн ерөнхийлөгчийн гэр бүл цагаан хэрэм мэт бат бөх байсаар байгаа нь яалт ч үгүй гайхал татмаар. Сүүлдээ бүр “Брижит Макроны нөөлөг” гэдэг хөдөлгөөн үүсэх дээрээ тулав. Нөхөр нь ерөнхийлөгч болсон цагаас эхлэн тэргүүн хатагтай өдөрт хоёр зуу хол давсан захидал хүлээн авдаг гэнэ.

Захидлуудын гол утга нь юу байдаг гээч. “Жар, заримдаа бүр далан нас хүрсэн хатагтай нар Брижитэд захиа бичиж Merci гэж хэлье, энэ бүхэн боломжтой гэж би огт бодож байсангүй. 65 насандаа ийм тачаангуй харагдаж болно гэдэг урам өгсөнд баярлалаа” гэх утгатай захидлууд зөндөө ирдэг тухай ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Пьер-Оливер Коста хэвлэлд бичиж байлаа. Харин тэдний хуримын цогчин хийж байсан Марк Ферацци хэлэхдээ “Мэдээж тэд уламжлалт хосуудаас арай өөр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэр хоёрын хооронд дурлалын гал дүрэлзээд хорин жилийг өнгөрөөлөө шүү дээ. Хугацаа өнгөрөх тусам улам л бие биедээ уусаад шинэ үүд, хаалга нээгээд явж байна. Түүх нь жирийн биш ч гэлээ та бүхэн хүмүүс заримдаа ямар ч бэрхшээлээс үл шантран он жилүүдийн саад тотгорыг төвөггүй давах хайр дурлалтай амьдардаг юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн байна лээ. Амьдрал элдэв сонин зүйлээр арвин шүү. Дэлхийн хамгийн том эдийн засагтай долоон улсын нэг, Европын тэргүүлэх улсын ерөнхийлөгч Эммануэль Жан-Мишель Фредерик Макрон хэдий өөрийн төрсөн хүүхэд үгүй ч гэлээ эхнэрийнхээ үе чацуу гурван хүүхдийнх нь “аав”, долоон ач зээгийнх нь “өвөө” гэгдээд сэтгэл хангалуун эх орноо удирдаад, залаад явж байна гэдэг гайхамшиг.

Бэлтгэсэн Б.ХУЛАН

Categories
мэдээ цаг-үе

Дөрвөн хүүхдийн аминд хүрсэн“Хан Талст”-ын эздэд хатуу хариуцлага тооцъё

Дөрвөн хүүхэд энд эндсэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан Талст” ХХК-ийн эзэмшлийн газарт байрлах усны толионд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг энэ сарын 27-нд гарсан.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. “Хан Талст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлт нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орж амь насаа алдсан байна” гэв.

Дээрх хүүхдүүд Дэнжийн 1000-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү тоглохоор очоод гэртээ харьсангүй.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хийсэн юм.

Тухайн газрыг “Хан Талст” ХХК 2014 оноос хойш эзэмшиж тохижилтын ажил хийж байжээ. Тус компанийн үйл ажиллагаанд шалгалт оруулж хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын үйл ажиллагааг нь зогсоогоод байсан гэх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал өгөв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхоо дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм.

-Энэ сарын 17-нд Хан талст” ххК-ийн эзэмшлийн газарт байрлах тогтоол усанд 11-15 насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн газарт та хамгийн сүүлд хэзээ очиж танилцсан бэ. Нөхцөл байдал ямар байсан бэ?

-Харамсалтай үйл явдал болж дөрвөн хүүхэд эндсэн. Ар гэрт нь эмгэнэл илэрхийлж байна. Ажил үүргийн хариуцлагатай холбоотой асуудлууд энд яригдана. Өмнө нь иргэдэд, тэр дундаа хүүхдэд эрсдэлтэй орчин байгаа талаар анхааруулж байсан. Хэзээ ч хэний өмнө аюул эрсдэл ирэхэд ойрхон байгаа учраас хүн бүр, бүх албан тушаалтнууд, аж ахуйн бүх нэгжүүд дор бүрнээ сэрэмжтэй байхыг сануулж л байсан.

Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү өнгөрсөн оны тавдугаар сард очиж байсан юм. ҮЦХ-тэй хамтраад наран шарлагын газар байгуулж байгаа тухай мэдэгдэж байсан. Иргэд амралтаа ая тухтай өнгөрүүлэх орчин бүрдүүлж зөв зүйтэй зүйл хийж байна гэж ажигласан. Байгуулсан гэрээг нягталж, аюулгүй байдлын талаар сайтар зөвлөөд өнгөрсөн. Харин сүүлд хоёр долоо хоногийн өмнө очиход хотоос тавьсан дугуйн зам эвдчихсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхлүүлээд явуулж байгаа юм. Тухайн үед нь ажлын хэсэг байгуулаад үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Энэ үед л дээрх харамсалтай явдал боллоо. Байгуулсан гэрээний асуудлаас авахулаад олон асуудал яригдана. Хариуцлага алдсан компанид хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага тооцох байх” гэсэн юм.

“хан талст” ххК-ийг гавьяат барилгачин Ш.Бат-Энхийн гэр бүл эзэмшдэг

Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн санд “Хан Талст” ХХК Монгол Улсын гавьяат барилгачин Шагдарсүрэнгийн Бат-Энхийн бүртгэл дээр байдаг. Ш.Бат-Энхийн эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан Ишбадамын Нарантуяа юм. И.Нарантуяа нь 2012-2015 оны хооронд Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллах хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хан Талст” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлж байжээ.

Э.Бат-Үүл нийслэл хотын дарга байхдаа 2014 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 01/2129 дугаартай албан бичгээр Төрийн өмчит байгууллага болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9.9 га газар олгож байжээ. Дээрх газраас 3.3 га-г нь тухайн үеийн Үндэсний цэцэрлэгт хүлээлэнгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан Талст”компанид ашиглуулахаар гэрээ байгуулж байжээ.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан тус гаЗрын үйл ажиллагаатай танилцаж дэмжихээ илэрхийлж байжээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд “Хан Талст” компани руу очихдоо “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буйтай танилцаж байсан юм.

Тухайн үед бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай явж байжээ. Энэ үеэр “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруйн хугацааг зарцуулсан.

“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн дөрвөн улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэж мэдэгдэж байсан аж.

Аж ахуйн нэгж, албан тушаалтнуудын ажилдаа хариуцлагагүй, ханддаг хайнга байдал дөрвөн хүүхдийн алтан амийг авлаа. Үүний хариуцлагыг байгууллагууд бие бие рүүгээ чихээд өнгөрдөг өмнөх жишиг энэ удаад ч давтагдахгүй гэх баталгаа алга. Өдөрт л хэдэн зуун хүүхэд холхидог Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд барилгын ажил зөвшөөрөлгүй явуулж дөрвөн хүүхдийн амийг алдахад хүргэсэн “Хан Талст” ХХК-тай хатуу хариуцлага тооцъё.


Categories
мэдээ цаг-үе

Удам залгасан бөхийн заяа буюу Өлзийсайханы Эрдэнэ-Очир

Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй Монголын домогт хүчтэнүүд

Хуучны сайхан бөхчүүдтэй бас ч гэж ойр дотно байж мэндтэй устай явж, яриа хөөрөөг нь сонсож дуулж иржээ. Ахмад бөхчүүдийн яриа тэдний хууч, жудаг ёс нэг тийм сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Үндсэндээ домогт хүчтэнүүдийн “он жилүүдийн туульс” бөхийг хүндэтгэх бодлыг төрүүлдэг л дээ. Харин энэ цаг үед ид барилдаж байгаа залуусаар миний бие монгол бөхийн агуу ертөнцийг тодорхойлох гээд тодорхойлж чаддаггүй. Ер нь тийм боломжгүй мэт санагддаг. Увсын Сүхбаатарын Мөнхбат аваргаас бусад нь нэг л жудаг журамгүй, ашиг хонжоо, авцаа өгөөний сэжүүртэй, дээр нь атаа хорслын юм цухалзаад байдаг шиг. Харин монгол бөхийн ертөнцийг өөрсдийнхөө туулж ирсэн замналаар бүтээж, бүрэн бүтэн болгож өгсөн хүчит их аварга, арслан, алдар цуут бөхчүүдийн гавьяаг бид мартах учиргүй л болов уу. Эл бүхнийг тодотгосны учир удам залгасан домогт хүчтэн Өлзийсайханы Эрдэнэ-Очир арслангийн тухай өгүүлэх гэж байна. Бөхийн түүхэнд аваргын дайтай хэдэн арслан төрсний нэг нь Эрдэнэ-Очир гуай. Тэрхүү “аваргын дайтай” гэж бардам хэлэгддэг хүчтэнүүдийн бараа сүрийг харж, уулзаж учирч явсан байх юм. Булганы Хишиг-Өндөрийн тавдугаар ангийн сурагч ахуйд минь алдарт “Тэмээ өргөдөг” Жамъяндорж гуай ирж, тэрхүү домог цуутай арсланг сонирхон сонжиж суусан минь санаанд тод байна. Төрийн наадамд гурван ч удаа үзүүрлэж ёстой нөгөө аварга цолны үзүүрээс атгаад алдсан Пүрэвийн Дагвасүрэн гуайтай олон ч удаа уулзжээ. Хулгар Дэндэв гэж Завханы Идэрийн алдарт бөх “Хүүхээ, Дагвасүрэн арслан хаана байна” гэж өөрөөс нь асуухад сүрдэхдээ “бөхийн асарт байгаа байх аа” гэж худал хэлснээ ярих дуртай байсан. “Хулгар Дэндэв гуайн дэргэд би жаахан хүүхэд шиг харагдаж байгаа юм. Тэрээр намайг дээд талдаа суулгаж, би заан цолтой хүн, миний хүү бол арслан цолтой бөх. Ах захаа чи бодоод байх шиг байна. Гэхдээ монгол бөхийн эрэмбэ гэж том юм бий, тиймээс би цолыг тань хүндэтгэж доор чинь суух учиртай” гэж хэлж билээ” хэмээн Дагвасүрэн гуай хэлдэг. Хурц арслан Бадамсэрээжид гуайнд очиж өвгөнтэй ярих мөн ч сайхан. 90 гараад явж байгаа гэхэд ануухнаараа, ухаан бодол цэлмэг сайхнаараа байж билээ. Эд бол аваргын дайтай арслангууд. Одоо Мижиддорж гуай, Сосорбарам гуай хоёр ханайж байна даа.

Одоогоос яг арван жилийн өмнө Эрдэнэ-Очир гуайнд очсон. Баянзүрх хайрхныхаа хормой бэлд, Туулын хөвөө, Гачууртын аман дахь зусланд нь гэргий хүүхдээ дагуулж очоод бүтэн өдрийн туршид ханатлаа хуучилсан сан. Эрдэнэ-Очир арслангийн аав Өлзийсайхан гэж мөн л улсын арслан цолтой бөх байсныг хүмүүс бараг л мэднэ дээ. Өлзийсайхан арслан Дорнодын хүн байсан, тиймээс бөхийн ном сударт “Дорнодын уужим тал монгол бөхийн түүхийг бүтээхэд ихээхэн том байр эзэлдэг. Даншиг долоон хошууны наадмын магнайнууд төрсөн, байгаль хүн хоёр нь зохицсон бие биенээ дэмжиж тэтгэж, өсөж өндийлгөдөг нутаг” гэж бичигддэг талтай. Даншиг наадмын олон бөхчүүд Дорнодын талаас төржээ. Сүүлд хувьсгал ялснаас хойших жилүүдэд Дорнодын “хумбан хар” буюу Тамжавын Балсан, “Баргын” хэмээн алдаршсан Манлайбаатарын удам Шагдарын Гилэг, “гулзгай” хэмээх Учралын Дамчаа гээд төрийн наадмын түрүү үзүүрт зоолттой зогсож асан, хэдэн лут арслан төрсний дотор Хасын Өлзийсайхан зүй ёсоор бичигддэг. Тэрээр 1908 онд Дорнодын Халх гол суманд төрсөн, Халхын голоос ирж Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө зодоглосон хүчтэн юм. Дөчин нэгэн онд Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор алдарт Буур Жамъян аваргаар найм давж алдарт Түвдэндорж аваргатай үлдэж үзүүрлэн арслан цолыг хүртжээ. Тэгвэл түүний хүү Эрдэнэ-Очир тавин долоон оны наадамд улсад анх зодоглосон жилээ ааваараа дөрөв давж улмаар их бууны ангийн Дашням гэж залуугаар тав давж 21 насандаа улсын начин цолны босго алхжээ. Бээжин аварга, “хулгар” Дамдиндорж заан, Нагнайдорж, “ноёны бөх” Жоржооны Жигмэддорж гээд өнөө үед домог мэт яригддаг бөхчүүд нэг оны начингууд гэсэн.

Эрдэнэ-Очир арслан бол домогт хоёр Мөнхтэй нэгэн зэрэг монгол бөхийн дэвжээнд гарч ирсэн нэг бодлын азтай, нөгөө бодлын азгүй бөх. Баянмөнх аваргыг ид үед Эрдэнэ-Очир гуай л унагаж байсан юм гэдэг. Жаран гурван оны наадмын зургаагийн даваанд Эрдэнэ-Очир Баянмөнх хоёр тунаж барилдаад Эрдэнэ-Очир нь давжээ. Баянмөнхөөр зургаа давсан тэрээр долоогийн даваанд Мөнхбаттай тунах нь мэдээж. Ингээд Мөнхбат аварга давж, тэр жилийн наадмын түрүү бөхөөр шалгаран улсын наадмын анхны түрүүгээ авч байсан ийм л түүх бичигддэг. “Хоёр Мөнх”-ийн Мөнхбат нь түрүүлж, Баянмөнх нь Гялдангийн Цоодол арслангаар 19 насандаа тав давж улсын цолны босго алхахад Эрдэнэ-Очир гуай зургаа, долоогийн даваанд хүч үзэж байсан нь сонин. Арслан яг ид үедээ Баянмөнхөд дөрөв, Мөнхбатад дөрөв, Дамдин аваргад гурван удаа өвдөг шороодсон. Хэрвээ энэ гурав байгаагүй бол 11 удаа төрийн наадамд түрүүлэх байсан гэх тооцоог бөхчүүд гаргасан байдаг. Баянаа аварга барилдаж эхэлснээсээ хойш Мөнхбатад хамгийн олон буюу 97, Эрдэнэ-Очир арсланд 96 удаа унасан гэх тооцоог гаргасан тухай өвгөн арслан сонирхуулж байж билээ. Тэгэхээр Баянаагийн өдрийн тэмдэглэлийн “хар” дэвтэрт хамгийн олонтаа дурдагдаж бичигдсэн хүмүүс Мөнхбат, Эрдэнэ-Очир хоёр юм.

Төр хурхын амралтын хойхно байх Хавтгайн өвөлжөөнд 1936 онд төрсөн хүчит арслан аавынхаа зодгийг бүсэлж яваад хаяснаа ихэд харамсангуй хэлснийг нь би мартдаггүй. Хорь орчим настай залуу Баянзүрх уулын өвөрт болсон наадамд барилдаад буцахдаа аавынхаа зодог шуудгийг, монгол гутлынх нь боолттой хамт бүсэлж яваад хаячихжээ. “Агсамхан морьтой явж байв. Морь маань үе үе шуугиад л. Тэр хооронд хаячихгүй юу. Уул нь миний хойно манай нутгийн хүмүүс явж байсан. Тэд мэдээж олсон л доо. Харин надад өгөөгүй юм. Аав минь гутлынхаа боолтод их харамсаж билээ. Төрийн наадамд ид барилдаж байхдаа сайн мориор авч байсан гэдэг. Би ер нь аавынхаа үнэтэй цээтэй юмыг хаяж үрэгдүүлсэн хүн байгаа юм. Төв аймгийн Эрдэнэсантын Зундуй гэж хүнд манан хөөргийг нь гуйгаад байхаар нь өгчихөөд сүүлд нь бас харамсаж л байлаа” гээд хүд хүд инээж суусан.

Хуучны бөхийн ном бүтээл, оноо дансанд арсланг Төв аймгийн Баянзүрх сумын харьяат гэж цоллож байсан. Баянзүрх сум нь тарснаас нэг болохоор Сэргэлэн, нөгөө болохоор Эрдэнэ гэж дуудуулж байж. Зарим үед Налайхын бөх ч гэж зарлуулж явсан удаатай. Энийг ер нь нэг тийш нь болгохгүй бол сүүлдээ олон газрын дунд тэлэгдээд, харьяал ч үгүй болж мэдэх нь гээд албан ёсоор Эрдэнэ сумаар овоглосон байдаг. Тэрээр яалт ч үгүй “Армийн таван халуун”-ы нэг юм. “Том Санжаа гуай, Эрдэнэ-Очир арслан, Зундуй заан, манай аав энэ хэд чинь нэг оны цэргүүд. Ямар сайндаа тэр үед бөхчүүдийн дунд “Армийн таван халуун” гэсэн нэршил гарч байхав. Эрдэнэ-Очир арслан, Санжаа заан, Зундуй заан, жижиг Санжаа гуай, аав энэ тав шүү дээ” гэж Цэрэн аваргын охин Даваасүрэн хэлж байсан бол Зундуй заан “Бид таваас бөхчүүд бэргэдэг, таарахаасаа халширдаг байлаа. Тэр үед одоогийнх нь сайхан залуу шалгаруулах тэмцээн энээ тэрээ гэж байсан биш. Хэрвээ байсан бол Цэрэн аварга хамгийн түрүүнд шалгарна. Халхын сайхан Юндэн гэдэг чинь дүрээрээ байсан юм. За тэгээд манай Эрдэнэ-Очир зоолттой орно” гэж хэлсэн удаатай. Эрдэнэ-Очир гуай, тэмээ өргөдөг Жамъяндорж, том Санжаа заан энэ хэдийн бяр тэнхээний талаар ёстой домог шиг л юм яригддаг. Сосорбарам арслан нэгэнтээ “Эрдэнэ-Очир ойгүй бяртай, энгүй хүчтэй бөх л дөө. Ж.Мөнхбат бид мэт нь бяраар түүнээс дутуу ч гэсэн мань эрээс илүү хурдтай барилддаг байсан тулдаа түүнд хав бариулалгүй бужигнуулж байж, хийг нь тааруулж хаядаг байв. Түүнээс биш хав бариулчих юм бол өнгөрөх нь тэр. Монгол Улсад авто тээвэр үүсч хөгжсөний 50 жилийн ой ойртоод ирэхэд бааз нь Долгорсүрэн зааныг ажлаас нь чөлөөлж, бэлтгэлд гаргасан хэрнээ адилхан жолооч Ө.Эрдэнэ-Очирыг харьж яваа хүн наадамд түрүүлж чадахгүй гэж бодсон ч юм уу ажлаас нь чөлөөлж бэлтгэлд гаргаагүй юм билээ.Тэр үед Долгорсүрэн заан цэл залуу бяр нь амтагдаж ид барилдаж байсан үе. Адилхан жолооч хоёр бөхийг ялгасанд Эрдэнэ-Очирын дургүй хүрч залуу зааныг хаяж, баазынхаа дарга нарт ямар бөх гэдгээ харуулъя гэж дотроо шаралхаж явсан юм шиг байгаа юм. Ойн баяр наадам болж тэрбээр Долгорсүрэнтэй үзүүрт үлдлээ дээ. Нутгийн юм болохоор давчихаасай гэж бодоод дээлийнх нь захыг мушгиж суулаа. Тэгсэн юу болсон гэж санана аа. Эрдэнэ-Очир хав барьцнаас давуулж гуядахдаа Долгорсүрэнгийн шуудагны гадар, дотрыг ширээстэй нь өм татаж гартаа атгаад хоцорсон байж билээ. Олон эгнээ ширээстэй зодгийг өм цөм тасдах нь бүү хэл даавууны ам цуулах амаргүй шүү дээ. Эрдэнэ-Очир тэгж харьж яваа насандаа идэр залуу хүчтэй заан Долгорсүрэнг хаясныг нүдээрээ хараагүй бол итгэхийн аргагүй юм болсон. Цаадах чинь номхон дөлгөөн мөртлөө бас чиг аатай золиг шүү. Өөрт нь аятайхан хэлэлгүй амлачихвал шаралхаад хэмхчээд хаячих шахдаг юм. Шөвгийн наймд юм уу дөрөвт үлдсэн үед нь цолны эрэмбээр Ж.Мөнхбат амлахад шаралхаад сүрхий ууртай амьтан гарна л даа. Мөнхбат аварга түүнийг амлачихаад гарсан хойноо засуулынхаа араар нуугдчихна. Эрдэнэ-Очир засуулынхаа дэргэд хэсэг зогссоноо дорхноо тайвшраад ир нь дарагдчихна. Тэр үед нь Ж.Мөнхбат эвтэйхэн хөдөлгөж байгаад хаячихдаг байлаа. Жараад онд Эрдэнэ-Очир чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, хүнд жингийн бөх байлаа. Намайг чөлөөтөөр барилд гэж манай Хөдөө аж ахуйн дээд сургуулийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч гавьяат багш Ишдорж шаардсаар байгаад түүнтэй барилдуулдаг юм байна. Эрдэнэ-Очир намайг давуулаад шидэхэд нь мост хийж унах гэж байж хүзүүндээ юм оруулчихаад олон хоног зовж зүгээр болгож билээ. Ямар азаар тэр их хүчтэн хүзүүг минь хугалчихаагүй юм бэ гэж одоо болтол бодож явдаг юм. Үнэхээр нэг ер бусын бяртай бөх төдийгүй тунчиг гүндүүгүй, илүү дутуу зангүй, хор шар, атаа жөтөөгүй, тусч сайхан сэтгэлтэй жинхэнэ эр хүн” гэж дурссан байдаг. Сосорбарам арслангийн эл дурсамж дурдатгал, баримт сэлтээс Эрдэнэ-Очир арслан гэж ямархан бөх байсан нь төвөггүй мэдрэгдэнэ. Тэмээ өргөдөг Жамъяндорж гуайтай тэр жил манай П.Хашчулуун уулзаж хөөрөлдөхдөө “Эрдэнэ-Очир арслан та хоёр бие биенийхээ бяртайг гайхдаг. Ер нь ингэхэд та хоёрын хэн нь илүү бяртай юм бэ дээ” гэж тулган асууж л дээ. Тэгэхэд “тэмээ өргөдөг” нь “Эрдэнэ-Очир бид хоёр чинь яах аргагүй нэг үеийнхэн. Барилдааны тал дээр өгөө аваатай явж ирсэн. Цаадахтай чинь ширүүн хурц барилдана гэвэл дийлдэхгүй. Жижигхэн юмаар, “догшин морины толгойд хүрэх гэж байгаа юм илж, аргалж барилдвал би хаядаг байсан. Би өөрийгөө илүү гэж хэлж чадахгүй. Ямар ч байсан Эрдэнэ-Очирыг Түвдэндорж аваргаас илүү бяртай байсан гэдгийг би харин хэлнэ. Намайг болохоор Сосорбарам, Дагвасүрэн энэ хэд “Ээ, энэ тэмээ өргөдөг хэцүү шүү. Мангартуулж байж хаяхгүй бол амаргүй л гэдэг. Хамгийн амаргүй хүн чинь Эрдэнэ-Очир байлаа” гэж наашаа ч үгүй цаашаа ч үгүй хэлсэн л байдаг юм.

“Таныг чинь нэг суурин дээр арван литр ус уусан гэх яриа байдаг даа” хэмээн арсланг өдөхөд “Тэр чинь ийм учиртай юм гээд” тодорхой ярьж хэлж өгсөн. 1967 онд юм байна. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгт болжээ. Манай хүн +100 килограммд хүч үзэхээр очоод байж. Тэгтэл жин нь хүрдэггүй, 92 килограмм 500 граммаас хэтэрдэггүй гэнэ. 95 килограмм хүрч байж +100ё кг-д барилдах учиртай. Жингийнхээ хүнтэй яриад барилдахаар болж. Тэгтэл Ираны тамирчид гомдол мэдүүлснээр асуудал үүсчээ. Хэдхэн цагийн дараа жин үзнэ, хэрвээ жиндээ хүрэхгүй бол хасна болоод явчихаж. Тэгээд л мань хүн сандрахдаа 10 литр уус уучихсан гэж байгаа.

“Азийн аваргын дэвжээнд

Арван литр ус залгилж

Далаараа биш элгээрээ

Төрийнхөө далбаа руу мөлхсөн

Төв аймгийн харьяатан

Эцгээсээ бусдыг тонгорсон

Эрдэнэ-Очир гавьяатан” хэмээн Цэндийн Чимиддорж найрагч элэглэн бичсэн нь ийм учиртай. Түүхий ус уусан түүхээсээ залгуулаад Дамдин аварга, Цэрэн аварга тэр гурав Дамбадаржаагийн тэнд нэг авдар “градустай ус”-ыг завилж суугаад нэг суудал дээр сулласнаа сонирхуулж л байсан. Ийм л нэг даанчиг гүндүүгүй цөлх сайхан монгол эр байв. Өлзийсайхан арслангийн аав, Эрдэнэ-Очир гуайн өвөө нь Хас-Очир гэж даншгийн арслан цолтой бөх байсан гэдэг. Гурван үеийн хүчит арслан, дээд удамд нь ч бөхийн заяа байдаг юм гэсэн. Үнэхээр бөхийн халуун голомтыг зуун зуунаар улбаалж ирсэн алтан хэлхээний үргэлжлэл байлаа. “Өөлдийн улаан хүзүүт Дэлэг арслан Лүнгийн товчоон дээр надтай таарч гарын минь булчинг барьж үзээд Өлзийсайханы хагаст ч хүрэхгүй юм байна голж билээ. Тэгэхээр миний аав ид үедээ онцгой бяртай бөх байжээ” гэж арслан маань ааваараа бахархдаг сан. Далан зургаан онд 40 насандаа улсын арслан цолыг хүртэж ясны бөх гэдгээ тунхагласан юм. Энэ цаг үед бараа дүрийг нь харж, яриа хөөрөөг нь сонссон тэнгэртэй сайхан бөхийн нэг Эрдэнэ-Очир арслангийн тухай хууч үүгээр дуусахгүй ээ.


Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт орон нутагт зам тээврийн ноцтой ослоор таван хүн амиа алджээ

Хуудас 146 – News.MN – Мэдээллийн эх сурвалж

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ долоо хоногт нийт 918 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 644 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -16
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр-1
  • Мотоцикл, унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5,0 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 7,4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 44,5 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 12,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, урин дулааны улирал ирж унадаг дугуй, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох хөдөлгөөн нэмэгдсэн тул анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.