Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэдээллийн найдвартай эх сурвалж бол үндэсний хэвлэл юм

Орчин үед хүн бүр мэдээллийн эх сурвалж болж чаддаг болсон. Учир нь фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг пратформууд хүн төрөлхтөнд ийм боломж олгож байна. Хүмүүс бүгд мэдээлэл түгээж, бичиж байна. Хаа холын хилийн сумдаас ч, малчны хотноос, уурхайн цооног дээрээс, гэрээсээ, ажил дээрээсээ гээд хаанаас л бол хаанаас бичиж, тэр нь нийтийн хүртээл болж, сайшаагдаж, шүүмжлэгдэж байдаг нь энгийн үзэгдлэл болсон. Тиймээс л хүн бүрийг мэдээллийн эх сурвалж боллоо гээд байгаа юм. Энэ бүхэн сошиал мэдээлэл гэдэг ойлголтод хамрагдана. Гар утас барьдаг хүн болгон ингээд бичээд эхлэхээр мэдээллийн маш их бөөгнөрөл эх захгүй хөвөрч, үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиан дуулиан тасардаггүй гэсэн үг. Тиймээс одоо цагт ямарч мэдээлэл маш хурдан шуурхай тардаг болсон. Мэдээлэл олон эх сурвалжтай болж, хүртээмж нь ихэссэн байна. Энэ бол яалт ч үгүй сайн тал билээ.

Гэхдээ “олдохоороо өлдөнө” гэж хууччуулын үг өнөө цагт бас л орой руу орж байна. Эх захгүй энэ олон мэдээлэл мөн л сөрөг үр дагавар бий болгосон. Энэ нь эргээд сошиал мэдээллийг устгах хэмжээнд хүрэх шатуу хорлонтой болоод эхэллээ. Учир нь мэдээллийн хэт их бөөгнөрлөөс аль нь үнэн, аль нь худал мэдээлэл вэ гэдгээ хүмүүс ялгаж чадахаа больж байна. Мэдээллийн баталгаа алдагдсан гэсэн үг л дээ. Хүн бүр өөр өөрийн өнцгөөр, эсвэл өөртөө ашигтайгаар бичдэг. Үгүй ядахдаа л, сонссон зүйлээ нэмж чимж бичнэ. Өнөөх нь цаашаа нэмэгдэж хачирлагдаж явсаар анхны мэдээлэл нь огт өөр болчих жишээтэй. Мөн маш олон хуурамч хаяг нээж, зориуд өрсөлдөгчөө гутаасан хуурамч мэдээлэл түгээж эхэлсэн. Зарим нь санамсаргүй алдаа гаргаж бичсэнийг нь бусад нь шууд хуулж тавиад тэр чигтээ худал мэдээлэл давлагаалж байна. Дөнгөж саяхны нэг жишээ хэлье. Цахим орчинд хэдхэн хоногийн өмнө “Архангай аймагт Английн иргэнийг хөнөөжээ” гэсэн мэдээлэл тараад эхлэв. Хил хаагдсан энэ үед юун хэрэг болов гээд мэдээллийг нягтлаад үзэхэд аль 2016 онд болсон хэргийг нэг нь сая болсон мэт мэдээлснийг үг үсэггүй хуулаад тараажээ. Мэдээж, буруугаа нуухын тулд өнөө мэдээллийг хэдхэн цагийн дараа бүгд устгасан байсан. Гэх мэтээр мэдээлэл найдваргүй, үнэн худал нь мэдэгдэхээ байгаад эхлэхээр хүмүүс сошиал мэдээлэлд эргэлзэж, мэдээллийн эх сурвалжийг нь заавал үздэг, нягталж шалгадаг болоод байна. Аль ч улсад мэдээллийн найдвартай эх сурвалж нь тухайн орны үндэсний хэвлэл байдаг. Америкчууд “Вашингтон пост”-доо, япончууд “Ёмиури”-даа үнэмшдэг бол, Монголд “Өдрийн сонин” энэ үүргийг гүйцэтгэж байна. Хамгийн баталгаатай мэдээллийг анализ, тойм дүгнэлттэй нь түгээдэг гэсэн үг. “Өдрийн сонин” дээр л гарсан бол үнэн гэж итгэж үнэмшдэг болсон байна. Амин чухал, амьдралдаа хэрэг болох шаардлагатай мэдээллийг хүмүүс “Өдрийн сонин”-оос л харж, үнэмшдэг болжээ.

Орчин үеийн мэдээллийн энэ их шуугиан дунд сонин ийн тодорч ялгарч харагдаад удаж байна. Өмнө нь ч ийм байсан, тэр өнгө төрхөө найдвартай хадгалсаар байна. Дахин хэлэхэд сонин бол мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалж юм. Дашрамд хэлэхэд, япончууд өдөр тутмын сонинг том хүний сурах бичиг гэж үздэг юм билээ. Тиймдээ ч заавал сонин захиалж уншиж, тэндээс хэрэг болох найдвартай шинэ мэдээллээ өдөр бүр авсаар байна.

Яагаад мэдээллийн найдвартай эх сурвалжийн тухай бичээд эхлэв гэж үү. Цаг хугацааны хувьд бичихээс аргагүй юм. Яг одоо Монгол Улсад сонгууль эхэлсэн, 20 гаруй хоног үргэлжилнэ. УИХ-ын 76 гишүүний нэг болохоор 600 гаруй хүн сонгуульд өрсөлдөж, хөл толгой нь олдохгүй манаргаж явна. Зургаан зуун хүний талаар зургаан зуун өөр мэдээлэл тэнэж явна. Аль нь үнэн юм бүү мэд. Нэг нь магтаж байдаг, нөгөө нь муулж суудаг. Заримыг нь уншихаар ариуссан бурхан мэт, эргээд нөгөө бичсэнийг нь харахаар энэ орчлон яаж дааж яваа юм гэмээр нүгэлтэн ч юм шиг санагдах. Хамгийн их шуугиан дуулиан дагуулж байгаа нөгөө “Шарк”-ын мэдээ байна. Гадаад улсын харьяат бөгөөд түүний баталгаа нь энэ байна гээд зураг хөрөгтэй нь гаргаад тавьж. Хэн ч харсан үнэмшинэ.

Нөгөөдөх нь бодвол энэ тэрүүгээр лайв майв хийгээд няцаалт өгч л байгаа биз. Хэрэв гадаадын иргэн гэдэг нь худал мэдээ бол үүнийг няцаасан мэдээлэл нь худал байх магадлалтай. Яагаад гэвэл цахимаар явж байгаа учир. Үүнийг хийчихэж болдог. Тэгвэл “Шарк” Г.Амартүвшин маань үнэн мөнийг ярих сонирхолтой, тэр нь баталгаатай бол “Өдрийн сонин”-д хандахад л хүмүүс “аан ийм учиртай юм байна” гэх болно шүү дээ. Яагаад гэвэл үндэснийх нь сонин худал юм мэдээлээд эхэлбэл тэр үндэстэн цаашид яах билээ. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч үнэн мэдээлэл түгээх нь түүний үүрэг юм.

Мэдээллийн ийм замбараагүй урсгалд төөрч явахаар зүгээр л төв хэвлэлээ унш, нэр дэвшигчид ч төв хэвлэлдээ ханд. Хүн бодит юманд цаанаасаа дуртай, итгэл үнэмшилтэй байдаг юм. Сонин гартаа бариад уншиж байгаа хүнд итгэл үнэмшил төрдөг. Сонинд ярилцлага өгч, ажил амьдралаа хүүрнэж байгаа хүн худлаа ярьдаггүй. Ярьсан хэлсэн, зорьж тэмүүлж байгаагаа ул суурьтай тайлбарласан л бол сонгогчид сонинг сонгууль дуустал эргүүлж тойруулж уншиж болдог давуу талтай. Ядах нь ээ, сонгуульд ялсных нь дараа ярьсан хэлсэн нь бодит баримт болоод үлддэг. Сонгогчид нь “хөөе ингэж хэлснээ мартаагүй биз” гээд сонингоо харуулж, загнаж чаддаг. Цахим мэдээлэл бол яахав ээ, нэгэнт үүргээ гүйцэтгэсэн бол сэмхэн сэмхэн устгаад байж болдог эд.

Categories
мэдээ цаг-үе

Шүрэн цохыг хортон шавьжийг устгуулах зорилгоор үржүүлдэг

Монголчууд шүрэн цохыг алтан цох, цох хорхой, өмбий зөөхий, нүүнүү, нүүдгээ, өөөлэй гэх мэтээр янз янзаар нэрлэдэг. Үүнтэй адил улс орнууд ч энэ амьтныг өөр өөрөөр нэрлэдэг ажээ. Европын улс орнуудад цохын нэр домгийн сайн талын баатартай холбоотой байдаг аж. Ирланд, Хорват, Франц, Герман, Англи, Слованд энэ амьтныг Гэгээн Мэри, Нар, гэгээн Антоны элч, Бурхны бяцхан хонь, Бурхны элч үнээ, Сайн эзний амьтан, англи хэлтэн орнуудад Хатагтай цох, үнээ цох, мэй бясаа, алтан бөмбөлөг, алтан бясаа, Барней хамба лам, Барнеби гэж нэрлэнэ. Дэлхийн улс орнуудад шүрэн цохыг өхөөрдөн хайрлаж, тааралдвал алж болохгүй гэдэг нийтлэг заншил байдаг аж. Аз дууддаг амьтан учир алж болохгүй, тааралдвал нисгэж, тайван орхи гэцгээдэг юм байна. Шүрэн цохтой тааралдвал та азтай, харин түүнийг албал муу явдал тохиолдохын ёр гэж үздэг. Голландад шүрэн цох нь огцом уур омгийг дарагч бэлгэдэлтэй амьтан гэгддэг бол Финландын “Швед гаралтай иргэдийн нам”-ын бэлгэдэл нь энэ амьтан байдаг ажээ. Оросууд ч шүрэн цохыг алахыг цээрлэж Бурхны хамааралтай амьтан гэж үздэг юм байна. Европын өмнөд хэсгийн газруудад “Хэрвээ шүрэн цох таны бие дээр суувал та азтай явдалтай учирна” гэж тайлбарладаг. Шүрэн цох нь бүрэн хөгжилт шавьж. Хатуу далавчтан буюу цохын багт багтдаг шавьжны баг. Одоогоор дэлхий дээр шүрэн цохын 5000 гаруй зүйл байгаагаас 53 зүйл нь Монгол оронд олдоод байна.

Шүрэн цох нь жижиг биетэй. Биеийн хэмжээ нь 1мм-10 мм хэмжээтэй. Ихэвчлэн шар, улбар шар, гал улаан дэвсгэр бүхий хар толбо буюу зууван зураас бүхий хатуу хагас бөмбөлөг хайрсан далавчтай. Толгой, хөл болон тэмтрүүл нь хар өнгөтэй. Маш олон төрлийн шүрэн цохнууд хар, саарал юм уу бор өнгөтэй байдаг нь ялгахад түвэгтэй учир мэргэжлийн шавьж судлаач л таних боломжтой байдаг. Шүрэн цох ихэвчлэн ургамал идэшт шавьж, ургамлын шимэгч шавьжнуудыг иддэг. Цэцэрлэг, ХАА-н эдэлбэр газар, жимсний цэцэрлэг болон бусад ургамлан бүрхэвчтэй талбайд амьдардаг. Өмнөд Америк, Европт байдаг цөөн зүйлийн цох нь ургамлын хортонд тооцогддог тал бий.

Шүрэн цохын ихэнх зүйл нь бүүрэг, кокцид, ургамлын бөөс иддэг махчин боловч зарим зүйл нь ургамал идэштэн байдаг. Ургамлын шүүсээр хооллогч шүрэн цохуудаас хамгийн хөнөөлтэй нь ХАА-н ургамалд маш их хохирол учруулдаг Мексикийн буурцгийн цох аж. Уг цох нь ихэвчлэн тариалангийн талбай болон цэцэрлэгт тарьсан үр тариа, хүнсний ногоо, цэцэрлэгийн ургамлыг иддэг тул Мексикийн фермерүүд шүрэн цохонд ихээхэн дургүй байдаг. Иймээс уугуул шүрэн цохуудыг багасгах зорилгоор умард Америкийн шүрэн цохуудыг нутагшуулах арга хэмжээ авчээ.

Цохууд ихэвчлэн хурц өнгөтэй байдаг нь өөрийгөө махчдаас хамгаалах зохилдлого юм. Шүрэн цохууд ихэвчлэн улбар шар ба хар, шар ба хар гэсэн өнгөтэй байдаг. Энэхүү гоц үзэгдлийг апосематизм гэж нэрлэдэг юм байна. Өнгөний энэ зохилдлогоос гадна ихэнх шүрэн цохууд үнэхээр хортой байдаг бөгөөд жижиг биетэй шавьж идэшт гүрвэл, шувуудыг хордуулахуйц байдаг. Харин хүнд төдийлөн мэдэгддэггүй, гэхдээ зуу орчим шүрэн цохын хор нийлбэл хүнд нөлөө үзүүлэх боломжтой. Бие гүйцсэн шүрэн цохын хөлнүүдэд шавьжны цус мэдрэгч бий болдог. Дайснаасаа биеэ хамгаалах үедээ эвгүй хурц үнэр бүхий тосорхог шингэн ялгаруулдаг.

Ихэнх шүрэн цохууд хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор нэг долоо хоногийн дараа өндгүүдээс авгалдай гарна. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилжинэ. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллоно. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг. Зарим зүйлийн шүрэн цохууд өндөрлөг газарт томоохон бүлэг үүсгэн ичнэ. Ази, Өмнөд Америкийн аль ч бүс нутагт шүрэн цохонд таатай ханддаг бөгөөд XX зуунаас эхлэн цэцэрлэгт зориудаар үржүүлэх болсон байна. Европын орнуудад шүрэн цохыг тариалангийн талбайн хортон шавьж устгуулах болон цэцэрлэгийн хортон шавьжуудыг устгах зорилгоор түгээмэл ашигладаг. Шүрэн цохын хамгийн алдартай, нэр хүндтэй нь алиалагч шүрэн цох буюу Хармониа Аксиридис (Азийн шүрэн цох) юм.


Categories
мэдээ цаг-үе

Сурлага, урлаг, спортоор тэргүүлэгч 12в анги

2005 оны намар ээж аавынхаа гараас хөтөлсөөр нэгдүгээр ангид элсэн орсон тэр өдөр бид бүгд нэг анги болцгоолоо. Бага ангийн багш маань АБТА С.Биндэрьяа гэж хөдөлмөрч, тууштай багш байсан. Багш минь үргэлж бидэнд нэг хамт олон, нэг анги гэдэг атгасан гар шиг эвтэй, эетэй байх ёстой хэмээн захидаг сан. Биднийг зодож зандарч байгаагүй ч бид багшийгаа уурлуулчихвий гээд их эмээнэ. Ямартаа л өсгийтэй гутлын чимээнээр нь таньдаг, сонсоод л суудлаасаа босдоггүй байлаа. А-Я хүртэл үсгийг, алдаа мадаггүй бичих ухааныг заасан ачтай буянтай багш. Бага ангийн багшийн гараас түүх нийгмийн ухааны багш, АБТА Ж.Оюунбилэг хэмээх жижигхэн биетэй ч жигтэйхэн хөдөлмөрч эмэгтэйн удирдлагад очсон. Багш маань биднийг ирээдүйд ямар хүн болох, ямар мэргэжилтэй болох гээд энэ бүхэнд гүүр нь болж өгсөн гэхэд хилсдэхгүй.

Түүнчлэн урлагийн өндөр авьяастай бүжигчин, дуучин, спортын олон төрлийн мастерууд, сурлагаар манлайлагчид, мэтгэлцээний шилдэг мэтгэлцэгчид гээд салбар бүрийн авьяастай хүүхдүүдтэй хамт олон байлаа. Манай ангийнхан багаасаа л их санаачилгатай байсан, энэ зан нь төгстөл маань арилаагүй. Хаана ямар тэмцээн уралдаан байна тэр бүхэнд идэвхийлэн оролцож түрүүлдэг. Мөн ангиараа “Эх- Орон”-36 хөтөлбөрт түрүүлж, аймаг орон нутгаас зохион байгуулдаг бүхий л төрлийн “Дэвжээ”, АСК, олон төрлийн олимпиад, урлагийн үзлэг, спортын өдөрлөгт үргэлж амжилттай оролцож байр эзэлдэг байлаа. Энэ бүхэнд багш маань үнэхээр их баярлаж бид ч их урамшдаг байсан.

2016 оны хавар сэтгэл гэгэлзэж, үүрнээсээ нисэх гэж буй шувууд шиг догдолж байсан тэр өдөр бид Мөнгөн хонхны баяраа хийв. Нар ээсэн намуухан салхитай хаврын сайхан өдөр 27 охин, 11 хөвгүүнтэйгээр 38-лаа төгссөн. Бага ангийн багш маань дурсамж хичээл орж гуравдугаар ангидаа зурж байсан зураг, тэрлэж байсан шүлгийн номтой хамт сурагч бүртээ өгөхөд нулимс унагаж байсан хүүхдүүд цөөнгүй. Араас нь ангийн багш анх дааж авсан долдугаар ангиас хойших бүхий л болсон үйл явдлыг зурагт бичлэг болгон үзүүлж байсан нь үнэхээр хайрламаар дурсамжууд байлаа. Тэр өдөр миний сэтгэлд баярлах гуниглах зэрэгцэж, харцанд минь нулимс, инээд зэрэгцэн тодорсон юм. Арван нэгэн жил нэг ангид суралцсан болохоор бидний үерхэл нөхөрлөл, дурсамж бүгд үнэхээр сайхан. Зан аашаараа үл ойлголцож байсан зарим нөхөд минь хөтлөлцөн гүйж, олон жил хамт суусан, нөхөрлөсөн найзууд тэврэлдэн уйлж байлаа.

Дээр үеийн дүрэмт хувцас болох форм, парчикаар ижилсэж үсэндээ тууз намируулсан охид, энгэр дүүрэн медальтай хослолтой хөвгүүд алхаж явсан нь саяхан… Мөнгөн хонхны дуу цангинаж ангидаа бужигналдаж байсан тэр өдөр амьдралын минь хамгийн аз жаргалтай өдрүүдийн минь нэг. Хамгийн гэгээлэг, хамгийн жаргалтай, хамгийн хөгжилтэй дурсамжаа арван жилдээ 12В ангидаа л өнгөрөөжээ.

Одоо бид сургуулиа төгсөөд хэдийнэ дөрвөн жил болж. Анги даасан багш нар минь биднийгээ төгсгөөд гавьяаныхаа амралтад гарсан. Ачлалтай багш нарынхаа үгэнд нь өшөө сайн ороод, дахиад ганц хоног ч болтугай хичээлд нь суух юмсан гэх бодол төрнө. Ангийнхан минь одоо сургуулиа төгсөх нь төгсөөд, зарим нь төгсөх гээд, зарим нь аль хэдийнэ ажилдаа орчихсон, зарим нь сайн аав, ээж болцгоожээ. Удахгүй төгссөн сургууль, төгсгөсөн ачит багш нарынхаа нэрийг өндөрт өргөсөн гавьяатнууд, алдартнууд болохоор бүгд л мэрийн хичээж байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 15-17 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, Их Нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн санал авах байруудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийгдэж байна

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн газартай хамтран дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж байна.

Дүүргийн хэмжээнд 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн санал авах 99 объект байгаа бөгөөд хяналт шалгалт 42 хувьтай явагдаж байгаа юм.

Хяналт шалгалтаар сонгуулийн санал авах байранд ажиллах ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, барилга байгууламжид галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй, авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй, монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.


Түүнчлэн ажлын байр үйл ажиллагааны өдөр тутмын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ажилтанг томилж галын аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулж ажиллах, санал тоолох машин, дотоод хэрэгцээний компьютер, түр зөөврийн цахилгаан дамжуулагч зэрэг цахилгаан хэрэгслүүдийн угсралтыг мэргэжлийн цахилгаанчнаар гүйцэтгүүлж, гал унтраагуурыг санал авах байруудад харагдахуйц, авахад хялбар газарт байрлуулах гэсэн шардлагуудыг ханган ажиллах талаар заавар зөвлөмж өгч байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Завхан аймагт цас оржээ

Завхан аймгийн Алдархаан суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд цас оржээ. Харин өнөөдөр /2020.06.08/ Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт нойтон цас орж байна.

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, уулархаг газраараа нойтон цас орж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Зургадугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 12,13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна.

Нийслэлд жил бүр хэдэн тэрбум төгрөгийн өртөгтэй байшин барилга нийслэлийн өмчид бүртгэхийн зэрэгцээ мөн жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг акталж, нураахыг нь нурааж, хувьчлахыг нь хувьчилдаг. Акталсан барилгын хувьчлал нь хувийн хэвшилд шилжүүлэн, төсөв бүрдүүлэх замаар хувьчлах объектыг нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байна. Саяхан буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурал болсон.

Тус хурлаар хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Тус барилга байгууламж нь 1969 онд ашиглалтад орж байсан. Хурлын шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийслэлийн өмч хувьчлал-2020” дуудлага худалдааг зохион байгуулав. Тус дуудлага худалдаанд гурван аж ахуй нэгж байгууллага оролцсон бөгөөд дуудлага худалдааны доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, эхэлсэн. Дуудлага худалдаа дүрэм журмынхаа дагуу амжилттай зохион байгуулагдаж 20.02 тэрбум төгрөгөөр үнэ өсгөж “Камдер ХХК” дуудлага худалдааны ялагч болсон. Харин өнөөдөр “Камдер ХХК” нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

63 уулзварт замын тэмдэглэл хийнэ

63 уулзварт замын тэмдэглэл хийнэ

Нийслэлийн Авто замын тэмдэг, тэмдэглэлийг шинэчлэх ажлын хүрээнд Их тойруу дотор 59 байршилд 1576ш тэмдэг, 63 уулзварт тэмдэглэлийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар:

– Байгалийн түүхийн музей
– Төв шуудан
– Цаг уурын хүрээлэн
– Гадаад хэргийн яамны урд
– ШУТИС
– Хөгжим бүжиг
– МУИС Эдийн засгийн сургуулийн урд
– Драмын театрын хойд уулзвар зэрэг байршилд 27ш тэмдэгийг солиод байна.

Харин тэмдэглэлийн хувьд
– Төв шуудан
– Баруун 4 зам
– Байгалийн түүхийн музей
– Цаг уурын хүрээлэнгийн уулзваруудад хийгдэж байна гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг зургаадугаар сарын 15-нд хүлээж авна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлэх үүднээс удаа дараа ирж ажиллан шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.

Барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай байна” гэдгийг албаны хүмүүст хэлэв. Тус компанийн хувьд эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “10 жил гацсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд барьж дуусгалаа. Гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа ийм том 34 мянган мк2/талбайтай 880 өрөө бүхий 1500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаа нь энэ юм” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг төлөвлөсны дагуу энэ сарын 15-нд ашиглалтад хүлээж авахад бэлэн болж байна. Хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг бүрдүүлсэн 300 ортой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эмнэлэг ашиглалтад орно. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгийн гаргаж шийдвэрлэнэ” гэлээ.

Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

21.6 сая төл бойжиж байна

2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 79,3% буюу 22,5 сая эх мал төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 58,4%, бог малын нийт хээлтэгчийн 81.0% нь тус тус төллөсөн. Өмнөговь, Дундговь аймгуудын хувьд эх малын сувайралт их байгаа тул мал төллөлт 46.2-59.3% явагдаж байна.

Улсын хэмжээнд нийт 22.6 сая төл хүлээн авч, үүний 97.0% буюу 21.6 сая төл бойжиж байна. Малын төрлөөр авч үзвэл 72.5 мянган ботго, 634.7 мянган унага, 1.08 сая тугал, 11.6 сая хурга, 9.2 сая ишиг улсын хэмжээнд бойжиж байна.