Categories
мэдээ нийгэм

​Шалгуулагчид дараах материалыг бүрдүүлнэ

No photo description available.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

2. Суудлын хуваарь;

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Хэрвээ цахим үнэмлэхээ гээдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх/;

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн салбарын 24 албан хаагчийн орон сууцанд орох эрхийг баталгаажууллаа

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчид Түрээслээд өмчлөх орон сууцтай болох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгосон.

Өнөөдөр зам, тээврийн салбарын 24 албан хаагчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулан өглөө.

Эдгээр албан хаагчдын тухайд тусгаарлах байранд ажилласан, ачаа тээврийн тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, анхны захиалгат нислэгийг ахалсан, мөн орон нутгийн зорчигчийн галт тэргэнд 11 удаа томилогдон ажиллаж зорчигчдод тандалт, үзлэг хийсэн МИАТ ТӨХК болон зорчигчийн вагон тээврийн үйлчлэгч, жолооч зэрэг албан хаагчид багтсан байна.

Өнөөдөр мөн эрүүл мэндийн салбарын 400 албан хаагч батламж гардан авлаа.

Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1,000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан аваад байна.

Батламж гардан авсан иргэд байраа сонгон, Нийслэлийн орон сууцны корпорацтай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргаж хуралдаанаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож өнөөдөр үнэмлэхийг нь олголоо гээд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад гардуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар найм дахь Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хорооны бүх гишүүд, нийт хамт олон талархал илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр сонгуулийн зарим хэсэгт хийсэн хяналтын тооллогын үр дүнгийн талаар тодруулж асуусан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын даргын асуултад өгсөн хариултдаа, санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголтын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харьяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.

Улсын хэмжээний сонгуулийн 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлсэн.

Харин Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллого хийхэд санал хураалтын дүнтэй тохирсон. Ямар нэг зөрүү гараагүй.

Нэмэлт хяналтын тооллогыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 645 ажиглагчийг оролцуулан цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтын дор зохион байгуулсан. Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн сонгуулийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллогыг зохион байгуулах ажилд төрийн 2247 албан хаагч оролцож ажилласныг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулж байна

“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Хотын мэдээллийн цаг”-аараа мэдэгдсэн. Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Ажил эхлээд найм хонож байна. Ухсан нүхийг шороогоор дүүргэж, газрыг тэгшлэх ажил үндсэндээ дууслаа. Шороогоо нягтаршуулах ажил хийгдэж байна. Удахгүй тохижилтын ажил эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

​Хурдан морь унаач хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг болонахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат, захиргаа санхүү, хэлтсийн дарга Г.Мөнхнасан нар Үндэсний баяр наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор уралдаанч хүүхдэд тавигдах шаардлага болон бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулах аж.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Энэ жилийн Үндэсний баяр наадмын зохион байгуулах түр журмыг баримтлан манай байгууллага ажиллана. Жил бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтийг хангах, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Бид 2018 оноос уралдаанч хүүхдийн хурууны хээгээр бүртгэж эхэлсэн. Энэхүү бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэх, хүүхдийн сурч боловсрох,эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр зэрэгхүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газарзүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байгаагаар давуу талтай юм. Манай байгууллагын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн нэгдсэн сан”-д 2019 онд давхардсан тоогоор 10485 унаач хүүхэд бүртгэгдсэн.

Уралдааны асуудлаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлуудаар жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг дэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсүүд хяналт тавин бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг энэ жил зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 9-ныг хүртэл 21 аймаг болон нийслэлд хийнэ. Аймаг, нийслэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн байранд бүртгэлийг өглөөний 8.30-20.00 цагийн хооронд бүртгэнэ. Мөн хүй долоон худагт долоодугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд бүртгэнэ.

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага:

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд: Уг даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн. Ингэхдээ:

  • Суурь хураамж нь 100,000 төгрөг
  • Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ хүртэлх төгрөг байна.

Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм” гэлээ.

Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг “Уралдаанч хүүхдийн бүртгэл нь хүүхдийн эрхийг зөрчүүлэхгүй байх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд бусад эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой тул уралдаанч хүүхдүүдэд заавал стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж уралдаанд оролцуулах чиглэлийг 9 дүүрэг, 21 аймагт өгсөн. Мөн 21 аймаг есөн дүүрэгт цахим бүртгэлийн тусгай төхөөрөмжийн нөөц, картыг бэлдэж, хүргүүлж байгаа тул бэрхшээл гаргахгүй байхаар ажиллаж байна.” гэв.

Гэр бүл, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “2020 он гарснаар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ хориглосон тогтоолыг зөрчиж, жижиг үсэргээ, сунгаа зохион байгуулсан 17 уяачдад хариуцлага тооцсон” гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат “Бидэнтэй хамтран ажиллахаар СЗХ-ноос 11 даатгалын компани бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн даатгалын компани манай шаардлагыг хангаж байгаа. Тэрхүү дөрвөн даатгалын байгууллага нь Миг, Номин, Монгол, Бодь даатгал байна. Ер нь бүх даатгалын компаниуд бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. Түүнчлэн морин спорт уяачдын холбооноос бүх сумдад уяачдаа программд бүртгэсэн бөгөөд энэ нь уяачдыг хариуцлагажуулж, хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах ажил гэж үзэж байна” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэн, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа” хэмээн тэмдэглэв.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу тойрог тус бүрээр гишүүдийн нэрсийг дуудаж, үнэмлэх болон СЕХ-ны тогтоолыг гардуулан өглөө.

91
82
83
84
85
86
87
88
89
90

Ийнхүү 76 шинэ гишүүн үнэмлэхээ гардан авсны дараа Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж эхэлж байна.

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК, “Юби каб” ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Эдгээр стандартын шаардлага хангасан загвар таксины эхний ээлжийн 50 таксиг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэхийг нь шалгаж, жолооч нартай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, стандартад нийцүүлэх, хотын иргэдээ аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах хотын бодлогыг дэмжиж стандарттай такси бий болгох үйл ажиллагаанд нэгдэж, хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Улаанбаатар хот хувийн хэвшилтэй хамтран хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор зорьж байна. Стандарт, аюулгүй байдал хангасан 800 такси үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон. Цаашид тоог нь нэмээд явна. Хувиараа такси эрхэлдэг бүх иргэд энд хамрагдах боломжтой” хэмээв.

“ХОТ ТАКСИ” үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. “Улаанбаатар такси каб” ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой, тодорхой стандартын шаардлага хангасан /Зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр/ жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхэлжээ. Одоогоор 800 гаруй жолооч бүртгүүлсэн байна.

Гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай таксигаар үйлчлүүлэх боломжтой

Түүнчлэн “Юби каб” ХХК-ны UBcab аппликейшн нь 70 мянган хэрэглэгчтэй, 1 сая амжилттай аялал хийсэн. 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа үндэсний мэдээллийн технологийн төслүүдийн нэг аж. Такси үйлчилгээний нөхцөл байдал муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага иргэдэд үйлчлэхэд хангалтгүй байдаг зэргийг цэгцэлсэн Олон улсад бидний мэдэх UBER, GRAB, Яндекс шиг Монголын улсын “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ. Та гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай, ая тухтай “ХОТ ТАКСИ”-гаар үйлчлүүлэх боломжтой.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компаний 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж 8 хувь нь юм байна.

Categories
мэдээ нийгэм

ДЦС-уудын нүүрс, хаягдал үнсэнд цацрагийн хяналт шинжилгээ хийж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу нийслэлийн дулааны цахилгаан станцуудын хэрэглэж буй түүхий нүүрс болон хаягдал үнсэнд цацрагийн хяналт шинжилгээг хийж байна.

Удирдамжийн дагуу станцуудаас нүүрс, үнсэн сангаас хаягдал үнсний дээж авч, байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопуудын идэвхийг тодорхойлуулахаар дээжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид хүргүүлжээ. Хяналт шинжилгээгий ажил үргэлжилсээр байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Орон гэргүй болсон 5 өрхөд гэр олголоо

Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон.

Гэр оронгүй болсон 5 өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо.

Тодруулбал үерийн улмаас орон гэргүй болсон Зуунмод сумын Нацагдорж, Зүүндэлгэр багийн таван иргэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй боллоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Банкны системийн нөлөө бүхий Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкууд нэгдлээ

Өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 13 банкнаас 30 жилийн түүхтэй арилжааны ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк болон 21 жилийн түүхтэй системийн нөлөө бүхий банк болох Улаанбаатар хотын банкууд нэгдэж буйг албан ёсоор мэдээлж байна.

Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна.

Улсынхаа нийслэлээр овоглосон Улаанбаатар хотын банк нь 1999 оноос өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, харилцагчдадаа банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай, чанартайгаар хүргэсээр ирсэн бөгөөд жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид шалгардаг бахархам түүхтэй банк төдийгүй, Монголбанкны тодорхойлсноор банкны системийн нөлөө бүхий зургаан банкны нэг юм.

Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар харилцагч иргэд болон байгууллагуудад илүү уян хатан үйлчилгээний нөхцөлийг бий болгох, харилцагч төвтэй бизнес загварыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог байна.

Ийнхүү, банкны системийн нөлөө бүхий банкууд нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж, харилцагч болон ажилтнуудын тоо, салбар нэгжийн хүртээмж зэргээр улам хүчирхэгжиж, харилцагчдадаа илүү ойртох стратегийн зорилтод жинтэй хувь нэмэр болж байна.

Мөн тус нэгдлээр Худалдаа, хөгжлийн банкны нийт актив, өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад санхүүгийн тоон үзүүлэлтүүд нэмэгдэж, цаашид хэрэгжүүлэх бизнесийн үйл ажиллагаа, харилцагчдадаа хүргэх үнэ цэнэ, зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээр улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК