Categories
мэдээ нийгэм

Казахстан улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

УОК-ын шийдвэрээр хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байна. Энэ удаа БНКазУ-д байгаа иргэдээ татан авахаар МИАТ-ийн тусгай онгоц Улаанбаатар-Нурсултан чиглэлд өнөө өглөө хөөрсөн.

Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман удаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авах юм.

  • 06 дугаар сарын 10-нд Казакстан,
  • 06 дугаар сарын 11-нд Токио,
  • 06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
  • 06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • 06 дугаар сарын 18-нд Сөүл
  • 06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.

Захиалгат нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.

Categories
мэдээ цаг-үе

​Д.Содном: Ядуурлыг арилгахад ахиц гаргаж чадаагүй эрх баригч намууд хариуцлага хүлээх ёстой

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д. Содномтой ярилцлаа.


-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг та судалсан уу. Өөрчлөлт оруулсан хууль хэр удаан мөрдөгдөх бол?

-1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдаад Монгол Улсад 28 жил мөрдөгдсөн Үндсэн хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр зарим өөрчлөлт орууллаа. Монгол улсын Үндсэн хуульд оруулах олон жил ярьсан өөрчлөлтийг амжилттай хийж чадлаа гэж бахархаж байгаа нөхдөд баяр хүргэж байна. Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ өөрчлөлт оруулж баталсан, мэдэгтүн, сахихтун хэмээн даяар олноо зарлан тунхагласан энэхүү Үндсэн хууль хэрэгжинэ. Монгол Улсын иргэд улсынхаа Үндсэн хуулийг хүндэтгэж сахин хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс төр, нийгмийн амьдрал, улс орны хөгжилд нөлөө үзүүлэх өөрчлөлт болж чадсан эсэхийг ажил амьдралтайгаа холбон судалж, улам боловсронгуй болгох арга замын талаар санал солилцож байх болно. Өөрчлөлт оруулсан хууль ямар хугацаанд амжилттай хэрэгжихийг Монголын иргэд мэднэ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг та хэрхэн харж байгаа вэ?

-Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн зарим өөрчлөлт, түүний хэрэгжүүлэлттэй холбогдсон зарим санал байна. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах, улс төрийн намуудыг хариуцлагажуулах чухал асуудал Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд төдийлөн анхаарагдсангүй. Миний хувьд энэ харамсмаар байдаг. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын ажил, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмэн хянадаг байх ёстой, Төр төвтэй засаглал байх ёстой гэдэг боловч өнгөрсөн 28 жилд иргэдийн эдлэх ёстой энэ эрх мэдэл төлөвшөөгүй, хариуцлагажаагүй улс төрийн намын мэдэлд байлаа. Би төлөвшсөн, хариуцлага хүлээж ажиллах чадвартай улс төрийн нам гэдэгт Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг, авлига ашиглалыг тэвчдэггүй, өндөр боловсрол чадвартай, шударга удирдагчидтай, улс нийгмийг хөгжүүлсэн амжилтаараа ард түмэндээ хүндэтгэгдсэн улс төрийн намыг хамааруулах ёстой гэж боддог.

Харамсалтай нь өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд улс нийгмийн хөгжлийн асуудлыг бүрэн хариуцаж ажиллах чадвартай, төлөвшиж хариуцлагажсан, ард түмэнд бүрэн итгэгдэж хүндлэгдсэн улс төрийн нам бий болсонгүй. Эдийн засаг хурдацтай тогтвортой хөгжсөнгүй, Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын арвин нөөц бололцоог ашиглаж чадсангүй. Гадаадын том хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын ашиг сонирхлыг хангах нөхцөлөөр ажиллуулах, баялаг бүтээгч үйлдвэрлэгч үндэсний компаниудыг дэмжиж хөгжүүлэх чухал асуудлыг олигтой шийдсэнгүй. Эдгээр шалтгаанаар өнгөрсөн олон арван жилд ядуурлыг арилгах үндсэн асуудлаар ахиц гараагүйн хариуцлагыг төрийн эрх барьсан улс төрийн намууд хүлээх ёстой. Улс төрийн намуудын нэр хүнд уруудсаар байна. Биеэ зас, гэрээ зас тэгээд төрөө зас гэсэн үг байдаг. Одоо цагт манайд улс төрийн намыг засахгүй бол төр засагдахгүй гэдэг тодорхой болжээ. Гэтэл нам засагдахыг хүлээвэл дахин олон жил алдах болоод байна.

-Энэ асуудлыг шийдэх ямар санал байна, танд?

-Энэ бүхнийг ухаарч засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаж шийдвэрлэх шаардлага байсан юм. Миний бодлоор парламентыг хоёр танхимтай болгож, сум, дүүрэг бүрээс сонгогдсон Ардын Их Хуралтай болгох замаар засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах асуудлыг шийдэх боломж байгаа. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн өөрчлөлтөд энэ асуудал анхаарагдсангүй. Монголын ард түмэн засгийн эрхийг мэдэлдээ авах шаардлагаа цаашид улам хурцаар тавих байх.

-Үндсэн хуульд энэ удаа оруулсан ямар өөрчлөлт танд илүү таалагдаж байгаа вэ?

-Миний бодлоор Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд УИХ улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж байх онцгой бүрэн эрхтэй байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн шинэ заалтууд орсон нь чухал юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгагдсан Монгол Улсыг алсыг харсан бодлогоор хөгжүүлэх эдгээр чухал ач холбогдолтой заалтын хэрэгжүүлэлтийг УИХ хяналтандаа авахгүй орхигдуулж байгаа санагддаг. УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульдаа оруулах өөрчлөлтөө даруй шийдэж, түүндээ УИХ хурлаас баталсан Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн Үзэл баримтлал, түүнд тусгагдсан гол зорилтыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар нь хүлээх ажилладаг байх ёстой. Мөн УИХ-аас баталсан Монгол Улсын хөгжлийн Үзэл баримтлалд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгаж боловсруулсан улс төрийн намд УИХ-ын сонгуульд оролцох эрх олгож байх хууль байдаг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай 2015 оны хуульд энэ асуудал маш тодорхой заагдсан байдаг боловч хэрэгжүүлэхгүй өнгөрсөн. Хууль хэрэгжүүлдэггүй ийм ноцтой зөрчлийг УИХ, хууль хяналтын байгууллагууд хатуу шаардлагаар арилгахгүй бол улс нийгмийг бодлогоор хөгжүүлэх чухал ажил урагшлахгүй. Монгол Улсыг цэгцтэй бодлогоор хөгжүүлдэг болно, энэ зорилгоор хөгжлийн үзэл баримтлал боловсруулж баталлаа гэж байгаа боловч түүнийгээ хэргэжүүлэх ажлыг орхигдуулдаг ноцтой дутагдал даруй засагдахгүй бол төр засагт ард иргэд итгэхгүй, улс орон хөгжихгүй, сахилга дэг журамгүй байдал улам газар авах аюултай. Одоо зарим хүн “Алсын хараа нэртэй Үзэл баримтлал чинь судалгаа тооцоогүй мөрөөдлийн жагсаалт, МАН-ын үзэл баримтлал байх, бусад намууд түүнд уялдуулж хөтөлбөр гаргахгүй, тэс ондоо үзэл баримтлал гаргаж ирэх байх” гэж ярьж байгаа нь үүний илэрхийлэл. УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Алсын хараа 2050 “ Үзэл баримтлалын 2025 оны гол зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг боловсруулж тусгасан эсэхийг УИХ-ын зүгээс шалгах шаардлага байгаа. Энэ нь манай улс төрийн намуудыг төлөвшүүлэх, хариуцлагажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой ажил.

-Үндсэн хуульд оруулсан бусад өөрчлөлтүүдэд эргэлзээтэй заалт байна уу?

-Энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэвч, зөв болсон эсэхээр эргэлзэж байгаа заалт бий. Миний бодлоор Үндсэн хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлтөд хоорондоо зөрчилтэй, утга учир нь ойлгогдоход хэцүү зүйл байна. Тухайлбал, 39.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэсэн шинэ заалт байгаа. Ерөнхий сайдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх энэ өөрчлөлтийг би зөв гэж үздэг. Гэтэл мөн зүйлийн эхний хэсэгт зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д мэдүүлэх юм билээ. Мөн 25 дугаар зүйлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох өөрчлөх асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд хадгалагдаж шийдэгдэнэ гэсэн хуучин заалт хэвээрээ байгаа. Ийм зөрчилтэй заалтаас болж Ерөнхий сайдын эрх хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг шийдэхэд зөрчилдөөн гарч болзошгүй. Тухайлбал, зургадугаар зүйлийн хоёрт “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ” гэж заажээ. Мөн Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан байна. Эдгээр заалтуудтай холбогдуулж зарим асуудал, тухайлбал Газрын хэвлийн баялгийн үр өгөөж, Стратегийн ордын үр өгөөж гэдгийг яаж ойлгох, ямар ялгаатайг тайлбарлахад бэрхшээл гарч болзошгүй. Үр өгөөж гэдгийг зарим хүн борлуулалтын орлого ба бүрэн өртгийн зөрүү гэж тайлбарлаж болох бол өөр хүн баялгийн, эсвэл ордын ашиглалтаас гарах бүтээгдэхүүний орлогод хуулийн дагуу оногдуулах татвар хураамж гэж тайлбарлана. Газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг 100 хувь Баялгийн санд төвлөрүүлэх атал стратегийн ордын баялгийн үр өгөөжийн зарим хэсгийг ард түмэнд өгөхийн утга учир, эдгээр заалтууд улсын төсвийн эх үүсвэрийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөхийг тооцсон эсэх зэрэг асуудал тодорхой бус байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулахад оролцсон эдийн засагчид, санхүүчид тайлбар өгөх биз.

Тухайлбал, 44.1 дүгээр зүйлд Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заажээ. Хуулийн 44.1 дүгээр зүйлд урьд нь “Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал УИХ шийдвэрлэнэ” гэсэн заалт байсан. Энэ зүйлийн заалтыг ингэж утга агуулгын хувьд өөрчилсөн нь зөв болсон уу гэсэн асуудал гарах байх. Миний ойлголтоор бол хуулийн хуучин заалт дагуу Засгийн газар Төрийн гүйцэтгэх дээд байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг шийдэж өгөх хүсэл гаргавал УИХ шийдэх байсан. Энэ бол төрийн хуулийг хэрэгжүүлж чадна гэж Засгийн газарт итгэж болох эсэхийн тухай асуудал байсан. Гэтэл шинэчилснээр Ерөнхий сайд зөвхөн улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар шинэ шийдвэр гарсан тухай бүр түүнийг Ерөнхий сайд шийдэж чадна гэдэгт итгэж байна уу гэсэн агуулгаар асуудалт тавьж хариу авах тогтоолын төсөл оруулж шийдүүлж байх заалт болсон байгаа. Явцуу хүрээний асуудлын хууль болсон мэт ойлголт төрж байна. Хэллэг зөв эсэхээр хэл бичгийн мэрэгжилтнээс зөвлөмж авах шаардлага байсан байх. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг боловсруулж шийдүүлсэн нөхөд эдгээр асуудлаар зохистой тайлбар гаргавал хуулийн хэрэгжилтэд тус болно.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуульд оролцоно гэдэг бол төрөө төвхнүүлж байгаа хэрэг

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө 10 гаруйхан хоногийн хугацаа үлдээд байна. Монголын парламент засаглалыг бүрдүүлэх Их хурлын найм дахь удаагийн ээлжит сонгуульд өнөө жил 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121, нийтдээ 606 хүн оролцохоор албан ёсоор өрсөлдөж байна. Ардчилсан орон улс орныхоо удирдлага, төр засгаа түүчээлж явах эрхмүүдийг өөрсдөө сонгодог бөгөөд насанд хүрсэн, эрүүл саруул, гэмт хэрэгтэн биш бол хэн ч улсаа удирдахаар нэрээ дэвшүүлэх эрхтэй. Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд төрийн түшээдийг сонгох ээлжит сонгуулийг дөрвөн жилд нэг удаа явуулдаг бусад орны хуулийн тогтолцоотой.

Монгол Улсын хуульд заасны дагуу “Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын өргүй, албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, мөн ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн” УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй юм. Хуул журмын дагуу нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй хүмүүсээс ард түмэн өөрсдийн сонголтыг гадны ямар нэгэн дарамт шахалт, бусдын эрхэнд авталгүйгээр зөвхөн өөрийн итгэл үнэмшлээр “Энэ хүнээр төрөө удирдуулна” гэснээ сонгодог.

Монголын гурван сая гаруй иргэнээс тодорч төрөө барилцаж улс орноо удирдана хэмээн нэрээ дэвшүүлсэн 606 нэр дэвшигчтэй танилцах үйл ажиллагаа яг одоо Монгол Улс даяар ид өрнөж байна. Энэ олон нам, эсвэл, бие даагч дундаас хэнийг нь сонгож ирэх дөрвөн жил Монгол Улсын хувь заяаг гарт нь атгуулах вэ гэдэг иргэн таны сонголт. “Шударга сонгууль гэдэг шууд ардчилал. Шууд ардчилал гэдэг бол ард түмний засаг. Ард түмний засаг гэдэг улсаа эзэгнэх ёс” гэж Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эцэг гэгдэх Бяраагийн Чимид гуайн хэлсэн үг бий. Хүн бүр сонгуульд идэвхтэй оролцож, өөрсдийн сонголтыг хийж улс орны хувь заяанд саналаа нэмэрлэх нь зүйн хэрэг. Хуулиар олгогдсон иргэнийхээ эрх үүргийн дагуу сонгуульд идэвхтэй оролцсоноор та ч бас улсаа удирдаж байгаа хэрэг. Үндсэндээ өөрсдийг нь төлөөлж чадах тийм хүнээ итгэл үнэмшилтэйгээр сонгосноор төр засагт өөрийн дуу хоолой, үзэл бодолтой байж чадна. Тиймээс Монгол Улсын насанд хүрсэн иргэн та улс орноо удирдах үйл хэрэгт идэвх санаачилгатай оролцох нь туйлын чухал юм. Төрд таны өгөөгүй санал дутна гэдгийг хүн бүр сайтар ухамсарлах хэрэгтэй.

1992 оноос хойших УИХ-ын ээлжит сонгуулийн ирц болоод сонгогчдын идэвхийг аваад үзэхээр дандаа буурсан үзүүлэлт харагддаг. Тухайлбал, 1992 онд санал өгсөн хүний тоо 1.037.92 буюу нийт хүн амын 95.6 хувь нь, 1996 онд 1.057.182 буюу нийт хүн амын 92.1 хувь, 2000 онд 1.027.985 буюу 82.4 хувь нь, 2004 онд 1.051.812 буюу 82.2 хувь нь, 2008 онд 1.179.448 буюу 76.5 хувь нь, 2012 онд 1.238.537 буюу 67.3 хувь нь, 2016 онд 1.406.123 буюу 73.6 хувь нь саналаа өгч оролцсон байна. Үндсэндээ нийт сонгогчдын 95 хувь нь анх саналаа өгч маш өндөр ирц, маш сайн идэвхтэй байсан бол энэ тоо буурсаар 67 хувьд очсон нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Ялангуяа 30 хүртэлх насны залуучууд төрөө төвхнүүлэх хариуцлагатай ажилд үл ойшоосон, хэнэггүй байдлаар хандаж байгаа нь гадныхны болоод манайхны хийсэн судалгаагаар гараад ирдэг. Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа хийсэн судалгаагаар 60-аас дээш насны иргэдийн 97 хувь нь сонгуульд идэвхитэй оролцсон бол 15-25 насны залуусын ердөө 20 хувь нь саналаа өгсөн гэх судалгаа гарсан. Манай нийт сонгогчдын гуравны нэг нь 30 хүртэлх насны залуучууд байдаг.

Тэдний өмнөө ахмадууд сонголтоо хийж Монголын төр бүрдэж байна. 18-25 насны залуусын ихэнх нь “Сонгууль бол иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх арга” гэх хариулт өгснийг судлаачид хэлдэг. Мөн “Улс төр надад хамаагүй”, “Итгэл хүлээхээр нэр дэвшигч байхгүй”, “Миний саналаар дутахгүй”, “Сонгосон ч мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй” гэх асуултууд залуу сонгогчдын зүгээс гардаг. Тэгэхээр улс орны ирээдүй, үнэт баялаг нь болсон залуу хүн та санал өгөөгүйгээс, таны санал төрд дутсанаас болж улсаа удирдах дархан эрхээ эдэлж чадахгүй байна гэдгээ ухамсарлах ёстой. Өнөөөдр дэлхий нийтээр залуучуудын улс төрийн оролцооны тухай яригдаж байна. Залуучуудыг сонгуульд уриалах нэгэн сонирхолтой жишээг япончууд бодож олсон байдаг. Тус улсад сонгуулийн идэвхийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн цуврал комеди видео сурталчилгаанд ихэвчлэн ахмад настнууд оролцож “Залуучуудаа сонгуульд битгий оролцоорой” гэх өдөөн хатгасан, хошин агуулгатай сурталчилгааг явуулжээ. Харин үүнийг олон хүн үзэж, залуучуудын идэвх сайжирсан нь сонирхол татаж байна. Уг санаа анх АНУ-ын сонгуулийн үеэр залуучуудыг битгий оролц, та нарын амьдрал, ирээдүйг бид шийднэ гэсэн өндөр настнуудын видео сурталчилгаанаас үүдэлтэй гэдэг. Монголын залуучууд ахмадуудаар ингэж “өдүүлэлгүй” өөрсдийн ухамсраар төрөө төвхнүүлэх, төрт ёсныхоо ажилд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна. Буруу сонголт хийлээ хэмээн бусдын болоод ирэх дөрвөн жилд төр засгаа зүхэж, нулимж суухгүйн тулд Монгол Улсын иргэн та сонголтоо зөв хийж, сонгуульд хариуцлагатай хандана уу?

Энэ удаагийн сонгууль олон мандаттай томсгосон тойргоор явагдана. Сонгогч тухайн тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг бус мандатын тооноос хамаарч 2-3 хүнд саналаа өгнө. Хотын аль нэг дүүргийн хоёр мандаттай тойрогт 40, 50 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа. Энэ олон нэр дэвшигч дундаас хоёрыг нь сонгох жишээний. 2008 оны олон мандаттай том тойрог бүхий сонгуульд сонгогчдын оролцоо өмнөх сонгуулиас огцом буурсан. 2012 онд мөн адил буурсан үзүүлэлт гарсан. Үүнийг сонгогч мандатын тоондоо багтааж олон нэр дэвшигчийг сонгох боломжтой байгаа нь сонгогчийн улс төрийн чиг баримжаа бүдгэрэх, улмаар сонгуулийн ирц огцом буурахад нөлөөлдөг гэж судлаач, ажиглагчид дүгнэдэг. Томсгосон тойргоор сонгууль явуулахад идэвх болоод ирц ийнхүү огцом буурдгийг хаа хаанаа анхаарч үзэхгүй бол ирц 50 хувьдаа хүрэлгүй сонгууль дахихгүй гэх баталгаа алга байна.

Мөн “Сонгуульд оролцож саналаа өгөх эсэх нь сонгогчийн эрх. Гэхдээ тэр сонгуулийн үр дүнд байгуулагдсан Их хурлаас гаргаж буй бодлого шийдвэр бидний өдөр тутмын амьдрал талхны үнэд хүртэл нөлөөлдөг. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйг шийдэх боломжоо бусад хүнд олгох хэрэггүй. Сонгуульд оролцож саналаа өгөөгүй хүнд төр засгийн бодлого шийдвэрийг шүүмжилж, гомдоллох эрх байхгүй. Засгийн эрхийг барьж буй нам муу ажиллаж байвал түүний буруутан нь саналаа өгөөгүй хүмүүс. Өөрсдийнхөө хувь заяаг шийдэх эрхийг бусад хүнд олгохгүйн тулд сонголтоо хийж, түүндээ эзэн нь байхын тулд сонгогч заавал ч үгүй санал авах байр руу очиж, саналаа өгөх ёстой” гэж мэдэгдсэн Сонгогчийн боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяагийн хэлснийг хүн бүр санууштай.


Categories
мэдээ цаг-үе

Б.Жуваа: Нэг жил наадам хийхгүй өнжихөд өв уламжлал алдагдчихгүй байх

Үндэсний их баяр наадмын тухай Батлан хамгаалахын бэлтгэл хурандаа, сурын харваа сонирхогч Б.Жуваатай ярилцлаа.


-Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг бол наадам. Харин өнөө жилийн хувьд наадмыг хязгаарлагдмал хүрээнд хийхээр болж байна?

-Хязгаарлагдмал хүрээнд хийгээд ч дэмий гэж бодож байна. Хөрш зэргэлдээ орнуудаас орж ирж байгаа халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. ОХУ, БНХАУ асар их эрсдэлтэй байхад баяр наадам зохион байгуулаад хэрэг байна уу. Нэгдүгээрт, хүн зоныхоо эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс эдийн засгаа бодох хэрэгтэй. Ирэх жил эрүүл саруул энх цагт, 100 жилийнхээ ойг сайхан тэмдэглэж болно шүү дээ. Одоо сонгууль гээд баахан шоу явж байна. Сонгууль дуусаад наадам хийвэл юу болох юм. Өнөөдөр хүмүүсийн амьдрал төдийлөн сайнгүй, бараа таваарын үнэ ч өндөр байна. Ийм нөхцөлд наадмаа өнжөөд дараа жил хийчихвэл болмоор л юм шиг санагдах юм.

-Үндэсний их баяр наадмаа хийх хэрэгтэй гэсэн хүмүүс ч бишгүй байна. Уг нь наадмыг ганц жил өнжөөчихөд буруудах зүйлгүй биз дээ?

-Цахим орчин, сонин, сайтаар зарим бөх нь наадмаа хийе гэж бичсэн л байна лээ. Гэхдээ бөх барилддаг, морь уралдуулдаг, сур харвадаг хүмүүсийн сонирхол нэг өөр хэрэг. Тэр хүмүүс бол ард түмний өчүүхэн жаахан хэсэг нь шүү дээ. Нийт ард түмнийхээ хүсэл саналыг нэгдүгээрт тавина уу гэхээс наадамд үүрэг гүйцэтгэдэг цөөн тооны хүмүүсийн эрх ашгийн төлөө явж болохгүй болов уу. Нөгөөтэйгүүр өв уламжлал гэдэг зүйл ганц удаа наадам хийгээгүйгээс болоод алдагдчихгүй байх. Нэг жилдээ өнжихөд ард түмэн ойлгоно л доо. Цагаан сар тэмдэглэхгүй гэхэд монголчууд ойлгож, ухаараад Цагаан сараа хийгээгүй. Ийм байхад заавал наадам хийж хүн амьтан бөөгнөрүүлж, айраг цагаа, аяга тавгаа хольж асуудал үүсгэх шаардлагагүй болов уу.

-Улс, аймаг, сумын баяр наадмыг яаж ухаалаг, цомхон хийж болох вэ. 1024 бөх, олон насны морьд уралдуулахын оронд тоог нь цөөлдөг ч юм уу, морьдын уралдах насыг багасгаж ч болно шүү дээ?

-Сошиал, сонин хэвлэлээр үзэгчгүй хийнэ гэж яриад байгаа юм. Үнэхээрийн тэгш ой нь таарсан аймаг сумд байвал цомхон, их бодлоготой хийхгүй бол аюултай. Бид 100 гаруй жил найр наадам хийлээ. Одоо сайжирсан юм юу байна. Тэгэхээр хэрэв хийх бол бүх эрсдэлээ маш нарийн тооцож аймаг орон нутгийн хэмжээнд цомхон тэмдэглэхгүй бол Улаанбаатар хотод бүгдийг нь бөөгнөрүүлж болохгүй.

-Наадмаар хуушуур, худалдаанд овоорцгоодог. Гэртээ хуушуураа хийгээд идчихэж болно доо?

– Цагаан сарыг буузны баяр, наадмыг хуушуурны баяр гээд хошин яриа гарсан байна лээ. Тэгэхээр бид Цагаан сараар буузаа гэртээ хийж идээд болсон л юм чинь наадмын хуушуураа гэртээ хайраад идчихэж болмоор шүү дээ. Заавал наадмын талбайд очиж шороон дунд хуушуур авч идсэнээр би наадамлалаа гэж бодож болохгүй. Хуушуур гэхээр ямар ч махаар яаж ч хийж байгаа юм бүү мэд. Өнөөдөр махны үнэ ямар байна. Эрүүл ахуй талаасаа их эрсдэлтэй. Эдгээрийг бодох л хэрэгтэй л дээ. Үүнийг төр засаг, Улсын онцгой комисс эрхбиш тооцож байгаа байлгүй.

-Цэрэг, цагдаагийн хүмүүс наадам, баяр ёслолыг төдийлөн тэмдэглээд байдаггүй, завгүй ч байдаг. Та баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Би тасралтгүй 37 жил гурван сар армид алба хаасан хүн. Ер нь цэрэг цагдаагийн байгууллага, үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид баяр наадмыг өргөн хэмжээнд тэмдэглээд, оролцоод байдаггүй. Харуул хамгаалалтаас эхлээд зохион байгуулалтын ажилд л оролцдог. Миний хувьд сүүлийн жилүүдэд найр наадмыг болж өгвөл гэр бүлийнхээ хүрээнд цомхон байдлаар ач, зээ нартайгаа л өнгөрүүлдэг. Түүнээс биш айл хэсээд олон газраар яваад байдаггүй.

-Дээр үед наадмыг цэвэрхэн, цомхон, ёслол төгөлдөр ганц, хоёр өдөрт хийгээд л болчихдог байсан гэдэг?

-Дээхнэ үед наадмыг цомхон, зөвхөн төр захиргааны хэмжээнд баярын юмуу, гэгээрлийн хурал хийгээд л өнгөрчихдөг байсан. Хөдөлмөрчдийн хурал болно, дараагаар нь нэг концерт тоглоод л тарчихдаг. Нэг их өргөн дэлгэр байгаагүй. Одоо бол жил ирэх тусам их өргөн дэлгэр тэмдэглэж байна. Үүнийг би нэг талаараа зах зээлтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Зах зээл хөгжөөд худалдаа наймаачид бараа таваараа борлуулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байна. Наадмын өдрүүдээр бараагаа аваачиж зарна. Одоо бол наадам эхлээгүй байхад л сурталчилгаагаа телевиз, радиогоор цацчихаж байна. Ингээд юмны үнэ хямдарлаа гэх зэрэг янз бүрийн байдлаар олон түмнийг их татдаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдалтай байгаа учраас цомхон байя гээд ард түмэндээ ухамсарлуулчихвал хэн хүнгүй ойлгоно шүү дээ.

-Сүүлийн 20-иод жил наадам маш нүсэр, сунжирсан, зардал чирэгдэл ихтэй болсон. Харин энэ жил байдал хумигдаж байгаа нь өрх гэрүүдэд эдийн засгийн хэмнэлт болно гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт, хүн ардын эрүүл мэнд. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийг бодох хэрэгтэй. Их өртэй байна, хүмүүсийн амьдрал тааруу байна. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо л гэж байна. Аравдугаар сарын нэгэн хүртэл олон хүүхэдтэй хүнд ач тусаа өгч байна. Үүний хажуугаар гадаадад байгаа өндөр настай хүмүүс эх орондоо ирье гэж хүсэлт тавьж байна. Тэднийгээ татаж чадахгүй байна. Энэ их асуудал дээрээс нь коронавирусийг бүрэн дардаг эм гараагүй байхад бид мундаг царайлаад цуглараад наадам хийнэ гэж явж байхад л нэг мэдэхэд аюул үүсчихвэл яах юм бэ.

-Та наадмын комиссын дарга байсан бол өнөө жилийн баяр наадмыг хэрхэн цомхон, олон хүн цуглуулахгүй зохион байгуулах байсан бэ?

-Эхний ээлжинд мэдээж холбогдох мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийг нь тооцуулж дараагаар нь ард түмний шийдвэрийг сонсож гэмээнэ шийдвэрээ гаргана л даа. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөгөө бол ерөөсөө хүн хоорондын зай, маскаа зүүх ёстой гээд хэрэгтэй бүх шаардлагыг хэрэгжүүлж цомхон өнгөрөөх л бодол байна. Цэцэрлэгт хүрээлэнд явж байгаа улсуудыг хар. Маскаа хүрээлэн тойруулаад нэг хаячихсан. Ингээд тайвширчихсан улс одоо наадам хийчихвэл бүр тайвширчихна шүү дээ.

-Монголчуудын хувьд зургадугаар сарын сүүлчээс есдүгээр сарын дунд үе хүртэл битүү наадаж, найрладаг. Харин өнөө жил наадам хумигдсанаар намар, өвлийн бэлтгэл ажил цалгардахгүй, ахиц гарах нь ээ, тийм үү?

– Нэг унтаад босоход л зун дуусчихдаг. Намар болно, найр наадмаа хийнэ. Одоо бүр ноёны наадам ч гэнэ үү, сүүлдээ наадам хавтгайрсан шүү дээ. Хүүхдийн сэвлэг үргээх ёслол, хурдан морины мялаалгын баяр, бөхийн мялаалгын баяр гээд үргэлжлээд явчихдаг. Үүнийг төр засаг гярхай харж засварлаж, цаашлаад ч найр наадмыг цомхон тэмдэглэх нь зүйтэй байгаа юм. Ингээд нэг мэдэхэд хүйтрээд цас унангуут өвлийн бэлтгэл санаанд нь орж өвс, хадлан, ургац хураалт эхэлдэг. Гэсэн ч авсан, хураасан юм байхгүй асуудал үүснэ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Баабарын “Гүтгэлэг хар мөртэй” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

ХӨСҮТ-ийн эмч, ажилчид тахлын энэ цаг үед хэрхэн ажиллаж байгаа, тэдний ажлын нэг өдөр яаж өнгөрдөг талаар бэлтгэсэн сурвалжлагыг өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэндээ хэвлэлээ.

Гадаад харилцааны
сайд Д.Цогтбаатартай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Үйл ажиллагаа нь доголдсон
аж ахуйн нэгжийн ажилтан
бүрт сар болгон 200 мянган
төгрөг олгох журмыг ХНХЯ
болон Сангийн яам хамтран боловсруулсан хэмээн мэдээлсэн. Манай сэтгүүлч энэхүү журмыг амьдрал дээр хэрэгжиж байна уу гэдгийг нэхэн сурвалжиллаа.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Гүтгэлэг хар мөртэй” нийтлэл хэвлэгдлээ.

Сэлэнгэ
аймагт сонгуулийн ажлаар явж байсан “Сахигтун Үндсэн
хууль-19” эвслийн сонгуулийн
штабынхан Дарханы замд
осолдож, эвслийн хоёр гишүүн
амиа алдсан хэрэг энэ сарын
8-нд гарсан.
Энэ тухай “Сахигтун
Үндсэн хуулийн-19” эвслийн
тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтаас тодрууллаа.

Төь аймгийн 14 дүгээр тойрогт “Та
бидний эвсэл”-ээс нэр
дэвшигч О.Буяннэмэхийн ярилцлагыг 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

“MODA” хувцас
загварын урлангийн ерөнхий
дизайнер Н.Оюун-Эрдэнэтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг 12 дугаар нүүрэндээ хэвлэлээ. Тэрээр “Хэдхэн
пиджак, плате гаргачихаад л
зураг авалт хийж, түүнийгээ
брэнд гэж нэрлээд байна” хэмээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэ зун 200 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлнө

“Тавантолгой түлш” ХХК 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өнгөрсөн 3 дугаар сараас хойш 30 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэжээ. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн хэрэгцээнд энэ зун 200 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэн нөөцлөх юм.

2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сайжруулсан түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийг ашиглалтад оруулснаар өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулсан юм.

2018 онд 202 мянган өрх яндан зуух ашиглаж байсан бол 2019 онд 6 мянган өрх орон сууцанд орж, 30 мянган орчим өрх цахилгаанаар болон бусад эх үүсвэрээр, 177 мянган өрх халаалтын зуухаар халаалтаа шийджээ. Эдгээр өрхүүд 2019-2020 онд 474 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэсэн нь 2018 онд хэрэглэсэн түүхий нүүрснээс 2 дахин бага байгаа юм.

Айл өрхийн болон дулааны станцын түлшний үнсийг 100 хувь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн үнсийг ангилж ялгах, тусад нь тээвэрлэх, барилгын материал үйлдвэрлэх ажлыг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулж байна. Түүнчлэн дулааны станцын үнсийг уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглахаар судалгааны ажлыг эхлүүлсэн бол сайжруулсан түлшний үнсээр үрэл хийж цэвэрлэх байгууламжийн бохир усыг шүүх боломжтой гэсэн туршилтын дүн гарчээ.

Найлайх дахь Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалт өнгөрсөн 4 дүгээр сард эхэлсэн. Жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд Гачуурт, Налайх, Багануур, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүргийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк тавдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авжээ

Монголбанк 2020 оны 5 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тн үнэт металлын 6.8 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 5 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 5 дугаар сард 154,048.51 төгрөг байв.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ нийгэм

“Оролцооны хяналт, шинжилгээ, үнэлгээ” сургалт зохион байгуулна

/Улаанбаатар хот 2020.06.10/

Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Оролцооны хяналт, шинжилгээ, үнэлгээ” сургалтыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд зохион байгуулна.

Сургалтад үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгий, хүлэмж, зоорь зэрэг газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр, бүтээгдэхүүн, мал аж ахуйн чиглэлийн 20 ТББ-ын төлөөлөл болон ХХАААХҮЯамны жендэрийн болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд хамрагдах юм.

Сургалтад оролцогчид салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг үнэлэхийн ач холбогдол, ОХШҮ-г гүйцэтгэх багийг бүрдүүлэх, ОХШҮ-ний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ОХШҮ-ний тайлан, бодлогын зөвлөмжийг боловсруулах, ОХШҮ-ий үр дүнд тулгуурлан шийдвэр гаргагчдад нөлөөлөх мэдлэг, ур чадварт суралцана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЖҮХАА-ны Хэвлэл мэдээлэл, Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Б.Батмөнхтэй 70071114 дугаарын утсаар холбогдон авна уу.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм

Хяналт, шалгалтад 726 боловсролын байгууллагыг хамруулав

Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 726 барилга байгууламжийг хяналт, шалгалтад хамруулсан юм.

Хяналт, шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 3657 зөрчил, дутагдлыг илрүүллээ.

Шалгалтын явцад газар дээр нь 1056 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийн систем төлөвлөөгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй.

Мөн галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөөгүй, зураг төсөлд галын аюулгүйн магадлал хийгдээгүй авралтын зам гарцыг хаасан, галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант, хоолой, хошуу, гайк/-ийг байрлуулан бэлэн байдлыг ханган ажиллаагүй, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Дээрх зөрчлүүдийг холбогдох хууль тогтоомж, хяналтын байцаагчийн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд зөрчлийг бүрэн арилгуулахаар гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ыг ирэх сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй.

2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд орсон.

2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож, 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим Facebook хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа тул Шалгуулагч та бүхэн албан ёсны www.eec.mn цахим хуудснаас мэдээллээ хүлээн авахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.