Categories
мэдээ нийгэм

Ирэх сард 0,79 км авто зам ашиглалтанд орно

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Үүний нэг болох тус авто замын газар шороо, авто замын хашлага суурилуулалт, цахилгааны шугам сүлжээ шилжүүлэг, 13 нэгж талбарт газар чөлөөлөлт болон далангийн хамгаалалтын L хэлбэрийн төмөрбетон хаалтын ажлууд хийгдэж байна.

Тус авто замыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. Мөн Энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36,хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл арга хэмжээ хэрэгжих аж.

Нийслэл хотод 52,5 км авто замыг шинээр хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 17,5 км уулзваруудыг өргөтгөж, 178,6 мерт урт гүүрэнд засвар хийгдэх юм байна. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины 4 нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгджээ.

Categories
мэдээ нийгэм

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 175 иргэн ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 15, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 41 иргэн багтсан болно.

Өнөө өглөө 08.00 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн дээрх нислэгээр хилийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор Монгол Улсаас нутаг буцах боломжгүй байсан Казахстан улсын 79 иргэнийг эх оронд нь хүргэж өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг өнөөдрөөс орон нутагт хуваарилна

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудсыг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, битүүмжлэх, санал тоолох “New Image Cast” төхөөрөмжийг туршиж, баталгаажуулж эхэлжээ.

Баталгаажсан төхөөрөмжийг өнөөдрөөс орон нутагт хуваарилах юм. Монгол Улс уг төхөөрөмжийг 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр сонгуулийн саналыг тоолоход ашигласан.

Харин саналын хуудсыг СЕХ санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэхээр хуульд тусгасан байна. Саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент” компани хэвлэж байгаа бөгөөд дуусах шатандаа оржээ. Саналын хуудсыг битүүмжлэх, төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн ажиглагчид хянаж байна. Мөн хөндлөнгийн хянагчаар “МИДАС” ТББ ажиллаж байгаа юм.

Ташрамд дурдахад, саналын хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлдэг нийт сонгогчдын 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэйгөөр хэвлүүлдэг. Энэ удаад сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдал

Төрийн ордонд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол болно.

10.00 цагт Нийслэлийн Хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газарт БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский няран шарлагын фото эмчилгээний ламп хүлээлгэн өгнө.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Сансар огторгуйн“Хар нүх”

Одон орон судлалын шинжлэх ухаанаас өнөөдөр хамгийн их сонирхол татаж буй зүйл нь “Хар нүх” юм.

Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн харьцангуйн онолдоо гэрлийг хүртэл цааш нь түгээхгүй өөртөө татаж оруулах чадал бүхий хэт их таталцлын хүчтэй, маш их нягтаршилтай хар нүх сансар огторгуйд байх ёстой гэж бичиж үлдээжээ. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд Сансарын физикийн эрдэмтдийн баг дэлхийгээс гэрлийн хурдаар гарлаа гэхэд 55 сая жилийн дараа хүрч очих Мессье 87 буюу M87 гэх галлактикийн төвд байх хар нүхний фото зургийг дэлхий нийтэд дэлгэн үзүүлсэн билээ.

Энэ нь хар нүхний анхны бодит фото зураг гэдгээрээ үнэхээр онцлог зүйл болсон юм. Энэхүү хар нүхний хэмжээ нь 200 жилд нэг удаа нарыг тойрдог Тэнгэрийн ван гаригийн нийт тойргоос ч хамаагүй том, нарнаас 6.5 тэрбум дахин хүнд аж. Эрдэмтэд хар нүхний зураг авах ажлаа 2017 оны дөрөвдүгээр сард эхэлж яг гурван жилийн дараа дөрөвхөн хоногт багтаан, дэлхийд өөр хоорондоо маш хол байрласан Одон орон судлалын найман төвд нэгэн зэрэг энэхүү хар нүхнээс ирж буй радио долгион буюу фотоны мэдээллийг цуглуулж маш хүчтэй компьютерт оруулан тусгай программын тусламж, тоон системийн ачаар фото зургийг гаргаж авсан билээ. Одон орон судлалын төв болгон нэг петабайт орчим мэдээлэл цуглуулсан бөгөөд нэг петабайт нь нэг сая гигабайттай тэнцэнэ гэхээр ямар нүсэр ажил болох нь ойлгомжтой.

Эрдэмтэд фото зургийг нь л авч чадаагүй байсан болохоос хэд хэдэн хар нүхийг урьд нь илрүүлчихээд байсан билээ. Хар нүх гэдэг нь ямар ч гэрэл, цахилгаан болон соронзон долгион нэвтрэхгүй хэт хүчтэй таталцал бүхий огторгуйн орон зай юм. Гэрлийг хүртэл муруйтал нь татаж өөртөө оруулж аваад цааш нь явуулдаггүй гээд бод доо. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдгээс хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагддаггүй. Тиймээс хар нүх хэмээн нэрлэсэн билээ. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч ойролцоо байгаа бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаагаар нь түүнийг илрүүлж олдог байна. Тухайлбал, хар нүхэнд татагдан орж буй хий, тоосонцроор хар нүх байгааг баталдаг. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч, халан, их хэмжээний цацраг ялгаруулдгаас янз бүрийн өнгөтэй харагдан эрдэмтдэд өөрийгөө барьж өгдөг гэсэн үг. Иймээс хар нүхний ойр орчим заримдаа янз бүрийн өнгөөр гэрэлтдэг. Мөн нүх биш хонгил юм байна гэсэн ойлголтод ихэнх эрдэмтэд хүрээд байгааг дурдах хэрэгтэй. Тэд хар нүхний нэгээр нь орж нөгөөгөөр нь гарвал огт өөр цаг хугацаа, хэмжигдэхүүнтэй бидэнтэй зэрэгцэн оршиж буй өөр ертөнцөд очно гэж үзэж байна. Учир нь хар нүхний хамгийн гайхамшигтай чанар нь энэ нүхний орчимд цаг хугацаа хүртэл өөрчлөгддөгт байгаа юм.

Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон оронч Жон Мишел гаргаж байв. Удалгүй 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооллын дүнд мөн адил дүгнэлтэд хүрчээ. Харин хар нүх гэсэн нэршлийг анх, Америкийн физикч, онолч Жон Арчибальд Уилер 1967 онд уншсан, алдарт “Манай орчлон ертөнц: Бидний мэдэх болон мэдэхгүй зүйлс” ( Our Universe: the Known and Un­known) илтгэлдээ хэрэглэжээ. Үүнээс урьд хар нүхийг одон орончид мөхмөл, сүйрсэн, эсвэл хөлдүү од хэмээн нэрлэж байсан билээ.

Хар нүхний таталцлын талбайд орсон хийн үүл “сорогдож” буй анхны шинж тэмдгийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/-ийн сансрын тойрог замд байрлуулсан “Чандра” гэдэг рентген дуран авайны тусламжтайгаар мэдэж авчээ. Бидэнд харагдаж буй однууд нь бүгд том, жижиг нар бөгөөд тэд агаар мандлаас болж бидэнд анивчиж харагддаг. Бас дэлхийгээс оддыг зөвхөн шөнө л харах боломжтой. Эдгээр алдаанаас зайлахын тулд эрдэмтэд дэлхийн тойрог замд “Чандра” нэрт дуран авайг байрлуулсан юм. Чандра гэдэг нь Энэтхэг домогт гардаг сарны бурхны нэр билээ.Тухайн үед энэхүү дурангаар авсан зураг хар нүхнүүд хэрхэн томордог болон тэдгээрийн татах хүч бусад биетэд хэрхэн нөлөөлдөг талаарх одон орон судлалын хоёр том асуултад хариулахад туслах болно гэж NASA мэдээлж байв. Шинээр нээсэн хар нүхний нэг нь дэлхийгээс 32 сая орчим гэрлийн жилийн зайтай орших “NGC 3115” галактикийн төвд оршдог байна. Нэг гэрлийн жил гэдэг нь секундэд 300 мянган километрийн хурдтай тархдаг гэрлийн нэг жилийн хугацаанд туулах зай юм. Хийн үүл хар нүхний соронзон орны “залгих” бүсэд орохдоо хэлбэрээ алдаж байлаа. Хөдөлгөөний хурд ихсэхийн хэрээр хий улайсч, рентген туяа цацруулж буй нь “Чандра” дуран авайгаар авсан зурагт тод харагдаж байсан билээ. Мөн хар нүхнээс 700 орчим гэрлийн жилийн зайтай ойртох үед хийн үүлний температур эрс нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэхүү хар нүхний жин нарнаас хоёр тэрбум орчим дахин их гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргаж байв.

Сансарт хар нүх сөнөж буй нарнаас бий болдог. Асар их нягтралтай, үлэмж их масстай биет нь хэмжээлшгүй их татах хүчтэй байх бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй нь энэхүү татах хүчтэй холбоотой. Эдээр хар нүхнүүд нь сансрын хий тоосонцроос авахуулаад бие даасан гариг тэр бүү хэл бүхэл бүтэн галлактикийг ч сорон авах чадвартай. Сүүлийн үед хар нүх нь бүх зүйлийг сорох төдийгүй тодорхой хугацааны дараа анх байснаас нь сайжруулж буцаан гаргадаг гэж зарим эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь маш удаан хугацаа шаардана гэнэ. Нарны аймаг нь зах хязгааргүй галлактикийн маш өчүүхэн хэсэг бөгөөд манай энэхүү галлактикт маш олон хар нүх байгаа аж. Эдгээрээс хоёр нь л дэлхийд аюул учруулж магадгүй аж. Гэхдээ бидний аз болоход эдгээр хар нүх биднээс 1600 гэрлийн жилийн зайд байгаа юм. Эрдэмтэд бараг давхцаж буй зэргэлдээ энэ хоёр хар нүхийг Энэтхэг домгийн сарны бурхны нэрээр мөн л “Чандра” гэж нэрлэжээ. Учир нь эрдэмтэд энэ хоёр нүх таталцлын улмаас удахгүй нэг хар нүх болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Эцсийн эцэст дотор нь орсон бүх зүйл гадагшилж хар нүхэнд зөвхөн цацраг идэвх л үлдэх бөгөөд удалгүй сарнин бүрмөсөн алга болдог гэж ихэнх эрдэмтэд үзэж байна.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд оддын систем буюу галлактикт цөөнгүй, нүдэнд үл харагдах, маш их нягтаршилтай, гэрлийг хүртэл цааш явуулахгүй өөртөө татаж аваад буцааж гаргадаггүй хэтэрхий гэмээр их татах хүчтэй орон зай байдаг ажээ. Үүнийг хар нүх гэнэ. Хар нүхний хэмжээ байнга өөрчлөгдөхөөс гадна сансрын хий, тоосонцор, дэлхий болон нарны аймаг тэр ч байтугай бүхэл бүтэн галлактикийг “сорж” мөхөөх чадвартай аж.

Харин үүнээс бусад нь зөвхөн эрдэмтдийн дэвшүүлж буй таамаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 11, Бархасбадь гариг. Билгийн тооллын 21, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадамтай холбогдуулан үндэсний бөхийн холбооноос зөвлөмж гаргажээ

Улс, аймаг, сумдын наамдыг долдугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг зохион байгуулна

Энэ жил Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харвааг телевиз болон цахим орчноор дамжуулан олон түмэнд түгээхээр төлөвлөөд байгаа. Мөн улс, аймаг, сумдын наадмыг VII сарын 11, 12-нд нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн улс, аймаг, сумын наадамд барилдуулах бөхчүүдийн тоог зааж өгсөн байна. Улсын наадамд 512, аймгуудын наадамд 128, сумдын наадамд 64-өөс илүү бөх барилдуулахыг хоригложээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбооддоо хандан дараах зөвлөмжийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн. Энэ ажил нийслэлийн хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ стандартын шаардлага хангаагүй, хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой газруудын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож чөлөөлөгдсөн талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол барихаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажил эхэлснээс хойш Хотын Ерөнхий менежерийн баталсан хувиарийн дагуу Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, албан мэдэгдэл хүргүүлж, зөрчилтэй, стандартад нийцээгүй 429 барилгын түр хашааг илрүүлэн, 211 хашааг стандартын дагуу шинэчлүүлэн, барилгын 50 хашааг албадан буулгажээ. Мөн 13 байршилд орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн бол нийтийн эзэмшлийн зам талбайн 6 байршилд 69 гаражийг албадан буулгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюуны өмчийн газраас хэвлэх үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийв

Оюуны өмчийн газраас хэвлэх үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд ...

Монгол Улсын нутаг дэвсгэрт хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд ХЗДХЯ-ны харьяа Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 4 дүгээр сарын 6-ний өдрийн 04 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт, Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтад:

  1. Нэпко паблишинг
  2. Арилдал ХХК
  3. Адмон принтинг
  4. Интерпресс ХХК
  5. Мөнхийн үсэг ХХК
  6. Монсудар хэвлэлийн газар
  7. Хүслийн өнгө ХХК
  8. Сэлэнгэпресс ХХК
  9. Улаанбаатар принт
  10. Соёмбо принтинг ХХК зэрэг хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэр хамрагджээ.

“Аз хур” ХХК, Болор судар хэвлэлийн газар 2020 оны 9 дүгээр сард хяналт шалгалт хийлгэх хүсэлтээ ирүүлсэн тул хяналт шалгалтад хамрагдаагүй.

Энэхүү төлөвлөгөөт шалгалтын үр дүнд дараах нийтлэг зөрчил илэрлээ.
Хяналт шалгалтын явцад хэвлэн гаргасан зарим бүтээлд гэрээ байгуулаагүй, байгуулсан гэрээний бүтэц, загвар стандарт бус, огноо, тамга тэмдэг байхгүй, эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус, ажил үйлчилгээ өмнө хийгдсэн боловч гэрээ нь дараа ирдэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт зааснаар ном, сэтгүүлд оруулсан гэрэл зургийн бүтээлийн эзэмшигчийг, үүсмэл бүтээлийн зөвшөөрлийг гэрээнд тусгаж өгөх, ямар зохиогчийн эрхийн бүтээл болох нь тодорхой бус мөн захиалагч тал нь тухайн бүтээлийн зохиогч, эрх эзэмшигч нь мөн эсэхэд хяналт тавьдаггүй болох нь хяналт, шалгалтын явцад илэрч, зөрчлийг арилгуулахаар Хяналтын хэлтсийн зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Энэ удаагийн хяналт шалгалтын бас нэг зорилго нь Зохиогчийн эрхийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих байсан бөгөөд үүнээс Монгол Улсын төдийгүй олон улсын хувьд зохиогчийн эрхийн үндсэн чиг баримжаа болж буй Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенци, Зохиогчийн эрхийн тухай ДОӨБ-ын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн эрхийн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх явдал байсан.

Шалгалтад хамрагдаж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрт дахин гүйцэтгэлийн шалгалтыг хийнэ.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн хэмжээнд хурд хэмжих байршлууд нэмэгдэж байна

БЗД-ийн хэмжээнд хурд хэмжих байршлууд нэмэгдэж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч байна.

Тодруулбал, Нийслэл хотоос зүүн тийш гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм. Иймд дүүргийн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд 24 цагаар эргүүл хийж нэмж 5 байршилд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна.