Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Багануур, Налайх дүүрэгт ажиллав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болсныг онцолсон юм.

Түүнчлэн Налайх дүүрэгт байрлах Онцгой байдлын байгууллагын Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн харьяанд алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх зориулалттай. Мөн тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулж гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭЗЭРЭТ Олон Улсын Энэрлийн Байгууллагаас 1 тэрбум орчим төгрөгийн эмнэлгийн хангамж, хэрэгсэл хандивлалаа


Баруун гар талаас: АУ-ны доктор профессор О.Сэргэлэн, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор Цолмон, ДОУЭБ-ын Монгол дахь төлөөлөгч Г.Түвшинжаргал, ОНХА-ны Захирал, ХААУ-ын доктор О.Одгэрэл

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхийн 189 улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад сүүлийн 26 жилийн турш хүмүүнлэгийн олон төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ. Эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тэргэнцэрээр хангах, цэвэр ус төслийн хүрээнд гүний худаг гаргах, зөөврийн ус түгээх байгууламж барих, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, агаарын бохирдлын эсрэг гэр дулаалга төсөл хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал ба хадгалалтыг сайжруулах төсөл, гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж (ГАЛТ) сургалт болон онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ зэрэг олон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ удаа Дэзэрэт ОУЭБ нь АНУ-аас 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1,133 нэр төрлийн эмнэлгийн хангамж хэрэгсэлийг оруулж ирэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-д хандивлалаа. Тус байгууллага нь уг төслийг Globus Relief ОУБ, АШУҮИС болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүллээ. Эдгээр хангамж, хэрэгслүүд нь АШУҮИС-ийн дадлагын сургууль дээр явагддаг сургалтын мэс засал болон бусад шаардлагатай газруудад ашиглагдах юм.

Categories
мэдээ нийгэм

УИД-ийн барилгад гарсан галын улмаас хэрэглэх боломжгүй болсон 162 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

Улсын Их Дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад нийт 2,388 нэр төрлийн 48,5737 ширхэг, 11,676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоолоо. Мөн 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй 5 дүгнэлт үйлдэгдлээ.

Улсын байцаагчийн актыг үндэслэн 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /барааг/ НМХГ-ын холбогдох улсын байцаагчид Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Анх 2013 онд тухайн хорооны 318 өрх нэгдэн өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулахаар дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах санал хүргүүлсэн байдаг. Улмаар 2015 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас тухайн хэсгийн нарийвчилсан иж бүрэн судалгаа хийсэн байна. Мөн тус хорооны 24 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөлтөд тусгажээ.
Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Шинэ барилга” ХХК эхний ээлжинд төслийн зорилгод нийцүүлэн өөрийн эзэмшлийн газар дээр 126 айлын орон сууцыг барьж байгаа юм. Барилгыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулах аж. Энэ талаар “Шинэ барилга” ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм “Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбарт 3500 айлын орон сууц, амины таун хаус барих юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, хүн амьдрахад таатай орчин бүрдүүлнэ. 2013 оноос эхлэлтэй уг ажлыг 2019 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодит ажил болгосон. Мөн нийслэлээс инженерийн дэд бүтцийг шийдэж өгч байна. Эхний ээлжинд 126 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаар иргэд заавал нүүж, газраа чөлөөлөх шаардлагагүй болсон онцлогтой. Тодруулбал, байр ашиглалтад орох хүртэл иргэд хашаандаа амьдарч, ашиглалтад орсны дараа газраа чөлөөлөх юм” гэв.

Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва батламж гардуулах үеэр “Агаар, орчны бохирдлыг бууруулж, өөрсдийн амьдрах орчноо сайжруулахаар сэтгэл нэгдсэн иргэд та бүхэндээ нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон бэрхшээлийг шийдвэрлэж, амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Ялангуяа, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлж байна. Он гарснаас хойш иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эрчимжүүлж Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 500 орчим өрхөд орон сууцны түлхүүрийг нь гардуулаад байна. Өнгөрсөн сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын амны 10 га газарт “Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл” хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Өнөөдөр Та бүгд 318 өрхийн 2013 онд гаргасан санаачилга өнөөдөр бодит ажил болж, төсөл хэрэгжүүлэгч компанид батламж гардуулж байна. Төсөл хэрэгжүүлэгч хариуцлагатай ажиллах ёстой. Нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч байгаа нь нэг талдаа хувийн хэвшлээ дэмжиж, нөгөө талдаа иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж буй онцлогтой” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны оршин суугчид нэгдэн иргэдийн бүлэг байгуулан, “Шинэ барилга” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд оролцсоноор газар чөлөөлөх үйл явц болон барьж буй барилгын чанарт эерэг хяналт тавих давуу талтай юм.
Categories
мэдээ нийгэм

Ө.Энхтүвшин:1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шуурхай зохион байгуулна

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад орон сууц олгох асуудлыг хэлэлцсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” тогтоол баталж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг байгуулж 1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай шуурхай зохион байгуулахаар болсон.

Эхний ээлжинд ХӨСҮТ-ийн 10 ажилтанд орон сууцны батламж гардуулснаар энэ ажил хэрэгжиж эхэлсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийн эхэнд тодотгов. Орон сууцаа тус хөтөлбөрт хамруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарын 20-ны дотор НОСК-д захиалга өгөх юм. Ингэхдээ, барилга нь 100 хувь дуусаж, улсын комисс хүлээж авсан байх, чанарын шаардлага бүрэн хангасан хэдий ч мкв-ын үнэ харьцангуй хямд байх гэсэн шаардлага тавих аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Өмнө нь гарч байсан алдааг бид давтахгүй. Тухайлбал, НОСК дээр гарч байсан алдаа одоо ч хууль шүүхийн байгууллагаар явж байна. Тэр нь өөрийн хамаарал бүхий компанийнхаа орон сууцыг чанар үл хамааран төрийн мөнгөөр худалдан авч иргэдэд тулган өгч байсан явдал. Имй дутагдал гаргаж болохгүй. Орон сууцанд орох эрх авсан иргэд орон сууцнуудаас өөрөө сонгож авах боломжтой” хэмээв. Мөн тэрээр, “Урьдчилгааны асуудалд уян хатан зохицуулсан. Тухайлбал, урьдчилгаа төлөх боломжгүй байгаа иргэн сар бүр төлөх мөнгөө тохироод явахыг зөвшөөрнө. Нөгөө талаас урьдчилгаа төлбөрөө боломжийнхоо хэрээр төлөөд сард төлөх мөнгөний хэмжээг багасгахыг мөн дэмжинэ” хэмээгээд энэхүү хөтөлбөрийг 6-7 дугаар сард хэрэгжүүлж дуусгана хэмээлээ.

Орон сууцанд хамрагдах иргэнийг УИХ-аас баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан Засгийн газрын журамд тодорхой заасан гэдгийг тодотгов. Тухайлбал, ХӨСҮТ, Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, хил хамгаалах, тагнуул, гаалийн байгууллага болон УСУГ-ын цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа зарим албан хаагчийг хамруулах ажээ.

Эхний ээлжинд тус хөтөлбөрөөр 1300-1500 айлыг орон сууцаар хангах бололцоотой гэсэн тооцоо гарсан байна. Энэ сарын 20-ноос өмнө Нийслэлийн ЗДТГ-т орон сууцны онлайн үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан иргэд орон сууцныхаа сонголтоо хийх юм. НОСК-аас тухайн орон сууцыг худалдан авч, иргэдтэй гэрээ байгуулах аж.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас 100 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 3.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээлд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Сингапур улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнанд захидал илгээжээ.

Захидалд, “Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Эрхэм хүндэт Сайд Танд чин сэтгэлийн баярын мэнд хүргэе. 2019 онд Танай сайхан оронд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар албан ёсоор айлчилж, энэ үеэр Тантай албан ёсны хэлэлцээ хийж, эдийн засгийн хөгжил, гадаад бодлогын нэн чухал асуудлуудаар үнэ цэнэтэй санал солилцсоноо эргэн санахад таатай байна.

Манай хоёр улс 50 жилийн хугацаанд улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж, эдүгээ Сингапур улс Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь бидний итгэлт анд, найдвартай түнш болжээ.

Цаашид өнөөгийн ололт амжилтдаа сэтгэл ханалгүйгээр бидний өмнө нээлттэй байгаа өргөн боломжийг ашиглан Монгол, Сингапурын харилцааг улам идэвхжүүлэн хөгжүүлэх нь дараачийн шатны зорилго болно гэдэгтэй Та санал нэгдэх бизээ. Монгол, Сингапур хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн талбарт улам үр бүтээлтэй хамтран ажиллах боломж байна.

Дэлхий даяар “COVID-19” коронавируст халдвар тархсан өнөөгийн ээдрээтэй цаг үед бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг чухал үүрэгтэй билээ. Энэ дашрамд Сингапур Улсын зүгээс цар тахалтай тэмцэх хүрээнд манай улсад сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдгээр 16 дугаар хороо шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарлаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон 9 дүүргийн хэмжээнд ‘’Нэг хот-Нэг стандарт’’ болзолт уралдааныг зарласан билээ.

Тус жилийн хүрээнд зарлагдсан болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүн гарч Нийслэлийн тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний баг, тэргүүний агентлагууд шалгарлаа. Тухайлбал, ‘’Нэг хот Нэг стандарт’’ болзолт уралдааны хэсгийн ахлагч нарын тэргүүний багаар дүүргийн 16 дугаар хорооны хамт олон шалгарч Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаас шагналаа гардан авсан юм. Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин: ‘’Хорооныхоо иргэд, аж ахуй нэгж хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцож, жил бүр Нийслэлийн шилдгээр шалгарч буй 16 дугаар хорооны хамт олонд баяр хүргэж, Талархал’’ илэрхийллээ.

Мөн дэлхий нийтийг цочроогоод буй Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй Засаг даргын Тамгын газарт Азийн сангаас 6600 ширхэг маск хандивласанг гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комиссоос мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.

Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ журмын дараахь үндсэн заалтыг илтэд зөрчиж байна. Үүнд,

3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай, 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

Энэ нь тус журмын 2.1.1-т заасан “Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх” зарчмыг ноцтойгоор зөрчсөн үйл явдал болж байна.

Иймд, коронавируст халдварын цар тахлын тархалт дэлхий нийтэд нэмэгдэж, өвчлөл, тохиолдлын тоо эр өссөөр байгаа энэ цаг үед “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг хэрэгжүүлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахыг нийт нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, иргэдэд анхааруулж байна.

Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг албан ёсоор мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хяналт, шалгалтын байцаагч нарт зориулсан цахим сургалт зохион байгуулагдлаа

тай холбогдуулан НДЕГ-ын Хяналт, шалгалтын газраас өчигдөр цахим сургалт зохион байгууллаа.

Уг сургалт нийгмийн даатгалын хяналт, шалгалтын байцаагч нарыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, сахилга, хариуцлагыг чангатгаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнд суртал, шударга бус байдалтай тэмцэх, Зөрчлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэжээ.

Түүнчлэн эл сургалтыг коронавируст халдвар/COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол Улсын хууль, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулсан аж.

Тус сургалтыг НДЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга Д.Ганзориг нээсэн бөгөөд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Ж.Сарангэрэл, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяр, ЭЦА-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Т.Очирболд, УЕПГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунболд, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Н.Алдархишиг, НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа, хяналтын прокурор Г.Магнайжав, Үндэсний аудитын газрын Стратегийн газрын захирал, тэргүүлэх аудитор Б.Бундхорол нар оролцон мэдээлэл хүргэлээ.

Тодруулбал, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх”, “Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах”, “Хууль бусаар нийгмийн даатгалын үйлчилгээ авах”, “Зөрчлийн тухай хууль болон Нийгмийн даатгалтай холбоотой зөрчлийн ойлголт”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр мэдээлэл хүргэжээ.

Categories
мэдээ улс-төр

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр (2020.06.11) Төрийн ордонд үргэлжилж байна. Тус сонсгол өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй юм.

“Ковид-19” цар тахлын улмаас томилгооны сонсголыг цахимаар явуулж байгаа бөгөөд сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат удирдан явуулж байна. Томилгооны сонсгол явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, 09.00 цагт энэ өдрийн хуваарьт сонсголыг эхлүүллээ. Өнөөдрийн сонсголд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн,

Ж.Хунан

Г.Нарантуяа

Д.Сүнжид

С.Энхбаяр

Ц.Адъяахишиг

Ш.Цогбаатар

П.Оюунчимэг

Г.Наранбаатар

Д.Цэнд-Аюуш нар томилгооны сонсголын дэгд заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулан, цахимаар сонсголд оролцож буй иргэдийн, мөн ажлын хэсгийн гишүүдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгөх юм.