Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү:Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 61 боллоо

Эрүүл мэндийн яамнаас “Covid-19” халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Covid-19” халдвар дэлхийн 216 орон бүс нутагт тархаж, 7.575 сая хүн өвчилж 422 мянган хүн нас барсан байна. Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад эрчтэй тархаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 8779 хүн халдвар авчээ. Тувад 113 хүн шинээр өвчилж нийт өвчлөл 2027 болж дөрвөн хүн нас барсан. Үүнтэй холбоотойгоор хөл хорионы хатуу дэглэмтэй байгаа ч эмнэлгийн ачаалал өндөр байсан. Тиймээс Туватай хил залгаа Увс аймгийн Давст сум онцгой анхааралтай байх шаардлагатай байна.

Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байна. Амны хаалтаа сайн зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа сайн барих шаардлагатай байна” гэв. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “VI сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 181 хүнээс шинжилгээ авахад 3 хүнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх замыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх хатуу хучилттай 0.6 км авто замын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдруулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн гүйцэтгэж байгаагийн нэг нь тус авто зам юм.

Өнөөдрийн байдлаар зам барилгын ажлын гэрэлтүүлэг, газар шороо, авто замын хашлага суурилуулалтын ажлууд бүрэн дуусаж, асфальтбетон хучилт хийхээр бэлтгэлийг хангаж байна. Мөн явган хүний замын трассд өртсөн 10 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажлууд үргэлжилж байгаа юм.

Гэр хороололд шинээр барьж буй тус авто зам нь 0.6 км урт, 6 м өргөн, нэг талаараа 1.5 м явган хүний зам, 2 талдаа 0.5 м хөвөө, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн.

Тус авто замыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Үзлэгийг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа юм.

УОК-ын Шуурхай штаб ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мах, ногооны үнэ өссөн байна

Нийслэлийн статистикийн хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийн судалгааг танилцуулдаг. Энэ долоо хоногийн ажиглалтаар мах, хүнсний ногооны үнэ тус бүр өсөлттэй гарчээ.

Тодруулбал, 2020 оны зургадугаар сарын II долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10393 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12640 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 260 төгрөгөөр (2.1%), үхрийн цул махны үнэ 168 төгрөгөөр (1.1%) тус тус өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах:

  • “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10800 төгрөг
  • “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах:

  • “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр
  • “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 164 төгрөгөөр (1.6%), хонины цул махны үнэ 106 төгрөгөөр (1.0%) тус тус өссөн байв.

Гурилын үнэ

2020 оны зургадугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1500 төгрөг, 1-р зэргийнх 1100-1400 төгрөг, 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1330 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-Март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1330 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны зургадугаар сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • монгол төмс 5.9 хувиар өсч 1047 төгрөг,
  • монгол лууван 5.0 хувиар өсч 2034 төгрөг,
  • монгол байцаа 6.5 хувиар өсч 2647 төгрөг,
  • монгол хүрэн манжин 6.1 хувиар өсч 3182 төгрөг,
  • сонгино 1.8 хувиар өсч 1684 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Categories
мэдээ нийгэм

Энэтхэгээс ламхай нарыг авчрахаар тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авахаар тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрлөө.

Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн. Мэдээлэл хийх үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ долоо хоногт зургадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, ламхай нарыг авч ирнэ” гэсэн юм.

Засгийн газар зургадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт гацсан ламхай нарын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө “Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг богино хугацаанд эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээхээр боллоо. Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ. Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо” гэдгийг хэлж байв.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.

  • Зургадугаар сарын 08-нд Австрали,
  • Зургадугаар сарын 10-нд Казакстан,
  • Зургадугаар сарын 11-нд Токио,
  • Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,
  • Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • Зургадугаар сарын 18-нд Сөүл
  • Зургадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний анхдугаар чуулган”-ы цахим нээлт болно. Утас:93116060

09.00 цагт НҮБ-ын байранд “Налайх дүүргийн хөгжлийн бодлого, төлөвлөлт: Шинэ чиг хандлага” баримт бичгийн төслийг танилцуулна.

10.30 цагт ҮСХ-ноос 2020 оны эхний 5 сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг цахимаар танилцуулна.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт ШИНЭ эвслээс УИХ-н 27-р тойрогт нэр дэвшигч Х.Оюунцэцэгийн сонгуулийн штабт зөвшөөрөлгүй шалгалт хийсэн талаар СЕХ-нд гомдол, мэдэгдэл хүргүүлнэ.

13.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд байгуулсан Монгол-Энэтхэгийн найрамдлын төглийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюун-Эрдэнэ: Хэдхэн пиджак, плате гаргачихаад л зураг авалт хийж, түүнийгээ брэнд гэж нэрлээд байна

Тэйлор буюу захиалгат хувцасны үйлчилгээг Монголд хөгжүүлэхийг зорьж буй “MODA” хувцас загварын урлангийн ерөнхий дизайнер Н.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хувцас загварт яагаад ингэж их дурлах болсон тухай яриагаа эхэлье?

– Хүнд байгалиас заяасан өгөгдөл байдаг гэдэгт би итгэдэг. Миний эмээ, ээж ч маш мэдрэмжтэй, уран хүмүүс. Тэр ч утгаараа чин зүрхний угаас хүсэж мөрөөдөж байсан мэргэжлээрээ 2009 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг төгссөн. Түүнээс хойш энэ салбар хөгжихөд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулаад одоо арваннэг дэх жилдээ ажиллаад явж байна.

-Бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-Би загвар зохион бүтээгчээр төгсөөд тэйлор буюу хүний биеийн хэмжээг авч захиалгаар хувцас хийж эхэлсэн л дээ. Ингэж байж л би мэргэжлийнхээ нарийн нандин, сайхныг мэдрэх юм байна гэж ойлгосон хэрэг. Түүнээс хойш үйл ажиллагаагаа явуулаад арван жил болж байна. Гэхдээ энэ дунд маш олон уналт байсан. Дөнгөж сургуулиа төгссөн юугаа ч мэдэхгүй хүүхэд подвалиас хоёр оёдлын машинтай л бизнесийн гараагаа эхэлж байлаа. Мэдээж эх хүн учраас үр хүүхдээ төрүүлж өсгөнө. Энэ хооронд хувцас загварын газраа гурван ч удаа байгуулсан. Хоёр нь бүтэлгүйтсэн. Гэхдээ би огт шантраагүй. Охиноо гаргачихаад жил дөрвөн сарын дараа “MODE” гэдэг нэрээр хувцас загварын агентлагаа нээж байлаа.

-“MODE” гэсэн үг германаар загвар гэсэн үг байх аа. Яагаад заавал ийм нэр өгөх болсон бэ?

– “MODE” гэдэг нь манай гэр бүлийн гишүүдийн нэрний эхний үсгүүд. Мишээл, Оюука, Дөлгөөн, Эрдэнээ гэсэн дөрвөн нэрний товчлол. Германаар бол загвар гэсэн үг. Яг энэ нэрээ өгөөд 2015 оны есдүгээр сараас эхлэн захиалгынхаа үйлчилгээг хийж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл монгол хүний биеийн онцлогт тохирсон, зөв эсгүүр, технологитой хувцсыг хүмүүст санал болгож сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Хамгийн гол нь дэлхийн стандартад нийцсэн европ хувцсыг л хүмүүст чанарын өндөр түвшинд хийж өгөхийг л зорьдог. Гар хийцийн биш, үйлдвэрийн юм шиг.

-Анх хувцас захиалга авч эхлэхэд хэр их хүн холбогддог байв. Одоо бол тэр тоо өссөн байх?

– Мэдээж эхлэл бүхэн хэцүү. Анх фэйсбүүк, инстаграмаар хаяг нээгээд хийсэн загваруудаа оруулж эхэлсэн. Гэхдээ би “MODE”-ийг нээснээсээ хойш нэг ч удаа реклам хийгээгүй, хийх ч шаардлага гараагүй.

-Яагаад тэр вэ?

-Гол зорилго маань хувь хүнд зориулсан тэйлорын үйлчилгээ. Тэр нь ямар үнэ цэнэтэй, яаж хийгддэг болохыг нь хүмүүст ойлгуулж, үнэлүүлж хүндлүүлэхийн төлөө явж байгаа. Ерөөсөө миний гол баримталдаг зарчим бол “чанар, чанар бас дахин чанар”. Чин сэтгэлээ зориулаад чанартай хийсэн хувцас тухайн үйлчлүүлэгчид сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Тэр хүн цаашаа хэдэн хүнд сэтгэл ханамжтай сайхан мэдрэмжээ хуваалцаж тэр хэмжээгээр үйлчлүүлэгч нэмэгддэг. Өдийг хүртэл миний хийж ирсэн маркетинг энэ л байх.

-Хувцасны амин сүнс бол загвар, ур хийц шүү дээ. Сүүлийн үед манайхан ямархуу ур хийцтэй хувцас захиалж хийлгэж байна?

-Дэлхий дахинд юу мода болж байна гэдгийг бид байнга судалдаг. Харин үйлчлүүлэгчид маань сүүлийн үед дэгжин, биед эвтэйхэн хослол их хийлгэдэг. Хослол гэдэг тэр болгон загвар нь эвдэгдээд байдаг хувцас биш. Тодорхой хэдэн хэлбэлзэлтэй. Хамгийн чухал нь тухайн хүндээ яг сайхан таарсан, суусан,чанартай материалтай, өөрийнх нь сэтгэл ханамжинд нийцсэн тийм л хувцас байх ёстой.


– Материалаа хэрхэн сонгодог вэ?

-Байгалийн орцтой материалууд түлхүү хэрэглэхийн эрхэмлэдэг. Гаднаас захиална, эсвэл Монголоос авна.

-Хувцасныхаа загвар, шинэлэг санааг хэрхэн гаргадаг вэ?

-Судалгааныхаа үндсэн дээр хувцасныхаа загварыг гаргана. Мэдээж хүмүүст хүргэж байгаа үйлчилгээ миний дотоод ертөнц хоёр ондоо. Хүмүүст үйлчилж байхдаа би ийм зүйл хүсээд байгаа учраас ийм хувцас хийнэ гэсэн зүйл байхгүй шүү дээ. Хүмүүст үйлчлэх явцад тэр хамаагүй болчихдог. Харин өөрийн тайлан тоглолтоо хийж байгаа тохиолдолд Оюун-Эрдэнийн дотоод ертөнцөө ил гаргана.

-Өнгөрсөн жилийн шоу тань жинхэнэ дотоод ертөнцийг тань илэрхийлсэн шоу болсон шүү дээ. Эрэгтэй жүжигчдийг ч тайзан дээр алхуулсан нь онцлогтой санагдсан?

-2019 он буюу өнгөрсөн жилийн есдүгээр сард өөрийн бие даасан бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийсэн. Дизайнер болж арван жил энэ салбарт ажилласныхаа хувьд нэг ёсны тайлан тоглолтоо хийсэн гэж хэлж болно. 80 комплект хувцас буюу гурван коллейкшн гаргаж танилцуулсан. 80 хослол гэдэг бол их хэмжээний тоонд орно шүү. Шоу маань хоёр цаг гаруй үргэлжилсэн. Мэдээж таны хэлж байгаагаар монголдоо алдартай эрэгтэй жүжигчдийг урьж тайзан дээр алхуулсан. Үзсэн хүмүүс ч сэтгэл хангалуун байсан шүү.

-Хамгийн сүүлд олны танил ямар эрхмийн хувцсыг урлав?

-Саяхан “37-р точка” киноны нээлтэн дээр Б.Одончимэгийн улаан хивсний ёслолд өмссөн хослолыг хийлээ. Түүнээс өмнө “Mongolian connection” киноны нээлтэн дээр жүжигчин Б.Амарсайханы эхнэрийн хослолыг мөн хийлээ. Одоо “The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрөвт үлдээд буй дуучин Б.Оюугийн бүх шатных нь хувцсыг хийж байна.

-Дизайнар болох хүсэлтэй олон залуусд үлгэр дуурайл болсон таны цаашдын хүсэл зорилго юу бол?

– Аливаа зүйл шат дараалалтай болов уу гэж боддог. Би ч тэр дарааллаараа амжилт өөд өгсөөд явж байгаа. Хүмүүс танайх хэзээ брэндтэй болох юм бэ гэж их асуудаг. Очоод захиалахгүй аваад өмсдөг болмоор байна гэсэн санал хүсэл ч их ирдэг. Тэгэхээр миний нэгдүгээрт тавьсан зорилго бол час хийсэн “MODE” гэсэн брендээ байгуулах л хүсэлтэй байна.

-Гэхдээ брэнд гэдэг их өргөн ойлголт болов уу. Одоо Монголд брэндгүй зүйл үгүй боллоо шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Асар том ойлголт. Хэдхэн пиджак,плате гаргачихаад л зураг авалт хийж, түүнийгээ брэнд гэж нэрлээд байна. Юу ч хийсэн түүнийгээ брэнд л гэж нэрлэдэг. Зөв юм уу, буруу юм уу, би сайн мэдэхгүй. Энд өөрийн гэсэн цензур байх ёстой л байх. Брэнд гэж нэрлэнэ гэдэг өөрөө их том ойлголт болохоор тэрийг бүтээнэ гэдэг асар том үүрэг. Тэгэхээр миний урд маш том ажил байна гэж харж байгаа. Түүнийхээ төлөө шантралгүй явна даа.

-Танай захиалгын үнэ хэдээс хэдэн төгрөгний ханштай байдаг юм бэ?

-Манайх харьцангуй гайгүй. Эмэгтэй хослол бол 500-750 мянган төгрөгний үнэтэй. Эрэгтэй нь илүү ажиллагаатай, оёх технологи нь нарийн учраас арай илүү үнэтэй. Ер нь цагаан сар, шинэ жилийн үеэр манайх их ачаалалтай ажилладаг даа. Шинэ жилээр өөрийнхөө биед тохируулж ганцхан ширхэг плате өмсөх гэж байгаа эмэгтэйчүүд манайхаар ирж үйлчлүүлдэг.

– Загвар зохион бүтээгчийн хувьд монголчуудынхаа загварын мэдрэмжийг хэрхэн үнэлдэг вэ. Ер нь Монголын загварын түвшин аль шатандаа явж байгаа бол?

-Таван жилийн өмнөх үетэй харьцуулахад Монголын загварын ертөнц асар хурдацтай хөгжиж байна. Чаддаг ч бай, чаддаггүй ч бай хоорондоо маш их өрсөлдөөнтэй байна. Энэ нь лав миний бодлоор зөв. Энэ дундаасаа шигшигдээд, урд явж байгаа нь хойно явж байгаадаа зааж үлгэрлээд хөгжих ёстой болов уу.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараавал иргэнийг таван сая, хуулийн этгээдийг тавин сая төгрөгөөр торгоно

Цагдаагийн ерөнхий газрын НХЖ, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.


-Юуны өмнө та Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгнө үү?

-Улсын Их хурлаас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг батлан гаргасан. Дээрх хууль тогтоомжийн онцлог гэвэл урьд нь сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулж байсныг өөрчлөн тус тусын хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг шалгах, хариуцлага хүлээлгэх асуудлыг урьд сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсныг өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал зэрэг олон салбар байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн болон Татварын ерөнхий хууль зэрэг салбарын хууль тогтоомжоор зохицуулж ирсэн. Дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны үнэт зүйл, эрх зүйн соёл, зохицуулалтын аргыг судалж нэвтрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг төрийн хяналт шалгалтаас ялгаатай байдлаар зохицуулаагүйгээс салбарын онцлог нэрийн дор салбар бүрд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт, жишиг тогтоон хэрэгжүүлж байсныг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өөрчилж, нэг стандарт, нэг ажиллагааны журамд оруулсан төрөлжсөн Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сард батлан гаргаж 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг томьёолж Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцон эдгээр зөрчлийг шалган шийдвэрлэх нэгдмэл стандарт буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгах, шийдвэрлэх журмыг тогтоосон нь ихээхэн ололттой ажил болсон гэж боддог.

-Зөрчлийн тухай хуульд туссан сонгуулийн хуулийг зөрчих үйлдэлд ямар зөрчлүүд хамаарах вэ, иргэд, нэр дэвшигч, улс төрийн нам эвсэл ямар асуудлыг анхаарах вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Сонгуулийн хуулийг зөрчих” зөрчилд нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, 36 төрөл гэдэг нь зөрчлийн хэлбэр, шинжийг ерөнхийд нь тусгасан тоо бөгөөд задалж үзвэл зөрчлийн тоо илүү олон гэдэг нь харагдана. Тухайлбал, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан уг хуульд заасан 22 төрлийн 38 зөрчлийг шалгах, үүнээс Эрүүгийн хэргийн шүүх шийтгэл оногдуулах зургаан төрлийн 13 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хуульчлагдсан.

Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчлийн талаар тодруулан хэлбэл сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийх, сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчих, ухуулах хуудсыг байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж талбай, орчныг бохирдуулах, сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчих, эрх бүхий байгууллагаас баталсан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчих,сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарах,аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардах, шаардаж авах, ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах, санал авах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэх, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараах зэрэг олон үйлдлүүд зөрчилд тооцогдоно. Иймд иргэд, нэр дэвшигчид, улс төрийн нам эвслээс сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг зайлшгүй судалж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй юм.

Мөн Зөрчлийн тухай хуульд заасан сонгуулийн хууль зөрчих зөрчилд оногдуулах шийтгэл бусад зөрчлөөс ялгамжтай хуульчлагдсан бөгөөд энэ нь сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулахад зохих нөлөө үзүүлэх, шийтгэлийн урьдчилан сэргийлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн буюу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх талаар тогтоосон Зөрчлийн тухай хуулийн зорилгыг хангахад чиглэсэн зохицуулалт гэж хэлж болно.

Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан. Уг зүйлд заасан таван мянган нэгж дэг бол таван сая төгрөг, тавин мянган нэгж гэдэг бол тавин сая төгрөг гэсэн дүнг илэрхийлж байгааг зөв ойлгох хэрэгтэй юм. Хуульд заасан хариуцлагын талаар буруу ойлголттой байснаас шалтгаалан зөрчилд холбогдох, улмаар шийтгэл хүлээх явдал гардаг тул холбогдох хууль тогтоомжийг судалж мэдсэн байх нь чухал байна.

-Сонгуулийн сурталчилгаа, санал авах үед гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хэрхэн хүлээн авах вэ, энэ талаар та тодорхой зохицуулалтыг хэлж өгнө үү?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-14.9 дүгээр зүйлүүдэд хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно”, уг зүйлийн 2 дахь хэсэгт “Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна” гэж хуульчлан тогтоосон. Түүнчлэн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаарх мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно” гэж нарийвчлан зохицуулсан.

Дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-14.9 дүгээр зүйлүүдэд заасан хүний улстөрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалалтай байдаг.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж, сонгуулийн хууль зөрчсөн зөрчлийг шалгах ажиллагаа явуулна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна”, мөн 4 дэх хэсэгт “Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно” гэж тус тус хуульчилсан.

-Цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжлох, хууль бус сурталчилгаа явуулсантай холбоотой гомдол, мэдээллийг хэрхэн гаргах зохицуулалттай вэ?

-Хуурамч цахим хаяг, хуудас ашиглан хүний нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараах зөрчил ихээр үйлдэгдэх болсон төдийгүй тухайн хохирсон хүн гомдол, мэдээлэл гаргахад чухам аль байгууллагад гомдлоо гаргах нь тодорхой биш байх тохиолдол байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудад тодорхой зохицуулалтууд байдаг. Тухалбал Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж хуульчилсан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж хуульчлан тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээллийг тараасан зөрчлийн үйлдэгдсэн нутаг дэвсгэр тодорхойгүй бол хохирогч хүн, хуулийн этгээд нь уг зөрчлийн үр дагавар илэрсэн газрын харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн уг зүйлд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлүүдийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудыг тодорхой заасан байгаа. Тиймээс иргэд, байгууллага, албан тушаалтнууд хуулийн уг зохицуулалтыг судлах нь зүйтэй гэж хэлэх байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Зам хаах тухай мэдээлэл

Нарны зам дагуу Олимпын гүүрний доор “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-ийн цахилгааны шугамын төмөр карказ буулгахаар болжээ.

Энэ ажилтай холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 13-ны 00:00 -06:00 цаг хүртэл дээрх замын хөдөлгөөнийг хаахаар болсон байна.

Хаагдах замыг зураг дээр харуулсан болно.